Tuesday, 25 February 2014

Чинагийн Галсан: Би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарина

МУСГЗ, Германы Ерөн­хий­лөгчийн загалмай хас одонт, зохиолч Чинагийн Галсантай ярилцлаа.


 -Таныг их олон мод тарь­сан гэж сонслоо. Хичнээн мод тарьж ургуулж байгаа вэ? 
-Одоогоор 380 мянган мод тарилаа. Миний тарих мод үүгээр зогсохгүй. Би үүнээс ч их бүр сая мод тари­хаар шийдсэн. Бурхан тэнгэр надад нас хайрлавал  амьд­ра­лынхаа  эцсийн мөч хүрт­лээ мод тарина.

-Яагаад та ингэж олон мод тарихаар болсон бэ?
-Дэлхий дээр их олон мод тарь­сан хүн байдаг. Миний үлгэр жишээ хүн бол дэлхийн Энх тайвны шаг­налт Вангари Матай юм. Тэр хүн хоёр жилийн өмнө  бурханы орон руу явсан.  Тэр хүн  Африк тивд  35 сая мод тарьж үлдээ­с­эн байгаа юм. 
Миний хувьд анх сая мод тари­на гэж өөртөө амлах том зүйл мэт санагдсан. Мэдээж их  том амлалт байсан л даа. Манайхан Улаан­баатар хотын эргэн тойронд, байс­хийгээд мод тарьдаг. Миний мэдэ­хийн нийслэлийн ойрол­цоо Зуун мод нэртэй  дөрвөн ч газар бий. Тэдгээр газарт тарьсан модыг тоолж үзсэн чинь 100 хүрдэггүй юм билээ. Дээд тал нь 80-90 модтой.  Тэдгээр моднууд зун цэцэглэ­сэн байхдаа монгол хүний нүдэнд жигтэйхэн сайхан ой болж  харагд­даг. Харин мод ихтэй европ тивийн­хэн бид­ний хэлээд байгаа ойг төгөл л гэж хэлнэ. Хэдий тийм ч бид монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог шүү дээ. Энэ  ойлгол­тоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийн­хөө хөрөнгөөр эх орон­доо арван мянган ой буюу нэг сая мод тарина. Тарьсан модоо байнга эргэж тойрдог. Үнэндээ мод бол үржих хөрөнгө юм. Зуун жилийн дараа  би байхгүй ч миний тарьсан моднууд үлдэнэ. Тэр үед энэ модыг 100 жилийн өмнө нэг зохиолч тарьсан гэнэ лээ хэмээн дурсах байлгүй.     

-Тэр олон модоо хаана тарь­сан бэ. Хамгийн олон нь хаана ургаж байгаа вэ?
-Өөрийнхөө төрж өссөн нутаг болох Баян-Өлгий айм­гийн Цэнгэл сум, Улаан­баатар хотын эргэн тойронд  нэлээд олон мод тарьсан. Анх Тэрэлжид мод тарьж байлаа. Дараа нь нийслэл дэх цэр­гийн ангиудыг ногооруулсан. 
Цэргийн хуаран гэхээр л саарал байх ёстой мэтээр манай нөхдүүд төсөөлдөг.  Цэргийн хуран­даа нартай би ном хаялцсан. Тэд энд "Хуарангаа ногооруу­лаач" гэхээр "Хуаранд мод тариад яадаг юм" гэдэг байсан.  Харин одоо тэдний энэ бодол өөрчлөгд­сөн. Цэргийн болон  ангийн захи­рагчид "Галсан гуай хэдэн мод өгөөч ээ" гэцгээдэг боллоо.  
Тарьсан моднуудын маань хам­гийн олон нь нийс­лэлээс  50 км-ийн зайд, Таван толгой гэдэг газар ургаж бай­гаа. Тэнд манайхан  "Хааны эрэлд" гэж цэргийн сур­гуульд гадныхантай нийлж, цэр­гийн бэлтгэл сургууль  хийдэг. Цэргийн энэ сургуулилтад  оролц­сон цэргүүдийг амра­хад нь зориулж "Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн"  бай­гуулж байна. Энэ хүрээлэнд 200 мянга шахам мод тарилаа. 

-Таныг мод, суулгац худал­даж авахдаа гар татдаггүй гэх юм. Мод тарих  ажилдаа хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байна?
 -Би мод, суулгацыг маш өндөр үнээр худалдаж авдаг. Үүнийг зарим хүмүүс ойлго­дог­гүй юм.  Үнийн хувьд мэ­дээж өөр өөр. Мод, суулгацаа хамгийн багадаа мянга, дээд тал нь 20-30 мянган төгрө­гөөр худалдаж авдаг. Авсан модоо заримдаа хүмүүст, байгууллагуу­дад үнэгүй өгчих­дөг. Монголын газар нутагт л ургах юм хойно  тэр модыг хэн ч авсан хамаагүй шүү дээ. Би ой үржүүлгийн хоёр ч газартай. Нэг нь Улаанбаатар хотод,  нөгөө нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгаа.  
Манайхан нэг хэсэг Улаан­­баа­та­рыг ногооруулж байна гээд 22-ын товчооноос Амгалан хүртэлх замд  том том  мод авчирч суулга­сан. Анх тэр модыг суулгаж бай­хад "Дөрвөн жилийн дараа энэ мод­нууд чинь үхнэ" гэж би хэлсэн.  Учир нь би мод тарих аргыг мэргэжлийн хэмжээнд судаллаа. Монгол Улс малын, халаасны хулгайтай тэмц­дэг хэрнээ  байгалийн  хулгайчдыг бараг шийтгэлгүй шахам өнгөрүүл­дөг. Энэ нь УИХ-ын гишүүдтэй хамаатай гэж боддог.

-Яагаад? 
-Тэд чинь  хувийн нэг бус компа­ни­тай. Зарим нь хувь­даа 10-20 компанитай байх­гүй юу. Өнөө компаниа өөд нь татахын тулд  Хэнтийн хөв­чөөс 30-50 жил урга­сан модыг хулгайлж, хүчтэй техни­кээр ачиж бизнес болгочихсон байна. Ингээд нийслэлийг ногоо­руулах нэрээр тендер авч, хулгайн юмаа хийдэг. Ийм аргаар суулга­сан мод сайндаа л  таван жил ургаад үхдэг. Харин би ийм замаар мод тарьдаггүй. Тиймээс  надад бусдын адил хүнд харуулах 30-40 метрийн өндөр­тэй ногоон мод байх­гүй. Миний тарьсан модны хамгийн өндөр нь одоо 3-4 метр хүрч байгаа.  Үнэндээ нэг зүйлийг бодохоор миний уур  хүрдэг.

-Уурыг тань хүргэдэг тэр зүйл юу болохыг асуумаар байна?
-Монголд нэрд гарч, өөрсдий­гөө одууд гэж ярьдаг хүмүүс цөөн­гүй болж. Тэднээс ялгарах зүйл нь гэвэл би авдаг биш, өгдөг од нь байгаа юм. Надад энэ төр засгаас өгсөн юу ч байдаггүй.  Намайг Төрийн шагнал, Хөдөлмө­рийн баатарт ч  нэр дэвшүүл­сэн. Тува­чууд бид эх хэлээ хаяагүй. Одоо ч эх хэлээрээ  ярьдаг. Тиймээс л  төр засагт таалагддаггүй байх л даа. Би чинь 1977 онд Ю.Цэдэнбал дар­гаас банга хүртсэн.  Тэр хүн Улс төрийн товчооны бүх гишүүдийн өмнө надад "Мон­голд нэг ч тува байхгүй шүү. Үүнийг  чи мэдэж яваарай" гэсэн. Тэгэхээр нь би "Тэгвэл би юу юм бэ" гэж асуухад  "Чи бол урианхай" гэсэн юм. Би "Урианхай чинь монгол хэлтэй, бид нар бол тувачууд. Бид турк хэлтэй" гэсэн. 

-Таныг Монгол дахь хамгийн олон тэмээтэй хүн гэх юм билээ. Та хэдэн тэмээтэй вэ?
-Мөнгөний араас явсан бол би Монголын толгой баячуудын нэг байх байлаа. Одоогоос 18 жилийн өмнө төгрөгийг  одоогийнхтой харь­цуулахад чанга байсан шүү дээ. Тэр үед би хоёр гурилын шуудайгаар дүүрэн нийт  40 сая төгрөгөнд  тэмээ худалдаж авахаар говиор явж байлаа.  Намайг очи­хоос өмнө тэмээ 15-20 мянган төгрөгийн үнэтэй байсан гэсэн.  Гэтэл  500 тэмээ худал­даж авах миний сургаар мал­чид ганц шөнийн дотор тэмээ­ний үнийг гурав дахин өсгөж, 60 мянга болго­сон. Тэгэхэд надад хохиролтой байсан ч одоо бодоход тэмээ хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог.  Надад 130 гаруй тэмээ бий. Одоо миний төр­сөн нутаг болох Баян-Өлгий айм­гийн Цэнгэл суманд үржиж байгаа. Үр төлийнхөө заримыг Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц сумын зааг нутагт амьдардаг малчин н.Уатханыд аваачсан.

-Тэгвэл  жилд хэдэн төг­рөгийг мод тарихад зар­цуулдаг вэ? 
-Одоо бол жилд 50-60 сая төгрөгийг мод тарих ажилд зарцуулдаг. 

-Та ямар нэгэн бизнес эрхэл­дэг үү. Зөвхөн нэг жилд 60 сая төгрөгийг мод тарихад зарцуул­даг гэхээр таны орлого их өндөр байх нь ээ?
 -Би өнгөрсөн хугацаанд 40 ном бичсэн. Миний 34 ном герман хэлээр хэвлэгдсэн. Монгол хэл дээр хэвлэгдсэн зургаан номтой. Мөн гурван ч роман маань англи хэл дээр орчуулагдаж, АНУ, Кана­дад хэвлэгдлээ. Дээр нь франц хэлээр ес, испани, итали, еврейчүү­дийн хэлээр хүртэл ном маань хэвлэгдсэн бай­гаа. Энэ мэтчилэн надад номын мөнгө байна. Энэ бол бага хэсэг нь. Би гадаадад байхдаа энд, тэнд очиж лекц уншдаг. Олдог мөнгөний маань дийлэнх хувь үүнээс л бүрддэг юм.  

-Таны гаргасан номнууд хам­гийн эрэлттэй нь байдаг гэж дуул­сан. Ингэхэд ямар бүтээл тань таныг алдар­шуул­сан гэж боддог вэ?
-"Аянгат цагийн тууж"  маань намайг  олонд таниул­сан. Дээр нь дэлхийн уран зохиолтой намайг ойртуул­сан гэж боддог. 

-Та нэг хэсэг Монголд бороо оруулах тусгай төхөөрөмж бүтээх гэж ажилласан байх аа? 
-Тийм ээ. Бороо оруулах төхөө­рөмж зохиох гэж 50 сая төгрөг зарцуулсан.  Алжи­рийн Мачид Абделасис? гэж НҮБ-д бүртгэлтэй,  дэлхийд танигдсан том эрдэмтнийг хоёр жилийн өмнө Монголд ирүүл­сэн. Уг нь тэр хүн надад зүгээр явж өгөх хүн биш л дээ. Сахарын цөлийг ногооруулс­наа­раа дэл­хийд танигдсан энэ хүнийг Монголд цагийн 100 еврогоор хөлсөлж, 14 хоног байлгалаа. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд уг төхөө­рөм­жөө ашиг­лал­тад оруулсан. Өнгөрсөн жил уг төхөөрөмжөө Хатадын ам гэж өөрийнхөө амьдар­даг газарт байрлууллаа. Сүү­лийн жилүүдэд зундаа бороо хур ихтэй байсан биз дээ. Ингээд ярихаар намайг инээдэмтэй болгодог, муу­чил­даг улсууд "Энэ галзуурчээ. Тэнгэрийн  бороог би оруул­лаа" гэж ярилаа гэх байх. Ямар ч байсан би бороо ороход хувь нэмрээ оруул­сан. Тухайн төхөөрөмж маань ассан үедээ тэнгэрийн бүх тортогийг сордог.  Төхөөрөм­жөө ойрын  таван жил ажил­луул­на. Энэ хугацаанд  Мон­го­лын газар нутаг зохих чийгээ авна.

-Та хамгийн сүүлд ямар ном бичсэн бэ?
-Монгол хэл дээр гарсан миний хамгийн сүүлийн ном "Тэнгэрийн зүүд" нэртэй. Сүүлд бичсэн гурван роман маань маш том шуугиан дэг­дээ­сэн. Нэг нь нөгөөгөөсөө давсан роман  бичсэн л дээ. Би нийтдээ арван роман бичлээ. Одоо надад дахиж ном бичихэд бэрх байна. Бич­вэл өмнөхөөсөө давсан ном л байх учиртай байгаа юм. Харин одоо нүүдэлчин амьдралын сурах бичгийн тухай  ном гаргахаар юмаа цуглуулж байна. Яагаад ийм ном бичихээр болсон бэ гэвэл, бид чинь их сонин амьдралаар амьдар­сан. Намайг жаахан байхад тува хүүхэд болгон хатсан хус барьж явдаг байлаа.  Энэ нь тухайн үед  галзуу өвчин дэлгэрсэнтэй холбоо­той. Галзуу чоно, нохой дайраад ирэхэд нөгөө хатсан хусыг ам руу нь хийж, тулахаар гараа сугалж ав гэж хөгшчүүл зааж сургадаг байсан юм. Азаар би галзуу чоно, нохой­той таа­раа­гүй. Энэ мэтчилэн бид­ний багад зааж сургасан, үеийн үед дамжиж ирсэн тэр юмыг л  сурах бичиг маягаар,  шог байдал оруулж бичиж байна. 

-Таныхаар Монголын утга зохиолын өнөөдрийн  өнгө төрх ямар байгаа бол?
-Монголын уран зохио­лыг муу гэж байгаа юм биш. Гэвч жаахан гэнэн хүүхэд шиг байдаг байхгүй юу. Монгол гэдэг бол дэлхийн шилдэг үндэстэн гээд л хаана л олиг­той юм байна бүгдийг Мон­гол­­той хамааруулж, магтдаг. Үүнийг гадныхан уншаад "Бичсэн юмыг нь" гээд инээм­сэг­лээд өнгөрдөг. Үнэндээ манай зохиолчдын гарга­даг хамгийн том алдаа нь, ном гаргах өвчин туссан юм шиг бичээд л байдаг. Номын хэнээ­тэй болж, нэр төр хөө­цөл­дөж,  нэг их олон номтой болох гэж улайрдаг. Миний хувьд тийм олон номтой болохыг хүсдэггүй.   
Энэ нэг зүйлийг хэлэхэд, манай­хан их дардайх, өөрий­гөө хэт үнэлдэг байдлаас одоо салах хэрэгтэй. Чингэс хаанаа март гэж хэлэх нь хаашаа юм. Чингэс хаанаа зөв үнэлж, хүмүүсийн айдсыг тайлж, тэдний сэтгэлээс айдас хардлагыг угаах хэрэг­тэй. Чингэс чинь Гитлер шиг алуурчин байгаа­гүй шүү дээ. Би Чингэсийн талаар бүхэл бүтэн роман бичсэн боло­хоор юу нэмж хэлэх вэ. Мон­гол­чууд энэ байдлаараа бай­вал хэцүү. Чингэс дахин ами­лаад ирлээ гэж бодоход бүгд толгойгоо авахуулж мэднэ. Учир нь Чингэсийн нэрээр улс төр, бизнес хийдэг хүмүүс олширсон. Сүхбаа­та­рын хөшөөг хүртэл Чингэсийн талбай болголоо. Түүх бол тэр үедээ үнэн байдаг. Евро­пын хаа­дын хөшөө байж л байгаа. Бат-Үүл утаа арил­га­на гэж хотын дарга болчи­хоод, Ленин, Сүхбаатарын хөшөө рүү довтлох ямар хэрэг байна. Сүхбаатарын талбай гээд нэрлээд олон жил болсон ард түмэн Улаанбаатарыг Сүхбаата­рын талбайгаар л төсөөлдөг. Гэтэл  Чингэсийн талбай болгож, нэг аймгийг Чингэс хот болгох хэрэг байна уу. Ганцхан нисэх буудлаа ч гэсэн Чингэсээр овоглочихсон. 

-Германд олон жил бай­сан хүний хувьд үндэсний утга зохиол, Монголын зохиолч­дыг  гадагшаа гар­гах, танилцуулах тал дээр хэр их юм хийв?
-Түдэв гуайн "Хорвоотой та­нилц­сан түүх" гэдэг номыг герман хэлээр орчуулж, хэв­лүүл­сэн. Энэ бол Монголын утга зохиолд оруул­сан миний хувь нэмэр.  

-Ингэхэд та яаж яваад Герман улстай амьдралаа холбосон бэ?
-Энэ бол хувь заяа. Би Герман улстай холбогдоод 52 жил өнгөр­чээ. Энэ тухай  роман ч бичсэн. Нэг ёсондоо өөртөө шалгалт өгч байгаа хэрэг л дээ. 

-Хараад байхад та ган­цаа­раа байгаад байх шиг санагддаг. Та Монголын зохиолчидтой хэр холбоо­той ажилладаг вэ?
-Уг нь зохиолч найзууд бий. Харин зохиолчдын хороо­той бараг холбоогүй байдаг. Намайг ч гэсэн нэг их уриад байдаггүй. Би Монго­лын зохиолчдын хороонд гурван ч удаа хувийн хэргээ бүрдүүлж өгсөн. Гэтэл "таны хувийн хэргийн хавтас хоосон байна" гэдэг. "Юу яриад бай­на" гээд очихоор бүгдийг нь устгачихсан байдаг юм. Энэ бол атаархал. Намайг Нобе­лийн шаг­нал авах хүн гэж дэлхий дахин шуугисан. Харам­салтай нь  намайг Нобе­лийн шагналд дэвшүү­лээд өгөх Засаг төр ард минь байхгүй. Тийм учраас би дэл сул явж байна даа. Гэхдээ би үүнд гудайдаггүй. Би мөнгийг модоор сэтгэдэг. Европоор хэсч, уулзалт хийгээд явж байхдаа орой нь зочид буу­дал­даа ирээд олсон хэдэн цаасаа тоолдог. Мөнгөө тоолоод 80 мод, 100 мод, 500 мод гэж хашгирдаг. Нэг модыг 10 еврогоор боддог. Ингэж л өөрийгөө зоригжуулдаг.

-Үр хүүхдүүдээс тань таны зам мөрийг хөөсөн нь бий юу?
-Би дөрвөн хүүхэд, есөн ачтай. Хоёр хүүхдэдээ өөрийн­хөө эдлэн газартаа хоёр хаус барьж өглөө. Өөрөө ч гэсэн хаустай. Гурав дахь хүү маань ууланд даяан хийгээд, бясалгаад сууж бай­на. Шадивлан­гийн уулын оройд том чулуун хашаа бий. Тэр газрыг би худалдаж авсан. Дээр үед тэнд эртний Монго­лын сүм хийд байсан юм. Бага хүү маань миний үйлийг үргэлжлүүлж яваа. "Чинагийн Галсан сан"-гийн гүйцэтгэх захирал. Одоо Мон­голд герман хэлээр радио нэвтрүүлэг хийдэг.
Ч.АННА


No comments:

Post a Comment