Sunday 24 January 2016

С.Даваасүрэн: Өр бол томуу төдий биш бүр хорт хавдар



“Манай улс аюулт өвчин тусаад, улам хүндэрч байна” гэж МУИС-ийн дэд профессор, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэн хэллээ. Тэрээр улсын өрийг хорт хавдартай зүйрлэхдээ бүх эд эрхтэнд үсэрхийлж, эрүүл юм үлдээхгүй тархаад эцэст нь үхэлд хүргэдэг хамгийн өршөөлгүй шинжийг нь онцлон авсан юм.

-Зах зээлийн эдийн засагтай улс орнуудад өр, зээл байдаг л зүйл юм биш үү?

-Алсаа харсан, үр ашигтай томоохон төсөл хөтөлбөрүүддээ зориулж гадаадын зээл, хөрөнгө оруулалт босгох явдал байлгүй л яахав. Харин манайх шиг ингэж тооцоо судалгаагүй бонд гаргаж, огцом их хэмжээний хөрөнгийг үрэлгэн зарцуулж болдоггүй юм л даа. Сүүлийн 3-4 жилийн дотор манай улс “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4.0 их наяд төгрөгийн хөнгөлттэй зээл, Хөгжлийн банк, Чингис болон Самурай бонд зэрэг эх үүсвэрээс 7.0 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Ноднингийн буюу 2015 оны эхний хагас жилийн байдлаар улсын гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрсэн. Өнөөдрийн ханшаар тооцвол 43.4 их наяд төгрөг болно.Манай улсын өр цаашид нэмэгдэхгүй гэх баталгаа алга. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Засгийн газар Мазаалай бондын асуудлаар зарим тохиролцоо хийх байсан нь хойшлох шиг боллоо. Энэ мэтийг нэмж тооцвол та бид хоёрын ярьж суугаа тоо улам л данхайж таарна аа даа?

-Зээл, бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулсан гэж хэлэх хүмүүс мэдээж гарна. Ажил хариуцсан улсууд янз бүрийн тайлан, сурталчилгаа гаргадаг. Та үр ашиггүй зарцуулсан гэж үзэж байгаагаа тодруулж тайлбарлахгүй юу?

-Ганцхан үндэслэл хэлэхэд л хангалттай. Зээл авахын өмнөх эдийн засгийн нөхцөл байдал, зээлийн дараах нөхцөл байдал хоёрыг харьцуулахад л гараад ирнэ. Зээл авсаны дараа манай эдийн засаг өмнө байснаасаа маш их хэмжээгээр доройтлоо шүү дээ. Энэ бол бидний авсан зээлүүд эдийн засгийг сайжруулаагүй байна гэсэн үг. Мэдээж, эдийн засгаа унагах гэж зээл аваагүй нь ойлгомжтой. Унагая гэвэл зээлгүй л унагана биз дээ? Тэгэхээр үр ашиггүй л зарцуулсан хэрэг.

-Аймгуудыг авто замаар холбосон, нийслэлийн уулзваруудыг засаж сайжруулсан гээд их л ажил бий дээ?

-Энэ ажлууд урт хугацаанд үр өгөөжөө өгөх л байх. Гэхдээ эдийн засгийн бодит тооцоогоор бол, 20-30 жилийн дараа ашгаа өгөх юмыг 10 жилийн хугацаатай зээлээр санхүүжүүлнэ гэдэг үр ашиггүй зарцуулалт яах аргагүй мөн. Гэхдээ зээлээ яаж зарцуулсан бэ гэдэг бол өөр асуудал. Одоо бидэнд өрөө яах вэ гэсэн асуудал тулгараад байна. Өр гэж юу юм бэ, ямар хортой, аюултай вэ гэдгийг манайхөн сайн ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаа нь хамгийн харамсалтай. Өр бол хамгийн адгийн ядуурал. Айл өрхөөр л төсөөлье л дөө. Банкнаас авсан зээлээ төлж чадахгүй өрөнд орсон айлын нөхцөл байдал ямархуу болдог билээ? Банкны байнгын нэхэл, мөнгө төгрөг хайсан, хаанаас олох вэ гэж зовнисон үргэлжийн стресс нь тэр өрхийн амьдралыг ямар болгох вэ? Өрхийн гишүүд, үр хүүхдийнх нь  амьдрал, ирээдүй ямар байх талаар бодоод үз дээ. Яг үүнтэй адил өрөнд нэрвэгдсэн улс орнууд юун хөгжил дэвшлээ шийдэх манатай болдог. Зөвхөн өр төлбөрөө хэрхэх вэ, яаж барагдуулах вэ гэдэг асуудалд л бүх анхаарлаа хандуулна. Ингээд улам буурай болж, алсдаа засаглалын эрх мэдлээ алдах, иргэд нь ирээдүйдээ итгэх итгэл найдваргүй болох, улмаар улс орноо, газар нутгаа, тусгаар тогтнолоо хүртэл тавиад туучих аюулд ордог.

-Манай улсын хувьд арай ч ийм эрсдлийн өмнө тулчихаагүй байлгүй дээ?

-Хүмүүс яг таных шиг ийм хайнга назгай хандлагатай байгаагаас л би илүү их айгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын өрийн хэмжээ хэр том бэ гэдгийг ойлгохгүй байна. Төр засгийн эрх баригчид маань өндөр хөгжилтэй орнуудын өр, зээлийн хэмжээгжишээлж, энэ бол хүндрэлтэй асуудал биш гэх мэтээр ярьж, олон нийтийн тархийг угааж байна. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Оймс нэхдэг жижиг цех,  том компанитай санхүүгийн чадавхиа адилтгаад, энэ компани ийм их зээлтэй байгаад болоод байхад бидбас ийм хэмжээний өртэй байхад санаа зовох зүйлгүй гэж хэлж байгаатай адил хэрэг юм. Харьцуулалт хийе. Манай улсын 2015 оны ДНБ ойролцоогоор 23 их наяд төгрөг болно.  Хуулиараа бид өрөө үүний 40 хувиас илүү гаргаж болохгүй, тийм үү? Гэтэл бараг 200 хувьд хүргэчихсэн явж байна. Манай улсын гадаад өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцвол нэг хүнд 14.5 сая төгрөгт ногдож байгаа гээд бод доо. Одоо энэ 2016 онд манай улс зөвхөн зээлийн үйлчилгээний төлбөрт 950 орчим тэрбум төгрөг төлнө. Бараг л 1.0 их наяд төгрөг гэсэн үг. Энэ мөнгө улсын төсвийн маань 10-аас хол давсан хувь нь юм шүү дээ.

-Одоо 2017 оноос үндсэн өрөө төлж эхэлнэ...?

-Тийм. Зээлийн хүүгээс гадна зээлийн үндсэн төлбөрөө төлөхөөр улсын маань төсөвт ирэх дарамт ихээхэн нэмэгдэнэ. Гэтэл Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын таамаглаж байгаагаар манай улсын эдийн засгийн өсөлт энэ жил 1.0 хувь ч хүрэхгүй. Манай эдийн засаг их хэмжээгээр хумигдаж байна. Ер нь өр эдийн засагт ямар хэмжээний дарамт үзүүлэх нь тухайн эдийн засгийн дотоод хүчин чадал, валютын ханш, тухайн улсын нөөцийн хэмжээтэй холбоотой байдаг. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүд болдог нөөц баялгийн үнэ ханш өөдрөгөөр төсөөлөгдөхөөргүй байгааг бид бүгд мэдэж байгаа.Дэлхийн санхүүгийн зэрэглэл тогтоодог Фич, Мүүдийз, Эс-энд-Пи зэрэг байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа шүү дээ. Ингэхдээ ямар ямар үндэслэлүүдэд тулгуурласан бэ гээч? Фич агентлаг л гэхэд Монгол Улсад эдийн засгийн сэргэлт ойрын ирээдүйд бий болохгүй гэж дүгнэсэн байгаа юм.Мүүдийз болохоор бараа бүтээгдэхүүний үнэ унасан, улсын төсвийн алдагдал нэмэгдсэн, импортын хэмжээ багассан зэргийг харгалзаж зээлжих зэрэглэлийг бууруулсан. Энэ нь манай улс гадаад зах зээлээс хөрөнгө мөнгө босгоход улам л өндөр зардалтай болж байна гэсэн үг юм.

-Улсын өр, Засгийн газрын өрийг ялгаа заагтай тооцъё, Засгийн газрын баталгааг өр төлбөр гэж үзэхгүй байя гэх мэт янз бүрийн байр суурь байдаг шүү дээ?

-Яаж ч баллуурдсан өр өрөөрөө л үлдэнэ. Бид төлөх л болно. Улсын нийт гадаад өрийн 10.0 гаруй их наяд нь Засгийн газрын гадаад өр байгаа. Дээр нь Засгийн газрын дотоод өр 4.0 орчим их наяд төгрөг байгаа. Зөвхөн эдгээр Засгийн газрын өрүүд улсын төсвийн 200 хувьтай дүйцэх хэмжээнд хүрчихсэн байна аа гэдэг чинь хангалттай өндөр тоо биз дээ? Аргачлал, тооцоогоо янз бүр болгож,  өөрсдөө өөрсдийгөө өнөөдөртөө хуураад, дөнгөөд байж болох ч дэлхий нийтийн хүрээнд яваад орохоор бидний энэ арга явуургүй л дээ. Олон улсын судалгааны байгууллага Jubilee Debt Campaign өнгөрсөн долдугаар сард улс орнуудын өрийн байдлыг тодорхойлж, таван ангиллаар жагсаахдаа манай улсыг өрийн хямралд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй улсуудын тоонд оруулсан. Энэ өрийн хямралд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй буюу муу гэсэн ангилалд 14 улс орсны 7-д манайх жагссан. Мөн 11 дүгээр сард Renaissance Capital байгууллагаас дэлхийн 108 орны гадаад өрийг ДНБ-д харьцуулан жагсаахад манай улс Исланд улсын дараа хоёрт орсон. Өрөнд нэрвэгдэж дампуурснаа зарласан Грек улс манай ард, гуравт жагссан байсан.

-Өө, за за. Грекийг гүйцчихсэн...?

-Тэгсэн.

-Өр төлөх хугацаагаа хойшлуулах ч юм уу, хөнгөвчлөх байдлаар зохицуулах боломж бий болов уу?

-Боломжгүй. Хойшлуулах асуудал хөндөж болох ч бүх зээлээ нийтэд нь нэг ижил нөхцөлтэйгөөр тохиролцож чадахгүй. Учир нь бид маш олон субъектээс зээлчихсэн байгаа шүү дээ. Манайхан өнөөдрийн энэ зах зээлийн, арилжааны өр төлбөрийг хуучин Зөвлөлтийн их өртэй адилхан гэж бодоод байх шиг байгаа юм. Тэр өрийг шийдсэн, ийм байдалд орж байсан, гарцаа олно гэж санаад байх шиг байгаа юм. Тийм биш шүү дээ. Зөвлөлтийн өр бол шал өөр зүйл. Өнөөдөр бид жинхэнэ зэрлэг капитализмын дүрмээр тоглоод эхлэсэн. Ямар ч өршөөл байхгүй. Ийм байдалд манай улс урьд өмнө огт орж байгаагүй. Бидний мэддэг, үзэж туулсан өр зээл биш гэдгийг маш сайн ойлгох учиртай. Өрийн хямралаасаа болж олон арван жилээр хөгжлөө ухрааж, хохирч хоцрогдсон улс орон цөөн биш. Латин Америк, Африкийн улсууд, Аргентин, Венесуэл, Мексик хамгийн сүүлд Грек. Бусдын гашуун сургамжаас суралцах хэрэгтэй. Хоцрогдол, доройтлыг бид Африкаар жишээлж ярьдаг байх аа? Тэгвэл тэр тивийн орнуудын хөгжлийг хойш татахад өрийн хямрал чамгүй нөлөө үзүүлсэн гэдгийгхэлмээр байна. Одоо Украйныг л хар л даа. ОХУ бондын төлбөрөө хийж чадахгүй default болсон Украйныг Лондонгийн шүүхэд өгчихлөө. Эдийн засгийн эрх чөлөөгөө, бие даасан байдлаа л алдаж байгаа хэрэг шүү дээ.

-Таны ярьж байгаагаас дүгнэхэд манай улс өрөнд нэрвэгдэж, өрийн хямралд орох нь гарцаагүй болчихсон юм шиг л ойлгогдоод байна?

-Ялимгүй эргэж харъя л даа. АНУ-ын орон сууцны зах зээлээс үүдэлтэй санхүүгийн хямралаас  хойш 10 жил, Грекийн төрийн санхүүгийн хүндрэл, Ирландын орон сууцны зах зээлээс улбаалсан Евро бүсийн санхүүгийн хямралаас хойш 6 жил өнгөрч байна. Одоо энэ хоёр бүс нутагт үүссэнтэй адил хямрал, өөрөөр хэлбэл, хямралын гурав дахь их давалгаа хөгжиж буй орнууд руу, тэр дундаа огцом өсөлттэй эдийн засгууд руу шилжиж байна. Эдийн засаг, санхүүгийн хямрал нь өрийн хямралыг дагуулдаг. Огцом буюу үсрэнгүй өсөлттэй хөгжиж байгаа эдийн засгуудын өрийн хэмжээ дунджаар 2009 онд ДНБ-ий 150 хувьтай тэнцэж байсан бол 2015 онд 195 хувьд хүрсэн. Корпорацийн өр 2008 онд ДНБ-ий 50 хувьд хүрэхгүй байснаа өнөөдөр 75 хувь болоод байна. БНХАУ-ын өр болон ДНБ-ийх нь харьцаа сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 50 хувиар өссөн. Эдгээр эдийн засгуудын өндөр өсөлтөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөө их байсан. АНУ-ын болон Евро бүсийн хямралын ид үед хөгжиж байгаа эдийн засаг руу урсаж байсан хөрөнгө оруулалт одоо эрс багасчихлаа. Яагаад гэвэл тэдгээр бүсүүдэд хямрал саараад, эдийн засаг үндсэндээ сэргээд эхэлчихсэн. Гэхдээ Хятад зэрэг үсрэнгүй өсөлттэй эдийн засгууд манайхыг бодвол дотоодын нөөц боломж харьцангуй сайн болохоор хөрөнгө оруулалтын урсгал буцсан ч гэлээ өрийн асуудлаа богино хугацаанд, хүндрэл багатай шийдчих болов уу.

-Харин манай улсын хувьд?

-Манай эдийн засгийн дотоод нөөц боломж ямар билээ дээ? Бидний хувьд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Гэтэл хөрөнгө оруулалтын урсгал хөгжингүй орнууд руу буцсанаас гадна бид хөрөнгө оруулагчдын итгэлийг маш их алдсан. Ноднингийн гуравдугаар улирлын дүнгээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 10.1 сая ам доллар гэж гарлаа шүү дээ. Энэ чинь 2011 онд 4.6 тэрбум ам.доллар орж ирж байсантай харьцуулахад 460 дахин буурсан үзүүлэлт юм. Ийм хэмжээний хүчээр бид тэднийг түлхсэн л гэсэн үг л дээ. Ер нь улс орнууд өрөнд унах гол шалтгаан нь богино хугацаанд хэтэрхий их зээл авч, зээлийнхээ хэмжээг огцом өсгөх, оновчгүй, үр ашиг багатай төслүүдийг санхүүжүүлэх, зарим нь хэт үнэтэй хөрөнгө худалдан авахад зориулж өндөр хүүтэй, их хэмжээний зээл авах зэрэгтэй холбоотой байдаг. Товчдоо, бодлого, төлөвлөлт, санхүүгийн алдаатай үйлдлийн үр дүн. Манай улсын өрийн хүндрэл ч гэсэн ийм л шалтгаантай.

-Өрөө төлж чадахгүй бол...?

-Хүсэх ч юм биш. Үндсэндээ улс орон дампуурна гэсэн үг. Өрөнд нэрвэгдсэнээ зарлана. Улсын өр надад ямар хамаа байх вэ гэж манайхан бодоод байх шиг байгаа юм. Үгүй шүү дээ. Нарийндаа бол хүн бүхний нуруун дээр бууна. Улс мөнгөө өрөө төлөхөд зарцуулж, нийгмийн халамж, хамгаалал, цалин хөлс гээд бүх орлого хумигдана. Төсөл, тендерүүд цуцлагдаж, ажлын байрууд алга болно. Та, би, бид бүгдээрээ “өрөнд нэрвэгдсэн улс”-ын иргэд болно. Бизнес, ажил хэргийн түншүүд маань биднийг ингэж л харна. Улс нь өрөнд нэрвэгдчихсэн хүний бизнес урагштай байж чадахгүй гэж тэд үзнэ. Ингээд бидний гадаад харилцаа, худалдаа бүх түвшиндээ бүтэлгүйтэж эхэлнэ. Цаашилбал, маш их юм бий. Өрөнд нэрвэгдсэн улс орны ирээдүй нь тодорхойгүй, хөгжил нь боомиглогдсон, ард түмэн нь гутранги, итгэлгүй, засаг төр нь хүч чадлаа алдахад хүрдэг. Хамгийн гол нь улсын өр төлбөрт хүн бүр анхаарч, Засгийн газрын авч байгаа, зарцуулж байгаа зээл санхүүжилтэд хяналт тавьж байх ёстойг би хэлэх гээд байгаа юм. Өр бол энгийн нэгханиад томуу шиг амархан эдгээж болдог өвчин бус, хорт хавдар шиг уршигт нөлөөг улс орнуудын эдийн засаг, нийгмийн амьдралд авч ирдэг аюултай. Өнөөдөр Монгол Улс энэ хорт хавдраар өвчлөх улаан дохио асчихсан байгааг сэрэмжлүүлэх нь эдийн засагч хүний хувьд миний үүрэг юм.

Сая гэхэд л Монгол Банк бодлогын хүүгээ буулгаж 12 хувь болголоо. Макро эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр төгрөгийн ханш суларч, инфляци өснө. Төгрөгийн ханш сулрах нь улсын гадаад өр өндөр байгаа өнөөдрийн нөхцөлд томоохон хүндрэл бий болгоно. Аюул, эрсдэлийн түвшин хэт их болсон өнөөдрийн нөхцөлд бид хаа хаанаа сэрэмжтэй байж, алхам тутмаа хянаж, бодлого шийдвэр бүрээ сайтар нягталж байх шаардлага тулгараад байна.

Улсын өрийн тухай энэ удаагийн ярилцлагаа бид өндөрлөхөөс аргагүй болсон юм. Доктор С.Даваасүрэнгээс асууж магадлах, эргэлзээ тээнэгэлзээгээ тайлах олон зүйл надад үлдсэн. Эдийн засагчид тэр бүр хэлж тайлбарлахгүй, улс төрчид янз бүрээр уншиж, улмаар хүмүүсийг төөрүүлж, будлиулж буй асуудал хуримтлаатай бий. Тэр бүгдийг нэг бүрчлэн задалж шинжлэхэд мэдээж, цаг хугацаа, хүч хөдөлмөр их орно. Хэдий тийм ч боломжийнхоо хэрээр ярьж, тайлж, олон нийтэд цэгцтэй, зөв мэдээлэл хүргэе гэж бид тохиролцон, дараагийн ярилцлагаа орлогын тэгш бус байдал, баян хоосны ялгаа, ядуурлын сэдвээр хийхээр болсон юм. Шинэ ярилцлага удахгүй уншигч танд хүрэх болно.

эх сурвалж: http://enkhboldbaatar.niitlelch.mn

Thursday 21 January 2016

О.Батсайхан: Үнэт зүйлсээ эрхэмлэх нь Монгол үндэстэн оршихуйн гол үндэс



Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Түүх гэж юу вэ, түүх яагаад хэрэгтэй юм бэ. Ийм хүүхдэрхүү асуулт орж ирээд байна. Учир нь одоо цагт хүн бүхэн түүхч болох нь холгүй болсон нэг сонин үзэгдэл хавтгайрч байгаа болохоор л…
-Ойлгож байна. (инээв) Энэ цагийн өнгө гэх үү дээ. Түүх, тухайн үндэстний түүх бол хамгийн үнэт зүйлсийнх нь нэг юм шүү дээ уг нь. Монголчууд бид өөрийн үндэсний түүхээс холдоод удаж байна, эсвэл холдуулсан ч байж магад. Юу хэлэх гэсэн юм бэ гэхээр өнөөгийн бидний тархи гадаадын хүмүүсийн захиалгаар бүр тодруулбал гадны хүний нүдээр харснаар, бичсэн түүхээр цэнэглэгдсэн шүү дээ. Хэн бүхэн мэднэ шүү, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд хүүхэд, оюутнуудын дургүй хичээлийн нэг Түүх л байсан.
ТҮҮХ БОЛ ОЙ САНАМЖ, ЧИГЛҮҮЛЭГЧ МӨН 
-Тун магадгүй. Харин яагаад ийм болов оо?
-Түүхийг үзэл суртлын зэвсэг болгож байсан хэрэг шүү дээ. Ингэхдээ эзэн Чингисийн тухай бид юу уншиж үздэг байлаа, санаад үз дээ. И.Калашниковын Харгис зуун \Жестокий век\ гэх мэт бүтээл л уншиж байв. Чингисийн тухай кино гарч байлуу. Үгүй шүү дээ. 1990 оны дараа л гарч эхэлсэн гэж хэлэхэд нэг их хилсэдсэн болохгүй байх. Барууны ертөнц бол Чингис хааныг маань тэс өөрөөр үздэг хэвээр байна. Энэ бол үзэл суртлын хор уршиг. Түүх гэдэг чинь энэ үндэстний уураг тархи, ой санамж нь юм. Бүр нарийн яривал түүх бол энэ үндэстний оршихуйн үндэс яах аргагүй мөн. Учир нь түүхээр дамжиж, монгол хүн бүрт амин шалгуур болсон identity гэж биднийг авч явдаг зүйлс суудаг юм. Түүхийг нь мартуулчихаар өнөөгийн бид нар гарч ирж байгаа хэрэг шүү дээ. Эссэн айраг шиг, нэг ойж түүхээ санаад, нэг санахаа болиод байгаа юм шиг.
-Түүх ер нь ямар үүрэгтэй байдаг вэ, зарим хүмүүс түүх рүү их хандаж зууралдах нь уруудахын шинж гэж ярьдаг?
-Түүх гэдэг чиглүүлэгчийн үүрэгтэй. Жаахан бүдүүлэг жишээ авъя. Галт тэрэгний толгой дангаараа бол нэг том машин гэсэн үг биз дээ. Зам нь байвал дороо ч эргэж болно. Харин ард нь 30-40 вагон залгачихвал тэр галт тэргэний толгой тэр дороо эргэж чадахгүй ядаж алсуур эргэнэ биз дээ. Түүх бол үндэстний хувьд уламжлал болгон авч явдаг чиглүүлэгч байдаг. Тиймээс үндэстэн улсын хувьд түүхээ мэдэх явдал онц чухал юм. Хэрэв та монгол хүн мөн л бол эх түүхээ заавал мэдэж байх учиртай. Та ямар учгаар Монголтой холбогдсоноо мэдэж байх нь таны үүрэг. Бусдаас ялгарах онцлог чинь тэр юм. Түүхээ мэдэхгүй үндэстэн сөнөх аюултай. Түүхийн талаар тийм яриа явдаг. Тийм үг хэл, яриа гаргаж буй хүмүүс бол түүхгүй л ард түмэн байх. Түүнээс бус Английн эзэн хаан, Японы эзэн хаан гээд үзвэл бараг л биеэрээ түүх, уламжлалаа тээж яваа хэрэг биз дээ.
-Одоо монголчуудад суусан түүхэнд хандах хуучны хандлагууд өөрчлөгдөх шинж ер нь гарч байгаа болов уу?
-Хүмүүс их бага хэмжээгээр түүхээ сонирхож байгаа, ядаж л Чингис хаантай ах дүү болохыг хүсцгээж байгаа нь үүний илрэл. Хүмүүс түүхээ сонирхож байгаа нь сайн хэрэг. Өөрийгөө олох гэж хайж байгаа гэсэн үг.
-Та яагаад ер нь 1911 он, тэр дундаа Богдыг судлах болов? 
-Хүн болгон арван гуравдугаар зууныг сонирхдог юм. Дэлхийн талыг эзэлж байсан Монголын түүх. Монголчууд бидний бахархал, өнөөдөр бол монгол хүн бүрийн нүүрийг гадаадад тахалдаг имиж шүү дээ. Харин энэ үеийн Монголын түүх нэлээд сайн судлагдсан байх гэж бодно. Дэлхийн олон хэлээр олон орны эрдэмтэд баатарлаг Чингисийн үеийн түүхийг судалсан байна. Энэ талаар гарсан бүтээл олон хэлээр маш арвин буй. Бид зах зухаас нь монгол хэлээр хөрвүүлэн мэдэх аядаад хүүхэд адил онгирч яваа юм. Үнэндээ эзэн Чингисийн үеийн түүхээр илүү шинэ юм гаргая гэвэл нэг хүний нас багадах биз. Ядаж л бүр багаасаа перс, эртний хятад хэл эзэмшсэн байх хэрэгтэй, мэдээжийн хэрэг англи, франц, герман, орос, японоор буй тэр их бүтээлүүдийг судалгаандаа ашиглах нь наад захын шалгуур биз дээ.
-Тиймээс л ХХ зууны түүхийг сонгосон хэрэг үү?
-Үндсэндээ тийм. Орчин үеийн Монголын түүх, тухайлбал Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан 1911 оны Монголын түүхийг тэр дундаа бидэнд эрх чөлөө олгоод эзэн хаанаар нь арван хэдэн жил суусан ч, байшгүй муухайгаар доромжлуулж байсан Богд хааны тухай судлахыг зорьсон юм. Энэ үе бол Монголын орчин үеийн түүхийн эхлэл.
-Энэ үеийн тухай социализмын жилүүдэд дорвитой судалж байгаагүй юм уу?
-Ер нь бол тэр бүр үнэнийг хэлж ярьдаггүй байсан юм. Бүхнийг 1921 оны ардын хувьсгалаас эхлүүлж, бүхнийг удирдан чиглүүлэгч МАХН-ын удирдлагаар явуулж байсан цаг шүү. Бид ядаж л 100 жилийн өмнөх түүхээсээ мэдэж, сурч, сургамж авч урагшилмаар байна. Тодруулж хэлбэл социализмын гэгдэж байсан жилүүдийнхээ түүхэнд анализ хийж юун дээр онож, алдсанаа дүгнэж цэгнэж, сургамж авах аваас бидэнд арай л хөнгөн байхсан болов уу.
-Өнөөдөр Монгол ардчилсан нийгэм байгуулж байгаа бус уу?
-Залуучууд орчин үеийн нийгэм байгуулахыг зорьж байгаа нь буруу биш ээ. Харин Монголоо мэдэхгүй болохоор тэс өөр нийгэм буюу гадны хуулбар болчих гээд байгаад л учир буй. Настайчууд нь өнгөрсөнтэйгөө зууралдаж, өөрсдөө ч түүхээсээ хөндийрсөн байх, төр нь албан ёсоор залгамж халаа, түүх соёл, үнэт зүйлсээ үр хүүхэд хойч үедээ өвлүүлж суулгах бодлого байхгүй яваад байхаар бидний нийгэм тарж бутарсан юм шиг харагдаж байна уу даа гэж боддог.
-ХХ зууны Монголын түүхийн гол сургамж юу вэ?
-Уг нь бид нэгдмэл улс шүү дээ, нэг түүхтэй, нэг бурханы шашин давамгайлсан соёл, уламжлалтай.Тийм болохоор улс үндэстнийхээ хөрс сууринд таарч нийцсэн бодлого явуулах нь чухал гэдгийг хэлмээр байна. Хөрснөөсөө тасарч явахаар таарахгүй, өөр хоорондоо заавал эсрэг тэсрэг болох нь жам шүү дээ. Өнөөгийн Монголыг сэндвич гэж барууныхан нэрлэдэг. Орос, Хятадын дундах жийргэвч гэсэн үг байх. Үнэндээ 1911 оны дараах Монгол ийм геополитикийн байрлалд тогтсон хэрэг. Өөрөөр хэлбэл Орос, Хятадын ашиг сонирхлын уулзвар дээр Монголын тусгаар тогтнол тогтож ирсэн байх. Монголчууд бидний тусгаар тогтнох, улс үндсээ гэсэн сэтгэл, тэмүүлэл, тэмцэл нэн тэрүүнд байсан нь гарцаагүй л дээ. Гэвч бидний оршин тогтноход олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг байнга бодож , түүхээсээ сурч, мэдэж байх нь чухал юм.
-Бидний ихэнх лав ардын хувьсгалын баяр тэмдэглэх дуртай, наадам сайхан болдог шүү дээ. Яагаад заавал 1911 он гэж. 
-Үндэсний наадам бол эртний уламжлалтай монгол баяр наадам шүү дээ. 1921 оноос өмнө байсан наадам биз дээ. Сар өдрийн тухайд бол өөр хэрэг. Долдугаар сарын 11-нд ямар үйл явдал болсныг монгол хүн бүр мэдэхгүй шүү дээ. 1921 оны долдугаар сарын 11-нд бидний толгойд сууснаар Ардын засаг тогтож, ард түмэн эрх жаргалтай болсон гэдэг. Чухам үнэн гэвэл Зөвлөлтийн улаан арми Монголын ардын цэргийн хэдхэн тооны хүмүүсийг дагуулж ирээд л засгийн эрхийг Богдын засгийн газраас хүчээр булаан авч, тогтсон засаг шүү. Ямар засаг байх нь ч тусдаа асуудал байх. Гол нь энэ үеэс хойш Монгол үндэстний үнэт зүйлс үгүй болсонд л учир нь байгаа юм. Монголын сор болсон алтан ургийнхан, сэхээтэн, элит хэсэг энэ жилүүдэд үгүй болж, үүний үр хөврөл 70 жил үргэлжилсэн юм. Иймээс л наадмыг энэ өдөр тэмдэглэх нь зохисгүй гээд байгаа юм. Орос улсад Октябрийн баяраа 11 сарын 7-ны өдөр тэмдэглэхээ болиод нэлээд удлаа шүү. Наадмын тухайд монголчууд долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр долоон хошуу наадам, 10 засгийн наадам хийж байсан тухай баримт бий.
-12 дугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр болоод дөрвөн жил болжээ. Энэ өдрийн талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх шиг байна?
-Гадаадын хүмүүс бол мэдээж сайн мэдэхгүй. Олон улсын цаг тооны бичигт тусгагдаагүй байгаа юм уу, хэвшиж тогтоогүйгээс болоод дэлхийн өнцөг бүрт энэ талаар сайн танигдаагүй хэмээлтэй. Эхлээд монголчууд бид энэ өдөр ямар учиртай вэ гэдгийг мэдмээр юм шиг. Ядаж өөрөөсөө надтай яаж энэ өдөр, энэ түүх холбогдох юм бэ гэдгийг ухаж бодвол сайн бус уу. Тэгээд шинэ жилийн рекламанд дарагдаад л байх шиг байна. Мэдээж өвөл цаг болохоор их өргөн тэмдэглэхэд бэрхтэй гэж хэлж болох ч бид шинэ жилийг бол нэлээд өргөн тэмдэглэх юм даа. Барууны орнууд манайх шиг ингэж хөөрцөглөдөг эсэхийг мэдэж, тэндээс сурмаар юм. Үндэсний баяр наадмаа бол зуны дэлгэр цаг тэмдэглэж сурсан заншил ёсоор гэхдээ долдугаар сарын 11-нд биш, өмнөх арван засгийн наадам тэмдэглэж ирсэн уламжлалын дагуу долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эх орчим өдрийг сонгож тэмдэглэдэг болбол илүү өгөөжтэй ч байж магад хэмээн санадаг.
-Ингэхэд 12 сарын 29-ний өдөр чухам ямар үйл явдал болсон юм бэ?
-Энэ өдөр буюу одоогоос 100 гаруй жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсан юм. Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол Хүрээний төв талбайд болсон байна. Бидний ой санамж ажиллахгүй болсноос болоод 100 жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч санахгүй юм уу, санахыг хүсэхгүй болсон шиг байх юм. 1990 оны ардчилсан хувьсгал гээд эргээд бодвол бас 1989 оны 12 дугаар сард өвлийн ид жавартайд эхэлж, 1990 оны өвлийн өдрүүдэд 100 мянгаараа Төв талбайдаа ирж жагсаж байсан биз дээ. Хөдөө орон нутагт энэ өдрүүдэд жагсаж цуглаж байсан. Монголчууд 100 гаруй жилийн тэртээ үндэстнээрээ ингэж хөдөлсөн гээд нэг бодоод үз дээ. Саяхан нэг олимпийн аваргатай болоод бүгд гудамжинд гарч баярлацгаадаг шиг гээд бодвол, тэгвэл арай ойр тусгаж магад.
-Чухам яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа. Та юутай холбож боддог вэ?
-Асуудал энд л байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж хэзээнээс ажиллахаа байчихав гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол хүн хэн ч биш болно. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш болно. Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.
-Тэгвэл хэзээнээс бид ийм байдалд хүрэв. Шалтгаан нь юу вэ?
-Эргээд түүхээ нэг бодьё. Үндсэндээ монголчууд бид 300 орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байлаа. Манжийн эрхшээл, Оросын гэдэг юм уу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа. Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ. 1920 –иод он гарлаа. Богд хаан хэрэггүй гэж үзэв. Ардын засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болов. Монголд гадны үзэл суртал, тодруулж хэлбэл улаан коммунизмын үзэл хүч түрэн орж ирлээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүйн дараа цаазлуулав. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулав. Богд хаан 1924 онд цаг бусыг үзүүлэв. Чингисийн алтан ургийн ноёд бүгд алга болов. Бурхан шашны номтой лам нар алагдав. 1930-аад онд хэдэн арван мянгаараа цаазлагдав. Бичиг үсгийг нь солилоо. Монгол сэтгэхүй бүдгэрэв. Чингисийн хөшөө босгосон нь буруудаж, Монголд буруу номтнуудын хөшөө сүндэрлэнэ. Ийм явдал Орост ч яг адилхан болсон бөгөөд үндсэндээ Орост болж байсан бүхэн Монголд давтагдсан юм. Ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал эндээс маш хүчтэй бидний тархинд суужээ. Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан хэмээн бодно.
-Тэгвэл өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдраад 25 жил болж байна шүү, дээ. Энд социализмын үе ямар хамаатай юм бэ?
-Харин тийм, бидний дунд социализм амь бөхтэй оршиж байгаад л учир нь байгаа юм. Бүр социализм, коммунизмын өлгий нутаг Орос орноос ч дор шахуу байгаа. Орос үндэстэн өнөөдөр энэ анги ялгаварлан хуваах үзэл орос үндэстнийг устгах дөхсөн байна гэдгийг ухаарч өөрийгөө олохыг бодож байна. Хурдан сэхээрэхийг хүсч байна. Үзэл суртлын Ленинийг магтсан кинонуудаа тв-ээр дор хаяж л гаргахгүй байна, оронд нь Адмирал Колчак ч гэдэг юм уу, өөрийн үндэсний баатруудынхаа тухай хийсэн кино, урлагийг сурталчилж байна. Бид юу хийж байна. Уг нь жаахан юм үлдсэн юм уу, Чингис гээд дуугараад Чингисийн хөшөө босгоод боржигон овогтой болохыг бүгд хүсээд байгаа юм. Тэгэхдээ өнгөрсөн нийгмийн социализмын үеийн үзэл суртлыг таслахгүйгээр цааш явахгүй. Одоо ургаж байгаа ногоог хордуулж болохгүй. Нялх хүүхдийн тархийг социализмын үеийн үзэл суртлаар угааж болохгүй. Бас өөр бусад гадны үзэл суртлаар тархийг нь угаах орон зай бий болгож болохгүй. Монгол үндэстний өөрийн үзэл суртал байх учиртай. Энэ бол Монгол үндэстэн цаашид орших уу, эс орших уу гэсэн асуудал гарахад хүргэх аюултай. Үнэндээ Монгол үндэстэн өнөөдөр үндэсний дархлаа сул үлбэгэр байгаа. Үндэстэн өөрийгөө хамгаалах чадваргүй шахам байна.
-Бидний дархлаа хэзээ ингэж сулрав?
-Монгол үндэстний үнэт зүйлс, амин шалгуур юу вэ гэдгээ сайтар ухаарах цаг иржээ, бидэнд. Бидний үнэт зүйлс юу вэ, үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, шашин тэргүүтэн. Шашин гэхээр бурханы шашныг биднийх биш гэцгээх хүмүүс олон болжээ. Хүссэн ч эс хүссэн ч бурханы шашин монголчуудын соёлтой яв цав шингэсэн. Монгол үндэстний үнэт зүйлсийг тээгч нь бурханы шашин байсан. Бурханы шашинг устгачихаар үнэт зүйлсээ алдаж асгасан хэрэг. Энэ шашин ямар байхаас үл хамааран бидний үнэт зүйлсийг хэдэн зуун жилийн турш тээж ирсэн гэдгийг ухамсарлацгаая.
МОНГОЛЫН БОГД ХААН БОЛ АМЕРИКИЙН ОБАМА Л ГЭСЭН ҮГ
http://ner.mn/wp-content/uploads/2015/12/Sharav_bogd_khan.jpg
-Бурханы шашны тухай, бүр тодруулбал Богдын тухай асуух хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ хүнийг мөн их муулсан даа, уран сайхны кино, уран зохиолд. Бид социализмын жилүүдэд ийм л дүртэй танилцсан?
-Наймдугаар Богд бол түвд гаралтай монгол юм. Өнөөгийн АНУ-ын ерөнхийлөгч Обамаг Африк гаралтай америк гэдэгтэй адилхан гэсэн үг. Энэ хүн монголчуудад дахин сэргэлт өгсөн 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч. Би бүр энэ хувьсгалын эцэг гэж хэлдэг юм. Манжийн эрхшээлд байсан субьектүүдээс ганцхан монголчууд бид нар л тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авч өнөө тусгаар оршиж буй гээд нэг бодоод үзээрэй. Бусад субьектууд нь бүгд өнөөгийн хятад гүрний эрхшээлд буй. Учир иймээс Богд хаан бол монголчуудын бурхан шашны тэргүүн төдийгүй төрийн тэргүүн, эзэн хаан байсан. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийг энэ хүний намтар цадиг, үйл ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг тавьсных нь төлөө, Монголын гал голомтыг авч үлдсэнийх нь төлөө түүнд хүндэтгэл үзүүлэх учиртай. Тэр хүн бол боловсролтой нэгэн байсан. Монголд тодорсон богдуудаас ганцаар гавжийн дамжаа барьсан. Бие даан шийдвэр гаргаж чаддаг, түүн дээрээ бат зогсох эр зоригтой. Манжийн амбаны эрхшээлд байснаас үхэхийг илүүд үзэж байсан нэгэн юм. Морь унаад улаан галзуу давхиж чадна, машин, мотоцикль унадаг гээд яриад байвал олныг хэлж болно. Одоогийн хэллэгээр бэлэг танхайдуу хүн юм уу. Элдвийг сонирхдог. Цуглуулсан алт эрдэнэс, амьтны хүрээлэн тухайн үед монголчуудын төдийгүй гадаадынхны сонирхлыг гойд татаж байсан баримт цөөнгүй бий.
-Богдыг архи уудаг, авгай эргүүлдэг байсан гэх зүйлс нэлээд бичигдсэн байдаг?
-Жаахан уужуу бодоод үз дээ. Монголчууд бид хоёр том гүрний дунд ийм их газар нутагтай тусгаар улс болон тогтнож чадсан. Энэ үйл хэргийг удирдаж гавьяа байгуулсан нэгнээ гол төлөв гадаадын хүмүүсийн ойлгохгүйн улмаас бичиж байсанчлан мууг дэвэргэж, тархиндаа суулгах хэнд хэрэгтэй байв. Богд хаан хатантай байсан, албан ёсоор хоёр хатантай байсан. Эхнийх нь Дондогдулам хатан. Түүнтэй анх 1896 онд Амарбаясгалант явж байхдаа танилцаж ханилсан гэдэг юм. 1903 онд Манжийн хаанаас албан ёсоор хатанд Цагаан дарь эх, эрдэнэ сэцэн ноён цол өргөмжилсөн. 1911 онд Монгол тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглаад Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөхөд түүний хатан Дондогдуламыг улсын эх дагинаар өргөмжилсөн юм. Энэ эмэгтэй морь уургалдаг, номтой, биеэ их зөв авч явдаг, санал бодлоо илэрхийлж чаддаг олон сайн талтай байсныг ч бас бичсэн байдаг. 1923 онд их хатан таалал болсон. Энэ тухай маргааш нь Коминтерн, Ринчинод цахилгаанаар мэдэгдсэн байдаг. Түүний дараа мөн тэр нутгаас буюу Чингисийн нутгаас Цэенпил, Гэнэнпил гээд нэрлэдэг хатантай болсон. Удалгүй Богд хаан таалал болоод энэ хатныг Богдын таалал ёсоор насаар нь идэх хоолтой нь буцаасан гэдэг юм. 12 жилийн дараа түүнийг дотоодыг хамгаалахынхан Богдын хатан байсан гэдэг үндэслэлээр хэлмэгдүүлсэн. Бурхан шашны түүхэнд өндөр зиндааны лам нар эхнэртэй байхыг зөвшөөрсний дагуу эхнэртэй том лам нар байсан байдаг.
-Архи хэрэглэдэг байсан гэдэг тухайд?
-100 жилийн дараах өөрсдийгөө нэг хараад үз дээ. Тэгвэл Богд гэдэг чинь монголчуудын дунд хамгийн их баян, Бээжингээс хараат бус байж чадсан, алдар нэр хүнд нь монгол овогтон төдийгүй азид алдаршин түгсэн нэгэн байжээ. Богдод авчирч бараагаа шахах гэсэн америк, англи, орос гээд гадны худалдаачид Хүрээнд хэдэн сар жилээр саатаж, Богдтой уулзах гэсэн гадны аялагчид олон сар хүлээдэг байсныг гэрчлэхээр баримт сүүлийн үед олон гарсан даа. Энэ үүднээс нь аваад үзвэл Богд бол хүн байсан байна гэж хэлж болно. Тэгж байж чадсны хүчинд ч Монголын үндэсний тэмцлийн оройд нь байж, удирдан ялалтад хүргэсэн хэрэг. Тухайн үед Богдод мөргөдөггүй хүн, намын дарга хүртэл байгаагүй гээд бодоод үзээрэй. Түүний нэр хүнд алдар үнэндээ агуу байсан, ХХ зууны эхэнд.
БУРХАН ШАШНЫ ТЭРГҮҮН МОНГОЛ ХҮН БАЙХ ҮҮД ХААЛГЫГ НЭЭСЭН
-Асуухгүй байж болохгүй бас нэг асуудал есдүгээр Богдын тухайд байна. Саяхан Монголд залраад таалал болсон хүний тухай асууж байна л даа.
-Түүхээ үргэлжлүүлэн жаахан сөхөж үзье. 1920-иод онд тогтсон улаан засаг Монголд юу хийв. Хамгийн их нэр хүнд нөлөөтэй байсан Богдыг дахин тодруулахгүй байхаар албан ёсоор шийдвэрлэсэн юм. 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд таалал болоод ердөө хэдхэн хоногийн дараа ийм шийдвэр Ардын намын Төв Хороо, Ардын засгийн газраас гаргасан. Үүнийг МАН-ын гуравдугаар их хурал 1924 оны зун, Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сард баталгаажуулсан хэрэг. Нэгэнт хаант засаг байхгүй тул хаан гарч ирэх ёсгүй, дээр нь бурханы шашны тэргүүн ч байхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хооронд Богдын хойт дүрийг тодруулахаар тусгай комисс гаргаж, Далай ламаас асуулгахаар Түвд рүү илгээсэн жүжиг найруулсан юм. Үүнд Коминтерн шууд оролцож, өөрийн хүнийг дотор нь оруулсан байдаг. Ингээд 1928 оны МАХН-ын долдугаар их хурал, 1929 оны Улсын их хурлаас Богд болон хутагт хувилгаадын хойд дүрийг дахин тодруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа 1930-аад онд хичнээн лам нарыг хэлмэгдүүлсэн билээ. Тэд цөм Богдын шавь нар шүү. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Уэльсийг 1944 онд Монголд ирэхэд нүүр тахлах гээд л орос ах нарын зөвшөөрлөөр хэдэн лам цуглуулж Ганданг нээсэн нь үнэн шүү.
-Богд чинь бас л түвд хүн байсан биз дээ?
-Тийм. Тухайн үед Богдын хойт дүрийн асуудал яригдах боломжгүйн дээр Богдын тухай яриа гаргасан, сэжүүр цухуйлгасан болгон цааш харж байсан. Тиймээс Монгол Улсад энэ асуудал хаалттай болсон. Харин гадаадад бол Богдын хойт дүрийг тодруулах асуудал Монголын ертөнцийг барих түлхүүр гэж харж байсан. Энэ үүднээс Япон, Хятад хандаж байлаа. Өвөр монголчууд ч бас Богдын хойт дүрийг тодруулахыг оролдсон юм. Ийм нөхцөлд Түвдэд улааны аюулаас болгоомжилсон цаг мөчид Түвдийн засгийн эрх баригч \XIII Далай лам 1933 онд таалал болоод өнөөгийн XIV Далай лам тодроогүй байсан\ Ридин хувилгаан 1936 онд саяхан Монголд ирж сууж байгаад таалал болсон хүнийг Богдын хойт дүрээр тодруулсан байна. Түүнийг түвдүүд халх ринбүчи хэмээн дууддаг байжээ. 1940 онд XIV Далай ламыг мөн л Ридин хувилгаан тодруулсан.
-Есдүгээр Богдыг урьд өмнө мэддэг монгол хүн байсан уу?
-Хятадад гарсан Дилов хутагт Жамсранжав бээр Богдын хойт дүрээр тодорсон түүнийг үзэхээр 1930-аад оны сүүл үед Түвдэд очсон байдаг. Мөн Гүрдиваа ринбүчи ч бас энэ үед очиж уулзсан байдаг. Түвдэд байсан олон монгол лам нар очиж байсан гэдэг. Ингээд түвдийн улс төрийн нөхцөл байдал хүндэрч, XIV Далай лам 1959 онд Түвдээс дүрвэн гарч, Энэтхэгт сууршихад есдүгээр Богд бээр бусад лам нарын хамт дагалдан очсон байна. Тэр үеэс Энэтхэгт амьдрахын эрхээр радиод ажиллаж, газар тариалан эрхэлж явсаар 1990 онтой золгожээ. Энэ үед сүм хийдэд хуралд суухад нь очиж уулзаж байсан монгол хүмүүс мэр сэр байдаг юм. Тухайн үед хатуу цаг байсан тул энэ тухай олонд мэдэгдсэн нь ховор. Гомбожав хамба, философч Жүгдэр гуай нар Азийн буддистуудын энх тайваны бага хуралд оролцохоор Энэтхэгт очихдоо Есдүгээр Богдтой 1970-аад онд уулзаж байсан бол, Хамба лам Д.Чойжамц, Гавж Гүндсамбуу гуай нар 1983 онд тэнд сурч байхдаа очиж мөргөсөн байдаг.
-1990 оноос хойш л Богд байна гэдгийг мэдсэн гэж боддог байлаа.
-Ийм байдалтай явсаар 1990 онтой золгосон. Монголд ардчилал гарч, бүх юмны хаалт хориг тавигдаж, чөлөөтэй амьсгалах боломж бий болсон. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Түвдийн шашин, соёлын асуудал хариуцсан сайд Галсан Иш гуайтай уулзахдаа Богдыгоо сурагласан гэдэг. Ингээд XIV Далай лам Энэтхэгийн өмнөд хэсэгт сууж байсан есдүгээр Богдыг Дарамсала хотод өөрийн дэргэд авчран суулгаж, улмаар Монголын ертөнц энэ хүний талаар илүү мэдэх болсон билээ. Нэгэнт мэдсэн монголчуудын цуваа Энэтхэг рүү хөвөрч эхэлжээ. Монголдоо урьж залсан бичиг, сэлт олноор илгээж байсан нь илт харагдана.
http://ner.mn/wp-content/uploads/2015/12/19887862992014091809571.jpg
-Богд Монголд хэзээ анх ирсэн билээ. Хөөгдөж гарч байсан биз дээ?
-1999 онд Есдүгээр Богд Монгол улсад Оросын Холбооны улсаар дамжин орж ирсэн. Албаны хүмүүс гол төлөв түүнийг ад үзэж байлаа. Лам хуврагууд хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Богдыгоо гэж байхад нөгөө хэсэг нь айн болгоомжилно. Олон сүм хийдийн тэргүүн нар хуралдаж, Богдыг Монголын бурханы шашны тэргүүнээр Эрдэнэ зуу хийдэд өргөмжилсөн. Хэвлэл мэдээллээр түүнийг Богд мөн биш гэсэн мэдээлэл цуварсан. Ингээд виз хэтрүүлсэн гэсэн шалтгаанаар түүнийг Монголд орж ирснээс хойш хоёр сарын дараа хөөж гаргасан. Тухайн үед түүнд нүүр өгсөн төрийн хүн бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л байсан даа.
-Есдүгээр Богд дараа нь ирж залрахад Монголын харьяат бус хүнийг бурханы шашны тэргүүн болгож болох уу гэдэг асуудал хөндөгдөж байсан?
-Ингээд 10 жилийн дараа есдүгээр Богд Монгол Улсын төрийн тэргүүнээр ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдон гарч ирсний дараа Монголд заларсан юм. Ингэхдээ Өмнөд Солонгосоор дамжиж орж ирсэн. Удалгүй жилийн дараа Монгол Улсын иргэн болж, Гандантэгчэнлин хийдэд Монголын бурханы шашны тэргүүнээр дахин өргөмжлөгдөж, баталгаажсан байдаг. Нас өндөр гарсан тэрбээр юм их ярьж чадахааргүй болсон байхдаа Монголдоо суурьшсан юм. Ингээд Монголдоо багахан хугацаанд саатаад 2012 оны цагаан сарын шинийн найманд Монголд таалал болсон. Есдүгээр Богдыг амьд сэрүүн ахуйд эгэл ардаас өгсүүлээд төрийн сайд дарга, бүр Ардын намын дарга нар хүртэл бараалхаж золгож байсан. Есдүгээр Богд бээр би нас өндөр болсон надад ямар ч нэр алдар юм хэрэггүй, энэ бүхэн монголчуудад жаахан ч атугай тус болсон бол тэр миний зорилго биеллээ гэж хэлж байсан байдаг.
-Дараагийн Богд ямар хүн байх бол?
-Эхлээд холын түүх бус ердөө сүүлийн хорин хэдэн жилийн түүхээ эргээд нэг санацгаая. Бурханы шашны тэргүүнтэй болсон, Есдүгээр Богдыгоо Энэтхэгээс залж авчирч, өргөмжилсөн, Монгол Улсын иргэн болгосон, Монголдоо таалал болгосон гээд бодоод үзье. Мэдээжийн хэрэг энэ бүхэн ээдрээтэй, бартаатай зам туулсан. Гэхдээ л монголчуудын өөрсдийнх нь зам мөр гэж би бат итгэж байгаа. Үүгээр ямар замын эхлэлийг тавьсан бэ, Монголд бурханы шашин өөрийн хэмнэл, ёс ном, горимын дагуу хөгжих боломжийг илүү нээлттэй болгосон байна. Сүүлийн хорин хэдэн жилийн түүхээс тоймлон үзвэл, Монголын сүсэгтэн, лам хувраг, төр нийлээд бурханы шашны тэргүүнээ Монголдоо байлгах, Монголд байх үүд замыг тавьжээ гэж би бодож байгаа. Бурхан шашны тэргүүн монгол хүн байхын тухайд бол магадгүй сүүлийн гурав, дөрвөн зуун жилийн түүхэнд ийм боломжийг нээж байж ч магад.
-Яагаад ингээд бүгд очиж бараалхаж байсан мөртлөө Богд хэрэггүй юм шиг, бурханы шашнаа хүнийх юм шиг үзэх явдал гарах болсон гэж та боддог вэ. Энэ чинь хаалттай нийгэмд төрж өссөн бидний үеийнхний буруу биш шүү дээ?
-Бидний тархинд шашингүйн үзэл гүн бат суусан байна. Учир нь бид бол шашингүй үзлээр бойжсон улс. Тиймээс бурханы шашны мөн чанарыг олж чадахгүй болтлоо төөрцгөөсөн хэрэг. Ихэнх лам нар ч бурханы шашны жинхэнэ мөн чанарыг тээж яваа гэдэгт би итгэхгүй байгаа. Яагаад гэвэл, үнэхээр л бурханы шашны шавь лам нар юм бол гуч дөчөөд онд хэлмэгдүүлсэн хорь гучин мянган лам нарын төлөө хэн дуугарч байгаа юм бэ гээд бодоод үзээрэй, өнөөдөр бурханы шашныг хичнээн дайрч гутааж доромжилж байна, хэн дуугарч байна. Энэ лам нар хаана байна гээд бодоод үзээрэй. Ийм болохоор би лам нарт итгэхгүй байгаа юм. Дал, наян жил тархиа угаалгасан улсууд чинь ийм байдаг юм байна. Гэвч уламжлал, соёл тэргүүтэнд нь шашин нягт сууж оршсоор тул цагаан сар хийсээр бурханы шашны зан үйл бидний амьдралд хэвийн зүйл болтлоо оршсоор байгаа. Тиймээс бид Монгол үндэстэн давын өмнө өөрийгөө таних хэрэгтэй, өнөөгөө сайтар ухаарч, ирээдүйгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд түүхээ мэдэх хэрэгтэй. Түүх гэдэг чинь санах ой, чиглүүлэгч байдаг юм.
-Таны яриа миний сэтгэлийг үнэхээр хөндөж байна. Хаа нэгтэйгээс хачин жигтэй, танил биш харамсал мэдрэгдээд сонин байна. Та Үндэсний хувьсгалын баярын өдрийг нэлээд хөндлөө. Ер нь энэ баярыг таныхаар хэрхэн тэмдэглэж байвал зохилтой вэ?
-Түүхээ мэдэх хэрэгтэй гэхээр бид нар өөрсдөө Чингис болцгоох гээд байх юм. Өнөөгийн бид өөрсдөө Чингис болох хөг хэдийн өнгөрсөн. Харин хүүхдүүдээ л Чингис болгохыг бодоцгоо. Дөнгөж төрсөн нялх үр хүүхүүддээ, одоо гүйж яваа охид хөвгүүдийнхээ оюуны амыг нээцгээ. Энэ бол хамгийн сайн зүйл, үндэстний хувьд, монгол хүний хувьд. Чингисийн Монголын гал голомтыг сахигч, эзэн нь юм бол эл үүргээ ухамсарлах хэрэгтэй.
-Үүний тул юу хийх хэрэгтэй вэ?
-Эхлээд өөрөөсөө эхэл. Би хэн бэ. Би монгол мөн үү. Миний гэр орон Монгол байна уу, миний ажлын эргэн тойрон, амьдарч буй орон зай ямар байна вэ гэдгийг ухаарцгаая. Тэгээд өөрийгөө олж танихыг хичээе. Мэдээж шууд танихгүй. Холбогдох Монголын түүхийн гуйвж дайваагүй ном, эх сурвалж үзэцгээе. Тэгээд хүний хэлснээр биш өөрийн толгойгоор бодож, дүгнэж үзэх хэрэгтэй. Түүнээс бус бид ихэнхдээ л хэн нэгэн алдартны хэлсэн хийснийг давтаад байна. Бусдаас ялгардгийн хувьд өөрөө дүгнэх, өөрийн толгойтой байх явдал онц чухал байна. Үүнд дээр хэлсэн чиглүүлэгч түүх онцгой үүрэг гүйцэтгэнэ. Үр ач нартаа өвөө эмээ нарынхаа ярьсан зүйлсээс санаж байгаагаа цаг гарган ярьж өгцгөөе. Үлгэр ярьдаг эмээ, өвөө алга болсон тул үр хүүхдүүддээ үнэт зүйлсийг нь суулгадаг зүйлс бодож олцгооё. Сурах орчин, тоглож өсөх орчин тэргүүтнийг нь бодоцгооё. Хот сууринаа бусдад гайхуулдаггүй юм аа гэхэд өөрсдөө амгалан тайван орших өөрийн гэсэн өнгө төрхтэй нөхцөлөө бүрдүүлцгээе.
-Баярлалаа. Та манай сонинд нийтлэлээ ирүүлж байгаарай. Богино цагт олон чухал зүйлсийг ярьж амжих шиг санагдана. Танд ахин амжилт хүсье. 
-Баярлалаа. Бидний үнэт зүйлс юу гэдгийг монгол хүн бүр, Монгол өрх бүр, монголчууд бүгдээрээ бодох хэрэгтэй. Та бидний үнэт зүйлс жаахан өнгөө алдаж гундаж байж магадгүй. Тиймээс зүлгэж байх хэрэгтэй, үнэт зүйлсээ эрхэмлэх учиртай. Энэ бол үндэстэн оршихуйн гол үндэс мөн.Үндэсний үнэт зүйлсээ үргэлж өнгөлж дээдэлж байх явдал тун чухал шүү. Ядаж нэг өдөр үндэсний баяраа үнэн зөвөөр нь тэмдэглэж, монголчууд өөрсдийн бахархал, түүх соёлоо дээдэлж заншвал цаашид хэвшихэд хэрэгтэй гэж л байгаа юм. Ер нь бол монголчууд түүх, соёл, зан заншлаа өдөр тутам дээдэлдэг болчихвол хэн хожих вэ, монгол, бид л хожно биз дээ. Үнэндээ бид утга учрыг нь сайн мэдэхгүй олон баярыг тэмдэглэдэг болоод байна. Ядаж утга учрыг мэдэж байя. Нөгөө талаас утга учрыг нь хүмүүс мэдээд ирэхээр ямар баярыг ямар хэмжээнд тэмдэглэж байхаа өөрсдөө мэдэг л дээ.
Нийтлэлч сэтгүүлч Б.Ганчимэг
Эх сурвалж: Open door сонин, 2015.12.24