Thursday, 30 August 2012

Н.Наранбаатар: ”Монголчууд яагаад “Оскар” авч болохгүй гэж”

Өнгөрсөн долоо хоногт Монголын сонгодог урлагт нэгэн онцлог үйл явдал болсон нь УДЭТ-ын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллах болсон явдал юм. Тэрээр энэ хавар дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгийг Драмын театрын тайзнаа дахин амилуулах тендерт ялсан билээ. 31 жилийн дараа хоёр дахь удаагаа тавигдах жүжгийн дүрүүд сонгогдчихоод байна. Харин "Гамлет"-ын сүйт бүсгүй Офелиягийн дүрийг ирэх ням гаригт сонгон шалгаруулна. УДЭТ-ын отгон найруулагч Н.Наранбаатартай ярилцлаа.

НАДААС ТЕАТРЫН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ ГЭСЭН УРИАТАЙГААР АЖЛАА ЭХЭЛЖ БАЙНА

-УДЭТ-ын ерөнхий найруулагчаар томилогдсонд баяр хүргэе. Ажил албатайгаа танилцаж амжив уу?

-80 жилийн түүхтэй энэ том театрын ерөнхий найруулагч болсондоо баярлахын сацуу асар том хариуцлага ирж байгааг ойлгож, айх эмээх бас хийж бүтээх хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн олон бодол толгойд эргэлдэж байна. Миний хувьд энэ театрт гаднаас ирсэн шинэ хүн биш. Жүжигчнээс нь эхлээд найруулагч хүртэл 12 жил ажилласан учир ажлаа мэдэж байна. Мэдээж аливаа ажлыг авахад төлөвлөгөө байх ёстой. Өөрийн төлөвлөгөөгөө захиргаа болон уран бүтээлчдэд танилцуулсан. Өөрчлөлтийг сайн хийвэл шинэчлэлт бий болно. Шинэчлэлтийг сайн хөгжүүлбэл хөгжил бий болно гэдэг. Тэр утгаар Монголынхоо түүхэн том театрыг XXI зууны нүүр царай болгох, цаашлаад дэлхийн театрын хөгжилтэй эн зэрэгцүүлэх ажлуудад өөрийн багахан ухаан, хүчээ зарцуулна.

-Театрын ерөнхий найруулагчаар ажиллах шийдвэр гэнэтийнх байсан уу. Танд хэзээ танилцуулсан бэ?

-Ерөнхий найруулагч болох саналыг надад захиргааны зүгээс тавьж, ажиллаж чадах эсэхийг асуусан. Би чадна гэдгээ хэлж, өнгөрсөн долоо хоногт буюу 20-нд ажилдаа орлоо.

-Театрын уран бүтээлчид энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав. Ахмад уран бүтээлчид танд ямар зөвлөгөө өгч байх юм?

-Халуун дотно хүлээж авсан нь урам зориг өглөө. Шинэ залуу хүн шинээр ажиллах байх гэсэн итгэл хүлээлгэж байна. Бүх зүйл ерөнхий найруулагчаас шалтгаалдаг учир энэ их итгэлийг дааж явах хариуцлага чухал. Надад бодож санасан зүйл их байна. Энэ бүхэн өргөс авсан юм шиг маргааш ил болчихгүй. Багадаа хоёр жил, цаашлаад дөрвөн жилийн дотор олон зүйлд өөрчлөлт гарч, хөгжлийн тодорхой төвшинд хүргэнэ.

-Драмын театр нэг үеийг бодоход хүмүүсийн очих дуртай газар болсон. Гэхдээ үзэгчид танаас олон өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж байна?

-УДЭТ-ын ерөнхий найруулагчийн эрх үүрэг, хариуцлагын хувьд олон зүйл багтдаг. Урын сангийн бодлогоо барина, уран бүтээлчдээ хариуцна, аж ахуйд ч заримдаа оролцдог. Энэ театрыг өдий зэрэгт хүргэсэн олон сайхан найруулагчид байдаг. Б.Мөнхдорж найруулагчаас Б.Баатар. Ч.Найдандорж нар өртөөлж яваад би авлаа. Театраа өнгөтэй өөдтэй, сайхан болгохын тулд эдгээр найруулагчид хүч оюунаа зарсаар ирсэн. Цаг нь болсон байх. Энэ ажлыг нь унагачихгүй, илүү дээш нь өргөхийн тулд би хичээж ажиллана. Үүний тулд шат дараалсан олон төлөвлөгөө байна. Тухайлбал, жүжигчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөнө. Жүжигчдийн мэргэжилдээ хандах хандлагад нь стандартчлал бий болгоно.

Надаас манай театрын менежмент, хөгжил эхэлнэ гэсэн үндсэн уриатайгаар би ажлаа эхэлж байна. Театрын эд эс бүхэн үүнд хамаатай. Театрын хүн ямар байх ёстой, үүдээр орж ирэхэд гоо зүй, ёс зүй ямар байх, үүрэг хариуцлагаа яаж биелүүлэх, ажил мэргэжилдээ яаж хандах, яаж үнэнч байх ёстой гэх мэт олон зүйл байна. Уран бүтээлийн хувьд ойрын таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Түүнийгээ удахгүй тодорхой болгоно. Уран бүтээл ч тодорхой чанартай байх ёстой.

УРЛАГИЙНХАН БИД ТӨРДӨӨ ТООГДОХ ЮМ
ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Урлаг, спорт нийгмийн тэргүүлэх салбар. Спортынхны хөдөлмөрийг үнэлж, төр засгаас дэмжиж эхэллээ. Харин урлагийнханд ийм боломж байна уу?

-Би ерөнхий найруулагчийн хувьд гадаад бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллана. Спортынхныг төрөөс их дэмжиж байна. Тэр чинээгээрээ тамирчид маань сайхан амжилт үзүүлж байна. Түүн шиг урлагийнхан бид төрдөө тоогдох юм хийх хэрэгтэй байна. Аливаа улс орны гаднах хувцас, дотоод үзэл бодол нь соёл урлаг байдаг. Улс үндэстнийг соёл урлагаар нь дамжуулж мэддэг шүү дээ. Тэр дундаа театрын урлагаар таних ёстой. Ард түмний оюуны цар хүрээ ямар байгааг театрт нь тавигдаж байгаа уран бүтээлээр нь ойлгодог. Ард түмнийхээ оюуны хөтөч гэдэг утгаараа театрын урлаг нэн тэргүүнд алхаж явах ёстой. Олон улсын театрын олимпуудад оролцох үүд хаалгыг нээхийн төлөө чармайж ажиллана. Монголын хошин урлаг болон театр урлагийн жүжигчдийг би их авьяастай гэж боддог. Москвагийн олон театр, Лондонд Бродвэй театр гэх мэт олон орны театрт жүжиг үзээд ийм итгэл төрсөн юм. Харин бидэнд гарц нь хэрэгтэй байна.

-Олимптой тэнцэхүйц чансаа өндөр урлагийн тэмцээнүүдэд оролцох урилга ирдэг үү?

-Бид уран бүтээлээрээ Эдинбүргийн соёл урлагийн фестиваль, Шекспирийн наадамд оролцох хүсэл, боломж байвч зардал мөнгө хэцүү. Жүжигчдээс гадна тайз, декирац, тайзны ажилчид, гэрэл, шуумны ажилчид гээд бүрэлдэхүүн олонтой учраас зардал их гардаг. Тиймээс олон улсын том уралдаан тэмцээнд оролцож чаддаггүй. Одоо бол энэ бүхнийг дэмжээд оролцуулдаг болох ёстой. Манайд нийгмийн хариуцлагаа хүлээсэн олон том компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс театр руу хандах хандлага, хоорондын холбоос уялдааг бий болгоё гэж бодож байна. "Жалгандаа жарвалзахгүй" гэж би хэлэх дуртай. Тиймээс гадагшаа гаргах хүсэл байна. Олон бэрхшээл хүчин зүйлүүдийг даван туулж чанартай уран бүтээл туурвиж, гадагшаа тэмцээн уралдаанд оролцож "Алтан бөмбөрцөг", "Оскар" авч яагаад болохгүй гэж. Энэ бол холын мөрөөдөл биш. Хэл сайжруулах, yp чадвараа хөгжүүлэх, тусламж дэмжлэг сайн байвал болохгүй зүйл үгүй.

-Найруулагч Н.Наранбаатарын олон сайхан уран бүтээлийг хүмүүс үнэлдэг. Харин одоо ерөнхий найруулагчийн үүрэг илүү өргөн цар хүрээтэй болж байна уу?

-Б.Баатар найруулагч "Чи хоёрдугаар найруулагч болохоороо зөвхөн уран бүтээлээ бодоод амар байна" гэж хэлдэг юм. Үнэхээр ерөнхий найруулагч хүн уран бүтээлээс гадна хамт олныг бүтэн байлгах, театрын хувь заяа, хөгжилд анхаарна. Нэг ёсондоо нэг хүний төлөө биш нийтийн төлөө явах болно. Энэ 100 гаруй ажилтантай байгууллагын төлөө санаа зовж, хариуцлага хүлээх боллоо. Хоолтой ундтай, хувцастай, өнгөтэй зүстэй, амжилттай явах эсэх нь надаас шалтгаалах юм.

-Театрын түүхэнд ерөнхий найруулагчаар ажиллаж байсан бүх найруулагчид ОХУ-д суралцаж төгссөн, орос школтой хүмүүс байсан. Таны хувьд СУИС-ийг төгссөн анхны ерөнхий найруулагч боллоо?  

-Надаас өмнө ажиллаж байсан найруулагчид бүгд театрын эх орон болсон ОХУ-д мэргэжил эзэмшиж, сургууль төгссөн хүмүүс байсан. Энэ цаг үед СУИС-ийн бүтээгдэхүүн УДЭТ-ын ерөнхий найруулагч хийнэ гэдэг манай сургуулийн том амжилт байх. Заавал гадаад орныг зорьж, хол явж, чирэгдэл болохгүйгээр эх орондоо хичээж зүтгэж, сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлээд явж болдог гэдгийг харуулж, үүд хаалга нээгдэж байна.

АЛБА АВАХ АМАРХАН Ч,
ХАРИН БАРДАМ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ХЭЦҮҮ

-Залуу үеийнхний цаг ирлээ гэсэн яриаг таны энэ албан тушаалын томилгоо харуулж байх шиг. Энэ цаг үеийн эзэд гэдгээрээ бахархана биз?

-Энэ бол түүхэн замнал. Бүгд залуу насандаа театрын ачааг үүрч яваад, өртөөлөөд ачаагаа шилжүүлдэг. Бид ч өөрсдийн үедээ дорвитойхон үүрээд, зорьсон газартаа хурдан хүрэхийн төлөө гүйнэ. Чадал дуусахаар дараагийнхаа үед өртөөлж өгнө. Ахмад, дунд, залуу үеийн гурван цагийн хэлхээсэнд бид амьдардаг. Энэ удаад надад болон миний үеийн уран бүтээлчдэд хариуцлага ирж байгаа юм. Бусдадаа үлгэр жишээ болж, ахмад үеийнхэн биднийг яаж сургаж хүмүүжүүлсэн тэр сайхан өвийг дараа үеийнхэндээ өвлүүлэх ёстой. Тэр замыг нь цэвэрлэж, ивээс нь болж, зөв явахсан гэж бодож байна. Цаг хугацаа эргэлдэж байдаг. Нэг л өдөр би энэ ажлаа хүлээлгэж өгнө. Тэгэхэд ямар аятайхан юм өгөх үү гэдэг чухал. Алба авах амархан ч, бардам хүлээлгэж өгөх хэцүү.

-Театрын түүхэнд "Алтан үеийнхэн" гэж нэрлэгддэг олон сайхан уран бүтээлчид байдаг. Тэдний хойч үе гарч ирж байна уу?

-Цус сэлбэх процесс бол надаас өмнө нь явагдсаар ирсэн. Залуу уран бүтээлчдийг бэлтгэж, тэднээс шигшээд театрын уран бүтээлч болгодог. Мэдээж театрт, уран бүтээлд бүх цаг үеийг багтаах ёстой. Настай, хижээл, залуу үе, гүнж ханхүү гээд бүтэн жүжигчдийн бүрэлдэхүүн байдаг учир үүнийг бүрэн бүтэн байлгахад анхаарна. Түүнээс биш хэн нэгнийг учир зүггүй халаад, солиод байж болохгүй. Бүрэлдэхүүн бүтэн, чанартай байж мэргэжилдээ үнэнч, мэргэжлийнхээ төлөө бүхнээ зориулж чаддаг уран бүтээлчдийг театртаа байлгах, тэр эрмэлзлэлийг нь төрүүлэх арга хэмжээг авна.

-Аливаа сонгодог бүтээлийг тайзнаа амьдруулахад тохирох сайн жүжигчин байхгүйгээс уран бүтээл гардаггүй гэж ярьдаг. Тэгэхээр гоц авьяастан эрж хайж олох ёстой юу, найруулагч гаргаж ирэх ёстой юу?

-Гоц авьяастай хүмүүс энэ хорвоод төрдөг. Тэд бидний хэлсэн хэлээгүй ил байдаг. Манай театрын түүхэнд болон өөр бусад урлагийн салбарт ч бий. Үнэхээр гоц авьяастай хүмүүс байвал улам л сайн. Гэхдээ гоц авьяастай ч бай, жирийн ч бай хүмүүсийг бид уран бүтээлээр, хөдөлмөрөөр нээдэг. Тэгэхээр уран бүтээлчдийг нээх зарчмаар ажиллах хэрэгтэй. Дэлхий дээр байхгүй гайхалтай Гамлетыг хэн нэг нь бүтээхийг, дэлхийд алдаршсан Гамлетын хөгжмийг хэн нэг нь зохиохыг үгүйсгэхгүй. Хөдөлмөр, чармайлтын ард гоц авьяастан төрнө.

-Та өөрөө жүжигчин, найруулагч мэргэжилтэй болохоор жүжигчдээ ойлгож, мэдрэхэд давуу байдаг уу?

-Өөрөө жүжигчин байгаад найруулагч хийхэд жүжигчдээ ойлгох, өөрийн санаа бодлыг ойлгуулж, мэдрүүлэхдээ илүү сайн байдаг юм. Гэхдээ жүжигчин байгаагүй хэр нь мундаг сайн найруулагчид олон бий.

-"Гамлет" жүжиг одоо ямар шатандаа явж байна. Та эмэгтэй гол дүрийн жүжигчинг яагаад өөрөө шууд сонгосонгүй вэ?

-Жүжиг маань театрын хэлээр ширээний уншлага хийж байна. Энэ жүжгийг задалж ойлгох, дүрийн зан чанар, онцлог, философи, төрх нь ямар юм гэдгийг судалж байна. Нэг жүжиг тавихын тулд хүн судлал, уран зохиол судлал, нийгэм судлал гээд олон салбарыг судалдаг. Өнөөдрийн нийгэм, ололт, алдаа дутагдал, гоо зүй, ёс суртахуун, хүмүүсийн зан ааш, нийтлэг төрх, шашин гээд маш өргөн хүрээний судалгаа явуулж байна. Эндээсээ бид нэгдмэл нэг зүг чиг тогтоод тайзан дээр гарч тогтсон ухагдахуун мөн чанаруудаараа дүрээ бий болгохоор ажилладаг. Ямар жүжиг болох нь зохиол задаргаанаас шалтгаалдаг. Урд нь би жүжгийн дүрүүдээ шууд оноодог байлаа. Одоо бол ерөнхий найруулагч жүжигчиддээ боломж олгож байгаа юм. Офелиягийн дүрд би нэг жүжигчинг сонгосноор бусад жүжигчдийн өрсөлдөх боломжийг орхигдуулах юм. Тиймээс энэ бүтэн сайн өдөр буюу есдүгээр сарын 2-нд сонгон шалгаруулалт явуулж Офелиягаа сонгоно.

-Таныг жүжгийн төсөлд ялахад ямар "Гамлет" тавих бол, хэнийг "Гамлет"-аар сонгох бол гэсэн хүлээлт байсан. Жүжигчин С.Болд-Эрдэнэ таны хүссэн "Гамлет"-ыг гаргаж чадах болов уу?

-Найруулагчид дүрээ сонгоно гэдэг зоргоороо хийдэг ажил биш. Танил тал, найз нөхөд, сайхан харилцаанаас ч шалтгаалахгүй. Тэр зохиолыг уншаад ямар сэтгэгдэл төрж, аль өнцгөөс харж, ямар үзэл санаатай Гамлет хийхийг хүсч байгаагаа найруулагч бодож дүрээ сонгодог. Мэдээж жүжигчний ур чадварын асуудал чухал. Хэдий гадаад төрх нь тохирсон ч ур чадваргүй бол хэцүү. Жүжигчийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэргэжилдээ үнэнч чанар чухал. Мөн нэг жүжигчинд үргэлж ууртай дүр өгдөг бол дараагийн удаа эсрэг дүрд, өөрт нь байдаггүй зан чанартай дүрд тоглуулах зэргээр жүжигчнээ хөгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Энэ бүхнийг тооцоолж байж дүрийн сонголт хийдэг.

Харин нэгэнт сонгосныхоо дараа амаа барьж болохгүй. Яагаад гэвэл тэр дүрийг бүтээж чадна гэж бодож сонгосон л бол хамтарч сайн ажиллах хэрэгтэй. Тиймээс С.Болд-Эрдэнийг арай л ондоо Гамлет гаргаж ирэх байх гэж найдаж, итгэж байгаа.

-Та СУИС-ийн мюзиклийн ангид багшлах гэж байгаа гэсэн үү?

-Тийм. Гэхдээ өнөөдөр мюзиклийн урлаг дэлхийд нэг номер болчихлоо. Дуулж, бүжиглэж, жүжиглэдэг авьяас билигтэй хүн жүжигчин гэж хэлэгдэж байхад бид хоцрогдож болохгүй. Эхний гараа явагдсан. Одоо баталгаажуулах хэрэгтэй байна. Олон сайхан мюзикл тавихын тулд сайн уран бүтээл гаргахын тулд өөрийн мэддэг чаддагаа хүргэхээр багшилж байна. Залуу насандаа хөдөлмөрлөх хэрэгтэй. Амжуулах л болно доо.

Энэ дашрамд драмын урлагийг үздэг, биширдэг, хайрладаг, хүндэтгэдэг, ойлгодог уншигчиддаа "Бүгд хамтдаа нэгэн зүгт харна шүү. Та бүхний дэмжлэг бид бүхний зүтгэлтэй нийлж байж бид хөгжил рүү алхах болно" гэж хэлмээр байна.

X.МОНГОЛХАТАН
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Г.Хонгорзул: Урлаг бол яс шиг хатуу ааруулыг хүлхэхтэй адил зүйл

“Улаанбаатар” чуулгын уртын дуучин, гавьяат жүжигчин Ганбаатарын Хонгорзултай ярилцлаа.
-Чуулгадаа ороод таван жил болж байгаа гэл үү?
-Тийм ээ, би энэ чуулгыг байгуулагдахад анхны дуучнаар нь орж байлаа. Чуулгын маань таван жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт өнгөрсөн хавар болсон. Өнгөрсөн хугацаанд чуулгаас маань дөрвөн гавьяат төрлөө. Даргатайгаа нийлэх юм бол таван жилийн ойн баяраа таван гавьяаттай угтсан хэрэг. Хамгийн сүүлд байгуулагдсан отгон чуулга гэхэд манайх нэлээд олон жүжигчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа, уран бүтээл маань тийм ч дорой буурай гэж үзэхгүй байна. Эрч хүчтэй, залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Улаанбаатар” чуулгыг маань гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс удирдаж яваа учраас үзэгч олонд хэдийнэ танигдсан. Мөн нийслэлийн олон байгууллага биднийг дэмжиж, уран бүтээлээ хийх урам зориг хайрлаж явдагт нь их баярладаг шүү. Ер нь хамт олон хэдий чинээ санаа сэтгэл нэг, эв нэгдэлтэй байна. Тэр чинээгээр уран бүтээлийн чанар чансаа сайн байдаг юм болов уу гэж боддог.
-Хүүхдийн мюзикл бүтээлээ дахин тоглох гэж байгаа гэсэн. Та ямар дүрд тоглож байгаа юм бэ?
-Манайхан дуулахын хажуугаар бүжиглэж, жүжиглэх гээд нэлээд бэлтгэсэн. Дуулж, бүжиглэнэ гэдэг тийм ч амар эд биш. Миний хувьд, энэ удаа айхтар дуулж, бүжиглээд байх дүр дээр ажиллаагүй. Нэг жижигхэн шувууны дүр авсан. Чуулгынхан маань урьд нь “Алигэрмаа”, “Самьяа ноён” зэрэг ардын харилцаа дууны дуулалт жүжиг тавьж байсан бол, дараа нь “Ай Нанаа” гэх түүхэн хүний сэдэвтэй маш сайхан бүтээлийг үзэгчдэд хүргэсэн. Харин өнгөрсөн хавар “Хүрээ хорвоо” дуулалт жүжгийнхээ дараа “Янзган хүрээ” хүүхдийн бүтээлээ сонирхуулсан. Ийм сайхан шинэ чуулгад, шижигнэсэн залуусын дунд ажиллах үнэхээр урамтай шүү. Уртын дуучин хүний хувьд, би ч гэсэн өөрийгөө залуу уран бүтээлч гэж боддог.
-Хувийн уран бүтээлийн тал дээр хэр анхаарч байна. Хоёр жилийн өмнө бие даасан тоглолтоо хийсэн биз дээ?
-Ойрын хугацаанд бие даасан тоглолт хийе гэсэн төлөвлөгөө алга. Мэдээж, цаашид бие даасан уран бүтээл дээрээ анхаарна. Жил болгон тоглолт хийнэ гэвэл утгагүй. Уртын дуу гэдэг чинь зүгээр л нэг сурсан дуугаа бичүүлчихээр гараад ирдэг бэлэн зэлэн эд биш. Уртын дуу гэсэн нэртэйгээ адил дуучин хүнээс урт удаан хугацаанд хөдөлмөрлөж, тэрийгээ эзэмших, гаргасан бүтээл нь бусдын сэтгэл зүрхэнд хоногшиж үлдэхээр их зүйлийг шаарддаг. Хүмүүст уртын дуугаараа юу өгөх вэ, тэр хүн энэ дуунаас юу авах ёстой вэ гэх мэт миний хүссэн чанарын түвшинд байгаасай гэж боддог учраас би жил бүр тоглолт хийхийг зорилго болгодоггүй юм.
-Этник хэв маягт оруулж дуулснаар уртын дууг сонирхох хүн олширсон. Гэтэл уламжилж ирсэн өнгө хэмнэл, үндсэн төрхийг нь алдагдуулах нь тийм ч сайн үр дүнд хүргэхгүй гэж урлаг судлаачид үздэг юм билээ. Дуучин хүний хувьд, та юу гэж боддог вэ?
-Аливаа нэгэн зүйлийн уламжлагдаж ирсэн язгуур суурь маш үнэ цэнэтэй. Уртын дуу, морин хуур гээд л эрт үеэс монголчуудын аман уламжлалаар дамжиж ирсэн, үе үедээ улам өнгө нэмж зүлгэгдсэн, цаашаа хөгжих боломжтой биет бус соёлын өв олон бий. Яахав, уртын дууг сонирхолтой хэв маягаар хүргэх гэсэн залуучуудын санааг би буруутгахгүй. Гэхдээ ямарваа нэгэн зүйлийн үндсэн өнгө төрх, чанарыг хадгалж явах тун хэцүү. Аливаа улс үндэстнийг  мөхөлд хүргэе гэвэл түүх, язгуур соёл, уламжлагдаж ирсэн зүйлийг нь үгүй хийхээс гадна  охид бүсгүйчүүдийнх нь хэвлийгээр эзэгнэх гэсэн бодлого баримталж байсан тухай олон баримт бий. “Чимээгүй дайн” гэж үүнийг л хэлж байгаа хэрэг. Ажиглаад байхад, аль ч улс орны нүүр царайг урлаг, спортоор нь төлөөлүүлж хардаг. Тиймээс би уртын дууг орчин үеийн хэв маягт оруулж байгааг буруутгахгүй ч гэлээ, уламжилж ирсэн үнэ цэнийг нь битгий алдагдуулаасай гэж хүсдэг. Хэрэв хэв маяг нь алдагдаад ирвэл хүнд хүрэх үнэ цэнэ нь хүртэл буурна шүү дээ. Бүх зүйлийг хөнгөн хийсвэрээр сэтгэж, энэ маягаар хандана гэдэг чинь тэрний цаад тал суурьгүй болсноос ялгаагүй гэж би ойлгож явдаг. “Хэчнээн сайхан өнгөтэй цэцэг вэ” гэж хартал тэр нь дороо үндэсгүй байвал яах вэ. Хоёр гуравхан хоног тэр сайхан өнгөөр гайхуулаад мөхнө.  Түүнтэй адил, ямарваа нэгэн зүйлийн үндэс нь бат бөх байж чадвал өнгө төрх нь улам сэргэнэ гэсэн үг. Хэт хийсвэрлэж, хөнгөмсөг хандаад байвал сайхан өнгө, анхилам үнэрээрээ хүний нүд, сэтгэлийг булаачихаад хэдхэн хоногийн дараа үхээд өгдөг сарнайтай ижил болно. Уртын дууг өнгөлж зүлгээд, янз бүр болгохыг нь буруутгаад яахав. Гэхдээ хэтэрхий их гуя, хасаа гаргаж уртын дуу дуулаад байгаа хүмүүс заримдаа их л “хүнд”  харагддаг.
-Поп дуучид уран бүтээлдээ уртын дууны шуранхай ашиглах нь бий. Танд бусад уран бүтээлчээс хамтарч дуулах санал хэр их ирдэг вэ?
-Ирдэг л дээ. СУИС-ийн оюутан байх цагаас эхлээд саяхныг хүртэл хамт байж, уран бүтээлээ туурвисан олон улсын хамтлаг маань зарим талаараа этник чиглэлийнх гэж  хэлж болохоор. Гэхдээ миний  хувьд Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Хэрлэнгийн домог”, “Хүүхэн хутагтын дуулал” нэртэй бүтээлүүд болон янз бүрийн хөгжимтэй цуг уртын дуу дуулж байсан. Уртын дууны хүчээр, Б.Шарав гуайнхаа буянаар дэлхийн хэмжээний олон сайхан арга хэмжээнд оролцсон доо. Хэрвээ би энэ урлагаас урвах юм бол маш олон хүний сэтгэл зүрхийг хөсөрдүүлж хаяна. Тийм учраас өөрийгөө бодож, хувиа хичээж үзсэнгүй. Энэ мэргэжлийг эзэмшихэд тусалж, намайг чиглүүлж өгсөн тэр хүмүүсийн сэтгэл зүрх, цаг зав, хөдөлмөрийг өнөө хэр нь хүндэтгэж явдаг юм. “Юуны төлөө, ямар зүйл хийх гэж уртын дуучин болсон юм бэ” гэж би өөрөөсөө байнга асуудаг. Уртын дуу бол улс орны аялгуут түүх гэж дотроо хүндэтгэж, хайрлаж явдаг минь ч үнэн.
-Нийтийн дуу дуулж байсан билүү, та. Уртын дуучид маань энэ салбар руу урвасан тохиолдол цөөгүй гарсан шүү дээ?
-Уртын дууны утга учрыг ойлгож амжаагүй, амьсгаа нь тогтоогүй байхад өөрийгөө мундаг дуучин гэж бодоод янз бүрийн дуу дуулж байгаа хүмүүст энэ их эрсдэлтэй алхам. Дуулж  сурна, дуулдаг болно гэдэг чинь хоёр өөр ойлголт. Бүр төгс дуулна гэвэл огт өөр ойлголт шүү. Тиймээс дуулахын төдий дөр олоод л “дэвж” байгаа хүмүүсийг хараад би өрөвддөг юм. Уг нь эхлээд уртын дууны амьсгаа суулгах ёстой. Суурилуулсан амьсгаан дээр дуугаралтаа эвсэлдүүлж, дуулж сурах шаардлагатай. Барилгачин хүн цутгасан суурин дээрээ ямар байшин барих вэ гэдгээ төлөвлөж боддог. Хагас хугас цутгасан суурин дээрээ болсон, болоогүй байшин барьчихвал тэр нь хормын дотор л нураад унана. Яг үүнтэй адилаар хэтэрхий хөнгөн, хуумгай юм хийгээд байна л даа, зарим дуучид. Уртын дууны амьсгаа нь тогтож, дуулах учраа дөнгөж олов уу үгүй юу л нийтийн дуу дуулаад явчихаж болохгүй. Урт юмыг хэсэг хэсгээр нь хэрчихэд амархан. Харин хэрчигдсэн хойно нь буцааж зүйнэ гэдэг мөн хэцүү еэ. Амьсгаа гэдэг чинь тэрэнтэй яг адилхан. Маш их ядарч зүдэрч байж тэр амьсгааг суурилуулж сурдаг байхгүй юу. Түүн дээрээ уртын дуу зөв дуулж сураагүй байж шууд л богино дуу дуулна гэдэг чинь тэр сайхан хоолойг “хэрчээд” хаячихлаа гэсэн үг. Миний хувьд  нийтийн дуу дуулах гэж оролдоно. Гэхдээ энд тэнд очоод ганц нэг зохиолын дуу дуулах гэхээр “Боль оо, уртын дуугаа дуул” гээд хүмүүс хүлээж авдаггүй. Тэгэхээр би зохиолын дуулья гэж нэг их айхтар зүтгэдэггүй. Өөрийнхөө хүсч сонирхсон, дурлаж тэмүүлсэн зүйлээ л хийх ёстой биз. Уртын дууг зохиолын дуутай хослуулаад сайхан дуулж байгаа хүмүүс зөндөө л байна. Хамгийн гол нь, тэд “учраа” олчихсон хойноо дуулж байгаа хэрэг. “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчээр юу ч сураагүй байж нүдэнд нь мөнгө харагдаад гүйж байгаа хүмүүсийг яалтай ч билээ. Сүүлд нь мөнгө ч үгүй, хоолой ч үгүй болоод хоцорч байгаа хүн олон байгаа байх.
-Багын тань хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг нь сэтгүүлч болох. Дуулахын хажуугаар давхар мэргэжил эзэмших гэсэн энэ хүслээ биелүүлсэн үү. Танд бүр энэ чиглэлээр сурах урилга хүртэл ирсэн биз дээ?
-Биелүүлж амжаагүй ээ. Сурах сонирхол их байсан, “Суралцаач” гэсэн сайхан урилга ч ирсэн. Миний ажил даанч цаг наргүй юм. Хэсэг хугацаанд гадагшаа явж тоглолт хийх  хойгуур ийм урилга ирсэн байна лээ. Хувийн амьдрал гэж нэг том даваа байна. Бас ээж болох хэрэгтэй. Ингээд юм бүхнийг зохицуулах гэж явсаар байгаад сэтгүүлч болж чадсангүй. Хэвлэлийн хүрээлэнгийнхэн тэр их хүсэл зорилгыг минь биелүүлэх гэж урилга өгсөн нь намайг мэргэжлийн сэтгүүлч болсноос ч ялгаагүй, их баярлуулсан шүү. Яахав, би сэтгүүлч болох ёсгүй л байсан юм байлгүй. Уртын дуугаа дуулаад болж л байна. Гэхдээ багаасаа мөрөөдөж, сонирхож байсан юм болохоор тэр хүслийг сэтгэл зүрхнээсээ бүрмөсөн аваад хаячихаж чаддаггүй юм. Адаглаад л янз бүрийн нийтлэл ч юмуу ном, сонин уншаад суучихдаг хүн дээ, би. Ярилцлага аваад явж байгаа сэтгүүлчид ч их сайхан санагддаг юм. Гэхдээ сэтгүүлч хүн их хүнлэг байх ёстой болов уу. Яагаад гэвэл, бусдын дотоод ертөнц рүү нэвтэрч байгаа тэр сэтгүүлч хүний дотоод ертөнц ч мөн ариун байх ёстой гэж би боддог. Хэцүү ч гэмээр хүмүүс цөөнгүй харагддаг шүү, зарим үед. Хүнийг муулаад бичнэ, муу муухайг нь гаргана гэдэг их амархан. Тэртээ тэргүй, тэр муухай юмыг гаргахын тулд сэтгэж бодоод байх ч шаардлагагүй. Үзэгний үзүүрээр хүний хувь заяаг шийдэх учраас хэрхэн ажиллах нь сэтгүүлч хүний хүнлэг мөн чанартай холбоотой асуудал. Би заримдаа “Сэтгүүлч болоогүй маань бараг оносон ч юмуу” гэж боддог юм.
-Мэдээж хэрэг, тэмдэглэл хөтлөх ч юмуу шүлэг бичих үе байдаг биз. Таны тэмдэглэл хэр арвин байдаг бол?
-Уг нь байнга хөтлөх юмсан гэж боддог. Гэхдээ нялх нойтон хүүхэдтэй болохоор ээж хүний ажлаа хийх гээд сүүлийн үед зав муутай л байна. Өдөр болгон тэмдэглэл хөтөлж чадахаа больсон ч, үзэг цаас нийлүүлэхээ орхино гэж юу байхав. Өнөөдөр миний сараачсан хэдэн үг арван жилийн дараа түүх болж үлдэх учраас яаж ийж байгаад л тэмдэглэл хөтлөхийг хичээнэ. Тэр тусмаа амьдралд минь тохиолдсон тэмдэглэлт үйл явдлуудыг ямар ч тохиолдолд бичиж үлдээдэг. Одоогийн байдлаар хоёр ч тэмдэглэлийн дэвтэр дүүрчихлээ. Энэ тэмдэглэлүүд үр хүүхдэд маань бидний амьдарч байсан түүхэн замнал болж үлдэхээс гадна сургамж өгөх байх. Хүний л амьдрал хойно, туулж өнгөрүүлсэн жаргал зовлон бүхэн миний хүүхдүүдэд ч бас тохиолдох болно. Тэр бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, хүч чадлыг тэмдэглэлээс минь олж аваасай гэж хүсдэг юм.
-Хоёр хүүхэд тань хэр том болж байна даа. Ойролцоо насных болоод ч тэр үү, нэлээд анхаарал халамж шаардаж байгаа байх?
-Тийм ээ, том хүү маань гурван ой гарантай. Бага охин минь ой, хоёр сартай болж байна даа. Ойролцоо насных болохоор ч тэр юмуу, ёстой “бужигнуулж” өгнө. Заримдаа би бүр үс гэзэг нь цахилгаанд цохиулсан аятай л юм сууж байна шүү дээ. Нөгөө хоёртойгоо зууралдсаар байтал өдөр өнгөрчихнө. Ер нь, хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч энэ байх.
-Гадаадад тоглох урилга ирж байна уу, олон улсын хамтлагтайгаа холбоо харилцаатай хэвээрээ юу?
-Урилга ирж байгаа. Гэхдээ би нэлээд оройтож ээж болсныг ч хэлэх үү. Нялх хүүхдүүдээ орхиод хол газар явж үнэндээ чадахгүй. Тэгээд ч сүүлийн дөрөв таван жилийн хугацаанд байнга л “Жирэмсэн”, “Төрсөн”, “Нялх биетэй”, “Нялх хүүхэдтэй” гэсэн шалтгаанаар үндсэн ажлаа ч хийж чадахгүй шахам явлаа. “Улаанбаатар” чуулгад харьяалалтай нэг л их мундаг хүн яваад байдаг. Энэ чуулгаараа овоглож, цалин мөнгө авч тэжээлгэж байгаагийн хувьд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулах ёстой. Үр хүүхдээ харахын хажуугаар хамт олонтойгоо байж, хийх ёстой ажлаа бүтээчих юмсан гэж хичээж, энэ сайхан чуулгынхаа ач буяныг хариулахыг чин сэтгэлээсээ хүсч явна. Тийм болохоор ар гэрийн ажлаа аль болох амжуулаад чуулга руугаа ирж байна.
-Төрөх дөхсөн, том гэдэстэй мөртлөө л энд тэндхийн тоглолтод дуулаад явж байсан. Ядрахаас гадна дуулахад ямар нэг хүндрэл гарсан л байх?
-2010 онд “Хөх тэнгэрийн зээ” нэртэй дөрөв дэх тоглолтоо ДБЭТ-т хийж байлаа. Тэгэхэд охин маань гэдсэнд бойжиж байсан. Тэрнээс хойш нэлээд хэдэн тоглолтод оролцсон нь үнэн. Гэдэс томорсон байхад янз бүрийн тоглолтод оролцох урилга тасардаггүй ээ. Яахав, дуулах үед хүчтэй амьсгаагаар доош нь дарах гэх мэт гэдсэнд байгаа хүүхдэд жаахан хэцүү л байсан биз. Сүүлд төрөх дөхөөд ирсэн чинь өөрт хүртэл мэдрэгдэж, дуулахад хүндрэлтэй болсон. “Сурсан юмыг сураар яаж боох вэ” гэгчээр нэгэнт л эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажил минь учраас хойш суусангүй. Хүн юу хийж бүтээж чадаж байна вэ, түүнийгээ л арилжаанд оруулж амьдарна шүү дээ. Амьдрахын эрхэнд тав арван төгрөгийн төлөө дуулах тохиолдол зөндөө л гарна. Заримдаа ах дүү, амьтан хүний гуйлга түүлгэнд ч явна. Дуулна гэдэг их амархан мэтээр боддог болчихож дээ, одоо цагт. Хэн дуртай нь аялсан дуундаа бичлэг хийлгэж, засуулаад тэрнийхээ цаана амаа хөдөлгөж зогсоод л дуучин болчихно. Мэргэжлийн дуучид эх орныхоо хөгжлийн төлөө өөрсдийн чадах зүйлээр нэмэр болох гээд зүтгэж явахад завсрын ийм зуйгуул юмнууд нэр хүнд унагаад байх юм. Нэг найз маань “Ам барьж байгаа дуучид маш их айдастай дуулдаг. Гэтэл үзэгчид тэр таагүй энергийг мэдэрч байдаг учраас ам барьж дуулна гэдэг том нүгэл” гэж хэлсэн. Энэ маш үнэн үг. “Ам барьж” байгаа хүний сэтгэл тавгүй, нүд нь эргэлдээд л хэзээ нөгөө тавьсан бичлэг нь “үсэрчих бол, хэдийд цахилгаан нь тасарчих бол гэж айж дуулна. Тэгэхэд мань мэтийг дуулж байхад цахилгаан унтарсан ч хоолой маань дуугарч л байна шүү дээ. Дуучин хүн чин сэтгэлээсээ дуулж байж л үзэгчдэд дуугаа хүргэж чадна. Зүрхэнээс зүрхэнд, сэтгэлээс сэтгэлд хүрч байж тэр дуунаас үзэгчид кайф авч байгаа хэрэг. Гэтэл бусдад өрөвдүүлж дуулна гэдэг хамгийн өрөвдөлтэй. Хэдэн дуу амьдаар дуулчихаж чадахгүй, хоёр дуунаас цааш ам нь ангалзаад унавал өөрийгөө дуучин гээд ч яах билээ. Урлаг гэдэг чинь тийм амархан аманд хайлаад урсчихдаг чихэр биш. Ээ дээ, мөн ч яс шиг хатуу ааруулыг амандаа хүлхээд явахтай адилхан зүйл шүү. Чадах нь гарч ирээд чадахгүй нь зам зууртаа үлдэнэ.
-Уртын дуучид тайван амгалан улс байдаг юм шиг ээ. Амьдрал, хүн чанар, дотоод сэтгэл гээд л таны ярианд ч мөн ийм байдал цухалзаж байдаг?
-Уртын дуу дуулдаг хүмүүс угаасаа л иймэрхүү байдаг, та анзаараарай. Төрж өссөн нутаг минь Хэнтий аймаг шүү дээ. Сайхан тал газар бий. Дээрээс нь би их тайван орчинд өссөн. “Аав ээж минь биднийг ямар нарийн нандин ухаанаар өсгөж хүмүүжүүлсэн юм бэ” гэж бахархаж явдаг юм. Бид нарын хажууд хоорондоо тачигнатал хэрэлдээд, барилцаж авч байгааг нь хараагүй. Магадгүй, ийм уужуу тайван сэтгэлтэй амьдрахад нутаг ус, өссөн орчин, эзэмшсэн мэргэжил минь нөлөөлж байгаа биз. “Могойг модоор хатгаад ууртайг нь гайхав” гэгчээр уур уцааргүй хүн гэж хаана байхав. Хамгийн гол нь, уураа ямар үед гаргах вэ, яаж илэрхийлэх вэ гэдэг нь чухал. “Би ууртай хүн” гээд учиргүй барилцаж аваад л, маажилцаж үсдэлцээд унавал хэцүү. Юун төлөө оюун ухаант хүн билээ. Уураар зохицуулаад болж бүтсэн зүйл гэж байдаггүй байх аа. Нийгэм угаасаа стресстэй байна шүү дээ. Дөрвөн ой хүрэх гэж байгаа хүү минь хүртэл “Ээж ээ, та мэдээ үзэхээр дэмий” гээд үзүүлэхгүй байна. Мэдээ үзэхээр л ээжийнх нь хөмсөг атиралдаад эхэлдгийг анзаарч л дээ. Хүүхэд хүртэл тэр таагүй мэдрэмжийг мэдэж байна. Түүнээс гадна төв суурин амьдралд орж ирээд хүн “Хүн байх” мөн чанараа алдаж яг л машин, гар утас шигээ болоод байх шиг. Бид бүгдээрээ л адилхан. Зарим талаараа мөнгө бидний хэрэглээ мэт боловч үнэн чанартаа өөрсдөө мөнгөний “хэрэглээ” болчихсон юм шиг харагддаг. Мөнгөний хойноос хөөцөлдөж, гэдсэндээ хөлөө жийлцээд байгаа нь ч энэ бүхний илрэл. Яахав, цаг үеийн шалгарлаар үнэн мөн нь тогтоогдоод шигшигдэх байлгүй дээ. “Төрийн төлөө оготно боож үхэв” гэгчээр тэр болгоны төлөө бухимдаад ч яахав, хоёр нялх хүүхэдтэй хүнд дэмий. Өнөөдөр орох орон, өмсөх хувцас, идэх хоолтой, бусдын жишгээр элэг бүтэн амьдраад явж байгаа минь л бурханы хишиг, тэнгэрийн аврал гэж залбирч явья. Хүн дотроосоо гэрэлтэж амьдрах ёстой гэж би ойлгодог. Дотоод гэрлээ мэдрээд амьдарвал бид хүн чанараа алдахгүй. Ямар ч үед бие биеэ хүндэлж, амьдрахыг эрхэмлэж яваасай гэж хэлье дээ.
Р.Мөнгөн

Saturday, 4 August 2012

Э.Бадар-Ууган: Дөрвөн жил харвасан сум шиг хурдан өнгөрсөн байна


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар- Уугантай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар олимпийн наадмын нээлтийн ажиллагаа, зарим спортын тэмцээн уралдааныг хамт үзээд өчигдөр эх орондоо ирсэн юм.

-Олимпийн наадамд тамирчны биш үзэгчийн хувиар оролцох ямар байна вэ?
-Сайхан зүйл үзээд ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Лондон руу хоёр зочинтой явсны нэг нь би, нөгөө нь Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц гуай. Нээлтийн ажиллагаа өвөрмөц, олон сайхан сюрпризтэй болсон. Гадны тамирчдыг харахад өөрийгөө энэ дунд явж болох байсан гэж бодогдсон шүү. Өөрийн эрхгүй уйлах гэж байсан. Баярлахын хажуугаар гунигласан (инээв).

-Ямар спортын тэмцээн үзэв?
-Нээлтэд оролцсоны нөгөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн хатан хаан II Элизабеттай уулзалт хийсэн болохоор Х.Цагаанбаатарынхаа барилдааныг үзэж чадаагүй. Гэтэл ялагдсан. Ерөнхийлөгч дараагийн өдрийн ажлаа зохицуулаад Б.Түвшинбатын тоглолт, С.Ням-Очирын барилдааныг үзсэн. Ерөнхийлөгчийг үзэх бүрт манай тамирчид ялалт байгуулж байсан шүү. Монгол Улсын Шадар сайд. Лондон- 2012” зуны олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч М.Энхболд, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар бүгд Ерөнхийлөгчид “Та энд байгаад байвал манай тамирчид ялаад байх юм биш үү. Та ажлаа зохицуулж болдоггүй юм уу” гэж хошигнож байсан (инээв). Маргааш нь Н.Төгсцогтыг ялуулаад ирсэн дээ. Ерөнхийлөгч Х.Цагаанбаатарыг ялагдсаны дараа олимпийн тосгонд очиж тамирчидтайгаа чөлөөтэй уулзалт хийж, сэргээсэн нь их нөлөөлсөн.

-Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бол таны сайн найз. Их Британийн Колин Оатист ялагдсаных нь дараа уулзав уу?
-Тамирчдын тосгонд очихдоо уулзсан. Толгойгоо сэгсэрч байна билээ. Бүр өөртөө итгэхгүй байсан. Ялагдсан хүн хэцүү. Би Монголдоо ирээд барилдааных нь бичлэгийг үзсэн. Цагаанаа үнэхээр илүү байсан. Нөгөөх нь амиа аргацааж байхад улайрч байгаад ялагдсан. Олимп дөрвөн жилд нэг болдог болохоор хатуу юм. Дараагийн олимпийг хүлээхээр нас нь явчихна. Сая “Миний жинд нусан буу (Гүржийн 20 настай Лаша Шавдатуашвили) түрүүллээ” гэж байна билээ.

-С.Ням-Очирын хүрэл медаль хүртэхийг хараад юу бодогдов?
-Үнэхээр сайхан байсан. Өөрөө авсан юм шиг баярласан. Жүдог сайн мэдэхгүй болохоор юу гэж орилохоо мэдэхгүй байлаа (инээв).

-Тэгвэл боксын тэмцээний үеэр сайн орилсон биз?
-Н.Төгсцогтын Азербайжаны Элвин Мамишжадетэй хийсэн тоглолтыг Ерөнхийлөгч, Шадар сайд, Хамба гуай нарын хамт хүндэт зочдын суудлаас үзсэн. Төгсөө эхний үед нэг оноогоор ялагдахад Ерөнхийлөгч сандарч байсан. Олон улсын төрийн тэргүүн суусан хүндэт суудлаас орилж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Би тэсэхээ байгаад Ерөнхийлөгчид “Ориллоо шүү” гэхэд “Орил орил” гэсэн. Ингээд орилж өгсөн дөө. Бокс мэддэг хүн хажуугаас орилоход рингэн дээр байгаа тамирчинд сонсогддог юм. Дасгалжуулагч хамаагүй хэлж болохгүй, тэгвэл торгуулдаг. Төгсөө миний хэлснээр тоглоод ялсан. “Дөрөв цохь л доо” гэхэд яг дөрөв цохиж, үеийн сүүлчийн 10 секунд явж байхад “Нэг оноо” гэхэд авч байсан. Хамба намайг бүр биширчихсэн “Энэ хүүхэд яг мэдэж байна” гэж байсан шүү. Нэг мэдсэн чинь Ерөнхийлөгч “Сүүлчийн 30 секунд” гээд орилж байсан.

-Н.Төгсцогт тоглолтын дараа юу гэж байна?
-“Таны яриа их гоё сонсогдсон. Та Монгол руу явахгүй үлдэж болдоггүй юм уу” гэсэн (инээв). Төгсөө маань тэр тамирчинд өнгөрсөн жил Бакуд болсон ДАШТ-д олимпийн эрхийн төлөө тоглоод ялагдсан болохоор би эмээж л байлаа. Би дүүгээ ДАШТ-ээс ирснийх нь дараа “Чи наадахаа хамаагүй илүү ялна аа. Өнгөрсөн жил нутаг дээр нь тоглосон болохоор л ялагдсан. Та хоёр олимпийн наадамд таарна” гэж хэлж байсан нь ёсоор болсон.

-Н.Төгсцогт таны адил 79 дүгээр сургуульд суралцаж байсан. Та түүнийг хүүхэд байхад нь таньдаг байв уу?
-Надаас олон дүү болохоор яаж анзаарах вэ. Харин Төгсөө намайг анддаггүй байсан юм билээ. “Та ёстой аймаар атаман байсан. Бид нар “Энэ чинь нөгөө Бадар-Ууган шүү дээ” гэж ярьдаг байсан” гэж байсан. Миний УАШТ-ий медальтайгаа авахуулсан зураг сургуулийн хүндэт самбар дээр их гардаг. Хааяа өөрийгөө харчихаад явдаг байлаа (инээв). Ер нь манай Шархад чинь боксчдын өлгий нутаг шүү дээ.

-Та “нутгийн дүү”-дээ юу гэж захидаг вэ?
-“Ах нь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа олимпийн аварга болсон. Тиймээс чамд олимпийн аварга болох дутуу байна. Үүнийг сайн бодож бэлтгэлээ хийх хэрэгтэй” гэж хэлдэг. Жаахан хүүхэд болохоор урмын үг байнга хайрладаг.

-Сая гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн тоглолтыг үзэж амжаагүй юм уу?
-Биднийг Монгол руу ирж байхад Чехийн Зденек Хладектэй эхний тоглолтоо хийж таарсан болохоор үзэж чадаагүй. Манай Мөөгий гурав дахь олимпдоо оролцож буй мундаг тамирчин шүү. Намайг улсын аварга болоогүй байхад олон улсын тэмцээнд түрүүлж байсан.

-Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба өөрийнхөө мөнхийн өрсөлдөгч гэж хэлж болох БНХАУ-ын Жоү Шиминьтэйгээ нэг зоонд орсон. Энэ тухай юм ярьж байна уу?
-“Гайгүй биз дээ” гэхэд “Гайгүй ээ” гэж байна билээ. Сугалааны тухай нэг их ярих дэмий байдаг юм. Бокс Англид үндэснийх нь спорт шиг болчихсон. Үзэгчид нь сайн мэддэг юм билээ. Хятадад үзэгчид жаахан сонирхолгүй үздэг. Харин Англид тэс өөр. Улсынх нь тамирчин тоглохгүй байсан ч гэсэн ордон битүү дүүрч, хөлбөмбөг үзэж байгаа юм шиг дэмжиж байсан нь гоё санагдсан. Хоёр тамирчин жаахан зодолдоод ирэхээр алга ташиж, улам улайруулдаг. Их гоё уур амьсгалтай байсан.

-Манайхан жиндээ хэр орсон байна вэ?
-Бүгд эрт орсон байсан. Би Төгсөөд жаахан санаа зовж байсан ч гайгүй шүү. Ёстой л уяа сойлго нь таарсан байна билээ.

-Та өөрийн тоглодог 56 кг-ын жингийн тамирчдаа харж амжив уу. Танд дөрвөн жилийн өмнө юм болохгүй ялагдаж байсан Ирландын Жон Жо Невин их туршлагатай болсон байна билээ?
-Тийм байна билээ. Би Кубын Лазаро Альварес, Бразилын Робенилсон Виейра хоёроос бусадтай нь тоглож байсан. Хуучны танил ОХУ-ын Сергей Водопьянов маань өчигдөр тэр бразилд ялагдлаа. 2008 онд надад ялагдсан Мексикийн Оскар Вальдес, Ирландын Жон Жо Невин хоёр хүрэл медалийн төлөө таараад байна.

-Хэрвээ та олимпод оролцсон бол яах байсан бол?
- Хуучныхаа амжилтыг төвөггүйхэн шиг гаргачихна. Гэхдээ одоо “Тэгэх байсан” гэж яриад яахав вэ. Өнгөрсөн юм бол өнгөрсөн юм.

- ДАШ,Азийн наадмыг эс тооцвол та бүх тэмцээнд түрүүлсэн. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийг хүсдэг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ олимпийн хошой аварга болчихвол бүр гоё. Би бүх тэмцээнээс медаль хүртсэн. Бүгд алт биш л болохоос биш. Бие гайгүй болбол зүтгэнэ.

-2008 оны олимпод шигшээ багийг Д.Банди, Д.Батсүрэн багш нар удирдаж байлаа. Харин одоо Д.Ганзориг, Э.Сайнбилэг нар ажиллаж байна. Энэ тухай юу хэлэх вэ?
-Аливаа юм ээлж дараалалтай, үе үеэрээ байдаг. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч гэдэг хүнд ажил. Д.Ганзориг багш маань энэ ажлыг хийж, багаа сайн удирдаж байгаа. Би багшдаа үргэлж баярлаж явдаг. “Бээжин-2008”-ын амжилтыг энэ удаа гаргах байх.

-Олон жил тоглоод ирэхээр бүх зүйл гарт орно биз?
-Тэгнэ. Өмнө нь яаж тоглоод ялдаг байсан юм бэ, бүү мэд. 2006 оны Дохагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэхдээ туршлагагүй байсан байгаа юм. Би оны өмнө Казахстаны тэмцээнд дээд жиндээ түрүүлсэн. Өөрийнхөө бодсоноор тоглоод л түрүүлсэн. Гэвч хүсвэл хясна гэдэг нь болчихоод байна.

-Та бэлтгэлдээ хэзээ орох вэ?
-Эмчилгээгээ дуусгана. Нэлээн удах байх. Хамгийн гол нь хөдөлгөөн хоригдоод байгаа. Тэнцвэрийн эрхтэн үрэвссэн болохоор гүйж ч болохгүй.

-Жин нэлээн нэмэгджээ?
- Харин тийм. Хамаагүй хөдөлж болохгүй болохоор хааяа саунд сууж байна.

-Одоо хэд хүрч байна вэ?
- Бараг 70 кг болсон.

-56 кг-ын жиндээ тоглоход асуудал үүсэх нь дээ?
- Ер нь 60 кг-ын жинд л тоглоно доо.

-Тэгвэл дэлхий нийт Монголын Энхбатын Бадар-Ууган, Украины Василий Ломаченко нарын супер тулааныг үзэх нь ээ?
-Тийм юм байна.

-Та түүнийг хэр мэдэх вэ?
- Мэдэлгүй яах вэ. 2007 оны Чикагогийн ДАШТ-д би 54, тэр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртээд уйлаад гарч байлаа (инээв). Гэхдээ дараа жил нь Бээжингийн олимпод хоёулаа түрүүлсэн.

-Олимпийн шилдэг боксчны шагналын төлөө та хоёр ширүүн өрсөлдсөн шүү?
-Тийм.

-Дөрвөн жил харвасан сум шиг өнгөрсөн байна шүү?
- Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Би саяхан л олимпийн тосгонд байрлаж, тоглолтдоо бэлтгэж байсан санагдана. Хүн цаг хугацаатай уралдаж амьдрах хэрэгтэй. Урсгалаараа явж болохгүй юм. Бээжингийн олимпод түрүүлээд үнэхээр сайхан байсан. Би аварга болчихоод тугаа нөмрөөд залбирсан. Тэгэхэд олимпийн хошой аварга болохыг хүсч байлаа. Хүний шунал дийлддэггүй юм билээ. Гэвч сайн залбирч чадаагүй юм шиг байна.

-Хамба лам сая яваад ирэхдээ өөрийн үүргээ гүйцэтгэсэн байх?
- Олимпийн нээлтийн өмнөх өдөр бүх тамирчинтайгаа уулзсан. Хамба “Би спорт мэдэхгүй. Гэхдээ манай тамирчид жаахан бэргээтэй байна” гээд хийморийн сан тавьсан. Хамба гуай спорт сонирхдоггүй байсан юм билээ. Олимпийн наадмын нээлт үзээд сэтгэл нь их хөдөлсөн шүү. Энд нэг сонирхолтой юм ярьчих уу.

-Тэг л дээ?
- Би Хамба гуайтай нэг өрөөнд орсон юм. Нэг удаа би орон дээрээ тэрийж хэвтээд мессеж бичиж байсан. Хаалга тогшиход Хамба гуай тайлсан юм. Ерөнхийлөгчийн шадар туслах орж ирснээ “Энэ Бадар-Ууган чинь ямар заваан амьтан бэ. Хамбаар хаалгаа онгойлгуулаад байхдаа яах вэ” гэсэн (инээв). Би цаана нь алцайгаад хэвтчихсэн, утсаараа тоглож таарахгүй юу. Тэгсэн “Бадар-Ууган Хамбыг дарамтлаад, зараад сууж байна” гэсэн яриа гарсан байна билээ.

-Та Хамбыг жаал зарж яваад иржээ?
- Манай хэд бас ингэж ярьсан. “Төгсөөгийн тоглолтын үеэр Хамба өрөлт аваад сууж байсан” гэж (инээв). Энэ дашрамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярласан талархсанаа илэрхийлье. Манай Ерөнхийлөгч спортод их элэгтэй. Ерөнхий сайд байхдаа олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгуулдаг болгосон. Би нэг сюрприз задалъя. Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар бид гурвыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэдгийг уншигчид мэдэх байх. Дээр үеэс яригдсан нэг зүйл биеллээ олоход ойрхон ирээд байна. Олимп, ДАШТ-ээс ирсэн тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох болсон. Ерөнхийлөгч удахгүй зарлиг гаргана. Нэг ёсондоо амьдралын баталгаатай болж байна. Гадны өндөр хөгжилтэй орнуудад ийм жишиг бий.

-Нэг удаа шагнаад өнгөрөх биш?
- Яг тийм. Энэ бол спортыг дэмжих хамгийн том хүчин зүйл. Спортод хөрөнгө мөнгө чухал. Гэхдээ бодлого бүр илүү чухал. Ерөнхийлөгч энэ тухай яриагүй байгаа ч би задалчихлаа. Манай спортынхон Ерөнхийлөгчдөө “Баярлалаа” гэж 1000 хэлэх ч багадна.

Д.Нанжид