Thursday 27 September 2012

Т.Эрдэнэчулуун: Машины загвар зохиох нь яг л уран баримал бүтээхтэй адил


0150
Цаана чинь монгол залуу францын тансаг хөлгүүдийг бүтээж, автомашины акул компанийг амьдруулж явна. Т.Эрдэнэчулуун автомашин үйлдвэрлэгч Францын алдарт “Ренаулт” компанид дизайнераар ажиллаж, бүтээсэн шинэ загварууд нь дэлхийн авто машины зах зээлд тун ч нэр хүндтэй явна. Тэрээр олон улсад Эрдэ гэдэг нэрээрээ алдаршсан байна.

Эрдэ арав гаруй жилийн турш Ренаулт компаний франц, бразиль, солонгос, испани, румин дэх салбарт ажиллан брэндийн машинуудын загварыг гаргаж байжээ. Түүний хамгийн сүүлд бүтээсэн загвар нь Renault Duster SUV хэмээх тансаг хөлөг аж.

41 настай Т.Эрдэнэчулуун 1971 оны наймдугаар сарын 23-нд Улаанбаатарт төрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөний дараа Политехникийн их сургуульд суралцаж 1989 онд төгсчээ. Эрдэ энэ ондоо Чарлезын их сургуульд философийн чиглэлээр сурахаар Прагт очсон байна. Тэрээр 1999-2000 онд англид очиж “Ковентри” дизайны сургуульд сурчээ. Эрдэ Францын алдарт Ренаулт компанид 2001 оноос ажиллах болсноор мэргэжлийн карьераа эхлүүлсэн юм. Тэрээр компанид ажиллах эрхээ машины загварын тэмцээнд түрүүлэн олж авсан юм байна.

Эрдэ Тунгаагийн хамгийн сүүлд зохиосон машин Renault Duster SUV хийгээд мэргэжил, машины загварын хандлагын тухай гадны хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

0150-Зах зээлд маш амжилттай борлогдож буй Renault Duster-ын загварыг та бүтээсэн. Загварын санаагаа яаж бодож олсон бэ?  
- Дастерын дизайныг гаргах үйл явц төлөвлөсний дагуу явагдсан. Дизайны мэргэжлийн студынхэн загварын хувьд найман сонголт санал болгосон. Тэднээс дөрвийг нь л сонгож, үлдсэн дөрвийг детальчилсан байдлаар маш нарийн судалсаны эцэст шилдэг хоёр төслийг нь шалгаруулсан. Тэгээд л миний төсөл ялсан.
Манай багийнхан нэг талаас хүн бүр хэрэглэж ямар ч хэрэгцээнд хэрэглэж болохуйц машин бүтээхийг зорьсон юм. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд олон тооны бүрэлдэхүүн хэсгүүдийг холбох хэрэг гарсан. Техникийн хүчин зүйлийн хувьд бид Дастерын дугуйн суурийг урт бүтээхийг хүссэн. Гэтэл үр дүн нь машины урт 4.31 м, өргөн 1.82 м болсон.

0150- Renault Duster SUV-ын онцлог нь юу вэ?
-Машины урд хэсэгт хром сараалжин хаалт, моторын хавхаг байрладаг. Duster SUV-г гаднаас нь таних гол онцлог нь энэ. Дастерын бас нэг онцлог нь ямар ч хэрэглээнд тохиромжтой. Мөн бид хамгаалалтын хэсэгт жолоочийг ямар ч төрлийн замд айж сандрахгүй явахад туслах олон хүчин зүйлүүдийг нэмсэн. Хэдийгээр эзнийг нь айдас мэдрэхгүй байхаар загварыг нь зохиосон ч зогсоолд орхиход машин маш үнэтэй харагддаг учраас юу ч болж магадгүй гэдэгт л санаа зовсон. /инээв/.

-Та машины загвар бүтээхдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Машин бол яг л уран баримал шиг. Машины дизайныг гаргахад яг л уран баримал хийж байгаа мэт үе давхарга тус бүрээр нь ажилладаг. Тиймээс шинэ машины загварыг маш уян хатан бодлогоор гаргах ёстой. Нэг л шийдсэн бол зөвхөн тэр зүгрүү гэж зүтгэх ёсгүй. Эхлээд машины дизайны гол зорилгыг биелүүлээд, дараа нь детальчилсан хэсгүүдэд анхаарах хэрэгтэй.

0150-Машины дизайныг бүтээхдээ дизайнерууд бие биеэсээ суралцдаг байх. Таны хувьд өөрийгөө хэнтэй жиших вэ?
-Одоо ажиллаж буй компанид маань олон чадварлаг дизайнер зөвхөн машины загвар төдийгүй онгоцны загвар бүтээж байна. Миний бодлоор би Италийн машины загвар зохион бүтээгчидтэй ижил түвшнийх. Би 1970-аад оны италийн төмөр хөлгүүдийг хараад өөрийн эрхгүй татагддаг. Тэднээс сурах зүйл их бий.

-Таны бодлоор авто машины загварын ханлагыг ямар компани тогтоож байна?
-1970-80 оны машинууд загварын хандлагыг амархан тодорхойлж чадна. Гэвч хоолны амтаас эхлээд олон зүйлүүд өөрчлөгдөж буй өнөө үед машины дизайн маш хурдан өөрчлөгдөж байна. Өнөө үед машины загварын нэг хүчтэй хандлага байх боломжгүй, харин ч эсрэгээрээ маш олон хандлага байх ёстой. Ирээдүйд бидний ажил загварын хандлагын шилдэг нь байгаасай гэж хүсдэг.

-Та ойрын ирээдүйд юу хийхээр төлөвлөж байна?
-Миний бүх төлөвлөгөө ажиллаж байгаа газартай маань холбоотой. Маш олон машины загварын төслүүд байгаа. Тиймээс өөр төлөвлөгөө бодох зав алга даа.

Түүний Ренаулт Дастер машинаа танилцуулж буй бичлэгийн энд дарж үзнэ үү.
01500150
01500150
01500150
01500150
01500150

Д.Отгонбаяр: ”Дэнжийн 1000”-ын хогон дээрээс “Нулимсаа тэвчье” дууныхаа үгийг олж байлаа


IMG_8899“Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр өөрийн бие даасан “Чи минь байгаа болохоор” тоглолтоо ирэх сарын 12, 13-нд хийх гэж байгаа. Тоглолтын өмнөхөн түүнтэй уулзаж хорин жилийн түүх дурсамжаас нь хуваалцлаа.

-      Монголын урлагт 20 жил сэтгэл зүрхээ зориулсаны эцэст чухам хэн болон төлөвшиж, хэр их зүйл амжуулсан байна вэ?
Урлагт 20 жил зүтгэлээ. Одоо уран бүтээлийн тоглолт хийх цаг нь болсон гэж байгаа юм биш. Өнгөрсөн 20 жил бол миний туулж ирсэн амьдрал. 1992 онд рок попын босгыг давж  орсноос хойших энэ бүх хугацаанд би хүн болж төлөвшсөн байна.  Зөв хүн болж төлөвшихөд урлагийн маань ач гавьяа нөлөөлсөн юм болов уу. Би өөрийгөө зөв хүн гэж бодож явдаг. Тийм ч учраас олон жил найзалсан уран бүтээлч найз нөхөд маань одоо ч гэсэн миний дэргэд байгаа юм.  Анх рок поп урлагт орохдоо яг 20 жилийн дараа уран бүтээлийн тоглолт тавина гэж товлосон юм ер байхгүй. “Хурд” хамтлагтаа ороод уран бүтээл туурвиж яваад рок попын найзуудтайгаа нөхөрлөсөн. Түүнээс би өөрийн дуугаа “Миний хүч чадлын юм” гэж өмчлөөгүй. Энэ ганцхан миний ажил биш. Олон хүний зүрх сэтгэл хөдөлмөр нийлж байж бүтээл гардаг юм. Өнгөрсөн үедүүдэд багагүй уран бүтээл хийсэн байна. Хийсэн бүтээснээ нэг цогц альбом болгох юмсан гэсэн бодол төрөөд 4, 5 жил боллоо. Үүнийг маань манай on’n оff продакшны захирал Ононбат дэмжсэн. Уран бүтээлийн тоглолт хийгээч гэж тэр надад хэлсэн юм. Нилээдгүй уран бүтээл хамтраад хийсэн байна. Чи үүнийг нэг бодож үзээрэй гэж Ононбат маань хэлсэн. Тэгээд бодсоор байтал таван жил болчихдог юм байна. Дараа жил манай “Хурд” хамтлагийн 20 жилийн ой болно. Тэгэхээр хорин жилийн ойгоо угтаад миний уран бүтээлийн тоглолтыг тавьж байна.

-     “Хурд” хамтлагийн тоглолт, “Хурд”-ын гитарчин Д.Отгонбаяр хоёрын тоглолт юугаараа ялгаатай вэ?

Онцлог ялгаа ихтэй.  Тоглолт хоёр хэсэгтэй. Рок попын алдартнуудтайгаа нийлж нэгдүгээр хэсгээ тоглоно. Бид нийлж нэг тайзан дээр тоглох нь ховор байдаг. энгийн үед бид долоо хоногтоо хоёр гурван удаа уулздаг. Тайзан дээр эд нартайгаа нийлж тоглох нь миний хувьд нэр төрийн хэрэг. Эхний хэсэгт поп дуунууд орсон байгаа. Жишээ нь Сэрчмаагийн “Хаа ч цуг дурлал”, Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул дурлал минь”, Сараагийн “Хамаг Монгол” “Чи минийх”, Sweetymotion “Хайр хүн бүхний зүрхэнд байдаг” “Би чамд хайртай”, “Номин талст” ”Зүүдэнд ирэх жаргал” “Би гэртээ”, Чоно хамтлаг “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” “Чамд таалагдахын тулд”, Анхаа Халиунаа хоёрын “Чи хэвээрээ” гэх мэтчилэн дуунуудыг нэг дор тоглох нь бас нэг өвөрмөц үзүүлбэр байгаа. Үүний араас “Хурд” хамтлаг миний зохиосон “Чи минь байгаа болохоор” “Чимээгүй ирэх дурлал” “Ханьдаа дуулъя” зэрэг дууг дуулна. Нэг дор маш олон хит дуунууд дуулагдахаараа онцлогтой. Эхний хэсэгтээ би рок попын залуу хөгжимчидтэй тоглоно.

-      Отгонбаяр гэдэг хүнийг тодорхойлох юу гарах вэ?

 Мэдээж гитар. Харангын Энхманлай ах, Өөжгий бид гурав нэг гоцлол тоглоно. Тоглолт болох хоёр өдөр бол миний ертөнц байх болно. Миний бодол сэтгэл зүрхийг илүү их мэдрэх болов уу. Монголын хөгжмийн өнгийг тодорхойлж байгаа гурван гитарчин нэг дор тоглоно гэдэг бас ховорхон. Арван жилийн өмнө би Ц.Энхманлай ахтайгаа хамт тоглож байсан.

     Чухам яагаад рок урлагийг сонгосон юм?
 Миний ах Д.Ганбаяр намайг хөгжимчин болгох ая дуу зохиох, рок попын урлагт хайртай болгох эхлэлийг тавьж өгсөн. Гитар тоглох анхны мэдэгдэхүүнийг зааж өгсөн. Би хичээлд их дургүй хүүхэд байсан. Яавал энэ хичээлд суухгүй өнжих вэ? гэсэн бодол л толгойд эргэлддэг байлаа. Яагаад гэхээр би хөгжим тогломоор байдаг байсан. Хөгжмийн өрөөгөөр шагайхаар цахилгаан хөгжим барьсан хүүхдүүд харагддаг. Ийшээ л орчих юм бол хичээлдээ суухгүй дээрээс нь дуртай зүйлээ хийнэ гэж боддог байлаа. Би ангийхаа ширээг их нүддэг хүүхэд байсан. Тэгсэн манай хөгжмийн багш Чүлтэмдорж намайг олж хараад хөгжмийн анги руугаа дагуулж орсон. Надаас “Чи юу чаддаг юм” гэж асуусан. Би тоглож чаддаг гэж хариулсан. Багш “Чи тоглоодох” гэсэн. Би гитар тоглоод багшдаа шалгуулсан. Намайг маргааш 8 цагт ирээрэй гэсэн. Тэгээд л маргаашнаас нь эхлээд 30-р сургуулийн хөгжмийн ангид орсон. Тэр цаг мөчөөс би гитар хөгжмөөс нэг ч холдолгүй өнөөг хүрсэн байна. Би өөрийгөө азтай хүн гэж боддог.

-      Урлаг хүнийг хүмүүжүүлэх үүрэгтэй. Хүмүүс рок урлагийг буруу зүйлд уриалдаг гэж үздэг?
Хүмүүс миний тоглосон хөгжмийг сонсоод их уярч  ухаарал олж авдаг болов уу гэж боддог. Урлаг хүнд амьдрал, аз жаргал, хайрыг өгдөг. Үүний үр дүнд хүн эрч хүчтэй, амьдрах итгэлтэй болох хэрэгтэй, хань ижил үр хүүхэддээ маш их хайртай байх хэрэгтэй. Миний зохиосон “Чи минь байгаа болохоор” дуу их буянтай дуу гэж би боддог юм. Маш олон хүнийг хооронд нь учруулж өгсөн. Хосуудыг ам муруйсан үед эвлэрүүлж байсан. Рок хөгжим гэхээр урт үстэй, уранхай жинстэй, аймар мотоцикл унасан, дандаа хар хувцас өмсдөг, амаа боосон хүмүүсээр төсөөлж болохгүй. Рок хөгжим бол хар тамхи сонсож сагсуурч сонсдог урлаг биш юм. Энэ бол зөв амьдрах ухаан юм. Аливаа буруу зүйлийг шүүмжилж чаддаг урлаг. Нисванис хамтлагийн “Сургууль нураасай” гэдэг дууг би сонсоод эсрэгээр нь ойлгосон. Сургуульдаа дуртай байгаасай гэж байгаа юм. Европт боловсрол өндөртэй, соёлтой хүмүүс рок сонсдог юм шүү дээ. Огт утгагүй зүйлийг дэлхий нийтээрээ тоглоод, сонсоод байна гэж байхгүй.


-      Цаашид хэдэн жил гитараа тоглоё гэж бодож байна?
Одоо би 39 настай. Болоогүй байна шүү дээ. Ц.Энхманлай ах одоо ч тоглож л байна. Ц.Манлай ахын насанд хүртлээ тоглоно. Тэгээд цааш тэр хүн хэд хүртэл тоглоно би араас нь тоглоод л явна даа.

-      Ц.Энхманлай ахаас их үлгэр дууриалал авдаг юм аа даа?
Мэдээж. Манлай ах бол миний амин сүнс минь. Надад урам зориг, хийморь хайрладаг хүн. Бидний үеийн гитарчдыг хүмүүжүүлсэн хүн. Ц.Энхманлай ах бол аяыг үнэхээр сайхан зохиодог. Гитарыг мэдрэмжтай аялгуулаг тоглодог. Манлай ахын өнгө Монголд байхгүй. Гитарыг дэлхийд байхгүй өнгөтэй тоглодог.

-      Шинэ гарч ирж байгаа хамтлаг дуучдын бүтээлд ямар дүн тавих вэ?

Аливаа зүйлийг маш амархан хийдэг болсон байна. Шудрага хэлэхэд залуу хүүхдүүд сэтгэхгүй байна. Толгой нь ажиллахгүй байна. Залхуу байна. Яагаад хөдөлмөрлөхгүй байна. Гадныханыг ямар их дуурайж байна аа. Солонгос гэхээр хэлээ унжуулаад нохой шиг араас нь дагаад явах бололтой юм аа. Солонгос залуус шиг туяхан залуучууд ямар их бий болж байна аа. Бараг уруулаа будах нь ээ. Яасан муухай юм бэ?. Бааснуудыг сонсоод хаяна биз дээ. Тэр Монгол рок урлаг хаана байна аа. Монгол рок тэс өөр зүйл шүү дээ. Харанга, Хурд, Чингис хааныг сонсоорой. Цаанаа л Монгол аялгуу сонсогддог юм шүү дээ. Соёл-
Эрдэнийг сонсоод үз. Цусанд нь Монгол гэдэг зүйл байна. Үүнийг алдаж боломгүй юм. Эргэн тойрон солонгос хоолны газар, телевизийн суваг солино утгагүй солонгос кино. Ийм зүйл үзэж харж байгаа хүүхдүүд яаж Монгол ухаанаар хүмүүжих билээ. Үүний оронд хүнд ухаарал өгсөн  “Тунгалаг тамир” “Гарын таван хуруу” зэрэг киног давталттайгаар гаргаачээ. Гадны соёлыг даган дуурайж байгаад үнэхээр эмзэглэж байна.  Дэлхий нийтээрээ глобалчилагдаж байна. Америк маягаар амьдарцгаая гэж ярьж байна. Битгий солиор. Би Америк маягаар амьдарч чадахгүй. Би тэгэж амьдрахаар миний хойч үе яах юм. Саяхан би Заамарын хөндийгөөр тоглолтоор яваад ирлээ. Хүнийг хагалгаанд оруулаад тэр чигээр нь хаясан юм шиг л харагдаж байна. Хүн мөнгөнд дуртай байж болно. Алтанд дуртай байж болно. Тэглээ гээд дэлхийн хэвлийгээс Монголынхоо гагнаасыг салгаж авч Би өөрөө эх орны дуу олон зохиосон болоод ч тэр үү сэтгэл их эмзэглэсэн. 

-  

IMG_8899Шүлгийн ном унших дуртай гэж сонссон?
Шүлгийн их ном их уншдаг. Яруу найраг сонсдог. Болор цом жил бүр үздэг. Телевиз интернэт гэхээсээ илүү ном уншдаг.

  Та одоо хэдэн шавьтай болсон байна. “Хурд”, “Харанга”-ын хэмжээний хамтлаг хэдэн жилийн дараа гарч ирэх бол?
Хэцүү шүү дээ. Ур чадварын хувьд муу. Хүүхдүүдэд бүх зүйл нь бэлэн байх тусам залхуу байна. Залхуу гэдэг үгийг л хэлмээр байна. Урлагийн хүн бол тарчигхан, хэцүү хүнд байх тусмаа жаахан юм хийдэг юм шиг байгаа юм. Жаахан элбэг дэлбэг болоод ирэхээр оодордог юм шиг байгаа юм.

-    Та нар бол хэцүүг сөрж гарч ирсэн биз дээ?
 Бидний үед дэлгүүрт ороход бор давснаас өөр юу ч байддагүй байлаа. Бүх зүйл картны бараанд орсон. Манайх их олуулаа. Би өдөрт хоёр зүсэм талх идэх нормтой байсан. Тийм нийгэмд хүн амьдрах гээд зүтгэдэг юм. Тэр үед Дэнжийн 1000-ын хогон дээр тэнэж яваад “Нулимсаа тэвчье” дууны үгийг олж байсан юм. Саваагүйтэж яваад хүүхдийн дурсгалын дэвтэр олсон юм. Тэгээд тэр дэвтрээсээ “Нулимсаа тэвчье” дууны шүлгийг олж уншсан. Хогон дээрээс олсон шүлгээрээ сайхан дуу хийсэн. Өнөөг хүртэл ард түмэн сонсоод дуулаад л явж байна. Хүн амьдралд идэвхтэй хандах ёстой.
Т.Хулан

Tuesday 25 September 2012

З.Алтай: ”Зөв улс нийлээд шинэ нам байгуулж яагаад болохгүй гэж”

2008-2012 оны парламентын цорын ганц бие даагч гишүүн асан З.Алтайтай уулзан ярилцлаа. MN-25 дугаар суваг телевиздээ зөвлөх хийж байгаа экс гишүүн өнөөгийн парламентад байх ёстой хүн ч байна, өмнөөс нь ичмээр ч хүмүүс байна хэмээж суусан.


-Өнгөрсөн сонгуулиар тахимаа өгсөн хүмүүс голдуу амарч байх шиг байна. Та телевизийнхээ ажилд орчихож. Дөрвөн жилийн стресс ядаргаагаа тайлахгүй яагаа вэ?

-Би зун сайхан амарсан.Хөдөө гадаа явлаа, байгалийн сайханд таашаал их авлаа. Бас ард түмэнтэйгээ уулзаж амьдрал ахуйг нь давхар харж явлаа. Тэгээд ерөнхийдөө амрах цаг хугацаа гэж байхад дуусах хугацаа гэж байх ёстой. Одоо бол телевиздээ зөвлөх маягийн ажил хийж байна. Ер нь бол залуучуудад энэ телевизийн ажлыг өгөөд итгэл үзүүлээд, ачаа үүрүүлээд явъя гэж бодож байгаа. Би л чадна, би үүсгэн байгуулсан гээд буг чөтгөр болоод хүн амьтан загнаад, муухай сайхан хараад суумааргүй байна. Ийм байдлаас хаа хаанаа салмаар байна. Надаас өөр хүн чадахгүй, надаас өөр хүн барахгүй гэсэн сэтгэлгээг болих ёстой шүү дээ, тийм ээ. Энэ миний хувийн үзэл бодол боловч улстөрчид ч тийм байгаасай. Манай парламентын одоогийн байгаа бүтэц бүрэлдэхүүнийг харахаар нөгөө хэдэн аварга, арслан, партизанууд. Яасан ч залхдаггүй юм, яасан ч уйддаггүй юм, өөр хийх ажил байдаггүй юм уу. Ёстой нээрээ тэтгэвэртээ гартлаа новширно гэдэг шиг юм болж байна шүү дээ.

-Та тэтгэвэрт гарахад арай эрт байгаа юм биш үү. Та одоо яг ер нь юу хийх вэ?

-Телевизийн зөвлөх гэдэг ажил үргэлж өдөр тутмын ажилд нь ороод байлгүйгээр ерөнхий дүн ноён нурууг нь авч явах, бас нэг программын бодлого сүлжээ элдэв юманд нь хэрэг гарвал оролцох юм. Би бас хөгширчихөөгүй байна. Тэгээд ч оюун ухаан, уран бүтээлийн ажил гэдэг насны хязгаар заадаггүй шүү дээ. Сэтгэж, ургуулан бодож чадаж л байвал чи энд яваад байвал яваад л байдаг ийм л ажил. Өөрийгөө хөгжүүлэхгүй, боловсруулахгүй, мэдээ мэдээлэл авахгүй, өөрийн болгож үзэл бодолдоо төлөвшүүлэхгүй бол хэн ч биш болно. Тийм учраас уран бүтээлч хүн үхдэггүй, тэтгэвэрт гардаггүй юм аа л гэж хэлэх гээд байна.
 
АМАА ЗУУРТАЛ ЯРЬСНЫХАА ШАЛ ЭСРЭГ ЯВААД БАЙХ ЮМ
-Харин улстөрч хүн яах ёстой вэ. Та улстөрч биздээ?

-Улстөрч арай өөр л дөө. Олон жил яваад юмыг нэг зүг рүү л чиглүүлж хардаг, өөрөөр харж чадахаа больчихвол шууд л гарч чаддаг байх хэрэгтэй. Улс төр шинэчлэгдэж, шинэ цус сэлбэж байх ёстой газар. Тэгж байж бүх юм зөв сайхан л явах ёстой. Одоо бол манай улс төр, намын тогтолцоо гацаанд ороод түгжээ болчихлоо. Үндсэндээ энэ маягаар цаашаа явахгүй дээд цэгтээ тулсан. Гэтэл үүнийг явуулах гээд энэ маягаар зүтгээд байна гэдэг бол хамгийн буруу арга. Ялангуяа орон нутгийн сонгуулийн асуудал дээр улс төрийн намуудын маргаан мэтгэлцээн их байна. Уул нь Ардчилсан намын найз нартаа би “Дуусдаггүй яриа”-гаар олон удаа ярьсан даа. Амаа зууртал ярьсан. Ерөөсөө орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцохоо болъё, иргэдэд эрхийг нь өгье гэхэд туйлын зөв гэж бужигнаад байсан чинь одоо 180 градус эргэсэн давхиж явах юм. Хүнд төлөвшил, үзэл бодол, түүндээ үнэнч байх гэж юм бий. Бүх юмыг улс төр, ашиг хонжоогоор харах муу шүү дээ. 800 гаруйхан хүн амтай суманд улс төрийн квотоор 20-30 хувь нь нам дагаж орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Дэндүү гэхэд дэндүү юм хийх гэж байна.

ӨНӨӨХ ГОЗОГНОСОН ОЙМСНЫ ГАВЬЯА ШҮҮ ДЭЭ
-Өнөөгийн парламент олон намын болон иргэний нийгмийн төлөөлөл орсон ёстой урьд хожид байгаагүй онц сайн парламент боллоо гээд л өөрсдийгөө магтаад байна шүү дээ?

-Яахав ээ, нэг талаар гудамжных гэнэ. Бусад нам эвсэл хөдөлгөөний төлөөлөл орсон нь туйлын сайн гэж бодож байгаа. Өөрсдөө ч энэ их хэмжээгээрээ буюу арван нэгүүлээ ороод ирнэ гэж зүүдлээгүй байх. Энэ чинь өнөөх гозогносон оймстой хөлний ач гавьяа. Дээр нь хуучин МАХН-ын үнэнч фэнүүд байна. Энэ хоёроос л сонгуулийн үр дүн гарч арван нэгүүлээ ирлээ шүү дээ. Гарч ирэх ирэхдээ сайд, дарга болоод л. Түүндээ итгэж ядаад, үнэмшиж өгөхгүй толгойгоо сэгсрээд, хацар мацраа чимхэж үзээд л наян юм боллоо шүү дээ. Нэг талаараа парламентад орсон нь сайн. Нөгөө талаараа урьд нь төрийн алба хашиж байгаагүй, хийж байгаагүй тэр хэмжээний тэнхээ мэдлэг дутмаг, үзэл бодолдоо ч үнэнч биш намаас нам руу холбирч явдаг хэсэг бусаг хүмүүс айхтар сүрхий албан тушаалд тавигдчихлаа. Ийм эрээвэр хураавар нөхөд төр бариад “Монголын төр” гэж цээжээ балбаад явна гэдэг утгагүй л дээ. Энэ бол төр улам л хүчгүй болохын шинж. Ард түмэн өөрсдөө төрд гарсан улсуудад итгэл үнэмшил бий болж хүндэлж үнэхээр бололцооны сайхан, мундаг сайхан улс гарлаа даа. Овоо шүү дээ гэж байж л улс орон хөгжинө үү гэхээс биш ээ, хөөрхийдөө өөрөөс нь долоон дор мэдлэг, боловсролтой хүмүүс гараад ирэхээр юу гэж ойлгох вэ тийм ээ. Төр уул нь ард иргэдийнхээ төлөө санаа зовох ёстой байтал эргээд сонгогчид төрийнхөө төлөө санаа зовж эхэлж байна. Энэ хэд маань биднийг баллаад хаях вий. Ээ базарваань ямар гээч амьтдыг сонгочихвоо гэцгээгээд л. Энэ бол пропорциональ гэдэг юмны, намын жагсаалт гэдэг юмны гай.

-Гозогносон оймстойхон гэснээс түүнээс эзэн парламентад нэг хүнийг оруулахгүй байгаад байна л даа. Оюунбаатар гуай “Энхбаяр дарга түр байж байгаач ээ гэж гуйсан” гэж хэлсэн байсан. Ял авсан хүн гарч ирээд сууж магадгүй гээд парламентыг нэг орон тоогоор дутуу байлгана гэдэг ер нь ямар вэ?

-Буруу шүү дээ. Би л лав Энхбаяр дарга байсан бол мөрөөрөө мөөмөө унжуулаад л дурьдатгалаа бичнэ үү, гадаадаараа аялна уу, дуртай ууландаа авирна уу амар амгалан байх байлаа. Өөрт нь хэчнээн амар байх вэ, тийм ээ. Их айхавтар эрх мэдэлтэй байсан хүн өөрийгөө газар дээр буулгаж чадахгүй байна шүү дээ. Хөрсөн дээр. Өөрийгөө жирийн иргэн гэж ойлгоход хэцүү байгаа учраас түүндээ баригдаад байна. “Би л бурхан байх ёстой” гэсэн үүднээс юманд ханддагийн хар гай л юм уу гэж би боддог. Сууж үзээгүй суудал биш, хийж үзээгүй ажил биш. Тэр байтугай л юм хийлээ шүү дээ, энэ хүн. Уг нь дэмий л байгаа юм.

ИЗНН БЯЛУУГАА ЯАЖ ХУВААХ НЬ НАДАД ХАМААГҮЙ
-Та Засгийн газрын бялуунаас хүртэж болох байсан биз дээ. Яагаад ороогүй юм.

-Би ИЗНН-ын хүн биш шүү дээ.

-Албан ёсоор биш юм уу. Таныг батлахтай гэж бодож байлаа?


-Би биш. Ерөөсөө ИЗНН-ын гишүүн биш. Улс төрийн ажилд нь ордоггүй. Би зүгээр дэмжигч шүү дээ. Батлах ч, бүртгэл ч байхгүй. Бие даагчийн хувьд ИЗНН-тай эвсье гэдэг үүднээс хандсан. Эвсэж болно биз дээ ер нь. Бие даагч яагаад нам эвсэлд эвсэж болдоггүй юм. Гэтэл манай сонгогчид үүнийг ойлгохгүй. “Энэ муу хөсрий Алтай чинь намд давхиад орчихсон явж байна, хөөе. ИЗНН-ын гишүүн болчихсон байна таминь ээ” гэх буруу ойлголт төрлөө шүү дээ. Энэ буруу ойлголтын үүднээс олон сонгогч санал өгөөгүй байхыг үгүйсгэхгүй. Бүү мэд. Нөлөө орсон байх гэж бодож байгаа. Одоо бол ИЗНН надад хамаагүй. Дотроо яаж бялуугаа хуваана, даргынхаа албан тушаалыг хэн нь авна тэдний л асуудал.

-Та бие даагчаараа сонгуульд яагаад ороогүй юм. Энэ парламентад урьд хожид байгаагүй олон бие даагч орж ирлээ?


-Бие даагчаараа орсон бол их боломжийн л байлаа шүү гэж хүмүүс их хэлж байгаа. Би чинь сонгууль болохоос сарын өмнө судалгаагаар 60 гаруй хувьтай явж байлаа. Хүмүүс “өндөр” гээд байгаа юм. Дээр нь нэмээд топ 10 улстөрчийн зургаад нь давхиж явлаа. Тэгээд сарын дотор навс унасан гэж байгаа. Энэ байж боломгүй юм гэдэг гаргалгаа хүмүүс хэлээд байгаа юм. Би хүн алаагүй, хулгай зэлгий хийгээд гардуулаагүй. Ийм байж унана гэдэг сонин юм шүү гэж. Машин чинь чамайг залилчихсан юм биш биз гэж. Надад гонгиноод байх юм алга л даа. Машинд залилуулчихлаа, түүнээс би гарах байсан гэж гэдэг ч юм уу нулимс унагах хэрэг алга. Буулаа гээд яадаг юм. Лааз өшиглөө л биз. Лааз өшиглөе гэхээр харин цаад хог түүдэг хүмүүс чинь ерөөсөө лааз үлдээгээгүй юм байна билээ шүү. Өшиглөх юм олдож өгдөггүй.

МАНАЙ АРДЧИЛЛЫН АВАРГУУД СЭЛМЭЭ ЭРГҮҮЛЭЭД ДАВХИВАЛ ЭВГҮЙ ШҮҮ, ТАМИНЬ
-Та өнгөрсөн ээлжит бус чуулган болон бусад асуудлуудыг юу гэж харж байна?

-Янз бүрийн юман дээр л уйлагнаад байх шиг байна билээ. 24 цаг ч гэх шиг. Хуучин МАХН байхдаа өөрсдөө л хийсэ хууль юм билээ. Бас нэг талаараа бодвол бодмоор л зүйл. Тангаргаа өргөчихлөө, улс төрийн хүчин бүлэг байгуулах болоогүй байна гээд хаахалзаад хэдэн сар ч тэгэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас орсон саналаа авсан бол бүлгээ байгуулаад л албан ёсоор явдаг л юм байгаа биз. Яагаад болохгүй гэж. Хаа хаанаа л юм байгаа юм байна гэж бодож байгаа. Хоёрын хооронд уйлсан удсан юм байснаас хууль муулийг нь өргөн бариад батлавал батлаад бүлэг мүлгийг нь хийгээд явна л биз дээ. Юу нь болохгүй байгаа юм. Тэгээсэй л гэж бодож байна. Ер нь энэ Засгийн газрыг гайгүй юм хийх гээд байна уу гэж хараад байгаа. Ер нь бас гайгүй хуулиуд явж байна. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл их сайн. Аятайхан аятайхан хуулиудыг өргөн барьж байна. Би ер нь их нааштай, битгий зогсоосой гэж бодож байгаа. “Дөрвөн жил гэдэг их богинохон хугацаа шүү, найз нараа. Гялалзуулаач ээ” гэж хэлмээр байна, тэдэнд. Тэд үеийн үед л уйлагнаад “Төрийн эрх мэдэл ирээгүй. Хэрэв бид байсан бол алаад өгөх байсан юм” гэдэг байлаа. Одоо нэг алаад өгөөч ээ гэж. Гэхдээ хэт давалгаалаад сэлэм эргүүлээд бас хэсэг бусаг улсыг бужигнуулаад битгий хаяасай билээ. Манай ардчиллын аваргууд чинь нэг дүрэлзэхээрээ ассан танк шиг хамаагүй давхиж магадгүй шүү.

-Халаа сэлгээн дээр хамаагүй давхиад сэлмээ эргүүлээд эхэлсэн юм биш үү. Өдөрт л арав, хориороо солигдож байна гэх юм?


-Энэ хамгийн муу зүйл шүү дээ. Төрийн алба тогтворгүй байна гэдэг. Хэт улс төржсөн, намчирхсан байдлаар боловсон хүчинд хандана гэдэг яавч сайны цондон биш. Хуучин МАХН байх үед бас л ийм хоморголлыг хийж байлаа. Одоо өшөөгөө авах гээд байгаа юм шиг байдлаар хандаж болохгүй. Үүнийг их сайн хуульчилж өгөхгүй бол төрд итгэх итгэл, тууштай ажиллах чин сэтгэл байхгүй болж байна. Бүх юман дээр эргэлзээтэй. Магадгүй ирэх 2016 онд МАН олонх болж гарч ирээд сэлэм эргүүлээд бүгдийнх нь толгойг цавьчвал яана. Ерөөсөө ийм утгагүй байдал руу орж байгаа байхгүй юу. Буруу л гэж бодож байгаа.

АЛТАНХУЯГИЙГ ТАЛ ТАЛААС НЬ ХЭМЛЭЭД АЛАХ ГЭЖ БАЙГАА Л ДАА
-Дэд сайд нараа томилж чадахгүй удаан гацлаа. Лааз өшиглөж байгаа хүмүүс нь бүгд ормоор байдаг. Төр засгийн сандал суудал цөөдөөд л?

-Энэ бялуу хуваах гэдэг юм үндсэндээ их буруу. Өөрсдөө бол асар их шүүмжилдэг хүмүүс шүү дээ. “Дэд сайдын асуудал дээр манай нам их эсэргүүцдэг. Болиоч ээ, шал дэмий хэрэггүй албан тушаал” гээд л. Хүмүүс мартаагүй байгаа шүү дээ тэр үед ярьж байсныг нь. Алтанхуяг Ерөнхий сайд гарцаагүй байдалд ороод, баригдаж байна шүү дээ. Цаадахыг чинь бол ёстой тал талаас нь хэмлээд алах гэж байгаа. Самардаад маажаад, яаж байгаа бол. Яс бүтэн салъя, дүүрсэн хэрэг гээд бялуу хуваачихлаа л даа.

-Ардчилсан намын Засгийн газрыг олон солигдох байх гэх юм. Ардчилсан нам энэ 20 жилд төлөвшиж чадсан болов уу?


-За гайгүй байлгүй дээ. Ардын нам бас төлөвшиж чадсан юм уу гэж эсрэг асуулт тавивал тавина тийм ээ. Аль алинд нь ажил хийчихээр чадварлаг мундаг хүн зөндөө бий. Мөн овлигогүй, албан тушаалыг ашигладаг, иддэг, уудаг чөтгөрүүд зөндөө л цохиж явна билээ. Чухал чухал яамд постуудыг эзлээд суусан. Тэр нөхдөөс их л болгоомжлох ёстой. Ялангуяа ард түмэн их соргог байхгүй бол цаадуул чинь муур яаж хулгана тоншдог билээ гэдэг шиг л зүйлийг одоо үзүүлнэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Ардын нам маш сайн сөрөг хүчин байх ёстой. Бүх юман дээр хяналт тавьдаг. Ард түмний өмнөөс хяналт тавих том үүрэг хариуцлага байна.

-МИАТ-ээс эхлээд хувьч­лалын асуудал яригдаж эхэл­лээ л дээ. Таныг парламентад байхад ч орж ирээд л шийдэгдээгүй. Ингэж том том газруудыг хувьчлалд оруулах нь хэр зохистой юм бол?

-Төрийн өмч ер нь хэнд хэрэгтэй юм. Ер нь төрийн өмчөөс юу үлдсэн юм. Хувааж идээд хоёр намын аваргууд бүгдийг нь цохьчихсон. Одоо МИАТ, “Эрдэнэт” гэсэн цөөхөн хэдэн юм байгаа. “Эрдэнэт” нь гайгүй ашигтай байх. МИАТ гэж дампуурсан компани байна. Улсын өмч гэдэг хэний ч биш. Тэгэхээр үүнийг тодорхой хариуцсан эзэнтэй болгох ёстой. Би бол МИАТ-ийн хувьчлалыг зөв гэж бодож байгаа. 51-ийг нь улс авах юм билээ. Бусад 49-ийг нь өгчих л дөө. Тэр нь амар шүү дээ. Тэр их мөнгийг иддэг уудаг, МИАТ-ийн нэрийн өмнөөс дайны төлбөр гээд шал утгагүй дөрвөн сая ам.доллар ч билүү Японы үл мэдэгдэх компанид байршуулаад цохидог, иддэг муу зуршил байна. Ингэснээс өгсөн нь дээр биз дээ. Төрийн өмч хэний ч өмч биш, хэн ч хувааж идэж болно гэдэг бичигдээгүй хууль өнөөг хүртэл манайд үйлчилж байна.

“РИО ТИНТО”-Г ХӨӨЖ ГАРГАНА ГЭВЭЛ МОНГОЛ “БАЯРТАЙ” БОЛНО
-Оюутолгойн асуудлыг шинэ парламент сөхөж эхэллээ. Гэрээг эргэж харна гэдэг ямар сэдэл өгөх юм бол?

-Ер нь Оюутолгойг буцаана, хөөнө гэсэн МАХН-ын мөрийн хөтөлбөрт айхавтар утгатай заалт цохиж явсан шүү дээ. Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгнө ч гэдэг юм уу. Оюутолгойг бут цохиод Фрийдландыг дүүжлүүрт зүүж байгаад боож ална ч гэх шиг аймаар аймаар юм байсан. Одоо тэгээд мөрийн хөтөлбөрт нь орж, ард түмний тархийг угаасан бүхнээ яаж хэрэгжүүлэх гээд байгаа юм. Тэгвэл Тавантолгойг 100 хувь өгөх юм уу. Хараад гайхаад л байгаа байхгүй юу. Хамтарсан л юм бол аль алиныхаа мөрийн хөталбөрийг авч Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг гаргах ёстой. Нэг босгосон юмаараа хамаагүй тоглох нь юу л бол гэж. Үндсэндээ бол Монголын талаас “Оюутолгой” дээр хяналт султай, ил тод болоогүй. Тэнд чинь бас янз бүрийн хөрөнгө оруулалт нэрээр иддэг, уудаг, шахалт хийдэг замбараагүй заваан юм бий болсон байна. Энэ дээр төрийн зүгээс хүчтэй хяналт тавих ёстой. Төрөөс зайлшгүй байх ёстой. Тэр нь анх 57 дугаар тогтоолыг 20 гишүүн эсэргүүцэж байсан. Түүний нэг нь би. Гарын үсгээ зурсан. Их хурлын тогтоолын дагуу Оюутолгойн асуудлаа шийд ээ гэж тухайн үед нь тавьж байсан. Тэр 57-г задлаад үзэх юм бол Монголын тал тодорхой хэмжээгээр хяналтаа сайжруулах, 34-ийг болж өгвөл ойрын хугацаанд 50 болгох ч гэдэг юм уу хязгаарлалтууд бий. Түүнийг их зөв хийх ёстой. Түүнээс биш өнөөдөр Фрийдландыг хөөж гаргана, “Рио тинто”-г хөөж гаргана гэдэг маягаар яривал Монгол “баяртай” болно. 

-Таныг байх үед олгож эхэлсэн 21 мянган төгрөг хүүхдийн мөнгө болж хувирч байна. Мөн та нарын худлаа баахан тоо хийгээд, төсөв гаргасны чинь горыг амсаад төсөв хүндхэн байдалд орчихлоо гэсэн.


-Хүүхдэд 20 мянган төгрөг өгье. Баян байна уу, ядуу байна уу Монголын алаг үрсийг битгий алагчлаарай гэдэг юм яриад байдаг юм. Энэ чинь нэг талаасаа хавтгайруулсан халамж шүү дээ. Ядарсан зүдэрсэн улсуудад 20 мянга нь хэрэгтэй л юм байгаа биз. Гэхдээ Монголын үрсийг алагчлахгүй гээд цацдаг чинь бас л хавтгайрсан халамжийн бодлого гэж хэлэх гээд байгаа юм. Айлын орлогыг нь авч үзэж байгаад тодорхой квот тогтоогоод тэдээс доош орлоготой хүний хүүхдэд өгнө гэж болно шүү дээ. Тэгээд өгөх гээд л байгаа бол тэр боломжийн айлуудын хүүхдэд очих мөнгийг нэмээд боломжгүйд нь тараа л даа. Халамж өгөх гээд байгаа юм бол өгсөн шиг өг л дөө. Хавтгайруулан өгнө гэдэг буруу.

НАМ, НАМЫН ДАРГААСАА АЙДАГГҮЙ ХЭДЭН АЯТАЙХАН ХҮН ЦУГЛУУЛААД “ДУУСДАГГҮЙ ЯРИА”-ГАА ХИЙНЭ ЭЭ
-“Дуусдаггүй яриа” хэзээ эхлэх вэ?

-“Дуусдаггүй яриа” хэзээ эхлэх вэ гэсэн асуулт үзэгчдийн зүгээс ирж байна. Парламентад сууж байгаа гишүүдийн зүгээс ч ирж байна. Одоохондоо засаг цэгцрээдхэг. Адаглаад нэг 100 хоночихог. Ажлаа нэг тайлагначихаг, тийм ээ. Ерөнхий нэг чиг баримжаа гараад ирнэ. Тэр хойно зөв үү, буруу юу. Бид хаашаа явж байна. Урагшаа алхаад байна уу, хойшоо ухраад байна уу гэдэг асуудал дээр улс төрийн мэтгэлцээн асуудал яриа өрнүүлэх хэрэгтэй. Ямар ч байсан 100 хоногийг нь харна гэж бодож байна.

-Бүтцийн хувьд өөрчлөгдөх үү. Өмнө нь хараад байхад нам намын тэрсүү маягтай нөхдийг цуглуулсан шиг байдаг.


-Ер нь бол өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийнхөөрөө дуугардаг, өөрийнхөө өнцгөөс хардаг нэг нам, намын даргаас айгаад шалчигнаад байхгүй тийм улс байвал зүгээр шүү дээ. Түрүүчийн бүтэц ч тиймэрхүү л байсан. Одоогийн энэ бүтцийг тийм маягаар зохион байгуулна гэж бодож байгаа. Манай “Фортуна”, Лу.Гантөмөр байж байна. Хоёулаа л нам дотроо том нөхөд. Хэнээс ч айдаггүй өөрийнхөө үзэл бодлыг дуугардаг. Тэр хоёрыг орох байх гэж бодож байгаа. Сайд болсон би том хүн болсон өөр өнцгөөс харна гэхгүй байлгүй дээ. Сайхансамбуу орно гэж авч байна билээ. Би мэдээж шалчигнаад дундуур нь сууж таарах байлгүй дээ. Дээр нь Ардын намаас ганц нэг аятайхан зөв улсыг оруулна гэж бодож байгаа. Ингээд явахад болно. “Банкны” Чук ч гэсэн орно гэж байна билээ. Тэр маягаараа явна гэж бодож байгаа. Ер нь нэвтрүүлэг бол улс төрд болж байгаа төрд хийгдэх гэж байгаа хийж байгаа алдаа оноо бүх асуудлыг төрийн том толгойтой хэдэн нөхөд хоорондоо яриад байх биш ард түмэнтэйгээ нийлээд л ярья гэх зарчмаар явагддаг. Зөв буруугаа ололцъё л доо. Энэ яриаг үр дүнтэй гэж бодож байгаа. Ер нь бол улс төрийн амьдрал дуусаагүй цагт энэ яриа дуусна гэж байхгүй.

-Засгийн газар улам хүрээгээ тэлж үеийн үед ярьдаг байдлаасаа эсрэг явчихлаа л даа. Нөгөө данхар толгой бүр даагдахааргүй томорлоо.


-Алтанхуяг сайдын хэлж буйгаар бол шинээр төсөв мөнгө гаргахгүй хуучин хэмжээндээ барина. Хүн хар халж солихгүй л гэдэг хөөрхөн юм яриад байгаа юм. Түүндээ байгаасай л билээ.

БИ ӨӨРИЙГӨӨ УЛСТӨРЧ ГЭЖ ХЭЛЭХЭЭС ИЧИЖ БАЙНА
-Та хувь улстөрчийнхөө хувьд улс төрөөс “баяртай” болчихоогүй биз дээ?

-Би өөрийгөө улстөрч гэж хэлмээргүй байна. Дөрөвхөн жил парламентад суучихаад улстөрч болсон гээд одоо нэрнийхээ доогуур “улстөрч” гэсэн титр гүйлгэх юм уу, хаашаа юм. Улстөрч гэдэг бол их олон жил улс төрд чанагдсан, ажилласан, туршлага сайтай мэргэшсэн ийм л хүн байх ёстой байх. Түүнээс над мэтийн нөхөрт тэр чинь томдох малгай шүү дээ. Өөрийгөө улстөрч гэж хэлэхээс би ичиж байна. Яахав зүгээр төрийн ажил бол улс төрийн ажил мөн үү мөн. Дөрвөн жил ажилласан нь үнэн. Гэхдээ улстөрчийн хэмжээнд хүрээгүй гэж бодож байгаа. Энэ чинь том нэр шүү дээ. Болоогүй байна гэж. За зүгээр 2016 онд “Алтай минь баяртай. Парламентын танхим баяртай” гээд 10 жилийн хүүхдүүд шиг хонх цохиод алга болох нь хаашаа юм. Амьдрал, төр байгаа цагт байх л үнэн юм хойно. Ер нь энэ дөрвөн жилийн хугацаанд дургүй их хүргээд байвал 2016 онд тухайн үед шийдлээ гаргаад улс төр рүү эргээд орохыг үгүйсгэхгүй. Одоо юу юугүй л өөрөө уначихаад би дахиад үзнэ гээд савсагнаад байх нь хаашаа юм. Тийм учраас цаг хугацаа байна. Ер нь бол шинэ сайхан улс төрийн хүчин гаргахгүй бол одоо энэ хоёр нам үндсэндээ хөгшрөөд өгөршөөд дуусчээ. Өөр гарц хайх юм байхгүй. Дандаа л хуучин маягаар юмыг явуулах гэж үзэж байна. Ер нь бол их аятайхан зөв улсыг нийлүүлээд улс төрийн бас нэг хөөрхөн нам байгуулах талын юм бодмоор байгаа.

-Та тэр намыг байгуулахаар оролдож болно шүү дээ?

-Би ч болно. Хийгээсэй билээ, хийвэл оролцох юмсан гэсэн хүмүүс ч олон байна. Тийм учраас цаг хугацаа байна. Болох байлгүй дээ.

М.МӨНХЧИМЭГ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

З.Энхболд: ”Уул уурхайн бодлогын өөрчлөлтийг оны сүүлд хараарай”


“Ардын эрх” сонины 2000 дахь дугаарын зочноор УИХ-ын дарга З.Энхболд уригдлаа.

-Ирэх намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал юу билээ, ямар бэлтгэл хийж байна вэ? Чуулган завсарласан хугацаанд өөрөө ямар ажил амжуулж байна?


-Булган, Орхон аймгийн хадлан тэжээл, ургац хураалт, буцах замдаа Хөтөлийн цемент, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээр орж, хоёр хоног томилолтоор яваад ирсэн. Өөр томилолт байхгүй. Нэг ажлын хэсгийг УИХ-аас гаргасан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахлаад ажиллаж байгаа. Барилгын үйлдвэрлэл гурван ч хүний аминд хүрлээ шүү дээ. Хууль нь болохгүй байна уу, эсвэл хуулиа биелүүлэхгүй байна уу, цаашид яавал хүний амь эрсдэхгүй байх вэ гэдгийг судлуулахаар аравдугаар сарын 5 хүртэл үүрэг өгөөд 6-7 гишүүн ажиллаж байгаа. Томилолтоор өөр тийшээ явахгүй гэсэн гишүүд ажлын хэсэгт орсон. Ээлжит бус болон ээлжит чуулганы хооронд ердөө аравхан хоногийн зай бий. Энэ богино хугацаанд их олон гишүүн томилолт авч тойрог руугаа явж байна.

-Ээлжит бус чуулганы хугацаанд ирц хүрэхгүй байдал үүсч байсан шүү дээ. Томилолтыг яаж хязгаарласан юм, нэг удаад хэдэн гишүүн нэгэн зэрэг томилолттой байж болох гэхчилэнгээр. Гадаад, дотоод ялгаагүй?

-Ер нь бол чуулгантай хугацаанд гадаад томилолт байхгүй, дотоод томилолт ч байхгүй. Чуулган хуралдаагүй үед бол тойрогтоо ажиллах нь чөлөөтэй байгаа.

-Чуулган хуралдах өдөр нь ажлын тав хоногийн хоёр нь л байгаа шүү дээ?

-Чуулгангүй үе гэдэг нь цагаан сараас дөрөвдүгээр сарын 5, наадмаас аравдугаар сарын 1 хүртэл.

-Гишүүд энэ хязгаарыг барьж чадаж байгаа юу?

-Томилолт өгөхгүй бол явахгүй л дээ. Ажил таслаад өөрийнхөө мөнгөөр явж болно.

-Намрын чуулганаар ямар асуудал хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа вэ?

-Хэлэлцэх асуудлыг баталсан, тэр хуваариар явна. Намрын чуулганаар төлөвлөсөн төлөвлөөгүй хэлэлцдэг улсын төсөв, үндсэн чиглэл, төсвийн гүйцэтгэл зэрэг жижүүрийн асуудлууд дээр нэмээд хэд хэдэн асуудал байгаа. Улсын төсвийн хэлэлцүүлэг гэхэд бүхэл бүтэн хоёр сарыг авдаг шүү дээ. Арван сар, арван нэгдүгээр сарыг бүтэн.

-Өмнө нь олон жил ужиг болон яригдаж байсан асуудлуудаас аль нь явж байгаа вэ? Үндсэн хуулийн өөрчлөлт, засаг захиргааны нэгжийн хуваарьт оруулах өөрчлөлт ч юм уу? Урьд нь танай нам цөөнх байхдаа оруулж ирж байсан, бас нь нийгмийн зүгээс нэлээд дэмжлэг аваад байсан асуудлуудын цөмөөс?

-Бас нэг ажлын хэсэг гаргасан юм байна. Завсарлагын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль, УИХ-ын өөрийнх нь хуультай холбогдсон хэд хэдэн хууль өргөн баригдсан байгаа. Ардын намынхны өөрийнх нь сонирхоод байгаа бүлэгтэй болох тухай хууль, Ардчилсан намынхны сонирхоод байгаа завсарлагыг хязгаартай болгох, ажлын таван өдөрт оруулах, зөвхөн тухайлсан асуудлаар завсарлага авдаг болох тухай гэх мэтчилэн асуудлуудаар С.Баярцогт гишүүнээр ахлуулаад МАН-аас хоёр Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог ороод ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Завсарлагааны тухай хууль чинь явах болов уу?

-УИХ дахь намууд хэр тохиролцохоос л болох болов уу. Ер нь бол намын бүлгүүд болон МАН-аас сонгогдсон гишүүдэд бололцоо олгож байгаа. Бүлэгтэй болох асуудал өөрөө том биш ээ. Том асуудлын ердөө жижиг хэсэг нь. Бусад улсын туршлага ч байна. Тухайлбал, Германы парламент шинээр бүрдэх болгондоо Дэгийн тухай хуулиа өөрчлөх үү гэдэг санал хураалт явуулаад олонхи нь “өөрчилье” гэвэл шинэ хууль гаргадаг. Тухайн дөрвөн жилд тохирсон хууль гэсэн үг. Гэтэл бид нэг хуулиар олонхитой парламент, олонхигүй парламентыг яг адилхан зохицуулах гэж оролдож байна. Яах вэ, хуулин дотор нь олонхитой бол тэгнэ, олонхигүй бол ингэнэ гэсэн гарц байгаа л даа. Германых шиг систем рүү орсон ч буруудах юм байхгүй, сонгогдсон парламент болгон өөр өөр онцлогтой байгаа. 2012 оны парламент гэхэд олонхигүй бөгөөд урьд өмнө парламентад байгаагүй нэг бүлэг шинээр гарч ирсэн байх жишээтэй. Түүнтэй холбогдуулаад зохих өөрчлөлтүүдийг хийж байх нь зөв юмаа гэж харж байна.
                      Тэгэхээр Дэгийн тухай хууль бол зөвхөн нэг 24 цагийг өөрчлөх, эсвэл “ахмад гишүүн” гэдэг үгийг өөрчлөхөөсөө гадна өөрчлөх гээд байгаа гол концепц нь байх ёстой. Парламент дөнгөж байгуулагдаад “хуучин Дэгийн хуулиараа явах нь зөв” гэвэл тэр хуулиараа явж болдог. Болохгүй нь ээ, энэ удаагийн парламент ийм онцлогтой байна аа, энэ өөрчлөлтийг ингэж тусгая гэвэл хуулиа шинээр баталдаг, түүний дараа бусад томилгоонуудаа хийдэг байж болно. Хөгжсөн улсууд бодоод олчихсон байна л даа. Манай парламент хуучин дандаа олонхитой явж ирсэн учраас хүмүүс анзаардаггүй байж. Олонхигүй болсон 2004 оны УИХ-д хоёр том нам нь хамтарч байсан учраас болж байсан байх. Олонхигүй болчихсон 2012 оны парламентад нэг том, нэг жижиг нам нь хамтарчихсан учраас хуулиар зохицуулагдаагүй зүйл үлдээд байна. Ийм зорилгоор хоёр дахь ажлын хэсгийг байгуулсан.

-Бүлэг байгуулах асуудлыг нь та яагаад ээлжит бус чуулганаар хэлэлцүүлээгүй юм, тэр хооронд парламент нэлээд олон томилгоонуудыг хийчихлээ шүү дээ?


-Угаасаа ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд ороогүй юм.

-Өөрсдөө хуулийн төслөө хугацаанд нь өргөн барьж хэлэлцэх асуудалд тусгуулаагүй учраас уу?
-Өргөн барилаа ч гэсэн хэлэлцэх боломжгүй л байсан байхгүй юу. Хэлэлцэх асуудалд орно орохгүй гэдэг бол хэлбэрийн л асуудал шүү дээ. УИХ-ын гишүүдийн олонхи нь “наад асуудлыг чинь хэлэлцэхгүй ээ” гээд кноп дарчихвал энэ асуудал чинь хаагдчих гээд байгаа юм. Тэр зөвшилцлөө хийгээгүй байсан учраас оруулаагүй. УИХ-д өргөн баригдаад дөрвөн жил хэлэлцэгдэлгүй явж байгаа хуулийн төслүүд байна шүү дээ, найман жил болж байгаа нь ч бий. Нөхцөл нь бүрдэхгүй бол тэр хуулиуд угаасаа гарахгүй л дээ.

-Завсарлагааны тухай, бүлэг байгуулах тухай хуулиудын аль нь түрүүлж батлагдах бол?


-Нэг хууль болгож, нэгтгэж хэлэлцэх учраас батлагдвал хоёулаа батлагдана. Батлагдахгүй бол хоёулаа одоо байгаа хэвээрээ л үлдэнэ. Гэхдээ түрүүний миний хэлсэн хуулийн концепци нь өөрөө чухал байна шүү дээ. Парламент дөнгөж байгуулагдаад хуучин хуулиараа явна гэвэл санал хурааж шийднэ, үгүй гэвэл шинэ хуулиа батлаад явна. Тэр нь тухайн дөрвөн зүйлийнхээ онцлогийг тусгасан байна. Мэдээж чуулган хуралдах, байнгын хороо хуралдах, хуулийн хэлэлцүүлгийн дэс дараалал үндсэн заалтууд бол өөрчлөгдөхгүй. Зохион байгуулалттай холбоотой, завсарлагаатай холбоотой, томилгоонуудтай холбоотой хэсэг нь бол өөрчлөгдөж таарна.

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хийх ажлын тухай их ярилаа. Бүтцээ өөрчилж, төсөвтөө тодотгол хийлээ, мөрийн хөтөлбөрөө батлууллаа. Гэвч энэ дөрвөн жилд парламентын түвшинд ямар өөрчлөлт шинэчлэлт хийгдэх бол оо? Өмнө яригдаж байсан болон одоо нийгэмд хүлээгдэж байгаа том том асуудлуудаас урагш алхах зүйл байна уу?


-Парламентын гаргаж байгаа хуулиуд нь өөрөө таны ярьж байгаа ажлуудыг хийх үндэс болдог. УИХ дахь олонхи нь Засгийн газраа байгуулдаг, олонхиор байгуулсан Засгийн газар нь төлөвлөсөн ажлаа л хийнэ. Парламент өөрөө Засгийн газар шиг “тэдэн сургууль цэцэрлэг барина” гээд яриад явахаасаа илүү тэрийг нь хийх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Хуулийг нь баталж, төсвийг нь бүрдүүлж өгдөг, хяналтаа тавьдаг. Түүнээс биш бид реформ хийж байна гээд долоо хоногт нэг удаа болдог хуралдааныхаа өдрийг өөрчилдөг шиг нэгдсэн чуулганаа долоо хоногт нэг болгодог зүйл хийгдэхгүй л дээ. Олон жил яваад туршигдчихсан, ажиллаж байгаа механизм байдгаараа л байна. Харин “парламент дээр энэ нь болохгүй байна, ажиллаж байгаа нөхцөлдөө тохируулаад өөрчилье” гэвэл өөрчилнө л дөө. 

-Тухайлбал?

-Сая батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр дотор хавсралт болгож нэг тогтоол баталсан. Засгийн газрын газрын мөрийн хөтөлбөр дотор байх шаардлагагүй гэж үзсэн, гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой тал хуудас зүйл бий. Эрх зүйн шинэчлэлийн эхний хэсгийг хийгээд дууссан, одоо хоёр дахийг нь заавал хийх ёстой. Эрүүгийн хууль, процессийн хуулиуд, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэх мэт том том хуулиудын шинэчилсэн найруулгууд орж ирэх байх.

-Өмнө нь УИХ, Засгийн газар хоёр тус тусад нь байлгах, ядахдаа УИХ-ын гишүүн сайдын ажил хавсарч хийдгийг 1/3-ээр хязгаарлах, парламентын хяналтын үүргийг чангатгах гэх мэтчилэн олон зүйл энэ дөрвөн жилд дахиад хойш хаягдчихлаа. Бурууг нь мэдээж сонгуулийн үр дүнд өгч байгаа, Ардчилсан нам олонхи болж чадаагүй учраас гэж. Ийм тохиолдолд УИХ Засгийн газраа хянаж байгаа гэдгийг өөр ямар байдлаар итгэж үнэмшүүлэх юм бэ, өнгөрсөн дөрвөн жил бүр байхгүй болсон зүйл шүү дээ?

-УИХ-ын Тамгын газар, түүний бүтцийн талаар эргэж харах зүйл байгаа. Байнгын хороодыг бэхжүүлэх замаар байнгын хороод болгон өөрийнхөө харгалзсан Засгийн газрын яам агентлагт илүү үр дүнтэй хяналт тавьж чаддаг болох ёстой. Одоо бол байнгын хороо хүнтэй ч юм шиг, хүнгүй ч юм шиг, ажиллаж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, хурал хийхээс хэтрэхгүй байна л даа. Өндөр мэргэжлийн хүмүүсийг ажилд аваад төсвийнхөө хяналтаар дамжуулж Засгийн газрыг хянах үүрэг функциа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуульд бол тэр заалт байгаа. Тэрийгээ хэрэгжүүлэх хэмжээний хүн хүч, төсвөөр байнгын хороод хангагдаж чадаагүй байгаа. Энэ алдааг залруулах хэрэгтэй. Хүчтэй байнгын хороодод тулгуурласан парламенттай болно. Би ийм зөвлөгөөг урьд өмнө өгч байсан, хэрэгжүүлээгүй.

-Хуулийн гол хэлэлцүүлгүүд явдаг байнгын хороод чинь аягүй чадавхигүй байна, дарга нар нь сул хүмүүс, гишүүд нь шинэ тутам байна гэж шүүмжлэгдээд байгаа. Үүнийг ажлын алба, аппаратын хүчээр давна гэсэн үг үү?

-Байнгын хорооны дарга, гишүүд хэн байхаас үл хамаараад байнгын хороо нь өөрөө чадавхитай, солигддоггүй байх нь одоо ярьж байгаа шинэтгэлийн гол үндэс болно л доо. Ажлын алба, аппаратын ажилтнууд илүү чадавхтай байх ёстой.

-Ямар ч байсан хуучин шиг УИХ дээр гишүүд нэг зүйл яриад, Засгийн газар нь нэг зүйл яриад хоорондоо хэрэлдээд яваад байдаг нь болих нь ээ гэж ойлголоо. УИХ Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, бас хянаж ажиллах нь ээ гэж ойлгох уу?

-Тийм. Ер нь бол УИХ-ын Тамгын газар, Байнгын хороодын аппарат илүү шуурхай, чанартай ажиллах ёстой. Тийм болж байж УИХ-ын ажлын үр дүн илүү харагдана. УИХ өөрөө улс төрийн шийдвэр гаргадаг. Тэр шийдвэр нь урт настай, богино настай байх бол харьцангуй юм. Улс орон өөрөө тогтвортой байхын тулд удаан хугацаанд амьдрах татвар, эрүүгийн хууль гэх мэтийг өдөр болгон шинэчлээд байж болдоггүй, тэр битгий хэл дөрвөн жилдээ шинэчилдэггүй. Одоо хуулийн байгууллагууд реформ хийх гэж байна. Бэлтгэл дөрвөн жил, эхний дөрвөн жил гээд арван хэдэн жилээр ажлаа төлөвлөдөг, их инерцитэй салбарууд байгаа юм. Тэр зүйлүүд бол улс төрөөс хамааралгүйгээр хийгдээд явах ёстой. УИХ-ын Тамгын газар ч гэсэн байнгын хорооддоо тулгуурладаг, Тамгын газар нь тэдэндээ тусалдаг болчих юм бол үүнээс цааш өөрчлөх шаардлага байхгүй шүү дээ. Юм болгон харьцангуй. Аль нэг тал нь зөв, нөгөө нь буруу гэхээсээ илүү өнөөдрийн Монголын нөхцөлд юу нь ажиллаж, юу нь болохгүй байна гэдгээс л шалтгаалж хөдөлнө л дөө.

-Гэхдээ өмнөх УИХ-уудаас өвлөгдөж ирсэн, олон жил яриад ажил болдоггүй асуудлууд байна шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт, засаг захиргааны хуваарийн өөрчлөлт, улс төрийн намуудын хууль гэх мэтчилэн. Тэр асуудлууд чинь яг хэзээ УИХ дээр орж ирэх юм бэ? Аль алийг нь танай нам цөөнх байхдаа ярьдаг л байсан сэдвүүд шүү дээ?


-Үндсэн хуулийн өөрчлөлт явахгүй байна гэдэг нь нөхцөл бүрдээгүй байна аа л гэсэн үг. Ярьдаг хүмүүс нь цөөхөн байна. Үндсэн хуулийн өөрчлөлт МАН-ынхны яриад байгаа тэр том зөвшилцлийг үргэлж шаардаж байгаа. МАН-ын гишүүд УИХ-ын даргыг томилох асуудал дээр их том зөвшилцөл ярьсан шүү дээ, УИХ-д суудалтай бүх намтай зөвшилцөх үүрэгтэй энэ тэр гээд. Үндсэн хуулийн өөрчлөлт яг тийм зөвшилцлийг шаардаж байгаа. Тийм зөвшилцөл байхгүй бол Үндсэн хуулийн ямар ч өөрчлөлт явахгүй.

-Өнгөрсөн парламентын үед танай намаас санаачлаад энэ өөрчлөлтийн асуудлаар УИХ дахь бас нэг том нам болон МАН-тай зөвшилцөөд эхэлчихсэн байсан шүү дээ. Энэ зөвшилцөл яагаад зогсох ёстой гэж?

-Жишээ татья л даа. Өмнөх парламентын үед завсарлагын тухай хуулийг өргөн барьсан гишүүд нь Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг гэх мэтийн гишүүд байгаа. Сонгуулийн өмнө хэн ялах нь тодорхойгүй байсан учраас “Энэ завсарлага төрийн ажилд саад болж байна, хугацаагүй завсарлага авдгийг болиулья, хугацаатай болгоё” гээд хуулиа хэлэлцээд бараг дуусч байсан шүү дээ. Одоо завсарлагын асуудал ороод ирэхэд Байнгын хороо дүгнэлтээ уншаад “За хуулиа баталья” гээд алх тогшчиход л дуусч байгаа юм. Ямар ч санал хураалт байхгүйгээр. Гэтэл сонгуулийн дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Бид их буруу бодож байсан байна, хугацаагүй завсарлага байх ёстой юм байна” гэж хэлсэн. Сонгуулийн үр дүнгээс хамаараад намуудын болон гишүүдийн байр суурь өөрчлөгдөөд байгаа байхгүй юу. Тийм учраас тодорхой юм ярихад маш хэцүү. Зүгээр нэг завсарлагын хууль дээр тэгж байгаа улсууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах уу. Сая Орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор сумын Засаг даргыг иргэд шууд сонгодог байхаар Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж оролдлоо шүү дээ. Түүнээс болоод Орон нутгийн сонгуулийн хууль ч гэсэн харзнасан байдалтайгаар хэд хоносон. Бас л болсонгүй. Бүгдээрээ л “Сумын Засаг ИХ-ын 21 гишүүнээс хараат байдаг, тэдэндээ үйлчидгийг болиулья, иргэд шууд сонгодог болъё” гэж ярьж байсан мөртлөө “Тэгвэл Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөөр үүнийг баталгаажуулчихья” гэхээр “Аа больё, бодоодохъё” гээд хойш тавиад эхэлж байна. Яриа бол зөндөө байгаа. Үндсэн хуулиа өөрчилье гэж байна, засаглалын хэлбэрээ ч өөрчилье гэсэн хүмүүс байгаа. Энэ бүхэн ажил болохгүй байна. Ажил болохын тулд нийт гишүүдийн ¾-ын санал авч байж энэ бүх өөрчлөлт явна. Хуралд оролцсон гишүүдийн биш шүү, УИХ-ын нийт гишүүдийн ¾-ын саналаар.

-Танай намынхан тэгвэл яагаад дуугарахгүй байна, дахиад дараагийн сонгууль дөхүүлж байгаад дуугарах юм уу?


-Манай намынхан бол асуудлаа чирж явах ёстой олонхи шүү дээ. Олонхи энэ асуудал дээр цөөнхийнхөө аяыг харахаас өөр арга байхгүй. Гишүүн болгоны, нам болгоны зөвшилцөл хэрэгтэй. Хот тосгоны хуулиас авахуулаад үргүй зардал гарч байгаа олон асуудал бий шүү дээ. Хуучнаар Булган аймаг гэж байсныг дотор нь Орхон аймаг гээд байгуулчихсан. Сэлэнгэ аймаг гэж байсныг дотор нь Дархан-Уул аймаг гэж гуравхан сумтай аймаг үүсгээд Сэлэнгэ аймгийн Дарханыг тойрсон хүмүүс Дарханаас үйлчилгээгээ авдаг болгочихсон. Төлөвлөлт хийхэд маш хэцүү. Энэ мэтээр хотуудыг цоо шинээр эргэж харах ёстой юм. Хотын сонгууль гэдэг аймгийн сонгуулиас огт өөр. Хот өөрийн гэсэн дүрэмтэй, өөрийн стандарттай юм байна гэдгийг одоо л анзаарч эхэлж байна.
Үндсэн хуульд 2000 онд ганц удаа өөрчлөлт оруулсан, дордуулсан долоон өөрчлөлт гэдэг нэртэй. Түүнээс хойш 12 жилийн турш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярилаа, ажил болсон зүйл нэг ч байхгүй. Одоо бол Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дотор аймгийн төвүүдийг хот болгоно гэсэн зүйл явж байгаа. Хот гэдэг аймаг биш, сум биш, дүүрэг ч биш. Өөр хуультай, өөр сонгуультай. Дэлхийн хотуудын жишиг байна л даа. Сүлжээ нь нэг байгаа газрыг л хот гээд байгаа юм. Цахилгаан, дулаан, тээвэр энэ бүх сүлжээ нь нэг бол нэг хот, энэ сүлжээ хоёр болчих юм бол хоёр дахь хот. Ийм нэг барих юмтай болохгүй бол нэг цахилгаан түгээх сүлжээнээс цахилгаанаа авдаг, нэг дулаан түгээх сүлжээнээс дулаанаа авдаг Улаанбаатар хотын дөрвөн уулын дундах нэг хэсгийг дөрвөн дүүрэг болгочихоод байгаа нь өөрөө бас л эргэж харах зүйл. Яг эндээ ингэж олон дүүрэг байх ямар хэрэг байгаа юм. Сүлжээгээ дагасан энэ хэсгээ нэг хот гэж нэрлээд хажуугийнхыг нь дагуул хот болгоё л доо. Налайх бол дүүрэг биш дагуул хот л байхгүй юу. Багануур ч бас дагуул хот. Өөр өөрийнхөө сонголтоор, тэнд амьдарч байгаа хүмүүсийнхээ олонхийн саналаар асуудлаа шийдэж байх ёстой. Ингэж асуудлыг харахгүй дүүрэг бол сум юм, аймгийн төв бол сум юмаа гэж яриад байдаг. Гэтэл 30.000 хүнтэй сум, 3000 хүнтэй сум хоёрын хооронд шал өөр зарчмын ялгаа гарч байна шүү дээ.

-Орон нутгийн сонгуулийн хуульд үүнийг тооцсон уу?

-Орон нутгийн сонгуулийн хууль дээр энэ ялгаа маш тод харагдсан шүү дээ. Тэгээд Гончигдорж гишүүн аргаа ядахдаа хүн амын тоог харьцангуй ойр байлгахын тулд томьёо хүртэл бичлээ. 3000 хүнтэй сумын сонгууль, 30.000 хүнтэй аймгийн төвийн сумын сонгууль хоёр шал өөр юм байхгүй юу.

-Тооных нь харьцааг ойртуулж чадсан уу?

-Ер нь бол ойртуулсан. Хүн амын тоо болон засаг захиргааных нь нэгжийг аль алиныг нь тооцсон хоёр хувьсах үзүүлэлтийг тооцож гаргасан ИХ-ын гишүүдийн тоо байгаа. Сонгууль өөрөө хялбархан байх ёстой л доо. Манай сум болгоноос нэг хүн аймгийн ИХ-д суух юм байна гээд нэг мандаттай мажоритари сонгууль явуулах юм бол хүн болгон ойлгоно. Гэх мэтээр засаг захиргааны хуваарийн өөрчлөлт бас л цаг нь тулчихаад шийдлээ хүлээж байгаа асуудал. Одоо бол орон нутгийн сонгуулийг аргалаад л явуулаад байгаа. Энэ бүх зүйл улс төрөөсөө хамаараад хэзээ нэгэн цагт шийдэгдэх ёстой. Тэр цаг нь хичнээн түргэн байна, төдий чинээ л сайн байх.

-Гэхдээ өмнө нь Ардчилсан нам цөөнх байхдаа энэ асуудлыг гаргаж тавьж л байсан, нөгөө намаа ч шахаж шаарддаг байсан. Одоо харин эрх баригч хүчин нэр зүүсэн хойноо бэрхшээл тоочоод суух нь жаахан тааруухан л харагдаж байна?


-Бид УИХ дээр хэнтэй ч ярилгүйгээр асуудлаа авч явах хэмжээний суудал авч чадсангүй л дээ. Тэр нь 39 суудал, ирцээ бүрдүүлээд л асуудлаа шийдээд явдаг. Үндсэн хуулийн өөрчлөлт бол бүх хүнтэй ярьдаг өөр түвшингийн асуудал. Тиймээс зайлшгүй зөвшилцөх үүрэгтэй, ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлт дээр. Аймгийн төвүүдийг хот болгох ёстой. Хотын сонгууль, дүүргийн сонгууль, сумын сонгууль гэдэг өөр байна. Төлөөллийн ардчилал учраас төлөөллөө яаж бүрдүүлэх вэ гэдгээс л бүх юм эхэлнэ шүү дээ. 200.000 хүнтэй нэг дүүргийг 40-50 мянган хүнтэй жижиг аймагтай адилтгаж үзэж сонгуулийг нь явуулж болохгүй л байхгүй юу. Нэгэнт тэр дүүргийн, тэр аймгийн бүрэн төлөөлөл болж чадахгүй ИТХ-тай болчихсон бол тэр хурал нь дахиад дөрвөн жилийн хугацаанд өөрчлөлт авчирахгүй л гэсэн үг. Ийм гинжин урвал эхэлчихсэн учраас зогсоож чадахгүй байна. Зогсоох арга нь бүх юмаа тохироод Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийгээд дараагийн 10-20 жил Үндсэн хуулиндаа гар хүрэхгүйгээр тохиролцсон схемээрээ сонгууль гэх мэт бүх ажлаа явуулна гэсэн үг.

-Уг нь та УИХ-ын сул гишүүн, Байнгын хорооны дарга байхдаа их олон асуудлыг гишүүдийнхээ өмнө нь гараад чирч явдаг цөөн гишүүний нэг байсан. Одоо бол зүгээр л олон намын эрх ашгийн уулзвар дээр сууж байдаг хүн болсон юм байна, тийм үү?


-Тэр нь миний үүрэг болсон. УИХ-аар асуудал гаргах үүрэг л надад байгаа.

-Танай намын бодлого, мөрийн хөтөлбөр энд хамаагүй гэсэн үг үү?

-Мөрийн хөтөлбөр, олонхийг дэмжиж ажиллах үүрэгтэй. Асуудлын дарааллууд бас байна л даа. Ердийн олонхиор шийддэг асуудал ихэнх нь байгаа, 100-ны 90 хувь. Гишүүдийн 2/3-оор шийддэг асуудал байна, жишээ нь Хүний хөгжил сангийн хуулийн өөрчлөлт. Нийт гишүүдийн ¾-аар шийдэх ёстой асуудал гэх мэтчилэн асуудал болгоныг шийддэг түвшин нь өөр. Энэ түвшинд нь тохирсон зөвшилцлүүдийг хийж байж асуудал шийдэгдэнэ.

-Гэхдээ өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын томилгоо, ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлууд, Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоо, МАН-ын бүлэг байгуулах тухай хуулийг төслийг хэлэлцүүлээгүй явдал энэ тэр дээр бол цэвэр таны өөрийн байр суурь, эсвэл намын эрх ашиг явсан л гэж би хувьдаа харж байгаа. Өөр олон асуудлыг ингэж шийдэж болдоггүй юм уу?


-Би МАН-ын гишүүдийг дэмжээд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд оруулчихья гэж бодъё л доо. Хэлэлцэх эсэхийг нь гишүүд бүгдээрээ байнгын хороо, нэгдсэн чуулган дээр кнопдоно шүү дээ. Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвсэл хоёр нийлээд эсрэг санал өгчих юм бол МАН-ын бүлэг байгуулах асуудал нэг мөсөн хаагдана. Дахиж УИХ дээр орж ирэхгүй. УИХ өөрийгөө илэрхийлчихэж байна шүү дээ, “МАН-ыг бүлэгтэй болгох асуудал энэ дөрвөн жилд яригдахгүй ээ, яагаад гэвэл эд хуулиа зөрчсөн” гээд. Асуудлыг тэгээд мухарлачихаар МАН-д өөрт нь хайран байхгүй юу. Тиймээс би МАН-ынханд “Асуудал нь З.Энхболдод байхгүй ээ. Хэлэлцэх эсэх дээр та нарыг дэмжиж кноп дардаг тэр улсуудтайгаа л ярь” гэдэг зөвлөгөө өгсөн. Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийн 44 хүнтэй бүгдээрэнтэй нь ярь гэсэн үг биш шүү дээ. УИХ хоёр бүлэгт хуваагдчихсан байна, цаана нь нэг нам, хоёр бие даагч байна. Энэ улсуудтайгаа л ярьж юмаа дэмжүүл. Миний үзэмжээс хамаарахгүй байхгүй юу. Хорь хоногийн дараа “Бүлэг байгуулья” гээд ороод ирэхэд хуулинд “Бүлгийг 24 цагийн дотор байгуулна” гээд биччихсэн байгаа учраас л болохгүй байгаа юм. Түүнээс биш З.Энхболд Ардын намд дургүйдээ бүлэггүй байлгаад байгаа асуудал ерөөсөө биш. Хуулинд тэгээд биччихсэн, би хуулийг дагаж мөрдөнө гээд тангараг өргөчихсөн учраас ”Ардын нам бүлэггүй арай хэцүү, өрөвдмөөр байна аа. Бүлэг байгуулаад өгчихье” гэдэг дур зоргын, үзэмжийн асуудал байхгүй.

-Өмнө нь УИХ зөндөө л олон удаа хуулиа зөрчиж байсан шүү дээ?

-Тэр бол тэр УИХ-ын асуудал. Миний үед хууль зөрчихгүй. Ялгаа нь ердөө л энэ. УИХ бусад төрийн байгууллагууд, иргэдэд үлгэр үзүүлж байгаа юм. Бүгдээрээ хуулиа мөрдөж ажиллая. Урьд нь хууль хэрэгждэггүй байсан, тэрийгээ цэгцэлье гэж. Өнөөдөр нэг дэх өдөр. Нэг, зургаагаар төгссөн дугаарлалттай машин явахгүй. Үүнээс болоод Улаанбаатарын замын ачаалал 20 хувиар буурч байна шүү дээ. Хагас бүтэн сайн болохоор бүх машин гардаг учраас “замын түгжрэл их байна” гэдэг стресс нь эхэлдэг. Машины дугаарын тархалт жигд байна гэж үзэх юм бол хорин хувийнхаа ачааллыг Улаанбаатар хот өөрөө ухамсартайгаар зохицуулаад эхэлчихлээ. Нэмэгдэл зардал гарч байгаа, тэр цэнхэр хувцастай хүмүүсийн цалин гэх мэтэд. Тэрнээсээ хамаагүй илүү ашгийг Улаанбаатар хот олж байгаа. Хүмүүсийн цаг, нервийн хэмнэлт, стресс буурах хэмжээгээр эрүүл мэндэд ашигтай гэх мэтчилэн. Хууль дүрмээ сахиж биелүүлэх нь том хотын хувьд зайлшгүй болж байна.

-Хотын асуудлын хувьд тийм ээ. Харин УИХ дээр яг үүн шиг өөрчлөлт зэрэгцээд явж болдоггүй юм уу? Шинэ агаар салхи орж ирэхгүй, хуучнаараа л ажиллаж байгаа харагдаад байх юм, хүмүүс яараад байдаг?


-/Инээгээд/ Анхдугаар чуулган дуусаад ээлжит бус чуулганаар юу юу шийдсэнийг чи өөрөө эргээд хар л даа. Хүмүүс аягүй мартамхай байгаа байхгүй юу. Олон жил яригдсан Орон нутгийн сонгуулийн хууль батлагдсан, МАН-ын оролцоотойгоор. 2012 онд УИХ, орон нутгийнхаа сонгуулийг нэг системээр явуулья гээд бид яриад МАН-ын саналыг хүлээж авсан. Өмнө нь улс төрийн намуудын төлөөлөлөөр тойрог, хэсгийн хороодыг бүрдүүлдэг байсныг зөвхөн төрийн албан хаагчдаар бүрдүүлдэг болсон. Энэ мэтээр зөвшилцөл явж байгаа. Сонгуулийн хууль бол зайлшгүй сонгуульд оролцох гэж байгаа нам, эвсэл, бие даагчдын саналыг авч байж гарах ёстой хууль. Энэ бол том дэвшил. Төсвийн орлого алга болсон, хямрал айсуй. Үүнд тааруулсан тодотголоо бас нэг их удаалгүй баталсан. Хүүхдийн мөнгөний хүлээлт байсан, үүнийг бас баталсан. Бүх хүнд хавтгайруулсан халамж өгдгийг болиулсан, зорилтот хэсэгтээ төлөвлөсөн. Тэр нь хүүхэд.

-МАН-ын 21 мянга батлагдаагүй юу?

-Тэр мөнгөний эх үүсвэр байхгүй. Хүүхдийн мөнгө бол ердөө 58 тэрбум байгаа шүү дээ, нөгөөх нь хүүхдэд өгдөгөөс гурав дахин их мөнгө гээд бодохгүй юу. 900 мянган хүүхдэд өгөх, 2,7 сая хүнд 21 мянгыг өгөх хоёр чинь өөр. Хүүхдийн мөнгийг бол төсвийнхөө хэмнэлтээс гаргаж болж байгаа юм. Олон жилийн өмнөөс яригдсан ”ажилласан жил”-ийн асуудал байна. Өөрөөс нь үл шалтгаалах шалтгаанаар ажилласан жил нь тасалдсан хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөх юм бол бүтэн тэтгэвэртэй болж байгаа. Ийм асуудлуудыг шийдээд явж байгаа. Үүнийг хүмүүс реформ гэж харахгүй, УИХ хийх ёстой юмаа л хийж байна гэж хардаг. Уг нь бол үнэхээр тулгамдсан асуудлыг хэсэг бүлэг хүмүүсээр хурал хаяуулчихалгүй шийдээд л яваад байгаа юм. Манай УИХ-ын сурталчилгаа муу байж магадгүй, хийсэн ажлаа тайлагнах тал дээр.

-Шинэ дэвшилттэй зүйл гаргаж ярих нь бага хэрнээ хуучнаа ухарч ярьдаг байдал л үргэлжлээд байгаа юм биш үү? Тавантолгойн асуудал огт яваагүй байхад л дахиад нөгөө “эх орончид” нь гарч ирээд, “Оюутолгойн гэрээг өөрчилнө” гэж яриад, хөрөнгө оруулагчид, гадаад орчинд хөөрөл үүсгээд л...


-Зөвхөн Оюутолгойн гэрээ биш, нийтдээ 16 гэрээ байна. 1990 онд байгуулсан бүтээгдэхүүн хуваах хэлэлцээрээс авахуулаад, түүний дараа “Бороо Гоулд”-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээг оруулаад. Тэр үед уул уурхайн хөрөнгө оруулалтын асуудал дээр олон нийтийн оролцоо, хяналт тийм сайн байсангүй. Энэ 16 гэрээг бүгдийг нь авч үзье, зөвхөн Оюутолгойг салгаж үзэх нь буруу байна аа гэдэг шийдвэр гарсан. Түүнээс биш Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэж хэн ч яриагүй. Ийм санал хураалт явсан, тэр талаар буруу зөрүү ойлголтыг хэвлэлээр зориудаар тарааж байгаа зүйл байна лээ. Анхны Засгийн газрын өргөн мэдүүлсэн санал яаж өөрчлөгдсөн, тэр хоёрын аль нь илүү улсын ажилд хэрэгтэй байна. Тэр талаас нь хараад анализ хийгээд үзвэл дараагийнх нь хамаагүй илүү, бүх талыг хамарсан байгаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд бид энэ 16 гэрээн дээрээ анализ хийгээд, үнэлгээ дүгнэлт өгөөд ирээдүйд байгуулах гэрээн дээрээ сургамж авах ёстой. Оюутолгойн асуудал бол тодорхой шүү дээ. УИХ-ын 57 дугаар тогтоол байгаа, тэр бодлого өөрчлөгдөхгүй.

-Гэхдээ тогтоолын хэрэгжилтийг хангах хугацаа болоогүй, шаардлагуудыг хангах ажлууд нь хийгдээгүй байгаа шүү дээ?

-Тийм ээ, болоогүй, хугацаа байгаа. Тэгэхээр бид урьд өмнө алдаа хийсэн байж магадгүй, гэрээ болгон дээр нээлттэй хэлэлцүүлэг хийе гэдэг саналаа би УИХ дээр хэлсэн. Урьд нь байгуулсан бүх гэрээгээ өнөөдрийн тэнгэрт хадсан зэсийн үнэ, алтны үнэ дээр ярихад өөр л зүйл харагдана. Гэрээ болгон өөрийн байгуулагдах үеийн нөхцөлүүдтэй. Тэр нөхцөлүүдтэйгээ таарч хийгдсэн үү, үгүй юу гэдэг л асуудал байгаа. Мэдээж бүгдийг нь нэг шалгуураар шалгана гэвэл бүх орд улсынх байна, хэний ч оролцоогүйгээр өөрөө авч явна гэдэг нэг талын туйлшрал байна. Ямар ч хувь хэлцэлгүйгээр 100 хувь хувьд нь өгөөд улс зөвхөн татвараа аваад явна гэдэг бас нэг хувилбар байна. УИХ энэ хоёрын дундуур л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр аль нь зөв, аль нь буруу байсан бэ гэдэг дээр гишүүддээ мэдээлэл өгөх хэрэгтэй, олон түмэн ч гэсэн мэдээлэл олж авах эрхтэй.

-Тэр хугацаанд одоо хүлээгдэж байгаа ордууд чинь ашиглагдах уу, үгүй юу? Жишээ нь, Тавантолгой яаж явах гээд байгаа юм?

-Одоо бол нэг их гэрээ хийгдэх гээд хүлээгдээд байгаа ордууд байхгүй. Тавантолгойн орд 100 хувь улсын өмч учраас тэнд хөрөнгө оруулалтын юм уу тогтвортой байдлын гэрээ хийгдэхгүй. Лицензээ өгч явуулахгүй, улс өөрөө цаашаагаа гэрээлэх учраас тэнд хохирол бага гарч байгаа. Тавантолгой компанийн нүүрсээ ухуулах гэрээ, тээвэрлэх, цаашаагаа борлуулах гэрээнүүд л сайн байвал болж байгаа юм. 30-40 жилээр хаагаад хаячих зүйл байхгүй, түрүүн хэлсэн гурван төрлийн гэрээн дээр буруудлаа гэхэд тэр дор нь цуцлаад, дараагийнхыг шалгаруулаад явдаг уян хатан зохицуулалттай байх юм. Оюутолгой бол тэр газар дор хэдэн тонн зэс, алт байгааг мэдэлгүйгээр хийсэн гэрээ. Тавантолгойн хувьд хэдэн метрийн гүнд хэдэн метрийн зузаантай, ямар чанартай нүүрс байгааг бид мэдэж байгаа учраас энэ ордыг ажиллуулахад илүү хялбар байгаа юм.

-Сая Засгийн газар байгуулагдсаны дараа нүүрсний үнэ унасан, худалдан авалт багассан гээд бөөн дуулиан болсон шүү дээ?

-Нүүрсний үнэ хэцүү байгаа, гэхдээ түүхийгээр нь зарах тухайд. Тэгэхээр боловсруулалтын түвшингээ л дээшлүүл гэсэн үг. Дэлхийн ган хайлуулалт буурч байгаа. Гэхдээ буурч байгаа ч гэсэн огт ган хайлуулахаа болихгүй шүү дээ. Тэгэхээр хэрэгцээ бол үргэлж л байна гэсэн үг.

-Дээр нь Монголын төрөөс уул уурхай дээр барих бодлого, хөрөнгө оруулагчид хандах хандлага өөрчлөгдсөн үү гэдэг асуултыг маш олон гадаадын хэвлэл тавьж байсан. Энэ асуултын хариу тодорхойгүй хэвээр байгаа?


-Уул уурхайн бодлого ямар болсныг оны эцсээр батлагдах Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлгээс харж болно. Тэр хууль яаж гарахаас харна гэсэн үг. УИХ-ын гаргаж байгаа хууль өөрөө бодлого. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт орсон “А лицензийг Засгийн газар өгнө” гэдэг заалт УИХ-ын хуулинд суугаад гарчихна. Илүү хүнд сурталтай болгож байгаа. А лиценз хэдэн мянгаараа байж, газар сайгүй ухаад байж болохгүй гэсэн үг. Хязгаартай, хэдэн том төслөөр цаашид амьдарна. Хайгуулын лицензийг арилжааны хэрэгсэл болгож байгаа улсуудад биш, үнэхээр хайгуул хийгээд юм барих гэж байгаад нь өгдөг механизм бий болгоно. “Цаас авсан л бол та тодорхой үүрэг хүлээнэ ээ. Чамд өмч хөрөнгө биш, эрхийн бичиг л өгч байгаа юм. Эрхийн бичгээ ашиглаад жилдээ ийм ийм ажил хийгээгүй бол эрхийн бичиг чинь хүчингүй шүү” гэдэг болно. Эцсийн зорилго хайгуул биш шүү дээ. Эцсийн зорилго бол бүтээгдэхүүн.

-Гадаад талд, хөрөнгө оруулагчдад бий болсон тэр савлагаа одоо намжсан уу, эсвэл хүлээлтийн байдалтай л байна уу?


-Ер нь бол хэтэрхий либераль байсан ашигт малтмалын салбар илүү мэргэжлийн болох ёстой. 2006 оноос өмнө бүр задгай байсан, 2006 онд нэг удаа хумьсан, одоо дахиад хумигдана л гэсэн үг. Үнэхээр л юм хийж байгаа компаниуд нь зах зээл дээрээ үлдэж, жижиг гарын ченжүүд нь алга болох ёстой. Үр ашиггүй, байгальд хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг уурхайнууд хаагдана. Хятадад сая 2900 жижиг уурхайг хаалаа гэж байна. Том улс болохоор тоо нь олон байна л даа. Байгаль орчин бохирдуулж байна, хөдөлмөрийн аюулгүй байдал хангахгүй байна.

-Манайд яг ийм шалтгаанаар хаагдсан уурхай одоохондоо байхгүй шүү дээ?


-Манайх ажиллаж байгаа уурхайнууд нь цөөхөн байна л даа. Урт нэртэй хууль гарсны дараа маш олон алтны жижиг уурхай хаагдсан шүү дээ. Нүүрсний ажиллаж байгаа уурхай нь цөөхөн юм даа. 

Б.СЭМҮҮН
 

Thursday 20 September 2012

М.Ичинноров: Осол цөөхөн монголчуудыг мөхөлд хүргэхэд ойрхон байна


М.Ичинноров: Осол цөөхөн монголчуудыг мөхөлд хүргэхэд ойрхон байнаСүүлийн үед ахуйн болон үйлдвэрлэлийн осол шил даран гарч, өдөр болгон шахам хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, цөөхөн монголчууд маань аюулд өртөн амь эрсдсээр байна. Энэ сэдвээр хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ярилцлаа. Тэрээр энэ асуудлаар сэдэв хөндөж, монгол хүний амийг үнэлэх хууль эрх зүйн тогтолцоотой болох саналыг хэсэг хуульчийн хамтаар дэвшүүлсэн юм.


-Монгол хүн Үндсэн хуульд заасан эрүүл, амьд явах эрхээ эдэлж чадахгүй байгааг сүүлийн үед гарч буй аймшигт ослууд батлан харуулж байна. Монгол хүний амь үнэ цэнэгүй болсон гэдгийг та нэлээд эртнээс ярьж, стратегийн өмгөөлөлийг эхлүүлж байсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна?

-Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад Улаанбаатарт нэг хоногийн зайтай 7-12 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ мэдээлэл хуучраагүй байхад залгуулаад барилга дээр ажиллаж байсан кранист залуу амь эрсдсэн гашуун мэдээ олныг цочирдуулсан.Дөнгөж саяхан “Тэнгис” кино театрын хажуугийн ба­рилга дээрээс бэхэлгээ­ний төмөр унаж найзуудтайгаа кино үзэхээр явж байсан 19-хөн настай оюутан залуугийн амийг авч одлоо. Үнэхээр харамсалтай байна. Замын гарцаар гарах гэж яваад, кино үзэх гэж явах замдаа барилгын ком­панийн хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдаж байна. Энэ бол Монголд хариуцлагын тогтолцоо алдагдсаныг харуулж буй нэг жишээ. Монголд хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй байгааг сүүлийн үед ярьж шүүмжилж байгаа. Хуульчид бид “Та­вантолгой” ком­панийн хариуцлага­гүйгээс амь насаа алдсан нэг айлын хоёр хүүхдийн хэргээр дамжуулан хүний амь насыг үнэлдэг системтэй болох нь зүйтэй гэсэн яриаг эхлүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ асуудлыг хөндөж эхэл­лээ. Иргэн хүнд эд хөрөн­гийн хохирол учруулсан байвал заавал төлүүлдэг мөртөө хүний алтан амины хохирлыг нөхөн төлөхгүй байдаг нь буруу гэж үзэж байна. Манайд буруутай этгээ­дүүдээс зөвхөн оршуулгын зардал гэж хэдэн төгрөг гаргуулаад өнгөрдөг. Гэтэл хүний алтан амь үнэлж баршгүй юм.

-Монголд амьд явах баталгаа алга. Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байна. Хүний эрхийг хамгаалах, аюулгүй орчинд амьдрах талаар хэрэгжүүлж байгаа ажлууд хангалтгүй байх шиг?

-Үүнийг гэрчлэх үйл явдлууд ар араасаа, өдөр бүр гарч байна.

-Монголчууд цөөхөн. Гэтэл өдөр болгон осол гарч хүний амь эрсдэж байна. Гудамжаар тайван алхах арга алга. Хэзээ хаанаас толгой дээр юу унах бол гэсэн айдас, түгшүүр газар авлаа. Тэр бүү хэл өвөл масктай, зун касктай явахгүй бол амьдрах аргагүй боллоо гэж иргэд ярьж байна?

-Монголын хүн ам цөөхөн. 2.7-хон сая иргэнтэй манай улсын хувьд болзошгүй осол аваар үргэлжилсээр байх юм бол улс үндэстнээрээ мөхөлд хүрэхэд ойрхон.

-Аюулын ийм ирмэгт хүрээд байгаа өнөө үед монгол хүний амийг үнэ цэнэтэй болгоё гэсэн та бүхний дэвшүүлсэн санал нийгмийн анхаарлыг татсан. Чухам ямар тогтолцоог бий болгох ёстой гэж үзэж байна?

-Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсгээд л өнгөрдөг жишиг манайд тогтсон. Гэтэл аюулгүй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал ярьдаггүй. Энэ нь монгол хүний амь насыг үнэлэх, тэдний эрхийг хамгаалдаг тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэртэй байдаг. Улс орнуудын жишгээс үзэхэд хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлчилдэг. Түүнтэй жишиж үзье л дээ, өнөөдөр орос, монгол, америк нь ялгаагүй бүгд л хүн. Тэгвэл, монгол хүний амь ямар үнэтэй вэ. Олон улсын жишигт үндэслэж монгол хүнээ хэрхэн үнэлэмжтэй болгох вэ. Эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ гэсэн асуудлаар “Стратегийн өмгөөлөл-Хуульчдын холбоо”-ны хуульчид санаачлага дэв­шүүлэн ажиллаж байгаа.

-Тэгэхээр таны яриад байгаа хүний амьдралын статистик үнэ цэнэ гэж чухам юу юм бэ?

-Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд “Эрүүл мэндийн эдийн засаг” гэсэн шинэ салбар хөгжиж байгаа юм байна. Улс орнууд өөр, өөр хэлбэрээр энэ үнэлгээгээ бий болгодог ч бид Австралийн жишгээр Монгол хүний амийг үнэлэх томъёоллыг санал болгож байгаа. Үүгээр бол VSL “Value of Statistical Life” буюу “Хүний амьдралын статистик үнэ цэнэ”-ийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй иргэний дундаж наслал­тын тооноос хасч амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны иргэний жилийн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий тоонд үржүүлэн гаргадаг. Энэ томъёоллоор Авст­рали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая долларт хүрдэг.

- Энэ томъёоллоор монгол хүний үнэлэмжийг тогтоовол ямар дүн гарч байна?

-Австралийн томъёол­лоор монгол хүний үнэлэмжийг одоо байгаа ДНБ-ээр бодоход 100-300 сая болох боломжтой. Энэ нь манайд үйлчилж байгаа практик болох нас барсан хүнд буруутай этгээдээс төлдөг оршуулгын зард­лын 300 мянган төгрөгөөс нэг сая хүртэл төгрөгтэй харьцуулахад том дэвшил болно. Долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас амь насаа алдсан хохирогчдод төрөөс төлсөн мөнгөн тэтгэмж зөвхөн 50 сая төгрөг байсан. Би тү­рүүнд хэлсэн, эд зүйлийн хохирлыг хэн нэгэнд учруулсан байвал заавал төлүүлдэг атлаа хүний амь насны хохирлыг нөхөн төлүүлдэггүй нь буруу.

-Ийм тогтолцоонд шилжсэнээр нийгэмд бий болсон хариуцлагагүйн зуд арилна гэдэгт та итгэлтэй байна уу?

- Бид энэ талаар маш сайн судлах хэрэгтэй. Бусад орнуудад хүний амь насыг хэрхэн үнэлж байна. Тэр тогтолцоог нь сайн судлах ёстой. Хуульчид биний санаачилж буй энэхүү нөлөөллийн үйл ажиллагааны гол зорилго нь хүний амь насыг үнэлдэг болсноор Монгол улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх баталгаатай байх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна. Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана.

-Монгол орон бүхэлдээ аюулын харанга дэлдэж байна. Хөдөө орон нутагт уул уурхайтай холбоотой ослын мэдээлэл тасардаггүй. Нийслэлд автозам болон зөвшөөрөлгүй барилгаас үүдэлтэй ослууд гарсаар байна. Улаанбаатар хүн амьдрах аргагүй аюултай хот гэвэл та санал нийлэх байх?

-Улаанбаатарт манай улсын хүн амын тэн хагас нь амьдран суудаг. Хөгжлөө дагаад зам, барилга олноор баригдаж байна. Өвөлдөө утаанаас үүдэлтэй өвчин эмгэг газар авч, хүмүүсийг шууд бус үхэлд хүргэж байна гэсэн шүүмжлэл өрнөдөг. Барилгын компаниудын хариуцлагагүйгээс болж иргэд олноороо амь эрсдэж байна. Энэ бүхэн монгол хүн амьд явах эрхтэй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна. Тиймээс Улаанбаатар аюулгүй хот гэж хэлж чадахгүй. Сүүлийн үед уурхай дагасан эмх замбараагүй байдал газар авсан. Монгол хүн нутагтаа сэтгэл тайван сайхан амьдрах, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх баталгаа өдрөөс өдөрт алдагдаж байна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Wednesday 19 September 2012

Хязгааргүй тийш...

“Ярилцъя” өнөөдөр хоймортоо “Манбадацан” хийдийн Тэргүүн хамба, “Оточ Манрамба” анагаах ухааны дээд сургуулийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Нацаг­доржийг заллаа. Түүний яриа намайг ер бусын ертөнцөд аваачив. Уншигч таныг ч гэсэн тэгээсэй гэж хүсч байна.

-Удахгүй манай үндэс­ний баяр Цагаан сар болох гэж байна. Тэгэхээр ярилц­лагаа гарч буй жилийнхээ өнгө төрхөөс эхэлье гэж бо­дож байна. Мэдээж та бүхэн тус бүрнээ өөрсдийн шин­жилгээ судалгаагаа хийсэн байгаа байх. Дээр нь хэдхэн сарын дараа улс төрийн сонгууль болох гэж байна. Сонгууль дагаж янз бүрийн бужигнаан их болдог. Жи­лийн ерөнхий нуруу зурхай төлгөнд ямархуу байдлаар бууж байгаа бол?

-Арвандолдугаар жарны усан луу жил гарч байна. Энэ луу жил нийт хүмүүст  ээлтэй сайхан байна гэсэн билэг дэмбэрэл бууж байгаа. Зүгээр байгалийн үүднээс аваад үзэхийн бол хаврын сарууд жаахан хахир, салхитай, хүйтэн байх шинжтэй. Зуны улиралд хур бороо ихтэй. Ерөнхийдөө жаахан салхи ихтэй тиймэрхүү жил байгаа л даа. Ирэх өвөл харин нэлээн чанга өвөл бо­лохоор. Тэрийг одооноос хү­мүүс маань бодож байх хэ­рэгтэй юм.

-Сайхан жил болох нь ээ. Гол нь байгаль дэлхийн ааш аяг төвшин сайхан байх чухал шүү дээ?

-Тийм ээ.

-Өнгөрсөн зун, бас на­мар нь үнэхээр сайхан бай­лаа. Харин намрыг нь илүү сар­тай намар боллоо гэц­гээ­сэн. Шашны утгаар илүү сар­тай зун, намар гэж байдаг юм уу?

-Энэ бол зурхайн тооллоор зурж тооцож гаргаж ирдэг эд л дээ. Тэрүүгээр  тооцож хоног нь явсаар зундаа илүү байна уу, намартаа илүү байна уу гэдгийг гаргадаг.

-Тийм байх нь. Би бо­дох­доо намрын налгар сайхан өдрүүд явах нь болчихоод л байхад гадаа уяатай бай­гаад байхаар хүмүүсийн ро­мантик хөдлөөд зохиосон уран зо­хиолын шахуу томъ­ёо­лол юм уу гэж хардаг байсан юм?


-Үгүй ээ, тэр бол нарийн учир­тай зүйл. Зурхайн онолын болоод тооцооны үндсэн дээр гарч ирдэг байгалийн үзэгдэл юм л даа.

-Та намайг уучлаарай. Ерөн­хий­дөө­ шашин бурхнаас жаахан хөн­дий хүн. Та миний уулзаж ярилц­лага хийж байгаа хоёр дахь Хамба?

-Тийм үү.

-Түрүүн би танаас улс төрийн сонгуулийн жил гэж онцолж асуу­сан даа. Та алгасаад явчихлаа? 
-Улс төр болоод ард түмний оюун са­наа, хүмүүсийн эв түнжингийн хувьд жаахан хямралтай шүү. Энэ жил жаа­хан тийм байгаа. Тийм учраас үүнийг бүг­дээ­рээ бодоод аливаа муу юмыг гар­гахгүйн төлөө хүн болгон дор бүрнээ хичээгээд, өөрсдийнхөө муу оюун санаа, муу сэтгэл санаагаа ариус­гаад, өөр сайн сайхан зүйлийн төлөө зүтгэц­гээвэл тэр бүх таагүй үйл засрах ёстой. Хэр­вээ тэгж чадахгүй бол муу үр дага­вар нь гарах магадлал өндөртэй. Тийм учраас бид аливаа юмыг  алсаа бодож, тэвчиж, ухаа­лаг хийх хэрэгтэй. Монгол­чууд морины­хоо жолоогоор зүгээ залдаг даа. Өөрөөр хэлбэл, жолоогоо сул тавьчих ч гэж нэг байна. Жолоог нь татаад явах ч гэж нэг байна аа даа. Тэрэн шиг хүн амьдралдаа ямарваа нэг юмыг их зөв зохицуулж, морины­хоо жолоог татах үед нь татаж, тавих үед нь тавьж, зүгээ ололцохдоо хүртэл зөв зүг рүү нь ам хэлээ залах хэрэгтэй байна шүү дээ. Тэр утгаараа ард түмнээс бас ухаан тэвчээр шаард­сан, нэг талаараа сайн үйлсийн төлөө эв нэгдэлтэй байхыг шаардсан жил. Энийг бүгдээрээ анхаарвал сайнсан.

-Сонгуулийн үр дүнгийн талаар та үзэж амжаагүй байна уу?

-Үгүй.

-Одоо бол хараахан эрт байна уу?

-Тийм гэж бодож байна.

Шуналаас л салах хэрэгтэй байна

-Сая засаг төр жаахан бужиг­на­лаа. Шатахууны үнийн өсөлт, тэ­рийг да­гасан иргэдийн бухимдал гээд л. Теле­визээр харж байхад хүмүүс үргэлж л амны билэггүй, бухимд­сан, буруут­гасан үг ярьж байна. Энэ ямар учиртай вэ. Үнэхээрийн төр засаг нь үргэлж буруу бодлого явуулдаг юм уу. Эсвэл бид нарт амны билэггүй, үргэлж голж байдаг  зуршил суучихаад байна уу?

-Ерөөсөө ертөнцийн бүх юмс үзэгдэл шүтэн барилдлагатай байдаг. Цаана нь шүтэн барилдахуйн том хууль үйлчилж байдаг. Тэгэхээр хувь хүн ч, улс орон ч шү­тэн барилдахуйн тэр мөн чанарт л ор­шиж байгаа юм. Тэр шүтэн барилда­хуйн мөн чанар дээр оршиж байгаа уч­раас л хүмүүс тэр шүтэн барилдахуйн та­лаас нь муу юм болох гэж байна гэд­гийг хэрвээ мэдэх юм болбол сайн юм болох шүтэн барилдлагуудад нь өөрс­дөө орж өгөх ёстой. Түрүүн хэлсэн дээ са­наа бод­лынхоо жолоог сайн барилд­лага руу залж байх ёстой гэж. Ингэхийн бол цаашдын үр дагавар нь сайнаар гар­на. Нөгөө талаараа бол ерөөсөө улс ор­ны ажил үйлс бүтэж явна гэдэг чинь хүний ухаанаас болж байгаа юм. Тэрийг хэн чиглүүлж байна вэ гэхээр хүний ухаан чиглүүлж байгаа юм. Тийм учраас улс болоод ард түмний аж амьдрал, аливаа үйл хэрэг дорой байна гэх юм бол бид өөрсдийнхөө ухаан руу харах хэрэгтэй. Бидний ухаан чинь буруу ажил­лаад байгаа юм биш үү. Бид буруу сэт­гээд бай­гаа юм байна шүү. Зөв сэтгэж ча­­дах­гүй байгаа юм байна гэж  ухамсар­тай хандах хэрэгтэй. Улс үндэстнийг авч явах гол юм ерөөсөө мэргэн саруул, алсыг харсан бодлого шүү дээ. Өнөөдөр бид бараг л улс орныхоо явдал суудлыг сон­гуулийн мөчлөгт тохируулж л төлөв­лөөд байна шүү дээ. Дөрөв дөрвөн жи­лээр. Уг нь  ухаантай ард түмэн бол жар­наар төлөвлөдөг. Жарнаар шүү дээ. Энэ маш чухал. Одоо арвандолдугаар жаран гэж бай­гаа бол арваннаймдугаар жаран­даа өнгөрсөн жаран ямар мөн чанартай байв гэдгийг судалсан, мэдсэн, туулсан түмэн гишгэж орно шүү дээ. Тэр жаранд байгаль болоод энэ ертөнцөд үүсдэг ямар ямар шалтгаанууд байна. Тэрний аль нь сайн нь юм, аль нь муу нь юм гэдгийг мэдсэний үндсэн дээр тэрэнд зохицуулж улс үндэстэн өөрийнхөө хөгжлийг тодорхойлж байх ёстой байхгүй юу. Би бол тэгж л боддог. Бас нөгөө нэг талаараа төрд хэрвээ итгэл аваад гарч ирж байгаа бол үнэхээр тэр ард түмний итгэлийг даасан итгэлт хүн нь байх хэрэг­тэй. Гэвч зарим маань тэр итгэлт хүн байж чадахгүй бол­чихоод байна л даа. Өнөө­дөр нэг сай­хан юм амладаг. Дараа­чийнхаа суурин дээр шал өөр. Ард түмний итгэлийг олж сонгуульд  гарч ирэх болохоороо их аятай­хан юм ярьчи­хаад, гарч ирснийх нь дараа үйлдлүүдээ буруу хийгээд явчихаж байна шүү дээ. Тэрийг бид бүгдээрээ хараад л явцгааж байна. Ямар юм хэлж байсан нөхөр би­лээ. Гэтэл нөхрийн гаргасан муу үйлд­лүүд, түүний араас ургасан муу үр дагавар иргэд бидний аж амьдралд яаж тусав. Зөрчил бол ердөө л энэ. Тэгэхлээр анх тэр өндөрлөг рүү зүтгэхдээ агуулсан сэтгэл нь буруу байсан л байгаа байх­гүй юу. Сэтгэл нь буруу байсан, бод­сон санасан юм нь буруу байсан уч­раас үр дагавар нь буруу л гарна. Али­ваа нэгэн хортой ургамлыг тарихад тэр­ний хортой үр үсэрхийлж л таардаг. Тэгэхээр ямарваа нэгэн юмыг зорих­доо эхлээд зөвийг бодож, зөвийн төлөө л зүрхээ цохилуул. Тэгвэл үр дагавар нь бас яг тэрэн шигээ цагаан үр дага­вар л гарна шүү дээ. Тийм учраас энэ шалт­гаан үрийн хуулийг Монголын ард түмэн сайн ухаж мэдэх хэрэгтэй юм шүү дээ. Хуучин бол мэддэг байсан юм аа.

-Одоо?

-Одоо харин мэдэхээ больчихож.

-Угаасаа л төр дандаа чамлагдаж явах заяатай юм биш үү?

-Түрүүний үгээ жаахан гүйцээ­чихье. Шалтгаан, үр дагавар энэ хоёрын хуу­лийг л сайн ойлгох хэрэг­тэй. Би хувьдаа төрд шуналаасаа ха­гац­сан хүн л байх хэрэгтэй гэж үздэг. Эрх мэдлийн, эд баялгийн гээд бүх шу­налаас шүү дээ. Шуналаас л хагацаж чадаагүй бол өөрөө ерөөсөө больчих хэрэгтэй. Би хүн гэдэг энэ сайхан төрлийг олж төрчихөөд өөрийнхөө шуналд хөтлөгдөж хэдэн жил улс түмнээ хуурчээ. Дахин муу үйлийн үрийг нэмж хураагаад яахав гэж бодоод ухамсраараа болих хэрэгтэй. Аа, харин би нэгэнт шуналаасаа хагацаж чад­жээ. Би яг үнэн чанартаа бодьсад­ваагийн явдлаар явж, амьтны тусыг хийх гэж байна аа гэвэл тэрэнд гарч ирэх хэрэг­тэй. Ер нь УИХ, Засгийн газар гэлтгүй төрд зүтгэж яваа хүн бүр аливаа нэгэн байгууллагын дарга удирдлага бүгд бодьсадваагийн явдлаар явах хэрэгтэй. Бодьсадваа­гийн явдлаар яваад ирэхлээр үр дагавар нь ард түмэнд болоод улс эх оронд сайнаар нөлөөлж эхэлдэг байхгүй юу. Би бол ингэж л боддог. Тийм учраас өнөөдөр энэ Улсын Их Хурлын гишүүн болоод явж байгаа, болох гэж зүтгэж яваа, төрийн бусад албан тушаалд дэвших гэж байгаа нөхөд хамгийн нэгдү­гээрт үйлийн үрийн толинд өөрийгөө харах хэрэгтэй. Би ер нь ямар үйл хийх гээд бай­­гаа юм. Үр дагавар нь юу гарах юм гэ­дэг юмаа эхлээд өөрийнхөө толинд, үйлийн үрийнхээ толинд харах хэрэг­тэй. Тэрний дараагаар өөртөө үнэхээр үнэ­лэлт өгчихсөн бол, тэр үнэлэлт нь сайн гэж гарсан бол ард түмний боол мэт зүтгэх хэрэгтэй. Ерөөсөө бодьсад­ваа нар бол амьтан болгоны тусын тулд боол мэт зүтгэдэг тийм л агуу сэт­гэлтэй бай­даг. Тийм их нинж асрал­тай. Нинж асрал байхгүй байж амьтны тусыг яаж хийх билээ. Энэ хүмүүс маань харин үнэн хэрэг дээрээ тэгэх­гүй байгаа учраас энэ чинь зөрчилдөөд байна шүү дээ. Зарим­даа ямар ачаал­лыг ард түмний нуруун дээр үүрүүлээд байна гэдгээ ухамсартай ойлгодог байх хэрэгтэй. Өнөөдөр би байгууллага удирдаад явж байхад тө­рийн ямар нэгэн дарамт шахалт, төрийн буруу үйлдлээс болсон муу үр дагавар нь надад нөлөөлнө. Миний харьяалалд яваа бүх хүнд нө­лөөлж байгаа. Тэ­гэнгүүт би тэд нарыгаа хараад өрөвдөж байгаа байхгүй юу. Ямар хэцүү юм бэ, бид өөрсдийн эрх мэд­лээс бололгүй бу­сад эрхтэн дархтануудын эрх мэд­лээс болоод нийтдээ ийм зовлонг эдэлж байна шүү дээ гэж. Ийм л юм байна шүү дээ. Тийм учраас аливаа нэгэн тушаал шийдвэр, гаргаж байгаа хууль дүрэм гэдэг бүгд цаанаа хүний амьдралын үйл явцтай холбоотой байдаг учраас мэргэн бод­лого л хэрэгтэй. Нэг мулгуу тушаал, нэг муу шийдвэр гаргачихсан бол би нү­гэл хийчихлээ гэж бодох хэрэгтэй. Эсвэл нэг тушаал, нэг зарлиг нь зөв гарснаас болоод иргэд нь тайтгарч, хүмүүс инээж, талархаж, дэмжин хүрээлж байвал би нэг буян хийчихлээ гэж бодох хэрэгтэй.

-Манай монголчууд ярьдаг даа. Харахаас нуруу сайтай хүн дээ гэж. Тэрэн шиг та дотоод сэтгэлээ угаа­сан, бодьсадваа болсон хүн л улс орон, төрийн төлөө зүтгэх зөвшөөр­лийг өөртөө олгож болох юм гэж хэлж байна. Яг одоо таны энэ хэм­жүүрт дүйхээр хүн хэр олон ха­рагддаг вэ?

-Би Монголынхоо ард түмнийг их амны хишигтэй улс гэж боддог. Долоон  миллиард хүн байна аа даа, миний ойл­гож байгаагаар. Тэр үй түмэн улс дот­роос Монголыг олж төрнө гэдэг бол сай­хан хувь төөрөг. Их амны хишиг, буян. Тэр түг түмэн хүн дотроос шиг­шиг­дээд Мон­голоо олоод төрчихлөө. Тэрнийхээ дараа Монголынхоо ард түмний төлөө юм хийх хүмүүс нь дахиад тэр дотор шигшүүрдэгдээд бас үлдэх хэрэгтэй. Би бол Монголын ард түмэн дотор жинхэнэ буяны сэтгэлтэй, сайн явдал мөртэй, бодьсадваагийн явдал мөртэй улсууд олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хуучин ч их олон бодьсадваа нар Мон­голд төрж байсан. Тийм учраас тэр хү­мүүсээ Монголын ард түмэн “Тэр нам, энэ миний танил, тэр минь, энэ минь” гэх алагчилсан үзэл дээр биш жинхэнэ бидний итгэлийг даадаг, өөрөө тийм чадал суучихсан, шуналаасаа салчих­сан, муу сэтгэлээсээ ангижирсан хү­нийг таньж сонгох хэрэгтэй. Тэр итгэл даагч нь ч ёстой хамгийн хүнд ачааг би үүрнэ гэж бодох хэрэгтэй. Ард түмэн дээр ирж байгаа лай ланчигийг тэр хүмүүс үүрч явдаг байхгүй юу. Бодь­сад­ваа нар үүрч явдаг. Бодьсадваа нар нэг хүнд тохиол­дож байгаа зовлонг өөр дээрээ татаж авдаг. Би чамд буянаа өгье, чиний зов­лонг би авъя гэж зүт­гэдэг байхгүй юу. Тэгэх­лээр өнөөдөр тийм юм байна уу. Тэгээд л бодох хэрэгтэй. Тийм хүмүүсийг л бид нар бо­­дох хэрэгтэй. Шуналаас салсан, юмыг хийж бүтээе гэсэн уйгагүй хөдөл­мөрч мятрашгүй хүмүүсийг гаргах хэрэг­тэй. Өнөөдөр хүмүүс зовлонгоос зугатаад байна. Жаахан барцад саа­даас зугатаж байна. Сайн юм болгоны өмнө барцад саад байдаг. Тэр болгоныг даван туулах тийм агуу чадлыг өөртөө бий болгох хэрэгтэй. Ардынхаа төлөө зүтгэнэ гэдэг зовохын нэр шүү дээ. 

-Ард түмэн нь ч бас сайхан хү­лээж, тэсч, итгэж найдаж сурах хэрэгтэй биз дээ?

-Тийм.

-Би боддог юм. Таны бодолтой хэр нийцэх эсэхийг мэдэхгүй байна. Манай шинээр тавигдаж байгаа жүжиг, гарч буй уран зохиол, дуурь бүх юм нэг л сэдэвтэй зууралдаж бай­на. Харахаар л эргээд мөлжиж бай­­гаа юм нь өнгөрсөн түүх. Хам­гийн сул дорой ард түмэн өнгөрсөн түү­хээрээ амьдардаг гэдэг дээ. Чин­гис гэдэг нэр л урдаа барьж давхисан улс. Бид бол зовлон үзээгүй ард түмэн шүү дээ. Японы ард түмнийг хар, Орос, Хятадыг хар. Юу туулж явж өнөөдрийн супер гү­рэнд очив. Яахав өмнөх үедээ бид зөн­дөө л байлдаж, дайтаж явсан үйлийн үртэй улсууд байх л даа. Гэхдээ л манай ард түмнээс нэг тийм танхилдуу, хатуу хөтүү юм үзээгүй зан мэдрэгддэг. Юм даахдаа тэсвэр муутай ч юм уу, ам хэл нь түргэн ч юм уу. Танд ийм юм ажиг­лагддаг уу?

-Таны асуулт надад олон зүйлийг бодогдуулж байна. Би  дээр юу ерөөсөө энэ дэлхий ертөнц үүссэн цагаасаа эхлээд л дандаа зөрчил тэмцэлтэй явж ир­сэн. Ер нь энэ замбуулингийн өөрийнх нь мөн чанар тийм. Мон­гол­чуудын хувьд ч маш олон дайн дажныг үзэж зовж шаналсан. Бас өөрсдөө ч хаа газрын олныг зовлонд унагаж бай­сан үйлийн үр бидэнд байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ нэг эрх чөлөөний нар­ны тусгал тусч бай­гаа орон зайгаа сайн мэдэрч амьд­рах хэрэгтэй. Хүссэн болгон бас бидэн шиг хувь заяаг эдлэхгүй байна шүү дээ. Том утгаар нь харвал тийм. Хүн төрөлх­төн чинь ердөө энх тайвнаар зэрэгцэн ор­шъё гэдэг л нэг нийтийн хүсэл эрмэл­зэлтэй байгаа биз. Энэ бол хамгийн чу­хал. Энэ яаж байна гэхээр ертөнцийн хү­мүүс урьдах тэр их зовлонгуудын мөн чанарыг санаж байгаа байхгүй юу. Зов­лон, дайн дажны ул мөр гэдэг чинь али­ваа хүмүүн төрөлхтний ойгоос тийм амар арилдаг эд биш шүү дээ. Тийм уч­раас одоо энэнээс түр ч гэсэн амс­хийе гэж бодоод байна ш дээ. Гэтэл сүүлийн үед зовлон үзээгүй нөхдүүд, зовлонгийн мөн чанарыг мэдэхгүй нөхөд дайн да­жин хийе, аль болохоор болохгүй юмыг хийе гэсэн харгис өдөөн хатгалга явуулж эхэлж байх шиг байна. Ингэж болохгүй л дээ. Энэ бол хамгийн буруу. Хүн чинь ингэдэг юм байна. 100 юмуу, 150 жил ингээд дайн дажингүй явчи­хан­гуутаа дандаа ийм байдаг юм шиг бо­доод нэг хийгээд үзье ч гэдэг юм уу элдэв бол­чимгүй сэдэл гаргадаг юм байна. Ингээд  л зовлон эхэлчихэж байгаа байх­гүй юу. Тийм учраас л бид тэр зовлонг дуудсан тийм юм руу явж болохгүй. Энэ бол дэлхий нийтийн өөрийнх нь эрх ашиг.

-Одоо манайд ч тэмцэл, хувьс­гал гэж нэг хэсэг нь их ярьдаг болоод байгаа шүү дээ?


-Тийм, одоо тэгж дуудаад аягүй хэцүү. Их зовлон л авчирна. Нөгөө  та­лаараа бол бас тэрэндээ тултал шанал­гааг нь үүсгэх хэрэггүй л байгаа байх­гүй юу. Ерөөсөө л хүн төрөлхтөн гэдэг бол амар амгаланг, аз жаргалыг л хүсч явдаг. Тийм учраас тэдэнд зов­лон өгөх биш, хүсээд байгаа аз жар­галыг нь өгөх гэж төр засаг нь ажил­ладаг.

Эвий хөөрхий минь гэдэг үг өнөөдөр бараг хэлэгдэхээ больчихож дээ

-Ер нь бол хүний туйлын хүслэн амар амгалан байх л юм даа. Да­рамтгүй, эрх чөлөөтэй, дуртай зүй­лээ хийж амьдрах. Тэрэндээ тохир­сон цалин авч, түүгээрээ тайван, сэтгэлийн жаргалтай аж төрөөд явбал болоо?

-Тийм ээ, яасан сайхан санагдаж байна вэ. Амар амгалан. Амар амгалан л шүү дээ. Ерөөсөө тэнд явж байгаа хор­­хой ч амар амгаланг хүсээд л явж байгаа, тэнд хөөрхий буудуулах гэж бай­гаа тарвага ч гэсэн буудуулж үхэн үхтэлээ амар амгаланг л бодоод явж байгаа. Тэрний төлөө л явж байдаг. Амьтан болгоны эрхэм зорилго амар амгаланг л хүсч явдаг. Тийм учраас бид ийм мөн чанартай амьтан мөртлөө нэгэндээ зовлон хураах юмыг хийгээд хэрэггүй л дээ. Хүн болгон л дор бү­рэндээ л нэг хүнд сайхан үйл хийж, сай­­хан бодол тө­рүүлж, дэмнэж дэм­жиж, амар амгаланг өгөхийн төлөө явах хэрэгтэй. Эвий хөөрхий минь гэдэг үг өнөөдөр бараг хэлэгдэхээ больчихож дээ. Бид бүгдээрээ нэг нэгнийгээ хайрлах сэтгэлд суралцах хэрэгтэй. Нэг нэгнийгээ сэтгэлээр нь хөнөөгөөд явж болохгүй. Монголчууд бид сайн хү­мүүсийг мэддэг, таньдаг өвөрмөц мэдрэхүйтэй хүмүүс шүү дээ, уг нь. Тэднийхэн удмаараа сайн улс шүү гээд хөшчүүд нэг дуугарч байдаг даа. Тийм мэдрэмжтэй улс. Гэвч одоо сайхан юм хийчихсэн хүнийг мэдэж байгаа. Сайн үйлтэй гэдгийг нь мэдрээд байгаа мөрт­лөө монгол хүний одоо тэр ямар зан нь байдгийг би мэддэггүй юм. Тэр үед нь тэр хүндээ хэлдэггүй. Дараа хэлнэ дээ л гэж боддог юм шиг байгаа юм. Дараа хэлэх гэж явж байтал хор­воо мөнх бусын хуулиар тэр нь өнгөр­чихдөг. Тэгэнгүүт нь нэг хэсэг уйлдаг. Энэ бол бид нарын бас нэг дутагдал. “Тэнэгийн ухаан үдээс хойш” гэдэг ухаанаар л яваад байгаа юм болов уу гэж би боддог юм. Чамд тэр хүн үнэхээр л сайн юм хийсэн л бол яг нүүрэн дээр нь хэлээд, сайшаагаад, баяр бахдалаа хуваалцаад, гэрэл гэгээг нь улам бадрааж өгөх хэрэгтэй. Энэ сай­хан эрдэнэт хүмүүний төрлийг олчихоод нэгэндээ хайрлах нигүүлсэх сэтгэлийг харамгүй үзүүлж, чамайг гийгүүлж бай­гаа тэр сайхан нөлөө, чамд өгч байгаа баяр баясга­лангийн хариуг ариун сайх­наар өгч сурах хэрэгтэй. Сайхан үгийг дараа хэлнэ дээ гэж болдоггүй юм байна шүү гэж л би хэлэх гээд байгаа юм.

-Би их олон хүнтэй уулзаж учирч явжээ. Бараг л 20-иод жил  дандаа хүмүүстэй ярилцлага хийж байна. Тэгж явахад маань нэг ухаан­тай хүн хэлж байсан юм. Харамч хүнд юм байвал өгөөд л бай. Чамд муу үгийг хэлж, муу үйлийг тариад байдаг хүнд чи улам л сайн байгаад бай гэж.  Би үүний учрыг ерөөсөө олоогүй?-Жаахан цөхрөөд байгаа юм аа даа.

-Хайрлаж хүндэтгэсний хариуд чанга чанга алгадалт, нулималт, ха­туу өсгийгөөр зүрхэн дээр гишгэл­сэн зовлонгууд ирдэг юм биш үү?

-Тэрэнд сэтгэлийн тэвчээрээ да­руулж болохгүй. Тэвчээрээ алдаж бо­лох­гүй. Ерөөсөө тэр тэвчээрийг хатуу­гаар барих нэг ёс байна. Энэ эргэн той­ронд чинь бас муу мөн чанарууд байгаа шүү дээ. Хөөр­хий тэр хүнд чиний энэр­лийг сэт­гэлд чинь хүртэл хүлээж авах ухаан, соёл, эрдэм боловсрол нь байх­гүй бай­гаа байхгүй юу. Тийм учраас мунхагийн харанхуйд тэр амьтан бас хүлээтэй байна. Энийг л бодож тэвчих хэрэгтэй. Нэгэнт олоод агуулаад төрчихсөн гэрэл гэгээ, энэрэлт нинжин сэтгэл, саруул ухааныг хүн ийм дайрлагаас болж алдаж болохгүй. Гомдол, гутрал төрөөд байсан ч тэвчих л хэрэгтэй. Бид бүгдээрээ тэвчээрт суралцах хэрэгтэй юм даа.

-Сайхан сэтгэл гэдэг юманд хязгаар байх уу. Цөхрөх гэсэн ойл­голт байх уу?

-Сайн сэтгэлд хязгаар байж болох­гүй. Улам л хязгааргүй руу нь явуулах хэрэгтэй.

-Харахад тэнэг хүн шиг болтлоо яваад л байх хэрэг үү?

-Баяжуулаад байх хэрэгтэй. Улам л мөн чанарынх нь утга учирт хүртэл  явах хэрэгтэй. Сайн санааны тэвчээ­рээ буяныг ургуулаад л яваад байх хэ­рэгтэй. Тэр хүн чиний тэвчээрийг ба­раад байвал энэ хүн миний хамгийн сайн багш байна даа гэж бодох хэрэгтэй. Миний уурыг дарж байгаа багш маань байна даа гэж ойлго.

-Хайрлах, тачаадах сэтгэл үйлийн үрд орох уу?

-Хайрлах сэтгэл юуны үндсэн дээр байна гэдгээс болоод бас ялгаа байгаа. Үнэхээр бодьсадваагийн үүднээс өрөв­дөж хайрласан бол буян л болно. Тачаадах сэтгэл бол тэртээ тэргүй нү­гэ­лийн үр үндэстэй л байгаа ш дээ. /Инээв/ Ертөнцийн юмыг бид нар ертөн­цөөс гэтэлчихсэн ухаантай холиод бай­гаа юмаа. Үнэхээр ертөнцөөс гэтэл­чихсэн мөн чанарын юм хийнэ гэдэг бол бас арай өөр ойлголт.

-Бас нэг юмыг гайхдаг. Үнэхээр муу хүн мөртлөө аргалаад л эд баялаг, эрх мэдэлд хүрээд байдаг. Алхам тутамдаа худлаа ярьж, хүн мэхэлж байгаа хүн амжилттай л яваад байдаг. Эрдэм чадалгүй, эл­дэв муу үйлийг үргэлж хийж явдаг хүмүүст боломж дандаа олдож байдаг нь ямар учиртай юм бол?

-Тэгэхлээр тэр хүн бол урьд төрөл­дөө сайн явах үйлийнх нь үр нь хурааг­даад тэрний үр дагавар нь энэ яваа насанд нь тохиолдож байж болно. Гэтэл энэ төрөлдөө бусдын өмнө үйлдээд байгаа бурууг нь та ч, би ч хараад байна ш дээ. Яаж ингэж явж болдог юм бол. Үйлийн үр нь ирж улаан цайм доройтох ёстой доо гэж харах гэн­гүүт тэр муудахгүй л яваад  байгаа биз. Хөөрхий тэр амьтан бол энэ насандаа муугаа хураачихлаа. Үр дагавар нь энэ яваа насанд нь ч гарч болно, дараа төрөлд нь ч гарч болно. Гарах нь бол гарцаагүй. Хэзээ гэдэг нь цаг хугацааны л асуудал.

-Бусдыг хуурах, мэхлэж ашиг хон­жоо олох, нөхөрлөл андгай­наа­саа урвах, хүмүүсийг хооронд нь эе эвдэх, гүжирдэх, хилсээр яллах эд бүгд чинь одоо аймшигтай нүгэл биз дээ?

-Нүгэл, нүглээс гадна өөрт нь их зовиуртай шүү дээ. Гутамшигтай, үнэ цэнгүй, ариун бус амьдрал юм. 

-Би бол нийгмийн бүх дав­харга руу орж ажилладаг мэргэжилтэй хүн. Тран­шейнд байгаа хүүхэдтэй ч ярилцаж, шоронд байгаа дээр нь ч очиж, УИХ-ынхантай нь ч уулзаж явдаг. Ингэж  холилдож явдаг хүн л дээ. Сүүлийн үед нэг тийм олиггүй хүн дээ гэж бодсон хүмүүсээс, эл­дэв зов­лонтой, хэл амтай сэдвээс зугтмаар санагдаад байдаг бол­чих­лоо. Энэ нь өөрийнхөө үүргээс зуг­таж байгаа хэрэг үү, эсвэл ядарсан хэрэг үү. Эсвэл аминчхан болж бай­гаагийн илрэл үү?

-Та бол хязгааргүйд явж байгаа хүн. Ер нь одоо энэ мэдээлэл гэдэг юм хяз­гааргүй болж байна шүү дээ. Энэ бол дуу­сашгүй орон зай. Дуусаш­гүйтэй ажил­лаж байгаа мэргэжил, мэдлэг бол хяз­гаар­гүй руу л явж байна гэсэн үг. Нэгэнт сонгосон мэргэжил чинь шүү дээ. “Би энэ муу энергитэй юмнаас хол явъя” гэж бодож эхэлж бай­гаа бол бас л доголдолтой сэтгэг­дэл. (инээв)

-Би өөрөө амьдралд алжааж, өөрөө амар амгалангаа алдаад бай­гаа юм бай­на гэж бодох хэрэгтэй юм байна л даа?

-Тэгэж л бодох хэрэгтэй. (инээв) Та их сонирхолтой хүн юм. Би сэтгүүл­чидтэй тэр бүр уулзаад байдаггүй. Энэ орчиндоо л амьтны тусын тулд чад­лаараа  зүтгэж яваа хүн. Ингэж удаан яриагүй удсан байна.

Би бол тал дээрээс босч ирсэн энгийн нэг  малчны хүүхэд

-Шашны томоохон зүтгэлт­нүүдийн намтар түүх, гарал угсааг бид тэр бүр сайн мэддэггүй. Таны зам яаж яагаад энэ ертөнцийн хүн байхаар заяагдсан юм бол. Та өөрийгөө энгийн бид нар шиг сэт­гүүлч, инженер, техникч болохоор хүн биш байна гэдгээ анх хэзээ яаж мэдэрсэн бэ.  Таны бага нас, удам гарал бүгд сонин байна?

-Завхан аймгийн Цагаанчулуут сумын хүн л дээ. Би  хүний төрлийг олс­ноороо их баясч, бахархдаг хүн. Хүний төрлийг олсныхоо мөн чанарыг бас зөв өнгөрөөчих юмсан гэж хичээж явдаг. Хүний төрөл бол цаг хугацааны хэмжүүр­тэй. Мөнхийн төрөл биш. Тийм учраас хүмүүний төрлийг олсноо арван цагаан буяныг хурааж явсныгаа нэг удаа авч ашиглаж байгаа дээдийн төрөл гэж ойлгож болно. Тийм их буяныг цуглуулж цуглуулж энэ  сайхан хүмүүний төрлийг авчихсан юм чинь дордуулчихгүй юмсан гэж чармайж явдаг . Миний урд төрлүүд их сайн байж дээ гэж би боддог. Тэр урд төрлүүд нь сайн байсны үр дагаврыг би өнөөдөр эдэлж байгаа учраас хийж ирсэн буяныг нь дордуулахгүй сайжруул­чих юмсан л гэж бодох юм. Нийтийн ачааг үүрэх тийм хувь тавилан надад оноогд­жээ. Юм бүхэн учиртай. Намайг бага балчир ахуйд манай нутаг орныхон наадахаа харж яваарай гэж захицгаа­сан  гэдэг . Олны тусыг хийх хүн юм байна шүү гэсэн юм гэнэ лээ. Тэр утгыг нь одоо би бас үнэн ч юм болов уу гэж боддог.

-Танай удамд лам, хуварга хүмүүс олон байв уу?

-Манайханд лам, хуварга улсууд байсаан. Тэгээд яахав энэ төрөлд маань бас нэг удмынхаа тэр их хүмүүсийн ачааг үүрэлцэж явахын залгамж ерөөл надад ирж дээ. Ачаа үүрнэ гэдэг бол бас учир­тай юм байдаг аж.  Өөрөө сайн боловс­рох хэрэгтэй юм байна. Эрдэм боловс­ролыг сайн эзэмших хэрэгтэй юм байна, чадалтай болох хэрэгтэй юм байна, сэтгэлээ улам их агуу болгох хэрэгтэй юм байна. Сэтгэлийн агуу их, ариун тансаг хязгааргүйд өөрөө амар амга­лантай­гаар орших хэрэгтэй юм байна. Өөрөө хэдий чинээ амар амгалан сайн агаарыг өөртөө бий болгож чадна, төдий чинээр олон хүнд туслах юм байна. Би хүмүүст хэлдэг л дээ шаварт хоёр хүн шигдчихлээ. Хэн нь нэгийгээ татах вэ гэдэг асуудал байгаа байхгүй юу. Хэн нь ч татаж чадахгүй  бол хоёулаа тэр шаварт шигдсээр байгаад л дуус­чихна. Тийм учраас  нэгийгээ татахын тулд шаврын гадна талд л байх хэрэгтэй гэж. Нүгэл хилэнцэд шигдвэл шавар шиг улам л доош нь хөхөөд татаад байдаг.

-Намаг...нүгэл...оносон зүйрлэл байна?

-Тийм учраас тэрэнд татагдаад ор­чихгүйн тулд хүн жаахан буянлаг байх хэрэгтэй. Би хүмүүсийн зовлонтой, өв­чин эмгэгтэй ажилладаг хүн . Тиймийн тулд би өөрөө тэднээсээ арай дээр хэм­жээнд хүрээгүй байж тэд нарыг татаж, тэдэндээ сайхан юмыг өгч чадахгүй. Эсвэл би тэд нараасаа дор байх юм болвол яаж санаа байгаа ч туслахад хэцүү л байгаа байхгүй юу. Тийм учраас өдөр шөнөгүй суралцаж, судалж, ажил­лаж байдаг. Тэрний төлөө номтой болох хэрэгтэй юм байна. Яахав эмч хүнийх нь хувьд надад ит­гээд хүмүүс ирж байна. Өнөөдөр зов­лон­гоосоо тэр хүнд очоод нэг салчихъя даа гээд надад итгээд ирж байхад би тэр итгэлийг нь даасан л хүн байх хэ­рэгтэй. Тэр итгэлийг даахын тухайтад хариуцлага бол надад том ачаа болж ирж байгаа юм. Тэр том ачааг л одоо яаж зөв ухамсартай үүрэх вэ, тэр хүмүүсийн зовлонг би яаж нааш нь ховх татаж, тэр зовлонгийнх нь оронд яаж би аз жаргалыг өгөөд явуулах вэ гэдэг юмыг бодож суудаг. Тэрэнд л одоо суралцаж яваа хүн дээ. Тийм учраас энэ бол бас л нөгөө хязгааргүй рүү л явж байгаа хэрэг юм даа.

-Таны багш гэж ямар хүн байна, но­мын багш, эмийн багш гээд олон биз дээ?

-Би бол олон багш нарыг шүтэж, олон жил ном үзсэн хүн л дээ. Мон­голын, Түвдийн сор болсон эрдэмтэн мэргэдээс ном сонсож явсан нь нэгэн сайхан хувь тавилан юм болов уу. Урьд урьдын их ерөөл байсан болов уу гэж боддог юм. Олон сайхан багш нарыг шүтэж тэдний­хээ зарлигийг сонсч явлаа. Багшийгаа үнэн сэтгэлээсээ хайрлаж, тэд нарынхаа ач тусыг дурсан санаж, ачийг нь зөв хариулах юмсан гэж бодож явдаг. Надад  далан хэдэн оноос хойш анагаах ухаан, зурхай, энэ бурхны шашны номыг зааж байсан тэр их мэргэдүүд бол Нацагдор­жоо чи өөрөө л сайхан амьдраарай гэж заагаагүй. Өрөөлд чи тус болоорой, бусдад тус болоорой гэж заасан. Тийм учраас би тэр заасан юмыг нь арвижуу­лаад улам бусдын хүртээл болгох юмсан гэж л зүтгэж байгаа. Багш нарынхаа ачийг хариулах юмсан, аав ээжийнхээ ачийг хариулах юмсан. Ахан дүүс бол­сон энэ Монголын ард түмэн, миний энэ амьдралд тус болж явсан, ядарч зүдэрч явах үед минь хажууд минь зогсч байсан тэр олон хүмүүсийн тусыг хариулахын тухайтад унтах нойроо хасах хэрэгтэй юм байна. Ер нь бид одоо бүгдээрээ тэр их тансаг тарвалздаг явдлыг зогсоох хэрэгтэй. Тийм амьдралыг би нэг их эдлээгүй. Би бол тал дээрээс босч ирсэн Монголын нэгэн малчны хүүхэд. Би юунд итгэдэг вэ гэхээр урд тавилан, урд төрлүүд маань их сайн, буянтай улс байж дээ гэдэгт харин итгэдэг.

-Таны бага нас яг тэр сумандаа өнгөрсөн үү?

-Тэгсэн, Цагаанчулуутад. Хүүхэд на­саа тэндээ өнгөрөөгөөд хожим хотод ирж, сургууль соёлоор дамжиж энэ хүр­сэн.

-Шашны сургууль уу?

-Эхлээд би гидротехникээр сур­сан. Усны мэргэжлийн хүн л дээ. Миний анхны мэргэжил энэ. Дараа нь Шашны их сургууль төгссөн, дараа нь Их сур­гуульд сурч төгссөн, гадаад харил­цаанд. Тэгээд Түвдийн “Эмнэ­лэг зурхайн институт”-д очиж суралц­сан. Тэгээд 1990 оноос хойш Мон­голын уламжлалт эмнэлэг сургалтын төв “Манбадацан” гэдэг байгууллагыг анх байгуулаад, 1991 онд “Оточ Ман­рам­ба” дээд сургуу­лийг байгуулаад өнөөг хүртэл аваад явж байна. Миний сэргээж байгуулсан “Ман­бадацан” хийд бол 1760 онд байгуу­лаг­даж байгаад 1938 онд устсан ийм хийд юм.  Анагаах ухааны энэ хийдийг нэрээр нь, уламж­лалаар нь дахин сэргээж хөг­жүүлсэн. Гэхдээ энэ хийдийг манай гу­рав­дугаар Богд Ишдам­бийням Хутагт бээр барьж байгуулж байсан юм байна лээ.

Манай анагаах ухааныг Өрнийн ч биш, уламжлалт ч биш болгох гэсэн нэг хэсэг том хүч байгаа

-Манайхан гадны юмыг, хүний юмыг илүүд үзэж шүтэхдээ дуртай улс. Хятадын уламжлалт анагаах ухаан үгүй ээ мөн сайн шүү гэж ярина. Монголын уламжлалт анагаах ухаан маань болохоор бидний амьдралд эзлэх байр сууриар бага. Ялангуяа шинэ үеийн монголчуудад. Бид хуучин өөрөө өөрсдийгөө анагаагаад л, нүүж байлдаж явсан ард түмэн байх. Яагаад бид уламжлалт анагаах ухаанаа хая­чихаад Өвөрмонгол руугаа  явсаар, Хятад, Солонгос руу урссаар байдаг юм бэ. Монголын энэ уламжлалт эм­нэлгийн хөгжил нь ямар төвшиндээ явж байна вэ. Мөн төрийн зүгээс уламжлалт анагаах руугаа чиглэсэн юм хэр байдаг юм бол?

-Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг юм маань өнөөдрийн бид­ний тооцож гаргасан баримтан дээрээс аваад үзэх юм бол 2972 жил болж байна л даа. Гэхдээ яг одооны энэ хэрэглэж бай­­гаа онол нь. Тэрнээс өмнө бол хяз­гаар­­гүй. Хэдийд анагаах ухаан үүссэн байна, энэ дэлхий ертөнцөд. Тэгээд л эхтэй. Бидний авч явж байга яг энэ анагаах ухааны онолыг авсан хэд хэдэн хэдэн улс үндэстнүүд байгаа юм. Энэ анагаах ухаан бол Буддын онол дээр суурилчихсан тийм анагаах ухаан юм. Тэгээд нөгөө шашингүй үзэл мүзэл болоод ирэхлээр чинь нэг хэсэг далд явс Энийг хэн авч хөгжүүлсэн гэхлээр Түвдүүд авч хөгжүүлсэн, зарим нэг Энэт­хэгийн одоо анагаах ухаангуутангууд л бол энд хамааралтай байж байгаа. Тэгээд Монгол авсан. Халимаг, Буриад, Тува гээд Монгол үндэстэн ястнууд авсан. Хүмүүс маань ямар айдастай аж төрж байв. Хөжилд нь саад болсон олон юм бий. Яг манай энэ онолыг авсан улсууд гэвэл Түвд байна. Бутан  хавийн улс үндэстнүүд бол бүгд энэ анагаах ухааныг авч хөгжүүлсэн. Өвөрмонгол ч гэсэн үүний үндэс суурийг авч хөгжүүл­сэн. Энэ олон мянган жил хөгжиж ирэх­дээ нийгмийн болоод ард түмний эрүүл мэндийн сайн сайхны төлөө л байсан. Энэ анагаах ухаан бол бүр гэгээрлийн төвшинд нотлогдчихсон тийм анагаах ухаан. Энэ анагаах ухааныг бол Түвд, Монгол хоёр харин хар хайрцагны бодлогоор олон зууны турш ерөөсөө гадагш нь гаргаагүй авч явж ирсэн. Сүүлд наян хэдэн оноос хойш дэлхийн хил рүү ороод ирлээ л дээ. Тэгээд энийг чинь дэлхий судлаад ирэнгүүт үнэхээр гайхалтай юм байна аа гэдгийг нь олж нээж эхэлж байх жишээтэй. Үнэхээр сор болсон анагаах ухаан л даа. Гайхамш­гийг нь дараа дараачийн зуунууд улам л тодруулж өгнө. Улам үр дүн нь гарна. Ийм л юмыг бид тээж яваа юм. Тийм ч учраас монголчууд энийгээ хөгжүүлж явж байгаад 70-80 жил бол энэнээсээ холд­сон. Холдохдоо бол бас олон ний­тэд дандаа муухайгаар сурталчил­сан. Нэг тийм муухай цаг үе байсан л даа. Тэр нь хүмүүсийн сэтгэхүйд хоногш­чихоод байгаатай л холбоотой юм.

-Шашин бухан шүтэж болохгүй, Цагаан сарыг хийж болохгүй гээд л баахан явсан биз дээ?


-Тийм. Монголчууд энэ том анагаах ухааныг авснаараа бахархах хэрэгтэй юм байна лээ. Бас омогших хэрэгтэй юм байна лээ. Одоо дэлхийн анагаах ухаанд том хувь нэмэр оруулъя гэвэл мон­гол анагаах ухаан руугаа харах хэ­рэг­тэй. Бүр  бодлогоороо. Энийг хийхэд хэн хэрэгтэй юм бэ гэхээр уламжлалт ана­гаах ухааны нарийн мэргэжлийн мэр­гэшсэн улсууд, өндөр мэргэжлийн эр­дэмтэд. Өрнийн анагаах ухааны на­рийн мэргэшсэн эрдэмтэд. Энэ хоёр л нэг уулзвар дээр уулзаж байж, ярил­цаж байж, шүүж байгаад монголчуудын хувьд дэлхийд анагаах ухаанд хувь нэмэр оруулах том юмыг хийж чадна.

-Үргэлж л бие биеэ үгүйс­­гэж байсан хоёр шүү дээ?

-Гэхдээ одоо ойртон нягт­рах нэг утга байгаа юм. Зүгээр л дэлхийн анагаах ухааны тул­гамдсан асуудлуудад хариулт өгөх. Ийм юм байдаг юм байна, ингээд үр дүн нь гардаг юм байна, ингэдэг юм байна гэдэг юманд хариу өгөхөд энэ хоёр эрдэмтнүүд нийлчих юм бол цаг хугацаа хожно. 1998 онд Монгол улс уламжлалт ана­­г­аах ухааны төрийн бодлого гарга­сан. 2015 оныг хүртэл Эрүүл мэндийн яамнаас уламжлалт анагаах ухааныг хөг­жүүлэх төрийн бод­логын хэрэгжил­тийг хэрэг­жүү­лэх хөтөлбөр төлөвлөгөө гар­гаад явж байгаа. Энд бүх тус­галуудаа олсон. Гэхдээ уламж­лалт ана­гаах ухаан дээр бол тө­сөвт нэг ч юм тусгагддаггүй. Тэгж байж яаж хөгжүүлэх юм. Бидэн  шиг энэний төлөө 21 жил зүтгэж байгаа улсуу­дын хувийн зүтгэлээр л явж байна. Хоёрт нь бол энэ уламж­лалт анагаах ухааныг чинь ашиг­лаад анагаах ухаанд юм хийе гэсэн тийм нэг хэсэг том хүч бай­гаа. Манай анагаах ухааныг өрнийн ч биш, уламжлалт ч биш болгох гэсэн нэг хэсэг том хүч байгаа.

-Саармаг юм болгож хаях гэсэн үү. Аймаар юм. Гадны л хүч гэсэн үг биз дээ?

-Тийм. Ийм сургалт ч явж бай­гаа. Би бол энэний эсрэг явж бай­гаа хүн. Энд би хүнтэй муу­дал­цах гээд байгаа юмуу, сал­барыг унагах гээд байгаадаа биш. Ана­гаахын эрдэмд сургаж бай­гаа сургалтын систем рүү анхаа­рах цаг иржээ. Энэ хольж хутга­сан юмны үр дагавар нь муу гар­на шүү. Улсын өмнө ха­риуцлага хүлээж байгаа бол шу­даргаар хариуцлагаа хүлээх хэ­рэгтэй. Чадахгүй байвал ча­дах­гүй байна гэдгээ хэлчих хэрэгтэй. Чадаж байвал чадсан шиг чадаад явах хэрэгтэй. Ийм л юмыг одоо хатуу яримаар байна.

-Та нар эм бэлдмэлээ өөрсдөө л бэл­дэж байна уу.  Эх орноосоо юу, бас га­даад улс орноос оруулж ирж бай­на уу?

-Энэ уламжлалт анагаах ухаа­ны сал­барт тулгамдаж бай­гаа нэг зүйл таны яг энэ асууж бай­гаа эмийн асуудал байгаа юм. Гол бүтээгдэхүүн нь ургам­лын бо­лоод эрдсийн гаралтай, зарим нэг нь амьтны гаралтай ийм түүхий эдүүдийг ашиглаж хэ­дэн мянган жороор эм хийж бай­гаа. Энэ эмүүдийг зөвхөн Мон­голд ургасан ургамлуудаар бас бүгдийг хийж чадахгүй. Халуун орны зарим ургамал орж байна. Өөр бусад оронд ургадаг ургам­лууд орж байна. Тийм учраас бид зарим ургамал эрдсийн гаралтай зүйлүү­дийг гадаадаас оруулж ирж байгаа. Нэг хэсгийг нь Монго­лоосоо түүж бэлдэж байгаа. Мон­голдоо хийж байгаа монгол эм бол дэлхийн уламжлалт анагаах ухаан дотор нэг номерийн эм шүү. Яа­гаад би тэгж хэлж байна вэ гэхээр бид гадаадаас бүр хамгийн чанартайг нь сонгоод авчирч байна. Түүхий эдүүдийг нь шүү дээ. Монголд ургаж байгаа энэ ургамалууд маань бол дэлхий дээр нэг номерийн ургамал. Байгалийн цэвэр орчинд ургаж бай­гаа, байгалийн дөрвөн ули­ралд өөрөө шалгуураар гаргаж ирдэг ийм ургамлууд. Тийм учраас чанарын хувьд бол өндөр төвшнийх.

-Тэсвэрлэг, огт өөр чанар­тай байх л даа. Гэхдээ л бид со­лонгосын хүн орхоодой­ноос илүү сурталчилж чадах­гүй л байна шүү дээ, энэ юмаа?

-Чадахгүй байна. Бид нар тэрийгээ сурталчилъя гэхээр бүх мэдээлэл юм чинь хөлс мөнгөтэй болчихсон. Бидэнд тэр мөнгө нь ал­га. Төр бодлогоороо суртал­чилж өгөх хэрэгтэй юм шүү дээ, уг нь. Байсан, жамаараа хөгжиж явсан юмыг  төр өөрөө устга­чих­сан юм чинь. Одоо төр энэн дээр нэг анхаарал тавьчихмаар бай­гаа юм. Санхүүгийн дэмжлэг хэ­рэг­тэй байна. “Оточ Манрамба” сур­гуулийн хувьд Монгол Улсад нэг номерийн уламжлалт ана­гаахын ухааны эмч нарыг бэлд­сэн. Өөрсдийнхөө хүчээр. Одоо жаахан хүнд л байна.

-Та өглөөгүүр их завгүй байдаг юм байна. Өдөрт ер нь хэдэн хүн үздэг вэ?

-Өдөртөө 30 гаруй хүн үзэж оношилж, эмчилгээг нь шийдэж байна. 

-Манай монголчууд жаахан орой сэрдэг, юманд их хайнга ул­сууд л даа. Тэгж яваад л нэг мэ­дэхэд эрүүл мэндээ алдсан байх нь элбэг. Уламжлалт эм­нэ­лэг рүү ерөнхийдө энэ эмнэ­лэ­гүүдээр яваад итгэл найд­вараа алдсан, бүтэлгүй хариу сонссон хүмүүс ихэнхи нь ирж байна уу. Зүгээр сонгоод л ерөө­сөө  ардын эмчилгээгээ да­­гая гэсэн хүмүүс ирж байна уу?

-Сүүлийн үед ер нь хүмүү­сийн чиг хандлага их өөр болж бай­на. Ялангуяа энэ Монго­лын­хоо чанар­тай, аюулгүй эм эмчил­гээг хэрэг­лэе гэсэн нэг хэсэг хү­мүүс бол бий бол­сон байна. Нө­гөө нэг талаа­саа бүр аргаа бар­чи­хаад ирж бай­гаа хүмүүс ч их байна. Нөгөө нэг хэсэг нь бол ерөө­сөө энэ уламжлалт эмийг ба­гаа­саа гэр бүлийн уламжла­лаар дамжиж хэ­рэг­лээд хэвш­чих­сэн хэсэг байна. Коммуниз­мын үед ч гэсэн далд явж л бай­сан. Тийм юмаар амт чадлыг нь мэдчихсэн, эдгэрч байсан, тэр­нийг амьдрал дээрэээ харчихсан тийм хүмүүс байдаг. 

-Сүүлийн үед био энерги­тэй хүмүүс гэж бас гарч ирж байна аа. Хорт хавдрыг зог­соо­чихлоо  гэж ярих юм. Хорт хавдартай бол та олон жил тэмцэж байгаа байх. Бүрэн илааршсан тохиол­дол хэр олон байна вэ?

-Ганцхан энергиэр хорт хавд­рыг эдгээчихнэ гэхэд бол би бас хэлж мэдэхгүй байна. Зүгээр яг уламжлалт ухаан дотор бол хортой болон хоргүй хавдрыг эм­чил­дэг бүхэл бүтэн цогц эмчил­гээний арга барил, удирдамж байж байна. Тэрний дагуу ява­хад бол хорт болон хоргүй хав­дар­тай хүмүүс эдгэж байгаа то­хиолдлууд байна. Энерги гэдэг талын са­нааг бол харин буян гэж ойлгож болно. Их буянтай хүн л хүнд их тусалдаг юм шүү дээ. Нө­гөө талаас ер нь бол хамгийн их энергитэй газар дуган, сүм хийд. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр их хөлөгний судрын бо­лоод тарнийн ёсон өдөр тутам тэнд уншигдаж, агуу их адислал оршиж байдаг юм. Тийм их энер­ги хүсээд байвал дуганаар нэг ороод гарч байх хэрэгтэй. Сүм хийдүүдээр ороод нэг гарахад сайхан шүү дээ.

-Зарим  хүн “Ном би­чүүл­­чихээд ирлээ, уншдаг л байгаа даа” гэж байдаг. Энэ алдас уу?

-Тэр хүний буян хийе гэсэн бодол нь зөв. Зориод ирсэн нь буян болчихож. Бичүүлчих­сэ­нийхээ дараа уншдаг л болов уу даа яадаг бол гэсэн эргэлзээтэй сэтгэл агуулж байгаа нь бол нис­ванисын муу сэтгэлд ордог юм.

Бөө бол зүгээр л зан үйлийн холбогдолтой зүйл шүү дээ

-Бөө гэж сүүлийн үед ма­най­хан маш их ярьж байна. Бүр үзэгдлийн төвшинд оч­жээ. Сүүлдээ бүр өөрсдийгөө шү­тэж биширсэнгүй гэж хор­соод хүний машин дэлбэлчи­хэж байна. Хүнийг бөө болгох ёслол хийж байна гээд халуун усанд шалзлаад хөнөөчихөж байна. Одоо бүх айлд бөө төрж байна. Бид Үндсэн хуу­лиараа энэ бүх эрх чөлөөг хууль­чилсан ч шашныхаа төв бай­гуул­лагаа­саа, хамба нараа­саа ямар нэг байр суурь хүлээ­дэг. Гэвч Төр нь ч, шашны оройд байгаа зүтгэлтнүүд нь ч таг л байх юм?

-Монголчууд энэ гариг ер­төнц дээр оршин тогтнож ирэх явцдаа янз бүрийн л шашнуудыг авч үзсэн байдаг юм. Бөө бол ша­шин гэхээсээ зүгээр зан үйлийн холбогдолтой зүйл шүү дээ. Өөрийн гэсэн онол байна уу.  Тэрийгээ гаргаад тавих хэрэгтэй. Ер нь аливаа нэгэн юманд онол үн­дэслэл байх хэрэгтэй. Гэвч ма­найд тэдэнтэй ийм юм ярих бо­ломж байхгүй. Дэндүү учир ду­таг­далтай. Нөгөө нэг талаараа бөө нар яадаг вэ гэхээр завсрын хүн хийгээд, хүн бусын хорло­лууд­тай холбогдчихдог байхгүй юу. Тэгэхлээр буддизм тийм юм­наас ангид орших ёстой атал ийм юмтай холбогдчихоор ямар өөдтэй байхав. Хоёрт нь, тэр хорлогчийн сэтгэхгүйгээр хийг­дэж байгаа бүх юм эргээд хүн төрөлтөнд зовлон л авчир­даг. Энийг чинь монголчууд өөрс­дөө эрт дээр цагтаа мэдээд больсон байхгүй юу. Нөгөө нэг шашин­гүйн үзлээр олон жил их яв­чи­хаар хүн болгон нэг юм хай­гаад бай­на ш дээ. Сэтгэлд нь нэг юм бай­гаад байгаа учраас л тэр орон зай дээр ийм буруу үзэгд­лүүд тоглочихлоо. Энийг монго­лын ард түмэн их ойлгож, жаа­хан ангид байх хэрэгтэй. Дээр үед бол харин ч энэ бөө нарыг чинь их энерги муутай гэдэг бай­сан байна ш дээ. Тийм учраас тэр хүмүүсээс хол явж байж, сал­­хин доогуур нь гарах ч онцгүй дээ гэж ойлгодог байсан улс чинь одоо бол харин салхин доо­гуур нь битгий хэл уусан архийг нь амнаас нь амандаа долоох нь халаг болчихсон явж байна. Ийм л болчихсон байна. Энэ бол бу­руу явдал руу орж байгаагийн нэг том илрэл. Нөгөө талаараа бол ерөөсөө өөрийн гэсэн ийм их хөлөгний том шашин оршин тогтноод байж байхад өнөөдөр тэрийг мөрлөж яваа, тэрийг авч яваа бид нарын бас арчаагүй асуудал байгаа юм. Энийгээ ард түмэндээ яаж зааж сургах тал дээр ерөөсөө дорвитой ажил хийхгүй байна. Дорвитой ажил хийе гэхээр энэ нь өнөөдрийн үед дахиад л эдийн засаг ч юмуу аягүй олон юмтай холбоотой. Энэ хийдүүд чинь тийм мөнгөтэй биш байна шүү дээ. Би бол энэ “Манбадацан” хийдийг өөр эх үүсвэрээс санхүүжүүлж явдаг хүн ш дээ. Өөр үйл ажиллагаа­наа­саа санхүүжүүлж л авч явж байна.

-Эмнэлгээсээ юу?

-Тийм, бусад эмнэлэг, эмийн үйлдвэр тэр юмнуудаасаа эргэж энийгээ дэмжиж авч явж байгаа. 

-Манайд Христийн шашны бүхэл бүтэн телевиз байж бай­хад Буддын шашных бай­даггүй?


-Байхгүй. Уг нь энэ бурхны шаш­ны асар том хүч байгаа. Эр­дэмтэн мэргэд нь байна, чадал­тай лам хуваргууд нь бай­на. Зо­хион байгуулалт л байхгүй бол­чи­хсон. Нэгдсэн зохион бай­гуу­лалтын байгууллага байхгүй болo­хоор энэ явахгүй байгаа юм. Хийд болгон биеэ даасан бай­далтай явж байгаа. Нэгдсэн нэг том зохион байгуулалттай бай­гууллагыг байгуулъя гээд 21 жил яриад бүтсэнгүй. Энийг хийлгүү­лэхгүй гэсэн бас том хүч байдаг юм. Сайхан нэр барьж, бас их том юм ярьдаг хүмүүс ч байдаг. Тэгээд энэ гадны шашин болоод урсгалуудыг зохицуулах төрийн  том алсыг харсан хууль байх ёс­той. Тэр хуучин хууль нь бол шаш­ны асуудлаар одооны энэ ний­гэмд үүсээд байгаа зүйлийг зо­хицуулаад авч явах тийм ча­дамж­гүй болчихсон хууль бай­даг юм л даа. Энийг бас өөрч­лүүлэх гээд бид нар явдаг. Тэгээд өөрч­лөх болохлоор зүгээр нэг хэдхэн хүмүүсийн үзэл бодлын хууль хийх гээд байгаа байхгүй юу. Энэ төрд ч гэсэн өөр шашинд орчих­сон хүмүүс их байна шүү дээ. Тийм учраас зөв л хууль гаргах хэрэгтэй. Буруу хууль гаргах юм бол улс оронд нэлээн том зөрчил авчирна.

-Манай шашныг их шүүм­жилдэг. Бусад шашны бай­гуул­­лагуудыг харж байхад адаг­лаад л үгээгүй хоо­сон­чуу­даа дуу­даад хооллодог, гэр­гүйг нь орог­нуулдаг ч юмуу бас юм хийдэг.  Сургааль ном­ных нь агуулга арай өөр, сэт­гэл рүү гүн наал­дацтай.  Гэтэл бид адаглаад ун­шуулаад бай­даг номын нэрүү­дээ ч, утга ши­дийг нь ч мэддэг­гүй. Дээр нь манай шашин өгө­хөөсөө зөв­хөн авдаг л шашин шиг ха­рагд­даг.  Хүнд юм өгдөг­гүй.  Та бит­гий эмзэглээрэй “Зов­лон ихдэ­хэд  лам, зовлого гара­хад  но­хой зоолдог” ч билүү нэг ха­чин үг ч бий. Биднээс ийм хол бо­лохоор шашнаа гутаах юм ихтэй. Энэ тухай та юу гэж бод­­дог вэ?

-Аливаа нэгэн өглөг гэдэг юмны талаар бурхны шашин  их гоё айлдсан л даа. Өглөгийг бол эд өглөгийн өглөг гэж нэг хэлбэр байна. Тэр дотор хув­­цас, мөнгө төгрөг одоо юу бай­­даг юм. Нөгөө нэг том нь номын өглөг гэж байна. Гэгээрүү­лэх, номжуулах, оюун санаанд нь зөв юм суулгах зорилготой. Нө­гөө нэг юм нь бол аюул осол­гүйн өглөг гэж. Энэ нь бол али­ваа нэг муу юмнаас урьдчилан сэргийлэх хамгаалах ийм чиг­лэ­лээр өглө­гийг өгдөг. Ер нь бол өө­рийнхөө төлөө, энэ хүний төр­лийг олоод төрснийхөө төлөө хүн ер нь нэг удаа ч гэсэн буян хийх үүрэгтэй л дээ. Тэрийгээ хийс­нийхээ төлөө хийдүүд рүү дайраад байх хэрэг­гүй. Харин ч хийдийг нь бариад, номыг нь уншаад өгдөг мэргэ­жилт­нийг нь бэлдчихсэн, тэр нь байж байгаа тохиолдолд баяр­ла­­лаа гэж хэ­лэх хэрэгтэй. Ба­рууны шашин­тай бол бид эдийн засгаар яриад  хэрэггүй. Тэдэнд чинь ар­ван эх үүсвэрээс мөнгө орж ир­дэг. Хам­гийн эхлээд тэр ба­рууны үндэст­нүүд цалингаа­саа бүр тогт­мол цөөн хувийн татаас ша­шиндаа өгдөг. 4-5 жи­лийн өмнө би интер­нэтээр хара­хад Герма­ны төр за­саг бол 9 тэрбум евро-г шашин­даа өгсөн байдаг. Ба­руунд чинь нөгөө ган­цаардмал амьдрал их­тэй ш дээ. Тэр хүмүүс насан эцэс боло­хоо­роо эд хө­рөн­гөө шашин­даа өг­чихдөг. Тэгээд дээр нь дэл­хийн одууд, супер саят­нууд гээд хам­гийн их мөнгө­тэй хүмүүс баруунд байж байна. Тэр хүмүүс нь  хү­мүүнлэгийн тус­ламж гээд  шаш­нуу­дад өгчихдөг.  Мон­голчууд ерөөсөө хурал би­чүүлэ­хээ боль­чихоод цалингаа­саа тэгээд өгчи­хөж бас болно шүү дээ. Өөрөө зорьж ирээд буян хийхэд хэцүү байгаа бол ца­лингаасаа өгчих­дөг. Ба­рууны­хан шиг болчих. Тэнд бүх хүн шаш­ны татвар гэд­гээ төлдөг. Ийм болчихоод бай­гаа байхгүй юу. Би бол яахав ээ, өөрийн энийг аваад явж байгаа учраас яриад байх юм алга. Бу­сад хий­дүүд хэцүү л байна.  Гэх­дээ бас Мон­голын ард түмэн лам хувар­гуу­даа хайрлах хүндлэх тийм сэтгэлгүй болчих­сон юм бай­на лээ. Энэ их буруу. 

-Хуварга хүн явж байхад зогсоод зам гаргачихдаг юм ч нээрээ байхгүй болчихсон байх шүү?


-Тийм хүндлэл байхгүй бол­чихсон. Лам хүний нийгэмд эзлэх байр суурь нь аягүй муухай бол­чихсон. Бод л доо. 60 мянган төг­рөг­ний цалин аваад явж байгаа хүмүүс лам нар л байгаа шүү дээ. 80- 120 мянган төгрөг аваад явж байгаа хүмүүс өөр хаана бай­­на. Монгол Улсад хамгийн өн­­­дөр цалин өгөөд явж байгаа хийд “Манбадацан” байгаа. Нэг лам хэлж байгаа байхгүй юу. Бид нар хамгийн хямдхан торгоор бодож байгаа юм. Нэг дээл хийнэ, нэг орхимж хийнэ гэхэд 350 мянган төгрөг болж байгаа юм. Хамгийн муу материалаар шүү дээ. Тэгэ­хэд тэр лам хүнд ядаж гурван со­лих дээл хэрэгтэй л дээ. Ингээд бодохлоор 100 мянган төгрөг авч байгаа лам яах уу. Бас хөөрхий лам хүн өөрөө бас нэг идэж уу­наа даа. Тэгээд ав­тобусанд суу­хад нь мөнгө авч байгаа байх. Дээр нь тэр хүн чинь эрэгтэй хүн гэдэг та­лаасаа нэг муу дүүгээ сур­гуу­лийнх нь төлбөрийг төл­чих юм­сан, хоо­лонд нь залгуул­чих  юм­сан гэсэн ийм нэг бодол тээгээд явж бай­гаа. Яаж энэ бүх­нийг 100 мянган төгрөгөөр авч явах юм бэ. Энэ бай­дал юунд оруул­чихав аа гэх­лээр өнөөдөр монголын шашны лам нар ду­ган­даа номоо үзээд, тэр амьтныхаа тусыг хий­гээд суух байтал гэ­рийн гүрэмд ор­чи­хож байгаа байх­гүй юу. Айлуу­даар явдаг. Өдөрт нь хурлаа хур­чихаад үдэш нь гэрийн гүрмэнд орчихож байна ш дээ. Энэ бол буруу байх­гүй юу. Тийм учраас энийг зо­хи­цуулах бодлого хэрэг­тэй бол­чихоод байгаа  юм. Нөгөө нэг талаар ганцхан юмыг би ба­тал­гаатай хэлж чадна. Лам нар до­тор эрдэмтэй лам нар байгаа шүү. Элий балай юм донгосдог­гүй, эрдэмтэй лам нар бол бай­гаа шүү. Тиймээс тэр эрдэмтэй лам нарыг одоо хайрлах хэрэг­тэй. Өдий зэрэгтэй сүжгээрээ явж байгаа тэр хүмүүсийг эвий хөөрхий минь гэж бас бодох хэрэгтэй шүү.

-Сая миний багын найз на­сан эцэслэж, оршуулах ёслолд нь оролцлоо. Нэгдүгээр эмнэл­гийн гадаа мооргийн үүдэнд бөөн асуудал. Улсууд цаганд хав­чигдаад бараг нөгөө хой­дохыг нь бодож уурлаж уцаар­лах­гүй гэж  тэвчиж байсан нь алдарч хүнд юм үүсч байх жи­шээтэй?


-Мөнх бусыг үзсэн тэр амьтан хөөрхий. Үнэхээр тийм юм болж байгаа нь тун ч таагүй явдал юм.

-Тэрэн дотор хамгийн хүл­цэнгүй тэсч байгаа нь үүрийн 04 цагт ирчихсэн байж байх лам нар. Айл болгон л нэг нэг лам залаад ирчихсэн. Хөөрхий тэд л талийгаачдийн бүх юманд өчүүхэн сэжиг, цээр байх­гүй­гээр хүрч, хөндөж, янзалж, тэр их хүйтэнд ажил явдал дуустал нь байх юм. Хараад сэтгэл өвдөж байлаа?

-Үүргээ биелүүлж яваа эн­гийн нэг хуврага хүнийг нигүүл­сэж хайрлах л хэрэгтэй.

-Тэгэхэд буяны компаниуд  аваачиж хээр хаячихаад л бидний үйлчилгээ болчихсон гээд давхиад явчихаж байх жи­шээний. Энийг хараад зүгээр л гунигтай санагдсан.  Лам нарыг тийм цалин багатай, амьдрал ахуйн хувьд яду зүдүү гэдгийг нь мэдээгүй явжээ?

-Тийм ээ, хуврагууд маань төдийлөн ам нээдэггүй улс. Ху­вийн төлөө өчүүхэн хүслээс анги­жирсан, амтны тусын тулд өөрий­гөө элээх тавилантай төрсөн л улсууд шүү дээ. Гэхдээ төр нь, сүсэгтнүүд нь хайрлан хүндэтгэж байвал сайн сан.

Есдүгээр Богд Монголын ард түмний өмнө түүхэн үүргээ биелүүллээ шүү дээ

-Монголын Бурхан шашинт­ны төвийн тэргүүнээр Есдү­гээр Богд гэдэг түвд хүн залагдлаа. Энэ хүн маань их өтөлж, насны до­ройтолд орсон байна. Түү­нийг бие даан үүргээ гүйцэтгэж байна гэхэд  их эргэлзээтэй харагдах юм. Судлаад үзэхэд эрүүл мэндийнх нь хувьд ч асуудал байгаа бололтой. Гэнэт яагаад ийм юм болов оо?

-Би таныг энэ асуултыг на­дад тавих байх гэж бодож байсан л даа. Энэ бол том сэдэв. 

-Би сэтгүүлч хүн. Өөрийн бодлоо гэхээс илүү эргэлзээ тээж яваа олон олон хүмүүст ойлголт өгөхийн тулд асууж лавлах үүрэгтэй. Энэ үүднээс нь та хүлээж авбал сайнсан?


-Ойлгож байна. Тэр тийм байлгүй яа вэ.

-Энэ сэдвийг хөндөхөөр Аравдугаар Богдоо бид өөрсдөө тодруулах гэж л их нарийн бо­дож хийж байгаа ажил. Дуугүй л байж үзвэл дээр шүү гэх ан­хааруулга ирж байх жишээтэй. Бид чинь түүхэндээ гурав дө­рөв­хөн монгол Богд залж бай­сан биз дээ. Та сайн мэдэж бай­гаа байх. Бусад нь дандаа л Түв­­дээс тавигдаж байсан. “Тог­лоом” дандаа гадны удирдла­гатай л яваад байсан. Ийм бай­хад манай буддын шашин бу­сад шашинтай яаж өрсөлдөх юм бэ. Бодлого, орой толгой, цаад хар хайрцагны сэрэмж гэж байна уу?

-Монголчууд бол олон зууны турш энэ бурхны шашныг хөг­жүүлж ирсэн ард түмэн. Тийм ч учраас монголчууд бүр эртнээсээ гурван номт орны тоонд, замбуу­лингийн түүхэнд бичигдсэн орон. Буддын их хөлгөний шашныг  авч явсан гэ­гээ­лэг ард түмэн гэж бид­нийг үз­дэг. Монголчууд их ухаан­тай бай­жээ. Юм нь зарчимтай явж ирж.  Манжийн дарлалд 200 гаруй жил дарлагдан мөлжигдөж шаналхад энэ улс үндэстнийг чнь хэн авч гарч тусалсан юм бэ. Буд­дын шашин шүү дээ. Буддын ша­шин биднийг  уусгачихгүй үлдээж авч гарсан юм. Монголын төрт улс дахиж 1911 онд тусгаар тог­ноход Буддын шашин л агуу их хувь нэмэр оруулсан. Тийм учраас бидний түүх үе үеийн Богдуудтай салшгүй холбоотой. Монголчууд харин Богдтой бай­сан­даа баяр­лах хэрэгтэй. Үе үеийн тэр Буд­дын бурхдуудын хойд дүрийг Мон­голдоо бий бол­гож авч явсан бол агуу түүх. Энүүгээрээ их хүчир­хэг нөлөөтэй байсан. Харин энэ байдлаа одоо бол алдах талдаа орсон байхгүй юу. Одоо буд­дын шашныг өмч­лөх санаар­хал  үүсчихлээ. Хята­дуудад одоо бүгдийг нь төвлө­рүүлье гэсэн бодол байхыг бид үгүйсгэхгүй.  Ийм тохиолдолд бид өөрийн үн­дэсний шашныг авч явах лидерээ байлгах ёстой. Тийм учраас бид нар аль тэртээгээс тодруул­чих­сан хүнийг үгүйсгэж болохгүй л байхгүй юу.Түүхийг үгүйсгэж бо­лохгүй. Түүхэн хүн нь байж байна, түүхээ цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй.

-Өмнөх Богд нас барснас хоёр жилийн дараа тодруулах ёстой ч гэдэг билүү нэг хугацаа бас байдаг юм байна лээ. Гэтэл энэ Бодыг их хожуу тод­руул­сан. Далай лам ч гэсэн нэлээн хо­жуу хүлээн зөвшөөр­сөн гэх баримт бас байдаг. Тэр энэ тэрийг бол ерөөсөө тоох хэрэг­гүй юу?

-Тэртээ тэргүй тэрийг манай­хан тодруулах гээд явсан байдаг юм ш дээ. Тэгэнгүүт нь цаг үеийн үймээнээр зогсоогоод хаячихсан байхгүй юу.

-Коминтерн ахин Богд тод­руулахыг хаасныг хэлж байна уу?

-Харин ч бид нар тодруулж авсан нь их ач холбогдолтой. Энэ хүн бол тэр цагийн аясаар Мон­голын Богд гэдгээрээ тодорчи­хоод хаа газар амьтны тусаа хий­гээд  явж л байсан байхгүй юу. Тэгээд Монголд ардчилал бий болж улс төрийн байдал, шашин номын ажил эргээд сэргэхэд нь  шашны талаас ч гэсэн бид зүтгэ­сэн. Ард түмний талаас ч гэсэн зүрх сэтгэлд нь Есдүгээр Богд байсан. Есдүгээр Богдыг зөвхөн 1990 онд таньсан юм биш. Би наян хэдэн онд багштайгаа уулза­хад манай Есдүгээр Богд байгаа шүү дээ л гэж айлддаг байсан. Тэнд байгаа даа, уулзах юмсан. Амьддаа уулзчихвал сайхан даа гэдэгсэн. 

-Таны багш уу. Монгол хүн байв уу?
-Монгол лам. Тэгэхлээр чинь эд нарын эртний холбоо сүлбээ ин­гээд л байгаад  байсан байгаа байх­гүй юу. Харин ч бид нар зөв бодлого явуулсан. Яагаад вэ гэхээр 13 жилийн өмнө туулай жил Богд маань өөрөө морилоод ирчихсэн байхгүй юу.

-Тунамал дүртэй Богдыгоо туулай жилдээ зална даа гэж нээрээ дуу хүртэл байдаг л даа?

-Яг тэрүүгээр болсон. Нэгэнт тэр Богд түүхээрээ ороод ирж байгаа тохиолдолд бид нар яах ёстой байсан гэж. Анх Богдыгоо тэгж ороод ирэнгүүт нь хөөгдүү­лээд л, туугдуулаад л, гарга гэж бид нарыг чинь дарамтлаад л яаж байв аа. Тэгээд бидний хэсэг лам нар яасан гэхлээр их түүхээ бодож Хархоринд Монгол Улсын Бурхан шашинтны тэргүүн Есдү­гээр Богд гэж хүлээн зөвшөөрч, тамгаа өгөөд өргөмжилчихсөн юм шүү дээ.

-Тэнд Чойжамц хамба оролцсон уу?

-Чойжамц хамба бүх үйл ажиллагаанд оролцсон. Гэсэн ч яагаад ч юм манай хүн бол яг өглөө тэнд юм гардуулахад очоо­гүй. Тэр бол их түүхтэй юм бол­соон. Тэрийг би өөрийн  номон­доо бичнэ гэж бодож байгаа. Ямар хүмүүс үүрэг хариуцла­гаасаа татгалздаг гэдгийг би тэр үед олж мэдэрсэн. Шашинд үнэнч байсан уу, үнэнч биш явсан уу гэдэг асуултын өмнө бид бүгдээ­рээ очно. Төрд нь байсан хүмүүс ч ялгаагүй.  Ингэж явсаар байгаад харин  дахиад Туулай жил дээрээ Монголын иргэншил аваад, дахин тамгаа гардсан явдал бол бас л нэгэн түүх. Харин би энэ төрд, Ерөнхийлөгчид талархаж бай­гаа. Монголын иргэн болго­сонд нь. Богдын бие лагшин чилээр­хүү байгааг мэдсэн мөрт­лөө бид цаг хугацаа алдаад бай­сан байх­гүй юу. Энэний төлөө миний хувьд маш их яарч байсан. Дандаа барцад саадтай тулгар­саар байгаад арван хоёр жилийг аваад хаячихсан байхгүй юу. Анх ирэхдээ Богд маань ямар гайхал­тай, ямар сайхан байсан билээ. Бид цаг их алдсан.

-Одоо бол та уулздаг биз дээ?

-Уулздаг.

-Үнэхээр мундаг хүн үү?

-Би бол одоо ингэж л хэлнэ. Монголын ард түмэн минь ээ, та нар минь манай Есдүгээр Богд мөн, биш гэж хэлж л битгий нүгэл хураагаарай гэж . Ийм нүглийг л бтгий үйлдээрэй гэж үнэн сэтгэ­лээс захиж хэлмээр байна.  Одоо таны асуултад хариу өгье. Энэ хүн бол дэндүү том бодьсадваа юм шүү. Тэрнийг нь та өөрт заяа­сан хосгүй тод бэлгийн мэлмий­гээрээ харж шинжлээрэй гэж л хэлэхийг хүсч байна.

-Би тэр үеэр “Бээжинг инээлгэсэн Богдын томилгоо” гэж нэг нийтлэл бичсэн л дээ. Энэ маань нүгэл мөн үү?

-Би Есдүгээр Богдод чин сэтгэлээс талархаж байна. Ер нь бол бид нарт аравдугаар Богдоо Монголоос тодорно, тодрохгүйн тухайтад сэтгэлийн зовлон бол байсан. Гэтэл Есдүгээр Богд маань дараагийн Богд Монго­лоо­соо тодорноо гэж өөрөө айлд­сан. Ингэж айлдаж байгаа явдал бол энэ хүний түүхэнд Монголын ард түмний төлөө хийж байгаа агуу их том түүх юм. Шашны төлөө хийж байгаа агуу их алсыг харсан том бодлого юм. Энэнд нь бид үүрд талархаж явах ёстой. Энэний төлөө талархаад л,  дот­роо буян бодоод явахаас өөр юу ч хэрэггүй. Шашны хөгжих үүд хаалга нь зөв тийшээ эргэ­чихлээ. Одоо бол харин бид сайн ажил­лаад л өгмөөр байна. Даанч энэ бурхан шашны хүмүүсийн үйл хэрэг дэндүү хүлцэнгүй, дэндүү удаан болчихож. Үйл ажиллагаа нь нэг тийм хурдац байхгүй бол­чихсон юм шиг л надад санаг­даад байгаа. Би өөрөө жаахан хурдацтай юм хийдэг хүн учраас надад энэ унжирсан байдал нь жаахан садаатай юм шиг санаг­даад байгаа юм. Одоо Монголын ард түмэн жаахан Буддын шаш­наа дэмжмээр байна. Бас лам хуваргууд нь энэ шашнаа хөгжүү­лэхийн тухайд идэвхитэй ажил­ламаар байна.

-Одоо Есдүгээр Богд гуай хаана залардаг юм бэ?

-Одоо гандан дээр заларч бай­гаа. Яахав өндөр настай бол­сон. Хэд хэдэн эрхтэн системийн жаахан зовиур шаналгаа бол бай­гаа. Гэхдээ өөрийнх нь до­тоод ухаан хэвээрээ. Тэр бол аймаар мундаг байгаа ш дээ. Хосгүй чадалтай том лам нарын дотоод ухаан хэзээ ч мунхар­даггүй л дээ. Тэр чанар манай Богдоос илтэд харагдаж байгаа.

Хүн урлагт ойрхон явах хэрэгтэй

-Таны хувьд яг хувийн хам­гийн том аз жаргал тань юу вэ?

-Миний хувьд хамгийн сайхан юм нь амьд байж байна. Хоёрт гэвэл миний таван мэдрэхүй эрүүл байна. Харж байна, тантай ярьж байна, таны үгийг сонсч байна, таны дотоод ертөнцийг мэдэрч байна. Ингээд харахуй, амтлахуй, сонсохуй, үнэрлэхүй, хүрэлцэхүй энэ таван мэдрэхүй маань эрүүл байж байх л миний аз жаргал юм ш дээ.

-Хүн бол ингэж л бодож баясаж байх ёстой юу?

-Тийм.

-Хүн л юм чинь гуних, шана­лах, сэтгэлээрээ өвдөх мөчүү­дийг эдэлж таарна. Тэр үед та яаж өөртэйгөө ажилладаг вэ. Шаш­­ны номлол сургаалаас гад­на таныг цэнгүүлдэг юм байна уу?

-Тэрийг мэдэхийн тухайд эх­лээд ертөнцийн зарчмыг мэдэх хэ­рэгтэй юм байна. Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр нэг ийм айлдвар байдаг юм. Орчлонд зүүний үзүүрийн төдий ч амгалан байдаггүй юмаа гэж. Нэгэнт тийм онолыг мэдчихсэн бол тэр зов­лонтой яаж харьцах вэ гэдэг дээр өөрөө номын утгаар очиж, тэр зовлонг жаргалд урвуулж л чадаж байвал амар амгалан л байгаад байна. Тэгэхгүй тэрнийг яг бодит мөн чанараар нь аваад л байвал би ч өөрөө зовлонтой болоод, чи ч зовлонтой болоод дуусахгүй шүү дээ. Миний хам­гийн гоё жаргалыг асуугаад байх шиг байна. Лам хүн чинь уншла­гаа уншина. Номоо уншаад л, ингээд бясалгаад эхлэнгүүт бодол баясалгалын өөр ертөнцөд очиж байгаа юм. Энгийн утгаар хэлэхэд бүх л юмыг бодож байгаа юм. Бүх хүн төрөлхтөн энэ зургаан зүйлийн хамаг амьтан бүгдийг нь бодно. Тэр дотор надад таагүй үйлдэл хийсэн хүн хүртэл багтана биз дээ. Хаашаа холдох вэ, тэр. Тэгэхлээр тэр бүгдэд нь би нинж асралын гоё сэтгэлээ илгээдэг. Надад дайсан байхгүй.

-Та бол тамхи татаж, архи сархад уухгүй юу?

-Тийм юм байхгүй дээ. Би харин хамрын тамхи жаахан хүрт­чих гээд байна.  Хамрын тамхи ч дэмий юм даа гэж бодоод л байж байна. Бусад нь бол хэрэггүй шүү дээ.

-Архи бүр хориотой юу?

-Тийм.

-Сонин юм даа, би тэгвэл согтуу лам харсан шүү дээ?

-Би хараагүй л дээ. 

-Та караокед ч орохгүй юу?

-Караокед орохгүй.

-Би караокед дуулж байгаа лам бас үзсэн?

-Та их хөгжилтэй хүн юм.

-Машин барих уу?

-Машин барина аа. Машин барих чинь ийм байна. Би чинь бас санхүү мөнгө, энэ байгуул­лагыг чинь авч явах гэж их ачаа үүрч байгаа хүн. Нэг жолооч аваад ажиллуулсан дор би өөрөө тэрийгээ бариад явж байвал хэмнэх юм даа гэж. Надад хүмүүс хэлдэг л юм. Та өөрөө машинаа бариад яаж байгаа юм бэ гэж. Би бас байгууллагаа хөл дээр нь зогсоох хэрэгтэй. Нөгөө талаас өөрийн байгаа юмныхаа хэм­жээнд л ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо хэсэгтээ жолоочтой явж байна. Гэхдээ л миний өөрийн хувь хүний зан чанар юм уу. Жолоочоо 8-9 цаг ингээд га­даа хүлээлгэхээр санаа зовоод ер болдоггүй. Тэр маш хэцүү. Нө­гөө хүн чинь амьдралтай, бас нэг гэр бүл хүлээгээд байж байгаа, хүүхэд нь харж байгаа. Аав ирэх­гүй байна даа гэж бодож байгаа болов уу гэж бодонгуут санаа зовоод, за чи зүгээр машинаа тавьчихаад яв, би өөрөө бариад явчихна гэж хэлдэг.

-Кино бол үзнэ биз дээ?

-Кино хааяа үзэх сайхан л даа. Гэвч одоо кинонууд чинь муу сэ­дэвтэй болжээ. Тийм кино хүнийг үймүүлнэ. Муу, буруу сэ­дэл санаа өгөхөөс цаашгүй. Мон­голын зарим киног хараад байж байх бас сайхан шүү. Тэр “Үер”-ийн Болд гээд өвгөн байдаг даа. Болд орос Михайл хоёр голын хөвөөний өвсөн дунд суу­гаад, ганц юм уусан шиг, зовлон жаргалаа хүүр­нэсэн шиг. Тийм нэг хүний бодит амьдрал, дотор гадар хоёр нь үзэгдсэн  нүднээс нулимс гар­маар кинонууд үнэ­хээр сайхан. Тийм дүрүүд бол гоё. Тэр бол ухаарал өгдөг. Бас тэр чинь надад нинжин сэтгэл гэдэг юм байна уу гэдгийг туршаад байна ш дээ.

-Холливуудаас таны дуртай кино юу байна?

-Яахав, заримдаа бас нэг эр хүмүүсийн зан чанар байгаа ш дээ. Бас нэг омогшсон, эр хүний мөн чанар харагдаж байдаг сай­хан сайхан кинонууд байдаг л даа. Нөгөө хэн билээ, монголд ирсэн.

-Ричард Гир үү?

-Ричард Гирын тоглосон кинонууд байж байна. Хоёрт нь нөгөө хотын дарга байдаг шүү дээ.

-Арнольд Шварценеггер үү?

-Тийм, Шварценеггер. Бас нөгөө манай хэн байгаа ш дээ. Өө нэр нь орж ирэхээ байчихлаа.

-Нөгөө Буддын шашинтан уу. Зодолддог Стивен Сигал уу?

-Тийм Сигал.

- Машиндаа та дуу сонсоно биз дээ?

-Би ер нь урлагийг хүндэтгэж яв­даг хүн. Урлаг бол хүний амьд­ралд баясал цэнгэл өгч байдаг том түшиг.

-Н.Норовбанзад гуайн 80 насны ойд зориулсан урлагийн хүндэт шагнал гардуулах ёслол дээр таны хэлсэн үгийг сонс­сон. Сонин, өвөрмөц санагдсан?

-Би бол уртын дуу, морин хуур хоёрыг арга билэг юм гэж ойлгодог. Уртын дуу морин хуур хоёр хүний амьдралын зовлон жаргал хоёрыг хоёуланг нь шингээж чаддаг юм байна. Морин хуур, уртын дуу хоёрт үнэхээр хүний сэтгэлийг хөглөх нэг ид шид байдаг. Тэрийг мэдрэх шиг дотоод жаргал хаана байна. Манайхан тэр рүү жаахан итгэл өгч сонсох хэрэгтэй.

-Н.Норовбанзад гуайн дууг сонсохын тулд өөрийгөө чөлөө­лөх орчин хэрэгтэй байдаг. Надад лав тэгж санагддаг?

-Уртын дуу бол хязгааргүй рүү явдаг. Хязгааргүйг багтааж чад­сан тийм мөн чанартай. Нө­гөө нэг талаараа ерөөсөө хүн ур­лагт бас жаахан ойрхон байх хэ­рэг­тэй. Урлаг гэдэг юм сонсохуйн мэдрэмжээр нь, харахуйн мэд­рэм­жээр нь хүнийг гэгээрэл рүү татах увидас, сайхан мөн чанар­тай. Би анх ерэн хэдэн онд Мон­голынхоо морин хуурын чуулгыг “Манбадацан”-д авчирч Цагаан сараар тоглуулсан юм. Тэгэхэд намайг бас л хүмүүс муулж л байсан. Энэ одоо дуган, сүмийн газар ингэлээ тэглээ гээд. Би тэгэхэд нь “Үгүй ээ, хүний зүрх сэтгэл рүү орсон аялгуунууд бол хүний мэдрэмжийг авах тусам нь аз жаргалд хүргэж байдаг. Хүн өнөөдөр өөрийнхөө сэтгэлд бай­гаа тэр их дарамт, тэр их сэтгэ­лийн гансрал, сэтгэлийн бухим­дал бүгдээ тайлах хэрэгтэй. Ариусах хэрэгтэй” гэж. 

-Н.Норовбанзад гуайтай уулзаж байв уу?

-Уулзаж байсан, бас гэрт нь нэг очиж байсан.  Гайхамшигтай гэх хэмжүүрээс өөр төвшинд тэр хүний тухай авч үзэх аргагүй. Би уулзаад зогсохгүй хамтдаа уран бүтээл хийж явсан. Одоо хүүх­дүүд­­тэй нь ч нэгэн үрээр холбоо­той л явна даа.

Цаазаар авах ялыг халсан явдал бол гайхалтай шийдвэр

-Манай орон цаазаар авах ялыг халж чадлаа. Энэ тухайд шашны нээн том зүтгэлтэн хү­ний тань хувьд үг сонсохсон гэж бодож байна?

-Би бол лам хүнийхээ хувьд, буддын шашинтныхаа хувьд та­лар­хан хүлээж авсан. Энэ бол их зөв алхам. Нөгөө нэг талаараа бол энэ их том хүндэтгэл гэж ойлгож байгаа юм.

-Яагаад хүндэтгэл гэж?

-Хэрэг хийсэн хүнд ухаарал өгөх гэж байгаа юм. Уучилж, өр­шөөнө гэдэг өөрөө хүний энэ эр­хэм дээд төрлийг олж төрсөн хү­мүүнд асар том хүндэтгэл шүү дээ.

-Уучлал, өршөөл гэдэг бас нэг талаараа том цохилт байх?

-Тийм. Тийм учраас Монго­лын ард түмэн энийг битгий л буруу ашиглаасай. 

-Шийдвэрийнхээ хувьд үнэхээр гайхалтай биз дээ?

-Сайхан шийдвэр. Гайхал­тай шийдвэр. Хамгийн гол нь битгий буруу ашиглаасай. Тэрийг хийх­гүйн төлөө л зүтгэе дээ, хэдүүлээ.

Сайхан юм аа. Ойрдоо би ийм том цэнгэлийг эдлээгүй са­нагдана. Баярлалаа, эрхэм Хам­­­батан. Асрал нинжин сэт­гэлт агуу Бодьсадваа та ажиг­гүй, тоомсоргүй биднийгээ ариун номын хүрдэндээ бол­гоож л яваарай. 

www.ganchimeg.niitlelch.mn