Thursday, 30 August 2012

Г.Хонгорзул: Урлаг бол яс шиг хатуу ааруулыг хүлхэхтэй адил зүйл

“Улаанбаатар” чуулгын уртын дуучин, гавьяат жүжигчин Ганбаатарын Хонгорзултай ярилцлаа.
-Чуулгадаа ороод таван жил болж байгаа гэл үү?
-Тийм ээ, би энэ чуулгыг байгуулагдахад анхны дуучнаар нь орж байлаа. Чуулгын маань таван жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт өнгөрсөн хавар болсон. Өнгөрсөн хугацаанд чуулгаас маань дөрвөн гавьяат төрлөө. Даргатайгаа нийлэх юм бол таван жилийн ойн баяраа таван гавьяаттай угтсан хэрэг. Хамгийн сүүлд байгуулагдсан отгон чуулга гэхэд манайх нэлээд олон жүжигчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа, уран бүтээл маань тийм ч дорой буурай гэж үзэхгүй байна. Эрч хүчтэй, залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Улаанбаатар” чуулгыг маань гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс удирдаж яваа учраас үзэгч олонд хэдийнэ танигдсан. Мөн нийслэлийн олон байгууллага биднийг дэмжиж, уран бүтээлээ хийх урам зориг хайрлаж явдагт нь их баярладаг шүү. Ер нь хамт олон хэдий чинээ санаа сэтгэл нэг, эв нэгдэлтэй байна. Тэр чинээгээр уран бүтээлийн чанар чансаа сайн байдаг юм болов уу гэж боддог.
-Хүүхдийн мюзикл бүтээлээ дахин тоглох гэж байгаа гэсэн. Та ямар дүрд тоглож байгаа юм бэ?
-Манайхан дуулахын хажуугаар бүжиглэж, жүжиглэх гээд нэлээд бэлтгэсэн. Дуулж, бүжиглэнэ гэдэг тийм ч амар эд биш. Миний хувьд, энэ удаа айхтар дуулж, бүжиглээд байх дүр дээр ажиллаагүй. Нэг жижигхэн шувууны дүр авсан. Чуулгынхан маань урьд нь “Алигэрмаа”, “Самьяа ноён” зэрэг ардын харилцаа дууны дуулалт жүжиг тавьж байсан бол, дараа нь “Ай Нанаа” гэх түүхэн хүний сэдэвтэй маш сайхан бүтээлийг үзэгчдэд хүргэсэн. Харин өнгөрсөн хавар “Хүрээ хорвоо” дуулалт жүжгийнхээ дараа “Янзган хүрээ” хүүхдийн бүтээлээ сонирхуулсан. Ийм сайхан шинэ чуулгад, шижигнэсэн залуусын дунд ажиллах үнэхээр урамтай шүү. Уртын дуучин хүний хувьд, би ч гэсэн өөрийгөө залуу уран бүтээлч гэж боддог.
-Хувийн уран бүтээлийн тал дээр хэр анхаарч байна. Хоёр жилийн өмнө бие даасан тоглолтоо хийсэн биз дээ?
-Ойрын хугацаанд бие даасан тоглолт хийе гэсэн төлөвлөгөө алга. Мэдээж, цаашид бие даасан уран бүтээл дээрээ анхаарна. Жил болгон тоглолт хийнэ гэвэл утгагүй. Уртын дуу гэдэг чинь зүгээр л нэг сурсан дуугаа бичүүлчихээр гараад ирдэг бэлэн зэлэн эд биш. Уртын дуу гэсэн нэртэйгээ адил дуучин хүнээс урт удаан хугацаанд хөдөлмөрлөж, тэрийгээ эзэмших, гаргасан бүтээл нь бусдын сэтгэл зүрхэнд хоногшиж үлдэхээр их зүйлийг шаарддаг. Хүмүүст уртын дуугаараа юу өгөх вэ, тэр хүн энэ дуунаас юу авах ёстой вэ гэх мэт миний хүссэн чанарын түвшинд байгаасай гэж боддог учраас би жил бүр тоглолт хийхийг зорилго болгодоггүй юм.
-Этник хэв маягт оруулж дуулснаар уртын дууг сонирхох хүн олширсон. Гэтэл уламжилж ирсэн өнгө хэмнэл, үндсэн төрхийг нь алдагдуулах нь тийм ч сайн үр дүнд хүргэхгүй гэж урлаг судлаачид үздэг юм билээ. Дуучин хүний хувьд, та юу гэж боддог вэ?
-Аливаа нэгэн зүйлийн уламжлагдаж ирсэн язгуур суурь маш үнэ цэнэтэй. Уртын дуу, морин хуур гээд л эрт үеэс монголчуудын аман уламжлалаар дамжиж ирсэн, үе үедээ улам өнгө нэмж зүлгэгдсэн, цаашаа хөгжих боломжтой биет бус соёлын өв олон бий. Яахав, уртын дууг сонирхолтой хэв маягаар хүргэх гэсэн залуучуудын санааг би буруутгахгүй. Гэхдээ ямарваа нэгэн зүйлийн үндсэн өнгө төрх, чанарыг хадгалж явах тун хэцүү. Аливаа улс үндэстнийг  мөхөлд хүргэе гэвэл түүх, язгуур соёл, уламжлагдаж ирсэн зүйлийг нь үгүй хийхээс гадна  охид бүсгүйчүүдийнх нь хэвлийгээр эзэгнэх гэсэн бодлого баримталж байсан тухай олон баримт бий. “Чимээгүй дайн” гэж үүнийг л хэлж байгаа хэрэг. Ажиглаад байхад, аль ч улс орны нүүр царайг урлаг, спортоор нь төлөөлүүлж хардаг. Тиймээс би уртын дууг орчин үеийн хэв маягт оруулж байгааг буруутгахгүй ч гэлээ, уламжилж ирсэн үнэ цэнийг нь битгий алдагдуулаасай гэж хүсдэг. Хэрэв хэв маяг нь алдагдаад ирвэл хүнд хүрэх үнэ цэнэ нь хүртэл буурна шүү дээ. Бүх зүйлийг хөнгөн хийсвэрээр сэтгэж, энэ маягаар хандана гэдэг чинь тэрний цаад тал суурьгүй болсноос ялгаагүй гэж би ойлгож явдаг. “Хэчнээн сайхан өнгөтэй цэцэг вэ” гэж хартал тэр нь дороо үндэсгүй байвал яах вэ. Хоёр гуравхан хоног тэр сайхан өнгөөр гайхуулаад мөхнө.  Түүнтэй адил, ямарваа нэгэн зүйлийн үндэс нь бат бөх байж чадвал өнгө төрх нь улам сэргэнэ гэсэн үг. Хэт хийсвэрлэж, хөнгөмсөг хандаад байвал сайхан өнгө, анхилам үнэрээрээ хүний нүд, сэтгэлийг булаачихаад хэдхэн хоногийн дараа үхээд өгдөг сарнайтай ижил болно. Уртын дууг өнгөлж зүлгээд, янз бүр болгохыг нь буруутгаад яахав. Гэхдээ хэтэрхий их гуя, хасаа гаргаж уртын дуу дуулаад байгаа хүмүүс заримдаа их л “хүнд”  харагддаг.
-Поп дуучид уран бүтээлдээ уртын дууны шуранхай ашиглах нь бий. Танд бусад уран бүтээлчээс хамтарч дуулах санал хэр их ирдэг вэ?
-Ирдэг л дээ. СУИС-ийн оюутан байх цагаас эхлээд саяхныг хүртэл хамт байж, уран бүтээлээ туурвисан олон улсын хамтлаг маань зарим талаараа этник чиглэлийнх гэж  хэлж болохоор. Гэхдээ миний  хувьд Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Хэрлэнгийн домог”, “Хүүхэн хутагтын дуулал” нэртэй бүтээлүүд болон янз бүрийн хөгжимтэй цуг уртын дуу дуулж байсан. Уртын дууны хүчээр, Б.Шарав гуайнхаа буянаар дэлхийн хэмжээний олон сайхан арга хэмжээнд оролцсон доо. Хэрвээ би энэ урлагаас урвах юм бол маш олон хүний сэтгэл зүрхийг хөсөрдүүлж хаяна. Тийм учраас өөрийгөө бодож, хувиа хичээж үзсэнгүй. Энэ мэргэжлийг эзэмшихэд тусалж, намайг чиглүүлж өгсөн тэр хүмүүсийн сэтгэл зүрх, цаг зав, хөдөлмөрийг өнөө хэр нь хүндэтгэж явдаг юм. “Юуны төлөө, ямар зүйл хийх гэж уртын дуучин болсон юм бэ” гэж би өөрөөсөө байнга асуудаг. Уртын дуу бол улс орны аялгуут түүх гэж дотроо хүндэтгэж, хайрлаж явдаг минь ч үнэн.
-Нийтийн дуу дуулж байсан билүү, та. Уртын дуучид маань энэ салбар руу урвасан тохиолдол цөөгүй гарсан шүү дээ?
-Уртын дууны утга учрыг ойлгож амжаагүй, амьсгаа нь тогтоогүй байхад өөрийгөө мундаг дуучин гэж бодоод янз бүрийн дуу дуулж байгаа хүмүүст энэ их эрсдэлтэй алхам. Дуулж  сурна, дуулдаг болно гэдэг чинь хоёр өөр ойлголт. Бүр төгс дуулна гэвэл огт өөр ойлголт шүү. Тиймээс дуулахын төдий дөр олоод л “дэвж” байгаа хүмүүсийг хараад би өрөвддөг юм. Уг нь эхлээд уртын дууны амьсгаа суулгах ёстой. Суурилуулсан амьсгаан дээр дуугаралтаа эвсэлдүүлж, дуулж сурах шаардлагатай. Барилгачин хүн цутгасан суурин дээрээ ямар байшин барих вэ гэдгээ төлөвлөж боддог. Хагас хугас цутгасан суурин дээрээ болсон, болоогүй байшин барьчихвал тэр нь хормын дотор л нураад унана. Яг үүнтэй адилаар хэтэрхий хөнгөн, хуумгай юм хийгээд байна л даа, зарим дуучид. Уртын дууны амьсгаа нь тогтож, дуулах учраа дөнгөж олов уу үгүй юу л нийтийн дуу дуулаад явчихаж болохгүй. Урт юмыг хэсэг хэсгээр нь хэрчихэд амархан. Харин хэрчигдсэн хойно нь буцааж зүйнэ гэдэг мөн хэцүү еэ. Амьсгаа гэдэг чинь тэрэнтэй яг адилхан. Маш их ядарч зүдэрч байж тэр амьсгааг суурилуулж сурдаг байхгүй юу. Түүн дээрээ уртын дуу зөв дуулж сураагүй байж шууд л богино дуу дуулна гэдэг чинь тэр сайхан хоолойг “хэрчээд” хаячихлаа гэсэн үг. Миний хувьд  нийтийн дуу дуулах гэж оролдоно. Гэхдээ энд тэнд очоод ганц нэг зохиолын дуу дуулах гэхээр “Боль оо, уртын дуугаа дуул” гээд хүмүүс хүлээж авдаггүй. Тэгэхээр би зохиолын дуулья гэж нэг их айхтар зүтгэдэггүй. Өөрийнхөө хүсч сонирхсон, дурлаж тэмүүлсэн зүйлээ л хийх ёстой биз. Уртын дууг зохиолын дуутай хослуулаад сайхан дуулж байгаа хүмүүс зөндөө л байна. Хамгийн гол нь, тэд “учраа” олчихсон хойноо дуулж байгаа хэрэг. “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчээр юу ч сураагүй байж нүдэнд нь мөнгө харагдаад гүйж байгаа хүмүүсийг яалтай ч билээ. Сүүлд нь мөнгө ч үгүй, хоолой ч үгүй болоод хоцорч байгаа хүн олон байгаа байх.
-Багын тань хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг нь сэтгүүлч болох. Дуулахын хажуугаар давхар мэргэжил эзэмших гэсэн энэ хүслээ биелүүлсэн үү. Танд бүр энэ чиглэлээр сурах урилга хүртэл ирсэн биз дээ?
-Биелүүлж амжаагүй ээ. Сурах сонирхол их байсан, “Суралцаач” гэсэн сайхан урилга ч ирсэн. Миний ажил даанч цаг наргүй юм. Хэсэг хугацаанд гадагшаа явж тоглолт хийх  хойгуур ийм урилга ирсэн байна лээ. Хувийн амьдрал гэж нэг том даваа байна. Бас ээж болох хэрэгтэй. Ингээд юм бүхнийг зохицуулах гэж явсаар байгаад сэтгүүлч болж чадсангүй. Хэвлэлийн хүрээлэнгийнхэн тэр их хүсэл зорилгыг минь биелүүлэх гэж урилга өгсөн нь намайг мэргэжлийн сэтгүүлч болсноос ч ялгаагүй, их баярлуулсан шүү. Яахав, би сэтгүүлч болох ёсгүй л байсан юм байлгүй. Уртын дуугаа дуулаад болж л байна. Гэхдээ багаасаа мөрөөдөж, сонирхож байсан юм болохоор тэр хүслийг сэтгэл зүрхнээсээ бүрмөсөн аваад хаячихаж чаддаггүй юм. Адаглаад л янз бүрийн нийтлэл ч юмуу ном, сонин уншаад суучихдаг хүн дээ, би. Ярилцлага аваад явж байгаа сэтгүүлчид ч их сайхан санагддаг юм. Гэхдээ сэтгүүлч хүн их хүнлэг байх ёстой болов уу. Яагаад гэвэл, бусдын дотоод ертөнц рүү нэвтэрч байгаа тэр сэтгүүлч хүний дотоод ертөнц ч мөн ариун байх ёстой гэж би боддог. Хэцүү ч гэмээр хүмүүс цөөнгүй харагддаг шүү, зарим үед. Хүнийг муулаад бичнэ, муу муухайг нь гаргана гэдэг их амархан. Тэртээ тэргүй, тэр муухай юмыг гаргахын тулд сэтгэж бодоод байх ч шаардлагагүй. Үзэгний үзүүрээр хүний хувь заяаг шийдэх учраас хэрхэн ажиллах нь сэтгүүлч хүний хүнлэг мөн чанартай холбоотой асуудал. Би заримдаа “Сэтгүүлч болоогүй маань бараг оносон ч юмуу” гэж боддог юм.
-Мэдээж хэрэг, тэмдэглэл хөтлөх ч юмуу шүлэг бичих үе байдаг биз. Таны тэмдэглэл хэр арвин байдаг бол?
-Уг нь байнга хөтлөх юмсан гэж боддог. Гэхдээ нялх нойтон хүүхэдтэй болохоор ээж хүний ажлаа хийх гээд сүүлийн үед зав муутай л байна. Өдөр болгон тэмдэглэл хөтөлж чадахаа больсон ч, үзэг цаас нийлүүлэхээ орхино гэж юу байхав. Өнөөдөр миний сараачсан хэдэн үг арван жилийн дараа түүх болж үлдэх учраас яаж ийж байгаад л тэмдэглэл хөтлөхийг хичээнэ. Тэр тусмаа амьдралд минь тохиолдсон тэмдэглэлт үйл явдлуудыг ямар ч тохиолдолд бичиж үлдээдэг. Одоогийн байдлаар хоёр ч тэмдэглэлийн дэвтэр дүүрчихлээ. Энэ тэмдэглэлүүд үр хүүхдэд маань бидний амьдарч байсан түүхэн замнал болж үлдэхээс гадна сургамж өгөх байх. Хүний л амьдрал хойно, туулж өнгөрүүлсэн жаргал зовлон бүхэн миний хүүхдүүдэд ч бас тохиолдох болно. Тэр бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, хүч чадлыг тэмдэглэлээс минь олж аваасай гэж хүсдэг юм.
-Хоёр хүүхэд тань хэр том болж байна даа. Ойролцоо насных болоод ч тэр үү, нэлээд анхаарал халамж шаардаж байгаа байх?
-Тийм ээ, том хүү маань гурван ой гарантай. Бага охин минь ой, хоёр сартай болж байна даа. Ойролцоо насных болохоор ч тэр юмуу, ёстой “бужигнуулж” өгнө. Заримдаа би бүр үс гэзэг нь цахилгаанд цохиулсан аятай л юм сууж байна шүү дээ. Нөгөө хоёртойгоо зууралдсаар байтал өдөр өнгөрчихнө. Ер нь, хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч энэ байх.
-Гадаадад тоглох урилга ирж байна уу, олон улсын хамтлагтайгаа холбоо харилцаатай хэвээрээ юу?
-Урилга ирж байгаа. Гэхдээ би нэлээд оройтож ээж болсныг ч хэлэх үү. Нялх хүүхдүүдээ орхиод хол газар явж үнэндээ чадахгүй. Тэгээд ч сүүлийн дөрөв таван жилийн хугацаанд байнга л “Жирэмсэн”, “Төрсөн”, “Нялх биетэй”, “Нялх хүүхэдтэй” гэсэн шалтгаанаар үндсэн ажлаа ч хийж чадахгүй шахам явлаа. “Улаанбаатар” чуулгад харьяалалтай нэг л их мундаг хүн яваад байдаг. Энэ чуулгаараа овоглож, цалин мөнгө авч тэжээлгэж байгаагийн хувьд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулах ёстой. Үр хүүхдээ харахын хажуугаар хамт олонтойгоо байж, хийх ёстой ажлаа бүтээчих юмсан гэж хичээж, энэ сайхан чуулгынхаа ач буяныг хариулахыг чин сэтгэлээсээ хүсч явна. Тийм болохоор ар гэрийн ажлаа аль болох амжуулаад чуулга руугаа ирж байна.
-Төрөх дөхсөн, том гэдэстэй мөртлөө л энд тэндхийн тоглолтод дуулаад явж байсан. Ядрахаас гадна дуулахад ямар нэг хүндрэл гарсан л байх?
-2010 онд “Хөх тэнгэрийн зээ” нэртэй дөрөв дэх тоглолтоо ДБЭТ-т хийж байлаа. Тэгэхэд охин маань гэдсэнд бойжиж байсан. Тэрнээс хойш нэлээд хэдэн тоглолтод оролцсон нь үнэн. Гэдэс томорсон байхад янз бүрийн тоглолтод оролцох урилга тасардаггүй ээ. Яахав, дуулах үед хүчтэй амьсгаагаар доош нь дарах гэх мэт гэдсэнд байгаа хүүхдэд жаахан хэцүү л байсан биз. Сүүлд төрөх дөхөөд ирсэн чинь өөрт хүртэл мэдрэгдэж, дуулахад хүндрэлтэй болсон. “Сурсан юмыг сураар яаж боох вэ” гэгчээр нэгэнт л эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажил минь учраас хойш суусангүй. Хүн юу хийж бүтээж чадаж байна вэ, түүнийгээ л арилжаанд оруулж амьдарна шүү дээ. Амьдрахын эрхэнд тав арван төгрөгийн төлөө дуулах тохиолдол зөндөө л гарна. Заримдаа ах дүү, амьтан хүний гуйлга түүлгэнд ч явна. Дуулна гэдэг их амархан мэтээр боддог болчихож дээ, одоо цагт. Хэн дуртай нь аялсан дуундаа бичлэг хийлгэж, засуулаад тэрнийхээ цаана амаа хөдөлгөж зогсоод л дуучин болчихно. Мэргэжлийн дуучид эх орныхоо хөгжлийн төлөө өөрсдийн чадах зүйлээр нэмэр болох гээд зүтгэж явахад завсрын ийм зуйгуул юмнууд нэр хүнд унагаад байх юм. Нэг найз маань “Ам барьж байгаа дуучид маш их айдастай дуулдаг. Гэтэл үзэгчид тэр таагүй энергийг мэдэрч байдаг учраас ам барьж дуулна гэдэг том нүгэл” гэж хэлсэн. Энэ маш үнэн үг. “Ам барьж” байгаа хүний сэтгэл тавгүй, нүд нь эргэлдээд л хэзээ нөгөө тавьсан бичлэг нь “үсэрчих бол, хэдийд цахилгаан нь тасарчих бол гэж айж дуулна. Тэгэхэд мань мэтийг дуулж байхад цахилгаан унтарсан ч хоолой маань дуугарч л байна шүү дээ. Дуучин хүн чин сэтгэлээсээ дуулж байж л үзэгчдэд дуугаа хүргэж чадна. Зүрхэнээс зүрхэнд, сэтгэлээс сэтгэлд хүрч байж тэр дуунаас үзэгчид кайф авч байгаа хэрэг. Гэтэл бусдад өрөвдүүлж дуулна гэдэг хамгийн өрөвдөлтэй. Хэдэн дуу амьдаар дуулчихаж чадахгүй, хоёр дуунаас цааш ам нь ангалзаад унавал өөрийгөө дуучин гээд ч яах билээ. Урлаг гэдэг чинь тийм амархан аманд хайлаад урсчихдаг чихэр биш. Ээ дээ, мөн ч яс шиг хатуу ааруулыг амандаа хүлхээд явахтай адилхан зүйл шүү. Чадах нь гарч ирээд чадахгүй нь зам зууртаа үлдэнэ.
-Уртын дуучид тайван амгалан улс байдаг юм шиг ээ. Амьдрал, хүн чанар, дотоод сэтгэл гээд л таны ярианд ч мөн ийм байдал цухалзаж байдаг?
-Уртын дуу дуулдаг хүмүүс угаасаа л иймэрхүү байдаг, та анзаараарай. Төрж өссөн нутаг минь Хэнтий аймаг шүү дээ. Сайхан тал газар бий. Дээрээс нь би их тайван орчинд өссөн. “Аав ээж минь биднийг ямар нарийн нандин ухаанаар өсгөж хүмүүжүүлсэн юм бэ” гэж бахархаж явдаг юм. Бид нарын хажууд хоорондоо тачигнатал хэрэлдээд, барилцаж авч байгааг нь хараагүй. Магадгүй, ийм уужуу тайван сэтгэлтэй амьдрахад нутаг ус, өссөн орчин, эзэмшсэн мэргэжил минь нөлөөлж байгаа биз. “Могойг модоор хатгаад ууртайг нь гайхав” гэгчээр уур уцааргүй хүн гэж хаана байхав. Хамгийн гол нь, уураа ямар үед гаргах вэ, яаж илэрхийлэх вэ гэдэг нь чухал. “Би ууртай хүн” гээд учиргүй барилцаж аваад л, маажилцаж үсдэлцээд унавал хэцүү. Юун төлөө оюун ухаант хүн билээ. Уураар зохицуулаад болж бүтсэн зүйл гэж байдаггүй байх аа. Нийгэм угаасаа стресстэй байна шүү дээ. Дөрвөн ой хүрэх гэж байгаа хүү минь хүртэл “Ээж ээ, та мэдээ үзэхээр дэмий” гээд үзүүлэхгүй байна. Мэдээ үзэхээр л ээжийнх нь хөмсөг атиралдаад эхэлдгийг анзаарч л дээ. Хүүхэд хүртэл тэр таагүй мэдрэмжийг мэдэж байна. Түүнээс гадна төв суурин амьдралд орж ирээд хүн “Хүн байх” мөн чанараа алдаж яг л машин, гар утас шигээ болоод байх шиг. Бид бүгдээрээ л адилхан. Зарим талаараа мөнгө бидний хэрэглээ мэт боловч үнэн чанартаа өөрсдөө мөнгөний “хэрэглээ” болчихсон юм шиг харагддаг. Мөнгөний хойноос хөөцөлдөж, гэдсэндээ хөлөө жийлцээд байгаа нь ч энэ бүхний илрэл. Яахав, цаг үеийн шалгарлаар үнэн мөн нь тогтоогдоод шигшигдэх байлгүй дээ. “Төрийн төлөө оготно боож үхэв” гэгчээр тэр болгоны төлөө бухимдаад ч яахав, хоёр нялх хүүхэдтэй хүнд дэмий. Өнөөдөр орох орон, өмсөх хувцас, идэх хоолтой, бусдын жишгээр элэг бүтэн амьдраад явж байгаа минь л бурханы хишиг, тэнгэрийн аврал гэж залбирч явья. Хүн дотроосоо гэрэлтэж амьдрах ёстой гэж би ойлгодог. Дотоод гэрлээ мэдрээд амьдарвал бид хүн чанараа алдахгүй. Ямар ч үед бие биеэ хүндэлж, амьдрахыг эрхэмлэж яваасай гэж хэлье дээ.
Р.Мөнгөн

No comments:

Post a Comment