Friday 29 November 2013

"УИХ-д ажил хэрэгч хүн цөөхөн байдаг юм байна"



УИХ-ын гишүүн С.Одон­туяаг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төслийг боловсруулах аж­лын хэсгийг ахалж буй хүний тань хувьд бодлогын баримт бичгийн талаар яриагаа эхлэх нь зүйтэй байх?
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэ­лэл­цүүлгийг  хийлээ.

Хэ­лэл­­цүүлгийн  явцад  Зас­гийн газар болон ажлын хэсгийнхний гаргасан саналын ихэнх нь дэмжигдсэн. Эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар ажиллаж байна даа.

-Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан батлахын ач холбогдол юу вэ?
-Нэн түрүүнд эрдэс баялгийн салбарыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чадвартай болгон хөгжүүлэх ёстой. Ингэснээр эрдэс баялгийн салбараас ихээхэн хэмжээний ашиг орлого олох нөхцөл бүрдэнэ. Улс орны эдийн засгийн бүтцийг нэг салбараас хамааралтай байлгах бус харин олон тулгуурт эдийн засгийг  бий болгоход эрдэс баялгаас орж ирсэн ашиг орлого хуваарилагдах ёстой. Өмнө нь бид энэ салбараас олсон мөнгө болоод түүний ашгийг Хүний хөгжил сангаар дамжуулан халамж болгон иргэддээ тарааж байсан. Уул уурхайгаас орж ирсэн орлогын тодорхой хэсгийг баялгийн сан болон бусад сангуудад хадгалж, ирээдүйд тэр сангаасаа иргэддээ хүртээдэг олон улсын арвин туршлагууд байна. Мэдээж орлого олохын тулд бид маш их ажил хийх ёстой.

-Тухайлбал ямар ажил хийх ёстой вэ?

-Тийм ажил хийнэ гэхээсээ илүүтэйгээр хэн хийж чадах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж энэ ажлыг хийхийн тулд шинэ техник технологитой, сайн засаглалтай компаниуд ажиллаж, их хэмжээний хөрөнгө оруулалт татаж өрсөлдөнө. Тэгэхээр төр, хувийн хэвшил гэсэн хоёр хувилбар гарч ирнэ. Төрийн хувьд өнөөдөр энэ асуудалд хамгийн муу менежер байсан. Авлигын хувийг өсгөхөд их нөлөө үзүүлсэн. Төр нь хувийн хэвшлийнхэнтэй өрсөлддөг байдал бий болсон. Тэгэхээр төр өөрийн бизнес оролцоогоо хязгаарлаж хувийн хэвшлийнхнийг дэмжих ёстой. Нэг ёсондоо төр бол бүртгэх , зөвшөөрөл өгдөг, хянадаг, зохицуулалт хийх,  салбараа хөгжүүлэхэд дэд бүтцүүдийг бэлтгэх ажлаа маш сайн гүйцэтгэдэг байх шаардлагатай. Харин хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд төрийн шууд оролцоог хязгаарлах нь чухал.

-Үүнээс  гадна  байнгын  хо­рооны тогтвортой байдлын талаар нэ­лээд хэлэлцүүлэг өрнүүлж бай­сан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай уул уурхайн салбарт баялаг байна. Татварын орчин тийм ч муу биш. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчин маш тогтворгүй байгаа юм. УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх нь байдаг ч гэсэн энэ хүмүүс өнгөрсөн хугацаанд хэт их улстөржиж, эсвэл өөрсдийн туршлагагүй, мэдлэггүй, тооцоо судалгаагүй, үндэслэлгүйгээр янз бүрийн хууль санаачилж, түүнийгээ батлуулдаг. Энэ нь эргээд уул уурхайн салбарт тогтворгүй байдлыг бий болгосон. Тэгэхээр энэ байдлаас хэрхэн гарах хууль эрхзүйн тогтвортой байдлыг бодлогын баримт бичигт тусгаж өгсөн байгаа. Бусад орны туршлагаас харахад уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход төр, хөрөнгө оруулагчид, иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын оролцоог тэнцвэртэй байлгадаг. Тиймээс бид тэгш байдлыг бий болгосон, хангасан Бодлогын зөвлөл бий болгоё гэсэн санал зарчмын хувьд орж байгаа. Бодлогын зөвлөл нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй байна.

-Бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга ажиллаж байгаа. Түүний хэлж буйгаар тус эвслийн бүлгийн саналыг бодлогын баримт бичигт тусгаагүй болохоор нэрээ татсан гэж хэлсэн. Яагаад “Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг тусгасангүй вэ?
-Бид УИХ дахь намын бүх бүлгүүдээс санал авсан. Бүлгүүдийн өгсөн саналыг боловсруулж, боломжит бүх саналыг тусгасан. “Шударга ёс” эвслийнхийг ч мөн адил. Харин Г.Уянга, Ц.Оюунбаатар гишүүний гаргасан нэг заалтыг байнгын хорооны гишүүд олонхиороо дэмжээгүй. Тодруулбал “Уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирлыг төрийн бус байгууллагаас нэхэмжилж, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн тодорхой хувиар тухайн байгууллагыг урамшуулах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох” гэсэн заалт байсныг ажлын хэсэг болоод  байнгын хороо аль аль нь  дэмжээгүй. Г.Уянга гишүүний хувьд ажлын хэсэгт нэр нь байсан хэдий ч гадаад дотоод томилолт давхцаж ажлын хэсгийн хурлуудад бүрэн оролцож чадаагүй учраас надтай зөвшилцөж ажлын хэсгээс нэрээ татсан.

-Бодлогын баримт бичиг боловсруулах явц нэлээд удааширсан тал бий юу. Та энэ талаар байнгын хорооны хуралдаанаар цухас дурьдаж байсан санагдана?
-Монгол Улс сүүлийн жилүүдэд уул уурхай дагасан эдийн засгийн хөгжлийн тухай ихээхэн онцолж буй ч энэ талаар баримтлах бодлогын баримт бичиггүй явсан. Хэдийгээр анх 2006 онд тус баримт бичгийг боловсруулах үүрэг даалгаврыг тухайн үеийн Засгийн газарт даалгаж байсан ч тэр нь өдийг хүртэл биелэлээ олоогүй явсан юм. Харин энэ парламентын үед Монгол улс бодлогын баримт бичгээ батлах гэж байна. Нөгөө талаас ажлын хэсгийн ахлагч байна гэдэг маш хэцүү. Жишээ нь ажлын хэсгийн 12 гишүүнээс долоо нь байж гэмээнэ хурал эхэлдэг. Ажлын хэсэг дээр УИХ-ын долоон гишүүнийг нэг дор цуглуулна гэдэг маш хүндрэлтэй юм билээ. Анзаарч харахад ажилдаа ажил хэрэгч ханддаг “Үүнийг ингээд хийчихье. Энэ чинь улс орны минь хувь заяатай холбоотой юм. Алдаа гарчихвий дээ” гэсэн сэтгэлээр ханддаг хүн УИХ-д маш цөөхөн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл тэр цөөхөн хэдэн гишүүн дээр ажлын хэсгүүд тогтож ажилладаг. Зарим гишүүн чуулган, ажлын хэсгийн хуралдаанд ч оролцдоггүй нь нэлээд хүндрэлтэй. Манай ажлын хэсэгт  ажилласан УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Зоригт, Я.Содбаатар, Ц.Нямдорж, А.Тлейхан, С.Ганбаатар нар баримт бичгийн үг үсэг өгүүлбэр бүрт ач холбогдол өгч ажил хэрэгч байдлаар хандсан. Мөн С.Дэмбэрэл гишүүн  ажлын хэсэгт ороогүй хэрнээ  өөрийн санаачилгаараа сайн ажилласан. Ер нь олон жил парламентад суусан гишүүд ажилд хандах арга барил, туршлага нь арай өөр юм билээ.

-Гишүүдийг хурууны хээгээр бүртгэж аливаа хуралд оролцдог байх саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргаж байсан ч дэмжигдээгүй. Ер нь та гишүүдийн ирцийн асуудалд ямар бодолтой байдаг вэ?

-Ардчилсан намын бүлгийн дэд даргын хувьд гишүүдийн ирцийн асуудал миний толгойны өвчин байдаг. Ард иргэд “Гишүүд маш их хүч, хөдөлмөр гаргаж УИХ-д суудаг юм чинь ажилдаа ухамсартай ханддаг байх” гэж боддог байх. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Гишүүдийг УИХ-ын чуулганд оролцуулах маш хүнд. Бүр “Тэр хуралдаа суу. Энэ хуралдаа суу” гэж байнга гуйдаг.

-Ойрын үед нэлээд асуудал дагуулаад байгаа зүйл бол Засгийн газраас өргөн барьсан Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл. Уг хуулийн төсөлд алтны нөөц ашигласны татварыг таван хувь байсныг бууруулж 2.5 хувь болгон оруулж ирснийг бие даагч болон МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилж байгаа. Харин та ямар бодолтой байна вэ?
-Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжсэн. Янз бүрийн хуулиудыг олон талаас сайн ярихгүй бол  эргээд сөрөг үр дагавар авчирдаг. Ийм ч учраас уул уурхайн салбарын хуулийн төслүүдийг онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Энэ асуудлаар бүлэг ажлын хэсэг байгуулж хэд хэдэн удаа хуралдсан. Монгол Улсад алтны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Зөвхөн Монголбанкинд алтаа тушаасан тохиолдолд 2.5 хувь, тушаахгүй тохиолдолд таван хувийн татвар хэвээрээ төлнө.

-Таниас асуухгүй байж болохгүй нэг асуулт байна. Та Р.Амаржаргал гишүүний шийдвэрийг юу гэж бодож байна вэ. Ардчилсан намын бүлгийн дэд даргын хувиар хариулахгүй юу?

-Манай намын бүлэг дээр Р.Амаржаргал гишүүний асуудлыг ярилцсан. Ингэхдээ Р.Амаржаргал олон удаа парламентад сонгогдож, Засгийн газрыг тэргүүлж байсан хүн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж сонгогчдын итгэлийг хүлээсэн ард түмний төлөөлөл.  Ямартай ч манай намын бүлэг түүний чөлөөлөгдөх асуудлыг дэмжихгүй гэсэн байр суурин дээр хэвээр байгаа.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хасчихсан  байна гэх зүйлийг УИХ-ын гишүүн М.Энхболд хэлсэн. Түүний хэлсэн үг
“Ардчилсан намынхан Р.Амаржаргалыг хүчээр авч үлдэх гэж байна” гэсэн ойлголтыг олонд хүргэчих шиг болсон. Мөн түүний хүсэлтийг хүлээгээд авчихвал дахин сонгууль болно. Дахин сонгуулиар Ардчилсан нам суудлаа алдах магадлал өндөр байгаа гэсэн яриа ч гадуур байгаа?
-Нөхөн сонгуулийн тухай асуудлыг  ярихад эрт байна. Р.Амаржаргал гишүүний асуудлыг УИХ хэлэлцэж шийдвэр гаргасны дараа энэ асуудал яригдана. Хэрэв нөхөн сонгууль болох хэмжээнд шийдэгдвэл Ардчилсан нам суудал алдана гэхээс айхгүй байна. Учир нь манай нам том улс төрийн хүчин шүү дээ. Манай намд нэрийг  нь дэвшүүлчих чадвартай, нэр хүндтэй улстөрч олон бий.

-Ардчилсан намын зүгээс Р.Амаржаргал гишүүний шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй юм аа гэхэд хувь хүн маань өөрөө шийдвэрээ гаргачихсан. Үүнийгээ ч удаа дараа хэлээд байгаа. Дургүйд хүчгүй гэдэг үг байдаг даа. Үүний нэгэн адилаар ажлаа  хийхгүй улсын ажил  цалгардуулах нөхцөл байдал үүсэх вий дээ?
-Тийм байдал үүсэхгүй. Р.Амаржаргал гишүүн ухамсартай хүн шүү дээ. Ардчилсан намын гишүүдийн болон Сүхбаатар дүүргийн иргэдийн итгэл гэж байна. Р.Амаржаргал гишүүний асуудал шийдэгдээгүй байгаа ч гэсэн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцож саналаа илэрхийлээд явж байгаа.

-Анзаараад байхад УИХ дахь эмэгтэй гишүүд хэлэлцэж буй хуулийн төслүүд дээр нэлээд ажиллаж байна. Тухайлбал та Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг судлах, боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа. М.Батчимэг гишүүн Хилийн боомтын хуулийн төсөл гээд л бүгд нэг нэг хуулийн төслийг бариад авчихсан ажиллаж байна. Бэрхшээлтэй зүйл ч их байдаг байх?

-УИХ дахь эмэгтэй гишүүд өгсөн үүрэг даалгавар болон улс орны  эрх ашгийн төлөөх ажлыг жижиг том, хүнд хөнгөн гэж ялгалгүй ажиллаж байна. Тухайлбал, Зүүн хойд Азийн орнуудын уулзалтыг зохион байгуулах механизмийг бүрдүүлэх гэж олон орон маш олон жил  оролдож байсан. Харамсалтай нь төдийлөн амжилт олоогүй. Харин манай эмэгтэй гишүүд, тэр дундаа М.Батчимэг гишүүн энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах гэж уйгагүй ажилласан. Энэ ч утгаараа амжилттай зохион байгуулсан. Үүнээс гадна маш хүнд, шүүмжлэл дагуулсан хууль бол Тамхины хяналтын тухай хууль байсан. Өмнө нь гишүүдийн лобби ороод Тамхины хяналтын тухай хууль батлагдаж чаддаггүй байсан.  Үүнээс гадна хамгийн хүнд, шүүмжлэлээс нь айгаад баргын гишүүний хийдэггүй Архины хяналтын тухай хуулийг Л.Эрдэнэчимэг гишүүн батлуулахаар ажиллаж байна. Товчхондоо эмэгтэй гишүүд сонгогч олон түмнийхээ итгэлийг дааж ажиллахын төлөө цаашид ч идэвхитэй, эрч хүчтэй байх  болно. Биднийг зөвөөр ойлгож, нийгмийн сэтгэл зүйн хувьд дэмжиж байгаасай л гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.
Ж.БАТТУУЛ

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Д.Сарангэрэл: Гурван сарын настай төсөв баталсан



УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН Их хурлаа хийж, намын удирдлагуудаа шинэчиллээ. МАН-аас шинэчлэлийг хүмүүс их хүлээж байсан. Таны хувьд МАН-ын шинэ удирдлагууд шинэчлэл хийж чадна гэж үзэж байна уу?
-МАН 27-р их хурлаа хийж удирдлагын болон үйл ажиллагааны шинэчлэл хийх шийдвэр гаргаад одоо ажил хэрэг болгоод явж байна. Ширээний ард суугаад байлгүй гишүүд, дэмжигчид, олон нийт, иргэддээ хүрч ажиллаж, 21 аймаг, бүх сумдад очно. Очсон газар бүр талархалтай хүлээн авч, зовлон жаргалаа ний нуугүй ярьж, уулзалтаас иргэд маань урам зоригтой гараад явж байгаа нь улс төрийн ууган намдаа олон нийт итгэл алдраагүй, тулж түшиж байдаг нь хэвээрээ байгааг мэдрэх нь бидэнд ч эрч хүч өгөхийн зэрэгцээ их хариуцлагатай ажиллах ёстойг давхар даалгаж байна. Намын удирдлага хүмүүсийн хүлээгээд байгаа шинэчлэлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Чадна ч гэж үзээд их хурлын төлөөлөгчид сонгосон хэрэг. Шинэчлэлийг дээрээсээ эхэлж Удирдах зөвлөлийн хурал ажил хэрэгч, зохион байгуулалттай болж, ажил хэргээ шуурхай явуулж байна. Үйл ажиллагааны үр дүнг дүгнэхэд эрт байна. Гэхдээ шинэчлэлийн галт тэрэг хөдөлсөн гэдгийг хэлэх байна.

-М.Энхболд дарга  шинэ бүтцийг эмэгтэйчүүдээ дэмжсэн сонголт хийсэн гэж байсан. МАН-д эмэгтэй улстөрчид хүч түрэн гарч ирж байна гэх хүмүүс ч бас байна?
-Тийм ээ, удирдах бүрэлдэхүүнд залуу эмэгтэйчүүд цөөнгүй орж ирлээ. Бүсгүйчүүдийг дэмжих нь дэлхий дахины хэрэг болсон байна. МАН ч энэ дэвшилтэй алхаа нэг явна. Хэдхэн хоногийн өмнө болсон Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын анхдугаар чуулганд оролцсон урд хөршийн парламентын гишүүн Сү Хүй БНХАУ-д шийдвэр гаргах түвшинд эзлэх эмэгтэйчүүдийн оролцоо 23,4 хувьд хүрснийг зарлаж байна. Гэхдээ энэ тоог цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. БНСУ-ын Үндэсний Ассамлейн гишүүн, хатагтай Сео сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхаар хууль батлуулахаар зэхэж байгаагаа мэдэгдлээ. Эмэгтэйчүүд хаана ч хүч түрж эхэлснийг дээрх жишээ тодорхой харуулж байна.

-МАН УИХ-д сөрөг хүчний үүргээ биелүүлж чадаж байгаа юу, сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна гэж шүүмжлэх хүмүүс бас байдаг?
-Сөрөг хүчин гэдгийг бүх зүйлийг сөрөх ёстой гэж ойлгодог хүнд бол үүргээ биелүүлж чадахгүй харагдаж байж магадгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал АН алдаатай бодлого гаргах вий, тэр нь ард иргэдэд ачаа болох вий гэдэгт л санаагаа чилээдэг. Улс орны гадаад өр, ард түмний амьжиргааны түвшин, оюутны тэтгэмж гээд олон асуудалд хатуу байр суурьтай хандаж нааштай шийдвэр гаргуулж чадлаа. Гадаад өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх  хувь хэмжээг 40 хувиас 60-д хүргэх оролдлогыг зогсоож чадлаа. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг бага ч гэсэн нэмэгдүүлэхээр боллоо. Оюутнуудын тэтгэлгийн тухайд ч тавигдаж байсан нөхцөлийг зөөллөж чадсан. Нөгөө талаас эрх баригчдын энэ чиглэлд баримталж байсан бодлогыг тэр чигээр нь явуулаад турхираад сууж байх боломж МАН-ын бүлэгт байж л байсан ч тэгсэнгүй.Тиймээс сөрөг хүчнийг хэрхэн яаж үнэлэх, ямар дүн тавих уу гэдэг нь тухайн хүний асуудалд аль өнцгөөс хандахаас ихээхэн хамаарна.

-Сөрөг хүчин шүүмжилсээр байгаад л  2014 оны төсөвөө баталчихлаа. Энэ удаагийн төсөв авлигыг царцаасан төсөв болсон гэж гишүүд үзээд байгаа. Хэр төсөв болсон бэ?

-Эдийн засагчид, мэргэжилтнүүд хоёр, гуравхан сарын настай, дахин тодотгол шаардах төсөв болсон гэж дүгнэж байна. Эрх баригчид өөрсдийн оруулж ирсэн төсвөө авилгажсан гэж нэрлээд байгаа нь улс төр ойлгодог хүнд бол иргэдийг басамжилсан хэрэг л гэж харагдаж байна. Энэ нь улс төрийн  намуудын үйл ажиллагааны аливаа алдаа, оноог олон нийт ялгах чадваргүй гэж үзсэнтэй агаар нэг юм. Бодит шалтгаануудын улмаас хугацаа нь сунасан барилга, байгууламжуудыг жагсааж заримынх нь санхүүжилтийг түр хойшлуулснаа авилгыг царцаасан гээд байгаа юм байлгүй дээ. Авилгыг царцаасан төсөв болсон гэж үзэж байгаа гишүүд хэр олон байгааг хэлж мэдэхгүй юм. Ер нь гишүүд тойрогтоо ахиухан мөнгө батлуулах гэж нилээд үзлээ. Санасандаа ч хүрсэн байх. Сонгуулийн тогтолцоо нь тийм юм хойно арга ч үгүй юмдаа.

-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг Ерөнхийлөгчөөс өргөн бариад эргүүлэн татаж байсан. Ер нь хэвлэл мэдээллийн салбарт олон жил болсон хүний хувьд Хэвлэлийн эрх чөлөөний хуульд өөрчлөлт оруулахыг та дэмжих үү, өөрчлөлт юунаас эхлэх ёстой гэж бодож байна?
-Энэ талаар байр сууриа багагүй илэрхийлж байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг дахин шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах яаралтай үндэслэлийг хэн ч хэлэхгүй байгаа нь энэ нь төдийлөн тулгамдаад буй асуудал бус гэдгийг илэрхийлж байна. Хэвлэл, мэдээллийн салбарт дэвшил авчрахаар бол уран бүтээлчид маань талархалтай л угтаад авна. Эхнээсээ л эсэргүүцэлтэй тулгарч, маргаан дагуулаад авсан нь хэвлэлийн эрх чөлөөний хуулинд ул суурьтай хандах, өргөн хэлэлцүүлэг явуулах, бодит байдлаа зөв үнэлэх шаардлагатайг харуулсан. Хэвлэл, мэдээллийн салбарын шинэчлэл, ялангуяа хууль эрхзүйн орчны өөрчлөлт шинэлчлэлт нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаан дахь төр засаг, улс төрийн намын оролцоог бүрэн мөсөн таслан зогсоох, төрөл бүрийн хяналт шалгалт, хязгаарлалтаас ангид байлгах, элдэв татвар, хураамжаар дарамтлахгүй байх, бие даасан байдлыг нь хангахад эн түрүүнд чиглэсэн байх ёстой. Энэ чиглэлд л нэмэр тус болж чадахгүй бол төр дөрөв дэх засаглалын үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Харин ард түмнээ мэдээллээр хангах төрийн үүргийг нь өмнөөс нь хийгээд явж байгаад чимээгүйхэн ханцуйндаа залбираад явах хэрэгтэй.

-Сэтгүүлзүйн өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ? Хараат сэтгүүлзүй хөгжиж байна гэж ярих хүмүүс олон байдаг?

-Хараат сэтгүүлзүй хөгжиж байна гэж хэлж ярьдаг хүмүүс бий болж байгаа бол энэ дэвшил мөн. Манай салбарын мэргэжлийн үнэлэмж нь бие даасан байдлаар тодорхойлогддог. Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал эдийн засгийн эрх чөлөөнөөс ихээхэн хамааралтай байдаг учраас л төрөл бүрийн татвар хураамжаар дарамтлахгүй байх нь хэвлэлд үзүүлэх нэг тус гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Сэтгүүлзүй өөрөө нэг талаас нийгмийн хөгжлийн тусгал юм. Нөгөө талаас нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэгч чухал хэрэгсэл учраас хэвлэл,мэдээллийн салбар дахь эрүүл саруул байдал,тэдгээрт ажиллагсдын сэтгэл санаа, ажил амьдралын нөхцөл маш чухал. Өнөөдөр сэтгүүлзүйн нийгэмд үзүүлж байгаа нөлөө нь аль ч мэргэжил, салбартай зүйрлэхийн аргагүй. Тиймээс сэтгүүлзүйн нөхцөл, байдлыг сайжруулах нь захирал, эрхлэгчдээс гадна төрийн үүрэг байх учиртай.

-Эмэгтэй гишүүд нийгмийн асуудалд түлхүү анхаараад байх шиг санагддаг. Нийгэмд тулгамдаад буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Эмэгтэй гишүүд нийгмийн асуудалд анхаараад байгаа нь буруу биш л дээ. Ер нь нийгмийн захиалга ч энэ талдаа түлхүү байдаг. Сургууль, цэцэрлэгхэн гээд жижиг зүйл яриад байгаа мэт боловч чухам энд улсын маань ирээдүй болсон үр хүүхдүүд маань өсч торниж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж жижиг хэрэг байх билээ. Энд хувь гишүүний бодлоо илэрхийлэхэд төр бүгдийг хариуцаж, сургууль, цэцэрлэг барих ажлыг ч дангаараа үүрэх гээд байхын оронд энэ ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаармаар санагддаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаагаас зарим сургууль гурван ээлжээр ч хичээллэдэг. Хоёр ээлжийг ч их гэж үздэг. Нэг ээлжтэй болгох чиглэлд бид ажиллах шаардлагатай. Ингэж чадвал хүүхдүүдийн чөлөөт цаг нэмэгдэж, авъяас чадварыг нь илрүүлэх, хөгжүүлэх боломж бий болно. Нэг ангид 40 гаруй хүүхэд хичээллэж,гурваараа нэг ширээнд суухад багш сурагчиддаа хүрч ажиллахад төвөгтэй байх нь тодорхой. Тэр орчны агаар ямар байх нь ч ойлгомжтой. Ийм нөхцөлд сурлагын чанарын тухай ярихад хэцүү. Нөгөө талаас сургууль, цэцэрлэгийн тоо хангалтгүй байх нь ядуурал,ажилгүйдэлтэй ч шууд холбогдоно. Хүүхэд харах хүнгүйгээс ажил төрөл эрхэлж чадахгүй байна. Үүнээс үүдэн гэр бүлийн маргаан үүсч улмаар энэ нь салалтын нэг шалтгаан ч болж байгаа талаар мэргэжилтнүүд хэлдэг. Залуучууд хүүхэд төрүүлэхээс төвөгшөөх нь ч байна. Тиймээс л эмэгтэйчүүд нийгмийн асуудал, сургууль, цэцэрлэгийн хангамжид түлхүү анхаарч байна. Гэхдээ сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт суулгах чармайлтаар бидний ажил хязгаарлагдахгүй л дээ. Тэдгээрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд санаачлагатай ажиллаж байна. Тухайлбал, сард нэг хүүхдийн цэцэрлэгийн зардалд 110 гаруй мянган төгрөг төрөөс  зарцуулдаг. Хувь хүн, аж ахуйн нэгж, компани дэргэдээ цэцэрлэг байгуулж ажиллавал энэ зардлыг хүүхдийн тоогоор өгч байх хуулийн төслийг эмэгтэй гишүүд санаачлаад явж байна. Тамхины эсрэг хууль амжилттай хэрэгжиж байна. Архидалтын эсрэг хуулийн төсөл дээр мөн ажиллаж байна. Хийж бүтээх туршлага,чадвар нь ид жигдэрчихсэн дунд насны эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ажлын байрны хангамжийн асуудлаар хуулийн төсөл санаачлах ажил яриа, хэлэлцүүлгийн түвшинд явж байна. Манайтай ижил төстэй орнуудын туршлагыг судлахаар зарим маань явах гэж байна. Бага насны хүүхдүүдээ хуулиар хамгаалах санаачлага ч байгаа. Манайх шиг дөнгөж хөлд орсон бяцхан хүүхэд хагас нүцгэн шахуу дүн өвлийн хүүхэд замын хажууд явж байдаг газар үгүй байх. Зарим улс оронд хүүхэд ер харагддаггүй. Хаа нэгтэй ээж,аавдаа хөтлүүлж яваатай л таарна. Тиймээс бага насны хүүхдийн төлөө хүлээх төр засаг,эцэг эхийн хүлээх үүргийг тодорхой болгох бодит шаардлага байна гэж үзэж байгаа. Тоочоод яриад байвал олон чухал хуулийн төсөл, үйл ажиллагааны санаа оноо манай эмэгтэйчүүдийн бүлэгт бий. Зөвхөн нийгмийн асуудлаар эмэгтэй бүлгийн гишүүдийн үйл ажиллагаа хязгаарлагддаг гэвэл хэтийдсэн дүгнэлт болно. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох ажлыг Р.Бурмаа гишүүн маань хариуцаад ажиллаж байна. Удахгүй бүлэг энэ хуулийн төслийг тойрч ярилцахаар төлөвлөчихөөд байж байна.

-2014 оны төсөв дээр ч нэлээд хэдэн сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийг царцаачих шиг болсон?
-Ирэх онд цэцэрлэг барихад зориулж 26 тэрбум, сургуулийн барилгад 16 тэрбумыг төсөвлөлөө. Зөвхөн нийслэл хотыг цэцэрлэгээр хангахад 300 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Уг нь төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтанд улсын хэмжээнд 43 сургууль, 68 цэцэрлэг шинээр барихаар тусгагдсан ч харамсалтай нь 33 цэцэрлэг, 12 сургууль л шинээр баригдах нь. Хэрэгцээ, шаардлагатай харьцуулахад тун хангалтгүй тоо. Цаана нь зайлшгүй баригдах шаардлагатай 35 цэцэрлэг, 31 сургуулийн барилгын төсөв царцаагдлаа.Тэгсэн атлаа төсвийн хуулийг батлахдаа урсгал зардлыг танах, конторын барилга, унаа, машин авах хөрөнгө мөнгийг хойш тавина гэж байсан амлалтаа зөрчсөн. Хэрвээ урсгал зардлаа хэмнэж чадсан бол цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх, энэ олон сургууль, цэцэрлэгийн төсвийг царцаахгүй байж болох байсан гэсэн дүгнэлтийг аудит болон улс төрийн намуудын ажлын хэсгийн тооцоо, судалгаанаас харж болохоор байгаа.

-Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөгөөн Засгийн газар, УИХ-д нэлээд том “ухамсарын шанаа” өгөх шиг болсон. УИХ-ын гишүүний хувьд та юу гэж дүгнэж, харсан бэ?
-“Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний чуулган цаг үеэ олсон, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг онож тодорхойлсон, үүнд нийгмийн анхаарлыг татаж чадсан чухал үйл явдал боллоо гэж хувь хүний хувьд дүгнэсэн.

Бүр тодруулж хэлбэл нийгмийн баялгийн 70 гаруй хувийг бүтээгч хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр саад тотгор бололгүй харин хэрэгтэй үед нь туслагч, дэмжигч нь байхыг Ерөнхийлөгч санууллаа. Ардчилсан нийгмийн гол үзүүлэлтүүдийн нэг болсон хувийн өмчийн халдашгүй байдлын асуудлыг ч хөндсөн нь айдас, хүйдэстэй байгаа энэ үед бизнес эрхлэгчдэд урт амьсгаа авах боломж олгох шиг болсон. Бүхэлд нь товч дүгнэвэл улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн дэвшилд хүрэхэд юу саад тотгор болж байна, ямар ажил хийх хэрэгтэйг хэлээд өглөө үндэсний чуулган. Төрийн данхар бүтэц бидэнд хэрэггүй, хүнд суртал, шат дамжлага бүр ч илүү, үрэлгэн зардлаа зогсоож,  мэдээлэл, техник, технологийн дэвшилд тулгуурлаж ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Чуулганд оролцогсод Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг хүлээж авч сайшааж байгаагаа илэрхийлнэ лээ. Харин хэзээ, ямар хугацаанд яаж ажил хэрэг болгох вэ гэсэн чухал асуулт үндэсний чуулганы ард үлдлээ.

-Та отголж тангараг өргөсөн гишүүний нэг. Таныг отголсон ч гэсэн ажилдаа хурдан дасч, дуугарч эхэллээ гэсэн шар мэдээнүүд их явах болж?
-Энэ асуулт тань харин өөрийн мэдэлгүй инээлгэж байна шүү. Би ч аргагүй анхаарлын төвд байдаг хүн юм байна. Ярьдаггүй л гэнэ, ярилаа л гэнэ. Дээр ажил төрлийнхөө талаар тооччихсондоо. Хууль хэлэлцэж батална гэдэг ганц хүний ажил биш л дээ. Гишүүдийн хамтын хөдөлмөр бүтээл байдаг учраас “би” гэж ярьж болдоггүй. УИХ-ын 76 гишүүн дор бүрдээ өөр өөрийн онцлогтой, бүхэл бүтэн ертөнц юм билээ. Тэдний хэн нь ч хэнээсээ дутахгүй. Гагцхүү асуудалд хэрхэн хандаж буйгаа, ямар үзэл бодолтой байгаагаа илэрхийлдэг арга барил нь өөр өөр. Харин улс орны эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой асуудалд намын харъяалал харгалзахгүй дуу хоолой нэгтэй байж чаддаг нь бахархал төрүүлдэг.
Ш.ОЮУНЧИМЭГ

Friday 22 November 2013

Дөрвөн үсгийг хасах нь өөрчлөлтийн өчүүхэн хэсэг



Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоог “Ярил­цах танхим”-даа ури­лаа. Тэрбээр крилл үсгийн дүрмийг журамлан боловсруулахаар байгуулсан ажлын хэсэгт ажиллаж буй хэл шинжлэлийн ухааны эрдэмтдийн нэг билээ.

-Бидний хэрэглэж заншсан крилл үсгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудал иргэдийн дунд нэлээд шүүмжлэл дагуулж байх шиг. Ойл­гомжгүй зүйл ч их байна. “ь, ъ, й, щ” гэсэн дөрвөн үсгийн хэрэглээг хязгаарласнаар зөв бичих дүрэмд яг ямар өөрчлөлт гарах юм бэ?

-Юуны өмнө хэсэг эрдэмтэн сайн дураараа ний­лээд ажлын хэсэг байгуулсан юм биш гэдгийг хэлье.

Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоол гэж бий. Тэр тогтоолд крилл үсгийн дүрмийг журамлан боловсруулах талаар заасан. Журамлана гэдэг нь нэг үгийг олон янзаар бичиж байгааг нэг мөр болгоно гэсэн үг. Харин боловсруулна гэдэг нь монгол хэлний дүрэмд төдийлөн боловсронгуй биш дүрэм, үг байвал тодорхой хэмжээгээр өөрчилж, сайжруулах боломжийг олгож байгаа хэрэг. Ингээд Засгийн газрын тогтоолын биелүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ажлын хэсэг байгуулсан юм. Мөн үсгийн дүрэмд оруулж байгаа өөрчлөлтүүдийг ажлын хэсэгт орсон эрдэмтэд шинээр гаргаж ирсэн зүйл биш. Шинээр гаргаж ирсэн зүйл нэг ширхэг ч байхгүй. Энэ бол өмнөх үеийн эрдэмтэд, тухайлбал Б.Ренчин багш, Ш.Лувсанвандан багш гээд МУИС-д ажиллаж байсан нэртэй эрдэмтдийн удаа дараа гаргаж байсан санал. Бид тэдгээрийг бүгдийг нь нэгтгээд олон удаа давтагдсан, крилл үсгийн дүрэмд зайлшгүй тусгаж болохоор цөөхөн хэдэн саналыг нь одоо үсгийн дүрэмд тусгахаар ажиллаж байгаа хэрэг. Хэдэн хүн нийлээд хийх ажилгүйдээ мөнгө олох гэж ийм зүйл санаачилсан гэх мэтээр хүмүүс ойлгоод байх шиг байна.

-Олон нийт үүнийг сөрөг талаас нь хүлээж аваад байх шиг?

-Яах вэ, бодол санаагаа илэрхийлэх нь хувь хүний хэрэг. Гэхдээ нэг талаас төр тасгийн бодлого байна. Нөгөө талаас үсэг бичгээ сайжруулах шаардлага ч байна. Түүнээс биш олон жил хэрэглэж ирсэн үсэг бичгийг хэцүү болгож, устгаж байгаа зүйл огт байхгүй.

-Энэ талаар мэдээлэл гарснаас хойш үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн олонхи нь өөрчлөлтөд дургүй байгаа нь ажиглагдаж байсан. Ер нь  ямар байр суурьнаас хандах ёстой юм бол?
-Үсэг бичгийн талаарх асуудал олон түмний анхааралд байдаг юм байна. Бид энэ хэмжээний асуудал дэгдэнэ гэж бодоогүй. Ямар ч байсан монголчууд бичиг үсэгтээ их хайртай юм байна. Энэ бүхэн илэрч байгаа нь муу хэрэг биш. Гэхдээ крилл үсгийн дүрмийг өөрчлөх асуудалд мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй болов уу гэж би хувьдаа бодох юм. Мэргэжлийн бус хүн өөрийн дураар бусдыг уруу татсан хандлагатай мэдээлэл их гарч байна. Энэ нь хэдий хувь хүний эрх ч гэлээ энэ бүхэн хувь хүний бус Засгийн газрын бодлого шүү дээ. Зөв бичгийн дүрэм гэдэг бол олон түмнээр хэлэлцүүлж шийддэг зүйл биш. Яалт ч үгүй мэргэжлийн хүмүүс боловсруулах ёстой зүйл. Энэ бол мэргэжлийн түвшний асуудал. Гэхдээ бид олон түмнийг чирэгдүүлэхээр, үсгийн дүрмийг улам муу болгох зүйл санаачлахгүй.

-Дөрвөн үсгийг хасахаас гадна крилл үсгийн дүрэмд өөр ямар өөрчлөлт оруулах юм бэ?
-Дөрвөн үсгийн асуудал бол крилл үсгийн дүрэмд оруулах өөрчлөлтийн өчүүхэн бага хэсэг нь. Хамгийн чухал нь монгол хэлний үгийн бүтэц, язгуур үндсийг эвдэхгүй бичих нь дүрмийн өөрчлөлтийн гол зорилго. Үгийн үндэс язгуурыг эвдэхгүй бичсэнээр хуучин хэрэглэж байсан шилжих эгшгийн дүрэм, гээгдэх эгшгийн дүрэм, балархай эгшгийн дүрэм, “ь” тэмдэг “и” болох дүрэм гэх мэт баахан дүрэм өөрөө аяндаа хэрэглэгдэхгүй болно. Хүмүүсийн хэлж байгаачлан крилл үсгийг гутааж, муушаах гэсэн зүйл байхгүй. Крилл үсэг үнэхээр их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Одоо байгаагаас нь боловсронгуй болгосноор улам л сайжирна. Тухайлбал, монгол хэлний сургалтад маш их үр нөлөөтэй. Одоо бага ангийн сурагчид монгол хэлнийхээ зүй тогтлоор зөв бичсэн хэрнээ алдаатай бичлээ гээд муу дүн авч байгаа шүү дээ. Аманд байгаа лабораториа ашиглаад “улас, хумас” гэж зөв бичсэн хэрнээ дүн авах болохоор үсгийн дүрмийн дагуу буруу бичсэн гээд муу авчихдаг. Зөв бичсэн хэрнээ буруу үнэлгээ авбал ямар вэ.

-Шударга бус л санагдах байх?

-Шударга биш шүү дээ. Хэрэв үгийн язгуур үндсийг эвдэхгүй, авианыхаа байр хуулийг тусгаж бичдэг болчихвол крилл үсэг сурахад амархан, хэлний зүй тогтолд ойрхон болно. Хэлнээс холдуулж байгаа юм биш. Харин бага зэрэг холдсон зүйлийг ойртуулах гэж байгаа юм. Ажиглаад байхад хүмүүс монгол хэлний дүрмийг хэцүү болгож байна гэж ойлгож байх шиг. Хүмүүс шинэ юманд жаахан эмзэг байдгийн илрэл энэ. Дэлхий дээр албан ёсны хоёр хэлтэй, тэр ч бүү хэл гурван хэлтэй улс байдаг. Аль алийг нь адил тэгш сурчихдаг. Монгол бичиг, крилл үсгийн дүрэмд орж байгаа өөрчлөлт бол сурж ядаад байх юм биш. Улам л амархан болно. Хүмүүсийн санамсаргүй бичсэн ном зохиол, өөрийнхөө дураар бичсэн зүйлс дотор одоогийн бидний оруулах гээд байгаа өөрчлөлт ихэнхдээ туссан байдаг. Бидний гээгээд байгаа үсгийг гээхгүй бичсэн нь ч байна. Тэгэхээр нэгдүгээрт, үсгийн дүрэм илүү хялбар болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт,  бид шинэ үеийнхээ бодох хэрэгтэй. Хүмүүс “Бидний хойч үе яана даа” гэж их бичсэн байна билээ. Хойч үеийнхээ төлөө үнэхээр л харамсаж байгаа бол одоо хийх гэж байгаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

-Иргэдэд зөв бичих дүрэм өөрчлөгдөнө гэдгээс илүү тодорхой ямар нэгэн үгийг яаж бичдэг болох вэ гэдэг сонин байх шиг байна. Эхнээсээ өөр, өөрийнхөө бичээд эхэлсэн байсан?
-Эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, нэг мөр саналтай болж, эцэслэн шийдсэнийхээ дараа олон түмэнд мэдэгдэе гэсэн байр суурьтай байгаа. Тэрний дараа дунд сургуулийн багш нар, хэвлэл мэдээллийнхний дунд уулзалт зохион байгуулна гэсэн төлөвлөгөө бий.

-Та дүрэмд өөрчлөлт оруулах нь бидний гаргасан санал биш гэж байсан. Тэгэхээр энэ талаар их л олон жил бодож төлөвлөсөн байх нь ээ?
-Крилл үсгийг бид 1942 оноос анх хэрэглэж эхэлсэн. Үүнээс 15 жилийн дараа крилл үсгийн зөв бичих дүрмийн талаар Монгол, Орос, Хятад гурван орны эрдэмтэд зөвлөлдсөн байдаг. Энэ үеэр 15 жил крилл үсгийг хэрэглэх явцад сайн бөгөөд сөрөг ямар ямар үр дагавар гарсан бэ гэдгийг хэлэлцсэн. Тэр үед Б.Ренчин багш, Ш.Лувсанвандан багш гээд монгол хэлний тэргүүлэх дөрвөн эртэмдэн бүгд оролцоод тэнд гаргасан саналыг одоо ажил хэрэг болгох гэж зорьж байгаа юм. Бидний энд боловсруулж байгаа санал бол аль 1957 онд гаргасан байсан санал байгаа биз. Тэрнээс хойшхи 50 гаруй жилийн хугацаанд ч олон эрдэмтэн дэвшүүлж байсан. Тэр саналуудыг л бид одоо дахин боловсруулж байгаа хэрэг. Үнэндээ бидний санаачилсан зүйл огт байхгүй. Эрдэмтэд юу гэж үзэж байсан талаарх бүхий л материал үг үсгээрээ бидэнд байгаа. Өөрчилчихмөөр өшөө олон зүйл байгаа. Энэ удаад хэт их өөрчлөлт оруулаад яах вэ гэж бодоод хойш тавьсан зүйл ч байна. Олон түмний гол анхаарлаа хандуулаад байгаа дөрвөн үсгийн асуудал үсгийн дүрэмд оруулж байгаа өөрчлөлтийн өчүүхэн нэг хэсэг нь. Морь гэдгийг “мори” гэж бичүүлэх гээд байна гэж байгаа хүмүүст нэг л зүйлийг хэлмээр байна. Манай бараг бүх хүн и-мэйл, мессеж бичихдээ латин үсэг хэрэглэж байна. Тэгвэл латин үсгээр морь гэж яаж бичдэг юм бэ.

-Мори гэж бичнэ?
-Тэгнэ. Тэрийгээ бодох хэрэгтэй. Латин үсэгт “ъ, ь” гэж байна уу. Тийм байхад бид хэрэглэж болоод л байгаа биз дээ. Би ингэж л хэлмээр байна. Яаж бичих вэ гэж эргэлзээд байгаа үгээ латин үсгээр бичээд үз. Өөрийнхөө хэрэглэж байгаа үсгээ эргээд хар. Гол авиа нь тэр шүү дээ.

-Тэгвэл “авъя” гэдэг үгийг хатуугийн тэмдгийг нь авчихбал яаж бичих юм бэ?

-Хатуугийн тэмдэг бол зүгээр л нэг тэмдэг үсэг. Хатуугийн тэмдэг монгол бичигт ч тэр, латин үсэгт ч тэр байхгүй. Тэгэхээр энэ үгийг хэрвээ латинаар бичвэл яах вэ. Тэрийг л бодох хэрэгтэй.

-Хүмүүс нь өнгөрсөн хугацаанд одоо мөрдөж байгаа үсгийн дүрмийн дагуу бичиж хэвлэсэн ном, сурах бичгүүдийг яах юм бэ гэдэгт санаа зовж байх шиг?
-Өөрчлөх шаардлага ерөөсөө байхгүй. Дүрэм өөрчлөгдсөнөөс хойш гарах ном, сурах бичгийг л шинэ дүрмээр нь бичнэ. Дөрвөн үсэг хаслаа гээд өмнө нь хэвлэгдсэн номыг уншиж чадахгүй болчих хүн нэг ч гарч ирэхгүй. Өмнө нь байсан зүйл байдгаараа байж л байг. Бүх үсгийг өөрчилж байгаа биш шүү дээ. Ганцхан дөрвөн үсгийн хэрэглээ л хязгаарлагдана гэсэн үг. Тэр дөрвөн үсэг цагаан толгойн 35 үсгэндээ байж л байна. Орос гэх мэт гадаад үг бичвэл хатуу, зөөлний тэмдэг ороод л явчихна.

-Сүүлийн үед Монгол бичгээ албан бичигт ашиглах талаар ярих болсон. Үүнтэй яаж уялдах бол?
-Үгийн язгуур үндсийг өөрчлөхгүй гэж байгаа энэ дүрэм Монгол бичиг рүүгээ их ойртож байгаа. Бүр маш их шүү. Тийм учраас крилл үсгээс Монгол бичиг рүү, Монгол бичгээс крилл үсэгт хөрвүүлэх программ зохиоход маш их дөхөм болно. Үнэ нь урьдныхаас 50-60 хувь хямдарна. Амархан ч болно.

-Шинэ дүрмийг хэзээнээс мөрдөж эхлэх юм бол. Танд энэ талаар мэдээлэл байна уу?
-Мөрдүүлэх бол бидний асуудал биш Засгийн газрын асуудал. Бид үсгийн дүрмийн толь, зөв бичих дүрмийн хураангуйг энэ ондоо багтаагаад Засгийн газарт шинээр боловсруулж өгнө. Мэдээж Засгийн газар нэг л өдөр энэ дүрмийг мөрд гээд гаргаад тавьчихгүй. Аажуу уужуу, үе шаттай хэрэгжүүлэх нь дамжиггүй. Иргэдийн тухайд хэл, бичиг үсэгтээ хайртай л бол өөрчлөлтийг эерэгээр хүлээж авааж, хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Олон түмэн ашигтай, хэрэгтэй, амархан л юм зохиогоосой гэж бодох хэрэгтэй. Ямар ч байсан хуучин хэрэглэж байсан дүрмээс тал илүү нь өөрчлөгдөх байх. Үүнтэй холбоотойгоор “Ц.Дамдинсүрэн багшийн зохиосон үсгийн дүрмийг өөрчлөх гэж байна. Зохиогчийн эрх зөрчих гэж байна” гэсэн шүүмжлэл гарч байгаа. Үсгийн дүрэмд зохиогч гэж байх ёсгүй. Ц.Дамдинсүрэн багш тухайн үед нам төрөөс даалгаврыг хэрэгжүүлсэн хүн болохоос өөрөө крилл үсэг санаачилгаараа зохиосон хүн биш. Боловсруулсан гол хүн нь мөн боловч зохиогчийн эрх нь Ц.Дамдинсүрэн багшийнх гэсэн зүйл байхгүй. Тухайн үед багш төр засгийнхаа даалгаврыг биелүүлж. Бид ч гэсэн одоо төр засгийнхаа даалгаврыг биелүүлэх гээд ажиллаж байна. Шинэ дүрэм зохиосон гэж бидний нэр орох ч үгүй. Бидэнд ч тийм сонирхол алга.

-Ярилцсанд баярлалаа.
Т.УРАНГЭРЭЛ
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Thursday 21 November 2013

М.Зоригт: “Бодь” групп, “Голомт” банктай холбоотой асуудал бүрэн тэглэгдсэн



УИХ-ын гишүүн М.Зоригттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төсвийн тухай хуулийг батлаад удаагүй байгаа ч араасаа шүүмжлэл дагуулсаар байна. Ер нь ирэх жилийн төсвийн “шүүс”-ийг хэр сайн шахаж чадсан бэ?
-Анх Төсвийн тухай хуулийг оруулж ирэхдээ УИХ, Ерөнхий сайдад танилцуулаад тэвчиж болох зардлыг тэвчье гэсэн. Монголчууд ирэх онд бүх нийтээрээ тэвчих тэр үзэл санааг УИХ-ын гишүүд дэмжсэн. Энэ ч үүднээс өргөн баригдсан хууль дээр ажиллахад нийт гишүүд дээрх үзэл санаанд нэгдэж байгаа мэдрэмж төрсөн.

Миний хувьд АН-ын бүлгийн ажлын хэсгийг ахалж ажилласан учраас зөвхөн бүлгийн хүрээнд бус МАН, эвслийн бүлгийн ажлын хэсэгтэй хамтарч хуулийн төслийн заалт бүр дээр нь ярилцсан. Энэ ч үүднээс Төсвийн тухай хуулийг УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр шууд баталсан.

Учир нь ажлын хэсэг, байнгын хороо, бүлэг бүх шатандаа маш сайн ажиллаж, санал нэгдсэний хүч. Нэн ялангуяа урсгал зардлыг нэлээд сайн танасанаас гадна ойлгомжгүй хөрөнгө оруулалтын ажил их байсан.

Тухайлбал, олон жил болсон ч ашиглалтад ороогүй атлаа төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн зүйлүүдийг нүдээ аниад өнгөрүүлэх бус Үндэсний аудитын газарт хугацаатай үүрэг өгч, нягталж шалгах нь зөв гэж үзээд түр царцаасан. Тэгэхээр тэдгээр барилгуудыг бүр орхих бус ирэх жил төсвийн тодотголд оруулна.

-Сөрөг хүчин болох МАН-ынхан энэ хууль дээр нухацтай хандана гэж байсан ч төсөв батлах үед үг дуугүй шууд баталсан. Энэ нь хуулийн төслөө хэлэлцэх бус хоорондоо тохиролцсоны жишээ гэх юм?
-МАН-ын бүлгийн ажлын хэсэгт Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат гэх мэт туршлагатай, чадварлаг, улс орны аж амьдралыг сайн мэддэг хүмүүс орсон.

Хэдийгээр тусдаа ажлын хэсэг байгуулсан ч ихэнх тохиолдолд бид хамт сууж байгаад ярилцсан. МАН, АН болонэвслийн бүлэг ч тэр. Төсвийн тухай хуулийг ганцхан удаа ярилцаад өнгөрөх бус хэд хэдэн удаа хэлэлцсэн учраас гишүүд санал нэгдсэн. Яах вэ энэ хуулийг батлагдсаны дараа шүүрхий, муу боллоо гэх зүйлийг хэлж байгаа хүн байна. Зүгээр л цөөнх шүүмжилж байх ёстой гэх үүднээс ч хандсан байж болох талтай.

-Үүнээс гадна гадаад өрийг ДНБ-ий 60 хувьд барих ёстой гэсэн заалт уначихсан. Үүнийг нэг хэсэг нь ирэх жилүүдэд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажилд чөдөр тушаа боллоо гэж байгаа бол эсрэгээрээ Монгол Улс их өрөнд унахаас аврагдлаа гэж байгаа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Засгийн газар 2014 оны Төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын зээлжих хувийг нэмэгдүүлэх асуудал гэх мэтчилэн багц асуудлыг оруулж ирсэн. Энэ нь багцаараа батлагдаж байж, тэр дотор байгаа жижиг, том асуудал хэрэгжих тухай яригдана. Тухайлбал, ирэх онд монгол төгрөгийн ханшийг зоримог тавьсан.

Үүний цаана ямар санаа яваад байна вэ гэхээр ирэх жил Монгол Улс бүхэлдээ хийх ёстой нийт хөрөнгө оруулалтын ажил, ДНБ-ий өсөлтийг өндөр байхаар тооцсон. Үүний тулд зүгээр халаасандаа байгаа хэд цаасаар юм хийх гэж оролдох бус гаднаас зээл босгож ирээд их хэмжээний мөнгөөр бүтээн байгуулалтыг хийх ёстой.

Гэтэл МАН-ынхан үүнийг дэмжээгүй. Ирэх онд хийх, зорилтот ажлыг хэдийгээр баталж өгсөн ч суга таягтай юм баталлаа. Тиймээс Засгийн газар үүнийг уначихлаа гээд орхих бус дахин бодож боловсруулж, шийдүүлэх ёстой. Манай улс хөгжлийн нэг үе шатандаа яваа учраас бараа бүтээгдэхүүн борлогдох дэд бүтцээ сайжруулах, олон арван үйлдвэр байгуулах гэх мэт хийх ажил их байгаа.

Жишээ нь, Канад Монгол Улсыг бодвол бүх асуудлаа шийдсэн атал ДНБ-ий 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаднаас зээлж байна. Гэтэл манай улс юу ч үгүй байж 40 хувь дээр барина гэдэг нь чөдөр тушаа болж байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг дэмжээгүй талын улстөрчдөөс нэг л зүйлийг ойлгож болно.

Тэр нь юу гэхээр одоогийн Засгийн газарт их хэмжээний ажил хийх бололцоог нь олгочихвол дараагийн сонгуульд ард олны итгэл их хийсэн талдаа гарчих гээд байна гэсэн болгоомжлол хардалт сэрдэлт байна. Энэ нь зөвхөн улс төрийн сонгуулийн өнцгөөс хандсан хардлага.

-Тогтвортой байдлын тухай хуулийг гишүүдийн 3/2-ын дэмжлэг авснаар батлах байсан ч АН-ын гишүүд яг санал хураах үеэр байхгүй байсан. Тэгэхээр АН-ын гишүүд ч гэсэн энэ хуулийг батлах бодолгүй байсан юм биш үү?
-Засаг барьж байгаа олонхид зовлон бий. Нөгөө талдаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхгүй байх итгэл үнэмшилтэй гишүүн яагаад АН-д байж болохгүй гэж. Хүн бүхэн өөр өөрийн бодол санаатай. Гэхдээ 2014 оны Төсвийн тухай хууль дээр намууд өөр хоорондоо ойлголцож байгаагийн нэгэн адил бас л ярилцаж ойлголцоод явсан бол ийм асуудал гарахгүй л байсан байх.

-Төсөвтэй холбоотой асуудал ярьж байгаа болохоор нэг зүйлийг асуумаар санагдлаа. Та гишүүдийн тойрогтоо ажиллах мөнгө хаа хаанаа хүрэхгүй хэмээн шүүмжилдэг. Тэгвэл энэ удаад гишүүдийн тойрогтоо ажиллах мөнгийг багагүй хэмжээгээр нэмлээ?
-Өмнөх оны төсөв дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар өөрийн төсвийг 19 хувиар хэмнэсэн байдаг юм билээ. Тэр хэмнэсэн хувь хэмжээгээ ч энэ онд барьж ажиллах санал гаргасан. Тэгэхээр энэ нь маш эрүүл, одоо цагийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон зөв байр суурь гэж хувьдаа бодож байна.

Мөн УИХ өнгөрсөн оны төсвийг 10 хувиар хэмнэсэн. Энэ ондоо ч гэсэн ийм байр суурийг илэрхийлснийг манай намын бүлэг бүрэн дэмжсэн. Харин сүүлд Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг дээр ялангуяа тойргоос сонгогдсон гишүүдэд тойрогтоо ажиллах бололцоог илүү хангаж өгөх ёстой гэж үзээд нэмсэн юм билээ.

Миний хувьд өмнө нь алслагдсан тойрог болох Дорнод аймгаас сонгогдож байсан. Одоо Сүхбаатар аймгаас сонгогдоод ажиллаж байгаа. Би жилдээ хоёр удаа хөдөөгийн нийт сум багаараа тойрдог. Ингээд явахад гишүүний тойрогтоо ажиллах мөнгө нэг тойролтод ч хүрэхгүй байх жишээтэй.

Харин одоо өссөн дүнгээр тооцоод үзэхэд тойрогтоо ямар ч байсан хоёр удаа ажиллачихна. Аймаг болон хотод ажиллах гишүүний бие төлөөлөгчдийн асуудал бүрэн шийдэгдэх юм байна гэдэг талаасаа надад бол ая тухтай харагдаж байна. Гэхдээ энэ тал дээр яг таг ийм тийм гэж хэлэхэд төвөгтэй.

-Та саяхан Засгийн газартнэгэн хуулийн төсөл өргөн барьсан нь хүмүүсийн анхаарлыг багагүй татаад байгаа бололтой?
-Буруу талдаа жолооны хүрдтэй машин манай стандартад тохирохгүй гэдгийг хүн бүхэн л мэддэг байсан. Манайх чинь сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг учраас улстөрчид нь энэ сэдвээр ярихаас эмзэглэдэг тал бий. Үүнээс үүдэн болохгүй зүйл даамжирч байна.

Өнөөдөр манай улс хөгжиж байна гэж байгаа бол ойлгомжтой, дэгтэй суурин дээр тогтсон хөгжилтэй байх ёстой. Одоогоор нийт суудлын автомашины 66 хувь нь дүрмийн бус болчихсон, асуудал ужгираад хүнд шатандаа орчихсон.

Тиймээс үүнийг хэн нэг нь хийж, цэгцэнд нь оруулах ёстой. Хотын дарга Э.Бат-Үүл яг энэ асуудлаар юм хийх гэж оролдоод нэлээд асуудал үүссэн. Тэгэхээр би энэ асуудлыг хөндөж, цэгцлэх талаар оролдлого хийхээр над руу их бага хэмжээний дайралт ирнэ гэдгийг урьдчилан тооцсон.

-2015 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ хуулийг хэрэгжүүлж эхлэх тухай ярьсан байсан. Гэтэл дээрх хугацаа болоход 66 хувь бүр 70, 80 хувь ч болж нэмэгдэхийг үгүйсгэхгүй шүү дээ?
-Олон улсын гэрээ конвенцид нэгдсэн байдал, олон улсын хамтын ажиллагаанд хүлээсэн үүрэг гээд ярих юм бол зүүн талдаа жолооны хүрдтэй байх дэг журамтай. Манай хоёр хөрш улс ч гэсэн зүүн талдаа. Өнөөдөр би Бичигтийн боомтоор баруун талдаа жолооны хүрдтэй машинаар гарах гэвэл гонжийнжоо ч гэх юм уу, маш олон нөхцөл яриад байж болно.

Энэхуулийн төслийг санаачилснаар баруун талдаа жолооны хүрдтэй машин эзэмшдэг хүмүүсийн эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ тэднийг машинаа битгий уна гэж хориглосон зүйл байхгүй. Тэд насаараа машинаа унаад явж болно.

Харин 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд Монгол Улс баруун талдаа жолооны хүрдтэй машиныг гаалиар оруулахгүй гэсэн зүйлийг л бодлогын хувьд хэлж байгаа юм.

Тэгэхээр үүнээс өмнө гаднаас машин оруулж ирдэг компаниуд бүтэн жилийн хугацаанд хөдөлгөөн зохицууалт хийж болох л хугацаа.

-Өнөөдөр манайд баруун талдаа жолооны хүрдтэй машины үнэ арай хямд гэх ойлголт байдаг. Тэгэхээр энэ асуудал нэг талаас машины үнэ хөөрөгдөх ч юм уу, сөрөг зүйл дагуулахыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Үүнийг тооцоолсон. Яагаад заавал 2015 он гэж зааж өгсөн бэ гэхээр үүнээс өмнө Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, машины үнийг яаж өсгөхгүй, бүр бууруулах, яавал ард иргэдэд чанартай аль болох шинэ, өөрийн амьдралд зохицсон үнээр машин авах боломжтой вэ гэдгийг зохицуулах ёстой.

Жишээ нь, орон сууцны найман хувийнзээлд хамруулж байгаа шиг бодлого хэрэгжүүлж болно. Бүр гадаадын машин үйлдвэрлэгч улс орнуудтай зарчмын тохиролцоо хийх, тэр тохиролцоогоороо дамжуулаад машины үнэд нөлөөлөх. Магадгүй хилээр оруулж ирж байгаа машины татварыг тодорхой хугацаанд тэглэж яагаад болохгүй гэж.

Энэ мэт олон хүчин зүйлийг Засгийн газар анхаарч ажиллаач ээ гэж хэлмээр байна. Гэхдээ энэ хуулийн төслийг би санаачилсан боловч хамтын шийдвэрээр л үүнийг шийднэ. Үнэхээр хуулийг хэлэлцвэл энэ төрлийн бизнес эрхлэгчид эсэргүүцэл илэрхийлэх ч юм уу, янз бүрийн зүйл гарч болох талтай.

-Сүүлийн өдрүүдэд “Бодь” групптэй холбоотой мэдээлэл их гарч байна. Лу.Болд, Д.Баясгалан, М.Зоригт нар хөрөнгөө хуваан авч, удтал сунжирсан хэрүүл нэг тийшээ боллоо. М.Зоригт "Голомт" банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар энэ банкийг хамтран эзэмшихээр болсон гэх мэт. Тэгэхээр энэ мэдээлэл хэр бодитой юм бол?
-Цахим хуудсаар янз бүрийн л мэдээлэл явж, надаас хүмүүс ч их асууж байна. Гэхдээ би юун түрүүнд УИХ-ын гишүүн хүн. УИХ-ын гишүүн байх хугацаандаа бизнесийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаалттай. Миний хувьд хоёр дахь удаагаа УИХ-д сууж байна. Хэсэг хугацаанд орон нутагт ажилласан.

Тэгэхээр идэвхтэй бизнесийн үйл ажиллагаанаас хөндийрөөд их удаж байна. Нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой гэж бодож явдаг. Тэр нь дээр яригдаад байгаа зүйлд банкны нэр ороод байгаа.

Гэтэл банк гэдэг нь итгэлийн байгууллага. Монголын эрхзүй өөрөө банк санхүүгийн байгууллагуудыг хувь эздийн байгууллага гэхээсээ илүүтэй тухайн банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн байгууллага болгож өгсөн. Тэгэхээр хувь эздийн үүрэг оролцоог хязгаарласан гэсэн үг. Ер нь бол нэг л байдаг процесс явагдаж байна л гэж бодож байгаа.

-“Бодь” групп гэхээр л таны нэр заавал хамааралтай болдог шүү дээ?
-Хүмүүс намайг хамаатуулж, хамтатгаж харахыг хүсдэг юм байлгүй дээ. Миний хувьд хувь нийлүүлэгч, үүсгэн байгуулагчдын нэг мөн, одоо ч хэвээрээ. Хувь эзэмшигчдийн харьцаа, хувь хэмжээнд өөрчлөлт орсон.

Өнөөдрийн “Бодь” групп, “Голомт” банкны талаар ойлгомжгүй зүйл нэг хэсэг байсан. Хувь нийлүүлэгчид нь хоорондоо учраа олохгүй байна гэх ч юм уу. Тэгэхээр энэ асуудал бүрэн тэглэгдсэн. Одоо ямар нэгэн асуудал байхгүй.

-Нууцгүй бол та хэдэн хувь эзэмшиж байна вэ?
-Ер нь гайгүй ээ. /инээв/.
Э.ПАГМА
"МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин