Монгол
Улсын төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай
ярилцлаa
-Арванхоёрдугаар
сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр болоод гурван жил болжээ. Энэ
өдрийн талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх шиг байх юм? Та Богдын тухай
ном бичсэн хүний хувьд юу хэлэх вэ?
-Юуны өмнө
монголчууддаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэний 103 жилийн ойн
баярын мэнд дэвшүүлье. Хүмүүс бага багаар мэдэж эхэлж байгаа болов уу гэж
бодно. Гадаадын хүмүүс бол мэдээж сайн мэдэхгүй. Олон улсын цаг тооны бичигт
тусгагдаагүй байгаа юм уу, хэвшиж тогтоогүйгээс болоод дэлхийн өнцөг бүрт эл
талаар сайн танигдаагүй хэмээлтэй. Эхлээд монголчууд бид эл өдөр ямар учиртай
вэ гэдгийг мэдмээр шиг. Ядаж өөрөөсөө надтай яаж эл өдөр, эл түүх холбогдох юм
бэ гэдгийг ухаж бодвол сайн бус уу.
-Эл өдөр
чухам ямар үйл явдал болсон юм, ингэхэд?
-Энэ өдөр буюу
одоогоос 103 жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд
тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсан юм. Богдыг Монгол
Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол Хүрээний төв талбайд болсон байна.
Бидний ой санамж
ажиллахгүй болсноос болоод зуун жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч
санахгүй юм уу санахыг хүсэхгүй болсон шиг байх юм. 1990 оны ардчилсан хувьсгал
гээд эргээд бодвол бас 1989 оны 12 дугаар сард өвлийн ид жавартайд эхэлж, 1990
оны өвлийн өдрүүдэд зуун мянгаараа Төв талбайдаа ирж жагсаж байсан биз дээ.
Хөдөө орон нутагт эл өдрүүдэд жагсаж цуглаж байсан биз дээ. Монголчууд зуу
гаруй жилийн тэртээ үндэстэнээрээ ингэж хөдөлсөн гээд нэг бодоод үздээ. Саяханы
нэг олимпийн аваргатай болоод бүгд гудамжинд гарч баярлацгаадаг шиг гээд
бодорой, тэгвэл арай ойр тусгаж магад.
-Чухам
яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа?
-Асуудал энд л
байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж
хэзээнээс ажиллахаа байчих гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол
хүн хэн ч биш болно биз дээ. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш болно.
Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч
байгаа гэдгийг санах хэрэгтэй.
-Тэгвэл
хэзээнээс бид ийм байдалд хүрэв? Шалтгаан нь юу вэ?
-Өнөөдөр
монголчууд эссэн айраг шиг шуугиж, нийгэм эд эс нэг бүрээрээ салсан байгааг
харж болно. Төрийн тэргүүнээс өгсүүлээд эв нэгдэл хэрэгтэй гэдгийг хичнээн ч
яриад эвлэхгүй байгааг харж байна. Бид биш би гэдэг өвчинтэй болжээ. Эргээд
түүхээ нэг бодьё. Зуун гаруйхан жилийн тэртээ үндэстэнээрээ нэгдэж, бурханы
шашны тэргүүнээ хүрээлэн байж, тусгаар тогтнол, төр улс, газар нутагтаа эзэн
болж, гал голомтоо сэргээж чадсан байна, монголчууд. Өнөөдөр би л болж байвал
бусад нь хамаагүй гэдэг сэтгэлгээтэй болжээ. Үндсэндээ монголчууд бид гурван
зуун орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байлаа, бид. Манжийн эрхшээл, Оросын
гэдэг юмуу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа.
Галыг нь юутай ч
бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911
он. Богд хааны зарлигаар монголчуудыг үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг
хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол
бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв.
Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг
буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт
бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг
шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт
буулгаж үлдээжээ.
1920 –иод он
гарлаа. Ардын засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй
болов. Монголд гадны үзэл суртал хүч түрэн орж ирлээ. Монголоо гэсэн үндэсний
үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүйн дараа цаазлуулав.
Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулав. Богд хаан 1924 онд цаг
бусыг үзүүлэв. Чингисийн алтан ургийн ноёдууд бүгд алга болов. Бурханы шашны
номтой лам нар алагдав. 1930-аад онд хэдэн арван мянгаараа цаазлагдав. Бичиг
үсгийг нь солилоо. Монгол сэтгэхүй бүдгэрэв. Чингисийн хөшөө босгосон нь
буруудаж, монголд буруу номтнуудын хөшөө сүндэрлэнэ.
Ийм явдал Орост ч
яг адилхан болсон бөгөөд үндсэндээ Орост болж байсан бүхэн монголд давтагдсан
юм.
Ангийн тэмцлийн
онол, ангичлан ялгаварлах үзэл суртал эндээс маш хүчтэй бидний тархинд
суужээ. Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан
хэмээн бодно.
-Тэгвэл
өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдраад хорин таван жил болж байна шүү, дээ. Энд
социализмын үе ямар хамаатай юм бэ ?
-Харин тийм бидний
дунд социализм амь бөхтэй оршиж байгаад л учир нь байгаа юм. Бүр социализм,
коммунизмын өлгий нутаг Орос орноос ч дор шахуу байгаа. Орос үндэстэн өнөөдөр
эл анги ялгаварлан хуваах үзэл орос үндэстэнийг устгах дөхсөн байна гэдгийг
ухаарч өөрийгээ олохыг бодож байна. Хурдан сэхээрэхийг хүсэж байна. Үзэл
суртлын Ленинийг магтсан кинонуудаа тв ээр дор хаяж л гаргахгүй байна, оронд нь
Адмирал Колчак ч гэдэг юмуу өөрийн үндэсний баатруудынхаа тухай хийсэн кино,
урлагийг сурталчилж байна. Бид юу хийж байна? Уг нь жаахан юм үлдсэн юм уу,
Чингис гээд дуугараад Чингисийн хөшөө босгоод боржигин овогтой бүгд болохыг
хүсээд байгаа юм. Тэгэхдээ өнгөрсөн нийгмийн социализмын үеийн үзэл суртлыг
таслахгүйгээр цааш явахгүй. Одоо ургаж байгааг ногоог хордуулж болохгүй. Нялх
хүүхдийн тархийг социализмын үеийн үзэл суртлаар угааж болохгүй. Энэ бол монгол
үндэстэн цаашид орших уу эс орших уу гэсэн асуудал гарахад хүргэх аюултай.
Үнэндээ Монгол
үндэстэн өнөөдөр үндэсний дархлаа сул үлбэгэр байгаа. Магадгүй үндэстэн ханиад
хүрч өвдсөн ч байж мэднэ. Хурдан эдгээх хэрэгтэй. Үндэстэн өөрийгээ хамгаалах
чадваргүй шахам байна.
-Бидний
дархлаа хэзээ ингэж сулрав?
Монгол үндэстэний
үнэт зүйлс, амин шалгуур юу вэ гэдгээ сайтар ухаарах цаг иржээ, бидэнд. Бидний
үнэт зүйлс юу вэ, үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, шашин тэргүүтэн. Шашин
гэхээр бурханы шашны биднийх биш гэцгээх хүмүүс олон болжээ. Хүссэн ч эс хүссэн
ч бурханы шашны монголчуудын соёлтой яв цав шингэсэн. Монгол үндэстэний үнэт
зүйлсийг тээгч нь эл бурханы шашин байсан. Бурханы шашинг устгачихаар үнэт
зүйлсээ алдаж асгасан хэрэг. Эл шашин ямар байхаас үл хамааран бидний үнэт
зүйлсийг хэдэн зуун жилийн турш тээж ирсэн гэдгийг ухамсарлацгаая.
Монгол үндэстэн давын
өмнө өөрийгээ таних хэрэгтэй, өнөөгөө сайтар ухаарч, ирээдүйгээ зөв тодорхойлох
хэрэгтэй. Үүний тулд түүхээ мэдэх хэрэгтэй. Түүх гэдэг чинь чиглүүлэгч байдаг
юм.
Өнөөдөр бидний
төрийн бодлого ямар их гуйвж дайвж буйг бүгд харж байна. Түүхийн залгамж уламжлал
байхгүй болохоор тэгэж байгаа. Түүх бол бидний чиглүүлэгч хүчин. Нэг жишээ
хэлье. Галт тэргэний ганцхан толгой чирэгч байна гээд боддоо. Энэ чинь
дангаараа нэг машин биз дээ, хаашаа ч эргэж тойрч болно. Тэгвэл тэр толгойны
хойд талд хорь, гучин вагон зүүчихвэл ойрхон зайд эргэж чадахгүй алс чиглэж
тойрно биз дээ. Толгой дороо эргэхийг хүссэн ч арынх нь хорь гуч тэгэж
хүссэнээр нь эргүүлэхгүй шүү дээ. Түүх бол чиглүүлэгчийн хувьд нэг иймэрхүү л
зүйл.
-Үндэсний
хувьсгалын баярын өдрийг хэрхэн тэмдэглэж байвал зохилтой вэ?
-Түүхээ мэдэх
хэрэгтэй гэхээр бид нар өөрсдөө Чингис болцгоох гээд байх юм. бид Чингис болох
хөг хэдийн өнгөрсөн. Харин хүүхдүүдээ л Чингис болгохыг бодоцгоо. Дөнгөж төрсөн
нялх үр хүүхүүддээ, сая сурах охид хөвгүүдийнхээ оюуны амыг нээцгээ. Энэ бол
хамгийн сайн зүйл, үндэстэний хувьд, монгол хүний хувьд. Чингисийн Монголын гал
голомтыг сахигч, эзэн нь юм бол эл үүргээ ухамсарлах хэрэгтэй.
-Үүний тул
юу хийх хэрэгтэй вэ?
-Эхлээд өөрөөсөө
эхэл. Би хэн бэ? Би монгол мөн үү? Миний гэр орон монгол байна уу, миний ажлын
эргэн тойрон, амьдарч буй орон зай ямар байна вэ гэдгийг ухаарцгаая. Тэгээд
өөрийгээ олж танихыг хичээе. Мэдээж шууд танихгүй. Холбогдох Монголын түүхийн
гуйвж дайваагүй ном, эх сурвалж үзэцгээе. Тэгээд хүний хэлсэнээр биш өөрийн
толгойгоор бодож, дүгнэж үзэх хэрэгтэй. Түүнээс бус бид ихэнхдээ л хэн нэгэн
алдартаны хэлсэн хийсэнийг давтаад байна. Бусдаас ялгардагийн хувьд өөрөө
дүгнэх, өөрийн толгойтой байх явдал онц чухал байна. Үүнд дээр хэлсэн
чиглүүлэгч түүх онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Үр ач нартаа өвөө
эмээ нарынхаа ярьсан зүйлсээс санаж байгаагаа цаг гарган ярьж өгцгөөе. Үлгэр
ярьдаг эмээ, өвөө алга болсон тул үр хүүхдүүддээ үнэт зүйлсийг нь суулгадаг
зүйлс бодож олцгоое. Сурах орчин, тоглож өсөх орчин тэргүүтнийг нь бодоцгоое.
Хот сууринаа бусдад гайхуулдаггүй юмуу гэхэд өөрсдөө амгалан тайван орших
нөхцөлөөр бүрдүүлцгээе.
Үндэсний үнэт
зүйлсээ үргэлж өнгөлж дээдэлж байх явдал тун чухал шүү. Ядаж нэг өдөр үндэсний
баяраа үнэн зөвөөр нь тэмдэглэж, монголчууд өөрсдийн бахархал, түүх соёлоо
дээдэлж, заншвал цаашид хэвшихэд хэрэгтэй гэж л байгаа юм. Ер нь бол монголчууд
түүх, соёл, зан заншлаа өдөр тутам дээдэлдэг болчихвол хэн хожих вэ, монгол,
бид л хожино биз дээ. Үнэндээ бид утга учирыг нь сайн мэдэхгүй олон баярыг
тэмдэглэдэг болоод байна. Ядаж утга учирыг мэдэж байяа. Нөгөө талаас утга
учирыг нь хүмүүс мэдээд ирэхээр ямар баярыг ямар хэмжээнд тэмдэглэж байхаа
өөрсдөө мэдэг л дээ.
-Богдын
тухай асуудалд социализмын жилүүдэд хэт өрөөсгөлөөр хандаж, түүний тухай сөрөн
мөлжигч, хамгийн муухай байдлаар дүрслэн бичиж, үзүүлж байсаныг хэн хүнгүй
мэдэх байх?
-Энэ бол Богдын
тухай гэхээсээ монголын түүхэнд ангийн тэмцлийн ялгаварлан гадуурхах үзэл
суртлын үүднээс хандаж байсан хэрэг юм. Харамсалтай ийм үзэл суртлын
үүднээс бичигдсэн зохиол, уран сайханы кино одоо хүртэл гарсаар, энэ үеийн
түүхэн үнэн бодит байдал Түүхийн сурах бичигт зохих байр сууриа эзлээгүй хэвээр
шахам байна даа. Энэ бүгдийг засаж залруулах, монгол үндэстэн өөрийгөө хурдан
олж таних хэрэгтэй. Чухамдаа монголчууд бидэнд дахин сэргэлт өгсөн түүхэн энэ
үйл явдлын удирдагч нь Богд хаан юм шүү. Учир нь зуун жилийн өмнөх монгол нь
зуун хувь шахам бурхан шашинтай орон байсан тул шашны тэргүүний нэр хүнд, нөлөө
онцгой их байсан байна. Бурхан шашин монгол үндэстэний үнэт зүйлсийг тээгч
байсан талаар дээр ярьсан.
-Ер нь
түүхэн ой тэмдэглэхийн ач холбогдол нь юундаа байдаг вэ?
-Бид түүхээ
мэдэхгүй бол энэ үндэстэн мөхөх аюултай. Түүх бол та бидний ой санамж. Ой
санамжаа алдвал юу болохыг хэн бүхэн мэднэ шүү дээ. Тиймээс энэ монгол гэдэг
үндэстэн өөрийн түүх, соёлоо мэдэж, өөрийгөө таньж, түүхээсээ сургамж авах
учиртай. Чингэж хэмээн монгол үндэстэн өнө удаан орших учиртай. Үүнд л ой
тэмдэглэхийн ач холбогдол оршино.
(Үндэсний
шуудан сонины 2014 оны 12 дугаар сарын 23-ны дугаарт нийтлэгдсэн)