Wednesday, 14 January 2015

М.Батчимэг: АН уучлал гуйсантай дүйх эрсдэл хийсэн

УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа. Тэрээр эдийн засгийн өнөөдрийн хүндрэл нь засаглалын хямралаас, засаглалын хямрал нь Үндсэн хуулиас эхтэйг, энэ эрчээрээ удаан явбал улс орны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх тухай сонирхолтой яриа өрнүүллээ.   

-Та шинэ оны өмнө Орхон аймгийн АН-ын дарга болжээ. Энэ нь хувийн сонголт уу, намын шийдвэр үү
-Аль аль нь. 2012 оны сонгуулийн дараа АН-аас парламентад төлөөлөлгүй аймгуудыг намын жагсаалтаар сонгогдсон гишүүд хариуцаж ажиллах шийдвэр бүлгээс гарсан. Энэ дагуу би Орхон аймгийг хариуцаж ажиллаж байгаа. Сая аймгийн өмнөх намын дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. Г.Зоригт дарга ажлаа өгөхийн өмнө надаас манай аймгийн намыг төртэй холбож ажиллах, бас намын хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд эмэгтэй хүний хувьд зөөлөн сэтгэл, илүү эв дүй гаргах давуу тал танд байна, иймд намын даргын сонгуульд өрсөлдөөч гэж хүссэн. Тэгэхээр энэ бол намын төв удирдлагын шийдвэр, орон нутгийн намынхны хүсэлт, миний өөрийн сонголт гурвын нийлбэр гэж болно. 

-Нэгэнт аймгийн намын дарга болчихсон юм чинь 2016 оны сонгуульд та Орхонд нэр дэвших нь дээ, тийм үү
-Үгүйсгэхгүй. 2016 онд УИХ-д дахин нэр дэвшвэл намын жагсаалтаас биш, тойргоос дэвшиж таарна. Нэг хүн хоёр сонгуульд дараалж намын жагсаалтад бичигдэхгүй, дараагийн удаа нь тойрогт нэр дэвших бичигдээгүй жишиг ойролцоо тогтолцоотой бусад оронд байдаг юм билээ. Манайд ч энэ жишгээр л явах байх.

-Та энэ шинэ албанаасаа өмнө хамтарсан Засгийн газрыг байгуулах зөвшилцлийн ажлын хэсгийг АН-аас ахалж байсан. Энэ албан тушаалын чинь ажил үүрэг дуусгавар болсон уу
-Бүлгээс олгосон эрх, үүргийн хүрээнд харвал ажлаа хийгээд дууссан. Гэхдээ олон намын төлөөлөлтэй Засгийн газар байгуулсан учраас зөвшилцлийн ажлын хэсэг дээр юу гэж тохирсон, түүнийг юу гэж ойлгож байгаа юм гэсэн асуудал байнга хөндөгдөж явах нь тодорхой байна. Тиймээс намуудын ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд цаашид ч боломжоороо  санаа тавьж, хувь нэмрээ оруулж явах хэрэгтэй л юмшиг байна. 

-Яг өнөөдрөөр харвал зөвшилцлөөр тохирсноос Засгийн газар юмуу, аль нэг нам нь эргэж буцсан тохиолдол байна уу
-Одоогоор ноцтой асуудал үүсгэчихсэн зүйл алга. Гэхдээ амьдрал баян болохоор цаашид өрнөх бүх үйл явцыг зөвшилцлийн ажлын хэсгийнхэн урьдчилж хараад бүгдийг тохирсон гэж болохгүй. Тэгэх ч бололцоогүй. Харин зарим зүйлийг өөр өөрийнхөөрөө тайлбарлах хандлага бол гарч байна. АН, МАН хоёр өнгөрсөн 20-иод жилийн туршид хоорондоо өрсөлдөж, сүүлийн хоёр жилд бол бүр ч их сөргөлдсөн. Харилцаанд үүссэн энэ хүйтрэлийг зөөлрүүлэх, гэсгээхэд цаг хугацаа хэрэгтэй. Зөвшилцлийн ажлын хэсгийхэн ойлголцлын суурийг сайн тавих гэж ихээхэн хичээсэн. Бид улс орныхоо том эрх ашгийн асуудлыг тойрч ярилцахад ихэнх цагаа зарцуулсан, үүний төлөө эвсэж байгаа гэдэгтээ санал нэгдсэн. Хэрвээ энэ том зорилгодоо л тууштай байгаа бол, цаашид үнэнч явах л юм бол замын дунд гарч ирж байгаа аар саар үл ойлголцлыг залруулаад явах бололцоотой. 

-Зөшилцснөөсөө буцаагүй гэж дээ, жишээ нь, өрийн таазыг нэмэхгүй гэж тохирлоо л гээд байсан. Гэтэл 70 хувьд хүргэхээр төсвийн тодотгол ороод ирчихсэн,  МАН болохоор зөвшилцлөөсөө буцлаа гээд байгаа юм биш үү
-Ажлын хэсэг дээр Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй гэж тохирсон. Засгийн газар өөрөө нэмж гаднаас шууд зээл авахгүй, УИХ-аас авсан таван тэрбумын бонд босгох эрхийг цаашид ашиглахгүй гэсэн. Засгийн газар гаднаас 1.5 тэрбумыг босгосон, үлдсэн 3.5 тэрбумыг нь авахгүй гэж шийдсэн. Харин эдийн засгаа өөд татахын тулд хувийн хэвшлийнхэн гадаадаас бага хүүтэй зээл авахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай баталгааг гаргаж өгөх зайлшгүй шаардлага байгааг ажлын хэсэг дээр их ярилцсан болно. Энэ тухай протокол бичлэг нь хангалттай байгаа. Өнөөдөр Засгийн газар өрийн таазыг 70 хувь хүргэх санал оруулж ирэхдээ энэ зарчмыг барьсан гэдгээ хэлж байгаа. Засгийн газрын үүсгэсэн өрийг тооцохоор өнөөдөр ДНБ-ний 55 хувьд хүрсэн байна. Засгийн газар үүнээс цааш өөрөө шууд зээл авахгүйгээр, 70 хувь хүртэлх үлдсэн хувьд нь зөвхөн хувийн хэвшилд баталгаа гаргаж өгнө гэж байгаа. Тиймээс энэ асуудлыг зөвшилцөл дээр огт ойлголцоогүй зүйл орж ирсэн гэж хэлэхгүй. 

-Засгийн газрын өрийг шууд нэмэхгүй гэж байна. Гэтэл хувийн хэвшилд олгох баталгаа чинь эцсийн дүндээ төсвөөс төлөгдөх л өр болно шүү дээ
-Засгийн газар яг ямар үндэслэлээр өрийг ДНБ-ний 70 хувьд хүргэх санал гаргаснаа УИХ-д ч, ард түмэнд ч илүү сайн тайлбарлах хэрэгтэй байгаа юм. Бас хувийн хэвшилд, улс орны эдийн засагт ийм өгөөж өгнө, эрсдлээс ингэж хамгаална гэдэг баталгаагаа ч бий болгох хэрэгтэй. Хүмүүс хувийн хэвшилд баталгаа өгөх нэрээр дарга нартай холбоотой хэдэн компани завшаад зугтана, үлдсэн өрийг нь улс төлнө гэж болгоомжилж байна. Энэ бол зүй ёсны болгоомжлол. Тиймээс миний бодлоор эхлээд Өрийн удирдлагын тухай хуулийг яаравчлан батлах хэрэгтэй. Энэ хуулиар замбараагүй өр тавьж, улс орон өрийн дарамтад орох эрсдлийг сайн хааж өгөх ёстой. Хувийн хэвшилд баталгаа гаргахдаа ямар нөхцөл хангасан байхыг хатуу хуульчилж, баталгаа өгөхдөө тухай бүр УИХ-аар хэлэлцдэг байх зохицуулалт ч хийж болно. Ийм урьдчилсан нөхцөл, хяналтыг бүрдүүлж чадвал бид гадна байгаа боломжийг ашиглахаас айж, өөрсдийн гар хөлөө хүлж суухгүй хэрэггүй. Нөгөө талаас хувийн хэвшилд өгсөн баталгааг 100 хувийн эрсдэл гэж харах ёсгүй. Тодорхой хувь нь бүтэлгүйтэж болно гэдэг эрсдлийг тооцож, хуулиндаа тусгах нь зөв. Бид хувийн хэвшилдээ итгэх хэрэгтэй. Тэд Монголын амьдралын нуруундаа авч явж байна, бас бүтээж босгож чадаж байгааг  бид харж л байгаа. 

-Бас хэрэгжүүлэх бэлэн төсөлтэй байх хэрэгтэй. Төслөө бэлдээгүй байж баахан бонд авчихсан шүүү дээ. 
-Үнэн үнэн, үүнийг л одоо хуулиараа зохицуулах ёстой гээд байгаа юм. 

-Та аюулгүй байдлын судлаач хүн. ДНБ-д эзэлж байгаа Монгол Улсын өр яг хэдэн хувиас илүүгүй байвал аюулгүй вэ. Бусад улсын жишиг ямар байдаг вэ
-Олон улсын жишиг янз янз. Засаглал үнэхээр сайтай, хуультай, өрийн менежмент их өндөртэй Европын зарим оронд 70, 80, түүнээс ч өндөр хувьтай байж л байдаг. Эргэн төлөх баталгаа, эх үүсвэрээ мэдэж, хяналтдаа байлгаж чадаж байгаа бол гаднын хямд эх үүсвэрийг ашигла гэсэн зарчим. Манайд хууль ч, эрсдлээ тооцох менежмент ч маш сул явж ирсэнд гол учир байна. 

-Ерөнхий сайд чуулганд хэлсэн үгэндээ Хятадын даргын амласан нэг тэрбум долларын зээлийг яаралтай авахгүй бол хэцүүдлээ гэсэн утгатай юм хэлсэн. Гэтэл таны ярьж байгаагаар энэ мөнгийг авах бололцоогүй юм биш үү
-Тэр нэг тэрбум доллар бол Хятадын Экспорт импортын банкны шугамаар, тус улсын экспортыг дэмжих зорилгоор манай хувийн хэвшлийнхэнд очих зээл. Айлын талын шаардлага хангасан, авахыг хүссэн компаниуд авах боломжтой нээгдсэн зээлийн шугам болохоос заавал бүгдийг нь авах ч албагүй шүү дээ. Засгийн газар Хятадаас нэг тэрбум долларын зээл авах тухай яриа байхгүй.  Хувийн хэвшил энэ зээлийг авлаа гэхэд засаг ч баталгаа гаргах шаардлага байхгүй.

-Бас л судлаачийн хариулах асуулт л даа. Хэрвээ энэ нэг тэрбум долларыг авчихвал хөршийн зээл, хөрөнгө оруулалтын хэмжээ аюулгүй байдлыг босго, шалгуур дотор байж чадах уу  
-Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотор нэг орны хөрөнгө оруулалтын хэмжээ нь нийт гадаадын хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байх чиглэл барина гэсэн заалт байдаг. Туйлшрал бол утгагүй зүйл. Бид тэртэй тэргүй, биднээс хамаарахгүйгээр хурдтай хөгжиж байгаа хөршийнхөө эдийн засгийг үгүйсгээд, цааш нь түлхээд, хаалгаа хаагаад Монгол хөгжихгүй. Харин хөршийнхөө хөгжлөөс Монгол Улс хожиж, хамт хөгжиж явах ёстой. Үүний нөгөө талд бид тусгаар улсын хувьд өөрийн гэсэн  бодлоготой, хараат бус, бие даасан байдлаа хамгаалахын тулд эдийн засгийн гадаад харилцааны тэнцвэр чухал. Засгийн газар энэ асуудал дээр зөв үнэлгээ, дүгнэлт хийх, ярилцах цаг болсон. Үндэсний эрх ашиг, төрийн бодлоготой маань нийцэж байвал урд хөршөөсөө хөрөнгө оруулалт нэмж авч болж байна. Харин зүй зохистой байж болох хязгаараасаа хол давчихаад байгаа бол хожмоо өөрсдөдөө ч, хоёр улсын харилцаанд ч эрсдэл үүсгэхгүйн тулд асуудалд нухацтай хандах ёстой. Эдийн засаг хямарлаа, өнөөдөр бид баларлаа гээд маргаашийн ирээдүйгээ мартаж болохгүй. 

-Бас нэг улсаас манайд оршин суух иргэдийн тоо Монголын нийт хүн амын нэг хувиас ч билүү хэтрэхгүй гэсэн хязгаар байдаг
-Энэ тоо хэмжээндээ, хуулийн хязгаар дотор байгаа гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдэж байгаа. 

-Сая ярьсан хоёр хязгаарыг өрийн тааз шиг хөдөлгөж болдог уу
-Аюулгүй байдал бол зарим талаар харьцангуй, субьектив ойлголт байдаг. Жишээ нь, нэг нөхцөл байдлыг Отгонбаяр маш аюултай гэж ойлгож байхад, Батчимэг би бас ч гайгүй юмаа гэж харж байж болно. Тэгэхээр улс орны хөгжил, хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, гадаад орчин гээд маш олон шалгуураар аюулгүй байдлын хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөж байдаг. Тэр утгаараа бид аюулгүй байдалтай холбоотой босго, шалгууруудыг улс орнууд цаг үедээ нийцүүлээд өөрчлөх үедээ өөрчилж л байдаг. Өнөөдөр бол хүчинтэй байгаа бодлогоо мөрдөөд, хэрэгжүүлээд  явах нь чухал. 

-Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчийн чинь хувьд асуух өөр нэг сэдэв бол Засгийн газрын тухай. Танай нам юу хийнэ гэж, яах гэж  бүх намтай хамтарч  энэ Засгийн газрыг байгуулсан юм бэ. Ерөнхий сайд энэ тухайгаа өнөөдрийг хүртэл ард түмэндээ хэлээгүй явна. 
-Маш товчоор хэлэхэд үндсэн зөвшилцөл хоёр тулгуур асуудлын хүрээнд явсан. Нэгд, Үндсэн хуульд зохих нэмэлт өөрчлөлт хийж, сонгууль, улс төрийн намын хуулиудыг боловсронгуй болгож засаглалаа сайжруулах чиглэлээр хамтарсан алхмууд хийнэ гэж тохирсон. Илүү шударга, нээлттэй, зардал багатай сонгууль явуулдаг болох, ард түмний дунд нэр хүнд нь унаад байгаа улстөрийн намыг бодлогын байгууллага болгох, санхүүжилтийг нь ил тод нээлттэй болгох, хариуцлагажуулах, төрийн албыг улстөржилтөөс салгах чиглэлээр хуулийн өөрчлөлт хийхээр ойлголцсон. Хоёрт, эдийн засгийн асуудлууд. Эдийн засгийн өсөлттэй үедээ би хэтэрхий цамаан, үрэлгэн загнасан. Төрийн зардал данхайсан. Яг халамж хэрэгтэй зорилтод бүлгээ төдийлөн өөд татаж чадаагүй байж, хавтгайрсан халамжийн бодлого явуулж ажил хийх сонирхолгүй бараг нийгмийн бүлэг үүссэн. Өрийн дарамт их хэмжээгээр нэмэгдсэн. Ийм учраас эдийн засгаа эрүүл хөрсөн дээр нь аваачихын тулд тодорхой зарим өөрчлөлт хийе, Оюутолгой, Тавантолгойн асуудлыг улстөржилгүйгээр ил тод нээлттэй хэлэлцэж шийдье  гэдэг дээр ажлын хэсэг, намууд тохирсон. 

-Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг 2015 ондоо багтааж батлах ёстой
-Тэгнэ, сонгуулиас зургаан сарын өмнө баталдаг. Тийм учраас би чуулган, бүлгийн хуралдаан дээрээ байнга хэлж байгаа. Бид энэ ажлыг хийнэ гэж эвссэн шүү, энийгээ хийж чадахгүй бол эвсч хамтарсны утга учир алдагдана шүү, эвссэн зорилгоо бие биедээ сануулж явъя гэж. 

-Жишээ нь, Үндсэн хуульд агуулгын ямар өөрчлөлт хийх вэ
-Ямар өөрчлөлт хийхийг мэдээж УИХ дээр ажлын хэсэг байгуулж, намууд зөвшилцөж, бас олон нийтээр хэлэлцүүлж шийднэ. Зөвшилцлийн ажлын хэсгийн цөөн хүн хэдхэн хоногт энэ том асуудлыг шийдэх боломжгүй. Зөвшилцлөөр парламентын засаглалаа илүү боловсрнгуй болгох өөрчлөлтийг 2015 онд багтааж хийнэ гэдгийг л тохирсон. Яг ямар асуудлууд үүсээд байгаа талаар мэдээж ярилцсан л даа. Өнөөдрийн засаглалын хямрал Үндсэн хуулиас улбаатайг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. 

-Тухайлбал таны хувьд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
-Юуны өмнө тус тусдаа, харилцан хяналттай, бас тэнцвэртэй байх ёстой хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хэт холилдсоноос Монгол Улсад хариуцлагын тогтолцоо байхгүй болж байна. Нөгөө талаас хатуухан хэлэхэд гүйцэтгэх засаглал, Засгийн газар хэт сул, УИХ-ын барьцаанд орсон байна. Энэ бол Үндсэн хуулийн гэж хэлж болох  хямрал. Үүнийг л нэн түрүүнд засах хэрэгтэй гэж бодож байгаа. Парламентын засаглалтай орон гэж Засгийн газрын тэргүүнийг парламент нь томилдог орныг л хэлдэг. Түүнээс бус парламент нь Засгийн газрынхаа өмнөөс засагладаг улс дэлхий дээр байхгүй. Манай Үндсэн хуульд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гээд хуульчилчихсан”. Сүүлдээ гишүүд ч хязгааргүй эрх мэдэлтэй мэт дүрдээ итгээд байна. Гэтэл ихэнх орны Үндсэн хуульд парламентыг хууль тогтоох дээд байгууллага  л гэж заасан байдаг. Манай УИХ төлөвшсөн парламентын засаглалтай орнуудад байдаг Засгийн газрын эрх рүү хэтэрхий их орсон. Гол нь сайд нарыг Ерөнхий сайд биш, УИХ нэг бүрчлэн томилж чөлөөлж байгааг, улсын төсвийг УИХ ямар нэг хязгаарлалтгүй хэт дураараа хөдөлгөж баталж байна. Өнөөдөр парламент сайд нэг бүрийг томилж, огцруулах эрхтэй байгаа нь Засгийн газрыг бүхлээр нь, бас сайд нэг бүрийг УИХ-аас хараат болгож байгаа юм. Их хурлаас хараат сайд бол олон намаас, олон фракцаас хараат явнаа л гэсэн үг. Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах боломжгүй болдог. Засгийн газар Их хурлын тоглоомын байгууллага болж энд найтаахад тэнд ханиадаг гэдэг шиг УИХ дээр түр тар хийхэд цагийн дараа тэр нь Засгийн газрын зодоон болж хувирдаг.  Манай Үндсэн хуульд байгаа “УИХ-аас Ерөнхий сайд болон сайд нарыг томилох тухай” заалтаас “сайд нарыг” гэдэг үгийг авахад л их зүйл өөрчлөгдөнө. 

-Угаасаа Үндсэн хуульд ч бүх хариуцлагыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд л  хүлээнэ гэж  байдаг ш дээ
-Парламент үндсэн хоёр үүрэгтэй. Нэгд хууль тогтоох, нөгөө нь хяналт тавих. Манайд хууль, төсвийн хэрэгжилтэд тавьдаг хяналт маш сул. Яагаад хянадаггүй вэ гэхээр сайдыг огцруулах, томилох гэсэн хоёр том зэвсэг УИХ-ын гишүүнд байдаг учраас цаас эргүүлж, хууль тулгаж ажил хийх сонирхол гишүүдэд бага байна. Чамайг огцруулна шүү гээд л сууж байдаг. Энэ зэвсгийг нь УИХ-ын гишүүдээс авчихаар цаана нь сайд нарыг “жижигрүүлж байх” ганц зэвсэг нь хууль, төсвийн хэрэгжилтийг шаардах, УИХ дээр дуудаж байцаах эрх болж үлдэнэ. Ингэснээр парламентын хяналт аяндаа босоод ирнэ. Парламентын засаглалтай орнуудад парламент дээр зөвхөн Ерөнхий сайдыг байцаадаггүй. Салбарын сайд нарыг байнга асуудаг. Асуудал гаргасан сайддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа Ерөнхий сайд өөрөө өмнөөс нь огцрох болдог. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүхлээрээ  огцорно. Эндээс харахад нэг сайдын алдаа, хэнэггүйтэл бүхэл бүтэн Засгийн газрын хувь заяанд хүрэх үнэтэй учраас тухайн нэг сайдын хариуцлага их өндөр байдаг. Гаднын орнуудад нэг жаахан скандал үүсэхэд сайд саналаараа огцорч байдаг нь ийм учиртай. Тэнд хариуцлагын сайн механизм ажиллаж байна гэсэн үг. 

-Сайд нар ч бас парламентын шантаажнаас гарах нь
-Өмнө нь чамайг огцруулна шүү гэж шантаажилдаг байсан. Хэрвээ парламент сайд нарыг томилж, чөлөөлөх эрхгүй болчихвол УИХ-ын байцаалт явуулдаг эрх нь их хэрэгтэй “шантааж” болж хувирна. Парламент хуулийн хяналтаа л тавина. Энэ нь ард түмэнд хэрэгтэй. 

-Хуульзүйн сайд асан Д.Одбаяр надад өгсөн нэг ярилцлагадаа Ерөнхий сайд нь парламентаа тараах чадвар бүхий Ерөнхий сайдын засаглалыг парламентын засаглал гэдэг гэж байсан. Энэ эрхийг ч Ерөнхий сайдад өгөх үү
-Энэ бас их чухал. Ардчилсан оронд эрх мэдлийг гурав салгадаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж. Эдний хооронд эрх мэдлийн харилцан хяналт гэж том ойлголт байдаг. Энэ нь энэ гурван эрх мэдэл аль нэгийнхээ дээр доор гэхээсээ илүү аль болох тэнцвэртэй оршиж, бие биеэ харилцан хянах тухай ойлголт л доо. Тэр утгаараа парламентаас томилогдсон Ерөнхий сайдад буцаад парламентдаа нөлөөлдөг тэнцвэрийн механизм хэрэгтэй. Хэрвээ тийм нөлөөлөл байхгүй бол парламент нь Ерөнхий сайдынхаа ажлыг хийлгэхгүй, эцэс төгсгөлгүй улстөр хийх үндэстэй. Тийм учраас ардчилсан засаглалтай зарим оронд Засгийн газар, парламент хоёрын тэнцвэрийг хангахын тулд Ерөнхий сайдад парламентаа тараах эрх олгодог. Гэхдээ Ерөнхий сайд өөрийг нь томилсон парламентыг тараана гэдэг нь өөрийнхөө сууж байгаа мөчрийг хөрөөдсөнтэй адилхан учраас хэр баргийн ийм шийдвэр гаргадаггүй. Энийг манайхан судлах ёстой. Хийх ёстой өөрчлөлт ч байж магадгүй. 

-Одоо хийх өөрчлөлтөөр үү
-Одоо биш юмаа гэхэд цаашид ийм өөрчлөлт хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй. 

-Яагаад одоо биш гэж, зарим хүн энийг л хийж байж Ерөнхий сайд, Засгийн газрын ажил хийх баталгааг хангана гэж үздэг юм билээ
-Бид бүгдийг зөвхөн дотоодын улстөрөөр харах нь өрөөсгөл. Улсынхаа аюулгүй байдал, геополитик, газарзүйн байршил, их гүрнүүдийн дунд оршдог онцлог зэргээ бодож үзээд яг өнөөдөр хийх үү, үгүй юү гэдгээ нэлээн ултай судалгаагаар шийдэх хэрэгтэй. Сайн судлахгүй, сэтгэлийн хөөрлөөрөө хандвал жил бүр сонгууль хийдэг болох, төрийн дархлаа гэж юм байхгүй болох эрсдэл байж болохыг тооцох хэрэгтэй. 

-Таны ярьж буйгаар үнэхээр л парламентын засаглалаа илүү бэхжүүлж, гүйцэтгэх засаглалаа бие даалгах байдлаар Үндсэн хуулиа өөрчилнө гэвэл үүний нөгөө талд нь Ерөнхийлөгчийн одоо байгаа эрх мэдлийг багасгах шаардлага гарна даа
-Манай улсын Ерөнхийлөгчид парламентын засаглалтай улс орнуудын төрийн тэргүүнийхээс  харьцангуй илүү эрх мэдэл байдаг нь үнэн. Онолын талаас нь харвал манай улс хагас Ерөнхийлөгчийн засаглалтай орны тоонд ордог. Тэрний эхний шинж тэмдэг нь Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог, харьцангуй эрх мэдэлтэй, тэгсэн хэрнээ парламентын засаглалтай гэж тодорхойлоод Ерөнхий сайдыг парламентаас тодруулдаг. Тэгэхээр гүйцэтгэх эрх мэдэл Ерөнхий сайд ба Ерөнхийлөгч гэж хоёр хүний дунд хуваагдсан шинж чанартай. Үүнийг онолын хувьд хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гээд байгаа юм. Ийм орнууд бий, огт байдаггүй хувилбар биш. Хэрвээ цаашдаа үнэхээр Ерөнхий сайдын засаглал бэхжээд ирвэл гүйцэтгэх эрх мэдлээ зөвхөн Засгийн газрын тэргүүнд өгч, Ерөнхийлөгчийн энэ чиглэлийн эрх мэдлийг бууруулах боломжтой. Миний бодлоор өнөөдөр гүйцэтгэх засаглалд байх ёстой эрх мэдлийг хамгийн их хөндөж, бодитой булаацалдаж байгаа нь УИХ. Тийм учраас энийгээ эхэлж шийдээд, дараа нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл рүү орж болно. Цаг нь мөн үү, биш үү гэдгээ бодож болгоомжтой хандахгүй бол бас болохгүй.

-Яагаад
-Манайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж их өвөрмөц байгууллага бий. Ерөнхийлөгч тэргүүлдэг.  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гуравхан гишүүнтэй ҮАБЗ өөр хаана байдгийг би мэдэхгүй. Дэлхий дээр ганцхан нь Монгол Улс байхыг ч үгүйсгэхгүй. Бусад оронд ихэнхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ҮАБЗ-өө тэрүүлдэг. Ерөнхийлөгчийн засаглалтай оронд Ерөнхийлөгч нь, парламентын засаглалтай бол Ерөнхий сайд нь тэргүүлдэг. Харин манайх Үндсэн хуулиараа тэр эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөөгүй. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн энэ гурвын институцийн консесуссыг хадгалсан шийдвэр гаргаж яв гээд Ерөнхийлөгчдөө ҮАБЗ-ийг тэрүүлэх эрх олгосон. Манай Онц байдлын тухай хуулиар улс оронд ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүсвэл үндсэндээ ҮАБЗ бүх удирдлагыг гартаа авах эрхтэй. Ерөнхийлөгчийн удирдлага дор улс орон ажиллах хуультай. Өнөөдөр Засгийн газрын тэргүүний бие даасан эрх мэдэл бодит байдал дээр ийм сул байхад  Ерөнхийлөгчийн дээрх эрх мэдлийг дагаж сулруулах нь аюулгүй байдал талаасаа сайн шийдэл биш юм шиг санагддаг. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад байх ёстой эрх мэдлийг нь өглөө гэхэд амьдрал дээр энэ бодит эрх мэдэл бэхжиж төлөвшихөд шилжилтийн хугацаа орно. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл бодитой бэхжээд ирсний дараа ҮАБЗ-ийг Ерөнхий сайдын мэдэлд авчирч, Ерөнхийлөгчийг ч УИХ-аас сонгож болно.

-Хэрвээ Үндсэн хуулийг өөрчлөхдөө тулбал УИХ-аас Засгийн газарт байх гишүүдийн тоонд хязгаар тавина биз. 
-Нухацтай шийдэх ёстой асуудлын нэг нь энэ. Миний бодлоор Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-аас байж болно гэж хуульчилж болно. Ийм сайд нар УИХ-д байх нь парламент, Засгийн газар хоёрын хоорондын үндсэн бодлогын ойлголцол дээр чухал үүрэг гүйцэтгэдэг гэж парламентын засаглалтай орнууд үнэлдэг. Тийм зарим улс оронд парламентын гишүүн нь дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга хүртэл хийгээд явдаг юм билээ. Харин хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг огт холбоосгүй, бүр салгаад хаячихаар ойлголцол муудаад бүр дорддог гэж үздэг. Тийм учраас салгах биш, тодорхой хэмжээнд уусалттайгаар гүүр, холбоос болох зарим бодлогын сайдаа парламент дотроосоо  томилох нь хоёр институцийн хамтын ажиллагаанд тустай. Одоо  манайд юу бэрхшээл үүсгээд байна гэхээр  манай парламент цөөхөн гишүүнтэй. Эдэн дунд Засгийн газрын гишүүд ороод ирэхээр тэнцвэр алдагдаад байгаа юм. Парламентын шийдвэрт нөлөөлж  чадахгүй цөөхөн хүн байвал бидний харж байгаа, одоо бодитой байгаа хямрал багасна. Нөгөө талаас УИХ-ын ажлын чанар гишүүдийнхээ тооноос шууд хамааралтай. Гаднын орнуудын туршлагыг судлахаар нэг гишүүн үндсэндээ нэг л байнгын хороонд харьяалагдаж байгаа юм. Хоёр дахь байнгын хороондоо байна гэвэл орлогч гишүүнээр суух эрхтэй. Тэгээд тухайн байнгын хорооныхоо л хуулийг судална, түүгээрээ мэргэшдэг. Ингэснээр байнгын хороо нь парламентын амин сүнс буюу мэргэжлийн байгууллага болчихдог. Тэгээд нэгдсэн чуулган дээр улстөрийн том асуудал үүсээгүй л бол мэргэжлийн байнгын хорооны шийдвэрийг унагадаггүй, өөрчилдөггүй, баталгаажуулаад л явдаг. Гэтэл манайд өнөөдөр нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагддаг. Нэмээд дэд хороо, хэд хэдэн ажлын хэсэгт орж, нэг хуулиа ч ул суурьтай судлах нь битгий хэл унших цаг зав заримдаа олдоггүй. Физический байдаггүй. Магадгүй заримдаа уншаагүй хууль дээрээ кноп дарах болдог. Тэгэхээр гишүүдийн тоо өөрөө парламентын ажлын чанарыг маш их унагаж байгаа. Монгол Улс 2 сая хүнтэй байхдаа 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Одоо хүн ам саяар нэмэгдсэн. Эдийн засгийн хэмжээ, гадаад харилцаа, нийгмийн харилцаа, хэвлэл мэдээлэл, нээлттэй байдал гээд бүх юм өөрчлөгдсөн. Энэ бүгдтэйгээ харьцуулж бодохоор одоо УИХ-ын гишүүдийн тоогоо зайлшгүй нэмэх ёстой. 

-Өнөө 76 өөрсдийнхөө тоог нэмэх нь гэдэг шүүмжлэл шууд гарна даа. Гурван сая хүнд парламентын хэдэн гишүүн байх ёстой талаар тооцоо судалгаа байдаг уу 
-Тийм шүүмжлэл гарцаагүй гарна. Хэрвээ гүйцэтгэх засаглалаа бие даалгах өөрчлөлтийг Үндсэн хуульдаа хийж чадахгүй бол би ч тэгж шүүмжилнэ. Гол ньюанс бол парламент нь засаглаад байгаа юмшиг болохоор УИХ-ын гишүүнийг дарга гэж хараад эрх мэдэлтэй нөхдийн тоог нэмэх нь гэж буудаг. Ер нь ч тийм. Засаглалаа салгаж, гүйцэтгэх эрх мэдлийг бие даалгахгүй л бол засаг бужигнуулж сандал суудал хөөцөлддөг 76 нөхрийг 100 болгох нь үнэхээр гэмтэй. Харин эрх мэдлийг салгаж парламентыг ард түмний төлөөлөл байх байранд нь тавьчихаар засаг хянадаг хүн олон байх тусмаа ард түмэнд хэрэгтэй. Нэгэнт хийж байгаа бол парламентын чанараа сайжруулахын тулд гишүүдийн  тоог одоогийн өөрчлөлтөөр нэмж чадвал их сайн. Хүн амын тооноос нь хамаарч тухайн улсын парламент хэдэн хүнтэй байх талаар бусдын жишиг судалгаа байдаг л даа. Тэрийг харахаар гурван сая хүнтэй манай улсад парламент нь  ядаж 130 гишүүнтэй байхаар харагдаж байгаа юм. 

-Миний бодлоор гишүүдийн тооноос хавьгүй чухал нэг зүйл байна. Улстөрийн намыг фракцын халааснаас, улстөрчдийг мөнгөний хамаарлаас  яаж салгах вэ
-Юуны өмнө гишүүдийн тооноос чухал гэдэгтэй санал нэг байна. Фракцыг хуульчилж дэмжих юмуу, хуулиар хориглох боломжгүй. Фракц бол ардчилсан бүх оронд байдаг, хүний нийгмийн харилцааны л нэг хэсэг. Харин манайд өнөөдөр фракцыг амилуулж, хэсэг хүний хуйвалдаан, бүлэглэлийн хэлбэрт оруулаад байгаа нь дахиад л нөгөө УИХ сайдыг томилж, чөлөөлдөг тогтолцооноос үүдэлтэй гэж би хараад байгаа. Ялангуяа АН шиг олон фракцтай намд хуулийн энэ зохицуулалт фракцийг улам албажуулаад байна. УИХ сайд төрүүлдэг Үндсэн хуулийн заалтыг авчихвал цаг хугацааны явцад фракц бүдгэрэх нөхцөл бүрдэнэ.

- Улс төр фракцаас гадна мөнгөнөөс хэт хамааралтай байх шиг. 
- Үнэхээр тийм. Энэ чинь авилгын, бүлэглэлийн, баян хоосны ялгаа гүнзгийрэхийн үндсэн шалтгаан шүү дээ. Хамгийн түрүүнд сонгуулийг л мөнгөний хамаарлаас гаргах ёстой. Хэрвээ сонгууль мөнгөнөөс улам хамаараад л байвал хамгийн их мөнгө монголчууд бидэнд байхгүй. Хамгийн их мөнгө Монголоос гадуур байгаа. Тийм учраас бүгдийг мөнгөөр шийддэг энэ тогтолцооноосоо эртхэн, хохирол багатай дээрээ гарахгүй бол улс орны тусгаар тогтнолд аюултай. Бас төрд авилга улам амь бөхтэй болж, дотроосоо мөхөх ч аюул бий. Сонгуулийн замбараагүй   санхүүжилтийн золиос болчихсон улс бол Америк шүү дээ. Үүнийг америкууд өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн. Тэнд Конгресст нь насаараа суудаг хэсэг бий болсон, хэдхэн гэр бүл ээлжилж Ерөнхийлөгч болдог жишиг ч харагдаж байна. Америкийн улстөрийг цөөн тооны элит гэр бүл, бизнесийн бүлэглэл удирдаж байгааг ард түмэн нь шүүмжилж байна. Америкт баян, хоосны ялгаа хамгийн их болж бүр анги, давхарга үүсч, энэ нь эргээд ардчилалд нь аюул учруулж байгаа тухай Нобелийн шагналт эдийн засагч Штиглиц ном бичсэн байдаг. 

-Америкийн Азийн хувилбар болохгүйн тулд одоо яах ёстой вэ. Танай АН дээр жишээлэхэд та УИХ-д нэр дэвших эрхээ олж авахын тулд ҮЗХ-ны гишүүн байх хэрэгтэй. Гишүүн байхын тулд жил бүр өндөр татвар төлнө. Нэр дэвших гэж  дэнчингийн мөнгө байршуулна гээд л алхам тутамдаа мөнгө төлж байгаа. Жишээ нь, та 2012 оны сонгуульд  зарцуулсан мөнгөө буцааж олж авсан уу гэх юм уу төлж дууссан уу
-Надад цалингаас өөр орлого байхгүй. Сонгуулиар тавьсан өрийг манай нөхөр одоо ч бүрэн төлж дуусаагүй л байна. 

-Өртэй гэснээс та чинь Рио Тинто-гийн хувьцаа зэмэшигч байх аа. Зарим  хүн Оюутолгойн гэрээг батлах үеэр таныг Ерөнхийлөгчийн зөвлөх байсан учраас харддаг. Ер нь яаж яваад дэлхийн энэ том компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг болсон юм бэ. “Рио Тинто” угаасаа 90 гаруй хувь олон нийтийн компани л даа, тэнд монгол хүн байгаа нь сонин байна. 
-Би энд байгаа Оюутолгой компанитай, Рио Тинтотой ямар ч хамаагүй, удирдлагуудыг нь ч танихгүй. Манай гэр бүлийн хүн нээлттэй бирж дээр байгаа Оюутолгойн хувьцааг өсч магадгүй гэж бодоод хэдэн төгрөгөөр худалдаж авсан юм билээ. Банкинд өөрийн орлогоо хадгалуулахтай л адилхан зүйл шүү дээ. Гэвч тэр нь өсөх нь бүү хэл ихээр унасан, алдагдал хүлээгээд буцаагаад зарчихсан. Гэр бүлийн орлогоо бодитой тайлагнах ёстой учраас биржээс авсан хувьцааных нь тоог тухайд үед байгаагаар нь тайлагнаад л явсан. Одоо манайд ямарч хувьцаа байхгүй. 

-Сонгуулийн зардлыг яаж буууруулах тухай түрүүний асуултдаа хариулт авъя
-Би Шведийн парламентын туршлагатай танилцах үеэрээ сонин жишээ сонсож байсан. Парламентын гишүүнээс нь сонгуульд ямар хэмжээний мөнгө зарцуулж гарч ирснийг асуухад нийтдээ 6500 евро зарцуулсан. 1500-г нь намаас өгсөн. 5000-ыг нь би халааснаасаа гаргасан. Дөрвөн жилийн хугацаанд энэ мөнгөө би тушаасан татвараараа буцаагаад авчих юм гэж хариулсан. Ийм хэмжээнд зардлыг бууруулж чадсан оронд бол мөнгөтэй нь бус мэдлэг чадвартай, олон нийтийн төлөө ажиллаж чадах нь парламентад сонгогдож гарч ирдэг. Тийм улс оронд нийгмийн тэгш байдал сайн хангагддаг. Швед бол аз жаргалын индексээрээ дэлхийд хамийн дээгүүрт ордог орон. Тэнд эдийн засаг нь өсч, хүн ам руугаа чиглэсэн  нийгмийн чигтэй бодлогууд нь сайн яьдаг. Хамгийн гол нь нийгмийн шударга ёс том зургаараа  харьцангуй хангагдсан. Энэ бол улстөрийн санхүүжилт бага, цэвэр байхын чухлыг харж болж эерэг жишээ. Тийм учраас бид нар сонгуулийн  санхүүжилтийг чадах төвшиндөө хүртэл бууруулах ёстой. 

Манайд сонгуульд зориулагдсан байгууллага, хэвлэл хүртэл байна. Нэг хэсэг нь мөнгөтэй болж амьдраг гэж болох ч том зургаараа энэ буруу хандлага маань нийт монголчуудын нийтлэг эрх ашгийг хохироож байна.    

Сонгуулийн зардлыг бууруулсан орнуудад олон нийтийн телевиз нь  нэр дэвшигчдийг алагчлалгүй адил цаг олгож, сурталчилгааг хязгаартай цагт үнэгүй дамжуулдаг, сурталчилгааны материалуудыг нэр дэвшигчдийн штаб юмуу, намууд биш, Сонгуулийн хороо нь хэвлэж тараадаг гээд олон жишээ байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдод мэдээлэл хүргэх ажлыг төр өөрөө буюу төсвийн зардлаар хийдэг.

 -Уг нь улстөрийг мөнгөнөөс салгачихвал Монголд болж бүтэж байгаа нь илүү л дээ. 
-Тэгэлгүй яах вэ. Монгол бол хөгжиж байгаа, олон ололттой, ардчиллын үнэлэмжээр амжилттай яваа улс орон. Бид гэрэл гэгээгээ олж харахгүй, бүх юмаа хар байна, бүх юм болохгүй байна гэж явсаар байгаад шинэ үеийн Гитлер, Уга Чавес төрөх хөрсийг бэлдчих вий гэдгээс би болгоомжилдог. Тийм хүмүүс, тийм хэсэг нийгмийн бухимдал дээр л тоглож гарч ирдэг. Тийм хэсэгт олз болчих вий гэдгийг улстөрчид бид үргэлж бодож явах ёстой. Өнөөдөр бид хэчнээн алдаатай ч гэсэн хамгийн багадаа л тайван замаар засгийн эрхийг шилжүүлж байна, буу зэвсэгтээ тулахгүйгээр ширээний ард суугаад бодлогоо ойлголцож хамтарч чадаж байна. Энэ нь монголчуудын амжилтыг, манай ардчиллын төлөвшлийг харуулж байгаа юм. Бид ардчилалд тодорхой алхам хийчихсэн, цаашаа суралцаж байгаа, алдаж болохгүй, олсноо, хүрсэн амжилтаа гамнаад дараагийнхаа тоосгыг өрөөд явах ёстой. Түүнээс бус, бид нар буруу яваад байна, болъё, одоо дундаасаа нэг баатар төрүүлээд цаашаа явъя гэх хандлага газар авах вий гэх эмээлт надад ч байдаг. Тэр бол бидний зам биш, сонголт ч биш. 

-Ардчиллыг олонхийн засаглал гэдэг. Гэтэл энэ нь зүгээр нэг хүмүүсийн олонхи биш, харин нийгмийн олонхи нь эдийн засгийн хувьд бие даах явдал юм болов уу гэж би боддог. Олонхи нь эдийн засгийн хувьд бие даагаагүй, харин ч 21 мянган төгрөгийг илүү шүтэж байгаа ийм цаг үед улстөрчид илүү хождог, улстөрчдөд илүү ашигтай байдаг юм биш үү. 
-Ардчилал төлөвшиж байгаа хөрс нь улс орнуудад өөр өөр. Ардчилал бол бидний хувьд баруунаас л импортолж байгаа үнэт зүйл. Тэнд ардчилал эдийн засгийн өрсөлдөөнөөс бий болсон. Эрх ашгаа хамгаалсан худалдаачид, компаниуд парламент дээр очиж төрийн шийдвэрт нөлөөлөх гэж өрсөлдөж тэмцэж ирсэн түүх нь ардчиллын суурь хөрс болсон байдаг. Манай суурь өөр. Хүссэн ч, эс хүссэн ч өнөөдрийн бэрхшээл бол Баабарын хааяа хатуухан хэлдгээр бидний туулах л ёстой зам гэж харагддаг. Үүнийг олонхи нь ядуу байх ёстой гэж хэлж байгаа юм биш. Харин бид нар нийгмийн хөгжлийн явцад гарч ирдэг бэрхшээлтэйгээ тулгарчихлаа, одоо энэ алдаагаа засаад ардчиллыг олонхид ээлтэй, нээлттэй засаглал болгох л ёстой гэсэн санаа. Тэрний их том суурь нь Монгол өөрөө их баян орон, цөөн хүн амтай. Байгалийн газар зүйн, түүхийн соёлын, түүхийн асар их нөөцтэй орон. Өөр нэг итгэл гэвэл өнөөдөр хэдийгээр сайн муугаараа дуудуулж, алдаж онож,  популизм хийж, унаж босч яваа ч эцсийн дүндээ монголчууд эх оронч хүмүүс. Хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьдаг нэг хэсэг бүлэг байгаа юу гэвэл байгаа. Тэд цөөнх гэж итгэдэг. Ямар ч гэсэн бидний хандлага одоогоор засч болохгүй буруу тийш явчихаагүй. Харин өнөөдөр хоолой дээрээ тулсан бэрхшээлээ тэвчилгүй, алсыг харж давж чадалгүйгээр энэндээ сөхрөөд эргэж буцаж л болохгүй. Тийм айдас надад хааяа төрдөг юм.

-Мөнгөтэй компаниудын нөлөөлөл УИХ-д бас байгаа биз
-Үгүйсгэхгүй. Байгаа гэж боддог. Гэхдээ улстөр, бизнес нь зуун хувь зааглагдчихсан, эдийн засгийг нуруун дээрээ авч яваа том компаниуд нь улстөрдөө огт нөлөөгүй, харьцдаггүй тийм улс орон дэлхийд огт байхгүй. Хамгийн гол нь хаанаас, ямар шийдвэр гарч, нийгмийн баялаг ямар зарчмаар хэнд хуваарилагдаж байгаа нь л олон түмэнд ил, хяналттай байх ёстой. 

-Одоо хувийн шинжтэй гэмээр асуулт асууя. Таныг улстөрд яг бэлдсэн хүн нь хэн юм бэ. Яагаад гэвэл таныг Ерөнхийлөгчийн хүн, зарим нь Баабар бэлдсэн юм гэдэг. 
-Намайг улстөрд тусгайлан бэлтгэж дасгалжуулаад явсан хүн байхгүй. Би 1995 оноос хойш улсад ажиллаж байна. Стратегийн судалгааны хүрээлэнд арав гаруй жил яг үндэсний аюулгүй байдал, олон улсын харилцаа, Монгол-Хятадын харилцаагаар нэлээд ажилласан. Аюулгүй байдал, олон улсын харилцааны чиглэлийн ажил маань өөрөө улстөрчидтэй байнга холбоотой байдаг ажил л даа. Тэр утгаараа улстөрчидтэй, ялангуяа АН-ын зарим лидерүүдтэй 1990-ээд оны дунд үеэс  ажил хэргийн холбоотой ойр явж ирсэн.  Саяхан телевизээр олны танил нэг хүн “магадгүй урд, хойд насны ерөөлөөр ч юмуу, би Монголын төрд өртэй юмуу, сайнаар яривал ерөөлтэй хүн гэж боддог” гэж ярьж байсан. Надад бас заримдаа тэгж бодогддох үе байдаг. Судлаач байхдаа л хэзээ нэгэн цагт би шийдвэр гаргахад оролцох хэрэгтэй юм байна гэсэн итгэл үнэмшил эртнээс надад байсан. Гэхдээ 2009 он хүртэл намд элсээгүй, УИХ-д нэр дэвшье ч гэж төлөвлөөгүй явсан. Харин 2009 оноос Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Зөвлөх бол улстөрийн албан тушаал. Нэгэнт улстөрч болж байгаа хүн цаашдаа зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх, итгэж үнэмшиж байгаа зүйлээ хийхийг Ерөнхийлөгч зоригжуулж, дэмжиж ирсэн. 

-Нэр дэвшихэд бас дэмжлэг үзүүлсэн биз дээ
-Ерөнхийлөгч дэмжсээн. Эмэгтэйчүүдийн, бас залуу хүмүүсийн төлөөлөл болгож мэргэжлийн ийм хүнийг намын жагсаалтад багтаагаач ээ гэдэг байр сууриа Ерөнхийлөгч намын удирдагад илэрхийлсэн байдаг. 

-Энэ дэмжлэгийнх нь хариуд таныг зарим хүн Ерөнхийлөгчийн дуу хоолой гэж хардаг байх
-Өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч намайг дуудаад чи энэ асуудал дээр ийм байр суурь баримтал, ингэж хэл, тийм кноп дар гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ардчилсан үзэлтэй, байр сууриа хүнд хатуу тулгаад байдаггүй хүн гэж би боддог. Би Ерөнхийлөгчийг энэ тал дээр их хүндэлдэг.

-Баабарын тухайд дасгалжуулаагүй юм байна, тийм үү
-Яагаад тэгж ярьдгийг мэдэхгүй. Би Баабарыг 1990-ээд оны дунд үеэс, хүрээлэнд байхаас танина. Миний хүндэлдэг хүмүүсийн нэг. Хааяа уулзаж санал бодлоо хуваалцах дуртай. Чөлөөтэй сэтгэдэг, маш их уншдаг, их мэдээлэлтэй хүн. Гэхдээ ийм чөлөөтэй, манайхны хэлдгээр “билэг танхай” хүн хэн нэгнийг тухайлан сонгоод тэвчээр заагаад дасгалжуулагч хийгээд явна гэдэг надад л лав төсөөлөгдөхгүй юм байна. 

-Стратеги  судалгааны хүрээлэнд та С.Баяр даргатай хамт ажилладаг байсан уу 
-Хүрээлэнд орсон эхний жилээ хамт ажилласан. Дараа нь С.Баяр дарга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болоод явсан. Ер нь манай хүрээлэн Монголын их олон сэхээтэн, улс төрийн зүтгэлтнүүд ажиллаж, бас орж гарч байдаг байсан үүд сайдтай байгууллага. Магадгүй улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, гадаад харилцаа гээд хийдэг ажил нь үүний шалтгаан болдог биз. Манай захирлаар ажиллаж байсан, одоо Австралид Элчингээр сууж байгаа Р.Болд гуайд бид маш хүндэтгэлтэй ханддаг. Хүрээлэнд би дэслэгч генерал Пүрэвдорж гуай, С.Моломжамц гуай,  П.Очирбат гуай, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн гуай гээд олон сайхан ахмадуудтай, хамт бас, ойр ажиллах боломж гарч байлаа. Хүрээлэн дээр ямар нэг намын асуудал бус, улс орны эрх ашгийг л тойрсон ажил, яриа байнга өрнөдөг байсан даа. Би өнөөдөр ч үүнийг үргэлжлүүлж явахыг хүсдэг.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг та санаачилсан. Хэзээ батлуулах вэ
-Хугацаа хэлж чадахгүй байна, ямарч гэсэн батлуулахын төлөө ажиллана. Энэ амаргүй даваа. Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгэнд,  тэр тусмаа хэвлэл мэдээллийнхэнд зориулсан зүйл биш. Энэ бол олон түмний мэдэх, мэдээлэл авах эрх чөлөөг хангах, хүний эрхийг зөрчигдөхөөс хамгаалах хууль. Энэ үнэ цэнийг ойлгож байгаа хэвлэлийнхний, нийгмийн дэмжлэг маш чухал байгаа. Учир нь хэвлэлийн салбарт улстөрийн нөлөөлөл их орсон учраас батлагдахад нэлээд хүндрэл, бэрхшээл гарах байх. 

-Хэвлэлийн эзэд танай “анги”-д олон бий шүү дээ
-Олон байх. Тийм учраас л олон нийтийн дэмжлэг хэрэгтэй гээд байгаа юм.  Энэ хуулиар хэвлэлийн эзэд, хөрөнгө оруулагчдыг ил зарлана. Энэ бол хариуцлагыг нэмэгдүүлэх маш чухал заалт. 

-Та “Нэг ардчилал” фракцын гишүүн. Энэ фракц одоо байна уу, “Алтан гадас”-тай нийлчихсэн үү
-“Нэг ардчилал” гэж бие даасан фракц бий. “Алтан гадас”-тайгаа нийлчихсэн үү гэж яагаад асууж байгаа чинь мэдэхгүй юм. Бид улстөрийн наймаа хийж, өөрсдөдөө давуу эрх олгохын төлөө явдаггүй. Бидний зорилго бол АН-ын үнэт зүйлийг хадгалж явах ёстой гэж тунхагладаг. Бид хийж байгаа тус тусын ажил дээрээ энэ зарчмаа хатуу барьж явахыг хичээж, бие биедээ шаардаж сануулдаг. Зөв улстөрийн нам бол ардчиллын суурь. Хэрвээ улстөрийн нам дампуураад үнэт зүйлгүй болоод  явчих юмбол Монголын ардчилал байхгүй болно. Тийм учраас бид энэ хариуцлагыг тээж яваа АН-ын өнөөдрийнх нь нэг хэсэг, бас маргааш нь. Энэ ойлголцол дээр нэгдэж байгаа хэнтэй ч бид нам дотроо хамт явдаг. 

-Яагаад “Алтан гадас”-тай нийлсэн гэхээр Тэмүүжинг сайдаас огцруулах асуудал хөндөгдөх үед та нар “Алтан гадас”-ын дэмжлэгээр авч үлдэх шиг болсон. Тэгсэн сая Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахад задраад та санал өгөлгүй гараад явчихсан 
-Хуулийн салбарын шинэчлэл бол Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын том бодлого төдийгүй АН-ын сонгуулийн амлалтын хамгийн чухал хэсэг нь байсан. Тэгэхээр энийг хийж байгаа сайдыгаа хамгаалах итгэл үнэмшил тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуягт байсан байлгүй дээ. УИХ дахь АН-ын бараг бүх гишүүн л тухайн үед Тэмүүжин сайдыг огцруулахын эсрэг байсан гэж боддог. Фракцлаад явсан гэж би бодохгүй байна. 

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед танай фракц хуваагдсан шүү дээ
-Л.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёр маань сайд учраас танхимаа хамгаалж кноп дарах нь үүрэг шүү дээ. Миний хувьд аль ч талд санал өгөөгүй. Яагаад гэвэл би байр сууриа өмнө нь бүлгийнхээ хурал дээр хэлчихсэн байсан. Хэд хэдэн тодорхой үндэслэл байсан. Аливаа Засгийн газарт хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл гэж бий. Мөн бодитой оршин тогтнох боломж байна уу үгүй юү гэдэг их чухал. Энэ хоёр шинж Н.Алтанхуяг даргын Засгийн газарт байхгүй болчихсон байсан. Эдийн засаг ямар болчихоод байсан нь одоо бүхэнд ил болж байна. Улсын өрийн хэмжээ нэмэгдсэн. Улстөрийн хувьд чухал хуулийн төслүүд парамент дээр явахаа больчихсон байсан.  МАН-тай зөвшилцөж байж л засаглалаа янзлах, эдийн засгаа сэргээх том шийдвэрүүдээ гаргах нь ойлгомжтой болчихоод байхад Ерөнхий сайдын зүгээс Ардын нам, АТГ хоёр намайг ажил хийлгэхгүй байна гэж асуудлыг маш хурцатгаж байсан. Эдгээрээс гадна миний санааг хамгийн их зовоож байсан асуудал бол гадаад харилцаа. Засгийн газар бол гадаад бодлогоо нэг цонхоор, нэг амаар явуулах ёстой. Гэтэл Алтанхуяг сайдын үед энэ зарчим алдагдсан. Сайд нар бие биеэ үгүйсгэж янз бүрийн төсөл барьж гаднын Элчин сайд нар руу гүйдэг байдал маш ихэссэн. Энэ бүгдийг аюулгүй байдлын салбарт ажиллаж байсан хүнийхээ хувьд Ерөнхий сайдад ч, сайд нарт ч , бүлэг дээрээ  ч хэлж байсан. Эцэст нь 1996-2000 оныг давтахгүйн тулд гэж хоёр жил тэвчсэн бидний хүлээс өөрөө задарсан. Үүнээс гадна Алтанхуяг даргыг намтайгаа ярилгүйгээр, амралтын өдрөөр, одоо мөрдөгдөж байгаа хуулиар гэмт буруутай нь тогтоогдсон хүнтэй, МАХН-ын дарга Н.Энхбаяртай төрийн албыг наймаалцсан гэрээ байгуулсанд би маш их эмзэглэсэн.   Монголын ардчиллын төлөө бүхэл бүтэн 20 жилийн турш тэмцсэн, зүтгэсэн АН-ыг нэг хүний халаасанд аваачиж хийсэн гэрээ болсон л гэж би хардаг. Энэ бүхнийг эргэцүүлж бодоод л хувийн сонголтоо хийсэн.

-Санал өгөхгүйгээр гараад явах уу.
-Эсрэг кноп дарж болох байсан. Би хувьдаа УИХ дээр кноп дарж шийдэх нь зөв гарц биш байна, ярилцаад саналаараа огцрооч ээ, намаа битгий хуваагаач ээ гэдгийг байнга хэлж байсан. Харамсалтай нь тийм ойлголцол явж чадаагүй учир би санал өгөхгүйгээр шийдсэн. Энэ нь миний хувьд улс орны эрх ашгийг бодож гаргасан шийдвэр, байр суурь байсан. 

-Өнөөдөр улс орны эдийн засаг үнэхээр хүндэрлээ. Мөнгө ч байлаа, дотроосоо болж хүндэрлээ гэж зарим хүн хэлж байна. Хэрвээ энэ дүгнэлт үнэн бол энэнийхээ төлөө АН уучлалт гуйх уу
-Уучлалын тухайд би санал нийлэхгүй. АН дангаараа хүндрүүлсэн гэвэл туйлшрал болно. Хүндрүүлсэн бодитой шалтгааныг сая хоёулаа ярилаа ш дээ, тогтолцооны суурь асуудал байна, Үндсэн хуулиас үүдэлтэй засаглалын хямрал байна, төрийн алба суларсан, эдийн засаг сайн байх үед үрэлгэн бодлого явуулсан гэх зэргээр. Өнөөдрийн бэрхшээлийн хариуцлагыг ганц АН биш, өмнө нь засаглаж байсан МАН ч хүлээлцэх ёстой. Эдийн засгийг хүндрүүлсэн засаглалын хямралаа хамтарч засах ёстой болохоос нэгийгээ буулгаж аваад цаашаа явна гэвэл, уучлаарай энэ бол гарц, шийдэл биш. АН-ын гишүүд өөрийн байгуулсан Засгийн газраа огцруулахад оролцсон нь улс орныхоо төлөө хийсэн маш амаргүй, хүнд хэцүү шийдвэр, алхам байсныг энд хэлэх ёстой. 

-Уучлал гуйсантай адилхан гэж үү
-Би бол уучлал гуйсантай бараг дүйх, улстөрийн хувьд маш хүнд, эрсдэлтэй алхам хийсэн гэж хэлнэ.         
   
-Хоёулаа гүйцэтгэх засаглалыг бие даалгах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх тухай нэлээн ярилаа. Гэтэл өнөөдөр улстөрийн талаасаа Ерөнхий сайдаа харин ч УИХ-ын даргын мэдэлд өгчихлөө. Өөрөөр хэлбэл, ялсан намын дарга нь Ерөнхий сайд байдаг байхад намын дарга нь УИХ-ын дарга байна шүү дээ. 
-Өнөөдрийн Засгийн газрыг байгуулахдаа намын дарга ч, Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд Сайханбилэг ч нэг зүйлийг хатуу ойлголцсон гэж боддог. Юу гэхээр энэ засаг бол 1.6 жилийн дотор улстөрчдийн хийж чадахгүй байгаа эрсдлүүдийг өөр дээрээ авч хийх, золиосны Засгийн газар гэж зарим талаар хэлж байгаа. Намуудын, өмнөх Ерөнхий сайд нарын хийж чаддаггүй, болдоггүй байсан бүх эрсдлийг өөр дээрээ үүрье гэж байгаад Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон. Харин энэ эрсдлийг АН-ын дарга өөр дээрээ үүрч болохгүй. Яагаад гэвэл улстөрийн намууд, тэр дундаа АН ардчиллын суурь учраас, сонгуульд ялалт байгуулах хэрэгтэй. Тийм учраас намын дарга, Ерөнхий сайд хоёроо салгаад явсан. Энийг би байнгын шийдэл гэж бодохгүй байгаа. Түр зуурынх, бас хууль зөрчихсөн ч зүйл биш, амьдрал дээр байдаг л зүйл. 

-Тэгвэл намын эрх ашиг улс орныхоос дээгүүрт эрэмбэлэгдсэн байна, тийм үү. АН золиосных байж болохгүй, засаг бол золиосных байж болно гэж хандсан юм биш үү 
-Улстөрчийн хувьд өөрийн карьераа золиосолж чадах хүн л Ерөнхий сайд болно гэдэг зарчим яригдсан. Харин АН өөрөө эрүүлжих, сонгуульд ялах, төлөвшөөд явах нь Монголын ардчилалд хэрэгтэй учраас энийг хэтэрхий нэг өнцгөөс харж болохгүй.
http://otgonbayar.niitlelch.mn/

No comments:

Post a Comment