Tuesday 31 July 2012

Цэнхэрлэн харагдах дэлхий, хөхрөн үзэгдэх тэнгэр хоёр миний ижий, аав юм


Зохиолч нөхдийнх нь хэлдгээр “Жаран насыг үзээгүй юм шиг шүлгээрээ дурладаг” найрагчийнд хэсэг саатлаа. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч хэзээний л орсон, гарсан хүн бүрийг цайлж дайлах дуртай. Тэр л зангаараа хоол цай хийж, биднийг ширээний ард сайтар тухлуулсны эцэст сая суудалдаа суулаа. Зуны сайхан улирлаас үүдэлтэй бидний яриа байгаль дэлхий, хүмүүний ёс суртахуун, амьдралын хэм хэмжээ гэх мэт өргөн сэдвийг хамран үргэлжилсэн юм.

-Зуны дэлгэр улирлын сүүлчийн сар гарах гэж бай­на. Энэ цаг мөчид та ямар бодол хөврүүлж сууна даа?

-Зуны улирал гэдэг бай­галь дэлхий нялхарсан, хүн амьтны бие, сэтгэл амарч тайв­­ширсан нэгэн эгшин юм.
Дөрвөн улиралтай манай орны хүн ардын амьдралын хэвшил нь хүртэл байгаль, улир­лаа дагаад өвөрмөц бай­даг бололтой. Зуны урин ду­­лаан цагт хүн бүр тайвширч, найр наад­­маа хийгээд, хүний сэт­гэл бүү хэл, малын сэтгэл хүр­тэл тайвширдаг юм шиг са­­нагддаг. Задгай сайхан ус, ногоо зүлэг, цэцэгсийн дундаа мал хүртэл жаргалтай харагддаг шүү дээ.

Арга ч үгүй юм даа. Бид бүгд байгалийн бүтээг­дэхүүн. Байгаль өөрийн бү­тээгдэхүүн болох цэцэгсээ хэзээ дэлгэрүүлж, хэзээ хаг­даруулахаа, хэзээ цасанд да­руулахаа мэддэг шигээ хү­мүүнийг ч бас хэзээ даарч, хэзээ халууцаж, хэзээ ямар хоол идэхийг нь хүртэл зохи­цуулж өгдөг юм шиг санагдана.
Бид тэнгэрийг иддэг. Агаарын урсгал, шувууг нь иддэг. Ургамал, ус, усан доторх загасыг нь ч иддэг. Шуудхан хэлэхэд, бид эх дэлхийгээ идэж байна. Энэ бүх баялаг дуусвал яана.
Зуны дэлгэр цагт л нэг тайшрах юм даа. Нийгмийн бухимдал, хаврын тачигнасан өдрүүд, хатуу хөтүү цагийн “Яая даа” гэсэн сэтгэлийн зовиурыг тайлж өгөх гэж зуны дэлгэр улирал байдаг юм болов уу даа.

-Ертөнцийн дөрвөн ули­рал, байгалийн үзэгдлүүд таны сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Урга­мал хүртэл хавар ургаж, зун дэлгэрч, намар хагдарч, өвөл нь цасан хөлдүүс дор амь тэмцэн амьдардаг. Хүмүүний амьдрал ч түүн лүгээ адил. Өвс ногоо, хүн хоёрын хооронд биетийн ялгаа байхаас биш амьдралын жамын хувьд ялгаа үгүй.
Амьд амьтан бүхэн эхлэл, төгсгөлтэй. Үхэл бол амьдралын үргэлжлэл болохоос биш төгсгөл биш шүү дээ. Хэрвээ нэг хэсэг нь үхэж, төгсөхгүй бол амьдрал үргэлжлэхээ больчихно. Тийм учраас амьдралыг үргэлжлүүлэхийн тулд хэн нэг нь сүнслэг ертөнц рүү оддог.
Хүмүүс байгалиа хэрхэн хамгаалах, хайрлах, сайхан байлгах талаар их ярьж байна. Ярихаас цаашгүй юм. Яриад л идээд байна. Усаа угаадаслаад, ойгоо хярваслаад дууслаа. Нэгэн цагт угаадас ууж, ойн шатсан нурман дээгүүр гишгэлвэл яана.
Амьдралыг ер нь нэг хэм хэмжээнд нь царцааж болдоггүй юм болов уу. Хөгжил хурд дагуулдаг. Хурд мөхөл дагуулдаг гэдэг дээ. Дээр үед Монгол цөөхөн машинтай байж. Сард хоёрхон машин мөргөлддөг байлаа. Одоо өдөрт 20 машин мөргөлддөг болж.

-“Амьдралыг царцааж болдоггүй юм уу” гэдэг үг их зүйл бодогдууллаа. Дэлхий ертөнц тэр чигээрээ хөдөлгөөн. Үүнийхээ хүчээр л оршин тогтнодог гэдэг биз дээ?

-Улс орны хөгжлийн бодлогыг нэг хэмжээнд байлгаж болно. Магадгүй, Монголд дахиад хот барих хэрэггүй ч юм бил үү.
Хүний хүсэл хязгааргүй. Бүх зовлон хүслээс үүдэлтэй. Хүслээ хязгаарлаж чаддаг байх ёстой. Тэр утгаараа амьдралыг ерөнхий нэг түвшинд байлгаж болдоггүй юм байх даа гэж би боддог юм.
Чингис хаан Хятадын бумбын ёсны их эрдэмтэн Чан Чунь бумбатай уулзаад “Би юуг эрхэмлэх ёстой вэ” гэж асуужээ. Чан Чунь хариуд нь “Хэм хэмжээг эрхэмлэ. Хэн юу чаддагийг нь байх ёстой байранд нь тавь” гэж хэлсэн гэдэг. Орчлон ертөнцөд хэм хэмжээ зайлшгүй хэрэгтэй.

-Та байгаль дэлхийтэйгээ хэрхэн холбогддог вэ?

-Байгальтай харьцах ха­рьцаа нэгдүгээрт, шашинтай холбогддог. Шашны гол сүсэг бишрэл байгаль руугаа хандах учиртай.
Би бол байгалийн бүтээг­дэхүүн. Цэнхэрлэн харагдах дэлхий, хөхрөн үзэгдэх тэн­гэр хоёр миний ижий, аав юм шүү дээ. Тиймээс ч би:
“Аав минь та “Уяхан замбуутивийн наран” шиг айзам уртын дуу юм
Ээж минь та “Дөрвөн настай халиун” шиг бэсрэг уртын дуу юм
Та хоёрын дахилт нь би юм” гэж бичсэн.

-Эх дэлхийн зовлонг сэтгэл зүрхэндээ хэрхэн тусгаж авдаг вэ?

-Бидэнд мэдэгдэхгүй л байгаа болохоос биш эх дэлхий минь дандаа гомдож, уйлж байдаг байх аа. Нутгийнхаа нэг өвгөнөөс би “Бороо их орж байна уу” гэж асуусанд тэр “Орж байна” гэж хариуллаа. “Ногоо сайхан гарч байна уу” гэсэнд тэр “Ногоо гарахаа больсон шүү дээ. Бороо гэдэг чинь шимгүй болчихсон. Газрын хөрс нь нүхжил ихтэй болчихсон. Төрөхөө больчихсон шүү дээ” гэж хариулсан юм. Тэр үнэн байх.

-Ингэхэд та хувийн юмаа хэрхэн хайрладаг вэ?

-Би анарх маягийн хүн шүү дээ. Би нэг л юманд бат итгэлтэй байдаг. Амьдралын төгсгөл зайлшгүй ирнэ. Тиймээс үхлээс айхын хэрэггүй. Хүн үхэхдээ юу ч авдаггүй юм.
Шуналаас л сэтгэлийн бүх зовлон зүдгүүр эхэлдэг. Тиймээс аминыхаа юман дээр юм нэмнэ гэхээсээ илүү гамтай ашиглах ёстой. Аливаа юманд хэм хэмжээ байх ёстой гээд байгаагийн учир энэ.
Үхлийг урлаг болгон хүлээж авсан хоёрхон хүн байдаг. Агуу их Сократ, Будда хоёр шүү дээ. Тэдэн шиг байх юмсан. Тэгж болдоггүй л байх даа.
Гэхдээ би урт насална гэдэгтэй санал нийлдэг. Энэ сайхан хүмүүн биеийг олж төрсөн бол ертөнцийн баяр цэнгэл, амьдрахуйн ёс жамыг бүгдийг үзэх ёстой. Амьдрах юмсан гэсэн хүсэл байвч үхэл, төгсгөл гэдэг юмыг мэдэрч захирч, түүнийг сэтгэлийн амирлалаар угтах ёстой. Хүн өөрийн гайхамшигтай эхлэлээ үл мартан, чадлынхаа хэрээр өөрийнхөө оюун сэтгэлийн аугаа их орчлонг бүтээхийн тулд урт наслах ёстой.
Хувь заяа худал хэлдэггүй

-Та амьдралынхаа бүх зүйлд хэм хэмжээ тогтоодог хүн юм аа даа?


-Буруу хойшоо. Би тийм нарийн нандин, хэм хэмжээ тогтоодог хүн биш. Гэхдээ сэтгэл дотроо “Хэм хэмжээтэй амьдрах юмсан. Болж өгвөл хүнд муу юм хийхгүй юмсан” гэж ямагт бодож явдаг. Тиймээс ч хүүхдүүддээ “Болохгүй, бүтэхгүй юмны хойноос битгий улайран хөөцөлд. Тийм юм байгаагүй гэж бодоод орхичихож бай” гэж захидаг юм. Аливаа юманд “За, яах вэ, болно биз дээ” гэдэг уужуу сэтгэлээр хандах хэрэгтэй. Аливаа юманд давчдаад, дэндүү шуналтаж, үхэн хатан зүтгэх нь өөрийгөө зовоохоос илүү юу ч өгөхгүй шүү дээ.

-Бодол гэгээн байх ту­сам амьдрал сайн сайхан байдаг гэдэг. Гэвч нийгэм, хүмүүсээс болоод ч тэр үү, сэтгэл дэнслүүлсэн эвгүй бодлууд гэв гэнэт урган гарч ирдэг?

-Тийм ээ. “Дайн болох вий дээ” гэдэг нэг ёрын бодол надад төрдөг юм. Энэ бүхэн эргээд л байгаль дэлхийтэйгээ харьцах харьцаатай холбогдоно л доо. Сайн сайхан руу хэтэрхий их тэмүүлснээс болоод газар нутгаа булаацалдах вий дээ.
Энэ бүхнээс сэргийлэхийн тулд бид шашинтай маш болгоомжтой хандах хэрэг­тэй. Үзэл бодолд хэтэрхий автах нь өөртөө болоод өрөөл бусдад халгаатай. Аливаа бодлоо оюун сэтгэлдээ л хяруулж бай. Бусдад тулгаж огт болохгүй. Оюун сэтгэлийн зөрчлөөс гал гардаг. Бидэнд хэмжээтэй гал хэрэгтэй болохоос хэтэрсэн гал хэрэггүй. Дэлхийгээ түймэрдэмгүй байна.

-Энэ мэт хар бодлоос өөрийгөө хэрхэн чөлөөлдөг вэ?

-Хүн сэтгэлийн ариуслыг олж авах чадвартай байх ёстой. Хүмүүн заяанд жаргал, зовлон хоёр тэв тэнцүүхэн оногддог. Сайн сайхан бодлоо аль болох өндөрт байлгахыг хичээ. Муу юм сэтгэлийг чинь хэмхлээд мэрээд байгаа бол тэрийг сэтгэлээсээ гаргаж хая. Учир нь, түүнийг дарж сүйтгэнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй.

-Та ингэж чаддаг уу?

-Чадна. Би хүнтэй огт хэрэлддэггүй. Хүнд муу үг хэлдэггүй. Аливаа зүйлийг хоёр талаас нь боддог чанар надад бий. Энэ миний авч төрсөн ухаан уу, аав, ээжийн сургааль уу, хожим уншсан ном болоод боловсролоос олсон мэдлэг үү, аль эсвэл орчлон ертөнцийг өөрийнхөөрөө мэдрэхийг хичээсэн амин сэтгэлийн минь торгон мэдрэмж үү. Ямар ч байсан надад өөртөө зохицсон мэдрэмж бий.
Магадгүй, тэрнийхээ хүчинд би хүмүүс болоод орчлон ертөнцтэй зохицоод урт насалж байгаа биз. Өвчин эмгэг, тэрс үзэл, этгээд зан араншин надад алга.
Ойр дотны минь хүмүүс намайг “Идэвхгүй амьтан” гэдэг юм. Ихэнх шашны номлол идэвхгүйн зарчимд тулгуурладаг. Хар ухаанаар бодвол энэ нь өөрийгөө хэрэгт хийчихгүй, буруу алхахгүй ухаан юм. Ямарваа нэгэн зүйлд дайчин, идэвхтэй оролцох нь ямар нэгэн хохирлыг дагуулдаг. Идэвхгүй зарчмаар явсан хүн алдах нь ч, онох нь ч бага.

-Амьдралд заавал идэвхтэй байхыг шаарддаг зүйлс бас бий?

-Байлгүй яах вэ. Хэт идэвхтэй зарчим хүнийг өөрийгөө шатаахад хүргэж мэднэ. Хэт идэвхгүй байдал нь хүнийг траншейнд аваачаад хаячихаж ч магад. Тиймээс идэвхтэй, идэвхгүй хоёр зарчмаа тэнцүү авч явах нь чухал. Хүнийг гаднаас нь харахад нэгэн бодгал боловч дотоод оюун сэтгэлийнхээ эрхтний хувьд хоёр байдаг гэдэг шүү дээ.

-Бусдын төлөө хэр зовдог вэ?

-“Ээ, хүмүүс минь. Яамаар ч юм бэ дээ” гэж шаналан бодох, идэвхтэй зарчмын сэтгэлгээ үе үе дүрэлзэнэ. Тэгснээ “За, яах вэ. Би тийм болгочихсон биш дээ. Яалтай ч билээ” гээд идэвхгүй зарчмын юм руугаа хэлбийчихнэ. Ингээд л идэвхтэй, идэвхгүй хоёр нь тэнцэсхийгээд л явдаг юм.
Аливаа нэг юмны суурь нь бага насны хүмүүжил. Хүнд ухаан, мэдрэмж хоёр л төрөлхөөс заяадаг. Урлаг бол дуурайхуй гэдэг. Сэтгэлийнхээ лаборитори дотор аливаа зүйлийг бя­салгаад, буцаагаад харуу­­­лахад хүмүүс уулга алдаж байвал сайн дуурайсны илрэл. Миний шүлгэнд:
“Ижий нь хүүгээ их санах юм
Араг, савар хоёроо зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал, чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг” гэж гардаг даа.
Галаа таслахгүй гээд аргал түүж яваа ижийг хүүгээ санасан сэтгэл нь үймрүүлснээс болоод тэр эмэгтэй чулуу түүсэн байна шүү дээ. Энэ шүлгийн санааг ижий минь надад хэлсэн. Тэр санааг нь шүлэг болгоод, түүнд уншиж өгөхөөр ижий уйлаад байгаа юм.
Хүнийг хүмүүжүүлэх гэдэг их бүдүүлэг үг л дээ. Хүнийг ухаажуулах, сэрэл мэдрэмжийг нь өдөөх зүйлийг л урлаг, утга зохиол гэдэг.

-Танд хамгийн ихээр сэтгэлийн зовлон болдог зүйл юу вэ?

-Би бол аав, ижийнхээ эрдэнийн сайхан талст юм. Тэдний дундаас дэлгэрсэн сайхан цэцэг юм гэж бодож явах учиртай. Өөрийгөө хайр­лахын тулд эхлээд бусдад хайраа хүртээх ёстой. Хүн хүнийхээ дунд л ухаантай, сайхнаа мэдэрдэг. Тиймээс биесээ хүндэтгэж, бусдаараа бахархаж явах учиртай.
Хүн бүр оюун санааныхаа бүтээх чадварт болгоомжтой хандах ёстой. Энэрэнгүй бус, харгис зүйл бүтээхийг оюун санаандаа тас хориглох учиртай. Муу зүйл бүтээсэн эрдэмтэд хожим харамсаж, зарим нь амиа хорлосон. Аливаа бүх үйлдлийг ямагт дагаж явах ёстой зүйл нь энэрэнгүй чанар, хүнийг хайрлах үзэл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

-Хүн хүнээ хайрлах сэтгэлд хэм хэмжээ байх ёстой юм болов уу?

-Буддын шашин “Буян үйлд” гэж номлодог. Угтаа бол “Хүн хүндээ тустай бай. Биесээ хайрла” гэсэн санаа л даа.
Сайхан энерги, зөв бодлыг бусдадаа өгч байх ёстой. Амин хувийн үзэл байлгүй яах вэ. Гэхдээ эргэн тойрноо сайн сайхан, эрүүл саруул байлгаж байж би өөрөө сайхан амьдарна шүү дээ.

-Та сүүлийн үед яагаад шүлэг бичихээ больчихов?

-Ахуй болоод нас нөлөөлж байгаа юм болов уу. Ширээний ард сууж, шүлэг бичих нь их цөөрсөн. Далан насны босгыг даваад ирэхээр сэтгэлийн догдлол, хөөрөл, аливаа юмыг маш нарийн, соргогоор хүлээж авдаг мэдрэмжийн тэмтрүүлүүд сулардаг юм байна.
Багадаа би ижийгээ их санадаг байлаа. Одоо бол бараг санахгүй шүү дээ. Орой болгон эхнэртээ очдог мөртлөө ижийдээ жилдээ ганц очвол дээдийн заяа. Хайрлах торгон сайхан мэдрэмж хүртэл өтөлж байгаагийн илрэл юм болов уу. Үүнтэй адил яруу найргийн торгон мэдрэмж, эмзэглэл хүртэл мөлийчих юм.

-Дурсамжийн ном бичиж байгаа гэсэн байх аа?

-Тийм ээ. Заавал суу билэгтэн, эрдэмтэн зохиол­чид дурсамж бичих ёстой юм биш шүү дээ. Нэг хувь хүний амьдрал гэдэг бол тэр улсын нэгэн эс. Миний туулж ирсэн амьдралын түүхгүйгээр Монгол Улсын түүх бүтэхгүй.
Хүмүүс аль болох буруу гишгэхгүй, бусдад гай болохгүй, тус болж амьдрах юмсан гэж хүсч байна. Түүнд нь шинжлэх ухааны тайлбарт ботиуд, хувь хүмүүс, өвгөд, хөгшдийн дурсамжийн сайхан номууд тусална. Амьдралын тэр бартаат зам, сайн сайхан зүйлийг туулж мэдэхгүйгээр сэтгэлийн нүд сохроор амьдралд орвол юу болох вэ. Амьдралыг зуун хувь ойлгодоггүй юм гэхэд ядаж дөч, тавин хувийг нь ойлгосон хүн ядаж л алдаж гишгэх нь цөөн шүү дээ.

-Зохиолчид биесээ хөөр­хөн шоглочихдог улс. Та сүүлийн үед онигоо хэр зохиож байна вэ?

-Зохиохоо больсон. Нэг гутармаар юм нь надаас хэдэн насаар ах хүмүүс маань бурхан болчихлоо. Үе тэнгийн нөхөдтэйгөө тэр бүр уулзаж, наргиж дарвиад байх нь ч цөөрлөө. Ингэхээр хэнийгээ ч шоглох билээ. Гэхдээ би хэзээ ч гутарч гуньдаггүй. Оюун сэтгэлийн минь өчүүхэн чадвар, чадав­хи үүнд тусалдаг юм.
Манайх энгийн нэг айл. Үүнээс илүү эсвэл дутуу байх юмсан гэж би хүсдэггүй. Хувь заяа худал хэлдэггүй. Зам болгонд жаргал тосдоггүй гэдэг дээ. Би үхлээс айдаггүй. Гагцхүү үр хүүхэд, ач зээ нар маань өвчин зовлонд ороогдож, элдэв барцадад өртчих вий л гэж эмээдэг.

-Ярилцсанд баярлалаа. Таны гэгээн мэлмий тунгалаг, бодол санаа тэнгэрлэг байх болтугай?

-Баярлалаа. Орчлонгийн хамгийн ухаантай амьтан нь хүн төрөлхтөн. Хаан ухаантан хүмүүн бид байгаль дэлхий, уул усаа хайрлахгүй бол хөөрхий тэд чинь биесээ хайрлах оюун ухааны чадавхигүй, зүгээр л үйлдлээрээ биесээ нөхдөг юм. Булаг өөрөө урсмаар байвч мод тарьж чадахгүйяа даа. Тиймээс хүмүүн бид л түүнийг тэтгэх учиртай.
Хүнийг соён гэгээрүүлэх, ухааруулах, амьдралд нь хэрэг болох ганц сайхан үг хэлж чадваас та ч, би ч соён гэгээрлийн агуу их хүрээлэн дотор амьдарч чадна. 


Monday 30 July 2012

Г.Очбаяр: Хүн чулууны хонхорт гадны жуулчны хөшөөг босгосонд харамсдаг


Түүхийн дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар Улаанбаатар хотын музейн ажилтан, судлаач Г.Очбаяртай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар нийслэл хотод түүх соёлын өвд багтах хэчнээн дурсгал байна вэ. Тэдний хадгалалт, хамгаалалт хэрхэн хийгдэж байгаа талаар яриагаа эхэлье?
-Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн 180 орчим түүх соёлын үл хөдлөх дурсгал бий. Ер нь соёлын өвийг бодит болон бодит бус гэж хоёр хуваагаад түүнийгээ дотор нь хөдлөх болон үл хөдлөх гэж ангилдаг. Эдгээр дурсгал нийслэлийн есөн дүүрэгт харьяатайгаар хамгаалалтад байдаг гэж ойлгож болно. Үүнээс нийслэлийн хамгаалалтад 11, улсынхад 15 дурсгал бий. Өөрөөр хэлбэл, эдгээр 21 дурсгал тусгайлан хамгаалалтад байдаг гэсэн үг. 1971 онд БНМАУ-ын Сайд нарын тогтоол гарч, түүх соёлын дурсгалыг бүртгэлжүүлж, хамгаалах тогтоол гарсан байдаг. Үүнээс хойш 1994 болон 1997 онд энэ тогтоол шинэчлэгдсээр ирсэн. Энэ мэтээр шинэчлэлт хийгээд хамгаалаад байна гэсэн нэртэй боловч үнэн хэрэг дээрээ тусгайлан хамгаалалтад авсан, тэр бүү хэл, улсын хамгаалалтад байдаг дурсгалуудаа яг үнэндээ хамгаалж чадахгүй байна. Тэгээд ч соёлын өвийг хамгаалахад дан ганц харьяа байгууллага биш, төрийн болон хувь хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд соёлын өвд бүртгэгдсэн улсын үнэт өв халдлагад өртсөн тохиолдол хэд хэд гарсан. Ер нь үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ.
-Манай улсын хувьд түүхийн дурсгалуудаа хамгаалдаг тогтолцоо нь буруу, сул байгаатай шууд холбоотой. Үүнийг зохицуулдаг хууль эрх зүйн орчин дутмаг байна гэсэн үг л дээ. Үүнээс болоод улсын болон нийслэл дүүргийн гээд давхар давхар хамгаалалтад байдаг түүхийн дурсгалууд бүр нураагдаж, устаж үгүй болсон тохиолдол гарсан. Тухайлбал Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин буюу хоёр давхар модон байшинг баяр наадам далимдуулаад нураасан. Мөн үүний дараагаар Смераль, Колоров, Чойбалсан нарын сууж байсан байшинг мөн л нураасан. Үүний цаана хүмүүсийн ухамсраас гадна газрын асуудал бий. Хүмүүс газарт нь шунаад л юу ч байсан нурааж устгахаасаа эмээхээ больчихсон ийм дүр зураг нийтлэг болсон.

Мөн үүнээс гадна түүхийн дурсгал устаж үгүй болоход хамгийн гол нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол эрх мэдэлтнүүд. Бид хэчнээн болохгүй, нураалгахгүй гэж хашгираад тусыг эс олох тохиолдол гарна. Биднээс давсан эрх мэдэлтэй хүмүүс өвөр зуураа хэлэлцээд л өнөөх соёлын өвийг нураах, солих шийдвэр гаргаад өгчихсөн байдаг. Энэ тохиолдолд бид үнэхээр хүчин мөхөсддөг. Дээр дурдсан түүхийн дурсгалууд ч мөн энэ маягаар л устсан. Ингэж түүхийн дурсгалыг нураах, үгүй хийх зөвшөөрөл өгч байгаа нь өнгөрсөн үеэ, түүхээ үгүйсгэж байна гэсэн үг шүү дээ.

-Эхнээс нь түүхийн дурсгалаа устгуулахгүй байх тал дээр анхаараад, хяналтаа чангатхаж болдоггүй юм уу. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр түүхийн дурсгал устсаны дараа хүн бүхэн л халагладаг шүү дээ?
-Бид чадлынхаа хэрээр хамгаалдаг, эргэж тойрдог, хяналт тавьдаг боловч яг үнэндээ нэг барилгыг нурааж байхад очоод зогсоох эрх алга байна шүү дээ. Ийм тийм үүх түүхтэй нурааж, устгаж болохгүй гэхээс өөрийг бид хийж чадахгүй. Мэргэжлийн хяналт, цагдаа гээд маш олон шат дамжлагаар явж байж хориглосон шийдвэр гардаг. Харамсалтай нь энэ бүхэн биеллээ олоод дуусахын цагт хэдийнэ устсан байх нь бий. Ер нь энэ төрлийн хуулийн зохицуулалтыг чангатгаж, тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнээс гадна улс эх орныхоо үүх түүхийг мэддэг судлаач эрдэмтэд нийлээд соёлын өвөө хэрхэн хамгаалж авч үлдэхийг ярьж хэлдэг байх хэрэгтэй.

-Шинээр соёлын өвд бүртгэх шаардлагатай хэчнээн барилга байгууламж байна вэ. Өөрөө энэ тал дээр тусгайлан судалгааны ажил эхлүүлээд байгаа гэсэн?
-Шинээр соёлын өвд бүртгүүлэх шаардлагатай хэд хэдэн барилга бий. 1926-1931 онд Улаанбаатар хотод 13 ширхэг байшин барьсан байдаг. Үүний дунд МУБИС-ийн нэгдүгээр байр. Энд 1935-1961 онд Засгийн газар байрлаж байв. Мөн Засгийн газрын ордны зүүн талд байдаг Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн байр, Ленин клубийн байр газар гээд бүгдийг нь хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид зохих судалгаа шинжилгээг хийгээд холбогдох газруудад нь хандахаар болоод байна. Эдгээрээс гадна Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ард талд байрлах 1909 онд баригдсан Цагаан хааны эмийн сангийн байшин зэргийг хамгаалалтад авах шаардлагатай байгаа.

-Эдгээр барилгыг ямар журмаар хамгаалалтад авах вэ. Тодорхой хэмжээний шалгуур байдаг байх л даа?
-Түүх соёлын өвд авахад 50 жилээс дээш насжилттай байх ёстой гэх мэт үндсэн хэдэн шалгуур бий. Дээр дурдсан байшингууд энэ шалгуурыг хангасан. Энэ ажлыг манайхаас хийж байгаа. Ингээд бүгдийг нь судалж дуусаад бүх нөхцөл бүрдсэн тохиолдолд холбогдох газруудад нь хүргүүлнэ. Үүнээс гадна сүүлийн үед хөшөө дурсгалууд шинээр бий болж байна. Гэхдээ үүнд жаахан цензуртэй хандах хэрэгтэй. Хүссэн хүн бүр хаа сайгүй хөшөө босгоод байж болохгүй. Тодорхой хэмжээний шалгуур, учир шалтгаан гэж байх ёстой мэт санагддаг юм. Яг энэ асуудалтай холбоотой санаа зовж, харамсч явдаг зүйл бий. Улаанбаатар хот байрлаж байгаа энэ газрыг Алтан тэвшийн хөндий гэж нэрлэдэг. Энэ хөндий бол газарзүй болон түүх соёлынхоо хувьд сонин содон нэр, түүхэн газар ихтэй. Тухайлбал, одоогийн Гадаад харилцаан яамны хойд талын хонхор хэсэгт олон тооны хүн чулуу байрлаж байсан түүхтэй. Тиймээс энэ хонхорыг Хүн чулууны хонхор гэж нэрлэдэг.

Энэ газарт 1778 онд Их хүрээ нүүдэллэж ирээд хүн чулуун хөшөөгөөр шав тавьж байсан юм билээ. Энэ газарт 1997 онд Б.Наранжав гэдэг хүний зураг төслөөр мэлхий суурьтай хөшөөг босгосон байдаг. Гэтэл энэ газрыг хоёр жилийн өмнө Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгоод, өн гөр сөн онд Марко Пологийн хөшөөг босгочихлоо. Энэ бол маш харамсалтай зүйл болсон. Яагаад их хүрээ байрлаж байсан түүхт газраа монголчууд бид өөрсдөө хамгаалаад авч явж болдоггүй юм бэ. Монголчууд биднийг өнөөдрийн амьдралд хүргэсэн бидний өвөг дээдэс, үүх түүх маань чухал болохоос тэр гаднын жуулчин үнэндээ та бидэнд хэрэгтэй юу хийсэн юм бэ. Энэ мэтчилэнгээр түүхийн дурсгалд хайнга хандах тохиолдол гарсан байгаад их харамсдаг. Бид түүх соёлоо дээдэлж, эзэн болох л шаардлагатай байна.

-Энэ их сонин түүх байна. Одоо энэ асуудлаа холбогдох газруудад нь тавиад Хүн чулууны хонхорыг авч үлдэх боломж байхгүй юу?
-Эхний ээлжинд танай сониноор дамжуулаад асуудлыг тавьж, олны сонорт хүргэж байна. Цаашид зохих газруудад нь хандах талаар зохих арга хэмжээг авч байгаа. Энэ түүх бол зөвхөн жишээ. Энэ мэтчилэн хамгаалж, авч үлдэх шаардлагатай олон дурсгал нийслэлд бий. Цаашид бид энэ талын судалгааг хийгээд ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч байна.

-Харин хөдөө орон нутагт энэ асуудал ямар байдаг юм бол?
-Хөдөө бол түүхийн дурсгалыг устгах, үгүй хийх тохиолдол харьцангуй бага. Харин хаа очиж, хөдөөнийхөн түүхээ мэддэг, өв соёлоо хамгаалдаг, эзэн болж чаддаг. Өөрөөр хэлбэл, хөдөөнийхнийг хэдий бүдүүн бараг гэдэг боловч хотынхныг бодвол түүх соёлоо хамгаалах тал дээр хамаагүй боловсрол өндөртэй, сэтгэлтэй хүмүүс тэнд байдаг. Бид саяхан хөдөө орон нутаг дахь түүхийн дурсгалуудаа эргэж тойроод ирлээ. Ингээд явж байхад нэг хөшөө бунхан дээр очиход л морь, мотоциклтой хүмүүс давхиад ирж байх жишээтэй. Юун хүмүүс яах гэж байна гээд л. Энэ мэтчилэн хөдөө орон нутагт тухайн хөшөө дурсгалыг нэг айл ч юмуу сумынхаа удирдлагуудтай гэрээ хийгээд хариуцаад авчихдаг. Тухайн хүн нь энэ үүргээ маш сайн биелүүлж байна.

Иймээс хөдөө орон нутаг дахь дурсгалууд хүний гараар сүйдэх нь ховор. Харин цагийн эрхээр нар салхинд гандаж, элэгдэх нь бий. Үүнийг бид тодорхой давтамжтайгаар, эргэж тойроод сэргээдэг. Бас нэг таатай мэдээ дуулгахад сая бид хөдөөгүүр явж байхдаа Архангай аймгаас хоёр буган чулуун хөшөө шинээр илрүүлсэн. Тун удахгүй соёлын өвийн хамгаалалтад авна.

М.Өнөржаргал 


Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг: Миний амьдрал тэр чигээрээ уран бүтээл

“Prosounds” дуу бичлэгийн студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэг наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат цолоор энгэрээ мялаасан. Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг хэдийнэ бий болгосон тэрбээр урлагт 20 гаруй жил зүтгэж буй нэгэн. Түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

-Цол аваад л найр хийх “өрөнд” ордог нь бараг бичигдээгүй хууль болж. Хэдийд хийхээ төлөвлөсөн үү?
-Тэгдэг юм байна лээ. Одоохондоо энэ талаар ярьж, төлөвлөсөн юм алга. Бусад хүмүүс цолоо аваад л найр наадам хэдийд хийх тухайгаа яриад төлөвлөчихдөг гэсэн. Ийм том гавьяа шагнал авчихаад яаж зүгээр суухав. Рок попын уран бүтээлчид, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт баяраа хуваалцана даа. Цолны найраа ер нь цомхон хүрээнд хийх байх.
-Энгэрийг нь мялаасан дээлээ хэдийд зэхсэн бол. Эсвэл таны гоёлын шүүгээнд байсан юмуу?
-Миний гоёлыг урлаж, олон жил хамтарч ажилласан Халиунаа гэж үйлчин бүсгүй бий. Шагнал авах гэж байгааг минь дуулаад ердөө л ганцхан хоногийн дотор үндэсний загвартай шар торгон даашинз урлаж өгсөн шүү. Хормой нь их гоё, харин энгэр нь битүү юм билээ. Угаасаа шагнал авахад битүү энгэртэй дээл өмсөх ёстой юм гэсэн.
-Студи тань шинэ байранд ороод удаагүй байгаа. Гэтэл та хүүхдийн сувилал байгуулна гээд яриад явж байдаг?
-“Жаргалан” хотхоны шинэ байранд орсон, ажил төрөл маань ч бүтэмжтэй байгаа. Тиймээс цаашид студийнхээ байрыг өргөтөх, хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулах санаатай явна. Миний хувьд, хүүхэд багачуудад зориулсан тусгай сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн. Мэдээж би ганцаараа энэ бүхнийг бүтээж ганц, хоёрхон сарын дотор сувилал байгуулна гэж юу байхав. Нэлээд олон хүний хөрөнгө хүч, сэтгэл зүрх, сэтгэлийн туслалцаа хэрэг болох нь тодорхой. Өнөөдөр бидэнд хүүхдийн эрх, эрүүл мэнд, ирээдүйн тухай ярихаас бус хийж бүтээсэн зүйл ховор байна. Монгол Улсын иргэн, олны танил дуучин, хоёр хүүхэдтэй эх хүнийхээ хувьд би ийм ажлыг эхлүүлсэндээ маш их баяртай байгаа. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань их дэмжсэн учраас уран бүтээлийнхээ хажуугаар хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулахаар зүтгэж явна. Хойч ирээдүй минь болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа учраас энэ ажил бүтэмжтэй байх болов уу.
-“Одиссей” нэртэй анхны бие даасан тоглолтоосоо хойш та долоон жилийн дараа “Тэгэхэд би шувуу байсан” нэртэй хоёр дахь тоглолтоо хийж байсан. Гурав дахь тоглолтоо ирэх намар хийнэ гэл үү?
-Тийм ээ, ирэх аравдугаар сарын 21, 22-нд хийхээр төлөвлөсөн. Удахгүй тоглолтынхоо бэлтгэл ажилд орж, шинэ уран бүтээлүүдээ гаргана.
-“Миний дуулах дуртай ардын дуунууд” цомгийнхоо дараа поп опера цомог гаргана гэж амласан. Тэр юу болов оо?
-Шинэ цомгийн ажил урагштай байгаа. Юутай ч ирэх намар шинэ цомог, бие даасан тоглолтоор фэнүүддээ бэлэг барина.
-Дуулахын хажуугаар дэгжин бүсгүйчүүдийн хувцас, гоёлыг “бэлдэх” ажилтай байсан. Харин сүүлийн үед энэ ажлаа хойш тавьсан гэлцэх юм?
-“Талст” дэлгүүр бол миний найзынх. Тэнд би сүүлийн үеийн загвартай хувцас, гоёлын тасаг нээсэн нь үнэн. Гэхдээ сүүлийн үед хүүхдийн дууны тоглолт, сувилалын төсөл, студийн ажил, бие даасан тоглолтын бэлтгэл, шинэ уран бүтээл гээд тэр асуудлыг хэсэг хугацаанд орхисон. Миний хувьд, учиргүй бизнес хийгээд байх нь хаашаа юм бэ. Бизнесийн ертөнцөд бол би анхлан суралцагч гэсэн үг шүү дээ. Цаашид энэ ажлаа улам өргөжүүлж, илүү сайн зохион байгуулалттай хийж магадгүй.

-Шинэ цомог, тоглолтоос гадна охидын хамтлагтаа хүртэл анхаарал тавиад таны амьдрал тэр чигээрээ уран бүтээл болчихдог юм шиг ээ?
-Тийм шүү./инээв/ “Making the Band-II” шоуны төсөл маш амжилттай хэрэгжсэн. Одоо охидын хамтлаг маань уран бүтээлээ хийгээд сайхан явж байгаа. Миний хувьд, уран бүтээлээ тасралтгүй үргэлжлүүлсээр өдийг хүрлээ. Мэдээж хэрэг, өнгөрсөн хугацаанд саад бэрхшээл тулгарсан ч би цаг ямагт идэвхтэй, дайчин амьдарсан. Поп дууны цомгууд маань аль хэдийнэ үзэгч, сонсогчдын хүртээл болсон. Араас нь ардын дууны, хүүхдийн дууны цомог гаргалаа. Тун удахгүй поп опера дуунуудаар цомог гаргана. Бас гурав дахь бие даасан тоглолтоо хийх гээд бэлтгэж байна. Энэ мэтээр миний амьдрал тэр чигтээ л уран бүтээл болчихдог нь үнэн юм.
-“Extacy” хамтлагийн охидоо яагаад цөөлөх болов. Шаардлагад тань нийцэхгүй байв уу, аль эсвэл тэд шантарч орхиод буцав уу?
-Би айхтар хатуу шаардлага тавиад ч юмуу охид маань шантарч цөхрөөд явчихсан юм биш ээ. Энэ төслийн продюссер байсан учраас надад энэ нь ийм, тэр нь тийм гэж сонгож авсан хүн байгаагүй. Харин урлагийн ертөнцөд өөрсдийгөө таниулж, жинхэнэ чадварлаг уран бүтээлч болохын төлөө тууштай хандаж чадсан нь явцын дунд шалгарч үлдэнэ шүү дээ. Тиймээс багагүй шалгуурыг давж гарч ирсэн охидод хамтлагаас хасагдах нь маш хэцүү санагдсан байж болох юм. Хамгийн гол нь, урлагт зүрх сэтгэлээ зориулсан сайн дуучин хэрэгтэй болохоор надад сонголт хийхээс өөр арга байгаагүй. Үнэндээ өнөөдөр ганц нот ч мэдэхгүй дуучид ямар их болоо вэ. Урлаг гэж юу байдгийг ч ойлгоогүй, хийрхэж онгирсон хуурамч дуучин, жүжигчин сүүлийн үед хэтэрхий их олшроод байгаа юмуу даа. Гэтэл урлагийн тогоонд өчнөөн жил амьдарч, өөрт байгаа бүхнээ зориулж яваа жинхэнэ уран бүтээлчдийн нэр хүнд, хөдөлмөр хүчийг ямар ч үнэ цэнэгүй болгож буйгаа мэдэхгүй яваад нь харамсдаг юм.
Р.Мөнгөн

Ц.Хулан: Орь залуухандаа зөвхөн сэтгэлдээ хөглөгдөж явсан бол одоо ухаан зарж амьдарна


   Яруу найрагч Цоодолын Хулангийн дотоод сэтгэлийг нээсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

hulan  
    -Жигтэйхэн уран тансаг үгтэй, яруу уянгалаг шүлгүүдийг чинь амтархан уншдагаа юуны өмнө хэлмээр санагдлаа. Хүнии дотоод ертөнц үг шигээ байдаг гэсэн. Гэхдээ таны тэр тансаг, нууцлаг ертенц тийм ч нээлттэй биш. Ганц удаа ч гэсэн баггүйгээр, гоёчлолгүигээр надтай ярилцана гэж итгэж байна?

-Бетховен Сарны сонат”-аа яаж бичсэн,Моцартын үхэл,Д.Нацагдоржийн дурлалын түүх бүгд нууц хэвээр үлдсэн. Монгол ч бай, гадаад ч бай, уран бүтээлчдийн хөрөг дүр, хувийн амьдрал нууцлаг тусмаа утга зохиол, урлаг өөрөө үнэтэй байдаг. Тийм ч учраас судлаачид нэгэн сайхан цэнгэг устай худаг нээчихсэн юм шиг цувж байхын тулд хүн юм бүхнээ дэлгэх албагүй. Дэлгэх шаардлага ч байдаггүй. Дэлгэх тусмаа хүн ганцаарддаг. Надад бас өөрийн тамга байна. Зөвхөн дэрэн доороо дэлгэж унтдаг ном гэж байна. Тийм ч учраас баггүйгээр ярилцаж чадна гэж амлаж чадахгүй. Харин гоёчлох гэдгийн тухайд харин ч өөрийгөө гоёчилж байгаагүй гэдгээ баталгаатай хэлнэ.

-Таныг нээрээ Монгол Монро гэдэг байсан байх аа?

-Тэр нь ч юу юм бэ. Гэхдээ тэгж ярьдаг байсан нь цөөнгүй. Монрогоос сэтгүүлч “Та ямар унтлагын хувцастай унтдаг вэ?” гэж асуухад “Би зөвхөн Сhапеl №5 л нөмөрч унтдаг гэж хэлсэн байсан. Энэ нь бусдад гоёчилж ярьсан мэт санагдавч тухайн хүнийхээ хувьд яг чин үнэн байсан байхгүй юу. Түүнтэй ялгаагүйгээр бусдад гоёчлоод ярьчихсан юм шиг зүйл нь миний хувьд чин үнэн л байна. Байгаагаасаа илүү баян болох гэж, ухаантай болох гэж, цэцэн болох гэж үг зарж, өөрийгөө болоод бусдыг хуурч яваагүй учраас гоёчилно гэдэг тал дээр харин ч айх явдалгүй.

-Та ч үнэхээр тод араншинтай, содон “би”-тэй хатагтай л даа. Яг одоо “би” гээд өөрийгөө нэг тодорхойлооч? Омог бардмаар..

-Ингэхийн тулд ганц хоёр хундага дарс ууж өөрийгөө жаахан халаах хэрэгтэй байх л даа. Гэхдээ халах үе надад их ховорхон байдаг юм. Цагаа их гамгүй үрж явжээ гэж боддог. Хүн амьдралыг хэрвээ сэтгэл ухаанаар авч явдаг бол орь залуудаа зөвхөн сэтгэлдээ хөтлөгдөж,  амьдарч явснаа одоо ухаардаг. Гэхдээ үүндээ харамсдаггүй. Одоо бол сэтгэлийн хажуугаар ухаан зарах гэж хичээж байна. “Болор цом”-ын  тайзан дээр ерөнхий шүүгч хийхэд худлаа шүүлээ гэж хэсэг хүмүүс хашгирсан. “Та нар над шиг шударга найрагчийг Монголоос олж чадахгүй. Байвал олоод ир” гэж хариу барьж байлаа. Энэ үгээ би  дахиад л хэлнэ. Хэзээд хэлнэ. Хүн өөрийнхөө хэр, хэмжээг мэддэг. Хэрээ мэдэж, бяраа танина гэдгийн адилаар өөрийгөө мэднээ.

-Зөвхөн сэтгэлээрээ гэдгийн тухайд маш сайн ойлгож байна. “Миний залуу нас бардамхан байтугай” гэж ирээд хэлхсэн мөртүүд чинь сэтгэл огшоож, зүрх догдлуулдаг. Түүн лүгээ Ц.Хулан найрагчийн залуу халуун насны алдаа оноо, амьдрал зөвхөн тэр сэтгэл гэдэг зүйлээр тодорхойлогдож байсан байх?

-Тийм л дээ. Зөвхөн сэтгэл л байлаа. Хөндлөнгийн хүний нүдээр бол ёстой тэнэг юм гэмээр алдаанууд зөндөө. Жишээ нь, УИХ-ын нөхөн сонгуульд хоёронтоо нэр дэвших боломжийг буцаасан. Хичнээн олон төрийн бус байгууллагад явчихаад улс төрд ойртож явсангүй. Хүн үүнийг дэргэдээс алдаа гэж хардаг бололтой юм билээ. Миний хувьд гэтэл үүн шиг оноо байхгүй. Яагаад гэвэл би шүлэг найраг, уран бүтээлдээ үнэнч үлдсэн. Сэтгэлээ авч үлдсэн. Тэнд орж төмөр хатагтай эсвэл мяндсан хатагтайн царай гаргаад сууж болох байсан. Магадгүй хувь амьдралдаа хэрэгтэй, үр хүүхэддээ үлдээх пүүс компани ч юм уу, ядахдаа ганц хэвлэлийн газартай болж болох байсан. Эрх мэдэл гэдэг эд хөрөнгийн баталгаа болчихсон өнөө цагийн өнгөнд хүн бүрийн л хүсэх зүйл мөн биз. Харин би өөрийгөө тэгж худалдаагүйдээ өнөөдөр баярладаг. Эрх мэдэл, түүнийг дагасан эд хөрөнгө бас нөгөө талд нь сайхан сэтгэл.
hulan
-Үнэхээр үргэлж зөрчил дагуулдаг сэдэв хөндөгдлөө. Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулан.Та явж явж хүүхдийн инээд, энерги цалгисан энэ газрыг сонгосон нь санамсаргүй сонголт биш байх гэж бодож байна. Албандаа хэр идээшиж байна? Найргийн ширээний араас даргын ширээний ард суух таалагдаж байх юм уу?

-Таалагдах, таалагдахгүй тухайд ярих ёсгүй л дээ. Энэ бол төрийн 341 алба. Энэ суудалд надтай адилхан боддог, надаас илүү сэтгэдэг өөр хүн гараад ирвэл би дуртайяа өгнө. Гэхдээ хүүхдийн ертөнц яг яруу найргийн ертөнц шиг гэнэн, итгэмтгий юм. Чухам тиймээс бохир, харамч гарт өгч болохгүй.
Энд бид хүүхдийн сэтгэлийг бүтээж, Монголын ирээдүйг хүмүүжүүлж байна. Эгэл нэгэн айлын хүүхэд энд ирээд сэтгэл нь тайвшрах, орон гэртээ олж чаддаггүй сэтгэлийн ая тухыг эндээс олох нь миний хувьд амин чухал үүрэг юм. Тэрнээс үүнийг дагаж ирж байгаа нэг бяцхан шагналууд чухал биш. Үнэндээ энэ шагнал гээчийг нь би насаараа л авч байна, уран бүтээлчийн хувьд.

-Олон жил эзэнгүй юм шиг байсан энэ газрыг та дахин “төрүүлж”, хүүхдийн цангинасан инээдээр умбуулж чадсаныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ бас багагүй хэл ам удсан. Магадгүй Ц.Хулан гэж хүн авсанд гол зангилаа нь байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Та гэхдээ тайлбар болгож төдийлөн үг унагаагүй. Одоо бол энэ талаар хэлэх цаг нь болсон байх?

-Найрагч найрагчдаа хайртай байдаг юм. Бид нарын дунд бүхэл бүтэн үеийн, бүхэл бүтэн түүхийн орон зай хөндөлдөж байна. Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хүн энэ театрыг ийм тийм болгочихлоо гэж сонинд нэг их олон удаа ярилцлага өгч байгаагүй. Шүүхэд дуудагдаад, надаас юм нэхэгдэх юм уу, эсвэл намайг жаахан “ гөвөөд” байхаар нь л адарч, майлсан тал бий.
Б.Лхагвасүрэн гуайг би эцэг хүнийх нь хувьд хайрладаг. Наймын найман хүүхдийг өсгөнө гэдэг амар ажил биш. Ялангуяа хүүхэд хөлд орох гэж их уддаг. Энэнээсээ болсон байх. Эцэг хүний зовлонг би хүүдээ эх нь ч, эцэг нь ч болж байсны хувьд мэдэрнээ. Гэхдээ энэ бүхэн юу юм бэ? Ертөнцийн л явдал ш дээ. Хамгийн гол нь Бавуугийн Лхагвасүрэн гэдэг агуу авьяасыг хайрлах хэрэгтэй. Энэ их найрагчийг хайрлах хэрэгтэй. Монголчууд хайрлаж чадаагүй учраас энэ хүн аж амьдралын олон юманд түүртэж байгааг, Бавуугийн Лхагвасүрэн шиг олон хүн хийсэндээ оносон шагналгүй даруухан амьдарч байгааг бид харж байна. Би таны асуултанд ийм л хариулт өгмөөр байна даа.

-Ёстой эр хүн шиг хариулт өгч байна, та?

-Өчигдөрхөн хүү бид хоёр Lady Gaga-г Опрагийн шоунд оролцоход нь харчихаад “Хөөх энэ ямар гоё үстэй юм бэ? Lady Gада-д минийхтэй адил чанарууд бага зэрэг байна шүү” гэсэн юм. Тэгсэн чинь хүү, “Тийш Дээ. Тэр чинь жаахан сгаzу. Та ч бол яахав дээ, мөн чанар чинь тийм хэрнээ аль болохоор даруухан байх гээд хичээгээд байдаг. Lady Gaga бол яг байгаагаараа байдаг байхгүй юу. Хуучин эрэгтэй хүн байгаад эмэгтэй болсон гэсэн. Үнэн юм болов уу” гэж байна. Тэгэхээр нь би “Миний дотор лав нэг эр хүн нуугдаж байдаг юм. Өмнөх төрөл маань эр хүн байсан байх. Би үе үе буцалдаг, галт уул шиг дурладаг. Би хүн эргүүлэхээс буцдаггүй” гэж ярьж хөхөрч байлаа.

    -Эрчүүдийг бас эргүүлнээ?

-Гэхдээ тэр нь ховор л доо, хөөрхий. Яагаад гэвэл ихэнх нь миний араас эргүүлчихсэн юм чинь /инээв/. Тэдэн дундаас сонгосон ганцыгаа, ханийгаа би аймаар эргүүлдэг ш дээ. Өдөр болгон. Суугаад өчнөөн жил өнгөрсөн ч ханийгаа эргүүлсэн хэвээр, мессэж бичсэн хэвээр л байна.

4408655682_af024495d8_z    -Д.Цоодол найрагчийн эрх шар охин эрт ээж болсон ч гэсэн хэзээ хойно гэр бүлтэй болсон. Хөөрхөн Удвалтай болсон. Эзэгтэйн үүрэг хүлээж, гэр бүлийн амьдралд “баригдах” бас амаргүй байсан болов уу гэж бодогдоод байна?

-Ханьтайгаа дөнгөж нэг гэрт орчихоод анхны цагаан сараа хийхдээ залуу улс юм чинь гээд гурван үе боовоор тавгаа заслаа. Би тэр ажилдаа хэтэрхий хичээнгүйлж, нямбай хандаад нөгөө ширээгээ тойрч хоёр цаг явсны эцэст ширээгээ дэрлээд унтаж байсан юм. Энэ жил есөн үеэр заслаа. Дажгүй байнаа. Тэгэхээр дажгүй болж байгаа биз.
Үнэндээ би гэртээ хоол хийж иддэггүй байсан. Нуух юм байхгүй. Голдуу ресторан, кафед хооллоно. Манай байрны хажууд Долгорсүрэн гэж эгч байсан л даа. Бас ТҮЦ-ний Баянаа, Өөнөө гэж гэр бүлийн хоёр бий. Хүүхдээ дутаж байгаа юмаа ТҮЦ-нээсээ авихаарай гэчихээд сарын эцэст төлбөр тооцоогоо хийнэ. Тэгээд л хүү маань Жульетта нохойтойгоо орцны үүдэнд намайг хүлээдэг байлаа. Оройдоо хоол хийж идсэнээ нэг их санадаггүй юм. Хүүгээ зургадугаар анги хүртэл тэгж л амьдарсан даа. Одоо бол би өдөр болгон хоол хийж байна. Ёстой “новширч” өгч байна даа /инээв/.

-“Эргүүлээд” л үү?

-Тийн. Нөгөө л залуугаа эргүүлсээр явна. Өдөр диспечер аятай “Миний хань ямар хоол идсэн, танайх ямар хоолтой байна” гээд асууж өгнө. Гуляш гэвэл нь орой гуляш хийхгүй. Хоолыг нь зөрүүлэхийг боддог юм. Эхлээд намайг ингэж асуухад гайхдаг байсан байлгүй. Өдөр болгон яриад ямар хоол идэв гэж шалгаагаад байдаг ямар сонин хүүхэн бэ гэж гайхаж байсан байлгүй. Миний хувьд ходоодыг нь бодож байгаа хэрэг л дээ. Эр хүн чинь тэрийг тохируулж чаддаггүй, тасалгааны ургамал шиг байдаг юм шүү дээ. Ямар л хөрс бордоо өгнөв, тэр хэрээр ургаж амьдардаг.

-Та ч тэгвэл гайхалтай чамбай эзэгтэй юм гээч. Гуйлгачин хүн харанхуй шөнө өвсөн дундаас зүү олж авсан лугаа адил ханиа олсондоо талархаж, нандигнаж явдаг гэж нэгэнтээ амнаас тань унаж байсныг санаж байна. Тань шиг омог бардам, бүсгүй хүний хувьд гайхуулах юм ихтэй эмэгтэй хайр, ханийн өмнө гуйлгачин шиг байсан гэж бодохоор... Хэнд ч атаархах сэтгэл төрмөөр. Тэр эрхмийн юу нь тэгтлээ Ц.Хулан хатагтайг догдлуулсаар ирсэн юм бол?


-Энэ Ишикава Такубокугийн шүлэг. Гуйлгачин хүн шалбааг дотроос ширхэг цагаан сувд олоод баярласан шиг би чамайг олоод баярласан юм гэж.
Хүнд өөрийгөө ганцаардлаар чимэх нас гэж байдаг. Залуу Вертерийн шаналан гэгчээр. Яваад л байна, түүгээрээ гоёно, гангарна. Хааяа гуниглана. Имиж хийнэ. Тэр чинь бас гоё л доо. Ингээд нэг өдөр уйддаг. Эр, эм ялгаагүй бүгдэд л ийм байдаг байх. Эрчүүд чинь өөрийгөө нээж чаддаггүй л болохоос эм амьтад шүү дээ. Яруу найраг бол эр хүний эм сэтгэлийг, эм хүний эр сэтгэлийг нээх гэж бий олсон юм. Миний эм чанар бус эр чанар их давамгайлаад байх үед буюу эмэгтэй байхсан гэж хүсэж байсан тэр үед миний хань надтай учирсан юм. Тэр цагаас хойш эмэгтэй хүний амьдралаар амьдрах бас сайхан байна. Гэр орноо сайхан байлгах, гоёж гоодох, үр хүүхдээ усанд оруулах хүртэл хөөрхөн гээч. Энэ бүхэн сайхан л даа. Эд бүгдийг би яагаад дэлгээд байгаа юм бэ гэвэл энэ бол эмэгтэй хүн болгонд байдаг, тохиолддог амьдралын мөчлөг юм. Энэ бол нууц биш. Хулан үүнийг дэлгэснээрээ нууцаа алдчихлаа гэж би үзэхгүй байна. Үүний цаана гуниг бас байдаг юм. Уран бүтээлч хүн, эмэгтэй хүн эр хүнээс өөрийгөө авч үлдэх гуниг байдаг. Үүнийг би харин дэлгэрэнгүй хэлэхгүй ээ.
Ханийн минь сэтгэл татсан чанар гэвэл даруухан, төвшин, олон үггүй найдвартай.

-Бүсгүй хүн бүрийн эрчүүдээс хайж явдаг чанар байна. Ялангуяа найдвартай нь...?

-Өнөө цагт ховордчихсон “бараа” ш дээ. Гэхдээ би төгс эр хүнтэй суугаагүй ээ. Ихэнх бүсгүйчүүд төгс эр хүнийгхайцгаадаг. Би ч залуудаа тэгж алдаж явсан биз. Гэхдээ төгс төгөлдөр эр хүн хэзээд байдаггүй Үүнийг хүмүүжүүлж, бий болгож авдаг. Бий болгосон хойноо л алдахгүй байхыг хичээх ёстой. Манай Б.Баярцэцэгийн дуу байдаг даа, “Хайрьг олохоос илүү хадгалж явах хэцүү” гэж үгтэй. Үнэн шүү.

-Танай том хүү Дөрвөн-Уул үнэхээр уул шиг эр болсон байна лээ. Хүүгийнхээ аавыг тэнгэрт халихад танд мэдээж хэцүү байсан байж таарна. Энэ цаг мөчид Ш.Уянга найрагчтай холбоотой сайхан дурсамж хуваалцвал болох уу?

-Би хань ч гэж хэлдэг юм. Заримдаа хань биш ч юм болов уу гэж боддог юм. Яагаад гэхээр бид хоёр нэг гэрт их удаан амьдраагүй ш дээ. Өөрийн гэрээ үүсгэж, хос бөгж зүүгээд хуримын ордонд очоогүй. Ураг саднаа ч золголдуулаагүй учраас тэгж боддог хэрэг. Гэхдээ хувь заяа, бурхан тэнгэр бид хоёрыг амин хэлхээгээр холбож, намайг залуу цагт хөтлөх, хөгшрөх цагт таяг болох ганц хүүгээр шагнасан учраас Ш.Уянгыг надад их өртэй хүн байжээ гэж боддог юм.
Саяхан Ш.Уянгын маань эгчийнх нь хүүхэд хуримаа хийхэд намайг бэргэн эгчээр дуудлаа. Бид хоёр хувь заяагаа холбоод хорь шахам жил өнгөрсний дараах үйл явдал. Хүүгээ дагуулж очлоо, хуриманд оролцлоо. Бэргэнтлээ. Тэгээд үг хэлэхдээ “Энэ хорвоо дээр юу ч ул өргүй алга болдоггүй юм. Тэнгист гээсэн цахлайн өд алга болдоггүй, газарт унасан навч үгүй болдоггүй. Түүнтэй адил хүнээс хүн үлдэнэ гэдэг агуу зүйл. Надад хүн үлдээгээд одсон миний хань байсан учраас би бэргэнтмээр байна. Бэргэний ёсоор оролцох ёстой гэж бодож байна. Хүүхдүүд маань бие биенээ мэдэх ёстой” гэж хэлсэн. Хүний амьдралд сайн муу, сайхан муухай, өгөө аваа, атаа хорсол, аз жаргал ээлжилдэг. Гэхдээ хүнд хүний жудаг гэж байх ёстой. Би чухам энэ тухай хуриман дээр ярьсан. Тэнд байсан бүх хүн уйлж харагдана лээ. Энэ л миний амьдралын үнэн юм. Тийм учраас хүүгээ зөв хүмүүжүүлчих юмсан, байдаг буруу чанаруудыг нь байхгүй болгоод, сайн чанаруудыг нь хөгжүүлэх юмсан гээд Батаа бид хоёр зэрэгцээд л зүтгэж явна.
710b6b095a0517a212c04f1ab02941ae_x3
    -Дөрвөн-Уул ааваараа овоглоно биз. Нэр нь их өвөрмөц?

-Манай найрагчид өвөөгийнх нь өгсөн Дөрвөн-Уул их утга учиртай нэр, чухал юм нь овог нь байсан, Уянгын Дөрвөн-Уул гэж бүтнээрээ дуудагдаж байж утга төгөлдөр болно гэж ярьцгаадаг юм. Хүү маань 16 хүрээд паспортоо солихдоо Батбаатарын Дөрвөн-Уул гэж болох байсан л даа. Миний хань чинь хүүдээ ганц хүү шигээ хайртай. Миний хүү ч гэсэн аавын хайр халамж үзээгүй юм чинь аавдаа хайртай. Тэгсэн хэрнээ Уянгын гэдэг овгоороо үлдсэн.

-Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэдэг. Залуу насны гэгэлгэн, сэтгэлээс өөрийг тоохгүй хайрлам тэр өдрүүд эгээ л кино тууж шиг дурсамж хөврүүлдэг байх даа.
Нэг сонинд “Хулан байгаа бүхнээ өөрөө бүтээсэн хүн” гэж бичсэн байна лээ. Магадгүй тийм ч байх. Их дөхсөн тодорхойлолт болов уу гэж бодлоо. Намайг яагаад ч юм мундаг найрагчийн эрх танхи охин гэж цоллох нь элбэгл дээ. Үнэндээ хараахан тийм биш байсан. Дөнгөж дунд сургуулийн ширээний араас босоод хүүхэдтэй болсон. Хорь хүрээгүй ээж болчихоод түүнийгээ өсгөх гэж зүдэрч л явлаа. Сургуульдаа явна, хүүхдээ өсгөнө. Ерэн онд хүүхэд өсгөнө гэдэг тийм амар асуудал биш байсан шүү. Ганцаарааг хэлэхүү. Хажуугаар ньтээртэй ажил ши гзалуу насны өдрүүд. Уруулаа тодхон будаад, таар шуудай углаад явж байсан ч гоё гэж хүн болгон хүлээн зөвшөөрдөг нас байсан хэдий ч яг тэр үед өөрөөрөө үлдэх хамгийн хэцүү байсан. Баян бөгөөд тэнэг эрчүүдээс өөрийгөө хамгаалах, ухаантай хэрнээ дожной эрчүүдээс өөрийгөө авч үлдэх. Энэ бүхэн эмэгтэй хүний хувьд хөдөлмөр байдаг юм.
Яруу найраг хэрвээ байгаагүй бол эмэгтэй хүн эвдрэхдээ амархан шүү дээ. Ер нь сэтгэлээ л эвдэхгүй байх чухал юм даа. Сэтгэл дагаад бие эвдэрдэг. Энэ бүхний эцэст ирээдүй эвдэрдэг. Энэ ирээдүйг бүтээхийн тулд, хожмоо үр шимийг нь хүртэхийн тулд тодорхой хэмжээгээр золио байх хэрэгтэй байсан юм байна. Энийг хаа очиж би дааж гарч дээ гэж өөрийгөө үнэлдэг юм. Би одоо хааяа сайхан ааштай үедээ ханьдаа Чам руу очих замдаа бүдэрсэн чулуу болгондоо би хайртай” гэж хэлдэг юм.

-Гэр бүлийн амьдрал дээр нь даргын “сэнтий” найрагч хатагтайн шүлэг найрагт хэрхэн нөлөөлж байгаа бол?Сайн уран бүтээл гэдэг нэгэн хэвийн амьдралтай хүнээс төрөх нь ховор. Ямар нэг зөрчил, сэтгэлийн их баяр баясгалан, шинэ хайр дурлал эсвэл гуниг зовлон дундаас төрдөг гэдэг шүү дээ. Тэр утгаараа асуугаад байгаа хэрэг.

-Ангасан цөлд малгайн чинээ үүл гараад хур буух шиг асуулт байна даа. Үнэхээр тийм. Гэхдээ үүнийг зохиомлоор эрж хаж, бий болгоно гэдэг хэцүү. Надад ханийн минь нөмөр нөөлөг, цаг жаахан түвширч байгаагийн билэг тэмдэг болсон МАН-ынхны өөрчлөлт шинэчлэлт рүү явж байгаа байдал, АН-ыхны тогтуухан, эвлрэнгүй дүр төрх уран бүтээлчийн хувьд сэтгэлийн болоод хувийн ая тухын бэлэглэж байна. Энэ ая тух чинь зүгээр хийсээд ирдэггүй юм аа. Энэ ая тух Хуланд ямар хамаатай юм гэж чи асууж болох л доо. Монгол улсын иргэн, халамжийн мөнгөө авдаг бусадтай л адил Хуланд Монгол улсын сэхээтэн шүү юм, бичгийн хүн, төрийн ажилтанд хамаарахын дээдээр хамаарна. Тиймдээ ч өнөө арслан мэт хаанд үнэг мэт зусар түшмэл олдох үед “Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ, цэцдийн толгой авдаггүй төртэй байх”-ыг би хүссэн. Цаг бүр самуурчихсан үед “Зүгээр л нэг амьдрахсан” гэж бичсэн жишээний.
Бүх уран бүтээлч амар амгаланг тунхаглачихаад, хэрэв тэр нь ихэдвэл “залхуурдаг” гэмтэй. Энэ хоёр мөр ч афоризм болчихсон л доо. Ээ мэдэхгүй, тэрийг би мэдэхгүй. Өнөөдөр найрагчийнхаа хувьд жаахан тогтнож, амгай жолоогоо татаж байна. Би дөрвөн өөр ном гаргасан л даа. “Гүнж аялгуу” бол анхны хайрын, сэтгэгдлийн, нийгмийн гээд янз бүрийн шүлэгтэй. Дараагийнх нь гуниг тайтгаралынх. Балайртлаа дурласан үеийн шүлгүүд. Тэгэхдээ овоо их монголжуу. Гурав дахь ном маань “Торгоны маань хээ”. Амьдралаас жаахан уйдасхийгээд байсан үеийнх. Хүн ер нь хайртай хайртай гээд ээж, аавдаа хайртай байдаггүй юм ш дээ. Энэ бол хатуу болоод үнэн үг. Би зүгээр л эмэгтэй хүн байсан  бол зүгээр л ээж, аавыгаа асраад хойт насандаа буян хийх амьдралаа олчихно. Даан ч би тийм хүн биш.

-1011258051    -Ханьдаа илүү хайртай байдаг гэж хэлэх гээд байна уу?

-Үгүй ээ. Ханиараа дамжуулаад өөрийгөө өмгөөлөх түшиг тулгуур олчихвол би бусдын төлөө юм хийх гээд байгаа юм. Би өнөөдөр орой очдог газартай баймаар байна. Би хэрвээ гичий чоно юм бол сайхан эр чонын өвөрт тухалж хоноод, маргаашийнхаа анд гармаар байна. Би том анд гармаар байна. Энэ том ан бол нийгмийн бузар, булай ёс суртахууны гажуудал. Энэ л миний барьж авах ёстой зүйл. Яагаад гэвэл надаас өөр хүн үүнийг намнаж чадахгүй. Эмч нар өвчин анагаадаг. Яруу найрагчид харин сэтгэлийг, ирээдүйг анагаана. Тийм учраас ирээдүйн төлөө захиа, сургаалиа үлдээх ёстой. Эхнэр байх жаргалыг үзүүлсэн Батбаатарыг жаргалтай байлгахын төлөө хэт хоббитоод өөрийгөө мартаж байгаадаа би бухимддаг. Удвалыгаа мэдлэг, мэргэжилтэй байгаасай, цаг цөвүүн, 2028 оноос дэлхий өөрчлөгдөнө гэхэд охин маань биөийн болоод сэтгэлийн тэнхээтэй байгаасай гэж бодохдоо маань цээжпүүлэх хэрэгтэй байна. Монголоос дэлхий дахин гэгээрэх ёстой юм бол эндээс гэгээрэх арга зам хайж байна.

-Ингэхэд таны шүлгэнд нууц амрагийн сэдэв багагүй бий. Тэр мөртүүдийг уншчихаад хэлэх гээд илэрхийлж чаддаггүй тэр мэдрэмжийг яаж ингэж илэрхийлж чаддаг байнаа гэх бодол өөрийн эрхгүй төрж, уран бүтээлчийн тань хувьд цэцэг бариад гүймээр санагддаг ш дээ. Одоо тийм шүлгүүд төрөхгүй гэхээр бас гунигтай ч юм шиг. Нууц амраггүй болсон юм чинь тийм шүлгүүд төрөхгүй байлгүй?

-Нууц амраг гэж ямар хүнийг хэлээд байгаа юм. Нууцаар уулздагийг уу, эсвэл сэтгэлд нууцлагдаж, гунигтай үедээ хааяа бодохоор тайтгарал авдгийг уу. Тэгвэл тийм эр хүн эмэгтэй хүн болгонд байдаг.

-Ц.Хулан найрагчид ч байдаг гэсэн үг гэж ойлголоо. Та итгэлтэй байна уу? Таны хань уншина..

-Яадгийн, уншвал уншиг л дээ. Бүсгүй хүн аль суманд оногдохоо мэдэхгүй явж байгаа талын шаргачин гөрөөс байхгүй юу. Нэг нь намначихсан, алаад идчихсэн гэж бодож байгаа бол миний хувьд үгүй л дээ. Би яваад л байна ш дээ.

-Ёстой л Ц.Хулангаас ийм үг унах байх даа?

-Энэ хачирхах юм биш шүү дээ. Яагаад эмэгтэй хүн ханийнхаа үүргийг гүйцэтгэчихээд дээр нь эмэгтэй хүн гэдгээ орхигдуулах ёстой юм. Хүн намайг хайрлаад, халамжлаад л байвал би ёстой нөгөө цагаан сарын ууц шиг л хэвтээд л байна. Идүүлээд л хэвтээд байна /инээв/. Хэрвээ надад анхаарал тавихгүй, сэтгэлээ зарахгүй бол хульжаад явчихна. Яадгийм.

-Өөр хүнсэн бол та шууд л гэр бүлээсээ салах хэрэгт унахаар юм ярилаа. Ийм араншинг ойлгож, зөөллөж амьдарна гэдэг эр хүнээс чамгүй тэвчээр, ухаан шаардана биз. Түүнд та олон инээд, олон салхи шуурга мэт өдрүүдийг бэлэглэж бас олон найргийн мөр олж авсан байх, тийм үү?

-Миний хань ойлгохгүй юм бол би шууд “хүчээр” ойлгуулдаг /инээв/. Хань минь ээ, гэж байгаад бүгдийг нь задлаад, би эмэгтэй хүн учраас ингэж байна, чи минь ийм байвал болохгүй гэх мэтээр халамж анхаарал нэхдэг.

-Таниас нялхамсуу, эрхэмсэг танхил хэрнээ их омоглон, шаралхуу араншин байнга үнэртдэг. Энэ хаанаас эхтэй эд вэ? Ээж аав тань дэндүү гэмээр зөөлөн билүүнүүд шүү дээ.

-Биш ээ, биш биш. Манай аав ээж хоёр чинь олны дунд өөрсдийгөө зөөлөн харагдуулж байгаа болохоос яс юман дээрээ “хатуу самар”- ууд. Бид гурвыг чинь “Та гурав гурвуулаа охин, царай муутай. Ажилсаг байх хэрэгтэй, ухаантай байх хэрэгтэй” гээд л ярина шүү дээ. Багаасаа сонсож өссөн юм гэвэл эмэгтэй хүн гэдэг дорд юм. Эр хүн болж төрөх минь яав даа гэж бодогдож байсан үе хүртэл бий. Миний аав ээжхоёрын алдаа дутагдал энэ байж болох юм. Аав ээж хоёр биднийг амттанаар бялхуулж, гоёж гоодож өсгөөгүй. Яахав, тэдний хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан байх л даа.

-Алдаагүй амьдрал, дутагдалгүй хүн гэж байдаггүй. Эргээд бодоход та ямар дутагдалтай байгаав дээ. Бас хамгийн том алдаа тань юу байсан бол?

-Эрүүл мэндээ алдсан явдал.

-Таны хэтэрхий омоглон, дур зоргоороо зан өөрийн хүрээллээ бий болгоход хэр их саад болж байна?
527-1331693505432218_194396757335893_113536965421873_308209_2114321193_n
    -Д.Урианхайн шүлгэнд гардагчлан хорхой мууд ч хэвтэх хонхор заяасан энэ эх орон минь юм. Тэгэхээр өчүүхэн хорхой би заяасан хонхортоо хорхой нь болоод хэвтье. Нөгөөтэйгүүр хорхойд ч гэсэн бодох бодол байна. Тэр нь зөвхөн Монголыг аврах биш, энэ дэлхийг аврах. Дөрвөн далай, таван тивийг авармаар байна. Энэ олон хувьсгалын түүдгийн гэрэл гэгээ ертөнцийг аврахгүй. Хүний сэтгэлийн гэрэл гэгээ л аварна. Бурханы хамгийн анхны цагаан толгойг яруу найраг заадаг учраас бид тэнд ойрхон байдаг юм. Ламрим гэж “Бодь мөрийн зэрэг -т байдаг /ширээн дээрх номоо заав. сурв/. Үүнийг Баабар надад өгсөн юм.
Гэхдээ би Баабараас өмнө мэднэ л дээ. Нээрээ Баабар гэснээс тэр ухаантай хүн шүү. Тэгсэн хэрнээ “Нэпко” гэж жаахан хүйтэн нэртэй, хүйтэн публикаци хийдэг газартай. Яагаад гэхээр эднийх Монгол юм руугаа ханддагүй. Муу орчуулга олон таардаг. Саяхан Д.Сүхбаатарыг шүүмжилчихээд буцаад өөрөө баахан шүүмжлүүлээд авна лээ. Зарим үед төр улсад нуух ёстой нууц гэж байдаг. Д.Сүхбаатар адгийн гуйлгачин, дээрэмчин, луйварчин, ядуу байсан ч гэсэн төрийн идеал, төрийн орь хүслэн, омтгойрох ёстой хүн байх ёстой Д.Сүхбаатараараа байг л дээ. Энийг ямар ч Баабар зөрчих ёсгүй. Үүн дээр Баабар ёс зүйн хэм хэмжээ алдсан. Идеалгүй нийгэмд идеалыг тарааж устгана гэдэг бол хамгийн аймшигтай гэмт хэрэг. Тэртэй тэргүй зарим нь Далай ламдаа шүтэхгүй, Есүст хуваагдчихсан, зарим нь Чингистээ итгэхгүй өөр бусад Наполеонд итгэж байгаа энэ үед монголчуудад итгэх ганц нэг юм байг л дээ.

-Бүсгүйчүүдийн эрдэнийн чулуу шиг үнэт талыг яруу найрагчид нээдэг. Тэр үнэтэй сайхнаар юм хийж чадалгүй эвдсэн талыг нь хошин шогчид нээдэг гэж нэгэнтээ уншиж байснаа санаж байна. Тэгэхээр та эрчүүдийн эрдэнэ мэт үнэт чанарыг олж нээдэг билэг авьяастан байж таарах нь. Эрчүүдээс танд ирдэг хамгийн том гялбаа юу вэ?

-Энэ амьдралыг үзэж туулж, таних тусмаа хүн адгуусанд хайртай болдог бол би бүсгүй хүнд хайртай болж байна. Уржигдар Архангайн Энхбаатар гэж залуугийн ээж Жаргал гэж эмэгтэй манайд ирж хоёр хоноод явлаа. Тэр эмэгтэй хүүгээ миний шавь болгохоор ирсэн ижий юм л даа. Цагаан сарын өмнө ирэхдээ хоёр гартаа арав, арван кг юм барьчихсан, миний хүү Энхбаатар гэж хүү байгаамаа, шүлэг бичдэг. Танд л үзүүлэх ёстой гэнэ, аваад ирлээ гэлээ. Шүлгийг нь авч уншлаа. Байдаг л залуу хүний шаналан. Гэхдээ үүний цаана нэг яруу найраг байгаа юм. Энэ бол ижийн сэтгэл. Тэр ижийн сэтгэл тэртээ холоос биедээ ахадсан ачаа тээчихсэн тэр эмэгтэйг над дээр авчирсан. Тухайн үед би хүүд жаахан зөвлөөд гаргасан. Чи амьдралдаа том найрагч байх албагүй. Ерөөс найрагч болох ч албагүй. Чи ижийгээ л хайрла гэж хэлсэн. Тэгтэл сэтгэлээс нэг л гардаггүй ээ. Битүүний өдөр тавгаа засаж байхдаа өөрийн эрхгүй бодогдож уярч байлаа. Цагаан сар өдийд өнгөрөөд удаж байна ш дээ. Уржигдар Жаргал эгч рүү ярьсан, хотод ээжийгээ эмнэлэгт үзүүлээд явж байна гэнэ. Манайд хүрээд ир гэлээ. Гэрт ирээд нэг хонох байсан хүн хоёр хоноод, хоёулаа сайн муу, сайхан муухай зовлон жаргалаа ярилцлаа. Эх хүний сэтгэлийг гүйцэх эрдэнийн чулуу энэ хорвоо дээр байдаг юм уу.

    Удтал хүлээлгэсэн болоод ч тэр үү. эсвэл найрагч хатагтайг гайгүй сайн мэднэ гэж өөртөө итгэдэгийнх үү, их л дэврүүн, ил цагаахан, бас эмоцитой өрнөсөн бидний яриа ийм ааширхсан, бачимдсан үгсээр өндөрлөсөн юм. Хэлэхээ хүрвэл хэнээс ч илүү омог бардам ярьчихдаг Ц.Хулан найрагчийн бухимдах нь ч аргагүй биз. Гэхдээ надад эмоцитой, бухимдалтай мэт санагдсан энэ араншин буцлам халуу шатаж явдаг найрагч бүсгүйн хувьд байдаг өдөр тутмын эгэл төрх нь биз.М.Уранчимэг /"Гранд хүмүүс"/ ном

Thursday 26 July 2012

ОТГОН АВАРГА С.МӨНХБАТ:УУЛЫН ОРОЙД ГАРЪЯ ГЭСЭН БОДОЛТОЛГОЙД МИНЬ БАТ СУУЧИХСАН БАЙСАН


“Ярилцъя” булангийн өнөөдрийн зочин тэгш дөрвөн ой тохиосон  түүхт их баяр наадмын үндэсний бөхийн түрүү магнай, отгон аварга Сүхбаатарын МӨНХБАТ. Түүнтэй уулзахыг уншигчид маань тэсэн ядан хүлээж байсан биз ээ. Ингээд аваргатай хөөрөлдсөнөө толилуулъя.

-Юуны өмнө Монгол түмнийг бахдалтай сайхан наа­дуулж, аварга цол хүртсэн тантай уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлмээр байна. Манай сонины урил­гыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Түүхт их ойн баяраа тэмдэглэж байгаа Монголынхоо нийт ард түмэнд танай сониноор дамжуулж баяр хүргэе.

-Миний хөтөлдөг “Ярилцъя” буланд ихэвчлэн улс тө­рийн­хөн зочилдог. Гэхдээ эргэн санахад зочдын маань дотор дархан аварга Д.Дам­дин, дар­хан аварга, зууны манлай бөх Х.Баянмөнх, дархан аварга Ж.Мөнх­бат, даян аварга А.Сүх­бат, авар­га О.Балжинням гээд олон сайхан аваргууд уригдаж, санаа сэтгэлээ уудалж яв­сан байна. Та тэдний маань тоог нэгээр нэмлээ?

-Аварга гэдэг хүндтэй сайхан цолыг хүртсэндээ их л баяртай байна даа. Би бас сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Ярианы тал дээр жаахан тиймхэн хүн. Та тэрийг маань бас бодол­цоно биз дээ.

-Саяхан би улсын арслан Д.Ганхуягтай ярилцсан. Нэг сонин юм хэлсэн нь “Наад­мын өглөө яагаад ч юм нэг л тийм дарамттай өглөө бай­даг юм даа” гэсэн үг унагаж байсан. Таны хувьд ямар байдаг вэ. Ялангуяа энэ наадмын өглөө ямархуу босч ирснээ сонирхуулж болох уу?

-Бөх хүн болгоны ард дэмжиж явдаг, сэтгэл зүрхээ шингээн амжилт хүсч, залбирч суудаг ар гэр, анд нөхөд, пүүс компа­нийнх­наас өгсүүлээд нутаг усныхан, ард түмэн нь байдаг. Тэр дундаа монгол наадам жилд ганцхан удаа тохиодог. Нэг алдаа гаргаад л унахад тэр жилийнх нь бүх хөдөлмөр, бүх хөлс хүч, бодсон төлөвлөсөн бүхэн үгүй болох учраас цэнгэлдэх рүү очиж яваа бөх хүнд ямар нэгэн байдлаар дарамт мэдрэгддэг л дээ. Гэхдээ тэр дарамтыг аль болох өөр дээрээ гүн биш үүрч, ухаан бод­лоосоо үргээхийг хүсдэг. Тийм бо­лохоор би бол яг наадмын өглөө өөртөө төрөөд байгаа тэр дарам­таа аль болох хөнгөн авахыг хичээдэг. Хэтэрхий их хүнд бод­лоор өөрийгөө дарахгүй чөлөө­лөхийг хичээдэг. Тэгэхгүй бол барилдаж болохгүй шүү дээ.

-Мэдээж тэгэлгүй яахав. Яг энэ жилийн өглөө таны сэт­гэл санаа ямархуу байсан бэ?

-Энэ жилийн хувьд миний сэт­гэл санаа тайван байсан. Уржнан жилийн наадмын өглөөг бодоход би харьцангуй тайван байсан. За, нэг начин болчих юмсан. Начин начиндаа муу начин биш, начин шиг начин болчих юмсан, сайн барилдаан үзүүлчих юмсан гэж бодож явлаа.  Тэрэндээ ч хүрсэн. Энэ жилийн хувьд бол хоёр жил дараалан улсын цол хүртлээ, гурав дахь жилдээ сайн ба­рил­дана шүү гэж л бодож байсан. Дээрээс нь манай нутгийн ах дүү нар маш өндөр ач холбогдол өгч, манай Увсын бөхчүүдийг бэлтгэлд хамруулж, энэ өвлийн турш бэлт­гэл сургуулилт хийлгүүлсэн. Тийм болохоор урьд жилүүдийнхээс нэлээн илүү бэлтгэл сургуулилт хийчихсэн, бэлтгэлийн ир нэлээн сайн таарчихсан учраас сандрах, олон юм бодож хүндрэх, айх бэргэх юм ер нь байгаагүй.

-Ямар нэгэн айдас байгаагүй юу?

-Айдас бол байгаагүй.

-Ер нь бол заан цол санаанд багтаад л?
-Багтах гэж хэлэх нь хаашаа юм. Би яг үнэнээ хэлэхэд зөвхөн урд урд талынхаа давааг л бодож барилдсан. Гэхдээ цаанаа бол цолоо баталчих юмсан. Цолоо ахиулчих юмсан гэсэн хүсэл бол байлгүй яахав. Гэвч хүн болгон хатуу чанд бэлтэл сургуулилт хийдэг, хүн болгон зорилго тэмүүллээ бодож нягт ханддаг болтол хөгжчихсөн, хүн болгон өдий төдий барилдаан хийж нэг нэгийн­хээ барилдааныг мэддэг болчихсон ийм үед бол бүх юм тийм амар биш шүү дээ. Ёстой нөгөө наадмын тэнгэр нь мэддэг ч юм уу. Одоо тэгээд аварга гэсэн хүндтэй цолонд хүрлээ. Дараа дараагийн наадам бүр л их дарамттай болж эхлэх байх даа. Аварга хүн яаж барилдах ёстой юм. Түрүү түрүүний наадмуудад бол начин хүн яаж барилдах ёстой юм, харцага хүн ямар төвшинд барилдах ёстой юм тэр хэм хэмжээгээ үзүүлээд л сайхан барилд­даг байсан бол аварга хүний хувьд бол өөр шүү дээ. Улсын харцагынхаа хэм­жээнд барилдаад унах нэг өөр. Аварга хүн тэр дор унаад байх ямар байх уу. Энэ бүхнээс үүдээд энэ нэр хүндийг авч явах өндөр хариуцлага л нуруун дээр маань ирлээ гэж ойлгож байна. Дараа жилийн наадмын өглөөний дарамт миний хувьд өөр л байх болов уу. Гэхдээ сэтгэл санаагаа төвлөрүүлж, бэлтгэл сургуулилтаа базааж, аварга хүн шиг л сайхан барилдана гэж бодож байна даа.

-Та ер нь анхны цолоо аваад ну­лимс унагаж байсан уу. Д.Бумбаярын заан болоод асгартал уйлж байсан нь дурсагдаж байна. Тэр бол мөрөөдөл биелэх агшин биз дээ?

-Би анх Сүхбаатар аймгийн наадамд очиж барилдаад аймгийн заан цол авч байсан. Үзүүр түрүүнд П.Ганхуяг гэж залуутай үлдсэн. Би өөрөө түрүүлнэ гэж их бодож байсан л даа. Гарахдаа л би түрүүлнэ, энэ бөхийг би хаяна гэсэн бодолтой л гарсан. Анх Сүхбаатар аймаг руу явж байхдаа бол түрүүлэх барих тухай огт бодоогүй. Аймгийн наадамд барилдаж үзье, ямар байдгийг нь үзье л гэж явсан. Тэр үед чинь аймгийн цолтой залуу бөхчүүдийг хараад ямар сайхан юм бэ гэж боддог байлаа. Яг сайн барилдаад үзүүр түрүүнд үлдэхдээ бол түрүүлнэ л гэж бодсон. Тэгээд үзүүрлэ­чихээд уйлж байсан.

-Түрүүгээ алдчихлаа гээд үү?

-Мэдэхгүй байна. (инээв) Түрүүгээ алдчихлаа гээд уйлж байсан юм уу. Айм­гийн заан болчихлоо гээд уйлж байсан юм уу бүү мэд. Тэр нэг тийм баяр гуниг хосолсон л юм болсон. Ингэж хамгийн эхнийхээ цолыг Сүхбаатар аймгаас, наран ургах зүгээс аваад ирж байсан.

-Бэлгэшээлтэй юм болж байж?

-Бэлгэшээлгүй яахав. Аавын маань нэр Сүхбаатар. Анхны цол авсан газар маань Сүхбаатар. Дараа нь цэргийн арс­лан цол аваад их баярлаж байсан даа. Аймгийн наадмаас том чансаатай том ч барилдаан болдог. Тэр барил­даанд тү­рүүлж цэргийн арслан болоод л их баяр­лаж байсан даа. Ёстой бүх юм л санас­наар болчихсон юм шиг баярлаж байсан.

-Аймгийн заан цолыг 2005 онд авсан бил үү?

-Тийм.

-Улсын харцага гэдэг бол бас гоё цол биз дээ. Та бүтэн жил зүүж явлаа?


-Гоё цол байлгүй яахав. Энэ олон сайхан хүчтэй начингуудын дээд талд зогсоно. Харцага цол бол агуу сайхан цол. Том ч цол.    

-Тэгвэл одоо аварга болчихлоо. Аварга цолтны мэдрэмж яг ямар байх юм бэ?


-Ёстой хэлж мэдэхгүй байна. (инээв) Ногоон дэвжээн дээр төрчихсөн тэр сайхан аваргуудыг хараад аварга гэж ямар агуу сүрлэг улсууд байдаг юм бэ гэж айж, сүр бараанд нь сүрдэж л явсан болохоос өнөөдөр өөрийн биеэр авчи­хаад сууж байна гэж бодсон биш. Үнэн­дээ мэдрээгүй л явна даа. Юу хэлэхээ сайн мэдэхгүй байна.

-Таны ээжийн хэвлэлд өгсөн яриаг уншсан. Долоон бурхандаа дээжээ өргөөд залбирч байтал таныг миний ээж юуны төлөө залбирч байна вэ гэж асуусан тухай. Тэгээд “Ээж нь хүүгээ заан болоосой гэж залбирч байнаа гэхэд нь нэг мөсөн аварга болгоод өгөөч гээд залбирчих” гээд та инээж байсан гэсэн?

-Аан, тэр үү. (инээв)

-Бас Ч.Санжаадамбатай барилда­хаар гарахдаа цаадахь чинь бяртай байна шүү гэсэн үгийн хариуд “Одоо­хон гараад хуничихаад ирнэ ээ” гээд гарсан гэсэн. Бөх хүнд өөрийгөө хурцалдаг олон арга байдаг. Бөхчүүд аа гэж ярьдаг даа. Бөх хүний өөрийгөө хөглөдөг хөг, түлхүүр ч гэж хэлж болох юм. Танд тийм аа бас байх шиг ээ?


-Аатай араншин мэдээж бөх хүнд байлгүй яахав. Чадахгүй ч гэсэн би чадна л гэдэг байх ёстой. Эхлээд сумын заан болох юмсан. Сумын заан яасан гоё цол вэ гэж боддог байсан. Дараа нь аймгийн заан цол авчихаад улсын цол авах юмсан. Улсын цолтой бөхчүүд ямар гоё юм бэ гээд л боддог байсан. Тэгээд улсын начин боллоо. Улсын харцага гэдэг сайхан цолонд хүрлээ. Манай багш нар хэлдэг байсан л даа. Бөхчүүд бүгдээрээ нэг том аварга уулын орой руу өгсч яваа хүмүүс. Чи яагаад тэр оройг харж болохгүй гэж. Чи бэлд зогсох ёстой гэж үү. Чи яагаад аварга болж болохгүй гэж гээд. Ингэж надад хэлж сургаж байсан. Чи уулын орой руугаа харж явна шүү. Уулын дундаас буугаад ирэх юм уу, оройд гарчихаад буух юм уу гэсэн тэр үг миний толгойд гүн шингэсэн.  Тэгээд л би зориг орсон. Би яагаад тэр орой руу зүтгэж болохгүй гэж гэсэн тэр хүсэл эрмэлзэл дээр өөрийгөө хурцалсан. Би ингэж бодохгүй юм байна. Би дээшээ өгсч бодох ёстой юм байна гэдэг зүйлийг толгойдоо хийсэн.

-Үүн дээр суурилсан аа байсан гэж үү?

-Тийм. Өөр юун дээр ч биш. Зорилго тэмүүлэл дээр суурилж өөрийгөө хурцлах нэг хэлбэр юм уу даа.

-Өөрийнхөө хэмжээг юу юугүй хааж, тогтоож, барьж болдоггүй юм байна. Ерөөсөө мөрөөдөл гэдэг чинь өөрөө резин шиг л сунаж байдаг зүйл. Тэрийг сайн ажиглаж байх ёстой бололтой?

-Тийм гэж бодож байна.

-Нэгэнт сэтгэл зүйн ийм хэмжээний бэлтгэлтэй барилдсан хүнд сая бол наймын даваанаас л аварга цол харагдсан юм байна, тийм үү?

-Энэ жилийн хувьд бол би заан болчихоод бас л баярлаж л байсан. За, чадлаа шүү гэж. Гэхдээ л за би болоогүй шүү гэж өөртөө хэлж байсан. Урьд нь за би боллоо гэж бодоод алдаж л байсан. Яагаад гэвэл толгойд “Би яагаад уулын оройд гарч болохгүй гэж” гэсэн тэр бодол хатуу суучихсан байсан болохоор өөрий­гөө тайвшруулж, бодлоо цэгцрүүлж байсан. Дараагийн даваанд унасан ч гэсэн өөрийнхөө бодсон юмыг хангалт­тай хийж, дуустал нь л үзнэ гэсэн бодол­той барилдсан.

-Таны даваа болгоны барилдаан их нягт явсан. Тэнд л жаахан луу-тай ба­рилдаан болчихлоо доо гэх нэг ч барил­даан байхгүй. Энэ хийгүй, одтой, дайчин барилдаанууд тань өнөөдөр таныг улам хайрлуулахад хүргэж байна. Хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэлийг тань хийдэг багш хэн бэ?

-Онолын тийм багш гэж алга даа. Би ламын нэг хоёр багштай. Тэд маань л хэлж сургаж байдаг. Би уул усаа л шүтэж барилддаг.

-Та бол өнөөдрийн “од”. Палхийтэл олон түмний анхаарал руу ороод ирсэн. “Од”-ыг төрөнгүүт өдий төдий судалгаа зэрэг хийгдээд  явчихдаг. Удам судраас тань эхлээд л тэр судалгаа хөвөрөнө. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлээд та бол домог бүтээж амьдарна. Тэр домгийн эхний хуудсууд эргэж байна. Би таны яс үндсийн талаар асуумаар байна. Та Увсад цөөхөн гэгддэг тэр элжгэн халх ястнуудын нэг мөн үү. Баяд, дөрвөд, урайнхай ястнуудын аль нь вэ. Таны иргэний үнэмлэх дээр яг юу гэж бичсэн байна?

-Миний паспорт дээр яг халх үндэстэн гэж бичээстэй байдаг.

-Элжгэн гэж ямар нэг үг байхгүй юу?

-Элжгэн гэж байхгүй. Манайхан чинь зүгээр халх гэж явдаг юм ш дээ. Элжгэнүүд гэж Увс дотроо л нэрлэдэг болохоос гадагшаа бол халх гэж нэрлэгддэг.

-Ер нь бол элжгэн халх хүн, тийм үү?
-Тийм.

-Таны ээж аав хоёр тань яг аль сумынх нь улс болж таараад байна вэ?


-Манайхан бүгд Баруунтуруунынхан шүү дээ. Манай аав бол яг Баруунту­руунд төрсөн хүн. Ээж Цагаанхайрханд төрсөн.

-Одоо нэгдээд л Баруунтуруун?

-Тийм.

-Та өөрөө бас тэнд төрсөн үү?

-Яг тэнд.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Тавуулаа. Би айлын хоёр дахь хүүхэд.

-1984 он гэдэг чинь эмнэлэгт төрсөн биз дээ?

-Эмнэлэгт төрөөгүй. Би гэртээ төрсөн.

-Өө, тийм үү. Сонин баримт байна?

-Би ганцаараа л гэртээ төрсөн. Бусад нь эмнэлэгт.

-Яагаад тэгсэн юм бол?

-Эмнэлэг рүү явах гээд л юм хумаа базааж байсан юм билээ. Хонь гаргачих­сан. Ээж гэдэс асгах гэж явж байгаад нэг урт хайрхантай таарчихсан юм билээ.

-Тэгвэл цочилгүй яахав дээ?

-Тэгээд тэрнээсээ болоод гэнэт өвдөөд, шөнөжин өвдөөд өглөө нар мандаж байхад би төрсөн гэсэн. Тэгээд л аав маань бэлгэшээгээд нар мандаж байхад төрсөн юм чинь Нармандах гэж нэр өгнө гэсэн юм билээ. Тэгтэл намайг эх барьж авсан хүмүүс хүү төрсөн юм чиь бөх хүн ирж байгаа байх. Баянмөнх аваргын нэрийг өгнө, Мөнхбат аваргын нэрийг өгнө гэж маргалдаж байгаад Мөнхбат аваргын нэрийг өгсөн гэсэн.

-Монголын бас домогт аваргын нэрийг өгсөн юм байна. Ж.Мөнхбат аваргатай ямар харилцаатай байдаг вэ. Уулзаж үзсэн үү?

-Уулзаж учирч үзээгүй ээ. Ямар ч харилцаа байхгүй.  Бага цолтой бөхийн хувьд би таарсан газраа очиж мэндэлдэг.

-Баруунтуруун бол бөглүү жижиг­хэн сумыг бодоход Сангийн аж ахуй байсан болохоор тухайн үедээ хөгж­сөн, хүн зон олонтой газар байсан юм билээ. Атрын анхны аянаар байгуу­лагдсан. Тэгэхээр тариа гэдэг ойл­голттой ойрхон өсчээ дээ?

-Тэр тэгэлгүй яахав. Манай аав угаасаа комбайнч хүн. Манайх эргэн тойрон тэр аяараа тариан талбай дунд амьдардаг айл байсан. Хаашаа л харна тариан талбай. Хаварт нь шороо бужигнасан, намарт нь тариа халиурсан. Машин техник сүлжилдсэн, шөнө нь та­риан талбайгаас комбайны гэрэл улалз­сан гоё нутаг шүү дээ. Баруунтуруун бол газар газраас ирсэн залуус байгуулсан Сангийн аж ахуй. Тийм болохоор хүмүүс нь бусад газраас арай илүү хөдөлмөрч. Хөдөлмөрч ард түмэн цуглаж тэр сумыг бүрдүүлсэн болохоор ажил хөдөлмөр л буцалж байдаг. Манай хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ нутгаас төр­сөн. Аав нь манай аавын найз. Ээж нь манай ээжтэй найз. Бид хоёр нэг уулын наана цаана төрсөн. Ийм их ой­рын ул­сууд байгаа юм. Алдартай өчнөөн олон улс энэ газраас төрсөн. Араас нь залгаж байгаадаа би баяртай байгаа. Бүгдээрээ л тэр хөдөлмөрчдийн хүүхдүүд.

-Та тариан дунд зогсох дуртай юу?


-Дуртай.

-Хавар уриншийн цаг илүү сэтгэгдэл төрүүлдэг юм уу, намар ургацын үе илүү мэдрэмж өгдөг юм уу?

-Хамгийн гоё нь тариагаа хурааж байх агшин шүү дээ. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Тариа ч халиураад л...Цаанаа л сайхан шүү дээ.

-Танайхан газар тариалангийн бизнес эрхэлцгээдэг байх?


-Тийм. Тариан талбайтай. Гурилын үйлдвэртэй. Тэгж л анх ажлаа эхэлж байсан. Түүгээрээ л амьдардаг.

-Юнрэн гэж аймгийн арслан өөрийг тань анх “Энэ алсдаа юм дуулгах хүүхэд” гэж хэлж байсан гэдэг. Энэ үнэн үү?


-Аав маань намайг бага байхад улсын ч бай, аймгийн ч бай цолтой бөх л хүн ирвэл миний хүү бөх болох уу, нэг шинжээдхээч гэж асуудаг байж билээ. Хүн болгон л янз янзаар хэлнэ. Зарим нь жижигхэн л биетэй юм даа гэнэ. Гэхдээ л хүний хүүг яаж эцэгт нь чиний хүү бөх болохгүй ээ гэж хэлэх вэ дээ, тээ. Манай нутгийн Юнрэн гэж сайхан хөгшин байсан л даа. Бумбаяр зааны авга ах. Тэр сайхан хөгшин хэлж байсан юм гэсэн.

-Та ер нь анх хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?

-Хөлд орсноосоо хойш л ноцолдож эхэлсэн болов уу гэж боддог ш дээ. Манай аав өөрөө сумын заан хүн. Жоохон байхад оройдоо л аавтайгаа нийлж аваад пижигнэчихдэг байсан. Би дээрээ нэг эгчтэй. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Тэгээд бүгдээрээ л хоёр талынхаа баганан дээрээс дэлээд л дэвээд л гардаг. Тэгээд л барилдчихдаг байсан. Оройжин тэгж гэрээ буулгаж, гэрийхээ хоймор ноцолддог байсан. Ухаан орохдоо л санаж байгаагаар би айлд ороод л дэвж үзүүлж байгаад чихэр авч иддэг хүүхэд байсан.

-Аравдугаар анги төгсөөд ШУТИС-ийн хуваарь авч байсан гэсэн үү. Сурлага гайгүй хүүхэд байжээ дээ?

-Би 10 төгсөөд Хилийн цэргийн дээд сургууль авч байсан. Цэргийн хүн болох их сонирхолтой байсан.

-Тэгээд яагаад шууд болиод “Шонхор” сургуульд орчихсон юм бэ?


-Яахав дээ, бөх болох дур нь хөтлөөд л.

-Тэр болтол Х.Баянмөнх аваргатай уулзаагүй байсан уу?


-Би Х.Баянмөнх аваргатай анх есдүгээр ангидаа хотод орж ирж уулзаж байсан. Эрдэнбилэг начинтай хамт “Шонхор” биеийн тамирын дээд сургууль дээр очиж уулзаж байлаа. Тэгж анх ХБаянмөнх аваргын гараас атгаж үзэж байлаа даа. Аймаар том биетэй, сүрлэг аварга. Гар нь ямар ч том юм. Миний гар тал дунд нь л нэг жаахан юм байгаа юм чинь. Аварга хүн гэж ийм байдаг юм байна. Ямар гоё юм бэ гээд л...

-Саяын наадмын өмнө аваргатай уулзав уу?


-Наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Д.Бумбаяр заантай хамт очсон. Наадамд барилдах гэж байна. Үг хэлийг нь сонсъё, бас бөх хүний хийморь лундаа гэж байдаг шүү дээ. Тэр сайхан цагийг эзэлсэн их аваргатай учирч хийморио сэргээе гэж бодож зорьж очсон.

-Манай аварга бол бас л цэцэн саруул хүн шүү дээ. Ойд шингэсэн үг хэлсэн л байх даа?


-За, юу байцгаана гэж мэнд мэдэхэд нь Д.Бумбаяр заан манай С.Мөнхбат барилдах гэж байгаа. Тэгээд танаас зааж зурах юм хэлүүлэх гэж л явна даа гэсэн. Аварга хариуд нь “Би одоо яг чамтай тулж дасгал сургуулилт хийлгэхгүй байгаа. Юу хэлэх билээ. Гэхдээ барилдаануудыг чинь харж байгаа. Чамаас илүү хүн гэж байхгүй. Хамгийн гол нь бодол санаагаа л нэгтгэ. Дараа дараагийн давааг харж болохгүй. Урдах даваагаа л харж барилд. Илүү юм хийж хүнд мэхээ ашиглуулж болохгүй. Чи өөрийнхөө хийх мэхийг дүүрэн барьцтай, дүүрэн итгэлтэй, бүх юм боллоо гэсэн цагтаа л хий” гэж хэлсэн. Би өмнө нь гараад л салхилж яваад л, янз янзын мэх хийж байгаад л уначихдаг байсан. Аваргынхаас гараад хэлсэн үгийг нь нэг бүрчлэн бодоод л явсан.

-Чамаас илүү хүн гэж байх­гүй...­ ингэж л бодох ёстой байх нь ээ дээ. Том үг хэлжээ?

-Аваргын маань л захиас.  

-Сая танайхан Харзтайд бэлтгэлд гар­сан юм билээ. Та нэг удаа бэлт­гэ­­лээ хаяж иржээ дээ. Тэгээд О.Бал­­­­­жин­ням аваргад шийтгүүлж, 15 км гүйсэн гэж дуулсан?


-Тэр сонин ташаа ойлгосон байна лээ. Тийм юм болоогүй байх аа.

-Тийм үү. Бэлтгэлээ хаяж огт ирээгүй юм уу?

-Хоёр, нэг удаа ирсэн л дээ. Гэхдээ дор дор нь чөлөө аваад явж байсан. Юманд зорьж байгаа хүн юу гэж тэгээд л та­салж гүйгээд байх вэ дээ.

-Та дүү нараа барилдуулах дур­гүй гэсэн. Яагаад тэр вэ?


-Манай дүү нар барилдах сонир­холтой. Бас авъяастай л даа. Гэхдээ өөрөө өнөөдөр бөхөөр яваад л, англи хэл, юу юу байдаг юм бусад мэдлэ­гүү­дийг олж авахаас илүү энэ спортод бүх тархи толгойгоо зориулаад явж бай­гаа болохоор тодорхой хэмжээний зов­лон л тээж яваа шүү дээ. Тийм бо­лохоор дүү нараа өөр замаар яваг гэж боддог.

-Та бол Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй юү?

-Тийм.

-Ангийн багш тань хэн гэж хүн байв?


-Дамдин гэж Баянхонгорын аймгийн арслан хүн байсан.

-Ангийнхнаас тань улсын цол­той бөх бий юү?


-Одоогоор надаас өөр хүн байхгүй бай­на. Гэхдээ сайн барилдаж байгаа залуу­чууд байгаа.

-Г.Эрхэмбаяр арслантай та ер нь хэр танил вэ. Өмнө нь улсын наа­дамд нэг барилдсан байх?

-Ноднин жилийн улсын баяр наад­маар л таарсан даа.

-Их хурдан барилдаан хийсэн. Бодож л гарсан байх даа?

-Ер нь миний өөрийн сурсан барил­даан маань хүнийг хүлээд удаан зогсч чад­даггүй. Гараад л өрөөд л явчихвал мэх хиймээр санагдаад л, унасан ч дав­сан ч хурдан барилдахыг боддог.

-Хоёулаа л аварга болохыг мө­рөө­дөж байсан. Хоорондоо бол юм ярих­гүй юу?


-Юугаа ярих вэ дээ.

-Г.Эрхэмбаяр арслан бол үнэ­хээр сайн ч, сайхан ч бөх байх тийм үү?


-Сай­хан бөх. Ноднин бид хоёр ба­рилд­­сан. Надаас өмнө том бөх бол­чих­сон байсан. Надаас өмнө амжил­туу­даа гар­гаад эхэлчихсэн байсан. Нод­нин на­майг тавын даваанд аваад уна­чихаад уй­лаад явж байсан. Энэ жил хоёулаа үзүүр түрүү булаалдлаа. Уна­чихаад инээж босч ирээд л “За бө­хийн маань но­­гоон дэвжээ миний хөдөл­­мөрийг үнэлж чадлаа” гээд л хэлж бай­хад нь би бас л мундаг хүн бай­на даа гэж бодож байсан.

-Наадмаас хойш уулзалдав уу?


-Таарч байгаа. Уяачдын наадам дээр таарсан. Сая Хууль зүй дотоод хэр­гийн сайд хүлээж авахад таарлаа.

-Та эхнэрээ танилцуулахгүй юу?


-Манай эхнэр манай Баруунтуруун су­мын хүн л дээ.

-Нэг ангийнх юм уу?
-Нэг үеийн, нэг ангийн хоёр.

-Сумын даргын охин гэсэн. 10 жилийн үерхэл юм уу?


-Тийм. Одоо Улсын прокурорын ерөн­хий газрын Хан-Уул, Сонгино­хайр­хан дүүрэг хариуцсан нягтлан хийдэг. Бид нэг охинтой. Энэрэлт гэдэг.

-Та зургадугаар сарын 7-ны өдөр хаа­на байсан бэ. Хамрын хийдийн ха­жууд байдаг Хүслийн уулан дээр бай­сан юм уу. Хар уул гэх тэр уулан дээр таныг гарахад бороо орсон гэж дуулсан?

-Та яаж мэдсэн юм бэ.

-Би их олон хүнтэй уулздаг. Мэдээлэл дунд байдаг хүн шүү дээ. Нэг хүн хэлсэн юм аа?

-Үнэн. Би Монгол эх орныхоо гайхамшигтай увидастай уул усыг их шүтэж явдаг. Монгол хүний хувьд. Тийм газруудаар очих дуртай.

-Бороо орсон нь үнэн юм уу?

-Бороо ороогүй удсан байсан л даа. Гэхдээ яг надад зориулж орно гэж юу байхав дээ.

-Гэхдээ тэгж бодох өөрөө гоё шүү дээ. Намайг яг орой дээр нь гарахад бороо орсон шүү гээд?


-Тэр бодол бол гоё. (инээв) Өөрий­гөө хурцлахад бол гоё л доо.

-Гурвын даваанд аймгийн заан Г.От­гонбаяр гэдэг залуутай ба­рилд­­сан. Хэр барилдаантай залуу бай­сан бэ ?

-Манай Увс аймгийн Зүүнговь су­мын залуу. Амлаж авч барилдсан.

-Улсын цол мөрөөдөөд л бас зодоглож байсан байх даа?

-Тэгээд дөрвийн даваанд С.Мөнх­сүх гэж Хөвсгөлийн аймгийн арслан за­луу­­тай таарч барилдсан. Бид нар бас нэг дор бэлтгэл сургуулилт хийж л бай­сан улсууд.

-Дараа нь А.Сүмбээтэй?


-Дараа нь аймгийн арслан А.Сүм­бээг авсан . Ёстой яах ч аргагүй авсан.

-Яах ч аргагүй гэсэн үгэнд тань жаахан харуусал нуугдаж байна. А.Сүмбээг улсын цол аваасай гэж яг над шиг хүсдэг юм уу?

-Би А.Сүмбээ ахыг ч, энэ үед барилдаж байгаа бусад сайхан залуу­чуудаа ч бүгдийг нь л зорьсондоо хүрээ­сэй гэж хүсдэг. Бас энэ бөхийн тө­лөө олон жил зүтгэж байгаа, хөлс хөдөл­мөрөө шингээж байгаа улсууд шүү дээ.  Тэ­гээд барилдаан юм хойно нэг нь давж нө­гөө нь унадаг.

-Дараа нь Ч.Цогбаяртай ?

-Шинэ начин болсон Ч.Цогбаярыг  ам­лаж барилдсан. Бас их бяртай, чац­тай, сайн бөх.

-Таны улсын заан Д.Рагчаатай хий­­сэн барилдааныг сонирхмоор бай­­на. Тэр бас дээшээ л харж байсан байх даа?

-Тэгсэн байх. Ноднин бид хоёр долоогийн даваанд тунаж барилдаад би хий хутгаж яваад унаж байсан. Тэгээд энэ жил тэр алдаагаа л давтахгүй юмсан гэж бодож байсан.

-Хамгийн сонирхолтой учраа Ч.Санжаадамба. Бага наадмын од­той. Бүх хүнд танигдчихсан. Хүчир­хэг, дуулиантай бөх дөө?

-Ч.Санжаадамба бол бидний энэ цаг үед бол бяртай, хүчтэй сайхан бөх.  Гэх­дээ би энэ хүнийг ялна, дийлнэ, дий­лэх ёстой л гэсэн сэтгэл зүйтэй гарч барилдсан.

-Тэнгэр харуулаад өгнө өө гээд л гарсан уу?


-Тэр нь ч юу юм бэ. (инээв) Давна, ялна л гэж өөрийгөө хурцалсан.

-Ж.Бат-Эрдэнэ бол бас энэ наад­мын од байлаа. Г.Өсөхбаяр аваргыг хая­сан шүү дээ?
-Ж.Бат-Эрдэнэ бид хоёр бол багаа­саа л барилдаж байсан. Бие биеэ мэднэ. Хамгийн сүүлийн барилдаанд би хөлөө алдаад Ж.Бат-Эрдэнэд уначихсан байсан. Ер нь бол ийм барьцан дээрээс ингэж барилдана гэдгээ бол төлөвлөсөн байсан. Сайн өрсөлдөгч. Хурдтай.

-Таны хамгийн анх барилдаж үзсэн аварга хэн бэ. Аваргуудтай барил­даж үзсэн биз дээ?

-Би Д.Сумъяабазар аваргатай л анх барилдаж үзсэн. Г.Өсөхбаяр аваргатай тав барилдаж тав унасан.

-Барилдаан таардаггүй юм уу?

-Нэг тийм сонин маргаантай л хамт  уна­даг. Би Б.Бат-Эрдэнэ аваргатай, А.Сүхбат аваргатай барилдаж үзэхийг мө­рөөд­дөг байсан. Таарсангүй.

-Аваргуудаас таны хамгийн шүтэж явдаг аварга хэн бэ?

-Х.Баянмөнх аваргыгаа шүтэлгүй яа­хав дээ. Шүтээн болсон агуу аварга шүү дээ. Тэгээд А.Сүхбат аваргыг шүт­дэг байсан. Миний хамгийн их ба­рил­даан, бичлэгүүдийг нь үздэг бай­сан бөх бол Ц.Цэрэнпунцаг гарьд. Энэ хүн үнэ­хээр сайхан бөх юм даа гэж хардаг бай­сан. Миний барил­даа­нуу­дыг бас хүмүүс гарьдынхтай төстэй гэж хэлдэг.

-Та “Монголросцветмет”-ээр овог­­лодог бил үү?

-Тийм. “Монголросцветмет” нэгдэл бол том айл. Энэ сайхан газраар овог­луулж, нэр дээр нь барилдсанаас хойш улсын энэ өндөр сайхан цол­нуу­дад хүр­лээ. Үнэхээр баярлаж, хүндэлж яв­даг. Ц.Бямбажав цэргийн арслан, би айм­гийн заан байхдаа анх эдний тамир­чин болж байсан. Бид хоёрыг анх Ц.Ням­­дорж сайд аваачиж өгч байсан. Тэр мөчөөс хойш сайхан амжилтууд гар­­га­­лаа. “Монросцветмет” нэдлийн бүх хамт олонд сайн сайхныг хүсч, баяр­лаж, хүндэтгэж байгаагаа илэрхий­лэхийг хүсч байна. Хилийн цэргийн нийт бие бү­­рэл­дэхүүнд, Монгол нутаг даяар ажил­лаж амьдарч байгаа бүх ногоон “мөр­­дэст”-нүүддээ баярлалаа гэж хэлье. Хууль зүйн яамны хамт олонд, нут­­­гийн зөвлөлдөө, Увс нуур бөхийн га­лын хамт олондоо, Монголынхоо бө­хөд хайр­тай зон олонд баярлалаа гэж та­­най сониноор дамжуулж дахин хэл­мээр бай­на. Аварга гэдэг энэ сайхан цол­ны нэр хүндийг дааж, тавиланг нь хүн­дэлж би­ширч, үзэгч олноо цэнгүүлж ява­хын төлөө зүтгэнэ ээ л гэж хэлье дээ.
www.ganchimeg.niitlelch.mn
2011/07/20

Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨР ДЭЭРЭЭ АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙГАА ЯВДАЛ ОГТ БИШ. МОНГОЛ УЛС ДЭЭРЭЭ Л ТЭР БҮХ НҮДИЙГ ТАТАЖ БАЙГАА ХЭРЭГ

“Ярилцъя” та бүхэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.ПҮРЭВСҮРЭНГ уулзуулж байна.  
-Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бод­­­логын зөвлөх. АНУ-д хий­­сэн албан ёсны айлч­лалыг хэрхэн дүгнэж байгаа бол. Айлчлалын хүрээнд сэтгүүлчдийн  нэвтэрч ча­даагүй олон уулзалт, арга хэмжээ болсон?

-Хэвлэл мэдээллийн хэ­рэгс­­лүүдээр айлчлалын та­лаар нэлээн мэдээлсэн байх. Өөрөө бас газар дээр нь ажил­ласан сэтгүүлчийн хувьд маш их мэдээлэл цуглуулсан байх гэж бодож байна. Гэхдээ л “Хөшиг­ний цаана их юм бол­дог” гэдэг нэг үг байдаг л даа.

-Тийм болохоор л?

-Хоёр орны Ерөнхийлөг­чийн уулзалтын хувьд бол үнэхээр онцлог уулзалт болсон гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч Оба­­ма­тай өмнө нь манай Ерөн­хий­лөгч олон улсын хур­луудын үеэр хоёр ч удаа уул­заж, товч­хон ярилцаж бай­сан. Мэдээж уулзалтад бэлт­гэдэг бүхэл бүтэн баг ажил­ла­даг. Гадаад хэргийн яам, Ерөн­хийлөгчийн зөвлөхүүдийн хэм­жээнд зохих бэлтгэлийг ханга­даг зарчим байна. Ямар сэдэв ярих вэ гэдгээс эхлээд. Дээ­рээс нь яг хоёр хүн уулзаад нүүр тулаад ярина гэдэг бол өөр л дөө. Цэвэр тэр хувь хүний өөрийнх нь авьяасаас шалт­гаалж тухайн уулзалтын ерөн­хий уур амьсгал шийдвэр­лэгд­дэг. Хувь хүний чанараас, хувь хүний хүн татах чадва­раас их юм шалтгаална. Энэ дээр бол манай Ерөнхийлөг­чийн хувьд Обаматай маш сайн ярьсан. Таарсан хүн гэж байдаг шүү дээ. Нэг тийм эв нийлсэн. Тэрэн шиг л бүх юм онцгой зохицсон уул­залт бол­сон. Мэдээж уулзалтад бэлт­гэдэг тактик гэж байна. Оба­ма юу сонирхох вэ, ямар­хуу чиг­лэ­лийн юм ярьж байгаа билээ, дотоодынх нь улс төрийн бай­дал ямар байна. Гадаад бод­логодоо ямархуу акцент өгч байна гээд бүгдийг нь судалж бэлтгэнэ. Дээрээс нь Ерөн­хийлөгч өөрөө үнэхээр Обамаг татах сэтгэл зүйн шинжтэй бэлтгэлүүдийг сайн хийсэн байсан. Хамгийн энгийн жишээ гэхэд Ерөнхийлөгч “Та бид хоёрт ижил зүйл бий” гэж хэлж байх жишээтэй. Нөгөө талаас юу билээ гээд тэр дор нь асууж байгаа юм.

Дотроо та бол хар арьстан гэр бүлээс гаралтай, би бол бас малчны хүүхэд ч гэх юм уу нэг тиймэрхүү зүйл ярих гэж байна гэж ч бодож байсан байж мэдэх юм л даа. Тэгэхэд Ерөнхийлөгч “Бид хоёулаа Харвардын төгсөгч” гээд л хэлэхэд шал өөр болоод нүд нь гэрэлтээд ирж байх жи­шээтэй. Харилцааны ийм жи­жиг гэлтгүй деталиуд хүмүү­сийн яриаг илүү ойр, илүү амтлаг, илүү дотно болгож өгдөг.  Тэрний л нэг тод жишээ. Дээрээс нь Ерөнхий­лөг­чийн байгаль орчны асуудлаар барьж байгаа байр суурь, эрчим хүчний асуудлаар барьж бай­гаа байр суурь, өөрийнх нь хувь лидерийн түүх гээд олон талаар судалсан байна лээ. Ерөн­хий­лөгч ч Обамагийн амжилт­тай хэрэг­жиж байгаа бодлогуудыг цохон тэмдэглэж, харилцан байр сууриа солилцож, нэлээн ярилцсан. Яриа бол үнэхээр аятайхан болсон л доо. Хуга­цаа­наасаа хамаагүй илүү сунаж ярилцсан. Ерөнхийлөгч жишээ нь Монголын говийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Энэ талаар  хэвлэл мэдээл­лийн хэ­рэгс­лүүдэд тэр болгон тэмдэглэг­дээгүй байна лээ. Хоёр Ерөн­хий­лөгчийн хэм­жээнд ярьсан нэлээн том асуудлын нэг бол “Монголын говь”-ийн асуудал байсан. Байгаль орчны асуудал, үнд­сэн­дээ цэвэр эрчим хүчний асуудал юм даа. Үнэхээр эрчим хүч гэдэг бол хүн төрөлх­төний хөгжлийн чухал түлхүүр. Үүнийг ашиглахаасаа өмнө бай­гальд хоргүй ашиглах асуудал дээр бол асар хүчтэй бодлого явуулах ёстой. Зүгээр нэг цэвэр эрчим хүчний тухай асуудал биш. Манай бизне­сийнхэнд бол олон чухал санаа байна гээд ярихад Обама хэлж байсан. Таныг байгаль орчны асуудал дээр үнэхээр зүтгэж байгаа гэж мэднэ гэж хэлж байна лээ. Тэгэхэд нь та Монголын говь гэж төсөөлөх үү. Тэр бол 300 илүү хоног нартай, ер нь бол хүн амьтан сийрэг суурьшсан ийм бүс. Энэ бүсэд нарны энерги, сал­хины энерги ашиглаад бид бараг эрчим хүчний гол хэрэг­лэгч болоод байгаа Хятадыг хан­гах ийм ирээдүйн том төс­лийг хэрэг­жүүлж болно ш дээ гэхэд Обама маш их дэмжин хүлээж авч байсан.  Иймэрхүү ши­нэ санаа нэлээн хөндөгдсөн. Өөр нэг яригдсан зүйл бол ардчилсан Монгол Улс гэдэг сэдэв байлаа. Энэ асуудал дээр Обама ихээхэн анхаарал тавьж, асууж байсан. Та яаж 20 жилийн өмнө тэр хүйтэнд жагсч байсан юм, яаж тэр коммунист дэглэм гэдэг юмыг цус гаргалгүй түлхэн унагааж байсан юм. Төв Азийн орнуу­дад бол танай туршлага үнэхээр чухал. Үүнийг үзээд өн­гөр­сөн хүмүүсийн хувьд, ялан­гуяа тэр тэмцэл дунд явж ирсэн таны үгийг сонсох, турш­лагыг тань судлах асуудал асар чухал гэж онцолж байсан. Одоо ингээд Ардчилсан орнуу­дын хам­тын нийгэмлэгийг танай улс тэргүүлж ажиллана шүү дээ. Үүн дээр та энэ туршлагаа таниулж, үнэхээр лидер гэдгээ харуулж энэ бай­гууллагыг авч яваач, туг нь болж яваач ээ. Энэ дэлхийн түмэн бүгд адилхан үнэт зүйл нэгтэй. Тэр нь ардчилал, хүний эрх, төрт ёс юм. Үүн дээр таны үүрэг оролцоо чухал байна гэж Оба­ма биечлэн хүсэлт гарга­сан.

-Ерөнхийлөгчийн айлч­ла­лын бүрэлдэхүүнд ажил­ла­сан сэтгүүлч мөртлөө Ерөн­хийлөгчийгөө тэр том шагнал авахыг мэдээгүй бай­­сан. Та нар урьд нь мэд­сэн байсан уу. Бас бидэнтэй адил мэдээлэлгүй байв уу?


-Энэ үйл явдал бол яах аргагүй айлчлалын үеийн хамгийн том сюрпризийн нэг байсан. Бас хэчнээн хэвлэл мэдээллийн эрх чөлөө хөгжсөн өнөөгийн орчин нөхцөл ч гэлээ зарим нэг хэмжээгээр далд байлгах юм гэж байна л даа. (инээв)  Энэ шагналыг манай Ерөнхийлөгчид гардуулах болс­ноо нэлээн хэд хоногийн өмнө манай талд мэдэгдсэн байсан. Танай Ерөнхийлөгчид ийм том шагнал гардуулна. Гардуулсны дараа үг хэлээч ээ гэж. Энэ бол өөрөө асар том нэр хүндтэй шагнал. АНУ-ын Ерөн­хийлөгч Клин­тон, Син­гапурын Ерөнхий­лөгч авч байсан. Бан Ги Мун авч байсан. Сока Солагийн ерөн­хий­лөгч авч байсан. Азийн бод­лого руу хандсан жинтэй байр суурь баримталж байгаа, Ази тивдээ жинтэй үүрэг гүйцэтгэж байгаа ийм хүмүүст олгодог шагнал юм байна лээ.

-Тивээсээ гарч ирж бай­гаа шинэ лидер гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биз дээ?

-Ер нь бол Азидаа жинтэй хүн боллоо. Азийн бодлогод бол тэргүүлэх үүрэгтэй оролцогч хүмүүсийн нэг гэж үзсэний илэрхийлэл болгож олгож байгаа шагнал. Шагналын бас нэгэн эзэн болох Хенри Кессенжер бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Нобелийн энхтайвны шагналтан том хүн. Ёслолын үеэр шагналтнууд үг хэлсэн. Монгол Улсын Ерөн­хийлөгч, ус, эрчим хүч, хүнс­ний хомсдолыг хэрхэн шийд­вэрлэх талаар өөрийн үгээ хэлсэн бол Х.Кес­сен­жер Азийн бодлогын талаар үг хэлсэн. Сүүлийн бараг 50 ша­хам жил АНУ-ын Ази руу чиг­лэсэн бодлогод болон ерөнхий гадаад бодлогыг тодорхой­логчдын нэг гэгддэг хүн  шүү дээ. Хэлсэн үгэн дотор нь бас сонин санаанууд гарч л байна лээ. Ерөнхийлөгч шагнал аваад үг хэлснийг чи өөрөө мэдэж бай­гаа. Азийн нийгэмлэг гэдэг бол өөрөө асар сонин гэж хэлэхээр бүрэлдэхүүнтэй. Тэнд 1000 гаруй хүн ирсэн байсан. Азийн бүх л орон байж байна лээ. Америкийн Ази тив рүү лобби хийдэг компаниуд, улстөрчид, урлагийнхан, сэтгүүлчид гээд.

-Ерөнхийлөгч их сайн үг хэлсэн байна лээ?

-Шагнал авсны дараа Ерөн­хийлөгч үг хэлсэн. Үнэхээр Азидаа хамгийн чухал асуудал юу байна вэ гэдгийг тэр орой гар­гаж ирж танилцуулах зорил­го, үүрэг ногдсон. Азид нүүр­лээд байгаа хамгийн том асуудал бол хүнсний асуудал, хүнсний хомсдолын асуудал юм. Дээрээс нь эрчим хүчний болон усны асуудал. Энэ гурван асуудал дээр Ерөн­хийлөгч тодорхой байр сууриа илэр­хийл­сэн. Дараа нь үг хэлсэн Хенри Кессенжер гуай хэлж байсан. Үнэхээр Азийн шинээр гарч ирж байгаа лидер оновчтой гурван асуудлыг гаргаж тави­лаа. Энэ бол Ази тивийн он удаан жил яригдах асуудал шүү. Энэ гурван асуудлыг бид үргэлж ярих ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Тэ­гэхээр оновчтой үг хэлсэн гэсэн үг.

-Дэлхийн том том хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж олон ярилцлага өгсөн. Түү­нээс гадна хамгийн сонир­холтой нэг арга хэмжээ бол гадаад харилцааны зөвлөл дээр Ерөнхийлөгчийн тавь­сан лекц байсан?

-Нью-Йоркт байдаг Амери­кийн гадаад харилцааны зөв­лөл гэдэг үнэхээр Америкийн то­моо­хон судалгааны байгуул­лага. Ази руу үйл ажиллагаа явуул­даг компаниуд, их сур­гуу­л­иуд, төрийн бус байгуулла­гуудыг нэгтгэж, Ази руу ер нь ямар бодлого явуу­лах ёстойг, ийшээ чиглэсэн гадаад бод­лого ямар байх ёстой зарчмыг тодорхойлдог байгууллага л даа. Америкийн төр засгийнхан, бизнесийн­хэнтэй өмнө нь бид уулзаад л өнгөрдөг байсан. Бид Америктай урт хугацаанд гурав дахь түнш болж харилцах гэж байгаа. Дээр нь худалдаа, эдийн засгийн харилцаагаа  өргөтгөх гэж байгаа бол Америкийн зөвхөн одоо төр барьж байгаа хүмүүстэй нь биш тэр бодлогыг тодорхойл­дог, урт хугацаанд оршин тогтнож ирсэн тийм байгуул­лага, хүмүүс рүү нь хандах ёстой. Тийм хүмүүс рүү хүрч ажиллах ёстой гэсэн зорил­тыг энэ айлчлалын нэг чухал бодлого болгож тодорхойлсон л доо. Энэ үүднээс тэр бай­гуул­лага дээр очиж лекц уншья гэдэг санал гаргаж хөөцөлдсөн юм. Үүний үр дүн гарлаа. Бас аз таарч тэр байгууллагын жилийн хурал­даан нь болж байсан. Жилийн хуралдаан гэдэг бол Америкийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс нь бүгдээрээ оролцдог чухал хуралдаан нь байдаг. 150 гаруй судлаач, эр­дэм­тэн, эдийн за­сагч, нэр нөлөө бүхий хүмүүс ирсэн байсан. Тэрэн дээр Ерөнхий­лөгчид тавьсан асуул­туудын хүрээнд Өвөрмон­голын асууд­лаас эхлээд Хятад улсын байдал, ато­мын асуудал, Хойд Солон­госын гээд маш олон асуудлыг хөндөж байсан. Асуултуудад хариулт өгсний нь дараа хүмүүс баяр хүргэж байсан. Зарим үед тан­хим нийтээрээ алга таших хэм­жээний хариул­туудыг ч өгч байсан. Дараа нь хүмүүс “Та бол үнэхээр улс төрийн хувьд шархадсан чоно шиг, олон юм үзчихсэн хүн юм. Тийм боло­хоор таны амнаас ямар нэг хөнгөн үг салгахгүй юм байна. Үнэхээр хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм гэж байсан. Үнэхээр ч их хурлын сонгуульд нэр дэвшигч иргэд­тэй уулзалт хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Асар олон хүн гар өргөж, ар араасаа оочерлож байсан. Гэхдээ тэнд энгийн нэг нөхөр асуулт тавихгүй байгаа ш дээ. Харвардын их сургуулийн профессор л гэнэ. Ямар нэг  том компанийн захирал ч гэнэ үү,  тийм хэмжээний хүмүүс л асуулт асууж байна лээ. Энд бол Ерөнхийлөгч өөр дээрээ анхаарал төвлөрүүлж байгаа явдал огт биш юм. Монгол Улсын нөхцөл байдлыг Амери­кийн бодлого тодорхойлж байгаа, судалгаа гаргадаг тэр хүмүүст ойлгуулах, манай өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн чиг хандлага хаашаа явж байна, эдийн засаг нь хаашаа явж байна вэ, төр, засаг нь ямар бодлого барьж байна вэ, гадаад бодлого дээрээ ямар чиг бариад байгаа юм, бид ямар итгэл найдвар тээж яваа юм гэдгийг таниулсан. Монгол Улс дээрээ л  анхаарлыг нь татаж авчирч байгаа хэрэг юм. 

-Хөшигний ард юм юм болдог гэгчээр Тавантол­гойд ямар амбийц илэрхий­лэв?

-Ер нь бол өөрөө ч харсан байх. Бизнесийн болон янз бүр­ийн уулзалтан дээр Амери­кийн худалдааны танхим энэ тэр дээр Америкийн нөгөө компани бол байж л байсан шүү дээ. Америкийн талаас ч тэднийгээ дэмжүүлэх сонирхлоо  илэр­хийлж байгаа. Үнэхээр олон талын сонирхол байна. Хөрш орнуудаас эхлээд өөр орон ч гэсэн байж л байна. Үүн дээр ил тод, тендерийн процесс л явж байна. Тийм болохоор улс төрийн талаар ямар нэгэн нөлөөлөл орох, амлалт үүрэг авах ч гэдэг юм уу боломжгүй зүйл. Энэ бол яг ил тод өрсөл­дүүлээд л Монгол Улсад аль ашигтай ийм хувилбараараа л бид шийднэ. Энэ үзэл бодлоо ч Ерөнхийлөгч илэн далангүй илэрхийлсэн.

Энэ удаагийн АНУ-д хий­сэн айлчлал бол нэлээн онцлогтой болсон. Нэгдүгээрт, агуулгын хувьд АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод 25 жил болж байна. Өнгөрсөн 25 жилийн дотор бид Америк руу харж мөрөөдсөн, Ардчил­лын орон гэж өнгөц төдий ярьсан, тусламж гуйсан, ийм л байсан. 25 жилийн дараа энэ чиг хандлагыг өөр шатанд гаргах, агуулгын хувьд өөр болгох ёстой биз дээ. Тэр цаг нь ч болсон. Үнэхээр гурав дахь хөршийн нэг нь гэж үзэж байгаа юм бол Америкийн эдийн засгийн бодит сонирхол Монголд хаана байна вэ, Монголын өнөөдөр учраад байгаа эдийн засгийн асууд­лууд дээр Америкийн тэр хүчтэй нөлөөтэй эдийн засаг яаж орж ирэх вэ, энэ талаар ер нь үр дүнтэй ажил хийе гэсэн зорилго тавьсан. Зөвхөн тусламж гуйгаад байх шиг Монголын эдийн засаг өөрөө Америкийн хөрөнгө оруулал­тыг шингээчих чадвартай боллоо. Худалдаа наймаа хийсэн ч гэсэн бид Америкаас юм худалдаад авчих, шингээчих чадвартай болчихлоо. Тэрий­гээ илэр­хийлье гэсэн ийм л зорилт тавьсан. Энэ үүднээсээ Нью-Йоркт, Вашингтонд хий­сэн уулзалтууд дээр жишээ нь, хөрөнгө оруулалт хүссэн яриа хэлэлцээр огт хийгдээгүй байгаа. Дараагийн 25 жилд Монгол, Америкийн харилцаа эдийн засаг руу, хөрөнгө оруу­лалт, худалдаагаа илүү өөр төв­шинд гаргасан ийм харил­цаа хөгжих хэрэгтэй юм биш үү гэсэн тэр амбийцийг гаргаж чадсанаараа ач хол­богдолтой болсон. Товчхондоо ийм л байна даа.

-Сүүлийн асуулт, зөвлөх өө, “Роснефть”-ээс Ерөн­хийлөгчид захидал ирсэн гэсэн үнэн үү?

-Захидал ирээгүй. Ер нь бол “Роснефть” манайд неф­тийн гол нийлүүлэгч компани гэдэг нь үнэн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд хандаад байх нөхцөл байхгүй шүү дээ. Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахдаа “Роснефть”-ийн­хэнтэй уулзаа­гүй. Ерөн­хий­лөгч зарчим барь­даг. Тэр нь юу вэ гэхээр аливаа бизнес  бизне­сийнхээ жамаар л явах ёстой. Бизнес нь биз­нестэйгээ харьц­даг, төр засаг нь төр, засаг­тайгаа харьцаад явна гэсэн. Энэ бол гол зарчим.  Ерөн­хийлөгч ОХУ-д айлч­лахдаа Ерөнхийлөгч Д.Мед­ведев, Зас­гийн газрын тэргүүн В.Путин нартай хэлэлцээ хийсэн. Тэрнээс биш хувийн компа­ниудтай уулзаагүй.

www.ganchimeg.niitlelch.mn
2011/06/28

Ч.САЙХАНБИЛЭГ: БИДНИЙ 20 ЖИЛ ТУУЛСАН ЗАМЫГ АРДЫН НАМ ХОЁР ЖИЛ ТУУЛАХ НЬ УУ. ЭСВЭЛ АРАЙ ИЛҮҮ ХЭДЭН ЖИЛ ҮҮ....

УИХ-ын эрхэм гишүүн, парламент дахь АН-ын бүлгийн дарга Ч.САЙХАНБИЛЭГ “Ярилцъя” буланд уригдлаа.

-Ч.Сайханбилэг гишүүнтэй уул­заагүй удсан байна. Асууж лав­лах зүйл нэлээд байгаа бо­лохоор таныг зо­риод ирлээ?


-Та нэгэнт Сайханбилэгтэй гэж он­цолж бай­гаа учраас би таны асуул­туу­дад хувь Сайхан­билэгийн үүднээс ха­риулаад явъя гэж бодож байна. Бүл­гийн байр суурь гэдэг бол тусдаа өөр асуудал. Албан ёсоор мэдээллээ хий­дэг. Тийм учраас би хувь хүн, хувь УИХ-ын гишүү­нийхээ үүднээс байр суу­риа илэрхийлмээр байна. Тэгж тохирох уу.

-Болж байна. Сая сайд Д.Зо­риг­­тыг огц­руулах эсэх асууд­­лаар танай намын бү­лэг до­тооддоо хуралдлаа. Хачирхал­тай нь олон­хиороо огцруула­хын эс­рэг санал өгчээ. Энэ явдал үзэгд­лийн­хээ хувьд үнэхээр сонир­холтой хараг­даад бол­доггүй. Яг яаж л хү­лээж авмаар юм бэ дээ?

-Д.Зоригт сайдтай холбоотой асуудал дээр би бүлгийнхээ хурал дээр өөрийнхөө байр суу­рийг илэр­хийлсэн. Хэрвээ бид улс төр хийх гэж байгаа бол утга учиртай улс төр хийцгээе гэж. Миний хам­гийн түрүүнд тавь­сан санал энэ. Хэрвээ АН Зас­гийн газраас гарах хэрэгтэй гэж үзвэл тэр асуудлаа ҮЗХ-оороо шийдэж нэг тийш нь болгох ёстой. Учир нь ҮЗХ-ны шийд­вэрээр нам хамтарсан Зас­гийн газарт орж ажиллаж бай­гаа.

Гарах бол тэр шийд­вэ­рийг гаргасан байгууллага нь өөрөө авч үзэж эцсийн шийдийг гаргах ёстой. Зүгээр хэн нэг сайдтай хариуцлага тооцох гэж байвал энэ улс төр нь өөрөө хаана очиж зогсох вэ гэдгээ тооцсон байх ёстой. Тэ­гэх­гүй сүүлийн үеийн сонин хэвлэлүүдээр  гарч байгаа мэ­дээллүүд шиг манай гурван ги­шүүн Д.Зоригт сайд руу  они­лоод л, ардын намын гурван гишүүн дараа нь манай хэн нэг сайд руу онилоод л ийм улс төр явах юм бол үнэхээр зохис­гүй. Ийм хувь хүмүүсийн ааш араншин, хүсэл зорилгод хөтлөгдсөн улс төр Монголын төрд цаашид өрнөж болохгүй. Би үүний эсрэг л байр суурь­тай. Би улс төрийн тоглолтыг багийн тоглолт гэж ойлгодог. Баг гэдгээ би аль нэг фракц гэ­дэг утгаар хэлээгүй шүү. Энэ их улс төрийн өрөг дээр бүхэл бү­тэн улс төрийн намын тог­лолт гэж л байх ёстой. Тийм байж энэ өөрөө зөв улс төр, зар­чимтай улс төр болно. Түү­нээс биш хувь гишүүд попу­лиз­­маа хийх гэж юм уу, эсвэл улс төрийн оноо цуглуулах гэж юм уу, эсвэл хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэсэн хувийн шинж­тэй тоглолтууд хийгээд, түүгээрээ эргээд тухайн на­мын­хаа бүлгийг татаж авчраад байх юм бол үнэхээр утга учир гэж алга болно.  Ийм зарчим­гүй улс төр рүү намыг, намын­хаа бүлгийг нохойнд барьдаг са­ваа шиг бариад гүйгээд байж болохгүй гэж би үздэг. Би ийм л байр суурь илэрхийлсэн. Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг өргөн барихдаа ма­най гурван гишүүн  намын удирд­лагууд­даа, намын дарга­даа, Ерөн­хий нарийн бичгийн даргадаа, бүлгийн даргадаа, бүлгийн дэд ахлагчдаа, УИХ-ын дэд даргадаа ч юмуу эсвэл намын аль нэг байгууллагатай зөв­шилцсөн зүйл огт байхгүй юм байна лээ. Зүгээр л өөрс­дөө санаачилга гаргаад өргөн барьчихсан.

-Зөвшилцөх ч шаардла­гагүй биз дээ?


-Ер нь бол эрхийнхээ дагуу хийж байгаа алхам. Зөв­шил­цөх шаардлага байхгүй л дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх. Одоо энэ гурван гишүүн мар­гааш ч ахиад өргөн барих бо­лолцоотой. Гэхдээ зарчим­тай улс төр явмаар байна. Жаахан тааламжгүй санагд­сан нэгий­гээ ингэж өлгөсөн улс төр хий­гээд явах юм уу, эсвэл утга уч­раа ойлгоцсон, зарчимтай, эх­лэх цаг хугацаа­тай, бас дуус­гах цаг хугацаа­тай, хүрэх үр дүнтэй, хариуц­лагатай улс төр хийх юм уу гэж л би ярьж бай­гаа юм. Түүнээс биш тухайн сайд л ажлаа сайн хийж бай­на уу, хийхгүй байна уу гэдэг бол бүгдээрээ харьцангуй асуу­дал. Би асуудалд энэ утгаар л хандсан.

-Өргөн барьсан гишүүд бол их өөр байр суурь­тай байгаа юм билээ. Ерөнхий­дөө хамтарсан гэдэг нэрийн дор бүх юм гоё хөшигний ард, хэт эвлэлдэн найрссан арга замаар явж байна. Зарч­мын дагуу асуудал тави­хаар популизм хийгчид, оноо цуглуулагчид, нэр төр хөөгчид гэсэн ий­мэр­хүү онцгүй нэр хоч зүүж өгөөд л, хүний өөрийн нийлсэн алаг бүлэглэл олонхиороо даа­паа­лаад өнгөрдөг. Тэвчих арга алга гэж тэд хэлж байгаа. Нийгэмд ч гэсэн асуудлыг тавьж байгаа нь илүү эрүүл, илүү зарчим сануулж  хараг­даж байна?

-Бүх юм найрсгаар яваад байгаа юм бол яагаад өнөө­дөр бид нар Тавантолгой дээр эцсийн шийдвэр гарга­чи­хаж чадахгүй байгаа юм бэ. Тийм их эв найртайгаар, бүх юмыг гараа ярс хийтэл өргөж санал нэгдээд яваад байдаг юм бол бид нар хам­тарснаа­саа хойш бүтэн хоёр жилийн дараа Оюутолгойг яагаад арай гэж шийдэж чадав. Яа­гаад өнөө­дөр аягүй олон асууд­лаар АН завсарлага ава­хаас өөр аргагүй байдалд ороод байгаа юм. Энэ бүх асууд­лууд чинь эргээд бид хэдий хамтарч байгаа ч гэсэн, хэдий албан ёсны сөрөг хүчин байхгүй ч гэ­сэн тодохой төвш­ний ойлгол­цолд хүртлээ  тэр­тэй тэргүй хүч­тэй олонхи, хүч­тэй цөөнх байснаас ялгаагүй саад бэрх­шээлийн дунд явж байгааг л харуулж байгаа биз дээ. Тийм учраас тэр найрсаг, найзан дундаа явж бай­на гэдэг шүүмжлэл маань өө­рөө бодит үнэн дээр онож буу­даж чадаж байна уу, үгүй юү. 

-Түрүүн та хэлсэн. Ерөн­хийдөө хэдэн хүн санал нийлээд  хувийн гэмээр тог­лолтууд хийгээд явж бай­даг. Хариуд нь нөгөө нам нь  зөрүүлээд манай нэг сай­даар оролдож тоглох мая­гаар энэ улс төр цаашид явах юм уу гэж. Зарим хэв­лэлээр С.Баярцогт сайдаар МАН-ынхан эргүүлээд орол­доно гэсэн мэдээл­лүүд явж байсан. Ийм барьцаалсан хандлага парламент дотор илэрч байна уу. Эсвэл зүгээр л нэг хэвлэлийнхний таамаг юм уу?

-Тийм, бас үгүй гэж хэлж бол­но. Одоо та бид хоёрын ярилц­лага өгч байгаа энэ цаг хугацааг харъя л даа. Одоо УИХ-ын дараагийн сонгууль болоход нэг жил л үлдчихсэн байгаа. Манай сонгуулийн тог­толцоо маань өөрөө хувь хү­мүүсийн популизм дээр маш их суурилж сонгогчдын сана­лыг хуваадаг. Одоо миний бол­гоомжилж байгаа зүйл Мон­голын төр энэ үлдэж бай­гаа нэг жилийн хугацаанд дээрх хэлбэрийн популиз­муу­дыг хэрхэн тэсвэрлэж гарах бол гэдэг асуудал. Одоо ин­гээд хар даа. Малчдын зээ­лийг бүгдийг нь төр хариуцдаг байя гэдэг санал ороод ирлээ. Хуу­чин бидний том том жишээ­нүүд байна ш дээ. ХЗХ-ны бүх ачааг төр үүрсэн. Хэдхэн хүний хийсэн хариуц­лагагүй ялыг төр үүрсэн. Дээрээс нь хувийн арилжааны банк дампуурсны бүх хариуц­лагыг төр үүрээд явж байгаа. Ямааны асуудал гээд ороод ирэхэд л бид тө­рөөрөө үү­рүүл­дэг. Одоо малч­дын тавьсан бүх өрийг  даах гэж байх шиг байна. Энэ бүх популизмыг Монголын төр өөрөө эргээд даах уу. Энэ их хариуцлагагүй популизмын төлөө Монголын төр хичнээн их хөрөнгө гаргав. Энэ асуулт­даа бид зайлшгүй хариулт өгөх шаардлага гарч байна шүү дээ. Тийм учраас сонгуу­лийн тогтолцооны өөрчлөл­тийг хийхгүй бол нөгөө л 76 тойрог дээр, нөгөө л аймаг, жалга до­вон дээр очиж санал авдаг гишүүдийн популизмын тог­лолтод Монголын төр өөрөө тэсэхгүй байдалд хүрээд бай­на. Энэ  эмгэнэл биш үү. Энэ рүү­гээ  анхаарлаа хандуул­маар байна шүү дээ.

-Нөгөө нам сонгуулийн хуу­лиа ер нь яаж ший­дэж бай­гаа юм бэ. Одоо болтол эцэс­лэж ший­дээгүй байна уу?


-Яахав ажлын хэсгийн ги­шүүний хувьд бүх тогооных нь юмыг янзлаад, хуулийнхаа үг үсгийн төвшин дээр  ажиллаж байгаа хүний хувьд ямар ч байсан сайн хууль батлаг­даад гарчих нь дээ гэсэн хувь хүний итгэл найдвар бол байна. Гэхдээ эргээд том тогтолцоо­ны асуудал дээр бид на­маа сонгох уу, хүнээ сонгох уу гэдэг ч юмуу том асуудлууд дээр  хүссэн ч, хүсээгүй ч улс төрийн шийд­вэр, улс тө­рийн зориг гаргах л асуудал шүү дээ. Энэ дээр санаа зовж л байна. Гэхдээ эрхбиш  монгол хүн байна даа гэдэг шиг Монгол Улсын  төр байна даа бас нэг төрөө бодсон шийд­вэр гаргачих болов уу гэсэн өөдрөг бодол тээгээд л явж байна. Хэдхэн жилийн өмнө л бид одоогийн­хоос 10 дахин бага төсөв ярьдаг бай­сан. Одоо хэмжээ нь яаж том­ров. Энэ их хөрөнгийг дахиад л 76 жалга руугаа татах, энэ уралдаанд хэн нь овсгоотой вэ гэдгээ харуулах гэсэн  ийм байдлаар улс орныхоо хөгж­лийг тарам­дуулж явах юм бол бид хаа хүрэх юм. 200-хан өрх рүү хоёр гурван тэрбум төгрөг үрээд цахилгаан татаж байна. Тэнд нь бас сургууль, эмнэлэг байгуулах ёстой гэсэн дэндүү үрэлгэн хэлбэрээр явж байна шүү дээ. Тэгээд ийм юм хийс­нээ­рээ УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө ажлыг дүгнүүлж байна. Эргэж мандатаа олж авч байна. Тогтолцоо маань сууриараа ингэж буруу яваад байна. Тийм учраас энд төв дээр байгаа шийдвэр гаргаг­чид нь Монгол орныхоо хөгж­лийн бодлогыг, цогцоор нь нэг мөр хардаг ийм тогтолцоотой, тэр эмнэлэг, сургууль, цэцэр­лэ­гээ орон нутгийн иргэд нь өөрс­дөө шийддэг эрүүл тог­тол­цоо руу орохгүй бол болох­гүй нь. Энийгээ л бид шийд­­мээр байна. Тогтол­цоогоо зөв хийж авахгүй бол ахиад л юм энэ байдлаараа явна.

-Түрүүн Д.Зоригт сай­дын асуулт дээр нэг зүйл дутуу орхичихож. Ер нь яагаад Засгийн газ­рын нэг сайдын асуу­дал хоёр удаа босч ирэв ээ. Улс төрд шинэхэн нам­тар­тай, нас нь залуу, эрч хүч­тэй  хүнд гол тулгуур яа­мыг атгуул­сантай холбоо­той, нэг  байдаг л хувь заяа­ны атаархал дээр суурил­сан юм яваад байна уу. Эсвэл олонхи улстөрч, зарим сэ­хээтнүүдийн ярьж байгаа хувийнх нь зан төлөвт эг­дүүцсэн эгдүүцлээс улбаа­тай юу. Энгийн үгээр хэлэ­хэд сайдыг их өөрч­лөгдсөн гэж ярих юм билээ?

-Би бол арай өөр өнцгөөс нь харж байгаа. Засагтай асуу­дал ярихыг хүсвэл мэ­дээж хам­гийн асуудалтай байгаа хэсэг рүү нь л явах ёстой ш дээ. Үнэхээр түлш, эрчим хүч гэдэг салбар бол өөрөө бас олон асуудалтай салбар мөн үү гэвэл мөн. Үнэхээр проблем байгаа юу гэвэл байгаа. Эр­гээд улс төрд 20 жил явсан түү­хээ харъя. Асуудал ойлгомж­той шүү дээ. Онилбол хамгийн асуудал ихтэй салбар тол­гойлж байгаа сайдыг л онил­дог. Энэ чинь бараг хүний бай­га­лийн инс­тинкт  биз дээ. Тэгэхээр зө­рөөд нөгөө хүчин хариу реакц үзүүлж таарна. Юм ингэж л явна. Гол агуул­гаар нь хар даа. Яах аргагүй зарчим алдагдаж эхэлж бай­гаа байхгүй юу. Нөгөө асуу­далтай байгаа салбар чухал уу, АН-ыг төлөөлж ажиллаж байгаа сайд нь чухал уу гээд ингээд буруу зарчим руугаа эргэх л тоглоом. Та түрүүн С.Баяр­цогт гэж онцолж асууж байх шиг байна лээ. Манай зургаан сайд засагт  байгаа. Алин руу нь ч асуудал тавихыг үгүйс­гэхгүй. Ингээд эхлэхээр энэ хамтарсан Засгийн газрын асуудал утгагүй болж эхэлнэ биз дээ. Танхимаас нь шүд сугалж байгаа юм шиг нэг нэг сайд сугалах тоглолт явагда­хад л ямар гинжин урвал үүсдэг билээ. Ямар зовлон төрд нүүрлэдэг билээ гэдгийг сэтгүүлчид та нар хамгийн сайн мэдэж байгаа. Улстөр­чид бид ч мэдэж байгаа. Энэ өөрөө тийм сүрхий нууц тоглоом биш шүү дээ. Ингээд л яваад байх юм уу. Хэн нэг гурван гишүүн нь гал асаах гэж оролддог. Тэ­рийг нь тойрч баахан хэрэлд­дэг. Үр дүнд нь төр ганхдаг. Улс төр ийм хэлбэрээр цаа­шаа яваад байх юм уу. Хоёр нам өөд өөдөөсөө харж сууж байгаад жинхэнэ улс төрийн­хөө байр байдал дээр үнэлэлт дүгнэлт өгөх юм уу. Ерөөсөө Засгийн газар хангалтгүй ажиллаж байна уу, ер нь юу нь болохгүй байна. Тэрийгээ ярья. Зарчимтай улс төр л хийе гээд байна шүү дээ. 

-Одоо ер нь та нар сал­бал яасан юм бэ. Салаад сон­гуульд орвол нө­гөө намын дотор үүсээд байгаа шинэ нөхцөл байдал дээр суурилсан ашигтай өрөг бэлэн тавигдчихаад байгаа юм биш үү?

-Яг таных шиг энэ байр суурийг манай намын нэг хэсэг гишүүн илэрхийлдэг. Нөгөө хэсэг гишүүн нь бас эсрэг байр суурь илэрхийлдэг. Улс үндэстнийхээ эрх ашиг гэдэг юмыг бодоцгооё оо. Ин­гэж хамтарч байх үедээ хийх­гүй бол хэзээ хийж цэгцлэх юм бэ гээд янз бүрийн л байр сууриуд байдаг. Улс төрийн намынх нь өөрийн оршин тогтнодог үндсэн зарчим юу юм бэ. Ялангуяа ийм ардчил­сан нийгэмд. Бид  шийдвэр гаргах байгууллага дээрээ олонхиороо сууж байгаад л шийдвэрээ гаргадаг. Хамгийн олон санал нь хаанаа гарч байна. Түүгээрээ шийдээд л явдаг. Өнөөдрийг хүртэл тэр шийдвэрийнхээ дагуу л ажиллаж байгаа.
-ҮЗХ ямар шийдвэр гар­гасан. Түүнийгээ л мөрд. Мөн биз дээ, таны хэлж байгаа зүйл?

-Ерөөсөө улс төрийн на­мын өөрийнх нь зарчим тэр ш дээ. Би нөгөө нам дээр ч гэсэн тийм байдаг болов уу гэж бо­дож байна. Өнөөдөр бид   АН-ын ҮЗХ-ны баталсан хамтар­сан засагт ороод энэ улс орны төлөө ажиллаадах, тодорхой үр дүн гаргаадах гэсэн шийд­вэрт л захирагдаад явж байгаа. 

-Ерөнхийдөө айлын гэ­рийн доторхи түжигнээн ашигтай улс төр хийх бэлэн өрөг бий болго­чих­лоо. Хэ­дийгээр Ард­мын нам хүчтэй хувааг­дал явагдахгүй гэж тайлбарлаж байгаа ч цаашаа тэдний доторхи дажин өргөснө. Улстөр­чийнхөө хувьд энэ та­лаас  нь ярих сонирхол танд алга уу?

-Би бусдын дотоод асууд­лын талаар элдвийг яриад байх дургүй. Гэхдээ бүх про­цесс дунд явсан хүнийхээ хувьд эргээд ажиглахад хуучин эднийх чинь (МАХН) 80 жил нэг цул явлаа шүү дээ. Нийт урсгалаараа маш бол том ма­шин байсан. Бид бол бүх юмыг шинээр эхэлсэн. 20 жилийн өмнө “0”-ээс эхэлсэн. Шинээр төвхнөсөн болохоор энэ бүх зовлон жаргал, ху­вааг­дал, са­лалт, нийлэлт, ялалт ялаг­дал бүх юмны дундуур бид явсан байхгүй юу. Бүх зовлонг нь үзсэн.

Цаг хугацааны эрхээр нөгөө цул явсан хүчин маань бид нарын өнгөрсөн 20 жил явж ирсэн тэр юмны дундуур одоо орж ирж байгаа байхгүй юу. Яг энэ утгаараа АН улс төрийнхөө институцын хувьд, төлөвшлийнхөө хувьд, хал үзсэнийхээ хувьд, туршлагын­хаа хувьд Ардын намын арай урд нь явж байгаа. Бид бол бараг өөрсдийн туулж ирснээ­рээ улс төрийн намын сурах бичиг зохиочихсон хүмүүс шүү дээ.  Энэ сурах бичгийг ашиг­лаад өөрийнхөө дотоод нөх­цөл байдлыг үнэлээд нөгөө нам маань бид нарын 20 жил туулсан замыг хоёр жил туу­лах нь уу. Эсвэл арай илүү хэ­дэн жилийг туулах нь уу гэдэг бол тэдний асуудал. Төлөвш­лийн­хөө хувьд бол өнөөдөр АН, МАН-ынхаа урд нь явж байгаа. Тийм учраас манай нам асууд­лаа илүү нээлттэй ярьдаг, хоо­рондоо үзэл бод­лын­­хоо зөрүүг илүү хурц хэлбэрээр илэр­хийлж, зөв шийдлийг гар­гаж ирж чаддаг. Ойлголцол, нэгдэл нягтралын төлөөх энэ бүх процессуудын дараа байр суу­рин дээрээ нэгдэх чадва­раа­раа бол АН хамаагүй илүү улс төрийн төлөвшилтэй нам. Энэ бол манай илүү тал юм даа.

-Айлын дотоод зовлон­гийн талаар түншиж асуусан юм уг нь. Та бол ерөөсөө хүссэн хариултыг минь өгөхгүй байна. Цэвэрхэн бултаад л онолын улс төр яриад байна. Хамтарсан засагт байх тохиолдолд  ийм л  байх ёстой юу?

-Айл гэр дээр ч гэсэн амьд­рал адилхан шүү дээ. Амьдрал үүслээ, замынхаа дунд асуу­дал хурцадлаа. Хоёр л арга зам байдаг биз дээ. Нэг бол асуудлынхаа ард шийдээд л гардаг.  Нэг бол хоёр тийшээ л явдаг ш дээ. Өнөөдөр бид гурван жилийн өмнө гаргасан тэр шийдвэрийнхээ дагуу урагшаа явахын төлөө эцсийн­хээ бололцоотой бүх аргыг хэрэглэх ёстой л гэж би жишээ нь үзэж байна. Энэ бүх юм нь явахгүй нь ээ. Одоо тоглоомын дүрэм нь өөр болчихлоо. Одоо ойлголцол байхгүй гэвэл тэгээд  нөгөө талд асуудал шийдэх ийм л юм байгаа ш дээ. Тэрийгээ хаана хаанаа зарчимтай л гаргая гэж байгаа юм. Тэрнээс биш энд тэнд үсэрсэн очноос гал  авалцаж өөрсдөө асцгаах юм бол тэр нь өөрөө зарчимгүй, утгагүй, улс орондоо ашиггүй улс төр болох юм болов уу.

-Ж.Энхбаяр гишүүн жи­шээлбэл Д.Зоригт сай­дын асуудал дээр  нэг тийм залуу насан дээр нь суурилсан хамгаалал­тын  үг  хэлсэн бай­на лээ. Тийм сүрхий юм бол тэр Ц.Нямдорж, Н.Алтан­хуяг гэсэн арха­гуудыг огц­руулъя гээд ороод ир л дээ гэх маягаар. Эн­дээс жишээ нь ямар нэг зарчим хараг­дахгүй байгаа биз дээ?

-Сүүлийн үед залуу гэдэг юмыг тойрсон хоёрын хооронд хөнгөн яриа хэл их явдаг бол­сон юм шиг. Гэхдээ Монго­лынхоо улс төрийг бод доо. Гаднынхантай харьцуул. Би зүгээр залуучуудын бай­гууллагын удирдагч байхдаа Солонгосын залуучуудын байгууллагын удирдагчтай уулзаж байснаа дурсая л даа. Би тэдний залуучуудын бай­гууллагын удирдагч гээд 70 нас­тай өвгөн хүнтэй уулзаж бай­сан байхгүй юу. Бусад ул­сын парламентынх нь дундаж нас хэд байна. Монгол шиг ийм залуу парламенттай орон байна уу. Манайх бол харь­цангуй дэндүү залуу улстөрч­дийг парламентдаа оруулж байгаа орон байхгүй юу.

-Та бол одоо хэт залууд орохгүй биз дээ?


-Би бол хүссэн хүсээгүй энэ тогоон дотор бараг 20 жил явж байна ш дээ. Тэр утгаар нь залуу гэж хэлж байгаа хү­мүүст би баярладаг. Аятайхан комплемент гэж ойлгодог.

-40 нас гараад явж байгаа төдий л биз дээ?


-Насаа яг тоогоор нь хэлэх ч хаашаа юм бэ дээ.

-Наадах чинь эмэгтэй­чүүд дээр л яригддаг зүйл ?


-Тэгвэл хэлье ээ. Би 42 настай.

-Ерөнхийлөгчөөс зургаа л дүү юм байна?


-Тэгэхээр манай Ерөнхий­лөгч залуухан байгаа биз.

-Хамтарсан засагт ажил­лаж байгаа хүмүүс илүү зовлон амсдаг л даа. Илүү нэр төрийн хохирол амсдаг. Илүү сэтгэл санааны дарамт туулдаг. Тэр утгаараа та нар руу нэлээд л юм чулуудаж байх шиг харагддаг. Хам­гийн сүүлд ямар билээ шүү­хээр буудуулах 15 хүний нэгээр тодорсон байсан. Ямар сэтгэгдэл төрдөг юм байна?


-Ямар сэтгэгдэл төрөх вэ дээ. Манай АН-ын үндсэндээ засагт ажиллаж байгаа бараг бүх сайдыг оруулчихсан бай­сан. УИХ-ын дарга, дэд дарга нар орчихсон байсан. Монгол Улсын баатар маань орчихсон байна. Дээрээс нь би. Хэрвээ би УИХ-ын сул гишүүн Сай­хан­билэг байсан бол тэнд орохгүй л дээ. Өнөөдөр ямар ч байсан АН-ын 27 гишүүний төлөө ин­гээд үүрэг хариуцлага хүлээ­гээд ажиллаад явж байгаа хүний хувьд, бүлгийн ахлаг­чийн хувьд бол тэнд онилог­доод л орчихсон байна лээ. Цэвэр улс төрийн нүдээр л би харж байгаа юм. Тэрнээс биш олигархи гэдэг сонгодог утгаар нь харах бололцоогүй юм билээ. Энэ бол цэвэр улс төр шүү дээ.

-Ер нь таныг хөрөнгөтэй чинээтэй болчихсон овсгоо­той хүний нэг гэж ярьдаг. Гэхдээ 15 олигархийн нэг гээд харахаар ил бол эхнэрийн тань салоноос өөр юм харагддаггүй. Ерөнхий­дөө бол та хүнээс гуйхгүй, улсаас хулгай хийхгүйгээр явчих эдийн засгийн хүчтэй хүн биз дээ?

-Хувийнхаа амьдралыг зохицуулаагүй хүн улс төрийн амьдрал зохицуулна гэдэг үлгэр л дээ. Би өөрийн гэр бүлийн өмнө хүлээсэн үүргээ давгүй биелүүлж яваа хүн байх. Хүүхдүүдийхээ боловс­рол, гэр орны бусад асуудалд бусдаас дэмжлэг туслалцаа аваад байдаггүй. Өдөрт яаж ч идээд гурваас илүү удаа идэж чадах­гүй. Яаж ч арын хаалга­даад монголчуудын дундаж наснаас илүү наслахгүй. Би хэдэн саяар нь, тэрбумаар нь хурааж цуг­луу­лах гээд яваа хүмүүсийг хувь хүнийхээ хувьд  ойлгодог­гүй. Хүн өөрийн өдөр тутмын ухаалаг хэрэглээгээ хангаж чадаж байхад л хан­галттай гэж үздэг. Хүүхдүүддээ бол би мөн­гө төгрөг үлдээхгүй. Хүүх­дүүд­дээ  боловсролыг нь л үлдээнэ.

-Та эхнэрийнхээ сало­ноор үйлчлүүлдэг үү?

-Яасан. Одоо Сайхан­би­лэгийн хувийн амьдрал гэдэг сэдэв рүү орж байгаа юм уу.

-Аль түрүүн орчихсон?

-Тийм үү. (инээв)Загасчны морь усгүй гэдэгтэй адил даа. Хүсэл бол их л байдаг. Хааяа орж массаж хийлгэх дуртай. Тэрнээс илүү гарахгүй юм. Би нэг их мундаг гоо сайхан, хумс хуруу гэж явдаггүй л дээ.

-Таны гэргий Байгаль бол манай загварын ертөн­цийн нэгэн үеийн алдартай топ моделиудын нэг. Бас кино, тайз дэлгэцийн урлагт хүчээ сорьж байсан чадвар­лаг жүжигчин.  Та тэр хүнийг бүх юмнаас нь холдуул­чихжээ дээ. Тэр танд хааяа энэ талаар гомдоллодог уу?


-Би бол тэгж хэлэхгүй.  Намайг сайд байхад хүртэл манай эхнэр кинондоо тоглоод л явж байсан. Одоогийн амьд­ралынх нь хэв маягийн тухайд ерөнхийдөө өөрийнх нь гарга­сан шийдвэр л дээ. Манай хүнийг зодог тайлах гэдэг юм уу даа урлагийн амьдралаасаа холдох шийдвэрийг гаргах үед драм өөрөө уналтын үед бай­сан. Үзэгчгүй болчихсон. Тэ­гээд л би ер нь ингэж байж болохгүй юм байна. Гэр орноо авч явах, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх тал дээр илүү анхаарлаа хандуулъя, өөртөө тохирсон бизнес эрхэлье гэдэг шийдвэрийг гаргасан байх. Шийд­вэр нь өөрийнх нь бай­сан. Би эхнэрийгээ эзэмшсэн мэргэжлийнх нь хувьд нүцгэ­лэх, үнсэлцэх, өөр бусад юу байдаг юм тэр жүжигчнийх нь хийдэг хамгийн хязгаарын юм­нууд дээр ч хэзээ ч хориг тавьж байгаагүй. Энэ бол тэр хүний мэр­гэжил. Тийм боло­хоор ма­най хүн ажлаа чөлөө­тэй хийж бай­сан байх. Залуу насаа дэл­гэц­нээ мөнхөлсөн зөндөө олон сайхан дүрүүд нь байж бай­на. Нэг их эргэж харж ха­рамсдаггүй болов уу гэж бод­дог. Ер нь манай гэрт нэг дүрэм байдаг. Би жишээлбэл урлаг уран сайхан, гоо сайхны ертөн­цийн талаар тэг, ингэ гэж эхнэр­тэйгээ юу ч ярьдаггүй. Манай эхнэр надтай улс төр ярьдаггүй.

-Та хоёр манай хотын гоё хосын нэг. Тэр утгаараа сонин сэтгүүлийн байнгын анхааралд байдаг байх. Таныг эмэгтэйчүүдтэй хааяа холбосон харагддаг?


-Бид хоёр ханилаад бараг 20-иод жил болох гэж байна. Дөнгөж суугаад залуу халуун байхад хүн л юм чинь хүндээр хүлээж авах тиймэрхүү үеүд бол байсан. Элдэв ярианд орох бол дөнгөж сая гарч ирсэн асуудал биш ш дээ. Би тоглоомоор ярьдаг байхгүй юу. Залуу насаа би дөнгөж сур­гууль төгсч ирээд л алдчихсан гэж. Хамгийн анх залуучуудын холбоонд ажиллаж байхдаа телевизэд орж “Агшин” нэвт­рүүлгийг хөтөлж эхлээд л нүүр маань илүү их паблик тал руу­гаа орчихсон. Жирийн залуу шиг дуртай шөнийн клуб рүү­гээ орж өөрийнхөө хүссэнээр бүжиглэж ч чаддаггүй. Хүмүү­сийн хэлдэг шиг дурын бай­шин орц энэ тэрээр хэсээд яваад байх бололцоогүй. Эс­вэл хэн нэгэн өөрт таалагдсан охиныг аваад олон нийтийн газар хамт суух тийм ч эрх байхгүй. Энэ бүх зүйлээ би 21 насандаа алдчихсан байхгүй юу. Яахав миний өөрийн сон­гож авсан амьдрал. Тэрэндээ би харамсдаггүй.

-Хамгийн сүүлд энэ оны “Дэлхийн мисс”-д өрсөлд­сөн А.Сарнай гэдэг эмэгтэй­тэй хайр сэтгэлийн холбоо­той гэх мэдээлэл цацагдсан  байсан?

-Зөндөө хүмүүстэй холбо­дог юм аа. Сонины нэгдүгээр нүүрэнд энэ сэдвээр зөндөө л гарч байсан. Зөндөө л юмны дундуур явж байсан. Амьдрал гэдэг юм чинь ойлголцол, ит­гэл­цэл дээр л явна уу гэхээс биш зарим хэвлэлийнхний гүжирддэг сэдвээр хөөцөл­дөөд явах юм бол аль хэдийнэ хоёр тийшээ болчих юм зөн­дөө л байсан. Нэг ёсондоо ма­най гэр бүлд дархлаа суусан гэж хэлж болно.

-Тийм ч биз дээ. Цаг гаргасанд баярлалаа. Танд амжилт хүсье?

-Баярлалаа.
www.ganchimeg.niitlelch.mn
2011/05/16