Tuesday, 25 March 2014

Нугаршгүй идеал

Санжаадоржийн Молор-Эрдэнэ /Инженер, философийн ухааны доктор/

Амарсанаагийн Амармэнд Багадаа Ганди шиг хүн болохсон гэж хүсдэг байсан тухайгаа та ярьсан байсан. Яагаад
 болсонгүй вэ?

Санжаадоржийн Молор-Эрдэнэ Цаг нь ирэхээр болох байх. Ганди бол гайхамшигтай хүн. Төрийн хүн тийм л байх ёстой. Маш өгөөмөр, өндөр ёс суртахуунтай, материаллаг шуналгүй ийм хүмүүс оршиж байж улс орон хөгжиж, иргэд амгалан тайван амьдарна. Би аливаа нийгмийн харилцаа мөнгө, албан тушаал дээр биш хайран дээр тогтож байх ёстой гэдэгт итгэдэг. Ганди улс гүрэн, нийгэм хайр дээр тогтох боломжтой гэдгийг харуулсан хүн.

А.А. Хайр дээр тогтсон хүний нийгэм байх боломжтой гэж үү? 


С.М. 
Тийм байх ёстой юм. Даанч бидний нийгмийн хууль, ёс суртахууны дүрмүүд бүрэн ажиллаж чадахгүй байгаагаас өнөөгийн байдалд хүрчихээд байна. Хүүхдүүдэд бага байхаас нь аав ээж нар нь тодорхой ёс суртахууны хүмүүжил олгоод, арван жилд орохоор нь бас тийм хичээл ороод, их сургуульд ч ахиад л нөгөө ёс суртахуунаа заадаг, боловсролын систем нь тасралтгүй ёс суртахууны хүмүүжил олгодог бол бүх л хүүхдүүдийн тархинд энэ бүхэн чинь суучихна. Өдөр тутмын мэдээжийн зүйл болно. Гэтэл өнөөдөр гэрт ч, гадаа ч, нийгэмд ч, төрд ч ёс суртахууны талаар юу ч яригдахгүй байна. Хоолтой, хувцастай юу, халаасандаа мөнгөтэй юу л гэж байна. Бидний өдөр тутмын амьдрал зөвхөн материаллаг зүйлс дээр суурилчихаад байна. 

А.А. Хүмүүжүүлэх гэдэг нэг хэрэг. Гэтэл үнэхээр хүн гэдэг амьтны мөн чанарт тийм гэгээн сайхан зүйл байдаг болов уу? 


С.М. Байгаа юм. Ж.Ж.Руссо “Хүн бол уг нь сайн. Гэтэл энэ нийгмийн буруу дүрмүүд хүнийг эвдээд хаячихдаг” гэж хэлсэн байдаг. Нийгмийн харилцаанд ороод ирэхээрээ л за энэ чинь бүтэхгүй юм байна, ингэхгүй л бол арчуулах юм байна гээд буруу тийшээ чиглээд эхэлдэг.

А.А. Гэтэл хүний туулсан бүхий л үеийг харах юм бол дайн байлдаан, хүчирхийлэл, шударга бус байдлаар дүүрэн. Хүний түүхэнд хайр дээр тогтсон тийм нийгэм байгаагүй шүү дээ.


С.М. Хэрвээ хайр гэж огт байгаагүйсэн бол энэ дэлхий өдий болтол оршихгүй байсан. Хаа нэг газар хайр байсан учраас, түүнийг хэн нэгэн хамгаалсан учраас хүн төрөлхтөн эдүгээ хүртэл оршиж байна. Мэдээж хүний нийгэмд муу муухай, худал хуурмаг бий. Гэхдээ тэд бол хөлгүй. Үнэн хэзээд ялна. Үүнд эргэлзэх юмгүй.

Боловсрол гэдэг зүйл хүн төрөлхтний мэдээжийн зүйл, нийтийн хүртээл болж чадахгүй л байна. Хэрвээ ингэж чадвал бидний дэлхий ертөнц одоо байгаагаасаа хэдэн хувь илүү байх байсан. Хүмүүс боловсролгүйгээс болоод л буруу юманд үнэмшээд, буруу хүмүүсийг дагаад, буруу улс төрийг дэмжээд, буруу шашин, мухар сүсэгт итгээд, энэ нь нийгэмд эргээд хор болоод байна.

А.А. Тэгвэл хүний амьдралын утга учир юу юм бэ? 


С.М. Бид нэг их том утга учир ярих хэрэггүй. Энэ асуулт өөрөө их утгагүй. Яагаад гэвэл дэлхий, нар сар, огторгуйн тогтолцоо тохиолдлын зүйл. Хүн өнөөдрийн хүн болсон үүсэл хөгжил ч тохиолдлынх. Энэ дэлхий дээр хүн болж төрөх ч тохиолдлын зүйл. Энэ тохиолдлын амьтан дэлхий дээр хэдэн сая жил амьдраад тохиолдлоор устаж, үгүй болно. Зургаан сая жилийн дараа нар нэг том бөмбөлөг болоод эргэж бутарна гэдэг шиг санаж байна. Дэлхий устана. Энэ зургаан сая жилийн хажууд бидний жар далан нас нэг эгшин. Тэгвэл бид энэ эгшиний амьдралаас нэг их том утга учир хайгаад хэрэггүй. Зүгээр л хүнд муу юм хийлгүй, үзье гэснээ үзээд, амтлая гэснээ амтлаад цааш нь үр хүүхэд үлдээх бол үлдээгээд болоо.

А.А. Тэгвэл та өнөөдөр юуны төлөө тэмцээд байгаа юм бэ? Ингэх хэрэг байна уу? 


С.М. Яахав, миний амьдралын жар далан жилээс одоо надад дахиад хорь гуч нь үлдсэн ч би энэ хугацаандаа аятайхан амьдармаар байна. Цэвэр агаар амьсгалаад, тунгалаг горхины ус ууж байгаад дуусмаар байна. Надад бага ч гэсэн хүсэл мөрөөдөл байна. Үүнийхээ төлөө би юм хийх ёстой биз дээ. Нэгэнт би энэ Улаанбаатар хотод алхаж, амьдарч байна. Энэ хотоос хүртэж амьдарч байна. Би эндээс нэгэнт ямар нэгэн зүйл авсан болохоор буцаагаад өгөх ёстой. Авсантайгаа тэнцүү өгч байж шударга ёс болно. Би шударга амьдармаар байна.

А.А. Үхэхсэн гэж хүсч байв уу? 


С.М. Гуч гарсан насандаа боддог байсан. Ардчилсан хувьсгалаас болсон л доо. Аливаа нийгэмд улс төр, нийгмийн өөрчлөлт явагдах үед өчигдрийн үнэн өнөөдөр худал болж, өчигдрийн худал өнөөдөр үнэн болдог. Яг л энэ жишгээр социализмын үед жигшиж явсан бүхэн ардчиллын үед сайшаагдаж, социализмд үнэн гэж итгэж байсан бүхэн буруу, муухай болсон. Энэ үед миний зорилго үгүй болж, хийж байсан бүхэн үнэгүй болж, үүнээсээ болоод ёс суртахууны гүн зөрчилд орж, юм бүхэн утгагүй санагдаж, амьд явах ямар хэрэг байгаа юм бэ гэж бодож байсан.

А.А. Тэгвэл энэ үеийг хэрхэн давж туулав?


С.М. Философи л намайг аварсан. Г.В.Ф.Хегель, И.Кант гээд том том философичдын номыг уншиж, тэндээс амьдрах эрч хүч авсан.

А.А. Балчир Тэмүүжин хаан ширээний төлөө эцэг нэгт ахыгаа хөнөөдөг. Ер нь улстөрч байхын тулд хог шаар байх хэрэг гардаг юм шиг. 


С.М. Тийм. Улс төр нэг их сайхан зүйл биш. Улс төр гэдэг хүнд маш их эрх мэдэл, амьдрах боломж авчирдаг болохоор энэ бүхнээс хүртэх гэсэн маш их сонирхол, эрх ашгийн төлөөх тэмцэл тэнд байдаг. Үүнд чи өөрийн эрхгүй орно. Гэхдээ энэ бүхнийг чи хажуугаас нь хараад зүгээр сууж болохгүй. Улс төрийг зөв хийж чадвал нийгэмд, ард түмэнд их хэрэгтэй. Аливаа улс түмэнд улс төр заавал хэрэгтэй. Өнөөдөр улс төрийг, улстөрчдийг харааж зүхдэг тийм үе Монголд оршиж байна. Би ойрын хэдэн жилдээ ард түмэн улс төр чинь бас ч гэж сайн зүйл юм, хэрэгтэй юм байна гэж үнэлдэг цаг ирээсэй гэж хүсч байна. Үүний төлөө хүч хөдөлмөрөө зарцуулна. Монголд шинэ улс төр бий болох ёстой.

А.А. Миний ухамсарт амьдрал социализмын үед өнгөрөөгүй ч тэр үед хүмүүст ариун нандин чанар өнөөдрийнхөөс илүү байсан юм болов уу гэж боддог юм. Гэтэл өнөөдөр бидэнд мөнгөнөөс өөр үнэ цэнэтэй юм гэж алга. Та аль алинд нь амьдарч байсны хувьд энэ талаар юу гэж хэлэх вэ?


С.М. Социализм өөрөө эв хамтын нийгэм учраас тэнд ажиллаж амьдрахад их амар. Тийм болохоор ази, тэр дундаа монгол хүмүүст илүү нийцтэй. Харин энэ либерал нийгэм чинь америк шиг янз бүрийн үндэстнүүд очоод цуглачихсан орнуудад их таардаг. Тэнд бол тэртэй тэргүй итали хүн итали амьдралаараа, хятад хүн хятад амьдралаараа, ирланд хүн ирланд амьдралаараа амьдраад хувиа бодоод явчихдаг. Бид бол нэг их шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх яриад байх хэрэг байхгүй. Яагаад гэвэл энэ бүхэн чинь тэртэй тэргүй социализмын үед хангалттай байсан. Бүгдээрээ адилхан эмнэлэгт үзүүлнэ, адилхан сургуульд сурна. Гэтэл өнөөдөр бүх зүйл мөнгөөр шийдэгддэг болчихоор хүмүүс эрх чөлөөгүй болж байна. Шударга биш болж байна. Тэгш эрх бүүр байхгүй болсон. Дээдэс, доодос, эмзэг бүлэг, баячууд гэсэн ойлголт 90 оноос л эхтэй шүү дээ.

Жишээ нь, өнөөдөр хувийн сургуулиуд бий болчихож. Гэтэл боловсрол гэдэг нийтийн юм байх ёстой. Бүх хүүхдэд адилхан боловсрол олгогдох ёстой. Мөнгө төлөхгүй бол боловсрол авч чадахгүй гэсэн тогтолцоо байх ёсгүй. Ээж аав нь мөнгөгүйн төлөө тэр хүүхэд боловсролгүй хүн болдог тийм шударга бус тогтолцоо байх ёсгүй.

А.А. Та ёс суртахуун гэж ярих юм. Гэтэл ёс суртахуун бол нийгмээс тогтоосон хэм хэмжүүр. Энэ хэм хэмжүүр хүний хүсэл эрмэлзэлтэй зөрчилдөх нь их. Эцсийн эцэст хүн нийгмийн хэм хэмжүүрийн дагуу амьдарч, бусдад зөв хүн гэж харагдах нь чухал юм уу, эсвэл өөрийнхөө хүсэл эрмэлзлийг тэргүүнд тавьдаг байх нь чухал юм уу? 


С.М. Бид энэ нийгмийн дүрмүүдэд захирагдаж, жүжиг тоглохоос өөр арга байхгүй. Шекспир “Амьдрал бол тайз” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ тайзан дээр бид янз бүрийн дүрд тоглох шаардлагатай тулгардаг. Жишээ нь, би сургууль дээрээ багшийн дүрд, гэртээ ирээд эхнэрийнхээ дэргэд нөхрийн дүрд, хүүдээ аавын дүрд, эцэг эхдээ хүүгийн дүрд гээд маш олон дүрийг өдөр тутмын амьдралдаа бүтээж байна. Дүрээ сайн бүтээж чадах эсэх асуудал хувь хүний хүмүүжил, боловсролоос хамаарна. Энэ амьдрал чинь өөрөө парадокс. Туйлын зөв шийдэл гэж байхгүй. Өгөөмөр байх уу, уучлах уу, өөртөө үнэнч үлдэх үү энэ бүхэн амьдралын маш эгзэгтэй сонголтууд. Амьдрах гэдэг өөрөө урлаг юм. Энэ урлагт бид суралцах л ёстой.

А.А. Та тэгвэл яг одоо миний өмнө ямар дүрд тоглож байна?


С.М. Их л юм уншсан, их л юм мэддэг нөхрийн дүрд тоглож байна. Багш талдаа юм уу даа.

А.А. Бид өнгөрсөн зуунд бичиг үсгээ сольж, хэл бичгийн дүрмэндээ олон өөрчлөлт хийсэн, одоо ч хийсээр л байна. Үр дүнд нь зөв ярьж бичдэг хүн бараг байхгүй болж. Тухайлбал, өнөөдөр миний үеийнхэн нэг дүрмээр, миний дараагийн үеийнхэн өөр нэг дүрмээр, өмнөх үеийнхэн бас өөр дүрмээр сурч боловсорсон. Энэ бүхнээс нийгэмд учирч болох хор хохирол нь юу бол? 

С.М. Хэлнээс бодол үүснэ. Тэгэхээр хэл буруу бол бодол буруу болно. Өөрөөр хэлбэл бидний харилцаа, ойлголцол амжилттай явагдахгүй. Нэг нэгнээ буруу ойлгоно. Бидэнд тогтсон хэлний дүрэм, утгын дүрэм, граматик дүрэм гэж алга. Олон тоо, ганц тоо, ирээдүй цаг, одоо цаг, өнгөрсөн цаг гэсэн хатуу дүрмүүд алга. Англи хэл сурахдаа бид бүх цаг, тоог нь ягштал цээжлэх хэрэг гардаг гэтэл монгол хэлэнд тийм биш.

Хоёрт, симантик лингуистик гэдэг ойлголт бий. Энэ бол энэ үг энэ утгыг л илэрхийлнэ, өөр утгыг илэрхийлж болохгүйг заадаг. Жишээ нь, англи хэлэнд I think гэвэл бодлоо хэлж байна, I feel гэвэл сэтгэлээ илэрхийлж байна, I mean гэвэл санаагаа хэлж байна, I know гэвэл би яг мэдэж байна гэсэн утгыг илэрхийлдэг. Харин монгол хэлэнд “Тэр чинь тийм шүү дээ” гээд л орхичихдог. Тэр бодол нь юм уу, санаа нь юм уу, сэтгэлийн хөдөлгөөн нь юм уу, гарцаагүй мэдээд хэлж байгаа юм уу, таамаглаж байгаа юм уу гэдэг нь мэдэгддэггүй. Эзэн биегүй өгүүлбэр агаарт цацаад байдаг. Энэ бол нэгт, кирилл үсэгт шилжсэн шилжилт, хоёрт Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын монгол хэлийг шинэчлэх үедээ хийсэн алдаа. Энэ хүмүүс монгол хэлийг дүрэмтэй, сайхан хэл болгоод бидэнд үлдээж чадаагүй.

Одоохондоо бид ийм чадваргүй, түүхий хэлээр дэлхийн мэдлэгт хүрэх боломжгүй. Тийм учраас аль болох англи хэлээ барьж мэдлэгт хүрэх шаардлага гарч байна. Монгол хэл одоохондоо бидний толгойг л эргүүлж, үл ойлголцол, зөрчил, хэрүүл л үүсгэхээс өөр юу ч өгч чадахгүй.

А.А. Зарим хүмүүс хуучин монгол бичгээ сэргээж хэрэглэх талаар их ярьдаг?


С.М. Уг нь монгол бичиг зайлшгүй хэрэгтэй. Харамсалтай нь, өнөөгийн нөхцөл байдал бидэнд тийм завшаан олгохгүй нь. Өнөөдөр бидэнд өөр хийх зүйлс маш их байна. Тийм учраас уйгаржин бичгээ хэрэглэх боломж маш бага. Тийм их хөрөнгө мөнгө, цаг хугацаа нь бидэнд алга. Бид одоо хойшоо ухрах эрхгүй. Урагшлах л ёстой. Нэгэнт кирилл үсэг хэрэглэдэг болсон учраас энэ чигээрээ засч сайжруулаад л явахаас аргагүй. 

А.А. Зөвхөн хэл ч гэлтгүй системчлэгдсэн юм гэж манайд бараг алга. Хэдэн зууны турш ганц нэгээрээ нүүдэллэж амьдарсан хэв маяг маань аливаа зүйлд нэгдсэн системийг бий болгоход саад болоод байна уу? 


С.М. Тэгэлгүй яах вэ. Хот үүсч, хүмүүс цуглаж байж дараа нь нийгэм үүснэ. Одоо бол бид чинь нийгэмшиж, ситизен буюу иргэн ч болж чадахгүй байна. Улаанбаатар ч сити болж чадахгүй байна. Бидэнд хотын соёл, амьдрал, хотын амьдралын дүрэм горим, ёс суртахуун алга. Улаанбаатар бол зүгээр л өөр өөрийнхөө дураар, таалагдсанаар амьдрах гэж ядаж байгаа олон хүний бөөгнөрөл. Манайхан автобусан дээрээ нийслэлийн 370 жил гэж бичээд байдаг, тэр бол худлаа шүү. Манай хот чинь жар, далан жилийн л түүхтэй. Үүнээс өмнөх хүрээ бол хот биш, зүгээр лам нарын орон сууц л байсан. Хэзээ хот үүсдэг вэ гэхээр хотын даргатай, хотын захиргааны байшинтай болоод, дарга нь байшиндаа суух тэр цагаас хот үүсдэг.

А.А. 1990 оноос хойш хас шүтээн, мөнх тэнгэр гэх зэргээр монголчууд өөрсдийн итгэл үнэмшлээ хайж олох гэж ихээр оролдох болж. Энэ талаар та юу гэж боддог вэ? 


С.М. 1990 онд монголчууд ирээдүйгээ шинээр тодорхойлох тэр цаг үетэйгээ нүүр тулсан. Үүний тулд эхлээд бид өнөөдрөө ойлгох ёстой. Гэтэл бид 800 жилийн өмнө очоод тэндээс ирээдүйгээ тодорхойлох гэж оролдоод байна. Өөрөөр хэлбэл Чингисээ босгож ирээд энэ хүн бидний ирээдүй гэж ярих гээд байна. Гэтэл бид ирээдүйгээ өнгөрснөөс хайх ёсгүй. Өнөөдрөөс хайгаад маргааш руу алхан орох хэрэгтэй. Өнөөдөр бид 800 жилийн өмнөх Чингис хаан, Америкийн агуу ардчилал хоёрын хооронд ганхаж савласан л хүмүүс байна.

Өнөөдөр интернэт рүү орохоор нэг гоё ертөнц. Монголынхоо нийгмийг харахаар дээл өмсөж, бөө бөөлж хэдэн зуун жилээр хоцрогдсон огт өөр ертөнц. Бөө хэдэн мянган жилээр, шашин бол хэдэн зуун жилээр хоцрогдсон зүйлс. Ийм их сүм, олон шашинтай дэлхийн хөгжилтэй орон байхгүй. Гадаадад бол сүм хийд, шашин түүхийн дурсгал төдий л зүйл. Бид шашинд, мухар сүсэгт үнэмшээд байгаа хэрнээ мэдлэгт үнэмшихгүй байна. Дэлхийн мэдлэгээс дэндүү хол хоцорчихсон байна.

А.А. Тэгвэл бид ирээдүйгээ хаанаас хайх вэ?


С.М. Ерөөсөө л үе үеийнхэн тойрч сууж байгаад програмаа хийнэ. Өнөөдрийн нөхцөл байдлаа тодорхойлохоос эхэлнэ. Бид хаана байна вэ, манай их дээд сургуулиуд дэлхийн хэмжээнийх биш юм байна, бидний хэл маань дэлхийн мэдлэгт хүрэх чадваргүй юм байна, бидний түүх бидний ирээдүй биш юм байна, бид түүхээ зараад хоол болгож чадахгүй юм байна гээд олон зүйл дээр бид эхлээд санал нэгдэх хэрэгтэй. За бид чинь хоосон юм байна. Бидэнд байгаа нь агуу том нутаг, хоёр хүчирхэг хөршийн хооронд сайтар хамгаалагдсан байдал, монгол хүний төрөлх овжин сэргэлэн байдал л байгаа юм байна. Тэгэхээр энэ бүхнээ ашиглаад цаашид хэрхэн хөгжих концепцио гаргах хэрэгтэй. Үлгэрлэвэл, бид эхлээд өвчтөнийг оношлоно, дараа нь эмчилгээг нь хийнэ. Түүнээс биш оношийг нь тогтоогоогүй байж гараад гүй гээд байж болохгүй. Хэрвээ хүнд өвчтэй хүн бол гарч гүйгээд хатгаа тусчихна. Тэгэхээр энэ өвчтөнийг тордох, бордох хэрэгтэй. Тэгж байж бид гадагшаа гарна.

А.А. Тэгвэл Монгол гэсэн энэ өвчтөнд эдгэх боломж хэр байгаа бол? 


Байлгүй яах вэ. Байгаа гэж бодож байгаа учраас л би энд байна. Байхгүй гэж бодож байсан бол Герман руу буцаад явчихсан байгаа. Үнэн бол хатуу, бухимдмаар, уурламаар, уйлмаар, гомдмоор. Гэхдээ үнэний тухай ярилцаж сурах хэрэгтэй. Ингэж байж бид зөв замдаа орно. Харин өнөөдрийн Монголыг харахаар нэг л их үнэнээс айсан, нэгнийгээ айлгачих болов уу, ичээчих болов уу, монгол хүн амны билгээр гээд сайхан юм ярих гэсэн хүмүүс. Гэтэл сайхан юм чинь худлаа байна. Тийм учраас худлаасаа салаад, үнэнээ илчлээд ширээн дээр гаргаад тавьчих хэрэгтэй. Гэр бүл ч гэсэн яг тийм шүү дээ. Ээж, аав, хүүхдүүд тойрч суугаад үнэнийг ярих хэрэгтэй. Ээж та тэгдэг, аав та тэгдэг, эмээ та тэгдэг. Үнэн үү, үнэн. За тэгвэл одоо яаж засарцгаах вэ гээд л ярилцдаг байх хэрэгтэй.

А.А. Ямарваа нэгэн өөрчлөлт шинэчлэлт, хөгжилд урьдаар нийгмийн оюун санаа ухамсар бэлтгэгдсэн байх ёстой юу?

С.М. Мэдээж хэрэг. Бид хэрвээ буу хүн алдаг гэдгийг мэдэхгүй байсан бол нэг нэгнээ буудаад л алчихна аа даа. Африкт бол ийм явдал их олон тохиолдож байсан гэдэг. Яг үүнтэй адилхан л манайд автомашин араа залгаад давхидаг, хурдалдаг гэдгийг нь мэдэхгүйгээр олноор нь оруулж ирээд нэг нэгнээ дайраад, нэг нэгийгээ мөргөөд байна шүү дээ. Үүнтэй адилхан аливаа техник, технологи тухайн нийгэмд орж ирэх үед урьдаар нийгмийн гишүүд нь үүнд бэлэн байх ёстой. Интернэт орж ирэхийн өмнө бэлтгэл хэрэгтэй байсан. Гэтэл одоо хүүхэд залуучууд интернэтээр хичнээн их порно, хүчирхийлэл үзэж байна. Интернэт гэдэг зүйлээр л ертөнцийг таньж байна. Угаасаа өөр орчлон ертөнцийн талаар зохистой мэдээлэл өгч, соён гэгээрүүлэх байгууллага манай нийгэмд алга. Үүнээсээ болоод Монголын өнөөдрийн нийгэм ерөөсөө туршаад, дараа нь алддаг нийгэм болж хувирлаа. Үзэж, туршаад л дараа нь хохироод үлддэг. Уг нь энэ бүхэн чинь тодорхой тайлбар, сэнхрүүлгийн хамтаар орж ирж байх ёстой юм. Харамсалтай нь бид ингэж чадсангүй. Бүх юмаа нээчихсэн. Хятадууд гэхэд үүнээс гарах үр дүнгээс нь айгаад интернэтээ хянаад байна. Нийгмээ тархины маш хүнд гэмтэлд оруулахаас хамгаалж байна. Тэнд байгаа 800 сая тариачин ямар нэгэн шүүлтүүргүйгээр интернэтээр баруунаас орж ирж байгаа мэдээллийг үзээд шоконд орно шүү дээ. Манайд ч ялгаагүй хөдөөний залуучууд Улаанбаатарт орж ирээд шоконд орж байна. Баруунаас зөв нь ч, буруу нь ч орж ирнэ. Тус, усын аль нь болохыг бид таах аргагүй.

А.А. Тэгвэл энэ нөхцөл байдлыг бид яаж засах хэрэгтэй вэ?

С.М. Эрсдэл хийж байж л засагдана. Өөр арга үлдсэнгүй. Үүн дээр нэмэхэд харамсалтай нь манай төр мэдлэг боловсролтой төр байсангүй. Манай төрд байгаа хүмүүс чинь жаахан хүүхдүүдтэй адил л соёлын шоконд орчихсон хүмүүс. Виски ууж, жийп машин унахыгаа гоё зүйл гээд итгэчихсэн хөөрхий өрөвдмөөр нөхөд шүү дээ. Уг нь энэ төрд баруунд байж үзсэн, мэдлэг боловсролтой хүмүүс гарсан бол энэ эрсдэлийг бууруулах байсан юм. Гэтэл Монголд өнөөдөр мэдлэг боловсролтой хүн дээшээ гарах ямар ч боломж алга. Манайд чинь аливаа нэг газар удирдах ажил хийх хэмжүүр нь мэдлэг боловсрол биш мөнгө, хээл хахууль, танил тал, ах дүү, нутаг ус болчихож. Үүнээсээ болоод манай төр нийгэмдээ тус биш гай болоод байна.

Өнөөдөр Монголын нийгэм феодалын нийгэм болчихож. Энэ төрд байгаа хүмүүс чинь капиталистууд биш феодалууд. Хэрвээ капиталистууд байсан бол аж үйлдвэр, техник технологио хөгжүүлээд үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнүүдээр зах зээл дээр уралдаж, ажилчин анги, үйлдвэрчний эвлэл үүсээд л, аж үйлдвэр Монголд хөгжиж байх ёстой. Гэтэл эдийн засгийн капитализм Монголд буй болохгүй байна. Төр рүүгээ очиж наалдаад, тэндээ нялцганаж байж уул уурхайн лиценз, банкны зээл, олон улсын тусламж, татварын мөнгөнөөс хулгайлдаг төрийн феодалууд л байна. Мөнгөтэй, гэхдээ юу ч бүтээдэггүй, мөнгөө эргэлдүүлдэггүй. Одоо цагаан сар болно. Нөгөө үнэтэй хөөрөг, том дээл, мөнгөн бүсээрээ гоёод, морио уралдуулна л даа.

А.А. Та ер нь яагаад физикээс философи руу орж, тэндээсээ улс төр рүү шилжилт хийх болов оо? 


С.М.
 Герман бол дэлхийн философийн уурхай болсон газар. Номын санд нь яваад ороход дүүрэн философийн номнууд. Тэгэхээр би ийм оронд сурч байж тэр мэдлэгээс нь хүртэлгүй, тэр номнуудыг нь огт уншилгүй буцна гэдэг дэндүү харамсалтай байсан. Би айлын том хүүхэд болохоор үүрэг хариуцлагыг илүү мэдэрдэг, багаасаа л ёс суртахууны тухай их боддог, өрөвчхөн хүүхэд байсан маань ч нөлөөлсөн байж магадгүй.

Харин улс төрд орсон тухайд би үүнийг түүхэн шийдэл гэж боддог. Ер нь германд боловсрол эзэмшсэн хүмүүс улс төр нийгмийн ажилд оролцох магадлал их өндөр байдаг. Яагаад гэвэл Германаас их олон хувьсгал гарсан. Германд сурч боловсорсон хүмүүс эх нутагтаа очоод хувьсгал хийсэн түүх олон. В.И.Ленин Германд сурч ирээд Оросыг өөрчилсөн бол К.Маркс Английн ажилчин ангийг очиж өөрчилсөн гээд л. Г.В.Ф.Хегель, Ф.Ницще, А.Шопенхауэр, К.Маркс гээд энэ томчуулын номыг уншаад байхаар өөрийн эрхгүй бүхнийг өөрчлөхсөн гэсэн хүсэл төрдөг. Германчууд чинь эршүүд, өөртөө итгэлтэй, чадварлаг, эрэлхэг хүмүүс. Энэ бүхэн ч аяндаа наалддаг. Би германы их сургуульд философийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн гээд бодохоор ч юм уу өөрийгөө түүхэн хүн гэж мэдрээд байдаг.

А.А. Ер нь хүний амьдралын аз жаргалын хөшүүрэг нь юу юм бол?

С.М. Мэдлэг боловсрол. Хорвоо дэлхий, амьдрал, ёс суртахуун, үхэл гээд энэ зүйлсийн утга учрыг ойлгох, ойлгож таньсан мэдлэгээрээ бусдад тус болж, хүнд хүртээмжтэй амьдрах л хэрэгтэй байх. Би бурхан шашин гэсэн том зүйлд итгэдэггүй. Энэ ертөнцөд амьсгалж буй агаар, гишгэж буй газар дэлхийдээ л итгэдэг.

Өнөөдөр манай нийгэм шашинд хэт их итгэж байна л даа. Энэ нь төр засаг нь нийгэм, ард иргэдээ аваад явчихаж чадахгүйгээс болоод байна. Америкт ажилгүй болчихсон хүнийг төр засаг нь дэмжиж туслаад, хооллож, ундлаад байна. Харин манайд төр юу ч өгөхгүй. Харин лам багшаас асуувал ядаж нэг тайлбар олоод хэлчихнэ. Тийм болохоор энэ ядарсан хүмүүс чинь лам, бөөд итгээд байгаа юм.

А.А. Таны амьдралд хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл, үйл явдал гэвэл юу байх бол? 


С.М. Ер нь хүүхдүүд өсвөр насанд байхдаа өөрийнхөө идеал, үлгэр дуурайлал болох хүнээ хайх үйл явцтай тулгардаг. Энэ насандаа би ч янз бүрийн л зүйлээс үлгэр жишээ болох хүнээ хайдаг байлаа. Пинкфлойд сонсож үзээд дуучин болох гэж гитар авна, тамирчин болох гэж үзнэ. Сүүлдээ бодит амьдрал дээр дуурайх хүнгүй болоод уншсан ном, романыхаа дүрүүдийг дуурайж, тэднээс үлгэр авах гэж оролдож эхэлсэн. А.П.Чеховын зохиолууд, “Монте Кристо гүн” гээд л уншиж эхэлсэн. Энэ дундаас Э.Л.Войничийн “Овод” хэмээх номын гол дүр хувьсгалч залуу Оводыг дагаж дуурайх идеалаа болгосон доо.

А.А. Молор-Эрдэнэ гэгч машин урагшлах эрчмээ хаанаас авч байна вэ? 


С.М. 
Хөдөлмөрлөж, ном уншиж, эсвэл бичиж эрч хүчээ авдаг байдал одоо нэгэнт өнгөрч. Энэ бүхэн мэдээжийн зүйл болчихож л дээ. Одоо бол ганцаараа, чимээгүй орчинд ганц шил пиво уугаад суух тэр л мөчүүдээсээ эрч хүч авдаг болж. Зөвхөн өөртөө зориулах цаг минь их багасчээ.

http://amarmend.essay.time.mn/

No comments:

Post a Comment