Wednesday 20 May 2015

Ж.Бямбадорж: Төрд ойртуулж болохгүй хүн гэж бий

Монголын анхдагч парламентчдын нэг, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гуайтай хөөрөлдлөө. Бидний ярианы сэдэв ерөнхийдөө хүний эрхийн тухай байсан ч энэ сэдвээрээ өлгөц болгон цаг үе, ус төр, монгол хүмүүсийн тухай гүнзгийрэн ярилцахыг хичээсэн юм. Өмнөх долоо хоногт эмнэлэгт хэвтээд гарлаа гэсээр намайг албан тасалгаандаа угтан уулзсан тэрээр үл мэдэг ядрангуй харагдсан тул би шууд л гол асуултаасаа ярилцлагаа эхэлсэн юм.

-Тавантолгойн гэрээг УИХ хэлэлцэх ёстой, ёсгүй гэсэн маргаан гарлаа. Төр нь өөр хоорондоо маргалдаад байхаар нийгэмд ч талцал, тэмцэл их гарч байна.
-Үндсэн хуулийн чинь нэг үзэл баримтлал бол эрх мэдлийг хуваарилсан нь юм шүү дээ. Хэнд ямар эрх мэдэл оногдоно вэ, тэр л эрх мэдлийг хэрэгжүүлэх ёстой. Бие биенийх нь хүрээ хэмжээг зааж өгсөн. Эрх мэдэл гэдэг чинь харилцан тэмцэлтэй, харилцан хамааралтай зүйл. Арабт нэг хаанхүүгийн шарилыг агаарт тогтоосон байдаг юм гэнэлээ, би очиж үзээгүй л дээ. Яаж байрлуулсан юм бэ гэхээр, тал талаас нь соронзоор таталцуулаад, дээшээ ч явчихгүй, доошоо уначихгүйгээр байрлуулсан байдаг юм гэнэлээ. Би эрх мэдлийн асуудлыг олон жил судалсан хүн. Үндсэн хуульд суулгахын тулд, түүнээс өмнө ч их ажилласан. Эрх мэдэл гэдэг зүйл яг л тийм байх ёстой юм. УИХ-ын талаар Үндсэн хуульд “төрийн эрх барих дээд байгууллага” гэдэг нэг үг орчихсон нь их гай тарьж байна л даа. Орчин үеийн ардчилсан улсуудын үндсэн хуульд ийм тодорхойлолт огт байдаггүй юм. Нөгөөх эрх мэдэл хувааж байна гэчихээд “чи том нь” гээд хэлчихсэнтэй адил болчихсон юм. Тухайн үеийн депутатууд л зүтгүүлсээр байгаад оруулчихсан юм л даа, бүр ядаад хаячихсан юм. Эрх мэдлийн холилдоон УИХ, Засгийн газрын хооронд байна. Онолын хувьд үүнийг хуулиар нарийвчлан зааглах ёстой. Практикийн хувьд янз бүрийн юм байна л даа. Нэгэнт төрийн эрх барих дээд байгууллага гэчихсэн, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын гол үндсийг шийднэ гээд эрх мэдэл өгчихсөн учраас УИХ-ыг буруутгаж болохгүй. Уг нь Засгийн газрын л хийх ажил л даа. Бүх л гэрээ, хэлцэл гүйцэтгэх эрх мэдлийн л асуудал шүү дээ. Алдсан бол тэд нар өөрсдөө хариуцдаг. Яагаад Тавантолгойн асуудал вэ гэхээр би эднийг эрх мэдлийн төлөө ч гэдэг юм уу, эсвэл сонгууль эхэлчихэж, эсвэл бүр тэнэг улсууд юм гэдэг ч юм уу, эдгээрийн аль алинаар нь үзэхгүй байна. Би үүнийг өөрийнхөө гэр дээр бодож байна. Манайх нэг малчин айл байна гэе. Манай аав бас хурдан моринд жаахан хорхойтой. Тийм морь худалдаж авах гэж байна гэж ээжид хэлдэггүй. Тийм морио зарах гэж байна бас ярьдаггүй. Ээж хүүхдүүддээ тийм хоол хийж өгөх гэж байна, өнөөдөр гурван үнээ саана, дөрвөн ямаа саана гэж аавд хэлдэггүй. Магадгүй тэр айлд томоохон асуудал тохиолдолд, энэ айл цаашаа сайхан амьдрах уу, голомтоо самрах уу гэдэг асуудал тулгарахад нэг дуу газарт, нөгөө дуу тэнгэрт хадахаас авахуулаад, магадгүй насанд хүрсэн хүүхэд шуухадаа дуудаж асуухаас эхлээд бөөн юм болно оо доо? Монгол Улсын хувьд энэ хоёр толгойн асуудал яг тийм юм болчихоод, хүн бүр өөр өөрийнхөө хандлагаар хараад байна уу даа гэж хараад байна. Тэгээд үүний шийдвэрийг би бас бодоод байгаа юм. Шийдсэн тал нь яг буруудна. Монголын өнөөдрийн психологи яг тийм. Тавантолгойн энэ гэрээг батлаад явбал буруудна, батлахгүй буцаавал бас буруудна. Яг тийм байдалд байгаа биз? Өөрөөр хэлбэл, шийдсэн талаа зөв явуулахгүй, ялагдсан тал нь ялласаар байгаад аль нь ч ялалтгүйгээр дуусдаг юм болчих вий л гэж хараад байна. Аргагүй шүү дээ, нийгмийн уур амьсгалыг ийм болгоод хаячихаж байгаа юм чинь. Энэ үнэхээр нарийн түвэгтэй байна л даа. Уг нь маргаашийн өөх бодож турж үхсэнд орвол уушгаа идмээр байдаг. Турж үхэхгүйн тулд уушгиа идэж байтал өөх идэх байсан ч юм шиг.

-Тэгэхээр асуудлыг олон нийтэд ил гаргаж, нийгмээр хэлэлцүүлж байгаа нь буруу юм болов уу?
-Яалаа гэж. Нийгмээр хэлэлцүүлж, ярилцуулж байгаа нь зөв. Хүн болгоны оролцоо энэ чухал асуудалд хэрэгтэй. Ерөөсөө ардчилал гэдэг чинь энэ. Харин нэгэнт шийдчихсэний дараа, өөрөөр хэлбэл нэгэнт төрийн бодлого гарсан л бол дээр доргүй бүгдээрээ дэмжээд явчих ёстой юм. Ардчиллын зарчим бол аль болох олон хүний санаа бодлыг авах ёстой, нэгэнт шийдвэр гарсан бол бүх нийтээр дагах ёстой. Засгийн газар ч дагах ёстой, УИХ ч дагах ёстой, та ч, би ч дагах ёстой. Гэтэл манайхан харамсалтай нь шийдчихтэй зэрэг араас нь гоншигоноод л, чаргууцалдаад л, хургандаа цадаагүй хонь төлгөндөө майлна гэдэг шиг л юм болоод байдаг юм л даа. Энэ л Монголыг сөнөөж байна. 

-Таныг УИХ-ын гишүүн байх тэр үед парламентын төлөвшлийн тухай их ярьдаг, асуудлыг хэлэлцэж шийддэг зарчим, дэг ч чанд байлаа. Өнөөдрийн парламент тэр талаар жаахан эвдрээд байна уу гэж харагдах юм?
-Аль XVI зуунд хүмүүс “Одоогийн залуучууд хэрэг алга” гэж хэлж байсан үг бичигдэж үлдсэн байдаг юм билээ. Түүнээс өмнө ч хэлж л байсан байх л даа. Түүнээс хойно ч хэлж байсан байх. Намайг залуу байхад ч хэлж л байсан. Одоо ч гэсэн миний үеийнхэн “надаас хойшхи үеийнхэн хэрэг алга аа” л гэх гээд байгаа. Би энэ үгийг хэлэхгүй юмсан гэж боддог юм. Хэлмээр байсан ч тэвчдэг. Яагаад гэвэл бүх юм үе үеэрээ л байдаг байхгүй юу. Харин ч зарим нь дээрдүүлээд, зарим нь жаахан доордуулсан ч байдаг л байх. Парламентын хувьд би төрийн тусгай алба хашаад 11 жил болж байна. Дураараа бууддаг үе маань алга байна шүү дээ. Төрийн албаны ёс зүйд захирагддаг. Илэрхий хууль зүйн, ялангуяа Үндсэн хуулийн томоохон зөрчил дээр дуугармаар санагддаг. Саяхан би тэр Ерөнхийлөгч УИХ-д тайлан тавина гэдэг асуудлаар хэвлэлээр санал бодлоо хэлсэн. Ерөнхийлөгчийг тайлангаа тавьчихаад гараад явах байх, асуултанд хариулахгүй байх, хариулбал хууль зөрчинө шүү гэж хэлсэн. Харамсалтай нь Үндсэн хуулийн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн томоохон зөрчил болоод л өнгөрлөө л дөө. Иймэрхүү юман дээр ганц нэг дуугарч байгаа. Түүнээс биш гаднаас нь хараад, шүүмжлээд, та нар болохгүй байна гээд байвал улам л доош нь оруулахаас олигтой юм байхгүй.

Би их л гайхах юм. УИХ-ын гишүүн чинь хууль боловсруулах төсөвтэй байдаг юм байна. Уул нь УИХ-ын гишүүн хууль боловсруулах үүрэггүй. Үүнийг хийдэг газар байна. Засгийн газарт үүрэг өгөөд хийж болно.

-Гишүүд чинь хууль санаачлах эрхтэй биз дээ?
-Санаачлах гэдэг чинь бичиж боловсруулах гэсэн үг биш. Үүний ялгааг сайн гаргах хэрэгтэй. Нэгэнт төсөвт суусан байхад сайн ч бай, муу ч бай юм боловсруулах хэрэг гардаг байх л даа. Би санаагаараа ярих, эсвэл хэвлэл мэдээллийн хэлж ярьснаар ч юм уу, эсвэл харснаараа ярих дургүй. Хуульч хүний нэг шинж чанар ч байдаг байх. Цэцэд байхад нэг юм ажиглагддаг байсан, тэр юу вэ гэхээр цэцэд ирж байгаа маргаантай хуулийн заалтууд ихэвчлэн хажуугаас УИХ-ын гишүүний саналаар орж ирсэн заалтууд байдаг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр, аливаа хууль гэдэг заавал Засгийн газраар орж, хэрэгжих боломж, ялангуяа хөрөнгө санхүүгийн боломжийг тодорхойлуулсан байх ёстой. Тэгэхгүй, сайхан заалт юм гэж бодож оруулсан юм ихэнхдээ унадаг.

-Тэгээд Цэц рүү очдог.
-Үй түм нь очихгүй байгаа шүү дээ, бас. Манай хууль тогтоомжийн хорондын зөрчил замаа алдсан. Би 2000 онд УИХ-ын дэд дарга болмогцоо энэ асуудлыг барьж аваад, жаахан хөөцөлдөж, Хууль зүйн яаманд нэг 10 хүнтэй алба байгуулаад жаахан цэгцэлье гэж байгаад тэгсгээд хаячихсан юм. Энэ асар их хөрөнгө шаардах ажил л даа. Үнэхээр үүнийг бодохгүй хүн байхгүй л дээ, сайд нар, УИХ-ын дарга, гишүүд бүгд л бодож байгаа. Гэхдээ зориглож барьж авахгүй байгаа юм. Хууль хоорондоо зөрилдөнө гэдэг тун аюултай юм байгаа юм. Үүнд би их санаа зовдог. Хүний эрхийн талаар сүүлийн үед гарч байгаа хууль, тогтоомжуудад зөрчилтэй юм байгаа эсэх талаар манайхаас санал авч байгаа. Санал авахаар барахгүй ихэнхийг нь тусгадаг болсон. Хажуугаас л орчихгүй бол. Хажуугаас орж буруу шийдсэн асуудал бий. Тухайлбал, Прокурорын дэргэдэх мөрдөх албыг татан буулгасан. Нийгэмд асар хохиролтой зүйл болсон л доо.

-“Улс төрчдийн хар жагсаалт” гаргах тухай яриа гадуур нэлээд тарж байна. Энэ асуудалд танай комисс ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн намуудын сонгуулиар амлаж гарч ирсэн амлалтыг нэхэх явдал зайлшгүй байх ёстой. Харин түүнийгээ сүртэйгээр хар жагсаалт, энэ тэр гэх нь хаашаа ч юм бэ дээ. Тамга гэдэг үгийг оросоор хоёр янзаар хэлдэг юм л даа. Эхнийх нь зүгээр штамп буюу албан бичгэн дээр дардаг тамга. Нөгөөх нь манайхны малынхаа ташаан дээр хайрч тавьдаг тамга. Түүнийг климо гэдэг. Оросууд хоолой руугаа нясалж архи ууя гэсэн санаагаа илэрхийлдэг дохио бий. Хүмүүс тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Орост боловсрол эзэмшсэн улсууд сайн мэднэ. Энэ дохио яаж бий болсон тухай түүх байдаг юм. Оросын агуу их хаан I Петрийн түүхтэй холбоотой. Тэр үед Оросын хааны хүү заавал цэрэгт алба хаадаг байж л дээ. Петр хаан цэргийн найзуудаа их үнэлдэг байж. Ер нь цэргийнхэн чинь нэг нэгэндээ их элгэмсүү байдаг шүү дээ. Гэтэл цэрэгт байхдаа хамгийн дотно байсан нэг найз нь архичин болсон гэж дуулж. Хаан тэр найзаа сурагласаар байгаад олж уулзсан байгаа юм. “Би чамайг их сурагласан, чи олдох ч үгүй юм” гэсэн чинь нөгөө найз нь “Та яаж олох вэ дээ, энэ олон сая хүн дотроос. Би юу гэж таныг гэж явах вэ” гээд баахан зовлон жаргал ярьж. “Би одоо хаан болчихлоо, надаас юу гуйх вэ?” гэсэн чинь найз нь “би хаашдаа өнгөрсөн, миний ганц бодол бол надад архи л олдож байвал болоо” гэж. Тэгээд “та хаан, таны зарлигийг заавал биелүүлэх ёстой юм бол надад хаа явсан газар маань архи хийж өгч бай гэсэн зарлиг шийтгээд өгчих” гэж. Хаан зарлиг бичиг өгч л дээ. Тэр бичиг юу удах вэ, урагдсан уу, хаягдсан уу, төдөлгүй алга болж. Тэгээд мань хүн дахиж хаантай уулзаад “Та миний хүзүүн дээр нэг климо дараад өгчих” гэж гуйж даруулж авсан гэдэг юм билээ. Тэр хүн насан туршдаа климотой болж байна аа даа? Түүнтэй адил хүнд насан туршид нь хар толбо үлдээх зүйл хийнэ гэдэг бол байж болохгүй зүйл.

-Гадаад орнуудад ийм жагсаалт гаргах явдал байдаг болов уу?
-Улс хоорондын харилцаа, цагаачлалын горим, хууль зөрчсөн хүмүүсийг хил, гаалиар оруулж, гаргахгүй байх хар жагсаалт гэх мэт зүйл бий. Гэхдээ тэр чинь хугацаа хэмжээтэй, алсдаа арилдаг зүйл. 2008 оны сонгуулийн үеэр шиг санагдаж байна, намайг Цэцийн дарга байхад нэг гомдол ирж байсан, сонгуулийн хуульд УИХ-д ял шийтгүүлж байгаагүй хүн нэр дэвшинэ гэсэн заалт орчихож гээд. Гэтэл ял шийтгэл гэдэг чинь олон янзын юм байна шүү дээ. Торгуулийн ял гэж бий. Жишээлбэл, манай нэг УИХ-ын гишүүн замын жижигхэн осолд ороод, туслах замаас гол зам руу орох гэж байхад нь шулуун замын машин өнгөрөхдөө шүргээд урд гуприйг нь хамаад явчихаж л дээ. Мань хүн өөрөө хуульч байсан болохоор өөрийг нь буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж гурван шатны шүүхээр яваад торгуулийн ял авчихсан юм. Энэ хүн тухайлбал УИХ-д нэр дэвших эрхгүй болж болох уу? Эсвэл хүүхэд байхдаа торгуулсан ч юм уу, сахилгагүйтээд ял зэм хүлээчихсэн хүн насан туршдаа улс төрийн эрхгүй амьдрах уу? Үүнийг л климо гээд байгаа юм. Тийм ч учраас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гараад тэр заалт хүчингүй болсон л доо. Тухайн үед би чухал асуудлаар зөв шийдвэр гарлаа гэж бодож байсан.

-УИХ-ын гишүүд, төрийн түшээдийг элдвээр хэлэх, нэр хоч зүүх явдал их болж...?
-Улс төрчид, УИХ гишүүн гэхээр яаж ч магтаж болдог, яаж ч доромжилж болдог юм шиг тийм ойлголтыг нийгэмд бүрдүүлэх гээд байна л даа, сүүлийн үед. Тийм биш юм аа. Тэгж болохгүй. Тэд чинь бусадтай л адил хүмүүс шүү дээ. Би УИХ-д Бага хурлаас нь авахуулаад дөрвөн удаа сонгогдсон, сайн муу, худлаа үнэн ярьж, бичихэд сүүлдээ дөжирчихдөг юм. Гэхдээ энэ хүмүүсийн чинь цаана үр хүүхэд, гэр бүл байгаа. Аав ээж, ах дүүс байгаа.  Яагаад тэр хүмүүс миний өмнөөс шаналж, зовж, найз нөхдөөсөө хөндийрч, хүмүүсийн өмнө нүүрээ улайлгаж явах ёстой юм. Бүх хүн ярьж байгаа, Монгол цөөхөн хүн амтай. Танай нөхөр чинь тийм л юм гэх чинь билээ, чиний аав чинь тэгдэг гэх чинь билээ гэсэн хүйтэн хөндий уур амьсгалтай цаг үргэлж нүүр тулж явах чинь хэцүү биз дээ? Би сүүлийн үед нэг л зүйлийг маш сайн ойлгоод байгаа. Энэ аз жаргал гэж юу юм бэ гэдэг асуултанд өөрийнхөө хариултыг олчихоод байгаа. Аз жаргал гэдэг бол сэтгэл санааны амгаланг л хэлэх юм байна. Сэтгэл санаа амгалан байх юм бол хүн аз жаргалтай байх юм байна. Тэгвэл хүмүүсийг сэтгэл санаагаар зовооно гэдэг аз жаргалаас нь салгана гэсэн үг юм. Хүн гэдэг амьтнаас ялгагддаг үндсэн онцлог нь нийгэм дотор амьдардагтаа л байдаг юм. Зүгээр нэг жалганы амьтан шиг биш, нийгэм дотор байр сууриа эзэлж, нийгэм дотроо явдаг учраас нийгэм дотроосоо таашаал, нийгэм дотроосоо хараал, ерөөлийг амсаж байдаг. Гэтэл эргээд нийгмээсээ сэтгэл санааны дарамтанд ороод байвал ямар юмны нь аз жаргал байх вэ дээ.

-Нэгэнт нийгэм маань бидний амьдрах орчин болохоор хаашаа зайлах вэ.
-Хүний амьдрал хоёр газар л өнгөрч байна. Гэрт, ажил дээр. Сүүлийн үед сэтгэл зүйч гэдэг нарийн мэргэжлийн улсууд гарч ирж байна. Бидний залууд тэр бүр тоодоггүй байж. Чи нэг бодоод үзээрэй. УИХ дээр гаргасан уураа тэр чигээр нь эбола вирус шиг тээж аваачаад гэрийнхэндээ халдаадаг. Зүгээр ч үгүй, гэрийнхнийгээ бас өвчлүүлчихдэг. Эсвэл гэртээ байсан таагүй уур амьсгалыг тэр чигээр нь тээгээд хамт олон дотроо тараадаг. Энэ нь ажилд нь нөлөөлж байдаг. Дэлхий нийт үүнийг чинь мэдчихсэн, том том брэндийн үйлдвэрлэгчид сэтгэл судлаачидтай болчихсон байна шүү дээ. Өглөө ажилдаа ирэхэд нь сэтгэл зүйн байдлыг нь хянаад зөв байвал оруулаад, буруу байгаа бол засаад оруулдаг. Бүтээгдэхүүний чанарт нь нөлөөлөх гээд байна шүү дээ. Орой явахад нь мөн засдаг. Би шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхантай үүнийг л их ярьдаг юм. Та нар тэр хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл зүйгээр бүх юманд хандаад, түүнийгээ гэр орондоо аваачиж битгий халдаагаад бай, хоригдолтой ажилладаг биш ажилтантай ажилладаг сэтгэл зүйчтэй бол гэж. Ер нь хүний эрхийн асуудлын утга агуулга их өргөн, бодол санаа олон зүйл рүү самгардаад явчих юм. Тэр бүхний хамгийн гол зүйл бол сэтгэл зүйн асуудал юм. Тийм ч учраас сүүлийн үед би сэтгэл санааны амар амгалангийн тухай асуудал руу түлхүү орж байна. Дахиад хэлэхэд өнөө аз жаргал гэдэг чинь энэ л байгаа байхгүй юу. Үнэнийг хэлэхэд өнөөдөр манай ажил хийж байгаа хүмүүсийн ихэнх нь амьжиргаагаа залгуулах гэж л ажил хийж байна. Хэдэн бор төгрөгний төлөө. Зүгээр л хэдэн бор төгрөгний цалин хөлс авахын тулд хүссэн, хүсээгүй ажиллаж, нервтээд түүнийгээ гэр бүлдээ, найз нөхөддөө аваачиж халдааж, хаа сайгүй аз жаргалгүй л хүмүүс явж байна даа. Бурхны сургаалын гол үндэс нь аливаа муу юмнаас сэтгэл зүйн хувьд салж чадах. Ийм юм руу түлхэж байгаа хүмүүсийг би нүгэлтэн л гэмээр байна.

-Хоёулаа “хар жагсаалт”-ны тухай яриандаа эргээд оръё. Зарим хүмүүс эсэргүүцэл тэмцэл хийсээр байгаад улс орны нийтлэг эрх ашигтай холбоотой том том төсөл, ажлуудыг унагааж байна л даа. Ийм хүмүүсийг “төрд ойртуулж болохгүй” гэж нөгөө зарим нь үзээд байгаа юм.
-Ерөөсөө аливаа юм, аливаа хууль, дүрэм, журам, дэг жаяг хүний энгийн амьдрал дотроос урган гардаг. Найрын дэг хүртэл энгийн амьдрал дотроос л гарч ирсэн байдаг. Ерөөсөө л хүний зохион байгуулалтын олон хэлбэрүүдийн нь л нэг шүү дээ. Өнөөдөр хүний эрхийн асуудлыг ярихад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гэдгийг зайлшгүй авч үздэг болсон. Дэлхий нийтээр сүлжээтэй болсон. Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхэд заавал иргэний нийгмийн төлөөллийг оролцуулж, саналыг нь заавал сонсдог болчихлоо шүү дээ. 2010 онд манай Засгийн газар Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд илтгэл бичиж оруулсан юм. Тэр илтгэлийг хянаад гаргасан зөвлөмжид, иргэний нийгмийн нэг ч байгууллагаас санал аваагүй байна гэж шүүмжилсэн байгаа юм. Одоо бол бид бүх түвшний илтгэл, мэдээ бичихдээ иргэний нийгмийн байгууллагынхныг маш их оруулдаг болоод байгаа. Тусгайлан урьж санал онолыг нь авдаг болсон. Иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд бол сайн дурын үндсэн дээр, итгэлээрээ хүний эрхийг хамгаалахын төлөө явж байгаа хүмүүс. Эдийн засаг, уул уурхай, байгаль орчны асуудлаар тэмцэж байгаа хүмүүс чинь бүгдээрээ иргэний нийгмийн төлөөлөгчид. Зарим нь буу шийдэмдээ тулаад, шорон оронд ч орчихсон явж байна. Хүн үзэл бодлоо илэрхийлэх нь тайван замаар бол яаж ч болно. Зөв бол шийдвэр гаргагчид хүлээн зөвшөөрөх ёстой. Буруу бол саналыг нь сонсоод л хаячих л даа. Тэгээд тэр хүмүүс тэмцэл юмаа хийгээд явж л байг л дээ. Юу нь буруу байгаа юм. Жишээ нь, Бямбадоржийг төрд ойртуулж болохгүй хүн шүү гээд зарлаг л дээ. Сонгогчид нь л шийднэ шүү дээ. Яг наад асуудлын чинь хувьд хэсэг хүмүүсийн нөлөө ороод, нөгөө хүн нэр дэвшсэн байгаад сонгох эрхийг нь хаасан гэсэн хэрэг зарга үүсч мэднэ шүү.

-Миний асуугаад байгаа өнөө том төсөл, ажил нураадаг улсуудад ч бас нэр дэвших, сонгогдох эрх байгаа. Гэтэл энэ хүнийг битгий сонго гээд жагсаалт гаргаад, сонгогчдод нь аваачих өгөх гээд байна л даа.
-Шүүхээр шийтгэгдээгүй хүмүүсийг л нэрлэх гээд байна, тийм үү? Сонгуулийн хуульд энэ талаар зүйл заалт байгаа байх шүү. Сурталчилгаа хийхдээ бусдын алдар хүндийг гутаан доромжилж болохгүй гэсэн заалт байгаа. Сонгуулийн маргааныг нэн яаралтай шүүхээр шийддэг юм бий. Гэхдээ нэгэнт үр урхаг нь гарчихсан тохиолдолд тухайн хүнд харамсалтай. Ер нь манайханд нийгмийн уур амьсгалыг залуурдах гэх сонирхол байна. Бүр нийгмийн үзэгдэл болчихсон. Хөрөнгө мөнгөтэй улсууд, улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөртөө байлгах бодлоготой, үүсгэн байгуулдаг юм байна. Хэдийгээр монголчуудыг мэдээллээр хангахад буян болж байгаа ч нөгөө талаар нэг нэгнийгээ намнах, нийгмийн уур амьсгалыг ийм тал руу бүрдүүлж байгаа нь ноцтой асуудал. Энэ яваандаа алга болно. Ер нь ийм үе нийгэмд тохиолддог юм байна л даа, хүн төрөлхтөн хэдэн зуун жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийн мэдээллийг хангаж ирлээ шүү дээ. Шалгарал явагдана. Харамсалтай нь тэр шалгарлын явц дунд нь л тээрмийн буланд нухлагдаад байна л даа, бид.

-Та юу гэж бодож байна, ер нь төрд ойртуулж болохгүй хүмүүс гэж байж болох уу?
-Ер нь бол миний бодлоор төрд ойртуулж болохгүй хүн гэж бий. Гэхдээ хуулиар биш, жагсаалт гаргаснаар ч биш. Олон түмэнд мэдүүлэх хэрэгтэй. Тэр бол хүнлэг бус хүн. Хүн чанаргүй хүнийг л төрийн аль нэг албанд ойртуулмааргүй байгаа юм. Гэхдээ тэр нь нотлогдоод, түүнийг нь олон түмэн хүлээн зөвшөөрсөн л байх ёстой. Хүн чанаргүй хүн гэдгийг тодорхойлоход хэцүү. Гэхдээ ойлгомжтой байдаг. Хүн чанаргүй хүн гэдэг хэзээ ч бултаж зайлах аргагүйгээр харагдаж, танигдаж байдаг. Би үүнийг жагсаалт гарга гэдэг утгаар биш, ер нь бол хүн чанаргүй хүн төрд ирж болохгүй шүү гэдэг утгаар ярьж байна. Энэ шилжилтийн хорин хэдэн жилд Монгол Улс их ололт олсон. Их ч юм хийсэн. Нэлээд хэсэг нь баталгаажсан. Чадахгүй ч юмнууд их байна. Бидний бодож, төлөвлөж, мөрөөдөж байсан юм тэр болгон биелж чадахгүй байна. Бухимдаж байна. Эргээд болж, бүтэж байгаадаа муугаар нөлөөлж байна. Өө, энэ чинь дэмий ч юм байсан юм уу даа гэж сэтгэл хоёрдуулсан юм ч гарч ирж байна. Ганцхан энэ юутай холбоотой вэ гэхээр, хүн чанар суулгаж өгөөгүйтэй л холбоотой. Би социализмын үед багш байлаа. Төрийн ажилтан байлаа. Эшлэл их авдаг байлаа шүү дээ. Маркс, Энгельс, Ленин, нам гээд л. ЗХУ-ын Коммунист нам, МАХН гээд л. Сурчихсан байдаг юм байна. Яагаад гэвэл өөрийгөө нотлохын тулд эшлэл авах хэрэг заавал байдаг. Тэгээд би орчин үед эшлэл бас авсаар л байлаа. Юунаас авч байна гээч? Ардын үгнээс. Манай ардын үгэнд эшлэл болохгүй үг ч гэж алга. Хоёр дахь нь Ч.Лодойдамба. “Тунгалаг тамир” романыг би 10 удаа, бараг 20 удаа ч уншсан байх. Бүтнээр нь цээжилчихсэн улс ч байдаг юм шүү, би тааралдаж л байсан. Би цээжлээгүй ч гэсэн тэр хүн чанарын харилцаа, хүний хоорондын харилцааг цээжлэхээс наагуур мэдэрсэн. Тэнд гарч байгаа хүн чанарын асуудал, амьдралын нарийн ширийн зүйлс төрийн ажилд ямар их хэрэг болж байна гэж бодож байна, чи? Гурав дахь эшлэл авдаг юм нь дээр үеийн монгол кинонууд. Хэдийгээр тэр социализмын үеийн үзэл суртал байсан ч манай ахмад уран бүтээлчид ямар гоё шигтгээнүүдийг оруулж өгч чадсан байна вэ. Үгний шигтгээ гэдэг бол гайхамшигтай шүү дээ. Миний аав ээж малчин хүмүүс байсан. Аав, ээжийгээ ямар ухаантай улс байж вэ гэж сүүлийн үед их бодох болсон байна лээ. Ер нь би аавынхаа сургаалийг биелүүлж өссөн хүн. Аав минь олонтой яваарай гэж захисан. Би түүгээр л яваа. Аавынхаа сургаалиар амьдарч яваагаа би сэтгүүлчдэд ярилцлага өгөх болгондоо л хэлдэг юм. Аав маань тэгдэг байсан юм, чи хүн бол, хүн шиг бай гэж. Юу гэсэн үг вэ, хэн ч харсан би хүн байгаа биз дээ? Хүн төрөөд, хүн болчихоод байхад хүн бол гээд байдаг. Тэгсэн чинь байна шүү, яг эхээс унахдаа зүгээр л амьтан төрдөг юм байна л даа. Харин төрсөн цагаасаа эхлээд хүн болох процесс эхлэдэг юм байна. Хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Ихэнх төлөвшил нь 16-19 нас хүртлээ ямар хүн болох вэ гэсэн ерөнхий суурь суугаад, түүнээс цаашаа явдаг юм байна л даа. Тэгээд хүн өөрийгөө засч залуурддаг, чаддаггүй гээд янз бүр байна л даа. Хүн болох багаасаа, хүлэг болох унага дааганаасаа гэдэг чинь энэ. Үүнд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид гээд олон хүний оролцоо хэрэгтэй. Өнөөдрийн бидний гол алдсан зүйл бол энэ хүн болох процессийг л сургууль, албан байгууллага, нийгмийн бүх гишүүд харьцангуй үгүй хийчихэж.

-Сүүлийн үеийн хүмүүс хүн чанаргүй байна гэж л та хэлэх гээд байна аа даа?
-Тийм. Ер нь манай ардын сурган хүмүүжүүлэх уламжлалд хүний нийгэмд сайн хүн байна, сайхан хүн байна гэдгийг л сургаж ирж л дээ. Сайн хүн бусдын эрхийг хэзээ ч зөрчдөггүй.

-Хүний эрхийг хэт өргөмжлөх явдал эргээд хувиа хичээх, амин хувиа бодох үзэл санааг өдөөгөөд байгаа юм биш байгаа?
-Үнэний хувь бий. 1990 онд бид бүгдээрээ нэг гараанаас гарсан. Нэг хэсэг нь бүр ядуурч, нөгөө хэсэг нь амархан амархан мөнгө олсон. Ингэж болдог юм байна гэж сэтгээд бүгдээрээ дайрсан. Зарим нь ялсан, зарим нь ялагдсан. Шударга бус явдал ч гаарсан...

-Тэгэхээр хүний эрхийн тухай номлол маань сөрөг үр урхагтай байна уу, үгүй юү?
-Яалаа гэж. Хүний эрхийг буруу ойлгоод байгаагаас наадах чинь үүсч байгаа юм. Уул нь хүний эрхийн асуудлыг л эхэнд нь тавиад байх юм бол бүх муу муухай зүйл арилах юм байгаа юм. Хүний эрх гэдэг чинь айх аюулгүй, гачигдах зовлонгүй амьдрах гэсэн түгээмэл тунхаглалын заалт байдаг. Танай ангид том биетэй, дээрэлхдэг хүүхэд байсан л байх. Хулиган, айдаг. Томруулаад ярьвал дайн байлдаан гэдэг ч юм уу, зэвсэгтэйгээсээ зэвсэггүй хүн айдаг. Цаашлаад өдрийн хоолоо олж ядах, хөрөнгө мөнгөө барж ядаж байгаа асуудал байна. Үүнийг л яриад байгаа юм. Бүгд л улаан нялзрай, нүцгэн нойтон төрдөг ч цаашаа олон янзаар амьдраад явчихдаг. Төрсөн шигээ л адилхан байх юмсан гэдэг ойлголт энэ хүний эрхийн чинь үндсэн асуудал юм. Хүний эрхийг зөв эдлүүлж, зөв төлөвшүүлж чадах юм бол тэр хүмүүс тухайн нийгмийнхээ хамгийн сайн хүмүүс болно. Хүн төрөхдөө л амьд явах, эрүүл байх заяагдмал эрхтэй төрдөг шүү дээ. Цаашлаад сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх гээд олон эрх бий. Сүүлийн үед оролцооны эрх гэж их ярьж байна. Нэгэнт нийгмийн хүн юм бол бид зөвхөн нэг нэг гэртээ суугаад байх боломж байхгүй. Тухайлбал хөрш айл маань хэрүүлтэй, зодоонтой, хашхираантай байвал би амар тайван амьдарч чадахгүй шүү дээ. Ер нь бол хүний эрх, эрх чөлөө гэдгийг хүнийг өөрийг нь хөгжүүлэх гол арга гэж үзэж, тийм байдлаар гаргаж тавьж байгаа юм. Гэтэл манайхан дураараа аашлахыг ойлгоод байна л даа. Эрх хүүхэд шиг, мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай, “би жимс иднэ” гэж чарласан л бол жимсийг нь авч өгөхгүй л бол болохгүй юм шиг ойлгоод байгаа юм. Үгүй. Миний эрх, эрх чөлөө миний боломжоор, чиний эрх чөлөөгөөр хязгаарлагдах ёстой. Би ганцхан жишээ хэлье. Танхайн гэмт хэрэг гэж байдаг. Хоёулаа энэ өрөөнд сууж байна, чи надад дургүй хүрээд л, хэлэх хэлэхгүй хараал, ерөөлөөр загнаад л, улсуудын анхаарал татаад л, манай ажилтнууд гүйж ирээд л, ийм юм боллоо гэж бодьё л доо. Чи ууланд ганцаараа явж байгаад яг саяынхаа үйлдлийг хийе. Нөгөө ноёнтойгоо муудалцаад уулын цаагуур орохоор нь “Хуц” гэчихлээ гэгчээр гэнэтхэн дургүй чинь хүрээд, энд болсоноосоо ч илүү цамнаад, шороо чулуу самардаад, илүү аюултай юм боллоо ч тэр чинь нийгмийн амгалан тайван байдлыг ямар ч байдлаар хөндөхгүй. Хэн нэгэн хүний эрх, эрх чөлөөг хөндөхүй. Үйлдэл чинь адил. Энгийн үгээр тайлбарлахад энэ л юм. Нөгөө талаас эрх, эрх чөлөө дандаа араасаа хариуцлага дагуулж явдаг. Өнөөдөр манайд өвчлөл их байна. Эрүүлийг хамгаалах ажил, асуудал сайнгүй байна гэж хүн болгон л ярьдаг. Нөгөө талаас та өөрөө эрүүл мэндээ хамгаалах талаар ямар ч хариуцлага хүлээгээгүй байдаг. Тэгээд эдгэхгүйгээр өвдчихсөн. Энэ асуудлыг их зөв гаргаж тавьж, ойлгуулж байх ёстой юм.

-Энэ хүн ажил нураадаг, сонгож болохгүй шүү гэхээр сонгогчдын өөр өөрийн үзэл бодлоор чөлөөтэй сонголт хийх эрхийг бас зөрчинө биз?
-Тэгэлгүй яахав. Хүний сэтгэлзүйд нөлөөлөх гээд байна шүү дээ. Ерөөсөө хүний эрхийн нэг гол зарчим бол климотой болгохын эсрэг л байдаг юм. Үүнийг сайн анхаарах ёстой. Дэлхий нийтийн хүний эрхийн асуудалд хамгийн хориотой юм бол ялгаварлан гадуурхах юм. Хүйсээр нь, арьсны өнгөөр, ааш араншингаар, бэлгийн чиг баримжаагаар нь. Өнөөдөр ихэнх оронд ажилд авахад зүгээр л дипломыг нь, чадварыг нь хараад л ажилд авч байна. Түүнээс биш цагдаагаас бичиг авчир энэ тэр гэхийг зөвшөөрдөггүй. Гэтэл манайд хүний өмнө, хойдох амьдралыг судалдаг, түүгээр нь шалтаг гаргаж ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах явдал маш их бий. Хөдөлмөрийн хуульд энэ талаар зохих зүйл, заалт орж байгаа байх гэж бодож байна.

-Тийм явдал хавтгай шүү дээ. Тухалбал, шоронд ороод гарсан хүн насаараа л “шоронд орсон хүн” байдаг. Энэ байдлыг яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Олон улсын гэрээ конвенцийг биелүүлэх хэрэгтэй. Хуульд зохицуулалт оруулах хэрэгтэй. Заримыг нь хасах, засах хэрэгтэй. Жишээлбэл, төрийн албаны хуульд төрийн албанд эргэж орох нөхцөлгүйгээр халдаг заалт бий. Хоёр жилийн хугацаатай ч билүү. Шалгалт өгчихсөн, тангараг өргөчихсөн хүн зүгээр л сургууль соёлд яваад хоёр жил болоход хүчингүй болдог гэх мэт олон юм бий л дээ. Ер нь хүнийг бодож, хүний нийгмийн харилцаанд оролцох оролцоог бодож хуулиа хийвэл энэ бүх зөрчлөөс ангид байж болж байгаа юм. Ч.Чимэд гуайн нэг мундаг үг байдаг юм, хууль боловсруулахад энэ ямар харилцааг зохицуулах гэж байгаа юм, үүнээс ямар сөрөг үр дагавар гарч ирэх юм, тэр сөрөг үр дагаваруудыг яаж аятайхан зохицуулж болох вэ гэдэг гарцыг олж чадвал чи хууль сайн бичиж байна гэдэг байсан. Энэ л үнэн юм даа.

Monday 16 March 2015

П.Баярмагнай: Бид гадныхантай өрсөлдөх биш ӨРСӨХ хэрэгтэй

МОНГОЛЧУУД НУУЦ ТОВЧООГОО ӨДӨР БҮР УНШИЖ ЭХЭЛЛЭЭ... Учир нь арав хүрэхгүй хоногийн  өмнө нээлтээ хийсэн “Монголын Нууц Товчоо сан”-гаас санаачлан бүтээсэн “Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт ном эрэлт ихтэй байна. 
E83299 photo 4 1 x800Орчин үеийн завгүй амьдралын хэв маягт зориулан бүтээсэн уг номыг бүтээгчдэд баяр хүргэмээр санагдана. Учир нь энэ бол зүгээр ч нэг ном биш гарын авлага болсон байна лээ. ЭХ ТҮҮХИЙН гарын авлага.
Ингээд “Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт номыг санаачлан бүтээсэн “Монголын Нууц Товчоо сан”-гийн тэргүүн П.Баярмагнайг НОМЫН ТУХАЙ буландаа урьж ярилцсанаа танд хүргэе. 

-“Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт номыг бүтээлцсэн хүмүүсийн талаар яриагаа эхэлье?
-“Монголын Нууц Товчоо сан” ТББ-ыг бид өнгөрсөн жил байгуулсан юм. Гол зорилго нь үүх түүхээ үр хойчдоо өвлүүлэн үлдээх. “Монголын Нууц Товчоог 365 хоногт” ном бидний хамгийн анхны төсөл. Зорилго нь залуучууд МНТ уншихаа болсон, уншсан ч ойлгохгүй, талаас нь хаясан тохиолдол их болжээ. Бид ерөнхийдөө нөгөө дээдлэн хүндлээд байх ёстой гэж зарлиг хүртэл гарсан МНТ-оогоо ойлгодоггүй юм байна, уншдаггүй юм байна гэсэн дүр зураг гарсан.
Тиймээс бид МНТ-г олонд ойлгогдохуйц хэлбэрээр хэвлэсэн. Номыг бүтээхэд Монгол Улсын төрийн соёрхолт, МУ-ын Гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ш.Чоймаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын доктор, профессор Г.Аким, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор М.Баярсайхан, түүхийн ухааны доктор А. Пунсаг тэргүүтэй эрдэмтэн мэргэд, түүхч, орчуулагч, судлаачид оролцсон.
-Номондоо хэний хөрвүүлгийг ашигласан бэ. Мөн 2,000 орчим эртний үг хэллэгийг тайлбарласан гэж байсан?
-Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа гуайн хөрвүүлгийг бид эхээ болгож ашигласан. Нэлээн сайн хөрвүүлэг гэж эрдэмтэн судлаачид үздэг юм билээ. Ш. Чоймаа багш энэ хөрвүүлэг дээрээ нэмээд эртний, мартагдах шахсан мянга гаруй үгийн тайлбартайгаар гаргасан байдаг. Манай эрдэмтдийн баг үүн дээр нэмж мянга гаруй үгий тайлбарыг оруулсан. 
Бид орчин цагийн хүмүүсийн яаруу, завгүй хэмнэлд тохируулаад МНТ-ныхоо текстийг 365 хоногт хуваагаад өдөрт гурваас, дөрвөн хурууны зайтай л текст уншихаар бэлтгэсэн. Тэр жижиг текстэд орсон ойлгогдохгүй эртний хэллэгийн тайлбар нь доор нь байгаа. Ерөнхийдөө хүн өдөрт 5-10 минут зарцуулахаар л хийсэн. 
НОМЫН БОРЛУУЛАЛТАД НОМ БҮТЭЭЛЦСЭН БҮРЭЛДЭХҮҮН ИХ НӨЛӨӨЛСӨН
-Гол онцлогийг нь дизайны шийдэл гэж хэлж болохоор юм шиг байна. Нууц биш бол борлуулалт хэр байна?
-Хүмүүс эргээд бидэнд ярьж байна л даа. “Бид гэр бүлээрээ уншаад эхэлчихсэн. Их зүгээр юм аа. Эхлээд эхээ уншаад дараа нь тайлбараа уншиж судалж байгаа” гэсэн. Тэрийг нь сонсоод их урамтай байгаа. Заавал 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэл гэсэн үг биш. Эхэлсэн өдрөөсөө хойш яг нэг жилийн хугацаанд уншиж дуусах зохион байгуулалттай. 
Борлуулалт маш сайн байгаа. Интерномд долоо хоногийн дотор хамгийн гүйлгээ  сайтай ном буюу бестселлерын жагсаалтад шууд зургаадугаар байранд орсон байна лээ. Бусад номын дэлгүүрүүд манай дээр зараач гэсэн хүсэлт тавьсан. Номын борлуулалтад номыг бүтээлцсэн бүрэлдэхүүн их нөлөөлсөн. Мөн жүжигчин Б.Амарсайханы тоглосон шторк сошиал сүлжээний хэрэглэгчдэд их нөлөө үзүүлсэн гэх мэт олон шалтгаантай байх. 
-Олон салбарын эрдэмтэд гар бие оролцсон гэдэг утгаараа нэлээн чамбай бүтээл болсон гэж дүгнэх хүмүүс байна. Эрдэмтдийн оролцооны тухайд?
-Монголын Нууц Товчоо сангийн удирдах зөвлөлийн гишүүд болох нэртэй эрдэмтэд оролцсон. Эрдэмтдийг бид зүгээр нэг оролцуулаагүй. Түүхэн талаас нь, хэл судлалын талаас, зан заншлын талаас гээд үгсийн тайлбар дээр бүх талаас нь ажиллуулсан. 
-2,000 гаруй үгийн талаар эрдэмтэн М.Баярсайхан жишээ авч ярьсан байсан. Жишээ нь үлд гэдэг үгийг илд гэсэн утгатай гээд. Тайлбарт орсон зарим үгнээс нь жишээ татвал?
-Жишээ болгоод номонд “ач” гэдэг үгийг хэрхэн тайлбарласан тухай ойлголт өгье. МНТ-д гарч байгаа ач гэдэг үг нь хариу гэсэн утгаар илэрхийлэгдсэн байдаг.  Ачийг хариулах гэвэл дан ганц сайн утгатай биш л дээ. Муу ачийг хариулах гэдэг нь өс авах гэсэн утга илэрхийлж байгаа. Энэ мэт сонирхолтой үгсийн тайлбар байгаа. 
-Номоо түгээх хэлбэрүүдээ цаашид хэрхэн өргөжүүлэх вэ. Гадны олон хэл дээр хэвлэнэ гэж сонссон. Мөн ухаалаг утасны аппликейшн болж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?
-Ухаалаг гар утасны аппликейшн болгох ажилдаа бид орчихсон явж байна. Хүн бүрт хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байдлаар хийгдэх энэхүү аппликейшнээ бид наадмын өмнө юм уу дараа нь гаргана. Дараа нь монгол бичгээр гаргана. Эх нь бараг бэлэн болчихсон. Мөн франц, япон, англи хэлээр гаргана. Гэхдээ тухайн хэл дээрээ үгсийн тайлбар нь өөр өөр байх учраас нэлээн цаг авна. Бид хараахан эхлээгүй байгаа.
Бидний дараагийн ажил МНТ-оор зурагт тайлбар толь гаргах гэж байгаа. Үг үсэг, газар ус, зан заншлын тайлбартай. Хэр зузаан болохыг нь бид мэдэхгүй ч ийм толь гаргахаар шийдсэн. 
Мөн МонголHD ТВ-тэй хамтарч өдөр болгон нэг хэсгийг нь телевизээр уншуулах гэж байна. 365 хоногийн дараа DVD болгоод гадаадад буй монголчууддаа явуулна. Гадаадад төрж, өсөж буй цагаач, шинэ үеийн Монголчууд монголоороо ярьж чадахгүй, ёс заншлаа мэдэхгүй болчихсон байна.
Манайхан гадаадад гарсан Монголчуудаа тоолохдоо зөвхөн гадаад паспорт авч, тухайн улсын виз даруулсан иргэдээ л хамруулдаг болохоос бус гадаадад төрж буй иргэдээ тоолдоггүй. Гэтэл тэд маань жил ирэх тусам хэдэн мянгаараа төрж байна. Тэр монгол цустай, монгол төрхтэй “гадаад” иргэдийг бид яагаад ч гадаад сэтгэлгээтэй болгож боломгүй. 
-Зурагт тайлбарын зургуудыг хэрхэн судалж байгаа вэ. Тухайн үеийн зургууд бараг байдаггүй шүү дээ?
-Бид эрдэмтдээ түшиглэнэ. Манай эрдэмтэд энэ номыг насаараа судалчихсан, асар их судалгааны материалтай байгаа. Энэ материалуудыг эрдэм шинжилгээний бүтээлээс эгэл уншигчдад зориулан боловсруулаад гаргана л гэсэн үг. Судалгааны бүтээлээс нийтэд зориулсан бүтээл болгож байгаа юм.
БИД ӨӨРСДИЙГӨӨ ЖИЖИГХЭН ГЭЖ БОДОХ ШААРДЛАГАГҮЙ
-Энэ олон ажлыг хийхээр зориглосон “Монголын Нууц Товчоо сан”-гийн тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Яагаад энэхүү санг үүсгэн байгуулах болов?
-Монголын түүхээр хоосон цэцэрхэхээс илүү сайн мэдье, мэдээд барахгүй түүнийгээ бусдад харуулдаг баймаар байна. Бидэнд санаа зовоосон асуудлууд зөндөө бий. Тиймээс бодитой зүйл хийе. 
Холливууд биднийг сонирхож байгаа нь үнэн юм бол монгол хүний зохиолоор, монгол найруулгатай, монгол хөгжмийн зохиолчид оролцсон тийм бүтээл гаргая гэж хүссэн. Яагаад гэхээр Хятадын төрийн оролцоотой “China Film Group”  корпораци Хятадын үндэсний супер-баатар бүтээх хэдэн тэрбум юаны төсөл хэрэгжүүлж байна. Киноноос өгсүүлээд л ном зохиол, хүүхэлдэйн кино, аппликейшн цаашлаад мерчандайз болгох төслөө эхэлчихлээ. Энэхүү баатраараа Чингис хааныг сонгочихож. 
Дахиад Чингис хааны тухай 60 гаруй ангитай кино хийж байна. Холливуудад мөн Чингис хааны тухай кино хийх санхүүжилтээ батлаад “Чингис Хааны Эрдэнэс” хэмээх 3D кино хийхээр Марвел студио буюу бидний сайн мэдэх болсон Spiderman, Hulk, X-Men зэрэг киног продюсерлосон Ави Арадтай гэрээ байгуулчихлаа.  Чингис хаан маань Хятадын баатар болж, бараа бүтээгдэхүүн нь зарагдах гэж байна. Энэ бол ганцхан жишээ.
Бид нар тэдэнтэй өрсөлдөхөөс илүү өрсөх хэрэгтэй болчихоод байна. Өрсөлдөх үнэхээр хэцүү. Учир нь цаанаас нь бодлоготойгоор хэдэн тэрбум доллар хаяад байгаа учраас юу л бол юу л хийж чадна. Бид харин өрсөж чадна.
Гадаадын үзэгчдэд Чингис хаан бол монгол хаан гэж батлах шиг амархан зүйл үгүй. Тэртэй тэргүй монгол ахуй, монгол газар нутаг, зан заншил, дуу хуур, өв соёл бүхнээс тэрхүү үнэр үнэртэх тул санаа зовохгүй байна. Харин цаг алдалгүй тэдэнд “үнэртүүлэх” л хэрэгтэй. Ингэхийн тулд төр засаг нь түмэн олонтойгоо хамжиж, түүх соёлоо дэлхий дахинд тунхаглах л хэрэгтэй байна.

 http://www.ikon.mn/ 

Monday 16 February 2015

Д.Чойжамц: Бид хүнийхээ тархитай ажиллаад, зүрхийг нь орхиод байна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, Их хамба Д.ЧОЙЖАМЦТАЙ ярилцлаа.
198-Удахгүй Цагаан сар болж хонин жил гарах гэж байна. Таныхаар өнгөрч буй морин жил монголчуудад маань ямар жил болж өнгөрөв өө?
-Цагаан сар бол билгэдлийн баяр. Тийм учраас монголчууд бид жилийн сүүлч битүүний өдрөө, бас шинийн 1-нийг ихэд эрхэмлэж амны сайхан билгэ дэмбэрэлээр үдэж, угтдаг заншилтай. Аливаа нэгэн ажлыг туурвихдаа эхлэлийг сайхан тавьж, зөв төгсгөвөл сайхан бүтдэг гэсэн эртний учир шалтгаан бас байна. Тэр үүднээс нь харвал улирч буй морин жил төр, шашны аль алинд ээлтэй сайхан байлаа. Төр, засгийн хувьд хоёр хөрштэйгөө найрсаг сайхан харилцаж, хоёр их гүрний төрийн тэргүүн нар айлчиллаа. Олон улсын тавцанд Монголын минь нэр сайнаар олонтаа гарч, олон улсын хэмжээний том хурлыг Улаанбаатарт хийх сайхан чимээ гарч байна. Энэ бүхэн бол биднийг дэлхий тоож, дэлхий ойлгож үздэг болсны нэг илрэл. Тэрнээс гадна сайхан, сайхан бүтээн байгуулалтууд энд тэндгүй явж байна. Жишээ нь, би өнгөрсөн шөнө гадаадаас ирлээ л дээ. Нисэхээс наашаа ирэхэд зам сайхан болж, зун Хүй долоон худаг явахад бас ийм сайхан өргөн замтай болсон байсан. Хөдөө орон нутагт, Өмнөговьд очиход Тавантолгой орчимд нүүрс угаах үйлдвэр, орчин үеийн тохилог сайхан хороолол сүндэрлүүлсэн байна.
Энэ жил бид гурван саяулаа болж, малын тоо толгой 51 саяас давлаа. Тариа будаагаа бүтээн сайхан хураагаад авчихлаа. Айхтар ган зуд болсонгүй. Цаашдаа чадвал бүгдийг, эс чадвал гурван сая хүнийхээ амьдралд хэрэгтэй бүхнийг эх орондоо, дотоодынхоо хүчээр хийчихдэг болчихвол мөн ч сайхан даа л гэж бодож байна.

-Шашин номын талдаа ямар бүтээн байгуулалттай, онцлогтой жил болов оо?
-Шашны хувьд сүсэгтэн олон, ард түмэндээ хандсан үйл ажиллагаа нэлээн явуулъя гэж бодсон. Тэр хэмжээндээ ажиллаж чадлаа. Жишээ нь, амьдралдаа алдсан, тэрнийхээ шийтгэлийг хүлээж шорон оронд байгаа, оноосон ялыг нь эдлээд гараад ирсэн зарим нэгэндээ дахиж алдахгүй байхад тус дэм болог гэж явж цуврал лекцүүд уншлаа. Дугуйлан, бясалгал хийдэг болж энэ ажил маань жигдэрлээ.
Бурхны шашин бол уламжлалт зан заншлыг ихэд дээдэлдэг. Тийм учраас бие биедээ эвтэй, ёс зүйтэй байх, зөв амьдрах, сэтгэлийн дотоод сэдлээ зөв удирдах талд нь яриа их хийж байна. Хамгийн сүүлд манайхан Дарханд ажиллаад ирлээ. Би өөрөө хэд хэдэн аймгаар явсан. Олон мянган багш, эмч оюутнуудад яриа хийлээ. Эмнэлэгүүдтэй хамтарч ажиллаж байна. Цагаан даваа зэрэг хогийн цэг дээр амьдарч байгаа, тэндээс амьдралаа залгуулдаг хэсэгтэйгээ тогтмол уулзаж яриа таниулга хийдэг боллоо. Тэдэнд зөвхөн өглөг өгөх төдийгөөр биш, ирээдүйн амьдралд нь гэрэл гэгээ байгааг мэдрүүлэх, ойлгуулахын тулд оюун ухаанд нь нэмэр болж байна. Өмнө эхлүүлсэн 120 хүүхдийн цэцэрлэг, Асрамжийн газрынхаа ажлыг жигдлэх гээд хэрэндээ зүтгэж байна. Лам хүүхэд гэхээрээ л дан бурхны ном үзээд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлээс хоцорч болохгүй. Эрдэнэзууд 10жилийн сургалттай сургууль байгууллаа, улсынхаа хөрөнгөөр.

-Бас эндээ шинэ хийд барьж байгаа юм байна.
-Монголын бурхан шашинтны төв гэдэг утгаараа Гандан хийд маань Монголын нийт лам нарынхаа цогчин дуганыг барьж байна. Төр засаг ч дэмжиж тусалж байгаа.

-Хэзээ ашиглалтад орох уу?
-Хоёр жилийн дараа л болов уу. Ямарч гэсэн ирэх жилдээ багтаад гадна талыг нь дуусгана. Дотор талдаа их ажилтай. Дараа нь бурхан шүтээнээ зална гээд цаг хугацаа шаардсан нөр их ажил бий дээ, хө. Хажуугаар нь бид Энэтхэгт бурхан багшийн гэгээрсэн газарт гурван давхар сүм барьж дуусгалаа. Одоо дотор талыг нь янзлах цэгцлэх, засч тохинуулах, бурхан шүтээнээ залах ажил ид явж байна. Гурван сайхан бизнесмэн тусалж дэмжиж байгаа. Энэ ондоо багтаад нээлтээ хийчих санаатай байна. Бас Балбад бурхны шашинтай бүх улс сүм хийд байгуулж харилцан туршлага судалдаг. Тэнд нэг сүмийн барилга эхлүүлэх санаатай байна.

-2015 оны улсын төсөв хэлэлцэж байх үеэр Ганданд мөнгө өглөө, хэрэггүй хөрөнгө оруулалт гэх үг их гарсан, та сонссон биз дээ?
– Ойлголтын зөрүү л байсан юм болов уу даа. Лам нар бол Монголын ард түмний л нэг хэсэг. Тэд бусадтай адилхан л эрх эдлэх учиртай. Үндсэн хуулийн агуулгаар яривал амьд явах, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй. Нөгөө талаас энэ дуганыг ганц Ганданд юмуу, одоо энд байгаа хэдэн лам нарт зориулж барьж өгөх гээд байгаа юм биш шүү дээ. Энэ бол нийт иргэдийнхээ шүтэх эрх чөлөөг дэмжсэн хөрөнгө оруулалт, мөн бүх сүм хийд, ном судар бурхан шүтээнийг нь устгаж, чадалтай лам нарыг нь хороож боловсон хүчингүй болгосон хэлмэгдлийн үеийн гэмээ бас бодож үзсэн шийдвэр байх. Нөгөө талаас ард түмнийхээ амь настайгаа дүйцүүлэн хадгалж хамгаалж ирсэн бурхан шүтээнийг орчин цагийн байр савтай болгож байгаа хэрэг юм. Алдаж асгачихгүй юмсан гэж зүтгэж ирсэн энэ үнэт зүйлсийг хамгаалах байр савтай болгочихвол ард түмэн, гадна дотнынхонд үзүүлж харуулах хэрэгтэй. Шинэ дугандаа музей байгуулах санаатай. Энэ мэт шалтгааныг бодолцоод засаг төр маань нэг сайхан дуган барьж өгч байгаа юм. Тэр нь энэ л дээ /цонх руугаа харж гадаахийг заав/

-Үүнээс гадна монголчуудын олонхи нь шүтдэг шашныг төрөөс бодлогооор дэмжих хэрэгтэй биз дээ. Сүүлд орж ирсэн нь илүү сайхан байшин барилгатай л байх юм?
-Ерөнхийдөө жаахан бодолтой ярих ёстой юм. Бурхны шашин бол Монголд хэдэн зууны турш байж, ард түмний амьдрал хэвшилд шингэсэн шашин. Гэтэл шинээр орж ирж байгаанууд нь хамгийн сайхан байршилтай газарт жигтэйхэн том том байшин барьчихсан юм. Зөвшөөрлийг нь төр засаг л өгч байгаа. Гэтэл өөрийнх нь уламжлалт шашны төв аль XYII зууны үед барьсан, шарилын сүмд 1944 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгааг сайн бодож үзэх л хэрэгтэй. Бас ажиглаад байхад бурхны шашны хийдүүдэд тохь муутай, жалгын хажууд, эрэг довон дээр газар өгөх юм. Ямар учиртай байдаг юм бол доо. Иргэдийнхээ шүтэх бишрэх эрхийг хангахад төр анхаарах ч ёстой юм. Оросын төр том байшин бариад хүлээлгээд л өгч байсан, Хятадад гэхэд хуучин сүм хийдүүдийг нь сайхан сэргээгээд өгч байна. Хэрвээ бололцоотой бол бид өөрөөсөө гаргаад барилгүй яах вэ. Даанч алга. Төрийг төлөөлсөн хэн нэгэн ирээд та бүхэн болж байна уу, яаж хүргэж байна, шинэ дуганаа өөрсдөө барьж дийлэхгүй юу гэж асуухын оронд шалга, хяна л гэх юм. Бид чинь 11, 12 төрлийн татвар төлдөг, засаг төрд орлого нь ил байдаг айл л даа. Гэтэл шүтэх эрх чөлөөг дээдэлсэн гадаадын зарим оронд шашны байгууллагаа татвараас чөлөөлдөг л юм билээ. Манайх бол татаж л яваа.

-Ганц орлого нь сүсэгтнүүдийн хандив уу?
-Гол орлого нь тэр л дээ. Дан тэрүүгээрээ амьдрахад улам л хэцүү болж байна. Бусдын сайн сайхны төлөө үйлчлэх ёстой шашны байгууллага хөдлөх болгондоо сүсэгтнүүдээсээ төлбөр хураамж нэхээд байж болохгүй. Гэхдээ л хажуугаар нь орлого олох янз бүрийн менежмент хийсний хүчинд хүргэж л байна. 800 гаруй хүн, 15-16 салбар сургууль, дацангуудаа тэжээж дөнгөх төдийнхөнтэй л явна. Шашны дунд, их сургууль, жүд дацангийн сургууль, уламжлалт анагаах ухааны болон гүн ухааны сургууль, цэцэрлэг гээд ихэнх орлого маань сургууль, сургалтын зардалд явчихдаг. Гандан л гэхээр хуучнаараа сэтгэж, шар хэрэм дотор ном уншиж суугаа хэдэн лам нар биш шүү дээ.

-Манайх өмнөх нийгмийн үед ганц намтай байсан шиг ганц шашинтай явж ирсэн. Одоо янз бүрийн урсгалууд орж ирж байна. Таны хэлж байгаагаар байшин сав, орчин нь илүү бололтой юм. Ингэлээ гээд бурхны шашныг шүтэх сүсэгтнүүдийн тоо буурч байна уу. Та бүхэн сүсэгтнүүдийнхээ тоог хадгалж үлдэх тал дээр хэр анхаардаг вэ?
-Шүтэж бишрэх эрх нь хувь хүний сонголт. Тэр сонголтыг хүндэтгэх учиртай. Ерөнхий дүн нурууг нь аваад үзэхэд уламжлалт бурхны шашнаа шүтэгчдийн тоо жилээс жилд улам л нэмэгдээд л байх шиг харагддаг юм. Гандан, хийдүүдэд ирж байгаа сүсэгтнүүдийг харахаар нас нь залуужиж байна. Хуучны, шүтлэгтэй хөгшид нь хөөрхий, цөөрч л байгаа байх. Манай улсын хүн ам ч залуужиж байна. Тэгээд тэр үү, шашингүй явна гэж байсан ойлголт эргэж буцаж байгаа нь тэр үү ямарч гэсэн бурхны шашнаа шүтэх сүсэгтнүүдийн тоо нэмэгдэх, хүндлэх, бясалгал энэ тэр хийж байгаа нь сүрхий харагддаг юм. Ер нь уламжлалт шашин бол онцгой ач холбогдолтой, бодож анхаарч үзэх л ёстой асуудал. Далай багшийн нэг яриа байдаг юм. Гэр бүлээрээ христосын шашинтай нэг хүн бурхны шашинд орж л дээ. Гэхдээ зүрх сэтгэлд нь, хамт байгаа гэр бүл нь христосын шашинтай учраас нэг л болж өгөхгүй байж. Тэгээд Далай багшид очоод “уг нь даанч сайхан номтой юм, хойд насанд минь намайг буддист болгож өгөөрэй” гэж гуйсан гэдэг юм. Тэгэхээр ямарч хүний уламжлалт шашин бол зүрх сэтгэлд нь байдаг, улсын тусгаар тогтнол, дархлаанд ч нөлөө үзүүлдэг чухал бөгөөд үнэ цэнтэй зүйл л дээ.

-Ер нь монгол хүн яагаад заавал бурхны шашин шүтэх ёстой вэ, энд ямар нэгэн учир шалтгаан гэж байна уу?
-Би хэлдэг юм. Шашин ном дэлгэрнэ гэдэг нэг талаас тухайн ард түмний сонголт, нөгөө талаас улс орны түүхийн явц байдаг гэж. Манай монголчууд дайчин омголон, сэргэлэн, чадвар сайтай ард түмэн. Хүннүгийн үеэс л тийм байсан. Тэр үеэс эхлээд их бага хаад гээд тоолбол ардын засаг дэлгэрэх хүртэлх түүхийн бүх үеийг харахад бөөтэй явсан жаахан, жаахан зурвас үе байсан ч гэлээ нийгмийн сүрхий сүрхий үедээ дандаа л бурхны шашныг авч явсан байдаг юм. Тийм л түүх харагддаг. Бид гурван үеийн дэлгэрэлт гэж ярьдаг л даа. Тэдгээрийн аль ч үед бурхны шашныг аваагүй төр гэж байгаагүй, манайд . Энэ талаас нь харвал түүхийн явцаар буцаж дэлгэрэх нийгмийн захиалга байгаа юм болов уу даа гэж харагддаг.

-Бөө, бурхны шашин хоёр яаж харилцаж явах ёстой вэ?
– Бөөгийн олон сайн сайхан зан үйл бурхны шашинд ч бий. Уул овоогоо тахидаг, гал усандаа бузар оруулдаггүй зэргээр адил зүйлүүд олонтой. Шашны зарим ийм зан үйл нь ард түмний дунд ариун ёс болоод үлдсэн. Тийм учраас бөө, бурхны шашин хоёр бие биеэ үгүйсгэдэггүй . Үгүйсгэдэггүй учраас сүүлдээ, бурхны шашинтай цагийн зүгийн бөө гэдэг нь олон болсон л доо.
-Цагаан зүгийн бөө гэдэг нь ямар хүмүүс вэ?
-Бурхны шашнаа шүтдэг, тэгээд хааяа онгодоо буухаар бөөлдөг улс л даа. Гэхдээ их цөөхөн, нэг нутаг хошуунд ганц хоёр, түүнээс олон байгаагүй л гэдэг.

-Гэтэл манайд хэдэн жилийн өмнөөс эхлээд их олон бөө төрлөө. Бараг айл болгонд байна гэх юм. Үнэхээр онгод нь ороод байна уу, нийгмийн хандлага уу, эсвэл бөөг бизнес болгочихов уу?
-Үнэнийг хэлэхэд нийгмийн үзэгдэл талдаа шүү. Бөөгийн онгод дээр үеэсээ тэгж хүн болгонд, айл бүрт ирээд, төрөөд байдаггүй л байсан. Ер нь ямар ч хүнд, юу ч оршиж болно. Тэгэхдээ оршсон болгон, оршсон төдийд бөө болчихлоо гэж үзэхэд хэцүү л дээ. Тэгэхээр ингэж хэтэрхий туйлшрах нь бөөд өөрт нь халтай. Ард түмэн ухаантай учраас шүүгээд аль нь жинхэнэ бөө, аль нь хуурамч бөөг ялгаад ирнэ. Тэр цагт бөөгийн нэр хүнд нийтээрээ унана.

-Зарим нь бөө болох гэж, зарим нь бөөгөөр аргалуулах гэж байна гээд их л мөнгө төгрөг зарцуулдаг тухай дуулдах юм. Бөө болоход үнэхээр тийм их мөнгө төгрөг хэрэгтэй байдаг юм уу?
-Харин аман яриа, зарим хэвлэлээс харвал хамаг мөнгө цаасаа барсан, унаа тэргээ зарж бөө болж байна л гэх юм. Хэрвээ үнэн бол энэ буруу. Ямарч шашин мөнгө цаас хөөж дэлгэрдэггүй юм. Бөөг шашин биш, мөргөл гэдэг дээ. Тэгэхдээ л манай улсад арай ч ингэж санхүүгийн утга хөөж дэлгэрээгүй байх аа. Байгаагүй л болов уу. Бөө нар маань энэ талын юмаа өөрсдөө бодож үзүүштэй л юм.

-Христийн шашин хүмүүсийг хооллодог, сургалт хийж архи дарснаас гаргадаг. Гэтэл манай шашин болохоор зөвхөн ном уншиж хурал хурахаас хэтрэхгүй байна гэх хүмүүс байдаг. Сая төсвийн үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс ч ийм яриа гарсан.
-Шашнуудын ялгаа л даа. Бидний номлолоо болгодог Бодь мөрийн зэрэгт “өөрийнхөө хийж байгаа ажлыг мундаг гэж шашиндаа хүн татаж болохгүй” гэж сургасан байдаг юм. Би ийм ядуу хүнд ингэж тусаллаа гэж гайхуулах маягаар бусдыг шашиндаа татаж болохгүй гэсэн номтой юм. Тэр зарчмаараа, ер нь юу ч хийсэн бурхны шашин бол хамгийн бага сурталчилгаатай нь. Хаана ч тийм байдаг. Бид ч тэр зарчмаа барьдаг.
Хоёрдугаарт, мэдэхгүйгээр биднийг хамаагүй тэгж хэлж болохгүй л дээ. Ер нь сүүлийн үед ганц УИХ-ын гишүүд ч биш, монголчууд бид өөрөө цээжиндээ бодсондоо итгэчихээд, тэрийгээ үнэн мэт яриад байдаг болж. Гэтэл хүн төрөлхтөн л юм чинь амьдралын янз бүрийн өнгө дотор хүн бүр өөр өөрийнхөө ажлыг хэр хэмжээндээ хийгээд амьдарч байгаа. Тэр болгоныг өөрийнхөө бодсоноор жишээд, эсвэл өөрийнхөө амьдралаар бодоод “тэр тэгсэн л байх, тийм л байх” гэж тааж яриад байвал тэс зөрүү дүр зураг гарна. Жишээ нь, нийгмийн нэг хэсгээсээ тасраад баян тарган болоод тэнд бараг тусгаарлагдан амьдарч байгаа улсууд, энд үхрийн зүрх хувааж аваад өл залгуулан амь зууж байгаа хэсгээ яаж бүрэн ойлгохов дээ. Гэтэл энэ хоёрт идэж хэрэглэж, өмсч зүүж байгаа нь, сууж байгаа орон байр нь л хэтэрхий ялгаатай болохоос махан бие, бурхны өмнөх заяа төөрөг нь адилхан шүү дээ. Үүн шиг Гандан хийдээр ганц орж гарч бидний юу хийдгийг огт мэдээгүй байж мэддэг юм шиг тэгж хэлэх нь буруу л гэж боддог. Бид ч гэсэн УИХ-ын гишүүдээ юу ч хийдэггүй, хөгжилтэй орнуудын парламент шиг ажиллахгүй байна, ард түмнээ сайхан амьдруулахгүй байна гээд л яривал эцэс төгсгөлгүй л маргаан болно шүү дээ. Үүний оронд өөр өөрийнхөө хэмжээнд хийх ёстойгоо хийгээд хэр хэмжээнд ажиллаж байгаагаа харилцан ойлгож эв түнжинтэй явах нь хамгийн чухал юм. Ер нь лам нарт талархаж ирдэг хүн их олон л доо. Бясалгал сургалт, сүсэгтний холбоо, гүрэм дором, архины хор гэмийг ойлгуулж архинаас гаргалаа, сайн сайханд хүргэлээ гэх зэргээр ирдэг хүн маш олон шүү дээ.

-Уншуулсан номын хүч гэж байна биз дээ?
-Байлгүй яах вэ. Итгэл, бишрэл байгаа л бол номын хүч ямагт байдаг. 

-Хүн буруу үйлдэл, хулгай хийчихээд түүнийгээ лам нараар ном уншуулж засуулна гэх юм . Тийм үйлдэлд номын хүч үйлчлэх үү?
-Буруу зүйл хийсэн хүн сүм хийдэд ирж тэрийгээ наминчилж яагаад болохгүй гэж. Би ийм нэг буруу юм хийчихлээ, яадаг билээ, энэ нь гэр бүл, найз нөхдөд минь муугаар тусахгүй байгаа даа гэж гэмээ наминчилж яваа хүнийг өөрийнхөө хэргийг дарах гэж, цайруулахаар явна гэж буруу ойлгож болохгүй. Буруу үйлээ зөв болгох гэж биш, буруу хийсэн алдаагаа наминчилж яваа юм. Тэгж наминчилж явна гэдэг бол тэр хүн засарч, засрах гэж яваагийн шинж. Тэр хүний дотоод сэтгэл, итгэл үнэмшилд тогтож байгаа зөв хандлагыг харин замын дундаас гуйвуулбал гуйвуулсан хүнд л муу. Цаад хүнийх нь нүгэл ч ирж болно. Түүнээс бус, лам мөнгийг нь аваад л “би ийм ном уншаад хэргийг чинь цайруулаад өгье” гэдэг юм байхгүй шүү дээ.

-Саяхан нэгэн занданшуулсан шарил олдож монголчуудыг битгий хэл, дэлхийд шуугиан тарилаа. Энэ ямар учиртай эд вэ, та мэдэж байсан уу?
-Зүгээр ердийн махан бие бол хэдхэн хоноод л өмхийрчихнө. Саяын олдсон шиг шарилыг дотроо сүнстэй, сүнс нь бясалгалд байгаа гэж үздэг. Шашиндаа бол энгийндүү маягийн, шашинтай газруудад байдаг зүйл. Манайд бол нэлээн хэд гарч ирэх байх гэж би боддог юм. Ардын засаг гарч, түрүүчийн нийгэмд шашин соёлыг устгаж байгаа тэр үед чадалтай, чадалтай лам нар өнгөрөхдөө бясалгалд суугаад “энэ нийгэм 70, 80-аад жил болоод өөрчлөгдөх юмаа, шашин соёл ахин дэлгэрсэн цагт намайг тэгж гаргаарай, ингэж гаргаарай” гэсэн лүндэн байдаг. Тэрний нэг нь Буриадаас гарсан Итгэлт хамба л даа. Тэр бол 75 жилийн дараа гаргаарай гэсэн байгаа юм. Намайг 19-хөн настай лам болж байх үед Гандангийн өвгөд итгэлтэй улсууддаа нууцаар хэлдэг байсан. Гандангийн шар хэрэмний зүүн хойд тал руу нэг тийм юм бий шүү, шороо овоолчихсон мэт жаахан овгордуу газар бий, дээгүүр нь битгий гишгэж байгаарай, дор нь бясалгалын хүн байдаг юмаа гэж хэлдэг байсан. Манай Цэвээндорж энийг бас мэдэж байна лээ. Багш нь айлдаж байсан юм гэнэ. Тэгээд бид нар гишгэдэггүй байсан. Сүүлд хараад байхнээ тэр багцаанд л зам тавьчихсан шиг харагддаг юм.

-Саяын шарил тэдний нэг нь үү?
-Эхлээд хоёр гурван янзын таамаг байсан л даа. Сураг нь анх гарахад “тэр биш байгаа даа, бурхан минь” гэж би дотроо бодож сүсэглэж байсан. Бясалгалаар өөрийгөө ингэж авч үлддэг, бас занданшуулдаг нь тодорхой ёс заншилтай байсан. Жишээ нь, муу юм дэлгэрээд байсан газарт тэр мууг нь хааж ихэс дээдсийн шарилыг залдаг ёс байсан. Тэгж залснаас хойш тэр хавьд байгалийн болоод цаг бусын гамшгууд амирлаж байсан талтай газрууд байдаг юм. Орон нутгийн улсууд энийг илүү сайн мэдэрдэг л дээ. Тэрний нэг юм болов уу даа гэж бодож байсан, тэр шиг л байна лээ. Нутгийн улсууд, хянаж шалгадаг хүмүүс очсон, бид ч өөрсдийн шугамаар нягталж үзсэн л дээ. Одоо буцаагаад сайхан залах хэрэгтэй гэж бодож байгаа. Чөлөөтэй сайхан цаг учраас засаг төр ч анхаараад, нэгэнт дэлхий дахинд мэдээлэгдэж, BBC-гээр хүртэл мэдээ нь гарчихсан болохоор буцаагаад нэг хайрцаг саванд нуух биш, Буриадын Итгэлт хамба шиг дуган, шилэн хоргонд залаад, эргэж мөргөдөг улс нь очдог, гадна дотнын улсууд ирж хардаг тийм болоосой л гэж залбирч сууна.

-Яг тэр хүнийх, ийм хүнийх гэж нарийн тогтоосон уу. Пүрэвбат лам нэг хүний нэр хэлсэн байна лээ?
-Байгаа, байгаа. Энэ талаар ажиллаач гэж Пүрэвбат ламд би айлдсан юм. Өөрөө бурхны зураг урлалд сайн, энэ талаар мэргэшсэн хүн шүү дээ. Пүрэвбат ламын хэлж ярьж байгаа нэр ус мөн л дөө.

-Та сүүлийн үед их олон газраар явж лекц уншдаг болжээ. Дан ганц шашнаа яриад явахгүй биз дээ?
-Бурхны шашнаа одоо хоёр хувааж болмоор байгаа юм. Нэг нь цэвэр сүсэг бишрэл ярьдаг. Нөгөөх нь амьдралын учир шалтгаан ярьдаг. Манай шашны номуудад дандаа л амьдралын өчнөөн мянган сургаалиуд байгаа юм ш дээ. Тэрэн дээрээ суурилаад бид хот хөдөөгүй их явж яриа таниулга хийж байгаа. Энд шашнаасаа илүүтэй уламжлалт зан заншил, соёл, түүнийгээ яаж хадгалах, бие биетэйгээ яаж эвтэй түнжинтэй байх тухай л ярьдаг юм. Хэрвээ чадал, жаахан бяд суугаад ирвэл Монголын ард түмийнхээ оюун санаа, зүрх сэтгэл рүү хандсан энэ ажлаа бид нэлээд томоор, өргөн далайцтай хийхийг бодож байгаа даа.

-Голдуу юу гэж сургах вэ?
-Монгол Улс маань, ер нь бид боловсролын тал дээр бол болж байнаа. Хүндээ эдийн засагч, химич физикч, нярав нягтлан гээд мэргэжлийн боловсрол олгож чадаж байна. Тэдгээр хүмүүс нь мэргэжлээрээ ажиллаад улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж л байна. Билгийн тал буюу эрхтнээр бол тархийг бол бид хөгжүүлж чадаад байдаг. Харин аргын тал буюу зүрхийг хөгжүүлж чадахгүй, тас орхиод явна.  Энэ буруу. Энэ нь юу юм гэхээр эв нэгдэл, хайр энэрэл, нигүүлсэл, асрал, өршөөж уучилж чаддаг уужуу ухаан юм. Энэ бүхэн орхигдсон учраас хэчнээн мундаг боловсролтой ч, хүнийг хайрлах нинжин сэтгэлгүй, хүнийг уучилж чаддаг өгөөмөр сэтгэл байхгүйгээсээ болоод ганцхан хувиа бодсон л хүн болж төлөвшиж байна. Энэ нь явсаар улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлж ч болзошгүй. Жишээ нь, хувь хүн хэрэгцээнээсээ хэдэн мянга дахин баяжаад ганц л насанд амьдарна. Сайн л бол 85, 90, бүр сайн бол 100 л хүрнэ. Энэ хооронд, зуухан наслахын төлөө, хэрэгцээнээсээ давсан хэдэн мянган жилийн юм хуримтлуулахын тулд өөртэйгөө л адилхан ирсэн махан биетэй бусдыгаа хөнөөж, амьдралыг нь хорлож хохироож явах нь эцсийн бүлэгтээ ердөө л уйтгар гуниг.  Үхэхийн цагт өөрийнхөө энэ насыг хойд настайгаа хамт баллачихаж байгаа хэрэг юм. Гэтэл хөгжсөн улс орнуудад тэр олж цуглуулсан юмаараа үйлдвэр завод байгуулж, тэрийгээ дэлхийн хэмжээнд гаргаж олон мянган хүнийг ажлын байраар хангаж цалин пүнлүү өгч, өгөөж нь улсын хэмжээнд гарч байдаг. Өнөөдөр Монголд төсвийн хөрөнгөөр 200-300 мянган хүнийг л тэжээж байгаа биз дээ. Бусад үлдсэнийг нь нээлттэй нийгэмд бол хувийн хэвшил л хийх ёстой. Хувийн хэвшилд ажиллаж, бусдыгаа тэжээж байгаа тэр ухаалаг, тэнхээлэг хүмүүст талархахын дээдээр талархахаас өөр аргагүй. Харин улсынхаа өмчийг бултуулж авчихаад, эсвэл бусдын хөдөлмөрт нь дүйцэх цалин өгөхгүй үргэлж шулж хөлжөөд явбал энэн шиг гутамшиг байхгүй. Тэр гутамшиг нь энэ насаа ч, хойд насаа ч хорлосноор илэрнэ. Энэ бүхэн нь нигүүсэл, хайр, энэрэл, өршөөл уучлал, бусаддаа тусалдаг, ядуу зүдүүгээ дээшээ татдаг, сайхан амьдралтай болгохын төлөө зүтгэдэг, бусадтайгаа хамт урагшаа явахыг боддоггүйгээс л болж байгаа юм. Тийм учраас бид аргын тал руу нь, хүний зүрхийг хөгжүүлэх тал руу их ярьдаг, ярих ч ёстой юм.

-Манай өнөөгийн нийгэм тухайлбал, мөнгийг хэт шүтэж байна уу?
-Хүн төрөлхтний зохиосон олон юмны нэг нь мөнгө л дөө. Арилжааны л хэрэгсэл. Ажил хөдөлмөр, наймаа худалдааны үр дүнг илэрхийлсэн санхүүгийн үнэлгээ юм даа. Хүн амьдрахад, идэж хэрэглэх, орон байр, унаа машин гээд харвал мөнгө бол яахын аргагүй хэрэгтэй зүйл. Харин мөнгийг биежүүлж бодох хэрэггүй. Мөнгийг хайр энэрэлээс дээгүүрт тавих, өршөөл уучлалаас илүүд үзэхээр л утгагүй болж байгаа юм. Хүн төрөлхтөн өөрөө энэ бүтээлийнхээ боол болж болохгүй л гэсэн үг. Мөнгөтэй хүн харин ч илүү ухаантай байх ёстой. Хэрвээ ухаангүй, сэтгэлгүй, энэрэлгүй мөнгөтэй хүнтэй учирвал юуных нь хайр, амьдрал байх билээ. Сайхан эдлэл хэрэглэл, сайхан унаа тэрэгтэй л хүн байгаа биз. Гэтэл цаад хүн нь ухаангүй, сэтгэлгүй, энэрэлгүй бол хаана ч гэсэн мөнгөөрөө дээрлэхсэн, ямарч жаргалгүй нэгэн болгоно. Тэгэхээр мөнгөтэй, мөнгөгүй хүний алинд ч сэтгэл, зүрх, ухаан нь илүү байх ёстой. 

-Мэдээж, зүрх сэтгэл, ухаан илүү байх учиртай. Хэдий тийм ч бодит байдал дээр харвал мөнгийг хэт үгүйсгэж бас болохгүй тийм нийгэмд бид амьдарч байна шүү дээ?
-Одоо цагт, эдийн засгийн ийм нийгэмд мөнгөгүй амьдарна гэдэг бүтэмжгүй л дээ. Өөрийнхөө урт нас, аюул авааргүй, барцадгүй сайхан, амар тайван амьдарлаа бодвол өөрийнхөө хэмжээнд таарсан мөнгө цаастай байх нь эрхэм зорилго бөгөөд жаргал. Түүнээс бус, амар тайван амьдарна гээд л зүгээр суугаад ялхайгаад байвал удахгүй л өвчний үүр болно. Зүгээр сууж байгаад жаргалтай амьдарна гэж байхгүй. Хүн төрөлхтөн, сүнстэй болгоны хөдлөх хөдөлгөөн бүр л сайн сайхан амьдралын төлөө байдаг. Өөрийнхөө хэм хэмжээнд амьдрах л сайхан. Харин илүү шунаж, түүнийхээ төлөө бусдыг хайрлахгүй энэрэхгүй, хүнд муу санаж өөртөө дайсан дуудаж, өршөөж уучилж чадахгүй явна гэдэг бол өөрийнхөө амьдралыг л баллаж байгаа хэрэг юм. Мөнгө шүтсэн нийгэм байлаа, байлаа гэхэд тэнд хайр энэрэл, уучлал, эв нэгдэл нь илүү үнэ цэнтэй байдаг. Тэгж чадсан нийгмийн хүн ард нь жаргалтай байдаг. Бид олон оронд явж байгаа. Хөгжилгүй юмшиг мөртлөө жигтэйхэн жаргалтай Бутан зэрэг улс байна ш дээ. Тэнд уламжлалт шашин нь байна, хайр энэрэл, өршөөл уучлал, сэтгэл нь байна, эв нэгдэл нь байна. Уг нь хөгжил дэвшил, зүрх сэтгэлтэй нийгмийн хослуулж бүтээх нь чухал юм даа . Үндсэн хууль хүртэл “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэж эхэлдэг шүү дээ.

-Мөнгөтэй болох, шунах хоёр өөр өөр ойлголт биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Шунана гэдэг бол өөртөө байхгүйг буруу замаар олж авах сэтгэлийг, үйлдлийг хэлж байгаа юм. Байгаадаа сэтгэл ханахгүй, илүү ихийг хүсэхийг “болио мэдэл” ч гэдэг.

-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Өөрийнх нь амьдрал ханамжтай, сайн сайхан байхад л ахиад юм авъя гээд байхыг хэлж байгаа юм. Хуучны үг бий л дээ. Гурван мянган ертөнц гэж. Одоогийнхоор бол галлактик юм уу даа. Хэрвээ шунал чинь улам дэврээд болио мэдэл чинь ханахгүй бол, гурван мянган ертөнцийг өгчихсөн ч цаана нь өөр ертөнц байгаадаа гэж боддог болно гэж байгаа юм. Далайн усыг уусан мэт ч гэдэг. Далайн давстай ус уучихаар ам нь цангаад хатаж үхдэг. Өөрөөр хэлбэл, шуналын сэтгэл гэдэг ийм л ханаж цаддаггүй эд л дээ. Тэгэхээр хүн хэрэгцээгээ шуналын сэдлээр биш, ухаанаараа, хайр энэрэлээр, өршөөл уучлалаар, үнэн зөв хөдөлмөрөөр зохицуулах ёстой юм.

-Таныхаар нийгмийнхээ, хөгжлийнхөө төлөө монголчууд бидний хамгийн түрүүнд ямар алдаагаа засах ёстой вэ?
-Монголчууд бидний хамгийн том алдаа бол их багагүй “дамжуулагч утас” мэт байхаа л болимоор байна. Хүний яриагүйг ярьсан болгож, ярьсныг нь давс хужир нэмж дамжуулах юм. Ингэж дамжуулагч хийдэг сул талыг нь ашиглаж өөрийнхөө санаснаар хөдөлгөдөг, дамжуулагч утас байж амьдардаг хэсэг ч байх юм. Эцсийн дүндээ энэ муу үйл л дээ.

-Хүний амьдралд зам заах гэрэл байж чадахгүй бол ядахдаа амжилтыг нь баллуурдах баллуур битгий бай гэж үг бий шүү дээ?
-Хүний оюун санаа их сонин, бас өвөрмөц. Хэчнээн цаад хүний үгийг дамжуулж байгаа ч гэсэн сонссон хүн нь дамжуулагч хүнд ямар нэгэн хэмжээгээр давхар гомддог. Нэгнээ гомдооно гэдэг муу үйл. Харин сайн мэдээг дамжуулах бол сайн үйл. Бид цаад хүнээсээ сайн мэдээ сонсч байгаа ч гэсэн түүнийг дамжуулж ирсэн хүнд давхар баярладаг. Бүр шагнадаг урамшуулдаг ёс заншилтай. Хэрвээ тэр хүн дамжуулагч баймаар байгаа л бол ядахдаа гэрэл дамжуулдаг байгаач гэмээр байна. Ярих хэлэхээ бодож сэтгэ, тэгээд хэлж ярьж бай. Ялангуяа дээд талын дарга нар. Тэгэхгүйгээр санаанд орсноо, санаатай хэлүүлсэн тэр үйлээрээ маш олон хүнийг гомдооно. Тэр гомдол эргээд өөрт нь ч, нийгэмд ч муу. Юу ч бодохгүйгээр өөрийнхөө хангалуун амьдралын дулимаг мэдлэгээр санаснаа хэлэхээр нийгмийн ядуу зүдүү хэсэгтээ асар их гомдол болж ирж байгаа юм шүү дээ. Нийгэмд олонхи хэсэг нь, ялангуяа манай лам нар бол амьдралдаа цатгалдаад байгаа юм ерөөсөө байхгүй. Харин ч үгүй ядаж л амьдарч байна. Гэхдээ чи нэг юм анзаараарай. Мөнгө өгсөнгүй, мөнгө алга гэж бухимдаад байгаа юм их ховор шүү. Биесээ гомдоосон хий улстөржилт, шударга бус байдал, бие биетэйгээ ойлголцол байхгүйд л хамгийн их бухимдаад байгаа юм, эв түнжин байхгүйд бухимдаад байгаа юм. Мэдээж, улс орныхоо, эв нэгдэл, хүн ардынхаа сайн сайхны төлөө зүтгэж байгаа нь илүү олон. Бүгдийг нь нэг саванд хийж болохгүй. Буруу юмыг хавтгайруулж хэлэхээр ажил хийж байгаа нь доромжлолд автаж гутраад, хийгээгүй нь нуугдах газартай болчихоод байгаа юм . Сайныг нь сайнаар, мууг нь муугаар нь онож дүгнэж ярих хэрэгтэй. Ингэж ярихын тулд монголчуудын ухаан нарийсах л хэрэгтэй байгаа юм. Хийдэггүй бусармаг нь нуугдах газаргүй, хийдэг нь бахархалтайгаар амьдрах тийм нийгмийг бий болгож чадвал улс орны хөгжил хурдан ирнэ дээ.

-Та бас монгол хүний онцлог, биеийн бүтэц алдагдаж байна гэж нэг хэлсэн удаатай.
-Бид асар том ертөнц дээр, биднээс хавьгүй олон хүн амтай, хамаагүй хүчирхэг эдийн засагтай улс орнуудтай мөр зэрэгцэн оршиж байна. Тийм учраас бидэнд өөрийгөө хамгаалах, Монголоороо үлдэх дархлаа заавал байх ёстой юм. Тэгэхгүй бол даяаршаад хэн нь ч, ямар үндэстэн нь ч мэдэгдэхгүй болчих вий гэх болгоомжлол байх ёстой. Тиймийн тулд бид өөрсдийнхөөөрөө, Монголоороо байж чадаж байна уу гэдгээ хааяа нэг харж байх хэрэгтэй. Өөрийнхөөрөө байна гэдэг нь бусдыгаа үгүйсгэхийн нэр биш. Бусдын хүчгүйгээр өөрийнхөөрөө амьдарна ч гэж байдаггүй .
Би ганцаараа эрх, эрх чөлөөтэй амьдрах ёстой юм шиг загнаж болдоггүй. Бусдыгаа заавал харгалзаж үзэж бодох хэрэгтэй. Гэр бүлд ч ялаагүй. Би өөрийнхөөрөө амьдарч байна гээд өдөржин унтаад, шөнө нь босч баар хэсээд байвал тэр амьдрал биш шүү дээ. Эрх, эрх чөлөөнийхөө тухай бод. Монгол хүний өөрчлөлтөө нэг хар. Иддэг хоолоо нэг ажигла, нөгөө зажилдаг тагжигар шүд маань байна уу, үгүй юү. Хувьцсаа нэг хар, хээ хэлбэрээ нэг сайн ажигла, сэтгэлгээгээ нэг хар. Ерөөсөө бие, хэл, сэтгэл гурваа сайн хар. Бие яаж өөрчлөгдөж, байна сэтгэл яаж хувьсч байна, хэл яаж байна вэ гэдгээ бод. Хэл гэхэд бид ерөөсөө “хайр” гэдэггүй байсан, ихэд эрхэм энэ үг маань солонгос кино үзээд л маргааш нь ердийн хэрэглээ боллоо ш дээ. Өдөр болгон л хайр гээд байвал тэр үг үнэ цэнгүй болно.  Өгзөг гэж хэлдэггүй, бараг цээрлэдэг байсан бол америк кино үзээд л маргааш нь хэлэх жишээтэй. Тэсвэр тэвчээр байхгүй болж монгол ёс, уужуу ухаан алдагдаж байгаагаа нэг анзаарах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс цөөхүүлээ мөртлөө энэ газар нутаг дээр өдий хүртэл тэсч амьдарч чадсан нь бие, хэл, сэтгэл гурваа маш их бат бөх байлгаж чадсаных шүү дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад хонин жил гарч байна. Энэ жилийг галзууруулагч, согтууруулагч гэх юм, ямар учиртай тодотгол вэ. Ер нь хонин жил монгорлчууд бидэнд ямар өгөөжтэй байх бол?
-Би зурхайн талын яг зурхайч хүн биш л дээ. Мундаг мундаг хүмүүсийн зурхай харсан. Тэрүүгээр бол хавартаа мал сүрэгтээ жаахан анхаарал болгоомжтой баймаар юм билээ, салхи шуурганаас. Намартаа мөндөрөөс болгоомжтой байх зурхай гарсан байна лээ. Зурхай бол магадлал шүү дээ.

-Согтууруулагч гэх тодотголын тухайд?
-Согтууруулагч гэдгээс жаахан бэрхшээгээд байгаа дуулдсан. Согтууруулагч гэдэг бол ёгт нэр юм. Согтуу, галзуу хүн гэж бодит байдлыг дэвэргэсэн, хачин хачин юм, үнэнээс их ангид юм ярихыг хэлдэг. Тэгэхээр энэ ёгт нэрийн цаана амьдралдаа үнэн зөвөөр хандаа л гэж байгаа юм. Бодитой хандахгүй, хэтэрхий хийсвэрлэх юм бол олон түмний сэтгэл үймрэх талтай шүү, бодитой бай гэсэн утга энэ ёгт нэрийн цаана бий л гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд эв нэгдэлдээ анхаарч хичээх хэрэгтэй. Бид 1990 оноос хойш хэтэрхий их гадагшаа хараад явчихсан. Одоо жаахан дотогшоо харах хэрэгтэй. Дотроосоо, түүхээсээ, ёс заншлаасаа сурах юм бүр их бий. Тийм л ялгуун ард түмэн, бид. Өөрөөр хэлбэл, гаднаас биш, дотроосоо сурах юм ихтэй ард түмэн шүү.
Бүх юманд учир шалтгаан гарна. Хүүхэд нь би гадаадад сургуульд явж чадахгүй байгаа нь ааваас л боллоо, бүх хүүхэд л сурч байна гэдэг. Аав нь болохоор би л мөнгө олж ирж байна, гэтэл миний энэ өмсч байгаа хувцсыг нэг харчих гэж эхнэртээ ялархдаг. Эхнэр нь болохоор энэ муу юмтай суусан учраас л би ийм зүдрүү амьдарч байгаа юм гэх. Ил хэлэхгүй ч гэсэн иймэрхүү хандлагаас болоод гэр бүл доторхи халуун дулаан уур амьсгал байхгүй болдог. Албан байгууллага бол алдаа оноондоо заавал гэмтэн олох гэж нэгнийгээ улалзуулаад дайраад байдаг. Улс орон болохоор бас нэгэн гэмтэн эрээд л. Цөмөөрөө л уурладаг баярладаг гомддог зүрх сэтгэлтэй. Нэгнийгээ заавал уурлаж шүүмжлэх хэрэггүй. Ажил хэрэгчээр үнэн бодит байдлыг инээж байгаад хэлэхэд эв түнжин эвдрэхгүй шүү дээ. Бид эвтэй байх тусмаа, монгол хүн нуруутай байх тусмаа л бидэнд хожоо гарна.

-Ер нь бол бүх зүйл хандалгаас эхэлнэ шүү дээ, тийм үү?
-Хамгийн чухал нь тэр. Бид хүн рүү яаж хандана, хүн төрөлхтөн бидэн рүү тэгж ханданаа л гэсэн үг.  Би хажуугийнхаа айл руу яаж хандана тийм л хариу хандлага авна. Бид хувь хүн рүү яаж хандана, тусгал л тэгж л ирнэ. Амьдралын энэ хуулийг ойлгож, өөрөө хүн шиг хүн, үнэлгээтэй, хүндлүүлж сайхан нэр төртэй амьдаръя л гэвэл бусдыг л хайрлах хэрэгтэй. Бусдыг хүндлэх ёстой. Тэгж чадвал хариу нь буцаад л ирнэ. Түүнээс бус, ганцаараа амьдрах ёстой, өөрийнх нь сайхан амьдралын төлөө бусад нь зүтгэх ёстой юм шиг, өөрийнх нь хувийн зан суртахуунд бусад нь захирагдаж явах юм шиг хандвал хариу нь тэгж л ирнэ. Хандлагаас эхэлнэ гэж чи маш зөв хэлж байна. Улс орны хэмжээнд ч ялгаагүй. Улс орноо яаж хөгжүүлнэ, хувь хүнээ яаж хөгжүүлнэ, тэр зоргоор л бид дэлхийд үнэлэгдэнэ. Бид хуулиа сахиж, ёс заншлаа хадгалалгүй л яах вэ. Гэхдээ л бид хүнд, бусдад хүн шиг л хандвал хариу нь тэгж л өөр дээр чинь ирнэ гэдгийг л ойлгож явах хэрэгтэй. Энэ зүй тогтлыг сайн ойлгож, бие дээрээ хурдацтай хэрэгжүүлмээр байна. Бидэнд энэ л их дутаж байна уу даа гэж боддог. Уужуу ухаан гаргаж бусдад зөв өгөөд бодохын цагт уур ,стресс ч байхгүй болно. Ганцхан өөрийгөө бодоод давшаад байвал өөрөө өөрийгөө хөнөөх ч аюултай.


-Уур уцаар, стресс, буруу хандлага зэрэг нь хотжилт, хөндлөнгийн нөлөөлөл болж байна уу, үгүй юү?
-Нөлөөлөл олно гэдэг нь шалтаг олно л гэсэн үг. Шалтаг хайхын оронд хүн байх араншинтай байх хэрэгтэй. Гэтэл одоо яаж байна гэхээр хулгай хийсэн ч, архи уусан ч заавал нэг шалтаг олж өөрөөсөө холдуулах гээд байдаг гэмтэй. Шалтаг бол яаж ийгээд л олдоно. Гэтэл шалтаг хайхгүйгээр зөв сайхан амьдарна гэвэл хүний амьдрал сайхан болоод л явна. Харин тэр амьдралынхаа төлөө өөрөө  зүтгэх л хэрэгтэй. Түүнээс бус, ядуугаасаа болоод хулгай хийж байна гэж л ярьж хэлж болохгүй. Зарим хүн тэгэх юм байна шүү дээ. Ядуу амьдрал нь хулгайн зам руу орууллаа ч гэж. Энэ чинь би ядуу хүн учраас хулгай хийх ёстой юм байна гэдэг мэдээллийг өгөөд өнөөх нь босоод ирж байна. Жишээ нь, хүүхдээ шилжилтийн нас нь юм хөөрийх гэдэг. Гэтэл бидний үед шилжилт энэ тэр гэж ярьдаггүй. Урьтаж мэдээлэл өгөөд байдаггүй байлаа. Тэрийгээ, шилжилтийн насаа мэдээгүй өнгөрсөн гээд муудсан юм л бидэнд лав алга. Сургуулийн оюутан хүүхдээ чөлөөт цагаа өнгөрөөх газар алга, бааранд оролгүй яахав дээ гэж Их хурлын гишүүдээсээ эхлээд буруу мэдээлэл өгч өмөөрөх юм. Ингэж хэлэхээр нөгөө хүүхэд нь чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нь энэ гээд баар хэснэ. Ренчин Бямбаев гуай бидэнд, Их сургуулийн дөрвөн жилд эрдэм номыг төгс сайн үзэж чадвал үлдсэн бүх л насаа сайхан өнгөрөөж чадах суурийг баттай тавьж чадна. Сургуулийн дөрвөн жилд чөлөөт цаг гэж байх ёсгүй гэж заадаг байлаа. Гэтэл одоо чөлөөт цагаа өнгөрөөж байна гэж бааранд орсоор, орсоор буруу хэвшил тогтоод нэг дипломтой нөхөр л төгсч байна. Гэтэл толгой нь мэдлэг байхгүй, дотор нь зүрх сэтгэл байхгүй. Энэ бол нэг талаар бид хүүхдүүддээ буруу мэдээллийг урьтаж өгөөд, өөрөөр хэлбэл шалтгааныг нь гаргаж өгөөд байгаад бас учир байгаа юм. Одоо сүүлийн үед зарим нь дэлхийтэй хамт байгаа нь энэ гээд өдөржин утас компьютерийнхээ дэлгэцийг ширтээд, шөнө нь бараг л утсаа өвөртлөөд унтаж байна. Интэрнэт агуу ертөнц л дөө. Тэгэхдээ тэндээс хэрэгцээтэй зүйлээ хэрэгцээтэй үед нь хурдхан шиг авчихаж болмоор л санагдах юм. Гэтэл тэрнийг амьдралаа болгож, хань ижлээ орлуулах хэмжээнд очтлоо донтох нь эрүүл хүний ой ухаанд ч багтамгүй л санагдах юм. Миний хувьд сүүлийн үед интернэтэд орохоос зүрхшээдэг болсон доо. Ер нь хүн хажуудаа байгаа хамгийн үнэтэй зүйлсээ амьгүй зүйлээр сольж, амьдралаа уйтгартай болгож байгааг буруу хэв хэвшил гэхээс өөр аргагүй. Тийм сайхан юмсаас тасарсан хүн хүнтэй ч зөв харилцаж мэндэлж чадахгүйд хүрнэ. Аягүй бол хүн рүү сайхан инээгээд харахын оронд “муу хулгайч чи уулзана гэсэн яасан бэ” гэнэ, нөгөөх нь “хуц чи өөрөө алга болоо биз дээ” гэж л хариу хэлнэ. Ийм амьд биш харилцаа л эв түнжингүй болгоод байгаа юм. Тийм учраас л хүн бие, хэл, сэтгэл гурваа зөв удирдаж яваарай гэж захимаар байна даа. За хоёулаа, өндөрлөх үү дээ. Төгсгөлд нь ард түмэн, сүсэгтэн олондоо хандаж ерөөл хэлье. Хүн бие эв түнжингээ эрхэмлэж, хайр энэрэлээ өндөрт өргөж, урт настай, удаан жаргалтай сайн сайхан яваарай гэж хүсье.