МОНГОЛЧУУД НУУЦ
ТОВЧООГОО ӨДӨР БҮР УНШИЖ ЭХЭЛЛЭЭ... Учир нь арав хүрэхгүй хоногийн өмнө нээлтээ
хийсэн “Монголын Нууц Товчоо сан”-гаас санаачлан бүтээсэн “Монголын Нууц
Товчоог 365 хоногт” хуваарьт ном эрэлт ихтэй байна.
Орчин үеийн завгүй амьдралын хэв маягт
зориулан бүтээсэн уг номыг бүтээгчдэд баяр хүргэмээр санагдана. Учир нь энэ бол
зүгээр ч нэг ном биш гарын авлага болсон байна лээ. ЭХ ТҮҮХИЙН гарын авлага.
Ингээд “Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт номыг санаачлан бүтээсэн “Монголын
Нууц Товчоо сан”-гийн тэргүүн П.Баярмагнайг НОМЫН ТУХАЙ буландаа урьж ярилцсанаа танд хүргэе.
-“Монголын Нууц
Товчоог 365 хоногт” хуваарьт номыг бүтээлцсэн хүмүүсийн талаар яриагаа
эхэлье?
-“Монголын Нууц Товчоо
сан” ТББ-ыг бид өнгөрсөн жил байгуулсан юм. Гол зорилго нь үүх түүхээ үр хойчдоо
өвлүүлэн үлдээх. “Монголын Нууц Товчоог 365 хоногт” ном бидний хамгийн анхны
төсөл. Зорилго нь залуучууд МНТ уншихаа болсон, уншсан ч ойлгохгүй, талаас нь
хаясан тохиолдол их болжээ. Бид ерөнхийдөө нөгөө дээдлэн хүндлээд байх
ёстой гэж зарлиг хүртэл гарсан МНТ-оогоо ойлгодоггүй юм байна, уншдаггүй юм
байна гэсэн дүр зураг гарсан.
Тиймээс бид МНТ-г олонд ойлгогдохуйц хэлбэрээр
хэвлэсэн. Номыг бүтээхэд Монгол Улсын төрийн соёрхолт, МУ-ын Гавьяат багш, хэл
бичгийн ухааны доктор, профессор Ш.Чоймаа, Монгол Улсын Соёлын гавьяат
зүтгэлтэн, утга зохиолын доктор, профессор Г.Аким, МУИС-ийн Шинжлэх ухааны
сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор
М.Баярсайхан, түүхийн ухааны доктор А. Пунсаг тэргүүтэй эрдэмтэн мэргэд, түүхч,
орчуулагч, судлаачид оролцсон.
-Номондоо хэний
хөрвүүлгийг ашигласан бэ. Мөн 2,000 орчим эртний үг хэллэгийг тайлбарласан гэж
байсан?
-Төрийн соёрхолт,
гавьяат багш Ш.Чоймаа гуайн хөрвүүлгийг бид эхээ болгож ашигласан. Нэлээн сайн
хөрвүүлэг гэж эрдэмтэн судлаачид үздэг юм билээ. Ш. Чоймаа багш энэ хөрвүүлэг
дээрээ нэмээд эртний, мартагдах шахсан мянга гаруй үгийн тайлбартайгаар
гаргасан байдаг. Манай эрдэмтдийн баг үүн дээр нэмж мянга гаруй үгий тайлбарыг
оруулсан.
Бид орчин цагийн
хүмүүсийн яаруу, завгүй хэмнэлд тохируулаад МНТ-ныхоо текстийг 365 хоногт
хуваагаад өдөрт гурваас, дөрвөн хурууны зайтай л текст уншихаар бэлтгэсэн. Тэр
жижиг текстэд орсон ойлгогдохгүй эртний хэллэгийн тайлбар нь доор нь байгаа.
Ерөнхийдөө хүн өдөрт 5-10 минут зарцуулахаар л хийсэн.
НОМЫН БОРЛУУЛАЛТАД
НОМ БҮТЭЭЛЦСЭН БҮРЭЛДЭХҮҮН ИХ НӨЛӨӨЛСӨН
-Гол онцлогийг нь
дизайны шийдэл гэж хэлж болохоор юм шиг байна. Нууц биш бол борлуулалт хэр
байна?
-Хүмүүс эргээд бидэнд ярьж байна л даа. “Бид
гэр бүлээрээ уншаад эхэлчихсэн. Их зүгээр юм аа. Эхлээд эхээ уншаад дараа нь
тайлбараа уншиж судалж байгаа” гэсэн. Тэрийг нь сонсоод их урамтай байгаа.
Заавал 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэл гэсэн үг биш. Эхэлсэн өдрөөсөө хойш
яг нэг жилийн хугацаанд уншиж дуусах зохион байгуулалттай.
Борлуулалт маш сайн
байгаа. Интерномд долоо хоногийн дотор хамгийн гүйлгээ сайтай ном буюу
бестселлерын жагсаалтад шууд зургаадугаар байранд орсон байна лээ. Бусад номын
дэлгүүрүүд манай дээр зараач гэсэн хүсэлт тавьсан. Номын борлуулалтад номыг
бүтээлцсэн бүрэлдэхүүн их нөлөөлсөн. Мөн жүжигчин Б.Амарсайханы тоглосон шторк сошиал сүлжээний хэрэглэгчдэд их нөлөө үзүүлсэн
гэх мэт олон шалтгаантай байх.
-Олон салбарын
эрдэмтэд гар бие оролцсон гэдэг утгаараа нэлээн чамбай бүтээл болсон гэж дүгнэх
хүмүүс байна. Эрдэмтдийн оролцооны тухайд?
-Монголын Нууц Товчоо сангийн удирдах
зөвлөлийн гишүүд болох нэртэй эрдэмтэд оролцсон. Эрдэмтдийг бид зүгээр нэг
оролцуулаагүй. Түүхэн талаас нь, хэл судлалын талаас, зан заншлын талаас гээд
үгсийн тайлбар дээр бүх талаас нь ажиллуулсан.
-2,000 гаруй үгийн
талаар эрдэмтэн М.Баярсайхан жишээ авч ярьсан байсан. Жишээ нь үлд гэдэг үгийг
илд гэсэн утгатай гээд. Тайлбарт орсон зарим үгнээс нь жишээ татвал?
-Жишээ болгоод номонд “ач” гэдэг үгийг хэрхэн
тайлбарласан тухай ойлголт өгье. МНТ-д гарч байгаа ач гэдэг үг нь хариу гэсэн
утгаар илэрхийлэгдсэн байдаг. Ачийг хариулах гэвэл дан ганц сайн утгатай
биш л дээ. Муу ачийг хариулах гэдэг нь өс авах гэсэн утга илэрхийлж байгаа. Энэ
мэт сонирхолтой үгсийн тайлбар байгаа.
-Номоо түгээх
хэлбэрүүдээ цаашид хэрхэн өргөжүүлэх вэ. Гадны олон хэл дээр хэвлэнэ гэж
сонссон. Мөн ухаалаг утасны аппликейшн болж байгаа гэсэн. Энэ талаараа
дэлгэрүүлнэ үү?
-Ухаалаг гар утасны аппликейшн болгох ажилдаа
бид орчихсон явж байна. Хүн бүрт хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байдлаар хийгдэх
энэхүү аппликейшнээ бид наадмын өмнө юм уу дараа нь гаргана. Дараа нь монгол
бичгээр гаргана. Эх нь бараг бэлэн болчихсон. Мөн франц, япон, англи хэлээр
гаргана. Гэхдээ тухайн хэл дээрээ үгсийн тайлбар нь өөр өөр байх учраас нэлээн
цаг авна. Бид хараахан эхлээгүй байгаа.
Бидний дараагийн ажил МНТ-оор зурагт тайлбар
толь гаргах гэж байгаа. Үг үсэг, газар ус, зан заншлын тайлбартай. Хэр зузаан
болохыг нь бид мэдэхгүй ч ийм толь гаргахаар шийдсэн.
Мөн МонголHD ТВ-тэй
хамтарч өдөр болгон нэг хэсгийг нь телевизээр уншуулах гэж байна. 365 хоногийн
дараа DVD болгоод гадаадад буй монголчууддаа явуулна. Гадаадад төрж, өсөж
буй цагаач, шинэ үеийн Монголчууд монголоороо ярьж чадахгүй, ёс заншлаа
мэдэхгүй болчихсон байна.
Манайхан гадаадад
гарсан Монголчуудаа тоолохдоо зөвхөн гадаад паспорт авч, тухайн улсын виз
даруулсан иргэдээ л хамруулдаг болохоос бус гадаадад төрж буй иргэдээ
тоолдоггүй. Гэтэл тэд маань жил ирэх тусам хэдэн мянгаараа төрж байна. Тэр
монгол цустай, монгол төрхтэй “гадаад” иргэдийг бид яагаад ч гадаад
сэтгэлгээтэй болгож боломгүй.
-Зурагт тайлбарын
зургуудыг хэрхэн судалж байгаа вэ. Тухайн үеийн зургууд бараг байдаггүй шүү дээ?
-Бид эрдэмтдээ түшиглэнэ. Манай эрдэмтэд энэ
номыг насаараа судалчихсан, асар их судалгааны материалтай байгаа. Энэ
материалуудыг эрдэм шинжилгээний бүтээлээс эгэл уншигчдад зориулан
боловсруулаад гаргана л гэсэн үг. Судалгааны бүтээлээс нийтэд зориулсан бүтээл
болгож байгаа юм.
БИД ӨӨРСДИЙГӨӨ
ЖИЖИГХЭН ГЭЖ БОДОХ ШААРДЛАГАГҮЙ
-Энэ олон ажлыг
хийхээр зориглосон “Монголын Нууц Товчоо сан”-гийн тухай асуухгүй өнгөрч
болохгүй байх. Яагаад энэхүү санг үүсгэн байгуулах болов?
-Монголын түүхээр хоосон цэцэрхэхээс илүү сайн
мэдье, мэдээд барахгүй түүнийгээ бусдад харуулдаг баймаар байна. Бидэнд санаа
зовоосон асуудлууд зөндөө бий. Тиймээс бодитой зүйл хийе.
Холливууд биднийг
сонирхож байгаа нь үнэн юм бол монгол хүний зохиолоор, монгол найруулгатай,
монгол хөгжмийн зохиолчид оролцсон тийм бүтээл гаргая гэж хүссэн. Яагаад
гэхээр Хятадын төрийн оролцоотой “China Film Group” корпораци Хятадын
үндэсний супер-баатар бүтээх хэдэн тэрбум юаны төсөл хэрэгжүүлж байна. Киноноос
өгсүүлээд л ном зохиол, хүүхэлдэйн кино, аппликейшн цаашлаад мерчандайз болгох
төслөө эхэлчихлээ. Энэхүү баатраараа Чингис хааныг сонгочихож.
Дахиад Чингис хааны
тухай 60 гаруй ангитай кино хийж байна. Холливуудад мөн Чингис хааны тухай кино
хийх санхүүжилтээ батлаад “Чингис Хааны Эрдэнэс” хэмээх 3D кино хийхээр
Марвел студио буюу бидний сайн мэдэх болсон Spiderman, Hulk, X-Men зэрэг киног
продюсерлосон Ави Арадтай гэрээ байгуулчихлаа. Чингис хаан маань Хятадын
баатар болж, бараа бүтээгдэхүүн нь зарагдах гэж байна. Энэ бол ганцхан жишээ.
Бид нар тэдэнтэй өрсөлдөхөөс илүү өрсөх
хэрэгтэй болчихоод байна. Өрсөлдөх үнэхээр хэцүү. Учир нь цаанаас нь
бодлоготойгоор хэдэн тэрбум доллар хаяад байгаа учраас юу л бол юу л хийж
чадна. Бид харин өрсөж чадна.
Гадаадын үзэгчдэд Чингис хаан бол монгол хаан
гэж батлах шиг амархан зүйл үгүй. Тэртэй тэргүй монгол ахуй, монгол газар
нутаг, зан заншил, дуу хуур, өв соёл бүхнээс тэрхүү үнэр үнэртэх тул санаа
зовохгүй байна. Харин цаг алдалгүй тэдэнд “үнэртүүлэх” л хэрэгтэй. Ингэхийн тулд
төр засаг нь түмэн олонтойгоо хамжиж, түүх соёлоо дэлхий дахинд тунхаглах л
хэрэгтэй байна.
http://www.ikon.mn/
No comments:
Post a Comment