Monday 10 January 2011

Ц.Бавуудорж: "Хүн нэртэй сүм эвдэрч байгаа энэ үед хүн чанартай яваа минь тээр болох янзтай"


“Болор цом”-ын эзэн яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтой ярилцлаа. Тэрбээр шинэ оны босгон дээр Дэлхийн урлаг соёлын академиас “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” алтан медаль хүртээд иржээ.

-Юуны өмнө балчир балчир ес тачигнаж байгаа өвлийн өдрийн мэндийг асууя?

-Танд ч бас цасны үнэртэй мэнд дэвшүүлье. Өвөл үнэхээр гайхам улирал. Сэтгэл яг л шилэн болор шилтгээн шиг нэвт гэрэлтээд л... Шүлэг бичиж суухад тэр шилтгээн дотор усан болор цэцэг ургаж хагдраад байгаа юм шиг санагддаг.

-Тэгвэл өвлийн жавар танд ер бусын онгод илгээдэг байх нь ээ?

-Ер нь хүний ертөнцийн бодлоо тунгаадаг цаг нь өвлийн улирал байх. Сэтгэлийг их тунгалагшуулдаг улирал гэж бодох юм. Цасан дороос сэрвийх цагаан өвс хүртэл хамгийн гэгээн мэдрэмжийн үедээ байх шиг харагддаг. Тэгэхээр өвсөнд хүртэл тийм мэдрэмж өгч байгаа юм чинь хүнд хосгүй мэдрэмж өгөх нь ойлгомжтой. (Тэрбээр цонхоор ширтэв)

-Гадагшаа харахад танд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Өвөл бүхэн, өглөө бүхэн өөр өөр мэдрэмж өгдөг. Харин энэ өвөл надад тэнгэрийн ирмэг дээгүүр хичээнгүйлэн алхаж яваа юм шиг соньхон байна. Ийм үед сайхан шүлэг бичдэг юм. Тэгэхээр энэ өвөл миний амьдралд их зүйлийг бодогдуулсан сай¬хан үе байна.

-Шинэ оны босгон дээр “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” алтан медаль хүртсэн. Тэгэхээр та 2010 онд их онгод хийморьтой байжээ?

-Би онгод хийморь гээд хөөрөөд байх дургүй л дээ. Энэ шагнал бүтээлүүдийн минь хувьд дэлбээ юу¬гаан задалсан сайхан үйл явдал болсон. Шүлэг бүхэн түүгээр ч барахгүй үг, үсэг авиа болгон амьтай цогтой байдаг шүү дээ. Тэдний минь л цог гэрэлт¬лээ гэж бодож сууна.

-Шагнал гардах мөчийг та юутай зүйрлэмээр байна?

-Надад бүтээлүүдийн¬хээ өмнөөс нэг их сүрхий хүн босч очоод л шагнал авч байсан мөчүүд бас цөөнгүй бий. Харин энэ удаагийн шагнал их өөр юм шиг санагдсан. Дэлхийн яруу найрагчид чин сэтгэлээсээ алга ташиж, баяр хүргэхийг сонсох нь яруу найрагч хүнд нэн ховор завшаан. Нэг тиймэрхүү л юм болсон. (Инээв)

-Ер нь та шагнал ура쬬шуулалд хэр их ач холбогдол өгдөг вэ?

-“Сэтгэлийг нь бодоод өгснийг нь л авдаг даа жанжин минь” гэж нэг киноны баатар хэлдэг байх аа. Тиймэрхүү л санаа, агууламжаар ханддаг.

-Энэ шагнал уран бүтээлийг тань дэлхийд танигдахад нөлөөлөх бо¬лов уу гэж бодож байна. Ер нь та юунд зорин тэмүүлж байна?

-Хэдэн номоо харж суухад Бавуудорж хүний зүрхэн тольтод нууг¬дагч нандин хөгжмийг хөг¬лөхөөр тэмүүлдэг юм биш байгаа гэж бодогддог. Ер нь тэгээд тэр зүг рүү л тэмүүлдэг юм шиг байна.

-Монголын яруу найр¬гийг нуруундаа үүрэл¬цэж яваа хүний хувьд хөгжлийн тухайд юу гэж дүгнэх вэ?

-Намайг үүрэлцэж яваа гэж чи бодож байгаа юм уу.

-Тийм.

-Их том бодож намайг тоож байгаа юм байна. Монголынхоо хөх тэнгэрээс өгсөн жаахан авьяасыг үрэн та-ран хийчихгүй юмсан гэж мэрийдэг цөөхөн шүлэгчдийн нэг. Монголын яруу найраг дэлхийн оюун санаатай өгөөтэй аваатай явдаг гэж итгэдэг. Бид тэнгэрийн мэдрэмж тээж явдаг монгол угсаа гаралтай улс. Саяын миний хүртдэг шагнал монголын яруу найргийг үнэлсэн хэрэг л дээ.

-Ер нь шүлэг яруу найргаар амьдралаа хөглөж явахын давуу тал нь юу вэ?

-Хорвоог ямагт уужим хардаг. Өдөр бүхнийг нартай сартай уянгын шилт¬гээн гэж боддог. Монгол хэлээ ариуслын тарни гэж итгэдэг гээд л хөврүүлээд байвал олон л зүйлийг өгүүлмээр байна. Товчоор хэлбэл, яруу найрагт ойр явна гэдэг ер бусын гэгээн хүчээр тэтгэгддэг давуу өгөгдөхүүн юмуу даа.

-Хоцронгуй ч гэх юм уу, сул тал бий юу?

-Хүн нэртэй сүм эвдэрч, нурж байгаа энэ цаг үед хүн чанартай, зөөлөн сэтгэлтэй яваа минь тээр болох янзтай. Сул тал минь яг өнөөдрийн байдлаар энэ л болоод байна даа.

-Дотоод сэтгэлтэйгээ хэр ярилцдаг вэ?

-Тухлаж байгаад сайхан хөөрөх нь бий. Бас дуугаа хураагаад хүрлийчихээд их удаанаар шаналаад, шанздаад ч байгаа юм шиг ярилцах нь ч бий. Элдэв янзаар л хөөрөг зөрүүлэх гэж оролдоно шүү дээ.

-Отгонтэнгэр хайрхандаа хэзээ очив?

-Хоёр жилийн өмнө хоёр хөгшнөө дагуулаад бараалхсан. Сайхан угтаж байна лээ. Мөнгөлөг орой дээгүүр нь солонго нумарч татаад л... Бадар хундагынхаа ирмэг дээр нэг сайхан дуг хий¬сэн. Тэгээд л болоод яв-чихаж байгаа юм. Хүн гэ¬дэг амьтан сэтгэлийн амьтан гэдэг нь ч үнэн шүү.

-Таныг Отгонтэнгэрийн хүү яруу найрагч гэж тодотгодог. Энэ нь танд өндөр хариуцлага үүрүүлдэг шиг санагддаг?

-Монгол хэлээр бичиж туурвиж яваагийн хувьд монголынхоо өмнө хариуцлага үүрч яваа гэж өөрөө өөртэйгөө зөвших юм байна шүү дээ. Мэдээж шүтээн сахиус, уул ус минь түүн дотор багтаж байгаа.

-Энэ нэр хүндийг та хэр өргөж яваа вэ. Өөрийгөө дүгнэвэл?

-За мэдэхгүй. Ямар ч гэсэн нэг их нэр сүр өргөж даахгүй биз дээ.Тийм хүслэн ч алга шиг байна. Ургийнхаа овог ,аавынхаа нэрийг л сайхан дааж явбал миний хувьд болох нь тэр.

-Одоо таны сэтгэлд ямар шинэ санаа, бодол лугшиж байна?

-Шинэ хуучны ялгааг нь сайн мэдрэхгүй байна. Ямар ч байсан Бавуудорж гэдэг нөхөр үнэн дүр, мөн чанараараа болор шиг гэрэлтэж байна даа. Үүнээс илүү шилдэг дүр төрх, шидтэй санаа оноо надад хэрэггүй. Тус ч болохгүй гэдгийг зөн билэгтэй мэдэрч сууна.

-Тэгвэл сүүлийн үед танаас бухимдалтай шү¬лэг гарч байна уу. Аль эсвэл гэгээлэг үү?

-Надад заяасан мэдрэмж бол уянгын аястай, дорнын агуулгатай үндсэн хөг аялгуутай юм шиг санагддаг. Өнгөрсөн хорин жилээ эргээд чагнахад бухимдлаа уран бүтээлээсээ ямагт ангид байлгаж ирсэн. Шүлгээр илэрхийлэх боломж миний хувьд хязгаарлагдмал байдаг гэх үү дээ. Харин ч гэгээлэг өнгөөр харж, намуухан аязад хувиргаж л хорвоогоо энэрэх юм даа.

Т.БАТСАЙХАН

SOURCE: NIIGMIIN TOLI