Thursday 28 February 2013

М.Энхсайхан: Надад л хэрэг битгий үүсгээрэй гэх сэтгэлгээ МАН-ыг тушчихаад байна

Монголын үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-МАХН-ын Бага чуулган хуралдлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, МАН-тай нэгдэх асуудлаар ярих шиг боллоо? Хамтран эвсэл байгуулсан намын даргын хувьд хэрхэн харж байна?
-Бид МАХН-ын удирдлагуудад хандаж “Шударга ёс” эвслийн улс төрийн ажлыг илүү үр дүнтэй болгох талаар бодлоо хэлсэн. Гол санаа нь эвсэлдсэн намууд Эвслийн Удирдлах Зөвлөлд ижил хэмжээний төлөөлөлтэй байж ажиллая гэсэн юм. Ингэвэл илүү итгэлцэл бий болж уг байгууллага бодит ажиллагаатай болно гэж үзсэн. Сонгуулиас хойш дээрх байгууллага ажиллаагүй. Учир нь намуудын төлөөлөл тэнцвэргүй тул хүч түрсэн өрөөсгөл шийдийг Эвслийн нэрийн өмнөөс гаргаад байхвий гэсэн болгоомжлол бидэнд байсан. Ялангуяа МАХН-ын даргыг шүүхээр шүүх явцад нийтийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй хувь хүнийг хамгаалах тал руугаа улс төр хэтэрхий хэлбийж байсан. Энэ нөхцөлд бидний хувьд чимээгүй л суухаас өөр хувилбар олдоогүй. Ер нь цаашдаа энэ хоёр нам улс төрийн хувьд хамтрагч байх уу үгүй юу гэдгээс олон зүйл хамаарч байгаа. Бидний тавьсан саналд МАХН хариу өгөөгүй байна. 
МАХН, МАН өөр хоорондоо нэгдэнэ гэдгийн хувьд тэдний хүслээр болохгүй гэдэг нь үйл явдлуудаас ойлгомжтой болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийн хувьд “Шударга ёс” эвсэл Засгийн газар байгуулахдаа АН-тай нэг субьект болж нэр дэвшүүлнэ гэсэн гэрээнийхээ заалтыг яах болж байна вэ гэсэн асуулт байгаа. Өөрөөр хэлбэл улс төр ээдэрсэн байдалтай байгаа, түүнийг тайлах асуудал чухал болж байна. 

-Танай намын Бүгд хурал хэзээ болох бэ? Саяхан болох талаар яригдаад өнгөрсөн?
-Цаг нь болохоор бид МҮАН-ын Бүгд хурлыг хуралдуулах бодолтой байна. 

-Засгийн газарт хариуцлага тооцох тухай асуудлыг Бүгд их хурлаараа тавина гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Засгийн газартай хариуцлага тооцох асуудал сөрөг хүчин болж байгаа МАН-д илүү хамаатай юм. Харамсалтай нь МАН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Надад л хэрэг битгий үүсгээрэй гэх хувь хувиа бодсон сэтгэлгээ энэ намыг тушчихаад байна. Амиа хоохойлж байвал улс орны хувь заяа одоохондоо хамаагүй байгаа бололтой. 
МАН түргэн өөрчлөгдөх нь Монголын эрх ашгийн нэг болчихоод байна. Сөрөг хүчний үр дүнтэй хяналтгүйгээр төр зөв байх үндэсгүй. Энэ бол ардчиллын шаардлага ч гэж хэлж болно. Бид Засгийн газрын алдаатай бодлогын асуудлыг хэлсээр л байх болно. Хариуцлага тооцох өгөөшийг ч гаргах болно. Гэтэл бид буруу гарын сайд нарт хариуцлага тооцох хэмжээний суудалгүй. Иймээс энэ чиглэлээр МАН-тай хамтарч ажиллах хэрэгтэй байгаа. 

-Төмөр замыг та нарийн царигтай барих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Нарийн царигтай, төмөр зам өргөн царигтай төмөр зам барихын ялгаа, ач холбогдол нь юу бэ?
-Энэ асуудлаар би ёстой эцэж цуцахгүй ярьж байгаа. Яагаад гэвэл энэ бол хувь хүний тухай асуудал биш, Монголын ирээдүйн тухай асуудал юм. Юм ойлгодог, учир начир тайлахтайгаа болсон хүмүүс Баттулга, Гансүх нарыг гайхшраад байгаа. Миний хувьд ойлгомжтой болсон асуудал. Энэ хоёр сайд төмөр зам барихгүй. Тэд бондын мөнгийг энд тэнд далан барьсан болж ахиухан зооглох л сонирхолтой. 
Тавантолгойгоос урагш Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих нь зүйтэй гэж Ерөнхий сайд нь хэлээд байгаа юм байна лээ. Гэтэл өөдөөс нь өргөн царигаар гээд гацаагаад байгаа дуулдана. Зөвхөн урагш чиглэсэн өргөн царигийнхаа зам дээр зүтгүүр, вагоноо хэрхэн аваачихаа мэдэхгүй байж жигтэйхэн зөрүүд гэдгийг нь яана. 100 тоннын жинтэй зүтгүүрүүдийг Оросоос аваад яаж тэр барина гээд байгаа өргөн зам дээр аваачиж тавих вэ. Ачиж буулгана ачина гэдэг нь бүр солиорол. Үүнд наад зах нь 400 сая доллар нэмж шаардагдана. Буулгаж ачих байгууламж их хэмжээний цахилгаан хэрэглэнэ. Цахилгаан станц хэрэгтэй болно. Хятадаас цахилгаанаа авна гэж Баттулга, Гансүх хэлэх байх. Би ч арга ядаад заримдаа тэнэгдүү байх ч зүгээр юм уу даа гэж бодож байгаа. Ямар ч байсан 2016 онд сонгууль болоход энэ сайдуудаас, АН-аас нөгөө төмөр зам хаана байна вэ гэж асууна? Тэр үед сонгогчид дүн тавиарай. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байна. Та улс төрийн намын даргын хувьд Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч байх хугацаандаа хэрхэн ажилласан гэж дүгнэж байна бэ?
-Урд урдын Ерөнхийлөгчдөөс дутахааргүй л ажилласан гэж бодож байна. Илүүг хийж болох байсан гэж шаардмаар байгаа ч Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх хэмжээ хязгаартай. Шүүх засаглалд салхи оруулах гэсэн, нийгмийн ялзралыг зогсоох гэсэн улс төрийн эрмэлзлийг нь би хувьдаа сайшааж байна. Ингэхдээ нам харгалзахгүй тэмцэлдээсэй гэж хүсч байна. 

-Та МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? Хориход байхад нь очсон уу?
-Шинийн 15-нд хориход очиж монгол ёсоо баримтлан золгосон. 

Т.АМУР
Оллоо.мн 

Wednesday 27 February 2013

Б.Галаарид: Хувийн хэвшлийнхэн хэвлэл мэдээллийн салбарыг чирч яваа

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

-Үндэсний сэтгүүлзүй үүс­сэний 100 жилийн ой ирэх сарын 6-нд тохиож буй. Чухам яагаад энэ өдөр Монголд сэтгүүлзүйн салбар үүссэн гэж үзэх болов. Түүхэн үндэс, үүслээс нь дурдвал?
-Монгол хэлээр тогтмол хэв­лэл гарч эхэлсэн түүх бол эртнийх. 1895 онд Читад буриад, монгол, орос хэл дээр анхны сонин гарч байсан гэдэг. Дараа нь манжууд ч нэлээд олон сонин гаргаж байсан. Өвөр Монголчуудад зориулж, манай­ханд ч зориулж монгол, хятад хэл дээр хэвлэл гаргасан байдаг юм. Энэ бол гадны улсууд өөрсдийн бодлогоо монголчуудад сур­талч­лах, нөлөөгөө тэлэхийн тулд бод­логоор гаргаж байсан сонинууд. Монголын сэхээтнүүд нэгдэж ний­лээд анхны тогтмол хэвлэлээ гар­гаж байсан өдөр нь бол 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр байдаг юм.
Тэр өдөр Ж.Цэвээн тэргүүтэй үндэсний сэхээтнүүд монгол хэл дээр "Шинэ толь хэмээх бичиг" нэртэй тогтмол хэвлэл гаргасан. Эхний дөрвөн дугаар нь 50-60 хуудастай, сэтгүүл хэлбэртэй. Харин дараагийн 16 дугаар нь сонин хэлбэрээр гарч байгаад 1915 оны Хиагтын хэлэлцээрийн үеэр хаагдсан байдаг.
Яагаад хаагдсан гэж хэлж бай­на вэ гэхээр "Юу болохыг дараа үзээрэй" "дараагийн дугаарт үр­гэлж­лэлийг нь үзээрэй" гэж төгс­гөсөн хэд хэдэн материал сүүлчийн дугаарт нь байдаг. Үүнийг суд­лаачид үргэлжлээд гарах гэж бай­сан сонин юм байна. Тодорхой нөхцөл шалтгааны улмаас хаагд­жээ гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Богд хаант Монгол Улс Манжийн дар­лалаас гарч эрх чөлөөгөө олж аван үндэсний ардчилсан хувьсгалаа хийгээд өөрийн гэсэн анхны тогт­мол хэвлэлтэй болсон өдөр нь энэ юм. Энэ утгаар нь бид зуун жилийн ой хэмээн тэмдэглэе гэж тогтсон. 1992 оны үед байна уу даа, дол­дугаар их хурлын үеэр энэ асууд­лыг хөндөж байсан юм билээ. Олон жил ярьж байгаад өнөөдөр яалт ч үгүй зуун жилийн ой, тэгш ой тохиож байна. Үүнийг бид ярих ёстой гэж үзээд Монголын сэт­гүүлчдийн эвлэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 6-нд "Ирэх жил зуун жилийн ой болно. Нэг жилийн дотор бүтээлч ажил хийцгээе" гэж аянаа зарласан. Ингэж эхэлсэн ажил.

-Нэг жилийн дотор аяны хү­рээнд ямар ажлууд ам­жуулав?
-Бид нэг жилийн хугацаанд олон ажил хийжээ. Монголын сэтгүүлзүйд яалт ч үгүй түүхэн гэж хэлж болохоор онцгой утгаараа анхдагч болсон байгууллагуудад гэрчилгээ олгож, анхдагч мөн гэд­гийг нь мэргэжлийн байгууллагууд бат­ламжилсан. Хориод байгуул­лагыг батламжилсан.
Сэтгүүлзүйн түүхийг тодотгох талаар нэлээд оролдлогуудыг хийж эрдэмтэн судлаач, цуг­луу­лагчид, хувь хүмүүст захиалга өгч хэд хэдэн ном бичүүлж байна. Зарим  нь ойн өмнө амжиж гарна. Заримыг нь энэ ондоо багтааж гаргана. Ер нь 2013 оныг бүхэлдээ зуун жилийн ойн жил гэж үзэж байгаа учраас цааш нь үргэлжлээд хийх олон ажил байгаа.

-1990-ээд оноос хойшхи Мон­голын сэтгүүлзүй бараг судлаг­даагүй гэцгээх юм?
-Манай түрүү үеийн сэтгүүлзүйн түүх сайн судлагдсан. Дэлэг, Но­ров­сүрэн, Баасансүрэн гээд хүмүүс их олон талаас нь нягтлаад судал­чихсан учраас тэр сэтгүүлзүйн түүх дээр бид нэг их гайхаад эргэлзээд байх зүйл алга. Үзэл суртлын өнцгийг нь авчих юм бол тэр түүх түүхээрээ л байна.
Гэтэл энэ зуун жилийн түүхийн ач холбогдлоороо ная гаруй хувийг нь эзлэхүйц онцгой содон үйл явдал болсон 1990-ээд оноос хойшхи сэтгүүлзүйн түүх судлах эзнээ хүлээгээд задгай байж бай­на. Энэ хооронд түүх гуйвж байна, мартаж байна, бүр өөрсдөө, эзэн нь хүртэл юмаа мартаад байна. Энэ түүхийг сануулах үүд­нээс бид эхний ээлжинд судлаачдад гарын авлага болохуйц номуудыг хийе гэж их сургуулийн тэнхимийн Ч.Чой­самба докторт захиалаад "Хам­гийн хамгийн" гэдэг ном хийл­гэж байна.
Сэтгүүлзүйн академи дээр Ү.Хү­рэл­баатар доктор ахлаад "1000 сэтгүүлчийн намтар"-ыг энэ ондоо багтаан гаргах гээд ажиллаж бай­на. Одоогоор хоёр мянга гаруй сэтгүүлчийн намтар ирчихээд бай­на. Цаашид нэмж ирэхээр байна. Эхний ээлжинд мянган сэтгүүлчийн намтрыг гаргаа­д үлд­сэнийг нь нэгтгээд Сэт­гүүлчдийн мэдээллийн нэгдсэн сантай болъё гэсэн ажил хийж байна. Өнгөрсөн хугацаанд бас нэг сонирхол татах юм нь юу байна вэ гэхээр манай сэтгүүлзүйд ялангуяа социализмын үед хэл­мэгдсэн, баривчлагдсан түүх бай­даг. Жишээ нь, Г.Жамъян гуайн "Гавьяа" найрууллын мөрөөр хо­риод хүн хэлмэгдэж, хэвлэл мэдээ­лэлд ажил­лаж байсан олон хүн ажлаасаа халагдаж, өөр ажилд томилогдож, цөлөгдөж байсан түүхийг бид гаргаж Монголын сэт­гүүлчдийн байгууллага анх удаа гишүүдээсээ уучлал гуйсан. Улс төрийн тодорхой нөхцөл шалт­гааны ул­маас тухайн үед хамгаалж ча­даагүйнхээ төлөө уучлал гуйсан юм. Уг найрууллаас болж бөөнөөр хэлмэгдсэн ийм түүх байна. Бас сэтгүүлч Цэдэндорж тухайн үеийн улс төрийн тогтолцоог шүүмжлэн бичсэнийхээ улмаас шоронд суу­сан. Шоронд 50 гаруй хоног улс төрийн өлсгөлөн зарлаж байсан энэ түүх ч тэр үед хамаардаг. Энэ сэт­гүүлчээс бид уучлал гуйсан.
Гэтэл дараа нь барууны хэв маягийг оруулж ирж, хөрөнгөтний үзлийг түгээн дэлгэрүүлэх гэсэн шалтгаанаар нэлээд сэтгүүлч то­дор­хой хэмжээгээр хохирч, га­дуурхагдаж байсан түүх ч байдаг.

-Тухайн улсын сэтгүүлзүйг эрүүл, хүчтэй байлгадаг нэг чухал чиглэл нь эрэн сур­валж­лах байдаг. Зарим суд­лаачид одоо эрэн сурвалжлах чиглэ­лээр бичдэг сэтгүүлч цөөрсөн гэх болжээ?
-Эрэн сурвалжлах сэтгүүлзүй нь эр зориг, иргэний ухамсар, хөрөнгө, цаг хугацаа шаарддаг их хэцүү чиглэл л дээ. Цаг зав, хөрөнгө зарцуулж, сэтгэлээ гаргаж яваад эрсдэл дундуур туулаад үнэнийг гаргаж ирдэг сэтгүүлч цөөхөн бай­даг. Энэ утгаараа эрэн сур­валжлах сэтгүүлзүй эрсдэлтэй, өртөг өн­дөртэй гэж тооцогддог. Гэхдээ манайд байгаагүй биш байсан. Янз бүрийн цаг үед бо­лохгүй байгаа асуудлыг хөндөж бичдэг, дэлгэдэг байсан. Эсвэл олон жи­лийн өмнө бичиж байхад тухайн үед худлаа гээд төр засгаас нь дарж байсан нь өнөөдөр үнэн болоод буцаад гараад ирж байгаа тохиолдол олон л байна шүү дээ. Тэрэн дунд танай "Өдрийн сонин"-ыг онцолж хэлье. Танай сонин олон жилийн турш сөрөг хүчний сонины үүргийг гүйцэтгэж ирсэн. Сөрөг хүчний сонин байхад нэг давуу тал байдаг. Эрх баригчдын болохгүй байгаа бузар булай, булхай, нуун дарагдуулсан үнэнийг илчилж тавьдаг. Энэ ч утгаараа "Өдрийн сонин" олон жилийн турш нийгмийн анхаарлыг татсан хурц дайчин нийтлэлүүдийг нийтэлж ирсэн. Сайн сэтгүүлчдийг тө­рүүл­сэн сонин. Нийгмийг эрүүл­жүүлэх үүргээ сөрөг байр суурьтай сонин илүү сайн гүйцэтгэж чаддаг. Тэгж ажиллах боломж харьцангуй өн­дөр байсан учраас "Өдрийн сонин" хамгийн олон уншигчтай, нэр хүнд­тэй, олон хүн хүсэн хү­лээдэг сонин болж хувираад байна.
Улс орон, ард түмний хувь заяа, эдийн засагт ч юм уу, бусад бай­далд хор хохирол учруулахуйц буруу үйлдэл хийчихээд ялангуяа эрх баригчид түүнийгээ нуун да­рагдуулах гэж их хичээдэг. Үүний­гээ ард түмэн битгий мэдээсэй, битгий тэдэнд гаргаж харуулаасай гээд маш их мөнгө төлдөг. Нуух юм байхгүй. Манай сэтгүүлзүйд энэ мөнгөнөөс нь хувь хүртдэг хүмүүс байж л байдаг. Гэхдээ яах вэ, энэ үзэгдлийг цаг хугацаатайгаа ули­ран алга болох байх гэж боддог. 1990 оны сэтгүүлзүй, 2000 оны сэтгүүлзүй, тэр битгий хэл гурван жилийн өмнөх сэтгүүлзүй одоо­ныхоос огт өөр л байна шүү дээ. Явцын дунд цэвэршээд, өөр өөрий­гөө цэвэрлээд, мэргэж­лийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд явах цаг үе ирнэ гэдэгт итгэдэг юм.
Зуун жилийн ойн босгон дээр хэвлэл мэдээллийн салбарт ажил­лаж байгаа ялангуяа үүнд хөрөнгө оруулж буй эздэд хандаж баяр­лалаа гэж хэлье. Яагаад гэвэл ийм их хэл амтай, эрсдэлтэй, ашиг муутай салбар руу хөрөнгө оруу­лаад энэ олон хүнийг тэжээгээд явж байна. Үндсэндээ манай салбар МҮОНРТВ, "МОНЦАМЭ" агент­лагийг эс тооц­вол хувийн хэвшил дээр л тогтож байна. Хувийн хэвш­лийнхэн энэ том салбарыг чирч яваа. Сайн муу юм олон. Гэхдээ сайн нь их. Ирээдүй бий гэж боддог. Энэ их өрсөлдөөн дундаас чанар гарч ирж л таарна. 

-Монголын сэтгүүлчдийг га­даадын сэтгүүлчидтэй харь­цуулахад ямар давуу тал ажиг­лагддаг вэ?
-Манай сэтгүүлчид иж бүрэн байж чаддаг. Өөрөөр хэлбэл, ямар ч сэдвээр бичиж чаддаг. Барууны сэтгүүлзүйд тодорхой нэг мэргэжил эзэмшээд тэрэндээ суурилаад чиглэсэн, дагнасан нарийн мэр­гэшсэн сэтгүүлч байх ёстой гэдэг. Анагаах ухааны сэтгүүлч гэхэд зөвхөн анагаах ухааныг бичих биш зөвхөн шүдний өвчлөлийн чиг­лэлээр бичдэг ч юм уу ингэж нарийн мэргэшсэн байх ёстой гэдэг шал­гуур тавиад байдаг юм. Гэтэл манайхан аль ч чиглэлээр бичиж чаддаг. Үүнийг бид давуу тал гэж хардаг. Мэдээллийн урсгал дун­даас хэрэгтэй, чухлыг нь олж ха­раад нэгтгэн дүгнээд олон нийтэд мэдээлэх чадвар нь л байж байгаа тохиолдолд олон талын мэдлэгтэй байх нь маш сайн.

-Сэтгүүлзүйн салбар манай хамгийн ууган салбарын нэг мөн үү?
-Зуун жилийн ой гэдэг тэр бол­гон салбарт тохиолдоогүй ой. Богд хаант Монгол Улс дөнгөж бай­гуулагдаад хамгийн түрүүлж бий болгосон үйлдвэрлэл нь хэвлэх үйлдвэр байсан. 1912 оны сүүлээр хэвлэх үйлдвэр ашиглалтад оруул­сан. Өнгөрсөн жил хэвлэх үйлд­вэрийн салбарынхан зуун жилийн ойгоо тэмдэглэсэн шүү дээ. Тэрнээс хэдхэн сарын дараа сонин бий болгосон байдаг юм. Тэгэхээр өнөөдөр бид ийм чухал зүйлийг төр засаг нь ч, бүх шатны албан тушаалтнууд, сэтгүүлчид, хэв­лэл мэдээллийнхэн нь ч тэмдэглэх ёстой том ой. Тийм ч учраас ирэх сарын 6-нд төрийн өндөрлөгүүд энд анхаарал хандуулах байх. Нийгэм ч анхаарал хандуулах байх. Сэтгүүлчид угаасаа догдлон хүлээж байна.
Бүгдээрээ зуун жилийнхээ аж­лаа сайхан дүгнээд дараагийн зуун руугаа итгэл төгс, баяр баясалтай, өөдрөг тэмүүлэлтэй алхаж орох бэлгэдэлтэй ийм өдөр гэж гурав­дугаар сарын 6-ны өдрийг харж байгаа.
Манай сэтгүүлзүйг өдий зэрэгт хүрэхэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, хэвлэл мэдээл­лийн салбарынхан, энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж хөрөнгө оруулж, сэтгэлээ зориулж яваа бүх хүмүүст, хамтран ажилладаг бай­гууллагууд, ерөөсөө сэт­гүүлзүй, хэвлэлийн эрх чөлөөг ойлгодог, сэтгүүлзүйн салбарыг үнэлдэг бүх хүмүүст зуун жилийн ойн баярын мэндийг хүргээд, баярлалаа гэж хэлье.

-Гуравдугаар сарын 6-ны өдөр ёслолын ямар үйл ажил­лагаа болох вэ?
-Бид ойн баяраа даруухан, цомхон хийж байгаа. Монголд тодорхой харьяалсан яамгүй, яа­хав хүчлэн харьяалбал боловс­рол руу нэг хэсэг нь, соёл урлаг руу нэг хэсэг нь харьяалагдаж болох бо­ловч багцаараа харьяалагдсан яамгүй ганц салбар байгаа нь сэтгүүлзүй. Ийм салбарын ойг тэмдэглэнэ гэдэг энэ салбарт ажил­лаж байгаа хүмүүсийн өөрс­дийнх нь хүсэл зоригоос хамаарсан ажил юм. Манайхан ойгоо сайхан тэм­дэглэх гэж хичээж байна. Цомхон ажил хийнэ. Төрийн ордны нээлт­тэй болсон музейд зуун жилийн хугацаанд шилдэг гэрэл зурагчдын авсан зургаар үзэсгэлэн гаргана. Төрийн ордонд баярын хурлаа хийнэ. Баярын хурал ямар болдог вэ, тэр жаягаар л болоод өнгөрнө.
Яагаад ингэж цомхон тэм­дэг­лэж байна вэ гэхээр 2013 он тэр чигээрээ бидний ойн жил. Бүг­дээрээ дор бүрнээ бүтээлч ажил хийгээд, үүх түүхээ яриад, бахархах зүйлээ олон нийтэд дэлгэж үзүү­лээд бүтэн жилийн турш сэт­гүүл­зүйгээр амьсгалах боломж цаана нь үлдэж байгаа учраас эхлэлийн цэгийг цомхон хийж байгаа юм.
Д.ГАНСАРУУЛ
Өдрийн сонин

Д.Арвин: Би Баянзүрхээс гурван удаа нэр дэвшинэ гэдгээ амлачихъя

“Шонхор суваг” телевизээр нийтлэлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочин УИХ-ын гишүүн Д.Арвингийн яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Цензургүй ярихаар хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ардын нам 12 жилийн түүхэндээ амсаагүй ялагдлыг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амссан. Харин хотын тойрогт та ганцаараа намаасаа ялсан. Гэвч таны энэ ялалт Ардын намд бус Ардчилсан намд нэг суудал нэгээр нэмлээ. Ардчилсан намд элссэн таныг сонголтыг би одоо ч гайхдаг юм. Тэгэхээр сонголтоо эх орон, ард түмэн, миний сонгогчид гэхгүйгээр тайлбарлахгүй юу?
-Аливаа юманд тэвчээр гэж байдаг.

УИХ-ын сонгууль, тэр дундаа Баянзүрх дүүргийн сонгууль түүхэнд байгаагүй хүнд сонгууль болсон л доо. Учир нь нэг намын хоёр хүн өрсөлдсөн. Энэ үеэр хэн нь хэн бэ гэдгийг харсан юм. Ингэхэд би намаа бус, нам намайг орхисон байсан. Үүнийг би сонгуулийн явцад их мэдэрсэн дээ. Миний тэвчээрийг ч их барж байлаа. Тухайн үед би “Ямар ч байсан сонгуульдаа оролцож ялалт байгуулна. Хэрэв ялчихвал энэ намд байхгүй” гэсэн бодолтой байсан юм. Нам намайг орхисон жишээ гэвэл олон байлаа. Өнгөрсөн зун намайг Ардын нам биш, МАХН-ын гишүүн болгочихсон хэвлэл мэдээллээр сурталчилж байхад би намынхаа даргад “Намайг МАХН-ын гишүүн гээд байхад яагаад зүгээр суугаад байна вэ. Хариу арга хэмжээ авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийхгүй юм уу” гэсэн. Гэтэл ямар ч арга хэмжээ аваагүй.

-Тэр үед намын дарга Сү.Батболд байсан уу?

-Үгүй. Ө.Энхтүвшин дарга байсан. Би Ө.Энхтүвшин дарга руу утасдаад “Хэвлэл мэдээллийн албаараа дамжуулан албан ёсны хариу өгөөч ээ” гэхэд юу ч хэлээгүй. Намын Бага хурлын үеэр хүнд байдалд байгаагаа хэлэхэд мөн хариу өгөөгүй. Намын дарга нарын дэргэд миний микрофоныг хааж, үг хэлүүлээгүй. Мөн тэдний дэргэд Ардын намын анхан шатны дүүрэгт Д.Арвинг биш, дүүргийн намын хорооны даргыг дэмжинэ гэсэн шийдвэр гарахад намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар энэ асуудлыг хөндөж яриагүй. Энэ бүхэн миний тэвчээрийг их барсан. Сонгуульд ялсныхаа дараа нам маань намайг орхисон учир өөрийн бодож байснаа хэрэгжүүлсэн. Тэр хүнд үед намайг хэн ч яаж байна гээгүй, УИХ-д гурван удаа сонгогдсон эмэгтэй гишүүнээ эмэгтэйчүүд нь ч яриагүй. Тэгээд л намайг хаясан. Тийм учраас ялалтынхаа дараа би энэ шийдвэрийг гаргасан.

-Ямар учраас таныг ингэж хаях болсон юм бэ. Та УИХ-д гурван удаа сонгогдсон төрийн түшээ шүү дээ?
-Би ямар нэгэн бүлэглэлийн гишүүн, намын даргыг дагагч биш. Харин би үг хэлдэг, бодлого барихдаа тийм сайн байгаагүй. Ер нь хараад байхад бүлэглэл нь дарга нарт дотно байвал урагшилдаг. Ийм байдлыг би хүсээгүй. Тиймээс ямар ч дэмжлэггүйгээр сонгуульд оролцсон гэж ойлгож болно. Ямар нэгэн бүлэглэлд оролгүй өөрөө өөрийнхөөрөө явсан нь хожсон юм билээ. Гэхдээ намайг автоматаар хэн нэгний бүлэглэлд оруулчихдаг байсан. Бүлэглэл нь өөрсдийнхөө хүмүүсийг гаргахын тулд маш их мөнгө зарцуулж, ажилладаг. Миний хувьд хэн нэгний гар, хөл болохыг хүсээгүй учраас ийм байдалд хүрсэн болов уу.

-УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон гишүүний хувьд та улс төрд ямар нэг бүлэг, фракцийг дагахгүйгээр амжилтад хүрдэггүй гэдгийг мэддэггүй гэж үү?
-Хүн бүр бүлэг, фракцид ордог л байх. Харин би хүсдэггүй. Фракцид орж, тэдэнтэй нэг баг болохыг боддоггүй. Яагаад гэвэл Монгол Улсын эрх ашгийн төлөө хөдөлмөрлөе, нэг нам нэг бодлогын төлөө явахаас биш хэт их хуваагдах нь зохимжгүй. Гэхдээ сайн хүмүүс хуваагдаж байвал өөр хэрэг. Гэтэл мөнгөний сонирхолтой лидерүүд нь сайн биш, хүмүүс хуваагдах ямар байдгийг биеэрээ мэдэрсэн. Олон юм ярихыг хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч муу хүмүүс толгой дээр гарч, фракци болбол эмгэнэлтэй байдаг. Би аль нэг фракцид оръё гэсэн ч удирдагчдыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байсан болохоор ороогүй.

-Хэнтий аймагт нэр дэвшүүлээгүй тэр үеэс л таныг “жийсэн” юм биш үү. Гурван удаа сонгогдсон тойргоос өөр тойрогт хуваарилснаас л бүх зүйл ойлгомжтой байгаагүй юм уу?
-Хэнтий аймагт нэр дэвшихээс татгалзаж, Баянзүрх дэвшие гэдэг саналыг би өөрөө гаргасан. Хэнтий аймаг миний аавын нутаг, тэндээс гурван удаа сонгогдсон. Энэ аймагт нэр дэвших хүсэлтэй, бодолтой хүмүүс олон байдаг. Би тэдэнд сайхан сэтгэлээр зай тавьж өгсөн юм. Тэгээд өөрийнхөө төрж өссөн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, хүн ам ихтэй энэ дүүргийн хөгжилд хувь нэмэр оруулан ажиллах ёстой юм байна гэж бодсон. Энэ бол миний сонголт байсан юм.

-Танд МАХН-д элсэх боломж байсан. Би ч үнэндээ таныг МАХН-д элсэх байх гэж бодож байлаа?
-Хуучин МАХН-ыг МАН болоход би үнэхээр дургүй байсан. Тухайн үед би намын их хуралд суугаагүй. Ашгүй ханиад хүрч эмнэлэгт хэвтэж байлаа (инээв). Ардын нам болгохыг эсэргүүцэж, намын бүлгийн хурал дээр ч үгээ хэлсэн. Гэтэл миний үгийг тоож сонсох дарга байгаагүй. Тэр үед байсан намын дарга толгой дээгүүр л явдаг байв. Тэгээд миний хувьд маш их уур хүрч байсан. Тэднээс суудал авах хэрэгтэй хүмүүс байсан учир эсэргүүцэл нэг их гараагүй. Энэ бүгдээс үүдээд би нам нэрээ сольсноос хойш дуугарахаа больсон доо.

-Та нэг хэсэг дуугарахаа больсон байсан. Бид Д.Арвин яагаад дуугарахгүй байна гээд бичиж байлаа?
-Хоёр, гуравхан хүн намын нэрийг сольчихож байгаад дургүй хүрсэн. Н.Энхбаяр дарга 1990-ээд оны үед намын нэрийг солих тухай ярьж байсан юм. Тэгэхэд намын Бага хурлын үеэр би Н.Энхбаяр даргатай “намын нэрийг солихгүй” гээд үзэлцэж байлаа. Тэр үед солиогүй. Сая бол үнэхээр хүчээр намын нэрийг сольсон. Толгой, нэрээрээ оролдоно гэдэг тэнэг хүмүүсийн хийж буй л ажил.

-Нэр солиод буруудлаа. Гэтэл Н.Энхбаяр дарга хуучин нэрээ сэргээгээд нам байгуулсан. Тиймээс л би таныг тэр нам руу явах нь гэж бодсон юм?
-Тухайн үед би явж болох байсан л даа. “Элсний 13” гэгддэг Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гишүүн явна гэсэн. Харин надад тэр нам руу явах бодол байгаагүй. Манай нам миний нүдэн дээр хоёр хуваагдахыг хүсээгүй. Тиймдээ ч аль нэгэнд нь очиж, хуваагдахыг хүсээгүй юм. Тийм ч учраас эв нэгдлийн байдалтай, дуугүй байсан.

-Нам чинь таны эсрэг ажиллаад эхлэхээр МАХН руу явчихъя гэсэн бодол огт төрж байгаагүй юу?
-Д.Тэрбишдагва гишүүн “хүрээд ир” гэж л байсан. Эмэгтэй хүн нам, улс төрийн хүчний дэмжлэггүй ялахад хэцүү. Тиймээс би МАХН, Ардчилсан нам, ИЗНН-д “намайг дэмжээч” гэж хандсан. Дэмжүүлэх гэж би Д.Тэрбишдагва гишүүнтэй уулзаж байлаа.

-Гэхдээ намд элсэнэ гэдэг тохироо хийсэн үү?
-Намайг “МАХН-д орж ирнэ биз дээ” гэж байсан. Харин би “юу ч гэсэн гарч ирье” гэсэн. Гарч ирснийхээ дараа асуудлаа шийдье гэж бодсон юм.

-Гарч ирмэгцээ Ардчилсан намд орчихдог юм уу?
-Ялсныхаа дараа аль нэг намд орох хэрэгтэй байсан. Тэгээд Ардчилсан намыг сонгосон. Гэхдээ ямар нэгэн тохироо хийсэн зүйл огт байхгүй. Бүх нам, тэр битгий хэл бие даагчид хүртэл бие даагч болчих гэж хэлсэн л дээ.

-Тэгэхээр та заль хэрэглэчихсэн юм биш үү?
-Заль хэрэглээгүй ээ (инээв). МАХН болон бие даагчид “Нам чинь хаячихсан. Тэгэхээр манайд хүрээд ир” гэсэн л дээ. Тухайн үед би Ардчилсан намын дэмжлэгийг авъя, нэг “ангид” найман жил цуг суусан одоогийн УИХ-ын дарга З.Энхболдоос “Байдал их хүнд байна. Намайг дэмжээч. Манай нам нэг талдаа намайг гаргачихлаа” гэдэг асуудлаа тавьсан. З.Энхболд дарга “Чамайг ойлгож байна. Сайн ажиллаад байж бай. Эмэгтэй улстөрчийн хувьд дэмжинэ” гэсэн. Тэгээд намайг дэмжсэн. Ардчилсан намын дэмжлэгийг түлхүү авсан юм. Гэхдээ би өөрөө намаас гарна гэдэг хатуу бодолтой байв. Ардчилсан намд элсэхэд их сайхнаар хүлээж авсан. Зөвхөн З.Энхболд дарга гэлтгүй С.Баярцогт, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, мөн эмэгтэй гишүүд дэмжиж, сэтгэлийн дэм өгсөн юм. Энэ хамт олон хүнд үед намайг хүрээлсэн дээ. Иймээс миний байх газар энэ юм байна гэж бодсон.

-Өмнөх парламентуудад та Ардчилсан намынхантай үзэлцдэг байсан. Харин үүнд Ардчилсан намынхан юм бодоогүй байна уу?
-Улс төр гэдэг чинь их сонин. Аль муудалцахыг тэр гэх вэ. Парламент, нам дотроо ч гахай, нохой, зодоон цохион дээрээ тулж байсан. Үүнд юм боддоггүй. Би өөрийнхөө намд, Ардчилсан намынханд ч уурладаг. Гэсэн хэдий ч намайг илүү ойлгодог нь Ардчилсан намынхан  л байв. Л.Гантөмөр, Д.Одхүү гишүүн их тайвшруулдаг байлаа. Улс төрийн эрх ашгийн төлөө бухимдах, нэгнийгээ доромжлох гээд хүнээс гардаг бүх авир гарна. Хурлаас гараад энэ бүгдийг мартчихдаг. Улс төр өөрөө ийм шүү дээ. Муудалцах бүртээ тооцоо бодно гэвэл улс төр өөрөө явахгүй.

-2008 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүний өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр маргаан үүссэн. Тэгэхэд та Э.Бат-Үүлийг “чи хүн алчихсан хүн шүү” гэж хэлж байсан удаатай. Үүнийг хэвлэлийнхэн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан бичиж байлаа. Тухайн үед танд баримт нотолгоо байв уу, уурандаа хэлсэн үү?
-Уурандаа л хэлсэн. Тэр үед сонин хэвлэлээр янз бүрээр бичиж байсан шүү дээ. Нэг хэсэг өөрийн эмоциороо юм ярьчихдаг үе байлаа. Энэ бол УИХ дээр байдаг л нэг хэрүүл гэж бодож байна.

-Д.Тэрбишдагва гишүүн намдаа элсэхийг санал болгосон гэлээ. Харин Н.Энхбаяр гуай өөрөө санал тавьсан бол элсэх байсан уу. Ер нь санал тавьсан уу?
-Н.Энхбаяр дарга надад санал тавиагүй. Санал тавьсан ч элсэхгүй байсан. Би Н.Энхбаяр даргыг дэмжиж, хүндэлдэг. Гэсэн хэдий ч би элсэхгүй.

-Яагаад?
-Манай нам хоёр хуваагдчихсан. Алинд нь ч байхыг хүсээгүй. Нам хуваагдах сэтгэл зүйн хувьд их хүнд байдаг. Бараг хоёуланг нь хаях бодолтой байсан.

-Хоёулаа адилхан болохоор гэж үү?
-Аль нэг намд нь байхыг хүсээгүй гэсэн үг. Ардын намд байгаад МАХН-ынхантай, МАХН-д байгаад Ардын намынхантай үзэлцэж чадахгүй.

-Та Ардын намд хэдэн онд элссэн билээ?
-Би 1992, 1993 онд л элссэн. Сүүлд элссэн шүү дээ.

-Намаас гарсныхаа дараа “Өдрийн сонин”-д “Би намаа ядарч явахад нь биш, задарч явахад нь гарлаа” гэж нэлээд ширүүн ярьсан байсан. Үүнийг уншаад нэг асуулт асууя гэж бодсон юм. “Ардын намыг ядраад, ялагдчихаад байхад түрийвчээ бариад ирж байлаа” гэж та хэлсэн. Түрийвчээ бариад гэж байгаа нь та намдаа хандив өгч, ивээн тэтгэж байсан гэсэн үг үү?
-Хуучин МАХН байхад залуус нь орхиод явчихсан, хүнд задарчихсан үед ажиллаж, хөрөнгө мөнгөөр дэмжиж, намын дэргэд аялал жуулчлалын байгууллага байгуулж, маш олон залуусыг элсүүлсэн. Мөн гадаад, дотоодын айлчлал, намын эмэгтэйчүүдийн байгууллагыг санаачлан байгуулж, анхны хурлыг нь миний хөрөнгөөр хийж байлаа. Харин надад ямар ч тооцоо байдаггүй. Зарим хүн их тооцоотой байдаг юм билээ. Намд 200 сая төгрөг, нэг тэрбум төгрөг өгсөн тэгэхээр надад ийм суудал өгөх ёстой гэж ярьдаг болчихож. Өмнө нь бид тооцоо ярьдаггүй, бичдэггүй байсан. Одоо л албан тушаал худалдаж авдаг байдалд хүрчихлээ. Би үүнийг саяхан мэдсэн.

-Та анх 2000 онд сонгогдож байсан байх аа. Тухайн үед их хурц, шийдэмгий эмэгтэй гарч ирсэн. Гэхдээ үүнийгээ хааяа мартчихдагийг чинь мэднэ. Сурвалжлага хийгээд явж байх тэр үед таныг Н.Энхбаярын бүлэглэлийн “хүн” гэж боддог байлаа?
-МАХН-ыг эв нэгдэлтэй байхын төлөө л зүтгэж ирсэн. Н.Багабанди даргын үед ч дэмжиж ажилласан. Н.Энхбаяр дарга гарч ирэхэд мөн л дэмжсэн шүү дээ. Хэрэв тэдний хооронд маргаан үүсвэл болохгүй байгааг нь шүүмжилдэг л байлаа.

-Та С.Баярыг дэмжиж байсан уу?
-Дэмжиж байсан.

-М.Энхболдыг огцруулж байсан байх аа?

-М.Энхболд даргыг ч дэмжиж ажилласан. Би намынхаа даргыг дэмжиж, эв нэгдэлтэй байхын төлөө явсан. Гэтэл эв нэгдэл гэж байдаггүй юм байна гэдгийг хожим мэдлээ.

-Ардын намын дарга асан С.Батболдыг дэмжсэн үү?
-Мэдээж намын дарга болоод ирсэн учир даргаа дэмжих бол нам оршин тогтнохгүй шүү дээ. Бидний дэмждэг шиг дарга нар маань сайн ажиллаж чадаагүй. Ер нь сайн дарга заяагаагүй дээ.

-Эргээд харахад хамгийн сайн дарга нь тэр байсан гэж хэлж чадах уу?
-Чадахгүй ээ. Сэтгэлд хүрэхгүй нь мэдэгдэж байсан. Тиймээс их тэвчиж ажилласан даа. С.Баярыг олигтой лидер болгочихъё гээд түшсэн. Н.Энхбаяр даргыг ч мөн улс орноо авч явахад дэмжие гэж ажилласан. Гэвч нэг л болж өгөөгүй дээ. Сайн лидер манай намд төрөөгүй. Сайн хамт олон гэхээс илүүтэй сайн лидер төрж, улс орныг авч явах ёстой гэж боддог.

-Ардчилсан намд лидер байна уу?
-Лидер байгаа. Нуугаад байх юу байх вэ. УИХ-ын дарга З.Энхболд бол маш сайн лидер. УИХ-ын гишүүд цаашлаад ард түмэн хүлээн зөвшөөрч байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон ажил хийж байна, намын дарга Н.Алтанхуяг шинэчлэлийн Засгийн газар байгуулаад зөв хэлбэрээр ажиллаж байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийг зөв зүйл дээр нь дэмжие гэсэн бодолтой байна даа.

-Ардын намд байх үед чинь төрж гарсан дарга нараас илүү юм Н.Алтанхуягт бий юү?
-Улс орноо удирдаж, шинэлэг зүйл хийх гэж яваа зэргээс нь зөв юм харагдаж байна. Иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа нь зөв. Үүнийг хамт олон нь дэмжиж ажиллах ёстой гэж бодож байгаа.

-Т.Бадамжунайг МАХН-д авчирч байх үеийг та ярьсан байна билээ. Н.Энхбаяр дарга оруулж ирэн дэмжүүлээд л, Ц.Мөнх-Оргилыг “Цолмонгийн хамаатан байгаа юм” гээд дэд сайдаар тавьсан гэдэг үнэн үү?
-Тухайн үед ч гэсэн сонин хэвлэлээр гарч байсан. Т.Бадамжунай Н.Энхбаяр даргын нутгийн хүн, Мөнх-Оргилыг Цолмонгийн хамаатан гэхчлэн бичиж байсан шүү дээ. Хүнд үед байхгүй байсан хүмүүсийг дарга нар хөтөлж оруулаад шууд даргаар тавьчихдаг ийм механизм руу орчихсон байлаа. Улс төр ийм байдал руу ороод байгаад харамсдаг.

-Та өөрийнхөө улс төрийн насыг хэд гэж боддог вэ?
-Хүн өөрийгөө мэдэж, мэдэрч амьдрах ёстой. Миний цаг болбол би өөрөө яваад өгнө. Харин одоо цаг нь болоогүй учир байгаа юм.

-Ардчилсан намынхан УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол яах вэ?
-Үүнийг хэлж мэдэхгүй юм. Тохироо хийгээгүй учраас. Намын гишүүний хувьд ямар эрх эдлэх ёстой вэ үүнийхээ дагуу л эдэлнэ гэж бодож байгаа.

-Энэ удаа нэг суудал нэмчихээд ирэх сонгуулиар Элчин сайдаар томилогдоно гэсэн тохироо хийсэн гэж ярьдаг?
-Ээ чааваас даа (инээв). Хүний өмнөөс ярих юм. Би Баянзүрхээс гурван удаа нэр дэвшинэ гээд хэлчихье.

-Та амласан шүү?
-Би Хэнтийд гурван удаа нэр дэвшсэн шиг Баянзүрхэд гурван удаа нэр дэвшинэ.

-Хэнтий аймгийн Ардчилсан намынхантай уулзсан уу. Хэрхэн хүлээж авсан бэ. Та тэдний 12 жилийнх нь “дайсан” байлаа шүү дээ?
-Уулзсан. Улс төрд ялна, ялагдана гэдэг байх ёстой асуудал. Үүнийг дайсан гэж үзэж болохгүй. Ардчилсан намын дарга Оюунбаатар, Пүрэвжав нартай уулзсан. Улстөрчдийн харилцаа их өөр шүү дээ. Та бүхэн өөр талаас нь хараад дайсан гэж үзээд байх шиг байна.

-Улс төрөөс яриагаа холдуулъя. Таныг удган болсон. Дондогдулам хатны онгодыг залсан. Дондогдулам хатан хөөргөө нэхсэн чинь О.Чулуунбат гишүүнийх байсан гэх мэт ярианд хариулт өгөхгүй юу?
-Улс орныхоо түүх, соёлын дурсгалт газрыг хүндэлж хийх тусам тэнгэр, бурхан баярладаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн. Хэнтий аймгийн Баян-Адарга сум бол наймдугаар Богд Жавзандамба хутагтийн хатан Дондогдуламын нутаг. Маш өвөрмөц нутаг. Монголын ард түмэн энэ нутаг руу их явж байгаа. Би тэнд их хатдын Хүндэтгэлийн өргөө байгуулсан. Намайг шөнө 01.30 цагийн үед очиход Хүндэтгэлийн өргөөний ханан дээр хатны зураг гарчихсан байсан юм. Нэг талаас нь залуу хатан, хажуу талаас нь харахад мөн хатны зураг тод гарсан. Харин хаалганых нь нөгөө талд азарган чоно гараад ирчихсэн. Тэгээд бид хэд маргааш нь өргөөгөө нээх болчихоод байдаг, хатны зурагтай ханаа будах уу, яах вэ гээд гайхсан л даа. Ямартай ч өглөө харья гээд будахгүй орхисон. Тэгтэл өглөө бүдгэрчихсэн байхаар нь шар будгаар гурван удаа давхарлаж будсан. Гэвч хатны царай нь сайн дарагдаж өгөөгүй.

-Шөнө хэн нэг нь очоод зурчих нь гэж байхгүй биз дээ?
-Байхгүй. Цаанаасаа л тодроод гараад ирсэн. Би Хүндэтгэлийн өргөөний нээлтийг хийх гэж очсон. Тухайн үед хатан, азарган чононы зургийг будахгүй ёсгүй байв уу. Ямар учиртай том гэдэстэй хатан байсан юм, яах гэж ингэж гарч ирсэн юм бол гээд бөөгөөс асуусан. Хариулт авсан. Үүнийхээ дагуу бүх зүйлийг хийгээд сэтгэл хангалуун байлаа. Гэтэл “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид санаандгүй, ам алдаад ярьчихсан юм. Уг нь би нуух ёстой байсан юм билээ.

-Та Дондогдулам хатны сүнсийг буулгасан юм уу?
-Би ингэж буулгаж болох уу гэж олон хүнээс асуусан. Тэгсэн намрын дунд сард буулгаж болно гэсэн. Үүний дагуу буулгасан юм.

-Хөөрөг асуусан гэдэг нь үнэн юм уу?

-Хөөрөг асуугаагүй. Гэхдээ олон юм асуусан. Одоо ярихгүй, нууц (инээв). Надад хэлсэн бүхнийг би биелүүлсэн. Юм хийж бүтээж байхад ийм сонин зүйл тохиолддог юм байна. Ойлгох нь ойлгох байх.

-Та ямар шашинтай вэ?
-Бүх шашныг хүндэлдэг. Тэр дундаа Буддаг их эрхэмлэдэг. Харин энэ зурагнаас болж бөөтэй уулзсан. Та бүхэн ч очиж үзэх хэрэгтэй шүү. Сайхан юм бүтээсний дараа хүмүүс “сүнстэй ярилцдаг” гээд янз бүрээр ярьж байлаа.

-“Нийслэл өргөө” таны компани юм уу?
-“Их өргөө” гэж манай компани бий. “Нийслэл өргөө” бол Төрийн ордны урд талынхыг барьсан. Үүнээс болж олон хэл ам гарахад би “Нийслэл өргөө” гэдэг чинь н.Ганзориг гэдэг захиралтай өөр компани гэж хэлээд байхад бүх тендер авдаг гэж яриад байсан. Бүр сүүлдээ зохион байгуулалттайгаар “Нийслэл өргөө”-г миний болгоод байна уу ч гэж хардсан. Манай “Их өргөө” компани тендерт ордоггүй. Төрсөн дүү, бэр хоёртой өгсөн чинь олигтой авч яваагүй, бараг дампуурах байдалд орчихсон. Харин одоо хүү маань аваад овоо хөл дээрээ босох гэж байна. Би дарга нараас тендер гуйж, туслаач гэдэггүй. Улс төрд иймэрхүү юм гардаг. Сонгуулиас бусад үед надад хүнээс мөнгө гуйх зүйл байхгүй. Баянзүрх дүүргийн сонгууль их хүнд болсон шүү дээ.

-Таны “Их өргөө” компани гуравдугаар төрхийн тендерийг авсан. Сонгуулийн өмнө тууз хаачилсан боловч барихгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Тийм үү?
-Миний хүү “Их өргөө” компанийн захирлаар ажиллаад анх удаа Баянзүрх дүүргийн гуравдугаар төрхийн тендерт ялсан юм. Ингээд Сү.Батболд дарга Ерөнхий сайд байхдаа ирж тууз хаачилж байлаа. Гэтэл ялсан тендерийг маргааш нь хотоос цуцалж, хүчингүй болгож байсан. Бүх ажлаа эхлүүлэх гэж байсан чинь дахиад тендер зарлачихсан.

-Яагаад?
-Мэдэхгүй юм. Манай компанид тендер авахуулахгүй юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэгээд тендерээ буцаагаад өгсөн.

-Тэгвэл төрөх эмнэлэг барих асуудал танай компанитай холбоогүй юм байна?
-Хамаагүй. Хот дээр дахин тендер зарлаад “Цамхаг” гэдэг компани ялсан. Гэвч одоо болтол мөнгөнийх нь 10 хувь нь орж ирсэн гэсэн. Тэгээд тэр компани өөрийнхөө мөнгөөр дөрөв, таван давхрыг барьж байгаа юм билээ.

-Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зоригийг Монголын иргэншил авахад нэлээд нөлөөтэй оролцсон гэдэг. Намынхнаас нуугдан байж хийсэн гэж ярьдаг?

-Тийм ээ. Би Монголын төрийг 40 жил удирдсан хүний хүүхэд Монголын иргэн байх ёстой гэдэг үүднээс тусалсан. Хүү нь Ю.Цэдэнбал сангийн урилгаар ирээд Улаанбаатарт байх зардлыг нь би дааж байсан. Буцахаасаа өмнө Монголын иргэн болно гэдэг хүсэлтийг тавьсан юм. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баярт хандсан. Тэгэхэд Оросын иргэншлийг өгчихвөл асуудлыг нь шийднэ гэж байлаа. Ингээд энэ асуудлыг их нухацтай, дөрөв, таван өдөр ярьж байж хуучин үнэмлэхийг нь сэргээн шүүхийн тогтоол гарч, иргэний үнэмлэхийг нь өгсөн дөө.

-“Монголын төрийг жолоодож байсан хүмүүсийг нулимж, амьдрал ахуйгүй болгож, золигт гаргадаг” гэж та надад хэлж байсан нь мартагддагүй юм. Үүнийг та хэвлэлээр ярьсан уу?

-Нэг удаа хэлсэн л дээ. Ер нь төрд зүтгэсэн хүмүүсээ нас барсных нь дараа тэнгэрт тултал нь магтаж, амьд байгаа нэгнээ газарт ортол нь муулдаг. Үүнийг би ойлгодоггүй. Амьддаа бие биенээ хүндэлж, хайрлах ёстой. Эрэгтэй улстөрчид улс төр, албан тушаал, амбицийнхаа төлөө яахаас ч буцдаггүй их сонин. Манай намд ч их ажиглагдаж байлаа. Харин сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, намын дарга Н.Алтанхуяг “Төрийн гурван өндөрлөгийн хооронд ямар нэгэн асуудал байхгүй” гэж ярьсан. Анх удаа дарга нар хоорондоо асуудалгүй байна гэж сонссон. Өмнө нь дандаа муудалцдаг байлаа. Үүний цаана Монгол Улсын эрх ашиг, хүмүүсийн ёс суртахууны асуудал байгаа шүү дээ.

-Та Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгч болчихсон билүү?

-Болсон. Энэ холбооны хурлаар намайг тэргүүн болооч гэдэг саналыг тавьсан. Тэгээд Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байна. СӨХ-ны хуулийг шинэчлэх талаар олон ажил хийхээр төлөвлөөд байгаа.

-СӨХ сар болгон мөнгө авдаг. Жижиг засвар хийхээр болбол бид заавал мөнгө өгдөг. Үүнийг болиулах уу?

-Сууц хувь хүний өмч болчихсон учраас мөнгө гаргаж анхаарах нь зүйтэй.

-Гэхдээ СӨХ нь оршин суугчдын мөнгийг авчихаад юу ч хийдэггүй. Тэр мөнгө СӨХ-ны дарга, нарийн бичигт л оччихдог?

-Тийм газар бий. Гэвч ололттой тал ч байгаа. Бид болохгүй бүхнийг өөрчлөх талаар ажиллана.

-Ихэнх иргэд СӨХ-нд сэтгэл дундуур байдаг. Тэгэхээр үүнд анхаараасай гэдгийг таниас хүсэх гээд байгаа юм?

-СӨХ-ны даргыг иргэд өөрсдөө сонгох ёстой. Гэтэл тэр ажилдаа оролцохгүй өөр хүн дарга болчихоод байгаа юм. Иргэд өөрсдөө оролцоотой байх хэрэгтэй. Энэ талаас нь хуульд өөрчлөлт оруулна. Ирэх хаврын чуулганы хуралдаанаар хуулийн төслийг өргөн барихаар энэ асуудал шийдвэрлэгдэх болов уу.

-Шууд ардчиллын тогтолцоо СӨХ-нд хэрэгжих ёстой баймаар?

-Иргэд өөрсдөө оролцохгүй байгаагаас ийм асуудал үүсээд байгаа юм. Бүх гишүүдийнхээ хурлаар ажил хийдэггүй даргаа эргүүлэн татчихаж болно шүү дээ.

-Таныг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг Ардын намынхан Цэцэд тавьсан. Гэтэл Ардын намын Олон нийттэй харилцах хэлтэст ажилладаг Б.Цогтгэрэл гэдэг залуу хүн гүтгэсэн хэргээр хоригдсон. Харин энэ хүнийг батлан даалтад гаргах ажлыг та зохион байгууллаа?
-Зохион байгуулах ч юу байх вэ дээ. Би Б.Цогтгэрэлийг Ардын намын гишүүн, сэтгүүлч гэдгээр нь мэднэ. Ийм асуудалд орсонд нь харамсаж байсан. Надад туслах боломж гарч, надад мөн хандсан. Ардчилсан намын гишүүнтэй холбоотой байсан учраас З.Энхболд даргад хандаж сэтгүүлч хүнийх нь хувьд тусалъя гэж бодсон.

-Энэ хэрэг хэрэгсэхгүй болсон уу. Хуулийн байгууллагад шалгуулж байгаа юу?
-Шалгуулж байгаа гэж бодож байна.

-Залуучуудыг намаар талцуулан ийм хэрэгт ороход хүртэл түлхэж байна?
-Энэ гамшигт хүрч байна. Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Хуулийн төсөлд гишүүнчлэлгүй нам байх ёстой гэж үзэн ярьж байна. Улс төр мэдэхгүй хүмүүсийг анхан шатны байгууллагад даргаар тавьчихдаг. Нөгөөх нь харгис маягаар удирддаг. Энэ бүгдээс харахад Монголд гишүүнчлэлгүй нам байх ёстой. Амьдралаас ч урган гарч байна.

-Ярилцсанд баярлалаа.

http://munkhbayasgalan.niitlelch.mn

Tuesday 26 February 2013

Ш.Доржсүрэн: Монгол сэтгэлгээгээр танил талаараа шагнал авна гэж байдаггүй л байхгүй юу

“Doz” энтертайнмент студийн захирал, жүжигчин найруулагч Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.Түүний бичиж найруулсан кино сүүлийн үед Монголын үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнө түүний найруулсан “Хөх толбот хүмүүс" кино Францын “Academy Awards -2012” кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал гардсан юм.


- “Doz” энтертайнмент студи сүүлийн жилүүдэд кино урлагийн салбарт хүч сорьж байгаа. Үүгээрээ ч амжилт олж явна?
-Манай энтертайнмент байгуулагдсан даруйдаа инээдмийн төрлөөр ажиллаж байсан. Ер нь кино урлаг нэлээд хэцүү төрөлдөө ордог урлаг. Яагаад гэвэл тайзан дээр тавигдах гэхээсээ илүү тоглолтыг хийгээд дараа нь зураг авалтын явц, эвлүүлэг, цаашлаад дуу хөгжим гээд бүх урлагийн төрлүүд оролцдог учраас бидний ажил нэлээд ээдрээтэй.
Гэхдээ хүнд ажил гэж шантралгүйгээр энэ урлагаар дамжуулж, монголчуудад маш их зүйлийг илэрхийлж, үзэл санаагаа гаргаж, хүмүүст хэрэгтэй зүйл хийж болох юм гэдэг талаас нь харсны үндсэн дээр кино урлагийн салбарт нэлээн их анхаарал тавьж ажиллаж байгаа. Энтертайнмент гэдэг утгаараа бүх төрлийн зүйлийг хийх ёстой.
Яагаад гэвэл цөөхөн монголчууд бидэнд цаанаасаа заяагдсан олон зүйлийг хийж чадах, авьяас чадвар бурхны хишиг байдаг. Тийм учраас тэр бүхнийгээ дайчилж хамгийн гол нь хүмүүст хэрэгтэй оюун ухаанд нь цэнэг болж, сэтгэл зүйг нь зөв хөглөхөөр амьдралдаа зөв алхмыг хийгээсэй гэдгийг бодит амьдрал юм шигээр үзүүлж тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч, утга санаагаа гаргах юмсан гэдэг үүднээс олон уран бүтээл хийсэн. Одоо шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байна.

-Танайх урлагийн гэр бүл. Хоёул уран бүтээл гэж явахад ар гэрийн ажил цалгардах тал байдаг байх даа?
-Биднийг бусад гэр бүлүүдээс онцлог гэж хэлж болно. Яагаад гэвэл хүмүүс өглөө ажилдаа ирээд орой тардаг бол бид шөнөжингөө ажиллаад өглөө хүмүүс ажилдаа ирж байхад харих үе олон байдаг. Гэхдээ энэ бүхнийг хүний өмнөөс хийж байгаа биш, тээр шаагаад яахав.
Манай гэр бүлийнхний хувьд хоёулаа нэг ажлын төлөө, нэг зорилгын төлөө явж байгаа учраас үр хүүхдүүд, гэр бүлдээ анхаарал тавих нь бага. Одоо л гэхэд том хүү маань шилжилтийн насандаа ирж байна. Тэр хүүхдийн хичээл сургууль нь юу болж байна гэдэгт бага анхаарал тавьж байгаа. Гэсэн ч багш нар, ангийнх нь хүүхдүүд энэ бүхэнд дэм өгч байдагт бид баяртай байдаг юм. Хүний амьдрал болсон хойно хүүхэддээ анхаарал тавиад, ажлаа хойш тавих уу гээд салаа замын үзүүр дээр ирдэг л юм.
Гэхдээ өдөр болгон сайхан нар тусч, амьдрал үргэлжилдэг болохоор хэцүү хүнд болгон ард хоцорч сайн сайхан бүхэн ирэг гэсэн хүсэл тэмүүллээр манай гэр бүл ажилладаг. Ид ажлын үеэр гэртээ ч сайхан хоол идэж чаддаггүй, Нийтийн хоолоор ажлаа амжуулах үе олон байдаг. Гэхдээ хамгийн сайхан зүйл нь ажлынхаа ард гарчихаад хүмүүсийн бахдам сайхан үгийг сонсч, хүнд хэрэгтэй зүйл хийснийхээ төлөө алга ташилтаар мялаалгах нь манай гэр бүлийн аз жаргал юм даа. Тийм учраас энэ хувь заяатайгаа эвлэрэхээс аргагүй.

-Сая таны найруулсан “Хөх толбот хүмүүс”олон улсын шагнал хүртсэн гэж сонслоо?
-Тийм ээ. Франц улсын нийслэл Парис хотноо “Балтта Парис” гэдэг кино наадамд Монголоос гурван уран сайхны кино, гадаадын Парисын тухай өгүүлсэн, Парист зураг авсан кинонууд өрсөлдсөн. Энэ наадамд манай “Хөх толбот хүмүүс” кино оролцоод хоёр цомын нэгийг нь авсан. Нэгийг нь Америкийн Холливиудын алдарт найруулагч Маркис Мартиё Коргие хүртлээ. Гэтэл интернэтээр ийм наадам гэж юу байсан юм гэсэн утгатай зүйл бичсэн байна лээ. 
Гэхдээ бид дотроо өндөр мод салхинд их найгадаг юм даа гэж тэвчиж өнгөрөөлөө. Үүний хариуг сайтдаа тавих ёстой. Яагаад гэвэл бид хоёр өөрсдөө цом хийгээд, түүнийгээ худлаа яриад олон нийтэд барьж давхиад явна гэж юу байхав дээ. Гэхдээ монголчуудын нэгийгээ дэгээдэж унагаачихаад хажуугаар нь инээгээд өнгөрдөг зан магадгүй бидний дараагийн киноны сэдэв байхыг үгүйсгэхгүй. Бид энэ мэдээллийн дагуу Францын киноны академийн ерөнхийлөгчөөс албан ёсоор шагналаа баталгаажуулсан албан бичгийг тамга тэмдэгтэй нь авсан байгаа. Үүнийг сайтууд дээр тавина.
Хамгийн харамсалтай нь манай Монголын сайт дээр тийм кино наадам болоогүй гэж тавигджээ гэж кино наадмын ерөнхийлөгчид захидал бичихдээ ичиж байлаа. Монгол сэтгэлгээгээр хэн нэгэнд мөнгөө өгөөд, эсвэл танил талаараа хөөцөлдөж байгаад киноны шагнал авна гэж байхгүй. Тийм учраас өөрсдийнхөөрөө сэтгэх хэрэггүй. Өөрсдийнхөө байгаа орчноор хараад ч хэрэггүй. Энэ бол өчүүхэн жижиг хараа. Европ дэлхий гэдэг тийм биш. Бид дэлхийн алдар хүндтэй шагналыг гайхуулж яриагүй. Монголчууддаа мэдээлэл түгээе гэдэг үүднээс мэдээлэл өгөхөд харамсалтай нь хүмүүс баяр хүргэе гэхээсээ илүү ус цацаж байгаа мэт сэтгэхүйгээр хандсан. 
Үүнийг сонсоход нэг талаасаа эвгүй байсан. Нөгөө талаас нэгэнт үр хүүхдүүдэд минь насан туршдаа аваад үлдэх цом ирснээсээ үнэн ялна гэсэн үгээр сэтгэлээ тайвшруулж байлаа. Эндээс надад орчин үед үнэн, худал хоёрын үнэн нь арай бага болоо юу даа гэсэн бодол төрсөн. Хэдийгээр үнэн гэдэг жижигхэн ч гэсэн үнэтэй. Харин худал хичнээн том байсан ч гэсэн хий манан шиг зүйл шүү дээ. 
Тийм учраас үнэн гарч ирнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа. “Хөх толбот хүмүүс” нэртэй монголчуудынхаа тухай хийсэн кино маань дэлхийн түвшинд очиж дэлхийн өндөр шүүгчдийн гараар дамжиж шагнал хүртэнэ гэдэг багагүй зүйл. Түүнээс бид шагнал авлаа гэж гайхуулаад байгаа юм алга. Монгол Улс шагналтай, шагналгүй хөгжсөөр л байна. Ер нь Монгол Улс гэдэг маань нэгж монгол нэг нэг хүнээс бүрддэг учраас бие биедээ урам өгч байвал зүгээр юм болов уу гэж бодож байна.

-Өнөөгийн нийгмийн амьдралаас кино зохиолынхоо санааг авах зүйл бишгүй л гарч байгаа. Гэхдээ хувь найруулагчийнхаа хувьд ямар байдаг юм бол?
-Киноны санааг олно гэдэг ээдрээтэй зүйл л дээ. Орчин цагийн хүмүүст зориулагдаж хийгдэж байгаа учраас магадгүй бид хүний олж хараагүйг харж ийм байх ёстой, тийм байх учиртай гэдгийг хэлэхийн тулд онож буудаж ёстой юм шиг. Тиймээс бид хоорондоо ярилцаж байж кино зохиолоо гаргаж авдаг. Сүүлийн гурван том киноны зохиолыг би өөрөө бичсэн. Одоо гаршиж байна. Манайд маш олон сайн зохиолчид байдаг. Бид хоорондоо уулзаж ярилцдаг. Гэвч хүний хэлсэн санаагаар хийхэд хэцүү. Харин өөрийн олж харснаараа уран бүтээл хийхэд дөхөмтэй байж болох юм.
Манай энтертаймент ихэвчлэн гадаадад төсөл хэрэгжүүлдэг. Түүнийхээ санхүүжилтийг өөрсдөөсөө гаргадаг. Бас зарим компаниудтай хамтран ажилладаг. Тухайлбал “Дүүлэн нис” кино “Тэнгэр даатгал” компанитай хамтран ажиллаж байгаа. Энэ компани “Бид тэнгэрт даатгасан хүмүүс шүү гэдгийг батлах ёстой. Монголчуудад хэрэгтэй зүйл гаргаж байна гэдэг үүднээс бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа гадаадад амьдарч байгаа хүмүүс эзэнгүй, харьяалалгүй, хэнд ч тоогддоггүй, үгүй болсон ч гэсэн хэн нэгэн нь тэдний араас санаа зовж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг тийм л байдалд орчихлоо шүү дээ. Энэ кино маань өөрөө энэ сэдвийг хөндөж байгаа. “Тэнгэр даатгал” компанид өөрсдийгөө даатгуулаад нэлээд эрсдэлтэй хүнд зургуудыг авахуулж байхдаа даатгалтай учраас гайгүй эрсдлийг давж гарах явдал байлаа. Тухайлбал усан доорхи таван метрийн гүн доорхи зураг гэдэг бол манай жүжигчдийн хувьд тодорхой хэмжээний даатгал хийлгэхгүй бол болохгүй.
Киноныхоо үзэл санааг амьдрал дундаас хутгаж авдаг.Гэхдээ энэ бүхэндээ хэнд ч байдаг л зүйл гэдэг сэтгэгдлийг төрүүлэхгүйгээр хамгийн хүчтэй өнөөдрийн цохилж байгаа санааг бид кино урлагаар дамжуулж үзүүлдэг. Киноны өөрийнх нь хамгийн том хүчтэй зүйл нь хүний тархинд биш, шууд зүрх сэтгэлд эхэлж очдог. Түүний дараа тархинд очиж үлддэг учраас энэ нь нийгэмд оруулж байгаа үүрэг юм. Зохиолынхоо санааг нийгмээс авч, энэ гэрэл гэгээтэйгээ хүмүүст төгсгөлд нь очих ёстой гэсэн бодлыг тээж ажилладаг даа.

-Уран бүтээл бүхэн зүрх сэтгэлийн дуудлагаар хийгдэж байгаа. Гэхдээ л хүний авьяас хөдөлмөр гэдэг үүднээс арилжаа яригдах л байх даа?
- “Хөх толбот хүмүүс" киног хийсний дараа өөрөөр хэлбэл одоо л хүмүүс киноны ард талын үйл явдлыг ойлгож байх шиг байна. Кино өөрийн техник технологитой учраас маш их мөнгөөр бүтээгдэх ажил юм. Тэр хэмжээгээр тансаг урлаг гэж яригддаг. Бид хүнтэй л адилхан амьдарч байна. Кино хийж байна гэж өөрсдөөсөө мөнгө гаргаад байх баян ч хүмүүс биш. Харин бидэнд тусалж дэмждэг байгууллагууд тодорхой хэмжээгээр байдаг. Гэхдээ бид өөрсдийнхөө хүчин чадлаар ажиллахыг хичээдэг. Өмнөх киноныхоо ашгаас дараагийнхаа кинонд нөөцөлж үлдээе гэх нь ч бий.
Одоогийн хийж буй “Дүүлэн нис” кино маш өндөр зардлаар босч байгаа. Учир нь Италийн зураглаачид, зөвлөх найруулагчид, солонгосын жүжигчид, солонгосын найруулагчид оролцсон учраас илүү өндөр зардалтай байгаа. Шударга өрсөлдөөний хэрэглэгчдийн төлөө газрын О.Магнай даргын хийж байгаа үйлдэл бидний ажилд тус нэмэр өгөх болов уу гэж бодож байна. Гэхдээ л дутуу байна. Яагаад гэвэл Монголын кино үйлдвэр дөнгөж хөгжих гэж байхад нь 50-аас дээш хувийг нь татварт авна гэдэг нь шууд дээрэмдэж байгаатай л адилхан. Нөгөө талаас кино үйлдвэрлэгчдээ бодох хэрэгтэй. Бид нэг амьдраад дууссан ч кино үлдэх ёстой. Гэсэн ч тэдний минь зүрх сэтгэл нурж унах вий гэдгийг бодолцох хэрэгтэй.
Өндөр зардал гаргахгүйгээр сайн кино хийнэ гэж байдаггүй учраас зайлшгүй зардлыг нь гаргаж байна. Гэхдээ бид эндээс хэр ашиг олохов гэдэг бас л эргэлзээтэй зүйл. Тийм учраас нэг талаас ашиг орлого олох магадлал байж болох юм гэж үзэж нөгөө талаас хүнд хэрэгтэй зүйл хийж байна гэсэн сэтгэлээр сэтгэлээ зогоож явна даа. Кино өөрөө олон төрөлтэй. Тиймээс бага мөнгө зарцуулаад түүхий кино хийе гэвэл болж л байна. Гэхдээ хүнд хэрэггүй зүйл хийж их мөнгө олж байснаас хэрэгтэй зүйл хийгээд мөнгө олбол сэтгэл хангалуун амьдрах юм даа гэсэн манай гэр бүлийн зарчим байдаг. Тэр талаас нь бодолцож ажилладаг. Мэдээж чанартай зүйлийг эдийн засаг мөнгө дагалгүй яахав. Үзэгчид маань энэ байдлыг мэдэрч чанартай хэрэгтэй зүйлээ сонгож үзэх үзэгчид Монголоор дүүрэн байгаа шүү дээ. Тиймээс бидний хүссэн зүйл үзэгчдийн таашаал авах зүйл энэ киногоор дамжиж гарч чадна гэдэгт итгэлтэй байдаг.

-Таны найруулсан киноны гол дүрд эхнэр тань тоглосон байдаг. Уран бүтээл дээр эхнэртээ хэр шүүмжлэл, магтаалтай ханддаг вэ?
-Ер нь хатуу талдаа гэж хэлж болно. Яагаад гэвэл уран бүтээл дээр гэр бүлийн харьцаа гаргаад байвал ажил явдаггүй. Цуг ажиллана гэдэг бие биедээ тал засахаас шал ондоо асуудал. Бидний хувьд хаана яаж харьцах вэ гэдгээ ярьдаггүй. Бие биенийгээ бүрэн ойлгоод бүгдийг ухамсарлачихсан байгаа.

Д.Нэргүй 
Нийслэл таймс

Monday 25 February 2013

Н.Батцэрэг: Бидэнд маш сонирхолтой хувилбар бий

УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Намрын чуулган завсарлаад хэд хонож байна. Чуулганы явцад танай бүлгийг задарна гэх яриа халуун сэдэв байлаа. Энэ тухайд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Намрын чуулган ачаалал ихтэй байлаа. Бас нилээд маргаан мэтгэлцээн, зөрчил тэмцэл дунд ажиллалаа. Хаа газрын парламентийн ажил, ааш араншин иймэрхүү л байдаг шүү дээ. Манай бүлгийн тухайд чухал чуулган байсан. Учир нь манай гишүүд хүнийхээ хувьд илүү бие биенийгээ таних, үйл ажиллагааны нэг хэмнэлд орох, өөрсдийнхөө гуравдахь хүчний байрлалын чухлыг ойлгох, улс төр хийх арга барилаа зөв олох, гадаад дотоод бусад үйлчлэлийнхээ хүчин зүйлтэй дасан зохицох гэх мэтчилэн бидний зайлшгүй туулах ёстой тэр цаг хугацаа байлаа. Хамгийн гол нь сонгуулийн үед бидний амласан иргэдээ ажлын байртай, орлоготой болгох, нийгэмд шударга ёс тогтоох зэрэг асуудлыг Засгийн газрын хөтөлбөрт оруулж, олон ажил эхлүүлж чадлаа.

-М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш “Шударга ёс” эвсэл задарна гэсэн яриа газар авсан. Та энэ талаар заавал ярих хүмүүсийн нэг шүү дээ.

-Манай бүлгийг бутаргах сонирхолтой хэсэг хүмүүс парламентийн дотор ч,  гадна ч байна. Яагаад гэвэл улс төрийн зах зээлээ анхааралтай харах юм бол гуравдахь хүчнийг сонирхох, дэмжих хандлага улам их нэмэгдэж байна. Бараг зүй тогтол талаасаа ч тийм юм гээд хэлчихвэл хол зөрөхгүй. Бидэнд улс төр, эрх мэдлийн том санаачилгаа алдахаас айсан хүмүүсийн л хийж байгаа ажил гэж би тэр ярианы талаар хэлнэ. Харин бид бусдын өгөөш бололгүй ухаан тэвчээр зааж, өөрсдөө нэг цул хүч байж тэсч үлдэж чадах уу гэдэг нь илүү анхаарал татсан асуудал байх шүү. Одоог хүртэл бидний туулж яваа бэрхшээл сорилтыг би газар хөдлөхтэй зүйрлэн хэлдэг юм. Манай байшин ямар ч байсан 7-8 баллын чичиргээг даанаа гэж. Байгалийн давагдашгүй хүчин  зүйл шиг юм болвол яалтай билээ дээ.

-МАХН, МҮАН-ын аль нэг нь  Засгийн газраас гарна ч гэдэг юм уу, өөр бусад танай доторхи зөрчлүүд хэдэн баллынх байсан бэ?

-Тэр бол ламп савлаж, ширээ доргих төдий л юм болсон. Би гишүүддээ нэг л зүйлийг хэлдэг. Ирэх намрын чуулган гэхэд манай бүлэг “хатуу боорцог” болсон байна шүү гэж.  Тэгж харж ажлаа зохион байгуулж байгаа.

-Хатуу боорцог гэдэг нь яг ямар болсон байхыг хэлэхэв?

-Манайхаас дэвшиж юм уу, эсвэл бидний оролцоо дэмжлэгтэйгээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй, олон нийтийн зүгээс “Шудрага ёс” эвслийг илүү итгэл хүлээлгэх улс төрийн хүчин гэсэн хүлээлттэй болсон байхыг хэлж байна. Ингэхийн тулд мэдээж бид зүгээр суухгүй л дээ. Хэд хэдэн үндэсний эрх ашгийн шалгуур болсон асуудлууд дээр анхаарал хандуулах болно.

-Тухайлбал?
-Өмнө нь  манай зарим гишүүд иргэний хөдөлгөөн толгойлоод ажиллаж байхдаа л байнга ярьж тэмцэж байсан Оюутолгойн гэрээний асуудал байна. Гэрээг эргэн харах, монголын талд ашигтайгаар өөрчлөхийн тулд бид улс төрийн хатуу тэмцэл хийх болно. Таван толгойн ордыг эргэлтэнд оруулж, түүнийг тээвэрлэх төмөр замын асуудлыг  даруй шийдэхгүйгээр нийгэм эдийн засгийн том зорилтууд хэрэгжих нь эргэлзээтэй болно. Мөн Тавантолгойн ордыг бүх иргэддээ хувьцаалах замаар өмчлөл, эзэмшлийн асуудлыг шийднэ гэсэн  манай эвслийн сонгуулийн хөтөлбөр байгаа. Бондын эх үүсвэрийн зарцуулалтын асуудлыг парламентийн болон олон нийтийн хараа хяналтаас гадна үлдээж, буруу замаар мөнгөний хуваарилалт явагдаж, тэр нь өр болон даамжирвал, дампуурсан банкинд эрх хүлээн авагч томилдог шиг өрөөрөө дарамтлуулан бусдын харцаар байгалийн баялаг бусад орд газруудаа алдаж, тусгаар тогтнол эргэлзээнд орох аюул байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг бид бас анхааралдаа авна. Мөн Бүтээн байгуулалтын хүрээнд гэхэд эрчим хүчний, төмөр замын, Улаабаатар хотын шинэ төлөвлөлттэй холбоотой гэх мэт гол мега төслүүдийг цаг алдалгүй нам, фракц, улс төрийн жижиг хожоо харалгүй туршлагатай, зангарагтай, ажил хариуцах чадвараараа танигдсан тийм хүмүүсдээ хариуцуулаад ажлаа хурдан эхлэх хэрэгтэй байна. Тэрсэлдэн задарч биш эвлэлдэн бүтээж байж ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэг боломжийг бий болгосон Үндсэн хуулийн тогтолцооны өөрчлөлтийн асуудлыг бид хөндөж тавих болно. Эдгээр асуудлууд бол Монголын нийгмийн хамгийн тулгамдсан, манай үндэстний амин эрх ашгийг хөндсөн асуудлууд юм даа.

-МҮАН-ын Бүгд их хурал шинийн 8-нд хуралдах байсан ч хуралдаагүй. Хэзээ хуралдаж, ямар асуудлууд хэлэлцэх вэ. Энэ хурлаар Засгийн газартай холбоотой яриа, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах гээд олон асуудал хэлэлцэх байх?
-Уламжлалаараа бол бид цагаан  сарын дараа хуралддаг юм. Энэ жилийн хувьд бол парламентад суудалтай намын хувьд цаг үе, улс төрийн нөхцөл байдлыг харгалзаж байж хурлаа зарлах ёстой гэж үзсэн. Миний хувьд одоогоор яарч хурал зарлах шалтгаан олж харахгүй байна. Хэлэлцэх асуудлын тухайд бол дээр дурьдсан гол асуудлууд дээр нам байр сууриа маш тодорхой илэрхийлнэ. Мөн зарим зохион байгуулалтын асуудлыг ч ярина. Манай гишүүд, дэмжигчидийн зүгээс үндэсний үзлийг улс төрийн эргэлтэд оруулахыг зорьж буй намын хувьд Монгол үндэсний их баяр цагаан сарын шинийн нэгнээрээ таван өдөр амардаг байхаар хуулийн төслийг өргөн барих хэрэгтэй байна гэж УИХ-ын гишүүддээ хандаад байгаа. Энэ асуудлаар бас намын хурлаас чиглэл гаргана.

-МАН, МАХН гэсэн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох санаачлага хүчтэй яригдаж байна. Энэ үйл явцыг яаж харж байна вэ? Хэрэв нэгдэх, эвсэх процесс явбал эвслийг бүрдүүлж буй нэг нам нь болох та нарын зүгээс ямар алхам хийх вэ?
-Эдгээр намууд нэгдвэл үр дүн нь юу болох тухай одоо ярих бараг боломжгүй, тэгнэ ингэнэ гэж зохиомжлох нь зохисгүй. Би хувьдаа одоогоор шууд нэгдэж чадна гэдэгт итгэхгүй байна. Тэр хоёрын салсан шарх аниагүй байгаа шүү дээ. Харин эвсэх тухайд бол магадлалтай байж болно. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд дундаасаа нэг хүн дэвшүүлнэ гэсэн  үг. Тэр хүн нь хэн байх вэ гэдэг л хамгийн зангилаа асуудал юм даа. Манай намын хувьд бол “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг удирдлагын хүрээнд, бидэнд бодсон, тохирсон  хувилбар бий.

-МАН, МАХН-тай эвсч, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь бараг л тодорхой болж байна. Энэ үед Михайлын бодол юу байх бол гэдэг нь сонирхол татаад байна? 

-Тэр бол удирдлагын хүрээнд яригдаж, хэлэлцсэн зүйл. Одоохондоо хэлээд хэрэггүй. Цаг нь болохоор тохирсон хувилбар нийтэд ил болно. Бидэнд хоёр янзын, маш сонирхолтой хувилбар байгаа, цаг нь болохоор гаргана даа.

-Хүрд эргүүлэх боломжоо ашиглаж Ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх бодолтой байгаа юм уу?
-Ер нь бол үгүйсгэх аргагүй. Манайд туршлагатай, танигдсан улс төрийн зүтгэлтэн байгааг олон түмэн мэднэ. Гэхдээ хүн дэвшүүлэх гэж  яарахаасаа өмнө дэвших, сонгогдох хүн ямар шалгуур хангасан байх вэ, угтан ирэх дөрвөн жилийн гол онцлог юу байх вэ гэдгээ сайн бодсон байх хэрэгтэй. Давын өмнө дээр дурьдсан үндэсний эрх ашгийн амин чухал асуудлуудыг барьж аваад шийдэл олж, парламент, Засгийн газрыг чирч, шахаж чаддаг хүн хэрэгтэй юм.

-Танай бүлгийн тэр дундаа танай намын гишүүдээс зарим сайдуудтай хариуцлага тооцож магадгүй талаар байр суурь илэрхийлсэн байсан. Сайдын юм уу, сайд нарын асуудал УИХ дээр яригдах уу?
-Ер нь бол өнгөрсөн намрын чуулганы турш Ерөнхий сайдыг, Засгийн ажлыг тууштай дэмжиж ирсэн. УИХ дээр ирц бүрдүүлэхээс авахуулаад өргөн барьсан хууль, бусад шийдвэрийн төслийг цаг алдалгүй хурдан баталж өгөх тал дээр хувийн зүгээс ч тэр бүлгийн ажлаа ч тэр энэ чиглэл рүү зохион байгууллаа. Хамгийн гол нь Засгийн газарт гарааны хурд авах бололцоо олгосон хэрэг. Одоо бол эхний үр дүн шаардах хугацаа болсон. Хаврын чуулганы эхэнд зарим сайд нарын хариуцаж байгаа салбарын ажил төрөлтэй холбоотой асуудлыг ярина гэж бодож байна.

-Сүүлийн үед МИАТ, ТЕГ-аас эхлээд олон байгууллага дээр том гэмт хэргүүд илэрлээ. Зарим хэргүүд дээр нь УИХ-ын гишүүд хүртэл холбогдож байгаа талаар хуулийнхан мэдээлэл өгч байна. Та бүхэн шудрага ёс ярьж гарч ирсэн. Албан тушаалаа ашиглан хөлждөг байдлыг яаж таслан зогсоох вэ?
-Том дүнгээр нь харвал зөвхөн мөнгийг шүтэж, түүнийгээ үнэт зүйл болгосон, тэгээд үүнийгээ ардчилал, чөлөөт зах зээл ийм байдаг мэт буруу сурталчилж байгаа байдлыг өөрчлөх шаардлагатай байна. Дараагийн нэг чухал зүйл бол намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулж парламентад суудалтай намуудын санхүүжилтийг төрөөс даадаг, хэрэв хууль бус ашиглалт, шамшигдуулалт болсон бол буруутныг нь хуулиар цээрлүүлж намыг нь дараагийн сонгуульд оруулдаггүй, хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл татан буулгадаг хүртэл хуулийн зохицуулалттай болмоор байгаа юм. Тодорхой илэрсэн хэргүүд дээр бол монголын олон нийт бүгд харж байгаа шүү дээ. МАНАН засаглалын үеийн булхай л илэрч байх шиг байна. Ер нь бол шүүх, хуулийн байгууллага улс төрийн захиалагчийн гүйцэтгэгч байх уу, хуулиа барьж хараат бус ажиллаж чадах уу гэдгээс нийгэмд шудрага ёс тогтох уу, үгүй юу гэдэг шууд хамаарах болно. Зөвхөн МИАТ, татвар ч биш улсын үйлдвэрийн ихэнхи газруудад хөрөнгө санхүүгийн асуудал тун будилаантай байх ихээхэн магадлалтай. Тэр битгий хэл хэдэн жилийн өмнө менежментийн хувьчлал нэрийн дор хувьчлагдсан зарим томоохон сургуулиудын хөрөнгө санхүүгийн асуудал юу болсоныг ч шалгах ёстой л гэж боддог.

-МҮАН, “Шударга ёс” эвсэл цаашид улс төрийн төлөвлөгөө юу байна вэ. МАН, МАХН-тай нэгдэнэ, эвсэл Засгийн газраас гарна гэсэн олон асуултууд хариултгүй байгаад байна?
-Би нэг зүйлийг байнга хэлж байгаа, цаашдаа ч байнга ярина. Тэр юу вэ гэвэл тэрсэлдэн, зөрчилдөн улам бүр даяарчлагдаж, хүчтэй нь цэрэг зэвсгээр биш эдийн засгийн аргаар, техник технологоор, мэдээллийн тархи угаалтаар дамжуулан жижгүүдийгээ эрхшээлдээ оруулдаг шинэ колончлолын бодлого аль хэдийн боловсрогдон хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Энэ дэлхий ертөнц дээр цөөн тоотой, агуу түүхтэй өдгөө цагийн монгол үндэстнийг шинэ цагийн хатуу сорилтонд бэлтгэх шаардлагатай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Монгол үндэсний эх оронч үзэл дээр суурилсан нийгэм, эдийн засаг, улс төрийн иж бүрдэл бүхий хөгжлийн дунд, урт хугацааны бодлого төлөвлөлттэй, үндэстнийг оюун санааны хувьд нэгтгэх төрийн үзэл сурталтай болох шаардлагатай байна. Тэгж чадахгүй бол эх хэл, өв соёл бүдэгрэнэ, эх нутаг алсрана, өвөг дээдсийн гэрээслэл алтан аргамжаа тасрана. Энэ бол үнэхээр Монгол үндэстний орших эс оршихуйг хөндсөн амин эрх ашгийн асуудал юм. Гэхдээ сайн цагийг энэ үеийнхэн бид авчрах ёстой, сайн цаг ирж байгаа гэдэгт итгэдэг.
Ш.ОЮУНЧИМЭГ
http://politics.news.mn

Sunday 24 February 2013

Г.Жаргалсайхан: Монгол Улс ЮНЕСКО-гийн 10 конвенцид нэгдэн орсон

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс (МҮК) 50 жилийн өмнө буюу 1963 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан байна. Энэ тухай ЮНЕСКО-гийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.


-ЮНЕСКО-гийн Мон­голын Үндэсний комисс бай­гуулагдаад 50 жил болж байгаа юм байна. Ярилц­лагаа энэ комисс анх яаж байгуулагдаж байсан тухайгаас эхэлвэл ямар вэ?
-Тэгье. Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны да­раа жил буюу 1962 оны арван­нэгдүгээр сарын 1-нд 108 дэх гишүүн болж ЮНЕСКО (Нэгдсэн үндэстний Боловс­рол, шинжлэх ухаан, соёлын байгууллага)-д эл­сэн орсон. Ингэснээр манай улс Боловс­рол, шинжлэх ухаан, соёл, мэдээ­лэл харилцаа холбооны салбараа дэлхийн түвшинд хөгжүүлэх, ЮНЕСКО-гийн шуга­маар олон улсын хамтын нийгэм­лэгийн тус­ламж дэмжлэг авах, хамтран ажиллах боломж бүрдсэн юм.
ЮНЕСКО-гийн Дүрмийн VII зүйлийн дагуу ЮНЕСКО-гийн МҮК-ыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 77 дугаар тогтоолоор Гадаад Явдлын яамны дэргэд байгуулж, Үндэсний комис­сыг гэгээрэл, нийгэм ба байгалийн шинжлэх ухаан, соёлын гэсэн гурван салбартай байхаар тогтоож, комиссын даргад Соёлын яамны коллегийн гишүүн Э.Оюун, ор­логч даргад Дээд ба тусгай мэргэжлийн дунд боловсролын хорооны орлогч дарга З.Энэбиш, нарийн бичгийн даргад ГЯЯ-ны ажилтан П.Цэрэнцоодол, ги­шүүдэд Гэгээрлийн яамны орлогч сайд Мэндсайхан, Багшийн дээд сургуулийн захирал Балдан, дэд эрдэм­тэн Ш.Цэгмид, Ш.Бира, Ж.Жамсран, Соёлын яамны соёл, гэгээ­рэл эрхэлсэн орлогч сайд, зураач Г.Одон, зохиолч Л.Түдэв нарыг баталж байсан байна. МҮК-ын хариуцлагатай нарийн бичгийн дар­гын нэг орон тоог ГЯЯ-ны Олон улсын байгууллагын хэлтэст бий болгож, ЮНЕСКО-гийн асуу­дал эрхлэн 1990 он хүртэл гүйцэтгэжээ.

-ЮНЕСКО-гийн Мон­голын үндэс­­­­­ний комиссын гол чиг үү­рэг?
-ЮНЕСКО-гийн МҮК-ын дүрэмд тус комисс нь «ЮНЕСКО-гийн үйл ажил­лагаанд Монгол Улсын идэвх­тэй оролцоог хангаж, бо­­ловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн сал­­барт ЮНЕСКО, түүний бү­сийн төвүүд, үндэсний бай­гууллагатай идэвхтэй хам­тын ажиллагааг зохи­цуулж, Монгол орны түүх, соёлын өв, дурсгалт зүйл, байгалийн өвөрмөц тогтоц, үнэт ховор баялаг, нөөцийг хайр­лан арвижуулах, нөхөн сэргээх талаар ЮНЕСКО, түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах чиглэлийг удирдлага болгоно.
Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, уламжлалт соёл, боловсрол, шинжлэх ухааны талаар гадаад ер­төнцөд таниулах, эдгээр сал­­барын хөгжлийг хүн тө­­рөлхтний нийтлэг ололт амжилт, өөрийн ор­ны өвөр­мөц онцлогийг хар­гал­­зан урагшлуулахад ЮНЕСКО, түү­ний тогтолцоог ашиг­лахыг чухал­чилна» гэж ко­мис­сын чиг үүргийг тодор­хойлсон.
Товчхондоо бол Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг боловсрол, шинж­лэх ухаан, байгаль ор­чин, соёл, мэдээлэл, ха­рил­цаа холбооны салбар дахь тэргүүлэх чиглэлүүд, тулгамдсан асуудлыг зохи­цуулахаас гадна ЮНЕСКО-гийн үзэл санааг дэлгэрүүлэх, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Зас­гийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд тус­гах гэж хэлж болно.

-Комиссын дүрмээс ха­рахад үйл ажиллагаа нь өргөн хүрээг хамрах юм байна, үүнийг яаж хэ­рэг­жүүлж ирэв, хүн хүчний хувьд?
-Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа, ха­рилцаа жилээс жилд өр­гөжсөөр ирсэн. Манай улсын төсөв санхүүгийн хүндрэлтэй байсан 1990-ээд оны эхэн үед ч ЮНЕСКО-той хамтран ажиллахад анхаарч, Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 18 дугаар тогтоолоор Комиссын бүрэлдэхүүнийг баталж дөрвөн хүний орон тоо бүхий ажлын алба байгуулан, зардлыг нь ЮНЕСКО-гийн төсөл, хө­төл­бөрийг хэрэгжүүлэн бие даан ажиллах замаар санхүү­жүүлж эхэлсэн бай­даг. Үүний дараа Засгийн газрын 1996 оны 238 дугаар тогтоолоор тус Комисс нь Боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд багтаж 2011 оноос улсын төсвөөс санхүүждэг болсон байна. 

Засгийн газрын 2012 оны 172 дугаар тогтоолоор ЮНЕСКО-гийн МҮК-ын дү­рэмд өөрчлөлт оруулж тус комисс Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хам­руу­лахаар, орон тооны бус 18 гишүүнтэй боллоо. Өнөө­гийн байдлаар манай ко­миссын ажлын алба нь нийт 11 хүнтэй ажил үүргээ гүйцэтгэж байна.

-ЮНЕСКО-гийн үйл ажил­­лагаанд хамрах кон­венц хэд байдаг, Монгол Улсын нэгдэн орсон конвен­цуудын тухайд?
-ЮНЕСКО-гийн гуч гаруй Конвенци байдаг, эдгээрийн 10-т нь Монгол Улс нэгдэж орсон. Хамгийн анх Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын өвийг хамгаалах тухай Гаагийн Конвенц болон Боловсролын салбарт ялгаварлан гадуурхахтай тэмцэх Парисын Конвенцид 1964 онд нэгдэн орж байсан бол хамгийн сүүлд Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг Конвенци болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцид 2007 онд нэгдэн орсон. Манай нэгдэн орсон Конвенциудын тав нь соёл, гурав нь боловсрол, нэг нь спорттой холбоотой.
Түүнээс гадна Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд 1969 оноос ЮНЕСКО-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүргийг хавс­ран гүйцэтгэх болсон нь ЮНЕСКО-гийн конвенцуудад нэгдэн орох, ЮНЕСКО-той хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэнийг тэмдэглэх нь зүйтэй юм.

-Конвенцуудад нэгдэн орсоны үр дүн нь юу вэ?
-Манай улс Дэлхийн өвийн Конвенци болон Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсноор манай улс байгаль, соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлж, дэлхийд сурталчлах боломж нээгдсэн юм.
Дэлхийн өвийн Конвенци буюу бүтэн нэрээрээ Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны Конвенцид манай улс 1990 онд нэгдэн орсноос хойш Увс нуурын хотгор, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн ну­рууны хадны зургийн цог­цолборыг Дэлхийн өвд бүрт­гүүлээд байна. Дэлхийн өвийн Конвенцид үл хөдлөх соё­лын өвийг хамруулдаг.
Харин Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенцид биет бус буюу хэлбэргүй соёлын өвийг хамруулна. Энэ Кон­венцид манай улс 2005 онд нэгдэн орсноос хойш тус Конвенцийн Яаралтай хамгаалах болон Төлөөллийн жагсаалтад монгол тууль, бий биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, морин хуурын уламжлалт урлаг, монгол наадам, хөөмий, бүр­­гэдийн ан, монгол лим­­бэчдийн уртын дуу хөг­жим­дөх уламжлалт арга ба­рил-битүү амьсгаа зэрэг есөн өвөө бүртгүүлээд байна.

-Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд төлөөллийн жагсаалтад хэчнээн өв бүртгэгдсэн байдаг вэ?
-2012 оны байдлаар энэ конвен­цийн Яаралтай хамгаалах болон Төлөөллийн жагсаалтад нийтдээ 298 өв дэлхийн хэмжээнд бүртгэг­дээд байгаатай харьцуулахад өн­дөр үзүүлэлт юм. Мөн манай улс ЮНЕСКО-гийн Дэлхийн дур­самж хөтөлбөрт оролцон “Лу. Алтан товч”, “Монгол Шунхан Дан­жуур”-ыг Дэлхийн баримтат өвийн бүртгэлд оруулсан.
Ер нь аливаа Конвенцид нэгдэн орно гэдэг маань олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн үг. Жишээ нь, соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлснээр хүн төрөлхтний нэрийн өмнөөс хадгалж хамгаалах үүрэг хариуцлагыг хүлээж байгаа юм. Тэр утгаараа ч дэлхий нийтийн жишигт хөгжих баталгаатай болж, тусламж дэмжлэг авах бололцоо нээгдэж байгаа хэрэг.
Нөгөөтэйгүүр, Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмч­лөх эрхийг шилжүүлэхийг хориг­лох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай 1970 оны Конвен­цид манай улс 1991 онд нэгдэн орсон нь өнгөрсөн жил дуулиан болж дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан “Тиранозаурс Ба­таар” үлэг гүрвэлийн олд­ворыг буцаан авах боломж бүрдүүлж байгаа юм. Энэхүү Конвенцид нэгдсэн улс ор­нууд хууль бусаар хил нэвт­рүүлэн нутаг дэвсгэрт нь оруулсан өөр улсын соёлын өвийг уугуул нутагт нь буцаахад бүхий л бололцоог хангах үүрэг хүлээсэн байдаг. Тэр утгаараа ч тус конвенцийн гишүүн улс - АНУ-ын холбогдох яам, байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-ЮНЕСКО-гийн тус­ламж, дэмж­лэг­­­тэйгээр Мон­голд хэрэг­жүүлсэн төсөл, үр дүн?
-Монголд ЮНЕСКО-гийн тус­ламж, дэмжлэгтэйгээр х­э­­рэг­жүүлсэн хэдэн ар­ван төслийг санаачлах, боловс­руулахаас эх­лээд тэдгээр төс­­лүүдийг ЮНЕСКО-д санал тавьж батлуулах, хэ­рэг­­жүүлэх бүхий л үе ша­туудад манай комисс идэвх санаачилгатай ажил­лаж ирсэн бөгөөд эдгээ­рээс Политехникийн дээд сур­гуулийг байгуулж тоног­лох, МУИС-ийн зарим тэнхим, лабораторийг то­ног­­лох, Багшийн дээд сур­гуулийн сур­галт-эр­дэм шинжилгээний баа­зыг бэх­жүүлэх, эртний уран ба­рилгын нэг болох Амар­­баясгалант хийдийг сэр­гээх зэрэг төслийг нэрлэж болно.
Мөн Монгол Улсын бо­ловсрол, шинжлэх ухаан, соёлын мастер төлөвлөгөө бо­ловсруулахад идэвх­тэй хамтран ажиллаж байна. Өнөөд­­рийн байдлаар Монгол туу­лийг хадгалж хамгаалах, мөн соё­лын үйлдвэрлэл, статистикийг хөгжүүлэхэд анхаарч төсөл хөтөл­бөр хэ­рэг­­жүүлэхээр боллоо. Цаа­шид ЮНЕСКО-той хамтарч нийгэм хүмүүнлэгийн шинж­­лэх ухааны салбарт ту­­хайлбал, хүний эрх, ард­­чилал, хүйсийн тэгш байд­лын, бэл­гийн боловсрол, хар тамхины эсрэг хамтарч ажил­лахаар төлөвлөж байна.
Товчхондоо бол ЮНЕСКО манай улсад эр­дэм боловсролыг тэгш хүр­тээмжтэй түгээх, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх, үндэст­ний соёл урлаг, түүх соёлын өв, байгаль орчныг хамгаалах гэх зэрэг олон үйлсэд мон­гол­чуудтай хамтран ажиллаж үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.

-Монгол Улс ЮНЕСКО-д нэгдэн орсноос хойш ямар санаачилга гаргаж байв?
-Элссэн цагаасаа хойш манай улс ЮНЕСКО-гийн идэвх­тэй гишүүдийн нэг байсан, үүний үр дүнд ЮНЕСКО санхүүгийн бо­ди­той тусламж дэмж­лэ­гийг социализмын үед ч, өнөө цагт ч авч байгаа юм. Тухайлбал 1960 оны сүү­лээр Политехникийн дээд сургуулийг (одоогийн ШУТИС) байгуулахад ЮНЕСКО санхүүжүүлж бай­сан бол 2011 онд МҮОНРТ-ийн хоёрдугаар сувгийг ЮНЕСКО-гийн тусламж дэмж­­лэгээр нээн үйл ажил­лагаа явуулж байна.
Өнгөрсөн 50 жилийн ху­­га­цаанд манай улс ЮНЕСКО-гийн олон арван тог­­тоол зөвлөмжийн төслийг хэлэлцэн батлуулах, хурлын баримт бичигт тусгуулах зэрэг ажлыг гүйцэтгэлээ. Манай санаачилгаар НҮБ, ЮНЕСКО хоёр 1990 оныг “Бүх нийтээр бичигтэн болох олон улсын жил” болгосон бол 2003-2012 оныг “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил” болгон зарласан.

-ЮНЕСКО манай үйл ажил­лагааг хэрхэн үнэлж байв?
-ЮНЕСКО ч манай санал санаа­чилга, чармайлт, манай улсын ололт амжилтыг зүй ёсоор дэмжиж, үнэлсээр ирс­нийг ЮНЕСКО-гийн дараах шагнал гэрчилж байна. Үүнд: ЮНЕСКО-гоос Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан байгууллага, хүмүүст ол­годог Н.Крупскаягийн нэ­рэм­жит шагналыг Монгол Улсын ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд 1970 онд, ЮНЕСКО-гийн Монгол Улс дахь үйл ажиллагааг өндрөөр үнэлэн ЮНЕСКО-гийн хүндэт медалийг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд 1971 онд, ЮНЕСКО-гийн Төв Азийн түүхийг бичих олон улсын хөтөлбөрт жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ЮНЕСКО-гоос алтан медалийг Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, проф.Ш.Бирад 2005 онд, “Залуу эрдэмтэн эмэгтэйд олгодог “ЮНЕСКО-Лореал”-ийн тэтгэмжит шагналыг монгол эмэгтэй хүнд хоёр удаа тус тус олгож байв.

-Монголчууд бас өөр нэгэн үзэсгэлэнд 2008, 2010, 2012 онд шалгарч байсан гэдэг. Тэр нь яг ямар үзэсгэлэн бэ?
-Түүнчлэн ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг “Тамга” нэртэй үзэсгэлэнд манай улсаас оролцсон гар урлалын болон эсгийгээр урласан бүтээлүүд шалгарч “Гар урлалын чанарын батламжит бүтээгдэхүүн”-ний гэрчилгээг 2008, 2010, 2012 ондуудад авч байв.
ЮНЕСКО, Монгол Улсын Засгийн газраас хоёр талын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байсныг 1971 оноос хойш ЮНЕСКО-гийн таван Ерөнхий захирал манай улсад айлчилж, Монголын Засгийн газартай хамтын ажиллагааны Ха­рилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаас харж болно. Хамгийн сүүлд 2011 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова манай улсад айлчиллаа. Санамж бичгийн агуулга дэлхийн нийтийн болон манай нийгмийн хөгжил дэвшлээс хамаарч өөрчлөгдөж байгаа.
Цаашид Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа улам өргөжиж, дэлхийн нийтийн өмнө тулгарах шинэ сорилт, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хамт­ран ажиллах нь гарцаагүй. ЮНЕСКО бол эрдэм, соёл дэлгэрүүлэх төв юм. Дэвшилт хүн төрөлхтний дэвшилт үзэл санаа, эрдэм мэдлэгийг ЮНЕСКО-гоор дамжуулан эх орондоо үндэслүүлэн, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах нь бидний зорилго байсаар байх болно. 
Өглөөний сонин