Tuesday 25 February 2014

С.Баяр: Би элдэв амбицаа эрт татсан

Манай “Ярилцъя” уншичидтайгаа аль болох ховор, нийгэмд эрэл сурал үүсгэж байдаг, байр суурийг нь чагнахыг хүсч байдаг, хэвлэлийнхнийг араасаа хуйлруулж байдаг супер зочдыг уулзуулахыг хүсдэг. Энэ удаа ч нэгэн ховор зочны ярилцлагаар та бүхэндээ сюрприз барьж байна. Тийм ээ, тэр бол бүх алдар нэрийг нь дурьдалгүй зүгээр л нэрийг нь хэлэхэд гоё зочин. Тийм ээ, манай өнөөдрийн зочин Санжийн Баяр. 

-Юуны өмнө  урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Таныг “бултчих” болов уу гэж айж байлаа. 
-Би амласнаасаа буцаж байсан удаа бий бил үү. (инээв)

-Байхгүй л дээ. Гэхдээ санал тавиад чамгүй удчихсан болохоор...
-Ажлын зав зай болохгүй яваад байлаа. За, хоёулаа эхлэх үү дээ. 

-Таныг зүрхний хүнд хагалгаанд орсныг мэдэж байгаа.  Өвчин бол хүний ямар ч мөрөөдөл, ямар ч хүсэл тэмүүллээс холдуулдаг зүйл.  “Эрүүл явбал эр хүний замын хүзүү урт даа”... гэж таны санаашрангуй  хэлсэн үгээр өндөрлөж байсан бидний уулзалтаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. Харин одоо  бол  та эрч хүч дүүрэн, эрүүл сайхан харагдаж байна.                                    

- Уулзаж ярилцаагүй нээрээ л удсан байна. Цаг хугацаа ч сум шиг  жирэлзэх юм.

-Тантай би амьдралын тань янз бүрийн үед ярилцлага хийж явлаа. Өвдсөн шаналгаатай үед ч, санаанд оромгүй эрс шийдвэр гаргаж гайхшруулсан үед тань ч. Эдгээр үеүүд дотроос хамгийн онцлог нэгэн үеийг  л онцолж асуумаар байх юм. 

-Нэгэнт асуух гээд бодоод явсан асуулт байгаа бол одоо асуух л ёстой байх даа. 

-Нөгөө алдарт “стандарт бус” гэгддэг шийдвэрийн  тухай л даа. Намын дарга С.Баяр сонгуулийн ялалтаа хямдхан арилжсан.  Ялагдсан АН-ынхныг өөд нь татаж хамтарсан засгаа байгуулсан. Эндээс л бүх юм баларч эхэлсэн. Өнөөдрийн эдэлж буй зовлонгийн эх ердөө л энэ “стандарт бус шийдэл” гэж танайхны зарим хараах нь холгүй байх юм. Харин одоо танд тэр шийдлээс үүдсэн харамсал байдаг уу?

- Хамтарч нэгдсэнээс үүдсэн зовлон гэж байхгүй. Харин хагарч талцаснаас үүдсэн зовлон гэж зөндөө. Монголчууд бид үүнийг сайн мэдэх учиртай улс. Хамтарсны хүчээр Монгол улс маань ямагт сэрж,  сэргэж байсан. Харин хагарч бутрахаараа л унаж доройтдог түүхтэй. Хамтарсан Засгийн газар байгуулсны ачаар улсын маань эдийн засаг хоромхон зуур сэргэж хүчээ авсан. Өсөлтийнхөө хурдаар дэлхийд тэргүүлж, шагшигдаж байсан маань ингэхэд өчигдөрхөн биз дээ. Гэтэл өнөөдөр юу болж байна. Бүх юм эргээд унаж доройтож байна. Эцсийн дүндээ энэ бол хагарч талцасны л хар гай. Хамтарч чадахгүй, хамтрахыг хүсэхгүй байгаагийн балагтай үр дүн. Үүнд бол  би харин харамсч явдаг. Хараах, ерөөхийн хувьд гэвэл тухайн хүнийхээ санаа бодлоос л  болно. Хувиа бодвол хараах л байх. Би сайд, дарга болох байтал өөр намын хүнийг болголоо гэдэг ч юм уу. Улсаа бодвол ерөөх л байх. Монголчууд бид тус тусдаа ухантаж явснаас хамтаараа ухасхийж байна гэдэг талаас нь харвал шүү дээ.

- УИХ-ын сонгуулиас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Ардчилсан нам МАХН-МҮАН-тай хамтраад Засгийн газар байгуулаад явж байна. Ардын нам сөрөг хүчин болчихсон. Ийм нөхцөлд  “хамтарна, хамтаараа ухасхийнэ” гэдгийг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг унагаж, оронд  МАНАН-гийн шинэ Засгийн газар байгуулна гэсэн үг үү ?
-Хамтарч Засгийн газар байгуулна гэдэг бол улс төрийн намуудын хамтын ажиллагааны дээд хэлбэр. Ноднингийн сонгуулийн дараа Ардчилсан нам,  Монгол ардын намтай хамтран засгаа байгуулсан бол хэн ч гайхахгүй байлаа. МАНАН биш  АНМАН болоо л биз. Муулах нэг нь муулаад л, дэмжих нэг нь дэмжээд л явах байлаа. Улс орны эрх ашиг талаасаа ч, эр улсын харилцааны жудаг талаасаа ч энэ бол хамгийн ойлгомжтой хувилбар байх байлаа. Одоо бол манай намын хувьд тэр хувилбар цэглэгдээд, аль хэдийнээ “өнгөрсөн хорвоо”  болсон. Бүрэн эрхийн хугацааны бараг гуравны нэг нь өнгөрчихсөн байхад “галт тэрэг явчихсаан” гэхээс өөр юу гэхэв. Галт тэргэнд суух үнэгүй тийзээр урамшууллаа ч түүнийг нь алга тосон авах нь юу л бол гэж бодогдох юм. Гэхдээ хамтраад засаг байгуулах боломжгүй л бол хамтран ажиллах есгүй гэсэн үг биш. Нэг засагт орохгүйгээр хамтрах, хэл амаа ололцох бололцоо, шаардлага их байна. Ялангуяа улс орны аюулгүй байдал, хөгжлийн стратегийн асуудлаар улс төрийн намууд хамтрах, хэл амаа ололцох үүрэгтэй. Үндэсний эрх ашиг маань үүнийг шаардаад байгаа юм. Одоогийн цаг үе бол Монгол орны хувьд нэн онцгой үе юм. Гадаад, дотоод орчин нөхцөл, конъюнктур гэх ойлголт бий. Сүүлийн үед хэдийгээр муудсан ч тэдгээр нь ерөнхийдөө таатай талдаа л байна.  Одоо гаргаж буй төрийн шийдвэрээс Монгол орны аюулгүй байдал, хөгжлийн ойрын арав, хорь байтугай тавь, зуун жилийн төрх тодорхойлогдох гээд байна. Үүнийг мэдэж, мэдэрч байгаа учраас би хамтрах шаардлагын тухай байнга яриад байгаа юм.  Цаг үе маань ийм онцлог байгаагүйсэн бол “эерэг, сөрөг хүчин” болж тоглоод л, тулга тойрсон хэрүүлээ хийсэн шиг сууж  байж болохсон. Гэтэл ийм нөхцөл, конъюнктур бидэнд дахин олдоо ч уу, үгүй ч үү. Баялагтай хэрнээ ядуу, эрэлт хэрэгцээтэй хэрнээ бөглүү хэвээрээ арчаагүйтээд сууж болохгүй биз дээ. “Стандарт бус” гэмээр нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр л байна шүү дээ. Үүнийг ухаарч ойлгохгүй бол урагшлах зам бидэнд байхгүй.

-Ерөнхий сайдын ажлаа  С.Батболдод өгөөд явах үед тань би танаас  “Таныг гараад явчихаар  хамтарсан засаг гэх энэ гэр маань нурчих юм биш биз”  гэсэн асуулт тавьж байсан. Тэгэхэд та “Нэг хүн гарлаа гээд нурдаг  гэр  гэж юу  билээ”  гэж хариулж байсан. Гэтэл юу болов.  Хамтарч барьсан гэр тань нурчихлаа.  Хамтрагч  нам хэлснээсээ буцав уу, эсвэл залгамжлагч “хөвүүн” тань балчирдав уу. Юунаас болов оо ?  
- Хамтаараа босгосон гэр маань, хамтраад хэрэгжүүлж байсан бодлого маань яагаад  нурав гэх асуултын хариу тодорхой. Ард олны нүдэн дээр болоод өнгөрсөн явдал ш дээ.  Хэн нэгэн балчирдсанаас болоогүй. Харин хэн нэгэн болчимгүйтсэнээс болсон нь тодорхой. Бидэнтэй “хамтаръя” гээд хамтарсан нам дэндүү болчимгүй, дэндүү богино зайны “улс төр хийснээс”  үүдэж гэр маань ч бодлого маань ч аль аль нь нурсан. Итгэл эвдсэн, урам хугалсан ийм жол улс төр хэнд хэрэгтэй юм бэ. Улсын хөгжилд ч хэрэггүй, улс төрийн намын нэр хүндэд ч хэрэггүй. Тухайн улстөрчдөд ч бас хэрэггүй. Хийхийн тулд биш, байхын тулд байгаа улстөрчдийг түүх өршөөхгүй.  

-Бас л яаж чадаж байна вэ гэж гайхшрахыг ч утгагүй болгосон үйл явдал шүү. Ингэхэд саяын сонгуулиар өвдөг шороодсоны нэг шалтгааныг намынхаа хайран сайхан нэрийг  Н.Энхбаярт алдсан явдал гэж үзэгсэд олон байдаг. Энэ тухайд та юу хэлэх бол ? 
-Манай нам  уугуул нэрээ сэргээсэн нь зүй есны том алхам гэж боддог. Гэхдээ алхам нь зөв ч энэ нь цагаа хэр олсон шийдвэр байв аа гэж өнөөдөр эргэлзэж буй хүмүүсийг  буруутгах аргагүй.    

-“МАХН” гэсэн нэрийг сонгуулиар ашиглах вий гэсэн асуулт танаас би тэр үед асууж байсан. Тэгэхэд та “энэ нэрийг хэн нэг нь авч үлдээд, цаашаа шатлаад улс төр хийгээд явах  бололцоо нь хуулиар хаагдсан” гэж итгэлтэй хариулж байсан сан. Гэтэл юу болчихов оо. Би ам асуугаад байх шиг санагдаж магад.  “Шатрын хүү бэрс бол­тол хол доо” гэж ярьж байсан тань санаанаас минь огт гардаггүй юм. 
- “МАХН” гэх нэрийг эзнээс нь өөр хэн ч хэрэглэх эрхгүй гэсэн утгатай хуулийн заалт цагаан дээр хараар бичээстэй хэвээр байгаа. Харамсалтай нь, монголын хууль  дандаа биш гэхэд заримдаа гууль болчихоод байна. Яагаад тэр вэ. Нөгөө л богино зайны жол улс төрийн хар гай. Гэхдээ тэглээ гээд ч тэр бэрс гарчихсан шатрын хүү  хаанаа байгаа юм бэ  гэж би өөрөөс тань эргэж асуумаар байна. Өнөөгийн улс төрийн шатрын өрөг дээр бог байсан нь бог хэвээрээ л харайлгаж яваа харагддаг. Ер нь халаас суйлсан муу аргаар хол явахгүй гэж боддог бодол маань хэвээрээ байгаа шүү, Ганчимэг ээ.    

-Сонгуулийн өмнө намынхаа  нэр солих ажлыг санаачилж гардсан У.Хүрэлсүх, С.Батболд хоёрын үед манай нам баларсан, тэдэнд хатуу хариуцлага хүлээлгэх естой байсан гэх хүн танайд цөөнгүй бололтой.  Та Ерөнхий сайдын албаа  өгөөд, намын даргын сэнтийгээ  шилжүүлээд  явахдаа дараагийн үедээ гэрийг нь барьж, өрхийг нь татаж өгөөд явсан. Дараа нь уулзахад тэдэндээ “давгүй” гэсэн дүн тавьж  байсан. Одоо харин ямар бодолтой байдаг вэ ?
- Санаачилсан нь тэр хоер биш л дээ. Намынхаа уугуул нэрийг сэргээх тухай санаачилга Н.Энхбаяр даргын үед анх гарсан. Элдэв шалтгаанаас болоод энэ санаачилга тэр үед болон дараа дараагийн дарга нарын үед бүтэж өгөөгүй. Зөв зүйтэй энэ санаачилга Батбоолд, Хүрэлсүх нар намын удирдлагад байхад биеллээ олсон. Намынхаа гишүүдээс энэ талаар санал асуулга явуулахад дийлэнх олонх нь дэмжсэн байдаг. Яахав, сонгуулийн хугацааны тэг дунд нь нэрээ гэнэт өөрчлөх нь эрсдэлтэй гэх болгоомжлол байсан. Гэхдээ эрсдэлгүй улс төр гэж байдаггүй. Намын маань хуучин нэрийг зүй бусаар ашиглах боломж үгүй. Энэ нь хуулиар баталгаатай хаагдсан гэсэн ойлголтод  итгэлтэй л явсаар гэндсэн хэрэг. Зөвхөн тэр хоёр ч биш. Бид бүгдээрээ гэндсэн. Батболд, Хүрэлсүх нар намын удирдлагад байхад нам “баларсан” гэх бодолтой би санал нийлэхгүй. Харин ч тэр хоёрын үед намын маань төрх залуужин  шинэчлэгдэж, улмаар мянга мянган залуус манай эгнээнд  хүчтэй түрлэг болон нэгдсэн. Монголын улс төрийн намуудыг гишүүдийнх нь насны зааг ялгаагаар жагсаасан судалгаа байдаг. Тэрнээс үзвэл манай нам залуучуудын оролцоо, шинэ залуу гишүүдийн тоо, хувийн жингээр бусдаас хол тасарсан байна билээ. Шинэ залуу халааны ийм нөөц бололцоотой, ирээдүйтэй намыг “баларсан” гэвэл алдас болно.  С.Батболд, У. Хүрэлсүх нар бие биеэ эвтэйхэн нөхөж, гар сэтгэл нийлж сайн ажилласан гэж би боддог. Сонгуульд намаа ялалтанд хүргээгүй гэж тэднийг зэмлэж, шийтгэж болно. Гэхдээ тэд намаа ялагдуулаагүй юм шүү. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд ялсан нам байхгүй. Ялагч этгээд үгүй бол ялагдагч этгээд  бас үгүй. 2004 оны сонгуулийн дараа манай нам иймэрхүү л байдалтай байсан. Гэтэл намын дарга, Ерөнхий сайд байсан Н.Энхбаярыг албан тушаал дэвшүүлээд УИХ-ын дарга болгож байсан байдаг. Үүнтэй жишвэл ч хариуцлагын тогтолцоо манай намд сайн  төлөвшиж байх шиг. 

-50-иад оныхон МАХН-ын удирдлагад 1996 оноос хойш хэт удсан гэж та нэгэн ярилцлагадаа хэлж байсан. Гэтэл энэ хугацааны ихэнхийг нь Н.Энх­баяр дарга дангаараа эзэлж, та  хоёр жил л болсон байдаг. Тийм байтал таны  тэр “Бидний үе хангалттай удсан” гэсэн үг  ер нь эртэдсэн санагддаг уу ? 
-Намын ирээдүй бол шинэ залуу үе. Нам өөрөө, түүний дотор намын удирдлага цаг үеэ даган залуужиж  байж гэмээнэ ирээдүйгээ цогцлооно. Энэ бол аксиом.  1996 оны сонгуулийн дараа намын удирдлагад Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар гарч ирсэн. Манай л үе. Тэрнээс хойш 17 жил өнгөрчээ. Энэ хооронд М.Энхболд, С.Батболд  нарын хоёр хоёр жилийг эс тооцвол манай л үеийн төлөөлөл намаа удирдсаар ирлээ.  Одоо залуучууд   голлох ёстой цаг үе гэж бодоод би хувьдаа элдэв амбицаа эрт татсан. Үүнийгээ ч  албан ёсоор зарласан хүн.   

-Та бид хоёрын дунд эрх мэдлээс явах ирэх тухай нэгэн яриа бас болж байсан даа. Та яагаад улс  төрийн том бодлого, шийдвэрийн  асуултуудаас  илт зэнзийрхээд  байна вэ гэхэд та “улс төрөөс явчихсан учраас” гэж хариулж байсан. Түр үү, бүр үү гэхэд өвдсөн бо­лохоос үхчихсэн биш дээ, ямар. Үхэх байтугай тэтгэвэрт гарах ч болоогүй байна гэж хэлж байсан тань санагдаж байна. Одоо гадуур “Баяр ирлээ. Намаа авах нь дээ” гэсэн улаан цайм хардлага нисээд байна. Харин таны юу хэлэх сонин байна?
-Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй. “Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан  гэж би боддог. Урд өмнө нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад,  тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлъе. Би амбицаа татсан. Тэтгэвэртээ гараагүй тул чадсан ч, чадаагүй ч улс төр хавьханаар л эргэлдэх ёстой  гэсэн явцуу бодол  надад байхгүй. Тэгээд ч хий хоосон тэрсэлдсэн улс төрд  оролцох орон зай, зав чөлөө, хүсэл бодол надад  бүр байхгүй. Амьдрал баян. Хийх өөр ажил, тэмүүлэх өөр зорилго дэндүү олон байна цаана чинь.

-Та амбицаа татсан байж болно. Бусад чинь татаагүй байна. Цаана чинь бүр танай намыг лидерийн хомсдолд орсон гэх ноцтой дүгнэлт тавигдаад эхэлчихсэн байна шүү дээ. Бас дээр нь өргөж татаад, өгчье гээд эрхлүүлээд байсан залуусаас тань түүхий, шүрхий үнэр л гарсаар байх юм?
- Наад нэг асуулт дотор чинь гурван өөр чиглэлийн асуулт тууж явна. Нэгд, би амбицаа татлаа гээд бусад нь намайг даган дурайх  огт албагүй. Өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв гэдэг дээ. Дээр хэлсэн зүйл бол миний л бодол. Өөр хүн өөр бодолтой байхыг үгүйсгэхгүй. Хоёрт, лидерийн хомсдол гээд байгаа чинь хийсвэр дүгнэлт. Нийгмийн шаардлага, хувь хүний хүсэл зориг, таатай нөхцөл  гурав нэг цэг, цаг хоёр дээр огтлолцож байж лидер төрдөг. Аль нэг нь дутуу бол, эсвэл цаг нь зөрчихсөн бол лидер төрөхгүй. Тиймээс энэ маань  аз, эзтэй ч бас холбоотой. 
Гуравт, бага залуугаараа бүрэн болчихсон, боловсорчихсон хэн байсан, хэн байгаа юм бэ. Би л гэхэд залуудаа даанч дээ гэмээр  түүхий шүүрхий явснаа мэддэг. Ерөөс бага залуу бүхэн  түүхий ногоон талдаа л байдаг биз дээ. Амьтан, ургамал ч бай, хүн ч бай энэ нь туйлын үнэн. Яваандаа л болдог, боловсордог хорвоо. Огт боловсорч өгөхгүй түүхий явсаар насыг элээх нь ч бас бий. Тэгэхдээ тэр бол огт өөр сэдэв.   

-Тийм ээ. Энэ өөр сэдэв. Гэхдээ та уучлаарай, би олдсон дээр нь нь амжиж асуух, аль болох олон юм хөндөх гэж улайрч байна. Хүний аз эз, заяа төөрөг, хувь тавилан,  зангараг даац гэж олон хүчин зүйл бий. Энэ тухайд бодохоор сүүлийн сонгуульд намаа авч орсон Ө.Энхтүвшингийн талаар сонин бодлууд төрөх юм. Яг энэ сэдэв дээр таны юу ярих ч бас сонин доо.
-Бидэн дундаа намын ажлын хамгийн их туршлагатай нь уг нь Ө.Энхтүвшин дарга байгаа юм.  Түүнийг олон сонгууль унагасан гэж буруутгадагтай би санал нийлэхгүй. Ялангуяа ноднингийн орон нутгийн сонгууль байна. Сонгууль тулчихсан байхад намын даргаар гэнэт сонгогдсон хүн юу хийж амжих вэ. Хорин нэгэн аймаг, гурван зуу гаруй сум,  сая гаруй хүн амтай нийслэл шүү дээ. Юу ч амжихгүй. Намын даргын тамга яаран авсныг нь бууруутгахгүй юм бол, орон нутгийн сонгуульд бэлдэх цаггүй байсныг нь  буруутгаж болохгүй.

-Уучлаарай, Ерөнхийлөгчийн сонгууульд бэлдэх цаг бол эрхбиш байсан биз дээ ?
-Ерөнхийлөгчийн сонгуууль ч өөр л дөө. Үүнийг бол Ө.Энхтүвшин дарга бүрэн хариуцах учиртай. Энэ сонгуульд нэр дэвшигчээ эрт тодруулахгүй эргэлзээд, шийдэж чадахгүй  цаг  алдсанаас гол алдаа нь гарсан болов уу гэж боддог. Аль ч сонгуулийг цагийг нь тулгаж шийдэж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль тэгэх тусмаа. Нэг жилийн өмнө, үгүйдээ гэхэд хагас жилийн өмнө зарчмын шийдэлд хүрсэн байх учиртай. Эс тэгвээс сонгуулийн бэлтгэлээ сайтар базаах, хүч нөөцөө нэгтгэх, сурталчилгааныхаа зөв өнгө аясыг олох алтан боломжоо алдана гэсэн үг.

-Таныг нэр дэвших ёстой хүмүүсийн  тоонд оруулж өнгөрсөн хавар нэлээд шуугисан шүү.
 -Миний тухай гэх асуудал  байхгүй. Би  сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ аль эртнээс мэдэгдсэн байсан. Гэтэл надаас гадна нэр дэвшихээр яригддаг байсан хүн цөөнгүй. Олонд танил болсон, улс төрийн тогоонд хангалттай чанагдсан намтартай, төрийн ажлын туршлага, тогтсон байр суурь, үзэл бодолтой байх  гээд олон шалгуур байдаг даа...

-Уг нь тийм. Гэхдээ “Б.Бат-Эрдэнэ гэж үзэгдэл гарч ирээд баллах шахлаа. Бараг Ерөнхийлөгч болонгоо алдлаа” гээд манай сэхээтнүүд толгой сэгсэрцгээх юм. Үнэхээр ч энэ толгой сэгсрээд байгаа нөхдүүд монголыг бөх ерөнхийлөгчтэй болголгүй  аваад гарах шиг боллоо. Та харин энэ талаар юу хэлэх бол?
-Бөх үү, засуул уу гэх талаас хандах нь угтаа буруу. Хүн ямар ч ажил, мэргэжилтэй байсан байж болно. Тэр нь чухал биш. Сайн бөх сайн улстөрч болохыг үгүйсгэхгүй.  Харин ч тэмцэх, өрсөлдөх дадал, чадлаараа  бөх хүн бусдаас давуу талтай байж болно. Гэхдээ улс төр бол урлаг спортоос шал өөр.  Улс төрийн сонгууль учраас улс төрийн бодлого, зарчим, шалгуур л давын өмнө яригдах учиртай л даа. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн тухай ярих нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил бус уу. Болоод өнгөрчихсөн энэ сэдвээ орхивол яасын.

-Таныг намын нэр дэвшигчээ дэмжиж ганц үг ган хийсэнгүй гэх гомдол  Ерөнхийлөгчийн  сонгуулийн дараа яригдаад  байсан. Энэ талаас нь тодруулж танаас асууя л даа, тэгвэл?

- Наад асуудал чинь  хоёр талтай. Б.Бат-Эрдэнэ аврага бид хоёр эртний  сайн танилууд. Сүүлийн бараг арваад жил хамар хашаа айлын хөршүүд яваа. Цагийг эзэлсэн их аварга хэмээн би түүнийг хүндэлдэг. Гэхдээ хувийн сайн харьцаатай байх  нь нэг хэрэг. Улс төрийн бодлого, зарчим гэдэг бол өөр асуудал. Хамтарсан Засгийн газар, Оюу толгойн гэрээ зэргийг Б. Бат-Эрдэнэ гишүүн байнга эсэргүүцдэг тул би түүнтэй санал нийлдэггүй. Намайг эсэргүүцлээ  хэмээн би  эгдүүцэж байсан удаагүй. Намын бодлогоо, намаас  гаргасан хамтын шийдвэрээ  эсэргүүцэж яваа хүнийг  бол би үздэггүй. Хамтарсан засаг ч тэр, Оюу толгойн гэрээ ч тэр бүгд манай намын бодлого, шийдвэрээр бүтсэн асуудлууд. С.Баяр гэх хувь хүн дур зоргоороо шийдсэн асуудлууд огт биш. Тиймээс намынхаа бодлогыг эсэргүүцдэг хүнийг  би яаж  дэмжих юм. Дэмжиж байгаа нь энэ гээд намын бодлогоо үгүйсгээд явах уу. Эсвэл үнэнийг хэлж байна гээд нэр дэвшигчээ  шүүмжлээд явах уу. Хувийн ямар ч сайн харьцаатай байлаа гээд улс төрийн зарчмаа, туулж ирсэн замаа үгүйсгэх  эрх хэнд ч байхгүй. Хувь хүн өөрийн бодолтой байж болно. Харин намаа төлөөлж төрийн сонгуульд оролцож байгаа бол намынхаа л бодлогыг дагах ёстой. Өөр гарц  байхгүй. Энэ бол улс төрийн тоглоомын дүрэм. Хатуу дүрэм. Энэ дүрмээ  бүгд тууштай дагаж гэмээнэ улс төрийн бодлого маань тууштай,  цэгцтэй, үр дүнтэй болно.

- Намынхаа бодлогыг эсэргүүцдэг хүн яаж яваад намын нэр дэвшигч болчихдог байнаа ?

-Миний мэдэх, хариулах асуулт  биш байна наадах чинь. 

-Та хариулахгүй байж болно л доо. Гэхдээ яг энд нэг том зөрчил яваад байгаа юм биш үү. Нам нь нэг бодлоготой, нэр дэвшигч нь огт өөр бодолтой байхаар ядаж  сонгогчид нь будилаад хэцүү баймаар. Энэ зөрчлөө нэг тийш нь шийдэх арга байгаагүй юм байх даа.  Та юу гэж бодож байна ?

-Онол талаас нь ярьвал, хоёр л арга бий. Эсвэл нэр дэвшигчээ солино, эсвэл бодлогоо өөрчилнө. Тэгж байж л тэр зөрчил арилна байх даа. Юутай ч иймэрхүү маягийн зөрчил сонгуулийн дүнд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой.  

-М.Энхболд, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ гээд намын даргад өрсөлдөх улсуудын талаар таамаг гараад эхэллээ. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг та сайн мэддэгийн хувьд санал бодлоо хэлж болох уу ?
-Намын даргад өрсөлдөх улс төрийн намтар,  чансаатай хүмүүсийн тоо гурваар хязгаарлагдахгүй  гэж бодож байна. Шударга өрсөлдөөн байх нь чухал. Ийм өрсөлдөөн дундаас төрсөн лидер гараан дээрээсээ л хүчтэй байдаг. Намын гишүүдийн маань  урам зориг ч сэргэдэг. Намын даргад тавих шаардлага, шалгуур олон.  Намын бодлогоо мэддэг, ойлгодог, дэмждэг байх нь наад захын шаардлага. Гол нь шинэ цаг үедээ нийцсэн шинэ бодлого гаргаж дэвшүүлэх чадвартай, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг, намын олон түмнээ манлайлдаг, дагуулдаг хүн намын даргад өрсөлдөөсэй гэж би хувьдаа хүсч байна. 

-“Намын шинэчлэл” гээд хурал болгоны өмнө байнга л ярьж байх юм. Энэ нь тийм зайлшгүй зүйл үү, эсвэл нэг даргыг нөгөөгөөр солих шалтаг, бамбай төдий юм уу гэж сүүлдээ бодогдох юм ?

-Шалтаг, бамбай болгох гээд байдаг явдал ч бий. Гэхдээ гарцаагүй үнэн юм ч бас бий. Цаг урагшилж, нөхцөл байдал байнга л өөрчлөгдөж байдаг. Шинэ нөхцөл байдалтайгаа уялдаж улс төрийн нам ч байнга өөрчлөгдөх ёстой. Эс тэгвээс нийгмээсээ хоцорно. Хоцорвол гологдоно. Хоцроод удвал хусагдана. Иймээс намын шинэчлэл бол зайлшгүй зүйл. Товчдоо бол ийм л юм.  

- Та Атрын гуравдугаар аяныг эхлүүлж, монголын газар тариаланг сэргээснээрээ, Оюу толгойн гэрээг батлуулж баялгаа эргэлт рүү хөтөлснөөрөө бахархдаг гэж ярьдаг. Гэхдээ Оюу толгой гэсэн сэдэв одоо ч хэрүүлийн бай болсоор л байх юм. Энэ гэрээний хувь заяаны талаар та юу бодож явдаг вэ?
-Оюу толгой бол хэрүүлийн алим биш саалийн үнээ байх ёстой юм. Тугалж амжаагүй атлаа саалиа өгөөд эхэлж байсан төсөл шүү дээ. Гэтэл  өгөөж баян үнээгээ өөдсийн чинээ хэрүүлийн алим болгож жижигрүүлж байгаа нь бидний л арчаагүй байгаагийн  илрэл. Нөгөө л богино зайны, хэнхдэгээ дэлдсэн улс төрийн бодлогын хортой хаялга. Би саяхан АНУ-аас манайд сууж байсан элчин сайд хатагтай Памэла Слуцтай таарч ярилцлаа. Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн болсон гэнэ. Манайхны олон хүмүүстэй уулзаж ярилцсан юм байх. “Танайхаас хөрөнгө оруулагчид  олноороо дайжиж, эдийн засгийн байдал чинь хэцүү болж байгаа юм байна. Гэхдээ би хувьдаа өөдрөг бодолтой буцаж байна. Танайх одоо л нэг ухаарч, учраа олох нь гэж бодсон шүү” гэж байна билээ. Хашир дипломат хатагтай нэгийг олж харсан, сонссон, мэдэрсэн юм байлгүй дээ гэж найдаж байна. Гэрээний хувь заяаны хувьд гэвэл би ч бас өөдрөг бодолтой байгаа. Монгол Улс маань саалийн үнээ ганц нэгтэй биш, сүрэг арвинтай байх бүрэн бололцоотой шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон. Тэр уулзалтад та очсон байна билээ. Ямархуу төвшний уулзалт болсон бэ. Төрийн нарийн ширийн асуудлаас гадна тэр уулзалтын сэтгэл зүйн агаар сэлтийг илүү сонирхож байна. Буусан суусан улсууд цагийн эрхээр өөрчлөгдсөн ч биз. Сонин биш гэж үү?

-ҮАБЗ-ийн шинэ, хуучин дарга, гишүүдийн энэ уулзалтын тухай Памэла Слуц хатагтай ч надаас бас асуугаад  байсан. “Одоогийн ухаарлын оршил нь тэр уулзалт байсан гэдэг үнэн үү” гэж ч асууж  байх шиг. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга байсан, байгаа арав гаруй хүн уулзсан. Мэдээж төрийн бодлогын нарийн ширийн юм тэнд яригдсан тул тэдгээрийг нь дэлгээд байх эрх надад байхгүй. Гэхдээ төрсөн сэтгэгдлээ хэлэхэд буруу нь юу байхав. Нэгд, Ардын нам, Ардчилсан намын төлөөлөл ойролцоо байсныг тэмдэглэх хэрэгтэй. Төрийн бодлогын ачааг энэ хоёр нам л үүрсээр ирсэн учраас тэр. Хоёрт, уулзалтын уур амьсгал бол ажил хэрэгч, илэн далангуй байсан шүү.  Хэлъе гэснээ хэнээр ч заалгахгүй эрхмүүд цугласан учраас үг нь жинтэй, шүүмжлэл нь хурц, санал нь тодорхой байлаа. Гуравт, хүн хүн өөрийн үзэл бодол, итгэл  үнэмшилтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ганц нэг хүнийг эс тооцвол, ҮАБЗ-ийн экс дарга, гишүүд Монголын төрийн бодлого тогтвортой, залгамж чанартай байх ёстой гэдэг дээр, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой гэдэг дээр, улс орны хөгжил, аюулгүй байдлын асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллах ёстой гэдэг дээр санал нийлж байсан шүү.

Энэ уулзалтыг дотоодод төдийгүй, гадаадад ихэд сонирхсон бололтой. Гадныхан бүр ч илүү сонирхсон байх. Төрийн том ачаа үүрч явсан хүмүүсээ цуглуулаад төрийн бодлогынхоо нарийн ширийнийг ярьдаг ийм жишиг ховор. “Зөвхөн Монголдоо” байж ч магадгүй л жишиг юм.

-Гадаад гэснээс таны тухай хэвлэл мэдээллээр байнга л элдэв сенсаац гарч байх юм. С.Баяр гадаадад цагаачилсан гэнэ гээд л шуугина. Тэгснээ гадаад явах эрхээ хасуулжээ ч гэх шиг...  
-Би зун намаржингаа л элдэв ажлаар гадагшаа, дотогшоо нэлээд явлаа. Зорчих эрхээ хасуулсан бол тэр нь надад ямар нэг байдлаар мэдрэгдмээр юм даа, тийм ээ. Цагаачлахын хувьд ч гэлээ мөн адил. Цагаачилсан бол түүнийгээ давын өмнө би өөрөө мэдмээрсэн дээ. Хэвлэл мэдээллээр ямар үед, яах гэж сенсаац дэгдээдгийг чи мэднэ, би мэднэ. Элдэв сонгууль, хурал болохын өмнө хийсч, хийсгэж байдаг  л хог шүү дээ, чааваас. Тэгэхээр энэ сэдвээ өөрчилъе.

-Та дурсамжийн гоё өгүүллүүд бичжээ. Мань мэтийг ичээж байна лээ шүү.  Дурсамжаа бичиж  дууссан уу?

-Надад малгай зохидоггүй. Цаасан малгай бүр ч зохидоггүй. “Чукча бол уншигч биш, чукча бол зохиолч хүн шүү” гэсэн онигоо байдаг. Би бол үүнээс эсрэгээрээ  зохиолч биш, уншигч хүн. Хаяа үзэг цаас нийлүүлж суухдаа би гол нь өөрөө  таашаал авч байна. Амьдралынхаа өнгөрсөн хуудсыг дахин сөхөх, эргэцүүлэх сонин байдаг юм байна. Дахин амьдраад, аль хэдийнээ өнгөрч одсон цагийнхаа  агаараар дахин гүн  амьсгалах шиг л болох юм. Өнгөрсөн амьдралд маань наргиантай ч юм байж, гунигтай ч юм байж. Уналт ч байна, сэргэлт ч байна. Сургамжтай ч юм байна, надаас өөр хэнд ч хэрэггүй гэмээр шальдир бульдар юм ч цөөнгүй. Гэхдээ энэ бүхэн бүгдээрээ надад үнэтэй. Эдгээрийгээ эргэн дурсаж, эргүүлж мөлжих нь өөрөө сайхан зугаа юм байна. Бас ч гэж гайгүй мөлжүүртэй амьдарснаа одоо л нэг ойлгож байх шиг. Тиймээс дурсамжаа дуусгана гэж яарахгүй байгаа. Ямар Октябрийн баярын өмнө объектоо заавал хүлээлгэж өгөх үүрэгтэй яваа биш (инээв).

-Сэтгэл хөглөгдөж, хувь тавилангийн шинэ хуудас эргэж, шинэ агуулга тохиосон үед бичих хүсэл илүүтэй ирдэг. Таны хувийн амьдралд гарсан өөрчлөлтүүд таныг лав их өөр болгожээ. Лав л би тэгж харж байна. Ийм нарийн ширийн рүү хүртэл яриа маань орчихлоо. 

-Тэгээд... 

-Таны гоонь эр чигээрээ яваад л байх юм шиг хэгжүүн, ганцаардмал амьдрал өөрчлөгджээ. Ийм хүчтэй нөлөө үзүүлсэн гэргийн тань тухай асуумаар л байх юм. Бас бага охин тань одоо овоо том болчихсон биз дээ. Тэр нөхөр танд юу өгч буй нь миний хувьд шохоорхмоор сэдэв байна.
-Хувийн амьдралаа нийтийн өмнө дэлгэмээргүй байна. Ний нуугүй хэлэхэд. Үзэсгэлэн чимэглэлийн газрын үзмэр шиг олон жил дэлгээстэй явлаа. Одоо болно. Нэг их нууцлаад л, “маш нууц, онц чухал” болгоод байх юм цаана нь үгүй л дээ. Гэхдээ тэрүүхэн тэндээ, аав, ээж, охин гурвын дунд л  үлдээчихмээр юмтайгаа  баймаар байна. Дээр нь надад дөрвөн том охин, хүү Нацаг маань байгаа. Муу ээж минь байна. Ядаж энэ хэдийгээ одоо нэг амар тайван байлгамаар байна. Намайг зөв ойлгоорой, Ганчимэг ээ. 

-За, тэгье дээ. Ингэхэд таныг ээжийнхээ ажилд туслаад хөдөө яваад байна гэж сонссон. Бас аавынхаа дурсгалд зориулж түүхэн хүмүүсийн намтар цуврал байдлаар гаргахаар хөөцөлдөж байна гэж дуулсан. Энэ талаараа бол ярьж болно биз дээ?

-Ээж маань загас судлаач, аав маань түүх судлаач байсан. Би бол аль нь ч биш. Гэхдээ тэдний насаараа зүтгэж, хүсэж тэмүүлж байсан зарим ажлыг нь одоо жоохон завтай болсон дээрээ дэмжихсэн гэж бодож явдаг. Эхлэл төдий байгаа тул яриад байх юм одоохондоо маруухан байна. Хөөцөлдөж байгаа ажлын маань үр дүн ядаж цухуйг. Тэгсэний дараа ярья.
  
-Та ч үндсэндээ яриаг дуусгая гээд “хэлээд” эхлэх шиг боллоо. Уг нь асуух зүйл өдий төдий байна. Юутай ч хүсэлтийг минь хүлээж авч ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
-Харин ч чамгүй удаан хөөрөлдчих шиг болох юм. 

Баяр дарга бид хоёр ийн хөөрөлдлөө. Гэвч би энэ удаа авсан ярилцлагадаа нэг л сэтгэл ханахгүй байх чинь...Бүхий л сэдвээр мэдрэмжийн өндөр эрэмбэн дээр дуугарч байдаг энэ эрхэм бол миний үргэлж ярилцахыг хүсэмжилж байдаг зочин юм. Ийнхүү ер бусын хөг аялгуу, эрч хүч үнэртүүлсэн тэрбээр гялалзсаар гарч одлоо. Үнэхээр Баярын цагийг таашгүй юм аа.  Одоо надад түүнд хэдэнтэй тавьж явсан “Таны улс төрийн цаг хэд болж байна вэ” гэсэн саваагүй төрхтэй ч чамгүй агуулгатай, хэлбэрийн хувьд ч басхүү чамин байсан тэр асуулт минь улам л утгагүй санагдаж байна.  Гэхдээ уншигч танд түүний хэлсэн жирийн ч биш жигүүрт үгнүүд, үгэн доторх үгнүүдээр нь дамжин Төрийн зүтгэлтний эрхэм дээд зиндааны тухай бодлууд эрхгүй төрж байгаа биз ээ.

http://ganchimeg.niitlelch.mn/

Ц.Жадамбаа: Магадгүй миний залуу насаар дүгнээд байх шиг...

“Ярилцъя” нэгэн залуу зочныхоо хамт уншигч тантай мэндчилж байна. Түүний илэн далангүй, нээлттэй байр суурь манай шинэ үеийн залуусын нэгэн тод зан төрхийн илрэл мэт. Энэ утгаараа Ц.Жадамбаа танд тодорхойгүй, бөөрөнхий санагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүний ертөнцөөр цухас аялъя. 

-Ойрд голдуу л анхаарлын төвд байгаа, нийгмийн нүдэнд ороод ирчихсэн залуучуудын төлөөлөлтэй ярилцаж байна. Тэдний нэг нь та. Мэдээж  миний хамгийн эхний асуулт юу байхыг дотроо бараг гадарлаж байгаа байх.  “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн томоохон хэлэлцүүлэг болсон. Түүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг  хамгийн их анхаарал татсан илтгэл байлаа. Түүн дотор бүхэлдээ биш юм гэхэд ганц хоёр үг үсрээд танай байгууллага руу ч юм уу, эсвэл тань руу ч юмуу чиглэсэн гэж хүмүүст ойлгогджээ. Яг уншаад үзэхээр бас тийм биш байна. Харин үүнийг та яаж хүлээж авсан бэ. Twitter-ээр бол Ц.Жадамбааг хэлчихлээ, Ц.Жадамбааг Ерөнхийлөгч  “зайлаарай”  гэж хэллээ гэх сэтгэгдлүүд явсан. Энд ойлголтын зөрүү байсан байж болно. Ажил хийж байгаа хүн учраас танд үүнийг тайлбарлах эрх, бололцоо олгогдох ёстой. Тэрийг танд олгож байна гэх үү дээ. 
-Баярлалаа. Тэр хэлэлцүүлэг дээр бид нар бүгдээрээ байсан. Үнэндээ Ерөнхийлөгчийг тэгж хэлэхээр өөрийн эрхгүй л пал гээд л явчихсан. Хэдийгээр нюансыг нь өөрийн биш гэж мэдэж байгаа ч гэсэн яг тэр үг, өгүүлбэр дотор Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар гэдэг миний толгойлж байгаа байгууллагын нэр хаяг ороод ирэхээр хүмүүсийн хандлага нь өөрөө над руу чиглэхийг би мэдэрсэн. Гэхдээ хувь хүнийхээ хувьд өнөөдрийн хийгээд байгаа ажил дээрээ харах юм бол тэгж дүгнүүлэхэд арай л харамсалтай санагдсан. Манай хамт олонд ч энэ харамсал адилхан төрсөн байх. Магадгүй social медиа-гаар өнгөрсөн хугацаанд явж байсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд, нэг үгээр хэлэхэд манай Харилцаа холбооны зохицуулах хороон дээр явж байсан зарим нэгэн асуудлуудаас болоод тэр сэдвүүдийг хөндөх болсон юм болов уу даа. Яагаад гэхээр тэр хэлэлцүүлгийн зорилго нь тийм байсан л даа. Яагаад бизнес эрхлэх боломжийг олгохгүй байгаа юм, яагаад энэ хувийн хэвшлийг дэмжихгүй байгаа юм, төр яагаад үүнд нь саад хийгээд байгаа юм. Битгий ингээд данхайгаад томроод байгаач ээ. Тэрний оронд доошоо буу л даа. Тэр хүмүүст боломж олго л доо гэсэн гол мессежийг хөндөж ярьж байсан учраас магадгүй Ерөнхийлөгчид хамгийн ойрхон бууж байсан, тэр үед бас асуудал гарч байсан сэдвийг хөндөж авч ярьсан юм болов уу даа гэж харсан. Гэхдээ МУ-ын Ерөнхийлөгч хэлж байна гэдэг нь асуудал байна гэсэн үг. Бид нэгийг бодож, хоёрыг тунгаан асуудал байгаа цэг дээр анхаарал, хүч хаяж ажиллаж байна. Ард түмнийг чирэгдүүлээд байгаа зүйлүүдийг арилгахын төлөө л бид зүтгэх үүрэгтэй. Тэр утгаараа эргэж харж байна. Үүний дараа тодорхой дүгнэлт гарна.

-Хоёулаа нүүр тулаад халуухан л сайхан ярьчихъя. Бид шударга байя гэж их ярьдаг мөртлөө тэр бүр чаддаггүй. Ер нь өөрийн эрх ашиг дээрээ гишгүүлэхээр л тэнд хүмүүс өрвөлзөж эхэлдэг. Танайхаас янз бүрийн үйлчилгээ авдаг компаниуд олон байдаг. 
-Маш олон. 

-Мэдээж үүнийг дагаад олон журам байж таарна. Гэтэл бидний зарим маань өөрсдөө тэрийгээ биелүүлээгүй байж шууд тухайн байгууллагыг буруушааж байр сууриа цацдаг. Нэлээн сайн төвшний мэдээллийн орчинд ажилладаг хүний хувьд миний олж мэдсэнээр бол нэг хувийн компанийн захирал залуу л элдэв “шувуу” нисгээд байсан юм биш үү. Нөлөө бүхий хөрөнгөтний хүргэн тэр залуугийн өөрийнх нь компани дүрэм журмаа зөрчсөн талаар миний хувийн хаягаар залуучууд бичсэн байсан. Том чулуу заримдаа жижигхэн турхиралтаар бууж ирэх нь бий. Ийм л юм болж гэж харж байгаа. 
-Би тань шиг шууд ингээд хэлж чадахгүй л байна. Та намайг бараг л “Чи зүгээр л хэлчихээч дээ. Мэдэж л байгаа шүү дээ” гэж хэлж байна л даа. Ний нуугүй хэлэхэд амьдрал дээр тийм зүйл болчихсон юм байна лээ. Харилцаа Холбооны Зохицуулах Хороо өөрөө зохицуулалтын үүргийг гүйцэтгэдэг. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар бодлогыг нь гаргадаг. Энгийн үгээр тайлбарлавал бид нар замын хөдөлгөөний дүрмийг баталдаг, зам дээр явж байгаа машиныг хэн зохицуулдаг вэ гэхээр зохицуулах хороо зохицуулдаг байхгүй юу. Нэг үгээр хэлбэл замын цагдаа нь энэ байгууллага гэсэн үг. Автобус нэгдүгээр эгнээгээр явах ёстой гээд дүрэм журамд заачихсан байна шүү дээ. Гэтэл нэг хүн би гуравдугаар эгнээгээр явна, тэгж байгаад нэг рүү орно гээд байдаг. Үгүй ээ, та ингэ л дээ, таны бичиг баримт ч зөрчилтэй байна, бичиг баримтаа зохих ёсоор нь бүндүүлж ав гэхээр үгүй ээ, би бичиг баримтаа ч авахгүй ээ. Ер нь яахаараа би авах ёстой юм. Манай хамаатан цагдаагийн дарга ч гэдэг юм уу, эсвэл манай хамаатан цагдаад байдаг гээд яриад байвал хэцүү биз дээ. Яг л ийм зүйл бодит амьдрал дээр болоод байгаа юм билээ. Сүүлийн үед мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байна. Жишээ нь, social ертөнцийг нээлттэй тавиад өгчихлөөр нэг зүйл гарч ирж байна л даа. Жижигхэн зүйлийг том болгож чадаж байна. Том зүйлийг бас жижиг болгож чадаж байна. Ийм үзэгдэл их тод гарч ирж байгаа биз. 

-Алдаагаа хаацайлж болж байна. Худал зүйлийг мянга мянган удаа давтаж цацаад итгүүлэн үнэмшүүлж, эргүүлж болж байна. 
-Ямар нэгэн цензургүйгээр хэнийг ч хааш нь ч залж удирдаж болж байна. Мэдээлэлд цензур хийхгүй байна. Энэ зүйлүүд л нөлөөлсөн байх. Гэхдээ би хэн нэгэн компанийн нэрийг дурьдаад, хэн нэгэн хүний тухай яримааргүй байна. Яагаад гэвэл бодит амьдрал дээр байдаг л нэг зүйл. Гэхдээ хууль хэрэгжүүлснийхээ төлөө, хэрэгжүүл гэж шаардсаныхаа төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Хэрэв хүлээх дээрээ тулах юм бол хуулийг хэрэгжүүлчихээд, түүнийхээ дараа энэ тухай ярих ёстой болов уу. 

-Тийм ээ, гэхдээ амьдрал олон талтай. Энэ байшин бол манай улсын хөгжилд өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн байшин. 
-Одоо ч гүйцэтгэж байгаа. 

-Жишээ нь, би холбоочин айлын хүүхэд. Энэ утгаараа миний хувьд хайрламаар газар. Энд ирсэн хүмүүсийг ганцхан би ч гэлтгүйер нь бүгд л харж байдаг байх. Үе үеийн мундагууд  ажиллаж байсан. Одоогийн байгаа залуучууд ч гэсэн шижигнэсэн чадалтай залуучууд байгаа гэдэгт итгэлтэй байна. 
-Баярлалаа. 

-Амьдралын олон талын нэгийг хөндье л дөө. Жишээ нь, хүмүүс бас ингэж харж байж болох. Хэдэн залуу ирчихээд юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй бужигнуулж харагдаад л, амжилтынх нь шат арай  доор зогсч  байгаа залуучуудынуур ч хүрээд л, эд юугаараа илүү болоод дарга болцгоочихов гэж бодогддогл байх. Магадгүй цагаан атаархал байх л даа. Иймэрхүү үнэр social-аар бол харагддаг . Харин яг ийм цонхоор та харж үзсэн үү. Амжилтын тань шат илүү түргэн явчихсан ч юм шиг, хүмүүс нэг тийм хардалтын, эсвэл чамлалтын ч юм уу  нүдээр харж байгаа юм шиг санагддаг уу?
-Би ноднин яг өдий үед твиттерээс гарчихсан юм. Яагаад гарсан бэ гэхээр биүнэндээ тэсээгүй. Би баргийн юмыг тэсээд амьдраад ирсэн. Гэхдээ яагаад ч юм тэрийг  тэсээгүй. Тухайн үед нэлээн ч дагагчтай болчихсон байсан. Миний зарчим  гүйцэтгэл дээр илүү их анхаардаг. Би их материалист хүн юм шиг байгаа юм. Бодитой юмыг хийж байж,заавал сайнүр дүн гаргаж байж кайф авдаг. Тийм хүн чинь дөнгөж ажил авчихсан, тэгээд бас өөрөө мэргэжлийн бус хүн байгаад байдаг. Салбар луугаа дөнгөж орж байдаг. Зарим тохиолдолд мэргэжлийн хэллэгээ ч ойлгохгүй үе байсан. Нуух юм байхгүй. Үнэнийг хэлэхэд эхлээд хүнд байсан. 

-Гэхдээ заавал мэргэжлийн хүн байх шаардлагагүй шүү дээ.
-Тийм л дээ. Түргэн учраа олох, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх шаардлага байсан. Шаргуу ажилласан. Тэгээд энэ үедээ нөгөө social-оороо нүдүүлэхгүй юу. Чи ёстой мэргэжлийн бус байж... энээ тэрээ гээд л бүгд нийлээд над руу дайрсан. Тэгээд л би ерөөсөө бодитой ажил хийж, түүнийхээ эхний үр дүнг гартал ямар нэгэн байдлаар гадагшаа нийгэмтэй харьцах, social-иар ил гарах болоогүй юм байна гэж бодсон. Тэр талын цонхыг шууд хаасан. 

-Twitter бас төвөгтэй байгаа биз. Бөөн шаардлага, дарамт. 
-Хүндрэлтэй санагдсан. Өнөөдөр энэ social ертөнцөд нэг том аюул гарч ирж байна. Мэдээллийг боловсруулах чадваргүй, мэдлэггүй, суурьгүй байгаа зарим нэгэн хүмүүст олон төрлийн мэдээллийг хүчээр өгөөд байхаар тэрэн дээрээ анализ хийхгүйгээр шууд дүгнэлтгүй үйлдэл хийж байна. Тэр дүгнэлт доторх арван юмны долоо нь зөв байж болно, гурав нь буруу байдаг. Эсвэл долоо нь буруу байгаад, гурав нь зөв байж болдог. Энэ харьцаанаас хамаараад хүмүүсийн амьдралын чиг хандлагад өөрчлөлт орж эхэлж байна. Хүний үзэл баримтлалд өөрчлөлт орж байна. Хийх гэж байгаа ажил, гарах гэж байгаа шийдвэр дээр хүртэл өөрчлөлт гараад байна шүү дээ. 

-Яг энэ утгаар бол түрэмгийлэл бөгөөд дарангуйллын сад тавьсан том урсгал гэж хэлж болохоор. 
-Энэ дээр тэр twitter-т жиргэж байгаа, мэдээлэл хаяж өгч байгаа хүмүүс өөрөө бас их бодох ёстой л юм шиг байгаа юм. Тэр дундаа шийдвэр гаргах хүмүүс social ертөнцөөр анализ хийх нь надад харьцангуй юм шиг санагддаг. Магадгүй хүмүүс үүнийг уншаад загнах байх л даа. Юу яриад солиороод байгаа юм гээд л.Энэ Ардчилсан нийгэм гэж ирээд л... 

-Манай редакцууд ч гэсэн хариуцлагагүй эх сурвалж гэж үзэж хянуур хандах ёстой байх. Хувь иргэдийн үүднээс бол сонин сонин бодлуудаа хуваалцах, хүмүүсийг мэдрэх бас нэг сонирхолтой талбар. Эрдэмтэй, чадалтай залуучууд энэ ертөнцөд их тааралддаг. Эх сурвалжаа болгоход бол мэргэжлийн үүднээс баталгаатай эх сурвалж гэж үзэхэд учир дутагдалтай. 
-Танд ч бас тохиолдож байгаа байх л гэж бодож байна. Хувь хүний private гэдэг ойлголт байхаа больчихлоо л доо. Хувь хүний үзэл бодол гэдэг ойлголт. Жишээлбэл, машинтайгаа явж байгаад дуртай газраа хөдөө зогсоод өөрийнхөө тааваар суниагаад, нэг морь харчихаж чадахгүй болчихооод байна шүү дээ. Хажуугаар өнгөрч байгаа машин зургийг чинь аваад л тэр нөхөр тэнд шээж байна лээ гээд тавичихна. Тэгээд үүнийг нь дагаад асуудал босч ирж байгаа байхгүй юу. Хүн юм чинь шөнө орой гарах цаг гарна шүү дээ, найз нөхөдтэйгээ. Тэгээд пиво уугаад сууж байсан чинь зургийг нь авснаа энэ чинь ёстой архичин юм байна ш дээ гээд нэг нь жиргэчих юм бол нөгөө урсгал нээрээ наадах чинь архичин гээд л балбачихна. Нэг охинтой сууж байгаад өртчих юм бол наадах чинь аймаар хүүхэмсэг залуу гээд л зарлачихна. За, тэгээд л хүүхэмсэг гээд л дуусаа. Энэ өөрөө аюул. Хүмүүсийн эрх чөлөөнд халдаад эхэлж байгаа биз. Ирээдүйн аюул байхгүй юу. Хувь хүний тогтвортой байр суурь гэж үгүй болж, аймаар хурдан ганхаж эхэлж байна. Энүүгээр нийгэм ч өөрөө эргэж болно. Цэргийн засаглал хэрэгтэй юм байна аа гээд доргисоор байгаад нэг өдөр орчихвол яах вэ. Үгүйсгэх аргагүй байхгүй юу. 

-Хүний эрх чөлөөг дарангуйлж эхэлж байгаа юм л даа.
-Бид энэ мэдээллийн технологийг хөгжүүлэхийн хэрээр одоо ард нь мэдээллийн технологийн аюулгүй байдлыг ярьж эхлэх ёстой болоод байна. Олон улсад ч ингэж хөгждөг. Тийм учраас бид ирэх оныг мэдээллийн технолгийн аюулгүй байдал, эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлаж байгаа юм. Энийг дагаж бид нар hardware буюу төмрийн аюулгүй байдал, програм хангамжийн аюулгүй байдал, контентын аюулгүй байдлын тухай ярих гээд байна. Өөрөө болохгүй болчихоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тухайд бид маш суурьтай хөндөж ажиллана. Үнэндээ бид хувь хүн дээрээ ч мэдэрч байна. За, одоо веб сайт дээр авъя. Та бол санал нийлэх байх. Comment гэж нэг юм байна.

-Ээ, бурхан минь. Зүгээр л атаа хорслын талбар. 
-Тэр бол зүгээр аймшигтай зүйл байгаа байхгүй юу.

-Хараал, сүрдүүлэг, доромжлолын үгийг нэвтрүүлдэггүй тэр программ яагаад болохгүй болж хувирсан бэ. Тоолуур нь эргэж л байвал эдийн болон ёс суртахууны таашаал авдаг эзэд хашгираад зогсоочихсон уу. Нэг загнуулаад л больчихож байгаа юм уу?
-Ерөөсөө больсон юм байхгүй. Энэ дээр нэг ойлголцол хийсэн юм. Нэгдүгээрт, энэ үг гэдэг зүйлийг балруулдаж үзье гээд. Одоо энэ үе шаттай явж байгаа, бид нарын тохиролцооны дагуу. Дуусаагүй байгаа. Хэрвээ энэ үг балруулдах нь утгаа алдаад байвал дараагийн шат руу орох ёстой л доо. Зүгээр хамгийн энгийн логик хэлэх гээд байгаа юм. Энэ comment-ыг хүүхдүүд уншаад байна. Гэртээ аав ээж нь хэлдэггүй хараалыг эндээс уншаад байна. Хүний мэдэхгүй зүйлийг тэндээс сураад байна. Дээрээс нь тэр хүнтэй гар барьж үзээгүй, нэг удаа уулзаж үзээгүй байж тэр comment-оор хүнийг дүгнээд байна. Энэ чинь нөгөө халдаж болохгүй эрхэнд нь халдаад байгаа байхгүй юу. Нөгөө Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх рүү нь.

-Гадны улс орнуудад олон эмгэнэлтэй үйл явдал үүнээс болж гардаг. “Од”-ууд амиа хорлодог. Үнэхээр олон жил тийм юман дунд явах ч бэрх шүү. Гэхдээ одоо яая гэхэв. Бас тэд таашаал авдаг зүйлээ хийх эрхтэй. 
-Кибер орчинд хүний эрхийн асуудлыг бид нар орхичихоод байна. Олон  жишээнүүд байгаа шүү дээ. Нэг компанийн захирал компаниа сурталчлаад ярилцлага өгчихсөн чинь ярилцлагынх нь доод талд чи тэдэн охинтой хүн шүү, болгоомжтой явж байгаарай гээд заналхийлчихсэн. Одоо тэр хүн бүтэн жил шахуу хамгаалалт авчихсан байгаа шүү дээ. Монголд тийм юм болж байна. Энэ чинь юуг хэлээд байна вэ гэхээр тэр аймшигт дайралтнаас хүн чинь айж байна шүү дээ. Одоо сүүлдээ хүн сайтад ярилцлага өгнө гэдэг нь өөрөө айдас болоод хувирчихсан. Бид нар энийг хөөцөлдөөд үгүй ээ, нухацтай сайн бодож үзээч ээ. Бодлогын хувьд энэ чинь болохгүй байна шүү дээ. Нийгмээ баллах гээд байна гэж зөндөө тайлбарласан. Би чинь хамгийн анх энэ ажлыг хийх гээд твиттэр болон сайтаар “алууллаа” шүү дээ. Албаар мэдээллийг буруу чиглүүлсэн нөхөд ч олон байсан. Үнэхээр сайтын эздүүд зөвшөөрөхгүй байгаа байхгүй юу. 

-Зөвхөн comment үйлдвэрлэдэг ажил эрхэлдэг хүмүүс гэж байгаа шүү дээ. Амьдралын кайф нь болчихсондоо ч биш ажил нь боочихсон. Тусгай цалин авдаг. 
-Би бол энд далд эдийн засаг байна л гэж харж байгаа.

-Сайт-д удаан саатах тусам ашиг  нь их орж байдаг болж байна уу?
-Нэг үгээр хэлбэл Ц.Жадамбаагийн тухайшармэдээ тавиад тэр хүнийг хайруулын тавган дээр шараад илүү олон хүнд үзүүлэх нь өөрөө чухал. Яагаад чухал вэ гэхээр тэр хажуу талд нь байрлаж байгаа сурталчилгааг хүнд харуулах нь чухал байхгүй юу. Тэр буланд нь байгаа сурталчилгаа чинь мөнгө шүү дээ. 

-Үнэндээ бол тухайн мэдээллийн хэрэгслийн эздийг, ажиллуулдаг хөлсний менежерүүдийг, хувьцаа эзэмшигчдийг нь хэн ч хараахгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд нийгмийн тайзан дээр гараад ирчихсэн хүнийг л хүн хараадаг байхгүй юу. 
-Өнөөдөр бид өөрийн эрх ашиг, мөнгөний төлөө яваад сайхан амьдарч байж болно. Гэхдээ та биологийн насаараа нэг өдөр хөгширнө. Хөдөлмөрийн чадваргүй болно. Тэр үед таны бэлдэж байгаа хүүхэд, таны халаа чинь хэн болж хүмүүжих гээд байгаа юм бэ гэдгийг бид нар өөрөөсаа асуух ёстой байхгүй юу. Миний хүүхэд хэн болж хүмүүжих гээд байгаа юм. Би жишээлбэл хүүхдээ хараал хэлдэг, солиотой, гаж донтон болгомооргүй байна. Гэтэл би болгохгүй гээд хүмүүжүүлчихлээ ч гэсэн миний хүүхдийн найз нь тийм бол нэмэргүй байхгүй юу. Тэгэхээр өөрөө би энэ салбар дээр ажиллаж байгаа хүний хувьд нийгэм рүү зөв юмыг хийж өгмөөр байна шүү дээ. Маш энгийн логик нь энэ байна.

-Дэлхийд бол тогтчихсон жишигтэй л явдаг шүү дээ. 
-Дэлхийд шийдчихсэн шү дээ энийг. Хөгжилтэй бүх орнууд энэ comment гэдэг зүйлийг ингэж явуулж болохгүй юм байна гээд шийдчихсэн аргачлал байгаа. Тэр аргачлалаар нь бид нар явъя гэтэл шууд улс төрийн гацаанд оруулсан л даа. 

-Нөгөө талаар миний ярилцлагын уншигчид comment хааснаараа хасагдаагүй. Өнөөдрийн байдлаар ороод харахад Санжийн Баяр гэдэг хүнтэй хийсэн ярилцлага руу хоёр зуун хэдэн мянган хандалт орсон байна. Бусад нь зуун мянга гараад л явсан байх жишээтэй. 
-Та үгээ зөв сонгохгүй бол мушгиад явчих байх шүү. Бид бол comment хаах тухай асуудал ерөөсөө тавиагүй. Ерөөсөө л зөв зохистой бичүүлэх тухай асуудал л яриад байгаа юм. Үндэслэлгүйгээр битгий доромжлооч ээ. Үзэл бодлоо илэрхийлэх чинь нээлттэй шүү дээ. Гагцхүү битгий ингэж доромжлооч ээ. Монголчуудаа энийгээ больчихооч ээ, муухай харагдаж байна. Тусгал нь хортой тусаад байна л гэж байгаа юм. Та одоо гудамжинд гараад хар л даа. Монголын залуучууд бие биетэйгээ инээж мэндлэхгүй байна шүү дээ. Сайн байна уу, өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж  хэлж сураагүй л байна. Баяртай гэж хэлж чадахгүй байна. Шинээр ажилд орж байгаа залуучууд “Сайхан амарсан уу, дарга аа. Өглөөний мэнд” гээд хэлчихэж чадахгүй байна. Энэ чинь бидний төлөвшүүлж байгаа нийгэм өөрөө буруу явж байгаагийн л илрэл байхгүй юу даа. Энийг бид нар удахгүй мэдэрнэ. Яагаад гээч, энэ хүмүүс төрд гарах цагт. Эдгээр хүмүүс шийдвэр гаргах цагт. Эдгээр хүмүүс нийгмийн харилцаанд орох үед бид нар мэдэрч эхлэнэ. Эхнээсээ ч зарим нэгэн дээр нь харагдаж байгаа.Зарим сайтууд бол бас ухамсартай хандаж байгаа. Үүнийг хэлэх ёстой. 

-Одоо заналхийдэг, сүрдүүдэг нэлээн ноцтой юм руу орох гээд байна л даа. 
-Тэрийг бол сайтууд ихэнхийг нь устгаж байгаа. Устгахгүй сайтууд бас байна. Тодорхой хугацааны дараа бид дүгнэлт хийгээд, үр дүн ийм байна гэж гаргаж үзүүлнэ. Бид ажиллахгүй биш ажиллаж байгаа. 

-Сайтын тоо бол асар олон байдаг гэсэн. Гэхдээ уучлаарай, өөрийн авторгүй сайтууд руу уншигчид ордог юм уу?

-Ордог юм байна лээ. Яагаад гэхээр тэр шар мэдээ нь сонин байхгүй юу. Өнөөдөр бид хоёрын ярьж байгаа ярилцлагыг үзэхээс илүү тэнд нэг хүнийг бааранд тэгж бүжиглэсэн. Тэр тэрэнтэй унтсан. Тэр тэрнийг араар нь тавьжээ гэдэг мэдээ өөрөө нийгэмд үнэтэй байна шүү дээ. 

-Яахав дээ оддыг бол бүгдийг нь мөшгинө шүү дээ. Дэлхийн сэтгүүл зүйн нэг том урсгал энэ зах зээл дээр явдаг. Зүгээр мэдээллээ яаж өнхрүүлж, яаж хийж вэ гэдэг талаас нь л би бол хардаг юм.
-Та мэргэжлийн нүдээр харна. Хэрэглэгчдийн дийлэнх тэгж харахгүй. 

-Энэ бол шинэ ертөнц. Бид өөрсдөө ч хэрэглэгч болж бүрэн чадаагүй л явж байна. 
-Шинэ тусмаа засаад явах нь чухал. 

-Таны удирдлагад ямар ямар байгууллага байдгийг би сайн мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар агентлагийнх нь дарга нь та. Гэтэл таны хажуу талд яг зэрэгцээ “Харилцаа холбооны зохицуулах хороо” гэдэг байгууллага байдаг. Хэдэн залуучууд л тонгочоод байна уу гээд харахаар танай бүтэц маш тодорхойгүй, салангид бүтэц юм. Таны мэдэлд гэхэд төрийн мэдлийн тав, зургаан газрууд байна. Тэгсэн мөртлөө томилгоог нь та хийдэггүй юм билээ ?
-Төрийн өмчийн хороо, Ерөнхий сайд томилдог юм.

-Гэхдээ ядаж зөвшилцөнө биз дээ?
-Хуулийн дагуу зөвшилцөж санал авна. Гэхдээ Төрийн өмчийн хорооны хурлаар шийдвэрлэж байгаа. Энэ дээр нэг ийм процесс явдаг юм. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар бол ямар нэгэн тендер хөтөлбөр хийдэг газар биш. Энэ бол тохируулагч агентлаг буюу хуучнаар бол бодлогын яам гэсэн үг. Бодлогын газар. Бид мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбар яаж хөгжих вэ гэдэг эрх зүйн баримт бичиг болоод бодлогын цаасыг гаргадаг. Шууд хэлье. 2013 онд нэг ч тендерийг манай дээр явуулаагүй. Бүгдийг нь худалдан авах дээр шилжүүлээд зөвхөн бодлого дээрээ ажилласан. Бүтцийн хувьд манайхыгта сонирхоод асуугаад байна. Зохицуулах хороо гээд яг зэрэгцээ, ижил статустай байгууллага байгаа. Түрүүн би нэг жишээн дээр хэлсэн. Замын хөдөлгөөний дүрмийг манайх гаргадаг. Тэр дүрмийг амьдрал дээр хэрэгжүүлэх буюу тэр зохицуулалтыг нь Зохицуулах хороо хийдэг. Тусгай зөвшөөрлийг нь олгодог. Үнэ тарифыг нь тогтоож өгдөг. Тэгээд бүх радио давтамжийнх нь хуваарилалтыг нь хийж өгдөг. Харилцан нөлөөллийг нь зохицуулдаг. Тэр хүмүүсийг энэ салбарт зөв зүйтэй ажиллах бүх бодлогыг нь гаргаж өгдөг. Ийм зохицуулах байгууллага. За, төрийн өмчит компаниуд байж байгаа. Монголын цахилгаан холбоо ХК гэж байна. Энэ айл  90 жилийн түүхтэй. Таны аав, ээжийн ажиллаж байсан ууган салбар. Монгол шуудан компани гэж төрийн өмчит компани. Мэдээлэл холбооны сүлжээ компани. Мэдээлэл холбооны сүлжээ компани нь 2007 онд салж байгуулагдсан юм. Хуулийн дагуу үндсэн сүлжээ, үйлчилгээ эрхлэгч гэж хоёр тусад нь салгасантай холбоотой. Үндсэн сүлжээ нь бол Монгол улсын бүх аймаг, суманд хүрч буй шилэн кабель. Энэ шилэн кабелийг Мэдээлэл холбооны сүлжээ компани эзэмшдэг.Дээрээс нь Үндэсний дата төв гэж байгаа. За, Үндэсний дата төв нь Монгол улсын төрийн мэдээллийн хар хайрцаг гэж ойлгох юм уу даа. Бүх төрлийн мэдээллийг дата хэлбэрээр хадгалж байдаг. Одоо бол Өгөгдлийн  төв болгон өөрчилчихсөн. Цахим засаглалын хамгийн гол суурь энэ байгууллага дээр тогтож байна. За мөн IT Park гээд байж байна. Энэ нь мэдээллийн  технологийн салбарын програм хангамжийн компаниудыг бойжуулдаг, өсгөн дэмждэг, тэдгээр компаниудыг зах зээлд нэвтрэхэд туслалцаа үзүүлдэг. Бүтээгдэхүүнийг нь гаргахад анхны туслалцаа үзүүлдэг гол цөм болж хөгжлийнх нь төв болж анх байгуулагдсан. Одоо л тэр утга руугаа ажиллах гээд явж байна. Тэгээд Радио телевизийн сүлжээ. Улсын төсөвт үйлдвэрийн газар. Энэ нь бид нарын өдөр тутам сонсдог радио, орой болгон үздэг телевиз байна шүү дээ. Тэрний чинь дахин дамжуулалтыг хариуцдаг. Энэ орбитын станц гээд байдаг. Монгол телевизийн хажууд том антенн байгаа биз дээ. Тэрнийг чинь мэддэг. Аймаг болгон дээр байдаг бүх дахин дамжуулалтын станцуудыг хариуцаж байдаг ийм газар байж байгаа. Ингээд чиглэл чиглэлээр хуваагдчихсан ийм байгууллагууд ажиллаж байгаа. Радио телевизийн сүлжээ, Дата төв, IT Park-ийн томилгоо нь манайхаас явж байгаа. Бусад Төрийн өмчит компаниудын томилгоо нь Төрийн өмчийн хорооноос, Харилцаа холбооны зохицуулах хороо бол Ерөнхий сайд томилдог юм. Ийм бүтэцтэй ажиллаж байгаа. Ер нь бол нүсэр шүү. Цаашаа хувийн компаниуд гээд явчих юм бол Мобиком, Жи Мобайл, Скайтел, Юнител гээд үүрэн операторууд ороод ирчихэж байгаа юм. Тэр бүх байгууллагуудын бодлогыг зангидаж байна. Дээрээс нь бүх интелсат буюу хиймэл дагуулын чиглэлийн компаниуд байна. Кабелийн компаниуд, шилэн кабель угсардаг бүх төрлийн компаниуд зөвхөн манай дээр бодлогын зохицуулалт хийлгэж байгаа. Бусад улс орнуудад бол яам байдаг байхгүй юу. Агентлагт нэг л сул тал байгаа. Энэ нь гарч байгаа эрх зүйн актийг үл ойшоодогтой холбоотой. 

-Үүрэн телефоны зарим компаниудын хууль бус ажиллагаа хэрээс хэтэрлээ. Жишээ нь, мобиком. Төлбөр дээр давхар тоолуур л эргүүлээд байдаг. Саяхан нэг уншигчийн маань утсан дээр бөөн давхар төлбөр гарчээ. Очоод хэл үг хийтэл та ухаалаг гар утасны лизингтэй байна гэж. Би ямар ч лизинг байхгүй. Юу болж байна вэ, таминь ээ гээд явсан байна. Өөр хүний лизингийн тооцоог хаа хамаагүй хүнээс аваад явж байсан нь илэрсэн. Ийм шимэгч компаниудыг хянах механизм байна уу. Уучлаарай, шимэгч гэдэг үгийг хэрэглэчихлээ.  
-Бид ч гэсэн тэгж нэрлэж байгаа. /Инээв/

-Хэрэглэгчдээ дээрэмдээд зогсохгүй дуучдын хөдөлмөрийг ч завшдаг юм биш үү?
-Дэлхий нийтийн чиг хандлага суурин холбооны хэрэглэгчийн тоо эрс буурч байгаа. Үүнээсээ хамаараад хөдөлгөөнт холбоо буюу операторуудын хэрэглээ маш их өсч ирсэн. Манайд бол ний нуугүй хэлэхэд дэндүү олон оператор ажиллаж байгаа. Одоо монополь гэж яриад байгаа Мобикомын хувьд 1995 онд орж ирсэн. Орж ирэхдээ маш их хөнгөлөлттэй нөхцлийн гэрээтэй орж ирсэн байдаг. Мэдээж гадны хөрөнгө оруулалтыг бид нар ямар нэгэн байдлаар буруушаах утгагүй. Яагаад вэ гэхээр тэртээ тэргүй бид хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд, зах зээлээ олон улсад нээлттэй болгочихсон учраас энэ дээр чиний миний гэж ярихаасаа илүү хийж байгаа бодлогынх нь тухай ярих нь зөв болчихоод байгаа юм. Өнөөдөр гар утас хэрэглэгчийн тоо Монгол улсад маш өндөр явж байна. 3.525.678хэрэглэгч бараг байна. Гар утас идэвхтэй хэрэглэгч. Энэнийг нь аваад үзэхээр нэг хэрэглэгч дунджаар 1-2 гар утас бариад байна гэсэн үг. Нас биенд хүрчихсэн хүн гэж тооцохлоор шүү дээ. Нэг хүн дээр хичнээн дугаар явж байна. Энэ бүхний чинь ард өөрөө эдийн засаг явж байгаа. Таны асууж байгаа асуулт сүүлийн үед их гарч байгаа. Миний хэрэглээнээс хамаарсан төлбөр гарахгүй байна гэдэг чинь тухайн компанийн биллингийн системийн асуудал ямар байна гэдэг дээр асуудал үүсч байгаа юм. Тэгээд энэ дээр бид шалгалтуудыг хийгээд явж байна. Хараахан дүгнэлт нь гараагүй байна.

-Манай Монголчуудын дунд нэг ийм үг байдаг. “Зуун ямаанд жаран ухна” гэж. Ер нь манай хэмжээ, даац маань ханачихаад байгаа юм биш үү?
-Бид бол тавдахь операторыг ямар ч байсан энэ Засгийн газрын үед лав оруулж ирэхгүй. Үүнд итгэлтэй байж болно. Тавдахь оператор орж ирэх юм бол энэ салбар үндсэндээ нурна. Харилцаа холбооны энэ хэсэг үндсэндээ дампуурна. 

-Танайд “Монгол шуудан” компани энэ тэр байх ямар хэрэг байдаг юм бэ. Менежментээр бараг хувьчилчихмаар харагддаг юм. Эд нарын улсад өгдөг татвар гэж хэр юм байх вэ?
-“Монгол Шуудан” компанийн шуудангийн үйлчилгээ бүх нийтэд хүрэх ёстой. Ер нь бол харилцаа холбооны үйлчилгээ иргэн бүрт хүрэх ёстой шүү дээ. Тэр утгаараа өнгөрсөн түүхэнд Шуудан компанийн гүйцэтгэсэн үүрэг маш их. Одоо бол харьцангуй мэдээллийн технологи хөгжөөд жишээ нь захиа явуулах тухай ойлголт бол өөр болчихлоо шүү дээ. Тэрнээсээ хамаараад хүмүүс шууданг байхгүй болчихсон мэтээр ойлгоод байгаа юм. Гэтэл орчин үед шуудан маань буцаад хэрэгцээнд орж эхэлж байна. Яагаад хэрэгцээнд орж байна вэ гэхээр жишээ нь E худалдаа. Бид нар 12 сард нийтийнтүлхүүрийндэд бүтэц буюу PKI-ыг ашиглалтанд оруулаад ирэхээр Дорнод аймагт сууж байгаа Жадамбаа интернэтээр Их дэлгүүрээс юм худалдаж авлаа гэж бодъё л доо. Гэтэл түүний хүргэлтийг Шуудан компани л хийх байхгүй юу. Тэгэхээр шуудан дахиад орчин үеийнхээ хөгжлийг дагаад босч ирж байна гэсэн үг. 

-Гоё л мэдээ байна. 
-Ерөнхий сайд өөрийн багцаас 2013 онд 1.9 тэрбум төгрөг хуваарилж ухаалаг шуудангийн төсөл амжилттай хэрэгжиж дуусах гэж байна. Ухаалаг шуудан гээд. Улаанбаатар хотын 20 цэг дээр бүх нийтээр ашиглагддаг хайрцгуудыг суурилуулах юм. Нэг цэг дээр 50 орчим нүд байх юм. Тэр нүд нь өөрөө том алимны хайрцаг  хийх боломжтой, жижигхэн захиа хийх боломжтой. Зузаахан сонин хийчих ч юм уу боломжтой өөр өөр олон төрлийн хүндтэй гэсэн үг. Тэгээд тэрийгээ нийтээрээ ашиглах юм. Таны гар утсанд, таны хамгийн ойрхон байгаа цэгт тэдэн номерын кодоор илгээмж ирлээ та очоод авна уу гэхэд та очоод кодоо хийгээд онгойлгож аваад хаачихна. 

-Амьдралын бас нэг гоё соёлын хэсэг л дээ. Дэмжих ёстой төсөл бололтой. 
-Маш тодорхой соёл. Тэгээд “Үндэсний шуудан” гэдэг сонинг захиалангуут иргэн Д шуудангийн хайрцаггүй байлаа гэхэд таны хамгийн ойрхон цэг дээр аваачаад л буулгачихна. Та тэндээс очоод шуудангаа авчихна. Одоо яг тэр ирээдүй рүүгээ явж байгаа учраас Монгол шуудан гэдэг компанийн ирээдүйг огт өөрөөр харах цаг болчихоод байна. Шуудангийн шинэ үе эхэлж байгаа. Бид нар стратегийнхаа 7 зорилтын долоо дахь зорилт болгоод үндсэндээ оноос өмнө хэрэгжүүлэлтийг нь дуусгах гээд явж байгаа. Он гараад энэ ухаалаг шуудангийн хайрцагнууд нээгдээд эхэлчихнэ. Одоо тэрнийх нь хүргэлтийн машин, GPS систем гээд бүх дэд бүтцүүд үндсэндээ хийгдээд дуусч байна. 

-Захиа, шуудан, зам гэсэн сэдвүүд бичихэд гоё сэдвүүд. Ер нь бүгдээрээ гоё ойлголтууд. Танай төсөлд амжилт хүсэх ёстой юм байна. 
-Тийм, бид нарын аав, ээж, эмээ, өвөө нарын залуу насны дурсамж нь шуудан дээр л байсан шүү дээ. Захиа бичих, хариу хүлээх, шуудан ирэх очих, явах. Шуудангаар хүлээж байсан хүн  ирэх гээд л. 

-Одоо хөдөө сум руу аймгийн төвөөс ГАЗ-53 гэдэг машин шуудан өгдөг хэвээрээ юу, больсон уу?
-Тэр процесс явдгаараа явж байгаа. Яг л хэвээрээ явж байгаа. Гэхдээ мэдээж 53 машин одоо бол байхгүй бүгд шинэчлэгдсэн, хэлбэр нь бол байгаа. Одоо Улаанбаатар хот руу Архангайгаас аав нь хүүдээ замын машинд дайгаад мах явуулах биш Монгол шуудан компани дээр аваачаад өгчихөд хүүгийнх нь байрны хамгийн ойрхон цэг дээр л хүргээд өгчих болж байгаа. Одоо манайх шиг хаягжуулалт нь бүрэн хийгдэж дуусаагүй байгаа, хийгдэх гээд явж байгаа шатандаа явж байгаа оронд бол олон улсаас шийдчихсэн гарц нь бол энэ.

-Бага байхад сумын холбоод нэг нэг кабинтай, хүмүүс залгагчийг дуудахаар ороод л ярьдаг байсан. Төв шууданч гэсэн кабинуудтай. Одоо алга болсон уу?
-Одоо бол багассан. Цахилгаан холбоо компанийн суурин утас гэж байсан даа. Одоо багасаад үндсэндээ интернэт хэрэглээ рүүгээ яваад орчихсон. Тийм болохоор сумаар дамжиж ярьдаг яриа бол байхгүй болсон.

-Тэгэхээр сумын холбооны байшингууд хэрэггүй болсон гэсэн үг үү?
-Сумын холбооны газрууд маш цөөхөн хүнтэй болсон.

-Үндсэндээ нэг нэг хүнтэй газрууд болж хувирсан байна лээ. 
-Одоо манай салбарын бас нэг эмзэг цэг энэ болж байгаа юм. Гэхдээ бид энэ дээр жаахан өөрчлөлт хийх гээд ажиллаж байна. Үндсэндээ ямар чиглэл рүүгээ орж байна вэ гэхээр тэнд интернэт кафе ажиллаж байна. Шилэн кабель орчихсон. Дээрээс нь энэ Мэдээлэл холбооны сүлжээ компанийн төхөөрөмжүүд байрлаж байна. Радио телевизийн дахин дамжуулахын төхөөрөмжүүд байрлаж байна. Тэд нарын тогтвортой үйл ажиллагааг хангаж байна. Мөн адил операторуудын тоног төхөөрөмжүүд байрлаж байгаа. Үндсэндээ тэр байшинд нөгөө гол дэд бүтэц маань байрлаж байгаа юм. 

-Одоо ингээд харахад танайх чинь аймаар том сүлжээ байна шүү. Сум болгонд холбооны бүх түүхийг шингээчихсэн байшин байна. Их өмчтэй газар байна.
-Өмчтэй, өмчтэй. Гэхдээ тэр нь агентлагийнх биш. Хувь төрийн өмчит компаниудын нэр дээрээ харъяалагдаж явдаг. Үндсэндээ суманд гурван төрлийн хүн байна. Шуудангийн, цахилгаан холбооны, мэдээлэл холбооны сүлжээ компанийн  хүн байна. Гурван төрлийн хүн ажиллаж байна. Тэр гурав гурвуулаа чиглэл чиглэлдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

-Уулан дээр байдаг радио релейний станцууд байгаа юу. Таниас баахан юм нэхээд л байнаа даа. 
-Радио релейнүүд байгаа байгаа. 

-Бас л нэг нэг айл манах төдий байдаг болчихсон юм биш үү?
-Радио релейнүүд дээр сүүлийн үед бол айлууд байхаа больсон. Тусгай хамгаалалттай, нарны зайгаар болон дэд бүтэцтэй газрууд цахилгаанаар цэнэглээд тэндээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ухаалаг хэлбэр лүүгээ орчихсон гэсэн үг. Телевизийн том релейнүүд байдаг ш дээ. Тэрэн дээр чинь бол айлууд байдаг.

-Түрүүн хоёулаа ярьж байсан. Хүмүүсийн бас нэг хараад байгаа цонх болохоор хэт залуу харагдаад, хэт амжилттай харагдаад л, хурдан харагдаад л байгаа юм биш үү гэж. Тэгэхээр Ардчилсан намд Жадамбаа гээд ийм залуу орж ирсээр чамгүй олон жил болчихож. Тэр үед залуу хүн танай нам руу ирж харагддаггүй шахам байсан. Таныг жаахан хувийн талаас нь сонирхмоор  байна. 
-2008 онд Оогий ах чи Ардчилсан намд ажиллах уу гэж санал тавьсан юм. Тэгээд Алтанхуяг дарга намайг нэг өдөр дууддаг байхгүй юу. Чи нэг хүрээд ирээч гээд. Тэгээд очоод их сонирхолтой юм ярьсан юмаа. Улс төрийн тухай, намын тухай. Тэгээд надад нэг үг хэлж байсан юм. Ардчилсан намын нарийн бичгийн даргын ажил гэдэг чинь Жадамбаа их том ажил шүү дээ. Тэгээд улс төрийн бодлогын хэлтсийн дарга гэдэг чинь бүр том. Гэхдээ чи бодлого хийнэ гэж юу байхав дээ. Тэрийг чинь ҮЗХ хийчихдэг юм. Гарч ирсэн бодлогыг нь хэрэгжүүлэх асуудал л юм байгаа юм. Чи сайн бод. Ер нь залуу хүний хувьд эрсдэл өндөртэй ч их том ажил гээд. Тэгээд би гэртээ хариад бодсон. Нэг оройжингоо бодсон. Би ч яахав бүх юмаа л ээжтэйгээ зөвлөдөг юм чинь. Тэгээд ээжтэй зөвлөсөн чинь манай ээж тэрүүхэн тэндээ их ламддаг юм. Өө, чамайг хүнд үзүүлсэн чинь өөрийнхөөрөө л яв гэж байна лээ гэж. Одоо их сайн санадаг юм. Яг энэ төв замын уулзвар гарч ирээд хойшоо даргатай уулзах гээд явж байхдаа гэнэт бодсон байхгүй юу. Үгүй ээ, хүн надад санал тавьж байна. Тэр хүн надад итгэж байгаа бол зүтгэлээр л хариулъя. Тийм учраас ажиллъя. Тэгээд очоод за, дарга аа та итгэж байгаа бол би чадахаараа зүтгэнэ. Би чадахаараа ажиллаад үзье гээд. Тэгээд орж ирээд л памперстай хүүхэд ирлээ гэж “Сэрүүлэг” сонинд бичүүлж байлаа. Аргагүй дээ би тэр үед дөнгөж 25 настай. Ардчилсан намын нарийн бичгийн дарга болсон. Улс төрийн гэдэг тухай ойлголт ч байхгүй. Тэгээд ороод явчихсан. Дөрвөн жил ажилласан. Шантрах үе зөндөө л байсан. Би ер нь зөв юм хийсэн үү, буруу юм хийсэн үү. Яагаад ингэж муу хэлүүлэн барин, басуулан баринявж байна вэ гэж. Гэхдээ аягүй сайн багтай ажилласан. 2012 оны сонгууль хүртэл бид нар их сайн ажилласан юм болов уу гэж хардаг юм. Мэдээж ард түмэн маань үнэхээр дэмжсэн. Тэгээд дараа нь агентлагийн дарга болсон. Агентлагийн дарга болоход дахиад л бас гал ирсэн л дээ. Үгүй ээ, энэ Ц.Жадамбаа чинь юун залуу хүрээд ирэв, мэргэжлийн бус хуульч нөхөр. Энэ технологийн салбарыг авч явж чадахгүй ш дээ. Ойлгох ч үгүй ш дээ, мэдэх ч үгүй ш дээ гээд дахиад л эхэлсэн. Одоо эргээд харахад жил болчихсон байна. Жилийн хугацаанд ямар ч байсан бардам хэлж болох хуруу дарам ажлуудыг бид нар хийж чадсан. Ямар ч байсан бид нарын стратегийн гэж нэрлээд байгаа ойрын дөрвөн жилийн хугацааны гол бодлогынхоо зорилтыг тавьж чадлаа. Гол гол ажлынхаа ерөнхийдөө  ард нь гарчихлаа. Одоо 12 сараас эхлээд бид нэлээд олон төслүүдийнхээ нээлтийг хийх гэж байна. Салбарынхаа бодлогыг тодорхойлсон учраас тэрэн дээр тулгуурласан гол гол суурь ойлголтоо сайн тавьж авлаа. Гагцхүү хүнд хийж байгаа юмаа хүргэнэ гэж ярьдаг шүү дээ. PR гэж хэлэх байх. Энэ зүйл маань л жаахан дутмаг байсан байж магадгүй. Хийж байгаа юмаа ярьж сурталчилдаггүй болохоор дотоод мөн чанарыг нь хүмүүс сайн гүйцэд ойлгодоггүй юм шиг байгаа юм. Яагаад төрийн түгжрэлгүй үйлчилгээ гэж нэрлээд, яагаад мод зурчихаад яриад байгаа юм гэнгүүт тэрэн дээр тайлбарлангуут, аан ийм учиртай юм байна ш дээ. Яагаад хиймэл дагуул хөөргөнө гээд яриад байгааг тайлбарлангуут ийм учиртай юм байна ш дээ гээд ярьж байгаа юм. Тэгэхээр ажлаа яриагүйгээс болоод, энэ болгоныг хүмүүст тайлбарлаж байгаагүйгээс болоод Ц.Жадамбаа гэдэг нэг залуу өнгөц харагдаад байдаг байх. Нөгөө талаас түрүүний та бид хоёрын хамгийн эхэнд ярьж байсан энэ social ертөнцийн хадуурал гэж би ярих гээд байгаа юм. Ц.Жадамбаа гэдэг хүнийг хэзээ ч надтай гар барьж үзээгүй, хэзээ ч яриагүй байж магадгүй миний залуу насаарминьдүгнээд байх шиг байна. Гаднаас нь хүнийг манайхан их дүгнэх юм. 

-Та бол жишээ нь тийм баян харагдахгүй байна. Аймаар баян залуучуудтай зөндөө л уулздаг юм. Шууд хоёр өрөө байр гарандаа зүүчихсэн урдаас ширээ тогшоод сууж байдаг залуучууд их байдаг. 

-Би бол байдаг л бусдын адил хүн шүү дээ. Тэртээ тэргүй миний авч байгаа цалин ойлгомжтой. Тэгэхээр үүнээсээ давна гэдэг бол ёстой нөгөө авилгалыг нь л авна гэсэн үг биз дээ. Би бол зарчмын хувьд энэ салбар дээр анхнаасаа л нэг зүйл дээр тууштай хэлж байгаа. Нэгдүгээрт, хууль бус зүйл байж болохгүй. Хоёрдугаарт, хэрвээ чи маш сайн ажилласан бол чиний хөдөлмөр шударгаар үнэлэгдэх ёстой гэж. Намд байхдаа би намын эрх ашгийг их хамгаалж ярьдаг байсан. Одоо төрд ороод ирсэн зовлон нэгтэй болсон чинь төрийн тухай л их ярьж эхэлж байна л даа. Яагаад гэхээр энэ төрийн албан хаагч гэдэг хүмүүсийг нийгэмд маш их буруугаар тайлбарлаж ойлгуулж байгаагаас болоод нэг үхрийн эвэр доргиход, мянган үхрийн эвэр доргидог шиг төрийн албан хаагчдын нэр хүнд газар уначихсан байна. Энэ хүмүүс асар их ажлыг нугалж байна. Өөр дээрээ дааж давашгүй их ачааг авч байна.  Тэгээд тэр хүмүүсийн авч байгаа  цалин хамгийн наад талын нийгэмд үнэлэгдэж байгаа үнэлэмж нь гэхэд дэндүү бага байна. Яагаад бий болгочихсон юм бэ гэхээр өгч байгаа мессеж нь дандаа буруу явсаар байгаад ийм болгочихсон. 

-Муусайн гаальчид, муусайн эмч нар, муусайн багш нар гээд л амны уншлага болчихсон нь үнэн л дээ.

-Тийм шүү дээ. Хэрвээ энэ хүмүүс байгаагүй бол хэн төрд ажиллах юм бэ. Хүмүүс цагдааг муу хэлээд л байдаг. Тэгвэл чи тэрний оронд цагдаа хий гэхээр хийхгүй л байгаа биз дээ. Заримдаа надад анх тэр сэтгэгдлээр нүдүүлж байхад бас бодогдож байсан шүү. Яагаад энэ суудал ийм үнэ цэнэтэй, яагаад би сэтгэл зүйгээрээ ингэж хохирч байх ёстой юм бэ гэж. Энийг нь өгөөд сайхан тайван амьдрах юмсан гэсэн бодол хүртэл төрж байсан. Гэхдээ маргааш нь босч ирээд бас шар хөдлөөд би бас яагаад тэгвэл сайн ажиллаад өөрийгөө харуулж болохгүй гэж бодож байсан.

-Үнэндээ хүн өөрөө гайхалтай хурдан шинэчлэгдэж байх ёстой цаг үед бид амьдарч эхэллээ. Аль ч салбар. Тэр дундаа танайх. Тэгэхээр залуучуудаа сургах, дэлхийн хурдтай хамт л хүнээ явуулж бэлтгэх ийм талын бодлогуудыг хэр хийж байна вэ?
-Тэрийг маш их хийж байна. Би бүр стратегийн зорилт дотроо хүний нөөцийн бодлогыг зориуд оруулсан. Маш олон залуучууд гадаадад сурч байгаа. Гэхдээ энэ дээр нэг хэцүү юм байгаа. Залуучууд эргэж ирэхгүй байна. 

-Хатуу гэрээ хийх ёстой шүү дээ. Тийм эх орондоо хайргүй байж болохгүй биз дээ?

-Олон улсын байгууллагын шугамаар явдаг учраас тэрэн дээр хатуурхаад гэрээ хийгээд байх нөхцлүүд байгаагүй. Өмнө нь ч хийгдэж байгаагүй юм байна лээ.

-Цэвэр ёс суртахуунд нь л найдах уу?

-Өнгөрсөн онд явсан бүх залуучуудтай би гэрээ хийсэн. Заавал чи эргэж ирж ажиллана шүү. Яагаад гэвэл чи МУ-ын нэрээр, энэ байгууллагын нэрээр явсан нь үнэн юм чинь буцаж ирээд ажиллах ёстой шүү гэж хатуу хэлж байгаа.

-Чи залуу юм байна, тэр залуу юм байна. Тэр ч дээ гэсэн анхны үнэлэмж маш их тэвчээр сорьдог. Салбарууд анх хүлээж авахдаа залуу хүнтэй ерөөсөө тийм л өнгөөр гар барих гээд байдаг. Энэ басалттай хэр нүүр тулж байна?
-Тэр басалттай ер нь өдөр болгон тулдаг байхаа. Яагаад вэ гэхээр анх намд томилогдсоноос хойш л ер нь тулж байна. Анх бизнес хийж байхад ч гэсэн хүмүүс Жадамбаа гуайтай уулзъя гэж орж ирдэг байсан. Өө, та байсан юм уу. Өө, өөрөө байсан юм уу гээд тэгээд гарахдаа чи хөгшөөн болоод гардаг. Ер нь бол би өөрөө энгийн зан төрхтэй хүн учраас тэрийг нь ч хүлээн зөвшөөрдөг. Байгууллага удирдаж байгаа хүнийг настай байх ёстой гэдэг ойлголт бий. Бас нөгөө талаас тэр хүн настай гэдэг нь туршлагатай гэсэн үг. Туршлагатай гэдэг нь тэр юмыг буруу хийхгүй гэсэн үг. Буруу юм хийхгүй гэдэг чинь зөв зүйл рүү явах ёстой гэсэн санаа шүү дээ. Яагаад залуу гээд гоочлоод байгаагийн цаана үнэхээр чи зөв шийдвэр гаргаж чадах уу, үнэхээр чи зөв юм хийж чадах уу, энэ салбарыг чи авч явж чадах уу гэдэг асуулт л байна гэсэн үг. Тийм учраас одоо энэ хувь хүн талаасаа би нэг юмыг ойлгодог юм. Энэ бол суралцах даалгавар. Нөгөө талдаа залуу гэдгээрээ надад алдах эрх байхгүй. Залуу гэдэг нь алдаж болно гэсэн үг биш. Харин ч өдөр тутам бодож хийж байгаа үйлдэлдээ илүү их дүгнэлт хийх ёстой. Тэр утгаараа өнөөдөр миний гаргаж байгаа бүх шийдвэрийг би ганцаараа гаргадаггүй. Заавал багаараа ярилцдаг. 

-Таны удам судар, нутаг ус, аав ээж, өссөн гэр бүл, одоо өөрийн чинь байгуулсан Жадамбаагийнх гэдэг айлыг хүртэл товчхон мэдээлэл өгөөч. 

-Миний уугуул нутаг Дорноговь аймгийн Дэлгэрэх сум. Дорноговь аймгийн Дэлгэрэх суман дотроо Цагаан Өвгөнийх гэдэг айлынхан. Би чинь ээжийнхээ ааваар овоглодог юм шүү дээ. Цагаан-Өвгөний гэж. Манайхнаас олонд танигдсан, ард түмэн сайн мэддэг хүн гэх юм бол Одь гэж лам өвгөн байсан даа. Эмзүйч өвгөн байсан юм. Тэр хүний л үр ач.

-Одь гэж үнэхээр алдартай хүн байсан юм билээ. Уламжлалт анагаах ухаандаа өндөр нэр хүндтэй. Тэр хүн мөн биз дээ?
-Тийм, одоо сүүлд Баатар гээд шавь нь гавъяат эмч болчихсон. Манайхан дандаа эмч нар байдаг юм. Одоо Дорноговийн дотрын эмч Алтанцэцэг гээд миний эгч байж байна. Сувилагчаас авахуулаад бүгд байж байна. Хүүхдүүд нь бүгд эмч нар. Би л ганцаараа тэс хөндлөн яваа өвөөгийн хүүхэд дээ. 

-Танай энэ Одь гэж өвөө чинь саяхан болтол амьд сэрүүн байсан байх аа?

-Саяханыг хүртэл байсан. 

-Тэгээд шавь нь танай өвөгийн нэрийг оролцуулсан эмнэлэг нээсэн байх нь. 
-Тийм байх. Би тэрийг нь сайн мэддэггүй юмаа. Бодвол сайн хүний үргэлжлэл учраас аваад явдаг л байх. Би таныг нэгэнт хөндсөн учраас л ярьж байгаа юм.

-Өөрийг тань Хэнтийнх гэж сонсч байсан санагдах юм. 
-Хэнтийн Бор-Өндөрт би нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ сурсан юм. Миний ээж Гансүх гээд хүн байдаг. Одоо Бор-Өндөрт физик, математикийн багш хийдэг. Одоо хүртэл тэнд ажиллаж амьдарч байгаа. 25 жил тэнд ажиллаж амьдарч байна. Үндсэндээ тэнд ээжтэйгээ нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ амьдарсан. Тэгэхээр чинь хоёр  нутагтан болчихно биз дээ. Уугуул нутаг  Дорноговь аймаг суугуул нь Бор-Өндөр гэсэн үг. Одоо би Төмөр замд амьдарч байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт. Манай эхнэр Завхан гаралтай Дарханы бүсгүй бий. Үндсэндээ Улаанбаатар хотод өсч торнисон. Хүү одоо гуравдугаар ангид сурч байна. Охин 4 настай. 

-Та хаана төгссөн бэ?
-Би Их засаг Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Дараа нь магистрт орж суралцаад бас Их засагтаа хамгаалсан. Бас нэг хувийн жижигхэн бардамналтай. Өнөөдөр хувийн их дээд сургуулиудаас манлайлагч төвшинд очсон, менежмент болон сургалтаараа сайн явж байгаа нь Их засаг сургууль байдаг. Тэр олон мянган оюутнууд дундаас чадлаараа хичээгээд энд явж байгаагаараа бахархдаг л юм. 

Бидний эхний уулзалт ийнхүү өндөрлөв. Ямартай ч түүний тухай ойлголттой болсон гэдэгт найднам.

http://ganchimeg.niitlelch.mn/

Ц.Сүхбаатар: Бид заавал эхлээд нэг муруй байшин барих шаардлагагүй

“Ярилцъя”- ын шинэ зочин Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, ноён Ц.Сүхбаатар. Монгол Улсын Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалыг тойрсон таагүй яриа хөөрөө,  ил далд чимхсэн шоглолууд тасралтгүй яригдаж байгаа болохоор элчин сайдын байр суурийг сонсох хүсэл сэтгүүлч надад их байв. Ингээд ноён элчин сайдын яриаг та бүхэнд хүргэе.    

-Таныг ярилцлагынхаа зочноор урих шалтгаан хэд хэд байлаа. Манай Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлал бидний ярианы чухал сэдэв байх болно. Миний урилгыг хүлээж авсан танд баярлалаа.  
-Танд ч гэсэн баярлалаа. 

-Ерөнхий сайдын маань албан ёсны айлчлалыг тойрсон шүүмжлэл байна. Ард иргэд бол өгөгдсөн мэдээллүүдийн хүрээнд л хүлээж авна. Тэр мэдээлэл хангалтгүй байв уу, эсвэл  Ерөнхий сайд энд ирээд гуравдугаар зэрэглэлийн зочин шиг эвгүй байдалд ороод буцав уу.  Онгоцны буудал дээр буунгуут нь Бээжин рүү ч оруулахгүй шууд Сычуань руу “цөллөө”.  Нэг тосгондоо аваачиж үзэсгэлэн худалдаа үзүүлж байгаад явуулчихсан гэх маягийн шог яриа хүртэл гараад байна. Мэдээж энэ бол ажил хэрэг. БНХАУ бол бидний мөнхийн хөрш орон.  Хамгийн чухал зарчмын байр суурийг илэрхийлэх хүн та шүү дээ. 
-Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны төвшинг ерөнхийдөө бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр бол энэ харилцаа стратегийн түншүүдийн хэмжээнд хүрч хөгжсөн. 2011 онд түрүүчийн Ерөнхий сайд С.Батболд айлчлах үеэр үүнтэй холбоотой баримт бичгийг зурсан байгаа. Тэрний дараа 2012 онд Монголд УИХ-ын сонгууль болж засаг солигдсон. Нөгөө талд 2013 оны эхээр БНХАУ-д арван жилд нэг удаа болдог том төрийн дээд удирдлагын сэлгээ болж өнгөрлөө. Үүний дараа болж байгаа хамгийн дээд хэмжээний айлчлал гэдэг утгаараа манай Ерөнхий сайдын айлчлал маш чухал айлчлал. Энэ үеэр Хятадын баруун бүсийн худалдаа, үзэсгэлэн яармаг боллоо. Тэр нь хэдийгээр баруун бүсийн арван хэдэн мужийг оруулаад хийж байгаа арга хэмжээ боловч олон улсын томоохон арга хэмжээ. Энэ арга хэмжээнд улс орнуудын Ерөнхийлөгч, төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд нар уригддаг. Жишээлбэл, энэ удаагийн арга хэмжээнд Австралийн, Канадын ерөнхий захирагч нар. Дээрээс нь Македоны Ерөнхий сайд, Танзаны Ерөнхий сайд, манай Ерөнхий сайд гээд олон төр засгийн тэргүүнүүд оролцсон том арга хэмжээ болсон. Дээр нь бас орлогч сайд нарын төвшинд гадаадын 70- 80-аад орны төлөөлөгчид оролцсон.  

-Тэр нь товлогдчихсон, өдөр цаг нь манай Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөрийн эхэнд байсан юм уу ?

-Тийм. Тийм учраас манай Ерөнхий сайдыг эхэлж тэр арга хэмжээнд нь оруулаад, албан ёсныхоо хүлээн авах арга хэмжээг Бээжинд ирэхэд нь зохион байгуулсан юм. 

-ОХУ-ын Ерөнхий сайд Медведев, Энэтхэгийн ерөнхий сайд нарын дараа буюу гуравдугаар зэрэглэлийн зочин шиг үзсэн гэж дүгнэх бол дэмий яриа юм байна, тийм үү?
-Тэр бол утгагүй яриа. Яагаад гэвэл тэр арга хэмжээнд харин ч манай улсыг тусгай зочин, хүндэт зочин гэж хүлээн авсан. Онцгойлж үзээд оройны нээлтийн арга хэмжээнд зөвхөн манай Ерөнхий сайдаар үг хэлүүлж байх жишээтэй. Манай Ерөнхий сайдад тусгайлан цагийг нь гаргаж өгөх, үг хэлэх гээд бүх юмыг нь дандаа нэгдүгээрт нь тавиад л явсан. Энэ бол илүү хүндэтгэл. Цаг хугацааны хувьд Оросын Ерөнхий сайд, Энэтхэгийн Ерөнхий сайд нар цувраад яг хугацаагаараа  айлчлаад л явцгаасан. 

-Айлчлалын товыг хүлээж авч байгаа орон тогтоодог юм уу, харилцан зөвшилцөж байж хийдэг юм уу?
-Харилцан зөвшилцөнө. Жишээлбэл, зарчмын хувьд оны эхэнд энэ жил манайхаас Ерөнхий сайд, танайхаас тийм албан тушаалтан айлчлана шүү гэж тохироод хугацааны хувьд хэзээ гэдгээ яриад тогтоод явдаг. Жишээлбэл, энэ баруун бүсийн том арга хэмжээнд танай Ерөнхий сайдыг бид хүндэт зочноор оруулмаар байна гэж аль хэдийн ярьж тохирсон. Тэгээд БНХАУ-ын тал өөрийнхөө хувиартаа оруулаад айлчлалаа хийсэн. Бид тэр дундуур нь Ляонин муж руу явсан. Тэр баруун бүсийн яг албан ёсны арга хэмжээнд нь ороод л бусад арга хэмжээнд нь ороогүй шүү дээ. Яагаад гэвэл Ляонин мужид цаг бага байссан.  Хятадын зүүн хойд, Далянь, Даньдун  боомт байгаа тэр муж руу зориуд бид очиж айлчилсан. Тэр нь яахав цаанаа эдийн засгийн бусад агуулгатай, улс төрийн ч. Манайх бол далайд гарцгүй орон. Энд Монгол Улсын Ерөнхий сайд зүгээр нэг хөл тавьж байгаа юм биш. Манайхаас өмнө нь төрийн удирдлагын хэмжээнд огт очиж байгаагүй ийм муж. Тийм болохоор тэнд очих зорилго байсан. Тэгээд ирээд л албан ёсныхоо арга хэмжээ рүү ороод явчихсан. Дөрвөн өдрийн энэ айлчлалыг үндсэндээ бид маш шахуу хөтөлбөртэйгөөр хэрэгжүүлсэн. Хятадын төрийн бүх дарга нартай уулзсан.
 
-Манай олон нийт айлчлалын ач холбогдлыг зөвхөн эдийн утгаар хардаг бас нэг цонхтой болчих гээд байх шиг. Ер нь юу гийгүүлсэн юм, юу олж ирсэн юм, юу бүтээсэн юм бэ гээд л эхлэдэг. Зарим хэсгийнхэн нь доншуучиллаа, гуйлга гуйлаа, дандаа бадар барьж  ирээдүйдээ өр бэлдэж байдаг гээд л. Сая ч гэсэн буцалтгүй тусламж гээд л аваад очсон. Буцалтгүй тусламж гэдэг ойлголтыг та манай уншигчдад тайлбарлаж өгнө үү. Тэрийг ирээдүйд ямар нэгэн байдлаар манайхаас эргүүлж авах өр гэж иргэд маань хардаг шүү дээ?

-1990-ээд оноос эхлэн ЗХУ задарч унаад манайхыг тэжээгч гол улс маань байхгүй болсон. Үүний дараа манай улс эдийн засгийн маш хүнд байдалд орсон. Тэр үед гадаад дотоод айлчлал хийх гол зорилго нь тэндээс тусламж босгох, буцалтгүй тусламж, болж өгвөл хүүгүй зээл олж ирэхийг үнэхээр зорьж явдаг байсан. Тэр бол тухайн үед зайлшгүй хийхээс өөр аргагүй ажил, хайхаас өөр аргагүй зүйл байсан. Тэр 1990-ээд оны үеийн хүндрэлийг бид зайлшгүй давж гарах шаардлагатай байсан. Одоо бол манай эдийн засаг сэргээд, ерөнхийдөө өөрийгөө авч явж чадах хэмжээнд хүрэхийн хэрээр энэ асуудлыг ойлгох хүмүүсийн ойлголт ч гэсэн өөр болоод ирлээ шүү дээ. Тэгээд л тусламж энэ тэрийг өөрөөр хардаг, бадар барилаа гэсэн байдлаар цамаархах маягтай ханддаг болж ирж байна л даа. 

-Улс орон бас хүнд үеэ даваад иржээ. Дагаад иргэдийн маань асуудлыг харах нүд өөрчлөгдөж байна гэсэн үг үү?
-Одоо манай энэ бонд босгож байгаа, хөнгөлттэй зээлүүдийг авч байгаа зэрэг нь хэвийн л зүйл. Монгол улс бол асар их баялагтай. Баялагаа дэлхийд нээлттэйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулаад, төлбөрийн чадвартай болж байна гэдгээ харуулж эхлэлээ. Энэ улсад зээл өгчихөд ямар ч байсан эргээд төлөх юм байна, аваад алга болчихгүй юм байна гэдэг итгэл дэлхий дээр төрчихсөн байгааг л харуулж байгаа юм. Мэдээж бид нар энэ зээл авсан хэрээрээ эргүүлэн төлнө. Жишээ нь 1960- 1970-аад оны үед манайх сэргэж, эдийн засаг хурдтайгаар хөгжиж, маш их хэмжээний зээл ОХУ-аас авч байсан. Тодорхой цаг хугацааны дараа  тэр өрөө цайруулчихсан. Тэрэн шиг л бид зээл авч байна. Харин энэ бол тэгж цайрдаг өр биш. Гэхдээ бид төлж чадна гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас тэр бонд босгох, хөнгөлөлттэй зээл олж ирж байгаа зэргийг хүндрүүлж ойлгох хэрэггүй. Улс орон эхний ээлжинд нэн даруй хурдан хөгжихийн тулд эхлээд бэлэн мөнгөний урсгал орж ирэх ёстой. Энийгээ харин яаж зөв ашиглах вэ, яах вэ гэдэг бол манай дотоодын асуудал. Гадны улсуудад хамаагүй. Энэ удаагийн айлчлалаар харилцан ашигтай нэлээн чухал асуудлууд яригдсан. Өмнөх тогтсон заншлаараа 50-60 сая юанийн тусламжийн асуудал шийдэгдсэн. Хөрш зэргэлдээ орондоо үзүүлдэг тусламжийн жишгээр л манайд өгсөн. Тэрнээс илүүг ч өгдөггүй, бага ч өгдөгггүй. 

-Ганцхан Монголд өгдөг ч тусламж биш шүү дээ?
-Ганцхан Монголд биш. Бүх хөгжиж байгаа хөрш зэргэлдээ бүх орондоо өгдөг. Тэрийгээ юу гэдэг юм сайн хөршийн найрсаг сэтгэлийн илэрхийлэл гэж үздэг. Үнэндээ бол Хятад улсад манай 1950-1960-аад оны үед тавьсан өр гэж байсан юм шүү дээ. Зуун хэдэн сая Швейцари франкийн өр. 

-Оросод төлөх их өр гэж ярьдаг л болохоос энэ тухайд тэр бүр мэдээлэгддэггүй байсан. 
-Дээр нь бас ерээд оны үед байдал хүнд байх үед авч байсан юанийн өр энэ тэр гэж ч байдаг. Хятадын тал тэр өрийг цайруулдаг ч үгүй, гэхдээ бас  та нар төл гэж нэхдэггүй. Ингээд байж байдаг. Цайруулах тухай асуудал бол ярихгүй гэж байгаа юм. Ер нь авсан бол төлдөг нь зарчмын асуудал. Яагаад гэвэл танай улс нэн ядуу ямар ч төлбөрийн чадваргүй улс биш, танайх  чадвартай. Тиймээс танайх төлөх боломжтой үедээ төлнө биз гээд байж байдаг. Ер нь бол манайх Хятадын талаас 300 саяын зээл, 500 саяын зээл аваад явж байгаа. Энэ бол хөнгөлөлттэй зээл. Мэдээж өөрийнхөө экспортийг дэмжихэд зориулж өгч байгаа зээл. 

-Жаахан тодруулахгүй юу?
-Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл Хятадын компаниудтай хамтарч ажиллана, хятадын технологиор ажиллана гэсэн үг. Тийм л нөхцөлтэй зээл.

-Саяны Ерөнхий сайдын айлчлалаар боловсролын салбарт нэлээн  таатай гэрээ хэлцлүүд хийсэн юм байна гэж ойлгосон. Эдний засгийн газрын тэтгэлгээр сурдаг оюутнуудын тоо нэмэгдсэн байв уу ?
-Түрүүчийн Ерөнхий сайд Вэнь Зябао манайд айлчлахдаа ирэх таван жилд 2000 оюутныг өөрийнхөө зардлаар сургаж өгнө гэж амласан. Сая Ли Көцянь шинэ ерөнхий сайд бол жилд 1000 оюутныг сургая гэж байгаа. Жилд 250 орчим болчихож байгаа юм. Таван жилд гэдэг чинь 200 оюутан болж байгаа юм. Тэгэхээр энэ Ерөнхий сайд тэрийг нэмээд жилд 1000 болгосон. Энэ бол манайд үзүүлж байгаа маш том тусламж. Нэг хүнд ногдох тоогоор нь авч үзэх юм бол энэ хөрш зэргэлдээ орнуудаас манай улс нэлээн тасраад л явж байгаа байх.

-Тэтгэлэг нь бусад орнуудыг бодвол их боломжийн байдаг юм байна лээ.
-Одоо бол Хятадын засгийн газрын тэтгэлэг сайн болчихсон шүү дээ.

-Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадын улс орнуудад айлчилж, сайн муу хэлүүлээд явахдаа залуучуудаа сургачих бололцоог хаа хаанаа хайгаад  л явдаг. Гэхдээ амьдрал дээр харахад нөлөө бүхий албан хаагчид, дарга нарын хүүхдүүд сорчлоод явчих нь түгээмэл. Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдээс авдаг шалгалтыг Монгол дахь БНХАУ-ын элчин сайдын яам өөрсдөө авдаг болсон байгаа. Өөрсдөө авдаг болсон ч гэсэн бас л сөрөг мэдээллүүд сонсогдож байдаг. Энэ элсэлтэн дээрх  журамд өөрчлөлт орсон уу ?
-Тэр бол яг хянахад хэцүү. Харахад дарга нарын хүүхдүүд ч сурч байна. Энгийн ард иргэдийн хүүхдүүд ч сурч л байна. Бас 200-300 хуваариас бүгдийг нь дарга нарын хүүхдүүд авчихгүй л дээ. Дийлэнх хэсэг нь чадлаараа орж байгаа залуучуудад хүртэж байгаа. Тэр бол ойлгомжтой. Журамд нэг их өөрчлөлт ороогүй байгаа. Энэ журмаараа л явах байх.

-Мэргэжлийн хувьд сонголтууд нэмэгдэв үү. Манай талаас бид  инженерийн мэргэжлээр жаахан түлхүү боловсон хүчин бэлтгэмээр байна, танай Анагаах ухааны сургалт их нэр хүндтэй. Бид энэ жил тэдэн тооны хүн явуулмаар байна ч гэдэг юм уу. Иймэрхүү болзлыг хүлээж авах уу ?

-Манайх уг нь бол санаа нь аль болох техникийн чиглэлээр сургая гэсэн эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ эднийх жил болгон гадаадын оюутан авдаг эрх бүхий сургуулиудынхаа хэдэн хуваарь авах боломжтойг манайд мэдэгддэг. Тэгээд оюутнууд шалгалт өгдөг. Тэнцсэн оюутан шалгалтанд орохоос өмнө гурван сургуульд сонголт хийлгэдэг. Тэгээд шалгалтандаа тэнцвэл тэр гурван сургуулиасаа аль боломжтойг нь сонгож аваад явдаг.

-Хамаагүй давуу бололцоо олгодог юм байна шүү дээ.
-Ер нь гайгүй. Тийм болохоор эхний үед манайх жаахан замбараагүй явцгаасан. Тэгээд харсан чинь дийлэнх нь дандаа нийгмийн талын мэргэжлийн оюутнууд болчихсон байсан. Жишээ нь эдийн засагчид, сэтгүүлчид, хуульчид, нарийн мэргэжлээр их цөөхөн бэлтгэгдээд харьцаа нь жаахан алдагдчихсан байсан. Сүүлд Боловсролын яамнаас анхаараад одоо бодлоготойгоор техникийн,  инженерийн чиглэл рүү олон хүн түлхүү сургая гэсэн бодлого барьж байгаа. Хоёр талаасаа ажлын хэсэг гараад, хоёр яам оролцоод нэлээн тулхтай хандаж байгаа. 

-Манайх стратегийн ордуудаа хөдөлгөөд эхлэнгүүт ажиллах хүчний асуудал дээр  том “шок”-нд орлоо шүү дээ. Хятадаас ажиллах хүчээ авлаа гээд л олон нийт нь уурлаад байдаг. Тийм болохоор төрийн бодлого энэ зүг рүү эргэж байгаа хэрэг. 
-Ажиллах хүчнээ бэлдэж авахгүй бол хэцүү юм байна гэдэг нь харагдаад ирсэн л дээ. 

-Өөр нэг асуух зүйл гэвэл энэ бизнесийнхнийг хооронд нь уулзуулж учруулах ажлууд томоохон айлчлалын хүрээнд хийгддэг. Айлчлалын бүрэлдэхүүнд бизнес групп ордог. Мэдээж төрийнхөнтэйгөө хамт ирээд, уулзаж суугаад гэрээ хэлэлцээр хийж аваад явах нь тэдэнд таатай завшаан байлгүй яахав. Ийм арга хэмжээнүүд Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хийгдэв үү. Мэдээллийн хэрэгслүүдээр гавьтай юм болсонгүй л гэж мэдээлсэн? 
-Хятадын хувьд ер нь онцлогтой шүү дээ. Өнөөдөр бол манай улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад нэгдүгээрт явж байгаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр манай улсад Хятад руу бизнес хийхэд ямар нэгэн бэрхшээл байхгүй л гэсэн үг. Өөрсдөө л ирээд хамтрагчаа олоод, дор дорноо юмаа хийгээд яваад сурчихсан. Ийм төвшинд хүрчихсэн. Нэгэнт ийм нөхцөлд бид шинэ улсыг нээж байгаа юм шиг хуйлраад л, манай баахан бизнесмэнүүд дагаж ирээд л эдний бизнесмэнүүд цуглаад л хооронд нь танилцуулаад л Төрийн зүгээс ингэж хутгалдаад явах үнэхээр шаардлага байхгүй. Ерөнхий сайдын айлчлалын гол чиглэл нь юу байсан бэ гэхээр энэ шинээр гарсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг, энэ хөрөнгө оруулалтын шинэ орчны талаар яг хэрэгтэй хүмүүст нь мэдээлэл өгөх л зорилт тавьсан. Манайх руу хөрөнгө оруулсан, манайхыг сонирхож байгаа томоохон пүүс компаниудыг уриад л удирдлагын төвшинд оройн зоог байдлаар зохион байгуулсан. Тэр арга хэмжээн дээр Ерөнхий сайд өөрөө танилцуулга хийсэн. 

-Манайхантай хамтарч ажиллаж бизнес нь эрсдэлд орсон гадны хөрөнгө оруулагчид их байна. Хөрөнгө оруулалтын орчин маань доголдоод эхэлчихсэн, гадныхан дайжих хандлага гарч эхлэсэн.  Үндсэндээ дотоодын улс төр  энэ сэдэв дээр л тоглож байдгийг та мэднэ. Лицензүүдийг хоморголон цуцалсан. Тэдний 80 гаруй хувь нь гадныхантай хамтраад явж байсан, эсвэл ном журмаар нь төлбөрөө төлөөд хөрөнгө оруулагч хайгаад явж байсан жижиг компаниуд байна. Үүний өмнө нөгөө алдарт 68 хувийн хуулиар үндсэндээ уул уурхайн олон компани үүдээ барьсан. Цаад талд нь өмнөх хөршийн хөрөнгө оруулалттай компаниуд хүнд байдалд орсон нарийн ширийн мэдээллүүд сонсогддог . Энэ талын гомдол ирэх юм уу. Танай хууль эрх зүйн орчноос болоод, тогтворгүй байдал, савалгаатай улс төр, олон нийтийн буруу ойлголт, нийгмийн хөдөлгөөнүүдийн чинь хариуцлагагүй шахалтаас болоод манай ийм олон компани төдий хэмжээний хохирол амслаа гэх мэтийн үг хэлийг тавьдаг уу?
-Ер нь бол байна. Хоёр гурван чиглэлийн асуудал байна л даа. Нэгдүгээрт, түрүүчийн хавар баталсан хуулиар гадаадын төрийн өмчийн компани тодорхой хувь орох юм бол ингэнэ тэгнэ гээд байгаа. Үүнийг Хятадын дийлэнхи төрийн өмчийн томоохон компаниуд эмзэг хүлээж авсан. Хятадын эсрэг та нар ийм юм хийж байгаа юм биш үү гэж ний нуугүй асуулт ч тавьдаг. Энэ нь цаанаа хуулийг нь харахаар гадны улсын байгууллага, тэдний бодлого манайх руу орохыг биш хувийн хөрөнгө оруулалтыг бол бид дэмжинэ гэсэн бодлого байдаг. Үүнийг бол хятадууд ойлгож байгаа. Яагаад гэвэл хаана ч мэдээж гадны хөрөнгө оруулалт тэр улсынхаа төрийн бодлогоор орж ирээд байвал цаанаа хэцүү шүү дээ.Тийм учраас аль ч улс орон өөрсдийн хөрөнгө оруулалтын орчноо хамгаалдаг нэг ийм асуудал бий. Хоёрдугаарт, түрүүн цухас дурдаад өнгөрсөн ажиллах хүчинтэй холбоотой асуудал их гарч байгаа юм. Мэдээж Хятадын хөрөнгө оруулалт, Хятадын технологи ороод ирэхээр ажиллах хүчээ өөрсдөө дагуулж орж ирнэ. Өөр гадны хөрөнгө оруулагч орлоо ч гэсэн манайтай хамгийн ойр зах зээлээс л ажиллах хүчнээ авна, хамгийн ойр зах зээлээс материалаа авна. Хятадын зах зээл зайлшгүй нөлөөтэй . Манайх бонд аваад жишээлбэл, Германы компани оруулж ирлээ гэхэд тэд нар хамгийн ойр зах зээлээс л юмаа татна шүү дээ. Германаас юмаа татна гэж байхгүй. Тэгэхээр зайлшгүй энэ Хятадын зах зээлтэй бүх зүйл холбогдож таараад байгаа биздээ. Тэгээд ажиллах хүчин дээр яриад ирэхээр манайд нэг асуудал байдаг. Ард түмний дунд буруу зөрүү ойлголт асар их байдаг. Олон хятадууд орж ирж байна. Өөрийнх нь хүмүүс ажилгүй байхад хятад хүмүүсээр юмаа хийлгэж байна гэдэг. Ийм асуудал бол байнга гардаг. Үнэндээ  томоохон бүтээн байгуулалт, нарийн мэргэжил шаардсан ажлууд дээр манайх гадны ажиллах хүч авахаас өөр арга байхгүй шүү дээ. 

- Үнэхээр хэцүү сэдэв л дээ.

-Хэцүү.

-“Оюутолгой” дээр тавдугаар зэрэглэлийн гагнуурчин авъя гэхэд л ямархуу хачирхалтай явдлуудтай учирсан талаар сонсч байсан. Баахан үнэмлэхтэй нөхдүүд ирээд ажилд авчихдаг. Үүргээ гүйцэтгэж чадахгүй. Арга буюу хятадаас гагнуурчид авсан гэсэн. 
-Яахав хэл амтай ч гэсэн тэр “Оюутолгой”-н  бүтээн байгуулалтыг бол жил болгон тав, зургаан мянган хятад ажилчид хийсээр байгаад босгоод ирчихлээ л дээ. Хамгийн гол нь бид тэрэн дээр нэг их айж ичих хэрэггүй байхгүй юу. Тэр мэргэжлийн хүмүүсийг нь оруулж ирээд ажиллуул. Цөөн тооны монгол хүмүүсээ дунд нь оруулаад ажиллуул. Сураад ав. Тэгээд тэрийгээ хянаад, манайд визнийхээ хугацааг зөрчиж үлдэхгүй байхаар цаг хугацаандаа гараад явахаар ийм л тогтолцоог бий болгох ёстой байхгүй юу. Манайхан  хятадууд орж ирээд суурьшаад,  хүүхнүүдийг нь авч суугаад ингээд явчихна гэж бодоод байдаг. Одооны монгол орон гэдэг чинь тэр 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеийн харанхуй бүдүүлэг бичиг үсэггүй, юу ч мэдэхгүй тийм ард түмэн биш шүү дээ. Бид нар чинь 21-р зууны иргэд. Ард түмэндээ бас итгэх ёстой байхгүй юу. Бид  ямар  юмыг туулж энэ хүрэв. Өөрсдийгөө хамгаалах хэмжээний ухамсар, хариуцлагатай болчихсон шүү дээ. Тийм болохоор ирээд ажил хийж байгаа хүнийг зүгээр ажлыг нь хийлгээд явуул л даа. Мөнгийг нь өгөөд. Дараа нь бид нар сайн чанарын замтай болоод үлдэнэ. Сайн баригдсан барилга үлдэнэ. Бид заавал өөрсдөө сурах гэж эхлээд нэг муруй байшин бариад л, бөөн мөнгө үрээд зардал гаргаж байх шаардлага байхгүй. Сайн юмыг нь хийлгээд авчих. Хүүхдүүдээ хамгийн гол нь сайн сургаж боловсруул. Тэр хүүхдүүд маань дараа нь хийнэ шүү  дээ. Тэд маань өөрсдөө ч хийдэг, ажил хийхээр орж ирсэн улсуудыг ч захирдаг болно. Одоо залуусаа менежерээр эхлээд ажиллуулъя. Сурсан сурсан төвшинд нь юмыг нь хийлгэе л дээ. Заавал хүрз барьж газар ухуулах гээд байх тийм шаардлага байхгүй. Энэ хугацаанд ажилчин ангиа ч төлөвшүүлээд сургаад авъя. Жаахан системтэй, ертөнцийн жишгээр явцгаая л даа. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа үед ажиллах хүчний асуудал зайлшгүй яригдана. Манай хоёр орны  хооронд ажиллах хүчний асуудал дээр яриа хэлэлцээр үргэлжилсээр байгаа. 

-Манайхан яг үнэндээ хятад ажилчдад дарамт учруулах үйлдлийг нэлээд гаргадаг.  Янз бүрийн анархист хөдөлгөөнүүдийн зүгээс хурц хурц алхам хийх гэдэг. Хэм хэмжээ, дэлхий нийтийн соёлд бас захирагдаж баймаар байна. Өөр улс орнуудаар явж байгаад Бээжинд ирээд буухад бүх зүйл нь таньдаг мэддэг, амар тайван байдал угтдаг нь нууц биш. Айл хөрш орон гэж арай өөр шүү дээ. 
-Тийм, хажуугийн гудамжиндаа бууж байгаа юм шиг л манайхан ирж очдог болсон шүү дээ. 

-Зарим нь миний асуултуудыг уншаад “Аа энэ муу хужаагийн талд орж байна” гээд л хашгираад унах байх. Манай гүнд байдаг энэ уламжлалт хандлагаас үүдсэн асуудал тухайлбал таныг энэ улс оронд ажилллаж байхад  хөндөгдсөн үү. Манай хоёрын харилцаа хүндэрсэн үед бол иргэдийн хооронд зодоон хүртэл үүсч,  хоолондоо савхаа дүрээтэй орхиод  л гарч байсан гэдэг. 
-Ер нь бол энэ асуудал нэг хэсэг их хурц гарч ирсэн. Хоёр гурван жилийн өмнө байна уу, та санаж байгаа байх. Гудамжаар элдвийн юм бичээд л, хятад тогоочтой ресторан руу дайраад л хэцүү л байсан. Хамгийн дээд цэгтээ хүрсэн нь тэр хятадын тусламжаар барьж байгаа барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хооронд том зөрчилдөөн зодоон цохион гарсан явдал. Үүнээс болоод асуудал нэлээн хурцадмал болж ирсэн. Тэр үед бол энэ асуудал янз бүрийн төвшинд яригдаж байсан л даа. Нэлээн хүндрэх талдаа ч орж ирсэн. Манай иргэд дэлхий нийтийнхээ ёс зүй, соёлд бас хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй. Одоо бол гайгүй болж байна. Ер нь амьдрал хэцүү, хүнд, ядуу байх үед л иймэрхүү асуудлууд их гарч ирдэг. Дэлхийн бусад орнуудад болж байгаа юмыг харахад тийм л байна шүү дээ. Том, нэлээн боловсролтой улсууд бол энгийн байдлаар надтай их ярьдаг юм. Яагаад танай хандлага ийм байна гэж их асуудаг л даа. Өнгөрсөн олон зуун жилийн түүх яриад яахав дээ. Энүүхэн ойрхны түүх яръя. Одоо ингээд 1960-аад оны үед жишээлбэл 1950-аад оны бид нарын ээж аавын үед хоёр улсын харилцаа маш сайн байсан. Бүр хачин сайхан байсан. Тэгээд 1970-аад онд муудсан. Тэр үеийн бүтээгдэхүүн жишээлбэл би байна. Би хүүхэд байхдаа өдөр болгон өглөөнөөс орой болтол хятадын түрэмгийлэгчид дайрах гэж байна. Тэгэх гэж байна. Ингэх гэж байна гээд л. Тэгээд хятад юм болгоныг муу гэсэн асар том үзэл суртал явж байсан. 1970-аад оны сүүл хүртэл. Энэ юмны сүүл одоо арилах болоогүй байна. Тэр үед байсан хүүхдүүд одоо миний үеийн улсууд. Өнөөдөр төрийн янз бүрийн албан тушаалд гарсан байна. Үнэхээр удирдах албан тушаалтнууд бол тэр үеийн л улсууд байж байгаа шүү дээ. Ийм ийм бодит шалтгаан бол бий. Энийг арилгахад цаг хугацаа хэрэгтэй. Орчин үеийн Хятад гэдэг бол шинэ Хятад орон. Энэ орон бол шал өөр гэдгийг мэдэх төвшингийнхэн мэднэ. Гэтэл нийт ард олны хандлагыг арилгахад хугацаа хэрэгтэй. Бидний харилцаа сайжраад хорин хэдхэн жил болж байна шүү дээ. Энэ хооронд бид зохих шатыг дамжих ёстой гэж тайлбарладаг юм. Үнэхээр харахад бас тийм байгаа юм. Тэр үзэл суртал чинь маш хүчтэй байсан шүү дээ. Тэрний нөлөө одоо ч арилаагүй байгаа. 

-Бидний үеийнхэн, биднээс доод үеийнхэн ч Оросын соёлын дэвсгэр дээр хүмүүжсэн улсууд. Тэр үедээ орос ах нар гээд л их ч сайн байсан. Оросууд ч бид нарт гайгүй ханддаг. Сүүлдээ бас л мэргэжилтнүүдийг нь ачаад л гаргаж явуулсан. Одоогийн шинэ оросуудад монголчуудын тухай ойлголт ч байдаггүй, таагүй талдаа гэж ярих юм. Тэрэн шиг шинэ хятадууд энгийн амьдрал дээрээ манайхны талаар ямар ойлголттой байдаг юм бол?
-Ерөнхийдөө одоогийн энэ орчин үед их зүгээр ойлголттой байдаг юм байна шүү дээ. Хятадын хөрш зэргэлдээ бусад орнуудтай харьцуулъя л даа. Жирийн иргэд нь зарим улс орны нэрийг сонсохоос ч дургүй нь хүрдэг нь анзаарагддаг. Монголд бол ерөөсөө тийм юм байдаггүй. Жишээ нь, монгол дуу эднийхэнд маш их таалагддаг. Монголчуудыг их авъяастай, дуу хууранд үнэхээр сайн гэж ярьдаг. Бүр хүн болгон тэгнэ шүү. Хятадын өмнөд зүгийн захын хотод орой талбай дээр хөгжим тоглоод сууж байгаа тэтгэврийн өвгөчүүд тийм улсуудыг хараад явж байхад заавал монгол аялгуу явна. Их сонин. Одоо ингээд Бээжингийн энд тэнд явж байгаад орой караокед орох юм бол “Улаанбаатарын үдэш” бол заавал байна гэж байгаа юм. Тэрийг энд тэнд заавал дуулж байна. Жирийн хүмүүсийн дунд тийм айхтар сөрөг юм юу ч байдаггүй.  

-Манайхнаас өөрсдийн мэдлэг, мэдээлэл, болгоомж сэрэмж дутуугаасаа болоод энэ улсын хууль тогтоомжийг зөрчсөн, алдаж эндсэн нэлээн олон ялтан байдаг. Элчин сайдын яамнаас тэднийг эргэж тойрдог юм байна лээ. Хэдий гэмт хэрэгтэн болсон ч гэсэн тэднийгээ эргэж байна гэдэг бас л сайхан сонсогддог юм. 
-Хичээж л байна. 

-Жишээлбэл, хар тамхины ямар ч ойлголтгүй байж байгаад жирийн иргэд ашиглагдаж хэлмэгддэг. Тэдний нэг бол Дамдин гэж залуу юм. Өнгөрсөн жил ээжтэй нь ярилцлага хийсэн. Таныг эргэсэн гээд их баярлаж байна лээ. Манай Ерөнхийлөгч нэлээн хүч тавьж амийг нь авч үлдлээ. Зарим нь ч нэг хүний амийг ингэж гуйгаад байхдаа яадаг юм, юун сүртэй юм л гэж байсан. Үнэндээ бол удирдагч хүн болгоны хийгээд байдаг алхам биш шүү дээ. Ер нь ямар нэгэн алхам хийсэн хүн л шүүмжлүүлж байдаг.
-Угаасаа л тийм шүү дээ. 

-Энэ хэргийн эргэн тойронд болсон зүйлийг та нарийн судалсан байх.  Одоо 7 жил суучихсан байгаа. Шүүх хурлын дараа дахиад яллуулж дахиад л хоригдох хугацааг нэгээс эхлээд тоолдог юм байна гэж ойлгосон. Ер нь энд хэдэн хүн ял эдэлж байна вэ. Хар тамхи, хүний наймаа гэсэн хоёр ноцтой том хэрэг шинэ нийгэмд гарч ирлээ. Үнэхээр тийм хэргүүд ихсээд байна уу. Ялангуяа хүний наймаан дээр бүртгэгдсэн хэрэг байна уу. Олон нийтийн дунд үүссэн фантаз юм уу ?
-Энэ бол яривал том сэдэв л дээ. Энэ сэдвээр ярих ч шаардлагатай байна. Холоос эхлээд яахав. Ер нь нийтдээ жилд манайхаас Хятад Монголын хилээр 1 сая 200- 300 хүн зорчдог. Тэрний сая орчим нь Монгол иргэд. Эндээс харах юм хичнээн олон хүн урд хөрш рүү янз бүрийн шалтгаанаар явж байгаа нь харагдаж байгаа байх. Энийг дагаад гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох явдал ихсэж байна. Өнөөдөр нийтдээ 130 орчим хүн хоригдож байна. Нэг хэсэг 2011 оны үед бол энэ хар тамхи зөөвөрлөх хэрэгт маш олноороо холбогдож эхэлсэн. Монголын зохион байгуулалттай бүлэг хүртэл байсан.

-Эгч дүү хоёр эмэгтэй толгойлогчтой мөн үү?
-Хоёр  эмэгтэйгийн нэр байгаад байгаа юм. Тийм улсууд зохион байгуулалттайгаар гадаадад өндөр цалинтай ажилд нас зүс харгалзахгүй зуучилна гэсэн зар өгөөд, тэгээд хүмүүсийг судлаад бүртгээд ажиллаж эхлэсэн байдаг. Үнэхээр мөнгөний асар их шаардлагатай, янз бүрийн юманд ороход бэлэн тийм хүмүүсийг олж аваад Малайзад аваачаад тэнд арван хэд хоног сургууль  хийлгэдэг байсан байгаа юм. Буудалд байрлуулаад юм залгиж сургууль хийлгээд, тэгээд Хятад руу явуулж байсан. Үүний гайгаар тэр үед нэг удаад зургуулаа, долуулаа хүртэл нэг дор баригдаж байсан. Тэр нэг удаа долоон хүн баригдахад Малайзад Монголын 21 хүн нисэх гэж байсан онгоцныхоо билетийг цуцлаж байх жишээтэй. Маш том зохион байгуулалттай бүлэг үйл ажиллагаагаа явуулж ирсний илрэл. Тэгээд бид Ерөнхийлөгч рүү хандсан. Тэр үед олон газар хандаж бичсэн л дээ. Цагдаа, Хил, гаалийнханд бүгдэд нь. Тэгээд харин Ерөнхийлөгчийн зүгээс үүнд их анхаарал тавьсан. Олон нийтийн анхааралд хүргэсэн. Үүний хүчинд хүмүүс ийм юм хийж болохгүй юм байна, ял нь маш хүнд байдаг юм байна. 50 граммаас дээш бол цаазын ялтай. 50 грамм гэдгийг их жаахан тэрийг өөрөө хэрэглэх гэж байна гэж үзээд ялыг нь бас хөнгөвчилж үзнэ. Тэрнээс дээш гарах юм бол энэ цааш нь зарж хүн хордуулах хэмжээний гэж үздэг. Манай энэ хэрэгт холбогдоод байгаа хүмүүс чинь 2-3 килограммыг зөөвөрлөж байгаад баригдсан тийм улсууд шүү дээ. Үүн дотор бас биедээ авч явж байгаад арван хэдэн удаа зөөгөөд, арван хоёрдох дээрээ баригдаад амиа хорлосон хүн ч бий. Монголын иргэн онгоцны буудал дээр баригдаад тэгээд эмнэлэгт аваачиж туулгаж гаргалаа гээд л шуугиж байсан даа.  Тэгээд ийм эмчилгээ хийлгэж байх үед нэг хүн цонхоор үсэрч нас барсан ийм хэрэг ч гарсан. Тэр Дамдингийн хэрэг, Байгалмаагийн хэрэг гээд хэвлэл мэдээллээр их гарсан. Эрдэнэчимэг гээд эмэгтэй бас бий. 

-Байгалмаа чинь эндээ байгаа билүү?
-Байгалмаа гэвэл цаазын ял нь бүх насаар болоод, бүх насаар хорих ялыг нь 19 жил болгоод, одоо хугацаат ялаа эдэлж байгаа. Дамдингийн асуудал бол маш хүнд асуудал. Зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байсан. Тэгээд тэр бүс нутаг нь бас эвгүй. Тийм учраас нэлээн хатуу ял өгөх болчихоод маш хүнд байдалтай байсан. 

-Зүгээр л барьж явсан цүнхэнд нь зулаад хийгээд өгчихсөн байсан гэдэг  юм байна лээ. Бас л хүний хувь заяанд дэндүү харгис хандаж байгаа хэрэг шүү. 

-Цаанаа яг юу байсныг бид тэр бүр нарийн мэдэхгүй. Гэхдээ Шинжань  хавийн тэр  нутаг дэвсгэрийн хувьд онцгой бүс шүү дээ. Маш хэцүү, янз бүрийн салан тусгаарлах, террорист үйл ажиллагаа явагддаг ийм газар. Тийм болохоор цаана нь маш том зохион байгуулалттай гэм хэрэг  байж магадгүй гэж үзнэ. Ийм учраас нэлээн хүнд байдалтай байсан. Ерөнхийлөгчийн захидлын дагуу одоо амь нь аврагдлаа шүү дээ. 

-Тухайн үед шууд Ху Жинтаод бичсэн байх шүү
-Тийм, тэгсэн. Гадаадын зарим улсуудыг тухайлбал, Ирланд, Япончуудыг гэхэд аль дээр цаазалчихсан шүү дээ. Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр. Манайхнаас одоохондоо азаар нэг ч хүн цаазлаагүй байгаа. Тэгээд ч бас энэ 2012, 2013 онд ийм төрлийн гэмт хэрэг гарсангүй. Манай иргэд ухамсарлаж байгаа. Дахиж ийм хэрэг гарахгүй байх гэж найдаж байна. Бас монголчууд арга хэмжээ авч байна. Төр засгаас нь улсуудаа энэ юмнаас  хамгаалж чадаж байна. Тийм учраас заавал ингэж хатуу арга хэмжээ авах шаардлагагүй гэж Хятадын Засгийн газраас үзсэн ч байж магадгүй. 

-Дамдинд бол бүр цаазын ял өгсөн байсан биз дээ?
-Цаазын ял өгөөд, нөгөө хугацаатай хоёр жил харгалзан гүйцэтгэхээр байж байсан. Тэгж байгаад саяхан бүх насаар нь болголоо. Тэгээд хэрвээ тухайн хүн өөрийнхөө гэм бурууг зөв ойлгоод, засрах хандлагатай байх юм бол хугацаатай ял болгож өгнө. Тэр нь яахав өмнө нь эдэлсэн ялыг тооцохгүйгээр дахин хугацааг нь шинээр тоолдог тийм хуультай юм байна лээ.

-Тэр л их ойлгомжгүй хууль юм. Өмнө нь бүтэн 10 жил хоригдчихсон байхад тэрийг  тооцохгүй гэхээр л байж боломгүй санагддаг. 
-Тэр бол улс улсын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. 

-Тийм ээ. Гэхдээ амийг нь өршөөлгөж чадлаа. Энэ бол хүний эрхийг хамгаалах тавцан дээр байгуулж чадсан гавъяа, иргэнийхээ төлөө нэр нүүр хичээхгүйгээр зүтгэж чадсан гайхам сайхан жишээ. 
-Хамгийн гол нь амийг нь өршөөсөн гэдэг нь юутай ч харьцуулашгүй том өршөөл байхгүй юу. Тэгээд цаашаагаа хувь хүний өөрийнх нь асуудал. Өөрөө хичээх хэрэгтэй. Бид ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулах гээд чадлаараа ажиллаж байна. Одоохондоо манайх батлагдсан. Хятадын тал батлаагүй байгаа. Гэхдээ эдний батлах процесс нь маш удаан. Энийг бол хуультай зэрэгцэх хэмжээний асуудал гэж үздэг. Тийм учраас маш нарийн шалгуураар, маш олон хуулийн байгууллагуудаар дамжиж явж байж эцсийн шатанд батлагддаг. Бид хүлээж л байна. 

-Хуультай зэрэгцэх хэмжээний журам гэж улс хоорондын харилцаанд байх уу?
-Олон улсын гэрээг дотоодын хуультай тэнцүүлж үзнэ. Хуультай зөрчилдвөл гэрээгээ баримталдаг олон улсын жишиг юм.

-Хүний наймааны хэрэг гэж онц жигтэй шинэ хэрэг шуугиад байх юм. Энэ талаар.
-Нэг хэсэг байсан, сүүлийн үед гайгүй болж байна. Яахав янз бүрийн хэлбэрээр, тухайлбал биеийг нь үнэлүүлэх гэх мэт хэргүүд бий.  Ер нь бол бас Хятадад чинь эрэгтэй эмэгтэй хүний харьцаа жаахан зөрүүтэй. Эрэгтэй хүний тоо ихтэй. Тийм учраас янз бүрийн байдлаар эхнэр зуучлах, тэгээд зуучилж авч ирчихээд янз бүрийн байдалд оруулсан явдлууд бий. Хөдөө, алс сууринд аваачсан, тэндээ очихоороо бас боолын маягтай амьдарч байгаа тийм тохиолдлууд бий. Тэндээсээ зугтаж бариад манай элчингээр ирж хоргодож байгаад явсан улсууд ч бий. Тийм юм бол мэр сэр гарч байна. Гэхдээ их өргөн хэмжээгээр гардаг нь бол больсон. Зарим газруудаар нотлогдоогүй ч хил орчмын хотуудад монгол охид биеэ үнэлэх явдал байна гэж байгаа. Манай хууль хүчний байгууллагууд эднийхэнтэй холбоотой болж, ажлаа нэлээн уялдуулсан. Үр дүнд нь нэлээн гайгүй болж байгаа. Цагдаагийн байгууллага, цагдаатайгаа прокурор хууль хяналтынхан бас тэдэнтэйгээ шууд харьцдаг. Дээрээс нь Авилгатай тэмцэх газрынхан хоорондоо шууд харьцдаг болсон. Ингээд хоорондоо чиглэл чиглэлээрээ холбогдоод  ажиллавал иймэрхүү гэмт хэрэг гарах үндэс нь гайгүй. Сүүлийн үед нэг санаа зовоож байгаа юм нь хулгайн хэрэгт маш их холбогдож байна. Энэ хэргээр ял эдэлж байгаа, мөрдөн шалгаж байгаа улсуудын тоо нэмэгдээд байна. Хулгай хийдэг хүмүүсийн тоо маш их нэмэгдсэн. 

-Энд ирчихээд хулгай хийгээд байдаг. 
-Энэ Хятадууд чинь том дэлгүүрүүдийг их хөгжүүлж байгаа. Төвлөрсөн том shopping, mall энэ тэр гээд байна шүү дээ, олон хүн цугладаг. Тэнд л хулгай хийдэг болчихлоо. Тэгээд ажиглаад байхад урд талын Хонг Конг, Гуанжоу энэ тэр гэсэн  хотуудаас хулгайн хэрэг их гардаг байсан, монгол иргэдийн холбогдсон. Одоо хойшоогоо нүүж байна. Тэнжинь, Бээжин гээд хойд зүгийн хотуудаар нэлээн элбэг болоод эхэлж байна. Яваандаа гайгүй болох байх. 

-Францад монгол хулгайчид үзэгдлийн хэмжээнд очсон гээд л яригдах юм. Ичмээр ч юм даа. 
-Бид нар цаг тухайд нь холбогдох байгууллагууд мэдээлэл өгөөд байна л даа. Энд хулгай хийж байгаа улсуудын талаар. Эхний удаа хулгайлсан юмных нь хэмжээ нь бага, тэгээд тэр хүн нөгөө юмаа зарж борлуулаагүй буцаагаад өгчихсөн иймэрхүү тохиолдол байвал зүгээр хөөгөөд гаргачихдаг байхгүй юу. 

-Яаж хулгайлаад байдаг юм бэ?
-Тэр дэлгүүрийн дуугардаг дохиолол байна шүү дээ. Тэрийг л хаадаг цүнх мүнх байдаг юм уу. Тийм юмтай ирж байгаад л дэлгүүрээс юм авч гараад тэрийгээ зарж борлуулж мөнгө олдог юм яваад байгаа юм. Энэ бол заавал зохион байгуулалттай явна. Ганц нэгээрээ ороод тийм юм хийж чадахгүй. Нэг хүн нь гадаа нь харж өгдөг, дотор нь нэг хүн байдаг. Гарч ирээд тэрийгээ борлуулдаг. Тэгэхээр гурав дөрвөн хүн заавал байж байгаа юм. Иймэрхүү юм сүүлийн үед яваад байна. 

-Хүн болгон улс орныхоо нэрийг бодох хэрэгтэй шүү дээ. Яаж ч тэмцмээр юм бэ дээ? 
-Нэг хулгай хийгээд хөөгөөд гаргачихсаны дараа нөгөө нөхөр буцаж гарч ирээд орж ирээд байгаа байхгүй юу. Манай хил гаалийнхан, харъяатынхан, бүртгэлийн газар энэ тэр сайн ажиллах хэрэгтэй. Бид тэдэнд баримтууд өгөөд байгаа л даа. Нэг бүртгэлд орчихсон хүнийг хар тамга дараад өөрсдөө хянаж баймаар байна. Ийм хүнийг дахиж гаргаад хэрэггүй.

-Ер нь Хятадын дундаж иргэдээс манайд очиж амьдрах, шингэх тийм хүсэлтэй хүмүүс үнэхээр байдаг юм уу. Манайхан л өөрсдөө дэмий хардлагандаа итгэчихээд байдаг юм уу?
-Манайх руу учир утгагүй зүтгээд байгаа юм байхгүй ш дээ. Манайхыг сонирхдог нь юу вэ гэхээр энэ уул уурхай дээр очиж ажил хийх сонирхолтой. Эд нарын нэг сайхан авууштай чанар нь мөнгө хийхийг ажил хийх гэж ойлгодог. Манайхан бол ажил хийхгүйгээр мөнгө хийж болно гэсэн ойлголттой. Эдний дийлэнх хүмүүст нь тийм бодол байхгүй. Ямар ч ажлыг голохгүй яг л номоор нь хийдэг. Тийм бүр яс маханд нь шингэсэн чанар байна. Тэгээд тэд нар дотор чинь хөөрхий  ядуу зүдүү хүн зөндөө л байна ш дээ. Сайнтай, муутай юм зөндөө байдаг л байх. Ер нь бол дийлэнх нь очоод сайхан ажлыг нь хийгээд хэдэн төгрөг аваад хадгалаад, ар гэртээ авчрая гэсэн л бодолтой. Манайхан Өмнөд Солонгос руу явдаг шиг тийм л байгаа шүү дээ. Өмнөд Солонгос руу бол бүгдээрээ үхэн хатан явдаг. Манайх руу ирээд хүн бас нэг мөнгө олчихъё гэхээр учиргүй дургүйцээд харааж хөөгөөд байдаг. 

-Ер нь Хятад хөршөөсөө бид нүүгээд явчихгүй суугаад үлдцгээнэ. Шинэ зуун гараад хоёр арван өнгөрчихлөө. Та гадаад харилцааны мэргэжилтэй хүн.  Манай хоёр орны энэ харилцаа онолын хувьд авч үзвэл хэр төвшний харилцаа юм бэ. Эдийн засгийн хөгжил, иргэдийнх нь ухамсрын тухай харьцуулж хоёулаа нэлээн ярьлаа. 
-Яг олон улсын харилцаа, олон улсын эрх зүйн үүднээс аваад үзвэл манай хоёр харилцаа одоо нэн тааламжтай үедээ байна гэж хэлж болно. Эхлээд газар нутгийн асуудал байдаг юм. Одоо жишээ нь Хятадын өмнөд тэнгисийн асуудал, Японтой асуудал гээд байна шүү дээ. Тэдэнтэй харилцаагаа хөгжүүлэхэд саад бэрхшээл их гардаг. Гэтэл манайтай ийм асуудал байхгүй. Газар нутгийн асуудлаа 1961 онд шийдээд, бүх хилээ тогтоогоод, гэрээгээ НҮБ-д бүртгүүлээд хилээ хааш нь ч хөдөлгөхгүй олон улсын стандарт болгоод авчихсан. Хилийн маргаан байхгүй байна гэдэг бол маш чухал. Хоёр зэргэлдээ орны хувьд. Улс төрийн асуудал гээд аваад үзье. Бидэнд улс төрийн асуудал гэхэд маргаантай санал зөрөлдөж байгаа юм үнэхээр алга. Бид жишээ нь, Тайванийн асуудлаар тодорхой ойлголцсон. Төвдийн асуудлаар, Шинжан янз бүрийн асуудлаар ойлголцсон. Нэг жаахан төвөгтэй асуудал Далай ламын асуудал байдаг. Энэ бол маш хэцүү асуудал. Энэ бол Монгол улсын хувьд Төвдийн далай ламын хувьд манай шашны тэргүүн гэж тооцогддог. Яалт ч үгүй Монгол улс иргэдийнхээ шашны эрх чөлөөг хүндэтгэж байгаа бол бид үүнтэй холбоотой асуудалд төр оролцоход маш хэцүү. Яахав энэ асуудлыг бид харилцан ойлголцоод аль болохоор бие биенийхээ язгуур эрх ашигт холбогдсон асуудлыг хөндөхгүй явъя гэсэн ойлголтонд хүрч чадсан. Үүнтэй  улбаалаад есдүгээр Богдын хойд дүр Аравдугаар Богдыг тодруулах барих гээд ийм асуудал бий. Энэ бол улс төрийн асуудал боловч харилцан нөлөөлөх хэмжээнд хүрэх асуудал биш. Яагаад гэвэл манай язгуур эрх ашиг энэ мөнхийн хөрштэйгөө хэл амаа ололцож л амьдрах асуудалтай уялдана. Улс төрийн хувьд тэгэхээр харилцаа нэн тааламжтай. Дээр нь эдийн засгийн харилцаагаа тэлэх маш их бололцоо байна. Би хувьдаа боддог юм. Хятадын энэ өсөн нэмэгдэж байгаа, асар хурдацтай хөгжиж байгаа эдийн засаг  Монгол улсад маш том боломж гэж. Бид  Орос гэж дэлхийн хамгийн том газар нутагтай орон. Хятад гэж хамгийн олон хүнтэй хоёр орон хоёрын яг дунд нь сууж байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр бидэнд маш том боломж байна гэдгийг л илтгэдэг. Энэ нь биднийг Монгол хүн та ухаантай л бай гэж байгаа юм. Боловсролтой бай, чадалтай бай. Тэнд мундаг юм хийвэл энд зах зээл чинь бэлэн байна шүү дээ. Тэгэхээр ухаантай байцгаая. 

-Дэлхийн хамгийн том зах зээл дэргэд маань байна гэдэг талаас нь нийтээрээ хардаг болоогүй байгаад л хамаг учир байна. 
-Бид нар Монгол дотроо л сэтгээд байгаа байхгүй юу. Монголоосоо хальж сэтгэмээр байна. Ерөнхийлөгч хэлээд байгаа шүү дээ. Дэлхийн хүн болоо гэж. Тэр чинь том сэтгэ гээд байгаа байхгүй юу. Монголоороо сэтгээд шууд л машин үйлдвэрлэнэ, онгоц хийнэ гэж эвлүүлгэ хийж хамаг цаг хугацаагаа барснаас энд явагдаж байгаа үйлдвэрлэлийн нэг хэсгийг, нэг юмыг нь хийгээд сурчих. Хийсэн юмаа энэ зах зээл рүү зар. Энэ шүү дээ. Хамгийн гоё жишээ гэвэл нэг Өвөрмонголын залуу эмэгтэй дуучин нэрд гараад энэ хоёр жилийн өмнө Дагина гэсэн нэрээр Бээжин хотоор тоглолтоо хийгээд явсан. Бээжингээр дүүрэн алдаршлаа. Тэр хүн манай мундаг поп дуучныг таньдаг юм байна л даа. Тэр охиноос манай нөгөө алдартай дуучин асуусан байгаа юм. Өөрийг нь багш аа, ах аа гээд хүндэлдэг юм гэнэ. За, миний дүү концертоо тоглох нь тоглочихлоо. Тэгээд CD гаргах уу гэж гэнэ. Тэгсэн цаадах нь ах аа, дүү нь ядуу шүү дээ. Ганцхан сая л CD гаргана гэсэн гэнэ. Хөөх тийм үү, тэгээд ямар үнээр зарах уу гэж. Хямдхаан хямдхан 10 юань гэж. Тэгээд бод доо тэр хүн маш даруухан сэтгэж байна шүү дээ. 10 сая юань. 10 сая юаныг манайх 280 аар үржүүлбэл хэд болох уу. Манайхан дотроо л хоорондоо үзээд байхаар эдний зах зээлд таалагдах юмыг нь эрж,  эдний сэтгэл зүйг судалж байгаад ганц мундаг дуу хийгээд л энд жаахан танигдахад зүгээр л нэг сая цомог зарах нь байна шүү дээ. Бүх талаараа бидэнд боломж байгаа байхгүй юу. Соёл урлагт боломж байна. Манайхан чинь толгойтой, монголчууд тоо физик бүх юмандаа сайн. Манай Лу.Гантөмөр сайд ирээд шинжлэх ухааны парк байгуулъя гээд яваад байна шүү дээ. Тэр бол маш зөв зүйл. Энд тэр шинжлэх ухааны паркийг байгуулаад тэнд мөнгөө хийж өгөөд монголчуудаа ажиллуулаад. Одоо энэ гар утсан дээр нэг жаахан өөрчлөлт хийнэ шүү дээ. Тэгээд энэ патентаа аваад ийш нь зарахад хэдэн тэрбумаар долларыг чинь олж байгаа байхгүй юу. Эдний зах зээл дээр гаргаад нэг зарахад л гүйцээ. Тэгэхээр манайх  зах зээлийн ийм гоё байрлалтай гэдгийгээ л зөв ойлгох ёстой. Манайхан сүүлийн үед Орос Хятад хоёрын хооронд дамждаг гарц нь болъё. Төмөр зам, агаар, авто замаар. Эндээс ашгаа олъё гээд. Энэ бол зөв. Гэхдээ манайхан өөрсдөө дотроо бодолтой байх ёстой. Заавал бид нар бүх юмаа энд хийх хэрэггүй ш дээ. Бид нар зүгээр толгойгоо л хөгжүүлье л дээ. Эд нартай энэ зэрэгцэх хэмжээнд л наймаалцах ёстой байхгүй юу. Үндсэрхэг зан гаргаад л, хилээ хаагаад л дотроо суугаад байвал тэр хэмжээгээрээ бид хоцрогдоно, тэр хэмжээгээрээ л хүний олз болно. Аль болохоор нээж өгч, оролцож суралцаж гадны пүүс компани байгууллагуудын арга барилыг мэдэж авах чухал. Тэгж байж л зэрэгцэнэ үү гэхээс биш бид хойшоо суугаад л байх юм бол хөгжихгүй.

-Та ОХУ-д төгссөн үү. Хятад хэлтэй юу ?
-Хятад хэл байхгүй ээ. 

-Заавал Хятад хэлтэй байх шаардлага ч үгүй биз дээ?

-Үгүй ээ, энд бол Хятад хэл жаахан мэдэх хэрэгтэй юм байна лээ. Би чинь өнгөрсөн жил бүтэн жил курсэд суулаа шүү дээ. 

-Хятад хэлийг хүмүүс хэцүү л гээд байдаг юм. Гэхдээ сонирхолтой юм шиг байгаа юм. 
-Оросоос бол шал өөр юм байна. Энд бол сэтгэхгүй өөр байна. Тийм учраас ярианы бүх юм нь өөр юм. Тэгээд их сонирхолтой. Үзээд байхад монгол хүн бол амархан л сурах юм байна лээ. Монголын өгүүлбэрийн бүтэц энэ тэр ойролцоо болоод ч тэр юм уу. Би бол бичгийг нь үзээгүй л дээ. Бичгийн хэлийг нь сурах юм бол их удах юм шиг байна. 

-Олон улсын харилцааны мэргэжлийг та ер нь яагаад сонгосон юм бэ?
-1970-аад оны сүүлээр Ю.Цэдэнбал дарга тогтоол гаргасан байдаг юм. Улс төрийн товчоогоор оруулаад батлуулсан. МГИМО гэдэг тэр сургуульд дандаа дарга нарын хүүхдүүд яваад байна. Тийм  учраас энийг өөрчилнөө гэж. Сурлага сайтай энгийн ардын хүүхдүүдээс явуулна гэж. Тэгээд тэр дагуу намын төв хорооноос улсууд  арван жилийн сургуулиар яваад судалсан. Тэгж явтал би гэж тэр зуравдугаар сургуульд ангийн дарга марга идэвхитэй нөхөр явж байж л дээ. 

-Та 6-р сургууль төгссөн юм уу?
-Тийм. Тэгээд тэндээс сонгож намайг явуулсан байхгүй юу. Би бол яахав сонирхол бол илүү нийгмийн ухааны чиглэл сонирхдог байсан. Тэр маань ч таарсан, тэгээд л явж сурсан даа. 

-Яг аль чиглэлээр нь юм бэ?
-Олон улсын хууль зүй. 

-Тэр үед чинь олон улсын хууль зүй гэхээр хүмүүс огт сонирхохгүй шүү дээ. Одоо л хошуурч ороод байгаа болохоос биш. 

-Тэр үед тийм л дээ. Хорин хэдэн хүүхэд явахад гуравхан хүүхэд л хуулийн ангид ордог. Бусад нь эдийн засаг, сэтгүүлчийн ангиар явдаг байсан. 

-Танай сургууль бол алдартай сургууль. Одоо танай төгсөгчид л манай гадаад харилцааны салбарын нуруу болоод явж байна. Тэр битгий хэл улс төрд  фракц хүртэл зарим намуудад үүссэн байх шүү. 
-Тэр чинь бүр нам дамжсан фракц хүртэл гарсан шүү дээ. /Инээв/

-Та намдаа, улс төр лүүгээ нэлээд ажилласан билүү. Намын нарийн бичгийн дарга байсан биз дээ?
-Би гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.Есөн жил хэртэй болсон. 

-Бусад үед мэргэжлээрээ ажилласан уу?

-Би 1986 онд Москвагаас төгсч ирээд л Гадаад яаманд ажиллаж байгаад тэгээд 1990-ээд оны үед улс төрийн сонголтоо хийгээд явсан. Тэгээд 1996 онд элчин сайдаар томилогдоод Швейцарт ажилласан. Швейцарт байж байтал  Англид томилж явуулсан. 1997 онд очоод 2001 он хүртэл тэнд ажилласан.

-Таныг намд ажиллаж байхад цагдаа дээр л олон таардагсан. Манай хэдэн “сахилгагүй” тоймчид байн байн л дуудагдана. Г.Дашрэнцэн, Г.Эрдэнэбат, Шаабар гээд л. Бичсэн нийтлэл болгоныхоо дараа баригдах гэнэ. Тэр үеийн дурсамж санагдаж байна. Нөгөө хэдийгээ батлан даах гээд очихоор л намаас та ирж нөгөө талаас нь гарын үсэг энээ тэрээ болдогсон. Бас л зовлонтой үе байсан шүү. 
-Сонин үе. Би чинь тэр үед хоёр удаа юу яасан хүн шүү дээ. (инээв) Нөгөө Л.Гүндалайг баригдахад чинь бүх юмыг нь хийсэн байдаг. Мань нөхрийн гадаад явах бүх юмыг нь зохицуулж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ажлаа дуусгаад би амрах ёстой. Зун болчихсон. Манай ганц л их хурлын гишүүн шүү дээ. Бичиг баримтыг нь бүрдүүлж янзалчихаад, онгоцны буудал руу гаргаж өгөх гэсэн чинь манай авгай хүүхэд гаргаж өгнө хэрэггүй гэсэн. За, сайн яваарай гээд саллаа. Одоо л нэг амоъя даа гээд найзуудтайгаа хоол идэх гээд сайхан сууж байсан чинь л утасддаг юм. Хөөе болохоо байлаа, намайг энд гаргахгүй байна. Би одоо намын байр луу явж байна гээд. Тэгээд л би сандраад намын байр луу ирсэн. Тэр үед М.Энхсайхан дарга сонгуулийн ажилд ч билүү Кампож улс руу явчихсан байсан. Тэгээд М.Энхсайхан руу утсаар ярих гээд өрөөнөөсөө утасных нь дугаарыг авах гээд дээшээгээ гарах гээд ирсэн чинь үүдэнд пижигнээд унасан. Л.Гүндалайг чинь барьж аваад ноцолдоод унасан. Би очоод та нар ингэж болохгүй. Наад хүн чинь УИХ-ын гишүүн гээд салгах гэдэг. Хоёр гурван удаа авч шидүүлээд. Юм юм л болж байлаа.  

-Намын байр эзгүй. Хааяа орохоор эл хуль л байдагсан. Аливаа нам ер нь л тэгдэг . Ялагдсан үед бүгд л тэнээд явчихдаг. Байраа сахисан ганц хоёр нь янз бүрийн юмтайгаа ноцолдоод байж байдаг. Ялахаар бол хөл тавих зайгүй. Энэ гоё сэдэв юм шиг санагддаг юм. 
-Тэр үед чинь нээрээ л эзгүйрсэн дээ. Хурал энэ тэр хийх гэхээр хөрөнгө мөнгө байхгүй хэцүү л байсан. Би Лондонд байхдаа Консерватив барууны чиглэлийн намуудтай нэлээн холбоотой ажиллаж байсан. Тэр холбоогоо ашиглаад хариуцсан чиглэлдээ нэлээн л ажил явуулсан. Янз бүрийн үеийг туулсаан туулсан. Таныг хөндөөд асуухаар бас олон юм дурсагдаж байна. Сүүлд нь Э.Бат-Үүл даргын тракторын хөдөлгөөнөөр бид нар чинь баахан сэтгүүлчидтэй хоригдсон. Та санаж байгаа биз дээ. 

-Саналгүй яахав. Манай зурагчны аппаратнаас нь чирээд явчихсан. Талбай дээр л цагдаагийнхантай хэрүүл  хийгээд гүйж явлаа. Аппаратаа хэмхэлчихвэл бөөн асуудал шүү дээ. 

-Тэнд бүр хоносон шүү дээ, бид. Намайг эхэнд нь аваачаад тусгай өрөөнд хорьчихсон. Бүр өөр өрөөнд. Би ч намайг ганцааранг нь хорьсон юм байхдаа гэж бодоод л сууж байсан. Тэгээд нэг энгийн хувцастай хүмүүс суучихаад надаас юм асуугаад л. Тэгээд байж байгаад би жаахан бие муу байна, бие засъя гээд жорлонд орох гээд явсан чинь өө, төмөр торны цаана манайхан бүгдээрээ байсан. Өө, Сүхээ дарга аа гээд хашгиралдаж байна. Тэгэхээр нь хөөе намайг тийш нь оруулчих гээд.../Инээв/. Тэгсэн чинь нөгөө хэд чинь байж байснаа за за, тийшээ ор гээд тэгээд нөгөөдүүлтэйгээ нийлүүлсэн. Тэнд нэг хонож билээ. Дарга нар байхгүй шөнө тэнд явж байгаад баригдсан нь тэр. Нэг нөхөр л надад касет, бичлэг өгсөн юм. Энэ бичлэгийг хураах гээд байна гээд та гэдсэндээ хийчихээч гээд. Тэгээд би гэдсэндээ хийгээд, миний гэдэс өвдөөд байна гэж хэлээд гэдсээ дарж яваад нөгөөдөхийг нь дамжуулах гэж хөгийн юм болсон. Тэгээд нэг шөнө хоригдож хонож билээ. Намын амьдрал бол тэр чигээрээ бидний түүх шүү дээ. Тухайн үед мөнгө төгрөгний гачаалтай, бүх юм л хэцүү бэрх байсан ч бид ажилллаж л байсан. Таныг асуухаар тэр үеүдийн дурсамж бодогдож байна. 

Тийм ээ, дурсамж бол сайхан зүйл. Цаг байвал илүү олон үнэ цэнтэй дурсамж гарч ирэх нь тодорхой. Ц.Сүхбаатар сайд бусад шиг юм юманд хүртээлтэй дэгдэж явдаг хүн биш. Тайван, оногдсон ажлаа нуруутайхан хийгээд л явна. Алба амины алин дээр ч хаа сайгүй жирэлзээд гүйж явдаг, түүнийхээ хэрээр цаг зуурын ашиг хүртчихээд дотроо айдас тээж явдаг хямдхан нөхдүүд олширсон өнөө цагт миний зочин Ц.Сүхбаатар ховордуу хүн. Түүнтэй ярилцаж суухдаа хэдэнтэй нэгэн зүйлийг гайхан асууж байгаа нь анзаарагдсан. “Хүмүүс яагаад ажил төрлийн тавцан дээрх юмаа хувийн харилцаа руугаа чирээд орчихдог. Тэрийгээ дараа нь бүр хонзон болтол тээж чаддаг юм бэ. Үүн шиг гунигтай, зовлонтой явдал байхгүй шүү дээ” гэсэн үг байв. Энэ гайхширал нь түүнийг ямархуу гэгээн “амьтан” болохыг харуулна. Тийм ээ, Тэр гэгээн. Тэр ёс журамтай.

Уулзаж ярилцсандаа харамсах сэтгэл төрөм хүмүүс таардаг. Энэ удаа би зочноо олжээ.

http://ganchimeg.niitlelch.mn/