Thursday 31 January 2013

Д.Батцогт:Том толгойтой сайдууд байна

УИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа

-“УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс МҮАН гарах нь” гэдэг мэдээлэл цацагдах боллоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас МҮАН гарах нь гэдэг мессежийг шууд өгч байгаа. М.Энхсайхан даргыг “Монголын төмөр зам”-ын захирлын албан тушаалаас чөлөөлсөн учраас танай намынхан эрх баригчдад сануулга өгч байгаа хэрэг үү?
-М.Энхсайхан дарга телевизэд ярилцлага өгөхдөө “Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр үндэсний эрх ашигт нийцэж байх ёстой. Хэрвээ үндэсний эрх ашигт үл нийцэх бодлого хэрэгжүүлбэл бид Засгийн газрын асуудлыг эргэж харж болно” гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн. Энэ байр суурьтай холбоотойгоор л таны асуугаад байгаа мэдээллүүд цацагдсан болов уу. Ер нь бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа нь үнэн ч, тодорхой хэмжээнд хяналт тавьж ажиллах нь зүй ёсны шаардлага. Өөрөөр хэлбэл, М.Энхсайхан даргын зүгээс “Чингис бондоос босгосон мөнгийг ирээдүй хойчдоо хөрөнгө оруулалт болж үлдэх төсөлд зарцуулах ёстой. Үр ашиггүй төсөлд зарцуулах юм бол бондын мөнгийг салхинд хийсгэсэн хэрэг болно” гэдэг агуулгаар хатуухан мэдэгдэл хийгээд байгаа нь ийм учиртай. Гэхдээ юу, юуны туханд хүрэлгүй засгаас гарна гэдэг ч юм уу, эвслээс гарна гэдэг шийдвэр гаргахыг яарахгүй байна. Нөгөө талаас манай намын гишүүд Бүгд их хурлыг зарлан хуралдуулахыг шаардсан. Болж байгаа энэ бүх үйл явдлаар мэдээлэл өг, тэрүүхэндээ УИХ-ын гишүүд хоорондоо асуудлыг ярьчихаад биднийг үлдээж байна. Тийм учраас бүгд нэг дороо цуглаад болж байгаа үйл явдал бүрээ яръя гэдэг санаачлага гарсан. Мэдээж гишүүд маань намын даргыг ямар ч үндэслэлгүйгээр, ямар ч шалтгаангүйгээр гэнэт ажлаас халахаар эгдүүцэж л байгаа. Тийм болохоор энэ бүхнийг Бүгд их хурал дээрээ ярьж байж шийдэх учраас сэтгэлийн хөөрлөөр шийдээд ярих зүйл биш гэж л хэлэх байна даа. 

-Бүгд их хурлаа хэдий үеэр хуралдуулах чиг барьж байна вэ?
-МҮАН-ын Бүгд их хурлаа бол жил бүрийн цагаан сарын шинийн найманд зарладаг. Гэхдээ намын гишүүд “Цагаан сараас урьтаж Бүгд хурлыг хуралдуул” гэдэг шаардлага тавьж байгаа юм билээ. Одоогоор хурлын тов гараагүй байна, удахгүй Удирдах зөвлөл хуралдаж шийдэж таарна.  

-М.Энхсайхан даргын урд хөршийнхөнтэй уулзаж, төмөр замын асуудал ярих гэж байгаа тухай хуралдааны бичлэг youtube.com д тавигдсан нь нэг хэсэг шуугиан дагуулсан. Намын тань дарга “Монголд нууц зүйл байхгүй болжээ” гэж мэдэгдсэн бол Зам тээврийн сайд А.Гансүх “Зам тээврийн яаманд болсон хурал. Нууцлаад байх асуудал биш ээ” гэж хариу өгсөн. Та эл бичлэгийг үзсэн байлгүй, үнэхээр тэр хуралдаанаар нууц асуудлыг ярьсан гэж үзэж байгаа юу, эсвэл өөр бодолтой байна уу?

-Ер нь бол Ерөнхий сайдын өрөөнд тэр асуудал яригдсан юм билээ. Хэрвээ М.Энхсайхан гэдэг хүн нууц хуйвалдаан хийгээд түүнийг нь цацсан бол өөр хэрэг л дээ. Гэтэл тэр хуралд Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь, салбар хариуцсан сайд нь оролцоод “Монголын төмөр зам” компанийн дарга нь “Төмөр зам гэдэг асуудал бол хоёр хөрштэйгээ хэл амаа ололцохгүйгээр хийдэг ажил биш байна. Тийм учраас урд хөрш рүү ухасхийгээд тодорхой төвшний хүмүүстэй нь уулзаж, ажлаа урагшлуулах талаар ярих хэрэг байна” гэж ярьсан. Харамсалтай нь, энэ яриаг нь М.Энхсайхан гэдэг хүн хятадуудтай хувийн уулзалт тохироо хийх гэж байгаа юм шиг муухай харагдуулах зорилгоор гаргаж тавиад, түүгээр зогсохгүй Ерөнхий сайдынхаа өрөөнд болсон үйл явцыг энд тэндгүй өгч цацуулсан нь нэг л сонин санагдаад байгаа юм. Ийм хөгийн юмаар төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөр хоорондоо хэрүүл тэмцэл хийгээд сууж байгаа нь Монгол төрийг муухай харагдуулж, сульдаах тал руу л татаад байна даа. 

-Тэгэхдээ танай намын даргыг Монгол төрийг сульдуулах бодлого барьж ажилладаг байжээ гэж үзэх хэсэг байна шүү дээ?
-М.Энхсайхан даргатай олон жил хамтарч ажиллаж байна, би. Тэр хэзээ ч Монголын төрд хар буруу санаж байгаагүй, харин Монгол төрийг хэрхэн хүчирхэг болгох, яавал улс орноо хөгжил дэвшилд хүргэх вэ гэдгийг байнга бодож толгойгоо ажиллуулж явдаг улстөрчийн нэг. Мөн М.Энхсайхан дарга элдэв асуудалд ч орооцолдоогүй, хэн нэгний барьцаанд байдаггүй цөөн улстөрчийн нэг гэж би хувьдаа ойлгодог. Төмөр замын талаар барьж байсан бодлого, бүх үйл явцаа бидэнд мэдээлдэг байсан. Тэгж ярих юм бол урьд нь ийм ийм бодлого барьж ажиллаж байсан, ийм алдаа гарсан, одоо ингэвэл зөв болох юм, эдийн засгийн үр ашиг талаасаа ийм байгаа юм гэдэг бүх мэдээллийг өгч байсан учраас бид бол М.Энхсайхан дарга төмөр замын талаар зөв бодлого барьж иржээ гэдэгт итгэл төгс байгаа. Ард түмэн ухаантай хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсныг аль хэдийнэ шүүн тунгаагаад ойлгочихсон байгаа шүү дээ. Харин одоо ард түмнийг бужигнуулж талцуулсан байдлаар үйл явдал өрнүүлээд байх нь хэр зөв юм бэ гэдэг дээр л бодож сууна. 

-Таны хэлснээр М.Энхсайхан гэдэг хүнийг муухай харагдуулахын тулд Ерөнхий сайдын зүгээс иймэрхүү тоглолт хийгээд байна гэж та үзэж байна уу. Эсвэл А.Гансүх сайдаар дамжуулж, Х.Баттулга сайд тоглолт хийгээд байна гэж харж байгаа юу?

-Ерөнхий сайдын зүгээс гэж бодохгүй байна. Яагаад гэвэл Ерөнхий сайдын зүгээс М.Энхсайхан даргын Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нарийн царигтай төмөр зам тавих тухай байр суурь нь зөв юм аа гэдгийг тухайн үед ярьж байсан. Ер нь ч М.Энхсайхан дарга хувийн тоглолт хийж ийм байр суурь бариагүй, төрийн гурван өндөрлөг, хариуцлагатай бүх улс төрийн албан тушаалтнуудад үүнийгээ хэлж явсан. Гэсэн ч эцсийн шийдвэрийг М.Энхсайхан гэдэг хүн гаргахгүй УИХ, Засгийн газар л гаргах байсан. Үүнийгээ ч мэтгэлцээд байгаа сайдууд мэдэж байгаа байлгүй. Шуудхан хэлэхэд, энэ бүхнийг сайд Х.Баттулга, төмөр зам хариуцсан салбарын сайд А.Гансүх нар л хийсэн гэж бодож байна. 

-Тэгвэл та Төрийн өмчийн хороо Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын мэдэлд харьяалагддаг ч гэлээ “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайдтай зөвшилцөж байж, шийдвэрлэх байсан гэж үзэж байгаа байх нь ээ?

-М.Энхсайхан даргыг Монголын төмөр зам компанийн захирлаар тавихдаа Ерөнхий сайдтай зөвшилцөж томилсон. Чөлөөлөхдөө ч мөн Ерөнхий сайдтай ярилцах ёстой байсан. Сольж болно. Суудалдаа хадагдчихсан хүн энэ төрийн хаана ч байхгүй. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэж үг байдаг байх аа. Гол нь чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайддаа хэлэлгүй нууцалж, хуйвалдааны шинж чанартайгаар гүйцэтгэсэн. Төрийн өмчийн хорооны даргыг дарамталж байгаад шийдвэр гаргуулж байна гэдэг бол Засгийн газрын түвшинд Монгол төрийн ажил явагдаад байна уу, хувийн компанийн ажил явагдаад байна уу гэж бодоход ч хүргэсэн. Засгийн газар чинь танхимын зарчмаар ажилладаг, дотроо асуудлаа шийдэж шийдвэрээ гаргах ёстой газар юм шүү дээ. 

-Х.Баттулга сайдын хувьд Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл татах төмөр замыг өргөн царигтай тавих ёстой. Ингэхгүй бол нүүрсээ түүхийгээр нь урд хөрш рүү экспортлоод дуусна. Дээр нь аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй гэж мэдэгддэг. Нэг талаараа болгоомжлох л ёстой асуудал биш үү?
-Үндэсний аюулгүй байдлыг хүйтэн дайны үеийнх шиг цэрэг, зэвсэг, танк, их буу ачаад аваад ирнэ гэдэг байдлаар хардаг цаг өнгөрсөн шүү дээ. Улс оронд аюул тохиолдвол эдийн засаг талаасаа л тохиолдоно. Тэгэхээр өргөн цариг, нарийн цариг хоёрын аль нь монголчууд бидэнд ашгаа өгөх вэ. Эцэг өвгөдөөс өвлөгдсөн баялгаа яаж үр хойчдоо сайхан амьдрах хөрөнгө оруулалт болгож хувиргах вэ гэдэг л чухал. Хамгийн үр ашигтай хувилбар бол ашигт малтмалыг хүлээж авч байгаа орны төмөр замын цариг ямар байна, түүнийг  тавих нь эдийн засгийн үр өгөөж, хугацаа хэмнэх талаасаа илүү ашигтай гэдгийг захын хүүхэд ч ойлгохоор байгаа шүү дээ. Гэхдээ тэр “Өргөн царигтай бол кранттай, нарийн царигтай бол крантгүй” гэдэг тайлбар хийгээд сууж байгаа нь хөгийн л асуудал байхгүй юу. Уг нь үүнийхээ оронд Монгол төр жилдээ хичнээн тонн нүүрс экспортлох вэ гэдгээ яриад сууж байх ёстой. Энэ жил 20 сая тонн нүүрс экспортолно гэсэн бол түүнийгээ гаргадаг. Түүнээс илүү экспортолдоггүй байх ёстой. Түүнээс биш хэмжээ хязгааргүй урсаад гарчихдаг юм гэж байхгүй. М.Энхсайхан дарга ч бас нэг зөв үндэслэлтэй юм хэлээд байгаа. Жишээ нь, өргөн царигтай мухар төмөр зам тавилаа гэхэд тэр олон вагон, тэр олон толгой зүтгүүрийг яаж аваачиж тавих гээд байгаа юм гэж... Авто машинаар тэр бүхнийг аваачиж тавихгүй нь ойлгомжтой. Тэр толгойнуудаа хятадын талаар оруулж ирээд тавъя гэхэд зөвшөөрөхгүй шүү дээ, гэх мэтчилэн олон асуудлууд байгаа. Дээр нь төмөр замын дугуй солих, шилжүүлэн ачих ажил гарч ирэхээр тодорхой хэмжээний зардал гарна. Нүүрсний экспорт бол жилдээ 5, 10 тонноор хэмжигдэхгүй,  хэдэн сая тоннын асуудал учраас тонн тутамд гарч байгаа зардал нь эргээд монголчуудын хүртэх үр өгөөжөөс хасагдана. Энэ бүхнийг бодохоор Тавантолгойгоос-Гашуун сухайт хүртэл нарийн царигтай төмөр зам тавих нь л яах аргагүй зөв хувилбар болж буугаад байгаа юм. Хэрвээ Монгол Улс ОХУ-руу нүүрсээ экспортлох бол өргөн цариг чухал л даа. Гэтэл мэдээжийн зүйл дээр Орос нь бидэнд аюулгүй, Хятад нь аюултай байна гэж нэг хөршийгөө дайсан мэтээр харах нь өөрөө их аюултай л хэрэг байгаа юм. Бодоод үз л дээ, хойд хөрш асар их нүүрсний нөөцтэй. Нүүрсээ хааш нь гаргаж зарах бодлого барьж байна вэ гэхээр мөн л Хятад руу Азийн орон руу экспортлох сонирхол л байгаа байхгүй юу. Тэгэхээр Монгол өөрийн толгойгоороо явах уу, хүний толгойгоороо явах уу гэдэг асуудал л энд давхар шийдлээ хүлээж байна. Мэдээж оросууд өргөн царигтай байхыг хүснэ. Түүнээс биш монголчууд энэ чиглэлийн дэлхийн зах зээл дээр хурдан томроосой гэж хүсэхгүй л болов уу. 

-Та түрүүн Х.Баттулга Засгийн газрыг хувийнхаа компани шиг ойлгож байна. Дээр нь Төрийн өмчийн хорооны даргыг дарамталж байгаад халах шийдвэр гаргуулсан гэсэн.  Дарамталсныг нь та яаж мэдээд байна?
-Сонсоход А.Гансүх сайд, Х.Баттулга сайд хоёр Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж гэдэг хүний өрөөнд сууж байгаад шийдвэр гаргуулсан юм билээ. Нууц юм гэж Монголд алга байна шүү дээ. 

-Зарим улстөрч “Ерөнхий сайд Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг чөлөөлөхөөсөө өмнө сайд Х.Баттулга, А.Гансүх нарт хариуцлага тооцох ёстой байсан” гэдэг асуудлыг хөндөх болсон. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Зүй нь бол Төрийн өмчийн хорооны дарга нь Монголын төмөр зам компанийн захирлыг чөлөөлөх бол тэр тухайгаа Ерөнхий сайддаа дуулгах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Тэгэхээр сайд нь хариуцлага хүлээж байгаа Ерөнхий сайдтайгаа  санал солилцож бүх асуудлаа ярьдаг байх ёстой. Ажиглаад байхад ийм танхимын зарчим Шинэчлэлийн Засгийн газарт алга. Энэ Засгийн газарт том толгойтой сайдууд л зөндөө байна. Ерөнхий сайдыгаа үл тоодог, өөрийнхөө хувийн эрх ашигт нийцүүлж шийдвэр гаргадаг гээд яривал юм байна, иймэрхүү байдлаар цаашаа явбал сайн зүйл рүү хөтлөхгүй. Монгол төр захиргаатай замбараатай, эрэмбэтэй дараатай байх ёстой. Тэгж байж төр өөрөө хүчтэй, Монгол төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого хүчтэй байна. Энэ утгаар нь хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. 

-Танай бүлгийн төвшинд “Х.Баттулга сайд, А.Гансүх сайдад хариуцлага тооцох” тухай асуудал хөндөгдсөн үү? 
-Бид асуудлын үнэн мөнийг олох гэж оролдож байна. Нэг талын тухайлбал, зөвхөн М.Энхсайхан даргаас мэдээлэл авчихаад огцруулах асуудал тавьж болохгүй. Нөгөө талаас ч мөн байр суурийг нь сонсч, бүх талаас нь асуудлыг боловсруулж, анализ хийгээд үнэхээр энэ хоёр сайд алдаа гаргажээ гэвэл огцруулах асуудал тавьж яагаад болохгүй гэж... 

-Засгийн газар урд хил рүү өргөн царигтай төмөр зам тавья гээд хөрөнгө мөнгийг “Чингис бонд”-оос босгосон хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэчихлээ. Тэгэхээр үнэхээр нарийн цариг нь Монголд ашигтай юм бол энэ шийдвэрийг өөрчлөх гарц бий юу. Эсвэл нэгэнтээ галт тэрэг хөдөлсөн гээд орхих уу?

-УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж бий. Тэр бодлогод одоогийн төмөр замтай огтлолцох төмөр замыг өргөн царигаар баръя гэдэг шийдвэр гарчихсан юм билээ. Гэхдээ уурхайгаас хил рүү чиглэсэн төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар УИХ-д тухай бүрт нь оруулж ирж шийдвэрлэнэ гэсэн өгүүлбэр энэ бодлогын баримт бичигт бий. Тодруулж хэлбэл, УИХ-ын цэвэр эрх мэдлийн асуудал болж байгаа байхгүй юу. Тэгэхээр Тавантолгойгоос  хил хүртэл нарийн царигтай төмөр зам тавина гэх юм уу, өргөн цариг байх уу гэдгийг УИХ шийдэх болохоос М.Энхсайхан гэдэг хүн ганцаараа яриад шийдэх асуудал ч биш л байсан юм л даа. 
Г.ДАРЬ
 

Б.Баяр: Бид МИАТ-ийн хувьчлалд оролцохгүй

“Mongolian Airlines Групп” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяртай ярилцлаа.

-“Mongolian Airlines Group” компанийн захиралтай ярилцах шалтгаан юу болохыг Та ойлгож байгаа байх аа. Хуулиар шалгагдаж байгаа асуудалд танай нэр холбогдсон учраас...
-Хуулийн байгууллагаас хэрэг үүсгэсэн МИАТ-ийн гэх асуудалд манай компанийг холбож, шалгасан зүйл байхгүй шүү дээ. “Mongolian Airlines Group ” компанийг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг Ч.Хоролсүрэнг цагдаж, шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ түүнийг “Mongolian Airlines Group” -ийн Ерөнхий захирлын хувьд биш МИАТ-ийн удирдлагаар ажиллаж байсны хувьд шалгах, мэдүүлэг авах шаардлага гарсан гэж бид ойлгож байна. Хуулийн байгууллага шалгах, мэдэх зүйлээ мэдээд хэргийн үнэн зөвийг тогтоох нь гарцаагүй. Шүүх нотлоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн мэтээр зарлан мэдээлэх, тэр хүнтэй холбоотой юм бүхнийг хэрэгт хамаатуулж ойлгох нь зохисгүй юм. 

-Монголын нисэх салбар хөгжих биш уруудах замаар явж иржээ гэж хүмүүс ойлгоход хүрч байна. Төрийн өмчийн, нэр хүндтэй компани нь гэмт хэргийн сүлжээнд орсон, хувийн компани нь луйвар хийх гэж байсан гэж хэвлэлээр бичигдэж байна?
-Монголд иргэний нисэхийн салбар хөгжих ирээдүй дөнгөж эхэлж байна. Би энэ салбарын ирээдүйг тун өөдрөгөөр харж ирсэн, өнөөдөр ч энэ бодолдоо улам бүр итгэлтэй болж байна. Яагаад гэхээр дэлхий улам бүр даяаршиж, эдийн засгийн хөгжил хурдасч, улс орнуудын харилцаа холбоо улам ойртон нягтарч байна. Үүнийг дагаад дэлхийн нэг талаас нөгөө тал руу хол, ойрыг үл харгалзан онгоцоор зорчих ажил хэрэгч хүмүүс, амрагч, аялагчдийн тоо сүүлийн хэдэн жилд санаанд оромгүйгээр нэмэгдсэн. Нисэхийн салбар, нислэгийн компаниудын ажил, ачаалал нэмэгдэж байна. Бизнесийн утгаар бол зах зээл тэлж, хэрэглэгчийн тоо өсч байна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил хүмүүсийг даллан дуудаж эхэлсэн. Цаашид олон орны анхаарал, хөрөнгө оруулалтыг татна гэж тооцоолбол зорчих хөдөлгөөн хаана нэмэгдэх вэ? Далайд гарцгүй Монголд нисэх тээвэр хөгжих ирээдүй ч байна, стратегийн ач холбогдол ч байна. Харин энэхүү хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн бодлого зохицуулалт үнэндээ дутагдаж байна. Энэ салбарт нүүрлэсэн төрийн бодлого, зохицуулалт, менежментийн алдаа дутагдал, сэтгэл дутсан хандлагаас үүдсэн сөрөг үзэгдлийн буруутан нь МИАТ ч юм уу, хөлөө олж ядаж байгаа хувийн хэдэн компани болж хувираад өнгөрвөл Монголын иргэний нисэхийн салбар хөгжих биш уруудна. Өнөөдрийн хүрсэн төвшингөө ядаж хадгалах ёстой. Байдал тийм ч муугүй байна шүү дээ. Орон нутгийн нислэгийн үнэ тариф манай компанийн нислэг хийгдэж эхэлсэнээс хойш 30 хувиар хямдарч, дотоодын зорчигчдын тоо 30 хувиар өссөн байна. Өнөөдөр МИАТ-ээс гадна “Изинес”, “Аэро Монголиа” компани, манайтай нийлээд гурван хувийн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн өрсөлдөөн хөгжил дагуулж байгааг дээрх статистикаас харж болох юм. 

-Өрсөлдөөн цэвэр шудрага байж чадаж байна уу. Танайхыг тухайлбал, МИАТ-тэй өрсөлдөж, унагах гэж байсан, зарим чиглэлийг нь булааж авсан гэх мэтээр ярьж байна.

-МИАТ компанийн нислэгийн нэг чиглэл болон огт нислэг үйлддэггүй зарим чиглэлд бид орон зай олох, өрсөлдөөн бий болгохыг чармайсан. Канадаас Оюутолгой руу ирэх зорилготой хүмүүс байлаа гэхэд МИАТ Улаанбаатарт авчираг, “Mongolian Airlines” Өмнөговь аймаг руу хүргэе. Ийм байдлаар хамтран ажиллаж, цаг үеийнхээ шаардлагад нийцсэн үйлчилгээг Монголын иргэний нисэхийн салбарт бий болгох ёстой гэж бид үздэг. Өрсөлдөөн дундаас үйлчлүүлэгч л хождог шүү дээ. Агаарын тээвэр бол дэд бүтэц. Дэд бүтэц сайжрах тусам үүнийг дагаад иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн хурд, эргэлт нэмэгдэнэ. Бизнес, хөрөнгө оруулалт, өмч хөрөнгийнх нь үнэ цэнэ өснө. Монгол Улсын иргэний нисэхийн салбарын бодлого, зорилго энэ л байх ёстой болов уу.

-Өрсөлдөөнийг бас арай өөр утга агуулгаар хэрэгжүүлж болдог бололтой.  Тухайлбал, гол өрсөлдөгчөө татаж унагах замаар. МИАТ-ийн хувьчлалд санаархаж байсан бүлэглэлүүд бий гэж бичээд байна. “Mongolian Airlines Group” МИАТ-ийн хувьчлалд бэлтгэж байсан юм уу?

-МИАТ-ийн хувьчлалд “Mongolian Airlines Group” огт оролцохгүй. Анхнаасаа ч тийм санаа байгаагүй. Үүний нотолгоо бол манай компанийн агаарын хөлгийн парк, инженерингийн шийдэл, үйл ажиллагааны технологи юм. Компани байгуулсан шалтгаан нь  МИАТ-ийг хувьчилж авахад зориулагдсан байсан бол МИАТ-ийнхтай яг ижил төстэй байх байлаа. Тэгсэн бол дараа дараагийн үйл ажиллагаа хялбар, хөрөнгө оруулалт хамаагүй хямд тусна шүү дээ. Тэгэхээр анхнаасаа огт өөр шийдлийг сонгосноос эхлээд өнөөдрийг хүртэлх бүх үйл ажиллагаа маань МИАТ-ийн хувьчлалаас хамаагүй хол явж ирсэн.
“Mongolian Airlines Group” компани Европын онгоц үйлдвэрлэгч “Аэробус” компанитай хамтран ажилладаг. МИАТ АНУ-ын үйлдвэрлэгч болох “БОИНГ” компанитай хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл нэг нь “Аэробус” үйлдвэрийн онгоц, нөгөө нь “БОИНГ” үйлдвэрийн онгоц ашигладаг. Энэ хоёр үйлдвэрлэгч дэлхийн зах зээл дээрх хамгийн том хоёр үйлдвэрлэгч бөгөөд ашигладаг технологи, инженерингийн шийдлүүд нь огт өөр. Үүнийг дагаад манай хоёр компанийн нисэх парк, түүний техникийн засвар үйлчилгээ, ажилтангуудынх нь дадлага туршлага өөр. БОИНГ онгоцны нисгэгч Аэробус онгоц жолоодож чадахгүйтэй адил Аэробусын нисгэгч БОИНГ онгоц хөөргөж чадахгүй. Хэрэв аль алин дээр нь сургая гэвэл тухайн нисгэгч бүрийг 50-60 мянган ам.долларын үнэтэй сургалтад дахин хамруулж, дадлагажуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр боловсон хүчний нөөц маань хүртэл тус тусдаа бэлтгэгдэнэ, нэгээс нөгөөд хувиргая гэвэл дахиад шинээр нисгэгч бэлтгэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Өөрийн компанийн үйл ажиллагааг хөгжүүлье, зах зээлийг монголын нэг компаниар нэмэх, энэ дундаас улс орны хөгжил, нэр хүнд шалтгаална гэж бодож, зорьж ирснээс биш үүнээс цааш илүү зүйл харж, өөрсдийнхөө нөөц бололцооноос давсан зүйлд санаархаж байсангүй. 

-Монголд агаарын зорчигч тээвэр хөгжих боломж байгааг гадныхан илүү харж, мэдэрч байгаа санагддаг. Маш олон авиакомпани Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдээд ашиг олоод байгаагаас харахад л ойлгомжтой байна шүү дээ?

-Тийм. Өнөөдөр БНСУ-ын “Кореан Аэрлайнес”, БНХАУ-ын “Аэр Чайна”, ОХУ-ын “Аэрофлот”, сүүлд нэмэгдээд Туркийн “Туркиш Аэрлайнес” компаниуд Монгол руу нислэг үйлдэж байна. Мөн өөр бусад гадны компаниуд нислэг нээх судалгааг идэвхтэй хийж, албан хүсэлтээ гаргах болсон. Лав л БНСУ-ын  “Асиана Аэрлайнес” компани Монгол руу нислэгийн эрх авахаар сүүлийн арваад жил лобби хийж байгаа. Дээрх компаниуд нислэгийн давтажаа нэмэгдүүлэх, онгоцны хэмжээгээ томруулах хүсэл, эрмэлзэлтэй байна. Яагаад гадныхан сонирхож, өрсөлдөж байгаа зах зээлд монголын, дотоодын компаниуд хөлөө олж болохгүй гэж. Өөрийнхөө улсад үлдэх ёстой мөнгийг гадныханд алдаад дуусах тийм л ирээдүйг хүсээгүй юм бол одоо л цэгцэлж авах цаг нь болсон. Өнөөдөр хэвлэлээр гарч байгаа худал ташаа мэдээлэл, гуйвуулсан баримтууд, улстөржсөн дүгнэлтүүд төрийн өмчийн МИАТ-ийг ч, хувийн хэвшлийн авиакомпаниудыг ч сульдааж, эцсийн дүндээ Монгол Улсад л муугаар нөлөөлнө. Гадныханд идүүлээд л дуусна. 

-Нисэхийн бизнес маш өндөр үр ашигтай учраас зах зээл, бизнесээ булаалдсан лобби дээрх хэргийн ард яваад байна уу гэсэн таамаглал байгаа?
-Агаарын тээврийн салбар өртөг, зардал өндөртэй бизнес шүү дээ. Хүмүүс ашигтай гэж хардаг юм. Аргагүй байх л даа. Хүмүүс онгоцоор нисэх гэж хуримтлал үүсгэж байж тийз худалдаж авдаг. Тийм болохоороо хүн бүрээс ийм их мөнгө авч байгаа юм чинь энэ компани их ашиг олж байна гэж ойлгодог юм. Гэтэл үнэн хэрэгтээ иргэний агаарын тээвэр нь аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлага маш өндөр байдгийн улмаас  зохицуулалт ихтэй. Өнөөдөр Монгол Улсын Нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрмүүд болон Олон улсын агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны болон бусад холбогдох байгууллагуудын олон тооны дүрэм журам, заавар, зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох шаардлагатай байдаг. Энэ хэрээр сахилга бат, хариуцлага яригддаг учраас нийт мэргэжилтэн, ажилтнуудаас нөр их хөдөлмөр, тэвчээр гаргах хэрэгтэй байдаг. Тэрнээс гадна их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бизнес. Тийм ч учраас манай улсын хувийн хэвшлийн Бодь, МАК зэрэг тэргүүлэх компаниуд хөрөнгийг гаргаж, эрсдлийг үүрч байгаа. Бид МИАТ-ийн нэр дээр үүссэн хэрэг зөрчил, түүнийг дэвэргэж байгаа улстөржилтээс болоод хөрөнгө оруулалтаа, нэр хүндээ, хүний нөөцийнхний нөр их хөдөлмөрөө эрсдэлд оруулмааргүй байна. Хэвлэлээр бичигдээд байгаа улстөрчидтэй “Mongolian Airlines Group” компани эрх ашгийн ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Ажил хэргийн холбоотой байхаас өөр аргагүй албан тушаалтнууд тэр дунд бий. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, “Mongolian Airlines Group” компани өөрийн зүгээс хангалттай бэлтгэл хийж, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг биелүүллээ, техникийн боломж, чадавх хангагдлаа гэж үзээд Хонгконг, Шанхайн чиглэлийн нислэгийн эрх хүсч, үүнд Засгийн газар томилгоо хийсэн. Энэ томилгоог хийх эрх үүрэгтэй нь хувьд салбарын сайд байсан Х.Баттулга  шийдвэрийг баталсан. Түүний оронд уг албыг хэн ч хашиж байсан томилгоог зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн аливаа шийдвэрт гарын үсэг зурж таарна. Энэ бүхнийг битгий хар сэр болгооч. Эцсийн үр дүндээ дээрх томилгоо Монгол Улс, монголчуудад л хэрэгтэй. Дэлхийн нэг том хаалга, гарцыг нээж өгсөн. Цаашид ийм эрх олгох буюу нисэхийн хэллэгээр томилгоо хийх гарц олон байгаа. Яагаад өнөөдөр АНУ руу нисэх хүн заавал Сөүлээр дайрдаг юм бэ. “Кореан Аэрлайнес”-ийн онгоцоор нисч байгаа болоод л тэр шүү дээ. Уг нь тэр хүн шууд л АНУ руу нисэх хүсэлтэй,  шаардлагатай байгаа. Бид өөрсдөө шинэ хаалгаа нээж, дэлхийг хэрсэн нисэхийн сүлжээнд үндэсний компаниудаа холбох ёстой. 

-МИАТ компанийн нэрийг, түүхийг  “Mongolian Airlines Group”  өмчиллөө гэж шуугиж байна. Үүнд тайлбар өгөөч...
-Иргэний нисэхийн түүх Монгол улсад 1956 оноос эхэлсэн. Тэр үеэс нислэгт ашиглаж байсан АН-2 онгоц болон үүнийг дагасан хүн, хүчний нөөц бүхий  онгоцны хэсгийг МИАТ компани 1994 онд тусад нь салгаж, дараа нь хувьчилсан. 2006 онд төрийн өмчийг хувьчлах Засгийн газрын шийдвэр гарч, нээлттэй дуудлага худалдааны ялагчаар “Моннис Интернэшнл” ХХК тодрон “Агросервис” төрийн өмчит үйлдвэрлэлийн газрын өмчлөх эрхийг авсан. Харин энэ компанийг бид 2011 онд Моннис -ээс худалдан авч, “Mongolian Airlines Group” ХХК болгон шинэчлэн зохион байгуулж, агаарын хөлгийн паркийг нь хоёр ширхэг Фоккер-50 хөлгөөр нэмэгдүүлэн хууль, дүрмийнх нь дагуу агаарын тээвэр эрхлэх тусгай зөвшөөрлийг авч байлаа. Одоо хүртэл АН-2 онгоцны хэсэг маань “Mongolian Airlines Group” компанийн харъяанд үйл ажиллагаа явуулж, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдсаар байгаа болохоор бид энэхүү онгоцны түүхийг маркетингийн зорилгоор ашиглах бүрэн эрхтэй. Тэгэхээр үүнийг бидний эсрэг гуйвуулан ашиглаж, биднийг өрсөлдөөний талбараас шахах арга саам хайсан хүмүүс үйл явдлыг далимдуулан хонжоо хайгаад байна уу даа гэж харж байна. Таамаглаж байгаа хүмүүс ч бий. АН-2 онгоц өөрийн давтагдашгүй давуу талуудтай, хүч сайтай, бага хурдтай, хөнгөн, тогтвортой гээд... Тийм болохоор тийм ч амархан зайгаа тавьж өгөхгүй. Ашиглалтын хугацаагаа дуустал ниссээр байх болно. Ер нь дэлхийн ихэнх улс орнууд хоёр болон түүнээс дээш томхон авиакомпанитай байдаг. Зэрэгцэн оршоод, хоршоод байж болдог. Тэгэхээр МИАТ манай хоёрыг битгий муудалцуулах гээд бай л даа...

-“Mongolian Airlines Group” болон МИАТ компани нэр давхацсан гэж үздэг. Бас л маркетингийн арга уу?
-Монголиан Аэрлайнес буюу латин галигаар “Mongolian Airlines” гэж бичигдэх нь МИАТ ХК-ийн “МИАТ Mongolian Airlines” гэж бичигдэхтэй адилхан байгаа нь үнэн. Гэвч МИАТ ХК энэхүү латин галигаар бичигдэх нэрээ Монгол Улсын бүртгэлийн газар болон бусад байгууллагуудад бүртгүүлж баталгаажуулсан эсэх мэдээлэл бидэнд байхгүй. МИАТ компани нь латин галигаар “MIAT” гэх дэлхий нийтэд танигдсан брэнд нэртэй. Харин энэ нэрээ онгоцны гадна будагнаасаа саяхнаас буулгачихсан харагдана лээ. Манай компанийн хувьд бидний маркетингийн нэр Монголиан буюу  “Mongolian”, англи хэлээр “монголчууд” гэсэн үг. Тийм ч учраас бид компанийн бэлэгдэл логогоо эртний монголчуудын шүтээн болох нар, сар, марал буга, шонхор шувуугаар төлөөлүүлсэн. Харин Аэрлайнес буюу “Airlines” гэдэг нь агаарын зам, шугам буюу авиакомпани гэсэн утгыг төлөөлдөг. Агаарын зам, авиакомпани гэсэн утгатай “Airlines” үгийг дэлхийн ихэнх компаниуд хэрэглэдэг юм. Тухайлбал Оросын “Aeroflot Russian Airlines”, Германы “Lufthansa German Airlines” гэж байдаг. Манай хувьд оноосон нэр маань “Монголиан”, тэгээд айрлайнес. Аэрлайнес гэдэг үгийг хэн нэгэн өмчилж, зохиогчийн эрхийн маргаан хийхэд утгагүй л дээ. Олон улс, агаарын шугамд манай хоёр компани тэс өөр дуудлага, кодтой. Андуурах, будилах боломж байхгүй. 

-Танай компанийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байгаа биз дээ.
-Бүх зүйл хэвийн. Өөр ямар байх ёстой юм бэ. Яалаа гэж доголдох юм бэ? 
Ердийнхээ горимоор нислэгээ үйлдээд явж байна. Саяхан нийт ажилтнуудтайгаа яриа хийж, хариуцсан ажилдаа анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг шаардсан байгаа. Аюулгүй ажиллагаа, байдал хамгаас чухал. Өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулагдсан Оюу Толгойн Ханбумбат аэрпорт руу А319 гэдэг том  онгоцоороо техникийн нислэг хийлээ. Үнэхээр сайхан юм говьд хийсэн байна. 
Манай компани орон нутагт маш их нэр хүндтэй. Дахиад нислэгийн шугам нээгээч, нислэгийн тоогоо нэмээч гэсэн хүсэлтэд дарагдаад л байж байна. Одоогоор бид Увсын чиглэлийн нислэгийг судалж байна, удахгүй нислэгээ эхлэх байх. Эрэлт хэрэгцээ их байгаа тул онгоцныхоо тоог тун удахгүй нэмнэ. Манайх энэ бүх үйл явдлаас болоод доголдох, дампуурах шалтгаан байхгүй л дээ. МИАТ, манайх хоёр адилхан дөрвөн онгоцтой. Гэхдээ МИАТ 800 ажилтантай бол манайх дөрөв дахин бага буюу 200 ажилтны цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. Энэ их зөрөө шүү.

Ярилцсан З.БОРГИЛМАА
http://economy.news.mn

Р.Гончигдорж: Ардчилал бол хувь хүний хувьд эрх чөлөө, төрийн хувьд дэглэм, журам юм

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.
-Өнөөгийн пар­ла­мен­тын гишүүдийг нэг өглөө сэрээд бараг зүү­дэндээ үзсэн, эсвэл бодсоноороо хууль са­наа­чилдаг болсон гэх шүүмжлэл бий. Энэ бай­дал юунаас болж үүсээд байна гэж та үзэж байна вэ?
-Олон түмний дунд ийм яриа гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг нь бичиж байгаа бол овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэгтэй ижил нөхцөл бай­дал байна гэсэн үг л дээ. 
Хууль санаачлах эрх мэдээж УИХ-ын гишүүдэд байгаа. Гэхдээ ихэнх гол хуулиудыг Засгийн газар санаачилж, УИХ түүнийг батлах учиртай юм. Ха­рин эргээд хэрэгжилтэд нь Засгийн газартаа хяналт тавьдаг байх меха­низмын цаад углуурга нь эрх мэдлийг салган ху­ваа­рилах, хууль тогтоох, хяналтын чиг үүргээ чад­варлаг хэрэгжүүлж чадах асуудалтай холбоотой юм. 
УИХ-ын гишүүд бол улс төрийн харилцаан дээр буюу сонгуулийн хууль, Дэгийн тухай гэдэг ч юм уу, эсвэл улс төрийн онцгой нөхцөл байдал үүссэн үед холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр хууль санаачлах нь зохистой. Түүнээс бус бүхэл бүтэн цогцоор нь хуулийг өөр­чилнө гэдэг бол Засгийн газрын л ажил байгаа юм. Түүнчлэн УИХ-ын ги­шүүн хяналтын шуга­маар байн­­гын хороо­гоо­роо дам­жуулан Засгийн га­зарт эдгээр хуулиудыг өөрчлөх, шинэчлэх шаард­лагатай гэдэг чиг­лэл өгөөд явах юм бол илүү ач холбогдолтой болно. 
Хууль гэдэг бол гэ­нэтхэн нэг заалт бо­дог­доод босчихдог зүйл биш. Манайх хэдэн зуун хууль­тай. Энэ бүхэн чинь цаад язгуураараа хоорондоо сүлжилдэж боссон, ха­рилцан хамааралтай зүйл. Тиймээс нэг хуулийн нэг заалтыг өөрчлөхөд бусад хуулиудын өөрч­лөлтийн асуудал ч мөн гарч ирдэг. Ийм л цогц байдал гардаг учир бүхэл бүтэн Хууль зүйн яамтай, хуулийн харилцаа ха­маар­лыг зохицуулж байх Засгийн газартай байгаа юм шүү дээ. 
 
Тиймээс хэдийгээр УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх мэдэл нь хадгалагдаж байгаа ч гэсэн үүнийг бодох зайлш­­­гүй шаардлагатай юм. -Гишүүдийг хуулийн зарим зүйл заалтад л өөрчлөлт оруулах нь зохимжтой гэлээ. Гэх­дээ хэлэлцүүлгийн яв­цад ч юм уу хэн нэгэн гишүүн горимын санал гэж оруулж ирээд шигт­гэчихдэг. Энэ нь эргээд иргэдийн эсрэг хууль болж хувиран тухайн гишүүний ашиг сонир­холд нийцэх тохиолдол байж болох юм?
-Гишүүд олноороо хууль санаачлаад ирэхийн болзошгүй аюул нь энэ л дээ. Тодорхой ашиг сонирхолд үйлчлэх агуулга руу гишүүний са­наачилга чиглэж магадгүй юм. Гишүүн өөрөө түү­нийгээ мэдэхгүй байж болно. "Энэ хуулийг ин­гэж өөрчилмөөр байна" гэж тухайн үед янз бү­рийн сайхан тайлбар хийж, "Та нэг хууль са­наа­чилчихгүй юу" гээд то­дор­хой хүмүүс зөвлөсний дагуу, бүр төслийг нь боловсруулж өгч байж ч болох юм. Өөрөөр хэл­бэл, тодорхой сонирхлын бүлгийн хүмүүс өөрийн­хөө эрх ашгийг хуулиар хамгаалуулах давуу байд­лыг бий болгож бай­на гэсэн үг. Тиймээс хууль санаачлах эрхээ эдлэх­дээ нэлээд болгоомжтой, цогцоор хандах ёстой. Ингэхдээ Засгийн газрын хууль санаачлах эрх мэ­дэлд нэлээд дулдуйдсан байдалтай хандах нь илүү зохимжтой гэж би боддог юм. 
 
-Ардчиллын ли­де­рүү­дээс өнөөгийн пар­ла­ментад ганцхан та л байна. Тиймээс ард­чил­лын дархлаа суларсан мэт харагдаад байдаг болчихлоо. Мөн өнөө­гийн парламентад бай­гаа гишүүд юу дуртай­гаа хийгээд байна гэх шүүмжлэл бий?
-Тэгж хэлж болохгүй юм. Өнөөгийн УИХ-д анхны бүрэлдэхүүнээс нь эхлэн сууж байгаа гишүүд олон бий. Тухайлбал, Р.Амаржаргал, С.Баяр­цогт зэрэг олон гишүүн бий. Ер нь Ард­чилсан намд барья гэж боддог, тодорхой хэмжээнд барьж байгаа зүйл бол ардчиллын үзэл санаа­гаа дараа дараагийн улс төрд гарч ирж байгаа хүмүүстээ үндсэн зарчим болгож өвлүүлэх, тэдгээр залуус маань өмнөхөө үгүйсгэж бус үргэлжлэл нь болж гарч ирэх зарчим чухал байдаг. Үүнийг ч би байнга хэлдэг. Гэхдээ шүүмжлэл байгааг би ойл­гож байгаа. УИХ-ын гишүүд сонгогдохдоо намын сонгуулийн мө­рийн хөтөлбөрийг үндсэн зарчмаа болгож, нийг­мийн олон асуудал дээр өөрийн байр сууриа илэр­хийлдэг. Улмаар сон­гог­дохдоо миний тэр байр суурийг сонгогчид дэмжсэн гэдгээ өөрөө мэдэрдэг. Тиймээс тэрхүү байр сууриа УИХ-ын ги­шүүн болсон ч гэсэн хад­галж байх ёстой гэсэн буруу ойлголттой байдаг хандлага харагдаад бай­даг юм. Гэхдээ үүнийгээ нэг зүйлтэй холбож ойл­гох учиртай юм л даа. Бид популизм буюу олон түмэнд таалагдахын тө­лөө хийж байсан үйл ажил­лагаанаасаа парла­мен­тын гишүүн болчи­хоод татгалзах хэрэгтэй. Үнэхээр ард түмний хү­сэл зориг нь болчихоод байгаа зүйлийг пар­ла­ментад орж  хэлсэн, хэ­лээгүй үүнийгээ баримт­лан хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байх шаардлагатай бай­гаа юм. 
 
-Гэхдээ өнөөгийн УИХ-ын гишүүд ард­чи­лал гэдгийг арай л бу­руу тийш нь залаад бай­на гэдэгт та ямар ха­риулт өгөх вэ?       
-Ардчилал хумигдаж байна, хүч тамир нь та­сарч байна гэж ярих бол­жээ. Би үүнийг огтхон ч тэгж бодохгүй байна. Ард­чилал гэдэг бол хувь хү­ний хувьд эрх чөлөө, ха­рин иргэдэд үйлчилдэг төрийн байгууллагын ту­хайд ердөө дэглэм журам юм. Үүнийг Үндсэн хууль бусад хууль тогтоомжид зааснаар мөрдөж байж, тэдгээр нь иргэдэд үйлч­лэх үндсэн үүргээ хэрэг­жүүлж чадна. Өөрөөр хэл­бэл, ардчилал гэдэг нь хувь хүний хувьд эрх чө­лөө боловч нийтэд нь аваад үзвэл аль ч хүн, байгууллагын суурь эрх ашиг хөндөгдөхгүй бай­хыг хамгаалсан хамгаа­лал­тын зарчим юм шүү дээ. 
 
-Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн хэ­рэгслийн үйл ажил­ла­гааг хязгаарлах, бусдыг ямар эхнэр, нөхөртэй байх, эсвэл газрыг нь албадан чөлөөлүүлэх явдал байж болно гэж үү. Энэ нь ардчилал хумигдаж байгаагийн илэрхийлэл биш гэж үү?
-Гэр бүлийн асуудал бол Үндсэн хуулиар заагд­­сан эрх юм. Манай Үндсэн хуульд нэг онцлог бий. Хайр сэтгэлээр суу­сан эр, эм хоёр гэр бүл болж болно гэж. Цаа­гуураа нэг зүйлийг хяз­гаарласан байгаа юм. Энэ агуулгаар л гэр бүл болох эрх чөлөөний асуу­дал тодорхойлогдож байгаа. 
Бусад асуудал буюу сайтуудын сэтгэгдэл, те­ле­визийн зарим сув­гуу­дыг хаах асуудал нь нө­гөө гээндээ ч бий, гоон­доо ч бий гэдэгтэй л адил­хан. 
Өнөөдөр сайтуудын сэтгэгдлийг миний хоёр настай жаахан охин хэ­дийгээр уншиж чадахгүй ч гаргаад ирж л байна. Тиймээс миний ах, эгч үүнийг бичиж байна гэж мэдэхгүй ч гэсэн таны дүү гаргаж ирж байна гэж бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, соёлт, ардчил­сан, хүмүүнлэг нийгэмд амьдарч байгаа иргэн таны хэлсэн үг учраа мэ­дэхгүй байгаа хүмүүст очиж байгааг санах учир­тай. Эсвэл бүр таны аав, ээж шиг хүмүүст хүрч бай­гаа. Тэд яаж эмзэглэж хүлээж авах бол. Балчир хүүхдүүд маань үзээд хэрхэн дуурайх бол. 
Нөгөө талаас зарим хэвлэлүүдийн бичиж бай­гаа нь үнэн л дээ. Нийгэм дэх ёс зүй, соёлоороо зохицуулагдах асуудал мөн үү гэвэл мөн. Гэтэл нийгэмд соёл зүйгээрээ зохицуулагдахгүй байгаа асуудлыг ийм байдлаар зохицуулахаас өөр арга байхгүй. Тухайлбал, то­дор­хой насныханд хаалт­тай байдаг, тэнд тодорхой хүмүүс юугаа бичих нь эрх чөлөөнийх нь асуудал байдаг байж болох юм. Бидний ард­чил­лын үлгэр жишээ бол­годог орнуудад тийм жи­шиг аль хэдийнэ тогт­чих­сон байдаг юм билээ.
Ийм л юм байгаа юм. Тиймээс би уг асуудалд хандахдаа эрс тэсээр, аль нэг талыг буруут­га­мааргүй байна. Нөгөө талаас ингэлээ гээд ард­чиллыг хумилаа гэдэг ойлголтыг өмнөөс тавьж болохгүй. Ардчилал гэд­гийг үйлчилгээн дээр ярих юм бол хүний хэрэг­лээ­ний эрх, эрх чөлөөг хан­га­сан байх ёстой. Энэ бол үйлчилгээний алтан зар­чим. Тэр утгаараа төр иргэдийнхээ эрхийг хам­гаалах хуулиар олгогдсон үүргийнхээ төлөө асууд­лыг тавьж байна уу гэдэг үнэ цэнээс нь л харах ёстой шүү дээ.
 
-Гадны улс ор­нуу­дад парламентын ги­шүүдийн дор хаяж 10 хувь нь нийлж хууль санаачилдаг гэсэн. Хуу­лийн төслийг чанартай болгохын тулд манайд ийм байх боломж бий болов уу? 
-Хууль санаачлах бо­лон хуулийн санал гаргах эрх хоёр өөр л дөө. Ерөн­хий­лөгчийн санаачилсан нэлээд далайцтай явж байгаа асуудал бол шууд ардчиллын тухай. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдийн болон улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд саналаа хэлдэг шинэ да­валгаа эхэллээ шүү дээ. Энэ л үзэл санаа юм. Швейцарь зэрэг улсад хамгийн жижиг нэг­жүү­дийн хуралдаанаар да­гаж мөрдөх журмаа иргэ­дийнхээ санал асуулгаар баталчих жишээтэй. Ма­найд бол энэ чиглэлийн хамгийн том жишээ нь ард нийтийн санал асуулга. 
Харин хууль санаач­лах эрхийн тухайд ма­найд гурван төрлийн субьектэд эрхийг өгчих­сөн байгаа. Тиймээс өнөө­дөр манайд шууд ардчилал ийм хурдацтай хөгжиж байгаа үед би итгэлтэй байна. Учир нь олон хүмүүс нийлж хуу­лийн санал гаргаж, мөн олон нийт хэлэлцсэний үндсэн дээр хууль са­наачлагч, Засгийн газар, эсвэл Ерөнхийлөгчөөр дамжаад батлагддаг цаг хугацаа тийм ч хол биш байна гэж бодож байна. 
 
Т.ГЭРЭЛМАА
Өдрийн сонин

Л.Тэрбиш: Бид эвтэй байвал могой жил хишиг буянаа хайрлана



Шинжпэх ухааны гавьяат зутгэлтэн, ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор, профессор Л. Тэрбиштэй ярилцлаа. 
Цагаан cap дөхсөн энэ үед ирж буй могой жилийн өнгө, төлөв, ноён нуруу ямар байгаа бол гэж сонирхож байгаа. Мэдээж жил жилийн онцлог гэж байдаг, Энэ бүхэн хэрхэн зурагдсан байна вэ?
-Монгол хүмүүн билгээрээ, нангиад хүмүүн бэлээрээ гэдэг хойно. Бид эв эетэй бол ирэх жил хишиг буянаа хайрлах байх аа. Жилийн онцлог хэмээвээс нэрнээсээ л харагдаж буй. Ямар нэгэн ажилд хичээвээс эцэс хязгаарт нь хүрч болохыг “Тийн ялгуусан” хэмээх жилийн ёгт нэр төрх монгол зурхайн тооцооллын ёсоор “Хур багатай үр, тариа чухаг” байх нигууртай буй. Жилийн байр байц нь тухайн жилд гол нөлөө үзүүлэх зарим эрхэстэй холбоотой байдаг.
Тэр агуулгаараа тухайн жилийн дундуур хур багатай байх боловч жилийн ерөнхий төлөв нь өвс ногоо өег цатгалан болоход учралыг бүрдүүлнэ дээ. Ард зонд, амгалантай, дунд тушаалын хэргэмтнээ ширүүн, өндөр суудалтнуудад халгайтай байхыг үхэр хариулаач хөвгуүн илэрхийлж буй тул, тус тус явдал мөрдөө анхаарамжтай байгууштай.

-Ялангуяа улс орон болон төрийн өндөрөлөгүүдийн хувьд ямар нэг өорчлөлт гарахыг зурхайн номоор мэдэж болох уу?
-Тооцоолон магадлах аргачлал ном сударт харагддаг.Tэр нь дураар дэлгэхийг хатуу хаасан нууц увидас гэдэг. Ер нь бидний монголчууд төр шашныг хослон барьдаг түүхэн уламжлалаа бараг алдаагүй үндэстэн. Энэ нь бидний бахархал бөгөөд эзэн Чингис хааны явдал мөр, ялгуусан хүчин их ухаан, алтан гэрээслэлээр уламжлагдаж ирсэн зүйл. 
Тэр төр ёсны уламжлалыг тогтоохын тул эзэн Чингис хаан гэмт 12 өчүүхэн хаадыг цэргийн хүчээр номхотгосон хэмээн монголын түүхийн сурвалжуудад гардаг. Энэ нь эзэн Чингис хааны үед монголчууд бурхны шашныг төрийн шашин болгон хүлээж авсныг харуулах баримт юм. Түүгээр үл барам эзлэн авсан газар орондоо өөрийн элч төлеөлөгчийг суулган төр шашны хэргийг мэдүүлж байсныг гэрчлэх ажээ. Эзэн Чингисийг номын хаан боллоо хэмээн монгол орныг төр шашныг хослуулсан улс гэдгийг давхар баталж буй хэрэг. “Миний үгийг сонсохоор мэргэдийн зарлигийг анхаар” гэсэн эртний мэргэн үг байдаг.
Их Монгол Улсын 800 жилийн ойн арга хэмжээнд зориулж Гандантэгчинлэн хийд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИСургуулиас Чингис хаан ба монгол бурхны шашин хэмээх эрдэм шинжилгээний бага хурал дээр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн нэрт түвдэч, доктор профессор Хотгойд Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, “Чингис хаан ба монголын бурхны шашин хэмээх" гол илтгэлдээ “Ер нь бурхны шашнаар дамжин түвд, монголын хаадуудын харилцаа, арга билгийн гүн ухаан, хатуу зеөлөн үйлсийн харилцан шүтэлцээ, ном терийн гадаад дотоод холбоо шашин төрийн хос ёсны сургаалд гайхамшигтай нарийн зохицож ирсэн үе үеийн түүхийг илтгэнэ. 
Чухамхүү энэ үүднээс авч үзвэл энэ мэтээр Чингис хааны “Буруу үзлийн замд оршсон 12 бага хаадыг номхотгож, бурхны шашны нэгэн том нэгдлийн дор зохилдох нөхцлийг бүтээж, харшилдах нөхцлийг арилгахыг зорьсон нь зэвсгийн хүчээр улсын талыг алддаг, хаадын явдлаас номын хүчээр ертөнцийг талыг авдаг. Номт хаадын бодлогын бодит жишээ болно. 
Эл бүхнээс үзэхүл, Чингис хаан бол өнөө бидний хэтийдүүлэн үзэж мушгин тайлбарлаж байгаа шиг гагцхүү нутгийг тэлэх авах, идэх алах хөнөөхөд чиглэсэн хар дайны бодлогоор улс иргэнийг уулгалан сүйтгэхийг нэгэн хэргийн зорилго болгосон бус, бас хар бөө тал хэнгэрэгтний ёсыг туйлд гартал шүтсэн нэгэн ч бус хамаг бүх шашныг шүтэх хэрэгтэй хэмээн зарлигдан тунхагласан нь бүр ч биш харин төрийн тэтгэх амьтныг жаргаахын тулд алив зарчим, журам хууль ёсыг дорно дахины эртний их иргэншилт улсын ёсноос сэтгэлийг засах оюуныг гэгээрүүлэхийи тухайд Энэтхэгийн судар номым ёсноос сурч, тидийн номын мэргэдийг "Улсын багшид" шүтэж ирсэн их уламжлалын алүтан аргамжийн бодлогыг хойч үедээ атгуулсан чухамхүү ном хаан байжээ. 
Ер нь “Чингисийн хураасан улс иргэн дотор олон шашны хүмүүс байсан нь нэг хэрэг, олон шашинтны улс болгосон нь харин түүхэнд гэрчгүй хэрэг” хэмээн үүнийг ягштал баталж хэлсэн билээ. Энэ дурдан буй төр ёсны уламжлалаар бол Монгол гүрний миний мэт нэгэн албат төрийн өндөрлөгийг тэгнэ, ингэн гэж донгодох эрхгүй. Эрхгүй гэдэг нь эрдэм уханы оргил болсон бурхны шашин төр, түмний хэргийг магадлах чадваргүй гэсэн үг биш л дээ.
Өмнө дурдсанчлан бас хаа нэгэн саваагүй хүмүүний асуултад хариулж хамаг хэргийг задал гэсэн үг бүр биш. Харин эрх дархтан, эзэн ноёдууд: “Энэ мэтийг тооцоолж хариул” хэмээн даалгаваас тэр гүрний албат болохын тулд хэрэв үнэхээр мэдэж чаддаг аваас, хэн ч гэсэн эл даалгаврыг биелүүлдэг түүхэн уламжлалтай байсан хэмээн багш нар минь айлддаг байж билээ. Учир иймд миний бие эл асуултанд хариу өгөх боломж алга аа. Харин аливаа сонгууль болоход өөрийгөө зурхайч хэмээн цоллуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв цуу яриа гаргагчдыг эрүүл өвчтэйг нь шалгаж, өвчтэй бол өвчнөөс нь салгаж, эрүүл бол ардын толгойг эргүүлсэн гэмт үйлдэл хийснийх нь тухайд гэсгээн цээрлүүлж байгууштай.
Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй билээ. Учир иймд улс орон болон төрийн өндөрлегүүдийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарах эсэх талаар дэмий цэцэрхэж, ардын толгойг эргүүлэх эрх хэнд ч байж үл болно. “ Саваагүй нохой саранд хуцна хэмээн мэргэн ардын үг ч буй. “Сайд, ноёдыг Муу албат гутаана.Сайхан сүмийг хэрээ шаазгай гутаана” ч гэдэг. Хүлцэл өчье.

-Заавал шинийн 15-ний дотор заслаа хийлгэх ёстой. Түүнээс цааш хийлгэвэл нэмэр багатай гэж сүсэгтэн олон ярих нь бий. Өөрөөр хэлбэл шинийн нэгнээс 15 хүртэлх өдрүүдэд жилийн заслаа хийлгэвэл буян ном тогтдогийи учир юу вэ?
-Сүсэгтэн олныг төлеөлөн ярих эрх надад алга. Хэн нэгнийг заавал заслаа хийлгэ. Хийлгэх хийлгэхдээ 15-ны дотор амжуул хэмээсэн заавар ном үгүй ээ. Сүсэгтэн олны талаарх таны үзэл бодлыг ч би батлан хэлэх боломжгүй. 15 ны дотор засал хийлгэвэл буян ном тогтдог. Түүнээс хойш үл тогтдог хэмээн үзэж болно. Аливаа буянд үнэн сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Үүнд цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөлөл харьцангүй сул юм аа.

-Зүг мөрөө гаргахад нэлээн маргаан гардаг. Энэ нь зурхайч болгон тус тусын цаглабараа гаргадаг учраас түүнийг сүсэгтэн олон алийг нь дагахаа мэдэхгүй будилах тохиолдол байдаг?
-Таны үзэл бодолтой би санал нийлэхгүй байна аа. Манжийн шар зурхайгаар монголчуудыг замнуулах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй үйлийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, учир үл мэдэх зарим сэтгүүлч нар дэвэргэн шуугиулдаг инээдэмтэй жүжгээс хүмүүс аль хэдийнэ залхсан бололтой.
Нэгэн удаа аугаа их яруу найрагч, сэтгүүлч Чимэддорж агсан “Малаа яаж маллахаа Марксизм, Ленинизмээр заалгахгүй” хэмээн айлдсанчлан Цагаан сарын шинийн нэгний өглөө тус, тусын суусан хөллийн цог хийморийн зүг рүү гарч, тэр жил аливаа ажил үйлдээ цог хийморьтой байхыг бэлгэдэж, бас тухайн жилд суусан хеллийн махбодын харш нөлөөнд үл автагдахыг бэлгэдэж, махбодын домаасал хийж, олз омогтой байхыг бэлгэдэж, буян хишгийнхээ зүгээс ирдэг юм. 
Угтаа “Зурхайч” гэдэг нь сонгодог буддизмын арван ухаан нэгэн болох зурхайн ухааны ном судрыг шүнгийн багшаар хөтлүүлж, тухайн ухааны онол, шүнд нэвтэрсэн хүмүүсийг хэлдэг юм. Зурхайн аймаг савын их номд нэвтэрсэн хүмүүн хэрэглэгч нарын гарын авц болгон’’ Лит” гаргадаг юм. Өгүүлэн буй шүн гэдэг нь тухайн ухааны мэргэжлийн гол сурвалж бүтээл юм. “Лит” гэдэг нь жилийн товъёг хэмээсэн үг. Миний бие үүнийг “Цаг улирлын тооны бичиг буюу цаглабар”хэмээн томъёолсон болно.
Одоо миний мэдэхээр зурхайн шунг номын багшаар хөтлүүлсэн хүмүүс хэмээвээс Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам гэвш, зурхайч Ж.Гончигсүрэн тэр хийдийн зурхайч, саяын гэвшийн дамжаа барьсан зурхайч лам Д.Цолмон, 1974 онд Шашны дээд сургууль тәгссөн Г.Пүрэвсүрэн, Гандан хийдийн Шашны Их Сургуулийн Эм зурхайн ангийг 2004 онд уламжлалт эм, зурхайн судлаач мэргэжлээр төгсөгчид, Шашны Их Сургуулийн төгсөгч зурхайн ухаанаар мастерын зэрэг хамгаалсан Б.Энхбат, Г.Ядамжав, Х.Бямбажав, Б.Батпүрэв нар байна. Эдгээр хүмүүс түвд сурвалжийн хэлтэй, лит цаглабар гаргах чадвартай хүмүүс юм.

-Ер нь монголчууд жилийн жилд таны цаг тооны бичгийг дагаж мөрддөг шүү дээ?
-Хүмүүс тэгж хэлдэг юм. Миний санаачлан анх 1999 оноос эхлэн гаргасан цаглабарыг хөдөөгийн малчид бүтэн жил ханын толгойдоо өлгөн хэрэглэдэг гэсэн. Тэгээд тэд намайг “Ханын толгойнд дүүжлээтэй залуу” хэмээн ёгтолдог гэж нэгэн малчин хэлж билээ.

-Зурхайн ухааны талаар өөрийн бодлоо хэлэхгүй юү?
-Зурхайн ухаан нь сав, шим ертенцийн холбоо хэлхээг судалдаг ухаан юм. Эрхэсийн хөдөлгөөн, байршлын тооцоолон бодох одон зурхайн ухааны тооцооллын дүн нь орчин цагийн Од зүйн ухааны аргаар бодсон дүнтэй дүйдэг. Миний бие 1998 онд дэд докторын зэрэг хамгаалсан. 
’’Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөн байршлыг тооцоолон бодох монгол зурхайн арга хийгээд монгол цаглабарын түүхийн судалгаа’’ нэрт нэгэн сэдэвт болон 1999 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан” Монголчуудын төвд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлийн түүхийн судалгаа” нэрт нэгэн сэдэвт бүтээлүүдээ орчин цагийн шинжлэх ухааны үзлийн үүднээс Монголын төгс буянт шинэ зурхай эрхсийн хөдөлгөөн байршлыг алдалгүй тооцдог талаар батлан үзүүлсэн болно. Дотроо амьдын, бэрийн, үхэгсдийн хэмээн гурван ангид хуваагдах махбодийн зурхай нь өрнөдийн астролги гэдэгтэй төстэй юмаа. Гэхдээ цар хүрээгээрээ түүнээс ихээхэн талбиу болно.

-Ард түмэндээ cap шинийн билэгтэй сайхан мэндчилгээ дэвшүүлэхгүй юү?
-Юуны өмнө танай сонины бүтээлч хамт олонд ажлын амжилт хүсье. Өлзийт билэгт энэ сайн өдөр өдөржин, шөнөжин, өлмийн лянхуайд нь мөргөж байдаг номт мэргэн сартваахи багш нарынхаа зарлигийн ачыг дурдан магтъя. Одон зурхайн ухааны шимийг таалан хүртдэг ухаант мэргэн ард олондоо талархая. Баруун Алтайгаар нутагтай баатарлаг туульсын эзэн болсон Ойрадчууддаа, унги тохам нэгт Урианхай түмэндээ, төрсөн нутаг нэгт Алтайчууддаа Хангай, Хэнтий, Говийн суугуул халх түмэн тэргүүтэн харц дээгүүр, хийморь лундаа сайт хамаг Монголчууддаа юу санасан есөн цагаан хүсэл тань бүтэхийн өлзийт ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Та нарын минь сайн үйлс тариа будаа шиг арвижих болтугай.

Д.Нэргүй 
Улаанбаатар таймс