Monday 22 July 2013

З.Батсүх: Ламаадангийн материалыг НАХЯ-ны архиваас бүгдийг үзсэн

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор, цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч З.Батсүхтэй ярилцаж байна. 
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор, цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч З.Батсүхтэй ярилцаж байна. З.Батсүх нь Хэнтий аймгийн мэргэн хүү Ламаадан буюу Цэрэнпунцагийн холбогдолтой материалыг НАХЯ-ны архиваас үзэж танилцсан, өөртэй нь уулзаж ярилцаж байсан хүн.

-Ламаадан буюу Цэрэнпунцагийн талаар хөдөлшгүй баримт цуглуулж, өөртэй нь уулзаж байсан хүний нэг та яалтгүй мөн. Мэргэн хүү Ламаадангийн бага балчир үеэс хоёул яриагаа эхлэх үү?
-Бололгүй яахав. Ламаадан болон аав, ээжийнх нь эмгэнэлт хувь заяаны тухай материал НАХЯ-ны архивт баталгаатай байдаг юм. Би судлаач, сэтгүүлч хүний хувьд бүгдтэй нь танилцсан. Ламаадан буюу Цэрэнпунцаг нь 1937 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд малчин ард Ц.Сэрээтэрийн хүү болж төрсөн. Хүүг багад нь тус аймгийн Дунд баян сумын иргэн Г.Гомбынд үрчлүүлсэн юм билээ. Эхлээд Ламаадангийн эцэг Г.Гомбо, лам Норов нарыг мөрдөн байцаасан баримт архивт байдаг юм.

-Яагаад энэ хоёрыг байцаах болов?
-Гомбо гуай нутгийн лам Норовыг гэртээ залж аврал гүрэм үйлдүүлдэг байсан юм билээ. Нэг удаагийн ийм үйл ажиллагаанд Гандан хийдээс очсон лам Л.Дамбадаржаа, Цэрэнпунцаг хүүг "онцгой сэргэлэн хүү" гэж олны дунд магтсанаас хамаг хэрэг үүссэн байгаа юм. Хүмүүст ер бусын хүүхэд хэмээн анзаарагдах болж. Нэг удаа хүүг өвдөхөд Норов лам "Нэр нь хүндэдсэн байна. Ламаадан хэмээн дуудаж бай" гэж дайран дээр давс нэмж. Тэгээд ч зогссонгүй, "Танайд Хүүхэн хутагтын хойд дүр тодрох нь шиг байна" гэж. Энэ үг дорхноо түгэн тархаж Гомбынд төрсөн Хүүхэн хутагтын хойд дүрд мөргөнө гээд нутгийнхан төдийгүй зэргэлдээ аймаг хошуудаас мөргөлчид цувж Гомбынх хэзээ ямагт наадмын газар шиг их хөл хөгжөөнд умбасан байгаа юм. Сүсэгтнүүд хүүгийн шээсээр толгой тархиа шавшдаг, уудаг хүртэл болсон юм. Энэ үе бол төрөөс шашинтай хатуу тэмцэл хийж байсан үе. Тиймээс Ламаадангийн эцэг Г.Гомбыг нийслэлд дуудаж хатуу анхааруулаад буцаасан боловч тэр их мөргөл залбирал эцэс болсонгүй, улам өргөжсөн байна. Ингээд 1944 онд Г.Гомбыг дахин баривчилж эрүүгийн хуулийн 134,138 дугаар зүйлд зааснаар 10 жилийн ял оноосон аж. Ламааданг сүсэгтэн олноос холдуулахын тулд Хэнтий аймгийн төвийн дунд сургуульд оруулж, урьд нь Дотоод яамны ажилтан байсан захирал Б.Чүлтэмсамбууд "онцгой хяналтанд байлга" гэж хүлээлгэн өгсөн байдаг. Ламаадангийн ангийн багш Ш.Шанж байв. Шанж багш сүүлд ярихдаа "Би хичээл эхлэхээс өмнө сумдаар явж хүүхдээ сургуульд оруулахыг шаардаж байхдаа Гомбынх гэж айлд очсон. Тэдний гадуур олон гэр майхан, морь малтай хүмүүс бужигналдаж, сумын наадам болж байгаа юм шиг л байсан. Тэр хүүг  /Ламааданг/ гадаа гарч бие засахад нь хүмүүс даган гүйлдэж шээсийг нь аяга сав, алган дээрээ тосож, нүүр амандаа түрхэж байсан. Тэр үед уг хүүхэд том хүмүүсийг загнаж, элдэв янзын үг хэлдэг, ямар ч хүнийг чи гэж дууддаг байсан. Сургуульд орсон хойноо ч мөн л хэвлүүн зантай, хичээл дээр юм хийхгүй, дуугарахгүй, тааз өөд өлийж харах буюу нүдээ аниад суучихдаг байсан. Өргөн шанаатай, хавтгайвтар цайвар шарангуй зүстэй хүүхэд байсан. Нэг их удалгүй сар гаруйн дараа хүүг хот руу шилжүүлсэн. Нэг өглөө, захирлын тушаалаар хүүг сургуулийн үүдэнд гаргаж өгөхөд машин зогсож байгаад суулгаж одсон. Түүнээс хойш уулзалдаагүй" гэж ярьсан байгаа.

-Ламаадан маань хотод ирээд ямар байдалтай байсан юм бол?
-Архивын материалаас үзэхэд Ламаадан буюу Цэрэнпунцагийг хотод авчраад Өвөрхангай аймгийн харьяат, тухайн үед Дотоод яамны оёдлын үйлдвэрт аж ахуйн эрхлэгч байсан тохьтой томоотой Д.Самдан гэж хүнд үрчлүүлсэн байгаа. Д.Самдан 1962 онд НАХЯ-ны хянан шалгах хэлтсийн ажилтан Ш.Бадрах гэж хүний нэр дээр гаргасан нэг тодорхойлолт архивт бүрэн эхээрээ байгаа юм. Уг тодорхойлолтод Д.Самдан "Намайг ДЯЯ-ны зөөлөн оёдлын үйлдвэрт аж ахуйн эрхлэгчийн ажилтай байхад 1944 оны намар нэг өдөр, хоёрдугаар хэлтсийн дарга Б.Болд, сургагч Багаев, тасгийн дарга М.Бат-Очир нар миний ажлын газар очиж эцэг эхгүй нэг хүүхдийг үрчлэн авч хүмүүжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тухай ярьсан. Дараахан нь, товлосон өдрийн 10 цагт очиж хүүг хүлээн авсан. Тэр үед тасгийн дарга М.Бат-Очир хүүгийн нэрийг Чимиддорж гэдэг гэж хэлсэн. Чимиддорж хүүг өсгөн хүмүүжүүлж эрийн цээнд хүргэсэн. Чимиддорж маань 1960 онд гэрлэж, одоо хоёр хүүхэдтэй сайхан айл манай хашаанд байгаа" гэж дурдсан байгаа юм. 

-Цэрэнпунцаг хүү яагаад Чимиддорж болов?
-Архивт, ДЯЯ-ны хоёрдугаар хэлтсийн тасгийн дарга байсан М.Бат-Очирын гарын үсэг бүхий хэд хэдэн материал хадгалагдаж байдаг юм байна. М.Бат-Очир гуай өндөр нас насалсан. Би түүнтэй уулзаж ярилцаж байсан л даа. Тэгэхэд, Бат-Очир гуай "насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт шийтгэх аргагүй байсан учир шашны ноцтой нөлөөллийг таслан зогсоох зорилгоор уг хүүхдийг шашин шүтдэггүй болсон тохьтой айлд үрчлүүлэх тухай тэр үед сайд дарга, сургагч нар хэд хэдэн удаа зөвлөж ярилцаад Самдан гэж хүнд өгөхөөр шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр ёсоор тэр хүүхдийг Самданд би хүлээлгэн өгсөн. Нэрийг өөрчлөх нь зүйтэй гэсэн яриа гарч, тэр үед надтай хамт ажиллаж байсан өөр нэг тасгийн дарга Чимиддоржийн нэрийг өгчихсөн. Шинэ нэрэндээ дасахгүй нэлээн л будилсан байх. Сүүлдээ бүх зүйл санасан ёсоор болсон гэж ярьж байна билээ.

-Ламаадан буюу Цэрэнпунцагийн нэрийг солиод Д.Самданд хүлээлгэж өгөхдөө эрх мэдэл бүхий хүмүүс зохих ёсны туслалцаа дэмжлэг үзүүлж байсан юм болов уу?
-Самдан гуай 1969 онд барилгын материал дутаасан гэж жил гаруй цагдаагийн байгууллагад мөрдөгдсөн юм билээ. Тэр нь данс тооцооны будлиан байсан нь батлагдаж хэрэгсэхгүй болсон аж. Үүний дараа 1970 онд Самдан гуай НАХЯ-ны удирдах хүмүүстэй уулзах хүсэлт тавьсны дагуу дэд хурандаа Ордос хүлээн авч уулзаад сайддаа илтгэх хуудас бичсэн байдаг. Энэ уулзалтаар Самдан гуай "Танай яам намайг харж үзнэ гэдэг байсан боловч энэ удаа харж үзсэнгүй. Би, танай яамны даалгавраар 1944 онд Хэнтий аймагт мэргэн хүүхэд гэж тодорсон Ламаадан буюу хожим Чимиддорж гэх болсон хүүхдийг хүмүүжүүлэх үүрэг авсан. Би асрамжлан хүмүүжүүлж өдий хүргэсэн. Чимиддорж одоо механизмын баазад самосвал машин барьж байгаа..." гэхчлэн бичээд амьдрал хүнд байна гэдгээ хэлсэн байгаа. Тухайн үеийн НАХЯ-ны сайд байсан Б.Жамбалсүрэн 1970 оны наймдугаар сарын 13-нд Д.Самданд буцалтгүй тусламж болгон 1000 төгрөг олгосон байдаг юм. Үүнээс хойш тэгээд л мартагдсан юм билээ.

-Та өөрөө Ламаадан буюу Чимиддоржтой уулзаж байв уу?
-Уулзсаан уулзсан. Чимиддорж гуай чинь шинээр үрчилж авсан Самдан аавындаа өсч хүмүүжин сургууль соёлоор дамжиж эгэл жирийн амьдралаар амьдарч байгаад 1990-ээд оны дундуур таалал төгссөн. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд эхнэр хүүхдүүд, ач зээ нартайгаа амьдарч байсан. Барилгын хүнд механизмын баазад самосвалын жолооч байсан юм билээ. Намайг уулзах үед тэрээр эгэл бор ажилчин хүний байдалтай, насны эрхээр хижээлшиж яваа нэгэн байв. Миний бодож төсөөлж байснаас огт өөр, яриа хөөрөө сайтай, юмыг нухацтай эргэцүүлж боддог хүн байлаа. Тэрээр надад, би багынхаа явдлыг санадаггүй юм. Сургуульд орсноосоо хойшихыг л санадаг гэж байсан. Ламаадан буюу Чимиддорж гуайн дурсаж ярьснаас зарим зүйлийг сонирхуулъя. Тэрээр,"Миний багад Амгаабазар ах гуч шахсан хүн байсан болохоор намайг сайн санаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Намайг багадаа буржгар хар үстэй, солгой хүүхэд байсан гэдэг нь үнэн байдалд таарч байна. Миний халимаг уртхан ургахаараа шанаа, шилний үс атиралдаад байдаг юм. Бас удамшдаг юм байлгүй, миний хүү Баярсайхан, Ганбаатар хоёр буржгар үстэй, солгой байгаа юм. Аав минь намайг баруун гараар бичүүлж сургаж байгаад 1946 онд нийслэлийн тавдугаар дунд сургуульд оруулсан. Нас хэтрүүлж сургуульд оруулсан нь үүнтэй холбоотой байж мэднэ. Баруун гараараа үзэг харандаа л барина. Бусад тохиолдолд солгой гараараа ажилладаг. Одоо би алхаа зүүн гараараа бариад л юм балбаж байдаг юм" гэж ярьж билээ.

-Чимиддорж гуайд өөр ах дүү садан байдаг гэнэ үү?
-Самдан гуайн гурван өргөмөл хүүхдийн нэг нь С.Чимиддорж. Дүү С.Пүрэвдорж нь Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газар, бүсгүй дүү С.Нармандах нь Багануурын эмнэлэгт ажилладаг гэж байсан. Самдан гуайн голомтон дээр үлдсэн охин нь С.Нармандах юм билээ.

-Уугуул нутаг Хэнтий чигийнхнээ, жинхэнэ ах дүү нарынхаа тухай мэдсэн сонссон зүйл байх юм уу?
-Хэнтийн мэргэн хүү Ламаадангийн тухай домог мэт яриа дэлгэрсэн 1990-ээд оны үеэс л уугуул нутгийнхаа тухай эргэцүүлж бодох болсон юм билээ. Юунаас ч болсныг мэдэхгүй, Чимиддорж гуайн толгой их өвддөг байсан гэнэ. Тээврийн жолооч байхдаа Самдан эцгийнхээ нутаг Өвөрхангайд очин сар гаруй айраг ууж сайхан амарсан чинь ер засраагүй гэнэ. Тэгсэн чинь, нэг хавар Хэнтий аймгийн Биндэр, Батширээтэд очиж мод татаад нойр хоолгүй явж байхад өнөөх өвчин нь огт хөдлөөгүй гэсэн. Тэгээд Чимиддорж гуай "Унасан газар, угаасан ус гэдэг чинь ондоо юм билээ" гэж байсансан. Намайг уулзах үед Чимиддорж гуай "Энэ намар Хэнтий явж Амгаабазар ахтайгаа уулзана. Тэнд бас уулзах хүн, орох айл хэд хэд байгаа. Тэнэж мөргөж явсаар ах дүүстэйгээ уулзахаас сайхан зүйл хаа байхав дээ" гэсэнсэн. Тэгээд ярианыхаа төгсгөлд "Хэцүү хүнд үед ёс бусаар цаазлагдсан эцэг Г.Гомбо, эх Ч.Янжинлхам нарыг минь цагаатгах явдал байдаг болов уу" гээд хоолой нь зангирна билээ.

-Ламаадан буюу Цэрэнпунцагийн цаазлагдсан аав, ээжийн талаар архивын материал байх юм уу?
-Энэ тухай материал би олж үзээгүй. Аав Гомбыг нь 1944 онд баривчилж авчраад 10 жилийн ял оноосон  шүү дээ. Ээж Янжинлхам нь нөхөр, хүү хоёроо хайж хотод ирээд сураг алдарсан. Тэр хоёрыг шашны онц нөлөө бүхий хүмүүс гэж үзээд яаран хороосон юм билээ. Дотоод яамны хоёрдугаар хэлтсийн дарга Б.Болд нарын хүмүүс хороогоод Богдхан уулын ард, Нүхтийн амны орчим булсан гэдэг юм.

-Би, Хэнтийн "мэргэн хүү" Ламаадан буюу Цэрэнпунцагийн гунигт амьдралыг үнэн зөвөөр олж тогтоон уншигч түмэндээ хүргэхийн тул сүүлийн жилүүдэд хол ойр нэлээн газраар явж, олон ч хүнтэй уулзлаа.  Архивын материалд тулгуурласан таны яриаг хүмүүс их сонирхох байх. Энэ бүхнийг үзэж сонсож явахад нэг л зүйл сэтгэлийн гүнд явдаг. Тэр бол Монгол Улсын нэгэн жирийн өрх бүлийн эмгэнэлт хувь тавилан. Ламаадангийн аав Г.Гомбо, ээж Ч.Янжинлхам нарыг буудчихсан, Ламаадан буюу Цэрэнпунцаг маань аав, ээжээсээ нялхдаа хагацаж хойд аав, ээжүүдийн гар дамжин эрх чөлөө хязгаарлагдмал насыг барсан. Самдан аав нь бас хилс хэргээр мөрдөгдөж явсан байдаг.  Монголын төр энэ гэр бүлийнхнийг цагаатгаж, үлдэж хоцорсон хүмүүст нь сэтгэл санааны болон хөрөнгө мөнгөний зохих туслалцаа үзүүлээсэй гэж боддог. Та надтай санал нийлэх үү?
-Санал нийлэлгүй яахав. Олон жил өнгөрсөн боловч Монголын эгэл жирийн нэг гэр бүл хохироод өнгөрч болохгүй. Ламаадан буюу Цэрэнпунцагийн ах дүү, төрөл төрөгсөд Хэнтийд бий. Самдан аавынх нь ах дүү нар, Чимиддорж гуайн хүүхдүүд хотод байгаа шүү дээ. Тэднийг Монголын төр засаг, ямар ч байсан анхаарах ёстой.
Г.ЖАМЬЯН (МУСГЗ)

Sunday 21 July 2013

Э.Бат-Үүл: Би мөрөөдлөө биелүүлсэн

-Одооноос “Монголын хууль гурав хоног” байхаа больсон-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Өнгөрөгч даваа гаригт НИТХ-аас гаргасан жанжин Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох шийдвэр нэлээд олон талаас шүүмжлэл дагуулах шиг боллоо. Яагаад ийм огцом шийдвэр гаргачихав аа. Нана нь ярьж хэлж, хүмүүсийн санаа бодлыг бас сонсч болоогүй юм уу?
-Энэ сэдэв өмнө нь олон удаа яригдсан асуудал. Тэгээд тухай бүртээ дандаа улс төрийн талцал, маргаан болоод унадаг байсан. Асуудлынхаа мөн чанарыг ойлголцохын оронд намууд нь хоорондоо талцаж маргаад дуусдаг байсан. Тиймээс энэ удаа тийм улс төрийн маргаан мэтгэлцээн болгохоос зайлсхийж, мэргэжлийн хүмүүстэй нь яриад шийдвэрээ гаргасан. Зарим нэг хүмүүс “иргэдээрээ хэлэлцүүлсэнгүй, саналыг нь асуусангүй” гэж шүүмжилж байна л даа. Өмнө ч бас иргэдээрээ хэлэлцүүлэх гэсэн зарим нэг оролдогууд хийгдэж байсан юм. Тэгэхээр л улстөрчид нь өмнүүр нь орж шүүрч аваад, улс төрийн шоу болгож хувиргачихаад болдоггүй байсан л даа.

-Манайд чинь байгаа ахуйгаасаа тасарчихсан нэртэй их олон зүйл байна шүү дээ. Буянт-Ухаагийн онгоцны буудлыг “Чингис хаан нисэх буудал” болгосон. Төрийн ордныхоо өмнө Чингис хааны хөшөөг залсан бол одоо Чингисийн талбайтай болчихлоо. Үүн дээр дөрөөлөөд Хэнтийд нэг Засаг дарга “Ерөөсөө аймгийнхаа төвийг Чингис хот болгоно” ч гэж байх шиг. Чингисийн талбайг ч гэсэн нэрэнд нь дүйцтэл өөрчилнө, тохижуулна гэдэг бас л хэцүү байх?
-Энэ бол улсын маань төв талбай. Энэ талбайгаа бид Монгол Улсыг үндэслэн байгуулсан Чингис хааныхаа нэрээр нэрлэх нь түүхийнх нь талаас аваад үзсэн ч, билэгдэл утгын хувьд ч зөв шийдвэр гэж би итгэж байгаа. Тийм ч учраас би өөрөө энэ санаачлагыг гаргаж, НИТХ-д өргөн барьсан. Ер нь Төрийн ордны урд хэсэгт Чингисийн хөшөө барьснаас хойш энэ талбай архитектур талаасаа их авцалдаа муутай, их олон салаа утгатай болчихсон шүү дээ. Тэгээд ч мэргэжлийн архитекторууд, дизайнерүүд байнга шүүмжилж ирсэн. Энэ хоёр чинь авцалдахгүй байна, нэг тийш нь болгооч ээ гэж. Энэ нь ч бас миний энэ саналыг НИТХ-д өргөн барих нэг үндэс болсон. Тэгээд ч сая талбайн нэрийг өөрчлөхөд нэг их улс төрийн утгатай байсан нь илэрч байна шүү дээ. Түүхийн утга учир гэхээсээ илүү улс төрийн сонирхол дээр их суурилсан талбай болоод хувирчихсан харагдлаа. Түүнээс биш хотын архитектур, дизайн талаасаа бол нээрээ л мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэл үндэстэй байсан байна.

Би сая нэг зүйлийг хараад маш их эмзэглэсэн. Бидний Чингис хаандаа хандах хандлага нэг их итгэл үнэмшлийн түвшинд хүрч чадаагүй байжээ гэдэг нь зарим иргэдийн шүүмжлэлээс харагдсан. Бухимдахдаа зарим нь бүр Чингис хаанаа доромжлох байдал руу хүртэл орж байх шиг. Миний хувьд ямар итгэл үнэмшил байдаг вэ гэвэл үнэндээ Чингис хаан бол Монгол Улсыг үүсгэн байгуулагч. Зөвлөлтийн эрхшээлд байх үед бидний Чингис хааны тухай ойлголт маш буруу явж ирсэн. Харгис хэрцгий эзлэн түрэмгийлэгч гэдэг байсан шүү дээ. Энэ бол коминтернээс бидэнд тулгаж байсан суртал ухуулга байхгүй юу. Тэр сурталд нь хүмүүс өнөө хэр нь автчихсан байгаад би маш их харамссан. Одоо болтол тийм ойлголттой хүмүүс цөөнгүй байдаг юм байна.

-Угаасаа манайд Чингис хаан, Чингисийн үеийн Монгол Улс, эзэнт гүрний түүхийн талаар судлагдахуун бага шүү дээ. Дэмий л Чингис, Чингис гээд цээжээ дэлдээд байхаас биш наад зах нь арван жилийн сургуульд үзэж байгаа түүхийн сурах бичгүүд дээр энэ түүх байна уу. Байхгүй шүү дээ. Үүнээс ч бас их зүйл шалтгаалдаг байх?
-Тийм ээ. Одоо ч гэсэн түүхийн сурах бичигтээ Чингис хааныг байлдан дагуулагч, эзлэн түрэмгийлэгч л гээд явж байна шүү дээ. Гэтэл XXI зууны босгон дээрээс XIII зууны түүхэд үнэлгээ өгнө гэдэг ёс суртахууны хувьд үнэхээр мунхаг явдал. XIII зуунд дэлхийн аль ч улс үндэстэн байлдан дагуулал хийж байсан, хүчтэй нь л амьд үлддэг байсан. Европт ч тэр, Азид ч тэр. Хүч чадалтай нь газар нутгаа тэлдэг байсан. Харгислалын тухай ярих гэж байгаа бол бүр иргэншчихсэн XIX, XX зуун хүртэл цагаан арьстнууд индианчуудыг ямар муухайгаар харгислаж байлаа. Индианчуудын хуйхыг хуулаад үнэлдэг, хоморголон устгаж л байсан шүү дээ. Наполеон ч Египетийг байлдан дагуулахдаа аймшигтай муухай харгислал хийж л байсан. Гэтэл XIII зуун бол одоогийн улс орнууд дөнгөж бий болж байсан үе. Англи, Францыг тэр үеэс л байгуулсан. Яг түүнтэй зэрэгцээд Чингис хаан Монгол Улсыг байгуулсан, тэгэхдээ маш хүчирхэг улс, асар том эзэнт гүрнийг байгуулсан. Бусдад нь тийм тэнхээ байгаагүй. Түүнээс биш буяны сайхан сэтгэлтэйдээ биш. Нөгөөх нь нэг их харгис хэрцгий байсандаа ч биш. Гэтэл тэрийг нь зөвлөлт маягийн сурталд автсан хүмүүс “харгис хүн байсан, дарангуйлагч байсан” мэтээр XX, XXI зууны нүдээр харж шүүж байгаа нь их утгагүй.

-Манайхны хувьд Чингис хаандаа их тийм хөнгөн хийсвэр, романтик байдлаар ханддаг нь харагдаж байгаа биз дээ. Гадагшаа гарахаараа л “Чингис, Чингисийн Монгол” гэж цээжээ дэлдээд, омогшоод байхаас биш дотроо бол түүхээ төдийлөн үнэлдэггүй...?
-Үнэлж байгаа үнэлгээ нь ч гэсэн нэг л хэрсүү биш, бодитоор үнэлдэггүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад байдаг. Дандаа маркетинг борлуулалтдаа хэрэглээд, бараа товар болгож ашиглаад байдаг. Гэтэл тэр хүн чинь Монгол Улсыг үндэслэн байгуулсан юм байгаа биз дээ. Тэр хүний байгуулсан Монгол Улс чинь л унаж боссоор өдийг хүрсэн. Тийм учраас түүхийнх нь зөв өнцгөөс харах хэрэгтэй шүү дээ. Гэтэл түүхийнхээ сурах бичигт хүртэл “эзлэн түрэмгийлэгч байсан” гээд биччихсэн. Үнэндээ бол Ромчууд ч эзлэн түрэмгийлж байсан, Францууд ч хүчирхэг байх үедээ эзлэн түрэмгийлж байсан.

-Ер нь Чингис хааны эзэнт гүрэн, байлдан дагууллын түүхийг манайхаас илүү америк, европчууд дунд сургуульдаа үзээд судалчихдаг байх шүү?
-Тийм шүү дээ. Тэгэхдээ “эзлэн түрэмгийлэгч” гэж бичдэггүй л байхгүй юу. Яагаад гэвэл тэд XIII зуунд улс үндэстнүүд яаж оршин тогтнож байсан бэ гэдгийг, угаасаа хүн төрөлхтний түүхийг мэднэ. Тиймээс “Чингис хаан бол маш хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан юм аа” л гэдэг. Тэр байтугай “Хүн төрөлхтний шинэ түүх Чингисийн байлдан дагууллын дараа эхэлсэн. Одоогийн энэ улс орнууд Чингис хааны байгуулсан эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон юм” гэж үздэг. Гэтэл бид нар архины шошгон дээр л нэрийг нь наагаад байгаагаас өөр мэдэж байгаа юм ч алга, хэлж байгаа ч юм алга. Тэгж ярих юм бол Чингис хааны түүхээр гаднынхан илүү бахархах маягтай явж ирлээ шүү дээ. Хүн төрөлхтний түүхэнд их цөөхөн үндэстэн тод ул мөрөө үлдээсэн. Оюун санааны ертөнцөд грекүүд, төрийн төгс хэлбэрийг ромчууд бий болгосон. Дараа нь монголчууд Чингисийн үед дэлхийн глобалчлалыг бий болгосон юм гэж үздэг. Гэтэл монголчууд Чингис гэдэг архины тухай л ярьж байна. Тэгээд би сая аягүй урам хугарсан, бид Чингис хаандаа ингэж хандаад байхдаа яах вэ дээ.

-Урам хугарах шалтгаан бас байна л даа. Тэр талын мэдлэгийг нь өгөхгүй байна шүү дээ?
-Тийм учраас бид боловсролдоо их анхаарах хэрэгтэй. Сая би, ялангуяа залуучууд үүнийг эсэргүүцэж байгааг хараад маш их харамссан. Ямар харамсмаар, ямар гунигтай дүр төрх харагдав аа. Угаасаа хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь дэлхий нийтээрээ үнэлээд “Чингис хаан бол Мянганы хүн, мянган жилд нэг тохиосон суутан” гэж хэлээд байна шүү дээ. Тэгтэл бид архины шошгонд нааснаас өөр юу хийсэн билээ. Тийм учраас би энэ шийдвэрийнхээ талд хатуу зогсоно. Тэглээ гээд миний нэр хүнд унахаас, намайг яаж ч муучлахаас айхгүй. Ер нь бид Чингис хааныхаа тухай дэлхийн ярьдаг хэмжээнд ярьдаг болмоор байна.

Гэхдээ би энэ дашрамд нэг зүйлийг зориуд хэлье. Чингис хааны талбайг бий болсгосон нь жанжин Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг ерөөсөө доошлуулах бодол агуулаагүй юм шүү. Ерөөсөө 1921 оны хувьсгалын үр дүнд бид Бүгд найрамдах улсаа тунхагласан. Чингис хаан бол Монгол Улсыг байгуулсан. 1921 оны ардын хувьсгалаар монголчууд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, хоёр хөршийнхөө Монгол Улсыг бие биедээ хувааж өгөх гэж байсан тэр үйл явдлыг зогсоосон. Тэрний билэгдэл бол Сүхбаатарын хөшөө мөн. Арай ч МАН-ын байрны өмнө тавиулахгүй. Зарим нь Батлан хамгаалах яамны өмнө аваачиж тавиач гэж байна лээ. Монголын тусгаар тогтнолын түүхийг тэгж доош нь хийхгүй. Монгол Улсын тусгаар тогтнол бол нэг намын өмч биш.

-Сүүлийн 20 жилд нийслэлийн Засаг даргаар ажилласан хүмүүс хүн болгон нэг ийм түүхэнд үлдэх шийдвэр гаргаад байсан бол уг нь хот их өөр болох байсан биз. Харамсалтай нь тийм өөрчлөлтүүд хийгдэж байсангүй. Харин таны хувьд ямар ч байсан сайшаал, шүүмжлэл аль алийг нь дагуулсан ч өөрийнхөө хувьд нийслэлийн түүхэнд үлдэхээр нэг шийдвэр гаргачих шиг боллоо. Энэ таны эхний зорилго байсан уу?  
-Миний нэг мөрөөдөл яах аргагүй энэ байсан. Жараад оны эхээр Төмөр-Очир тэргүүтэй хүмүүс Ногоон нуурт очож, Чингис хааны хөшөөг босгож байсан. Түүнийхээ төлөө хүмүүс бүгд хэлмэгдэж, дараа нь Төмөр-Очир гуай харамсалтайгаар амиа алдаж байсан. Би тэр хүмүүсийн тэр үед хүсч зорьж байсан зүйлийг би хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж дотроо тангараг тавьсан байсан юм.

Хөшөөний хувьд нэг их сайн хөшөө болж чадаагүй л дээ, тэр үед байгуулсан тэр чигээрээ л үлдсэн. Ерөн он хүртэл тэр хөшөөг нууж байж, одооноос л монголчууд очдог болсон шүү дээ. Ингэж бид бусдын эрхшээлд байхдаа Чингис хааныхаа үнэ цэнийг ойлгох ч эрхгүй байсан юм.

-Одоо хотынхоо ажил руу орьё. Энэ зун хүн болгон л ярьж байна, хот нэг л өнгө засаад байна гэж. Гэрэл гэгээтэй болчихож, хүмүүс маань соёлтой ч болсон юм шиг, ядахдаа хогийн саваа нэг аятайхан, өнгө үзэмжтэй байрлуулаад, замын цагдаа нар хүртэл зам дээрээ зогсоод хөдөлгөөнөө зохицуулдаг боллоо, гудамжны буланд нуугдаж байгаад торгууль тавьдгаа больчихож. Хүмүүс өөрсдөө ингэж өөрчлөгөөд байна уу, эсвэл өөрчлөгдөх шалтгааныг нь хотын шинэ удирдлагууд бий болгоод байна уу? 
-Хуучин бол хотын төсвийн ихэнх нь захиргааны урсгал зардал болоод том том хөрөнгө оруулалт руу явдаг байсан. Барилга байгууламж барих, зам тавих гэх мэтчилэн. Уг нь бол төсвийн хуулиар шинээр барилга байгууламж барих ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийдэг, баригдсан зүйлийн арчлалтыг орон нутаг авч явдаг хуультай. Гэтэл хотын иргэдийн ая тухай байдлыг хангах тэр үйлчилгээнд зориулдаг мөнгө нь аягүй бага, 2012 онд гэхэд ердөө 15-хан тэрбум төгрөг байсан. Гэтэл захиргааны ажилчдын цалинд 22 тэрбум төгрөг явж байлаа шүү дээ. Төсвийн үлдсэн 60 хувь нь хөрөнгө оруулалтад явчихдаг, нөгөө улсын төсвөөр хийх ажлыг өмнүүр нь орж хийдэг байсан байгаа юм. Тэгээд хотын тохижилт, иргэдийн ая тухтай амьдрах орчныг хангахад маш бага мөнгө зарцуулагддагаас болоод хот маань халтартсан, бохирдсон, хогондоо баригдсан байсан. Одоо бид түүнийг нь өөрчлөөд, хуульд заасны дагуу төсвөө хуваарилаад, хотоо арчилж тордоод эхэлсэн. Яагаад гэвэл хотоо арчлах, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг хангах нь хотын жинхэнэ үүрэг байхгүй юу. Бүр Үндсэн хуулиар оноосон үүрэг нь. Та нар нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг л бий болгоно шүү, үүнийг л та нар авч явна шүү гээд Үндсэн хуульд заачихсан. Тэрийгээ л бид хийгээд эхэллээ л дээ.

-Одоо тэгээд төсвийн хэдэн хувь нь энэ үйлчилгээнд зориулагдаж байна?
-Хуучин арав хүрэхгүй хувь нь явдаг байсан бол одоо 30-40 хувийг зориулж байна. Цаашлаад бид нөгөө “шар цамцтан”-гуудынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, ажлынх нь норм, нормативийг ч өөрчлөх хэрэгтэй байна. Хотын энэ хамгийн гол ажлыг хамгийн сүүлийн ажил болгоод хаячихсан, өөрөөр хэлбэл, хотын тухай ойлголт их муу байж л дээ. Тэрийг нь бид өнөөдөр тэргүүн эгнээнд аваачиж тавьж байна. Хотын орчин сайжраад эхлэнгүүт хүмүүсийн сэтгэл санаа ч шал өөр болоод эхэлж байна. Миний найз Бээжинд сууж байгаа Элчин сайд Ц.Сүхбаатар хэлж байна лээ, “Хотынхны харьцаа, нүүр царай, зан ааш их өөр болчихжээ” гэж. Сая жишээ нь наадмаар гэмт хэрэггүй наадлаа шүү дээ. Хот бол хүмүүсийн санаа бодолд шууд нөлөөлдөг ахуй байхгүй юу. Тэр ахуйг нь өөрчлөөд эхлэхээр хүмүүс дагаад өөрчлөгддөг. Хүнээ өөрчилж байж хотыг өөрчилдөг юм биш, хотоо өөрчилж байж хүнээ өөрчилдөг. Энэ бол зарчим.

-Би таныг хотын дарга болохоос чинь өмнө асууж байсан даа. Хотын дарга нар дандаа хөдөөний хүмүүс байх юм. Үүнээс болоод хот хот шиг байж чадахгүй байгаа юм биш үү гэж асуухад та их дүргүйцэж байсан. Одоо харахад үнэн л байгаа биз дээ?
-Сэтгэлийн л асуудал шүү дээ. Юманд сэтгэлээсээ хандах юм бол юуг ч ойлгож, өөрчилж болдог. Өмнөх хүмүүс жаахан хоноцын сэтгэлтэй байжээ л гэж би хэлж байна. Жишээ нь, манай Хот тохижилтийн газрын дарга Энхсайхан “хотын гудамжинд цэцэг тавья” гэхэд нь би “дэндүү их өртөг зардалтай юм биш үү, юмны донжийг хэтрүүлчихээр жаахан авцалдаагүй болчихдог юм шүү” гэж шүүмжилж л байсан. Д.Энхсайхан маань “Үгүй, энэ их чухал юм” гэж зөрж байгаад тавьсан. Одоо харахад зөв байсан байна лээ. Энэ цэцэг хүмүүсийн настроенд маш хүчтэй нөлөөсөн. Сайхан цэцэг тавиад эхлэхээр хүмүүсийн биеэ авч явах байдал ч эрс өөрчлөгдөөд ирж байна. Одоо би Энхсайханаас ганц л юм гуйж байгаа, “Чи цэцэг тавьсан шүү, цэцгээ арчлаарай. Тэгэхгүй бол хог болно шүү” гэж. Тэгээд Энхсайхан маань цэцгээ маш сайн арчилж байгаа. Олон хүмүүс хэлээд байхаар санаа дагаад ч юм уу, хүмүүс нүүр царай, нүд нэг л өөр болсон юм шиг санагддаг.

Анх биднийг ажлаа эхэлж байхад хүмүүс “Монголын хууль гурав хоног гэдэг, гурав хоноод л байхгүй болно доо” гэж байсан. Гэтэл үгүй л байгаа биз дээ. Машины дугаарлалтыг яаж эсэргүүцэж байлаа. Хотынхоо гудамжийг угаагаад эхлэхээр бас юу гэж байлаа. Уг нь бол хавар болоод л талбайгаа угаасан юм л даа, олон улсын бага хурал л таарчихсан болохоос биш. Одоо бол Монголын хууль гурав хоног байхаа больсон гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Цэцэг тавьсан, долоо хоноод үхнэ ээ л гэсэн, одоо сайхан л ургаж байгаа биз дээ. Манай Энхсайханы хэлснээр намар аравдугаар сар хүртэл, -7 хэм хүртэл амьдрах юм гэсэн шүү.

-Дендрологич хүн юм уу?
-Үгүй, ерөөсөө л хотоо гоё болгоё гэсэн сэтгэлтэй хүн. Одоо манай хотын захиргааныхныг хараад байхад хийж байгаа юм нь бүтэмжтэй болоод ирэхээр хүн болгон урам зориг ороод, юмнаас зүрхшээхээ больдог юм байна. Цаана нь гарна аа л гэдэг болсон.

-Хот тохижилтын ажил шар цамц өмссөн 300 хүний л нуруун дээр явдаг байсан. Хүн хүчээ нэмсэн үү, цалин хөлс нь өөрчлөгдсөн үү?
-Нэмнэ. Энэ жилийн төсөв бол жаахан хязгаарлагдмал байлаа. Ирэх жилээс хүн хүчээ нэмнэ, цалинг нь өндөр зэрэглэлд аваачна. Хүмүүс хэрвээ анзаарсан бол одоо бид хуучин их үнэлэгддэггүй байсан тэр хүмүүсийнхээ ажлын үнэлэмжийг нэмж байгаа. Бага ангийн багш нарынхаа цалинг нэмлээ. Хуучин бол багын багш нарын ажил үнэлэгддэггүй л байсан шүү дээ. Одоо бид шар цамцтангуудаа үнэлж эхэлж байна, хот тохижилтын ажилчдынхаа цалинг нь нэмчихлээ. Дүүргүүд жаахан ядмаг байгаа, ирэх жилээс нэмэгдэнэ. Зам арчлалтын ажилтнуудынхаа нормативт үнэлгээг бас нэмчихлээ. Ажлыг яг гардаж байгаа хүмүүсийнхээ ажлыг үнэлээд эхэлсэн. Миний дуулснаар одоо тэр ажил руу хүмүүс хушуураад эхэлсэн гэсэн. Одоохондоо баримт байхгүй ч гэсэн магадгүй л гэж бодож байна.

-Замын чанарыг яаж сайжруулах вэ. 22-ын товчооноос цааших “Улаан хацартын” нэртэй замыг хотын дарга асан Ц.Батбаярын компани тавьж байгаа гэсэн. Засмал зам гэхэд уулын замаар явж байгаа юм шиг л цогиулаад байх юм билээ шүү дээ?
-Ямар ч байсан манай замын хяналтын инженерүүд хяналтаа сайн тавьж, стандартаа мөрдөж байгаа. Өмнө суурийг нь угаасаа муу тавьчихсан замуудын хувьд чадан ядан л гүйцэтгэж байна. Дээрээс нь манайх замын ганцхан стандарттай. Гэтэл намгархаг газар тавьж байгаа зам, уулархаг газрын хатуу хөрсөн дээр тавьж байгаа замын насжилт өөр өөр байна. Өөр өөр стандартаар тавих ёстой байхгүй юу. Гэтэл манайх ганцхан стандарттай учраас түүгээрээ л тавиад, тэр нь хөрсөндөө таарахтай таарахгүйтэй байна. Угаасаа нэг стандартай учраас замын компаниуд ялгаж тавьж чадахгүй шүү дээ. Үнэ өртөг нь ч тооцогдоогүй юм чинь аргагүй. Зөөлөн хөрстэй газар хүйтэн, халуунд агшиж, тэлэх нь амархан, деформацид орох нь хурдан байхгүй юу. Тийм учраас намгархаг газар тавьсан зам ер нь нэг жилээ даах уу, үгүй юу л болдог. Харин манай зарим компани их сайн тавиад, хоёр жилээ даачихаад байгаа. Тэгэхээр замынхаа стандартыг өөрчлөх шаардлагатай байна.

-Арав гаруй жилийн өмнө япончуудын тавьсан Нарны зам, энэ жил ашиглалтад оруулсон Нарны гүүрийг хар л даа. Манайхан өөрсдөө чадахгүй бол гадныхнаар тавиулчихаж болдоггүй юм уу. Манайхны шинээр тавьж байгаа замуудыг харахаар нөгөө ус зайлуулах суваг нь байхгүй л байгаа шүү дээ. Өөрсдөдөө ажлын байр гаргаж байна гээд чанаргүй зам тавиад, хөрөнгө мөнгө үрэх нь зөв үү?
-Нэгдүгээрт, өөрсдөө ажлын байртай байх хэрэгтэй байна, яагаад гэвэл бид ажилгүйдэл ихтэй байна. Хоёрдугаарт, бид өөрсдөө бас хийдэг болмоор байна. Мэдээж алдаж онож байгаа л даа. Гэхдээ л сайжирна шүү дээ. Үнэнийг хэлэхэд 1990 оны эхэнд бид замаа ч тавьж мэдэхгүй л байлаа шүү дээ. Одоо бол замыг долоо хоногт гялалзуулна шүү. Сайжраад л байна. Дээр нь замын чанар тавьсан замаасаа гадна арчлалтаасаа их шалтгаалдаг. Хэрвээ анзаарсан бол замыг цэвэрлээд л байвал улам өнгө ороод байдаг. Гэтэл урд нь арчлалтыг нь хаячихсан, хотын төвийн зам шороо нь хийсээд, замынх нь нуух тэр аяараа шороонд дарагдчихсан л байлаа. Одоо зүлгээд байхаар хотын төвийн зам улам л өнгө ороод байгаа биз дээ.

-Өвөлжилтдөө яаж бэлтгэж байна аа. Утаа багасах болов уу?
-Багасна гэж манай Т.Бат-Эрдэнэ дарга хэлж байгаа. Яг энэ асуудлыг хариуцсан хотын орлогч. Ямар ч байсан утаагаа багасгана гэсэн.

-Яаж тэр вэ?
-Энэ жил нэлээд их зуух тараана гэж байгаа. Иргэдийн захиалга ч их байсан.

-Нөгөө шахмал түлшний үйлдвэрээс чинь болоод дахиад нэг хүн шоронд явахдаа тулчихаад байдаг, авлигын хэргээр. Ингэхээр л хүмүүсийн итгэл буураад, утаагаа багасгах биш өөрсдийнхөө хэтэвчийг зузаалах гэж ийм ажил хийдэг юм биш үү гэж хардаад байна...?
-Харин тийм ээ. Асуудал бол зөндөө л байна. Тэгээд ч эхнээс нь цэгцэлж л байна. Гэхдээ утаанаас нэг мөр салах ганц л арга байгаа. Тэр нь гэр хорлооллыг тохилог орон сууцтай болгох. Тэгж байж л бид утаанаасаа сална.

-Нөгөө гэр хорооллыг хувийн орон сууцны хороолол болгох, ус дулааны шугам, дэд бүтцээр хангах ажил маань хэр явж байна?
-Сайн явж байгаа. Гэхдээ гэр хорооллын иргэд өөрсдөө талбайгаа чөлөөлж өгөх, хоорондоо тохиролцож дахин төлөвлөлтөд орох ажлаа сайн хийж өгөхгүй байна. Одоо бол найман хороо дахин төлөвлөлтөд ороод явж байгаа шүү дээ. Тиймээс бид зарим нэг гэр хороолол руу иргэдийг хүлээлгүйгээр шууд зам, дэд бүтцээ татъя гэж бодож байгаа, “Гудамж” төслийн хүрээнд. Н.Батбаяр сайдын өөрөө БХБЯ-нд байхдаа эхлүүлсэн санаачилга учраас биднийг маш их дэмжиж байгаа. Н.Батбаяр сайдын маань хийх гэж байгаа нэг гол ажил. Хүмүүс ч үүнд дуртай байгаа. Зам, инженерийн шугам оччихоор газар нь үнэтэй болоод, өөрөөр хэлбэл хөрөнгийнх нь үнэ нэмэгдчихэж байгаа байхгүй юу. Хотын төвөөсөө ч үнэтэй болно. Тийм учраас нэг юм эхлэхийг хүлээхгүйгээр нийтээр нь зэрэг зэрэг л дайраад байхаас өөр аргагүй.

-Тэгвэл мөнгөтэй л байгаа юм байна даа?
-Н.Батбаяр сайд мөнгө өгнө гэсээн. /инээв/
Б.СЭМҮҮН

Thursday 18 July 2013

О.Чулуунбилэг: Бүтцийн, санхүүжилтын, хүний нөөцийн гэсэн гурван том суурь шинэтгэлийг хийхгүйгээр аль ч намын шинэчлэл явцуу утгатай л хэрэгжинэ



Америкт улс төрийн менежментийн чиглэлээр суралцдаг энэ залуугийн блогыг хааяа уншихад сонирхолтой байдаг юм. Улс төрийн менежмент хэмээх шинэ мэргэжлээр Монголоос анх мэргэшиж буй О.Чулуунбилэгтэй хавар ярилцахаар тохирсон боловч сонгуулийн дараа ярилцъя хэмээн “бултсан”. Одоо нэгэнт сонгууль дууссан болохоор түүнтэй ярилцсанаа хүргэе.  

-Сонгуулиас хойш Монголын улс төр наадмын уур амьсгалд дарагдаад нэг хэсэгтээ намжиж байх шиг байна. Гэхдээ Монголын улс төр ирэх наймдугаар  сараас нэгэн том өөрчлөлтөд татагдан орно гэж ярьсан улстөрчид их боллоо. Тухайбал  Засгийн газрын тухай.  Улс төр судлаачийн хувьд таны бодол?
-Улс төр өөрөө амьд үйл явц учраас мэдээж найман сард ямар нэгэн үйл явдлууд болж л таарнаа даа. (инээв). Судлаач хүний хувьд Монголын улс төрийг бүхэлд нь доргиосон онцгой үйл явдлыг бол ирэх  сард болно гэж харахгүй байна. Зуны цагт ихэнх улстөрчид энд тэндхийн ойн наадам дээр л бөөнөөрөө таарахаас цуглаж улс төр эхлүүлэх цаг нь биш байх. Нийгэм ч сонирхохгүй, дэмжихгүй. Харин сөрөг хүчин МАН-ыг шинэчлэх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс энд тэнд зохион байгуулалтанд орж идэвхжиж таарна. Тэд л ийм яриа гаргаж буй болов уу.
 
-МАН-ыг шинэчлэх зорилготой гэх хэсэг залуус гарч ирж их идэвхтэй ажиллаж эхэллээ. Тэд намаа шинэчилж чадна гэж та бодож байна уу. Ер нь намын шинэчлэлийн талаар таны бодол?
-Улс төрийн намын шинэчлэл бол зөвхөн МАН-ын асуудал биш л дээ. Өнөөдөр Монголын улс төрийн намууд бүтцийн, санхүүжилтын, хүний нөөцийн гэсэн гурван том суурь шинэтгэлийг хийхгүйгээр аль ч намын шинэчлэл их явцуу утгатай л хэрэгжинэ. Үүнийг Улс төрийн намуудын тухай шинэ хуулиар л хэрэгжүүлэх боломжтой. Харамсалтай нь УИХ-ын бүлгүүдийн түвшинд нэг л явж өгөхгүй байна. Сонгууль дууссан болохоор намраас идэвхжих байх гэж найдаж байна. 

МАН-ын залуусын хувьд тэд шинэчлэлийг хийж чадахаас өөр зам байхгүй. Одоо МАН-ын 45 наснаас дээш настнуудын хувьд шинэ юм ерөөсөө гарахгүй. Сэтгэлгээний хувьд ч эрх ашгийн хувьд ч посткоммунист чигээрээ л дуусна. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд хэлдэг. Хийх цагтаа хийж чадаагүй хүмүүс одоо шинэчлэл хэрхэн хийх. Тиймээс цаашаа намаа хөтлөөд шинэ зуун луу явах залуучууд л МАН-ын шинэчлэлд ус агаар мэт хэрэгтэй. Яахав, МАН-ын залуучуудын өнөөдөр ярьж байгааг нь харьцуулж харахад шинэчлэлийн бодлого ярихаасаа намын удирдлагынхаа түвшинд нэг хэсэг хүнийг шинэ залуу нөгөө нэг хэсэг хүнээр бушуухан солих л хүсэлтэй байх шиг. Уг нь ямар ч шинэчлэл тодорхой программ дээр үндэслэгдсэн байх учиртай. Тийм шинэчлэлийн мөрийн хөтөлбөр боловсруулах чадвартай хүний нөөц, сайн судлаачид тэр намын залууст бий гэж хардаг. Заримыг нь ч мэднэ, танина.   Бусдын хэрэгт хошуу дүрж байгаа юм  биш шүү. Судлаач хүний хувьд МАН шиг үндэсний хэмжээний том нам шинэчлэгдэх нь Монголын эрх ашигт нийцэх учраас л санаа хэлж байгаа юм.

-МАН-д шинэчлэл хэрэгтэй гэж ихэнх нь хүлээн зөвшөөрч байгаа ч хөгшин залуугаараа талцаад маргаад байх шиг. Тэдний аль нь илүү шинэчлэгч харагдаж байна вэ?

- Аль нь илүү шинэчлэгч харагдаж байгааг би биш гишүүд нь хэлэх ёстой байлгүй дээ. Нэг зүйлийг товч хэлэхэд онолын хувьд хөгшин, залуу шинэчлэгч гэж байхгүй. Хэн тодорхой шинэчлэлийн бодлоготой байна эсвэл хэн тэр бодлогыг хүлээн зөвшөөрч  байна тэр л шинэчлэгч байдаг.

-Зөвхөн МАН гэлтгүйгээр танай АН-д ч гэсэн шинэчлэл хэрэгтэй биз дэ. Ядаж л таны яриад байгаа бүтэц, хүний нөөц, санхүүжилтын шинэчлэлээ хийх ёстой биз дээ. Дээрээс нь олигархиудаасаа салах гээд л?

-Би түрүүнд хэлсэн. Монголын бүх намд шинэчлэл хэрэгтэй учраас л Улс төрийн намуудын тухай шинэ хууль гарах хэрэгтэй гэж. Зарчмын хувьд энэ хуулийг шинэчлэх нь хэрэгтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа ч улс төрийн намууд, бүх түвшний гишүүдийн ойлголтын зөрүү, эрх ашгийн давхцал хэтэрхий их байгаад гол бэрхшээл байна. Ойлголтоо нэгтгэх, эрх ашгаа эрэмбэлж нэг шугаман дээр олуулаа очихын тулд улс төрийн намуудын тухай хуулийн тухай үндэсний хэлэлцүүлгийг ирэх намраас яаралтай эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Магадгүй нэг бүтэн жил маргалдаг л дээ. Гэхдээ л жилийн дараа нэг зарчмын ойлголт, нэгдсэн эрх ашгийн эрэмбэд хүрч л таарна шүү дээ. Тэгэхгүй бол нам дотроо ч ойлголтын зөрүү маш ихтэй байна.

-Та АН олигархиудаасаа яаж салах тухай ярьсангүй?
- Сүүлийн үед улс төрд олигарх гэдэг үг их моодонд орж байх шиг байна, Монголд. Манайхны тодорхойлж буйг ажиглахаар төрөөс төрсөн тэрбумтнуудаа л илүү тэгж тодорхойлоод байх шиг.  Уул нь ч олигархи гэдэг байж боломгүй чөтгөрийн зүйл биш л дээ. Хамгийн туйлширсан засаглалтай гэгдэх коммунист засаглалтай Хойд солонгосын улс төрийн бүтцэд гэхэд л олигархиуд байдгийг улс төр судлаачид хүлээн зөвшөөрдөг. Ер нь ямар ч улс төрийн систем эцэстээ ямар нэгэн түвшинд олигархитай холбогддог бөгөөд үүнийг олигархийн төмрийн хууль гэж нэрлэдэг. Учир нь төр үргэлж хэн нэгний дэмжлэгийг авч түүний төлөө үйлчилж байдаг. Манай улс төрийн системийн эрсдэлтэй тал нь олгарихиудтай харилцах энгийн харилцаа бус тэднээр удирдуулсан тэдний төлөөх засаглал болж хувирсанд оршино.  

    Энэ бүхнийг өөрчлөхийн тулд эрх барьж буй улс төрийн хүчнийхээ хувьд ч, ямагт шинэчлэлийг тэргүүлж санаачилдгийнхаа хувьд ч АН илүү санаачилгатай ажиллах нь гарцаагүй. Ажиллах үндсэн зарчим бол Ерөнхийлөгчийн хэлсэн даргын засаглалтай орон биш, хуулийн засаглалтай орон болно гэдэг шиг фракцуудын засаглалтай клубуудын нэгдэл биш,  дүрмийн засаглалтай нэгдсэн институц болж өөрчлөгдөх ёстой. Үүнийгээ ч Улс төрийн намуудын хуулинд болон намын шинэ дүрэмдээ тусгаж зан үйл, дотоод соёл болгох хэрэгтэй. Энэ бол АН-ын дотоод шинэчлэлийн гол философи болж чадна гэж бодож байна.

-Тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг бол судлаачийн байр суурь. Харин АН-ын нарийн бичгийн даргын хувьд бодитой ажил хийж байна уу?
-Миний ажил бол даргын ажил биш ерөнхийдөө намын гал тогоон дахь гишүүддээ үйлчилдэг үйлчилгээний шахуу ажил шүү дээ. Гэхдээ зүгээр суугаагүй. Намын дүрмийн шинчлэлийн хэлэлцүүлгийг явуулах явцад нам өөртөө think thanк буюу бодлогын хүрээлэнтэй байна гэдгийг чадлаараа лоббидсон. Үүнийг маань ч намын дарга, генсек хоёр маань шууд дэмжсэнд урамшсан. Ер нь миний барьдаг бодлого бол хувьсгал хийх гэхээсээ илүүтэй  тайлбарлан таниулах, мэдээлэл олгох, харилцан зөвшилцөх маягаар шинэчлэл хийх ёстой гэж итгэдэг. Чи өөрийн лаагаар бусдын лааг асаахад тусалснаар чиний лаа дуусдаггүй, харин гэрэл улам л тод болдог гэсэн үг байдаг биз дээ. Түүнээс нэг ухаантай дарга олон тэнэгүүдээ удирдаад зөв шинэчлэл үргэлж хийнэ гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Тиймээс намын шинэчлэлийн асуудлаа олон хэлбэрээр ярьсаар, таниулсаар, уулзаж санал бодлоо солилцсоор л явж байна.

-Танд баярлалаа. Намар энэ талаар дахин ярилцана гэж найдаж байна.
http://mungundalai.niitlelch.mn

Б.Даш-Ёндон: “Хөлөө жийлцэх”-ийн оронд тэсч үлдэхээ чухалчлах нь дээр



Туйлширдаггүй тулхтай улстөрч, судлаач, басхүү хэвлэлийнхэнд тэр бүр олддоггүй нэгэн ховор хүнтэй ярилцлаа. Энэ бол Ө.Энхтүвшингөөс урагш зургаан даргын өмнө МАН-ыг удирдаж явсан, философийн ухааны доктор /PhD/ профессор Б.Даш-Ёндон юм. Түүний хоржоотой хэрнээ давхар санаатай хариултууд танд сонирхолтой санагдана, намынханд нь бол нэгийг бодуулна гэдэгт итгэлтэй байна.

-Тантай уулзсаных сүүлийн үеийн зарим үйл явдалд хариулт авах гэсэн юм.
-Одоо ярилцлага өгөх, өгөөд унших цаг хугацаа мөн үү, үгүй юү, чамд “байцаагдаад” суух зав надад байна уу, үгүй юү гэдгийг сайн мэдэхгүй л байна. Тэгээд ч сүүлийн үеийн үйл явдал гэвэл олон түмний хамгийн их сонирхох нь зун цагт наадам л байдаг биз дээ. 

-Би буруу асуучихаж, өнгөрсөн үйл явдалтай холбоотой асуулт л даа. МАН энэ сардаа багтаж наадмын дараахан Бага хурлаа хуралдуулах янзтай. Монголчуудын зуны урт амралт эхэлж байхад танай намынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас шууд залгаад “гэр” дотроо сонгууль хийх нь.  Их шуурхай хөдлөх нь ээ.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээс л тийм мэдээ сонссон. Өөрийн чинь хэлснээр үнэхээр их шуурхай юм болох нь дээ. Гэхдээ “Бушуу туулай...” гэсэн нэг мэргэн үг байдаг. Миний бодоход, энэ гүн утга бүхий үг нь их айсан амьтан яадагийг хэлж байгаа юм. Дээр нь, “яарвал даарна”  гэдэг сайхан сургаалийг өвөг дээдэс маань хойчийн мулгуу бидэндээ захиж үлдээсэн. Үүнийг МАН-ын бүх гишүүд анхаарах ёстой. Анхаарсан ч учраас намын Бага хурлыг хийх гэж яарах хэрэггүй гэсэн санаа, захиа орон нутгаас намын удирдлагад ирж байгаа сураг дуулдсан. Тэгээд ч өнөөдрийн нөхцөл байдалд дотроо хөлөө жийлцэж “гэдсээ хүйлэлцэх” гэж байхын оронд нийтээрээ тэсч үлдэхээ л чухалчлах нь МАН-ын хувьд хамаагүй чухал. Хэрвээ “борвиндоо юм” үлдээхгүй, “даарахгүй” гэвэл хэн ч гэсэн бодолтой, тухтай  хөдлөх ёстой нь хүний хорвоогийн жам юм. Би ингэж л бодож байгаа.

-Гэхдээ алдаа, оноогоо шуурхай ярихад юу нь буруу гэж.
-Алдаа, оноо ярихыг би буруутгаагүй шүү дээ. Ярих ч ёстой.

-Бага хурал хуралдах цагаа олсонгүй гэж үү?

-Ерөнхийдөө тийм. Ингэж хэлэх цөөнгүй учир шалтгаан байна. Одоо болох Бага хурал ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох ёстой. Хэрвээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт муутай оролцлоо, зөвхөн үүнийхээ учир шалтгааныг судалж дүгнэлт хийе, буруутанд хариуцлага тооцох Бага хурал хийе гэж байгаа бол сонгуулиас хойшхи 30 хүрэхгүй хоногийн явдал ийм том намд хангалтгүй. Намд нь хэрэгтэй чухал дүгнэлт гаргаж амжихгүй. Зөвхөн өвөр зуурын буруутгал, маргаан мэтгэлцээнээр дуусна. Ийм хурлаас намын цаашдын хувь заяанд холбоотой ямарч баримжаа, дүгнэлт гаргаж чадахгүй. Тийм бололцоо ч байхгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс сургамж авъя гэж буй бол бүүр алсаас нь бодож, удаа дараагийн элдэв сонгуулийн дүнд судалгаа хийх хэрэгтэй. Ийм нухацтай судалгаа хийж учир байдлыг олохгүй, ойлгохгүйгээр яарч хандвал МАН дараагийн ялагдалд орно. Яагаад гэвэл, түр цагийн үзэгдлийг салангид нь аваад ирээдүйд холбогдох том зорилгоо тогтоож, тодорхойлж болдоггүй юм. Одоо суурь сайтай бодож хөдлөх нь МАН-д хамгаас чухал болоод байна. Үүнээс гадна өөр нэг бодитой шалтгаан гэвэл энэ парламент Улстөрийн намуудын тухай хуулийг нэлээд шуурхай, нухацтай ярих бололтой. Хэрвээ тэгвэл тэр хууль нь намуудад, ялангуяа өнөөдөр сөрөг хүчин байгаа МАН-д яаж тусах нь тодорхойгүй. Тэгэхээр шинээр гарах Улстөрийн намуудын тухай хуулийг хүлээхэд буруугүй. Намууд батлагдсан шинэ хуулинд ажил амьдралаа зохицуулахад хүрнэ. Энэ нь хүссэн ч, хүсээгүй ч эхлээд намын Бага хурал, дараа нь Их хурал хийхэд гарцаагүй хүргэнэ. Яаж ч бодсон, эргэж будилсан олон удаагийн их, Бага хурал хиймээргүй баймаар юм. Түрүүн өөрөө ч асуултдаа хэллээ. Зуны урт амралт гэж. Энэ үед болсон Бага хурлын дүн олон нийтэд нэг их хүрэхгүй байх. Ард түмэн яг энэ үед “улс төр сонирхох” завгүй байдаг. Иймд хэрвээ чухал л хурал хийх гэж байгаа бол амралтын сиймхийгээр бус, нам өөрийгөө олон түмэнд харуулах, ойлгуулах ил тод цаг үеийг онож олж хуралдах ёстой. Тэгээд ч намд ажиллаж буй хүмүүс одоо амрах хэрэгтэй биз дээ. Сонгуульд ядартлаа ажиллацгаасан. Бас дээр нь, Хөдөлмөрийн хуулиар амрах цаг нь тохиочихоод байгаа хүмүүс ч олон байж таарна.
   
-Та Бага хурлыг товлохдоо, бас хуралдахдаа том зургаа харах хэрэгтэй гэж байх шиг байна. Намын шинэчлэл ч бас том зураг. Хэрвээ Бага хурлыг хойшлуулаад байвал одоо гаргаж тавиад байгаа шинэчлэл нь оройтох юм биш үү? 
-Шинэчлэл, өөрчлөн байгуулалт гээч юм яарвал нэг алддаг, алгуурлавал бас нэг алддаг нь социалист орнууд, тэдгээрийн намуудын өнгөрөөсөн хувь заяанаас ил харагдсан. Үнэндээ “шинэчлэл” гэдэг үг өнөө үед үнэхээр утгагүй зүйл болж хуучирчээ. Монголчууд бид эргэж нураахаа л шинэчлэл гэж боддог болчихоод байна. Одоо ч манай Монголд, намуудад эрх мэдлийн төлөөх тэмцлээ “шинэчлэл” гэдэг үгээр халхалдаг болчихиж дээ. Ухаандаа аль нэгэн намын удирдлагад горилсон хүмүүс хаана ч зөндөө л байдаг. Тэд санасандаа хүрэх гэж ямар нэгэн шалтаг хайж байдаг. Тэр гол шалтаг нь сонгуулийн дүн юм байна л даа. Сонгуулийн  дүн тааруухан гарчихвал энэ нь шалтаг болдог. Энэ шалтгаа олон түмэнд илэрхийлэхдээ “шинэчлэл” хийнэ гэдэг. Хараад байхад энэ нь удирдлагаа солино гэсэн үг юм байна л даа. Харин ийм шалтаг гараагүй байх үед “манай намын удирдлага ёстой мундаг” гээд магтаад байдаг, шалтаг гарчихвал “ёстой мулгуу дарга нар шүү” гэдэг. Энэ бол нийгэм судлал болон сэтгэл зүй дэх нэн сонирхууштай үзэгдэл шүү.

-Өнөөдөр шинэчлэл хийе гэж ярьж байгаа танай намын тэр хэсгийнхэн арай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг өөрсдөө, эсвэл аль нэгэн бүлэглдэлийн захиалгаар шалтаг болгож сандал ширээг гол зорилгоо болгоогүй байлгүй дээ.  
-Би ч бас тэгж бодохгүй байгаа л даа хө. Бага хурлаа товлох цаг хугацаа, хурлаар ярьж байгаа асуудлын цар хүрээ, тэрхүү хурлаас намын нийт гишүүдэд төдийгүй, Монголын нийгэмд үзүүлэх үр дүн зэргээс шинэчлэлийн агуулга, зорилго харагдана л даа. Тийм учраас л би одоо яарахгүй, дараа нь даарахгүй байх талаас нь яриад байгаа юм. 

-Тэгэхдээ шинэчлэл гэдэг үгийг хашилтад хийгүйгээр асуухад МАН-д шинэчлэл хэрэгтэйг та хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Шинэчилж, өөрчлөх шаардлага аливаа нам, амьдралын олон салбарт гарч болноо. Гардаг ч юм. Энэ шаардлага МАН-д 1990 оноос эхлэн тулгарч, тэдгээр шаардлагыг нь хангасаар ирсэн. Харин одоо нийгмээрээ “шинэчлэл” гэдэг үгийг “ажлаа сайжруулах” гэдэг үгээр солих хэрэгтэй болсон байна. Шинэчлэл гэж нэг юм бодчихоод түүнийгээ буруу хийвэл уналт болдог. Яг өнөөдрийн хувьд гэвэл, манай нам УИХ-д цөөнх болсондоо нийцүүлэн намын дүрмээ өөрчлөх ёстой. Зохион байгуулалтын гол өөрчлөлт нь энэ л дээ. Тэгэж байж ажил сайжирна. Тийм учраас л намын Их хуралдаа бэлтгэх ажлаа нухацтай хангаж байж Бага хурлаа хийх нь зүйтэй гэж санагдаад байгаа юм.

-Жишээ нь дүрмийн ямар өөрчлөлт байж болох уу?
-Агуулга, зарчим талаас нь жишээлж хэлэхэд намын Удирдах зөвлөлийн гол хариуцлага нь аливаа үед нухацтай шийдвэр гаргадаг байхад орших ёстой. Бүрэлдэхүүнийг нь зөвхөн энэ зарчимд нийцүүлэн сонгож авдаг болсон нь дээр. Тэгэхгүй, сонгуулиар “намын нэрсийн жагсаалт”- д орох гэсэн ганцхан зорилго, бодолтой нөхдөөр намын Удирдах зөвлөл дүүрчих ёсгүй. Хэрэв нөхцөл байдлаас шалтгаалан намын Удирдах зөвлөл огцроход хүрвэл дараагийн нөхөддөө суудлаа биш, намаа хүлээлгэж өгдөг байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, алдаа ололтоо дүгнэсэн дүнгээ түрүүчийн удирдлага нь дараагийнхдаа өгдөг болно гэсэн санаа. Түүнээс биш, зүгээр л нэг нь авъя гэхээр нөгөөх нь хэдэрлээд “тэгээ тэг” гээд байж болохгүй. МАН-ын хувьд энэ л гол болчихоод байна. Дарга, цэргийн хувьд солигдож, өөрчлөгдөж болноо, энэ бага хэрэг. Суудлаа өгч байх хэрэгтэй гэе л дээ, энэ бол зөв. Тэгэхдээ цаанаа энэ нь намаа зүгээр л орхичихож байгаа хэрэг болоод байна. Намыг удирдаж байгаа хүмүүс намаа ангаахай, дэгдээхэйний үүр мэтээр бодож хаяад орхиж болохгүй ээ.

-1996 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдсан учир тэр үеийн намын удирдлагууд огцорсон. Тэр үед та намын дарга байсан. Одоо үүнийг даган давтах, энэ жишгээр явах ёстой гэж зарим хэлж байх шиг байна. Гэтэл та их өөр юм хэлж байх юм. 
-Би хөндий хоосон юм хэлээгүй. Амьдралд тохиолддог үзэгдэл өөрийн логиктой гэдгийг л хэллээ. Сайн бодож үздэггүй хүнд амьдралын логик их хоржоонтой. 1996 онд МАН-ын удирдлага солигдсон явдлыг дуурайх үндсэн дээр жишээлсэн шаардлагыг өнөөдөр тавибал, тэр нь боломжгүй зүйл. Яагаад гэвэл, тэр үед бүх нөхцөл байдал тэс өөр байсан. Яг түүнийг давтах, эсхүл дуурайх гэвэл хөгийн хэрэг болно. Энэ мэтийн болон бүүр том түүхэн үйл явдлуудад шинжилгээ хийснээр “түүхийн тохуурхал”, эсхүл “түүхийн шог давталт” гэсэн категориудыг Гегель, Маркс, Энгельс нар бий болгож нийгэм шинжлэлд оруулсан байдаг юм.
   
-Та судлаач хүний хувьд өнөөдрийн намуудын,  намын гишүүний статусын тухай санаа бодлоо хэлээч. Намууд ер нь зөв зүг чигт явж байна уу? 
-Намын тухайд Италийн улс төр судлаач нэгэн том эрдэмтэн хийсэн судалгаандаа үндэслэн гурван янзын нам байна гэсэн дүгнэлтийг 1920-иод онд хэлсэн байгаа юм. Үүний нэгд нь, дэг ёс бүхий, дүрэм журамтай “хатуу” нам. Ийм нам засгийн эрхэнд гармагцаа улс орныхоо төлөө хариуцлага хүлээж зүтгэдэг. Жишээ нь, манайд гэхэд ийм нам бол 1920-иод онд үүсэн байгуулагдсан МАН юм гэж би санадаг.  Үүндээ ч итгэдэг. Харин засгийн эрхэнд гармагц хариуцлагаа орхидог нам. Ийм нам нь дотроо хоёр янз гэж байгаа юм. Засгийн эрхэнд гармагц үйлчилж тусалсандаа, үйлчилж тусалдагтаа мөнгө олж өгөгч хүч болчихдог бол, засгийн эрх авмагц өөрсдөө мөнгө хогшил хөөцөлдөн ологчид болчихдог. Энэ бол гурав дахь янз нь. Тэр хүний аль 1920-иод онд хийсэн дүгнэлт өнөөдөр ХХI зуунд ч хоцрогдоогүй юм шиг санагддаг. Миний энэ ишлэлийг ойлгох нэг нь ойлгоно биз, үгүй нэг нь үгүй биз. За, хоёулаа ингээд яриагаа өндөрлөх үү дээ.
   
-Та намын гишүүний тухайд хариулсангүй. Сүүлийн үед намын хатуу гишүүнчлэлийг болиулах, татгалзах яриа бий.
-Саяын миний хэлсэн шинжийг агуулсан намууд лав гишүүнчлэлгүй байж таараа. Яагаад гэвэл, хэрэв гишүүдтэй байсан бол гишүүд нь  намаа нийтийн дунд ийм шинжтэй гэх юм уу ийм байдалд оруулахгүй. Харин сүүлийн үед “хатуу” гишүүнчлэл гэж ярих болж. Тэгвэл “зөөлөн” гишүүнчлэл гэж бас байх уу. Товчхон хэлэхэд төрийн хуулиар намыг гишүүнчлэлгүй болгоно гэх нь угаасаа буруу. Энэ нь төрийн биш намуудын өөрийнх нь эрхийн асуудал байх ёстой. Хэрэв намын асуудлыг төр шийднэ гэвэл иргэний нийгэм алга болно. Нам гэдэг улс төрийн үзэгдлийн үндэс суурь нь энэ дэлхийн хаана ч гэсэн эхлээд гишүүнчлэлгүйгээр үүсээд дараа нь гишүүнчлэлтэй болсон байдаг. Нам гишүүдтэй болно гэдэг нь бас нэгэн ардчилал. Яагаад гэвэл, намд хэн нэгний дур зоргын үйлдлийг гишүүд нь хааж байх ёстой. Тэгэхгүй бол нөгөө л феодализм руу, боломжоо олсон, удирдлагад гарсан этгээдийн хаанчлал руу орно. Гишүүнчлэлгүй учраас удирдлагаасаа бараг буудаггүй, ганц нэгхэн хүний дур зоргын болчихсон нам манайд бас мэр сэр байна уу даа гэж би хардаг юм.  Зарим нэг томоохон улс оронд гишүүнчлэлгүй нам засгийн эрхэнд ч гардаг гэж манай зарим нөхөд хэлдэг. Ийм юм хаана ч байхгүй. Байхгүй юмыг байгаа гэж хэлж хэрэггүй. Нам гээч улс төрийн үзэгдэл гишүүд дээрээ л тогтох ёстой, тийм жамтай.
   
-Тэгвэл нам, гишүүн хоёрыг юу холбож тогтоож байх ёстой вэ?   
-Нам бол үзэл бодлоороо эвлэлдсэн хүмүүс гишүүн нь болж нэгдсэн холбоо, нэгдэл, зохион байгуулалт юм. Гишүүн бол намын үндэс. Намын бол гишүүд, тэдний нэр төр. Харин гишүүдийнх нь үнэт зүйл бол нам, намын нэр төр нь. Ингэж үнэнч сэтгэл дээр нягтарч байж л аливаа нам өөрийгөө зөв авч яван улс орныхоо төлөө жинхэнэ ёсоор зүтгэж чадна. Холбоо нь үүн дээр л тогтоно. Буруу юм хийсэн гишүүд нь намаа гутаадаг. Буруу юм хийсэн нам нь, ялангуяа удирдлагууд нь гишүүдээ гутаадаг. Ийм л юм.
   
-Та бараг сайн, муугаар нь жишээлээд МАН-аа хэлчихэв үү, үгүй юү?
-Үгүй шүү. Би асуусны чинь дагуу нам гэдэг улс төрийн үзэгдлийн тухай, тэр дотроо Монголын бүх намуудын тухайд,  Монгол орны эрх ашгийн тухайд анхааруулан хэлж байна. Нам, нийгэм гэдэг бол хоёр тусдаа, салангид зүйл биш. Ийм болохоор нам, төр хоёрын харьцааны асуудал гарч ирдэг. Энэ асуудлаа зөв зохицуулж чадаагүй улс орон өөдөө гарсан түүхгүй. За, одоо яриагаа өндөрлөж болох уу?

-За тэгье ээ, та сайхан наадаарай.
-Монголын ард түмэн маань нийтээрээ сайхан наадаарай гэж танай “Үндэсний шуудан” сонины хуудсаар дамжуулж хүсье.
http://otgonbayar.niitlelch.mn

Friday 5 July 2013

Л.Оюун-Эрдэнэ: Миний бодлоор манай нам концепцийн ялагдал хүлээж байх шиг

 “Ярилцъя” МАН-ын залуу лидерүүдийн нэг, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг зочноороо урьж ярилцлаа. Өнөөдрийн МАН дотор болж буй үйл явдлууд олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Тэр тусмаа залуус шинэчлэлийн төлөө нэгдсэн энэ үед түүнтэй уулзах хүсэл их байлаа.  

-Уулзаагүй нэлээд удсан байна. Ингэхэд хэзээ ирээ вэ. Алс явж сурахаар шийдсэний тань дараахан уулзаж байснаа санаж байна.

-Ирээд нэлээд удчихлаа. Ж.Гүррагчаа баатрын ээжийн тухай яриад, сайн яваарай гээд 10000 төгрөг өгч байсныг тань тод санаж байна. Хэтэвчиндээ хадгалж л яваа. (инээв) Ирсэн зорилго бол тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэмжих гэж л ирсэн.

-Ардын намын залуус Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжиж Бага хурлаас гаргасан гээд л хэвлэлээр шуугисан. Энэ үнэн юм уу ?

-Бага хурлын гишүүд нийгмийн сэтгэл зүйг мэдэрч, ялалт байгуулах боломжтой л гэж үзсэн хүндээ саналаа өгсөн биз. Гурван шатны нээлттэй өрсөлдөөн болж нэр дэвшигчээ тодруулсан нь манай намын хувьд өвөрмөц жишиг болсон. Нэр дэвшигчийн хувьд миний бодлоор зөв сонголт байсан. Арай илүү зохион байгуулалттай, багаар тоглож чадсан бол ялж болох л байсан.

-Тийм гэж үү. Сэхээтнүүд гол­дуу хүмүүс, хотын сон­гогчид түүнд санал өгөөгүй гэдгийг ажиг­­ласан уу?

-Үүнийг нөхөж болох л байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгч сайдуудаа бүлтийтэл нь загнаад л, Э.Бат-Үүлийг буруу руль­тэй машин ярилаа гэж жижгэрүүлээд л, Х.Баттулга гэж хүнд twitter-ээр чиг­лэл өгөөд л, нөгөөдөх нь би боловс­рол­гүй бөх хүн гэж өөрөө гарч ирж яриад л… Маш сонин тоглолтууд яв­сан. Манайхан тэрийг нь хараад эд нар ч  алалцаж байна даа гээд л их гэ­нэн төсөөлдөг. Уучлаарай, энэ бү­хэн бол сайтар тооцож, нэр дэвшигчээ дэмжсэн багийн тоглолт. Манай лиде­рүүдэд ч  ингэж тоглох боломж байсан шүү дээ. Ё.Отгонбаяр гишүүн “Би сана­лаараа татгалзаж шалгууллаа. Энэ явуулж байгаа зүйл бол улс төр шүү” гээд л мэдэгдэл хийчихсэн бол, С.Баяр дарга мэтгэлцээнд нь хүнээ бэлдсэн бол намын рейтинг одоогийн­хоос тав орчим функтаар илүү байсан бол ялах л байсан. Манай нам зүгээр урсгалаараа л орсон. Гэхдээ улс тө­рөөс илүү эрхэм зүйл гэж байдаг л даа. Монголын сайхан аваргуудыг тал­цуулаад л, багш шавь хоёрыг хаграл­дуу­лаад л байгаа үйлдэл нь улс тө­рийн хувьд ашигтай ч, том зургаараа бол Х.Баттулга гэж хүн өөрөө бөх хүн байж муухай л зүйл хийсэн дээ. 

-Тэд чинь өөрсдөө толгойтой хү­мүүс. Ерөөсөө бөхчүүд дэм­жих­гүй байх шиг харагдаж бай­сан. Х.Баттулгыг буруутгаж байгаа тань унасан бөхийн шал­таг шиг л сонсогдож байна. 
-Өнөөдрийн манай нийгэмд улс төрийн эрх ашиг нь, үндэсний үнэт зүйлээсээ өндөрт тавигддаг болж. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг юм болох вий дээ.

-Ингэхэд Ерөнхийлөгчийн сон­гуулийн үеэр ихэнх лидерүүд тань байсангүй. Энэ юутай хол­боотой вэ?
-Сэтгэл гэхээс илүү манай намын системийн алдаа ч байж болох. Ил ажиллаа гээд, огт ажиллахгүй байлаа гээд хариуцлага тооцох систем нь өөрөө тодорхой бус. Магадгүй энэ нь манай намд фракцын системд нэвт­рээгүйн сул тал ч байж болох. Хэрэв тэд албан ёсны фракцын лидерүүд бай­сан бол, хариуцсан ажил бүр нь дараа дараагийн нэр дэвшилт, үүрэг хариуцлагатай нь шууд уялдаатай бай­сан бол, тэргүүн нүүрэн дээр га­раад үхэн хатан зүтгэх л байсан биз.

-Нээрээ шинэчлэлийн хөдөл­гөөнд НАМЗХ нэгдсэн гэж ойл­госон. Шинэчлэл гэдэг үг ч одоо хуучин сонсогддог болж дээ. Энэ удаа яг юуг нь шинэчлэх гэж байна?
-Манайхан шинэчлэл гэхээр л намын Их хурал хуралдуулж, нэг хоёр хүн солих тухай ярьдаг. Тэгээд хүнээ ярьсаар байгаад, тэр хүмүүсээ тойрч би хаана нь байршиж байх вэ гэдгээ бод­соор байгаад үндсэн агуулгаа ор­хигдуулчихдаг. Миний бодлоор шинэч­лэл зөв систем, зөв дүрмээс эхэлнэ.

-Намын дүрмийг л өөрчлөх нь чухал, бусдаар хүний асуудал бол хамаагүй гэж үү?
-Зөв эхлэлийг тавьж чадах л ёс­той. Манай намын системийн алдааны илрэл байж болох. Манай намын дүр­мийн үндсэн агуулга нь 92 жилийн өм­нө хийгдсэн орос школтой дүрэм. Ба­раг л агуулга нь хэвээрээ. Тодорхой яривал намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хоёр хүнд эрхийг нь өгөөд, хариуцлагыг нь үүрүүлэх үнд­­­сэн философитой. Энэ нь эрх барьж байх үед, бодлогын нэгдмэл чанарыг хангахад сайн байдаг ч сөрөг хүчин байх үед нам өөрийн бүх нөөцөө шавхаж чадахгүйд хүрэх, үүрэг ха­риуц­лага тодорхой бус, хурд тактик муу, олон нийтэд хүлээн зөвшөө­рөгд­сөн фигур төрөх боломжийг хаах, сан­хүүжилтын зарчим тодорхойгүй, чад­варлаг хүмүүс орж ирэх урсгал тодор­хойгүй байх зэрэг сөрөг тал ажиглагд­даг. Тэгэхээр өөрийгөө эмчлэхийн тулд оношоо зөв тодорхойлох ёстой биз дээ.

-Тэгэхээр яаж өөрчилнө гэж. Та­най намыг лидергүй болж бай­на гэх дүгнэлт их байдаг. Тэгэхээр энэ бүх гажуудлуудын шалтгаан намын дүрэмд бай­на гэж та хэлэх гээд байна уу?

-Үгүйсгэх аргагүй шүү дээ. Магад­гүй бид фракцын системийн тогтол­цоог судалж үзэх л хэрэгтэй. Гэхдээ Ардчилсан намын явж ирсэн загварыг ярьж байгаа зүйл биш л дээ. Сонгодог загвар нь бол сонирхолтой л юм билээ. Дүгнэх шалгуур, тоглолтын дүрмийг нь маш нарийн тодорхойлон зохи­цуулж чадвал төлөөлөх масстай лидер олон төрөхөөс гадна, хөшигний лидер байх боломж багасдаг. Нам руу чиглэсэн урсгал нээлттэй болно. Нэг үгээр хэлбэл нэг хүчтэй хүнийг дагаж амьдрах биш, бүгд хүчтэй харин хэр­хэн зохицохыг нь дүрмээр тодорхойл­но гэсэн үг. Бага хурлын систем ч бүгд нээлттэй саналаа өгөх зарчим биш харин саналын эрх бүхий төлөөллүүд лоб­бигоо ил хийдэг болж, нээлттэй өр­сөлдөөн үүснэ. Системдээ хүчтэй ли­дерүүд, олон түмний лидерүүд болж эхэлнэ. Яагаад гэвэл нэр дэвшилтийг ард түмэнд нээлттэй явуулна. Тэдэн хувийн рейтингтэй, тэдээс дээшгүй хувийн антирейтингтэй хүн байна гэх мэтээр явна шүү дээ. Бүх зарчмаа тог­тoно гээд нарийн яривал олон зүйл байна. Одоо ярихаар эсэргүүцэх хүн олон гарч ирэх ч энэ бол биднээс өмнө талд явж буй улс төрийн намуудын до­тоод тогтолцооны шилмэл загва­руудын нэг.

-Үүнийг тань тэгээд танай намын лидерүүд хэрхэн хүлээж авч байх юм?

-М.Энхболд даргаас эхлээд эсэр­гүү­цэж байна гэж дуулдсан. Өөрөө нам доторх албан бус фракцын анх­ны лидер хүн байж ийм системийг эсэр­гүүцнэ гэхээр сонирхолтой л санагдсан. Юутай ч бид үүнийг ярьж, зөв системийг эрэлхийлэх ёстой. Ингэж байж олон ургалч үзэл, үзэл бодлын нээлттэй мэтгэлцээн бий болно биз дээ.

-Намын лидерийг сунгаагаар тодруулах шаардлага тавьсан гэж сонссон юм байна.
-Тийм ээ. Дэлхий өөрөө хандла­гын өөрчлөлтөд орж байна. Нийгэм бидний бодож байгаагаас хэд дахин хурдтай өөрчлөгдөж, дэлхий сошиал ертөн­цөөс эхлээд харилцан хамаа­рал, соёлын өөрчлөлтөд хурдан орж байна. Хэдхэн жилийн өмнө боолын сис­те­мээс гарахын тулд цус асга­руул­сан тэм­цэл болж байсан АНУ өн­гөт арьс­тан Ерөнхийлөгчтэй болж, бараг л эцгийн эрхт ёс давамгайлсан БНСУ эмэг­тэй Ерөнхийлөгчтэй бол­лоо. Бизнест гэхэд үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбар хамгийн ашигтай байдаг байсан бол зүгээр л facebook зохиосон залуу тэдний хэдэн арван жилийн ашгийг хэдхэн жилийн дотор олох жишээтэй. Энэ хандлага Монголд ч бий болж байна. Манай нам энэ хур­дыг гүйцэхгүй байгаа учраас л ялаг­даж байна. Тиймээс л намын лидерийг танхимын 1000 хүнээс биш, нийт ард түм­ний 30-аас доошгүй хувийн дэмж­лэг­тэй гаргаж ирэх системийг нэвт­рүүлэх хэрэгтэй. Үүний эхлэлийг та­вих эхний арга бол чөлөөт мэтгэл­цээ­нийг хоёр үе шаттай зохион байгуулах хэрэгтэй. Теле мэтгэлцээний эхний­хийг нь Монгол Улсыг хэрхэн хөгжүү­лэх концепци, хоёр дахь нь намыг хэр­хэн шинэчлэх аргачлал бүхий тодорхой хөтөлбөр дэвшүүлж мэтгэл­цээд, сүүлийн хоёр хүн намын Их ху­ралд өрсөлдөх зарчмыг тогтож чадвал бас л ололт. Одоо биш гэхэд дараа нь олох чухал ололтын суурийг тавина. Нэг үгээр хэлбэл системдээ хамгийн хүчтэй нь гарах биш, хамгийн сайн бод­­лого дэвшүүлж, олон нийтийн дэмж­­лэгийг авч чадсан нь намын лидер болох жишиг тогтоно. Үүнийг дагаад олон эрэл хайгуул хийгдэж, намын ирээдүйн лидерүүд өөрсдий­гөө нийгмийн сэтгэлзүйтэй уялдуулан боловсруулна. Энэ намд гэхээс илүү нийгмийн хөгжилд хэрэгтэй дэвшил л дээ. Онолын хувьд угаасаа намын ли­дер олон нийтээс 30 аас доош хувийн дэмжлэгтэй байвал намаа ялуулах боломжгүй гэж үздэг, нам өрсөлдөгч намаасаа долоогоос дээш функтийн рейтингийн зөрүүтэй бол тухайн на­мын нэр дэвшигч ялах боломжийн­хоо 25 хувийг алддаг. Таван хүн ингэж өрс­өлд­лөө гэхэд нийгэмд үзэл бодлоо таниулж чадсан таван лидер төрөх бо­ломж гарч ирнэ гэсэн үг. Дундаа бай­гаа, чадвартай байгаа хүнээ таних, та­ниу­лах систем үйлчилж эхэлнэ. Эцэг Бушийн тангараг өргөх ёслолыг мет­роны буудал дээр үзэж зогссон залуу  бү­хэл бүтэн Ерөнхийлөгчийн гэр бү­лийг ялаад намынхаа сунгаанд гарч ирж чадсан шиг, бид олон шилдэг за­луусыг тодруулах энэ эхлэлийг та­вих ёстой. Энэ сунгаа, нээлттэй мэт­гэл­цээнд 70-аад оны 40 хүрч буй за­луу­сын төлөөлөл өрсөлдөж улс орноо, на­мын шинэчлэлээ хэрхэн төсөөлж бай­гаагаа намын гишүүд, олон нийтэд нээлттэй хүргэх ёстой. Ийм л соёлын эхлэлийг тавиасай гэж хүсч байгаа юм.

-Шинэчлэгдсэн гэдгийг яаж хэмжих үү. Энэ хэмжүүр их сонин байна?

-Энгийн шүү дээ. Олон түмний дэмжлэг авч намын рейтинг дээшилж байгаагаар л хэмжинэ.

-Ингээд сонсохоор сонирхол­той л юм. Гэхдээ хэвлэлээр шинэчлэлийн санаачлагыг тань нэлээд олон  өнцгөөс нь харж тайлбарлаж бичиж байгаа.  

-Өнөөдрийн л сэтгэлгээ шүү дээ. Аваргаа дэмжих гээд чөлөө аваад хүрээд ирсэн өдөр нээрээ Б.Бат-Эрдэ­нэ гишүүн гарчихвал чи нөхөн сон­гуульд үзнэ. Тэгээд ирсэн үү гэж угтах хү­мүүс байсан шүү. Ингэж л юмыг харж явсаар бид олон нийтийн сэтгэл­гээнээс олон алхмаар хоцорч байна. Хэвлэлээр бичүүлэх ч энэ л сэтгэл­гээ­­ний үр­гэлжлэл. Дахин хэлье. Би ирж буй на­мын Их хуралд ямар нэгэн ал­бан тушаалд өрсөлдөх­гүй. Хамт­даа дахин ялалт бай­гуулах нь л чухал бай­на. Бие биедээ хэлж чадах­гүй, гал тогоон­доо өөр зүйл ярьж, зочны өрөөн­дөө өөр зүйл ярьж, бие биедээ тал алдахгүй гэж бодож явсаар байтал энэ түүхэн нам улс тө­рийн тэргүүлэх хүч­­ний байр сууриа улам бүр л алдсаар байна шүү дээ.

-Сүүлийн сон­гуу­лиудад да­раа­лан ялагдсан гол шалтгааныг ер нь юу гэж харж байна вэ?

-Аливаа асуудал ганц хоёрхон зүйлээс болдоггүй л дээ. Олон л шалт­гаан байгаа. Ми­ний бодлоор кон­цеп­­цийн ялагдал хү­лээж байх шиг. Нэг үгээр хэлбэл, бид улс орноо ийм за­маар ин­гэж хөгжүүлж чадна гэдгээ зөв тодорхойлж, ард түмэндээ ойлгуулан таниулж чадахгүй байна гэсэн үг. Хов жив ярьж, бие биеэ муул­сан улс төрөөс ард түмэн залхаж, илүү ирээ­дүйг хардаг болж. Иргэдийн ханд­лага, сонгогчдын боловсрол өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна.

-Авлигын асуудлууд нөлөөл­сөн юм биш үү. Тэгж харах нэг цонх байна бус уу ?

-1992 оноос хойш Засгийн эрхэнд байсан хоёр намын Ардын нам нь бүгд авлигач, Ардчилсан нам нь бүгд ариун явдалтнууд гэвэл би л лав итгэхгүй. Хэрэв авлигыг бүр үндсээр нь арч­маар байгаа бол 1992 оноос хойш төрийн эрх бүхий албан тушаалд ажил­лаж байсан бүх хүнийг шалгах хэрэг­тэй. Өмч хувьчлал, цэнхэр ногоон тасалбар, алт диллер, ардын банк гээд олон хэргийг дахин сөхөх шаардлага­тай. Манай намын бүлгийн гишүүд үүнийг үлгэрлэн санаачилж, нийгэмд зоригтой дуугарч, олон түмний дэмж­лэгийг авах ёстой. Харин хууль хянал­тын байгууллагыг хараат бус байлга­хын тулд УИХ-д тэгш төлөөлөл бүхий комисс томилох ёстой. Авлигатай хийх тэмцэл гэдэг гоё нэртэйгээр эхэл­сэн ажил хэлмэгдүүлэлт гэдэг зүйл рүү хальтирч, санаатай санаагүй үйл­дэл ба эс үйлдэл нь хэнээс ч хамаа­ралгүй яваад өгөх вий дээ.Тэгш хан­даж чадахгүй, улс төрийн захиалгаар хийвэл ийм л зүйлд хөтөлнө. Хам­гийн энгийн жишээ гэхэд хэрэв тэгш зар­чим үйлчилж байгаа бол энэ Засгийн газар огцорч, Ерөнхий сайд нь тэр будлиантай олон тендерийн хэрэгтээ шалгагдах ёстой биш гэж үү.

-Та яг одоогийн намын удирд­лагуудаа хэрхэн дүгнэж байна. Бүх бурууг эд л хүлээх ёстой гэж үү?

-Хувь хүний хувьд Ө.Энхтүвшин лидерийг үнэлж явдаг. 1996 онд манай намд гурван Э-гийн үе гэж байсан. Энхбаяр, Энэбиш, Энхтүвшин. Тэр үеийн залуус энэ намыг дараагийн ялалтад хөтлөхөд түүхэн үүрэг гүй­цэт­гэсэн гэж боддог. Өнөөдрийн хүнд үе, энэ хэцүү нөхцөл байдалд хоёр ч удаагийн улс төрийн сорилгын ард гарлаа. Г.Занданшатар дарга миний өмнөх үеийн залуучуудын байгуулла­гын тэргүүн. Мөн л хүнд үед энэ намын гал тогоог манаж генсек байв. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хэн хэн ямар хэмжээний лидерүүд, ямар хэмжээний улс төрийн фигур байж чадав гэдгийг бид биш олон түмэн үнэлж дүн тавьдаг л даа.

-Улс төрийн намуудын тухай хууль гарч намуудыг өмч хө­рөн­гөгүй байлгах, гишүүнчлэл­гүй байлгах асуудлыг хүчтэй хөндөж байна. Залуу хүний хувьд таны байр суурь ямар байдаг вэ?
-Үүнд хандлагын маш том ялгаа бий. Нэг нь улс төр нийгмийн хөгжлийн төлөө ярьж буй өнцөг. Нөгөөх нь өр­сөлдөгч намаа ямар ч үнээр хамаагүй нухчин дарж, Засгийн эрхэнд удаан байх гэсэн санаархал. Дээрх ярьж буй зүйлтэй хоёр дахь нь илүүтэй холбог­дож байгаа нь харамсалтай. Энэ хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл. Хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг дагуулж байдаг. Монгол ардын нам 92 жилийн түүхэн­дээ энэ байтугай бэрхшээлийг даваад л ирсэн нам. Ард түмний зүрхний гүнд оршдог улс төрийн хүчин. Үүнийг арил­гана гэж үгүй. Хоёр том намын систе­мийг доголдуулж, нэг намын систе­мийг санаархаж байгаа нь ардчилсан багтай хүмүүсийн ард жинхэнэ дикта­тор маягийн хандлага нуугдаж байгаа­гийн л илрэл. Ийм хандлага давам­гайл­сан үед намын гишүүнчлэл, намын өмч хөрөнгөтэй холбоотой асууд­лыг ярих нь зохимжтой цаг хуга­цаа огт биш. Засгийн эрхийг барьж буй Ардчилсан намынханд хандаж хэлэ­хэд өшөө авалт хийсээр явтал чинь 17.8 хувь байсан Монголын эдийн зас­гийн өсөлт нэг оронтой тоо руу уна­лаа. Айдаст автсан нийгэм, ойлгомж­гүй гадаад бодлого, улс төрийн тогт­воргүй байдлаас шалтгаалж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын тоо хоёр дахин буурлаа. Авлигалтай хийх тэмцэл нэрээр ах дүү, хамаатан са­дан дамнасан бизнес чинь анхан шат­наас Монголд хэзээ ч байгаагүй авли­гын жинхэнэ хана хэрмийг босгож эхэлж байна. Энэ бүхнийг хэр удаан өөрсдийн хэвлэлээрээ барих вэ. 2000-2008 оны манай намын үеийн­хээс хэд дахин хурдаар буруу ханд­лага руу явж байна. Монгол Улсынхаа том эрх ашиг, олон жил ярьж ирсэн ард­чилсан үнэт зүйлээ бодох цаг ир­чи­хээд байна шүү дээ. Харамсалтай нь, Монгол Улс гэдэг хөлөг онгоц Ардчилсан намыг эрх барьж байх үед ардчилсан дикта­турын загвар руу алгуурхан хөвж явна. Хууль хяналтын байгууллага, хэв­лэл мэдээлэл, банк санхүү, иргэ­ний нийгмийн байгууллагууд нэг на­мын хяналтад 35 хувиас дээш хувиар орж эхлэхийг онолын хувьд ардчил­сан диктакур тогтлоо гэж үздэг. Өнөөд­рийн манай нөхцөл энэ дээсийг хэдий­нэ алхжээ. Ард түмнээс сон­гогд­сон хүн нь биш, хууль хяналтад нөлөөтэй нь УИХ-ын гишүүн болдог, сонгогдсон гишүүдийг ч эргүүлэн татах замаар Зас­гийн эрхийг авдаг, сөрөг хүчнээ боо­милон хүчгүйдүүлдэг систем л өнөөдөр үйлчилж байна. Одоо жижиг улс төрийн намууд, сөрөг хүчнийхээ дотоод улс төрд хөндлөнгөөс оролцож эхэлбэл жинхэнэ утгаараа дарангуйл­лын систем рүү явах эхлэл тавигдана. Хожим яаж ч харамсаад засч чадах­гүй түүхийн шаргал хуудас энэ жилүү­дийг гэрчлэн хойч үед үлдэх вий дээ. Хэт хүч түрсэн ийм байдлаар дикта­тур тогтож, шударга сонгууль явахаа больж, ард түмний сонголтоор төр, зас­гaa байгуулахаа больж, айдсаар хучин удирдаж эхэлвэл юунд хүрдгийг бид дэлхийн олон улсын түүхээс хар­сан шүү дээ. Ардчилсан хувьсгалыг амар тайван хийж, Азидаа загвар бол­сон Монгол Улс 20 жил хөгжсөнийхөө дараа дахин бий болгосон нийгмээсээ битгий ухраасай л гэж залуу хүний хувьд зовинох юм. 

-Өөрөө дэлхийд нэр хүндтэй, томоохон сургуульд суралцаж байна. Харвардад ер нь юу заах юм бэ?
-Ер нь суралцах бол харьцуулалт л юм билээ. Өөрийн орноо бусад орны загвартай харьцуулж, алдаа оноогоо нэгтгэн дүгнэдэг. Бодогдож байгаа зүйлсээ нийтлэл хэлбэрээр хүргэж, санаа бодлоо хуваалцаж байна аа. Олон орны улстөрчдийн дунд ороход улс орноо олон талаас нь харьцуулж бодож, бас өөрийгөө их голдог юм би­лээ. Мэдээж давуу тал ч байдаг. Гэх­дээ судлах зүйл түүнээс ч их байх юм. Өөрийн бодож явдаг бодлого кон­ценци, үзэл бодлоо олон улсын төв­шинд харьцуулж үзэхийг хүссэн. Энэ су­далгаа миний хувьд хийгдэж л бай­на. Би гэхдээ ганцаараа биш залуу үеэ дэлхийн өндөр хөгжилтэй орнуу­дад суралцах урсгалыг нээхийг хүс­дэг. Энэ бодлогоо ч хэрэгжүүлнэ. Зур­гаан  сарын өмнө би ганцаараа явж бай­сан бол одоо 25-уулаа явна. ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Англи, Япон ул­сын улс төрийн системийг судлахаар.

-Сайхан л хэрэг. Ингэхэд НАМЗХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хийж байгаа юу. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр авсан гэсэн мэдээ тавьсан байсан.

-Тийм зүйл байхгүй ээ. НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг Их чуулга­наар авч, хүлээлгэж өгдөг. Бид ирэх жилийг гадаадад залуусаа сургах жил болгон зарлаж байгаа. Зарим нь гадаа­дад сурч, зарим нь голомтоо манах хариуцлагатай үе. Манай холбоо есөн дэд ерөнхийлөгчтэй.  Намайг байхгүй үед ерөнхий нарийн бичгийн дарга дотоод ажлаа хариуцаж, шаардлага­тай улс төрийн бодлого тодорхойлох үе гарвал УИХ-д байгаа нэг нь төлөө­лөх нь зүйтэй гэж үзсэн. Энэ ёсоороо л явж байна. Үүнийг элдвээр мушгих хэрэггүй.

-Тийм учиртай байж. Цаг гаргаж ярилцсанд таатай байна. Зорь­сон үйлсэд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье.