Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, Их
хамба Д.ЧОЙЖАМЦТАЙ ярилцлаа.
-Удахгүй Цагаан сар болж хонин жил гарах гэж
байна. Таныхаар өнгөрч буй морин жил монголчуудад маань ямар жил болж өнгөрөв
өө?
-Цагаан сар бол билгэдлийн баяр. Тийм учраас монголчууд бид жилийн сүүлч битүүний өдрөө, бас шинийн 1-нийг ихэд эрхэмлэж амны сайхан билгэ дэмбэрэлээр үдэж, угтдаг заншилтай. Аливаа нэгэн ажлыг туурвихдаа эхлэлийг сайхан тавьж, зөв төгсгөвөл сайхан бүтдэг гэсэн эртний учир шалтгаан бас байна. Тэр үүднээс нь харвал улирч буй морин жил төр, шашны аль алинд ээлтэй сайхан байлаа. Төр, засгийн хувьд хоёр хөрштэйгөө найрсаг сайхан харилцаж, хоёр их гүрний төрийн тэргүүн нар айлчиллаа. Олон улсын тавцанд Монголын минь нэр сайнаар олонтаа гарч, олон улсын хэмжээний том хурлыг Улаанбаатарт хийх сайхан чимээ гарч байна. Энэ бүхэн бол биднийг дэлхий тоож, дэлхий ойлгож үздэг болсны нэг илрэл. Тэрнээс гадна сайхан, сайхан бүтээн байгуулалтууд энд тэндгүй явж байна. Жишээ нь, би өнгөрсөн шөнө гадаадаас ирлээ л дээ. Нисэхээс наашаа ирэхэд зам сайхан болж, зун Хүй долоон худаг явахад бас ийм сайхан өргөн замтай болсон байсан. Хөдөө орон нутагт, Өмнөговьд очиход Тавантолгой орчимд нүүрс угаах үйлдвэр, орчин үеийн тохилог сайхан хороолол сүндэрлүүлсэн байна.
Энэ жил бид гурван саяулаа болж, малын тоо толгой 51 саяас давлаа. Тариа будаагаа бүтээн сайхан хураагаад авчихлаа. Айхтар ган зуд болсонгүй. Цаашдаа чадвал бүгдийг, эс чадвал гурван сая хүнийхээ амьдралд хэрэгтэй бүхнийг эх орондоо, дотоодынхоо хүчээр хийчихдэг болчихвол мөн ч сайхан даа л гэж бодож байна.
-Цагаан сар бол билгэдлийн баяр. Тийм учраас монголчууд бид жилийн сүүлч битүүний өдрөө, бас шинийн 1-нийг ихэд эрхэмлэж амны сайхан билгэ дэмбэрэлээр үдэж, угтдаг заншилтай. Аливаа нэгэн ажлыг туурвихдаа эхлэлийг сайхан тавьж, зөв төгсгөвөл сайхан бүтдэг гэсэн эртний учир шалтгаан бас байна. Тэр үүднээс нь харвал улирч буй морин жил төр, шашны аль алинд ээлтэй сайхан байлаа. Төр, засгийн хувьд хоёр хөрштэйгөө найрсаг сайхан харилцаж, хоёр их гүрний төрийн тэргүүн нар айлчиллаа. Олон улсын тавцанд Монголын минь нэр сайнаар олонтаа гарч, олон улсын хэмжээний том хурлыг Улаанбаатарт хийх сайхан чимээ гарч байна. Энэ бүхэн бол биднийг дэлхий тоож, дэлхий ойлгож үздэг болсны нэг илрэл. Тэрнээс гадна сайхан, сайхан бүтээн байгуулалтууд энд тэндгүй явж байна. Жишээ нь, би өнгөрсөн шөнө гадаадаас ирлээ л дээ. Нисэхээс наашаа ирэхэд зам сайхан болж, зун Хүй долоон худаг явахад бас ийм сайхан өргөн замтай болсон байсан. Хөдөө орон нутагт, Өмнөговьд очиход Тавантолгой орчимд нүүрс угаах үйлдвэр, орчин үеийн тохилог сайхан хороолол сүндэрлүүлсэн байна.
Энэ жил бид гурван саяулаа болж, малын тоо толгой 51 саяас давлаа. Тариа будаагаа бүтээн сайхан хураагаад авчихлаа. Айхтар ган зуд болсонгүй. Цаашдаа чадвал бүгдийг, эс чадвал гурван сая хүнийхээ амьдралд хэрэгтэй бүхнийг эх орондоо, дотоодынхоо хүчээр хийчихдэг болчихвол мөн ч сайхан даа л гэж бодож байна.
-Шашин номын талдаа ямар бүтээн байгуулалттай, онцлогтой жил болов оо?
-Шашны хувьд сүсэгтэн олон, ард түмэндээ хандсан үйл ажиллагаа нэлээн явуулъя гэж бодсон. Тэр хэмжээндээ ажиллаж чадлаа. Жишээ нь, амьдралдаа алдсан, тэрнийхээ шийтгэлийг хүлээж шорон оронд байгаа, оноосон ялыг нь эдлээд гараад ирсэн зарим нэгэндээ дахиж алдахгүй байхад тус дэм болог гэж явж цуврал лекцүүд уншлаа. Дугуйлан, бясалгал хийдэг болж энэ ажил маань жигдэрлээ.
Бурхны шашин бол уламжлалт зан заншлыг ихэд дээдэлдэг. Тийм учраас бие биедээ эвтэй, ёс зүйтэй байх, зөв амьдрах, сэтгэлийн дотоод сэдлээ зөв удирдах талд нь яриа их хийж байна. Хамгийн сүүлд манайхан Дарханд ажиллаад ирлээ. Би өөрөө хэд хэдэн аймгаар явсан. Олон мянган багш, эмч оюутнуудад яриа хийлээ. Эмнэлэгүүдтэй хамтарч ажиллаж байна. Цагаан даваа зэрэг хогийн цэг дээр амьдарч байгаа, тэндээс амьдралаа залгуулдаг хэсэгтэйгээ тогтмол уулзаж яриа таниулга хийдэг боллоо. Тэдэнд зөвхөн өглөг өгөх төдийгөөр биш, ирээдүйн амьдралд нь гэрэл гэгээ байгааг мэдрүүлэх, ойлгуулахын тулд оюун ухаанд нь нэмэр болж байна. Өмнө эхлүүлсэн 120 хүүхдийн цэцэрлэг, Асрамжийн газрынхаа ажлыг жигдлэх гээд хэрэндээ зүтгэж байна. Лам хүүхэд гэхээрээ л дан бурхны ном үзээд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлээс хоцорч болохгүй. Эрдэнэзууд 10жилийн сургалттай сургууль байгууллаа, улсынхаа хөрөнгөөр.
-Бас эндээ шинэ хийд барьж байгаа юм байна.
-Монголын бурхан шашинтны төв гэдэг утгаараа Гандан хийд маань Монголын нийт лам нарынхаа цогчин дуганыг барьж байна. Төр засаг ч дэмжиж тусалж байгаа.
-Хэзээ ашиглалтад орох уу?
-Хоёр жилийн дараа л болов уу. Ямарч гэсэн ирэх жилдээ багтаад гадна талыг нь дуусгана. Дотор талдаа их ажилтай. Дараа нь бурхан шүтээнээ зална гээд цаг хугацаа шаардсан нөр их ажил бий дээ, хө. Хажуугаар нь бид Энэтхэгт бурхан багшийн гэгээрсэн газарт гурван давхар сүм барьж дуусгалаа. Одоо дотор талыг нь янзлах цэгцлэх, засч тохинуулах, бурхан шүтээнээ залах ажил ид явж байна. Гурван сайхан бизнесмэн тусалж дэмжиж байгаа. Энэ ондоо багтаад нээлтээ хийчих санаатай байна. Бас Балбад бурхны шашинтай бүх улс сүм хийд байгуулж харилцан туршлага судалдаг. Тэнд нэг сүмийн барилга эхлүүлэх санаатай байна.
-2015 оны улсын төсөв хэлэлцэж байх үеэр Ганданд мөнгө өглөө, хэрэггүй хөрөнгө оруулалт гэх үг их гарсан, та сонссон биз дээ?
– Ойлголтын зөрүү л байсан юм болов уу даа. Лам нар бол Монголын ард түмний л нэг хэсэг. Тэд бусадтай адилхан л эрх эдлэх учиртай. Үндсэн хуулийн агуулгаар яривал амьд явах, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй. Нөгөө талаас энэ дуганыг ганц Ганданд юмуу, одоо энд байгаа хэдэн лам нарт зориулж барьж өгөх гээд байгаа юм биш шүү дээ. Энэ бол нийт иргэдийнхээ шүтэх эрх чөлөөг дэмжсэн хөрөнгө оруулалт, мөн бүх сүм хийд, ном судар бурхан шүтээнийг нь устгаж, чадалтай лам нарыг нь хороож боловсон хүчингүй болгосон хэлмэгдлийн үеийн гэмээ бас бодож үзсэн шийдвэр байх. Нөгөө талаас ард түмнийхээ амь настайгаа дүйцүүлэн хадгалж хамгаалж ирсэн бурхан шүтээнийг орчин цагийн байр савтай болгож байгаа хэрэг юм. Алдаж асгачихгүй юмсан гэж зүтгэж ирсэн энэ үнэт зүйлсийг хамгаалах байр савтай болгочихвол ард түмэн, гадна дотнынхонд үзүүлж харуулах хэрэгтэй. Шинэ дугандаа музей байгуулах санаатай. Энэ мэт шалтгааныг бодолцоод засаг төр маань нэг сайхан дуган барьж өгч байгаа юм. Тэр нь энэ л дээ /цонх руугаа харж гадаахийг заав/
-Үүнээс гадна монголчуудын олонхи нь шүтдэг шашныг төрөөс бодлогооор дэмжих хэрэгтэй биз дээ. Сүүлд орж ирсэн нь илүү сайхан байшин барилгатай л байх юм?
-Ерөнхийдөө жаахан бодолтой ярих ёстой юм. Бурхны шашин бол Монголд хэдэн зууны турш байж, ард түмний амьдрал хэвшилд шингэсэн шашин. Гэтэл шинээр орж ирж байгаанууд нь хамгийн сайхан байршилтай газарт жигтэйхэн том том байшин барьчихсан юм. Зөвшөөрлийг нь төр засаг л өгч байгаа. Гэтэл өөрийнх нь уламжлалт шашны төв аль XYII зууны үед барьсан, шарилын сүмд 1944 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгааг сайн бодож үзэх л хэрэгтэй. Бас ажиглаад байхад бурхны шашны хийдүүдэд тохь муутай, жалгын хажууд, эрэг довон дээр газар өгөх юм. Ямар учиртай байдаг юм бол доо. Иргэдийнхээ шүтэх бишрэх эрхийг хангахад төр анхаарах ч ёстой юм. Оросын төр том байшин бариад хүлээлгээд л өгч байсан, Хятадад гэхэд хуучин сүм хийдүүдийг нь сайхан сэргээгээд өгч байна. Хэрвээ бололцоотой бол бид өөрөөсөө гаргаад барилгүй яах вэ. Даанч алга. Төрийг төлөөлсөн хэн нэгэн ирээд та бүхэн болж байна уу, яаж хүргэж байна, шинэ дуганаа өөрсдөө барьж дийлэхгүй юу гэж асуухын оронд шалга, хяна л гэх юм. Бид чинь 11, 12 төрлийн татвар төлдөг, засаг төрд орлого нь ил байдаг айл л даа. Гэтэл шүтэх эрх чөлөөг дээдэлсэн гадаадын зарим оронд шашны байгууллагаа татвараас чөлөөлдөг л юм билээ. Манайх бол татаж л яваа.
-Ганц орлого нь сүсэгтнүүдийн хандив уу?
-Гол орлого нь тэр л дээ. Дан тэрүүгээрээ амьдрахад улам л хэцүү болж байна. Бусдын сайн сайхны төлөө үйлчлэх ёстой шашны байгууллага хөдлөх болгондоо сүсэгтнүүдээсээ төлбөр хураамж нэхээд байж болохгүй. Гэхдээ л хажуугаар нь орлого олох янз бүрийн менежмент хийсний хүчинд хүргэж л байна. 800 гаруй хүн, 15-16 салбар сургууль, дацангуудаа тэжээж дөнгөх төдийнхөнтэй л явна. Шашны дунд, их сургууль, жүд дацангийн сургууль, уламжлалт анагаах ухааны болон гүн ухааны сургууль, цэцэрлэг гээд ихэнх орлого маань сургууль, сургалтын зардалд явчихдаг. Гандан л гэхээр хуучнаараа сэтгэж, шар хэрэм дотор ном уншиж суугаа хэдэн лам нар биш шүү дээ.
-Манайх өмнөх нийгмийн үед ганц намтай байсан шиг ганц шашинтай явж ирсэн. Одоо янз бүрийн урсгалууд орж ирж байна. Таны хэлж байгаагаар байшин сав, орчин нь илүү бололтой юм. Ингэлээ гээд бурхны шашныг шүтэх сүсэгтнүүдийн тоо буурч байна уу. Та бүхэн сүсэгтнүүдийнхээ тоог хадгалж үлдэх тал дээр хэр анхаардаг вэ?
-Шүтэж бишрэх эрх нь хувь хүний сонголт. Тэр сонголтыг хүндэтгэх учиртай. Ерөнхий дүн нурууг нь аваад үзэхэд уламжлалт бурхны шашнаа шүтэгчдийн тоо жилээс жилд улам л нэмэгдээд л байх шиг харагддаг юм. Гандан, хийдүүдэд ирж байгаа сүсэгтнүүдийг харахаар нас нь залуужиж байна. Хуучны, шүтлэгтэй хөгшид нь хөөрхий, цөөрч л байгаа байх. Манай улсын хүн ам ч залуужиж байна. Тэгээд тэр үү, шашингүй явна гэж байсан ойлголт эргэж буцаж байгаа нь тэр үү ямарч гэсэн бурхны шашнаа шүтэх сүсэгтнүүдийн тоо нэмэгдэх, хүндлэх, бясалгал энэ тэр хийж байгаа нь сүрхий харагддаг юм. Ер нь уламжлалт шашин бол онцгой ач холбогдолтой, бодож анхаарч үзэх л ёстой асуудал. Далай багшийн нэг яриа байдаг юм. Гэр бүлээрээ христосын шашинтай нэг хүн бурхны шашинд орж л дээ. Гэхдээ зүрх сэтгэлд нь, хамт байгаа гэр бүл нь христосын шашинтай учраас нэг л болж өгөхгүй байж. Тэгээд Далай багшид очоод “уг нь даанч сайхан номтой юм, хойд насанд минь намайг буддист болгож өгөөрэй” гэж гуйсан гэдэг юм. Тэгэхээр ямарч хүний уламжлалт шашин бол зүрх сэтгэлд нь байдаг, улсын тусгаар тогтнол, дархлаанд ч нөлөө үзүүлдэг чухал бөгөөд үнэ цэнтэй зүйл л дээ.
-Ер нь монгол хүн яагаад заавал бурхны шашин шүтэх ёстой вэ, энд ямар нэгэн учир шалтгаан гэж байна уу?
-Би хэлдэг юм. Шашин ном дэлгэрнэ гэдэг нэг талаас тухайн ард түмний сонголт, нөгөө талаас улс орны түүхийн явц байдаг гэж. Манай монголчууд дайчин омголон, сэргэлэн, чадвар сайтай ард түмэн. Хүннүгийн үеэс л тийм байсан. Тэр үеэс эхлээд их бага хаад гээд тоолбол ардын засаг дэлгэрэх хүртэлх түүхийн бүх үеийг харахад бөөтэй явсан жаахан, жаахан зурвас үе байсан ч гэлээ нийгмийн сүрхий сүрхий үедээ дандаа л бурхны шашныг авч явсан байдаг юм. Тийм л түүх харагддаг. Бид гурван үеийн дэлгэрэлт гэж ярьдаг л даа. Тэдгээрийн аль ч үед бурхны шашныг аваагүй төр гэж байгаагүй, манайд . Энэ талаас нь харвал түүхийн явцаар буцаж дэлгэрэх нийгмийн захиалга байгаа юм болов уу даа гэж харагддаг.
-Бөө, бурхны шашин хоёр яаж харилцаж явах ёстой вэ?
– Бөөгийн олон сайн сайхан зан үйл бурхны шашинд ч бий. Уул овоогоо тахидаг, гал усандаа бузар оруулдаггүй зэргээр адил зүйлүүд олонтой. Шашны зарим ийм зан үйл нь ард түмний дунд ариун ёс болоод үлдсэн. Тийм учраас бөө, бурхны шашин хоёр бие биеэ үгүйсгэдэггүй . Үгүйсгэдэггүй учраас сүүлдээ, бурхны шашинтай цагийн зүгийн бөө гэдэг нь олон болсон л доо.
-Цагаан зүгийн бөө гэдэг нь ямар хүмүүс вэ?
-Бурхны шашнаа шүтдэг, тэгээд хааяа онгодоо буухаар бөөлдөг улс л даа. Гэхдээ их цөөхөн, нэг нутаг хошуунд ганц хоёр, түүнээс олон байгаагүй л гэдэг.
-Гэтэл манайд хэдэн жилийн өмнөөс эхлээд их олон бөө төрлөө. Бараг айл болгонд байна гэх юм. Үнэхээр онгод нь ороод байна уу, нийгмийн хандлага уу, эсвэл бөөг бизнес болгочихов уу?
-Үнэнийг хэлэхэд нийгмийн үзэгдэл талдаа шүү. Бөөгийн онгод дээр үеэсээ тэгж хүн болгонд, айл бүрт ирээд, төрөөд байдаггүй л байсан. Ер нь ямар ч хүнд, юу ч оршиж болно. Тэгэхдээ оршсон болгон, оршсон төдийд бөө болчихлоо гэж үзэхэд хэцүү л дээ. Тэгэхээр ингэж хэтэрхий туйлшрах нь бөөд өөрт нь халтай. Ард түмэн ухаантай учраас шүүгээд аль нь жинхэнэ бөө, аль нь хуурамч бөөг ялгаад ирнэ. Тэр цагт бөөгийн нэр хүнд нийтээрээ унана.
-Зарим нь бөө болох гэж, зарим нь бөөгөөр аргалуулах гэж байна гээд их л мөнгө төгрөг зарцуулдаг тухай дуулдах юм. Бөө болоход үнэхээр тийм их мөнгө төгрөг хэрэгтэй байдаг юм уу?
-Харин аман яриа, зарим хэвлэлээс харвал хамаг мөнгө цаасаа барсан, унаа тэргээ зарж бөө болж байна л гэх юм. Хэрвээ үнэн бол энэ буруу. Ямарч шашин мөнгө цаас хөөж дэлгэрдэггүй юм. Бөөг шашин биш, мөргөл гэдэг дээ. Тэгэхдээ л манай улсад арай ч ингэж санхүүгийн утга хөөж дэлгэрээгүй байх аа. Байгаагүй л болов уу. Бөө нар маань энэ талын юмаа өөрсдөө бодож үзүүштэй л юм.
-Христийн шашин хүмүүсийг хооллодог, сургалт хийж архи дарснаас гаргадаг. Гэтэл манай шашин болохоор зөвхөн ном уншиж хурал хурахаас хэтрэхгүй байна гэх хүмүүс байдаг. Сая төсвийн үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс ч ийм яриа гарсан.
-Шашнуудын ялгаа л даа. Бидний номлолоо болгодог Бодь мөрийн зэрэгт “өөрийнхөө хийж байгаа ажлыг мундаг гэж шашиндаа хүн татаж болохгүй” гэж сургасан байдаг юм. Би ийм ядуу хүнд ингэж тусаллаа гэж гайхуулах маягаар бусдыг шашиндаа татаж болохгүй гэсэн номтой юм. Тэр зарчмаараа, ер нь юу ч хийсэн бурхны шашин бол хамгийн бага сурталчилгаатай нь. Хаана ч тийм байдаг. Бид ч тэр зарчмаа барьдаг.
Хоёрдугаарт, мэдэхгүйгээр биднийг хамаагүй тэгж хэлж болохгүй л дээ. Ер нь сүүлийн үед ганц УИХ-ын гишүүд ч биш, монголчууд бид өөрөө цээжиндээ бодсондоо итгэчихээд, тэрийгээ үнэн мэт яриад байдаг болж. Гэтэл хүн төрөлхтөн л юм чинь амьдралын янз бүрийн өнгө дотор хүн бүр өөр өөрийнхөө ажлыг хэр хэмжээндээ хийгээд амьдарч байгаа. Тэр болгоныг өөрийнхөө бодсоноор жишээд, эсвэл өөрийнхөө амьдралаар бодоод “тэр тэгсэн л байх, тийм л байх” гэж тааж яриад байвал тэс зөрүү дүр зураг гарна. Жишээ нь, нийгмийн нэг хэсгээсээ тасраад баян тарган болоод тэнд бараг тусгаарлагдан амьдарч байгаа улсууд, энд үхрийн зүрх хувааж аваад өл залгуулан амь зууж байгаа хэсгээ яаж бүрэн ойлгохов дээ. Гэтэл энэ хоёрт идэж хэрэглэж, өмсч зүүж байгаа нь, сууж байгаа орон байр нь л хэтэрхий ялгаатай болохоос махан бие, бурхны өмнөх заяа төөрөг нь адилхан шүү дээ. Үүн шиг Гандан хийдээр ганц орж гарч бидний юу хийдгийг огт мэдээгүй байж мэддэг юм шиг тэгж хэлэх нь буруу л гэж боддог. Бид ч гэсэн УИХ-ын гишүүдээ юу ч хийдэггүй, хөгжилтэй орнуудын парламент шиг ажиллахгүй байна, ард түмнээ сайхан амьдруулахгүй байна гээд л яривал эцэс төгсгөлгүй л маргаан болно шүү дээ. Үүний оронд өөр өөрийнхөө хэмжээнд хийх ёстойгоо хийгээд хэр хэмжээнд ажиллаж байгаагаа харилцан ойлгож эв түнжинтэй явах нь хамгийн чухал юм. Ер нь лам нарт талархаж ирдэг хүн их олон л доо. Бясалгал сургалт, сүсэгтний холбоо, гүрэм дором, архины хор гэмийг ойлгуулж архинаас гаргалаа, сайн сайханд хүргэлээ гэх зэргээр ирдэг хүн маш олон шүү дээ.
-Уншуулсан номын хүч гэж байна биз дээ?
-Байлгүй яах вэ. Итгэл, бишрэл байгаа л бол номын хүч ямагт байдаг.
-Хүн буруу үйлдэл, хулгай хийчихээд түүнийгээ лам нараар ном уншуулж засуулна гэх юм . Тийм үйлдэлд номын хүч үйлчлэх үү?
-Буруу зүйл хийсэн хүн сүм хийдэд ирж тэрийгээ наминчилж яагаад болохгүй гэж. Би ийм нэг буруу юм хийчихлээ, яадаг билээ, энэ нь гэр бүл, найз нөхдөд минь муугаар тусахгүй байгаа даа гэж гэмээ наминчилж яваа хүнийг өөрийнхөө хэргийг дарах гэж, цайруулахаар явна гэж буруу ойлгож болохгүй. Буруу үйлээ зөв болгох гэж биш, буруу хийсэн алдаагаа наминчилж яваа юм. Тэгж наминчилж явна гэдэг бол тэр хүн засарч, засрах гэж яваагийн шинж. Тэр хүний дотоод сэтгэл, итгэл үнэмшилд тогтож байгаа зөв хандлагыг харин замын дундаас гуйвуулбал гуйвуулсан хүнд л муу. Цаад хүнийх нь нүгэл ч ирж болно. Түүнээс бус, лам мөнгийг нь аваад л “би ийм ном уншаад хэргийг чинь цайруулаад өгье” гэдэг юм байхгүй шүү дээ.
-Саяхан нэгэн занданшуулсан шарил олдож монголчуудыг битгий хэл, дэлхийд шуугиан тарилаа. Энэ ямар учиртай эд вэ, та мэдэж байсан уу?
-Зүгээр ердийн махан бие бол хэдхэн хоноод л өмхийрчихнө. Саяын олдсон шиг шарилыг дотроо сүнстэй, сүнс нь бясалгалд байгаа гэж үздэг. Шашиндаа бол энгийндүү маягийн, шашинтай газруудад байдаг зүйл. Манайд бол нэлээн хэд гарч ирэх байх гэж би боддог юм. Ардын засаг гарч, түрүүчийн нийгэмд шашин соёлыг устгаж байгаа тэр үед чадалтай, чадалтай лам нар өнгөрөхдөө бясалгалд суугаад “энэ нийгэм 70, 80-аад жил болоод өөрчлөгдөх юмаа, шашин соёл ахин дэлгэрсэн цагт намайг тэгж гаргаарай, ингэж гаргаарай” гэсэн лүндэн байдаг. Тэрний нэг нь Буриадаас гарсан Итгэлт хамба л даа. Тэр бол 75 жилийн дараа гаргаарай гэсэн байгаа юм. Намайг 19-хөн настай лам болж байх үед Гандангийн өвгөд итгэлтэй улсууддаа нууцаар хэлдэг байсан. Гандангийн шар хэрэмний зүүн хойд тал руу нэг тийм юм бий шүү, шороо овоолчихсон мэт жаахан овгордуу газар бий, дээгүүр нь битгий гишгэж байгаарай, дор нь бясалгалын хүн байдаг юмаа гэж хэлдэг байсан. Манай Цэвээндорж энийг бас мэдэж байна лээ. Багш нь айлдаж байсан юм гэнэ. Тэгээд бид нар гишгэдэггүй байсан. Сүүлд хараад байхнээ тэр багцаанд л зам тавьчихсан шиг харагддаг юм.
-Саяын шарил тэдний нэг нь үү?
-Эхлээд хоёр гурван янзын таамаг байсан л даа. Сураг нь анх гарахад “тэр биш байгаа даа, бурхан минь” гэж би дотроо бодож сүсэглэж байсан. Бясалгалаар өөрийгөө ингэж авч үлддэг, бас занданшуулдаг нь тодорхой ёс заншилтай байсан. Жишээ нь, муу юм дэлгэрээд байсан газарт тэр мууг нь хааж ихэс дээдсийн шарилыг залдаг ёс байсан. Тэгж залснаас хойш тэр хавьд байгалийн болоод цаг бусын гамшгууд амирлаж байсан талтай газрууд байдаг юм. Орон нутгийн улсууд энийг илүү сайн мэдэрдэг л дээ. Тэрний нэг юм болов уу даа гэж бодож байсан, тэр шиг л байна лээ. Нутгийн улсууд, хянаж шалгадаг хүмүүс очсон, бид ч өөрсдийн шугамаар нягталж үзсэн л дээ. Одоо буцаагаад сайхан залах хэрэгтэй гэж бодож байгаа. Чөлөөтэй сайхан цаг учраас засаг төр ч анхаараад, нэгэнт дэлхий дахинд мэдээлэгдэж, BBC-гээр хүртэл мэдээ нь гарчихсан болохоор буцаагаад нэг хайрцаг саванд нуух биш, Буриадын Итгэлт хамба шиг дуган, шилэн хоргонд залаад, эргэж мөргөдөг улс нь очдог, гадна дотнын улсууд ирж хардаг тийм болоосой л гэж залбирч сууна.
-Яг тэр хүнийх, ийм хүнийх гэж нарийн тогтоосон уу. Пүрэвбат лам нэг хүний нэр хэлсэн байна лээ?
-Байгаа, байгаа. Энэ талаар ажиллаач гэж Пүрэвбат ламд би айлдсан юм. Өөрөө бурхны зураг урлалд сайн, энэ талаар мэргэшсэн хүн шүү дээ. Пүрэвбат ламын хэлж ярьж байгаа нэр ус мөн л дөө.
-Та сүүлийн үед их олон газраар явж лекц уншдаг болжээ. Дан ганц шашнаа яриад явахгүй биз дээ?
-Бурхны шашнаа одоо хоёр хувааж болмоор байгаа юм. Нэг нь цэвэр сүсэг бишрэл ярьдаг. Нөгөөх нь амьдралын учир шалтгаан ярьдаг. Манай шашны номуудад дандаа л амьдралын өчнөөн мянган сургаалиуд байгаа юм ш дээ. Тэрэн дээрээ суурилаад бид хот хөдөөгүй их явж яриа таниулга хийж байгаа. Энд шашнаасаа илүүтэй уламжлалт зан заншил, соёл, түүнийгээ яаж хадгалах, бие биетэйгээ яаж эвтэй түнжинтэй байх тухай л ярьдаг юм. Хэрвээ чадал, жаахан бяд суугаад ирвэл Монголын ард түмийнхээ оюун санаа, зүрх сэтгэл рүү хандсан энэ ажлаа бид нэлээд томоор, өргөн далайцтай хийхийг бодож байгаа даа.
-Голдуу юу гэж сургах вэ?
-Монгол Улс маань, ер нь бид боловсролын тал дээр бол болж байнаа. Хүндээ эдийн засагч, химич физикч, нярав нягтлан гээд мэргэжлийн боловсрол олгож чадаж байна. Тэдгээр хүмүүс нь мэргэжлээрээ ажиллаад улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж л байна. Билгийн тал буюу эрхтнээр бол тархийг бол бид хөгжүүлж чадаад байдаг. Харин аргын тал буюу зүрхийг хөгжүүлж чадахгүй, тас орхиод явна. Энэ буруу. Энэ нь юу юм гэхээр эв нэгдэл, хайр энэрэл, нигүүлсэл, асрал, өршөөж уучилж чаддаг уужуу ухаан юм. Энэ бүхэн орхигдсон учраас хэчнээн мундаг боловсролтой ч, хүнийг хайрлах нинжин сэтгэлгүй, хүнийг уучилж чаддаг өгөөмөр сэтгэл байхгүйгээсээ болоод ганцхан хувиа бодсон л хүн болж төлөвшиж байна. Энэ нь явсаар улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлж ч болзошгүй. Жишээ нь, хувь хүн хэрэгцээнээсээ хэдэн мянга дахин баяжаад ганц л насанд амьдарна. Сайн л бол 85, 90, бүр сайн бол 100 л хүрнэ. Энэ хооронд, зуухан наслахын төлөө, хэрэгцээнээсээ давсан хэдэн мянган жилийн юм хуримтлуулахын тулд өөртэйгөө л адилхан ирсэн махан биетэй бусдыгаа хөнөөж, амьдралыг нь хорлож хохироож явах нь эцсийн бүлэгтээ ердөө л уйтгар гуниг. Үхэхийн цагт өөрийнхөө энэ насыг хойд настайгаа хамт баллачихаж байгаа хэрэг юм. Гэтэл хөгжсөн улс орнуудад тэр олж цуглуулсан юмаараа үйлдвэр завод байгуулж, тэрийгээ дэлхийн хэмжээнд гаргаж олон мянган хүнийг ажлын байраар хангаж цалин пүнлүү өгч, өгөөж нь улсын хэмжээнд гарч байдаг. Өнөөдөр Монголд төсвийн хөрөнгөөр 200-300 мянган хүнийг л тэжээж байгаа биз дээ. Бусад үлдсэнийг нь нээлттэй нийгэмд бол хувийн хэвшил л хийх ёстой. Хувийн хэвшилд ажиллаж, бусдыгаа тэжээж байгаа тэр ухаалаг, тэнхээлэг хүмүүст талархахын дээдээр талархахаас өөр аргагүй. Харин улсынхаа өмчийг бултуулж авчихаад, эсвэл бусдын хөдөлмөрт нь дүйцэх цалин өгөхгүй үргэлж шулж хөлжөөд явбал энэн шиг гутамшиг байхгүй. Тэр гутамшиг нь энэ насаа ч, хойд насаа ч хорлосноор илэрнэ. Энэ бүхэн нь нигүүсэл, хайр, энэрэл, өршөөл уучлал, бусаддаа тусалдаг, ядуу зүдүүгээ дээшээ татдаг, сайхан амьдралтай болгохын төлөө зүтгэдэг, бусадтайгаа хамт урагшаа явахыг боддоггүйгээс л болж байгаа юм. Тийм учраас бид аргын тал руу нь, хүний зүрхийг хөгжүүлэх тал руу их ярьдаг, ярих ч ёстой юм.
-Манай өнөөгийн нийгэм тухайлбал, мөнгийг хэт шүтэж байна уу?
-Хүн төрөлхтний зохиосон олон юмны нэг нь мөнгө л дөө. Арилжааны л хэрэгсэл. Ажил хөдөлмөр, наймаа худалдааны үр дүнг илэрхийлсэн санхүүгийн үнэлгээ юм даа. Хүн амьдрахад, идэж хэрэглэх, орон байр, унаа машин гээд харвал мөнгө бол яахын аргагүй хэрэгтэй зүйл. Харин мөнгийг биежүүлж бодох хэрэггүй. Мөнгийг хайр энэрэлээс дээгүүрт тавих, өршөөл уучлалаас илүүд үзэхээр л утгагүй болж байгаа юм. Хүн төрөлхтөн өөрөө энэ бүтээлийнхээ боол болж болохгүй л гэсэн үг. Мөнгөтэй хүн харин ч илүү ухаантай байх ёстой. Хэрвээ ухаангүй, сэтгэлгүй, энэрэлгүй мөнгөтэй хүнтэй учирвал юуных нь хайр, амьдрал байх билээ. Сайхан эдлэл хэрэглэл, сайхан унаа тэрэгтэй л хүн байгаа биз. Гэтэл цаад хүн нь ухаангүй, сэтгэлгүй, энэрэлгүй бол хаана ч гэсэн мөнгөөрөө дээрлэхсэн, ямарч жаргалгүй нэгэн болгоно. Тэгэхээр мөнгөтэй, мөнгөгүй хүний алинд ч сэтгэл, зүрх, ухаан нь илүү байх ёстой.
-Мэдээж, зүрх сэтгэл, ухаан илүү байх учиртай. Хэдий тийм ч бодит байдал дээр харвал мөнгийг хэт үгүйсгэж бас болохгүй тийм нийгэмд бид амьдарч байна шүү дээ?
-Одоо цагт, эдийн засгийн ийм нийгэмд мөнгөгүй амьдарна гэдэг бүтэмжгүй л дээ. Өөрийнхөө урт нас, аюул авааргүй, барцадгүй сайхан, амар тайван амьдарлаа бодвол өөрийнхөө хэмжээнд таарсан мөнгө цаастай байх нь эрхэм зорилго бөгөөд жаргал. Түүнээс бус, амар тайван амьдарна гээд л зүгээр суугаад ялхайгаад байвал удахгүй л өвчний үүр болно. Зүгээр сууж байгаад жаргалтай амьдарна гэж байхгүй. Хүн төрөлхтөн, сүнстэй болгоны хөдлөх хөдөлгөөн бүр л сайн сайхан амьдралын төлөө байдаг. Өөрийнхөө хэм хэмжээнд амьдрах л сайхан. Харин илүү шунаж, түүнийхээ төлөө бусдыг хайрлахгүй энэрэхгүй, хүнд муу санаж өөртөө дайсан дуудаж, өршөөж уучилж чадахгүй явна гэдэг бол өөрийнхөө амьдралыг л баллаж байгаа хэрэг юм. Мөнгө шүтсэн нийгэм байлаа, байлаа гэхэд тэнд хайр энэрэл, уучлал, эв нэгдэл нь илүү үнэ цэнтэй байдаг. Тэгж чадсан нийгмийн хүн ард нь жаргалтай байдаг. Бид олон оронд явж байгаа. Хөгжилгүй юмшиг мөртлөө жигтэйхэн жаргалтай Бутан зэрэг улс байна ш дээ. Тэнд уламжлалт шашин нь байна, хайр энэрэл, өршөөл уучлал, сэтгэл нь байна, эв нэгдэл нь байна. Уг нь хөгжил дэвшил, зүрх сэтгэлтэй нийгмийн хослуулж бүтээх нь чухал юм даа . Үндсэн хууль хүртэл “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэж эхэлдэг шүү дээ.
-Мөнгөтэй болох, шунах хоёр өөр өөр ойлголт биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Шунана гэдэг бол өөртөө байхгүйг буруу замаар олж авах сэтгэлийг, үйлдлийг хэлж байгаа юм. Байгаадаа сэтгэл ханахгүй, илүү ихийг хүсэхийг “болио мэдэл” ч гэдэг.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Өөрийнх нь амьдрал ханамжтай, сайн сайхан байхад л ахиад юм авъя гээд байхыг хэлж байгаа юм. Хуучны үг бий л дээ. Гурван мянган ертөнц гэж. Одоогийнхоор бол галлактик юм уу даа. Хэрвээ шунал чинь улам дэврээд болио мэдэл чинь ханахгүй бол, гурван мянган ертөнцийг өгчихсөн ч цаана нь өөр ертөнц байгаадаа гэж боддог болно гэж байгаа юм. Далайн усыг уусан мэт ч гэдэг. Далайн давстай ус уучихаар ам нь цангаад хатаж үхдэг. Өөрөөр хэлбэл, шуналын сэтгэл гэдэг ийм л ханаж цаддаггүй эд л дээ. Тэгэхээр хүн хэрэгцээгээ шуналын сэдлээр биш, ухаанаараа, хайр энэрэлээр, өршөөл уучлалаар, үнэн зөв хөдөлмөрөөр зохицуулах ёстой юм.
-Таныхаар нийгмийнхээ, хөгжлийнхөө төлөө монголчууд бидний хамгийн түрүүнд ямар алдаагаа засах ёстой вэ?
-Монголчууд бидний хамгийн том алдаа бол их багагүй “дамжуулагч утас” мэт байхаа л болимоор байна. Хүний яриагүйг ярьсан болгож, ярьсныг нь давс хужир нэмж дамжуулах юм. Ингэж дамжуулагч хийдэг сул талыг нь ашиглаж өөрийнхөө санаснаар хөдөлгөдөг, дамжуулагч утас байж амьдардаг хэсэг ч байх юм. Эцсийн дүндээ энэ муу үйл л дээ.
-Хүний амьдралд зам заах гэрэл байж чадахгүй бол ядахдаа амжилтыг нь баллуурдах баллуур битгий бай гэж үг бий шүү дээ?
-Хүний оюун санаа их сонин, бас өвөрмөц. Хэчнээн цаад хүний үгийг дамжуулж байгаа ч гэсэн сонссон хүн нь дамжуулагч хүнд ямар нэгэн хэмжээгээр давхар гомддог. Нэгнээ гомдооно гэдэг муу үйл. Харин сайн мэдээг дамжуулах бол сайн үйл. Бид цаад хүнээсээ сайн мэдээ сонсч байгаа ч гэсэн түүнийг дамжуулж ирсэн хүнд давхар баярладаг. Бүр шагнадаг урамшуулдаг ёс заншилтай. Хэрвээ тэр хүн дамжуулагч баймаар байгаа л бол ядахдаа гэрэл дамжуулдаг байгаач гэмээр байна. Ярих хэлэхээ бодож сэтгэ, тэгээд хэлж ярьж бай. Ялангуяа дээд талын дарга нар. Тэгэхгүйгээр санаанд орсноо, санаатай хэлүүлсэн тэр үйлээрээ маш олон хүнийг гомдооно. Тэр гомдол эргээд өөрт нь ч, нийгэмд ч муу. Юу ч бодохгүйгээр өөрийнхөө хангалуун амьдралын дулимаг мэдлэгээр санаснаа хэлэхээр нийгмийн ядуу зүдүү хэсэгтээ асар их гомдол болж ирж байгаа юм шүү дээ. Нийгэмд олонхи хэсэг нь, ялангуяа манай лам нар бол амьдралдаа цатгалдаад байгаа юм ерөөсөө байхгүй. Харин ч үгүй ядаж л амьдарч байна. Гэхдээ чи нэг юм анзаараарай. Мөнгө өгсөнгүй, мөнгө алга гэж бухимдаад байгаа юм их ховор шүү. Биесээ гомдоосон хий улстөржилт, шударга бус байдал, бие биетэйгээ ойлголцол байхгүйд л хамгийн их бухимдаад байгаа юм, эв түнжин байхгүйд бухимдаад байгаа юм. Мэдээж, улс орныхоо, эв нэгдэл, хүн ардынхаа сайн сайхны төлөө зүтгэж байгаа нь илүү олон. Бүгдийг нь нэг саванд хийж болохгүй. Буруу юмыг хавтгайруулж хэлэхээр ажил хийж байгаа нь доромжлолд автаж гутраад, хийгээгүй нь нуугдах газартай болчихоод байгаа юм . Сайныг нь сайнаар, мууг нь муугаар нь онож дүгнэж ярих хэрэгтэй. Ингэж ярихын тулд монголчуудын ухаан нарийсах л хэрэгтэй байгаа юм. Хийдэггүй бусармаг нь нуугдах газаргүй, хийдэг нь бахархалтайгаар амьдрах тийм нийгмийг бий болгож чадвал улс орны хөгжил хурдан ирнэ дээ.
-Та бас монгол хүний онцлог, биеийн бүтэц алдагдаж байна гэж нэг хэлсэн удаатай.
-Бид асар том ертөнц дээр, биднээс хавьгүй олон хүн амтай, хамаагүй хүчирхэг эдийн засагтай улс орнуудтай мөр зэрэгцэн оршиж байна. Тийм учраас бидэнд өөрийгөө хамгаалах, Монголоороо үлдэх дархлаа заавал байх ёстой юм. Тэгэхгүй бол даяаршаад хэн нь ч, ямар үндэстэн нь ч мэдэгдэхгүй болчих вий гэх болгоомжлол байх ёстой. Тиймийн тулд бид өөрсдийнхөөөрөө, Монголоороо байж чадаж байна уу гэдгээ хааяа нэг харж байх хэрэгтэй. Өөрийнхөөрөө байна гэдэг нь бусдыгаа үгүйсгэхийн нэр биш. Бусдын хүчгүйгээр өөрийнхөөрөө амьдарна ч гэж байдаггүй .
Би ганцаараа эрх, эрх чөлөөтэй амьдрах ёстой юм шиг загнаж болдоггүй. Бусдыгаа заавал харгалзаж үзэж бодох хэрэгтэй. Гэр бүлд ч ялаагүй. Би өөрийнхөөрөө амьдарч байна гээд өдөржин унтаад, шөнө нь босч баар хэсээд байвал тэр амьдрал биш шүү дээ. Эрх, эрх чөлөөнийхөө тухай бод. Монгол хүний өөрчлөлтөө нэг хар. Иддэг хоолоо нэг ажигла, нөгөө зажилдаг тагжигар шүд маань байна уу, үгүй юү. Хувьцсаа нэг хар, хээ хэлбэрээ нэг сайн ажигла, сэтгэлгээгээ нэг хар. Ерөөсөө бие, хэл, сэтгэл гурваа сайн хар. Бие яаж өөрчлөгдөж, байна сэтгэл яаж хувьсч байна, хэл яаж байна вэ гэдгээ бод. Хэл гэхэд бид ерөөсөө “хайр” гэдэггүй байсан, ихэд эрхэм энэ үг маань солонгос кино үзээд л маргааш нь ердийн хэрэглээ боллоо ш дээ. Өдөр болгон л хайр гээд байвал тэр үг үнэ цэнгүй болно. Өгзөг гэж хэлдэггүй, бараг цээрлэдэг байсан бол америк кино үзээд л маргааш нь хэлэх жишээтэй. Тэсвэр тэвчээр байхгүй болж монгол ёс, уужуу ухаан алдагдаж байгаагаа нэг анзаарах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс цөөхүүлээ мөртлөө энэ газар нутаг дээр өдий хүртэл тэсч амьдарч чадсан нь бие, хэл, сэтгэл гурваа маш их бат бөх байлгаж чадсаных шүү дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад хонин жил гарч байна. Энэ жилийг галзууруулагч, согтууруулагч гэх юм, ямар учиртай тодотгол вэ. Ер нь хонин жил монгорлчууд бидэнд ямар өгөөжтэй байх бол?
-Би зурхайн талын яг зурхайч хүн биш л дээ. Мундаг мундаг хүмүүсийн зурхай харсан. Тэрүүгээр бол хавартаа мал сүрэгтээ жаахан анхаарал болгоомжтой баймаар юм билээ, салхи шуурганаас. Намартаа мөндөрөөс болгоомжтой байх зурхай гарсан байна лээ. Зурхай бол магадлал шүү дээ.
-Согтууруулагч гэх тодотголын тухайд?
-Согтууруулагч гэдгээс жаахан бэрхшээгээд байгаа дуулдсан. Согтууруулагч гэдэг бол ёгт нэр юм. Согтуу, галзуу хүн гэж бодит байдлыг дэвэргэсэн, хачин хачин юм, үнэнээс их ангид юм ярихыг хэлдэг. Тэгэхээр энэ ёгт нэрийн цаана амьдралдаа үнэн зөвөөр хандаа л гэж байгаа юм. Бодитой хандахгүй, хэтэрхий хийсвэрлэх юм бол олон түмний сэтгэл үймрэх талтай шүү, бодитой бай гэсэн утга энэ ёгт нэрийн цаана бий л гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд эв нэгдэлдээ анхаарч хичээх хэрэгтэй. Бид 1990 оноос хойш хэтэрхий их гадагшаа хараад явчихсан. Одоо жаахан дотогшоо харах хэрэгтэй. Дотроосоо, түүхээсээ, ёс заншлаасаа сурах юм бүр их бий. Тийм л ялгуун ард түмэн, бид. Өөрөөр хэлбэл, гаднаас биш, дотроосоо сурах юм ихтэй ард түмэн шүү.
Бүх юманд учир шалтгаан гарна. Хүүхэд нь би гадаадад сургуульд явж чадахгүй байгаа нь ааваас л боллоо, бүх хүүхэд л сурч байна гэдэг. Аав нь болохоор би л мөнгө олж ирж байна, гэтэл миний энэ өмсч байгаа хувцсыг нэг харчих гэж эхнэртээ ялархдаг. Эхнэр нь болохоор энэ муу юмтай суусан учраас л би ийм зүдрүү амьдарч байгаа юм гэх. Ил хэлэхгүй ч гэсэн иймэрхүү хандлагаас болоод гэр бүл доторхи халуун дулаан уур амьсгал байхгүй болдог. Албан байгууллага бол алдаа оноондоо заавал гэмтэн олох гэж нэгнийгээ улалзуулаад дайраад байдаг. Улс орон болохоор бас нэгэн гэмтэн эрээд л. Цөмөөрөө л уурладаг баярладаг гомддог зүрх сэтгэлтэй. Нэгнийгээ заавал уурлаж шүүмжлэх хэрэггүй. Ажил хэрэгчээр үнэн бодит байдлыг инээж байгаад хэлэхэд эв түнжин эвдрэхгүй шүү дээ. Бид эвтэй байх тусмаа, монгол хүн нуруутай байх тусмаа л бидэнд хожоо гарна.
-Ер нь бол бүх зүйл хандалгаас эхэлнэ шүү дээ, тийм үү?
-Хамгийн чухал нь тэр. Бид хүн рүү яаж хандана, хүн төрөлхтөн бидэн рүү тэгж ханданаа л гэсэн үг. Би хажуугийнхаа айл руу яаж хандана тийм л хариу хандлага авна. Бид хувь хүн рүү яаж хандана, тусгал л тэгж л ирнэ. Амьдралын энэ хуулийг ойлгож, өөрөө хүн шиг хүн, үнэлгээтэй, хүндлүүлж сайхан нэр төртэй амьдаръя л гэвэл бусдыг л хайрлах хэрэгтэй. Бусдыг хүндлэх ёстой. Тэгж чадвал хариу нь буцаад л ирнэ. Түүнээс бус, ганцаараа амьдрах ёстой, өөрийнх нь сайхан амьдралын төлөө бусад нь зүтгэх ёстой юм шиг, өөрийнх нь хувийн зан суртахуунд бусад нь захирагдаж явах юм шиг хандвал хариу нь тэгж л ирнэ. Хандлагаас эхэлнэ гэж чи маш зөв хэлж байна. Улс орны хэмжээнд ч ялгаагүй. Улс орноо яаж хөгжүүлнэ, хувь хүнээ яаж хөгжүүлнэ, тэр зоргоор л бид дэлхийд үнэлэгдэнэ. Бид хуулиа сахиж, ёс заншлаа хадгалалгүй л яах вэ. Гэхдээ л бид хүнд, бусдад хүн шиг л хандвал хариу нь тэгж л өөр дээр чинь ирнэ гэдгийг л ойлгож явах хэрэгтэй. Энэ зүй тогтлыг сайн ойлгож, бие дээрээ хурдацтай хэрэгжүүлмээр байна. Бидэнд энэ л их дутаж байна уу даа гэж боддог. Уужуу ухаан гаргаж бусдад зөв өгөөд бодохын цагт уур ,стресс ч байхгүй болно. Ганцхан өөрийгөө бодоод давшаад байвал өөрөө өөрийгөө хөнөөх ч аюултай.
-Уур уцаар, стресс, буруу хандлага зэрэг нь хотжилт, хөндлөнгийн нөлөөлөл болж байна уу, үгүй юү?
-Нөлөөлөл олно гэдэг нь шалтаг олно л гэсэн үг. Шалтаг хайхын оронд хүн байх араншинтай байх хэрэгтэй. Гэтэл одоо яаж байна гэхээр хулгай хийсэн ч, архи уусан ч заавал нэг шалтаг олж өөрөөсөө холдуулах гээд байдаг гэмтэй. Шалтаг бол яаж ийгээд л олдоно. Гэтэл шалтаг хайхгүйгээр зөв сайхан амьдарна гэвэл хүний амьдрал сайхан болоод л явна. Харин тэр амьдралынхаа төлөө өөрөө зүтгэх л хэрэгтэй. Түүнээс бус, ядуугаасаа болоод хулгай хийж байна гэж л ярьж хэлж болохгүй. Зарим хүн тэгэх юм байна шүү дээ. Ядуу амьдрал нь хулгайн зам руу орууллаа ч гэж. Энэ чинь би ядуу хүн учраас хулгай хийх ёстой юм байна гэдэг мэдээллийг өгөөд өнөөх нь босоод ирж байна. Жишээ нь, хүүхдээ шилжилтийн нас нь юм хөөрийх гэдэг. Гэтэл бидний үед шилжилт энэ тэр гэж ярьдаггүй. Урьтаж мэдээлэл өгөөд байдаггүй байлаа. Тэрийгээ, шилжилтийн насаа мэдээгүй өнгөрсөн гээд муудсан юм л бидэнд лав алга. Сургуулийн оюутан хүүхдээ чөлөөт цагаа өнгөрөөх газар алга, бааранд оролгүй яахав дээ гэж Их хурлын гишүүдээсээ эхлээд буруу мэдээлэл өгч өмөөрөх юм. Ингэж хэлэхээр нөгөө хүүхэд нь чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нь энэ гээд баар хэснэ. Ренчин Бямбаев гуай бидэнд, Их сургуулийн дөрвөн жилд эрдэм номыг төгс сайн үзэж чадвал үлдсэн бүх л насаа сайхан өнгөрөөж чадах суурийг баттай тавьж чадна. Сургуулийн дөрвөн жилд чөлөөт цаг гэж байх ёсгүй гэж заадаг байлаа. Гэтэл одоо чөлөөт цагаа өнгөрөөж байна гэж бааранд орсоор, орсоор буруу хэвшил тогтоод нэг дипломтой нөхөр л төгсч байна. Гэтэл толгой нь мэдлэг байхгүй, дотор нь зүрх сэтгэл байхгүй. Энэ бол нэг талаар бид хүүхдүүддээ буруу мэдээллийг урьтаж өгөөд, өөрөөр хэлбэл шалтгааныг нь гаргаж өгөөд байгаад бас учир байгаа юм. Одоо сүүлийн үед зарим нь дэлхийтэй хамт байгаа нь энэ гээд өдөржин утас компьютерийнхээ дэлгэцийг ширтээд, шөнө нь бараг л утсаа өвөртлөөд унтаж байна. Интэрнэт агуу ертөнц л дөө. Тэгэхдээ тэндээс хэрэгцээтэй зүйлээ хэрэгцээтэй үед нь хурдхан шиг авчихаж болмоор л санагдах юм. Гэтэл тэрнийг амьдралаа болгож, хань ижлээ орлуулах хэмжээнд очтлоо донтох нь эрүүл хүний ой ухаанд ч багтамгүй л санагдах юм. Миний хувьд сүүлийн үед интернэтэд орохоос зүрхшээдэг болсон доо. Ер нь хүн хажуудаа байгаа хамгийн үнэтэй зүйлсээ амьгүй зүйлээр сольж, амьдралаа уйтгартай болгож байгааг буруу хэв хэвшил гэхээс өөр аргагүй. Тийм сайхан юмсаас тасарсан хүн хүнтэй ч зөв харилцаж мэндэлж чадахгүйд хүрнэ. Аягүй бол хүн рүү сайхан инээгээд харахын оронд “муу хулгайч чи уулзана гэсэн яасан бэ” гэнэ, нөгөөх нь “хуц чи өөрөө алга болоо биз дээ” гэж л хариу хэлнэ. Ийм амьд биш харилцаа л эв түнжингүй болгоод байгаа юм. Тийм учраас л хүн бие, хэл, сэтгэл гурваа зөв удирдаж яваарай гэж захимаар байна даа. За хоёулаа, өндөрлөх үү дээ. Төгсгөлд нь ард түмэн, сүсэгтэн олондоо хандаж ерөөл хэлье. Хүн бие эв түнжингээ эрхэмлэж, хайр энэрэлээ өндөрт өргөж, урт настай, удаан жаргалтай сайн сайхан яваарай гэж хүсье.