Monday 29 December 2014

О.Батсайхан: Монгол үндэстэний дархлаа сул байна

Монгол Улсын  төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай  ярилцлаa
-Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр болоод гурван жил болжээ. Энэ өдрийн талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх шиг байх юм? Та Богдын тухай ном бичсэн хүний хувьд юу хэлэх вэ?
-Юуны өмнө монголчууддаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэний 103 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Хүмүүс бага багаар мэдэж эхэлж байгаа болов уу гэж бодно. Гадаадын хүмүүс бол мэдээж сайн мэдэхгүй. Олон улсын цаг тооны бичигт тусгагдаагүй байгаа юм уу, хэвшиж тогтоогүйгээс болоод дэлхийн өнцөг бүрт эл талаар сайн танигдаагүй хэмээлтэй. Эхлээд монголчууд бид эл өдөр ямар учиртай вэ гэдгийг мэдмээр шиг. Ядаж өөрөөсөө надтай яаж эл өдөр, эл түүх холбогдох юм бэ гэдгийг ухаж бодвол сайн бус уу.
-Эл өдөр чухам ямар үйл явдал болсон юм, ингэхэд?
-Энэ өдөр буюу одоогоос 103 жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсан юм. Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол Хүрээний төв талбайд болсон байна.
Бидний ой санамж ажиллахгүй болсноос болоод зуун жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч санахгүй юм уу санахыг хүсэхгүй болсон шиг байх юм. 1990 оны ардчилсан хувьсгал гээд эргээд бодвол бас 1989 оны 12 дугаар сард өвлийн ид жавартайд эхэлж, 1990 оны өвлийн өдрүүдэд зуун мянгаараа Төв талбайдаа ирж жагсаж байсан биз дээ. Хөдөө орон нутагт эл өдрүүдэд жагсаж цуглаж байсан биз дээ. Монголчууд зуу гаруй жилийн тэртээ үндэстэнээрээ ингэж хөдөлсөн гээд нэг бодоод үздээ. Саяханы нэг олимпийн аваргатай болоод бүгд гудамжинд гарч баярлацгаадаг шиг гээд бодорой, тэгвэл арай ойр тусгаж магад.
-Чухам яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа?
-Асуудал энд л байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж хэзээнээс ажиллахаа байчих гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол хүн хэн ч биш болно биз дээ. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш болно. Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.
-Тэгвэл хэзээнээс бид ийм байдалд хүрэв?  Шалтгаан нь юу вэ?
-Өнөөдөр монголчууд эссэн айраг шиг шуугиж, нийгэм эд эс нэг бүрээрээ салсан байгааг харж болно. Төрийн тэргүүнээс өгсүүлээд эв нэгдэл хэрэгтэй гэдгийг хичнээн ч яриад эвлэхгүй байгааг харж байна. Бид биш би гэдэг өвчинтэй болжээ. Эргээд түүхээ нэг бодьё. Зуун гаруйхан жилийн тэртээ үндэстэнээрээ нэгдэж, бурханы шашны тэргүүнээ хүрээлэн байж, тусгаар тогтнол, төр улс, газар нутагтаа эзэн болж, гал голомтоо сэргээж чадсан байна, монголчууд. Өнөөдөр би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг сэтгэлгээтэй болжээ. Үндсэндээ монголчууд бид гурван зуун орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байлаа, бид. Манжийн эрхшээл, Оросын гэдэг юмуу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа.
Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчуудыг үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ.
1920 –иод он гарлаа. Ардын засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болов. Монголд гадны үзэл суртал хүч түрэн орж ирлээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүйн дараа цаазлуулав. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулав. Богд хаан 1924 онд цаг бусыг үзүүлэв. Чингисийн алтан ургийн ноёдууд бүгд алга болов. Бурханы шашны номтой лам нар алагдав. 1930-аад онд хэдэн арван мянгаараа цаазлагдав. Бичиг үсгийг нь солилоо. Монгол сэтгэхүй бүдгэрэв. Чингисийн хөшөө босгосон нь буруудаж, монголд буруу номтнуудын хөшөө сүндэрлэнэ.
Ийм явдал Орост ч яг адилхан болсон бөгөөд үндсэндээ Орост болж байсан бүхэн монголд давтагдсан юм.
Ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал эндээс маш хүчтэй бидний тархинд суужээ.  Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан хэмээн бодно.
-Тэгвэл өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдраад хорин таван жил болж байна шүү, дээ. Энд социализмын үе ямар хамаатай юм бэ ?
-Харин тийм бидний дунд социализм амь бөхтэй оршиж байгаад л учир нь байгаа юм. Бүр социализм, коммунизмын өлгий нутаг Орос орноос ч дор шахуу байгаа. Орос үндэстэн өнөөдөр эл анги ялгаварлан хуваах үзэл орос үндэстэнийг устгах дөхсөн байна гэдгийг ухаарч өөрийгээ олохыг бодож байна. Хурдан сэхээрэхийг хүсэж байна. Үзэл суртлын Ленинийг магтсан кинонуудаа тв ээр дор хаяж л гаргахгүй байна, оронд нь Адмирал Колчак ч гэдэг юмуу өөрийн үндэсний баатруудынхаа тухай хийсэн кино, урлагийг сурталчилж байна. Бид юу хийж байна? Уг нь жаахан юм үлдсэн юм уу, Чингис гээд дуугараад Чингисийн хөшөө босгоод боржигин овогтой бүгд болохыг хүсээд байгаа юм. Тэгэхдээ өнгөрсөн нийгмийн социализмын үеийн үзэл суртлыг таслахгүйгээр цааш явахгүй. Одоо ургаж байгааг ногоог хордуулж болохгүй. Нялх хүүхдийн тархийг социализмын үеийн үзэл суртлаар угааж болохгүй. Энэ бол монгол үндэстэн цаашид орших уу эс орших уу гэсэн асуудал гарахад хүргэх аюултай.
Үнэндээ Монгол үндэстэн өнөөдөр үндэсний дархлаа сул үлбэгэр байгаа. Магадгүй үндэстэн ханиад хүрч өвдсөн ч байж мэднэ. Хурдан эдгээх хэрэгтэй. Үндэстэн өөрийгээ хамгаалах чадваргүй шахам байна.
-Бидний дархлаа хэзээ ингэж сулрав?
Монгол үндэстэний үнэт зүйлс, амин шалгуур юу вэ гэдгээ сайтар ухаарах цаг иржээ, бидэнд. Бидний үнэт зүйлс юу вэ, үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, шашин тэргүүтэн. Шашин гэхээр бурханы шашны биднийх биш гэцгээх хүмүүс олон болжээ. Хүссэн ч эс хүссэн ч бурханы шашны монголчуудын соёлтой яв цав шингэсэн. Монгол үндэстэний үнэт зүйлсийг тээгч нь эл бурханы шашин байсан. Бурханы шашинг устгачихаар үнэт зүйлсээ алдаж асгасан хэрэг. Эл шашин ямар байхаас үл хамааран бидний үнэт зүйлсийг хэдэн зуун жилийн турш тээж ирсэн гэдгийг ухамсарлацгаая.
Монгол үндэстэн давын өмнө өөрийгээ таних хэрэгтэй, өнөөгөө сайтар ухаарч, ирээдүйгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд түүхээ мэдэх хэрэгтэй. Түүх гэдэг чинь чиглүүлэгч байдаг юм.
Өнөөдөр бидний төрийн бодлого ямар их гуйвж дайвж буйг бүгд харж байна. Түүхийн залгамж уламжлал байхгүй болохоор тэгэж байгаа. Түүх бол бидний чиглүүлэгч хүчин. Нэг жишээ хэлье. Галт тэргэний ганцхан толгой чирэгч байна гээд боддоо. Энэ чинь дангаараа нэг машин биз дээ, хаашаа ч эргэж тойрч болно. Тэгвэл тэр толгойны хойд талд хорь, гучин вагон зүүчихвэл ойрхон зайд эргэж чадахгүй алс чиглэж тойрно биз дээ. Толгой дороо эргэхийг хүссэн ч арынх нь хорь гуч тэгэж хүссэнээр нь эргүүлэхгүй шүү дээ. Түүх бол чиглүүлэгчийн хувьд нэг иймэрхүү л зүйл.
-Үндэсний хувьсгалын баярын өдрийг хэрхэн тэмдэглэж байвал зохилтой вэ?
-Түүхээ мэдэх хэрэгтэй гэхээр бид нар өөрсдөө Чингис болцгоох гээд байх юм. бид Чингис болох хөг хэдийн өнгөрсөн. Харин хүүхдүүдээ л Чингис болгохыг бодоцгоо. Дөнгөж төрсөн нялх үр хүүхүүддээ, сая сурах охид хөвгүүдийнхээ оюуны амыг нээцгээ. Энэ бол хамгийн сайн зүйл, үндэстэний хувьд, монгол хүний хувьд. Чингисийн Монголын гал голомтыг сахигч, эзэн нь юм бол эл үүргээ ухамсарлах хэрэгтэй.
-Үүний тул юу хийх хэрэгтэй вэ?
-Эхлээд өөрөөсөө эхэл. Би хэн бэ? Би монгол мөн үү? Миний гэр орон монгол байна уу, миний ажлын эргэн тойрон, амьдарч буй орон зай ямар байна вэ гэдгийг ухаарцгаая. Тэгээд өөрийгээ олж танихыг хичээе. Мэдээж шууд танихгүй. Холбогдох Монголын түүхийн гуйвж дайваагүй ном, эх сурвалж үзэцгээе. Тэгээд хүний хэлсэнээр биш өөрийн толгойгоор бодож, дүгнэж үзэх хэрэгтэй. Түүнээс бус бид ихэнхдээ л хэн нэгэн алдартаны хэлсэн хийсэнийг давтаад байна. Бусдаас ялгардагийн хувьд өөрөө дүгнэх, өөрийн толгойтой байх явдал онц чухал байна. Үүнд дээр хэлсэн чиглүүлэгч түүх онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Үр ач нартаа өвөө эмээ нарынхаа ярьсан зүйлсээс санаж байгаагаа цаг гарган ярьж өгцгөөе. Үлгэр ярьдаг эмээ, өвөө алга болсон тул үр хүүхдүүддээ үнэт зүйлсийг нь суулгадаг зүйлс бодож олцгоое. Сурах орчин, тоглож өсөх орчин тэргүүтнийг нь бодоцгоое. Хот сууринаа бусдад гайхуулдаггүй юмуу гэхэд өөрсдөө амгалан тайван орших нөхцөлөөр бүрдүүлцгээе.
Үндэсний үнэт зүйлсээ үргэлж өнгөлж дээдэлж байх явдал тун чухал шүү. Ядаж нэг өдөр үндэсний баяраа үнэн зөвөөр нь тэмдэглэж, монголчууд өөрсдийн бахархал, түүх соёлоо дээдэлж, заншвал цаашид хэвшихэд хэрэгтэй гэж л байгаа юм. Ер нь бол монголчууд түүх, соёл, зан заншлаа өдөр тутам дээдэлдэг болчихвол хэн хожих вэ, монгол, бид л хожино биз дээ. Үнэндээ бид утга учирыг нь сайн мэдэхгүй олон баярыг тэмдэглэдэг болоод байна. Ядаж утга учирыг мэдэж байяа. Нөгөө талаас утга учирыг нь хүмүүс мэдээд ирэхээр ямар баярыг ямар хэмжээнд тэмдэглэж байхаа өөрсдөө мэдэг л дээ.
-Богдын тухай асуудалд социализмын жилүүдэд хэт өрөөсгөлөөр хандаж, түүний тухай сөрөн мөлжигч, хамгийн муухай байдлаар дүрслэн бичиж, үзүүлж байсаныг хэн хүнгүй мэдэх байх?
-Энэ бол Богдын тухай гэхээсээ монголын түүхэнд ангийн тэмцлийн ялгаварлан гадуурхах үзэл суртлын  үүднээс хандаж байсан хэрэг юм. Харамсалтай ийм үзэл суртлын үүднээс бичигдсэн зохиол, уран сайханы кино одоо хүртэл гарсаар, энэ үеийн түүхэн үнэн бодит байдал Түүхийн сурах бичигт зохих байр сууриа эзлээгүй хэвээр шахам байна даа. Энэ бүгдийг засаж залруулах, монгол үндэстэн  өөрийгөө хурдан олж таних хэрэгтэй. Чухамдаа монголчууд бидэнд дахин сэргэлт өгсөн түүхэн энэ үйл явдлын удирдагч нь Богд хаан юм шүү. Учир нь зуун жилийн өмнөх монгол нь зуун хувь шахам бурхан шашинтай орон байсан тул шашны тэргүүний нэр хүнд, нөлөө онцгой их байсан байна. Бурхан шашин монгол үндэстэний үнэт зүйлсийг тээгч байсан талаар дээр ярьсан.
-Ер нь түүхэн ой тэмдэглэхийн ач холбогдол нь юундаа байдаг вэ?
-Бид түүхээ мэдэхгүй бол энэ үндэстэн мөхөх аюултай. Түүх бол та бидний ой санамж. Ой санамжаа алдвал юу болохыг хэн бүхэн мэднэ шүү дээ. Тиймээс энэ монгол гэдэг үндэстэн өөрийн түүх, соёлоо мэдэж, өөрийгөө таньж, түүхээсээ сургамж авах учиртай. Чингэж хэмээн монгол үндэстэн өнө удаан орших учиртай. Үүнд л ой тэмдэглэхийн ач холбогдол оршино.
(Үндэсний шуудан сонины 2014 оны 12 дугаар сарын 23-ны дугаарт нийтлэгдсэн)


Monday 17 November 2014

Ц.Саруул: Миний дурлаж хийсэн ажил болохоор бага цалинтай ч би Монголдоо л ажиллана

"Чадвараараа л цойлохгүй бол Солонгост эмэгтэй эмч хүлээн зөвшөөрөгдөх хэцүү"
Солонгос улсаас хийсэн цувралын сурвалжлагын тавдугаар хэсгээр Солонгосын их сургуулийн “Анам” эмнэлгийн Зүрх судасны төвийн эмч, докторант оюутан Ц.Саруултай уншигч та бүхнийGoGo Cafe булангаар уулзуулах болно. Тэрбээр тус улсад таван жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд Зүрх судасны төвд мэс засал хийж буй цор ганц эмэгтэй эмч юм. Мөн Монголд хараахан хийгдээгүй байгаа зүрхний хэм алдалтын хагалгааг хийж, энэ чиглэлээр мэргэшиж буй аж.

МОНГОЛ, СОЛОНГОС ЭМНЭЛГИЙН ГАЗАР ТЭНГЭР ШИГ ИХ ЯЛГААГ ХАРААД ЦОЧРОЛД ОРСОН
-Солонгос улсад ирж сурч, ажиллах болсон шалтгаан юу байв, зорьж ирэв үү, санамсаргүй тохиолдол байв уу?
-2009 онд Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт Зүрхний нарийн мэргэжлийн тасагт ажилладаг байлаа. Тэр үед охин маань таван настай байсан бөгөөд орон дээрээс толгойгоороо унаж гавлын яс нь цуураад тархиндаа цус харвасан юм. Монголд хэсэг хугацаанд эмчлүүлж байгаад үргэлжлүүлэн Солонгос улсыг зорьж “Анам” эмнэлэгт ирсэн. Хүүхдээ эмчлүүлж байхдаа Монгол, Солонгос эмнэлгийн газар тэнгэр шиг их ялгааг хараад гэнэтийн цочролд орсон.
Би тухайн үедээ бусад эмч нарын л жишгээр Монгол эмч нар чадалтай ч тоног төхөөрөмжийн дутмагаас Монголын анагаах ухаан хөгжихгүй байгаа гэсэн бодолтой байсан. Гэтэл бодит байдал өөр юм байна гэх бодол төрж энэ улсад сурч боловсрол дээшлүүлэхээр шийдсэн. Улмаар Анагаахын сургуулийг нь хайж олоод сургалтын албанд нь хандаж мастерт сурах хүсэлтэй байгаагаа илэрхийлтэл сургуулиас Зүрх судасны төвийн даргатай уулзах санал тавьдаг юм байна. Тэрбээр “Шалгалтаа өгч чадвал хаалга нээлттэй” гэлээ. Тэгээд л шалгалтдаа тэнцээд энэ эмнэлэгт суралцахын сацуу ажиллах болсон доо.

-Таныг Монголд хараахан хийгдээгүй байгаа зүрхний хэм алдалтын мэс заслыг хийдэг, энэ чиглэлээр мэргэшиж буй цөөхөн Монгол эмч нарын нэг гэх юм билээ?
-Манай төвийн хувьд зүрхний титэм судасны нарийслууд, зүрхний гажгууд, захын судасны эмгэгүүд, хэм алдагдлуудыг эмчилдэг. Одоогоор Монголд хэм алдагдлын нэг ширхэг ч төв, шинжилгээ хийдэг лаборатори, эмч байхгүй. Энэ чиглэлийн эмч нар нь одоо л бэлтгэгдэж байна. Өөрөөр хэлбэл Нэгдсэн III эмнэлгийн эмч Мөнгөн-Өлзий, бид хоёр л зүрхний хэм алдагдлын чиглэлээр мэргэшиж байна.

ЗҮРХНИЙ ХАГАЛГААНЫ ӨӨР ЭМЭГТЭЙ ЭМЧ БАЙДАГГҮЙ БОЛОХООР БАЙНГА "ДАРАХ"-ЫГ ХИЧЭЭДЭГ
-Мэдээж энд цалин, ажиллах орчин сайтай ч гадны хүн гэдэг утгаар элдэв дарамт зөндөө л байдаг байх?
-Дарамт байлгүй яахав. Үүнд өнөөх эцгийн эрхт ёсны уламжлал хамгийн их нөлөөлнө шүү дээ. Чи манай хагалгааны өрөөг харж байгаа биз дээ. Тэнд эмэгтэй эмч нэг ширхэг ч байхгүй. Дандаа сувилагч нар байдаг. Намайг хагалгааны өрөөнд байхаар гадаадаас ирсэн эмч нар гайхаад намайг энд юу хийж байгаа юм гэдэг. Учир нь энэ хагалгааны маш хүнд орчин байхгүй юу. Хагалгаанууд нь есөн цаг хүртэл үргэлжлэх тохиолдол гарна. Тийм учраас эмэгтэй хүн энэ хагалгааг хийх боломжгүй гэж үздэг. Миний зарим хагалгаа гэхэд л найман цаг үргэлжилнэ шүү дээ. Хэм алдагдлын хагалгаанууд хамгийн хүнддээ ордог юм.
-Энэ төвд өөр эмэгтэй эмч байхгүй гэсэн үг үү?
-Тиймээ, байхгүй.

-Тэгвэл өөр төрлийн хагалгаануудыг эмэгтэй эмч нар хэр их хийдэг вэ?
-Эмэгтэйчүүдийн л хагалгаа биш бол бусад төрлийн хагалгаанд эмэгтэй эмч нар бараг байхгүй дээ.

-Тэгэхээр Солонгосын эмэгтэй эмч нар тэр бүр хийх боломжгүй хагалгааг Монголын эмэгтэй эмч хийж байна гэхээр бусад эмч нарын зүгээс дарамт их ирдэг байх даа?
-Мэдээж. Үүний сацуу адил түвшинд буюу надтай адил докторантад суралцаж байгаа Солонгос оюутнуудын зүгээс маш их өрсөлдөөн ирдэг. Байнга дарах гэж оролдоно. Чадвараараа л цойлохгүй бол энд эмэгтэй эмч хүлээн зөвшөөрөгдөх нь бараг боломжгүй.

МАНАЙ САЙД ТЭМҮҮЖИН ШИГ БАЙСАН Ч БОЛООСОЙ...
-Таны хувьд Монголын эрүүл мэндийн яамны бодлогод шүүмжлэлтэй ханддаг хүн. Манай эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойлогчид юун дээр хамгийн их алдаж байна гэж та боддог вэ. Мөн Солонгос улс эрүүл мэндийн салбартаа ямар бодлого баримталдаг юм бэ?
-Солонгост эрүүл мэндийн яамыг, эрүүл мэндийн даатгалаас салгаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн яамд Эрүүл мэндийн даатгалын сан хамаардаггүй тусдаа статустай. Яам зөвхөн бодлогоо, даатгалын сан мөнгөө барьдаг гэсэн үг. Ингэж салгаснаар эмнэлэг өөрөө санхүүгээ барих эрхтэй. Гэтэл манай яам оролцохгүй асуудал гэж байхгүй. Энд тэндхийн тендерийг ч зохион байгуулаад явчихдаг. Миний бодлоор Эрүүл мэндийн яам тийм үйл ажиллагаанд оролцох эрхгүй байгууллага. Гагцхүү бодлогоо барьж журмаа гаргах ёстой. Энэ газрын хийх ёстой үндсэн гол ажил бол эмчийн алдаа доголдлын талаар, эмнэлэг, эмч нарын үйл ажиллагаа, өвчтөнтэй холбоотой ямар хууль журам байх ёстой, тэр болгоныг боловсруулан гаргах явдал.

-Нэг ийм асуудал байна. Түрүүн “Анам” эмнэлэгт хүүхдээ эмчлүүлж байгаа эхтэй уулзахад Удвал сайдад гомдож явдгаа ярьсан юм. Тэр бүсгүй хөдөө орон нутагт Удвал сайдтай таараад эмнэлгийн буруугаас болж хохирсон хүүхдийнхээ талаар яриа өрнүүлж л дээ. Тэгэхэд сайд “Энэ миний мэдэх, хариуцах асуудал биш” гэсэн байгаа юм. “Эрүүл мэнд” хэмээх энэ айлын салбар толгойлж байгаа хүний амнаас гарах үг мөн үү үгүй юу бас бодох хэрэгтэй юм шиг...
-Хэрэв хүн надад зовлонгоо тоочоод ирвэл яавч ийм хариултыг өгч чадахгүй. Хувь хүнээсээ л болсон байх. Миний хувьд үнэнийг хэлэхэд сайддаа сэтгэл хангалуун байдаггүй. Ямар сайндаа манай сайд Хууль зүйн сайд Тэмүүжин шиг байсан ч болоосой гэж бодох вэ дээ. Тэмүүжин сайд бол мундаг. Бүхэл бүтэн эмнэлгийн журмаар баригдсан газрыг өөрийн яаманд аваад албан газар болгочихож чадаж байгаа биз дээ. Эрүүл мэндийн яам эмнэлгээ хамгаалж чадахгүйдээ тулсан бол тэр газар дээр ядаж түлэнхийн төвөө байгуулна гээд дайрах байсан юм.

МАНАЙ САЛБАРТ МАШ САЙН ХУУЛЬЧИД, ЧАДВАРЛАГ МЕНЕЖЕРҮҮД ХАМГИЙН ИХ ХЭРЭГТЭЙ
-Монголд гэмтлийн эмнэлгийн даргын томилгоонд Эрүүл мэндийн сайд оролцсон маргаан үүссэн дээ. Харин Солонгост энэ томилгоог хэрхэн хийдэг вэ?
-Энд тухайн эмнэлгийн эмч нар нууц санал хураалтаар ерөнхийлөгчөө тодруулдаг. Яамнаас ямар ч нөлөө үзүүлэхгүй. Миний бодлоор манай эрүүл мэндийн салбарт нэгдүгээрт маш сайн хуульчид, хоёрдугаарт чадварлаг менежерүүд хэрэгтэй. Энэ бүхэн манайд байхгүй байгаа нь даанч харамсмаар.

-Германд олон жил ажилласан нэгэн эмч надад Монголд ирж ажиллая гэхээр энд цалингаараа сэтгэл хангалуун амьдрах ямар ч боломжгүй гэж байсан. Энэ талаарх таны бодол?
-Би өнөөдөр 16 жил тасралтгүй ажиллаад сурч байна. Тэгээд сурч сурч ажил дээр гармагцаа 600 мянган төгрөгийн цалинтай ажиллана гэхээр даанч харамсмаар байгаа биз. Тэгэхдээ яах вэ би ажиллана аа. Миний дурлаж хийсэн ажил болохоор бага цалинтай ч би Монголдоо л ажиллана.

ЭМЧ НАР ГҮЙЦЭТГЭЛЭЭРЭЭ ЦАЛИНЖДАГ БӨГӨӨД ДУНДЖААР 13-15 САЯ ВОНЫ ЦАЛИНТАЙ
-Монголд эмч нарын дунд авлига их байна гэж ярьдаг. Адаглаад хүүхдээ төрүүлэхийн тулд эмчийн гарыг цайлгах хэрэгтэй гэх бодол эмэгтэй хүн бүрийн толгойд байдаг. Тэгвэл Солонгосын эмч нарын дунд авлига хэр байдаг вэ. Өвчтнүүдээсээ элдэв бэлэг сэлт авах тохиолдол гардаг уу?
-Солонгост ийм асуудал ердөө байхгүй. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалтай эх 2.5 сая вон, даатгалгүй бол таван сая вон төлөөд хүүхдээ төрүүлдэг. Харин тухайн өвчтний төлбөрийн 10-20 хувь нь эмчийн цалин дээр нэмж тооцогддог. Тэгэхээр эмч өвчтнөөс илүү мөнгө авах шаардлагагүй байгаа биз дээ. Монголд тийм биш. Эмч нарын цалин тогтмол 400-600 мянган төгрөг. Арван хүнд ч хагалгаа хийсэн, хорин хүнд хагалгаа хийсэн энэ л цалингаа авна. Энд эмчлүүлж буй Монгол өвчтнүүдэд хагалгааны төлбөрөөс хасуулсан тохиолдол гарлаа гэж ярьдаг. Яг үнэндээ хагалгаа хийсэн профессор өвчтнийхөө төлбөрийг өндөр гарвал “Миний авах хувиас хасчих” гэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр тэр эмч өвчтөндөө хагалгаа хийснийхээ төлөө түүнээс ганц ч вон аваагүй л гэсэн үг.

-Тэгэхээр хийснээрээ буюу гүйцэтгэлээрээ цалинждаг гэсэн үг үү?
-Манай профессор гэхэд л өдрийн зуун хүн үздэг. Харин өдрийн гучин хүн үзвэл тэр эмчийн цалин огцом доошилно. Тавин хүн үзээд аравт нь хагалгаа хийхээр болвол овоо нэмэгдээд ирнэ. Цэвэр гүйцэтгэлээрээ цалинжина. Манайхан шиг улсын цалин гэж тогтмол тоо тавьж өгчихөөд чи өдрийн зуун хүн үзсэн ч бай үзээгүй ч бай энийг ав гэдэггүй.

-Солонгос эмч нар сард дунджаар хэдэн воны цалин авдаг вэ?
-Доктороо хамгаалж, профессор цолтой эмч 13-15 сая вон, резидентүүд 3-4 сая, сувилагч нар 5 сая орчим воны цалинтай.

СОЛОНГОС ЭМЧ НАР ЖИЛДЭЭ АЖЛЫН ТАВАН ХОНОГ Л АМАРДАГ. ГЭТЭЛ МОНГОЛД?
-Цалингаас гадна эмч нарт үзүүлэх нийгмийн халамж нь хэр байдаг вэ?
-Цалингаас гадна нийгмийн халамж нь их өрөвдмөөр шүү дээ. Солонгос эмч нар жилдээ долоо хоног л амардаг. Өөрөөр хэлбэл ажлын таван хоног гэсэн үг. Харин зургаан жил ажиллавал 3-6 сартай тэнцэх хэмжээний цалинтай амралт авах эрхтэй болдог. Манайхан жил болгон сараар амардаг бол энд зургаан жил хөдөлмөрлөснийхөө дараа зургаан сар амрах эрхтэй болдог.

-Нэг талаараа гүйцэтгэлээрээ цалинжих нь эмч нарын ажилдаа сэтгэл гарган ажиллах, мөн мэргэжилдээ өсөж дэвжих боломжийг бүрдүүлэхээс гадна мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгох байх. Нөгөө талаараа хангалттай цалин авч чадаж байна... Энэ нь маш шударга систем юм шиг санагдлаа. 
-Англид бас эмчийн цалин ажлын гүйцэтгэлээр тооцогддог юм билээ. Эмч нар нь эрүүл мэндийн даатгалаасаа 100 хувь цалинждаг. Харин тус сангаас тухайн өрхийн эмч хэчнээн өвчтөн үзсэн, хэд нь тамхинаас гарсан, хэдийнх нь даралт тогтвортой буурсан гэх үзүүлэлтүүдийг нарийн гаргаж байгаад цалинг нь тогтооно. Харин тэрхүү үзүүлэлтүүд муу байвал цалин хасагдана. Өрхийн эмнэлгээсээ эхлээд гүйцэтгэл хяналтын тогтолцоо сайн байгаад ирэхээр тухайн улсын иргэд нь хүртэл эрүүл байж чадаж байна.
Өрхийн эмнэлэг эрүүл мэндийн анхан шатны байгууллага. Та өөх тосоо багасга, даралтын эмээ өдөр болгон уу, тэгвэл даралт нь тогтвортой байна гэдгийг өрхийн эмнэлэг л тайлбарлах ёстой. Гэтэл манайд хаа байсан нэгдсэн I, III эмнэлгийн эмч нар ачааллынхаа хажуугаар тэрийг тайлбарлаад сууж байдаг. Ингээд харахаар тогтолцоо нь буруу байгаа биз. Ямар ч зохицуулалт байхгүй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН СИСТЕМИЙГ ӨӨРЧЛӨӨД ЭМИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ХАМРУУЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Солонгосын эрүүл мэндийн даатгалын асуудлын талаар сонирхмоор санагдлаа. Монголтой харьцуулахад даатгалын систем нь ямар байдаг вэ?
-Би Канад хүний яриаг сонсч байсан юм. Тэрбээр “Өнөөдөр би төлсөн эрүүл мэндийн даатгалаа хэрэглэхгүй байж болно. Гэвч миний төлсөн эрүүл мэндийн даатгал хэрэгтэй хүндээ очиж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Харин надад хэзээ нэгэн шаардлага гарахад бусдын төлсөн даатгал миний аминд орно гэж боддог учир би эргэлзэлгүй даатгалаа төлдөг” гэж байсан. Яг энэ сэтгэхүйг хүмүүст суулгах хэрэгтэй гэж боддог юм. Гэвч энэ ухамсрыг суулгачихлаа гэж бодъё.
Тэгсэн бусдын төлсөн тэрхүү эрүүл мэндийн даатгалын мөнгөөр би хангалттай үйлчилгээг авч чадахгүй байвал яах вэ? Дургүй хүрнэ биз дээ. Төлөөд л байсан, төлөөд л байсан. Яг үйлчилгээгээ авах гэтэл чаддаггүй. Хүмүүсийн эрүүл мэндийн даатгалтай холбоотой санал гомдол тэр л байгаа юм. Олон жил төлөөд л байдаг. Ганц удаа үйлчилгээ авах гэсэн санаснаар болохгүй байвал шаралхаж уурлана биз дээ. Уг нь дээгүүр байдаг хүмүүс энэ талаас нь бодож үзвэл их зүйл хийхээр.
Миний бодлоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Одоо С.Эрдэнэ, С.Одонтуяа, С.Ганбаатар гишүүд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа. Монголд байдаг эмч нар над руу хуулийн төслийг явуулаад би саналаа хэдэн газарт оруулсан. Тэд Солонгосын эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг тэр чигт нь хуулж, орчуулах гэж байгаа юм билээ. Гэхдээ тэр чигээр нь бас хуулж болохгүй. Монголын нөхцөлд хэр зохицох вэ гэж бодох хэрэгтэй.

-Тэгвэл Солонгос иргэд эрүүл мэндийн даатгалдаа хэчнээн вон төлдөг вэ?
-Над шиг оюутан гэхэд л орлогогүй гэдэг утгаараа сард хамгийн багадаа 43 мянган вон төлдөг. Харин хувь хүн эрүүл мэндийн даатгалд хэчнээн мөнгө зарцуулахаа шийднэ. Их төлөх тусмаа өвдсөн үедээ чанартай үйлчилгээ авна. Жишээ нь оюутнууд хагалгаанд орох боллоо гэхэд 50 хувь, эмийн 90-95 хувийг даатгалаас төлнө. Тэгэхээр Монголд хийх ёстой хамгийн чухал зүйл юу байна гэхээр Эмийн тухай хуулийг өөрчлөх явдал. Нэгдүгээрт эрүүл мэндийн даатгалын системийг өөрчлөөд эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулдаг болох хэрэгтэй. Ингэж чадвал хуурамч эмийн наймаа зогсох боломжтой болно.

-Манайд даатгуулагч иргэдэд хөнгөлөлттэй эмээр олгох эмийн жагсаалт гэж байдаг. Тэдгээр эмэнд даатгалаас маш бага хувиар хөнгөлөлт үзүүлдэг санагдаж байна? 
-Даатгалд хамрагдах эмийн жагсаалтыг харахаар бүр гайхаад байдаг юм. Тэр эмийн жагсаалтыг хэн гаргадаг юм бүү мэд. Өвчтөний эдгэрэх үндсэн гурван нөхцөл бол эмч, эмнэлэг, эм. Эмч, эмнэлэг нь хэчнээн сайн байгаад эм нь муу байвал эмчийн нэр хүнд унана. Эм бичээд өгдөг нөгөөх нь үйлчилдэггүй. Тэгээд л эмчилж чадсангүй гээд дараагийн эмч дээр очно. Эндээс л эмнэлэг тойрсон асуудал үүсэж байгаа юм.

ЭНД ӨВЧТӨН НЬ 3-6 САР ТУТАМД ЭМЧ ДЭЭРЭЭ ЗААВАЛ ОЧИХОО МЭДДЭГ
-Монголд олон хүчин зүйлээс болж өвчтөндөө хандах эмч болоод эмнэлгийн хяналт сул юм шиг санагддаг?
-Үнэн шүү. Манайд өвчтөний хяналт маш сул. Эмнэлгийн талаасаа ч өвчтөнийхөө зүгээс ч маш сул байдаг. Өвчтөнд эмнэлгээр хянуулна гэсэн ойлголт огт байдаггүй. Гэтэл энд өвчтөн нь 3-6 сар тутамд эмч дээрээ заавал очно гэдгээ мэддэг. Хүмүүст багаас нь эмчлүүлснийхээ дараа заавал эмч дээрээ очиж хянуулна гэсэн сэтгэхүйг суулгаж өгсөн байдаг. Манай Монголд эсэргээрээ. Эмчлүүлсэн болоод орхичихдог.
Гэтэл нөгөө өвчин нь даамжирна. Арван хоногт эдгэдэг зүрхний өвчин гэж байдаггүй. Дор хаяж хоёроос таван жил явж байж эдгэнэ шүү дээ. Манай улсын эмнэлэг бол эмчлүүлж гарсан өвчтөнөө дараа нь өрхийн эмнэлэгтээ очоорой гэдэг. Гэтэл тэнд энэ зэргийн өвчтөнийг хянах боловсон хүчин байна уу гэдэг нь асуудал.

-Энэ нь нэг талаараа хүн өвчнөө бүрэн эмчлүүлэхгүй хүндрүүлэх эрсдэлтэй нөхцөлд хүргэдэг байх?
-Эмч болоод эмнэлгийн хяналт сайн байх нь тухайн өвчтөний өвчнийг бүрэн эмчлэхгүй юм аа гэхэд хүндрэхээс сэргийлдэг давуу талтай. Дутуу эмчилснээр хоёр жилийн дараа бүр эрсдэлд орно шүү дээ.

МОНГОЛД БОЛ ӨВЧТӨНДӨӨ Ч, ЭМЧДЭЭ Ч ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ БАЙНА
-Монголтой харьцуулахад эмч нарын өвчтөнүүдтэйгээ харилцаж буй харилцаа ямар байдаг вэ? 
-Би Монголд зундаа очиж хоёр гурван сар ажиллаж байгаад ирдэг. Тэнд ажиллаж байхад өвчтөнүүд орж ирээд загначихдаг байхгүй юу. Би энд 4-5 жил болчихсон хүн чинь аль болох эв зүй, учир шалтгааныг нь олох гэж аядуухан, намдуухан харилцана. Гэвч “Чи юугаа мэддэг юм” гээд учир зүггүй дайраад эхлэхээр надад ч гэсэн өөрийгөө үнэлэх үзэл байна биз дээ. Ингээд л харшилдаад эхэлдэг байхгүй юу. Тэгээд эцсийн дүндээ эмчийн ёс зүй, харилцааны асуудал болоод дуусдаг. Хөгшин настай намдуу хүмүүстэй харилцахад үнэхээр сайхан, амар байдаг. Монголд бол хэн хэндээ л харилцааны асуудал үүсээд байх шиг.

-Эмч нар хүнд суртал, харилцааны соёлгүй байдлаа өөрсдийн хэт ачаалалтай холбон тайлбарладаг. Тэгвэл харилцааны соёлын сонгодог жишээ болсон Солонгос эмч нарын ажлын ачаалал хэр байдаг вэ?
-Ажлын ачаалал дэндүү их байдаг. Би дараа жил Монгол явна. Энд ажиллаад таван жил болж байна. Энэ хугацаа бол надад үнэхээр хангалттай. Үнэндээ залхаж байна. Өглөө долоон цагт хуралдана. Өдөржингөө хагалгаанд орно. Өдрийн ажлаа үдээс өмнө, үдээс хойш гэж зохицуулдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр үдээс өмнө хагалгаанд орсон бол маргааш үдээс хойш мэс засал хийх жишээтэй. Хагалгаанд ороогүй өдрөө сэхээнд өвчтөнүүдээ хянана, судалгааны ажлаа бичнэ.

-Тэгвэл Солонгос өвчтөнүүд эмч нартайгаа хэрхэн харилцдаг бол?
-Ер нь эмч нарт чиглэсэн, халдсан муухай харилцаа хэзээ ч гаргадаггүй. Өвчтөнүүд нь эмч нараа маш их хүндэлж харилцдаг.
ЭМЧ, ӨВЧТӨНӨӨ ХАМГААЛСАН ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Ер нь Солонгос улсад мэргэжлийн алдаа гаргасан эмч нарыг хэрхэн шүүдэг юм бэ, энэ талын эрх зүйн орчин ямар байдаг бол?
-Жишээ нь би энэ улсад маш ноцтой байдалд ажиллаж амьдарч байна. Өнөөдөр хагалгаанд орж байхдаа ямар нэг алдаа гаргавал “Солонгос улсын эмчийн хариуцлагын алдаа” гэдэг хуулийн дагуу намайг шүүнэ. Бүр хуулийн заалт дээрээ “Солонгос улсад мэргэжил эзэмшиж буй мэргэжил дээшлүүлж буй гадаадын ямар нэгэн эмчийн мэдлэг дутагдсанаас үүссэн алдаандаа тус улсын хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гэсэн байдаг. Энэ өгүүлбэрийг анх уншаад маш их санаа зовдог байсан. Түүнээс хойш таван жил ажиллачихлаа. Монгол улсад ийм хууль байдаггүй, тушаал л байдаг.
Харин энэ улсын хувьд эмчийн хариуцлагын хууль байна. Хуулиараа ял шийтгэлээ онооно. Тэгэхээр бүр ноцтой гэсэн үг. Тэрийг Монгол эмч нар мэдэх ёстой. Учир нь Монголоос Йонсей их сургууль дээр эмч нар ирдэг. Тэр үед эмчийнх нь сэтгэл хөдлөөд Солонгост ажилла гэчихдэг. Өнөөх эмч нь алдаа гаргачихвал энэ улсынхаа эмч нартай адил хариуцлага тооцох болдог.
.
-Монголд эмнэлгийн хууль эрх зүйн орчин гадаадын улс орнуудтай харьцуулбал ямар байдаг бол. Шүүмжлэлтэй хандмаар санагдсан зүйл байна уу?
-Солонгост эмнэлгийн хуулийн орчинг судлаад Монголынхтой харьцуулж үзсэн юм. Тэгсэн манай улс эмнэлэг, эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж зэрэг уртаашаа таван хуультай болж таарав. Тэгэхээр учир дутагдалтай байгаа биз дээ. Энд нэгдүгээрт өвчтөнөө хамгаалах хуультай байна. Эмчийн мэдлэггүйгээс гаргасан алдаанаас өвчтөнийг хамгаалахын тулд хуультай болох хэрэгтэй. Хоёрдугаарт, эмчээ хамгаалсан хуультай болох хэрэгтэй. Өвчтөнөө л хамгаалаад байвал эмчийн эрх ашиг хойш нь тавигдана шүү дээ. Тэгэхээр эмчийг өмгөөлсөн хууль бас шаардлагатай болж байгаа юм. Гэтэл манайд хууль гэхээр юм байхгүй сайдын хэдэн тушаал, захирамж л байдаг. Харин хариуцлага тооцохдоо Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэчихсэн байдаг. Миний хувьд энэ асуудал эрүүгийн хэргээс ялгавартай баймаар.

-Хариуцлага алдсан эмч нарын эмчлэх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг гэж та түрүүн ярьж байсан. Хэр хугацаанд эрхийг хасдаг юм бол?
-3-5 жилээр эмчлэх эрхийг нь хасдаг.

УДВАЛ САЙДЫГ ЗӨНДӨӨ МУУЛСАН. САЙДДАА Л БУТ НИРГҮҮЛЭХ БАЙХ
-Би нэг удаа түргэн дуудахад эмч архи үнэртүүлчихсэн ирсэн. Хүний амь насыг хариуцаж яваа эмч хүнд байж боломгүй санагдсан. Энэ мэт үзэгдэл байгаа болохоор эмчийн хариуцлагын талаар хууль эрх зүйн орчны нарийн зохицуулалт хэрэгтэй юм шиг... 
-Монголчууд хэнэггүй. Хэнэггүйгээ хаа сайгүй гаргаж явдгийн жишээ. Миний бодлоор Монгол угаасаа сонин болчихсон юм биш үү. Зун Монголд очихоор хүмүүс баримтлах ёс зарчим, хэм хэмжээ гэх зүйлийг таг мартчихсан юм шиг санагддаг. Биеэ авч явах соёл, хэм хэмжээ гэж юу ч байхгүй. Үг хэлэхээр “Би эрх чөлөөт Монголын иргэн. Би ардчилсан нийгэмд амьдарч байгаа” гэх юм. Чи юу гэж бодож байна?

-Санал нэг байна...
-Хүмүүстэй харилцахдаа “Би хамгийн чухал, зөвхөн би би...” л гэдэг. Тэгээд нөгөө хүний “би”-тэй мөргөлдөхөөр хэрүүл болдог байхгүй юу.

-Та Монголын эрүүл мэндийн бодлогод шүүмжлэлтэй хандаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг эмч хүний хувьд ирэх жил Монголд ирэхэд салбарын зүгээс элдэв эсэргүүцэл дарамттай тулгарах вий гэж эмээж байна уу?
-Удвал сайдыгаа зөндөө муулсан. Сайддаа л бут ниргүүлэх байх. Бусдаар ч дүүрчээ дүүрч. Яг үнэнийг хэлэхэд би энд тийм ч аз жаргалтай сайхан амьдардаггүй юм аа. Тийм болохоор Монголд очоод амьдрал минь дээрдэх болов уу гэж боддог.

-Нэг асуулт байна. Солонгост нэг үе хүмүүс их “харладаг” байсан. Сүүлийн үед манай иргэдийн хувьд эмчилгээний шугамаар ирээд энд “харлах” тохиолдол гарч байна уу?
-Гаралгүй яах вэ. Маш хүнд өвчтэй гэж ирчихээд харлах тохиолдол зөндөө шүү дээ. Тэр хүмүүсээс болж ямар асуудал тулгарч байна гэхээр хүнд өвчтэй хүмүүс энд ирж эмчлүүлэхэд гай болж байгаа байхгүй юу. Ээжийгээ эмчилгээнд явуулна гээд хамаг бичиг баримтаа биднээр бэлдүүлээд өвчтэй ээжийгээ орхиж түрүүлж ирчихээд алга болчихсон тохиолдол хүртэл байна.
-Ярилцсанд баярлалаа.


Monday 10 November 2014

Д.Дорлигжав: Билэггүй асуулт байна

“Open door“ сонин энэ удаагийн VIPerson зочноороо Монгол Улсын Ерөнхий прокурор, ноён Д.Дорлигжавыг урьсан юм. Тэр хэвлэлд ярилцлага өгөөгүй тун чиг удсан. Ер нь ч тэр бүр мэдэгдэл хийж, олны хэл амыг асааж явдаг хүн биш. Хэвлэл мэдээллийн ертөнцөөс алсхан орших дуртай эрхэм юм. 

-Ерөнхий прокурор таныг манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Улс төрийн цаг эмзэг, халуухан үе таарч буй ч яг энэ үе бол бидний онцолсон үе биш юм шүү. Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжөөд 25 жил болж байна. Энэ бол том цаг хугацаа. Энэ мөчлөгт  тодрон гарсан, хувийн хийгээд ажил хэргийн, үзэл санааны түүхээрээ салшгүй холбогдсон тодорхой эрхмүүдтэй уулзахыг бид  зорьж байгаа юм. Таныг энэ талаас нь сонгож урьсан гэдгийг ойлгоорой. 
-За. Би бас тэр бүр хэвлэлд яриа өгөөд байдаггүйг та өөрөө сайн мэднэ. Яагаад ч юм анхнаасаа л тэгж хэвшсэн, ярих тийм ч дуртай биш. Энийг та бас ойлгоорой.

-Нэлээн удаан ам нээгээгүй хүн болохоор ойр зуурын салбарын ажил зэрэг сэдвээс яриагаа эхэлмээргүй байна. Нэн удахгүй шинэ жилийн уур амьсгал ороод л явчих биз. Бид өнгөрүүлсэн нэг жилийн ажил амьдралаа дүгнэж цэгнэнэ. 
-Хоёулаа шинэ жил, өвлийн өвгөн, цасан охид арай ярихгүй биз дээ. (инээв). Хэрэв тийм бол би яг одоо арай бэлэн биш байна шүү.

-Үгүй дээ. 
-Тийм байлгүй дээ.

-Монголын хувьд гадаад бодлогын тал дээр маш амжилттай ажилласан жил боллоо гэж харж байна. Энд гарсан амжилт, алдаа оноо юу байв. Хоёр хөрштэйгөө амжилттай гэрээ хэлцлүүдийг хийж чадлаа. Бүс нутгийн хэмжээнд чамлахааргүй бодлого хийж ажиллалаа. Харин хорин жилийн турш ярьж, чирч ирсэн гурав дахь хөршийн бодлого дээр үл ялиг салхи үлээж байна уу даа гэсэн зовнил төрж байна. Энэ тухай таны ажиглалт, бодол санааг сонирхмоор байна. 
-Ер нь бол 1990-ээд онд Монголын гадаад улс төрийн бодлогод асар том, бүр орвонгоороо эргэсэн өөрчлөлт болж, нийгэм улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд эргэлт гарснаас хойш үндсэндээ энэ 25 жилийн амьдрал онцын том савалгаагүй явж ирлээ л дээ. Энэ жилийн гадаад бодлогод болж өнгөрсөн үйл явдлууд бол өнгөрсөн 25 жилийн амьдралд тохиолдсон содон үйл явдлуудын нэг болж өнгөрлөө. Өмнө нь хоёр хөршийнхөнтэйгөө дээд төвшний уулзалт, айлчлалууд хийдэг л байсан. Гэхдээ энэ удаагийн айлчлалын цар хүрээ, цаг хугацаа, агуулга гээд бүхий л хүчин зүйлсээр авч үзэхэд үнэхээр том үйл явдлууд л даа. Зөвхөн аль нэгэнтэй нь салангид байдлаар асуудлуудаа авч үзээгүй, гурвуулаа нийлж, хамтарч бүс нутгийн хэмжээнд ажиллах суурийг тавьснаараа асар өндөр ач холбогдолтой. Гэхдээ гурав дахь хөршийн бодлогоо ч орхигдуулаагүй. Ийм хэмжээний бодлогын үсрэлт сүүлийн 25 жил манай гадаад бодлого дээр хийгдээгүй. Өөрийн тань хөндөж байгаа эмзэглэлийг мэдэрч байна. Хүмүүсийн зарим нь хөндөж, сонжиж л байх шиг байна. Одоо энэ хоёртойгоо л тэврэлдээд явах юм уу. Нөгөө гурав дахь хөршийн бодлого хаачив гэж. Гадна дотнын шинжээчдийн зүгээс цухуйлгаж байгаа ч юм ажиглагдаж байгаа. Гэхдээ хоёр хөрш оронтойгоо манай улс бүх талаар ойлголцож, нягт, гурван талт харилцаа болгон өргөжүүлж, дээд төвшинд харилцаагаа шинэчлэн гаргаж ирж ажиллах нь манай орны амин чухал эрх ашгийн асуудал юм. Мэдээж хажуугаар нь гурав дахь хөрш болон бусад улс орнуудтай идэвхтэй гадаад бодлого барьж, хамтарч ажиллах ёстой. Энэ бодлого орхигдохгүй. Улс орны гадаад бодлого дотор амин чухал эрх ашгийн асуудал гэж байдаг. Монгол Улс хойд урд хоёр хөрштэйгөө гурвуулаа нэгдсэн байр суурьт хүрэх, хамтын ажиллагаагаа жигдрүүлж, тодорхой болгож авах бодлого маш чухал. Ийм төвшний харилцааг бий болгох асуудал урьд өмнө нь хараахан биеллээ олж өгөхгүй явж ирсэн. Энийг хийлээ. Энэ бол асар том ололт. Энэ бол манай улсын өөрийн амин чухал эрх ашгийн асуудал гэдгийг дахиад хэлье. Харин үүний хажуугаар бусад улс орнуудтай харилцах гадаад бодлогоо энэ суурин дээрээ нэмж өргөжүүлэх үзэл баримтлалыг гурав дахь хөршүүдийн хувьд нээж өгч байж болох юм. Тухайлбал Орос, Хятад улс Монголд үйлдвэрлэсэн барааны гаалийн татварыг хөнгөлөөд, хүчингүй болгоод явчих юм бол тэд Монголд ч үйлдвэрлэлээ явуулаад шинэ зах зээл рүү гарах боломж  нээгдэх ч гарц гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ер нь бол Монгол бүс нутагтаа дэлхийн хоёр том зах зээлийг холбосон чухал бүс нутаг учраас бусад улс орнууд өөр сонирхлын нүдээр харж байгаа байх. Эмзэглэлийн биш сонирхлын шинэ харцаар харж байгаа болов уу.

-Нөгөө талаар хоёр хөрштэй энэ төвшинд харилцааны бодлогын шинэ суурийг гаргаж ирж тавих нь үнэндээ хялбар ажил биш шүү дээ. 
-Үнэхээр манай гадаад бодлогын дээд төвшинд ажилладаг хүмүүс, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс  гаргасан хүчин чармайлт асар их. Бид талархах ёстой, хийсэн гэрээ хэлцлүүдийг даруй ажил хэрэг болгох ёстой. 

-Та бол юмыг чичилж, нүдэж хэлдэггүй хүн. Гэхдээ зориуд тодотгон хэдэнтэй давтан нэг зүйлийг сануулж байгааг тань харж байна. Бидний шинэ үеийн амьдралд орж ирсэн гайхалтай атлаа зарим талаар дайсантай ч юм шиг нэг орчин байгаа. Тэр бол сошиал ертөнц. Энэ урсгал маань хийгдсэн айлчлалуудын өмнө хойно элдэв тийш нь хамж давхичих гээд их хэцүү байлаа. Үүнээс үүдсэн эмзэглэл байгаа юм болов уу гэж бодлоо.
-Аливаа юм чинь сайн муу хоёр талтай юм л даа. Хүмүүс чөлөөтэй ярих гэдэг маань чөлөөтэй бурах гэсэн ч үг бас биш шүү. Улс орны гадаад бодлого, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой бодлогын чанартай асуудлууд дээр болгоомжтой, ухамсартай, гол нь ухаантай хандаж баймаар байна л даа. Хаа очиж манай иргэд, манай Төр энэ өнгөрсөн 25 жил ийм зүйлс дээр бас нухацтай хандаж ирсэн. Одоо улам л нямбай чамбай баймаар байна гэдгийг л хэлэх байна.

-Харин ч танайхан илүү эмзэг танхил болчихоод олон нийтийн цахим сүлжээ рүү дайрдаг, хараадаг, элдэв зохисгүй үгээр доромжилдог болчихоод байгаа юм биш үү?
-Бид иргэддээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ эрх чөлөөг авчрах гэж зүтгэсэн. Ганцхан бид дотоод ухаанаа зөв захирч, залж байх цаг шүү гэдгийг л санах ёстой. Улс орноо бодож шүү дээ. Одоо бараг бид бүх асуудлыг, бүх шийдвэрийг нийгмээрээ ярьж хэлэлцэж шийддэг болж байна шүү дээ. Хэдэн сар хэлэлцүүлж байж шийддэг. Сошиал даяар шуугин хэлэлцсэн зүйлийн дараа бол шийдвэр гарахад нэг их цацаа цалгиа үүсэхгүй юм. Энэ бол сайн тал. Нийгмээрээ асуудлыг  хэлэлцдэгийн давуу тал энэ. Юмыг нууж байгаад, пал хийтэл чимээгүй хийдэг цаг ард үлдсэн. Одоо ард иргэдээсээ нууж хаах, ар хударгаар нь аливаа болж бүтэхгүй юм хийх бололцоогүй болсон гэдгийг хаа хаанаа мэдэрч байгаа байх.

-Та ингэхэд яагаад олон нийтийн сүлжээнд орж ирдэггүй юм бэ. Twitter, facebook-т хаяггүй биз дээ?
-Нэгд надад зав бага байдаг. Хоёрт, миний одоо хариуцаж байгаа албаны онцлог гэж байна.

-Хашиж байгаа албаны тань онцлогоос л зөвхөн болж байна гэж үү?
-Тийм гэж хэлж болно.

-“Намайг доромжлох энэ эрх чөлөөний чинь төлөө л бид тэмцсэн юм” гэдэг нэг алтан үгийг танайхан хэлдэг байсан л даа. Гэвч сүүлийн үед хэвлэлийнхнийг тагнуул дээр аваачиж байцаадаг, лалрууд, тэнэгүүд, хогийн тантан гэх зэргээр цахим ертөнцийнхнийг хараадаг, хэвлэлийнхнийг шүүхэд өгдөг болчихсон болохоор ойрд уулзаагүй таны байдал өөрчлөгдсөн эсэхийг л тандаж асуусан юм. 
-Энэ олон нийтийн чөлөөт индэр байдгаараа л байж байг л дээ. Эдэнтэй ноцолдоод, элдэвлээд байх шаардлагагүй. Би хэвлэл мэдээллийнхэнтэй бусадтай харьцуулахад ойр биш ч тэдний эрх чөлөөг боомилохыг эсэргүүцдэг. Энэ зарчим маань хэвээрээ. Харин хэвлэлийнхэн ёс зүйтэй, үнэн мэдээллийг өгч байх шаардлагатай. Иргэд маань боловсролтой болсон. Мөн ч их хэрэггүй мэдээ эфир эзлэн явах юм аа. Сэтгүүлчид та бүхэн өөрсдөө л үүнийг бодох ёстой.

-Сүүлийн хэдэн жил манай дэлхий ертөнц дээр дайн тулаан, элдэв сөргөлдөөний урсгал гэмээр зүйл тасралтгүй явагдаж байна. Одоо энүүхэн хаяанд ч Хонгконгод юм болоод л уналаа. Хаа сайгүй л юм болж байна. Украйны асуудал гэхэд дэлхий нийтийг хамарсан талцал тэмцэл дагуулж байна. Энэ бүх үйл явцаас бид юуг яаж уншиж явах, юуг нь тусгаж явах ёстой юм гээд олон асуудал бий. 
-Өнгөцхөн харахад бол Украйн дотроо нааш цааш болоод л, тэрнээсээ болоод элдэв юманд автаад байгаа юм шиг харагдаж байгаа юм л даа. Ер нь ертөнц дээр болж байгаа томоохон үйл явдлууд бол аль ч улс оронд хамаагүй байх цаг өнгөрчихсөн. Бүгд хамаатай болсон. Харин ч бид анхааралтай харж, үндэс шалтгааныг нь судалж,  бодож боловсруулж суух ёстой. Тэр үүднээс нь авч үзэх юм бол жишээ нь, Украинд болсон үйл явдлын гол шалтгаан бол хүйтэн дайн дууслаа, бүх ойлголцол бий боллоо гэж ярих болсноос хойш улс орнууд, ялангуяа тэргүүлэх гүрнүүдийн хувьд ч бүрэн итгэлцэл бий болоогүй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл 25 жилийн өмнөх хүйтэн дайны шалтаг зогссон байхад түүнээс хойш тэргүүлэх улс гүрнүүд зэвсэглэлээр хөөцөлдсөн хэвээрээ. Өнөө л нэг цөмийн пуужин тэвэрч авч нэгийгээ айлгах гэсэн хандлага хэвээрээ. Цэрэг зэвсэгт мөнгө хаясан хэвээрээ. Геостратегийн бодлого явуулсан хэвээрээ, газар нутаг хомслох гэсэн санаархал нь хэвээрээ. Өнгөн дээрээ л хүйтэн дайн дууссан гэсэн боловч далдуур өөр байсан явдал. Энэ нь хорь гаруй жил явсаар байгаад Украин дээр ирж их томоор илэрч гарч ирж байна л даа. Яагаад гэвэл Украин бол ОХУ болон Баруун Европын орнуудын хувьд бол эдийн засаг, геостратеги, цэргийн стратегийн хувьд маш чухал бүс нутаг. Дэлхийн улс гүрнүүд одоо энд нэг том хариулт өгч шийдэлд хүрэх цаг нь болсон. Хүйтэн дайныг цэглэсэн гэж өөрсдийгөө хуураад далдуур сөргөлдөөд байгаа энэ сөргөлдөөн өнөөдөр ил гүнзгий зөрчил болж гарч ирж байна. Энэ даамжирвал дэлхий нийтийн гамшиг болохыг үгүй гэх газаргүй.

-Яаж энэ байдлаас гарах вэ гэдэг асуулт дэлхийн шинжээчдийн тархийг гашилгаж байгаа. Олон л арга зам санал болгож байх шиг байна.
-Түүх харах юм бол олон зүйл байдаг. Жишээ нь, 1962 оны Карибын хямрал. Тэр үеэс эхэлж цөмийн зэвсгээр хөөцөлдөж болохгүй юм байна шүү гэсэн аюулын харангын дохиог хаа сайгүй авсан. Энд ялагч байхгүй гэдгийг ойлгоцгоосон. Энэ логик явсаар байгаад 1975 оны Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны Хэльсинкийн форум болсон.  Тэрэн дээр Хэльсинкийн төгсгөлийн баримт бичиг гэж баталсан юм. Асар том баримт бичиг. ЗХУ, Европын орнууд, Америк гээд бүх орон оролцсон. Энэ бол маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Дэлхий нийтийн энх тайван, итгэлцэл, хамтын ажиллагаа, зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох тухай гээд бүх чухал асуудлууд тусгагдсан. Ийм том баримт бичиг байсан. Үүний үр дүн явсаар байгаад үндсэндээ 1985 оны Горбачевын өөрчлөн байгуулалт явагдсан юм. Одоо дэлхийн гүрнүүд тэрэнтэй дүйх хэмжээний том зөвөлгөөнийг хийж, асуудлыг дахиж томьёолж ярих цаг болсон байх. Энэ бол их гүрнүүдийн санаачилж хийх ажил байх.

-Одоо эдийн засгийн хямралын тухай бүгд ярьцгааж байна. Дэлхий нийтийн гэх төвшинд бол бас тийм ч том шуурга явчихаагүй байх шиг. Манайх дотооддоо хямарч байна. Гэхдээ энэ хямрал дэлхийн урсгалтай хамааралтай доргион уу, өөр учир шалтгаантай байх шиг байна уу?
-Дэлхийн эдийн засаг гүнзгий хямралд автчихсан гэвэл үгүй л дээ. Юу гэж зүйрлэмээр юм бэ дээ. Хүний ходоод нэг цочирчихдог доо. Тэгээд дараа нь олигтой хоол идэж чадахгүй эвгүй оргиод байдаг шиг тийм цочроо бол байна. Энэ цаашаа гүнзгийрэх үү, үгүй юу гэдэг асуудал шууд хэлэхэд хэцүү. Ерөөсөө Америк, Баруун Европын орнуудад дэлхийн ихэнх үйлдвэрлэл, банк санхүүгийн нөөц төвлөрдөг байсан. Гэтэл сүүлийн үед Хятад тэргүүтэй азийн бусад орнууд маш хүчтэй хөгжиж гарч ирээд тэр рүү дэлхийн мөнгөн урсгал чиглэж байна. Тийшээ бүх технологи очиж байна. Үйлдвэрлэл тийшээ оччихоор хүссэн хүсээгүй нэг талдаа тогтчихсон байсан эдийн засаг  татагдаад сунаад нөгөө тал руу явж байгаа юм л даа. Иймд хүндрэл гарч байна. Үүнийг яаж даван туулах вэ гэдэг хөгжилтэй орнуудын толгойны асуудал болчихоод байна. Тэд үүнийг даван туулах бодлогоо тодорхойлж арга хэмжээ авч байгаа байх. Гэхдээ энд цаг хугацааны асуудал бий. Тэдэнд урд нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хөрөнгө хүч их шаарддаг байсан, үнэ өртөг өндөртэй байсан өөрсдийнх нь боловсруулсан өндөр технологиуд байгаа. Тэр өндөр технологиудаа гаргаж ирж, үйлдвэрлэлд оруулж байж, тэрийгээ дагасан үйлдвэрлэл нь эргэж  эдийн засгийн хямралаас гарах, дахиж хүчтэй болох боломж бий. Гэхдээ нөгөө талд адилхан хөгжлийн бодлого явж байгаа. Адилхан өрсөлдөөн явагдах нь тодорхой. Одоо ингээд харахад Европт депиляци ажиглагдаж байна. Америк бол арай гайгүй байх шиг байна. Японы эдийн засаг ч гэсэн дээрх нөлөөнд өртөж байна. Манай Монгол орны хувьд бол нэг их онцгой хямраад байх тийм том цохилт ч бид аваагүй л дээ. Гэхдээ үндсэн экспорт болох зэс, төмрийн хүдэр, нүүрс гэх мэтийн үнэ унасантай холбоотой хэтэрхий тэлчихсэн эдийн засаг буцаж огцом агших шаардлага гараад бэрхшээл гарч байна. Манайх том хямралд өртөхгүй явах ч бололцоотой. Барагтай давалгаанд автчихгүй явах бололцоо байгаа. Тэр утгаар нь би гадаад бодлогын тухайд гарсан ахиц, ололтуудад илүү ач холбогдол өгөөд чухалчилж яриад байгаа юм.

-Та манай орныг дөчөөд жилийн турш нуруун дээрээ үүрч явсан “Эрдэнэт” үйлдвэр гэх том айлыг удирдаж байсан хүн. Сүүлийн жилүүдэд бид чинь нөгөө алдартай “толгой”-нуудаа тойрч ханараад “Эрдэнэт”-ээ тоож тордох талаар хойрго хандсан. “Эрдэнэт”-ийн үүрэг буурсан, элэгдсэн ч гэдэг. Энэ талаар та юу хэлэх бол.  
-Бид нарт нэг том гамшиг байна. Тэр юу гэхээр нэг хүн нэг салбарт сайд болоод очихоороо бусадтай зөвлөхгүй, бодож боловсруулахгүй, судлахгүй, өөрийнхөө толгойнд орж ирсэн, зөв гэж бодсон юмаа төрийн бодлого гэж андуурдаг. Тэр нь холыг харсан юм байхгүй. Судалсан юм байхгүй. Уламжлалт бодлогыг шингээсэн юм байхгүй. Зүгээр л дур зоргын ажил байдаг. Энэ бол байж болохгүй үзэгдэл. “Эрдэнэт” үйлдвэрийн тухай та асуулаа. Энэ үйлдвэр Монголын эдийн засагт нөлөөтэй хэвээрээ байна. Цаашдаа ч нэг хэсэгтээ хэвээр байна. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон, энэ үйлдвэрийг дагасан үйлдвэрлэлийн бодлого Монголд байх ёстой юм. Би захирал байхдаа ийм төсөл хийж байсан. Одоо надад хадгалагдаад л байж байдаг. Энэ орчинд өчнөөн олон жижиг, дунд үйлдвэрлэлүүд бий болгох ёстой. “Эрдэнэт”-ийн нөөц дуусч, энэ үйлдвэр зогсоход үүнийг юугаар сольж, энд амьдарч байгаа иргэдийн  амьдралыг юугаар яаж авч явах вэ. Ийм юмыг төр засаг нь бодож байх ёстой юм л даа. Тэрийг өнөөдөр бодож байгаа зүйл алга л байх шиг байна. Цаг үеийг дагаад урсаад л явцгаагаад. Энэ чинь цаг хугацаа шаардсан ажил байдаг. “Эрдэнэт”-ийн хүчин чадал буурч, Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө нь эдийн засаг тэлсэнтэй холбогдуулаад жин нь багасч байгаа л даа. Гэхдээ одоогоор чухал, шийдвэрлэх хүчин чадал нь хэвээрээ л байгаа. Манай хамгийн том экспортыг тээж яваа, олон хүн ажиллаж байгаа, хот үүсгэчихсэн. Нийгмийн олон асуудлыг шийдэж байгаа. Өчнөөн олон юм бий. “Эрдэнэт”-ийн ач холбогдлыг бууруулж үзэж огт болохгүй. Тэгэх чадал ч одоогоор бид суугаагүй байна.

-Гэтэл “Оюутолгой” маань өнөөдөр зогсож байна. Хэтэрхий дур зоргоороо популизм хийж хашгирцгаасныхаа горыг бид амсаж байх шиг ээ.
-“Оюутолгой”-той холбоо-той асуудлууд дээр эх оронч хүн болох гээд, ухаантай хүн болох гээд зөв буруу юм ярьж тоглоод байцгаах юм. Миний бодож явдаг энэ гэрээ дагасан эмзэглэл бий. Монголын талаас тавьж байгаа зарчмын чухал чухал асуудлуудыг хамтрагч нар маань хүлээж авахгүй, бид нарыг хэт шахчихсан, хэт өөрийн талын ашгийг харсан бодлого тулгаад л явж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг гомдоолоо гээд өөрийн хүнийгүй шуугиж, бас эдийн засаг нь хүнд байхад бидний үгээр л болно гэх аястай хандаад байвал бидний хамтын ажиллагаа олигтой үр дүнд хүрч чадахгүй гэдгийг ойлгуулах ёстой. Мөн нэр төр, ашиг завшаан хөөж, ойлгох ойлгохгүй юм ярьж нийгмээ самардаг, бусдын дургүйцлийг өдөөсөн ажиллагаа явуулж байдаг нөхдүүд энэ талаар болгоомжтой, мэдлэгтэйгээр энэ ярианд оролцвол зохино.

-Манай дотоодын бүх зовлон улс төрөөсөө үүдэлтэй байна гэж Ерөнхийлөгч манай зочноор уригдахдаа мэдэгдсэн. 
-Үнэн шүү дээ. Үнэхээр байдал тийм л байна.

-Та өнөөдөр хүчний том байгууллагыг толгойлж байна. Хуулийн салбарт шинэчлэлийн бодлого яваг-даж байгаа.  Яг прокурорын байгууллага дээр ямар шинэчлэл явагдаж байгаа юм. Х.Тэмүүжингийн гэх энэ шинэтгэлийг зарим салбар нь хөрсөн дээрээ нутагшихгүй байна. Салбарынхаа сэтгэл зүйг бэлтгэхгүйгээр шууд тулгаад явчихсан нь хүнд цохилт болж байна гэж үздэг. Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Х.Тэмүүжингийн шинэчлэл гээд байх нь ч юу юм. Ерөнхийлөгч анх энэ хөтөлбөрийг зорилт болгож дэвшүүлсэн. Би ч бас Тамгын газрын дарга байхдаа гар бие оролцож, Б.Чимэд багш бид нар хамтраад энэ шинэчлэлийн анхны үзэл санаа, хийх ажлын цар хүрээ ямар төвшинд явагдах юм гээд хийж төлөвлөж байсан зүйл бий л дээ. Одоо би  прокурорын байгууллагад ирсэн болохоор тэнд оролцох миний оролцоо багассан. Прокурор дээр хийгдэж буй шинэчлэл дээр би хоёр зүйлийг хэлнэ. Нэгд, одоо байгаа хууль тогтоомжийн хүрээнд  прокурорын байгууллагын ажлыг яаж сайжруулах, хариуцлагыг яаж өндөрсгөх вэ гэдгийг одоо байгаа нөөц бололцоон дээрээ тулгуурлаад дотооддоо бид нэлээн чухал чухал шийдвэр гаргасан. Тэрийгээ хэрэгжүүлэх гэж шаардаж шахаж ажиллаж байгаа. Үр дүн гарч байгаа. Ахиц гарч байгаа. Зарим тохиолдолд энэ шахалт шаардлагыг дааж чадахгүй хүмүүс өргөдлөө өгөөд гарч байгаа. Нөгөө талаас ирээдүйд гарах үндсэн өөрчлөлт шинэчлэлт боллоо гэдэг нь мэдрэгдэх хоёр хууль байгаа юм. Энэ нь  Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Энэ хоёр хуулийн ирээдүйд гарах гэж байгаа концепцитой нийцүүлээд прокурорын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтийн төслийг бид бэлэн болгочихсон байгаа. Энэ хоёр хууль багцаараа гарах ёстой. 

-Хуулийн байгууллагууд тал тал тийшээ хараад суучихлаа. АТГ, прокурор, цагдаагийн байгууллагууд салбарын сайдтайгаа ойлголцохгүй байна гэсэн шүүмжлэлүүд явсан. 
-Үл ойлголцол гэж томьёолох нь буруу л даа. Ерөөсөө энэ эрх зүйн шинэчлэл гэдэг зүйлийг үнэхээр ултай суурьтай ярих ёстой. Хөнгөн хандаж болохгүй. Олуулаа ярих ёстой.  Яарч болохгүй. Ийм чухал зүйлийг хэтэрхий яаран, шуугиулж давхисан. Популист хандлага ч гаргасан. Тодорхой хуулиуд дээр бид зарчмын саналууд гаргасан. Тэрэн дээр маргасан, шүүмжилсэн тал ч бий. Шүүмжлэл хэлэх гэхээр л шинэчлэлийг эсэргүүцэж байгаа, шинэчлэлийг ойлгохгүй байгаа гэсэн үгээр ам хаагаад байсан. Эхэн үедээ ч хүмүүс энэ нэг хүн л шинэчлэл хийх гээд байхад хуучин хэдэн юмнууд, салбарынх нь нөхдүүд саад болоод байгаа юм байна гэж ойлгож байсан байх. Тийм учраас би хуулийн төслүүдэд бичгээр санал өгөх хэмжээнд үйл ажиллагаагаа хязгаарласан. Шинэ хуулиуд  дотроо зөрчилтэй, манай эрх зүйн үндсэн зарчмыг зөрчсөн, амьдралд наалдаагүй, үр дагаварыг нь тооцоогүй ийм юмнууд  байгаа. Гэхдээ бүхэлд нь энэ хугацаанд гарсан хуулиудыг бүгдийг нь харлуулж болохгүй. Суурь нь гайгүй тавигдсан зүйл бий. Бас энэ шинэчлэлийнхээ ач холбогдлыг бууруулах зөрчилтэй заалт хийсэн. Харамсалтай нь бусдын хэлээд байгаа зүйлүүдээс зөв бурууг нь ялгаж шүүрдэж авах ухаан дутсан. Цэцэрхэх тал нь хэтэрсэн. Энэ бүхнийг нь хуулийн салбарынхан янз бүрээр л хүлээж авцгаасан байх. Шүүх, цагдаагийн байгууллагынхан дотроо хүндээр хүлээж авсан зүйл ч бий. Прокурор дээр бол дагалдах хуулиуд гараагүй учраас харьцангуй тогтуун байгаа. Ер нь бол хуулийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх замаар хууль дагасан эрх мэдэл рүү илүү тэмүүлэх оролдлого байгааг би тухайн үед нь хэлж л байсан. Үндсэндээ хүмүүсийнхээ дургүйцлийг төрүүлсэн гол зүйл нь энэ л дээ. Прокурорын байгууллага энэнд өртөөгүй байж байгаа. Бид зохих ёсны бодлогын баримт бичиг хуулийн төслөө боловсруулчихсан байгаа.

-Ер нь төрийн хоймор орчим төрийн хүний хэв шинжит дүр цөөрч байна. Төрийн зүтгэлтэн хаана байна гэх асуулт зүй ёсоор гарч ирж байх шиг ээ. 
-Төрийн хүн  гэж хэн бэ гэж асууж байх шиг байна. Миний үзэж, уншиж, сонссоноор Чингис хааны үеэс аваад үзэхэд Цагаадай хаан үнэхээр байсан шиг санагддаг. Түүхийн зарим баримт бичгүүдэд Цагаадай хааныг бол ойворгон, хурц зан төлөвтэй байсан мэтээр тодорхойлсон нь бас бий л дээ. Гэхдээ бодит байдал Өгөөдэй хааны үед түүнийг дагаад үл хүндэтгэх, эс хүлээн зөвшөөрөх янз бүрийн юм гарч байсан. Энэ мөчид төр гэдэг үүднээсээ хамгийн их хүндэтгэлтэй хандаж, үлгэр үзүүлж байсан хүн бол Цагаадай хаан байдаг л даа. Төрийн наадамд Цагаадайгийн морь түрүүлж л дээ. Гэтэл Цагаадай өөрөө хаанаас уучлал гуйж байсан байдаг. Төрийн их баяр наадамд эзэн хаан тантай мөчөөрхсөн мэт үзэгдэх вий, эзэн хаан та минь өршөөгөөрэй гэж. Энэ бол үнэхээр өндөр жишиг. Хаан ч гэлээ миний дүү юм чинь гэж харж болно шүү дээ. Гэтэл тэр хүн Төрөө өндөрлөх гэж, Төрөө өндөр байлгах гэж тийм том жишиг үзүүлж байсан байх жишээтэй. Цагаадай хааны энэ хандлагад би маш их сэтгэл уярдаг. Ийм л улсууд олон байсан болоосой гэж боддог юм. Миний улс төрд орж ирсэн үеийн дууриал бол Дашийн Бямбасүрэн гуай. Анх нэг кабинетэд ажиллаж эхлэсэн. Энэ хүн бол хувийн ашиг завшаан гэдгийг огт мэддэггүй хүн. Хүүхдүүд нь гэхэд энд тэнд нэрийг нь гаргаад бужигнуулж яваа хүн нэг ч алга. Д.Бямбасүрэн гуай өөрөө айлгаж туниад элдэв ааш гаргаж яваа юм алга. Хэлэх үгээ хэлээд л сууж байдаг. Төрийг төвшитгөхийн төлөө л ухамсарт бүх амьдралаа зориулж байгаа. Энэ хүний сэтгэл үнэхээр Төр түмнийхээ төлөө байдаг.

-Би таныг Ю.Цэдэнбал л гэж хэлэх байх гэж бодож байлаа. 
-Би тэр хүнтэй цуг ажиллаж, он жилүүдийг хамт туулж яваагүй учраас мэдэхгүй шүү дээ. Би мэдэх юмаа л хэлнэ.

-Нутаг дамжсан улс төрд ханддаг хандлагыг тань л төнхөж үзэж байгаа маань. Уучлаарай.
-Нутаг ус гэдэг мэдээж хүн болгонд эрхэм зүйл нь.  Гэхдээ энд та бид хоёр Монгол Төрийн тухай ярьж байна шүү дээ.

-Өнөөгийн Ерөнхий сайдыг үнэхээр өвөрмөц содон хүн юм гэж хардаг. Их ч шүүмжлэлээр балбуулж байна. Та хоёр бол нэг нутгийн улс. Эрүүгийн шинжтэй олон л хэрэгт нэр нь хавчуулагдаад шуугиж байгаа харагдах. Д.Дорлигжав энэ асуудлуудад нь яаж ханддаг юм бол гэж олон хүн бодож байгаа байх. Би энэ тухай асуух ёстой гэж бодож байна. 
-Ямар хэргийн тухай ярьж байгаа юм бол.

-Охиных нь холбогдсон, хүргэн гэх Г.Дэнзэнгийн талаарх асуудлууд гээд олон л шуугиан явж байна шүү дээ. 
-Төрд зүтгэж байгаа хүн нутаг ус, жалга дов, хувь хүмүүсийг яриад байх нь үнэхээр зохисгүй бөгөөд хоорондоо хэмжээ хязгаар, ёс зүй, эрэмбэ зиндааны хувьд огт авцалдахгүй яриа хөөрөө шүү. Мэдээж унасан өлгийдүүлсэн нутаг усаа хайрлаж чадаагүй хүн эх орныг бүхэлд нь хайрлаж чадахгүй. Тэр амин голын хайртай бага эх орон болсон нутаг усаа сэтгэлдээ тээж явах ёстой. Миний баримтлах зарчим бол өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийг л мөрдөж ажиллах, энэ миний үүрэг. Би аливаад автахгүй. Тийм зан надад байхгүй.

-Сэтгүүлчийн ажил баримтын араас л явдаг ажил. Сүүлийн долоо хоногийн турш олон тэрбумын тоо тавьсан Ерөнхий сайдын хүргэн гэх Г.Дэнзэнтэй холбоотой мэдээлэл цахимаар урслаа. Үнэхээр шалгагдаж байгаа ийм зүйл байна уу, байхгүй юу. Эсвэл танай эрх үүрэгт хамаагүй асуудал уу?
-Би барин тавин нотолгоогүй шуугиж байгаа зүйлийг дагаж намирахгүй. Байгаа юмыг байгаагаар нь л явуулна. Эцсийн дүндээ буруу бол буруугаар нь шүүгээд л тунгаалгаад гаргана.

-Албан тушаалтнуудыг хаацайлаад гардаг, ард түмэн дээр үйлчлэхдээ ялын бодлого хатуу байна л гэх юм. Ноён Прокурор, та бол бөөрөнхий хүн биш. Албаны ёс журам, баримтлах ёстой зарчмаа надад хэллээ. Би шалаад баймааргүй байна. Гэхдээ намайг уншигчид маань хүчтэй шүүж байдаг. Асуусангүй гээд л буруушаана шүү дээ.
-Сэтгүүлч хүний зовлон. Би ойлгож байна.

-Цагдаагийн шалгаж байгаа олон хэргүүдийг будлиантуулдаг, гараа дүрж бужигнуулдаг байгууллага гэж прокурорынхныг хэлцэх юм. Таныг ирэхэд ёс суртахууны хувьд хэр төлөвшсөн байгууллага байсан бэ. Одоо энд дорвитой ямар өсөлт, өөрчлөлт шинээр бий болов?
-Ер нь жилдээ 20-иод мянган хэргийг хуулийн байгууллага шийддэг. Энэ дотроос гарын арван хуруунд багтах тооны хэргийг л хүмүүс тойруулж шуугидаг шүү дээ. Энэ байдлаас болоод тэрний алдаа оноогоор бүхэлд нь салбарын ажилтнуудыг харлуулсан дүгнэлт хийж болохгүй. Төрийн хүнд албыг хуулийн байгууллагын мянга мянган алба хаагчид өдий хүртэл залгуулаад, буруу зөвийг нь тогтоогоод ирсэн юм. Цаашдаа ч тийм байна. Энэ дотор алдаа гаргаж байгаа, албаа хувийн эрх ашигтаа ашиглаж байгаа, төрийн хүний байр сууринаас биш хандаж байгаа, тэрнээсээ болоод иргэдийг гомдоож байгаа цөөн хүмүүс байж болохыг үгүйсгэхгүй. Ийм зүйлтэй  бид хатуу тэмцэж байгаа. Төрийн энэ албыг ариун байлгах гэж чадлаараа л ажиллацгааж байгаа.

-Шүүгчдийн цалин дээр бол үсрэнгүй өөрчлөлт гаргалаа. Яагаад тэдний цалинг нэмж болохгүй гэж. Энэ бол шүүгчдийг хараат бус үйл ажиллагаагаа явуулахад асар том түлхэц өгсөн шийдвэр. Гэвч манайхны зарим буруутгаад дайрч л байна. Харин прокурорын цалин хөлс хэр байдаг вэ.
-Энэ асуудал дээр төрийн зүтгэлтнүүдээсээ эхлээд нийгэмд буруу дохио өгчихсөн юм. Шүүгч л чухал. Шүүхийн байгууллагыг онцгойлон авч үзэх ёстой ч гэдэг юм уу. Тэгээд тэрийгээ дагуулсан сурталчилгаануудыг урсгачихсан. Гэтэл прокурор ялгаа байхгүй хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг. Шүүгчийн цалинг өндөрсгөөд өгөхөөр сөрөг үр дагавар гарч эхэлж байна. Сүүлийн үед өргөдлөө өгч гарч байгаа, шүүхэд орохоор шалгалт өгч байгаа прокурорын тоо нэмэгдэж байна. Хаана л шүүгчийн орон тоо гарна. Тэнд прокурорууд очиж өрсөлддөг болсон. Өмгөөлөгч болохоор явдаг болсон. Бүгд амжиргааны орлого дагасан тэмүүлэл шүү дээ. Үүнийг шүүмжлэх хэцүү шүү дээ. Ийм сөрөг юмнууд бол гарч байна. Анхнаасаа иж бүрнээр нь хандах ёстой байсан.

-Сүүлийн жилүүдэд бизнес, улс төрийн салбараас хүмүүс шалгагдах, баривчлагдах тохиолдол ихэссэн. Тэгээд маш олон сараар, жилээр хорьж гэсгээх юм. Жишээ нь, Х.Анхбаяр гэж бизнесмен залуу байна. Д.Цогтбаатар хурандаа байна. Гэр бүл, үр хүүхдээрээ, амьдралаараа гэсгээгдэж шаналж байна. Ингэж залхаан цээрлүүлэх арга барил үеэ өнгөрөөсөн биш юм уу. Сая Л.Гансүх бас баахан хоригдлоо. Энэ тухай би зочин болгоноосоо л асуух юм. Бүгд л буруу гэх. Гэвч байдал өөрчлөгддөггүй. Энэ талаар таны байр суурь ямар байдаг юм бол?
-Манай Эрүүгийн болон байцаан шийтгэх хуульд заагдсанаар хэрэг шалгаж байгаа байгууллагад өгөгдсөн нэг эрх нь мөн үү гэвэл энэ мөн. Энд нэг зүйлийг нарийн ойлгох хэрэгтэй. Гэмт хэргийг илрүүлнэ, нотолно гэдэг бол маш хүнд ажил. Тэр дундаа албан тушаалтнуудын хэргийг илрүүлнэ, нотолно гэдэг маш хүнд. Нэг талаасаа тэр хүмүүс хоригдож байгаа нь хэцүү, хүнд байдалтай харагдаж байгаа. Гэтэл хэргийг зүгээр л нэг илрүүлчихгүй. Хэрэг илрүүл гэдэг шаардлага тавигддаг. Бидэнд тийм үүрэг байдаг. Яагаад хориод байдаг юм бэ гэвэл тэр сэжигтний өөрийн үйлдлээс болдог. Гадуур шалгаж яагаад болдоггүй юм бэ л гээд байдаг. Гадуур тэр хүмүүсийг зүгээр сууж байдаг гэж бодож байна уу. Үгүй. Аль болох хэргийг илрүүлэхгүй байх, өөрийгөө хамгаалах гэсэн сэдэлтэй бүтэн кампанит ажиллагаа явуулдаг. Энэ бүхэн нь мөрдөн байцаах ажиллагаанд асар их саад учруулдаг. Тийм учраас яалт ч үгүй тусгаарлаж шалгах шаардлага байдаг. Бас нэг зүйл бий. Ганцхан хэрэг байдаггүй. Авагдсан мэдээллээр, шалгах ёстой олон салаа хэрэг байдаг. Өчнөөн олон үйлдэл цаана нь байдаг. Тэр бүхнийг эцэслэн шалгах, харилцан холбоог нь авч үзэх ийм шаардлага гардаг. Тийм учраас тусгаарлаж байж, хооронд нь хэл авалцуулахгүй байж байж шалгах ёстой болдог.Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Гэхдээ би онц шаардлагагүй бол хүнийг хорихыг урьтал битгий болгоорой гэдгийг мөрдөн байцаах, прокурорын ажилтны хамтарсан зөвлөгөөн дээр үүрэг болгосон. Харин гүйцэтгэх ажил, гэмт хэргийг илрүүлэхэд ил далд зөвшөөрөгдсөн арга техникүүд байнаа даа, тэрийгээ сайн хэрэглээрэй.Прокурор тэрэнд чинь зөвшөөрөл өгнө. Бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдана шүү. Гарцаагүй шаардлага тулгарсан үед л хорих арга хэмжээ авна шүү гэсэн ийм чиглэлийг өгч байгаа.

-Баярлалаа. Та миний асуултуудад илэн далангүй хариуллаа. Одоо нэг асуулт байна. 
-Асуу асуу.

-Та бол хэдийгээр түдгэлзсэн ч гэсэн Ардчилсан намын хүн. Танай намаас томилогдсон Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тухай Ерөнхийлөгч “Ноцтой алдаа дутагдал гаргасан. Гэхдээ үнэт зүйлд нь итгэж байна” гэх үгийг хэлсэн. Хэрэв танд хаяглаж Монгол Улсын Ерөнхийлөгч “Дорлигжавт гаргасан ноцтой алдаа бий” гэсэн үгийг амнаасаа унагасан бол та яаж хандах байсан бэ?
-Билэггүй муухай асуулт байна.

-Ахиад нэг асуулт байна. Тун саяхан манай дотоод улс төрийн амьдралд нэг хачирхалтай үйл явдал боллоо. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тодорхой үйлдсэн эрүүгийн хэргүүдээс үүдэж шүүхээс яллагдсан. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Гэтэл авилгын загалмайлсан эцэг хэмээгддэг, яллагдаж, уучлагдсан тэр хүнтэй эрх баригч Ардчилсан намын дарга 10 жилээр хамтран ажиллах гэрээ хийчихлээ. Ингээд нэг өглөө сэрэхдээ АН-ын гишүүд авилгын загалмайлсан эцгийнхээ хамтран зүтгэгчид болж хувирсан байсан. Энэ гэрээ яг юу юм бэ. Та бол энэ намын толгой лидерүүдийн нэг. Танай зарим нөхөд бол бараг уйлж байх шиг байна. 
-Хувь хүний маань хувьд энэ зөв үү, буруу юу гэж хэн ч надтай яриагүй. Хийснийх нь  дараа ч зөвлөлдөөд яриад байсан юм байхгүй. Нэг зүйлийг би мэдэж байгаа. Тэр юу гэхээр Ардчилсан нам Засгийн газраа байгуулахын тулд "Шударга ёс" эвсэлтэй гэрээ хийсэн юм. Энэ гэрээг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан бол тэр асуудлыг гэрээ хийсэн эвсэлтэйгээ хийх байсан. Яагаад МАХН-тай тусгайлан гэрээ хийх болсон юм бүү мэд. Үүнийг би ойлгоогүй. Ийм гэрээнүүдийг намын удирдах дээд байгууллагаас эрх авч байж хийдэг. Шууд гэрээ хийдэггүй. Санамж бичиг хийчихээд тэрийгээ дараа нь даруйхан намын удирдах байгууллагаар хэлэлцүүлж хүчинтэй баримт бичиг болгодог. Ийм л юм. Тэгэхээр энэ явдлын дараа бухимдах, эргэлзэх, үл ойлголцол гарах, гайхах нь зүй ёсны л хэрэг.

-Улс төрийн ёс зүйн хувьд харахад энэ явдал үнэхээр хэцүү явдал мөн биз дээ. Бүх лидерүүд хямарсан. Ерөнхийлөгч бол игзаар хүрэм явдал гэж хэлсэн?
-Ер нь хүн аливаа ажлыг хийж явахдаа зарчимтай л хандах ёстой. Зарчим гэдэг ойлголтоо л зүрхэндээ тээж явах ёстой. Өнөө маргаашийг харж болохгүй. Зарчимгүй явах юм бол бид өөрсдөө хэн ч биш болж хувирна. Түүхэнд алиа салбадайнууд, амиа хичээсэн, хувиа хичээсэн “амьтад” л болж үлдэнэ. Тийм муу “өв”-ийг, тийм муу уламжлалыг л үлдээнэ. Тэр тусмаа Төрийн эрхийг барьж байгаа улсуудын хувьд ийм муу “өв”, ийм муу соёлыг үлдээж хэрхэвч болохгүй. Энэ бол улс орны эрх ашгийн асуудал шүү дээ. Энэ үүднээс нь харж л эмзэглэлээ гаргаж байгаа юм.

-Та ҮЗХ-ны гишүүн мөн үү?
-Прокурор нам бусаар үйл ажиллагаа явуулах хуультай. Тийм учраас надаас ахин намын амьдралын талаар асуухгүй байхыг танаас хүсч байна.

-Би энэ намын бас нэг зүтгэлтний хувьд тань тавьсан л даа.
-Зүтгэлтэн байсны хувьд гээд засчих уу.

-Тэгвэл, зүтгэлтэн байсны хувьд асуулаа. Танд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа.
-Танд ч бас амжилт хүсье.
http://ganchimeg.niitlelch.mn/



Monday 3 November 2014

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Н.Алтанхуяг нэлээд “нохой зальтай” хүн юм

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өчигдөр “2-р суваг” телевизийн “Ярилцах танхим”-д уригдан сэтгүүлч У.Оргилмаатай цаг үеийн асуудлаар ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.

-“Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад хугацаа нь дуусмагц өнөөдөр /өчигдөр/ үдээс өмнө УИХ-ын чуулганы хуралдах эсэх нь ч, байнгын хороод хуралдах эсэх нь тодорхойгүй, хүлээлтийн байдалд байлаа. Тэгэхээр УИХ-д дөрвөн намын бүлэг, бие даагчдын зөвлөл нийлж төр барилцаж байгаа. Гэтэл АН-ын бүлгийн улстөржилт, зөвшилцлийг хүлээгээд төсвөө ч хэлэлцэх боломжгүй сууж байх нь хэр зохимжтой вэ? 
-Ерөнхий сайдыг огцруулах саналд УИХ-ын 28 гишүүн гарын үсэг зурж,  УИХ-д өргөн барьсан. Уг асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өчигдөр /уржигдар/ дууссан. Өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг тойрч яриад одоогийн байдлаар эцсийн байдлаар шийдэлд хүрээгүй байна гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл одоог хүртэл Ардчилсан нам ямар нэгэн шийдэлд хүрээгүй” байна. Тэгээд уг асуудлыг өнөөдөр /өчигдөр/ чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч Төрийн байгууллалтын байнгын хороо хуралдаагүй гэдэг үндэслэлээр хойшлуулчихлаа. Бид энэ сандал суудалтай холбоотой асуудлыг хэлэлцэхдээ дэггүй болчихоод байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг 100 гаруй хоног хэлэлцээд хамгийн сүүлд яам нь байхгүй болж дууссан. Үүний өмнө Сангийн сайд Ч.Улаан, Н.Батбаяр сайд хоёрын асуудлыг зэрэг оруулж ирсэн. Мөн л олон хоног үргэлжилсэн. Одоо Ерөнхий сайдын асуудал бас л сунжирч байна. 

-Одоо тэгвэл Ерөнхий сайдыг Засгийн газаргүй болж дуусах юм болов уу даа?
-Бараг тэр замруугаа л явах гээд байна. Гэхдээ АН-ынхан хоорондоо ярьж байгаа шийдвэрээ гаргаад чуулганы маргаашийн /өнөөдрийн/ хуралдаанаар хэлэлцэж эхлэх болов уу гэж бодож байна. Төсвийн тухай хуулийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлагдах хуультай учир энэ хуулийг дагалдах хуулиудыг хэлэлцэж  эхлээд байна.

-Танай намынхнаас зарим төлөөлөл Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар АН-ынхантай зөвшилцөж эхэллээ гэсэн мэдээлэл дуулдах боллоо. Энэ нь МАН-ынхан сөрөг хүчний үүргээс илүүтэй улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж байна гэх нэмэх оноо авчирч болох ч Ерөнхий сайдтай хариуцлага тооцох талаар тууштай ажиллаж чадсангүй  гэдгээрээ урам хугалж мэдэхээр байна?
-Зөвшилцөх асуудал гаргах үндэслэлгүй. Ийм шаардлага гарвал уг асуудлаар намын бүлэг дээрээ ярина. Эвсэх эсэх асуудлыг манай намын дүрмээр намын Бага хурал хуралдаж шийддэг дүрэмтэй. Тэгэхээр асуудал иймдээ тулбал Бага хуралд хүрч шийдэгдэнэ. 

-МАН, АН-ынхан зөвшилцөөд Ерөнхий сайдыг огцруулах саналаа буцааж татчих юм биш биз гэсэн хардлага л төрүүлээд байгаа хэрэг? 
-Үгүй байх. Энэ асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлэг хатуу байр суурьтай байгаа. Бид Ерөнхий сайдыг яагаад огцрох ёстой вэ гэж үзэж байгаа гэхээр өнөөдөр өөрөө “Улс орон маань туйлдаж дууслаа” гээд “гаслаад” сууж байгааг нь харж байна. Туйлдуулсан шүү дээ. Үнэн ярьж байна. Хэн туйлдууллаа. Ямар Засгийн газар хүлээж авлаа. Ямар санхүү, хөрөнгөтэй байлаа. Хэчнээн их мөнгө зарцууллаа. Эцэст нь та бидний орлого 40 хувиар буурчихаад л сууж байна. Тийм болохоор бидний зүгээс ерөөсөө Засгийн газрын тэргүүнийг нь огцруулаад өөр хүн гарч ирж, өөр бодлогоор явуулахгүй бол болохгүй гэж үзэж байна. Энэ хүн энэ бодлогоор Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллавал 2015-2016 он гэхэд улс орон “элгээрээ хэвтэх” нөхцөл байдал үүснэ гэж үзэж байна. 

-Мэдээж энэ том намын хувьд Ерөнхий сайдаар томилогдох кандитат хангалттай байгаа байх. Таны төсөөллөөр ямар хүнийг Ерөнхий сайдаар томилбол улс орны эдийн засгийг өөд нь татаж болмоор санагдаж байна вэ? 
-Эрх барьж байгаа хүмүүс нь Ерөнхий сайдын асуудлаа шийдэх байх.  Миний бодлоор Ерөнхйи сайдаар ямар хүн байх ёстой вэ гэвэл сөрөг хүчний тавьж байгаа шүүмжлэлүүдийг сонсоод өөдөөс нь арзайтал хэрэлдээд байх биш. Энэ шүүмжлэл нь зөв байна, энэ асуудлыг нь ажилдаа тусгая гээд ажиллаж чаддаг хүн байх ёстой. УИХ гэдэг бол зөвшилцөөний байгууллага. Өнгөрсөн хоёр жилд яаж явлаа. Юм л ярьвал өөдөөс утгагүй тайлбар тавиад хүчээр түрээд шийдээд явсан. Түрж яваад сайхан болсон бол нэг хэрэг. Ямар байдалтай байгааг нь та бид харж байна. Цаашдаа Монголын улс төрийг тогтвортой байлгая гэвэл улс төрийн уур амьсгалаа зөөллөөд зөвшилцөөн хийгээд, хүний шүүмжлэлийг тайван сонсоод “миний алдаа энэ оноо нь ийм байна шүү” гэж хараад сууж байдаг байх ёстой. 

-Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрт уулзлаа гэх мэдээлэл хангалттай явлаа. АН-ын бүлэг хаалттай хуралдаанаар асуудлыг шийдсэнгүй, Ерөнхий сайд мэдээлэл хийсэнгүй. Дэвшүүлсэн таамаглалаар Н.Алтанхуяг АН-ын даргын суудлыг өгөөд Ерөнхий сайдаар үлдэнэ гэсэн яриа байгаа. Ийм жишиг урьд нь байсан юм уу. Танай намын хувь 2007 онд Ардын намын дарга Ерөнхий сайд Н.Энхболд гишүүдийн шүүмжлэлийн дагуу ажлаа хоёуланг нь өгөөд С.Баяр дарга тамгыг хүлээж авангуутаа “Надад эрх мэдэл өгчихвөл энэ улс орныг хангалттай аваад явж чадна гэдгээ намынхандаа амлаад аль аль ажлыг нь авч явж байсан. Одоо таамаглаж байгаагаар АН-ынхан намын дүрмэндээ өөрчлөлт оруулаад энэ хоёр албан тушаалыг салгах жишиг тогтоож ч магадгүй байна?
- Засгийн эрх барьж байгаа нам юм бол тухайн намын дарга эрх мэдлээ эдлээд хийх ажлаа хийгээд дараа нь хариуцлагаа хүлээдэг зарчим олон улсад байдаг зарчим. Энэ зарчмыг манай улс баримталж ирсэн. Манай намын дүрмээр  ч дарга нь Ерөнхий сайд болоод үүргээ хүлээгээд явдаг. Ардчилсан нам өөрөөр хийх гэж байгаа юм уу, үгүй юу гэдгийг одоогоор хэвлэлийн мэдээ учраас тааж, хэлэхэд хэцүү байна. Гэхдээ төрийн ажилд намын асуудал хамаагүй. Бид Ардчилсан намын даргыг огцруул гэдэг асуудал тавиагүй. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавиад байна шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайдын асуудлаа түргэн шийдээд шинээр томилогдох Ерөнхий сайд нь зөвшилцөөнөө хийгээд төсвөө хурдан батлаад улс орны гацаанаас гаргах ёстой гэж үзэж байна. Тэр намын асуудлаа бол дараа нь л шийднэ биз. Өөрдсийнх нь  дотоод асуудал юм чинь.

-Ерөнхий сайдад хариуцлага тооцох гээд байгаа шүү дээ. Гол шалтгаан нь таны хувьд юу байх вэ. Намын шийдлээс гадна улстөрчийн тань хувьд асууж байгаа юм?
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө гэж байсан шүү дээ. Одоо энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд дууссан бол хариуцлагыг нь бид ярих ёстой. Тэгээд Эдийн засгийн хөгжлийн сайдтай нь хариуцлага ярина гэхээр бүтцийн өөрчлөлт хийх нэрээр хариуцлага тооцолгүй ажлаас нь чөлөөлчихлөө. 

Засгийн газар ямар нэгэн төлөвлөгөө гаргаад тэрийгээ УИХ-аар батлуулаад  тэр төлөвлөгөө нь хэрэгжээгүй байгаа бол, тэр сайд нь байхгүй тохиолдолд Ерөнхий сайдтай нь л хариуцлага ярина шүү дээ. Өөр сайд байхгүй. Сангийн сайд нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгэхээр өөр ярих эзэн байхгүй, Ерөнхий сайд л болчихоод байна. 

-Төсөв хэлэлцэж байх үед Сангийн сайдаа ч томилоогүй, Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг бүтцээ татан буулгачихаад байгаа нөхцөлд байдал үүсчихээд байгааг та Засгийн газрын тэргүүн буруу удирдсаных гэж үзэж байна уу. Эсвэл засаглалын тогтолцоотой нь холбоотой юу?
-Засгийн газрын тэргүүнтэй л холбож авч үзнэ. Төсөв хэлэлцэж байхад Сангийн яамныхны төсвөө боловсруулсан байдал арай л дэндүү байна. Төсвийн хэлэлцүүлэг телевизээр гарахад та бүхэн харсан байлгүй. Манай бүлгийн гишүүдээс “Нэг объект хоёр давтагдаж бичигдсэн байна”,“Энэ нь хийгээд дууссан ажил тусгагдсан байна” гэж гайхаж шүүмжлэхээр Ерөнхий сайд “Харин тийм. Учрыг нь ол гээд орон нутаг руу явуулсан” гэж тайлбарлаж байсан. Ийм хамуурчихсан удирдлага байх юм уу. Хаана, юу хоёр давхар бичигдэж вэ, алийг нь хийж дууссан байна вэ гэдгийг ч мэдэхгүй байна. Өөрөө учрыг нь олж чадахгүй байгаа болохоороо орон нутаг руу шилжүүлж байгаа юм гэж яриад сууж байдаг. Сангийн яамныхан Булган аймаг дээр бүхэл бүтэн сургууль мартчихсан сууж байсан. Энэ сургууль энд ч тэнд ч алга хаана байна гэхээр “Марчихаж ээ” гээд сууж байна. Ийм хариуцлагагүй нөхдүүд сууж байна. Яаж хариуцлага тооцохгүй өнгөрөх юм бэ

-Тэгээд төсөв дотроос сургуулиа “олсон” уу?
-Одоо тэгээд нөгөө “хулхи жагсаалт” руугаа л хийнэ гэж байгаа. “Хулхи” гэж хэлээд байгаа нь 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй объект тавиад дунд нь өнөөх сургуулийн төсөвт зориулж 2,5 тэрбум төгрөг сэм шургуулж хуваарилахыг хэлж байгаа юм. Тэгэхээр төсвийн төсөлд огт байхгүй болгосноос тэр “хулхи төсөвт” нь ч гэсэн байж байг гэж бодож байна. 

-Ийм хариуцлагагүй байдлыг Төсвийн байнгын хорооны дарга нь юу гэж үзэж байх юм бэ? 
-Төсвийн байнгын хороо өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын өргөн барьсан бүх дагалдах хуулийг унагаагаад ороод ирж байна. Өөрөөр хэлбэл Төсвийн байнгын хороо дэмжихгүй байна гэсэн үг. 

-Боломжийн ажиллаж байна гэж та үзэж байна уу? 
-Хангалтгүй л дээ. Төсвийн байнгын хороо иймэрхүү байдлаар төсөв боловсруулсан хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Яамны сайд нь байхгүй юм чинь Ерөнхий сайдтай нь хариуцлага ярих ёстой. Ерөнхий сайд одоогоор Сангийн сайдын үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ. Сангийн яамны болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас очсон хөрөнгө оруулалт хариуцсан тэр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнийг Төсвийн байнгын хороо Засгийн газраас шаардах ёстой. Гэтэл “Давхар дээлтэй” сайд нартай Засгийн газар болохоор УИХ нь Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй, аялдаад яваад байдаг дүр зураг харагдаж байна. 

-Сүүлийн үед МАХН, АН-ын хооронд байгуулсан гэрээний талаар шуугиад өнгөрлөө. Сүүлдээ эзнийг нь танай намаас олж байх шиг байна. Энэ үйл явдлыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Гэрээ бол байгуулагдсан. АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр зэрэгцэж сууж байгаад гарын үсэг зурж байхыг нь бүгдээрээ л телевизээр харсан. Гэхдээ тэр гэрээний агуулга талаасаа утгагүй санагдсан. Ерөнхий утгаараа манай намд ашигтай. Би хоёр өрсөлдөгчтэй явах байсан бол нэг өрсөлдөгчтэй болгож өгч байгаа юм. Энэ талаас нь  хоёр намын дарга “баярлалаа” гэж хэлэх ёстой.

-Ардчилсан намын алдаа оноо, тэр тусмаа Засгийн газрын гаргаж байгаа алдаатай талыг хараад олон нийт “МАН-ынханд битгий ийм боломж өгөөч ээ” гэх юм. Тэгэхээр улс төрийн тоглолт гэдэг талаас нь илүү хараад байна. Уг нь цаг алдалгүй төсвөө батлахаас эхлээд улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавих ёстой биз дээ?
-Ардчилсан намын нэр бүхий 15 гишүүн Ерөнхий сайдыгаа огцруулахаар гарын үсэг зурсныг нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн байна гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Урьд өмнө нь болохгүй байна. Н.Батбаяр, Ч.Улаан сайдыг чөлөөлөөч ээ, буруу бодлого яваад байна гэхээр “Сайхан байгаа, зүгээр байгаа. Та нар дандаа улстөржиж байх юм” гээд яваад байсан. Тэр үед өвчнийг бага дээр нь анагаах ёстой байсан юм. Гэтэл нөгөө хэдээ чирч явсаар эцэст нь өөрөө хүнд байдалд ороод түүнийгээ МАН-ынхан дээр өлгөх гэж байгаа бол хүлээн зөвшөөрч чадахгүй. 

-Та өмнө нь Засгийн газрын гишүүн байсан. Тухайн үед сөрөг хүчний зүгээс Засгийн газрын зарим гишүүнийг, Ерөнхий сайдыг огцруулах талаар удаа дараа бичиг өргөн барьж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг УИХ-ын нийт гишүүнээс 28 нь зурчихаад байгаа нөхцөл байдал үүсч байгаагүй. Ийм нөхцөл байдалд Засгийн газрын танхим яаж ажилладаг юм бэ?
-Би чинь “дан дээлтэй” Засгийн газрын гишүүн байлаа. Огцруулах талаар УИХ-ын гишүүдийн зүгээс олон янзын процесс явж байсан. Энэ тохиолдолд танхимын гишүүд хамгийн гол нь огцруулах үндэслэлийг нь сайн харах хэрэгтэй. Одоогийн энэ тохиолдлыг үндэслэл нь бүрэн бүрдсэн гэж харж байгаа. Яалт ч үгүй таны амьдралд төгрөгийн ханш нөлөөлж байгаа. Буруу бодлого явуулаад байна гэдгийг хэлээд байхад тэр чигт нь явуулаад ийм нөхцөл байдал үүсгэсэн хүнтэй хариуцлага тооцохоос өөр замгүй. Түүнээс биш Н.Алтанхуяг гэдэг хүнийг зүгээр л албан тушаалаас нь огцруулахын төлөө л огцруулах бичиг өргөн бариад байгаа юм биш. 2015 оны төсвөө хар л даа. Өр нэмэгдсэн, нэг ч шинэ барилга бари хгүй, хуучнуудынхаа гуравны нэгийг гүйцээнэ гэсэн төсөв орж ирж байна. 

Ямар их мөнгөөр Засгийн газар үйл ажиллагаагаа эхэллээ. Ямар их өр тавьсан билээ. ЗХУ-д төлөх байсан өрийг 250 сая ам.доллараар барагдуулж байсан. Түүнийг 10 нугалсаны дайтай өрийг хоёр жилийн хугацаанд аваад 250 сая  рублийн өртэй дүйцэхүйц ажил хийсэн үү. Огт юу ч хийгээгүй гэж хэлэхгүй. Ажил хийсэн. Гэхдээ 1940-1990 оны хооронд авсан рублийн өрөөр юу хийлээ. Улаанбаатар хотын тал нь баригдаа биз дээ. Тэгэхэд түүнээс 10 дахин их мөнгөөр юу хийв. Чамлалтай байгаа биз дээ. 

-Ярилцагынхаа төгсгөлд нэг таамаг ярья. Ерөнхий сайд өнөөдөр улс төр, эдийн засгийн ийм хүнд нөхцөлд, АН доторх, УИХ доторх байдал хэцүү уур амьсгалыг мэдэрсээр байж тэвчээд “Ерөнхий сайдын албыг хашъя. Намын даргын албан тушаалаа өгөөд ч болтугай Ерөнхий сайдаар ажиллая” гэж байгаагийн  шалтгаан юунд байна гэж бодож байна вэ?
-Улс орон, УИХ, нам доторх уур амьсгал нь ийм таагүй байхад улс орноо боддог хүн бол ажлаа өгөөд дараагийн хүнд нь боломжийг олгох ёстой. Энэ бол Н.Алтанхуяг гэдэг хүний хувийн асуудал биш. Бид бол огцруулах асуудлыг гурван үндэслэлээр тавьсан. Эдийн засгаа сүйрүүлчихлээ, ЭЗЭН-100 хөтөлбөрийн тайлангаар хариуцлагаа тооцуулах ёстой. Ерөнхий сайдаар ажиллах ёс зүйн эрхгүй. Түрүүчээсээ үр хүүхэд нь, зөвлөх гэхчлэн ойр орчмын хүмүүс нь хэрэг түвэгт орооцолдоод байна. Энэ гурван үндэслэлээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа өгөх ёстой л гэж үзэж байгаа юм. Дараагийн хүн нь гарч ирээд өөрсдийн бодлогыг танилцуулаад явах юм бол манай нам гаднаас нь дэмжээд явж болно. Заавал сөрөхийн тулд сөрдөг,  сөрөг хүчин учраас дандаа эсрэг кноп дардаг гэсэн ойлголт байхгүй. 

-Танай намынхан Бага хурлаараа хэлэлцээд Засгийн газарт хамтраад ажиллана гэсэн асуудал байж болох уу?
-Намын Бага хурлын шийдэх асуудал учраас би урьдчилж таамаглаж болохгүй. Хамтарч ажиллах сэдвүүд хангалттай байгаа. Тодорхой сэдвүүдээр хамтраад ажиллана гэвэл болно. Харамсалтай нь хоёр жил хамтарч ажиллах нь байтугай сонсох ч үгүй явж ирлээ. Нэгэнт л улсын эрх ашиг учраас тодорхой сэдвүүдээр хамтарч ажиллая гэвэл Засгийн газарт орохгүйгээр хамтарч ажиллаж болно. 

-Ерөнхий сайд алдаагаа засаад хэлэлцээрийн ширээний ард сууя гэвэл танай бүлгийн гишүүд хэрхэн хандах бол?
-Хүн бүр янз бүрээр хандах байх. Яг улс орны хөгжилтэй холбоотой тодорхой асуудлаар суухад хэн ч дургүйцэхгүй.

-Хэрэв Н.Алтанхуяг Ерөнхий сайд намын дарга, хэвээрээ үлдэх юм бол МАН-ынхан сөрөг хүчний үүргээ тааруухан биелүүллээ гэсэн шүүмжлэл сонсож таарна. Улс төрийн оноо дүүрч гэж бодъё. Харин дараагийн алхам юу байх вэ?
-Бид дахиад л хариуцлага тооцох, огцруулах асуудлыг тавина. Буруу бодлого үргэлжлээд байвал улс орон улам хүндэрнэ. Ер нь Н.Алтанхуяг нэлээд  “нохой зальтай” хүн юм. Эхлээд огцруулах асуудал орж ирээд байдал хүндрээд ирэхээр 100 хоног гээд завсарлага авсан. 100 хоног нь дуусаад хариуцлага яриад эхлэхээр бүтцийн өөрчлөлт гээд оуулаад ирж байна. Энэ хүн ч яахав бултаганаад сайдаараа ажиллаад сайхан л байдаг байх. Улс орон чинь бодлогогүй болоод хүндэрч байна. Төсөв оруулж ирэхээрээ бүх хэцүү асуудлуудаа орон нутгийн засаг дарга нар руу шидчихсэн сууж байна. Ийм Засгийн газар, ийм Ерөнхий сайд байж болохгүй.

-УИХ-ын чуулганаар ирэх оны Төсвийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнөөдөр /өчигдөр/ чуулганы нэгдсэн хуралдаан дээр та нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Орон нутагт 21 ханлигтай боллоо гээд байв уу? 
-УИХ-ын чуулганы хуралдаанд  ирэх оны төсвийг дагалдуулж оруулж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна. Гол маргаан хоёр гурван сэдвээр явж байна. Юуны өмнө боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын төсвийг орон нутаг руу шилжүүлж байна. Энэ зөв үү гэдэг дээр маргаан өрнүүллээ. Би хувьдаа “Буруу шүү” гэдгийг шүүмжилж саналаа хэллээ. Учир нь 2003 оноос өмнөх Төсвийн байгууллагын удирдах санхүүжилтийн тухай хуулиас өмнө хэвтээ тогтолцоотой орон нутгийн мэдэлд төсөв нь байдаг байсан. Тэгэхээр боловсролын салбарт ямар асуудал үүсдэг вэ гэхээр хамгийн их төсөвтэй нь боловсролын салбар байгаад үүнд орон нутгийн Засаг дарга нар нь гар хүрчихээд байдаг байсан. Босоо тогтолцоотой болсоны дараа орон нутгийн удирдлагууд төсөв рүү гар хүрэхээ больсон. 

Хоёрдугаарт: Хөрөнгө оруулалтыг орон нутаг шийд гээд өгчихөөр салбарын сайд байх хэрэг байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Жишээлбэл, Булган аймаг дээр 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй есөн объект тавьчихаад дунд нь 2.5 тэрбум төгрөг өгчихөөд орон нутгийн удирдлага шийднэ гэдэг. Зарим аймагт сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Тэгэхээр Монголын Улс боловсролын салбарын нэгдсэн бодлого байхгүй болох аюултай нүүрлэж байна Тийм учраас ерөөсөө Монгол Улс 21 вантай ханлигуудын нэгдэл болж хувирах гээд, дунд нь эрх мэдэлтэй эсэх нь мэдэгдэхгүй Ерөнхий сайд гэдэг нэг “мануухай”-тай улс болох гээд байна. Тийм учраас л шүүмжлээд байгаа юм. 

-Ерөнхий сайдын хувьд орон нутгийн удирдлагуудыг цуглуулаад, өөрийн гэсэн чиг үүргийг өгөөд бас асуудлаа зохицуулаад явна гэж тооцоолоод энэ төсвийг гаргаж ирсэн байх. Энэ нь танд итгэл төрүүлэхгүй байгаа юм аа даа? 
-Нэг онигоо байдаг даа. 50 төгрөг өгөөч гэхээр 40 төгрөг өг, 30 төгрөгөөр юу хийх гэсэн юм. Май энэ 20 төгрөг гээд 10 төгрөг өгчихлөө гэдэг шиг нөхцөл байдал үүсгэж байна. Үүнийг би хариуцлагаас зугтсан  алхам гэж  бодоод байгаа юм. Манай аймагт баригдаж байсан сургууль баригдаагүй байна гэхчлэн асуудал үүсэхээр Ерөнхий сайд “Бүү мэд орон нутгийн удирдлагад чинь мөнгийг нь өгчихсөн шүү дээ” гээд сууж байх ийм л зүйл болох гээд байна. 

Жишээлбэл боловсролын салбарыг аваад үзье. Манай боловсролын салбарт “Боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө” гэж юм байдаг.   Үүнд нэг ангид суух хүүхдийн тоог 2015 он гэхэд төд хүргэнэ. Нэг багшид ногдох хүүхдийн тоог төд хүргэнэ гээд тодорхой заадаг. Тэгэхээр одоо энэ мастер төлөвлөгөө нь ямар байхыг бүү мэд. Учир нь 21 аймгийн удирдлагууд тус тусдаа шийдвэр гаргах болчихоод байгаа юм. Сайд нь бол би мэдэхгүй, аймгийн удирдлагууд мэднэ гээд сууж байх дүр зураг л харагдаж байна. 

-Хувийн сургуулиудын хувьсах засварын зардлыг төсөвт суулгаагүй байна гэдэг асуудлыг та өнөөдөр ярьсан. Гэтэл үүнийг алга болж, төсвөөс нь олоорой гээд байсан олсон уу. 
-Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулаад ер нь хувьсах зардлыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургуулиудад өгдөг байсныг болиулж байгаа юм. Үүнийг би яагаад шүүмжлээд байгаа юм гэхээр нэгдүгээрт тэр мөнгийг улс илүү гарсандаа өгдөггүй. Монгол улс Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн суурь боловсролын үнэ төлбөргүй эзэмшинэ гээд заачихсан байдаг. Таны хүүхэд хувийн сургуульд явлаа гэхэд төрхувьсах зардлыг нь өгчихөөд би хүүхдийг чинь боловсролын зардлыг өгчихсөн шүү. Дээрээс нь чи төлбөр төлөөд сайн боловсрол эзэмшүүлэх гэж байгаа бол сонголтоо хий. Тэр зардлыг хасч байгаа юм. 

Гэтэл гишүүд яг энэ салбарыг сайтар мэдэхгүй болохоор эндүүрч яриад байна билээ. Би буруу санаагүй бол Улаанбаатар хотод 120 гаруй хувийн сургууль байдаг. Үүний дотор таван саяас дээш төлбөртэй сургууль хуруу дардаг. Цөөхөн ганц хоёр сургуулиар жишээ авчихаад сургууль, ялангуяа цэцэрлэг, хувийн цэцэрлэг бол 300 мянган төгрөгийн төлбөр авдаг. Тэдэнд хувьсах зардлыг нь өгөхгүй гэхээр хувийн байгууллага л юм чинь ашиг алдаагаа тооцож таарна. Тэгэхээр эцэг эхээс авах мөнгөн дээрээ нэмээд авна гэсэн үг. 

-Энэ талаасаа бол дээрх асуудал Үндсэн хуулийн Цэц дээр гомдол болж очвол унахаар харагдаж байна?
-Үндсэн хуулийн Цэц дээр очвол унана. Бид өнөөдөр Ардчилсан намын нөхдийг юу гэж шүүмжилдэг вэ гэхээр зах зээлийн нийгэм, ардчилал ярьдаг мөртлөө гарч ирээд дандаа л хувийн өмч рүү дайралт хийдэг. Хүмүүс боломжоороо чанартай сургууль, цэцэрлэг ажиллуулаад төрийн нуруун дээр байгаа ачааллын нэг хэсгийг үүрээд явж байхад үүнээс харамлаад олигтой хэмнэлт гараад сүйд болохгүй шүү дээ.

-Өмнө нь манай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Мөрөөрөө дампуурах эрхийг минь өгөөч” гээд бичиж байсан даа. Энэ тохиолдолд чөлөөт өрсөлдөөн үүсч олон нийтийн хүсээд байгаа боломжийн чанар, төлбөрийн ханш тогтох болов уу?
-Ер нь боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн байгууллагууд ихэнхдээ төрийн боловсролыг чирч яваа газрууд шүү дээ. Манайхан Кембрижийн боловсрол гээд ярьдаг. Тэр бол Орчлон сургууль дээр хэрэгжүүлж эхэлсэн стандарт. Үүнийг дагаад бусад төрийн сургуулиуд нь энэ стандартаар явъя гэх болсон.  Товчхондоо “өөхтэй хавиргаа түрүүлээд идэж байгаа” юм шиг л харагдана даа. 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

http://orgilmaa.niitlelch.mn/