Sunday 18 May 2014

Ш.Ганболд: Шинэчлэлд саад болж байгаа хүн нь сайд өөрөө болж харагдаад байна

Өнөөдрийн улс төрд өрнөж буй олон үйл явдлуудын дотроос Хуулийн шинэтгэлийн явц, батлагдсан зарим хуулиуд, түүний тусгал салбартаа хэрхэн яаж тусч буй нь хүмүүсийн  анхаарлыг ихэд татаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн хурандаа Ш.Ганболдыг урьж ярилцлаа.

-Юуны өмнө ярилцлага өгөхийг арай гэж зөвшөөрсөн явдалд талархаж байна. Та бол нийгэмд тэр бүр ил гарч байр суурь илэрхийлдэг хүн биш. Ер нь цагдаагийнхан тэр талдаа маруухан. Таныг хайх олон шалтгаан бол үнэхээр байлаа. 
-Ямар?

-Та энэ байгууллагад бараг 30 жил ажиллаж байгаа алба хаагч. Цагдаагийн дээд түвшний офицеруудын нэг. Яагаад ажлаас чөлөөлөгдөх “дүн” тавиулчихав аа. Нэлээн олон сар өнгөрсөн болохоор хувийн дүгнэлтээ хийгээ байлгүй дээ?
-Анх салбарын сайд ирээд хэлсэн нэг үг бий. Нэгд, улс төрөөс хол бай. Хоёрт, эрүүгийн гэгдэх элементүүдээс хол бай. Гуравт, эдийн засгийн бүлэглэлүүдээс хол бай гэж.

-Х.Тэмүүжин сайд уу ?
-Тийм.

-Нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн юм уу?
-Удирдах албан тушаалд томилогдож байгаа офицеруудад. Бид энэ үгийг маш хүндэтгэлтэй хүлээж авсан. Энэ бол нийгмийн захиалга юм байна гэж хүлээж авсан юм. Миний ажлаас өөрчлөгдсөн шалтгаан бол тэр сандал ч биш л дээ. Асуудал зүгээр л ховоор явчихсан. Удирдагч хүний нэг чадвар байх ёстой юм. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө тухайн хамт олныг нэгтгэж явах ёстой юм билээ. Хувааж, хагалж биш. Бодлого, зорилтынхоо дор нэгтгэж, зангидаж явах сайд маань одоо бол дандаа хуваагаад яваад байна л даа. Хэн намайг дэмжиж байна. Хэн миний эсрэг байна гээд л дүгнэлтээ дандаа хувийн мэдээлэл, таамаг, хар сэрэн дээр тулгуурлаж гаргаад байгаа. Энэ хүнд очиж хошуугаа худалдаж, бусдыг гүтгэж гүжирдэж, хутган үймүүлж яваа улсууд бол тэр хүний жинхэнэ дайснууд нь юм билээ. Харин ажил үүргээ чимээгүй гүйцэтгэж яваа, салбарынхаа хувь заяаны төлөө өвдөж, адлуулж яваа бие бүрэлдэхүүн бол тэр хүний түшиг тулгуур. Үүнийг л энэ хүн олж харахгүй, харахыг хүсэх ч үгүй байна. Нөгөө алдарт сандлын асуудлын тухайд бол. Энэ асуудал их олон яригдаж хэлэлцэгдсэн байдаг. Агуулга нь юу вэ гэхээр надад танилцуулж байсан  хүмүүс энэ хэрэгтэй, энэ сандлыг тараая, хөдөө  орон нутагт ганц нэгээрээ үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид хэрэг зөрчлийг таслан сэргийлэх ажиллагаан дээр буруудах явдал их байна. Бүх газарт эрүүлжүүлэх байхгүй шүү дээ. Тэгээд хүч тэнцвэргүй байдал үүсдэг. Аргаа бараад паарнаас гавлачихдаг. Шонгийн модноос хүлчихдэг. Тэгээд л янз бүрийн асуудлууд гардаг. Энийг яг фронт дээр, тэр хөдөө бөглүү сууринд ганц нэгээрээ үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдаас өөр хэн ч ойлгохгүй.

-Гэхдээ тэр сандал чинь технологийнхоо шийдлийн хувьд тийм аймаар эд юм уу. Тог мог цохьдог ч юм уу, тийм юм байна уу. Бусад улс оронд хэрэглэгдэхээ байчихсан юм биш үү. Яргын сандал гэж хүртэл нэрлэгдсэн шүү дээ?
-Аль ч талаараа тийм биш.

-Та өөрөө яг үзсэн үү. Сандалнаас болж огцорсон хүн биз дээ?
-Яг үнэндээ би хараа ч үгүй. Гэхдээ би уншиж танилцсан. Бусдын амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулахаар биш хэрэгсэл биш. Нэг талаасаа хүний эрхийг зөрчсөн эд юм шиг харагдавч, нөгөө талаасаа хүний эрх, амь нас, бусдад хор хохирол учруулах үйлдлээс сэргийлэх л хэрэгсэл. Хоёрт, тэр сандал нэг ч нэгжид ашиглагдаагүй.

-Тэгвэл та сандлын асуудал дээр шийдвэр гаргалцсан субьектын нэг мөн юм уу?
-Үгүй.

-Сонин юм. Ингэхэд “сандал” гэж нэг сэдэв гаргаж ирээд, золиосонд хэн нэгнийг гаргах шаардлага гарчээ. Тэр нь та байжээ дээ?
-Тийм.

-Ер нь танай баг шахаанд ороод, зөвшилцөж байгаад “Чи яв даа” гэсэн юм биш үү?    
-Тийм юм байхгүй ээ. Яалаа гэж. Тэр надгүйгээр болж байгаа асуудал.

-Тэгвэл “Энэ Ганболдыг явуул” гэж заах шалтгаан нь юу юм?
-Хов. Жаахан дэлгэрүүлээд хэлэхэд  шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхдээ уламжлал шинэчлэлийг хослуулаад  савалгаа ,хохирол  багатай явъя л гэсэн юм. Уг нь энэ цагдаагийн байгууллагын хуулийн эхнээсээ явж байсан концепци юу вэ гэвэл нэгд, цагдаагийн албаны үйл ажиллагаануудаас нийтэд ил болгож болох юмыг нь нээлттэй ил болгоё. Хуулиндаа үүнийг оруулъя. Хоёрт, бүх үед үргэлж буруутгагдаж, нийгмийн зодуур болж байдаг энэ алба хаагчдаа, нийгэм, улс төр эдийн засгийн савалгаанд тэсч үлдэх дархлаатай болгоё л гэсэн юм. Гэвч энэ концепцийг замд нь хутгаад, хорлоод явчихсан. Нэг үзэхэд л нэг өгүүлбэр, үсэг, нэг ойлголт өөрчлөгдчихдөг. Энэ яав, юу болов гэхээр сайд хийсэн л гэдэг. 92 жилийн түүхтэй энэ айлыг савчуулалгүйгээр, ашигт үйлийн коэфциэнтийг нь дээшлүүлье гэж л явсан. Гэтэл бүх зүйл эргэчихсэн. Тэр сандал дээр гэхэд асуудалд үнэхээр шударга бус хандаж байгаа юм. Өмнө нь хэлсэн гурван зүйлээс хол бай гэсэн сайддаа итгэж дэмжиж явтал,худлаа яриад, хуураад, хэлж, хийж байгаа нь зөрчилдөөд байсан. Хамгийн их дэмжээд, хамгийн их барьж гүйж байсан улсууд одоо таг. Би тэрэнд оролцоогүй гэдгээр шалтаглаж хариуцлагаас зугтах эрх надад байхгүй. Зүгээр, энийг тараая. Энэ хэрэгтэй гэж ярьж байсан улсууд яг тэр байр сууринаасаа 100 хувь эргэчихээр л би гайхаад байгаа юм. Дээр нь манай бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг дайчилсан асар том буруу эргүүлэг явсан.  Энэ тухай шүүх дээр ч хэлсэн. Нэг сонин юм ярья л даа. Өмнөд хөршийн хүчний байгууллагын улсууд хэлсэн байна билээ. Та нар яргын сандал Хятадаас авчирлаа гээд л улс орноор нь хүртэл дайрч давшиж шуугих юм. Тэгж ярих юм  бол бид наадахыг чинь нь та нарын шүтдэг тэр Америкаас чинь лиценз, патентаар нь худалдаж авсан юм. Америкийн патентаар хийсэн эд шүү дээ. Тэгээд та нар тэр америктайгаа ярихгүй манай улсын нэр хүнд рүү халдаад байх юм аа гэж.

-Хэцүү үг байна шүү. Гэхдээ яг энэ шинэчлэл гэдэг зүйл юу болоод хувирчихав аа. Олон талын үр дүн гарах ёстой шүү дээ. 

-Энэ шинэчлэлийн талаар нэг хүн “Эмч мэргэжилтэй хүн хагалгаа хийх шаардлагатай. Би чадна  гээд мэс заслын ширээн дээр хүн гаргаж  хэвтүүлээд, хэвлийг нь нээчихээд, одоо яах билээ гэх мөртлөө, хажуугаас нь хэлэхээр, би мэдэж байна гээд үгэнд орохгүй байгаа хүнтэй адилхан болчихоод байна” гэж интернэтэд их л онож бичсэн байна лээ дээ. Өөр нэг өнцгөөс цагдааг гоочилдог. Зөвлөлт маягийн системтэй гэж. Гэхдээ бид Зөвлөлтийнхийг авахдаа монголд өөрийн гэсэн хэв шинжтэйгээр нутагшуулчихсан юм билээ.

-Цагдаагийн алба хаагчидтай анх уулзахдаа Хууль зүйн сайд нэг мэдэгдэл хийсэн гэдэг. Би ОХУ-д төгссөн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахгүй ээ гэж. 

-Тэгсэн.

-Энэ үгийг нь ойлгохгүй байгаа хүмүүс маш олон гарч байсан. Энэ мэдэгдлийнх нь тусгал тань дээр бас гарчихсан юм биш үү?
-Тэр нь ч үгүй байх аа. Харин манайхаас жил бүр ОХУ- руу хүмүүсээ явуулж сургадаг юм. 2013 онд явах  хүмүүсийн визийг олгохгүй нэлээн удсан. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр танай Хууль зүйн сайд ингэж ингэж мэдэгдсээн гээд. Ер нь бол багш хүн оюутнуудад юу ч ярьж болохоор юм билээ. Төрийн сайд хүн, УИХ-ын гишүүн хүн бол хөрш орнууд руу хөндсөн хамаа намаагүй юм ярьж болохгүй юм билээ.



-Миний авсан мэдээллээр та үндэслэлгүй ажлаас халагдсан тухай гомдол гаргаж, шүүхийн бүх шатанд хэлцэгдээд шийдвэр гарсан байна лээ. Хэдэн сарын турш явагдсан процесс вэ. Одоо та эргээд ажилдаа орох уу?
-Эхний шатанд нь ялаад, дараагийн шатанд ялагдаад, гурав дахь дээр нь ялсан. Нэг шүүгч надаас асууж байсан. Энэ сандалны асуудал үндэсний хэмжээний дуулиан шуугиан тарьжээ. Та сайдад яагаад энэ сандалны талаар танилцуулаагүй юм бэ гэж. Тэгж яривал сандалнаас илүү манайд галт зэвсэг хэрэглэдэг. Гав хэрэглэдэг. Бүр дөрвөлжин хүлэг ч бий.

-Ямар аа?
-Дөрвөлжин хүлэг. Улсын ерөнхий прокурор баталсан хүлэг хэрэглэж болох тухай журам бий. Бид буу сум, галт зэвсэг тараахдаа тэр болгон сайдад танилцуулдаггүй. Хоёр бороохой тараачихлаа, сайд аа. Таван сум руу  гав өгчихлөө, сайд аа гэж   мэдэгддэггүй. Энэ зүгээр л явдаг процесс. Хууль журам, практик нь энэ. Яахав, би шүүхээр явлаа. Хувь хүнийхээ хувьд хохирол, гомдол бий. Манай садангийн хөгшин хүртэл утасдаад “Хүү минь чи юу болчихов оо. Насаараа энэ албанд зүтгэчихээд одоо ямар гээчийн ял зэмд уначихав аа” гээд сэтгэл нь шаналаад хэлж байх жишээтэй. Миний энэ яахав ээ. Гол нь асуудалд хуулийн дагуу мэргэжлийн үүднээс, хандахын оронд зүгээр л сонирхогчийн дүрээр тоглоод л, баахан шоу хийчихэж байгаа нь үнэхээр аюултай байна. Сандлын асуудал бол ердөө л энэ. Бас л олон нийтийг хуурсан, үнэнд гүйцэгдэхээс эмээсэн “тархи угаасан” хичээл болоод л өнгөрлөө.

-Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийг та хичээл гэж харж байгаа юм уу? 
-Шинэчлэл хийсний үр ашиг, үр дүн гэж байх ёстой. Нийтээрээ сайн сайхан болно гэсэн урам зориг, итгэл үнэмшилтэй байх ёстой. Томоор нь харах юм бол, нэгдүгээрт бидний сонгосон нийгмийн  шаардлага болох хүний эрхийг хамгаалж, хүнд чирэгдэлгүй болж байна уу. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлыг хангахад ахиц гарав уу. Гуравдугаарт, улс орны эдийн засагт ашигтай  байж чадав уу. Дөрөвдүгээрт, хуулийн салбарын ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулахгүй байж чадав уу гэх зэрэг олон асуудалд хариулт хайвал ”муу” тавихаар л байна. Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, өмнөх сайд, УИХ-ын гишүүд, Улсын ерөнхий прокурор, судлаач эрдэмтэн, доктор академич, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг олон хүмүүс Х.Тэмүүжин сайдын алдаа дутагдалыг нь хэлээд л байгаа. Ажил амьдралаа сайн сайхан болгоё, шинэчлэе, нийгэм, үр хүүхдээ амар тайван аж төрөх нөхцөл бололцоо бүрдүүлэхийг эсэргүүцэх нэг ч хүн байхгүй. Товчхондоо шинэчлэлийг эсэргүүцэх хүн байхгүй шүүдээ.

-За, шүүхийн шийдвэр гарчээ. Одоо та яах вэ. Халах тушаалыг хэн гаргадаг юм?
-Сайд.

-Сайдад шүүхийн шийдвэрээ хүргүүлэв үү?
-Энэ бүх юм тодорхой хугацаатай. Процедуртай. Тэр журмаараа явах байх. Хуульд бичигдсэн дэс дарааллаараа явах байх.

-Та чинь ЦЕГ-ын тэргүүн дэд даргаас халагдсан билүү?
-Тийм.

-Дараа нь та ЦЕГ-ын даргын зөвлөх байсан юм биш үү?

-Зөвлөхөөс ч бас чөлөөлөгдсөн.

-Зөвлөхөөс яагаад халагдчихаж байгаа юм?
-Орон тоог нь байхгүй болголоо гээд л...

-Хөгжилтэй юм.
-Танд л хөгжилтэй байгаа юм байлгүй дээ.

-Ер нь бол цагдаа нийтээрээ л гутралд байх шиг байна л даа.
-Гундуу, бухимдалтай байна. Мэргэжлийн итгэл үнэмшил, урам зориг үгүй боллоо. Нэг л шүншиггүй болчихлоо. Сайд нь янз бүрээр л хэллээ, доромжиллоо. Одоо ч дайрч давшлаад л байна. Алба хаагчдын төрд итгэх итгэл, иргэдийн хуулийн байгууллагад хандах хандлага яаж  өөрчлөгдөж байгааг анзаарахгүй байна. Шинэчлэлийн үр дүнд  хамгийн наад зах нь лав л 300-аад цагдаагийн алба хаагчдын цалин буурч байна. Мөрөөрөө ажиллаж байгаа цагдаа хүн нэг л өдөр ар гэртээ “шинэчлэлийн үр дүнд бидний талхны мөнгө хасагдлаа” гэж хэлэх үү. Ямар ч хүний тэвчээр хязгаартай.

-Цагдаа, прокурор бол бас өвөрмөц байгууллагууд юм л даа. Хүмүүс нь тангарганд хүлээтэй.
-Тийм. Гэхдээ энэ олон мянган алба хаагчдын дунд чимээгүй эсэргүүцэл нүүрлэж байна. Чимээгүй эсэргүүцэл. Энэ их сонин ойлголт шүү.

-Өнөөдрийн энэ цагдаагийн байгууллагын эдэлж амсаж байгаа юм таныхаар яг юу вэ?
-Байгууллагын соёл, үнэт зүйл, мэргэжлийн мэдрэмж гэж юм байдаг юм. Тэр байхгүй болчихож байгаа юм билээ. Эрхэмлэдэг зүйл нь үгүй болж байна шүү дээ. Ноднин Ховдод манай нэг цагдаа буудуулсан. Санаж байна уу?

-Санаж байна.
-Тэр цагдаа өдрийн тэмдэглэлдээ юу бичсэн байсныг сонсох уу. Тэр хүүхэд 19 настай байсан. Тэгэхэд тэр хүүхэд, тэр цэл залуухан цагдаа өдрийн тэмдэглэлдээ 36 настайдаа би хурандаа болно гэж бичсэн байсан. Тийм тэмүүлэл энэ залууст байсан юм. Тэр тэмүүлэл байхгүй болж байгаа юм билээ. Бид олон жил шинэтгэл хийх гэж чадлаараа салбартаа бас чардайсан. Тэрний үр дүн гарч байсан. Өнгөрсөн цагаан сараар Өргөө кино театрын тэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа дээр нэг өвгөн ирж золгосон гэсэн. “Хүү минь чамд бас аав ээж, ах дүү байдаг л байлгүй дээ. Би өдөржин чамайг харлаа. Чи энэ сайхан сар шинэ болж байхад хэнтэй ч золгосонгүй. Өвөө нь хүүтэйгээ золгоё” гээд ирж золгосон гэж байгаа юм. Бас өөр нэг газар нэг хүн манай нэг замын цагдаад халуун савтай цай авчирч өгсөн гэсэн. Чи өдөржин энд байлаа. Харангадлаа гээд. Ингэж ягуухнаар иргэд цагдаа руугаа ойртож, ойлгож эхэлж байсан юм. Энийг байхгүй болгочихож байгаа юм билээ. Сайд нь “Та нар бүгдээрээ авилгачид, бүгдээрээ ялзарсан. Цагдаа миний хүүхдийн цүнхэнд хар тамхи авчраад шургуулж ч чадна” гээд хэдэн сар доромжилсон. Одоо согтуу хүн цагдаагийн жижүүр лүү залгаад “Хөөе, алаг машинаа явуул. Би согтуу байна. Ирэхгүй бол сайдад чинь хэлнэ шүү” гэж байна. Цагдаагийн бүтэц гээд гурвалжин зурж иргэдэд баахан хичээл заасан. Амьдрал дээр бүтэц мөөгөн хэлбэртэй болсон. Энэ юуг харуулж байна вэ. Шинэчлэлд саад болж байгаа хүн нь сайд өөрөө болж харагдаад байна.

-Цагдаад бас нэг төөрөгдөл байсан. Уучлаарай, би өөрөө бас цагдаад шүүмжлэлтэй ханддаг хүн. Та нар өөрсдийгөө төрийн цагдаа гэж андуурсан. Дуу хуур зохиогоод л юу болж байлаа. Одоо үйлчлэгч болчихлоо гээд арай уурлаад байгаа юм биш биз дээ?
-“Зөвд эхийн сүү  шиг ,бурууд илдний ир шиг байх ёстой” л алба юм шүү дээ, манай цагдаа. Хавь ойроо түйвээгээд, хутга барин дайрч давшилж байгаа хүнд “Уучлаарай би танд үйлчлэе гэх үү “ одоо.

-Ахиад нэг асуулт. Олон жилийн өмнө би “Ланд крузер, хаш хөөргийн эзэд хөрөнгөлөг хурандаа нар” гэж цуврал бичиж байсан. Одоогийн сайд энэ сэдвийг их барьж явдаг. Гэхдээ тэр үеийн тэр нэг давхарга алга болсон шүү дээ. Би хувьдаа тэгж хардаг.
-Тийм юм байсан. Цагдаа өөрөө өөрийгөө шилгээж цэвэрлэх гэж хичээж байна. Цагдаа шинэчлэгдэнэ, нийгмийн хөгжил дэвшилд дэм болно  гэсэн сэтгэл зүтгэл бие бүрэлдэхүүнд нь бий. Гэхдээ зөв бодлого, дэмжлэг үгүйлэгдэж байна.

http://ganchimeg.niitlelch.mn/

Д.Өлзийбаатар: ”Та нарын дэргэд еврей нар хүүхдүүд, бид нар нялх бацаанууд” гэсэн юм шүү дээ

Дэмбэрэл овогтой Өлзийбаатар. Түүхийн ухааны доктор, Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг. НАХЯ-ны Дээд сургуульд багш, НАХЯ-ны Тусгай архивт судлаач, Улсын түүхийн төв архивт судлаач, дарга, Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. "Яагаад 37 он?" зэрэг хэд хэдэн ном бичсэн. Саяхан "Монголчууд" хэмээх сонсдог цахим түүхийн ном бүтээж, нийтийн хүртээл болгоод байгаа.

-“Монголчууд” сонсдог цахим түүхийн номны тухайд гадуур их ам сайтай байна. Тэгээд л найзыгаа зориод ирлээ. Би чамаас аваад л дөрөв хоног сонсч дууссан шүү.
-"Монголчууд" цахим түүхийг би анх залууст зориулж л ерөнхий ойлголт  өгье, уншихгүй бол сонсог гэж бодож хийсэн юм. Харин тэр хүрээ, насны хязгаараас хальж гарсан нь ажиглагдаж байгаа нь надад их урам зориг өгч байна. Дэмий юманд цаг заваа зараагүй юм байна. Хүмүүс нийтээрээ түүхээ судлах сонирхол таашаалд нь бага ч атугай нийцсэн юм болсон юм болов уу л гэж бодож сууна.

-Сонсч дуусаад бодож суухад манай түүх их л базаахгүй, өс хонзон, урвалт шарвалтын түүх байх юм. Чи зориуд анхааруулж  ингэж хийв үү, эсвэл...?     
   
-Зориуд тэгээгүй л дээ. Аль ч том улсын түүх ерөнхийдөө адилхан. Ганц монголчуудынх ч биш. Хэт том улс байгуулсан шүү дээ, монголчууд. Манай уналт их удаан, ужиг болсон. Нүсэр том заан газарт унах, унага даага газарт унах хоёр их л ялгаатай харагдана аа даа. Тиймэрхүү л юм. Харин тэр базаахгүй харагдуулаад байгаа урвалт шарвалт, өс хонзон, эвлэхдээ удаан, эвдрэхдээ хурдан явдал бол биднийг сүүдэр мэт дагуул байсан нь үнэн. Одоо ч хэвээр. Түүх бол нэлэнхүй дээ сургамж. Хүний зан чанар их удаан өөрчлөгддөг болохоор их адилхан юм давтагдаад байдаг. Түүхийн сайн нь ч бидний багш, муу нь ч бидний багш. Сонсоод тэгж анзаарагдаж буй бол сайн л байна гэж би бодож байна. Бидний бага буурай, дорой байгаагийн шалтгаан энэ юм байна гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш “Өө бид чинь дээрээсээ ийм байсан юм чинь өс зангидацгаагаад, урваад шарваад явбал зүгээр юм байна” гэж лав бодохгүй байх! Түүхэн сургамж гэдэг ердөө л энэ. Ухаарах, алдаагаа олон давтахгүй байх. Бидний 700 шахам жилийн уналтын үр дүн нь өнөөгийн Монголын байдал байна шүү дээ. Хөрш орнууддаа эзэрхийлүүлэн олон хуваагдсан, буланд шахуулсан хөгшин боксчин шиг болсон явдал.

-Ха ха, гэхдээ л могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг дээ.  
-Харин тийм, их ард түмний инерци гэдэг агуу байдаг юм байна аа, Монголоос өөр ард түмэн ийм агуу хоёр хөршийн хооронд хавчуулагдан олон зуун жил байж чадах уу?!  Ээ дээ, үгүй л болов уу. Монгол омогшил гэдэг энд л оршино. Бид хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд Монгол хэвээрээ. Аль нэг газар, ямар ч улс оронд монголчууд амьдарч, оршин тогтнож чадах нэг өвөрмөц онцлогтой байна, хоорондоо эвлэдэггүй хэрнээ, бие биенээсээ зугтаагаад байдаг мөртөө үндэстний онцлогоо хадгалаад сайн сайхан байгаад байдаг. Би л лав Америкт аргаа барсан монгол байна гэж сонсоогүй, тийм нэгнээ харин зардал юмыг нь олоод нутаг руу нь явуулчихдаг юм гэсэн.   

-Нүүдлийн иргэншлийн улбаа юу. Дотоод мөн чанарт нь гүнзгий шингэсэн бие даах чадвартай нь холбож ойлговол энэ асуултад хариу олчих юм биш үү?
-Би харин тэгж л хэлэх гээд байна л даа. Монголчуудыг их ойлгомжгүй улс гэж гадныхан хэлээд байдаг даа. Монголд олон жил амьдарч бараг монголжсон хүн ч тэгж хэлж байсан, одоо ч тэгж хэлдэг.  Оросын Архивын дарга В.Козлов гэдэг ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, түүх архивын чиглэлээр онол, судалгааны олон ном бичсэн тэр бид хоёр ах дүүс шиг л байлаа. Манайд есөн удаа ирсэн. Европын иргэншил, Америк хэв заншлыг үл тоодог, шүлэг найраг бичдэг, ер нь их өөрийгөө элдэв юмнаас чөлөөлж чадсан их сонин хүн л дээ. Испани явах томилолтоо Монголоор сольдог тийм л хvн. Тэр надад нэг удаа "Та нарын дэргэд еврей нар хүүхдүүд, бид нар балчир бацаанууд" гэсэн юм шүү дээ.  

-Бараг оноод хэлчихсэн юм биш үү, харин. Тийм болоод ч нэг их олширдоггүй байх.

-Чиний дээр хэлсэн тэр нүүдэлч иргэншлийн онцлог л бидэнд ийм амьдрах чадвар суулгасан болов уу, төвөөс зугтах тэмүүлэлтэй. Манай түүх ч ийм л юм харуулаад байдаг. Их эзэнт гүрэн байгуулсны дараа хоорондоо л тэмцсэн, гаднаас ирэх аюул занал байхгүй болчихоор шүү дээ. Бидэнтэй эн тэнцэх улс орон гэж байхгүй байлаа. Дэлхийг нэг болгоод даргалан захирсан Монголоос өөр ард түмэн гарсангүй дээ түүхэнд. Тэгээд дарга, ноёд олширлоо, үг сонсохоо байлаа, эрх мэдэл, эд баялгаа нэмэхийг хүслээ. Тэгээд төвөөсөө зугтаж эхэллээ. Өнөөх унаган төвөөс зугтаах үзэл байна шүү дээ. Одоо ч нэг тийм шүү дээ. Гадагшаа тэнэцгээгээд л. Нэг дороо удаан байж чаддаггүй төрөлх зантай байгаа биз?  Үнэндээ бол монголчууд  өөрсдөө л өөрсдийгөө унагасан. Хамгийн сүүлд 1850-иад онд Энэтхэгт оршин тогтнож байсан Их Могол европуудын довтолгооны үр дунд унасныг эс тооцвол .Бүх түүхэндээ өөрөө өөрсийгөө л мөхөөсөн байдаг юм.

-Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдсөн биш билүү?
-Тэр чинь улс унасан юм биш шүү дээ. Нанхиад дахь Монголын ноёрхол л төгсгөл болсон хэрэг. Бид яахав тэдний нутгаас гараад л явсан. Хар хориндоо очоод л, хуучин хийдгээ хийгээд л, Мин улсыг унагах гээд л, бас хоорондоо үзэлцээд л байж байсан. Харин Манж нар манай тусгаар байдлыг унагачихсан юм шүү. Гэхдээ 122 жилийн тэмцлийн дараа.   
 
-Баруун Монголыг оруулж тоолоод байна уу?

-Тийм, тэгж тоолох естой. 1636-1758. Яахав Манжийн засаг захиргаа тогтсоноор 1691 оноос тоолоод хэвшчихсэн юм л даа, урд нь.

-Хойд, урд хөршид монгол нэршил их байдаг. За орос овгууд байна, Гумилевын номонд байдаг. Би энэ сэдвийг сөхөх их дуртай. Чиний бодол ямар байдаг вэ?
-Нөгөө л их гүрний инерци явж байна даа гэж боддог. Гумилев бол хэдхэн алдартай овгуудыг л жишээ болгосон гэдгээ хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхлээр Монгол ямар их нөлөөтэй байж вэ гэдэг л харагдаж байгаа юм. Солонгос хаад бол охидоо монголд бэр болгохын төлөө хамаг арга чаргаа бардаг байж. Нөмөр нөөлөг дор нь орох гэж тэр шүү дээ. Яг тэрэнтэй л адилхан. Оросууд ионголчуудын нөмөр нөөлөгт багтаж байж л язгууртан дээдэс болох, боловсрол мэдлэгт хүрэх боломжтой болж байж. Тиймээс Оросын шилдгүүд дандаа Монгол гарвалтай байж. Хачирхалтай нь үүнийгээ үхтлээ нуух юм. Өнөөгийн Монголын байдлаар Монголын эх түүхийг хардаг, дээр нь жаахан нэрэлхүү зан гаргаж байгаа л юмдаг уу даа. Оросууд Монголын түүхийг маш сайн мэддэг. Оросын Дорно дахины болон Монголын түүх судлал дэлхийд №1. Тэгээд ганц, хоёр Монголын түүхийг үгүйсгэсэн юм бичсэн хүнийг мэдээгүй царайлж, өөгшүүлээд л. Төр нь сурах бичигтээ өөрчлөлт оруулаад л. Гэхдээ түүхээс хэн ч нуугдаж чаддаггүй л дээ. Цагийн юм цагтаа. Магадгүй хэдхэн жилийн дараа бүх юмаа Монголтой холбох гэж хичээхийг хэн эс мэдлээ. Түүхчид бол Оросын энэ үйлдэлд нэг их ач холбогдол өгдөггүй шүү дээ. Оросын түүхчид ч адил, балайрал л гэж байдаг юм. Мэдэх хүн бичих, мэдэхгүй хүн цуурах хоёрын хооронд их ялгаа бий.

-Саяхан би Леонид Парфёновын нэг баримтат кино үзлээ. Тэгсэн Оросын хаант үеийн нийгмийн пирамидын дээд давхарга 100 мянган хүн гэж байж. Гэтэл одоо ч сонингийн борлуулалтын тоо мөн 100 мянга орчим л байдаг гэнэ. Гэтэл тэдний бараг ихэнх нь Монгол овогтой гэх. Тэгэхээр манайх тийм дээд давхарга, тэр үедээ бараг тал нь байсан байж ч болох. Гэтэл манай түүхийг маш их гуйвуулах юм. Кино, уран зохиолоор бүр зорилготой нэг их тэнэг маанаг, бүдүүлэг, ууртай, шартай, бараг араатан байсан гэж бүр ойлгуулж дөнгөчихлөө. Бид ч өөрсдөө тэгж төсөөлж байж мэднэ. Яалаа гэж дээ. Асар ухаалаг, дипломатч, улстөрчид, сэхээтнүүд байсан болоод л дэлхийн дарга болно оо доо. Сэхээтнүүд л байсан хэрэг шүү дээ, тэд чинь. Энийг бодохоор уур хүрээд байх юм. Яаж зүгээр л алах талахаас өөр юм мэддэггүй, тэнэг улс тийм том эзэнт гүрэн, нэгдсэн улс байгуулах юм бэ? 

-Түүхээ мэдэж байгаа болохоор уур чинь хүрээд байгаа байх, мэдэхгүй нэгэн нь тийм юм болов уу гээд л явна шүү дээ. Эзлэгдсэн орнууд эзэлсэн орныхоо түүхийг хэзээ ч сайнаар бичдэггүй. Бид хогийн новшнуудад, ийм балмад юмнуудад л төрөө  алдчихсан юм гэж хамаг бурууг бидэн рүү чихнэ биз дээ? Хэн ч тэгнэ. Яаж тэд биднээс ухаантай болоод бид ялагдчихлаа гэж хэлэх юм бэ? Тэртээ үеэс л эхэлсэн юм шүү дээ. Монголчууд бүдүүлэг, харгис, яргачин гэж л бичиж ирсэн. Харин ХХ зуунаас л өөрөөр харж эхэлсэн дээ. Гэтэл харин бид өөрсдөө түүхээ үгүйсгэж, Чингис хаанаа харааж байсан чинь саяхан шүү дээ. Түүхээр хүмүүжүүлнэ гэдгийн цаад учир энэ. Одоо дэлхий даяараа бид ч өөрсдөө өвөө, эмээ нараа балмадууд байсан гэх нь холгүй болгож дөнгөсөн л байгаа байхгүй юу. Чи сая яг үнэн асуулаа. Нээрээ яаж тийм балмад тэнэг улс энэ дэлхийг захирах юм бэ гэж? Тэгэхээр л юун Еврей, юун Орос вэ гэдэг чинь байхгүй юу. Эх оронгүй хүн түүхгүй. Түүхээ үл мэддэг хүн хэний ч эрх ашгийг харанхуйгаар илэрхийлэгч болчихож мэднэ. Гадны юм бүхнийг бишрэн шүтэгч, даган дуурайгч болж хувирна, өөрсдийгөө голно, толгой сэгсрэнэ, үндэсний үнэт зүйлсээ хоцрогдол гэж адлана. Түүхээ өөриймшүүлээгүй, баахан ялагдсан орны хорслоор бичсэн түүхээр ойлгодог, гадагшаа залуус их сургууль төгсөөд бас л тэдний зааж буй түүхээр буюу өөрсдийгөө дөвийлгөсөн түүхээр толгойгоо угаалгаад ирж байна шүү дээ. Ингээд түүхээсээ ичих нь холгүй улс маш олон болж байна. Цаашид ч нэмэгдэх учраас л би бас нэг зүгээр л товч түүх хийсэн ухаантай юм.

-Одоо тэгээд яах вэ?
-Яах юу байхав. Түүхээ л бүх шатанд хүчээр заамаар байна. Хамгийн сонин нь түүхийн хичээлийг сонгож үздэг хичээл болгочихсон байх юм. Хятадын хийсэн Чингис хаан олон ангит киногоор л бид “Нууц товчоо”-гоо мэдлээ шүү дээ бараг. Чи хоёр 2 тэрбум шахам хүнтэй өмнөд хөрш, хүн ам нь хэдэн зуун саяар тоологддог хойд хөрш хоёр түүхэндээ ямар их анхаарал тавьж байгааг харж байгаа биз дээ. Тэд хэзээ ч мөхөж алга болохгүй ард түмнүүд. Түүхээ тоохгүй, талх, мантууныхаа араас л яваад байж болох л шүү дээ. Гэтэл  яагаад хамгийн гол анхааралдаа байлгаад байна. Гэтэл бид ний нуугуй, муугаар бодож хэлэхэд хэзээ мөдгүй алга болж мэдэх ард түмэн, гуравхан саяулаа юм чинь. Энэ тоглоом биш, би муу амлаж ч байгаа юм биш. Яаж босч ирэх вэ?! Ганцхан түүхээ л тулж босч ирнэ. Монгол мөртөө монголоор ярьдаггүй хэдэн арван мянган монгол нэртүүд цаана чинь бий болж байна, юун түүх манатай, хэлээ мэдэхгүй  монгол хүмүүсийн арми бий болж байна. Тэд хэний эрх ашгийг илэрхийлэгч болох вэ?! Монгол математик, физик, хими, шугам зураг гэж байхгүй. Харин монгол хэл, монголын түүх , монгол уран зохиол л гэж бий. Энийг л дээдэс ойлгож, түүхээ нэгдүгээрт тавимаар байгаа юм. Маш сонирхолтой бага, дунд, дээд  боловсролын түүхийн хичээлийн хөтөлбөр гаргах хэрэгтэй байна. Дээр нь ард түмнээ ядуурлаар биш, түүхээр бөмбөгдмөөр байна. Захын Өвөрмонголтой түүх ярихад ярина шүү. Манайхнаас түүх ярих гэхээр маш цөөхөн хань олддог орон болоод удаж байна. Гадаадад дээд сургуульд тэнцсэн бол заавал түүхийн хичээлээр 90-ээс дээш оноо авсан хүнийг явуудаг болсон ч буруутахгүй гэж би мунхагладаг юм. Гарын үсгээ заавал монгол бичгээрээ бичдэг хүн хилийн дээс алхдаг болгосон ч яадаг юм. Хүний эрх гэж орилцгоох л биз. Улс үндэстний эрх ашгийн дэргэд хүний өчүүхэн эрх юу юм, юу ч биш шүү дээ.

-Манай төр засгийнхан дунд түүхээ сонирхдог, үгүй ядаж та нарыг ойлгож, дэмждэг хүмүүс байна уу. Баахан нүүрс түлээ, төмөр зам,  доллар ярьсан хүмүүс л харагдах юм. Чингис, Хубилайн тухай кино хийнэ гээд л хүмүүс давхиад байсан хүчирсэнгүй. Зохиол нь болохгүй байдаг юм уу. Мандухайг Ш.Нацагдорж гуай зохиолыг нь бичсэнээс сайн болсон гэдэг. Одоо ийм түүхэн зохиол бичих хүн үлдсэн үү, ер нь?

-Харагдахгүй болохоос байгаа л байлгүй дээ , эрх биш. 70, 80 ихэс дээдэс дунд 7, 8 байхад л уг нь болох юм шүү дээ. Сониноос харин Их хурлын дарга миний сонсдог түүхийг сонсоод талархал илэрхийлсэн шүү. Би ойр зууртаа түүртээд хариу талархлаа илэрхийлж амжаагүй л явна. Энэ ярилцлагаараа дамжуулаад, цаг зав гаргаж, сонсоод санал бодлоо илэрхийлж , зөвлөгөө өгсөн З.Энхболд даргад гүнээ талархсанаа илэрхийлье. Түүхийн хүрээлэн, МУИС, Боловсролын их сургууль, ШУТИС гэх мэт газруудад л яам нь үүрэг өгөхөд уг нь энэ асуудал цэгцрээд ирнэ дээ. УИХ  шаардагдах хөрөнгийг нь унжилгуй шийдээд өгвөл уг нь санаачилгын асуудал л байгаа юм. Популизм хийдэг улстөрчид нь харин үүнд хийгээд өгөөсэй, туслахад бэлэн байна. Нэр хүнд нь суга өснө дөө. Нүүрснээс илүү нэр хүнд олох орон зай байна шүү, энд.

-Нэгэнт түүхч хүнтэй уулзаж байгаагийнх, ганц хоёр сонин содон хууч хөөрье дөө, хоёулаа. Хууч ч юу байхав, албан түүхэнд ороогүй албан бус түүхийн сонин юу байна. Барон Унгерныг бид хэрхэн үнэлэх ёстой юм бэ гэдгээр эхэлье.

-“Хүний нийгмийн оюун санааны хөгжил дэвшлийг ойлгое гэвэл түүхийг нь ойлго!” гэж Гегель хэлсэн байдаг даа. Гегелийн диалектик хөгжлийн тухай гүн ухааны бодролууд нь бүхэлдээ түүхэнд хийсэн анализ л юм гэж бид заалгаж байлаа. Гегель түүхийг судлах, мэдэх, ойлгох гэдэг нь өнгөрснөө санан дурсах, өнгөрсөн үеийн хэн нэгнийг магтах буюу жигших биш, харин одоогийн хүмүүс нь юу хийж, хаашаа чиглэн явж байгаагаа туулж өнгөрүүлсэн түүхээсээ олж харж ухаарч, сэхээрч, танин мэдэх явдал юм гэдгийг хэлж сургасан. Түүхийг ойлгохгүйгээр хөгжил дэвшил гэж юу болохыг ойлгох аргагүй гэдгийг Гегель бүтээлүүдээрээ хүн төрөлхтөнд анхааруулсан юм. Бид ч түүхэндээ ингэж л хандах ёстой. Энд л түүх судлал гээчийн ач холбогдол, нэр хүнд оршино. Харамсалтай нь бид түүхийг үлгэр, өнгөрсөн цагийн дурсамж гэж үздэг үзлээсээ салж чадаагүй л байна шүү. Яг энэ үзлийнхээ үүднээс түүхэн бие хүнд хандах хандлагаа гаргаад байдаг. Хүмүүс Барон сайн уу, муу юу, яг ялгаад хэлээд аль гэж нэхдэг. Тэгээд тэрийгээ тойроод талцаад хуваагдчихдаг. Түүхэн үйл явдлыг ч ялгаагүй, зөв, буруу аль нь вэ хө гээд суучихдаг. Гэтэл түүх өөрөө шүүлтүүртэй, бас цаг хугацааны орчилтой, бичих хүмүүстэй байдаг. Хүн бүр түүх мэддэг боловч хүн бүр түүхч байдаггүй. Төгс түүх гэж байдгүй. Харин хүмүүс үлгэр домог болгож, бараг уран сайхны кино мэт ойлгоод нэхээд байдаг. Хэцүү шүү дээ, түүх судална, түүхч байна гэдэг.

-Энэ хандлагаас харвал Бароныг хэрхэн үнэлэх вэ. Яг хоёр хуваагдчихаад байна ш дээ. Жишээ нь, би Бароныг магтдаг талын байлдагч... 

-Өнөөдрийн цаг хугацааны орчлоос нь харвал Барон Монголын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэсэн бие хүн. Өчигдрийн цаг хугацааны орчилд бол дайсан байлаа .Социализмын үед Бароныг өөр нүдээр харсан хүн байгаагүй дээ. Одоо ч тэр инерци нь байна. Гэтэл түүхэн үнэн бол хэрэв тэр Хүрээг 10 мянган Хятад цэргээс чөлөөлөөгүй бол яах байсан бэ гэсэн асуулт гарч ирдэг. За чи энэ талаар надаас бараг дутахгүй дээ.

-Хувь хүний хувьд бол орон гэргүй зайгуул, харгис дарангуйлагч, зальт этгээд гэдэгтэй санал нийлэх үү. Тэгж л энэ олон бодоод байх шиг. Би их уншсан болохоор түүхч хүний үг авах гээд байна.
-Нийлэхгүй. Тэр өөртөө агуу их итгэл үнэмшлийг бий болгоод, тэр итгэл үнэмшилдээ эцсээ хүртэл үнэнч байсан хүн. Большевизм бол Орос орныг үгүйрүүлэх аймшигт гамшиг гэдгийг олж харж чадсан хүний нэг. Оросын Цагаан хөдөлгөөний түүх Колчак, Корнилов, Юденич, Деникин, Семенов, Унгерн нарыг түүхийн тавцан дээр тоос шорооноос нь салган хүндэтгэлтэйгээр залж байна шүү дээ, одоо. Унгерн ч манай түүхийн нэгэн хүндэт суудалд сууна.

-Тэр цаг холгүй гэдэгт найдъя. Сониноос Бароныг манайхан барьж Щетинкинд тушаагаагүй, Барон үхээгүй хүүтэйгээ хамт монголчуудын дэмжлэгээр Түвдээр дамжаад Бирм гараад явчихсан гэдэг яриа бий?

-Албан бус түүх гэдэг чинь энэ дээ. Гэхдээ Бишрэлт гүн Сундуй тэргүүтэй монгол цэргүүд Бароныг барьж хүлээд л майханд нь орхиод явчихсан нь үнэн, большевикуудад тушаагаагүй нь ч үнэн. Монголчууд "Дайны бурхан" гэж Богд хааны өргөмжилсөн Барон Унгернд маш их хүндэтгэлтэй ханддаг байж. Эхлээд Бароны цэргийн офицеруудын дотор хуйвалдаан гараад хурандаа Резухиныг алчихаад, Бароныг алах оролдлого хийсэн. Тэднээсээ зугтаад Барон монголчууддаа давхиж ирсэн. Тэр Улиастай хавьд өвөлжиж аваад Түвд руу явах төлөвлөгөөтэй байсан. Далай ламаас дэмжлэг авна гэж тооцож байсан юм билээ. Манжуур руу явъя гэсэн цэрэг офицеруудаа чөлөөтэй тавиад явуулсан шүү дээ. Тэднийх нь дотор хожим Бароны тухай дурсамж бичсэн М.Торновский ч байсан. Торновский бол Унгерний Азийн морин дивизийнх нь штабын дарга байсан хүн. Тэр дурсамжиндаа, монголчууд Бароныг барьж хүлээд майханд нь оруулж тавьчихаад хүндэтгэн ёсолчихоод л яваад өгсөн гэсэн байдаг. Харин 1921.08.20-ны өглөө унгернчуудын мөрийг мөшгиж явсан Щетинкиний эргүүлийн цэргүүд майхан байхаар нь очоод шагайсан чинь хүлээтэй хүн хэвтэж байж. “Хэн бэ чи” гээд асуусан чинь "Би бол Азийн морин дивизийн дарга дэслэгч генерал Барон Унгерн Штернберг байна" гэж Торновский бичихдээ "Улаан партизанууд тийм үг сонсоод эхлээд амаа ангайтал гайхсанаа монгол дээл дээр хадсан генерал мөрдөс, Георгийн загалмайгаар нь танин амаа цууртал баясан инээсэн гэдэг" гэсэн байдаг юм. Бароныг монголчуудын сэтгэл зүйг огт ойлгоогүй хүн гэж бас тэр шүүмжлэн бичсэн юм шүү. Өнөө ойлгомжгүй монгол зан гэдгийг нь ойлгосонгүй л дээ.

-Үхээгүй гэдэг нь мэдээж худлаа яриа?
-Аа тийм. Торновский 1937 онд Шанхайд байхдаа нэгэн фото зураг үзсэн байдаг юм. Тэр зураг дээр гурван хүний зураг байж. Нэг нь Бирмийн томоохон сүмийн өвгөжөөр лам, нөгөө нь 15-17 насны ламхай, голд нь 42-45 насны барон Унгернтэй нүгэлтэй адилхан хүн. Тэр зургийг хүмүүс Унгерн хятад эхнэрээсээ төрсөн хүүтэйгээ байгаа зураг гэж тайлбарлаж өгчээ. Хэдийгээр Торновский эргэлзсэн ч "Миний үзсэн зураг дээрх хүн бол яах аргагүй жинхэнэ Унгерн байсан юм шүү. Хэрвээ хэн нэгний захиалгаар дууриалган хийсэн бүтээл байсан бол маш сайн урлаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх естой... Гэхдээ л гэрэл зургийн хувьд миний хэлсэн зүйлд бүрэн итгэж болно" гэж бичсэн байдаг. Эндээс л Унгерн үхээгүй гэсэн домог амилсан болов уу даа. Монгол бөө нар цогцсыг амилуулаад, Түвдээр дамжуулан Бирмд хүргэж, сүмд Унгернийг нуугаад дараа нь Бээжингээс хүүг нь аваачиж өгсөн гэдэг домогтой. Домгоос үүдээд гоё адал явдал өрнүүлэн ургуулан бод доо. Чи зохиолч хүн. Осендовский дээр 1945.1 сард СС-ийн  офицерийн дүрэмт хувцастай хүн ирж, өөрийгөө Унгерн фон Штернберг гэж танилцуулан шөнжингөө ярилцаж суугаад явахдаа түүний "Хүн, араатан, бурхад" номыг нь нандигнан бариад гарсан гэж. Энэ хэн байв. Нөгөө зураг дээрх хүү мөн үү?! Маргааш нь Осендовский нас барсан.

-Ярих ч юм алга. Бэлэн кино зохиол. Осендовский гэснээс түүний энэ номыг хоёр үнэний дунд нэг худал хавчуулсан уран зохиол гэж зарим судлаач ярих юм билээ. Түүх талаасаа ямар байдаг юм бол?

-Харин тийм ээ. Янз янзаар ярьдаг. Түүнийг "ХХ зууны Марко Поло" гэж алдаршуулсан ном шүү дээ. 40 хэлээр 180 гаруй удаа хэвлэгдсэн бүтээл. Манайд нэрт орчуулагч Ж.Нэргүй гуайн орчуулгаар дөрөв, таван удаа хэвлэгдсэн байх шүү. Шамбалыг түлхүү бичсэн болохоор нь хүмүүс тэгж ханддаг байж магад. Хуудас болгон нь нууцлаг үйлээр дүүрэн гэж хэлж болно доо.
Тэр бас Монголыг "Оньсого шиг Монгол " гэж үнэлсэн хүн. Таньж чадаагүй л гэсэн үг. Өнөөх л байхгүй байна… гэж ярьдаг хачин ухааныг. Түүхэн үйл явдлуудын талаар худал зөрүү бичээгүй. Бүгд л бодитой бичигдсэн байдаг. Уран зохиол бичдэг байсан хүн учраас түүхэн үйл явдлыг уран яруугаар бичсэн тал бий байх. Ямар мань мэт биш. Колчакийн санхүүгийн зөвлөх байж байгаад түүнийг алагдсаны дараа Унгерний дэргэд ирж, түүний дэмжлэгээр урагшаа гарсан байдаг. Унгерний эхнэртээ өгүүлсэн мөнгийг хүргэхээр Хайлаар руу гарч, Владивостокт очоод тэнд байхдаа энэхүү номоо бичсэн гэдэг. Шамбалын тухай бичсэн цөөхөн европ хүний нэг нь Осендовский. Энэ шамбалын  ертөнцийг үлгэрийн ертөнц гэж одоо хэр ойлгодог ч эрсээр л байгаа шүү дээ.

-За, нэгт нь лав Рерих, нөгөөдүүл нь?
-Францын далд нууцын эрэлчин Александр Сент-Ив де Альвейдр, алдарт Блаватская, Рене Хенон гэх мэт бий . За одоо түүхээсээ дэндүү хадуурах нь. Болих уу?

-Ганц зүйл тодруулъя, уншигчдад сонин байж магад. Орос орон Октябрийн хувьсгалын хэтийн хувь заяаны талаар нэг монгол лам яг хэлсэн гэж байдаг байх аа?

-Энэ номд маш олон сонин хачин бий л дээ. Олон хүн уншаа байлгүй дээ. Богд хаан Оросын хаан 1-р Александрын хувь тавиланг яг зөгнөж хэлсэн, тэр нь Орос домогтой яг таардаг тухай 1921 оны эхээр Нарванчин хийдийн хутагт шамбалын орны хаан энэ хийдэд морилж, айлдвар хэлэхдээ "...Гурван том эзэнт улс үүсээд 71 жил оршин тогтнож, дараа нь 18 жил дайн эвдрэл сүйрэл үргэлжилнэ. Зөвхөн үүний дараа л Агартийн ард түмнүүд агуйгаасаа газрын хөрсөн дээр гарч ирнэ" гэж хэлсэн тухай байдаг. За тэгээд нэг мэргэч хүүхэн Унгернийг 130 хоногийн дараа үхнэ гэж хэлсэн .Тэр ёсоор ч болсон. Тэгж хэлэхэд нь Унгерн босон харайж  "Тийм ээ, би үхнэ. Гэхдээ энэ гол биш. Чингис хааны удмынхан сэрцгээсэн. Монголчуудын зүрхэн дэх тэмцлийн галыг унтраах аргагүй. Агуу хүчирхэг гүрэн Ази тивийн нутаг дээр мандан бадрах болно" гэж хэлсэн тухай бичсэн байдаг. Энийг хоёр үнэний дундах нэг худал гэх нь хаашаа ч юм, тийм биз дээ.

-Чиний сонсдог түүхэнд Унгерний талаар товч байсан болохоор би тодруулаад байсан юм. Сонсдог түүх цааш үргэлжлэх үү?
-Үргэлжилнэ. Надад санал, хүсэлт, бас зөвлөгөө нэлээд ирж байгаа. Тэр бүгдийг тусгаад " Монголчууд-2" гэсэн багц CD яг одоо хийгээд л явж байна. Нийт таван CD байх юм. Өмнөхдөө хэд хэдэн сэдэв нэмж оруулсан. 10 цагийн  нэмэлт нэг CD нь "ХХ зууны түүхт хүмүүсийн түүх" нэртэй байх юм. Энд Бароноос авахуулаад Бавуужав, Дамбийжаа, Жалханз хутагт Дамдинбазар, манзушир хутагт Цэрэндорж, шанзав Бадамдорж гэх мэт 35 түүхт хүмүүсийн товч түүх орж байгаа. Санхүүжүүлэгч л хэрэг болж байгаа даа. Эх түүхэндээ элэгтэй, оньсого шиг нэг монгол гарч ирэх байлгүй л гэж бодож байна. Бидэнд ямар тоолдог нь байх биш .Үйл явдлын, он цагийн плакат хавсралт болгож хийнэ. Ойрын төлөвлөгөө энэ л байна.

-За, баярлалаа. Би хааяа ярилцлага хийдэг, овоо хүн уншаад байх шиг болохоор л найзыгаа урилаа. Найз нараасаа л эхэлж байгаа юм. Амжилт хүсье. Төвлөрөөд суугаарай даа. Бас битгий төвөөс зугтаад явчихаарай.

urmunkh.niitlelch.mn

Monday 12 May 2014

Х.Баттулга: Надад Ерөнхий сайд болох санаа байхгүй

Манай “VIPerson” хоёр дахь зочноор дөнгөж саяхан сайдын сэнтийнээс татгалзах өргөдлөө өгөөд байгаа, Засгийн газрын гишүүн, ноён Х.Баттулга уригдлаа. 

-“Open door” шинэхэн сонины уншигчид таныг зочноор урихыг хүссэн юм. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа.Мэдээж танд олон хэвлэлээс урилга ирсэн байх. Бидний нэрлэдгээр та өнөөдөр үйл явдлын баатар болчихоод байна шүү дээ.  

-(инээв)

-Хамгийн эхний асуулт хамгийн сүүлд таны хийсэн алхам. Хэдийгээр асуудлууд дээрх байр суурийг тань мэдэж байгаа ч гэсэн Засгийн газрын гишүүнээс татгалзах хүсэлт гаргана гэж бодсонгүй. Ийм огцом шийдвэрийг яагаад гаргав аа?

-Ерэн оноос хойш бид чинь хэд дэх ч сонгуулиа хийчихэв дээ. 25 дахь жил рүүгээ орж явах шиг байна. 2012 оны сонгуулиар бид бас л олонх болж чадсангүй. 34- үүлээ л болсон. Сүүлд Өвөрхангайгаас хоёр орж ирсэн. Нэлээн маапаантай орж ирснийг та өөрөө мэдэж байгаа. Зургаан мянган хүний санал дутуу байсан ч чихээд л ороод ирсэн шүү дээ.  Тэгсэн хэдий ч гол зовлон маань бид олонх болоогүй. Олуулаа л маягтай. Ингээд арга буюу “Шударга ёс эвсэл”-тэй Засгийн газраа байгуулаад явсан. Тэгж байж олонх  болж байгаа юм. Ингээд урд нь төлөвлөж байсан бүх ажлуудаа хийнээ, улс орны эдийн засгийг хөгжлүүлнээ гээд ҮХХАА-н яаманд тохоон томилогдлоо. За, ингээд түрүүчийн хамтарсан засагт байхдаа л ярьж эхлүүлж байсан юмнуудаа гүйцээнэ дээ гээд л, түүхий эд гаргахгүй ээ, үйлдвэрлэлийг хөгжүүлнээ гэсэн их л өөдрөг эрмэлзэлтэй ажилдаа орж явчихсан. Энэ хамтарсан засгийг байгуулах ажилд АН-аас бол би толгойлж ажилласан ухаантай юм шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яамыг байгууллаа. Энэ дээрээ нөгөө нэг дээд тэнгэрийг бас сонин идей юм яриад явдаг юм, ажил хийх бололцоог нь олгоё гээд ярилцаж байгаад тавьлаа. Ингээд явсан. Ерөнхийдөө жилийн турш  маш нарийн судалгаануудыг хийсэн. Тэгээд яахав дээ, ажлын арга барилын зөрчил гэх юм уу даа. Ийм зүйлсээс болж тодорхой саад тотгорууд гарч ирсэн. Ажил явахад маш хэцүү нөхцөл байдлууд үүссэн. Улам л байдал  хүндэрсэн. Ингээд миний бодож төлөвлөөд яваа бүх зүйлс биелэхгүй юм байна гэсэн бодлыг өөртөө тээж эхлэсэн л дээ.

-Бодол юм уу, бүр мухардал юм уу?
-Ерөнхийлөгчийн яриад байгаа давхар дээл гэдэг энэ асуудлыг далимдуулаад бид засаглалдаа нэг өөрчлөлт оруулаад авъя. УИХ нь их хурал шиг, Засаг нь засаг шиг, бүлэг нь бүлэг шиг байя гэсэн Ерөнхийлөгчийн энэ бодлогыг дэмжээд явсан. Харамсалтай нь энэ маань бүтсэнгүй. Монгол орныг хөгжүүлнэ, эдийн засгаа сэргээж сэхээнэ. Аж үйлдвэрийн орон болгоно гэсэн энэ зорилго маань бүтэхгүй магадлал гараад ирэхээр ер нь эртнээс байр сууриа илэрхийлье. Баримталж байгаа зарчмаа ил болгож зарлая гэж шийдээд өөрийн шийдвэрийг гаргасан юм. Цаашид би УИХ-ын гишүүнээрээ ажиллана. Орондоо томилогдсон сайдад бүх ажлаа хүлээлгэж өгөөд, урьд нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлж хамтарч дэмжиж ажиллана. Бүлэг, байнгын хороод дээр идэвхтэй ажиллаж, шахаж түрж явъя гэж бодож байна. Шүүмжлэгч байя л гэсэн үг л дээ.

-Эхлүүлсэн ажлууд, тавьсан суурь тань байгаа. Бас л хэцүү нөхцөл байдал юм даа. 
-Суурийг тавих гэж хэдэн жил зүтгэлээ. Би өөрөө аж ахуйн ажил хийж байсан хүн болохоор бүх л туршлага, чадвараа шингээж ажилласан. Их ч хөрөнгө мөнгө зарцуулсан. Эндээс бол алдаа бараг гарахгүй байхгүй юу.  Тэгээд яахав, хөндлөнгөөс хүчтэй шүүмжлэгч байя, шахаад явъя. Хүмүүс өөр өөрөөр их ярьж байх шиг байна. Ерөнхий сайд болох гээд ингээд байна ч гэдэг юм уу.

-Санаа бол байхгүй юу?

-Надад Ерөнхий сайд болох санаа байхгүй.

-Ер нь бол АН төвтэй улс төрийн орчинд ямар нэгэн үймээн бужигнаан гарах тоолонд ар талын тоглогчоор ганц хоёр хүнийг л заадаг. Тэдний нэг л та болчихлоо л доо. Өөрөө Ерөнхий сайд болохын тулд засгийн шүдийг нэг нэгээр нь сугалах гэж байна ч гэх . 
-Таамаг бол янз янзаар явна. Энийг хэн ч барьж цагдах бололцоогүй шүү дээ. Ерөнхийдөө удахгүй чуулганаар миний асуудал орох байх. Наана нь байнгын хороогоор орох байх. Хуулиараа бол энэ чинь кнопоор унадаг юм байна л даа. Нөгөө Р.Амаржаргал гишүүний асуудал шиг.

-Ер нь энэ давхар дээлний сэдэв  үе үеийн төрийн л сэдэв байсан шүү дээ. Бүгд л ярьдаг байсан. Одоо бол шийдчих хамгийн бололцоотой үе шиг харагдаж байсан юм. Харамсалтай л байна. 
-Зовлон юм. Монгол төрийн шийдэж чаддаггүй нэг том зовлон юм даа.

-Та нар олонх биш юм гэхэд олуулаа байгаа энэ үеэ ашиглаад нэгдсэн байр суурьт хүрчихэж болоогүй юм уу. Бүх юм харилцаан дээр явдаг. Янз бүрийн түвшинд ойлголцчихож чадаагүй юм уу?
-Ярилгүй яахав дээ. Зөндөө ярьсан.

-Түрүүн та хэллээ. Энэ удаагийн Засгийг байгуулахад намаа төлөөлж ажилласан гэж. Ерөнхийлөгч  зарим болохгүй байгаа сайд нар дээр хатуу шаардлага тавьсан юм билээ. Ерөнхий сайд хүлээж авахгүй гөжөөд ийм байдал руу орчих шиг боллоо л доо. Улаан цайм “эмгэг” үнэртсэн нөхдүүд ч байна. Сайд нарын сонголт хийгдэж байх үед та бүхний мэдрэмж үнэхээр ажиллаагүй гэж үү. Үнэхээр элэг доогийн том сэдэв болсон сайд ч байна шүү дээ.
-Эмгэгтэй хүн гэж хэнийг хэлж байгааг би сайн мэдэхгүй байна. Ерөнхийлөгч Ерөнхий сайд нарын дунд болсон яриаг би мэдэхгүй шүү дээ. Ер нь бол энэ том төслүүдийг санхүүжүүлэх ёстой юу гэвэл ёстой. Хөрөнгө босгож ажиллах ёстой юу гэвэл ёстой. 

-Ичмээр байна шүү дээ. Гадна дотны хөрөнгө оруулагчид хачин жигтэй баримт олныг л ярих юм. Дэлхийн банкныхан Хөгжлийн сайд дээр уулзах гээд иртэл “Муусайн эдийн засгийн алуурчдаар юу байна” гэсэн л гэх юм. Эрүүл мэндийн үзлэгт та нар ордог биз дээ. Энэ хүнийхээ асуудлыг ядахдаа дотроо авч хэлэлцээд шийдэж болохгүй байсан юм уу?
-Мэдэхгүй юм даа.

-Та энэ асуултад хариулахгүй юм уу?

-Юу хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Намайг ч гэсэн тэгж ярьдаг байлгүй дээ.

-Та арай тэнгэртэй ярилцаж барьдаггүй биз дээ. Өнөөдөр тэнгэр битгий уулз гэлээ гээд хамаг уулзалтуудаа цуцлаад л хаячихдаг гэх юм. Энэ чинь одоо юу болоод байна вэ ?

-Намын нэг нөхрийнхөө тухай хэвлэлээр элдэв юм ярих бодол үнэхээр алга. Тэгэхээр энэ асуултаа одоо больчих.

-Сая давхар дээлний асуудал дээр тантай нийлээд дөрвөн гишүүн намын бодлогын эсрэг санал өгсөн. Үүнээс үүдээд Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх тухай яригдаж эхлэлээ. Бусад хэвлэл мэдээллийг эрхшээж чаддаг улстөрчдийн дэргэд бол Р.Бурмаа ямар ч дэмжлэггүй “нүцгэн” л байх шиг байна. Энэ асуудлын талаар таны байр суурийг сонирхмоор байна.
-Сүрдүүлэг байх л даа.

-Тийм гэж үү?
-Тэр чинь ерөнхийдөө “Алтангадас” фракцид л үйлчилдэг нам доторх байгууллагууд шүү дээ. Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын хороо эд нар чинь үндсэндээ нэг фракфийн л улсууд болчихсон байгаа. Фракцийнхаа бодлогоор үүрэг өгөгдөөд л нэг шийдвэрийг бол дор нь гаргачихна л даа. Гэхдээ Ардчилсан намыг “Алтангадас”-аар төсөөлж болохгүй шүү. Энэ намыг дэмжсэн маш олон зуун мянган дэмжигч нар байгаа. Энэ намын төлөө насаараа явсан мянга мянган гишүүд нь байгаа. “Алтангадас” бол зүгээр л нэг фракц. Энэ талаар хоёулаа намайг яг “ориг” огцорсоны дараа ярилцъя. Тэгэх үү. 

-Огцорно гэж та баттай ноттой яагаад хэлээд байгаа юм. Таны хүсэлтийг хүлээж авахгүй ч юм билүү?

-Огцрох өргөдлөө өгчихсөн үед бол огцорно л доо.

-Тийм үү?
-Ер нь би тодорхой хэмжээгээр тайлангаа тавья гэж бодож байгаа. Хийсэн, эхлүүлсэн бүх ажлуудаа тайлагнана.

-Таныг бол Ерөнхийлөгчтэй нэлээд сайн ойлголцож ажилладаг улстөрч гэж хардаг. Яг энэ давхар дээлний асуудал дээр түүний байр суурь өөрчлөгдчих шиг л санагдах юм. Та үүнд ямар хариулт өгөх бол?

-Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож ажиллаж байгаа. Урьд нь хоёр удаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Ер нь бол засаглалын хямралыг өөрийн биеэрээ туулсан хүн. Хамгийн нэгд, энэ. Хоёрт гэвэл одоо энэ хүнтэй найз нөхдийн хэлбэрээр харьцах харьцаа гэж байхгүй шүү дээ. Энэ харилцаа байхгүй болсон. Хүний ёсны харилцаа хүссэн хүсээгүй алга болчихдог. Одоо бол чин үнэнийг хэлэхэд хоёр масктай нөхөр масктайгаа сууж, ажил төрлийн асуудлуудыг танилцуулж, байр сууриа солилцоод л гардаг. Ерөнхийлөгч, Засгийн газрын нэг гишүүн хоёрын л харилцаа байдаг.

-Таныг Засгийн газрын гишүүнээс татгалзах шийдвэрээ гаргасны дараа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурав хүлээж авч уулзав уу?

-Үгүй. Энэ нөхөртэй юу ч яриад нэмэргүй гэж мэдэх л байх л даа.

-Танай МоАХ фракцийнхан юу гэж үзэж байх юм. Өөрийн тань бие даасан шийдвэр л болчих шиг болсон?
-Бүгд дэмжиж байгаа. МоАХ-ныхоо Удирдах зөвлөлд байр сууриа дандаа мэдээлж явдаг. Бид өнгөрсөн зуунд кремлээс хараат байна гэж өөрсдийгөө шүүмжилдэг байсан. Бүх шийдвэр энд биш Москвад гардаг гэж. Тийм биз дээ. Гэхдээ л улс ямар хэмжээнд байж ирсэн. Одоо 25 жилийн дараа Бээжингээс хараат болж хувирах нь ээ. Энэ асуудлыг бид нухацтай ярьсан. Тийм учраас миний засгаас гарах шийдвэрийг манайхан 100 хувь гар өргөөд л дэмжинэ. Манайхны ажил албанд томилогдсон цөөн нөхдүүд бий л дээ. Тэдний зарим нь ч ажил албыг нь буцааж өгнө гэж ярьж байгаа.

-Гэхдээ МоАХ-д албан тушаалын хувь хэр оногдсон юм бэ дээ?

-Цөөхөн ш дээ. Үнэхээр ерэн онд эд л бүхний урд явсан. Цагаан захтнууд тэр үед хаана байсан юм. Далд л байсан шүү дээ. Бүх юмны үзүүр дээр бол МоАХ явсан. Би олон юм яримааргүй байна. Хамгийн сүүлийн жишээг л хэлье. 2007 оны явдлыг. “Тавантолгой”-н ордыг хоёр том нам дагнасан хэдхэн хүний гарт байхад МоАХ жагсаал хийж байгаад л 96 хувийг нь буцааж Төрд авчирч байсан шүү дээ. Энүүгээр л одоо эд нар улс төр хийж байгаа биз дээ. Тэгж зольж зүтгэж явж буцааж авчирсан МоАХ-д ямар ч гавьяа байхгүй. Хийсэн ажлаар нь нөгөө нөхдүүд л улс төр хийж явдаг. Жагсаж тэмцэж явахад нь бүгд далд л хараад сууж байдаг. Эмгэнэл л гэж нэрлэмээр ийм үе  ирчихээд байна.

-Засгийн газар огцорно, огцрохгүй л гэлцэж байна. Х.Тэмүүжин сайд гэсэн том дуулиан дэгдсэн. Түүний орооцолдсон хэрэг явдлуудын талаар та юу хэлэх вэ?
-Ерөнхийлөгч бол тэр хүнийг их л сайн тодорхойлсон байна билээ. Бид нэг л кабинетийн сайдууд. “Эрэл”-ийн нам гэдгээс анх хамт ирсэн. (инээв)

-Ер нь бол монгол төр цэцэрлэг биш. Ухаарна биз, хүмүүжнэ биз, ойлгоно биз гэх яриа байж боломгүй л санагддаг. Ерөнхийлөгч нь ч гарч ирээд л “Жаахан харъя, засарна биз ” гэж ч байх шиг. 
-Н.Багабанди гуайг бид их шүүмжилдэг байсан ш дээ. Хэлэх юмаа хэлчихгүй. Ингээд л гээд. Төрийн тэргүүн болонгуут байр сууриа учир битүүлэг, битүү илэрхийлдэг болчихдог юм шиг байна. Тонгоруулж хэлээд байгаа юм уу гэмээр.

-Жинхэнэ байрь суурь нь хаанаа яваа юм гэж төөрмөөр?
-Тийм. Балбах гэхээр дандаа л өөрийнх нь хүмүүс байдаг. Тэгээд хайрлах хайр нь түрүүлээд байдаг ч юм уу. Мэдэхгүй , нэг тийм юм байдаг шиг байгаа юм.

-Ард түмнээ цахим орон зайн тоглогчдоор төлөөлж хараад байх шиг. Бас тийм биш шүү дээ. 
-Мэдээж тийм биш. Цахимынхан бол зүгээр л нэг хэсэг. Амьдрал дээр бол байдал тэс өөр. Мэдээллийн салбартай холбоотой өөрийн гэсэн мэдрэмжүүд их байдаг байх л даа. Аргагүй шүү дээ.

-Бид үйлдвэржинэ гээд л мөрөөдөөд байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтын маань орчинд ноцтой дохионууд хангинаад эхлэлээ гэж хүн болгон хашгирч байна. Энэ яг бодит ирж байгаа түгшүүр үү, үгүй юу ?
-Аюул нүүрлэчихсэн шүү дээ.

-Манай хөдөө аж ахуйн салбарт гадны гэх хөрөнгө оруулагчид орж ирдэг юм уу, ер нь?
-Хөдөө аж ахуйн салбар бол ер нь гаднаас тэгж их хөрөнгө оруулалт орж ирдэг салбар биш. Газар тариалан бол маш бага салбар. Гэхдээ байх ёстой. Монголчууд хил хаахад л ард нь гурилтайгаа сууж байх ёстой. Ийм л стратегийн салбар байхгүй юу.

-Монголчууд яг өөрсдийн үндсэн хүчээрээ л ажиллаж байдаг салбар бол хөдөө аж ахуй. Сүүлийн жилүүдэд энэ салбарт ажигллагсадын сэтгэлд бас гал асч, сэргэлтүүд ирсэн гэж хардаг юм. 

-Хөдөө аж ахуйн салбар бол хамгийн гайгүй байгаа л салбар шүү дээ. Гурилын үнэ, махны үнэ дээр жаахан хэлбэлзэл гардаг. Инфляци барьдаг хоёр гол сэдэв энэ л дээ. Энэ хоёр бол хөдөө аж ахуйн салбарт зүтгэж байгаа хүмүүсийн үндсэн хөдөлмөр.

-Хүнсний ногоогоо бид урдаас чингэлэг чингэлгээр зөөдөг байлаа. Гурилаа завсар зайгаар нь бас жаахан авдаг. Одоо  хэдэн хувийг өөрсдөө хангаж байна?
-Ер нь бол гурил дээр 75-80 хувийг хангадаг. Алсдагдсан аймгууд 15-20 хувь. Жишээ нь, Улаанбаатарт үйлдвэрлэсэн гурилыг Увс руу аваачиж зарахад өртөг өндөр учраас цаанаасаа авахаас өөр аргагүй л дээ.

-Та хачирхалтай ажлууд их сэдэх юм. Одоо энэ шинэ сум төслийн талаар хүмүүс янз бүрийн л байр суурьтай байна. Сум нэмж байгуулж, мөнгө үрж яах юм бэ. Харин ч хуучин сумдыг хоёр хоёроор нь нэгтгэх хэрэгтэй ч гэх. Энэ шинэ сум гэх төсөл таны мөрөөдлийн хаана явсан төсөл юм бэ. Яагаад ийм ажил хийх болов?
-Эх орон Улаанбаатараас эхлэдэггүй. Эх орон бол монголын энэ уудам нутгаар тархан сууж байгаа малчдаас эхлэнэ. Энэ хүмүүст үйлчилдэг цэг нь сум. Эх орон сумаас эхлэдэг. Утга нь энэ. Улаанбаатар бол өөр газар. Өөр ойлголт. Сумд маань ная ерэн жил наслажээ. Цаг хугацааны эрхээр хуучирчээ. Элэгджээ. Мартагджээ.

-Яг л шонгийн моднууд шигээ гандсан.

-Тэгсэн. Ш.гүрбазар хэлээд байгаа биз. Говийн ганц айл...одоо сумын ганц айл гэж. Тэгэхээр энэ малчид гэдэг энэ хэсэг чинь манай монгол улсын хамгийн үндсэн стратегийн том бүтэц байхгүй юу. Нийтдээ 146 мянган өрх энд ажиллаж байна. Хотынхон бол энийг яагаад ч ойлгохгүй. Дан ялангуяа Сэлэнгээс гарч ирсэн зарим гишүүд бол бүр ойлгохгүй. Тэд сумуудыг нэгтгэнэ гэдэг. Сум хэрэггүй гэдэг. 

-Хайран мөнгийг улс төрд өөрийн эзлэж байгаа орон зай, зангаргаараа далимдуулж хөдөө элсэнд аваачиж булж байна гэж таныг тэд шүүмжилж байгаа.

-Тэгж байгаа. Шүүмжлэх нь зөв. Шүүмжилж байж сэдэв өөрөө босч ирж, амьдарч явдаг. Нэг суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр, соёлын төв гээд 13.470 метр квадрат барилга баригдаж байгаа юм. Хөдөө байгаа малчин хүн соёлын төвөөр үйлчлүүлэх ёстой. Спортын заалаар үйлчлүүлэх ёстой. Сургуульд үр хүүхдүүд нь сурах ёстой. Эмнэлэгт эмчлүүлэх ёстой. Бүгд үүний төлөө аймаг руугаа яваад байж чадахгүй. Тийм учраас энэ цэгийг бид хөгжүүлэх ёстой. Мөнгөн дүнгээр нэг сум 13 тэрбум төгрөгөөр босох юм. Төсөвлөсөн нь 10 тэрбум. Энэ хооронд долларын ханшны зөрөө гарсан. Урьд нь нэг дурак л 13 тэрбум төгрөгөөр казинод тоглочихдог л байсан. Тэгээд шоронд суусан болоод л гараад ирдэг  биз дээ. Нэг сумаар л тоглочихож байсан. Нэг суманд 3000-6000 хүн л байдаг. Ийм тооны хүмүүст үйлчлэх цэгээр нэг хүн тоглочихсон байгаа биз. Өнөөдөр энэ тоог хөрвүүлэхэд зургаан сая доллар. Тэгвэл одоо  зургаан сая долларын үнэтэй байранд амьдардаг сайд нар байж л байгаа шүү дээ. Зүгээр л нэг хүнд зориулсан байр тийм үнэтэй. Тэгэхээр монголын 50 сая малыг авч явж байгаа малчдад үйлчилж байгаа сум гэдэг цэгийг 100 жилийн дараа бид өөрчлөх ёсгүй юу. Үүний төлөө л би хатуу зогсоод, зүтгүүлж байгаа. Эхлүүлсэн нь хоёрхон л сум.

-“Майдар” гэж нэг төслөөс болж таныг бас нэлээн баалах юм. Энэ ямар учиртай төсөл юм бэ?

-Уг нь балбахгүй баярлах  ёстой юм л даа. Улаанбаатар хотод  өнөөдөр дахин төлөвлөлт хийнэ гэдэг бол маш хэцүү.  Боломжгүй. Тийм учраас дагуул хотуудыг л хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Зам тээвэр,барилга хот байгуулалтын  сайдаар ажиллахдаа энэ дагуул хотуудын төлөвлөлтийг хийж байсан юм. Тэрний нэг төсөл нь энэ шүү дээ. Бид анх 1947 онд Сүхбаатарын хөшөөг бариад, түүнийгээ тойруулаад хотоо төлөвлөж байсан. Одоо Майдар гэж бидний ирэх цагийн бурхан гэж эрхэмлэн шүтдэг шүтээн байнаа даа. Энэ шүтээнээрээ бэлгэдээд 200 мянган хүн суурьших хот байгуулъя л гэж байгаа юм. Музейгээ, театруудаа, бүх юмаа төлөвлөөд ийм эко хотыг байгуулъя.  Майдар бурхныг  ирэх цагийн бурхан гэдэг. Одоо 1500 жилийн дараа ирэх юм гэсэн.  Цаг цөвүүн болж, хүмүүсийнх нь сэтгэл гундаж, бодол санаа нь бохирдсон, нэг тийм таагүй юмс нүүрлэсэн үед ирдэг бурхан юм гэнэ лээ.Тэгж л өвөг дээдэс маань ярьдаг байсан.  Би бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд л сайн цагийг дуудах  бэлгэдлээр нь л Майдар бурхныг сонгосон байхгүй юу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бид нар анх ярьж байсан хот юм л даа. Манай Улаанбаатар яг ямар хэв шинжтэй хот гэдэг нь ойлгогддоггүй. Хүмүүс ер нь тэгж хэлдэг. Азийн хот юм уу, европын хот юм уу. Бүх юм нь холилдчихсон. Тэгэхээр ийм нэг эко хотыг байгуулъя гээд л ярьж эхлүүлсэн зүйл. Эко хот гэхээр өнөөдөр дэлхий даяараа дэмжиж байгаа. Дэлхийн хамгийн том аюул юу болсон бэ гэхээр дайн дажин биш, ерөөсөө л экологи болсон. Үүний эсрэг эко хотуудад оруулдаг хөрөнгө оруулалтууд дэлхий даяар явж байгаа. Ганцхан манайд л орж ирээгүй. Бид тэр хөрөнгө оруулалтыг татъя. Энэ дээр Майдар хэмээх ирж яваа цагийн бурханаараа симболоо хийсэн сайхан хотыг босгоё. Ийм л юм. Ер нь бол бид энэ янзаараа урд хөршөөсөө ялгагдахгүй болчихлоо шүү дээ. Зүс царай ч адилхан юм. Хоол унд ч адилхан болж байна. Тэгэхээр энэ буддын шашин гэдэг юмаа бид хадгалж хамгаалж үлдээд, ядаж шашнаараа өөр байя. Яагаад Алтанбулагийн хилийн цаана гарангуут нэг христийн сүм байна. Энэ чинь бас л нэг бодлого шүү дээ. Ядаж бид шашнаараа өөрсдийн оршихуйгаа тунхаглаж, хадгалж явъя л гэсэн санаа шүү дээ.Одоо удахгүй хэл нь адилхан болох нь. Зөндөө олон мянган хүүхэд хятадад сурч байна. Хэрэв чи бид хоёр гадаадад ингээд яриад сууж байвал хоёр хятад хүн сууж байна даа л гэж ярина. Тэгнэ ш дээ. 

-Танаас нэг зүйл асууя. АН-ын тодорхой улстөрчдийг Америкийн соёлыг тээгчид, бодлогогыг хэрэгжүүлэгчид гэж ярьж хэлдэг. Таныг болохоор оросын талыг баримтлагч гэж шүүмжлэх юм. Та үүнийг яаж хүлээж авдаг вэ?
-(инээв) Оросууд бол биднээс зүс царай, хэл соёл, шашнаараа тэс өөр улс л даа. Орос бол газар нутаг томтой, газар нутагтай нь харьцуулах юм бол хүн ам цөөтэй. Газар нутгаа тэлэх бодлого явуулахгүй, ийм улс л даа. Ер нь 30-40 жилийн дараа дэлхийн хүн амын өсөлт, байгалийн баялагийн төлөөх тулалдаан л болох болов уу. Жишээ нь, сибирийн баялгийг оросууд хэнтэй хамтарч ашиглах вэ гэдэг  маш том толгойны өвчин гарч ирэх байх л даа. Сибирийг яах вэ гэдэг энэ толгойн өвчний хажуугаар бидний монголчууд хаана, хэнтэй, ямар бодлогоор явах вэ гэдгээ алсын хараатайгаар, тун зөвөөр бодож олох хэрэгтэй. Жишээ нь, төмөр зам гээд л балбаад байна. Төмөр зам гэдэг энэ зүйлийг чинь 70-100 жилийн стратегийг харж байж тавьдаг зүйл шүү дээ. Түүнээс биш 2016 оны сонгуульд ялах гэж тавьдаг зүйл биш. 2020 оны сонгууль бодож хийдэг зүйл биш. Төмөр зам гэдэг энэ зүйл бол дан ялангуяа манайх шиг далайд гарцгүй орны хувьд, хоёр талдаа ийм том хүчирхэг гүрэнтэй  улсын хувьд 100 жилээ харж тавих ёстой зүйл. Ийм л салбар юм. Харамсалтай нь богинохон бодолтой улстөрчид маань тун гоомой алхмуудыг хийгээд эхэллээ. Юу хэлэх вэ дээ. Эмгэнэл л юм. Зохион байгуулалттайгаар энэ улсыг элгээр нь хэвтүүлэх юм яваад эхлэв үү дээ гэх бодол өөрийн эрхгүй төрөх юм. Энэ их эмгэнэлтэй бодлого шийдвэрүүдийг хараад дотор нь суугаад байх хэцүү л дээ. Та ч гэсэн ингээд сонин хийнэ гээд тусдаа  гарч байгаатай адилхан л байхгүй юу. Тэр хаалтын гэрээг чинь анх би хөндөж зурагтаар ярьж байсан юм шүү дээ. 

-Санаж байна.

-Энэ бол одоо мөнхөд л үйлчилнэ. Аль нам гарсан нь хамаагүй. Ерөнхийдөө энэ хэвлэл мэдээлэл тэрүүгээр л тэжээгдэж байгаа биз дээ. Сонины борлуулалт байхгүй байгаа. Та бол их эрсдэлтэй алхам сонгосон байна. Хоёулаа л эрсдэлтэй алхам сонгочихлоо л доо. (инээв) Одоо тэгээд яахав дээ.

Гунигтай үгс цөөнгүй унасан бидний яриа түүний дээрх наргианаар өндөрлөлөө.  Гаднаас нь харахад хөмсөг зангидсан, шаналанги төрхтэй энэ хүн миний мэдэх хамгийн сонин хүмүүсийн нэг. Түүнтэй ярилцах гоё ч нэг  “хэцүү” байдаг. Тэр “хэцүү” нь дотроо харж байгаа том юмаа жижиглэж тайлбарладаггүй. Тийм ч учраас тэр ойлгогдохоосоо ойлгогдохгүй нь их.  Том атлаа жижиг харагдаж, тодорхой байр суурийн эзэн атлаа тодорхой биш үзэгдэж, тэрэн дундаа гунигтай оршдог. Ийм л хүн. Нэгэнтэй тэр надад “Үнэлэгдэх цаг ирнэ. Гэхдээ арай Бодоо шиг 100 жилийн дараа биш байлгүй дээ” гэж хэлж байсан. Түүнд ойлгогдох цаг ирнэ. Гэхдээ 100 жилийн дараа биш байх аа...

http://ganchimeg.niitlelch.mn/

Sunday 11 May 2014

Баабар: Унаж үхэх нүхээ хэн нь хурдан ухах уралдаан шиг

 “Open door” сонины анхны дугаарын зочноор нэрт нийтлэлч Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабар уригдлаа. 

-Улирал солигдож, хүмүүсийн дуртай хавар болж байна. Ингэхэд танд хотын хавар нэг л тайван болж байгаа юм шиг санагдахгүй байна уу. Жагсаал цуглаан байхгүй. Занималддаг хэд нь саарал ордонд орчихсон гэж зарим нь хошигнох. 
-Улсаа хангалттай сүйтгэлээ шүү дээ. Эдийн засгийн хямралын гүн ангал руу бид орж  байгаа. Тэгэхээр нэмж сүйтгэх юм байхгүй болсон байхаа.

-Хүмүүс МоАХ “амь”-гүй болчихоор “ажиллах хүчин”-гүй болчихоод жагсаалын шинэ оролдлогууд амжилт олохгүй байна гэх юм.
-Энэ ч “хүмүүс” гэхээсээ чиний бодол байхаа. Нийгмийн тодорхой хүчин хэрэгтэй цагт төрж, үүргээ гүйцэтгээд, талбарыг орхидог нь угаасаа болдог л үзэгдэл шүү дээ.

-Төрд байтугай гэртээ ч олигтой орон зайтай амьдарч чадаагүй энэ хэсгийнхнээс АН эдүгээ энд тэнд нэлээд байршуулсан бололтой юм. Тэднийг тойрсон марзан зүйлс ил далд их яригдаж байна. Насаараа гудамжинд явчихсан. Албаны ажил хэргийн талаар дөр байхгүй баллаж өгч байна гэх маягаар?
-Наадахь чинь хов жив. МАН, МАХН тэгээд их дээр байсан юм уу. Аль аль намд л шаар нь ч шавхруу нь ч бий, овгор товгор нь ч бий. Цөмөөрөө л нэг тогоонд чанагдсан бүтээгдэхүүн шүү дээ. Хэнийгээ дорд үзэх ч юм билээ. Сайнууд нь нэг талдаа, саарууд нь нөгөө талдаа ялгарсан юм шиг хэлэх гээд байна уу.

-За, энэ төрлийн яриаг орхиё доо. Та хэгжүүрхээд хааж хаяад байх юм. Одоо “Давхар дээл” гэх сэдэв төрийн хямрал руу хөтлөөд давхичихлаа. Нөгөө хамтарч яваа эвсэл нь ч дотроо бөөн цуурал. АН-ын дөрвөн гишүүн намынхаа эсрэг санал өгчихлөө. Яг одооны сэдэв болж буй энэ асуудлын талаар танаас асуумаар байна. 
-Хэзээ бид нар улс төрийн хямралгүй байлаа даа. 2000-2004 онд гаднаас нь харахад улс төрийн хямралгүй юм шиг дөрвөн жил “жаргасан”. Үнэндээ дараа болох асар том хямралын үр тэгэхэд боловсорсон. Өвчин ил байх тусмаа эдгэх нь түргэн байдаг.

-Хэдий тийм ч энэ асуудлын өрнөл цаашаа явах боломж хэр байгаа юм бэ. Цэц дээр очоод унах юм биш үү?
-“Солиорол нь хүртэл дэс дараатай юм гээч” гэсэн Шекспирийн гайхширсан дуу алдалт байдаг. Энд бол би дэс дарааллыг нь ч олж харж чадахгүй байна.

-Хүмүүс Женко хэмээх үзэгдлийг олон талаас нь ажиглацгааж, шүүж, нээж байна. Тэр л энэ бүхний ард байгаа ганц хутгагч гэх тал руугаа сүрхий явчих шиг. Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн жинхэнэ бодол санаа, байр суурийг энэ асуудлын араас хайх ёстой юм шиг. Мэдээж таны яриаг бүх хүн уншина. Та илэн далангүй санаа бодлоо хуваалцаач.
-Ийм нээлттэй нийгэмд ганц хүн л бүгдийг нь сэм хатгаад л, хутгаад л, найруулаад л, өөрийнхөөрөө шийдээд байх бололцоо бий юу. “Хуйвалдааны онол” гээч нэг төрлийн парной хардамхай монгол хүнд их хүчтэй нөлөөлдөг.

-АН-ын зарим залуу лидерийн дотор бол гүн бодол явдаг юм байна. Ерөөсөө энэ намд гурван том чулуу байна. Мэдээж тулгын гурван чулуу гэдэг утгаар хэлж байгааг та ойлгож байгаа байх. Тэд Ц.Элбэгдорж, Баабар, Э.Бат-Үүл гурваас энэ намын цаашдын хувь заяаг салгаж харж болдоггүй юм байна гэж үзэж байна. Өнөөгийн нөхцөлд өөр лидерийн бараа байтугай сураг ажиг ч алга. Тийм бололцоо байхгүй гэх. 
-Дахиад л намайг хатгаад уналаа. Би нам, төр, засаг, улстөрөөс бүрнээ хөндийрөөд 15 жил боллоо шүү дээ. Би эрх чөлөөт хүн, өөрийн бодсон хүссэнээ хэнээс үл хамаарч дугарах хэлэх эрхтэй. Сүүлийн хоёр жилд АН-ын энэ Засгийн газрыг би л лав албан ёсны сөрөг хүчин МАН-аас олон дахин илүү шүүмжилсэн дэг.

-Баабараа чи болиоч гэх хүсэлт танд ирэх юм уу?
-Би хэний ч шахалт, хэний ч захиалгад автахгүй. Хуулийн хүрээн дотор би юу дуртайгаа хийх эрхтэй. Тухайн хууль надад таалагдсан эсэхээс үл хамаараад би биелүүлэх үүрэгтэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хориглосон хууль өнөөдөртөө Монголд байхгүй.

-Намын дарга Н.Алтанхуягийг ялалтын менежер гэж үнэнийг хэлэхэд улс төрийн шинжээчид үзэхгүй байна. Яагаад вэ. Та хэрхэн авч үздэг вэ?

-Хэлдгийгээ л хэлье. Төрийг өнөө олон дайсагнасан фракцууддаа тараагаад хувьчилчихсан шүү дээ. Энэ Засгийн газарт нэгдсэн удирдлага байхгүй, тэр хэрээрээ нэгдсэн бодлого байхгүй. Засгийн газар бол парламент биш, нэгдсэн удирдлага, хатуу сахилга баттай байх ёстой. Сахилгад баригдахгүй бол суудлаа чөлөөлж өгөх ёстой. Хаана ч тийм л байдаг. Сүүлийн 25 жилд засаглаж чадаж байсан Ерөнхий сайд бол М.Энхсайхан, Н.Энхбаяр, С.Баяр гурвыг л гэж харж байна. Гэхдээ засаглаж чадна гэдэг нь сайн талынх нь нэг л хэсэг нь шүү дээ.

-Бусад нь тохиолдлынхон уу?
-Ямар л ард түмэн байна тийм л төр байна. Миний биш, Достоевскийн үг шүү. Бид төрөө, удирдлагаа өөрсдөө ямар ч хавчлагагүйгээр сайн дураараа сонгож буй болгосон. Нэгэнт сонгосон бол сонгуулийн хугацаандаа шийдвэрийг нь дуртай ч дургүй ч хүлээн зөвшөөрөх ётой. Харааж загнаад ч яах юм билээ, өөрсдөө зуурсан бантан шүү дээ, өөрсдөө л иднэ. Манай Үндсэн хууль, нийгмийн тогтолцооны зарчим шүү. Өнөөдөр дэлхий даяар нийтлэг болсон зарчим. Түүнээс би тавлаад байгаа юм биш.

-2017 онд монголчуудын хувьд чухал сонгуулийн жил болно. Таны прогноз өндөр хувьтай нотлогддог болохоор уншигчид энэ талаар л асуугаасай гэж их хүсч байгаа байх. 

-Судалгааны дүнд тулгуурлаж прогноз гардаг юм шүү дээ. Түүнээс би ямар үзмэрч биш. Монголоор дүүрэн үзмэрч байна, тэд л мэдэх байх. Судалгааг би хийдэггүй, надад тусалж хамтарч ажилладаг мэргэжлийн олон залуус бий.

-Э.Бат-Үүл гэх нэр танай нам дотроос одоогоор түлхүү яригдах болж. Нөгөө нам буюу МАН-аас С.Баяр гэх нэр байгаа. Эсвэл ингэж ярих эрт байна уу. 
-Аль яриаг хэлж барахав дээ. Наад хоёр нэр чинь чиний өөрийн чинь нэр дэвшигчид үү?

-МАН-ын уналт өнөөдрийг болтол зогсохгүй үргэлжилж байна гэж ажиглагчид хэлэх юм. Тэдний хямрал яг юундаа байна вэ. 

-Тэд нээлттэй шинэ нийгэмд зохицож ажиллахын оронд хуучин социализмын үеийнхээ инерцээр хэтэрхий олон жил явсан. Гэтэл нээлттэй нийгэмд өсөж бойжсон шинэ үе нь гараад ирлээ шүү дээ. Энэ засгийн амжилтгүй болгонд алга ташиж байгаад 16 онд засгаа авна гэсэн хийрхэлтэй л улс. Хаанаасаа тийм итгэл үнэмшил олсон юм бол. Бид бүгдээрээ нэг завин дээр сууж яваа. Жолоон дээр сууж яваа хүн алдаж онгоцоо живүүлэхдээ тулбал алдсанд нь баярлан алга ташигч ч бас осолдох биш үү. Хуучирсан сэтгэлгээ, хуучны туршлага үнэлэмжээсээ салж чадахгүй байнаа даа.

-Тэр тийм л дээ. Гэхдээ АН хангалттай унах нүхээ ухаж байна шүү дээ?
- Унаж үхэх нүхээ хэн нь илүү хурдан ухах уралдаан шиг харагдах юм.

-Би тантай ярилцах болгондоо асуудаг нэг асуултаа л тавих гэж байна. Та улс төрд эргэж ирэхгүйгээр өтлөхөөр үнэхээр шийдчихсэн юм уу. Төр барих гээд будилж явах үед нь ч намынхаа гадна суух нэг талаас хэт амиа бодсон зүйл биш юм уу. 
-Би бас хариулдаг үгээ л хэлье. Бид өнөөдөр эрх чөлөөт нээлттэй нийгэмд амьдарч байна. Би ийм нийгмийн л бие даасан гишүүн байхыг хар залуугаасаа хүсдэг байсан. Энэ нийгэмдээ арчаагүйтэж тураад үхэж байвал миний л хохь, ийм чөлөөт нийгэмд өөрийн чадахыг хуулийн хүрээнд хийж амжилт олоод явбал миний л аз. Хоёрдугаарт, би улстөрч биш. Улстөрч байхын тулд үгүйдээ л худалч байх ёстой. Урд нь байгаа ангалыг заагаад заавал цаад талд нь гарч байж аврагдана, гэхдээ тэн хагас нь энэ ангалд унаж бусаддаа гүүр болно гэж ил хэлдэг хүнийг философич гэх. Ерөөсөө ангал алга, цаад талд нь гарах шаардлагатай байна гээд дайруулсаар хагасыг нь унагаж гүүр болгож аваад цаана нь гарч нийгмээ авардаг хүнийг улстөрч гэх. Философич үнэнийг хэлснээр нийгмээ айлгаж дэвшилд саад болдог, улстөрч хуурч байгаад ч гэсэн нийгмээ урагшлуулдаг. Энэ миний томъёолол биш шүү, нэн эрт гарсан философийн тайлбар. Би нийгмийг удирдах тэр араншинд таарсан хүн биш.

-Сонин юм даа. Яагаад ийм болчихсоныг ер ойлгохгүй юм. Тэгвэл “тэнэгүүдийг” тоглуулаад л шоолоод сууж байж дээ. 
-Нийгэм эрүүлжихээр дагаад улс төрийн эрүүл удирдлага гарч ирж таарна. Би бол удирдагч биш. Бусдын өмнөөс хариуцлага хүлээх дургүй, олон түмэнтэй ажиллах ур дүй байхгүй, оройлон дуудах авъяас үгүй. Энэ бол амиа бодсон хэрэг биш, ердөө л өөрийнхөө юу чадах, юу чадахгүйг би сайн мэднэ гэсэн үг. Өнөөгийн энэ шилжилтийн үед олон хүн өөрийнхөө огт чадахгүй юмыг хийж байна. Энэ нь ялангуяа удирдлагын төвшинд бол эргээд нийгэмдээ тун хортой.

-Улс орны эдийн засаг сүйрчихлээ, банкууд маш ноцтой байдалд байна гэх дүгнэлт монголын амны уншлага болчихлоо. Та ч байнга нийтлэлээрээ хэлсээр байгаа. “Сорос маягийн их гарын спекулянт орж ирээд хэд донсолгоход манай банкны системийг дампууруулах мөн ч амархан байна ” гэж та анхааруулсан. Одоо тэгээд гарц нь юу юм бэ? 
-Гарц нь шийдвэр гаргагчид анагаахын утгаар эрүүлжих л явдал байх даа. Шийдвэр гаргагчдыг бид өөрснөө сонгон буй болгодог. Тэгэхээр тэд эрүүлжих биш, бид эрүүл хүмүүст төрийн жолоогоо өгөх ёстой юм. Энэ бол анхдагч шаардлага шүү дээ. Мэдлэг, чадвар, ур авъяас, чадвар зэрэг нь дараагийн дээд шалгуур болчихоод байгаа нь ажиглагдаж байна уу. Өнөөгийн энэ иргэншиж соёлжиж даяаршсан ертөнц чинь хөгжил дэвшлийн тухай нэгдсэн ойлголттой, энэ рүүгээ чиглэх ерөнхий арга технологитой болчихсон юм шүү дээ. Гаж шинэ юм бодож олох, хэдэн мянган жилийн өмнөх гарц технологийг давтах гэж оролдох зэрэг бол сүйтгэлээс өөр юу ч авчирдаггүйг хямралд ороод байгаа манай ард түмэн одоо ойлговол ойлгохоор л болж байх шиг.


-Би Монголын банк санхүүгийн секторт хамгийн том реформ хийсэн. 1990 оноос хойш хийгдсэн хэдхэн том реформын нэг нь бол энэ гэж та бахархдаг. Одоо энэ системд ямар реформ шаардлагатай байна вэ?

-Төрийн мэдлийн арилжааны банкууд энэ орныг цөлөмчихсөн байлаа. Одоо дахиад цөлмөх хэрэгцээ гарсан юм байлгүй, хэд хэдэн төрийн банк байгуулаад тавьчихлаа. Тийм газар л хулгайч нар үүрлэдэг юм шүү дээ. Хөгжлийн банк гээд мөн ч сайхан газар хэдэн жил мөн гоё савируулж байнаа, аан? Төв банк ч төв банк. Төв банкны хуулинд энэ байгууллагын гол, бараг ганц үүргийг инфляцитай тэмцэх гэж тодорхойлсон байдаг. Бүтээн байгуулалт гэдэг чинь Засгийн газрын үүрэг шүү дээ.

-Д.Бямбасүрэн гуайн чөлөөт зах зээл рүү оруулсон реформ . Газрыг хувьчилсан Н.Энхбаярын реформ. С.Баярын хийсэн ашигт малтмалыг эргэлтэнд оруулсан реформыг та онцолж нэгэнтэй хэлж байсан. Яг ерэн оноос хойш хийсэн эдийн засгийн бүх шинэчлэл энэ хэдхэн реформ дээр тулгуурласан гэж тодорхой хэлсэн. Түүнээс хойш гээд хуруу дарвал ямар реформ манайд явагдав аа. 
-Цааш нь уу? Хийснээ нураах арван жилийн нөр хөдөлмөр л болсон байх. Энэ дайнд бүхий л үндсэн зарчмууд хөсөр унасан. Гэнэт олдсон их мөнгө л гай болсон доо. Гуйлгачин хүн өдөржин сууж цуглуулсан юмаа орой нь ирж тогоо руугаа тэр чигээр нь ууттай нь хөмөрчихөөд хагасыг нь идээд хагасыг нь асгачихдаг юм гэсэн.

-Та инээд хүргээд байх юм аа. За, за энийг орхилоо. С.Баяраас өөр хүн байсан бол  Оюутолгойн гэрээг батлуулж чадах байсан уу гэж та миний ярилцлагад орохдоо сөргүүлж асууж байсан нь тод санагдаж байна. С.Баяр өнөөдөр гавъяатан биш гай таригч л гэж балбуулж байна. Түүхэн гэж үзэх ололт, үнэлэмжүүд ийм амархан нурдаг эд юм уу?
-Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй асар том хөрөнгө оруулалт олж ирээд эргэлтэнд оруулсан энэ гавъяаг өнөөгийн шүлстэй сагуу үгээр мөнхийн үнэлэмж тогтоож болно гэж үү. Магадгүй эртэдсэн байж болох. Бид ийм их баялагийг үр ашигтай хэрэглэж амьдралаа баталгаажуулах төвшин, нийгмийн ухамсарт хүрч амжаагүй байх. Олдсон дээр нь идэж уугаад найрлаад дуусгадаг араншингаас бид салж амжаагүй л байгаа.

-Үүнээс салахад ахиад хэдэн жил түжигнэх бол ?
-Нийгмийн хувьд бид өсөж дэвжих ёстой шүү дээ. Өнөөдөр бид өөрсөддөө буй болгосон нийгмийн тогтолцоондоо гологдож байна. Нээлттэй, эрх чөлөөт ардчилсан тогтолцоо байгуулангуут л иргэд нь тэрэндээ шууд тохирон хувирна гэж байхгүй. Францчууд 1789 оны хувьсгалын дараа буй болгосон шинэ тогтолцоондоо таарч тохирох гэж бараг 100 жил зарцуулсан. Бид шилжилтийн үед явж байна. Шилжилт гэдэг чинь өндөр байшин барих, ардчилсан Үндсэн хуультай болох, нээлттэй зах зээлтэй болсноор хангагдахгүй. Ардчилал бол үргэлжилсэн урт процесс. Ийм институцдээ тохирсон иргэдтэй болох ёстой. Энэ нь ядахнаа хоёр үе дамжиж солигдож байж бүтнэ. Өнөөгийн бид дараа үеийн шинэ иргэдийг л бэлдэж чадвал буянт үйлс болно.

-Сү.Батболд одоо Таван толгойн гэрээг хийж чадах болов уу гэж би танаас асууж байсан. Тэгэхэд та “Хийгээсэй л гэж бодож байна. Би одоо яаж мэдэх юм бэ.Тэр хүнээс өөрөөс нь л шалтгаална. Тэр хүний эр зориг, ухаан, чадвар, сүйхээ энэ тэрээс л хамаарна шүү дээ” гэж хариулж байсан. Одоо харин юу хэлэх тань сонин байна. 

-Тэгээд чамд хариу нь харагдахгүй байна уу?

-Үнэнээ хэлье, би танаар л хэлүүлмээр байна. Уншигчид ч тэгж хүсч байгаа болов уу?
-Хаа байна тэр төмөр зам? Хаана байна тэр уурхай? Хаа байна тэр экспорт? Ерөөсөө хаа байна тэр Тавантолгой? Өөрснөө хариулаач. Тавантолгойг ашиглах тухай яриа бараг 50 жил үргэлжиллээ шүү дээ. 1971 онд Румынтэй, 1973 онд Японтой хамтарч ашиглана гэж эхэлсэн л түүхтэй.

-Өнөөдөр нийгэмд Баабар Баабар гэж шүтэгсэд, Баабар Баабар гэж хараагсад гэсэн хоёр туйл байсаар байна. Энэ яагаад төвширч өгдөггүй юм бол. Эртээрхэн доктор С.Молор-Эрдэнэ телевизэд өгсөн ярилцлагадаа “Баабар монголд маш их гай тарьсан хүн. Одоо тэр нүглээ цайруулж ном хэвлэлтэй жаахан ноцолдож байх шиг байна” гэж мэдэгдэж байна билээ. 
-Баабар гээд харааж зүхдэг тийм нийгмийн үзэгдэл бий гэж үү. Би байнга автобусаар явдаг, дэлгүүр захаар хэсдэг, гудамжаар ганцаараа алхдаг. Муухай хараад байгаа хүнтэй тааралдаж байгаагүй. Намайг харааж зүхэж гүтгэж түүн дээрээ дөрөөлөн тодрох гэсэн оролдлого нэлээд гарч байсан, тэгээд амжилт олсон жишээ мэдэхгүй юм байна. Намайг муу муухай гэж зарлахаар шууд л өөрөө сайн сайхан болж харагдана гэж боддог юм болов уу даа, чааваас. Саяхан Чинагийн Галсан гуай нэгэн ярилцлагадаа “Надад дургүй байдаг нь бас атаархалтай холбоотой байx. Атаархал гэгч мөнгөний шуналаас ч хүчтэй. Мөнгөтэй хүнд гэхээсээ чадалтай хүнд илүү атаархдаг. Чамайг ч гэсэн сайн юм бичээд, нэрд гараад ирэхээр ямар ч гэм хийгээгүй байхад чинь бүр ойр дотны хүнээсээ эхлээд нэг л дургүй болоод өө эрээд эхлэхийг чи харах болноo”...

-Тэгвэл алдаршаад хэрэггүй юм байна. Мөрөөрөө л явъя.
-Үгүй ээ, би чамд Чинагийн Галсангийн хэлснийг дамжуулж байна. “... Бүр хамгийн ойрын хүн чинь ч нэг л биш болчихно шүү дээ. Тэд өөрсдөө ч яагаад чамд дургүй болсноо мэдэхгүй байж ч мэднэ. Гэхдээ л нэг үл үзэгдэгч хана босоод ирнэ дээ. Өнөөх л Монгол зан!”… гэсэн байна билээ. Би юм бичдэг, анализ дүгнэлт хийдэг, тэрийгээ хэвлүүлдэг, сонинд байнга гаргадаг, Маш олон хүн уншдаг. Бас л атаархмаар хэрэг шүү. Би Монголын зах зээлд 600 мянган өөрийн бичсэн болон орчуулсан номыг борлуулсан. Өөрийн гэх дөчөөд номын ард гарчээ. Миний бичсэн олон өгүүлэл, ном олон хэлээр орчуулагдсан. Хүнийг боож үхүүлэх шалтгаан надад бий, миний буруу. Харин зүхэгч нарыг би ихэд хүндэтгэж сайтад бичсэн зүйлийнхээ сэтгэгдлийг нээлттэй байлгадаг. Тэд ч гэсэн хүн юм болохоор бухимдлаа гаргах талбар хэрэгтэй шүү дээ. Тэдний дийлэнх нь сэхээтний пропусктай. Тэгсэн мөртөө нийгмийн үнэлэмж байхгүй. Аугаа ихийн солиоролд автсан ч хэнд ч тоогддоггүй, уншсан сурсан нь бусдад байтугай өөрт нь хэрэг болдоггүй учир буруутанг хайна. Дээшээ гарсан нэг нь Ньютон, Эйштэйнтэй заргалдана, тааруухан нэг нь надтай барьцана. Үнэндээ ч өрөвдмөөр хөөрхийнүүд дээ. Хүний зовлонг ойлгож биенийгээ хайрлах хэрэгтэй. Гэхдээ надад боргосон нохой болгон руу чулуу шидэж байх зав алга. Цаашид хийх юм их байна.

-Таныг залуу үеийг америкжуулсан, америкийн эрх ашгийг төлөөлөгч гэх маягаар хэлэх хүн олон таарах. Энэ ямар учиртай юм бэ?

-Тийм юм ярьдаг хүмүүс чам дээр олноороо очоод л гомдоллодог гэдэгт чинь би үнэмшихгүй байна. Чи ийм мэдээллийг сайтын сэтгэгдлээс л олноор нь уншсан байх. Гэтэл тэр олон бичлэгийн ард мэдрэлийн өвчтэй цор ганц хүн байгаа. Би танина.

-Бидний үеийнхэн үхэж дууссаны дараа л монголд шинэ хөрс суурь бий болно гэсэн утгатай таны үг бий. Одоо энэ үгийн  утга учрыг залуус тэр үеийнхээс огт өөрөөр хүлээж авч эхэлж байх шиг.
-Би үе солигдох тухай ярьсан. Юу гэж ойлгох нь өөрсдийнх нь хэрэг шүү дээ.

-Шашны асуудлаар танд асуулт тавьж байгаагүй юм байна. Есдүгээр Богд жанч халаад тодорхой хугацаа өнгөрлөө. Бидний ойлгосноор аравдугаар Богд монголоос тодрох ёстой. Энэ асуудлууд улс төр бизнесийнхний зөрчилдөөн дунд саатаж байна гэж дуулдах юм. Өөр өөрсдийн Богдыг сойчихоод л байгаа гэх аман яриа их явах юм. Та ийм асуудал сонирхдог уу?
-Тус болгондоо л хувийн Х, болбол хувийн XV-тай болох гэж хоорондоо алалцаж байгаа гэсэн. Сүүлийн үед энд тэндгүй рембүүчи төрж тэрийг нь XIV баталгаажуулж байгаа гэсэн. Удахгүй тэдний орогнолын засгийн газар хойт дүрийнхээ хамт энд орж ирэх юм байгаа биз.

-Жаахан тодруулчих л даа. 
-Уг нь бид Үндсэн хуулиараа төр шашныг тусгаарласан улс юмсан. Яахаараа ч манай дотоодын асуудлыг тэртээ холоос гадны хүн баталгаажуулж байдаг юм.

-Та ч гэсэн ер нь бол ламд хааяа очно биз дээ?

-Бид арваад жилийн өмнө “Бодь мөрийн зэрэг” орчуулсан. Манай компани буддын олон цуврал гаргалаа. “Агнистийн гэгээ” гэж олон хүн сонссон, уншсан байх. Одоо 15 боть болчихоод байна. Эдгээр тайлбар номонд би өөрөө их автагдаад байгаа. Амьдралын утга учрыг олдоггүй юм гэхэд хайхад их тус болох юм. Буддизмыг судлах ойлгохын хэрээр манай лам нарт улам дургүй хүрэх болсон. Ламд хэзээ ч очиж байгаагүй, одоо бол Ренчин гуай яг зөв хэлж л гэж бодох болсон.

-Таны ажилд амжилт хүсье. Шинэ үе эхлүүлж буй гараан дээр маань их том дэмжлэг үзүүлж урилгыг минь хүлээж авлаа гэж би хүлээж авч байна. Баярлалаа.

http://ganchimeg.niitlelch.mn/

Б.Галдаа: Бид нэр төрөө, түүхээ, өргөсөн тангаргаа хамгаалж зохион байгуулалтад орж магадгүй

-Тантай урьд өмнө уулзаж байгаагүй юм байна. Уулзаж ярилцах хүсэл их байлаа. 
-Баярлалаа. 

-Хүчний байгууллагуудын нэр хүнд нийтээрээ таагүй уур амьсгалд хучуулсан сонин үед би тантай уулзаж байна. Та бол прокурорын байгууллагын нэгэн хүчтэй дуу хоолой. Уулзах болсон шалтгаан маань танай салбарын сайдын хэдэн сарын турш хийсэн мэдэгдлүүдээс улбаатайг та гадарлаж байгаа байх. Хууль зүйн сайд Цагдаа, прокурорын байгууллагыг нэлэнхүйдээ ялзарсан. Тэднийг хүндэтгэх шалтгаан байхгүй гэж мэдэгдэж байгаа. Үүнээс болоод нийгэмд хүчний байгууллагуудыг харах мэлмий булингартчихлаа. Та энэ бүхнийг хэрхэн харж байна вэ?
-Би иргэнийхээ хувьд сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, тэр дундаа хуулийн байгууллагууд руу чиглэсэн зохисгүй дайралтууд нийгэмд тусахдаа яаж бууж байгааг анхааралтай ажиглаж сууна л даа. Тэр дундаа хуулийн байгууллагад энэ мэргэжлийг эзэмшиж ирснээсээ хойш насаараа энэ салбарт ажилласны хувьд эмзэглэх юман дээр нь эмзэглэж, бас болж бүтэхгүй юман дээр нь шаналж, болж байгаа зүйлсийг нь болохгүй байна гэж үгүйсгэхэд нь бүр илүү зовж байх юм. Хүн ийм л байдаг юм байна. Өнөөдөр хуулийн байгууллагуудад шинэчлэл хийх шаардлага байна уу, гэвэл байна. Жишээ нь, үйл ажиллагааны шинэчлэл, сэтгэлгээний шинэчлэлүүдийг хийх шаардлага байна уу гэвэл байна. Тодорхой алхмуудаар урагшилж байна гэж хардаг. 

-Энэ салбар тань ерөөсөө бууринаасаа хөдлөөгүй, хөгжөөгүй юм уу. Дороо л зогсч байсан болж таарч байна уу?

-Ерөөсөө сууринаасаа хөдөлж чаддаггүй, хоцрогдсон, ялзарсан салбар гэдэгтэй би санаа нийлдэггүй. Энэ салбар бол үе үеийн мянга мянган хуульчдын амьдрал зүтгэлээр урагшилж, хөгжиж ирсэн салбар. Үүнийг нэг дайралтаар үгүйсгэх бололцоогүй. Нөгөө талдаа бас суурь шинжтэй, үйл ажиллагаанд нь эрс нөлөөлөхүйц шинэчлэл гэвэл сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа. Шинэчлэл хийхэд нөхцөл нь, орчин нь, гарцаагүй шаардлага нь, үндэслэл нь яг бүрэлдсэн юм уу. Энэ бүх хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэж байж шинэчлэлийг улам цааш нь явуулах ёстой. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулаад байгаа юман дээр бол эмзэглэж байна. Хуулийн байгууллага бүхэлдээ ялзарсан, бүгдээрээ авилгач болчихсон, хууль сахиулах бараг тэнхэлгүй болтлоо доройтсон юм шиг суртал явуулж байна шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд ийм уур амьсгал бий болгох осолтой. 

-Салбарынх нь сайд өөрөө гарч ирээд тасралтгүй чичилсээр байгаад лав прокурор, цагдаа хоёрыг “хогийн сав” болгочихлоо. Прокурорын байгууллага бол таны амьдрал, таны түүх. 

-Тийм ээ, энэ үнэн. Насан турш энэ байгууллагад зүтгэлээ. Надад эмзэглэл байна гэдгийг би ил хэллээ. Бусдад ч байна. Ярьж байна, уурлаж байна.  Бид энэ байгууллагаа нэр шигээ хайрладаг. Энэ бол бидний тавилан. Бид бүгдээрээ тавилангаа өгсөн. Одоо энэ байгууллагад зүтгэж байгаа залуу үе, хөгшчүүд бүгд. Гэтэл бүгдийг маань ялзарчихсан, авилга хээл хахуульд идэгдсэн, тулгуургүй болчихсон гэж харлуулах нь дэндүү болчимгүй үйлдэл. Тэгээд энэ санаачилга, энэ дайралт нь салбарын сайдынх нь амнаас гарч ирж цацагдаж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал. Төрд зүтгэж байгаа албан тушаалтнуудын ам хариуцлагатай, зарчимтай байх ёстой. Үүрэгтэй. Одоо юу гэж нийгэмд ярьж байна вэ гэхээр сайд нь ингэж байгаа юм чинь ерөөсөө энэ хуулийн байгууллага дампуурчихсан юм байна. Ерөөсөө ажил нь урагшаа явахаа больсон юм байна. Сууриараа авах юмгүй бохир намагт шигдчихсэн юм байна гэсэн бараан ойлголтод живүүлж байна. Асуудалд ингэж хандаж болохгүй байх. Ийм нэр хүндтэй, ийм их үл итгэлцэл дунд яаж тэгвэл хууль сахиулах юм. Нийгмээ ингэж дайвалзуулж, төрд зүтгэж байгаа албадыг ганхуулж болдог юм уу. Энэ дашрамд хэлэхэд манайх газар сайгүй нэг хэсэг авилга гэж хашгирсан. Төр нь авилгажчихсан, 76 гишүүн нь авилгажчихсан, хуулийн салбар нь авилгажчихсан, ерөөсөө газар сайгүй авилгажчихсан гэж. Ийм аймшигтай байгаа юм бол энэ улс ер нь яаж тэсэж явж байгаа юм бэ гэмээр. Энэ их хоморголсон бараан дайрлага эргээд Төрийн хүчийг маш их сулруулсан. Төрийг хүндэтгэх хүндэтгэл үгүй болсон. Төрд итгэх итгэл саарсан. Дээд хүмүүсийн амнаас ийм болчимгүй, хэт өрөөсгөл, сэтгэл хөдлөлд автсан, санаатай санамсаргүй мэдэгдлүүд унах нь эргээд нийгмээ тогтворгүй байдал руу хөтөлдөг. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын чихэнд яаж хүрч байна. Дотоодын амьдралын уур амьсгалд яаж бууж байна. Авилга байсан уу гэвэл байсан. Гэхдээ яг тэр хэт хавтгайд нь харлуулж байсан хэмжээнд байсан уу гэвэл бас л харьцангуй байсан байж мэдэх. Нэгэнт нийтээр нь дүгнээд л өөрсдөө нүдчихээр гарах үзүүлэлтүүд нь адилхан дагаад л хөөсрөөд явчихдаг тал бас бий шүү дээ.  Томчуудын бодлогогүй ийм ярианаас болоод гадагшаа улсын нэр хүнд, дотооддоо салбаруудын нэр хүнд сэвтэж байгаа байхгүй юу. 

-Эмч, багш нар гээд бусад салбарынхан бол нэр төр, ахуй амьдралынхаа төлөө тэмцдэг. Тэр бүү хэл сэхээн амьдруулахын эмч нар ажил хаялж байхыг бид үзсэн. Харин тугийн дор жагсаж, тушаалын дор бөхийж амьдардаг танай салбарынхан бол ингэж тэмцэх бололцоогүй байдаг юм байна л даа. Сайн нэр ч байхгүй. Үргэлж л номхон зогсч байгаад “зодуулж” байдаг. Францын цагдаа нар гэхэд л ажил хаяж эсэргүүцдэг л юм билээ. Ингэж бодоод жаахан өрөвддөг гэх үү дээ?
-Тийм. Нэгд, эд чинь тангараг өргөчихсөн. Хоёрт, хуулиар нь хязгаарлачихсан учраас дотор нь эсэргүүцэх, нэр төрөө хамгаалах сэтгэл байвч бололцоо нь байдаггүй. Тийм учраас Төрийн тусгай албадын энэ өвөрмөц нөхцөлд өнгөрөөдөг амьдралыг ингэтэл  гутааж болохгүй. Энэ бол маш харамсалтай явдал. Ийм байдал даамжирвал өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид хөдөлж чаддаггүй юм гэхэд над шиг чөлөөндөө гарсан зүтгэлтнүүд бол тэмцэж ч магадгүй. Бид улсдаа зүтгэж ирсэн түүхээ нулимуулахгүй. Эрхийг нь хуулиар хязгаарласан шигээ тэр алба хаагчдын ажил амьдралыг зөв дүгнэж цэгнэх төрийн хараа байх ёстой шүү. Би жишээ нь прокурорт олон жил алба хашсан хүн. Өнөөдөр ингээд прокурорын байгууллагыг нийтээр нь харлуулж, элдвээр хэлэхээр намайг хэлж байгаа юм шиг хачин болдог. Цагдаа дотор ч өнөөдөр бухимдал, гомдол их байна. Бүгдэд л адилхан хүнд тусч байна. Төрийн албанд баахан зүтгэж зүтгэчихээд, үргэлж шөнө дуудагдаж, хоолтой хоолгүй тушаал гүйцэтгэж амьдарчихаад эцэст нь зүүж явсан цол ньч байхгүй, цэргийн тэтгэвэр гэж арай нэг найддаг байсан юм нь ч салаад явчихаж байгаа юм. Тэгээд дээрээс нь хамаг муу муухай нэрийг зүүлгэж байхаар хэн гомдохгүй, хэн шархлахгүй байх юм. Энийг манай Төр бас харах ёстой шүү. Төр зүтгүүлчихсэн хүмүүсээ ингэж зольж болохгүй. Тушаалаар амьдардаг хүмүүст энэрэнгүй хандах ёстой. Жирийн иргэнийг Төр тушаалаар дуудах бол бас зовлонтой л байх. Тангараг өргөсөн, формтой алба хаагчид бол дуудсан цагт ирнэ. Ийм л байдаг. Тийм учраас энэ хүмүүсийг ингэж айхтар харлуулж, ингэж их баалчихаад эргээд үүрэг хүлээлгэхэд наанадаж ёс суртахууны хувьд хүнд л байх. Бид гадны хуулийг авч болно. Гадны хуулийг хуулж болно. Тэрийгээ монгол нутагт нутагшуулахад, хөрс шороон дээр нь тохируулахад олон хүчин зүйлсийг бодох л шаардлагатай. Энэ явдал даамжирвал бид нэр төрөө, түүхээ, өргөсөн тангаргаа хамгаалж зохион байгуулалтад орж, тэмцэхийг үгүйсгэхгүй. 

-Одоо ер нь Америкаас л болж өгвөл бүгдийг copy-ддог болж дээ. 

-Ер нь тийм болчихож. Сүүлийн үед сонин хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслүүдээр урсаж байгаа зүйлсээс харахад дандаа л АНУ-ын загвар л яваад байна л даа. Гэтэл бид чинь их газрын системийн тогтолцоотой орон гэж явж ирсэн байдаг.  Одоо ядаж дуншиж байгаа хуулиуд дээрээ эрхэм түшээд маань наанатай цаанатай хандах байлгүй дээ. 

-Яг өнөөдрийн байдлаар хүчний байгууллагууд сэтгэл гутралын байдалд байна. Ийм нөхцөлд тэд яаж энэ байдлыг эсэргүүцэх, зогсоох бололцоотой вэ?

-Зөв ойлголцох л ёстой. Цагдаагийн хууль орчихлоо. Мөрдөх албаны хууль явж байна. Шүүхийн шинэчлэлийн хууль бараг үндсэндээ болчихлоо. Энэ үүднээсээ юм бас гольдиролд орж байна. Одоо бол Хууль зүйн яам харъяа байгууллагуудтайгаа санаа нэгдэж, сэтгэл нийлж ажлаа уялдуулж явах чухал. Тэгэхгүй сайд нь өөрөө тургиад байж болохгүй л дээ. Арай л хэтэрлээ. Энэ байдлаа зогсоох хэрэгтэй. 

-Тагнуулын байгууллагын тэргүүн дэд даргыг ойрхон хоёр сольчихлоо. Та энэ байдлын талаар юу гэж бодож байна?
-Ийм жишээ бол би мэдэхгүй юм. Ер нь бол тусгай үүрэг гүйцэтгэдэг субьектүүдийг тогтвортой ажиллуулах ёстой. Хүн болгон, дарга сайд болгон өөрийнхөө үзэл баримтлалд нийцүүлэх гэж хандах юм бол Төрийн тогтворгүй байдал, үндэсний аюулгүй байдалд ноцтой муу үр дагавар дагуулна шүү. 

-Эд бол Төрийн нууцтай ажиллаж байсан улсууд. Ингээд гаргаад чулуудчихаж болдог юм уу. Гадныхан тэдэнтэй “ажиллавал” яах уу?
-Тэдний өргөсөн тангарагт л итгэх ёстой. 

-Та олон хүнд юмны дундуур явж ирсэн хүн. Таны аюулгүй байдал жишээ нь хэр баталгаатай вэ. Танд хамгаалалт байдаг уу?
-Бодох л асуудал. 

http://ganchimeg.niitlelch.mn/

Friday 2 May 2014

Д.Болдбаатар: “Багад багын давуу тал бий. Томд томын бэрхшээл бий” гэсэн Хятадын зүйр үг байдаг

«Хуаньжу гэг», «Чингис хаан» олон ангит кино, хятад, англи, япон хэлний толь бичигүүд болон сүүлийн үед уран зохиолын орчуулгад эрч хүчтэй шамдуу дайран орж «Чонон сүлд», «Цаасан шувуу наадуулагч», «Мянган нарны цацраг», «Гурван улсын үлгэр», «Төвд банхар» зэрэг сонирхолтой бүтээлийг туурвисан эрхэмтэй ярилцлага өрнүүлнэ гэхээр та бүхэн эрхбиш хэн болохыг гадарлаж байгаа байх аа. Доржсүрэнгийн Болдбаатарыг би бүр наяад оны сүүлчээр монголын радиогийн хятад хэлний редакцид ажилаж байх үеэс нь сайн мэдэх юм. Одоо тэр манай урдаа барьдаг сайн орчуулагч нарын нэг болсон төдийгүй өөрийн залгамж халааг бэлдэх зорилгоор хувийн «Гэгээ» коллежийг үүсгэн байгуулаад амжилттай ажиллаж байна. Бид хоёр нэлээд өргөн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлснийг уншигч та бүхний таалалд өргөн барья. 

Д.Т: Өөрөө «Улсыг засах, жараахай шарахаас амархан» гээд хэлчихсэнийг нэг нөхөр хариуд нь харин ч хэцүү гэсэн маягтай шүүмж бичсэнийг бодвол уншаа байлгүй дээ. Тэр талаар яриагаа эхлэвэл ямар вэ? 
Д.Б: Заримдаа миний бүтээлүүдийн талаар мэр сэр шүүмж болон магтаал гарч байдаг л даа. Би тэр болгонд тэгтлээ их ач холбогдол өгөөд байдаггүй. Урдаа байгаа хийх ёстой зүйлдээ л илүү анхаарахыг хичээдэг. Та бүхэн надад уншигч олонтойгоо харилцах ийм сайхан завшаан олгосныг ашиглан би тэр бүх явган яриа, шүүмжүүдэд нэг мөр хариу өгөх нь зүйтэй гэж бодож байна. Их ч олон хүн уншдаг юм билээ. Би «Үндэсний шуудан» сонин дээр өөрийн уран бүтээл болон монгол хятадын харилцаа зэрэг сэдвээр сүүлийн үед хоёр ярилцага өгсөний нэг нь тийм гарчигтай болчихсон байна билээ. Уг нь «Улсыг засах жараахай шарах лугаа адил» гэсэн гарчигтай байсныг сонины хянан тохиолдуулагч жаахан зассан байна лээ. Тэглээ гээд учиргүй утга гажихгүй. Тийм тохиолдол байдгийг өөрөө юу эс андахав. Тэр шүүмжийг миний сайн танил нөхөр нэрт хятад судлаач М.Чимэдцэеэ бичсэн байсныг уншсан. Дээр дурдсан гарчгийн тухайд бол эртний хятадын аугаа сэтгэгч Лаозыгийн «Даодө» сударт байдаг ишлэл юм. Улс нийгэм гэдэг өөрийн зүй тогтлоор хөгждөг жамтай. Түүнд төрийн түшээдээс зүй бусаар хутгалдан ороод байхгүй байвал зүгээр. Жараахайг шарах уг нь их амархан юм. Түүнийг зөөлөн галаар олон дахин оролдохгүй шараад байхад болчихно. Харин байн байн эргүүлж, оролдоод байвал шарсан жараахай биш шатсан нүүрс болон хувирдаг гэсэн санаа. Манай зарим төрийн түшээдийн үйлдэл Лаозыгийн хэлсэн тэр үгийг надад байнга санагдуулдаг болохоор тэр ярилцлагадаа онцлон дурдсан хэрэг. 

Д.Т; Олон дахин засаг төрөө солиод хүн бүр оролдоод байх хэрэггүй гэсэн санаа байжээ дээ уг нь бол. Бас Тотем гэдэг үгний талаар олон янзын санал гарч байсан даа?
Болд; Судлаач анд маань шүүмжийн эхэнд Г.Аким гуай зэрэг хүмүүсийн ярьж бичдэг «Чонон сүлд» гэдэг нэрийн оноолт буруу. «Чоно шүтээн»  гэх байсан гэдэг зүйлийг дурдсан байна лээ. Манай ард түмэн чоныг учиргүй шүтээнээ болгон дээдлээд байдаггүйг хүн болгон мэдэх хойно. Хийморьтой амьтан шүү гэдэг бахдал, хүндлэл байдгийг үгүйсгэх аргагүй. Би уг романыг орчуулахаар суухдаа өөрт минь дэлхийн гучин хэдэн орны орчуулагчдаас илүү хүнд үүрэг оногдож байгааг ухаарч байсан. Нэгд би монгол сэтгэл зүрхтэй орчуулагч хүний хувьд монгол чонын тухай, монгол нүүдэлчин ахуй соёлын тухай бичигдсэн уг номыг хэрхивч муу орчуулах эрхгүй. Нэрнээсээ эхлэн бодолцох хэрэгтэй. Дэлхийн бусад бүх хэлэн дээр «Чонон тотем» гэсэн маягаар орчуулсан. Харин тотемийн монгол үгийн оноолт юу байж болох вэ гээд чамгүй судлаж сурвалжилж таарна аа даа. Гэтэл тотем гэдэг үг нь «Сүлд» гэсэн утгатай индиан үг юм байна. Түүнийг 1840 –өөд оны орчим Английн нэгэн эрдэмтэн өөрийн бүтээлдээ анх оруулснаас улбаалаад хожим дэлхий нийтэд тархсан үг ажээ. Харин манай монголд бол «Төрийн сүлд», монгол цэргийн «Хар сүлд» гэх мэт тодорхой ухагдхуун бодитой оршсоор байгаа. Манай ээж социализмын хатуу бэрх он жилүүдэд орой болгон цайныхаа дээжийг төрийн сүлдэндээ өргөдөг. Биднийг ч гэсэн төрийн сүлдэндээ залбирч байгаарай гэж захидаг хүн  байсныг би орчуулж байх явцдаа байнга дурсан санаж байсан. Харин Г.Аким гуайн зүтгээд байгаачлан «Чоно шүтээн» гэдэг хувилбар зөв юм бол «Шувуун саарал», «Морин эрдэнэ», «Модон ширээ», «Чулуун сийлбэр», «Цасан ширхэг» гэж ярьж бичихээ болих хэрэг үү? Жавхлангийн дуулдаг «Чонон гоо» дууг юу гэж зарлах болж байна гээд бодууштай асуудал ундарч ирнэ.

Д.Т; Бас чиний ярилцлагад Күнзийн хэлэх дуртай «Ном үгийг гүйцэхгүй. Үг утгыг гүйцэхгүй.» гэсэн санаа дурдсаныг судлаач анд чинь хаанаас ийм үг гараад ирэв гэж гайхсан байсан санагдана?
Д.Б; Күнз үнэхээр тэгж хэлсэн л юм байх даа гэсэн өнгө аяс цухалзуулсан байна лээ. Миний санаж байгаачлан судлаач анд маань Күнзийн «Шүүмжлэл өгүүлэл», «Их суртахуй» хоёрыг хөрвүүлсэн. Мэдээжийн хэрэг Күнзийн хэлж ярьж байсан бүхэн тэр хоёр номоор хязгаарлагдахгүй шүү дээ. Миний хувьд ч гэсэн Күнзийн бүтээлийг уншиж судласан маань судлаач андаас илүү биш юм гэхэд учиргүй дутахгүй болов уу гэж бодож байна. Дээр хэлсэн үг «Зурхайт номонд» байдгийг Күнз Богд шавь нартаа байнга айлддаг байсан гэдэг. Энд сонирхуулж хэлэхэд Күнз бага залуугаасаа өөрт байсан «Зурхайт номыг» дөрвөн удаа үхрийн ширээр хавтаслаж үдээд уншиж судлаж байсан домог бий. Тэр үеийн ном модон савхыг хэлхин хуудас болгоод үхрийн ширээр хавтасладаг байсан гээд бодохоор хэр зэрэг их тэвчээр гарган суралцаж байсан нь ойлгогдоно. Үүнтэй холбоо бүхий зарим зүйлийг ярилцлагын завсар чөлөөгөөр хөндөн ярилцвал ямар вэ? 

Д.Т: Тэгье ээ. Манайхан хятадад учиргүй дургүй улс байх юм. Тэгсэн атлаа толгойтой болгон шахам хятад хувцас хунар өмсөөд эд барааг нь хэрэглээд байгаа шүү дээ. Өөрөө хятад судлаачийн хувьд энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ? 
Д.Б: Намайг Тайбэй хотод явж байхад таксины жолооч нар цонхон дээрээ «Солонгос хүнд үйлчлэхгүй шүү!» гэсэн бичиг хадаастай явж байхыг харсан. Солонгосууд нь япончуудад дургүй байдаг нь нууц биш. Хятад, Япончууд бие биесээ үзэн ядаад нэг хэсэг бараг л дайтангаа алдлаа. Бас Сиэтл хотод очоод байхад тэндхийн иргэд Канадууддаа төдийлөн таатай биш шиг. Канадчууд нь ч гэсэн америкууддаа жаахан ёозгүй ханддаг байдал ажиглагдаж байсан. Норвеги хүнээс дэлхий дээр хамгийн тэнэг хүмүүс хаана амьдардаг вэ гэвэл Данид гэж бодож санахын завдалгүй хариулна гэсэн онигоо байдаг шүү дээ. Энэ мэтчилэн тоочоод байвал зөндөө олон жишээ бий л дээ. Ер нь хоноц хоноцдоо дургүй хонуулсан эзэн хоёуланд нь дургүй гэдэгчлэн хөрш зэргэлдээ оршин амьдарч байгаа үндэстэнгүүд бие биеээ өөнтөглөн үзэх явдал түгээмэл байдаг бололтой.

Д.Т; Гол нь Хятадын эрлийз гэдэг нэр хоч л улс төрийн тоглоом бие биенээ доош хийх арга болчихоод байгааг л асуух гэсэн юм л даа?
Д.Б; Харин тиймээ .Гол нь түүнийг төрийн түшээд, улс төрчид учиргүй хөөргөдөн дэвэргэж улс төрийн тамга хөзрөө болгох гэвэл зохисгүй хэрэг. Манай зарим хүмүүс хятадуудад яагаад дургүй байдгийнхаа учрыг өөрөө ч бараг хэлж мэдэхгүй болов уу? Өөрөөр хэлбэл өнгөрсөн зууны үзэл суртлын хатуу ширүүн тэмцэл л тэдний тархи толгойд хятадын эсрэг үзлийг бат бөх шингээж өгсөнтэй холбоотой байж мэдэх юм. Нөгөө талаар ерээд оны эхээр манайхан толгойтой бүхэн л ганзагын наймаанд явж хуурамч бараа, зальхай наймаачинд хулхидуулсны улбаа яваад байж бас мэднэ. Хятадууд өөрсдөө наймаачдаа өөдгүй зальхай амьтас гэж ад шоо үзэх хандлагатай байдаг юм шүү дээ. Тийм болохоор цөөн тооны зальхай наймаачдын балгийг бүхэл бүтэн үндэстэнд нялзаах хаашаа ч юм. Түүхийн сурах бичиг дээрээ манай уламжлалт түүхийг гуйвуулсан, сүлжээгээр цөөн тооны хүмүүс манай тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн хандлагатай зүйл бичих явдал мэр сэр бий. Тэр бол өөр асуудал. Ерөнхийдөө бол нийт хятад хүмүүс манай монголчуудыг тэгтлээ үзэн ядаад байдаггүй. Харин Шанхай, Шэньжэнь зэрэг цөөн хотуудад «Монгол хүн нохой хоёр орохыг хориглоно» гэсэн бичиг хадаастай байна гээд сүлжээгээр шуугиад байсан үзэгдэл бусад хот, мужууддаа газар аваад эхлэвэл тоглоом маань шоглоом болно. Ер нь энэ асуудал дээр бид жаахан хамжааргатай байх нь зүйтэй гэж боддог.

Д.Т: Англи хэлний Алтангэрэл, Герман хэлний Тува Галсан, хятад хэлний Доржсүрэнгийн Болдбаатар гурав МУИС-ийн гадаад хэлний тэнхимээс хөөгдөж байсан гэдэг үг чих дэлсэж байсан л даа. Би саяхан Чинагийн Галсан гуайгаас ярилцлага авах үедээ энэ төрд жаахан гомдонгуй явдаг юм уу даа гэсэн байдал ажигласан. Чамд тиймэрхүү эмзэглэл төрөх үе байдаг уу? 
Д.Б: Тэр ярилцлагыг би уншсан. Их сонирхолтой санагдсан шүү. Би хэрэг болгоод интернэт дээр тэр хүний тухай хайгаад үзсэн чинь Герман хэл дээр бичигдсэн маш олон ном нь гадаадын зах зээл дээр зарагддаг юм байна лээ. Манай төр засаг хөлстэй бөхчүүд, хөлөг морьдын уяачдад шан харамжаа хайрладаггүй хэр нь оюуны хүнд хөдөлмөрийг эрхлэж байгаа уран бүтээлч нартаа гар татуухан хандаад байдаг нь нууц биш ээ. Би хэрвээ андуураагүй бол бараг саяхан шахам л Галсан гуайд соёлын гавьяат зүтгэлтэн цол өгсөн санагдана.

Д.Т; Үгүй юм билээ. Н.Энхбаяр нилээд дээр өгсөн юм билээ. Харин түүнээс хойш манай төр засаг огт тоодоггүй юм билээ. Уг нь нилээд юм ярисан юм. Сүүлд нь эргүүлээд үзүүлтэл хасчих Төрөө минь өөртөө гал дуудаад яахав гэхээр нь хасчихсан юм.Бас гадагшаа явах гээд яаруу үед очиж ярисан болоод тийм ч өөдтэй болоогүй байх.
Д.Б; Миний хувьд үзэгч, уншигч өргөн олныхоо хайр хүндлэлийг хүлээж, түүнийг дааж явахаас илүүтэй эрхэм нандин зүйл үгүй гэсэн итгэл үнэмшилтэй явдаг хүн. Харин төр засгаас өчүүхэн эрдэм чадлыг минь ойшоож үзээд хоёр Сымагийн «Түүхэн шастир», «Засагт туслах нэвтэрхий толь» нэрт эртний хятадын хоёр том түүхэн сурвалжийг орчуулах ажилд зараасай гээд хөрөнгө мөнгөний хувьд тусладаг болоосой гэж бодогдох үе бий. Хоёр Сыма гэдгийн нэг нь Хань улсын нэрт түүхч, хятадын түүх бичлэгийн эцэг гэгддэг тайган түшмэл Сыма Цянь, нөгөө нь Сүн улсын чансан Сыма Гуан нар юм. «Түүхэн шастирт» Хүннү гүрэн болоод түүнээс өмнөх гурван мянган жилд амьдарч байсан манай өвөг дээдсийн түүх оог цоог тэмдэглэгдэн үлдсэн байдгаараа сонин. Харин «Засагт туслах нэвтэрхий толь» түүхэн сурвалжид мөн л монгол угсаатны түүхэнд холбогдох мянга гаруй жилийн үйл явдлыг олон арваар нь бичиглэн үлдээсэн байдаг. Тэр хоёрыг гаргачихвал монголын түүхийн ерөнхий төлөв төрх үнэн мөнөөрөө тодрон гараад ирчихнэ дээ. 

Д.Т: Хэний анайгүй л хийх гэж байгаа ажилд минь л хөрөнгө мөнгөөр туславал тэр гавъяа шагнал ч яамай л гэж боддог. Кино хийчих гээд мөнгө хайгаад 15 жил болж байна. За тэр яахав.Чи дээхнэ «Орчлон гэгч томдоо гадаргүй, багадаа доторгүй» гэж ярих дуртай байж билээ. Бодвол нөгөө хятадын гүн ухаан байлгүй дээ. Би ч энэ үгийг өөрийнхөө бичсэн зүйлд ишлэж байсан санагдана. Чи сүүлийн үед түүхэн сурвалж түлхүү уншаад байгаа чинь ярианы явцад ойлгогдож байна. Түүхээс гадна гүн ухааны сэдэвтэй зүйл хэр зэрэг үзэж судлаж байна вэ? 
Д.Б: Тийм ээ. Дээр өгүүлсэн ишлэл бол Лаозыгийн «Даодө» судрын дотор байдаг. Орчлон хязгааргүй тэлэн үргэлжилдэг гэдгийг хүн бүхэн ойлгодог. Гэхдээ л ухаан санаанд нэг багтаж өгдөггүй. Түүнчлэн бас дотогшоогоо хязгааргүй юм гэсэн санааг дээрх ишлэл хэлээд байгаа хэрэг. Энэ хоёр гадагш дотогш чиглэсэн хоёр хязгааргүйн торгон уулзвар дээр л бид хүмүүн заяаг олж төрсөн байдаг ажээ гээд бодохоор сонин. Ер нь Лаозыг уншиж байхад Гегелийн диалектик өөрийн эрхгүй санагдаад байдаг. Гегель гэснээс тэр аугаа хүн манай монголын тухай их судалгаатай, сайн сайхнаар дүгнэсэн зүйл цөөнгүй байдаг юм байна лээ. Тухайлбал «Дэлхийн түүх Монголоос эхтэй» гэж түүний хэлсэн алдартай үгийг манай хүмүүс тэр болгон мэддэггүй.  

Д.Т: Наадхи чинь сонин хэрэг байна? Яг ямар утгаар хэлсэн юм бол?  
Д.Б: Бид нар дэлхий дахины түүх гээд үндсэндээ европын түүх, газар дундын тэнгисийн түүхийг л үзээд байдаг. Сайндаа л Атиллагийн Хүннү нар Дунай мөрний сав газрыг эзлэж байсныг цухасхан мэдээд хоцордог биз дээ? Гэтэл яг тэр түүхэн цаг үед Хүннүчүүд үнэндээ Баруун Зүүн ромын эзэнт гүрнийг эрхшээлдээ байлгаж хүнд алба гувчуураар эдийн засаг ард түмнийг нь туйлдуулсаны хүчинд эцэс сүүлдээ задралд автаад европын ширэнгэн ойд амьдарч байсан бүдүүлэг аймгууд тийшээ халдан дайрч эзлэсэн нь түүхэн үнэн юм. Хүннүчүүд иргэншлийн зам дээр хөөж гаргаад Англо-Саксончуудын өвөг дээдэс болох бүдүүлэг аймгууд Хүннүчүүдийн хүчирхэг дайралтаас айсандаа Британийн арлын зүг амь зулбан зугатсан тухай «Чонон сүлд» романы арын “Оюунлаг эрэлхийлэл” бөлөгт зохиолч Зян Рун бичсэн нь бий. Хүннүчүүдийн ачаар хүн төрөлхтөнгийн түүхэнд 1800 жилийн турш үргэлжилсэн мэсчин боолын тулаан гэдэг бурангуй үзэгдэл цэглэгдэж, хэдэн арваараа олзлогдон ирээд Коллизейн голд арслан барсад бариулан үхдэг байсан Христийн шашинтангууд сэхээ аван толгой өндийлгөх болсон.  Мөн тэр үед Сяньби угсааны овог аймгууд умард хятадыг тэр чигт нь эзлээд зогсохгүй арабын хойг, умард энэтхэгийг Яндачууд нэрээр хоёр зуу гаруй жил эзлэж байсан. Өөрөөр хэлбэл  эртний дөрвөн том соёл иргэншил монгол угсаатан нүүдэлчдийн эрхшээлд автаад байсан хэрэг. Гэтэл үүнийг цэгцтэй судлаад гаргаад ирсэн хүн алга байна гэдгийг л суут Гегель хэлсэн байж таарна. «Бид өөрсдийгөө дэлхийн төв мэт эндүүрээд байдаг. Үнэндээ европын түүх гэдэг бол азийн зүгээс нөмөрсөн аюул гамшгийг сөрөн тэмцсэн түүх юм шүү дээ» гэж Английн судлаач Макиндер гэдэг хүн хэлсэн нь их ортой үг юм. Хүннүчүүдийн дараа Жужан гаралтай Аваарчууд европыг баахан бужигнуулсан. Болгарчууд анх монгол угсаатан нүүдэлчид байснаа хожим Балканы хойг дээр очиж суурьшсан гэдгийг чи сонссон уу? 

Д.Т; Огт сонсоогүй юм байна. Бас саяхан Н.Гумалёвын ном харж байгаад бараг л хамаг Оросын томчууд Монгол овогтойг олж мэдлээ. Бухарин, Булгаков, Мичурин, Шермейтев, Тургенев, Ахматов... гээд урсаж байна билээ.
Д.Б; -Тийм билээ бараг 20 орчим овог байлуу даа. Эдгээр түүхийн цагаан толбыг тодруулж дэлхий дахины түүхийн судалгаанд зохих ёсны байр суурин дээр нь тавьж өгөх цаг болжээ. Тэгэхийн тулд мэдээжийн хэрэг монголын түүхийг шинэ өндөрлөгөөс, өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий, ул суурьтай судлах явдал чухал байна. Суут Гегель «Монголын түүх» гэдэг өргөн ойлголтдоо Хүннүгээс Оросын эзэнт гүрний тэлэлт хүртэлх үеийг хамруулсан байдаг. 

Д.Т: Болгарчууд монгол гаралтай гэхээр их сонин сонсогдож байна шүү. 
Болд: Саяхан С.Мөөмөө багшийнхаа гарын үсэг зурж дурсгасан дурсамж номыг уншиж байхад түүн дээр “Болгарын нэг эрдэмтэн эрт дээр үед монголчуудын арван хоёр жилийн ухагдхуун манай Болгарт мөн байсан юм шүү дээ хэмээн хэлж байсан” тухай гарч байна лээ. Эртний Ром жаал шагайгаар наадаж байгаа баримал байдаг. Сэргэн мандалтын үед дүрслэгдсэн Христийн нөмрөгний өргөн эмжээр дээр сайн ажиглавал Пагва ламын дөрвөлжин үсэг бүхий хээ хуарыг дүрслэсэн зураг өнөө хэрд Италийн нэг жижиг хотод хадгалагдаж байгаа тухай би гадаадын сонин дээр уншиж байсан. Намайг бага залуу байхад хятадын хэвлэл дээр “Арван хоёр жилийн тухай ухагдхуун Хүннүгээс гаралтай” гээд бичдэг байсан бол одоо тэр тухай бичих нь бараг хориотой шахам болчихсон. Хэрвээ арван хоёр жил Хүннүгээс гаралтай гэж үзвэл цаг тооны бичиг ч гэсэн мөн тэдэнд хамаатай болно оо доо? Гэтэл манай учир мэдэхгүй хүмүүс Хятадын тоолол, Төвдийн тоолол гэж учир утгагүй маргалдсаар цагаан сараа ч зөв зүйтэй тэмдэглэж чадахаа байгаад удаж байна. Уг нь иймэрхүү түүхэн сурвалжуудыг түлхүү гаргаж тавиад байвал дээрх мэт асуудлууд нэг мөр болон жигдрэх боломжтой. Даанч тэгж чадахгүй байгаагийн харгайгаар тэр сайхан түүхэн уламжлал мартагдахад хүрэх гэмтэй юм. Хятадууд эртний Жао улсын үед Хүннүгээс дээл бүс, нум сум, морь унах зэрэг эрдмийг зээлдэн авсан тухай дээр өгүүлсэн «Түүхэн шастир» зохиолд тодорхой бичсэн байдаг. Энэ утгаар нь яривал дэлхийн гоёл ч хэмээн нэрлэхэд ахадахааргүй сайхан хувцас маань аргагүй л унаган монгол соёлын маань охь дээж болох нь ойлгогддог. 

Д.Т: Чиний орчуулсан ном кино их анхаарал татдаг. Яг одоо ямар бүтээл хийж байна вэ? Би уран гэж тодотгох жоохон дургүй. 
Д.Б: Сүүлийн үед ном, бүтээлийн ургац арвин байгаа шүү. «Чонон сүлд» романаас хойш түүний эсрэг бүтээл гэдэг утгаар хятад улсад нэлээд шуугиан тарьсан «Төвд банхар» романыг орчуулж хэвлүүллээ. Мөн афган гаралтай америкийн зохиолч Халед Хоссенигийн «Цаасан шувуу наадуулагч», «Мянган нарны цацраг», «Уулсын цууриа» нэрт гурван романыг орчуулж уншигчдын хүртээл болгосон. Эртний хятадын дөрвөн сонгодог романы манлай гэгддэг «Гурван улсын үлгэр» романыг хөрвүүлэх гэж чамгүй хөлс хүч зарсан нь талаар болсонгүй. Хэдийгээр өндөр зардлаар бүтсэн ном боловч жирийн оюутан сурагчдаас авахуулаад төрийн түшээд хүртэл идэвхтэй уншиж байгаад хувьдаа сэтгэл их өег байгаа. Яг одоо хийж байгаа бүтээлийн тухайд гэвэл «Муухай хятад хүн» зохиолоо саяхан гараас гаргаад одоо алдаа мадгийг нь ариутган шүүж сууна даа. 

Д.Т: Наадхи чинь их сонин содон сонсогдож байна гээч. Талийгаач С.Батмөнх “Муухай Монгол хүн ” гэж ном гаргаж байсан. Манайхан хятадуудад дургүй болохоор гүйлгээтэй байж мэднэ гэдэг бизнес санаа байхгүй биз дээ гэж бодох хүн байхыг үгүйсгэхгүй. 
Д.Б: Би ашиг орлого хөөцөлдсөн бус, арай удаан жил уншигдах урт настай бүтээл хийхсэн гэж бодоод зүтгэж байдгийг өөрөө гадарлах байх аа. Тэгээд ч хятадууд өөрсдийгөө зоригтой шүүмжилдэг ард түмэн шүү дээ. Лү Сюнь бол хятадуудын сэтгэл зүрхэнд манай Д.Нацагдоржтой зүйрлэхүйц том зохиолч. Тэр хүн анх «А Кюгийн үнэн түүх» зэрэг бүтээлээрээ хятад хүний сул дорой чанарыг хайр найргүй шүүмжилсэн байдаг. “Би анх Чингис хааныг манай хятад хүн юм байх гэж нэлээд удаан төөрөгдөж явсан. Манай албан ёсны түүх бичлэг ч биднийг тэгж л төөрөгдүүлсээр ирсэн шүү дээ. Гэтэл хожим мэдэх нь ээ, Чингис бол харь үндэстний хаан, тухайн үед манай хятадууд өөрсдөө «Мөхсөн төрийн боол» төдийхөн амьтас байсан ажээ.” гэж Лү Сюнь зохиолч бичсэн байдаг. Харин миний саяхан орчуулсан энэ «Муухай хятад хүн» зохиолыг  1984 онд Тайваний зохиолч Бо Ян гэдэг хүн бичсэн нь хятад даяар маш их шуугиан тарьсан бүтээл байгаа юм. Миний ойрдоо орчуулсан «Чонон сүлд», «Төвд банхар», «Цаасан шувуу наадуулагч», «Мянган нарны цацраг», «Уулсын цууриа», «Гурван улсын үлгэр» гээд бүх бүтээл дээр монголчууд болон Чингис хааны тухай цухас боловч дурдагдаж байгаа нь бахдалтай. «Муухай хятад хүн» зохиол дээр ч мөн ялгаа байхгүй. “Монгол бол их гайхалтай үндэстэн шүү. Хятадыг байлдан эзлэсний дараа хятадын уламжлалт соёлыг авахаас шийдэмгий татгалзжээ. Өөрөөр хэлбэл ерэн жилийн өмнө ямар л соёлтой хятад нутагт ирсэн, яг тэр байдлаа хадгалсаар ерэн жилийн дараа хятадаас гарч явсан байдаг.” гэж ихэд бахдангуй өнгөөр бичсэн байх буюу “Монголын эзэнт гүрний ноёрхогчид л манай хятадын хүн амыг дөрвөн зэрэг арван дэсэд хуваахдаа өмнө зүгийн хүн, янхан эм хоёрыг хамгийн адагт нь оруулж байсан түүхтэй” гэх мэтийн сонирхолтой мэдээллүүдийг унших боломжтой. 

Д.Т: Ай даа чи ч сайхан Монгол хэлтэй бас худлаа цээжээ дэлдэхгүй үнэн юм олж хардаг хүн. Хүн амын дөрвөн зэрэг арван дэс гэдэгт юу ордог байсан юм бол? Монгол хүн нэгд ордог гэж соссон ташаа байж ч мэднэ?
Д.Б: Хубилай хааны захирч байсан Тулгар төрийн үед эзэнт гүрний олон үндэстэнг дөрвөн зэрэгт хувааж байсны тэргүүнд мэдээжийн хэрэг Монгол хүн орно. Удаад нь өнгөт нүдтэн буюу Дундад ази зэрэг бусад гадаадынхан, гуравдугаарт Хөх мөрнөөс хойгуур нутаглах хятадууд, дөрөвдүгээрт Хөх мөрнөөс өмнө зүгт нутаглах хятадуудыг хамруулдаг байжээ. Харин нийт хүн амыг ажил мэргэжлээр нь арван дэсэд хувааж байсны эхэнд сайд, хоёрт түшмэд, гуравт Буддын шашны лам, дөрөвт Бомбын ёсны хувраг, тавд оточ маарамба, зургаад гар урчууд, долоод дээрэмчин, наймд янхан эм, есөд Күнзийн суртхаалтан, аравт гуйлгачин нар тус тус ордог байсныг хэлж байна. 

Д.Т: Манай зарим судлаачид Хубилай хааныг хятадын хаан байсан мэтээр үзэн хажиглаж, хяхаад түүх бичлэгийн хувьд «Улс төрийн орогнол»  олгодоггүй шахам байдаг асуудлыг бодууштай мэт санагдлаа. Өөр сонирхолтой жишээ баримт юу өгүүлсэн байна вэ? 
Д.Б: Чи бараг тэр номыг бүтнээр нь яриулчих нь ээ дээ. Удахгүй хэвлэгдэн гарахаар өөрт чинь нэгийг дурсгамз. Тэгэхээр өөрөө тухтай уншаарай. Хубилай хаан гэснээс сая хятадад «Хубилай хаан» нэртэй тавин ангит уран сайхны кино бүтээсэн нь маш чамбай бүтээл болсон тухай судлаач шүүмжлэгчид шуугиж байна. Өөрийг чинь ажилаж байхад ТВ 9-өөр  гарсан «Гаадаа мээрэн» киног бодвол олон хүн үзсэн байлгүй дээ. Газар нутгаа харийнханд худалдагч ноёд түшмэдийн өөдөөс эрслэн боссон Хорчин үндэстний бодит баатрын дүрээс сэдэвлэсэн кино шүү дээ. Гаадаа мээрэнд тоглодог Өвөрмонголын Баян гэдэг жүжигчин Чингис хааны дүрийг бүтээсэн «Бүргэд намнагч баатар» нэрт олон ангит киног манай оюутнууд сүүлийн үед ихэд амтархан үзээд байгаа харагдсан. Одоо ч гар утсан дээрээ кино татаад үздэг болчихсон. Их амар болж шүү дээ. Солонгос киноны үер гэж яригдаад байгаа энэ цаг үед арай сонин содон өнгө аястай тиймэрхүү кинонуудыг оруулж ирээд үзэгчдийн хүртээл болгох тал дээр энэ олон телевизийн удирдлагууд анхаармаар санагддаг.  

Д.Т: Би өөрөө телевизийн байгууллагад насаараа шахам зүтгэсэн болохоор нэг зовлонтой асуудал байдаг л даа. Яг тиймэрхүү түүхэн сонирхолтой сэдэв хөндсөн бүтээлүүдийг хэр баргийн хүн орчуулчихдаггүй тал бий. Өөрөө ч гэсэн кино орчуулгаас жаахан хөндийрөөд байгаа юм биш биз гэсэн байдал ажиглагддаг. Тийм биш бол тэр «Хубилай хаан», «Бүргэд намнагч баатар» киногоо өөрөө орчуулж болдоггүй юм уу? 
Д.Б: Би өнөө хэр кино орчуулгад дуртай хэвээрээ. Даанч олон ажилд баригдаад тэр болгон гар бие оролцоод байж чадахгүй юм. Сүүлийн үед «Чингис хаан», «Гаадаа мээрэн» зэрэг жаахан тулхтай бүтээл барьж авах бодолтой болсныг өөрөө анзаарсан байх. «Чонон сүлд» роман бол сая хүрэхгүй цөөн тоотой монголчууд дэлхийн дайдыг эзлэж байсан хүч чадлын нууц арай чоныг дээдлэн суралцдагт байсан юм биш биз гэсэн нэг л эрэлхийлэл төдийхөн юм. Тэрчлэн Гонконгийн хамгийн алдартай зохиолч Жинь Юн гэдэг хүн монголчууд зэвсгийн эрдмээр гаргууд байсанд л тэдний хүч чадлын нууц оршиж таарна гэдэг утгаар эрэлхийлэл хийгээд ушугийн 12 том туульсийн роман бичсэний дийлэнхид нь монголчууд, Чингис хаан, Сяньби нар хятадын зэвсгийн эрдмийн мастеруудтай хэрхин тулалдаж байсныг уран чадварлаг дүрслэсэн байдаг. Тэднээс сэдэвлэсэн олон ангит сайн кинонуудыг Хятад, Тайвань, Гонконгод олон арваар хийж байгаа нь Азийн телевизийн зах зээл дээр эрэлт ихтэй байна. Танай “2 р суваг” телевизийн удирдлага хэрвээ нааштай хүлээж авбал би хувьдаа шавь нарынхаа хамт та бүхэнтэй энэ тал дээр дуртайяа хамтран ажиллаж болох юм. Энэ чиглэлийн киног хоёр хоёр ангиар гаргаж байвал үзэгчдэд илүү сонирхолтой байж мэдмээр санагддаг. Мөн Жинь Юн зохиолчийн анхны роман буюу «Бүргэд намнагч баатараас» сэдэвлэсэн олон ангит киногоор эхлэх нь зүйтэй байх. 

Асуулт: Бололгүй яахав. Зохиогчын эрх гэж бас нэг айхтар юм байгаа. Хоёр талаасаа хүч хавсраад үзэгч олондоо шинэ сайхан бэлэг барих шиг сайн хэрэг гэж хаана байх билээ? Одоо арай өөр сэдвээр ярилцая. Ардчилсан нам төр барьж байна. Тэдний явуулж байгаа бодлого үйл ажиллагаа хэр зэрэг таалагдаж байна даа? 
Д.Б: Би чинь улс төрөөс холхон өөрийгөө хичээгээд л нам гүмхэн амьдралыг эрхэмлэдэг хүн. Гэхдээ нүдээ боож, чихээ бөглөчихөөгүй болохоор гадуур сонсогдоод байгаа давхар дээл, Тэмүүжин сайдын асуудал энэ тэр гэсэн хэрүүл тэмцлийн байдлыг бол гадарлаж байна. Ер нь засаг төр тогтвортой байвал ард түмний сэтгэл санаа ч амгалан тайван байдаг жамтай. Хааяа ажил хөөцөлдөөд явж байх зуур ардчилсан нам маань боломжийн чадварлаг залуу боловсон хүчний нөөцтэй болсон нь ажиглагддаг. Тэднийгээ зохих байр сууринд нь зоригтой тавьж өгөхдөө харин жаахан хойрго хандаад байх шиг. Манай салбарын сайд Гантөмөр намайг гурван ч удаа хүлээн авч уулзсанд харин их талархалтай байгаа шүү. Чамайг ч бас УИХ дарга хүлээж авч уулзсаныг хараад баярлаж суулаа. Боловсрол гэдэг өөрөө асар том салбар болохоор  түүнд олон жилийн бугшсан асуудлууд хуримтлагдсан байдгийг би өөрөө тогоонд нь чанагдаж байгаа хүний хувьд андахгүй ээ. Сайд маань харин тэдгээр асуудлыг оновчтой олж хараад салбарынхаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн нарын тусламжтай шийдвэрлэх арга замыг тогтоогоод ажиллаж байгаа юм уу даа гэсэн өөдрөг бодол уулзаад ярилцаж байхад төрж байсан. Бусад салбарын сайд дарга нар ч гэсэн бүхнийг мэдэгч чадагчийн дүрд тоглох гэхгүй салбар салбарынхаа сайн мэргэжилтэнгүүдтэй ярьж зөвлөөд тулгарсан асуудлаа дор бүр нь шийдээд байвал монгол улс маань дорхноо сэгхийгээд босоод ирмээр санагддаг. Багад багын давуу тал бий. Томд томын бэрхшээл байдаг гэсэн хятадын зүйр үг байдгийг ч бодууштай. 

Д.Т: Хүн гэдэг их сонин. Өнгөрсөн цагаа дандаа сайхан гэж бодох юм. Үнэндээ социализмын үед бүгдээрээ шахам л шоронд байгаагаас өөрцгүй байсан шүү дээ. Гэтэл зарим хүмүүс яахаараа тэр үеийг үгүйлэн санаад байдаг юм бол?
Д.Б: «Муухай хятад хүн» зохиол дээр хятадууд өнгөрснөөрөө амьдардаг үндэстэн болохоор тэр байдлаа засахгүй бол Индианчууд шиг гашуун хувь тавилан хүлээж мэдэх юм шүү гэсэн санааг хэлсэн байна лээ. Зян Рун зохиолч ч гэсэн манай хятадууд хонин сэтгэлгээнээсээ салахгүй бол ямар ч ирээдүйгүй санагддаг хэмээн халаглан бичсэнийг манайхан уншсан шүү дээ. Манайд өнөө хэр хэлхгэр дээл өмсөж, үсээ урт ургуулсан төдийхнөөр өөрийгөө Чингис хаан болчихсон юм шиг төсөөлдөг хүн цөөнгүй тааралддаг. Үнэндээ Чингис хааны үед сайн сайхан байсан. Тэр үед төрсөн болоосой гэж халаглахаасаа илүүтэй шинэ цаг үед Чингисийн монголчуудын суу ухааны учгийг тайлан ашиглаж болохгүй юу гэдгийг л хүн болгон бодууштай санагддаг. Социализмын үедээ байсан бол манай хоёр авгай ижилхэн өнгийн, нэг хэв загварын яг ижил 120 төгрөгний үнэтэй орос гутал өмсчихсөн. Бид хоёр гэж каракуль захтай пальто, саарал каракуль малгай өмсчихөөд гудамжинд нам төрийн зөв мэргэн бодлого шийдвэрээ магтаад зогсож байх байсан болов уу гээд яривал одоогийн залуучууд итгэхгүй байх аа. Би л хувьдаа оюутнууддаа өөрийгөө ол, өнөөдрөөрөө амьдар гэж сургах дуртай. 

Д.Т: Чи бид хоёр хоёулаа радио телевизийн бүтээгдхүүн. Өнөөдрийн радио телевизүүд ямархуу санагдах юм бэ? 
Д.Б: Ер нь бидний үед хамгийн оюунлаг хүмүүс радио телевизэд ажиллаж байсан санагддаг. Наполеоны байгуулсан Францын элит сургууль арван хоёр Нобелийн шагналтанг төрүүлэн гаргасан гэдэг.  Гэвч тэр сургуулийн төгсөгчдийн дийлэнх нь багш, сэтгүүлчээр ажилладаг гэхээр сонин байна уу? Хөгжингүй нийгэмд бол багш сэтгүүлчдийг үнэхээр Нобелийн шагналтангийн хэмжээнд бэлдэхэд анхаардаг гэдгийг дээрх жишээ хэлээд байгаа хэрэг. Тэр хэрээрээ нийгэм дэхь үнэлэмж, цалин хангамж нь ч асар өндөр байж таарна аа даа. Нөгөө талаар энэ хоёр мэргэжил бол нийгмийн сэтгэлзүйн инженерүүд байх учиртай гэдгийг давхар бодолцдог нь харагдаж байна. Тийм болохоор радио телевиз гэлтгүй сонин сэтгүүлийн газар ажиллаж байгаа сэтгүүлч, сурвалжлагчид бүгдээрээ өөр өөрсдийн энэхүү нийгмийн өндөр хариуцлагыг сайтар ухааран ойлгож байх учиртай юм. 

Д.Т: Багш гэснээс танай сургууль ямархуу хүмүүс бэлдээд байна вэ? Олон сайн шавьтай болж байна уу? 
Д.Б: Би 1200 гаруй анги кино орчуулаад, 22 ном бүтээл гаргасан нь угтаа бол чамлахаар үзүүлэлт биш ээ. Гэхдээ би хэдэн зуугаар тоологдох гайгүй шавийг өөрийн сургуулиар бэлтгэн гаргаад тэд маань бүгд ажил амьдрал нь өөдрөг сайхан байгааг харж явах л миний хамгийн том бүтээл юм болов уу гэж бодох үе бий. Арван жил төгсөөд ирж байгаа хүүхдүүдийн хувьд өөрийгөө илэрхийлэх хэл ярианы чадвар тааруухан байдаг нь нууц биш. Дээр нь зөв бичдэг, гоё бичдэг хүн гэж өдрийн од шиг ховор болчихлоо. Компьютер гэж сайхан юм гарч ирсэний харгай ч байж мэднэ.

Д.Т; За да энэ тал дээр би ч бас их дулимаг. Голдуу ярьдаг ажил насаараа хийсэнтэй ч холбоотой байх. Одооноос илүү бичдэг болоод жоол анхаарч эхэлсэн.
Д.Б; Би сүүлийн хорь илүү жил компьютер нүдсээр өөрөө ч хүн шүүмжлээд байлтгүй бичгийн хэв гэж авах юмгүй болсон. Миний хувьд шинэ элсэгчдэдээ хандан “Орчлон хорвоод хүн болж төрөх шиг сайхан аз завшаан хаана байх билээ? Та бүхэнд хүмүүн заяанаас гадна залуу нас, билиг оюун гэж өөр хоёр нандин эрдэнэ байгаа. Би байтугай Билл Гейтс ч бүх хөрөнгөө өгөөд та бүхний залуу зандан насыг худалдаад авч чадахгүй. Энэ утгаар яривал та бүхэн харин орчлон хорвоогийн жинхэнэ том баячууд юм шүү дээ. Тийм болохоор өөрт оногдсон энэ нандин эрдэнэсийн үр шимийг сайтар хүртэх хэрэгтэй” гээд ярихаар тэдний сэтгэл ихэд догдлож байгаа шинж илт харагддаг. Хүний оюун ухааны хүчин чадлыг зуун хувь гэж үзэх юм бол орчин үед зурагт, радио, интернэт, фэйсбүүк, цахим тоглоом, твиттер, хөгжим, диско, баар цэнгээн, шоу. . .  . . .гээд залуусын санаа бодлыг сатааруулах үй олон зүйл гараад ирчихлээ. Түүнээс улбаалаад оюуны хүчин чадал 20-30 хувь хүртлээ буурдаг гэсэн тооцоо бас бий. Тэрэн дээр л багш нар сургалтын төлөвлөгөөний дагуу заах хэрэгтэй болдог. Тэгээд яаж заадаг билээ гэдгийг өөрөө надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.

Д.Т; Уйтгартай, удаан, хэрэгтэй хэрэггүй агуулгаар дүүрсэн, албадмал, тэр бүхний эцэст үр дүн муутай сургалт явагдаад байдаг. Бас нэг зүйл бий. Юу хийж байна гээд удаан таараагүй найзаасаа асуухад багш гэвэл би л хувьдаа за хөөрхий энэ хүн дуусах тийшээ ханджээ л гэж бодох нь элбэг байдаг?
Д.Б; - Ха ха чи намайг бас тэгж бодож байгаа юм биш биз дээ. Харамсалтай нь тийм юм элбэг. Гэтэл орчин үед түүний эсрэг сонирхолтой, хурдан, өгөөжтэй, зугаатай сургалтын аргыг хөгжингүй улс орнуудад хэрэглэдэг болжээ. Дээр дурдсан францын элит сургуульд оюутнууд нь орой багштайгаа вино уунгаа үзэх хичээлийнхээ тухай хүүрнэлддэг гэж байгаа. Би зөвхөн хятад хэл гэлтгүй оюутнууддаа иймэрхүү зүйлийг сайн ярьж өгдөг болохоор хичээл хоёр талаасаа сонирхолтой өрнөх боломжтой болдог. Би сая шинэ залуу багш нарт лекц унших гээд олон сургуулиар явлаа. Манайд америк, англи, герман, орос, хятад, солонгос, япон, түрк, энэтхэг. . .  . . .гээд бусад улс үндэстний байхгүй сургууль гэж бараг алга аа. Харин нэг л юм дутагдаад байгаа нь «Жинхэнэ монгол» аргаараа жинхэнэ монгол хүнээ бэлддэг сургууль л алга. Муу хөгшин чинь тийм монгол сургуулиа байгуулах гээд л ёстой морь нохой мэт зүтгэж байна даа.
 
 
Д.Т: Мөнх бус гэдэг ойлголт бүх юм байх байхгүйн завсарт байдаг тухай л юм шиг. Гэхдээ бид огт өөрчлөгдөхгүй хорвоогийн талд хүрчихээд байгаа мэт санагдах үе байдаг. Баяжих томрох тухай ч бодохоо больж. Чи хэр зэрэг өөрчлөгдөж байна даа? 
Д.Б: Энерги хадгалагдан хувирах хуулийн дагуу ярих юм бол бас л нэг энергийн төрөл болсон биднийг эрхшээж байгаа оюун ухаан устахгүй ашид мөнх байж л таараа. Харин энэ насанд хийсэн үйлийн үрийн дагуу хойт насандаа ямар төрлийг олж төрөх вэ гэдэг тэнгэрийн бошгыг ухаарах насандаа хүрсэн чи бидний хувьд бодож явууштай асуудал байж таарна. Энэ утгаараа болж өгвөл өөрт болоод бусдад тустай байхсан. Учиргүй тус болж чаддаггүй юм гэхэд гэм хор болчихгүй юмсан гэж бодох болсон нь бидний насныхны онцлог болов уу? 

Д.Т: Чи хятадтай их холбоотой хүн. Энэ орон задарвал бид яана аа гэж бодох үе байдаг уу? 
Д.Б: Манай сонин сэтгүүл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятад хөгжөөд байна гэж бичиж мэдээлээд байдаг. Үнэндээ хятадад асар том асуудал зөндөө бий шүү дээ. Эрэмдэг зэрэмдэг хүмүүс гэхэд л жар далан саяар яригдана. Агаарын бохирдол, хөрс усны бохирдол, өндөр настай хүн амын тоо олширч байна гээд ярих юм бол дуусашгүй урт юм болно. Америкууд бүр 1994 онд хятадын хүн амын тэсрэлтийн уршгаар одоогийн байдал үүснэ. Тэр үед хүнсний хомсдол үүснэ гэдгийг хүртэл тооцоолоод Аргентин, Бразил зэрэг газарт тариалангийн талбай худалдан авч байсан юм. 20 жилйн өмнөхийг урьдчилан харна гэдэг мөн айхтар байгаа юм шүү. Одоо хятадууд дээрх хоёр орноос жилдээ бараг зуун тэрбумаар яригдах хүнсний зүйл, үр тариа худалдан авч байгаагийн цаана америкууд байгаа ч юм бил үү хэн мэдэхэв. Хятадын агаарын бохирдол айхтар хэмжээнд хүрснийг манайхан андахгүй мэдэж байгаа. Агаарын бохирдол дүүрсэн хэрэг гэж бодож болдоггүй юм байна. Учир нь бороо цас орох тоолонд тэр нь доошоо буугаад хөрс усны бохирдол үүсгэдэг. Тийм хөрсөнд тарьсан жимс ногоо ямар олигтой байх билээ? “Өмнө зүгийн нутагт тариалсан тутраганд хар тугалганы хольц илэрлээ.”, “Хүүхдийн сүүн тэжээл хэрэглэсэн хүүхдүүдийн толгой занхайгаад байна.” гээд л хятадын хэвлэлээр зөндөө шуугиж л байдаг. Манайд ч гэсэн тэр талын сэрэмжлүүлэх мэдээлэл байнга гаргаж баймаар юм шиг. Миний хувьд сүүлийн үед хятадын байдлаас илүүтэй монголын асуудлаа л түлхүү бодож зовниж суух юм даа. «Чонон сүлд», «Гурван улсын үлгэр», «Муухай хятад хүн» зохиолуудыг сонгон орчуулаад байгаа нь монголчуудыгаа хийрхүү зангаа орхиж жаахан тулхтай бодож сэтгээсэй гэсэн санаа сэдлээс үүдэлтэй. Хятад орон задарвал аль ч талаас нь бодсон манайд халтай байж мэдэх юм. Гэхдээ «Гурван улсын үлгэр» романы эхэнд “Дэлхий дахины байдал салаад удвал эрхгүй нийлмүй. Нийлээд удвал эрхгүй салмой.” хэмээн бичсэн  байдгийг санаандаа бодож л байх хэрэгтэй.

Д.Т: Тэгвэл Монголынхоо ирээдүйг хэр зэрэг өөдрөгөөр харж байна вэ? 
Д.Б: «Гурван улсын үлгэр», «Сүньзийн цэргийн ном» зэрэг гайхамшигтай оюуны бүтээлийг туурвиж, Күнз, Лаозы, Жан Зы Я, Жүгө Лян зэрэг Богд мэргэдийг төрүүлэн гаргасан хятад хэмээх том үндэстэнг олон үеийн турш эрхшээн захирч чадаад байсан «Монгол ухаан» гэгч чухам ямар ухагдхуун байсныг судлаж тогтоож чадвал улс орноо засаж залахад бэрхгүй байж таарна. Хүннүгийн үед ердөө дээд тал нь арван хоригдолтой хамгийн урт хорих ял арван хоног л байсан гэдэг.

Д.Т; - Гэтэл одоо арван мянга дөхсөн хоригдолтой болчихоод байгаа өнөө үеийг бодохоор хөгжсөн гэх үү? 
Д.Б; -Харин ч бүр эсрэгээрээ ухарсан хэрэг үү гэдгийг бодууштай. Монголчууд маань эртнээс нааш нугарахаас бус хугарч үзээгүй тэнгэрлиг заяатай ард түмэн болохоор тун удахгүй өөдлөн дэвжинэ гэдэгт эргэлзэх хэрэг юусан билээ. 

Д.Т; За найз минь ингээд дуусгая. Хязгааргүй урт яриад л суумаар байлаа. Яг үнэнийг хэлхэд найзтайгаа ингэж сайхан тайван ярилцаж суулгүй удаж. Нэг л их яаруу сандруу улс байх юм. Залхууралгүй унших нэг нь л уншина байх. Баяраллаа.
Д.Т; Чамд ч гэсэн баяраллаа. Нээрээ сайхан яриад л суумаар байна шүү.