НАДААС ТЕАТРЫН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ ГЭСЭН УРИАТАЙГААР АЖЛАА ЭХЭЛЖ БАЙНА
-УДЭТ-ын ерөнхий найруулагчаар томилогдсонд баяр хүргэе. Ажил албатайгаа танилцаж амжив уу?
-80 жилийн түүхтэй энэ том театрын ерөнхий найруулагч болсондоо баярлахын сацуу асар том хариуцлага ирж байгааг ойлгож, айх эмээх бас хийж бүтээх хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн олон бодол толгойд эргэлдэж байна. Миний хувьд энэ театрт гаднаас ирсэн шинэ хүн биш. Жүжигчнээс нь эхлээд найруулагч хүртэл 12 жил ажилласан учир ажлаа мэдэж байна. Мэдээж аливаа ажлыг авахад төлөвлөгөө байх ёстой. Өөрийн төлөвлөгөөгөө захиргаа болон уран бүтээлчдэд танилцуулсан. Өөрчлөлтийг сайн хийвэл шинэчлэлт бий болно. Шинэчлэлтийг сайн хөгжүүлбэл хөгжил бий болно гэдэг. Тэр утгаар Монголынхоо түүхэн том театрыг XXI зууны нүүр царай болгох, цаашлаад дэлхийн театрын хөгжилтэй эн зэрэгцүүлэх ажлуудад өөрийн багахан ухаан, хүчээ зарцуулна.
-Театрын ерөнхий найруулагчаар ажиллах шийдвэр гэнэтийнх байсан уу. Танд хэзээ танилцуулсан бэ?
-Ерөнхий найруулагч болох саналыг надад захиргааны зүгээс тавьж, ажиллаж чадах эсэхийг асуусан. Би чадна гэдгээ хэлж, өнгөрсөн долоо хоногт буюу 20-нд ажилдаа орлоо.
-Театрын уран бүтээлчид энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав. Ахмад уран бүтээлчид танд ямар зөвлөгөө өгч байх юм?
-Халуун дотно хүлээж авсан нь урам зориг өглөө. Шинэ залуу хүн шинээр ажиллах байх гэсэн итгэл хүлээлгэж байна. Бүх зүйл ерөнхий найруулагчаас шалтгаалдаг учир энэ их итгэлийг дааж явах хариуцлага чухал. Надад бодож санасан зүйл их байна. Энэ бүхэн өргөс авсан юм шиг маргааш ил болчихгүй. Багадаа хоёр жил, цаашлаад дөрвөн жилийн дотор олон зүйлд өөрчлөлт гарч, хөгжлийн тодорхой төвшинд хүргэнэ.
-Драмын театр нэг үеийг бодоход хүмүүсийн очих дуртай газар болсон. Гэхдээ үзэгчид танаас олон өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж байна?
-УДЭТ-ын ерөнхий найруулагчийн эрх үүрэг, хариуцлагын хувьд олон зүйл багтдаг. Урын сангийн бодлогоо барина, уран бүтээлчдээ хариуцна, аж ахуйд ч заримдаа оролцдог. Энэ театрыг өдий зэрэгт хүргэсэн олон сайхан найруулагчид байдаг. Б.Мөнхдорж найруулагчаас Б.Баатар. Ч.Найдандорж нар өртөөлж яваад би авлаа. Театраа өнгөтэй өөдтэй, сайхан болгохын тулд эдгээр найруулагчид хүч оюунаа зарсаар ирсэн. Цаг нь болсон байх. Энэ ажлыг нь унагачихгүй, илүү дээш нь өргөхийн тулд би хичээж ажиллана. Үүний тулд шат дараалсан олон төлөвлөгөө байна. Тухайлбал, жүжигчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөнө. Жүжигчдийн мэргэжилдээ хандах хандлагад нь стандартчлал бий болгоно.
Надаас манай театрын менежмент, хөгжил эхэлнэ гэсэн үндсэн уриатайгаар би ажлаа эхэлж байна. Театрын эд эс бүхэн үүнд хамаатай. Театрын хүн ямар байх ёстой, үүдээр орж ирэхэд гоо зүй, ёс зүй ямар байх, үүрэг хариуцлагаа яаж биелүүлэх, ажил мэргэжилдээ яаж хандах, яаж үнэнч байх ёстой гэх мэт олон зүйл байна. Уран бүтээлийн хувьд ойрын таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Түүнийгээ удахгүй тодорхой болгоно. Уран бүтээл ч тодорхой чанартай байх ёстой.
УРЛАГИЙНХАН БИД ТӨРДӨӨ ТООГДОХ ЮМ
ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Урлаг, спорт нийгмийн тэргүүлэх салбар. Спортынхны хөдөлмөрийг үнэлж, төр засгаас дэмжиж эхэллээ. Харин урлагийнханд ийм боломж байна уу?
-Би ерөнхий найруулагчийн хувьд гадаад бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллана. Спортынхныг төрөөс их дэмжиж байна. Тэр чинээгээрээ тамирчид маань сайхан амжилт үзүүлж байна. Түүн шиг урлагийнхан бид төрдөө тоогдох юм хийх хэрэгтэй байна. Аливаа улс орны гаднах хувцас, дотоод үзэл бодол нь соёл урлаг байдаг. Улс үндэстнийг соёл урлагаар нь дамжуулж мэддэг шүү дээ. Тэр дундаа театрын урлагаар таних ёстой. Ард түмний оюуны цар хүрээ ямар байгааг театрт нь тавигдаж байгаа уран бүтээлээр нь ойлгодог. Ард түмнийхээ оюуны хөтөч гэдэг утгаараа театрын урлаг нэн тэргүүнд алхаж явах ёстой. Олон улсын театрын олимпуудад оролцох үүд хаалгыг нээхийн төлөө чармайж ажиллана. Монголын хошин урлаг болон театр урлагийн жүжигчдийг би их авьяастай гэж боддог. Москвагийн олон театр, Лондонд Бродвэй театр гэх мэт олон орны театрт жүжиг үзээд ийм итгэл төрсөн юм. Харин бидэнд гарц нь хэрэгтэй байна.
-Олимптой тэнцэхүйц чансаа өндөр урлагийн тэмцээнүүдэд оролцох урилга ирдэг үү?
-Бид уран бүтээлээрээ Эдинбүргийн соёл урлагийн фестиваль, Шекспирийн наадамд оролцох хүсэл, боломж байвч зардал мөнгө хэцүү. Жүжигчдээс гадна тайз, декирац, тайзны ажилчид, гэрэл, шуумны ажилчид гээд бүрэлдэхүүн олонтой учраас зардал их гардаг. Тиймээс олон улсын том уралдаан тэмцээнд оролцож чаддаггүй. Одоо бол энэ бүхнийг дэмжээд оролцуулдаг болох ёстой. Манайд нийгмийн хариуцлагаа хүлээсэн олон том компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс театр руу хандах хандлага, хоорондын холбоос уялдааг бий болгоё гэж бодож байна. "Жалгандаа жарвалзахгүй" гэж би хэлэх дуртай. Тиймээс гадагшаа гаргах хүсэл байна. Олон бэрхшээл хүчин зүйлүүдийг даван туулж чанартай уран бүтээл туурвиж, гадагшаа тэмцээн уралдаанд оролцож "Алтан бөмбөрцөг", "Оскар" авч яагаад болохгүй гэж. Энэ бол холын мөрөөдөл биш. Хэл сайжруулах, yp чадвараа хөгжүүлэх, тусламж дэмжлэг сайн байвал болохгүй зүйл үгүй.
-Найруулагч Н.Наранбаатарын олон сайхан уран бүтээлийг хүмүүс үнэлдэг. Харин одоо ерөнхий найруулагчийн үүрэг илүү өргөн цар хүрээтэй болж байна уу?
-Б.Баатар найруулагч "Чи хоёрдугаар найруулагч болохоороо зөвхөн уран бүтээлээ бодоод амар байна" гэж хэлдэг юм. Үнэхээр ерөнхий найруулагч хүн уран бүтээлээс гадна хамт олныг бүтэн байлгах, театрын хувь заяа, хөгжилд анхаарна. Нэг ёсондоо нэг хүний төлөө биш нийтийн төлөө явах болно. Энэ 100 гаруй ажилтантай байгууллагын төлөө санаа зовж, хариуцлага хүлээх боллоо. Хоолтой ундтай, хувцастай, өнгөтэй зүстэй, амжилттай явах эсэх нь надаас шалтгаалах юм.
-Театрын түүхэнд ерөнхий найруулагчаар ажиллаж байсан бүх найруулагчид ОХУ-д суралцаж төгссөн, орос школтой хүмүүс байсан. Таны хувьд СУИС-ийг төгссөн анхны ерөнхий найруулагч боллоо?
-Надаас өмнө ажиллаж байсан найруулагчид бүгд театрын эх орон болсон ОХУ-д мэргэжил эзэмшиж, сургууль төгссөн хүмүүс байсан. Энэ цаг үед СУИС-ийн бүтээгдэхүүн УДЭТ-ын ерөнхий найруулагч хийнэ гэдэг манай сургуулийн том амжилт байх. Заавал гадаад орныг зорьж, хол явж, чирэгдэл болохгүйгээр эх орондоо хичээж зүтгэж, сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлээд явж болдог гэдгийг харуулж, үүд хаалга нээгдэж байна.
АЛБА АВАХ АМАРХАН Ч,
ХАРИН БАРДАМ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ХЭЦҮҮ
ХАРИН БАРДАМ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ХЭЦҮҮ
-Залуу үеийнхний цаг ирлээ гэсэн яриаг таны энэ албан тушаалын томилгоо харуулж байх шиг. Энэ цаг үеийн эзэд гэдгээрээ бахархана биз?
-Энэ бол түүхэн замнал. Бүгд залуу насандаа театрын ачааг үүрч яваад, өртөөлөөд ачаагаа шилжүүлдэг. Бид ч өөрсдийн үедээ дорвитойхон үүрээд, зорьсон газартаа хурдан хүрэхийн төлөө гүйнэ. Чадал дуусахаар дараагийнхаа үед өртөөлж өгнө. Ахмад, дунд, залуу үеийн гурван цагийн хэлхээсэнд бид амьдардаг. Энэ удаад надад болон миний үеийн уран бүтээлчдэд хариуцлага ирж байгаа юм. Бусдадаа үлгэр жишээ болж, ахмад үеийнхэн биднийг яаж сургаж хүмүүжүүлсэн тэр сайхан өвийг дараа үеийнхэндээ өвлүүлэх ёстой. Тэр замыг нь цэвэрлэж, ивээс нь болж, зөв явахсан гэж бодож байна. Цаг хугацаа эргэлдэж байдаг. Нэг л өдөр би энэ ажлаа хүлээлгэж өгнө. Тэгэхэд ямар аятайхан юм өгөх үү гэдэг чухал. Алба авах амархан ч, бардам хүлээлгэж өгөх хэцүү.
-Театрын түүхэнд "Алтан үеийнхэн" гэж нэрлэгддэг олон сайхан уран бүтээлчид байдаг. Тэдний хойч үе гарч ирж байна уу?
-Цус сэлбэх процесс бол надаас өмнө нь явагдсаар ирсэн. Залуу уран бүтээлчдийг бэлтгэж, тэднээс шигшээд театрын уран бүтээлч болгодог. Мэдээж театрт, уран бүтээлд бүх цаг үеийг багтаах ёстой. Настай, хижээл, залуу үе, гүнж ханхүү гээд бүтэн жүжигчдийн бүрэлдэхүүн байдаг учир үүнийг бүрэн бүтэн байлгахад анхаарна. Түүнээс биш хэн нэгнийг учир зүггүй халаад, солиод байж болохгүй. Бүрэлдэхүүн бүтэн, чанартай байж мэргэжилдээ үнэнч, мэргэжлийнхээ төлөө бүхнээ зориулж чаддаг уран бүтээлчдийг театртаа байлгах, тэр эрмэлзлэлийг нь төрүүлэх арга хэмжээг авна.
-Аливаа сонгодог бүтээлийг тайзнаа амьдруулахад тохирох сайн жүжигчин байхгүйгээс уран бүтээл гардаггүй гэж ярьдаг. Тэгэхээр гоц авьяастан эрж хайж олох ёстой юу, найруулагч гаргаж ирэх ёстой юу?
-Гоц авьяастай хүмүүс энэ хорвоод төрдөг. Тэд бидний хэлсэн хэлээгүй ил байдаг. Манай театрын түүхэнд болон өөр бусад урлагийн салбарт ч бий. Үнэхээр гоц авьяастай хүмүүс байвал улам л сайн. Гэхдээ гоц авьяастай ч бай, жирийн ч бай хүмүүсийг бид уран бүтээлээр, хөдөлмөрөөр нээдэг. Тэгэхээр уран бүтээлчдийг нээх зарчмаар ажиллах хэрэгтэй. Дэлхий дээр байхгүй гайхалтай Гамлетыг хэн нэг нь бүтээхийг, дэлхийд алдаршсан Гамлетын хөгжмийг хэн нэг нь зохиохыг үгүйсгэхгүй. Хөдөлмөр, чармайлтын ард гоц авьяастан төрнө.
-Та өөрөө жүжигчин, найруулагч мэргэжилтэй болохоор жүжигчдээ ойлгож, мэдрэхэд давуу байдаг уу?
-Өөрөө жүжигчин байгаад найруулагч хийхэд жүжигчдээ ойлгох, өөрийн санаа бодлыг ойлгуулж, мэдрүүлэхдээ илүү сайн байдаг юм. Гэхдээ жүжигчин байгаагүй хэр нь мундаг сайн найруулагчид олон бий.
-"Гамлет" жүжиг одоо ямар шатандаа явж байна. Та эмэгтэй гол дүрийн жүжигчинг яагаад өөрөө шууд сонгосонгүй вэ?
-Жүжиг маань театрын хэлээр ширээний уншлага хийж байна. Энэ жүжгийг задалж ойлгох, дүрийн зан чанар, онцлог, философи, төрх нь ямар юм гэдгийг судалж байна. Нэг жүжиг тавихын тулд хүн судлал, уран зохиол судлал, нийгэм судлал гээд олон салбарыг судалдаг. Өнөөдрийн нийгэм, ололт, алдаа дутагдал, гоо зүй, ёс суртахуун, хүмүүсийн зан ааш, нийтлэг төрх, шашин гээд маш өргөн хүрээний судалгаа явуулж байна. Эндээсээ бид нэгдмэл нэг зүг чиг тогтоод тайзан дээр гарч тогтсон ухагдахуун мөн чанаруудаараа дүрээ бий болгохоор ажилладаг. Ямар жүжиг болох нь зохиол задаргаанаас шалтгаалдаг. Урд нь би жүжгийн дүрүүдээ шууд оноодог байлаа. Одоо бол ерөнхий найруулагч жүжигчиддээ боломж олгож байгаа юм. Офелиягийн дүрд би нэг жүжигчинг сонгосноор бусад жүжигчдийн өрсөлдөх боломжийг орхигдуулах юм. Тиймээс энэ бүтэн сайн өдөр буюу есдүгээр сарын 2-нд сонгон шалгаруулалт явуулж Офелиягаа сонгоно.
-Таныг жүжгийн төсөлд ялахад ямар "Гамлет" тавих бол, хэнийг "Гамлет"-аар сонгох бол гэсэн хүлээлт байсан. Жүжигчин С.Болд-Эрдэнэ таны хүссэн "Гамлет"-ыг гаргаж чадах болов уу?
-Найруулагчид дүрээ сонгоно гэдэг зоргоороо хийдэг ажил биш. Танил тал, найз нөхөд, сайхан харилцаанаас ч шалтгаалахгүй. Тэр зохиолыг уншаад ямар сэтгэгдэл төрж, аль өнцгөөс харж, ямар үзэл санаатай Гамлет хийхийг хүсч байгаагаа найруулагч бодож дүрээ сонгодог. Мэдээж жүжигчний ур чадварын асуудал чухал. Хэдий гадаад төрх нь тохирсон ч ур чадваргүй бол хэцүү. Жүжигчийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэргэжилдээ үнэнч чанар чухал. Мөн нэг жүжигчинд үргэлж ууртай дүр өгдөг бол дараагийн удаа эсрэг дүрд, өөрт нь байдаггүй зан чанартай дүрд тоглуулах зэргээр жүжигчнээ хөгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Энэ бүхнийг тооцоолж байж дүрийн сонголт хийдэг.
Харин нэгэнт сонгосныхоо дараа амаа барьж болохгүй. Яагаад гэвэл тэр дүрийг бүтээж чадна гэж бодож сонгосон л бол хамтарч сайн ажиллах хэрэгтэй. Тиймээс С.Болд-Эрдэнийг арай л ондоо Гамлет гаргаж ирэх байх гэж найдаж, итгэж байгаа.
-Та СУИС-ийн мюзиклийн ангид багшлах гэж байгаа гэсэн үү?
-Тийм. Гэхдээ өнөөдөр мюзиклийн урлаг дэлхийд нэг номер болчихлоо. Дуулж, бүжиглэж, жүжиглэдэг авьяас билигтэй хүн жүжигчин гэж хэлэгдэж байхад бид хоцрогдож болохгүй. Эхний гараа явагдсан. Одоо баталгаажуулах хэрэгтэй байна. Олон сайхан мюзикл тавихын тулд сайн уран бүтээл гаргахын тулд өөрийн мэддэг чаддагаа хүргэхээр багшилж байна. Залуу насандаа хөдөлмөрлөх хэрэгтэй. Амжуулах л болно доо.
Энэ дашрамд драмын урлагийг үздэг, биширдэг, хайрладаг, хүндэтгэдэг, ойлгодог уншигчиддаа "Бүгд хамтдаа нэгэн зүгт харна шүү. Та бүхний дэмжлэг бид бүхний зүтгэлтэй нийлж байж бид хөгжил рүү алхах болно" гэж хэлмээр байна.
X.МОНГОЛХАТАН
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
No comments:
Post a Comment