Wednesday 14 August 2013

М.Болд: Эрх баригчдад тоглоомын дүрмээ л зөв зохиох ганцхан үүрэг буй



Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болдыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Сүүлийн үед банкны салбарт болж буй үйл явдлууд олон нийтийн анхаарлын төвд байна. Гэхдээ ард иргэдийн нийтлэг эрх ашиг гэхээсээ илүү улс төр, эдийн засгийн тодор­хой зорилго бүхий бүлэг­лэлүүд энэ тоглолтыг ашиг-лаад байгаа дүр зураг харагдаад байх юм. Таны бод­лоор Монголын эдийн засагт өнөөдөр хямрал нүүрэлчихээд байна уу. Эсвэл амар амгалан байна уу?
-Банкны салбарын тухайд нэг банк, тухайлбал Хадгаламж банк Төрийн банктай нийлсэн тухай таагүй мэдээлэл Анод, Зоос банкууд дампуурсан байдалтай адил төстэй санагдаж олон ний­тийн анхаарлыг татаж, санааг нь зовоох болсныг ойлгож байна. Аль нэг банкны үйл ажиллагаа доголдсоноор зах зээлийн хуу­лийн дагуу тухайн зах зээлээсээ шахагдан гардаг. Энэ бол ердийн үзэгдэл юм. Жишээ нь он гарсаар АНУ-ын долоон банк “Хаалгаа барьчихаад” байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар явж байна. Өөрөөр хэлбэл зах зээлд аж ахуйн нэгж, компаниуд, түүний дотор банкууд шинээр бий болж үүсгэн байгуулагдах, үйл ажиллагаа нь доголдвол зах зээлээс шахагдан гардаг. Энэ нь өөрөө өөрийгөө “цэвэршүүлж” буй үйл явц гэж ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ “аюул” үүссэн үү?
-Аюултай нөхцөл байдалд хүрээгүй байна. Ийм нөхцөлд хэзээ хүрэх вэ гэвэл банкны салбарын үлэмж хэсгийн үйл ажиллагаа доголдсон байвал “хүндэрсэн” гэж үзнэ. Монголд 14 банк үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс сая Төрийн банктай нэгтгэгдсэн Хадгаламж банкны хувьд нийт зах зээлд найм орчим хувийг л эзэлж байлаа. Тэгэхээр 92 хувь нь тайван амгалан байна. Үүнийг том доргилт гэж үзэх аргагүй. Гол нь тус банк олон  салбартай байсан учраас “том доргилт” юм шиг харагдсан байх.

-Та Монголын банкуудын түүхийг сайн мэдэх хүн. Ойрын хугацаанд гэвэл “Анод”, “Зоос” яалаа гэдэг ялгааг олон нийт мартаагүй байна. Хадгаламжийн хувьд тэднээс ч бүр өөр. Хэдийгээр байдал муудлаа гэд­гийг харилцагчид ойлгосон ч тус банкны хувьд харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хохироохоос урьтаж төв банк арга хэмжээ авчихлаа гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө тийм. Өмнөх бан­куудын дампуурлаас Монгол­банк сургамж авч Хадгаламж банкин дээр яаралтай арга хэмжээ авч, хүндрэлгүйгээр хэрэгжүүллээ гэж би бодож байна. Монголбанк бол банкны салбарыг эрүүл саруул, цэвэр, ёс зүйтэй байлгах талын хяналтыг тавихын төлөө төрийн нэрийн өмнөөс ажилладаг бай­гууллага. Энэ үүргийнхээ дагуу шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байх ёстой.
.
-Монголбанкны өнөөгийн удирд­лагууд олон зоригтой алх­мыг хийсний нэг нь ипотекийн зээл. Үүнийг бүр найман хувийн хүүтэйгээр эхэллээ. Ипотекийг хамгийн найдвартай барьцаатай зээл гэж үздэг хэсэг байхад банк дампууруулах үндэс суурь гэж үзэх хэсэг бас бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ. Манайд хэр зөв гольдролоор эхэлсэн бол?
-Орон сууцны барьцаат зээлийн системийг Монголд нэвтрүүлээд арваад жилийн нүүр үзэж байгаа боловч хамрах хүрээ нь бага байсан. Нийт орон сууцны дөнгөж хоёр орчим хувь нь ипотекийн санхүүжилтэд хамрагддаг байлаа. Энэ бол маш хангалтгүй тоо бөгөөд орон сууцны санхүүжилтийн тог­толцоо Монгол Улсад дөнгөж эх­лэлийн шатанд байгаа гэж хэлж болно. Өндөр хөгжилтэй улс орнуудад энэ харьцаа дунджаар 100 хувь орчим байдаг. Тиймээс орон сууцны санхүүжилтийн салбарыг илүү боловсронгуй болгож гүнзгийрүүлэн дараагийн шатанд гар­гахын тулд Монголбанкнаас Засгийн газартай хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эх үүсвэрийг нь бий болгож байна. Энэ нь Монголдоо шинэлэг төдийгүй арилжааны банкуудын олон жилийн туршид хүсэн хүлээж байсан зүйл юм. Арилжааны банкныхан ч үе үеийн Засгийн газрын төлөөлөлтэй олон удаа уулзаж моргэйжийн зах зээлийг хөгжүүлэх талаар хүсэж байсан удаатай. Тиймээс дээрх бодлого энэ цаг үед хэрэгжиж эхэлж байгаа нь талархууштай гэж бодож явдаг.

-Энэ бол шинэ зүйл гэдгийг та хэллээ. Шинэ зүйлийг эхлэх амаргүй байдаг. Тиймээс ч иргэд 20 жилийн турш төлөх өр гэдэг утгаар илүү хүлээн авч байна. Дээр нь хэдийгээр хэрэгцээ бай­гаа боловч зээлийн хүү болон нөхцөлд өөрчлөлт орох вий, өм­нөх Засгийн газарт ярьж байсан шиг тасалдсан тохиолдолд хохирч үлдвэл яах вэ гэсэн бол­гоомжлол, эмзэглэл байгааг нуух аргагүй?
-Иргэдийн хувьд зах зээлийн хүүгээр бол жилийн 15-18 хувийн хүүтэй олдох зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр авна гэдэг ховор боломж шүү дээ. Тиймээс эргэлзэхгүйгээр энэ зээлд хамрагдах нь зүйтэй. Засгийн газар, Монголбанкнаас хангалттай баталгаа гаргаж өгч байна.
.
-Банкуудын өөрийн хөрөн­гийг нэмэгдүүлэх, үндэсний бан­куудаа төрөөс чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх болов уу гэсэн хүлээлт байсаар ирсэн. Хэдийгээр хувийн хэвшлийн байгууллага боловч эдийн засгийн үндэс суурь, олон нийтийн итгэлцэл­тэй хол­боотой гэдэг утгаар танд энэ хүлээлт мэдрэгддэг үү?
-Хувийн хэвшлийн байгуул­лагад төрөөс хөрөнгө, эсвэл хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулна гэдэг амаргүй. Тэгээд ч энэ нь эдийн засгийн хямралын үед авдаг арга хэмжээ юм шүү дээ. Тухайн банкны хөрөнгө оруулагчид, эзэд нэмж хөрөнгө оруулах боломжгүй, чадамжгүй болсон үед тэр банкийг тогтвортой ажиллуулахын тулд аргагүйн эрхэнд ийм алхам хийдэг. Энэ бол хүсэх зүйл биш. Ердийн буюу банкны үйл ажиллагаа горимоороо явж байгаа үед үүсгэн байгуулагчид, хувьцаа эзэмшигчид өөрсдөөсөө нэмж хөрөнгө гаргах, эсвэл шинэ хувьцаа эзэмшигчдийг татан оруулах замаар банкныхаа өөрийн хөрөнгийг нэмэгдүүлдэг. Энэ нь олон улсын жишигт байдаг арга зам юм.

-Хэдийгээр та улстөрч биш боловч “Чингис бондыг үр дүн­гүй зарцуулж байна. Энэ бол татвар төлөгчдийн төлөх өр шүү дээ” гэдэгтэй санал ний­лэх үү. Сүүлийн үед дээрх бон­дын зарцуулалтын талаар улс­төржүүлсэн мэдэгдлүүдийг сөрөг хүчнийхэн хийж байгаатай хол­богдуулан эдийн засагч, банкир хүний хувьд ямар бодолтой явдгийг тань сонирхох гэсэн юм. Энэ нь бидний удахгүй авах үлдсэн 3.5 тэрбум ам.долларын үнэлэмжид нөлөөлөх болов уу?
-Хүн бүр Чингис бондын талаар ярьж, санаа зовж байгаа нь Монгол Улсад мөнгөний хомсдол хэчнээн их байсны нэг илрэл гэж хэлж болох юм. Засгийн газрын баталгаатай бондыг гадаад зах зээл дээр арилжих нь бусад улс орны хувьд өдөр тутмын үзэгдэл шүү дээ. Тэр хэмжээгээрээ төсвийн орлогод нь ихээхэн дэм болдог. Тийм ч учраас төсвийн орлогоосоо зарлагадаж бондын өрөө, хүүгээ төлж байдаг урсгал шинж чанартай санхүүжилтийн нэг хэлбэр юм.

-Тэгвэл үүнээс бид зайлсхийх бус дасан зохицох хэрэгтэй гэсэн үг үү?
-Дасан зохицохоос аргагүй. Монгол Улс бусдаас тусгаарлагд­мал байж байгаад дөнгөж нэгдэн нийлж дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллаж эхэлж байна. Олон улсын санхүүгийн зах зээл дээр ямар хэрэгсэл байдаг вэ, ямар дүрэм журам байдгийг өнөөдөр танин мэдэж, дагаж, мөрдөж, өөр­төө ашигтайгаар хэрэглэж сурах гэж байна. Юуны өмнө бид энэ талаар бага мэдэж байгаа учраас хардаж сэрдэх нь их байгаа юм. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Мэддэг болсныхоо дараа эмээж зайлсхийж байсан  зүйлдээ дурлаж, дэмжиж эхэлдэг. Үүнтэй ижил үйл явц болж байна гэж хэлж болно. Бид өмнө нь Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, ОУВС буюу улс орнуудын төрийн өмчөөр хувь нийлүүлсэн хан­дивлагч байгуулагуудаас зээл авч санхүүждэг, түүгээрээ цахил­гаан станцаа зогсоочихгүй ажиллуулах гэх мэтээр сүүлийн 20-оод жилд улс орноо чадан ядан авч явж ирлээ. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийн зах зээлээс арилжааны нөхцлөөр Монгол Улсын Засгийн газар бусад орнуудын жишгээр анх удаа  Чингис бонд нэртэй зээлийг авлаа. Ийнхүү Засгийн газар хувийн хэвшлээс зээл авч байгаа нь өмнөх зээлүүдээс зарчмын ял­гаатай. Хувийн хэвшлийнхэн хан­дивлагчдаас илүү шаардлага өн­дөртэй, өгсөн мөнгөндөө харам, хяналт сайтай. Өгсөн мөнгийг Монгол Улс яаж зарцуулж байна вэ гэдгийг өдөр тутам мэдээллийн хэрэгслээр дамжуулан хянаж бай­даг. Тиймээс Чингис бондын талаар зохисгүй мэдээлэл гаргах нь утгагүй. Аяндаа хоёр, гурав, арав дахь бондуудыг арилжаад эхлэхээр энэ нь сонин зүйл биш болчихно.

-Сонин биш боллоо ч гэсэн зээлдүүлэгчийн хувьд чухал хэвээрээ биз дээ. Би танаас алсын хараатай, ашигтай төсөл хэрэгжүүлнэ гээд мөнгө зээлсэн бол та түүнийгээ хийж байгаа эсэхийг хянах байх. Эсвэл буцааж төлөх эсэх нь л чухал уу?
-Тэр бүр тухайн улс орны амьдралд, тэр тусмаа аль салбарт мөнгөө зарцуулах вэ гэдэгт оролцоод байхгүй л дээ. Энэ бол тэр улс орны төр, засгийн шийдэх асуудал. Гол нь уул уурхайн салбар Монголд “цэцэглэж” байна. Энэ хэмжээгээр хатуу валютын урсгал тасралтгүй орох юм байна гэдэг л тэдэнд чухал. Ингэснээр төсвийн орлого нь нэмэгдэж түүнээсээ бондын хүүгээ эргүүлэн төлөх чадвартай юм байна гэдэг л тодорхой байх нь хангалттай байдаг.

-Гадаадын хөрөнгө оруулал­тын хэмжээ багаслаа гэж ярьж байгаа ч Монгол Улс хөрөнгө оруулах таатай орчны жагсаал­тад дээгүүрт багтсан хэвээрээ байна. Энэ индексийн тухайд та ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ индекс чинь цаг үеэсээ дан­даа хоцорч олон нийтэд хүр­дэг хэмжүүр үзүүлэлт шүү дээ. Тухайн үйл явдал болоод өнгөрснөөс 1-2 жил, заримдаа гурван жилийн дараа гардаг тоон мэдээ юм. Гэхдээ баттай, оновчтой ч тоо биш баримжаа юм. Бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд өдөр тутмын шинэ мэдээллүүдэд тулгуурлаж дараагийн шийдвэрээ гаргадаг. Хөрөнгө оруулалтын орчин маш муу байгаа. Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан. Үүнээс болж хөрөнгө оруулалт зогссон. Монгол Улсын Засгийн газартай өмнө нь хийсэн гэрээ хэлцлийг өөрчлөхийг шаардаж буй үйл явц нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүргэсэн. Ийм тогтворгүй орчинд хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тиймээс ойрын 20-50 жилийн ирээдүйг харсан хөрөнгө оруулалтын орчин бүрдсэн цагт энэ байдал илааршиж зөв гольдролдоо орох учиртай.

-Яг үнэндээ Оюутолгойн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” Монголын Засгийн газар, УИХ-ыг “зэсийн экспортод саад хий­лээ” хэмээн дэлхий нийтэд зар­ласнаас болж ам.долларын ханш өссөн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлж байна. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалт буурчихлаа гэдэг нь Монгол Улсад орж ирэх хатуу валютын урсгал саарлаа гэсэн үг шүү дээ. Гэтэл валютын орох урсгал нь саарсан ч гарах урсгал нь хэвээрээ байна. Тэгэхээр төгрөгийн ханш сулрах нь хэвийн үзэгдэл гэж хэлж болно. Гэхдээ ийм зүйлийг байлгахгүйн төлөө төр, засаг өдөр алгасахгүй ажиллах ёстой. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын төлөө шийдвэр гаргагчид зөв бодлого боловсруулж үүргээ биелүүлэх учиртай. Энэ бол зөвхөн Оюутолгойн асуудал биш. Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар гадаадын хөрөнгийн биржээр гаргасан хувьцааны нийт үнэлгээ нь 20 гаруй миллиард ам.долларт хүрдэг. Тодруулбал Монгол Улсад хөрөнгө оруулахаар хүлээж буй ийм хэмжээний ам.доллар хөрөнгө оруулагчдын гар дээр өнөөдөр байна гэсэн үг. Үүний цаана өөрийн хөрөнгөөрөө хувьцаа худалдан авсан гадаадын хэдэн арван мянган иргэн, компани бий. Тэд манай хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буй. Дээр нь тэдний Монголд итгээд манай хувьцааг авч хөрөнгө оруулсан итгэл бүрмөсөн унтарч болзошгүй гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн Оюутолгойгоор хэмжих аргагүй. Үнэхээр болохгүй байгаа хууль тогтоомж, дүрэм журмаа зоригтойгоор өөрчлөөд ард иргэддээ тайлбарлаад эдийн засгаа аврах шаардлагатай болчихоод байна. Үүнийг л шийдвэр гаргагчид цаг алдалгүй хийх ёстой.

-“Гадаадын хөрөнгө оруулалтын хэм­жээ багаслаа, ам.долларын ханш өс­лөө. Одоо яах вэ” гээд ҮАБЗ хуралдаж, сөрөг хүчнийхэн ч УИХ-ын чуулганаа зарлан хуралдуулж асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж эхэллээ. Үүсэл гарлын тухайд “Рио Тинто”-ийн мэдэгдлээс улбаатай ам.долларын ханшийн өсөлтийг ийм арга замаар шийдэж чадах уу?
-Тэднээс шалтгаалах зүйл бий гэдгийг дээр хэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид бол манай хууль дүрмэнд итгэж гэрээгээ хийдэг. Манай тал алдаатай дүрэм зохиочихоод ард түмний өмнө буруутахаараа өөрчилье гээд байгаа нь хөрөнгө оруулалтын хэмжээг буу­руулаад байгаа хэрэг. Тэгэхээр эрх баригч, шийдвэр гаргагчдад алсын хараатай, алдаагүй хууль дүрэм гаргаад  өгөөч. Тэр нь “урт настай”, тогтвортой байгаасай. Тэр дүрмийг чинь үг дуугүй дагая л гээд байгаа шүү дээ. Энэ л эрх баригчдын үүрэг, хариуцлагатай холбоотой. Гэрээний хувьд бол мэдээж олон улсын жишгийн дагуу харилцан ашигтай байх ёстой. Харин “тоглоомын дүрмээ” зохиохдоо Монголын орны үндэсний эрх ашигтай нийцтэй байхаар бодож хийх нь ойлгомжтой. Хөрөнгө оруулагчид үнэхээр ашигтай, сонирхолтой л бол манай дүрмийг дагах л болно.

-Зарим эдийн засагч “Төгрөгийн ханш сулрахаас бүү ай. Үндэсний экспортлочдоо бодох цаг болсон гэдэг”. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?
-Үнэний ортой л доо. Гэхдээ манай улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад зах зээл дээр борлуулдаг үндэсний үйлдвэрлэгчид хуруу дарам цөөн байгаа нөхцөлд суларсан төгрөг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд одоохондоо далайцтай нөлөө үзүүлэхгүй. Харин үр ашиг муутай импортыг хязгаарлаж зардал хэмнэх, улсын валютын нөөцийг хамгаалахад илүү нөлөөлнө. Төгрөгийн болон ам.долларын ханш, инфляци гэх мэт энэ үзүүлэлтүүд яг л биений халууны температур хэмждэг шил шиг юм. Ханш тогтворгүй, инфляци өндөр байвал нийгмээрээ “халуурч” байна гэсэн үг. Үнэн бодит байдал ийм л байна. Үнэнийг сонсох хэцүү, “гашуун” байдаг. Гэхдээ мэдэж байж л “эмчилнэ”. Эмчлэхийн тулд хэрэглэх жор нь ч гэсэн тэр бүр таатай бус байж болно.  Тэгэхээр өнөөдөртөө нийгэмд бага хувийг эзлэх үндэсний экспортлогчдоо дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох нь бидний тулгамдсан зорилго, алсын хараатай бодлого байх ёстой. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ экспортын чиглэлтэй байдаг. Манай экспортын хэмжээ муу байвал бидний төлбөрийн чадвар муудаж мөнгө зээлдүүлэх гадны зах зээл хаагдана. Энэ талаар эрх баригчид шийдвэрээ минут цаг алдалгүй яаралтай гаргах байх гэж найдаж байна. Ер нь экспорт, гадаадын хөрөнгө оруулалт муу байвал төгрөгийн ханшийг доллартай харьцуулж тэнцвэржүүлэх гэж бодох ч хэрэггүй. Экспортын доллар Монголд орж ирэхгүй бол төгрөг дангаараа юутай тэнцвэржих вэ.
-Тийм учраас л интервенц гаргах хэмжээ хэрээс хэтэрлээ, валютын нөөцөө шавхлаа гэж эдийн засагчид шүүмжлээд байна л даа?
Ийм нөхцөлд богино хугацааны явцуу ашиг сонирхлыг харж интервенц хийвэл дунд, урт хугацааны үндэсний ашиг со-нирхолд ноцтой аюул учруулна. Долларын орлого орж ирэхгүй байхад интервенц хийвэл санхүүгийн “тогоо”-гоо дэмий хоосруулж төгрөгөө арын баталгаагүй болно. Аливаа улсад ам.долларын буюу хатуу валютын нөөц их байх тусам төгрөгийн ар талын баталгаа бэхжиж төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөл бүрддэг. Байгаа багахан шиг валютын нөөцөө эсвэл нүүрсний уурхайгаа оролдохын оронд нөөцөө арвижуулах бүтээлч ажил хийж, экспортын нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх 20-50 жилд мөрдөх бодлогоо хэрэгжүүлж гүйцэтгэх, зохион байгуулалтын далайцтай арга хэмжээг авах шаардлагатай байна. Дотоод, гадаадын компаниудын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гэрээ хэлэлцээрээ ашигтай болгох чиглэлд үр дүн гаргах хэрэгтэй байна.

 -Сүүлийн үед дэлхийд “ТОП” гэгдэх банкууд Монголд Төлөөлөгчийн газраа нээх боллоо. Миний санаж байгаагаар дөрвөн банк нээчихээд байна. Одоо шинээр Японы хоёр банк Төлөөлөгчийн газраа нээх сурагтай. Үүний сайн, муу талууд нь юу байж болох вэ?
-Юуны өмнө Монголд хөрөнгө оруулалтыг татах, энэ урсгалыг нээх том боломж болох нь дамжиггүй. Харин дотоодын банкуудын ажиллаж чаддаг зах зээлд оруулах шаардлаггүй. Нөгөөтэйгүүр, буурай орнуудад орсон гадны банкууд тийм ч тогтвортой биш гэдэг нь Зүүн Өмнөд Ази, Африк, Латин Америк, Зүүн Европын орнуудад харагдсан. Таалагдахгүй бол хаалгаа хааж, ганц товчлуур дээр дараад гүйлгээгээ хаачихаад л хаашаа ч юм бэ, яваад өгнө. Хэчнээн муу нэртэй, жижиг гэгдсэн ч үндэсний арилжааны банкууд эх орондоо л байна шүү дээ. Монголыг монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ. Бидэнд гадаадын хөрөнгө, гадны мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага хэрэгтэй нь маргашгүй. Үүнийг зөв бодлогоор ашиглах нь чухал.

-Ярианыхаа төгсгөлд эдийн засгийн хямралаас Монгол хэр ангид байна вэ гэдэг асуултыг тавья. Уржигдархан нийслэл дэх инфляци долоон хувьтай болсноос үзэхэд тайвширч болмоор. Гэтэл цалин хөлсний доод хэмжээг нэмэх зэргээр эерэг үзэгдэл, тэгж харагдах үйлдлүүдийг эрх баригчид хийсээр байна?
-Мэдээж эдийн засагт доргилт, донсолгоо олон байна. Тэр бүхнийг нэгмөсөн арилгах боломжгүй. Нэг, нэгээр нь тулгамдсан асуудлаа шаргуу шийдэж цэвэрлэсээр эерэг уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Дээрх донсолгоо бүхнээс хамгийн эмээх, айх зүйл нь та бид хоёрын саяын ярьсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Гэхдээ донсолгоог жижиг гэж чамлаж болохгүй. Олон жижиг “донсолгоо” нь том хямралын шалтгаан ч байж болох шүү дээ.
Гадаадын хөрөнгө оруулалт  Монгол улсад хэрхэн орж ашиглагдаж байгааг манай ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн жишээн дээр сонирхуулая. Манай компанид дотоод гадаадын нийлсэн 16 хувьцаа эзэмшигч байгаагаас 6 нь гадаадынх байна. Үүнд, дэлхийн санхүүгийн нийслэл Лондонд төвтэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк,  АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төвтэй Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК, Голландын Триодос банк, Швейцарын Женев хотноо байрлах Бамбуу Финанс, Люксембургэ дэх Ронок Интернэшэнэл зэрэг банк, санхүүгийн байгууллага хөрөнгө  оруулж жил бүр нэмэгдүүлж байна.  Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монгол захирлуудаас гадна Австрали, Англи, Голланд, Ирланд, Швейцарын иргэд ажиллаж байна. Компаний өдөр тутмын үйл ажиллагааг Монгол залуучууд удирдаж байна.
Саяхан компаний шинэ хувьцаа эзэм­шигчээр орж ирэх Японы Орикс Груп ЭЗХЯ-наас зөвшөөрөл авлаа. Орикс компани  банк, лизинг,  даатгал хөрөнгө оруулалтын зэрэг үйлчилгээг дэлхийн 26 улс оронд үзүүлдэг 100 тэрбум ам долларын хөрөнгөтэй айл юм.
Дотоод, гадаадын эдгээр хөрөнгө оруулагчдын мөнгөн хөрөнгө монголын 500 мянган иргэн, айл өрх, компанид санхүүгийн үйлчилгээ узуулэхэд зарцуулагддаг.  Сүүлийн арваад жил оруулсан хөрөнгийнхөө ногдол ашгийг бараг авалгүйгээр манай эдийн засагт эргэлдүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
У.Оргилмаа

Saturday 10 August 2013

Д.Бямбасүрэн: Ганц зах зээлтэй байх нь эдийн засагт халтай



Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурлаа. Үүнийг дагаад манай улсын эдийн засагт сөрөг үзэгдлүүд ч харагдах болжээ. Ам.долларын ханш өсч, экспортын орлого хумигдаж, төсвийн алдагдал нэмэгдэж байна. Энэ бүхнээс харахад Шинэчлэлийн Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа бололтой?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гэж манайхан сандраад эхэллээ. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид өөрөө ашиг хонжоо олохын тулд л Монголыг сонирхож байсан болохоос биш манай улсын эдийн засаг, хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийгээгүй. Хөрөнгө оруулагчид гэнэт гараад явчихлаа, мөнгө алга болчихлоо гэж бодоод сандраад байх асуудал биш юм. Оюутолгойн үйлдвэр ашиглалтад орохтой холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголд орж ирсэн. Дараагийн үйлдвэр баригдтал хөрөнгө оруулалт буурах нь тодорхой. Гэхдээ энэ түр зуурын үзэгдэл. Монголын эдийн засагт айж хашгираад байх асуудал үүсээгүй байна шүү дээ. Тэртээ тэргүй дэлхийн эдийн засаг өөрөө хямралтай, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ зах зээлд унасаар байхад хөрөнгө оруулалт багасч, орлого буурах нь тодорхой. Засгийн газар ажлаа хийж байгаа. Миний хувьд бүх л чадлаа дайчилж ажиллаж байна гэж дүгнэж суугаа.

-Ер нь хөрөнгө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс буурсан. Энэ юунаас болов уу?
-“Саусгоби сэндс”-ийн асуудлаас болж УИХ-аар нэгэн хууль хэлэлцэн баталсан.  Стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахыг баталсан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин хумигдлаа, бизнесийн орчин хатуурлаа гээд л цуурай дэгдээсэн. Гадныхны дэгдээсэн цуурайг Монголын зарим улстөрч олгож аваад л хашгирсан болохоос байдал хүндрээд байгаа юм алга. Эдийн засгийн төлөв байдлыг харахад энэ онд ДНБ 14 хувьтай гарах хүлээлт байна. 

-Өмнө жилүүдтэй харьцуулахад Монголын эдийн засгийн өсөлт бууралттай гарна гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Өсөлт буурахаар тодорхой хэмжээний сөрөг үзэгдлүүд гарч ирэх байх л даа?
-2010, 2011 онд эдийн засгийн өсөлтөөрөө Монгол Улс дэлхийд гайхуулсан. Эдийн засаг өндөр өсөлттэй гарсан нь үнэн. Гэхдээ ард түмэндээ, өөрсдөдөө наалдацгүй эдийн засгийн өсөлтөөр яах юм бэ. Тэр өндөр өсөлтийн хэдэн хувь нь гадаадын хөрөнгө оруулагчдын халаасанд орсныг хэлэх хүн байдаггүй. Эдийн засагт өндөр өсөлтөөсөө илүү наалдац, үр дүн чухал байдаг юм. Манайхан тооны хойноос хэтэрхий улайрсан. Гэтэл бодит амьдралд чанар чухал юм. Чанаргүй өндөр тоог цаасан дээр гаргаад хэрэггүй.

-Улсын төсвийн алдагдал сараас сард нэмэгдээд байна. Нүүрсний экспорт хумигдаж байна. Эдийн засагт аврал байна уу?
-Улсын төсвийн алдагдал энэ онд их наяд хүрч магадгүй юм. Гэхдээ улсын төсвийн алдагдал Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас болоод үүсчихсэн асуудал биш юм. Энэ алдагдал бүр дөрөв таван жилийн өмнөөс 2008-2012 оны хооронд хэрэгжүүлсэн бодлогын алдаанаас болж байна. Засгийн газар уул уурхайгаас олсон ашгаа ард түмэндээ ижил тэгш хүртээнэ гээд баахан мөнгө тараалаа шүү дээ. Оюутолгой, “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-д баахан өр тавьсан. “Эрдэнэс Тавантолгой” нь нүүрсээ зараад ямар ч нэмэргүй. Өмнөх өрөндөө суутгагдаад таарч байна. Уул уурхай бол Монголыг хөгжил гэж итгэчихээд, сэтгэлийн хөөрөлдөө хэтэрхий автсанаас болоод өнөөдөр улсын төсөв алдагдал амсч байна. Уул уурхайгаа тэргүүлэх салбар гэж тодорхойлсон юм бол ашгаа зөв зарцуулах байлаа. Хэрэвзээ “Эрдэнэс Тавантолгой”-н нэрийг бариад Хятадын Чалкод өр тавиагүй бол эдийн засаг өнөөдрийнхөөс илүү өөр харагдах байсан. Нөгөө талаар дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ унаж байна. Улсын төсөв үүнээс болоод бас алдагдалтай гарах боллоо. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурна гэдэг Монголын төр засгаас хамааралгүй шүү дээ. Харин уул уурхайн бүтээгдэхүүний уналтыг төсөв боловсруулахдаа тооцож, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг хамгийн багаар тооцож гаргах ёстой байсан байх.

-Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол хөгжих боломж байгаа юу. Та юу гэж бодож байна?
-Гадаадын хөрөнгө оруулалтад  бүх асуудлаа дайтгаж, найдах хэрэггүй л дээ. Тэд хаана ашиг хонжоо байна, тэнд цуглардаг хүмүүс шүү дээ.  Ер нь Монголд гадаадын хөрөнгө оруулагчдын лоббиг хийдэг улстөрч, хэвлэлийн бүлэглэл бий болчихож. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалт бол Монголын эдийн засагт огт хэрэггүй зүйл биш юм. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалт багасах үед бид ямар салбараа дэмжиж ажиллавал эдийн засагт хүндрэл бэрхшээл учрахгүй байх вэ гэдгээ л тооцох хэрэгтэй байгаа юм.  Нэг зах зээлтэй, нэг салбарт тулгуурласан эдийн засаг хол явахгүй.

-Нүүрсний үнэ уналаа. Үүнээс болж, Монголын эдийн засагт нэлээд асуудал үүсэх шинжтэй?
-Энэ бол маш чухал асуудал болоод байна. Монголын нүүрс зарагдахгүй борлогдохгүй байна гэдэг маш муу мэдээ. Монгол улсын эдийн засаг өнөөдөр уул уурхайн экспортын орлого дээр  л тогтож байна. Гэтэл зах зээл нь ганцхан. Ганц зах зээлтэй улсын хувьд нүүрс борлогдохгүй байна гэдэг сайн зүйл биш. Нөгөө талаар гадаад зах зээлээ тэлэхгүй, ганц худалдан авагчиддаа тулгуурлаад байвал эдийн засгийн хараат болохын эхний хэлбэр. Тиймээс маш яаралтай боловсруулах үйлдвэрүүдээ барих ёстой. Нүүрс, зэс, алт, төмрөө боловсруулж зарвал зэх зээлийнхээ тоог ч нэмэх боломжтой юм. Ер нь зах зээлээ эвдэхгүй байх бодлого хэрэгтэй байна. Бидний орон зайг эзлэхийн төлөө улайрч байгаа, зах зээлийг маань булааж авахаар зүтгэж байгаа өрсөлдөгч олон байгаа гэдгийг мартмааргүй байгаа юм.

-Оюутолгойн зэсийн баяжмалыг экспортод гаргалаа. Монголын эдийн засагт үүсээд байгаа хямралыг давах гарц гэж олон хүн дүгнэж байна?

-Оюутолгойн төсөл эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах байх л даа. Гэхдээ би “Рио-Тинто”-г найдвартай түнш биш гэж дүгнээд л сууж байна. Ашгийн татвараас зугтааж байгаагаас нь бас экспортын үнээ хэлэхгүй байгаа гэсэн олон зүлийг нь хараад ажиглаад байхад ийм л бодол төрж байна. Ерөнхийдөө жижиг аж ахуйн нэгжүүдийн татвараас бултдаг овжин аргыг л Монголд хэрэглээд байна шүү дээ. Ер нь тэгээд улстөржиж суухын оронд одоо улс орныхоо эрх ашиг, эдийн засгийн төлөө намууд хамтарч ажилламаар хиймээр зүйл олон байна.
Ж.ЭРХЭС
http://economy.news.mn

Өмнө аваад идчихсэн учраас мөнгө орж ирэхгүй нь



Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тогтмол зохион байгуулдаг “Ерөнхий сайд-30 минут” мэдээллийн цаг өндөрлөлөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэн тайлбар хийлээ.

-Найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны үнэ өссөн. Үнийг тогтворжуулахын тулд ямар бодлого баримтлаад байгаа юм бэ?
-16 хувийн хүүтэй орон сууцны зээлийг 8 хувийн хүүтэй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнийг гаргахдаа барилгын үнийг өсгөхгүй байх бүх арга хэмжээг авсан. Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаад дутуу барьсан барилгаа гүйцээхэд нь хөнгөлөлттэй зээлүүд олгосон. Барилгын материалын үнэ хавар зуны улиралд маш ихээр өсдөг. Энэ өсөлтийг сааруулахын тулд Монгобанктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэснээр барилгын материал болоо дутуу барьсан барилгуудыг гүйцээж босгох нь үнийн өсөлт гаргахаас сэргийлсэн арга хэмжээ. Засгийн газрын хөтөлбөрт багтаад ажилалж буй компаниудын хувьд үнээ өсгөсөн асуудал байх юм бол хөтөлбөрөөсөө хасна гэсэн. Энэ дагуу хоёр ч компанитай асуудал үүсгээд явж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдаагүй аж ахуй нэгжүүд, болон өөрсдийнхөө мөнгөөр бариад үнэлж буй барилгуудын үнийг Засгийн газар шийдэхгүй.

-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт нь дуусчихсан гэх мэдээлэл байна?
-Манай Шинэчлэлийн Засгийн газар нь явж байгаад гэнэт зогсчихдог зүйл хийхгүйн тулд олон жил ажилласан. Энэ бол худлаа яриа байна. Иймэрхүү худал ярианаас болоод л хоосон эрэлт үүсдэг, хүмүүс дуусчихаас нь өмнө амжина гэж сандралддаг. Энэ хөтөлбөр маань урт удаан хугацаанд үргэлжилнэ. Байшин боссон л байх юм бол ипотекийн зээл олгогдож л таарна. Мөнгө дуусна гэсэн асуудал байхгүй.

-Оюутолгойн далд уурхай зогссонтой холбоотойгоор Засгийн газар байр сууриа илэрхийлээч. Үүнээс болж ирэх долоо хоногийн нэг дэхь өдөр гэхэд 2000 гаруй Монгол ажилчин цомхотголд орох нь гэх мэдээлэл байна?

-Маргааш Д.Ганхуяг сайд дэлгэрэнгүй мэдээлэл хийг. Товчхон хэлэхэд Монголын талаас болоод Оюутолгой дээр саад бэрхшээл учраад байгаа зүйл байхгүй. Ерөнхий сайдын хувьд анхных нь ачилтыг өөрийн биеэр очиж эхлүүлсэн. Гэрээний дагуу л үйл ажиллагаа явж байгаа. Ярих зүйл бий юу гэвэл бий. Үүнийг ярина гэдэг нь ажил зогсооно гэсэн үг биш. Сэдванчиг захиралаас Рио Тинто руу явсан бичиг бий. Үүнд нь нэг ташаа зүйл орсон нь, “Засгийн газар энэ асуудлыг УИХ-аар оруулан шийдүүлэх байх” гэх санаа. Гэхдээ ямар нэг компанийн захирал Засгийн газар болоод УИХ-ын байр суурийг илэрхийлэхгүй гэдгийг Д.Ганхуяг сайдын сүүлд дахиж явуулсан бичгэнд нотолсон байгаа. Маргааш энэ бичгээ, Д.Ганхуяг сайд үзүүлэх байх. Монгол Улсын засгийн газрын зүгээс Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэдгээ нотлож байгаа. Гэхдээ ярьж хэлэлцэх зүйлээ явцын дунд хэлэлцээд л явна гэдгээ ч хэлж байгаа. Монгол ажилчдыг цомхотгох тухай асуудал одоогоор гараагүй байна. Нэгдэхь өдөр цаад талын Зэсийн асуудал эрхэлсэн захирал нь ирэхээр түүнтэй ярилцана. Ер нь бол дөрвөн зүйлтэй захидал бидэнд ирсэн байгаа. Нэгд, Зэсийнхээ баяжмалыг үргэлжлүүлэн гаргана гэх. Хоёрт, дахин санхүүжилтийн асуудлыг ярьж шийдье. Энэхүү нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэж чадахгүй бол гүний уурхайг түр зогсооход хүрч болзошгүй, үүнийг хамтдаа ярилцах. Гуравт, Тулгамдсан бусад асуудлыг ярилцах, Дөрөвт, Нэмэлт санхүүжилтийг ярих гэсэн захидлыг ирүүлсэн байна.

-Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг яаж шийдэх вэ?
-Ирэх долоо хоногт боловсрол, цэцэрлэгийн асуудлаар Л.Гантөмөр сайд мэдээлэл хийг.

-Долларын ханш өссөн шалтгаан юу вэ. Засгийн газрын тэргүүн ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Валютын ханш өөрчлөгдөж буй нь олон шалтгаантай. Энэ бүрийг тоочмооргүй байна. Мөнгөний бодлогыг зохицуулж байгаа Монголбанк тодорхой дүгнэлт гаргана.  Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхайн яам нь нэгдсэн дүгнэлтээ өнөөдөр, маргаашдаа гаргана. Тэгж байж шийдлээ ярина. Ийм шалтгааны улмаас өссөн тул ийм арга хэмжээ авна гэдгээ Засаг дээрээ ярилцана. Хэрэв Засгийн газарт шийдэх боломжгүй асуудал гэж үзвэл УИХ дээр ярих болно. Олон шалтгаан байна. Жишээ нь, өнөөдөр Монгол улс нүүрс, зэс, алтаа бүгдийг нь гаргаж байгаа. Гэхдээ мөнгө орж ирэхгүй байгаа. Айл ажлаа хийгээд юмаа гаргаад байгаа хэрнээ ганц ам.доллар гэртээ оруулж ирж чадахгүй байна. Яагаад гэвэл, урд нь мөнгөө урьдчилж аваад хэрэглээд дуусчихсанд байгаа юм. Оюутолгойгоос 250 сая ам.долларыг аваад тараачихсан.Чалкогоос 350 сая ам.долларыг аваад тараачихсан. Яах вэ, Чалкод төлөх ёстойгоо нүүрсээрээ төлөөд 170 сая ам.долларын өртэй байгаа. Бид нүүрс гаргаад байгаа боловч үүний мөнгө нь өрөө дарахад л зориулагдана. Ингээд энэ ондоо өрөө төлж дуусахын тулд Тавантолгой ажиллаад л байна гэсэн үг.  Мөн манай саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг бас л хүнд байдалд оруулчихсан. Зэсээ гаргаж зарахаасаа өмнө мөнгөө аваад Хүний хөгжлийн сангаар дамжуулаад тараачихсан. Ингээд тооцохоор Монгол Улс маань 350+250+300 сая ам.доллар гэхээр бараг триллион төгрөгний хасах дүнтэй айл болж байгаа юм. Бид ийм зүйл болно гэдгийг мэдэж байгаа учраас Тавантолгойн олборлолтыг нэмэгдүүлэхийг хичээнэ. Яах вэ, Зүүнцанхийн олборлолтоо энэ жилдээ өрөө хаагаад дуусгана. Харин нөгөө талд нь Баруун Цанхийн олборлолтыг эхлүүлэх хэрэгтэй. Үүнээс барагцаагаар хоёр сая тонныг нэмээд олборлочихвол тодорхой хэмжээний ам.доллар орж ирнэ гэсэн үг. Мөн хэрэггүй зүйлийг гаднаас ам.доллараар худалдаж авахаа болих хэрэгтэй байна. Зарим сургуулиуд төлбөрөө ам.доллараар нэхсэн байна билээ. Үүнийг нь бид болиулсан. Энэ мэтээр ам.долларын хоосон хэрэгцээ үүсгэж болохгүй. Иргэд маань Монголоос авчихаж болох зүйлийг гадаадаас ам.доллараар авмааргүй байна. Засгийн газрын хувьд экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, дэмжлэгтэй хүчтэй ажиллана. Нэгдсэн дүгнэлт ойрхон гарангуут авах арга хэмжээ маань тодорхой болно.

-Монгобанкнаас арилжааны банкуудад интервенц хийх гэхээр бэлэн валют байхгүй. Иймд бондын мөнгийг үүнд зориулахаас аргагүй болсон гэх юм?
-Чингис бондын мөнгийг ийм зүйлд зарцуулахгүй. Чингис бондын мөнгийг бүтээн байгуулалтанд нь зарцуулна. Нэг ам.долларыг хоёр ам.доллар болгох зүйлд зориулах учиртай.

-Бондын зарцуулалтын талаар танилцуулаач?
-Засгийн газраас гаргасан бондын тайланг Сангийн сайд Ч.Улаан удахгүй дэлгэрэнгүйгээр тайлбарлана. Давчуу хугацаанд баригдалгүй, дэлгэрэнгүй мэдээлэл өгөг. Бид хэзээ өгөх хугацааг нь зарлана.
Б.МАНДАХ
http://politics.news.mn

Ц.Мянганбаяр: Энэ улсад надаас муу хүн байхгүй юм биш үү



“Ярилцъя” булангийн шинэ зочин “Монгол газар” компанийн ерөнхий захирал Ц.Мянганбаяр. Уншигчид маань түүнтэй уулзуулж өгөхийг хүссэн юм. Бидний яриа “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн өгсөн ярилцлагаас үүдэлтэй ч Монголын бизнесийн ертөнцийн хүнд хэцүү орчин, түүн дотор зүтгэж яваа бизнесмэнүүдийн зовлон руу л орчихоод байлаа. Ингээд уншигч танд өөрөө мэдэрч, өөрөө тунгаах боломжийг олгож байна. Хүлээн авна уу.

-Өмнө нь тантай нэг биш удаа ярилцаж байлаа. Өнөөдөр бас л нэг шинэ нөхцөл байдлын дунд бид ярилцах гэж байна. Юутай ч хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө миний зочноор “Жаст” группийн захирал Ш.Батхүү уригдсан. Үүний дараа уншигчид маань Ц.Мянганбаярын тайлбарыг сонсмоор байна гэсэн санал олноороо ирүүллээ. Тэгээд л танд хандсан нь энэ.
-Та ч Ш.Батхүүгээр баахан юм яриулж над руу бөмбөгдчихөөд дараа нь надтай ярилцана гээд л. (инээв) Ш.Батхүү юу ярьсныг би мэдэхгүй юм. Хүмүүс л надад тэгж тэгж хэлсэн байна. Ингэсэн байна гэж хэлсэн. Гэвч тэр хүний юу бодож, юуг буруутгах нь өөрийнх нь асуудал.  

-Энэ бол миний ажил шүү дээ. Зүв зүгээр сууж байгаа хоёр нөхрийг “зодолдуулж” байгаа мэтээр арай хүлээж авч байгаа юм биш биз дээ?
-Үгүй дээ. Тоглож байна. Ажлаа хийж байгааг тань ойлгож байгаа учраас уулзаж байна.

-За, тэгвэл яриандаа оръё. Олон нийтийн дунд өнөөдрийн байдлаар Ц.Мянганбаярын “Олон овоот”-ын алтны төсөл нь өөрийнх нь мэдлээс гарсан. Тэгээд тэр төслийн хувь заяа ч ээдэрсэн. Дээр нь банкуудын хямралд таныг маш их буруутай гэсэн ойлголт л бий болчихсон. Өнөөдөр таны байдал яг ямар байна вэ. Хамаг төслүүдээ зогсоож, хаалга үүдээ барьсан гэх юм.

-Бизнес хийж байхад аль нэг төслөө зарах, дараагийн төсөлд хөрөнгө оруулах, санхүүгийн хүндрэл бэрхшээлд орох, түүнээс нь болж олон нийтийн хандлага нөлөө өөрчлөгдөх гээд олон л юм үзнэ шүү дээ. Би өнөөдрийг хүртэл төр, түм­нээсээ худал хэлж, хулгай хий­гээ­гүй явсан даа. Арай ч түмэнд нүүрээ барчихаагүй байна. Хэд хэдэн төсөл эхлүүлээд явж бай­на. “Олон овоот” төсөл бол бид­ний хэрэгжүүлж байсан нэг л төсөл шүү дээ.

-Арай эвгүй өнгөтэй асуу­чих­лаа. Олон овоотын ор­дын талаар та нэг сайн та­нилцуулаач. Ер нь яг ямар орд юм?
-”Олон овоот”-ын орд бол Ха­нын хэцийн раойнд хамаардаг, 25 км орчим үргэлжилдэг том тал­бай юм. Бид нийт талбайн ба­га­хан хэсэгт буюу 2-3 км газар, доо­шоо 200 метрийн гүнтэйгээр өрөмдөж хайгуулын ажил хий­сэн. Цаашаа үргэлжлүүлбэл өрөмд­лөг хайгуулын маш их ажил байгаа. Манай компани ялангуяа алтны эрэл хайгуулын хувьд мэргэшсэн, мөн алтны бая­жуулах үйлдвэр болон бага агуулгатай уусгалтын үйлдвэ­рийн талд дээр Монголдоо анх удаа шинэ технологийг нэвт­рүүлж, үйлдвэр байгуулсан турш­лагатай хамт олон. Энэ Олон овоотын орд дээр бид Австра­лийн “Межик дриллинг” өрмийн компаниар 65 мянган тууш метр өрөмдлөг хийлгэсэн.

Нөөцийг нөгөө муу нэртэй Ц.Мян­ганбаяр бодож тогтоодог юм биш шүү дээ. Мэргэжлийн хү­мүүс бодоод, Эрдэс баялгийн мэр­гэжлийн зөвлөл баталдаг ийм учиртай. Түүнээс биш бид ду­раараа тэдэн тонн байна гэж тогтоохгүй. Маш нарийн тусгай шинж­лэх ухаан, тусдаа мэргэж­лийн баг ажиллаж тогтоодог юм. Энэ ажлыг хийдэг Эрдэс баял­гийн зөвлөлийн мэргэжилтнүү­дийг дандаа худлаа тооцоо су­дал­гаа хийдэг, худалч, муу ул­сууд байдаг гэж би хувьдаа бо­дох­гүй байна. Манайх нөөцийг 2005 онд 18,5 тонноор хамаал­сан.

-Канадын “Вордроп инжене­ринг” компани мөн энд нөөц тогтоосон байгаа. Энэ ком­панийг та урьж нөөцийг да­хин тогтоолгосон уу?

-Тийм. Бид ордын нөөцийн үнэл­гээ хийдэг “Вордроп инже­не­ринг” гэдэг дэлхийд алдартай, хагас зуун жилийн түүхтэй ком­па­ниар нөөцийг шалгуулсан. Шал­гуулаад тэдний гаргасан нөө­цийн үнэлгээний тайланг бид хүлээж авсан ба 25 тонноор бат­лагдсан. “Вордроп инженеринг” компанийн гаргасан тайлан дүг­нэлтийг олон улсын хэмжээнд эц­сийн дүгнэлт гэж үздэг юм.

-Олон овоотын үйлдвэ­рийг та барьсан. Маш том ажил байсан байх?
-Олон овоотын үйлдвэр, ил уур­хайн ажлыг хэрэгжүүлэхэд би­дэнд хоёр том бэрхшээл бай­сан. Нэгдүгээрт, өндөр хүчдэл байхгүй. Үйлдвэрийг дизель стан­цаар ажиллуулах, хөрс хуу­лалт хийхийн тулд дизель түлш хэрэглэх ёстой. Энэ нь бол нийт зардлын 65 хувь байсан. Хоёр­ду­гаарт, монголчууд урьд өмнө нь хэзээ ч ийм алтны баяжуулах үйлдвэрийн технологи нэвт­рүүлж байгаагүй. Тэгэхээр энэ талаар мэддэг хүн бараг байхгүй гэсэн үг. “Бороо гоулд” мэтийн бу­сад гаднын хөрөнгө оруулаг­чид дээр очоод хамтарч ажил­лая гэхээр урдаас “Бид 70 хувийг нь авъя” л гэдэг. Ингээд бид өөрс­дөө зүтгэсэн. Бид зургаан жи­лийн­хээ хөдөлмөрийн үр дүнд жилдээ хоёр мянган тонн хүдэр бо­ловсруулах хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн хү­дэр боловсруулах сайхан үйлд­вэ­рийг  барьсан. Манай хамт олон хийж чадсан.Энэ бол бид­ний бахархал.

-Одоо Монголд ганцхан бай­гаа тэр баяжуулах үйлдвэр “Монгол газар” компанийн өөрийн хөрөнгийн бүртгэлд байна уу. Олон овооттой­гоо хамт арилжигдчихсан уу?
-”Олон овоот гоулд” компа­нид бид бүх техник, тоног төхөө­рөмжүүд, хамрагдах лицензүү­дийг шилжүүлсэн, Зөвхөн “Кома­цу”-гийн техник гэхэд 40-50 сая орчим доллар.

-Энэ бүгдийг хамт шилжүүл­сэн юм уу?
-Тэгэлгүй яахав. Бүгдийг нь. Ажилчдын хотхон гээд л бүгдийг нь.

-”Комацу”-гийн тэр техни­күүд таныг бас нэлээд зо­воож байж босч байсан са­нагдана. Зээлийн хөрөн­гөөр оруулж ирж байсан биз дээ?
-Тийм.Чи ч манайхыг үүх түү­хээр нь мэдэх юм байна. Би нөө­цийн тухайд нэг үгийг бас хэл­мээр байна. Манай хайгуулчид, геологичид өөрсдөө олборлох гэж байж хэзээ ч нөөцийг худлаа тавьдаггүй. Хэзээ ч үүнийг худ­лаа хийдэггүй. Тийм зүрх сэтгэл бидэнд байдаггүй. Ш.Батхүү­гийн хэлж байгаа шиг дөрвөн тонн байгаа юмыг 20 тонн гэж бич­нэ гэдэг бол байж боломгүй зүйл.

-”Олон овоот” төслийг гад­нын болон дотоодын бан­куу­дын дунд үнэтэй барь­цаа болгож байсан гол хү­чин зүйл “Вордроп инжене­ринг”, Эрдэс баялгийн зөв­лөл хоёрын тогтоосон нөөц байсан. Явсаар байгаад “Жаст групп”-ийн нэр дээр шил­жиж ирсний дараа тэд­нийх ахин гаднын компани ажиллуулж нөөцийг тог­тоол­го­сон. Одоо бол тэдний тогтоосноор дөрвөн тонн л алтны нөөц байгаа болж таа­раад байна. Энэ төсөл рүү орж үйлээ үзсэн дотоо­дын компани тэгж мэдэг­дэж байгаа шүү дээ. Эрдэс баялгийнхаа зөвлөлд мон­гол­чууд бид итгэж таарна. Тэгэхээр энэ асуудалтай хол­боотой гомдол босч ирэх юм шиг билээ?
-Олон улсад бизнесийн зар­чим бол зарчим л байдаг. Дэл­хий “Вордроп инженеринг” гэх мэ­тийн олон жилийн туршлага­тай, хариуцлагатай компаниу­дын­хаа мэргэжлийн ур чадвар, ха­риуцлагад итгэдэг. Тэд ч зарч­маа  баримталдаг. Манай Монго­лын эрдэс баялгийн мэргэ­жилт­нүүд ч ур чадвар, мэргэж­лийн ёс зүй өндөртэй. Тийм л уч­раас “Олон овоот”-ын төсөл гад­нынх­ны өмнө ч, дотоодынхны өмнө ч нүүр улайх юмгүй төсөл гэж үнэ­лэгддэг юм. Ер нь ч тэгээд өнөө­дөр Ш.Батхүүгийн гаргаж тавьж байгаа асуудал бол дэн­дүү ха­риуц­лагагүй, хувиа хичээ­сэн мэ­дэгдэл. Асуудал байгаа гэж бо­дож байвал гаргадаг га­зар нь гомд­лоо гаргаад, хөндлөн­гийн шинжээчдээр дүгнүүлэх хэ­рэг­тэй. Надаас авахдаа ч өөрс­дөө хяналтын өрөмдлөг хийгээд “ОК” байна л гэж авсан.

-Энэ асуудлаар танайх “Ворд­роп инженеринг”-д хан­даж байгаа юу?
-Бид яагаад хандах ёстой гэж. Яагаад гэвэл “Олон овоот” төс­лийг бид “Жаст групп”-т худалд­сан шүү дээ. Тийм учраас одоо хэ­рэв хандах ёстой бол Ш.Бат­хүү ч юм уу, Г.Алтан, хэн байдаг юм нэг нь хандах ёстой байх. Мон­голбанк хандсан байх. Сүүлд би тэгж сонссон. Нөөцөө бид хамгаална гэсэн сураг дуул­сан.

-Нөөцөө тогтоолгохдоо мэ­дээж нэлээд өртөг төлсөн байгаа биз дээ?
-Ерөөсөө л өөрсдийн нөөц тог­тоодог, баталгаажуулдаг үнийн тарифаараа л авдаг.

-Өөрөө үйл ажиллагаа явуулж, ордыг ашиглах гэж байж, өөрийнхөө эсрэг гэмт хэрэг хийхгүй, өөрийгөө хуу­рахгүй шүү дээ гэж ярилц­лагын өмнө хэлж бай­сан. Тэгэхээр нөөцийг худлаа тогтоолгох шаард­лага байхгүй юм аа гэж хэлж байх шиг байна. Гэхдээ...
-Гэхдээ байхгүй. Уучлаарай, би яриаг тань таслачихъя. Ц.Мян­ганбаярын үгэнд итгэхгүй байж болно. Би чинь муу нэртэй хүн шүү дээ. Монголд ер нь на­даас өөр муу нэртэй, муу хүн ал­га. Хэрвээ үнэхээр нөөц байдаг­гүй юм бол “Вордроп”-ыг олон ул­сын шүүхэд өгч болно. Та энэ ба­римтуудыг үз. Бүх захирал нь гарын үсэг зураад, нөөцөө ба­тал­гаажуулсан баримт байна. Бүгд олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн докторууд. Та үз дээ. Ямар нэр хүндтэй, ямар түүх­тэй компани билээ. Тийм ч уч­раас эдний баталгаа чинь олон улсын зах зээл дээр үнэлгээ болоод явдаг юм шүү дээ.

-Уул уурхайтай орон бол­гонд ажиллаж байсан Кана­дын “Вордроп”. Би ойлгож байна. Та надад хоёр жи­лийн өмнө энэ ордын нөө­цийг хэдийгээр ингэж тог­тоо­сон ч үүнээс ч илүү их байх магадлалтай гэж хэлж байсан.
-Тэгсэн. Яагаад гэвэл хайгуу­лын ажлыг бид 200 метрээс доо­шоо өрөмдлөг хийгээгүй. 200-гаас доош 250 метрт өрөмдөхөд бол алттай хүдэр байж л байсан. Гэвч бидэнд тийм гүний уурхай ашиглах техникийн бололцоо ч, туршлага ч алга байна л даа. Доо­шоо ахиад нөөц нэмэгдэнэ. Тэр бол ойлгомжтой. Баруун тий­шээ ч, зүүн тийшээ ч бас нэ­мэг­дэнэ. Бас дахиад “Олон овоот”-ын бүс нутаг доторх ми­ний өгсөн тэр лицензүүд дотор байгаа “Мөргөцөг”, “Гоёот улаан” гээд алттай хэсгүүд байгаа. Орд­той. Энэ талбайнуудад өрөмд­лөгийг гүйцэд хийж чадаагүй. Бас “Бурхан дэл” гээд одоо энэ “Вордроп инженеринг”-ийн тай­ланд орсон таван тоннын нөөц­тэй орд тусдаа байна л даа. Олон овоотоос 10 км-ийн зай­тай. Нэг л орд байхгүй юу. Тэрний жоохон хэсэг дээр нь л бид ажил­лаж байсан хэрэг. Тэрний таван тонныг ч бид доош нь өрөмдөж ча­даагүй. Хоёр гэлүү гурван тонн гэж баталсан байсан. Сүүлд нь “Олон овоот”-ынхон 4.8 тон­нын нөөц батлуулж ашиглалтын “А” лиценз авсан байна лээ. Тэр­ний хайгуулыг бас нэмж хийх шаард­лагатай. Үнэхээр нягт ням­бай ажиллагаа хэрэгтэй бай­даг юм шүү дээ. Хэрвээ бид Оюу­толгой шиг 500 метрийн гүний цооног, 1200 метрийн гүний цоо­ног өрөмдвөл мэдээж нөөц өсөх нь ойлгомжтой. Гэхдээ одоохон­доо бидэнд тийм гүний уурхай хийх туршлага алга байна л даа.

-Алт баяжуулах үйлдвэр ба­рих нь таны олон жилийн мөрөөдөл байсан. Энэ ту­хай ярьж байсныг тань са­наж байна. Гэвч та мөрөөд­лийн үйлдвэрээ маш хүнд нөх­цөлд зүтгэж байгуу­лаад “Олон овоот” төсөл­тэй­гөө хамт өгчихсөн юм байна. Өнөөдөр энэ хөдөл­мө­рийн үнэлэмжийг хэн ч хөндөхгүй. Ц.Мянганбая­рын өр, Ц.Мянганбаярын тарьсан балаг л гэдэг ойл­голт бий болж. Тэгэхээр би танаас ядаж Ц.Мянганбая­рын өрийг энэ чухал үйлд­вэрээ хүртэл алдан байж хэр хаасан юм бэ гэж асуух гээд байна л даа?
-”Олон овоот” бол үнэхээр сай­хан төсөл.Тэгэхдээ ийм уул уур­хайн төслийг санхүүжүүлж авч явах санхүүгийн бүтэц, банк­ны систем, хууль эрх зүйн орчин өнөөдөр манайд алга. Өөрөөр хэл­бэл “Олон овоот”-ын төсөл бол гаднын нэг ч хувийн орол­цоо­гүй зүтгэж хэл ам таталсан ганц тө­сөл шүү. Уул уурхайн бу­сад бүх төслийн 85 хувь нь гад­нынх­ны мэдэлд байгаа. Дөнгөж ард­чилсан хувьсгалын дараа ч биш саяхан 2000 оноос л бид үйлд­вэр барьж эхэлж байгаа улс шүү дээ. Ийм нөхцөлд хаанаа­саа тийм жар, далан сая долла­рын хөрөнгө монгол хүнд байх юм бэ. Бүр ойлгомжтой биз дээ. Тэр тус­маа ямар ч дэд бүтэц байх­гүй, Өм­нөговь аймгийн хам­гийн алс­лагдсан сумын нутаг дэвс­гэрт алт үйлдвэрлэх үйлдвэ­рийг, тэ­гээд тэр дэд бүтэцтэй нь байгуул­на гэдгийг лав барууны нэг ч хүн хүсэхгүй л байх. Ман­дал-Овоо сум чинь алслагдсан сум шүү дээ. Нөхцөл байдал ийм л бай­хад бид мөрөөдөл, залуу нас хоёроороо дайраад л хийж чад­сан. Энэ бол гайхамшигтай ам­жилт. Гэвч бидний олсон үр дүн ийм л байдалд орох шив дээ. Ган­чимэг ээ, уучлаарай. Манайд бол бизнес улс төргүйгээр явдаг­гүй юм. Би бол хүнд хүчээр орд өгчихдөг, хүнд хүчээр үйлдвэрээ өгчихдөг тийм хүн бас биш шүү дээ. Хүчээр л өгчихсөн юм шиг ярьцгаах юм. Би бол буланд ша­хагдаад, олон төрлийн дарам­тан дунд л өгсөн хүн шүү дээ. Түү­хэнд хэрвээ гэдэг ойлголт бай­даггүй гэж би танд тэр үед хэлж байсан. Одоо нэгэнт өгөөд, болоод өнгөрсөн явдал шүү дээ. Гол нь төсөлтэй холбоотой өр төл­бөрийг асуудалгүй төлнө гэж бүхэл бүтэн зургаан жилийн минь хөдөлмөрийн үр дүн бол­сон орд, уурхай, үйлдвэр, бас олон лицензийг минь авчихаад, өрөө ч төлсөн юмгүй, өнөөдөр ийм юм яриад сууж байгааг нь гайхаад байх юм.

-Харамсал дүүрэн л сон­сог­дож байна.

-Би үүний төлөө харамсдаг­гүй. Өгөх ёстой л байсан юм байлгүй.

-Танд тэднийг мэхлэсэн зүйл үнэхээр байхгүй гэж үү?
-Би тийм хүн мэхлээд байх жу­даггүй хүн биш. Хэрвээ үнэ­хээр намайг мэхлэсэн гэх юм бол би өгсөн юмаа өртэйгөө хамт буцаагаад авч болно.

-Юу гэнэ ээ, та үнэхээр ин­гэж хэлж байгаа юм уу?
-Тийм ээ. Тэгэхэд бэлэн бай­на. Ш.Батхүү захирлыг сайн хүн, сайн залуу гэж би боддог. Би мэд­нэ. Гэхдээ бид хоёрт бас нэг ял­гаатай тал байгаа юм. Би бол багаасаа гудамжинд өссөн, олон жил айлаар явж, хатуу хөтүүг үзэж өссөн хүн. Энэ амьдралаас бэрхшээлийг туулах чадвар на­дад суусан болов уу даа. Тэрэн­дээ одоо би бурханд баярладаг. Би компаниа анх байгуулахдаа л ерөөсөө л үйлдвэрлэл явуул­даг болъё гэж зорьсон. Өнөөдөр хүртэл амьдарч, тэсч ирсэн ма­най компанийн давуу чанар юу вэ гэхээр бид ордыг олж чаддаг, бас үйдвэрлэлийг хийж чаддаг тийм чадвар суусан маань юм. Түү­нээс биш бусад хүмүүстэй адилхан Сашагаас 100 долла­роор бензин аваад Дондогт ав­чирч 110 доллароор өгдөг, эсвэл Туяа Дорж хоёрын мөнгийг зээлж аваад Ганаад нь өгөөд дун­даас нь ашиг олдог ч юм уу тийм төрлийн бизнест үнэхээр маруухан. Би бас гайхдаг л бай­сан. Ш.Батхүүг маш олон дам­пуур­сан махны үйлдвэрүүдийг аваад л, дампуурч байгаа хоёр гурван банк аваад л, дараа нь ма­най ордыг аваад л байхаар энэ бүгдийн ард гарч чаддаг л юм байх даа гэж гайхаж л бай­сан. Эсвэл банкаараа дагнаад, эсвэл манай “Олон овоот”-ын ор­дыг авчихаад уурхайгаараа дагнаад явмаар л харагддаг байсан.

-Таныг өрийг нь өгөхгүй байсан болохоор өрөө авах гэж тантай хамтарсан гэ­дэг?
-Тэр бол аль ч уурхай, шата­хуун нийлүүлдэг компани хоё­рын хооронд байдаг л асуудал. Гэлээ гээд би Ш.Батхүүтэй хам­тарсан нь миний хамгийн том ал­даа байлаа гэж хэзээ ч хэ­лэхгүй, бизнес бол хатуу тог­лоом, чадахгүй бол бүү тогло гэдэг биз дээ.

-Хэр хэмжээний өр байсан юм бэ?
-18 орчим тэрбум байсан са­нагдаж байна. 18 тэрбум төгрө­гийн өрөө авахын төлөө 186 тэр­бум төгрөгийн өрийг өөр дээрээ аван байж хүний алтны үйлдвэ­рийг авах уу. Зөвхөн өрөө авах гэж ийм юм хүн хийдэг юм уу. Алт­ны үйлдвэрлэлд их хэмжээний мөнгө эргэдэг. Ингээд л тайлбар­лах гэхээр маш олон зүйлийг хөн­дөхөөс аргагүй байдаг. Ерөө­сөө манай энэ эдийн засаг үнд­сэн системээрээ буруу байгаад бай­на шүү дээ. Өөрөөр хэлбэл баялаг бүтээдэг систем биш байгаа байхгүй юу. Жишээ аваад хэлье л дээ. Монгол Улс гурван сая хүнтэй. Сүүлийн 20 жилийг харахад монголчуудад  баялаг бүтээсэн түүх ерөөсөө байхгүй. Үндэсний бүтээн байгуулалт гэж байхгүй. Жишээ нь, одоо энэ эмэг­тэйчүүд та нарын дуртай “LOUIS VUITTON” гээд нэг фран­цын фирм байна шүү дээ. Тэр жижигхэн фирм гэхэд 10 мянган салбартай. Цэвэр ашиг нь жил­дээ дөрвөн тэрбум доллар. 1988 онд Монголын “МОНЕЛ” гээд электроникийн анхны компани байгуулагдаж байсан санагдаж байна.”САМСУНГ”-тай нэг өдөр байгуулагдсан байдаг. 1988 онд шүү дээ. 88 он гэдэг чинь саяхан байхгүй юу. Тэгтэл 12 жилийн дараа “Самсунг электроникс” “Сони”-г гүйцсэн гээд бод доо. 15 мянган хүнтэй, жилийн цэвэр ашиг нь 23 тэрбум доллар. Мон­голчууд бид тэр солонгосуудаас, цүнх түрийвч хийдэг тэр улсуу­даас тэнэг юм уу, хаашаа юм бэ. Харьцуулахад энэ бол маш эн­гийн зүйл. Энгийн. Гэтэл одоо бид 1,5 тэрбум доллар гаднаас зээлж авчирчихаад тэрэн дээрээ цөмөөрөө баярлаж байгаа гэж яана. Баахан өр тавьчихаад улс нийтээрээ баярлаад. Ямар дүр зураг харагдаж байна вэ. Уул уур­хайн үйлдвэрлэл дээр сис­тем буруу байгаа учраас уул уур­хайн бирж манайд байдаггүй. Уул уурхайн төслийг санхүүжүү­лэх банкууд байхгүй. Өөрөөр хэл­бэл уул уурхайн төсөлд хө­рөнгө оруулалтаа нөхөх 5-6 жил хэрэгтэй байдаг. Жишээлбэл, “Комацу”-гийн 50 орчим сая дол­ларын тэр олон техник, манай  бос­гочихсон үйлдвэр байж бай­на. Энэ бүхнийг юугаараа босгох юм бэ. Хөрөнгө оруулалт, сан­хүү­жилт, зээлээр л босгоно шүү дээ. Тэгээд тэр зээлээ төлөхөд үйл ажиллагаа явж эхэлсэнээс хойш дор хаяж таван жил хэрэг­тэй биз дээ. Одоо Оюутолгой гэ­хэд 2025 он болтол монголчууд ашиг авч чадахгүй. Яагаад гэвэл оруулсан хөрөнгөө бүтээгдэ­хүү­нээрээ нөхөж авах ёстой. Ийм бо­лолцоог хангах банк санхүү­гийн систем алга. Тэрийг чинь жи­шээ нь,  “Жаст” групп харж байна шүү дээ. Одоо цаг нь болсон, энэ Ц.Мянганбаярт техник нь байгаа юм байна, орд нь байгаа юм бай­на. Одоо ингээд цааш нь аваад явъя гээд. Мэргэжлийн үүд­нээс л ухаагүй болохоос.

-Өөрсдөө юу?
-Үнэндээ бол тэд  мэргэж­лийн нягт үйл ажиллагаа явуу­лаагүй.

-Тэгвэл та яах гэж орж ирэ­хэд нь 50:50 хувийн хөрөнгө оруулалттай “Олон овоот гоулд”-ыг байгуулалцсан юм бэ?
-”Жаст”-тай хамтраад ажил­лах бололцоо байсан. “Жаст” тө­сөлд хувь эзэмшсэнээрээ нэмэлт шаардлагатай санхүүжилтийг олж ирэх үүрэг хүлээсэн ч тэр нь бүтээгүй. Тэгээд ч уул уурхайг ойл­гохгүй хүнтэй уул уурхай хий­нэ гэж байдаггүй юм байна лээ. “Олон овоот”-оос өөр манай компанийн бусад том төслүүд байна шүү дээ. Тэгээд ч би дээр хэлсэн. Тал бүрийн дарамт байсан гэж.

-Гэхдээ та Монголын бүх банкны барьцаанд энэ ор­дыг тавьчихсан байсан юм биш үү. Бүх банкинд өр­тэй байсан?
-Бүх банкинд өртэй нь ч хаа­шаа юм бэ. Энэ төсөл дээр хам­тарч ажиллаж байсан банкууд гэвэл “Анод”, “Зоос”, “Голомт” бай­на. Энэ гурван банктай ажил­лаж байсан. Миний хамтарч ажиллаж байсан “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк эд нар дампуурчихаагүй л байгаа биз дээ.

-”Анод”, “Зоос” банкуудын дампуурлыг тантай л холбож олон нийт ойлгочихоод байна шүү дээ. Хэдийгээр нэг харил­цагчтай ийм сэдвээр ярьж бай­гаа маань дэндүү жижиг яв­дал ч би асуух ёстой.
-Хамгийн гол нь Монгол Ул­сын компаниуд, Монгол Улс ний­тээрээ баялаг үйлдвэрлэдэггүй тийм тогтолцоонд яваад байна шүү дээ. Өнөөдөр Улаанбаа­та­рыг хар л даа. Би саяхан Ховдод нутагтаа очоод ирсэн. Ховдод хү­мүүсийн орлого, амьжиргааны төвшин маш доогуур байна. Улаанбаатар бол томруулсан Ховд хот л байна шүү дээ. Өнөө­дөр бид ямар экспорт хийгээд байгаа юм бэ. Улаанбаатарчууд ямар экспорт хийж байна. Ямар ч экспорт байхгүй байна шүү дээ. Тэгэхээр чинь банкууд нь олигтой ажиллах уу. Хоёрдугаарт нь асууя. Нэг төслөөс болоод дампуурдаг банк гэж байх уу .Би танд нэг үг хэлье. Ерөөсөө бан­кийг залилдаг хүн гэж хорвоод байдаггүй юм. Хэн ч банкийг залилж чадахгүй. Тэд чинь су­далж байж, судалгаан дээрээ тул­гуурлаж бизнесээ явуулдаг, судалгаан дээрээ суурилж барь­цаатай мөнгөө зээлдүүлдэг юм байгаа биз дээ. Би лав мэдэхгүй юм байна.

-Та чадсан юм биш үү. Мон­голын банкуудын барьцаа­наас “Олон овоот”-ын ли­цен­зүүдээ суллаж аваад “Голд­ман сакс”-ын барь­цаанд аваачаад өгчихсөн байсан шүү дээ.
-Та аан гээд сонсоно уу. Хэ­зээ ч зээлтэй үед банк лиценз сул­ладаггүй, сулласан ч батал­гаа, батлан даалт гаргуулж байж сулладаг юм. Ц.Мянганбаяр гэ­дэг хүн л энэ банкуудыг хуурч мэх­лэчихсэн гэдэг бол байж болш­гүй ойлголт. Тийм ойлголт хорвоо дэлхийд байхгүй. Нэгд, энэ. Хоёрт, бид “Голдман сакс”-тай гэрээ хийсэн нь үнэн. 100 сая долларын гэрээ хийлээ. 100 сая долларын хөрөнгө оруулал­тыг тэд бидэнд өгөх гэж байлаа шүү дээ. Олон овоотын ордын нөөцийг өөрсдөө бас хөндлөн­гийн гуравдагч компаниар шал­гуулж тогтоолгосон. Дэлхийд нэр хүндтэй компаниар.

-“Голдман сакс” өөрсдөө?

-Тийм. Тэгээд манай дээр гур­ван дүгнэлт гарч байгаа юм. Үйлд­вэр баригдаад төгсгөлийн шат руугаа орж байсан. Нэгдү­гээрт, үйлдвэр нь байна уу. Хоёр­дугаарт, яриад байгаа тэр нөөц нь байна уу. Гуравдугаарт, бо­лов­сон хүчин нь байна уу. Ийм гур­ван шалгалт хийдэг юм билээ. Ингээд бидэнтэй 100 саяын гэ­рээ байгуулаад эхний 30 сая дол­ларыг өгсөн. 30 сая доллар аваад “Иточу”, “Зоос” банк руу шил­жүүлж байгаа юм. Ардаа эр­гэлтийн маш бага мөнгөтэй хо­цорсон. 5-6 сая доллартой л хо­цор­лоо. Тэгээд бид өдөр шөнө­гүй ажиллаж байж жил гаруйн дотор 25,8 сая доллар “Голдман сакс”-д алтаар өгсөн. Алт экс­портолж байна шүү дээ, биет алт. Тэгэхэд бидэнд хүндрэлтэй юм юу байсан гэхээр эргэлтийн бага мөнгөтэй хоцорсон учраас хөрс хуулалтан дээр олигтой ажил­лаж чадаагүй, үнэнийг хэлэхэд. 30 саяыгаа аваад бид 25,8-ыг өгчихлөө шүү дээ. Ш.Батхүүд хү­лээлгэж өгсөн “Голдман сакс”-ын өр бол хүү, торгууль тийм л дүн бай­сан. Бидэнд өөр нэг том да­рамт юу байсан гэхээр нөгөө 68 хувийн татвар байсан. Маш их дарамт байсан. Найман тэрбум төгрөг бид улсад тушаасан. Дээр нь эргэлтийн мөнгө бага. 68 ху­вийн татвараа тушаахгүй бол гаалийн зөвшөөрөл өгөхгүй.

-”Жаст” орж ирээд бүх юмыг шилжүүлээд авахад дутсан мөнгө энэ л хүү,  торгуульд явсан мөнгө үү?
-Тийм. Хүү, нөгөө “Комацу”, “Иточу”-гийн техникүүдийн үнэ  байна. Төсөл хэрэгжүүлэхэд орол­цож байсан бусад аж ахуй нэгжүүдийн өр ч бий. Ингэж бай­тал гэнэт  “Зоос”, “Анод” хоёр дам­пуурахгүй юу. Тэгээд хам­гийн их зээлтэй байсан харил­цаг­чийг зарлана, цоллоно биз дээ. Жилийн дараа гэхэд алтны үнэ дэлхийн зах зээл дээр хоёр дахин өсчихөж байгаа юм. “Голдман сакс” биднээс 26 сая долларын алт авсан бол нөгөө­дөх нь 50 сая долларын алт бол­чих жишээтэй. Ингээд асуудал дуусчихаж байгаа байхгүй юу. “Голдман сакс” ямар их хожсон нь харагдаж байгаа биз дээ. Тэд зээлийг доллароор төлөхийг зөв­шөөрөөгүй. Биет алтаар тө­лүүлсэн. За, ингээд “Анод” банк, “Зоос” банк хоёр дампуур­лаа гээд бөөн юм болсон. Мон­голын сонин хэвлэлүүд шууги­сан. Нө­гөө муу Ц.Мянганбаяр руу чинь дайрч өгнө биз дээ. Тэгэн­гүүт “Голдман”, “Өө, Монгол га­зар” чинь ийм их өртэй байсан юм уу. Бид одоо харилцахгүй ээ, bye bye гэсэн.

-Аймаар том ашиг хийчих­сэн, монголчууд бужигнаад эхлэхээр “Би энэ наадмыг үзэхгүй ээ” гээд гараад яв­чихаж байгаа хэрэг үү?
-Шууд л баяртай гэсэн. Тэгэн­гүүт би “Иточу”-гийнхантай уул­заж байгаа юм. Хүүш таминь ээ, та нар наад баталгааныхаа мөн­гийг төлөөч ээ, энэ банкийг ингэж болохгүй гэхээр “Өө, наадуул чинь “Алтандорнод” дээр бас акк­редитив нээсэн. “Алтандор­нод” дээр бас төдий хэмжээний ав­лагатай байгаа. “Зоос”, “Анод”-оор дамжуулсан. “Монгол газар”-ын юмыг бид шүүхийн шийд­вэр гарвал төлнө өө. Бэлэн байгаа. Баталгаандаа эзэн бол­но гэсэн. “Зоос”, “Анод”-ынхон бас уулзсан юм билээ. Урдаас нь “Алтандорнод” компани дээр нээсэн аккредитив болон тэдний төлбөрийг “Зоос”, “Анод” тэгвэл бас хариуц гээд. “Алтандорнод”-ын асуудал саяхан шийдэгдсэн байгаа. Манай “Комацу”-гийн техникийн төлбөрт зориулж “Зоос”, ”Анод”-оос авсан  зээлүүд “Иточу”-гийн баталгаатай явж байс­ныг Монголбанкныхан мэ­дэж байсан. “Иточу”-г олон ул­сын шүүхэд өгөх асуудал Мон­гол­банкинд нээлт­тэй байгаа. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэн ч гаргаж тавиагүй байгаа.

-Монголбанк Монголынхоо бизнесийг хамгаалахын тө­лөө ер нь юм хийдэг юм уу. Ажлаа хийхгүй сууж бай­гаад л банкуудыг дампуу­руул­даг, эрх хүлээн авагч оруулж ирж адилхан бужиг­начихаад л байж байдаг газар юм биш үү?
-Монголбанкны хуулийн хэл­тэс л ажиллах тухай асуудал шүү дээ. “Алтандорнод”-ын асуудал шийдэгдсэн байна. “Голомт”-ын асуудал шийдэгдсэн байна. Энийг судлаад, бидэнтэй уул­заад, “Иточу”-тай уулзаад ажил­лах ёстой. Тэгээд “Иточу” эхлээд батлан даалтын үүргээ биелүү­лэх ёстой. Авах юмаа, “Олон овоот”-оос авна уу, “Монгол га­зар”-аас авна уу. Хоёр компа­нийн хоорондын асуудал болж хувирна шүү дээ.

-”Жаст”-тай та энгийн ха­рил­цаан дээрээ ч учраа олоод ажиллаагүй юм би­лээ шүү дээ. Оруулахгүй гэдэг, алт гарвал өгөхгүй гэдэг. Сүүлд “Олон овоот” дээр ахин тохироо хийгээд та гарах болоход тэднийх танд 2,5 сая доллар өгсөн байдаг.
-Хөрс хуулалт их үлдээсэн нь үнээн. Хөрс хуулалтыг би их үл­дээсэн. Гэлээ гээд өнөөдрийн байдлыг үүсгэчихээр ч байгаа­гүй. Бас тэд манай талаас бараг мэргэжлийн гэх хүн үлдээгээгүй, баахан шинэ хүн авч ирж ажил­луулсан нь их том алдаа болсон.

-Энэ хоёр зүйл дээр таны буруу юу?

-Манайхны авсан баталгаат мэдээллээр бол “Жаст”-ынхан бидний хүлээлгэж өгснөөс хойш гурван жилийн хугацаанд доо­шоо 20 метр л суусан байна би­лээ. Бид ажиллуулах хугацаан­даа дөр­вөн тонн алт олборло­сон бай­даг.

-Суулаа гэдэг нь ухлаа гэ­сэн үг биз дээ?
-Тийм. Бид сая хэмжилт хий­гээд баталгаажуулсан. Манай мэргэжлийн улс өгөгдөл мэ­дээллүүд дээр нь ажилласан. Тэгэ­хэд “Жаст”-ынхан ердөө л 20 метр л доошоо суусан байсан. 20 метр суусан юм чинь нэг тонн л авна ш дээ. Доошоо 200 суучи­хаад асуудлыг ярьж байгаа бол өөр. Энд мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн хүмүүс хоёрын ялгаа зааг гарч байна шүү дээ.

-Ямартай ч хоёр банкны дампууралд таныг л бу­руут­гадаг. Та өөртөө учир­сан бүх хүндрэл, нөхцөл байдлуудын талаар ярь­лаа. Гэхдээ хоёр банк байх­гүй болсон уу, болсон. Хүс­сэн ч эс хүссэн ч энэ асуу­далтай таны нэр холбоотой л явах байх.
-”Анод” банк, “Зоос” банкинд ганцхан зээлдэгч нь би байсан юм уу. Зөндөө олон зээлдэгч байна. “Зоос” дээр гэхэд нийт зээл­дэгч дотор нь томоохон зээл­тэй нь “Жаст” манай хоёр хамт л байсан байх. Манай зээлийн хугацаа болоогүй байсан. Үйлд­вэр­лэл явж байна. Бидэнд чинь ядаж хөрс хуулах хугацаа хэрэг­тэй биз дээ. Тийм л хугацаа өг­дөг­гүй. Тэгээд өөрсдөө дампуур­чихдаг. Тэгэнгүүт буруутан нь би л болдог. Би бас тэгж байгаад хамаагүй хүн л дээ. Юу л гэж хэлнэ, юу л гэж гутаана тоо­доггүй.

-Та банкуудын дампуурал, саяын “Жаст”-ын дампуу­рал гээд ер нь маш олон юманд буруутгагдаж байна шүү дээ. Та хогийн сав юм уу. Яагаад хэнд ч ойлгог­дож чадахгүй өдий хүртэл явдаг юм бэ?
-Би монгол хүн. Монголдоо баялаг бүтээх гэж төдийгөөс өдий хүртэл зүтгэж яваа л нэг эр хүн. Алдаа оноо байгаа л байх. Гэхдээ л Монголынхоо ганц бай­гаа үйлдвэрийг гадаадын банк­ны барьцаанд зуун хэдэн сая долларын өрөнд тавьчихгүй ээ. Надад тийм хүмүүжил байхгүй.

-Монгол Улсын Засгийн газар “Буян” компанийг “Ма­рубени”-гаас зээл ава­хад нь баталгаа гаргаад л өгч байсан шүү дээ. Жижиг ор­ны зүтгэж яваа компа­ниудаа Төр нь баталгаа гаргаж өгч яагаад болохгүй гэж?
-Юунд баталгаа гаргах, юуг дэмжихээ бид өнөөг хүртэл ойл­гоогүй л явна. Улс орныхоо эдийн засгийг өөд татах үйлд­вэр­лэлийн төслүүдэд баталгаа гаргаж байгаа бол тэр зөв, харин таван цаасаар аваад таван цаас нэмж зардаг худалдааны биз­нест баталгаа гаргаад олон ул­сын өмнө өрөнд ороод сууж бай­гааг л би ойлгохгүй байна.

-Бидэнд бензин хэрэгтэй биз дээ. Одоогоор бидэнд өөр ямар арга байна вэ?
-Тиймэрхүү үйлчилгээний биз­нес байж болно оо болно. Сер­вис бизнес гэж. Миний хувьд үйлдвэрлэл, юм бүтээх нь Мон­голд хэрэгтэй гэж л боддог учраас шүүмжлэлтэй хандлаа.

-Адилхан бизнесийн ер­төнцөд зовлон бэрхшээл туулж ирсэн улс. Та ч зовж л явна. Тэр ч банк руу ороод хоёр жижгэвтэр банкийг нэгтгэж үзээд, уул уурхай руу орж ажиллах гэж нэг зүтгээд туршлага дутаад, ядуу орны хөрөнгөгүй биз­несмэн өөрийн эрхгүй тал талын шахаанд унаж байна шүү дээ.
-Унаж байгаа гэж та яагаад бодож байгаа юм бэ.

-Бас тийм ээ, тийм. Бүр ч тэгж харахгүй байгаа. Таны юу хэлэх л сонин байлаа.
-Би бол тэгж огт бодохгүй бай­гаа. Би дан ганц алтны орд өгсөн юм биш шүү.

-Тийм л дээ. “Х” лицензтэй олон мянган га талбай яриг­дана биз дээ?
-Нийт 16 лиценз өгсөн. Тэр 16 лиценз дотор Монголын нэг но­мерын жоншны орд бий. Үүнийгээ би Ш.Батхүүд өөрөө барьж гүйж очоод өгсөн. Үүнийг Ш.Батхүү ч санаж байгаа. Геоло­гич бидний харж байгаагаар 6-7 сая тонн жонш гарах болов уу гэж тооцож байна. Үйлдвэрлэ­лийн зэргээр бол 4-7 сая тонн га­рах байхаа. Энэ чинь Бор-Өн­дөрөөс илүү жонш шүү дээ. Бор-Өндөрийн нөөцөөс илүү сайхан нөөцтэй том  жоншны орд бол­лоо. Хамгийн чухал нь жоншны чанар нь Бор-Өндөртэй харь­цуу­лахад хорт хольц байхгүй. 92 хувийн жонш. Жоншны баяжмал бол дэлхийн зах зээл дээр уна­даггүй. Тодруулбал, 3-4 тонн кок­­сыг нэг тонн жонш оролдог байх­­гүй юу. Тэгэхээр чинь ган хайлуу­лахад ямар их хэмжээний зар­дал хэмнэж байна. Жонш бол Япон, Солонгос, Герман гэх мэт олон худалдан авагчтай. Жонш­­ны баяжмал 400 доллар. Долоон саяыг 400 доллароор үр­жүүлээд үзэхгүй юү. Хэр зэрэг том орд бо­ло­хыг нь ингээд л хар л даа. Эд нар одоо үйлдвэрлэ­лийн зэр­гээр гурван саяыг хам­гаалчихсан байж байна. Ахиад дөрвөн сая нь бэлэн байж байна. Долоон сая орчим тонн жонш бэ­лэн. Ирэх жил төмөр зам Таван­толгой дээр хүрээд ирнэ. Таван­толгой­гоос ойрхон юм чинь. 100 км жонш­ны баяжмал зөөхөд ямар асуудал байх юм бэ. 200 км зөөсөн ч байсан асуудалгүй л байхгүй юу.

-Г.Алтанг эрсдэл рүү ор­лоо гэж зарим талаар бо­дож байсан. Асар том аш­гийн төлөө тэр ажиллах юм байна.

-Бизнес хүний нүдээр хара­хад Г.Алтан ч бай, Ш.Батхүү нь ч бай алт нь байна, жонш нь бай­на. Ойрын 15 жилд олох аш­гийнх нь дэргэд энэ нэг банк, хэ­дэн шатахууны станц юу юм бэ л байхгүй юу. Гэхдээ би хүний хэтэвч шагайх дургүй, хамгийн гол нь хүнээс авсан юм аа бай­гаа­гаар нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Одоо дуусгая.

-Нэг асуулт. Таны нэг ордыг Төр стратегийн ордод та­таж авах болсноо зарла­сан. Энэ тухайд таны байр суурь ямар байна вэ?
-Уг нь дэлхий дээр страте­гийн орд гэсэн ойлголт байдаг­гүй. Харин стратегийн бүтээгдэ­хүүн гэсэн ойлголт бий. Уран, газ­рын ховор элемент гэх мэт. Том ордыг төр, ард түмэнтэйгээ хуваалцаад хамтарч ашиглах нь миний үүрэг хүсэл шүү дээ.

-Үнэхээр тийм гэж үү?
-Яасан, би таны хүсээгүй ха­риултыг өгчихсөн үү. (инээв) Зү­гээр ээ, гол нь улс маань учраа олох чухал.
http://ganchimeg.niitlelch.mn