-Хаврын
чуулган хаагаад удаагүй байгаа энэ үед та бид хоёр ярилцах гэж байна. Мэдээж
баталсан хуулиудын тоо чамгүй, ажилласан цагийн бүртгэл өндөр байгаа байх. Энэ
бол албан ёсны дүн. Гэсэн ч улс орны аж амьдрал хүндхэн байна.
Эдийн засгийн маань агаар сайжраагүй хэвээр. Валютын орлого байхгүйтэй адил,
төсөв тасарчихсан. Таны чуулган хааж хэлсэн үг анхаарал татлаа л даа. Эдийн
засагт дүн тавьлаа гэж зарим ажиглагчид үзэж байна. Нөхцөл байдал тааруу
байгааг та нуусангүй. Тэгэхээр одоо бид яах вэ. Эндээс яриагаа эхлэх үү ?
-Чуулганыг
баталсан хуулийн тоогоор дүгнэх нь өрөөсгөл явдал л даа. Юу батлав гэдэг нь
чухал. Явж явж ганцхан асуудал ч шийдэж болно. Тэр нь оносон шийдвэр байсан бол
тэр нь үр дүнтэй чуулган гэж хэлж болно л доо. Хэрэв тооны хойноос хөөцөлддөг
бол баахан ач холбогдол муутай хууль баталчихаад үр дүнтэй чуулган боллоо гэж
дүгнээд ярьж болох л байх. Тийм зорилго бол УИХ-д байдаггүй. Эдийн засаг тааруу
байна. Үүнийгээ сайжруулъя гээд Засгийн газрын оруулж ирсэн хуулиудыг хуулиар
тогтоосон хугацаанд буюу 7 сарын нэгний өмнө ихэнхийг нь баталж өгөөд, том
жижиг гэлгүй явсан. Гэхдээ үлдсэн юмнууд бол байгаа. Урт нэртэй хууль байна.
Зүүнхараагийн “Бороо гоулд”-ын алтны зөвшөөрөл байна. Хэд хэдэн
стратегийн ордын талаар шийдвэр гаргаж чадсангүй. Юу хийж чадав гэхээр 2010
оноос хойш хаачихсан байсан хайгуулын зөвшөөрлийг шийдсэн. Нөгөө хориглож
хуулиа хүчингүй болгосон. Гэхдээ хуучин шиг замбараагүй дуртай газраа авдаг биш
улсаас зааж өгсөн газар, одоо жишээ нь урт нэртэй хуулиар хориглосон бүх газар
хэзээ ч лиценз олгохгүй. Тусгай хамгаалалттай газар хэзээ ч олгохгүй.
Бодологотой олгодог, улс өөрийнхөө бодлогоор явдаг ийм шинэ хуультай болсон
учраас хайгуулын зөвшөөрлийг нээж өгч байх жишээтэй. 1991 онд БНМАУ гэж байхаас
баталсан хуулиудаас Газрын тосны хуулийг бол орчин үеийн нөхцөлд тааруулж
шинэчиллээ. Жижиг дунд үйлдвэрийн татваргүй ордгийг сэргээлээ. Том бүтээн
байгуулалтууд татвараа хоёр жил хүртэл хойшлуулахыг зөвшөөрлөө. Гэх мэт эдийн
засагтай холбоотой олон асуудлуудыг шийдэж өгсөн. Төр өөрөө хөрөнгө оруулах
ёстой юм бол заавал мөнгө оруулах ёстой юм байна. Энэ удаа “Цагаан суварга”-ын
ордод оруулах мөнгөгүй учраас хөрөнгө оруулах шаардлагагүй гэж үзсэн шийдвэрт
хүрсэн нь өөрөө тус ордын гацчихсан байгаа гацааг арилгахад хэрэгтэй. Гэх
мэтийн асуудлуудыг бол шийдэж чадсан. Гэхдээ миний хаалтын чуулган дээр
хэлсэн үг бол ОВУС-тай УИХ, Засгийн газар бараг гурав дөрөв хоног зөвөлгөөн
хийлээ. Хэвлэл мэдээллийнхэнд хаалттай байсан байх. Тэдний олон
дүгнэлттэй би санал нийлж байгаагаа хэлсэн. Юуг ч өөрчлөхгүй ингээд яваад байх
юм бол хямрал руу явах нь байна шүү. Тэгэхийн тулд төсвийн гүйцэтгэл хэлэлцээд
баталсан УИХ-ын тогтоолыг өөрөө олж үзсэн бол тэрэн дээр Чингис бонд, Самурай
бондыг төсөвтэйгөө нийлүүлэх ийм үүргийг Засгийн газарт өгсөн байгаа. 8 сарын
20 доор төсвийн тодотгол хийхэд эдгээр зүйлийг бол хүлээж байгаа. Тодорхой
үүргүүд өгсөн. Тодорхой үүргүүдийн биелэлтийг бид нар 10 сарыг хүлээлгүйгээр
дахин авч үзэх ийм шаардлага байгаа. Төсвийн орлого тасарч байгаа учраас
төлөвлөсөн олон хөрөнгө оруулалт худлаа болж байгаа. Тэрийгээ бас хасах болж
байгаа.
-Таны
хэлсэн үгнээс ирсэн хамгийн хатуу мессеж бол зээл олголтыг зогсоохоос өөр
аргагүйд хүрлээ гэсэн санаа байлаа.
-Зээл
олголтыг зогсоох эрсдэл нь нөгөө эрсдлээсээ бага юм гэсэн санаа. Зогсоох гэдэг
нь ийм утгаар л хэлсэн юм л даа. Ер нь манай зээл хэтэрхий хурдан
томорчихсон учраас бодлогын хүүгээ нэмэх замаар зээлийн эрэлтийг бууруулах
зөвлөмжийг ОУВС, Дэлхийн банк хоёулаа өгч байгаа. Тэрэнтэй би санал нийлж
байгаа. Үгүй бол импляциа дийлэхгүй бүр илүү хохирол учрахаар байна гэсэн
л дээ. Тэгэхээр үндсэндээ зээлийг бол хоёр ангилж болж байгаа. Найман хувийн
моргажинд явж байгаа зээл бол хэвийн үргэлжлэх ёстой. Энэ бол зогсож болохгүй.
Нөгөө хэрэглээний зээл байна. Мотоцикль авч байна. Машин авч байна. Хөргөгч авч
байна. Бизнес явж байна.
-Ер нь
бол банкууд бүх төрлийн зээлээ хувиад эхэлснийг та мэдэж байгаа биз дээ?
-Банк
хумихаас өөр аргагүй болж байна. Яагаад гэвэл нөгөө чанаргүй зээл нь нэмэгдэж
байгаа учраас. Банк өөрийнхөө хөрөнгийг алдчихгүйн тулд хүссэн хүсээгүй энэ
арга хэмжээг авч байгаа.
-Нэг
асуултыг нөхөж асуух шаардлага гарлаа. Лицензийг хамаа замбараагүй олгосноос
болж Монголд олон хүнд асуудлууд гарсан. Энэ яах аргагүй үнэн. Гэхдээ хүчээр
зогсоож барьж байсан нь ардаа улс төрийн зорилготой байсан юм шиг харагддаг.
Ард нь маш олон хохирогч, хэлмэгдэгчид гарч ирсэн. 106 иргэн, аж ахуйн нэгж
байгаа. Тэдний тодорхой төлөөлөлтэй уулзаж байсан юм. Лицензийн татвараа
төлөөд, хөрөнгө оруулалт олоод явж байсан олон монгол иргэд байсан. Энэ хорио
ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд тавигдлаа гэж харж болох уу?
-Үгүй л
дээ. Угаасаа хууль зөрчиж олгосон лицензийг зогсоохоос өөр аргагүй. Одоо ч ийм
зүйл гарвал Уул уурхайн яам зогсоохоос өөр аргагүй. Тэр 106 дээр бол
шүүхийн шийдвэр гарсан. Хуулиар лицензийг ингэж олго гээд заачихсан байхад тэгж
олгогдоогүй лиценз бол хэзээ ч хүчингүй. Улс төрийн ямар нэгэн зорилго бол
байгаагүй. Тэртээ тэргүй хууль зөрчиж олгосныг нь шүүх тогтоочихсон. Одоо хари
Засгийн газар хайгуулын лицензийн олголт сэргэсэнтэй холбогдуулан 106 лиценз
дээр дахин тендер зарлана. Энэ бол тендергүй олгогдсон лиценз. Тендергүй
олгогдчихсон байсан. Тэр дотор 106-г авсан улсууд оролцоход давуу эрх олгож
байгаа. Баримтаар баталгаажсан хөрөнгө оруулалт байдаг бол тэр хөрөнгө оруулалтыг
нь тендерийн дараагийн үнийн дүнгээс хасч тооцно гэсэн үг. Цоо шинээр Ганчимэг
лиценз авах гэж орж ирэхэд би урьд нь 106 дотор байсан бол би өөрөөс чинь давуу
эрх эдэлнэ. Тэр оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр.
-Маш
шударга гарц байна.
-Ийм
шийдвэр гаргахыг л УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон байгаа. Хүмүүсийг
хохироож болохгүй ээ. Наад хэд чинь ямар нэг байдлаар мөнгөө хийчихсэн. Тэр нь
санхүүгийн баримтаар батлагдвал давуу эрх олго. Тэгэхгүй бол худлаа амаараа
яриад үймүүлээд яваад байдаг улсууд бас байдаг шүү дээ.
-Тийм.
Дараагийн асуулт Оюутолгойтой холбоотой асуулт байна. Оюутолгой компанид манай
татварын байгууллага акт тавьсан. Гэвч Рио тинто зэрэг тэдний хөрөнгө
оруулагчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин ч төслийн дараагийн шатны ТЭЗҮ-г
хойшлуулж магадгүй гэж мэдэгдэж байна. Цаашилбал, олон улсын арбиртрын шүүхэд
хандаж ч мэдэх нь. Үүнийг бид яаж хүлээж авах ёстой вэ?
-Татварын
хуулинд заагдсан журмынхаа дагуу л явна. Татварын байгууллага акт тавьж болно.
Би бол алдаа гаргаснаа зөвшөөрөөд, дүнгийн талаар маргалдаж байна гэж ойлгосон.
Тэгэхээр Татварын ерөнхий газарт татварын маргаан таслах комисс гэж байдаг.
Шүүх юм уу Арбиртр явахаасаа өмнө эхэлж тийшээ очих ёстой юм. Энэ процесс
хамгийн эхний шат нь байдаг л даа. Энэ журмаараа л явах нь зүйтэй. Тавьсан
үнийн дүн, оруулсан хөрөнгө оруулалтын тоо дэндүү их учраас хүмүүсийн анхааралд
өртөөд байгаа болохоос татварын маргаан таслах комисс өдөр болгон л ажиллаж
байгаа шүү дээ.
-
Оюутолгой нэлээд ажилчдаа цомхотгосон. Ажлаас халагдсан иргэдийн тухай ямар
нэгэн мэдээлэл төрд байгаа юу?
-Ер нь
үйлдвэр байгуулах явцад 10000 хүн ажиллаад, үйлдвэр ажиллаж эхлэхээрээ 1000 хүн
л үлдэх юм шүү дээ. Тэгэхээр энэ цомхотголоос бол ялгах хэрэгтэй л дээ.
Оюутолгой бол үйлдвэр барих явцдаа явж байгаа. Баяжуулах цех бол ажилд
орчихсон. Ил уурхай ажилд орчихсон. Одоо далд уурхайн ажил явж байгаа. Гурван
үйлдвэр барихаас хоёр нь баригдчихаад нэг нь дутуу байна гэсэн үг шүү
дээ. Далд уурхайн санхүүжилт олдохгүй байгаа учраас далд уурхайн ажил
дээр байсан гэрээт ажилчдыг цомхотгохоос өөр аргагүй. Тэр бол Оюутолгойн үндсэн
ажилчид биш. Оюутолгойн ажлыг гэрээгээр хийж байгаа ажилчид байхгүй юу. Мэдээж
санхүүжилт олдохгүй бол явуулна шүү дээ. Тэр хүмүүс Оюутолгойн үндсэн ажилчид
биш учраас дараагийн ажил хаана гарна тийшээ л очиж ажил хийхээс фабрикт
ажилдаг, ил уурхайд ажилдаг хүмүүсийн ажил амьдрал хэвийн явж байгаа.
Хөрөнгө оруулалтын гэрээнд заасныхаа дагуу ажиллах ёстой хүмүүсээ ажиллуулж
байгаа. 90 хувь нь монгол 10 хувь нь гадаад ажилчид байж болно. Бүх юм гэрээнийхээ
л дагуу явж байгаа.
-Төрийн
өндөр зэрэглэлийн албан тушаалтнуудын ёс суртахуунтай холбоотой асуудлууд
багагүй хөндөгдөж байна. УИХ-ын даргатай уулзчихаад энэ талаар асуухгүй
өнгөрвөл уншигчид маань намайг баалах байх л даа. Жишээлбэл, Хууль зүйн сайдтай
холбоотой асуудлууд бүр л хачин байдалтайгаар үргэлжилж байна. Ёс суртахууны
хариуцлага хүлээдэг өндөр жишиг рүү дэлхийн улс төр бол том алхаад явчихсан.
Хятад хүртэл энэ тал дээр яаж өөрчлөгдөж байна. Гэтэл манайд Ерөнхий сайдынх нь
гэр бүл ч элдэв ноцтой асуудалд орооцолдож л байдаг. Хэн ч хариуцлага
хүлээдэггүй. Та энэ асуултад ямар хариу өгөх вэ?
-Монголчууд
бол энэ сонгочихсон болон томилчихсон улсуудаасаа ёс суртахууны хариуцлагыг
дэлхийн бусад улс орнуудын иргэдийн нэгэн адил л хүлээж байгаа. Энэ албан
тушаалтнууд нь харин тийм алхам хийхгүй байгаа. Ийм хариуцлага хүлээдэг жишгийн
үйлдлийг ер нь бараг хийгээгүй л дээ. Та нэг реклам үзсэн болов уу, яасан бол.
Банш Батаагийн тоглосон хошин шогийн рекламыг. Явж байгаад машинд дайруулчихаад
гар утсаараа зураг аваад...
-Үзсэн
үзсэн.
-Эмнэлэгт
оччихоод утасгүй үхчих гээд байна уу гэдэг шиг. Сайдын суудалгүй бол үхчих гээд
байгаа юм шиг улсууд олон байгаа юм аа. Уг нь хэл аманд орооцолдлоо, тэр нь
шүүхээр тогтоосон байна уу, үгүй юу гэхээсээ илүү тэр явдлуудаа өөрөө
үгүйсгэхгүй байвал, ор тас гүтгэлэг биш л бол яваад шалгуулсан нь л дээр л дээ.
Ажил төрлөө өгөөд л. Ийм жишиг рүү хэзээ нэгэн цагт орох байх. Гэхдээ одоогийн
энэ сонгогдсон болон томилогдсон сайд нараас ийм жишгийн төлөө алхам хийх хүн
гарахгүй байх гэж л харж байна. Нөгөө утасгүй үхчих гээд байна уу гэдэг шиг
сайдын суудалгүй бол үхчих гээд байна уу гэх асуултаас өөр асуулт надад алга.
-Тантай
уулзахаас өмнө сошиал дахь миний хаяг дээр түр хорих байранд хоригдож байгаа
нэгэн хурандаагийн бичсэн захидал тавигдаад яах ийхийн зуургүй алга болчихсон л
доо. Их хурлын дарга аа, хорих байранд олон хүн олон сараар хоригдож байна.
Тэдний байдал маш хүнд байх шиг байна. Олон сараар хорьчихоод ахиад л эргэлзэх
юмгүйгээр сунгах тогтоолууд гаргаад явчих юм. Саяхан Амарсайхан гэдэг хүн тэнд
нас барсан. Одоо Анхбаяр гэдэг хүний асуудал маш хүнд нөхцөлд байна. Тагнуулын
Цогтбаатар хурандаа гэхэд хувийн өш хонзон, хувийн сэдлээр аймшигтай хүнд ял
тулгагдаад байж байна. Судлаад яваад байхаар олон гайхмаар юм араас нь гарч ирж
байна. Хилээр гарах эрхийг нь хасаад гадуур шалгаж, тэр хүмүүст хууль ёсны
дагуу өөрийгөө хамгаалах бололцоог нь олгож болдоггүй юм уу. Олон сараар хорьж
цагдана гэдэг бол ардаа хэрэг хүчээр тулган хүлээлгэх, амьд явах эрхэнд нь ч
нөлөөлж болох сөрөг үр дагавар ихтэй шийдэл шүү дээ. Танд энэ талаар ямар нэг
мэдээлэл байна уу ?
-Манай
эрүүгийн байцаан шийтгэх хууль хуучнаараа байна. Шинэчлэгдээгүй байна. Эрүүгийн
хууль 2002 онд баталсан байдлаараа байна. УИХ бол энэ дээр ажиллаж байна. Энэ
хуулиуд бол нэг сарын дотор гаргачихдаг хууль биш. Дор хаяж хэлэлцүүлэг нь жил
болдог. Зүйл бүрийн, өгүүлбэр бүрийн, үг болгоны ард хүний хувь заяа байдаг
учраас нухацтай хэлэлцэхгүй бол болдоггүй. Шинэ шинэ ойлголтууд гаргаж ирж
байгаа. Ийм шинэчлэлүүд иж бүрэн хийгдсэний дараа наад зөрчлүүд чинь арилна.
Одоогийн хуулиар бол тэр шийдвэр гаргаж байгаа хуулийн байгууллагын улсуудад
ийм эрх нь байгаа юм. Ноцтой гэх шаардлага л байхгүй бол ийм зүйл хийхгүй
байхыг албан тушаалтнуудад нь бид хэлдэг. Хуулиа өөрчилсөн тохиолдолд удаан
хугацаагаар хорьдог барьдаг тэр юм мэдэгдэхүйц багасна. Гэм буруутай эсэхийг нь
нотол, хурдан нотол. Чадахгүй бол наад хн чинь гэм буруугүй гэдэг энэ зарчмыг
шинэ хуулиар тогтоож өгнө. Түүнээс одоо тохиолдол бүрийг ярих боломжгүй. Яагаад
гэвэл явж байгаа мөрдөн байцаалт хараат бусаар явагдах ёстой. Хүний эрхийн
комисс зэрэг энэ байгууллагуудын йл ажиллагааг хянадаг, ажилд нь үнэлэлт
дүгнэлт өгдөг, шаардлага бичиж өгдөг байгууллага байна. Бүх байгууллагууд нь л
дор бүрнээ оногдсон ажлаа хийх үүрэгтэй л дээ. Түүнээс УИХ –д иргэн тэрийг
яагаад тэдэн сар хорьсон гээд байх эрх байдаггүй.
-Хүчний
байгууллагууд хоорондоо эв зүйгээ ололцож ажиллах тал дээр учир дутагдалтай
хэвээрээ л байна. Цагдаагийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа зарим хүмүүс хувь
тавилан нь яаж ч эргэж мэдэхээр нөхцөлд ч байх шиг. Тагнуул, прокурор, АТГ,
цагдаа бүгд үл ойлголцол дунд. Салбар хэний гарт байгаагаас үүдэж эдгээр
байгууллагууд ээдрээгээр дүүрч, тэрнийх нь хаялага нийгэмд савалгаа үүсгэж байх
шиг харагддаг. Аль ч салбар дээр ийм далд өгөгдөл байдаг.
-Шинэ
Хууль зүйн сайдын хувьд хувийн харилцаанаасаа болж алдаж байгаа юм их байгаа.
Ажлын туршлагагүй, их сургуулийн багш байсан залууг гэв гэнэт сайд болгочихсон.
Монголын нэг бодит амьдрал гэж юм байгаа юм. Уг нь бол туршлагатай л хүн тавих
ёстой байсан байх л даа. Сумын хэсгийн төлөөлөгчөөс ажлаа эхэлсэн байдаг ч юм
уу. Хуулийн шат шатанд зүтгэсэн хүнийг тавьсан бол өөр л байх. Энэ удаа
хууль зүйн сайдаар тийм хүн тавигдсангүй л дээ. Сургуулийн танхимд хичээл заадаг
амьдрал бол онол юм. Юм болгон онолын дагуу явах боломжгүй л дээ. Энэ чинь
өөрөө амьдрал чинь. Хууль зүйн байнгийн хороон дээр хуулийн салбарын шинэчлэл
гээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн оруулж ирж байгаа юмнуудыг эхлээд бол их
урам зоригтойгоор, нэг их олон асуулт асуухгүйгээр баталж өгдөг байсан. Сүүлдээ
прокурорын байгууллагаас ойлголцохгүй байна, үүнээс үүдээд төрийн энэ чухал
байгууллагуудын ажилд тодорхой хүндрэлүүд гарч эхэллээ гэдэг мессеж ирсэн.
Цагдаагийн байгууллагаас ирсэн. Энэ бүх дүгнэлтүүдийг харгалзан үзээд Хууль
зүйн байнгийн хороо бол хийх гэж байгаа юмыг нь нягталж гаргадаг болсон. Зарим
юман дээр тормоз татдаг болсон. Бас нэг ойлголцохгүй байгаа салбар нь шүүх
байна. Ер нь Хууль зүйн сайдад хязгааргүй эрх мэдэл өгчихөөгүй учраас УИХ-ын холбогдох
байгууллага Хууль зүйн байнгийн хороо бол анхааралтай ажиглаж байгаа. Манайхны
зарим нь хэдэн таарч нийцэхгүй албан тушаалтнууд толхилцоод байна гэж хэтэрхий
хялбаршуулж ойлгоод байгаа юм. Ер нь шинэ хуучны зөрчил явж байна. Реформ хийх
гэсэн нэг хэсэг байна. Хуучнаараа байх гэж зүтгэж байгаа нэг хэсэг байна.
Реформыг чинь зөвшөөрье, гэхдээ арай ингэж явж бол болохгүй байнаа гэсэн бас
нэг хэсэг байна. Гэх мэтчилэн олон хандлагууд энэ салбарт байгаа юм. Энэ
бүхнийг яаж зохицуулах, алийг нь дэмжиж, алийг нь дарж, ямар чиглэлээр авч
гарах вэ гэдэг хариуцлага бол УИХ дээр хүссэн хүсээгүй хүүрч ирсэн. Тэрийгээ
УИХ хийж байгаа. Хөрөнгө мөнгөий асуудал байна. Энэ олон хуулийн байгууллагын
реформыг хийхэд байшин барилга хэрэгтэй. Хуучныгаа зарах хэрэгтэй. Шинийг барих
хэрэгтэй. Яригдаж байгаа хөрөнгө оруулалтын тоо бол хэдэн зуун тэрбумаар
яригдаж байгаа. Гэх мэтээр асуудал олон байгаа.
-Монгол
Улсын Ерөнхийлөгч Ван хан шиг гарч ирээд л “Энэ миний хуурай хүү байгаа
юм. Зүгээр байлгаарай” гээд хээв нэг хэлж байх юм. Түүний энэ тусгай хандлага
үнэхээр зохисгүй харагддаг. Жишээлбэл, танд ямар нэг Ван хан байгаагүй
санагдана. Нөгөө талаас Х.Тэмүүжин хэлмэгдэж байх талтай юу. Үнэхээр супер
залуу гарч ирээд л бүхнийг эргүүлэх гэсэн чинь зузаан давхарга сөрөөд зогсчихсон
гэх залуус байх юм. Тийм шинж үнэхээр байгаа юу?
-Тийм
хялбаршуулсан байдлаар ойлгож болохгүй л дээ. Энэ өөрөө маш их комплекс
асуудал. Тийм учраас асуудал болгон дээр учрыг нь олж л явахгүй бол болохгүй л
дээ. Ер нь бол хуулийн салбар томоохон хэмжээний реформ хийгдэлгүйгээр хориод
жил явчихлаа шүү дээ. Энийг өөрчлөх шаардлага, хэрэгцээ бол байгаа. Тэрийгээ
яаж хийх вэ гэдэг дээр санал зөрөлдөөн бол байдаг. Эцсийн эцэст энэ санал
зөрөлдөөнийг шийдэх эрх нь УИХ-д л байгаа юм. УИХ-ын бодлого бол удаан
хугацаанд амьдардаг, дэлхийн бусад улс орнуудын жишгийг харгалзсан, монгол
улсын хөрсөн дээр суусан, амьдарсан ийм л хуулийг гаргая гэж ажиллаж байгаа.
Сумын хэсгийн төлөөлөгч яаж ажиллаж амьдрах, эхнэрийг нь яаж ажилтай байлгах
гэдгээс авахуулаад монголын хөрсөн дээрх амьдралтай уяж л асуудлыг шийдэхээс
тийм сайхан гадны жишиг байна. Энийг шууд авна гээд хуулаад явж болохгүй.
Хөрөнгө мөнгө ч хэмжээтэй хязгаартай.
-Олон
жилийн өмнө Ардчилсан намыг туулсан зовлон болгон нь хүчирхэгжүүлж байгаа гэж
бичиж байж билээ. Одоо ч гэсэн эргээд харахад АН зовлон дундаа л байх шиг
харагдах юм. Та бүхэн дараагийн үеэ бэлдэхгүй яваад байгаагаас болж өнөөдрийн
төрийн албанд учирч байгаа олон зовлон үүдээд байгаа юм биш үү. Ард чинь зогсож
байгаа залуусын тэргүүн эгнээнд зогсож байгаа залуу гэхэд энэ сайд шүү дээ. Тэр
сайн мэргэжилтэн байх. Гэвч хүн чанар суурьтай улс төр нь л бас ч гэж энэ улсыг
унагачихгүй явж ирсэн шүү дээ. Та бол энэ намын нэг том лидер. З.Энхболд намын
эрхийг авах гээд байна. Шонхор фракц МоАХ-той нэгдэнэ гэх мэт олон таамаг бас
явдаг.
-Ардчилсан
нам залуу үеэ бэлтгэх зэрэг бол жижигхэн асуудал болчихоод байгаа юм. Ерөөсөө
энэ төрийн алба гэдэг юмыг дөрөв дөрвөн жилээр огцом огцом өөрчлөөд байх уу,
аль ч нам нь гарсан үндсэн суурь нь байж байдаг жишигт тогтох уу. Энэ ганцхан
Монголд тохиолдоод байгаа асуудал биш л дээ. Японд жишээ нь ямар том төрийн
албаны хямрал гарсан билээ. Либериал ардчилсан нам нь олон жил ноёрхож байснаас
үүдэлтэй. Төрийн албан хаагчид аль ч нам гарч ирсэн төрийн бодлогыг яг таг хэрэгжүүлдэг
байхгүй бол тэд нар өөрсдөө бас анги болчихоод байгаа юм. Аль ч намаас ангид.
Тэр авилга хээл хахуулиа авалцаж өгөлцдөг. Юмаа нууж хийдэг. Улсын ажил
явдаггүй. Дээрээс өгсөн тушаал шийдвэр бол доошоо сум хүртэл гацаагүй л явах
ёстой ш дээ. Тэгэхгүй байгаа учраас шинээр эрх барьсан нам нь тодорхой хэмжээнд
цэвэрлэгээ хийж байна л даа. Тэгэхээр аль талдаа төлөвших хэрэгтэй байна. Нам
ч, төрийн алба нь ч. Залгамж халаа бэлддэг юм нь ч төрийн албанд бас хуулийнхаа
дагуу явдаг байх хэрэгтэй байна. Намууд нь ч улс төрийн тавцанд хэнийг гаргаж
ирэх үү гэдэг дээрээ бас л бэлтгэлтэй байхгүй бол энэ чинь өөрөө аль аль талдаа
сөрөг зүйлийг тээгээд байна. Абсолютный үнэн гэж байхгүй шүү дээ. 100 хувь
төрийн албан хаагчдын зөв гэж байхгүй. 100 хувь эрх барьж байгаа намын зөв гэж
байхгүй. Энэ нэг балансаа л эвтэйхэн олчихдог байхгүй бол хэтэрхий туйлширдаг
улсуудыг юу ру ч аваачиж хийчих гээд хэцүү юм. Монголчууд бол хэт халуун, хэт
хйтэнд амьдардаг. Үүнийгээ дагаад зан ааш нь ч гэсэн тийм юм шиг байгаа юм. Нэг
бол хэт үзэн ядаад л, маргааш нь нөгөө хүн нь эргээд баатар болчихсон байж
байдаг. Ерөөсөө тэрэн шиг сайн хүн байхгүй болчихдог. Гэтэл энэ хоёрын дундуур
явдаг. Ноён нуруугаа төрийн алба нь авч явдаг. Төрийн байгууллага нь энэ
дархлаагаа хамгаалдаг жишиг тогтмоор байгаа юм. Мэдээж тэрэн дотор болохгүй
улсууд байвал сольж явах ёстой. Аль ч намын дэргэд цахилгаан шатанд сууж
давхиад хурдан хурдан юманд хүрчих гэсэн хүсэл эрмэлзэлтэй, ийм хэв маягаар
амьдардаг залуу хүмүүсийн бөөгнөрөл яваад байгаа юм. Тэр бол их аюултай
үзэгдэл. Шат шатаар нь дамжаад л явах ёстой шүү дээ. Гэтэл нэг л өдөр сонгуульд
сайн ажилласныхаа хөлсөнд карьерынхаа жамаар явж байгаа олон хүний дээгүүр
гишгэлж гараад өндөр албанд суучихдаг. Энэ соёл нь өөрөө болохгүй байгаа юм л
даа. Би 1989 онд сургууль төгсөж ирээд монтёроор ажиллаж байсан.
-Уг нь
цахилгааны инженер төгсөөд ирсэн байдаг.
-Тийм.
Ажилд ороход л шууд монтёр болгож байгаа юм. Хамгийн доод талаас нь ажил
хийлгээд ингээд л явдаг байсан. Хүнийг ажилд сургадаг энэ систем алдагдсаны
согог ганцхан Ардчилсан намын алдаа дутагдал биш л дээ. МАН-д ч байна. Манай
намд ч байна. Төрийн албанд ч байна. Ингэж нэг алгасч болдог гэдэг буруу
ойлголтыг өгөөд байгаа нь өөрөө энэ төрд олон сөрөг үр дагаварыг бий болгоод
байгаа юм.
-Фракцын
тухайд та юу хэлэх вэ. Үнэхээр танд “Шонхор” гэж фракц байна уу. Намын эрхэнд
гарах оролдлогуудын ард та ер нь байж байсан удаа бий юу?
-Би
одоогийн намын даргатай намын даргын төлөө өрсөлдөөд ялагдсан шүү дээ.
-Тийм л
дээ. Энэ явдал саяханых. Урьд өмнө нь, ер нь гэсэн утгаар асууж байгаа юм?
-Мэдээж
АН өөрийн дүрэмтэй. Дүрмийнхээ дагуу явах ёстой. Намынхаа бүх ажлыг унтуулж
унтраачихаад ингээд намын эв нэгдлээр халхавчлаад явж болохгүй л дээ. Ардчилсан
хүчний холбоо гэж ТББ байна. Тэрэн дотор зөвхөн АН-ын гишүүд биш төрийн албан
хаагчид их байдаг. Төрийн албан хаагчдыг намын ажиллд оролцохыг хориглочихсон
шүү дээ. Тэгэхээр төрийн албанд байгаа ардчилсан үүзэлтэй хүмүүс манай холбоонд
байдаг. Тэрэн дотор “Шонхор” гэж клуб байна. Ардчилсан хүчний холбоон дотор
байдаг мөртлөө сонгуулиар гарсан аймгийнх байна уу, сумынх байна уу, УИХ-ын
гишүүн байна уу тэр хүмүүс бас оролцож явдаг. Улс төрийн зорилгоо тодорхойлдог.
АН дотор өөрийнхөө нөлөөг бэхжүүлж явдаг. Нэг ийм зорилготой. Дүрэм дотроо
биччихсэн. Ардчилсан сонгуульд АН-аас нэр дэвших гэж байгаа хүмүүсийг бэлтгэж
өгдөг. Бүхий л шатанд энэ үнэт зүйлээ ажил болгох гэж эрмэлздэг. Ерөөсөө
нуугаад байх зүйл энд байхгүй. Мэдээж намын их хурал болоод намын даргын
дараагийн сонгууль болоход өрсөлдөж л таарна. Одоогийн явж байгаа юман
дотор буруу юм их байна. Тэрийг бол ил шүүмжилж байгаа.
-Нэг
зүйлийг асуухгүй бол болохгүй нь. Энэ бол нарийн бүдүүн царигийн асуудал. Нэг
хэсэг монголчууд бүгд уурхайчин болсон. Одоо бүгд царигчин болчихоод хэрэлдэж
байна.
-Одоо
бүгдээрээ төмөр замчин болчихсон байна уу. (инээв)
-Юмаа
сайн судлаагүй, мэдэхгүй залуучууд ч гэсэн хуваагдаад л туйлширцгааж байна.
-Харин
тийм ээ, юмаа сайн мэдэхгүй залуучууд л зурагтаар том том яриад байх юм даа. Ер
нь цариг бол гуравдугаар зэрэглэлийн асуудал юм байгаа юм. Зөвхөн цариг гээд
анхаарал хандуулчих нь өөрөө буруу. Юу нь чухал уу гэхээр монголд үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн далайн эрэг хүрэх нь л чухал. ОХУ-аар байна уу, Хятадаар дамжаад.
Манайд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн далайн эрэг хүрэхгүй бол бид хоёр хөршийнхөө
хэлсэн үнээр нь өгөх юм. Дэлхийн зах зээлийн үнээр өгч чадахгүй учраас манайд
үйлдвэрлэл хөгжихгүй гэсэн үг. Бид нар сонголтгүй байна шүү дээ. Бид далайн
эрэг хүргэчих юм бол олон худалдан авагч дотор чөлөөтэй зарна. Чөлөөтэй зарж
байгаа үнээр манай хоёр хөрш худалдаж авна. Яагаад гэвэл бид нар бусдад зардаг
үнээрээ л нөгөө хоёртоо өгнө шүү дээ. Тэгэхээр асуудлын гол нь явж явж монголын
нутгаас гарсан бараа далайн эрэг дээр яаж хамгийн хямдхан зардлаар очих вэ
гэдэг л болохоос цариг бол техникийн асуудал. Тэр бол дараачийн дараачийн
асуудал. Манайд том гангийн үйлдвэр байгуулагдлаа. 10 сая тоннын. Бид 10 сая
тоннын гангийн үйлдвэрийг хангах хэмжээний түүхий эдийг түүхийгээр нь гаргаж
байгаа. Төмрийн хүдэр гаргаж байна. Коксжих нүүрс гаргаж байна. Энэ хоёр
бүтээгдэхүүнээ нийлүүлээд хайлуулчих юм бол одоо зарж байгаа үнээсээ бараг
дөрөв дахин илүү үнээр зарах гээд байгаа юм. Тэгэхээр дөрөв дахин илүү үнээр
дөрөв таван зуун доллараар ширэм зарна. Яагаад би ширэм гээд байгаа юм гэхээр
энэ бол хамгийн бага татвартай бусад улсууд руу ордог бүтээгдэхүүн. Хагас
боловсруулсан бүтээгдэхүүн. Эцсийн ган болж амжаагүй. Эцсийн ган болчихоор
татвар нь өндөр болчихоод байгаа юм. Манай хоёр хөрш бол хоёулаа дэлхийн
гангийн тэргүүлэх улсууд. Тэгэхээр манай хийсэн ган бол энэ хоёрт зарагдахгүй
гэсэн үг. Дээр нь татвар нь ч өндөр. Тэгэхээр ядаж бид түүхийгээр гардаг юмаа
Х.Баттулгын яриад байгаа Сайншандад нийлүүлээд домин зууханд хайлуулаад ширэм
болгоод Тэнжин боомт дээр аваачаад таьчих юм бол Япон, Солонгос, Тайвань гээд
түүхий эд нь хэрэгцээтэй улсууд нь авчих юм л даа. Хятад ч гэсэн дөрөв таван
зуун доллараар авах юм билээ. Бугатын үйлдвэртэй гэрээ хийгээд л өгчих юм
билээ. Ийм л юм хийх юм бол Монгол аж үйлдвэржсэн орон болох тйишээгээ нэг
алхам хийж байна л гэсэн үг. Өртөг шингэж байна гэсэн үг. Тэгэхээр Монгол
анхныхаа домин зуухыг яг одоо бариад наймдугаар сарын 15-нд ашиглалтад орох гэж
байна. Тэр Эрдэнэтэд байдаг “Берн” гэдэг компани. Тэгэхээр ийм маягаар бид
асуудлыг харах юм бол цариг бол гуравдугаар зэрэглэлийн асуудал гэдэг нь
ойлгогдоно. За, яаж энэ хоёр улсын нутгаар дамжиж далайн эрэг хүрэх вэ гэдэг
асуудал байгаа юм. НҮБ-ын далайн эрх зүйн конвенц гэж байдаг. Тэрэн дээр далайд
гарцгүй улсыг далай руу явах замд нь байгаа улсууд өөрийнхөө тарифаар ямар
нэгэн илүүдэл татвар хураамжгүйгээр далай хүргэж ачаа барааг нь зөөж өгнө гэдэг
ийм дүрэм байна. Үүний дагуу Монгол улс хоёр хөрштэйгөө транзит гэрээ гэдэг юм
хийх ёстой. Тэгэхээр энэ транзит тээврийн гэрээ гэдэг бол ганц нэг чингэлэг
явах жижиг ахуйн хэрэглээн дээр ажиллаад болоод байна. Гэтэл одоо бид чинь 100
саяар тоологдох нүүрс, төмрийн хүдэр, миний мөрөөдөл бол одоо ширэм байна.
Дараагийн юм бол метал зэс байна. Ийм хүнд овортой бараануудыг хоёр улсын
нутгаар дамжуулж далайн эрэг хүргэхийн тулд нэмэгдэл гэрээнүүдийг хоёр
улстайгаа хийх ёстой юм. Гэтэл энэ гэрээний асуудал аль ерэн оноос эхэлсэн
байдаг юм. Оростой бол үзэглэчихсэн. Гарын үсэг зурах дутуу байгаа. Хятад
улстай бол яг одоо юмнуудаа ярьж байна. Манай улсын нутгаас гардаг аль боомтыг
ашиглах вэ. Тэр нь цаашдаа далайн эргийн аль боомттой холбогдох уу. Энэ хоёрыг
холбохоор маршрут гэдэг юм гарч ирж байгаа юм. Эрээнээс Тэнжин гэдэг бол нэг
маршрут гэсэн үг шүү дээ. Гашуун сухайтаас Далень гэдэг боомт бол бас нэг
маршрут. Тэгээд хэр хугацаанд ямар тариф тогтвортой мөрдөгдөх юм. Дор хаяж
25-30 жил байна. Тэгэхгүй бол энэ том үйлдвэрүүд ажлаа төлөвлөж чадахгүй шүү
дээ. Өнөөдөр нэвтрүүллээ. Маргааш хаагдлаа. Тэгэхээр 25-30 жилийн турш бид
Орос, Хятадын нутгаар ийм тарифаар юмаа зөөх юм байна гэдэг тодорхой болчих юм
бол цариг бол утга учиртай болно. Яагаад гэхээр Хятадтай транзитын гэрээ
байгуулах гэхээр та нар манайтай гэрээ байгуулах юм бол танай нутгаас нарийн
царигаар ачигдсан бараа л далайн эрэг рүү хамгийн хямдхан очно. Та нар энэ
дахин дамжуулах, дугуй солих ажлыг яах гэж хийгээд байгаа юм бэ. Нарийн цариг
та нарт л ашигтай шүү дээ гэдэг нь хэрвээ нарийн царигтай төмөр зам уурхайнууд
руу, боловсруулах үйлдвэрийн хот руу, Сайншанд руу ч юмуу тавигдсан тохиолдолд
транзит гэрээ чинь зөвшөөрөгднөө гэж гэж хэлж байгаатай утга нэг байгаа юм.
Орос мөн ялгаагүй. Та нар Владивосток хүрье гэвэл өргөн царигаар нүүрсээ ачаад
л явуулчих. Тэгэхээр бид бол далай руу гарах Монгол улсын стратегийн ач
холбогдлоо тэр цариг ямар байх вэ гэдэг стратегийн биш ач холбогдлынхоо
өмнө нь үргэлж тавьж байх ёстой юм. Энэ наймдугаар сард бид удаан хүлээсэн
транзит тээврийн гэрээгээ байгуулчих юм бол УИХ тэр царигийг Засгийн газрын
хүссэнээр баталж өгөхөд болох юмаа гэдэг байдал бол УИХ-ын хаалттай хуралдааны
хэлэлцүүлгээс бол харагдсан. Одоо шийдэхэд эрт байнаа, транзитын гэрээгээ
байгуулчихаад гарын үсэг зурсан гэрээгээ аваад ир. Тэгэх юм бол баталж өгөхөд
болохгүй юм байхгүй л гэсэн.
-
Саяхан манай УИХ-ын нэг гишүүн энэ нарийн бүдүүн царигийн асуудлаар нэвтрүүлэг
хийлгэж цацсан нь багагүй дуулиан тарьлаа. Манайх жижиг ч орон юм. Тэрэнд автаж
бас чамгүй бужигнаад авах шиг боллоо. Хужаа, эрлийз гэсэн замбараагүйтэл нүдэн
дээр хэд хоног гаарлаа. Гадаадын гэрээт ажилчдыг зодох, гудамжинд юмаар шидэх,
хараах мэтээр. Та тэр нэвтрүүлгийг үзэв үү. Х.Баттулга бол саяхан сайдын албан
тушаалаасаа татгалзсан улстөрч. Олны анхаарал татсан хоёр улстөрчийн тухай л би
нэр зааж асууж байгаа юм. Хүн бүгдийн талаар танаас асуух нь зохисгүй зүйл
гэдгийг мэдэж байна.
-Би тэр
нэвтрүүлгийг үзээгүй. Нэвтрүүлгийн талаар явж байгаа маргаануудыг бол хэвлэл
мэдээллийн хэрэгслээр харж байгаа. Цөөхөн хэдэн монголчууд бид нэг нэгийгээ
эрлийзээр нь дуудах буруу. Тэрнээс илүү шийдэх олон асуудал байгаа. Яаж хурдан
үйлдвэржсэн орон болох уу. Зарж байгаа юмандаа өртөг шингээж зарахгүй бол
хэдхэн уурхайн эздийн ашиг болоод байна гэдэг шүүмжлэлтэй бол би санал нийлж
байгаа. Тийм учраас бушуухан хэдэн сайн үйлдвэр байгуулагдах нөхцлийг нь л
хурдан бүрдүүлж өгье.
-Ер нь
бол төмөр зам дээр төрөөс баримтлах бодлого бол батлагдчихсан зүйл биз дээ?
-Саяын
Засгийн газрын нарийн царигийг оруулж ирдэг чинь тэр бичгийнхээ дагуу л оруулж
ирж байгаа шүү дээ. Бүтээгдэхүүн нь шууд экспортод гардаг төмөр замын цариг
ямар байхыг УИХ-д оруулж шийдүүлнэ. Одоогийн төмөр замтай огтолцсон бол
заавал одоогийнхоороо байна. Огтолцоогүй буюу жишээ нь Тавантолгойн цариг
нарийн байхыг бол зөвшөөрчихсөн л байгаа ш дээ. Тэр бодлогоор.
-Ерөнхийдөө
аливаа томоохон шийдвэрүүдийн ард явд манай нийгмийн нэг хардлага бол Төрийн
бодлого шийдвэрт том корпорациуд нөлөөлж байна гэх хар байдаг. Өнөөдөр MCS
группыг энэ ойлголт тойрч байгаа байх. Эрх баригчдыг ямар нэгэн хэлбэрийн
авилгад автсан байж магадгүй гэж ил далд сэрдэж байх шиг байна л даа.
-Би бол
авилга гэж бодохгүй байна. Төр өөрөө том ч бай жижиг ч бай компаниудынхаа ажлыг
дэмжих үүрэгтэй. АНУ-ын төр бол тэрний төлөө ажилладаг. Яагаад гэвэл наад
хүмүүсийн чинь төлсөн татвараар бид амьдардаг учраас манай Пебоди компанийг
Таван толгойдоо оруулаачээ гээд элчин сайд нь шууд яриад явж байдаг. Энэ бол
манайд ч гэсэн байж болох зүйл. Яагаад гэвэл төмөр зам тавьсан тохиолдолд бараг
80 хувь нь тавантолгойн нүүрс явна ш дээ. Нөгөө ордынхоо хэмжээгээр харьцуулаад
үзэхэд. Тэгэхээр MCS компанид ашигтай төмөр зам биш тавантолгойн ордод ажиллаж
байгаа бүх компанид ашигтай төмөр зам. Тэр ордоос их л бараа зарагдаж байвал
энэ нэг валютын ханш хамаг юм чинь сайжирна шүү дээ. Тэгэхээр Төр бол
компаниудынхаа төлөө ажилдаг, дугардаг, нөхцлийг нь бүрдүүлж өгдөг байх ёстой.
Үүнийг авилгатай холбож болохгүй.
-Тийм
ээ, энэ бол хамгийн зөв хандлага. Тэгэхээр хөрөнгө оруулалттай холбоотой асуулт
байгаа. Манайд гайгүй ажиллаж байсан олон компани гараад явчихсан. Энгийн жишээ
хэлэхэд хотын төвийн офисууд түрээслэгчид байхгүй хоосон байна.
-Бүтээдэг
улс болохгүй нэгнээс авч нөгөөд зардаг улс байгаад байх юм бол мэдээж мэдээж
амжилтанд хүрэхгүй шүү дээ. Би сая Эрдэнэт үйлдвэрийг тойрч бизнесээ явуулдаг
хэд хэдэн компаниар орлоо. Маск хийдэг нэг компани байна. Арван хэдэн хүн
ажиллуулдаг цоо шинэ компани байна. Урьд нь маскаа хятадаас оруулж ирдэг байсан
бол одоо Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь хангаад , Улаанбаатар луу энэ утааныханд
зориулж маск зарах гэсэн юм гэж санал тавьж байна. Нэг нь хэдэн төгрөгийн
үнэтэй вэ гэж асуусан. 2000-3000 мянган төгрөг. Олон удаа ашигладаг. Тусгай
шүүлттэй. Эрдэнэт үйлдвэр бол тэдний хийсэн бүх маскийг худалдаад авчихдаг юм
байна. Бас нэг Эрдмин гээд Эрдэнэтийн боловсруулж чаддаггүй исэлдсэн хүдрээс
зэс гаргадаг, олон жил болж байгаа үйлдвэр байна. Бид эхлээд катодын зэс эхлээд
хийдэг байсан. Одоо кабелийн зэс хийж байна. Монголыг бүтнээр нь хангаж байгаа.
Экспортонд гаргах зориулалттай. Зүгээр зэсээ бол 7000 долларт
зардаг. Кабель хийчихээр 15000 доллар болдог гээд ярьж байна. Хямрал болж
байна. та нар ажилчдаа цомхотгож байна уу гэтэл үгүй гэж байна. Бэрн гэж тэр
гангийн үйлдвэрт очлоо. Бид нар ахиад 1000 хүн ажилд авах гэж байна. Архангайн
Төвшрүүлэх, Эрдэнэтийн гангийн үйлдвэрт. Бид ширэм үйлдвэрлэж байна. 400
долларт зарж байна. Дараа жил бид Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээтэй бх ган
бөмбөлөгийг үйлдвэрлэнэ гэж байна. Хүнээ халж байгаа биш хүн нэмж ажилд авах
гэж байгаа ийм компаниудтай уулзахад үнэхээр урамтай байна. Миний ярьсан бүх
компани бол үйлдвэрлэгч компани байгаа. Түүнээс биш гаднаас маск авчраад зардаг
компани бол энэ хямралыг тэсэх ч үгүй. Тэгээд л хаагдаад л явна. Хэн үйлдвэрлэж
байна. тэр хүмүүст одоогийн эдийн засгийн хямрал чинь нөлөөлөхгүй байна шүү
дээ. Тэгэхээр бид бол Эрээнээс бараа авч зардаг жижигхэн худалдааны улс биш
гаргаж байгаа энэ уул уурхайн юмандаа өртөг шингээгээд л явах л чухал байна.
тэр Берн клмпанийн мянган хүний ажлын байр гэдэг бол ахиад цаана нь мянган
айлын моргаж байгаа шүү дээ, цаана нь. Тэгэхээр ийм зүйлүүдээ олж хараад, ийм
зүйлүүдээ дэмжээд явах хэрэгтэй байна. Берн жишээ нь бондын мөнгөнөөс 75 сая
доллар авсан л байна лээ л дээ. Гэх мэтээр юм бол явж байна. Нэг өдөр л
наймаачин улс үйлдвэрлэгч болчихгүй шүү дээ. Үйлдвэрлэгч болохоор зорьсон энэ
дөрвөн жилийн хугацаа хүндрэлтэй байна л даа.
-Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоногийг дууссаны дараа ээлжит бус чуулганыг
хуралдуулахыг шаардана гэж сөрөг хүчин мэдэгдэх шиг боллоо. Тэр битгий хэл 2016
оныг хүлээхгүйгээр УИХ-ыг тарааж ахин сонгууль зарлах ч мөрөөдөл сөрөг хүчний
зүгээс хэлж байна. Ийм бололцоо байгаа юу?
-Манай
Үндсэн хуулиар УИХ тарах бол маш өндөр шалгууртай. Их хурал болгоны үед тараана
гэж орилдог хэсэг хүн байдаг юм. Тэр бол амжилтад хүрэхгүй. МАН-ын шаардсанаар
ээлжит бус хийхгүй. Ээлжит бус чуулган төлөвлөгдсөн байгаа юм. Хятад улсын
Ерөнхийлөгч манайд айлчлахдаа хүндэтгэлийн чуулганд үг хэлье гэдэг хүсэлт
гаргасан учраас бид хүндэтгэлийн чуулган хийнэ. Хүндэтгэлийн чуулганаас гадна
төсвийн тодотголоо хийж төсвийн орлого буурсантай холбогдуулан орлого зарлагаа аль
алиныг нь бууруулах үүргийг, дээрээс нь Чингис, Самурай бондыг төсөвтөө тусгах
үүргийг өгсөн байгаа. Үүний дагуу наймдугаар сарын 20 орчмоор ээлжит бус
чуулган хийнэ.
-Таныг
УИХ-ын дарга болоход ажиглагчдын зарим их хатуу, сөргөлдөгч, хонзонч хүн парламентыг
удирдах боллоо. Тэр тохирох уу гэх мэт үгс дуулдаж байсан. Бас Ц.Нямдоржийг
спикер болоход энэ нөхөр тараагаад хаячихнаа гээд л ярьцгааж байсан л даа.
УИХ-ын дарга гэдэг энэ орон зай хувь лидерийг өмнө нь харж байгаагүй өнцгөөс
харах бололцоог олгодог юм шиг санагдах. Сөрөг хүчин бол байнга л шүүмжилж
байдаг. Та сөрөг хүчинтэйгээ хэр ойлголцдог, тэдэнд хэр түшигтэй спикер вэ?
-Ер нь
бол олонхгүй парламентыг удирдана гэдэг бол хэцүү ажил. Олонх байхгүй. Олуулаа
нь бол байна. Нэлээн олуулаа нийлж байж олонхоо бүрдүүлж байж засаг байгууллаа.
Мэдээж олонхдоо нэг намын парламентыг удирдахаас ийм бүтэцтэй парламентыг
удирдах бол хамаагүй хэцүү. Бид үг хэлээ ололцож явж байгаа. Тохиролцохгүй
асуудал байдаг бол танхим дотроо шийддэг. Гудамжинд биш, телевизийн
нэвтрүүлэг хийж биш. Бодлогоо энэ дотроо гаргая гэдэг дээр УИХ-ын гишүүд
бүгдээрээ санал нийлж байгаа. Тэгээд бүтэж байгаа ч юм байна. Бүтэхгүй юм ч
байна. Хүмүүсийн ааш араншингаас болдог ч юм байна. Гэхдээ л эдийн засаг ийм
хүнд үед бол үг хэлээ ололцож явахаас өөр арга байхгүй.
-Тэсвэр
барагдтал уурлах үе гарав уу?
-Уурлах
юм бол байнга шүү дээ. Гэхдээ учраа олоод явж байгаа. Энэ нь бол өөрөө
консенсусаар асуудлыг шийдэж болдог юмаа гэдгийг л харуулж байгаа юм. Сая
шийдсэн, санал нийлсэн, хууль болгосон зүйлүүдийг харахад бол боломжийн ажлын
ард гарчихсан байх жишээтэй. Найман сарын ээлжит бус чуулганыг ийм ажил хэрэгч
чуулган байгаасай гэж бодож байна. Түүнээс биш нэг сайдын ёс суртахууны асуудал
яриад л бүтэн сарыг авч болохгүй шүү дээ.
-Танд
тавих миний сүүлийн асуулт хэвлэл мэдээлэлтэй холбоотой. Ер нь хүндэвтэр
нөхцөлд ажиллаж байна. Гэхдээ их зовлон туулж байна гээд уйлаад байх нь юу юм.
Нийгэмтэй нүүр тулахад улам л хэцүү болж байна. Манай салбарын энэ гунигтай дүр
төрхийн бүр цаад угшил тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн ард улстөрчид
байдагтай шууд холбоотой байна. Надад ч гэсэн таны тухай мэдээлэл ирсэн. Mass гэдэг телевиз бол УИХ-ын
даргынх, ЕTV –д бас
түүний хувь байдаг гэсэн мэдээлэл байна. Нэгэнт тантай нүүр тулсных мухарлаад
асуучихъя. Ер нь улстөрчид хэвлэлд хувьцаатай байгаа тохиолдолд бид нар зүгээр
ажлаа хийх, цэврээр өрсөлдөх бололцоо байхгүй юм байна.
- Mass
телевизтэй ямар нэгэн холбоо бол байхгүй ээ. Хэрвээ би ямар нэгэн компани
өмчилдөг, ямар нэгэн хувьцаатай бол миний хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр
байгаа. Тэнд бол энэ Mass телевизийн тухай байхгүй. Mass-ыг явуулж байгаа
улсуудыг бол танина. Тэнд очиж ярилцлага өгдөг. Нөгөө Ц.Энхбатын удирддаг.
телевиз ЕTV байна. Бас ярилцлага өгдөг. ЕTV –ийн Даваабаяр манай нутгийн залуу
байгаа. Ер нь бол урьвал очиж нэг ярилцлага өгөх хэмжээний л танилууд. Ямар
нэгэн өмчлөл бол надад байхгүй. Байдаг бол би тэрийгээ хөрөнгө оруулалтын
мэдүүлэгтээ бичих үүрэгтэй. Бичихгүй бол хариуцлага хүлээнэ шүү дээ. Тийм
учраас тэгж хардах юм бол байхгүй. Засгийн газраас их мөнгө тарааж хаалтын
гэрээ гэдэг юм хийлээ гэсэн асуудал гараад тэрийг нь УИХ-аас тогтоол гаргаж
хориглосон байгаа. Тэр тогтоол гарсан өдрөөс хойш хэвлэл мэдээлэлд ердийн
тайлан мэдээллээ тавихаас өөрөөр мөнгө өгөхийг хориглосон байгаа. УИХ ч гэсэн
хэвлэлүүдтэй жилээр нь гэрээ хийж цаг худалдаж авдаг. Өөрийн гэсэн телевиз
байхгүй учраас. Сонин дээр талбай худалдаж авдаг жишиг байна. Үүнээс өөр
харилцаа байхгүй. Энэ зааг хязгаараа бид мэдэж байгаа. Мэдээж хувийн хэвшил юм
чинь тэр зай талбай бүх юм нь үнэтэй байх л даа. Үнэгүй юм байхгүй юм чинь. Бүх
яамдыг 30 сая төгрөгөөр гэрээ хий гэсэн ийм аман даалгавар өгөгдөөд, тэр нь
хэрэгжиж байсныг зогсоосон байгаа. Яам болгоны хэрэгцээ өөр шүү дээ. Тэгэхээр
бүх яам адилхан мөнгө төлөх бол буруу гэж үзсэн.
-Сониноо
өөрсдөө үйлдвэрлэдэг, үйлдвэрлэлийн зардал төлдөг. Сэтгүүлчдээ тэжээдэг тийм
мэргэжлийн байгууллагуудын эфир, зай талбай үнэгүй бол яаж амьдрах юм бэ. Өөр
арга байхгүй. Гэтэл дунд нь менежерлэж гүйдэг шимэгч маягийн баг гарч ирээд
гэрээ хийгээд, бидний хөдөлмөр дээр мөнгө босгож байгааг би хувьдаа эсэргүүцсэн
юм л даа.
-Тийм.
Яамд, УИХ тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ажиллаж болно. Бүх зүйл
ил тод, тодорхой зарчим дээр суурилж л явах ёстой. Битгий биднийг шүүмжлээрэй
гэж мөнгө төлөх бол ёс суртахуунгүй явдал. Тэр 30 саятай холбоотой асуудал бол
хаалтын гэрээний шинжийг агуулж байсан учраас зогсоосон байгаа.
-Ер нь
улстөрчид хувийн хэвлэл мэдээлэлтэй байх ямар хэрэгтэй юм бэ. Тийм шаардлага
үнэхээр байдаг юм уу?
-Мэдэхгүй,
хэвлэлтэй хүмүүст нь л тавих асуулт байх.
- Би
жишээ нь, таныг олон жилийн өмнөөс танина. Олон удаа ярилцаж байсан. Та
ярилцсаны төлөө сэтгүүлчид мөнгө төлж үзсэн үү?
-Мөнгө
төлж ярилцлага авах санал ирдэг. Би зөвшөөрдөггүй юм.
-Мөнгө
төлж ярилцлага авах гэж юу гэсэн үг юм.
-Танаас
ярилцлага авъя. Тэр чинь тийм үнэтэй шүү гэдэг. Одоо би төлж ярилцлагаа
гаргуулах гэж байна ш дээ. Би бол үгүй ээ, миний ярилцлага хэрэгтэй бол чи
өөрөө л гарга. Би чамд мөнгө төлөхгүй. Би сонгуулийн үеэр реклам явуулсныхаа
мөнгийг бол төлнө.
-Сонгуульд
ч гэсэн та ер нь төлж үзсэн гэж үү?
-Бараг
үзээгүй дээ. Өөрийнхөө сонгуулийн үеэр тараах сониныг бол өөрийнхөө мөнгөөр л
хэвлүүлнэ ш дээ. Өвөрхангайн мэдээ гэдэг сониныг ч юм уу.
-Заримдаа
үнэхээр гомдмоор байдаг. Бүх зүйлийг төлбөртэй бичиж гэж харддаг. Хаалтын
гэрээтэй тэмцсэн биш рекламны гэрээ хийх компани ч олдохгүй, эргээд өөрийгөө
боомилчихоод л сууж байна даа.
-Манай
нөгөө туйлширлын л нөгөө тал нь байхгүй юу.
-МАН-ын
угшилтай компаниудад жаахан хатуу хариг хандлага үзүүлж байгаа гэх яриа бас
байна. Ийм зүйл үнэхээр байна уу?
-Тэрийг
одоо Засгийн газар л мэдэх байхдаа.
No comments:
Post a Comment