Wednesday, 20 May 2015

Ж.Бямбадорж: Төрд ойртуулж болохгүй хүн гэж бий

Монголын анхдагч парламентчдын нэг, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гуайтай хөөрөлдлөө. Бидний ярианы сэдэв ерөнхийдөө хүний эрхийн тухай байсан ч энэ сэдвээрээ өлгөц болгон цаг үе, ус төр, монгол хүмүүсийн тухай гүнзгийрэн ярилцахыг хичээсэн юм. Өмнөх долоо хоногт эмнэлэгт хэвтээд гарлаа гэсээр намайг албан тасалгаандаа угтан уулзсан тэрээр үл мэдэг ядрангуй харагдсан тул би шууд л гол асуултаасаа ярилцлагаа эхэлсэн юм.

-Тавантолгойн гэрээг УИХ хэлэлцэх ёстой, ёсгүй гэсэн маргаан гарлаа. Төр нь өөр хоорондоо маргалдаад байхаар нийгэмд ч талцал, тэмцэл их гарч байна.
-Үндсэн хуулийн чинь нэг үзэл баримтлал бол эрх мэдлийг хуваарилсан нь юм шүү дээ. Хэнд ямар эрх мэдэл оногдоно вэ, тэр л эрх мэдлийг хэрэгжүүлэх ёстой. Бие биенийх нь хүрээ хэмжээг зааж өгсөн. Эрх мэдэл гэдэг чинь харилцан тэмцэлтэй, харилцан хамааралтай зүйл. Арабт нэг хаанхүүгийн шарилыг агаарт тогтоосон байдаг юм гэнэлээ, би очиж үзээгүй л дээ. Яаж байрлуулсан юм бэ гэхээр, тал талаас нь соронзоор таталцуулаад, дээшээ ч явчихгүй, доошоо уначихгүйгээр байрлуулсан байдаг юм гэнэлээ. Би эрх мэдлийн асуудлыг олон жил судалсан хүн. Үндсэн хуульд суулгахын тулд, түүнээс өмнө ч их ажилласан. Эрх мэдэл гэдэг зүйл яг л тийм байх ёстой юм. УИХ-ын талаар Үндсэн хуульд “төрийн эрх барих дээд байгууллага” гэдэг нэг үг орчихсон нь их гай тарьж байна л даа. Орчин үеийн ардчилсан улсуудын үндсэн хуульд ийм тодорхойлолт огт байдаггүй юм. Нөгөөх эрх мэдэл хувааж байна гэчихээд “чи том нь” гээд хэлчихсэнтэй адил болчихсон юм. Тухайн үеийн депутатууд л зүтгүүлсээр байгаад оруулчихсан юм л даа, бүр ядаад хаячихсан юм. Эрх мэдлийн холилдоон УИХ, Засгийн газрын хооронд байна. Онолын хувьд үүнийг хуулиар нарийвчлан зааглах ёстой. Практикийн хувьд янз бүрийн юм байна л даа. Нэгэнт төрийн эрх барих дээд байгууллага гэчихсэн, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын гол үндсийг шийднэ гээд эрх мэдэл өгчихсөн учраас УИХ-ыг буруутгаж болохгүй. Уг нь Засгийн газрын л хийх ажил л даа. Бүх л гэрээ, хэлцэл гүйцэтгэх эрх мэдлийн л асуудал шүү дээ. Алдсан бол тэд нар өөрсдөө хариуцдаг. Яагаад Тавантолгойн асуудал вэ гэхээр би эднийг эрх мэдлийн төлөө ч гэдэг юм уу, эсвэл сонгууль эхэлчихэж, эсвэл бүр тэнэг улсууд юм гэдэг ч юм уу, эдгээрийн аль алинаар нь үзэхгүй байна. Би үүнийг өөрийнхөө гэр дээр бодож байна. Манайх нэг малчин айл байна гэе. Манай аав бас хурдан моринд жаахан хорхойтой. Тийм морь худалдаж авах гэж байна гэж ээжид хэлдэггүй. Тийм морио зарах гэж байна бас ярьдаггүй. Ээж хүүхдүүддээ тийм хоол хийж өгөх гэж байна, өнөөдөр гурван үнээ саана, дөрвөн ямаа саана гэж аавд хэлдэггүй. Магадгүй тэр айлд томоохон асуудал тохиолдолд, энэ айл цаашаа сайхан амьдрах уу, голомтоо самрах уу гэдэг асуудал тулгарахад нэг дуу газарт, нөгөө дуу тэнгэрт хадахаас авахуулаад, магадгүй насанд хүрсэн хүүхэд шуухадаа дуудаж асуухаас эхлээд бөөн юм болно оо доо? Монгол Улсын хувьд энэ хоёр толгойн асуудал яг тийм юм болчихоод, хүн бүр өөр өөрийнхөө хандлагаар хараад байна уу даа гэж хараад байна. Тэгээд үүний шийдвэрийг би бас бодоод байгаа юм. Шийдсэн тал нь яг буруудна. Монголын өнөөдрийн психологи яг тийм. Тавантолгойн энэ гэрээг батлаад явбал буруудна, батлахгүй буцаавал бас буруудна. Яг тийм байдалд байгаа биз? Өөрөөр хэлбэл, шийдсэн талаа зөв явуулахгүй, ялагдсан тал нь ялласаар байгаад аль нь ч ялалтгүйгээр дуусдаг юм болчих вий л гэж хараад байна. Аргагүй шүү дээ, нийгмийн уур амьсгалыг ийм болгоод хаячихаж байгаа юм чинь. Энэ үнэхээр нарийн түвэгтэй байна л даа. Уг нь маргаашийн өөх бодож турж үхсэнд орвол уушгаа идмээр байдаг. Турж үхэхгүйн тулд уушгиа идэж байтал өөх идэх байсан ч юм шиг.

-Тэгэхээр асуудлыг олон нийтэд ил гаргаж, нийгмээр хэлэлцүүлж байгаа нь буруу юм болов уу?
-Яалаа гэж. Нийгмээр хэлэлцүүлж, ярилцуулж байгаа нь зөв. Хүн болгоны оролцоо энэ чухал асуудалд хэрэгтэй. Ерөөсөө ардчилал гэдэг чинь энэ. Харин нэгэнт шийдчихсэний дараа, өөрөөр хэлбэл нэгэнт төрийн бодлого гарсан л бол дээр доргүй бүгдээрээ дэмжээд явчих ёстой юм. Ардчиллын зарчим бол аль болох олон хүний санаа бодлыг авах ёстой, нэгэнт шийдвэр гарсан бол бүх нийтээр дагах ёстой. Засгийн газар ч дагах ёстой, УИХ ч дагах ёстой, та ч, би ч дагах ёстой. Гэтэл манайхан харамсалтай нь шийдчихтэй зэрэг араас нь гоншигоноод л, чаргууцалдаад л, хургандаа цадаагүй хонь төлгөндөө майлна гэдэг шиг л юм болоод байдаг юм л даа. Энэ л Монголыг сөнөөж байна. 

-Таныг УИХ-ын гишүүн байх тэр үед парламентын төлөвшлийн тухай их ярьдаг, асуудлыг хэлэлцэж шийддэг зарчим, дэг ч чанд байлаа. Өнөөдрийн парламент тэр талаар жаахан эвдрээд байна уу гэж харагдах юм?
-Аль XVI зуунд хүмүүс “Одоогийн залуучууд хэрэг алга” гэж хэлж байсан үг бичигдэж үлдсэн байдаг юм билээ. Түүнээс өмнө ч хэлж л байсан байх л даа. Түүнээс хойно ч хэлж байсан байх. Намайг залуу байхад ч хэлж л байсан. Одоо ч гэсэн миний үеийнхэн “надаас хойшхи үеийнхэн хэрэг алга аа” л гэх гээд байгаа. Би энэ үгийг хэлэхгүй юмсан гэж боддог юм. Хэлмээр байсан ч тэвчдэг. Яагаад гэвэл бүх юм үе үеэрээ л байдаг байхгүй юу. Харин ч зарим нь дээрдүүлээд, зарим нь жаахан доордуулсан ч байдаг л байх. Парламентын хувьд би төрийн тусгай алба хашаад 11 жил болж байна. Дураараа бууддаг үе маань алга байна шүү дээ. Төрийн албаны ёс зүйд захирагддаг. Илэрхий хууль зүйн, ялангуяа Үндсэн хуулийн томоохон зөрчил дээр дуугармаар санагддаг. Саяхан би тэр Ерөнхийлөгч УИХ-д тайлан тавина гэдэг асуудлаар хэвлэлээр санал бодлоо хэлсэн. Ерөнхийлөгчийг тайлангаа тавьчихаад гараад явах байх, асуултанд хариулахгүй байх, хариулбал хууль зөрчинө шүү гэж хэлсэн. Харамсалтай нь Үндсэн хуулийн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн томоохон зөрчил болоод л өнгөрлөө л дөө. Иймэрхүү юман дээр ганц нэг дуугарч байгаа. Түүнээс биш гаднаас нь хараад, шүүмжлээд, та нар болохгүй байна гээд байвал улам л доош нь оруулахаас олигтой юм байхгүй.

Би их л гайхах юм. УИХ-ын гишүүн чинь хууль боловсруулах төсөвтэй байдаг юм байна. Уул нь УИХ-ын гишүүн хууль боловсруулах үүрэггүй. Үүнийг хийдэг газар байна. Засгийн газарт үүрэг өгөөд хийж болно.

-Гишүүд чинь хууль санаачлах эрхтэй биз дээ?
-Санаачлах гэдэг чинь бичиж боловсруулах гэсэн үг биш. Үүний ялгааг сайн гаргах хэрэгтэй. Нэгэнт төсөвт суусан байхад сайн ч бай, муу ч бай юм боловсруулах хэрэг гардаг байх л даа. Би санаагаараа ярих, эсвэл хэвлэл мэдээллийн хэлж ярьснаар ч юм уу, эсвэл харснаараа ярих дургүй. Хуульч хүний нэг шинж чанар ч байдаг байх. Цэцэд байхад нэг юм ажиглагддаг байсан, тэр юу вэ гэхээр цэцэд ирж байгаа маргаантай хуулийн заалтууд ихэвчлэн хажуугаас УИХ-ын гишүүний саналаар орж ирсэн заалтууд байдаг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр, аливаа хууль гэдэг заавал Засгийн газраар орж, хэрэгжих боломж, ялангуяа хөрөнгө санхүүгийн боломжийг тодорхойлуулсан байх ёстой. Тэгэхгүй, сайхан заалт юм гэж бодож оруулсан юм ихэнхдээ унадаг.

-Тэгээд Цэц рүү очдог.
-Үй түм нь очихгүй байгаа шүү дээ, бас. Манай хууль тогтоомжийн хорондын зөрчил замаа алдсан. Би 2000 онд УИХ-ын дэд дарга болмогцоо энэ асуудлыг барьж аваад, жаахан хөөцөлдөж, Хууль зүйн яаманд нэг 10 хүнтэй алба байгуулаад жаахан цэгцэлье гэж байгаад тэгсгээд хаячихсан юм. Энэ асар их хөрөнгө шаардах ажил л даа. Үнэхээр үүнийг бодохгүй хүн байхгүй л дээ, сайд нар, УИХ-ын дарга, гишүүд бүгд л бодож байгаа. Гэхдээ зориглож барьж авахгүй байгаа юм. Хууль хоорондоо зөрилдөнө гэдэг тун аюултай юм байгаа юм. Үүнд би их санаа зовдог. Хүний эрхийн талаар сүүлийн үед гарч байгаа хууль, тогтоомжуудад зөрчилтэй юм байгаа эсэх талаар манайхаас санал авч байгаа. Санал авахаар барахгүй ихэнхийг нь тусгадаг болсон. Хажуугаас л орчихгүй бол. Хажуугаас орж буруу шийдсэн асуудал бий. Тухайлбал, Прокурорын дэргэдэх мөрдөх албыг татан буулгасан. Нийгэмд асар хохиролтой зүйл болсон л доо.

-“Улс төрчдийн хар жагсаалт” гаргах тухай яриа гадуур нэлээд тарж байна. Энэ асуудалд танай комисс ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн намуудын сонгуулиар амлаж гарч ирсэн амлалтыг нэхэх явдал зайлшгүй байх ёстой. Харин түүнийгээ сүртэйгээр хар жагсаалт, энэ тэр гэх нь хаашаа ч юм бэ дээ. Тамга гэдэг үгийг оросоор хоёр янзаар хэлдэг юм л даа. Эхнийх нь зүгээр штамп буюу албан бичгэн дээр дардаг тамга. Нөгөөх нь манайхны малынхаа ташаан дээр хайрч тавьдаг тамга. Түүнийг климо гэдэг. Оросууд хоолой руугаа нясалж архи ууя гэсэн санаагаа илэрхийлдэг дохио бий. Хүмүүс тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Орост боловсрол эзэмшсэн улсууд сайн мэднэ. Энэ дохио яаж бий болсон тухай түүх байдаг юм. Оросын агуу их хаан I Петрийн түүхтэй холбоотой. Тэр үед Оросын хааны хүү заавал цэрэгт алба хаадаг байж л дээ. Петр хаан цэргийн найзуудаа их үнэлдэг байж. Ер нь цэргийнхэн чинь нэг нэгэндээ их элгэмсүү байдаг шүү дээ. Гэтэл цэрэгт байхдаа хамгийн дотно байсан нэг найз нь архичин болсон гэж дуулж. Хаан тэр найзаа сурагласаар байгаад олж уулзсан байгаа юм. “Би чамайг их сурагласан, чи олдох ч үгүй юм” гэсэн чинь нөгөө найз нь “Та яаж олох вэ дээ, энэ олон сая хүн дотроос. Би юу гэж таныг гэж явах вэ” гээд баахан зовлон жаргал ярьж. “Би одоо хаан болчихлоо, надаас юу гуйх вэ?” гэсэн чинь найз нь “би хаашдаа өнгөрсөн, миний ганц бодол бол надад архи л олдож байвал болоо” гэж. Тэгээд “та хаан, таны зарлигийг заавал биелүүлэх ёстой юм бол надад хаа явсан газар маань архи хийж өгч бай гэсэн зарлиг шийтгээд өгчих” гэж. Хаан зарлиг бичиг өгч л дээ. Тэр бичиг юу удах вэ, урагдсан уу, хаягдсан уу, төдөлгүй алга болж. Тэгээд мань хүн дахиж хаантай уулзаад “Та миний хүзүүн дээр нэг климо дараад өгчих” гэж гуйж даруулж авсан гэдэг юм билээ. Тэр хүн насан туршдаа климотой болж байна аа даа? Түүнтэй адил хүнд насан туршид нь хар толбо үлдээх зүйл хийнэ гэдэг бол байж болохгүй зүйл.

-Гадаад орнуудад ийм жагсаалт гаргах явдал байдаг болов уу?
-Улс хоорондын харилцаа, цагаачлалын горим, хууль зөрчсөн хүмүүсийг хил, гаалиар оруулж, гаргахгүй байх хар жагсаалт гэх мэт зүйл бий. Гэхдээ тэр чинь хугацаа хэмжээтэй, алсдаа арилдаг зүйл. 2008 оны сонгуулийн үеэр шиг санагдаж байна, намайг Цэцийн дарга байхад нэг гомдол ирж байсан, сонгуулийн хуульд УИХ-д ял шийтгүүлж байгаагүй хүн нэр дэвшинэ гэсэн заалт орчихож гээд. Гэтэл ял шийтгэл гэдэг чинь олон янзын юм байна шүү дээ. Торгуулийн ял гэж бий. Жишээлбэл, манай нэг УИХ-ын гишүүн замын жижигхэн осолд ороод, туслах замаас гол зам руу орох гэж байхад нь шулуун замын машин өнгөрөхдөө шүргээд урд гуприйг нь хамаад явчихаж л дээ. Мань хүн өөрөө хуульч байсан болохоор өөрийг нь буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж гурван шатны шүүхээр яваад торгуулийн ял авчихсан юм. Энэ хүн тухайлбал УИХ-д нэр дэвших эрхгүй болж болох уу? Эсвэл хүүхэд байхдаа торгуулсан ч юм уу, сахилгагүйтээд ял зэм хүлээчихсэн хүн насан туршдаа улс төрийн эрхгүй амьдрах уу? Үүнийг л климо гээд байгаа юм. Тийм ч учраас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гараад тэр заалт хүчингүй болсон л доо. Тухайн үед би чухал асуудлаар зөв шийдвэр гарлаа гэж бодож байсан.

-УИХ-ын гишүүд, төрийн түшээдийг элдвээр хэлэх, нэр хоч зүүх явдал их болж...?
-Улс төрчид, УИХ гишүүн гэхээр яаж ч магтаж болдог, яаж ч доромжилж болдог юм шиг тийм ойлголтыг нийгэмд бүрдүүлэх гээд байна л даа, сүүлийн үед. Тийм биш юм аа. Тэгж болохгүй. Тэд чинь бусадтай л адил хүмүүс шүү дээ. Би УИХ-д Бага хурлаас нь авахуулаад дөрвөн удаа сонгогдсон, сайн муу, худлаа үнэн ярьж, бичихэд сүүлдээ дөжирчихдөг юм. Гэхдээ энэ хүмүүсийн чинь цаана үр хүүхэд, гэр бүл байгаа. Аав ээж, ах дүүс байгаа.  Яагаад тэр хүмүүс миний өмнөөс шаналж, зовж, найз нөхдөөсөө хөндийрч, хүмүүсийн өмнө нүүрээ улайлгаж явах ёстой юм. Бүх хүн ярьж байгаа, Монгол цөөхөн хүн амтай. Танай нөхөр чинь тийм л юм гэх чинь билээ, чиний аав чинь тэгдэг гэх чинь билээ гэсэн хүйтэн хөндий уур амьсгалтай цаг үргэлж нүүр тулж явах чинь хэцүү биз дээ? Би сүүлийн үед нэг л зүйлийг маш сайн ойлгоод байгаа. Энэ аз жаргал гэж юу юм бэ гэдэг асуултанд өөрийнхөө хариултыг олчихоод байгаа. Аз жаргал гэдэг бол сэтгэл санааны амгаланг л хэлэх юм байна. Сэтгэл санаа амгалан байх юм бол хүн аз жаргалтай байх юм байна. Тэгвэл хүмүүсийг сэтгэл санаагаар зовооно гэдэг аз жаргалаас нь салгана гэсэн үг юм. Хүн гэдэг амьтнаас ялгагддаг үндсэн онцлог нь нийгэм дотор амьдардагтаа л байдаг юм. Зүгээр нэг жалганы амьтан шиг биш, нийгэм дотор байр сууриа эзэлж, нийгэм дотроо явдаг учраас нийгэм дотроосоо таашаал, нийгэм дотроосоо хараал, ерөөлийг амсаж байдаг. Гэтэл эргээд нийгмээсээ сэтгэл санааны дарамтанд ороод байвал ямар юмны нь аз жаргал байх вэ дээ.

-Нэгэнт нийгэм маань бидний амьдрах орчин болохоор хаашаа зайлах вэ.
-Хүний амьдрал хоёр газар л өнгөрч байна. Гэрт, ажил дээр. Сүүлийн үед сэтгэл зүйч гэдэг нарийн мэргэжлийн улсууд гарч ирж байна. Бидний залууд тэр бүр тоодоггүй байж. Чи нэг бодоод үзээрэй. УИХ дээр гаргасан уураа тэр чигээр нь эбола вирус шиг тээж аваачаад гэрийнхэндээ халдаадаг. Зүгээр ч үгүй, гэрийнхнийгээ бас өвчлүүлчихдэг. Эсвэл гэртээ байсан таагүй уур амьсгалыг тэр чигээр нь тээгээд хамт олон дотроо тараадаг. Энэ нь ажилд нь нөлөөлж байдаг. Дэлхий нийт үүнийг чинь мэдчихсэн, том том брэндийн үйлдвэрлэгчид сэтгэл судлаачидтай болчихсон байна шүү дээ. Өглөө ажилдаа ирэхэд нь сэтгэл зүйн байдлыг нь хянаад зөв байвал оруулаад, буруу байгаа бол засаад оруулдаг. Бүтээгдэхүүний чанарт нь нөлөөлөх гээд байна шүү дээ. Орой явахад нь мөн засдаг. Би шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхантай үүнийг л их ярьдаг юм. Та нар тэр хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл зүйгээр бүх юманд хандаад, түүнийгээ гэр орондоо аваачиж битгий халдаагаад бай, хоригдолтой ажилладаг биш ажилтантай ажилладаг сэтгэл зүйчтэй бол гэж. Ер нь хүний эрхийн асуудлын утга агуулга их өргөн, бодол санаа олон зүйл рүү самгардаад явчих юм. Тэр бүхний хамгийн гол зүйл бол сэтгэл зүйн асуудал юм. Тийм ч учраас сүүлийн үед би сэтгэл санааны амар амгалангийн тухай асуудал руу түлхүү орж байна. Дахиад хэлэхэд өнөө аз жаргал гэдэг чинь энэ л байгаа байхгүй юу. Үнэнийг хэлэхэд өнөөдөр манай ажил хийж байгаа хүмүүсийн ихэнх нь амьжиргаагаа залгуулах гэж л ажил хийж байна. Хэдэн бор төгрөгний төлөө. Зүгээр л хэдэн бор төгрөгний цалин хөлс авахын тулд хүссэн, хүсээгүй ажиллаж, нервтээд түүнийгээ гэр бүлдээ, найз нөхөддөө аваачиж халдааж, хаа сайгүй аз жаргалгүй л хүмүүс явж байна даа. Бурхны сургаалын гол үндэс нь аливаа муу юмнаас сэтгэл зүйн хувьд салж чадах. Ийм юм руу түлхэж байгаа хүмүүсийг би нүгэлтэн л гэмээр байна.

-Хоёулаа “хар жагсаалт”-ны тухай яриандаа эргээд оръё. Зарим хүмүүс эсэргүүцэл тэмцэл хийсээр байгаад улс орны нийтлэг эрх ашигтай холбоотой том том төсөл, ажлуудыг унагааж байна л даа. Ийм хүмүүсийг “төрд ойртуулж болохгүй” гэж нөгөө зарим нь үзээд байгаа юм.
-Ерөөсөө аливаа юм, аливаа хууль, дүрэм, журам, дэг жаяг хүний энгийн амьдрал дотроос урган гардаг. Найрын дэг хүртэл энгийн амьдрал дотроос л гарч ирсэн байдаг. Ерөөсөө л хүний зохион байгуулалтын олон хэлбэрүүдийн нь л нэг шүү дээ. Өнөөдөр хүний эрхийн асуудлыг ярихад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гэдгийг зайлшгүй авч үздэг болсон. Дэлхий нийтээр сүлжээтэй болсон. Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхэд заавал иргэний нийгмийн төлөөллийг оролцуулж, саналыг нь заавал сонсдог болчихлоо шүү дээ. 2010 онд манай Засгийн газар Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд илтгэл бичиж оруулсан юм. Тэр илтгэлийг хянаад гаргасан зөвлөмжид, иргэний нийгмийн нэг ч байгууллагаас санал аваагүй байна гэж шүүмжилсэн байгаа юм. Одоо бол бид бүх түвшний илтгэл, мэдээ бичихдээ иргэний нийгмийн байгууллагынхныг маш их оруулдаг болоод байгаа. Тусгайлан урьж санал онолыг нь авдаг болсон. Иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд бол сайн дурын үндсэн дээр, итгэлээрээ хүний эрхийг хамгаалахын төлөө явж байгаа хүмүүс. Эдийн засаг, уул уурхай, байгаль орчны асуудлаар тэмцэж байгаа хүмүүс чинь бүгдээрээ иргэний нийгмийн төлөөлөгчид. Зарим нь буу шийдэмдээ тулаад, шорон оронд ч орчихсон явж байна. Хүн үзэл бодлоо илэрхийлэх нь тайван замаар бол яаж ч болно. Зөв бол шийдвэр гаргагчид хүлээн зөвшөөрөх ёстой. Буруу бол саналыг нь сонсоод л хаячих л даа. Тэгээд тэр хүмүүс тэмцэл юмаа хийгээд явж л байг л дээ. Юу нь буруу байгаа юм. Жишээ нь, Бямбадоржийг төрд ойртуулж болохгүй хүн шүү гээд зарлаг л дээ. Сонгогчид нь л шийднэ шүү дээ. Яг наад асуудлын чинь хувьд хэсэг хүмүүсийн нөлөө ороод, нөгөө хүн нэр дэвшсэн байгаад сонгох эрхийг нь хаасан гэсэн хэрэг зарга үүсч мэднэ шүү.

-Миний асуугаад байгаа өнөө том төсөл, ажил нураадаг улсуудад ч бас нэр дэвших, сонгогдох эрх байгаа. Гэтэл энэ хүнийг битгий сонго гээд жагсаалт гаргаад, сонгогчдод нь аваачих өгөх гээд байна л даа.
-Шүүхээр шийтгэгдээгүй хүмүүсийг л нэрлэх гээд байна, тийм үү? Сонгуулийн хуульд энэ талаар зүйл заалт байгаа байх шүү. Сурталчилгаа хийхдээ бусдын алдар хүндийг гутаан доромжилж болохгүй гэсэн заалт байгаа. Сонгуулийн маргааныг нэн яаралтай шүүхээр шийддэг юм бий. Гэхдээ нэгэнт үр урхаг нь гарчихсан тохиолдолд тухайн хүнд харамсалтай. Ер нь манайханд нийгмийн уур амьсгалыг залуурдах гэх сонирхол байна. Бүр нийгмийн үзэгдэл болчихсон. Хөрөнгө мөнгөтэй улсууд, улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөртөө байлгах бодлоготой, үүсгэн байгуулдаг юм байна. Хэдийгээр монголчуудыг мэдээллээр хангахад буян болж байгаа ч нөгөө талаар нэг нэгнийгээ намнах, нийгмийн уур амьсгалыг ийм тал руу бүрдүүлж байгаа нь ноцтой асуудал. Энэ яваандаа алга болно. Ер нь ийм үе нийгэмд тохиолддог юм байна л даа, хүн төрөлхтөн хэдэн зуун жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийн мэдээллийг хангаж ирлээ шүү дээ. Шалгарал явагдана. Харамсалтай нь тэр шалгарлын явц дунд нь л тээрмийн буланд нухлагдаад байна л даа, бид.

-Та юу гэж бодож байна, ер нь төрд ойртуулж болохгүй хүмүүс гэж байж болох уу?
-Ер нь бол миний бодлоор төрд ойртуулж болохгүй хүн гэж бий. Гэхдээ хуулиар биш, жагсаалт гаргаснаар ч биш. Олон түмэнд мэдүүлэх хэрэгтэй. Тэр бол хүнлэг бус хүн. Хүн чанаргүй хүнийг л төрийн аль нэг албанд ойртуулмааргүй байгаа юм. Гэхдээ тэр нь нотлогдоод, түүнийг нь олон түмэн хүлээн зөвшөөрсөн л байх ёстой. Хүн чанаргүй хүн гэдгийг тодорхойлоход хэцүү. Гэхдээ ойлгомжтой байдаг. Хүн чанаргүй хүн гэдэг хэзээ ч бултаж зайлах аргагүйгээр харагдаж, танигдаж байдаг. Би үүнийг жагсаалт гарга гэдэг утгаар биш, ер нь бол хүн чанаргүй хүн төрд ирж болохгүй шүү гэдэг утгаар ярьж байна. Энэ шилжилтийн хорин хэдэн жилд Монгол Улс их ололт олсон. Их ч юм хийсэн. Нэлээд хэсэг нь баталгаажсан. Чадахгүй ч юмнууд их байна. Бидний бодож, төлөвлөж, мөрөөдөж байсан юм тэр болгон биелж чадахгүй байна. Бухимдаж байна. Эргээд болж, бүтэж байгаадаа муугаар нөлөөлж байна. Өө, энэ чинь дэмий ч юм байсан юм уу даа гэж сэтгэл хоёрдуулсан юм ч гарч ирж байна. Ганцхан энэ юутай холбоотой вэ гэхээр, хүн чанар суулгаж өгөөгүйтэй л холбоотой. Би социализмын үед багш байлаа. Төрийн ажилтан байлаа. Эшлэл их авдаг байлаа шүү дээ. Маркс, Энгельс, Ленин, нам гээд л. ЗХУ-ын Коммунист нам, МАХН гээд л. Сурчихсан байдаг юм байна. Яагаад гэвэл өөрийгөө нотлохын тулд эшлэл авах хэрэг заавал байдаг. Тэгээд би орчин үед эшлэл бас авсаар л байлаа. Юунаас авч байна гээч? Ардын үгнээс. Манай ардын үгэнд эшлэл болохгүй үг ч гэж алга. Хоёр дахь нь Ч.Лодойдамба. “Тунгалаг тамир” романыг би 10 удаа, бараг 20 удаа ч уншсан байх. Бүтнээр нь цээжилчихсэн улс ч байдаг юм шүү, би тааралдаж л байсан. Би цээжлээгүй ч гэсэн тэр хүн чанарын харилцаа, хүний хоорондын харилцааг цээжлэхээс наагуур мэдэрсэн. Тэнд гарч байгаа хүн чанарын асуудал, амьдралын нарийн ширийн зүйлс төрийн ажилд ямар их хэрэг болж байна гэж бодож байна, чи? Гурав дахь эшлэл авдаг юм нь дээр үеийн монгол кинонууд. Хэдийгээр тэр социализмын үеийн үзэл суртал байсан ч манай ахмад уран бүтээлчид ямар гоё шигтгээнүүдийг оруулж өгч чадсан байна вэ. Үгний шигтгээ гэдэг бол гайхамшигтай шүү дээ. Миний аав ээж малчин хүмүүс байсан. Аав, ээжийгээ ямар ухаантай улс байж вэ гэж сүүлийн үед их бодох болсон байна лээ. Ер нь би аавынхаа сургаалийг биелүүлж өссөн хүн. Аав минь олонтой яваарай гэж захисан. Би түүгээр л яваа. Аавынхаа сургаалиар амьдарч яваагаа би сэтгүүлчдэд ярилцлага өгөх болгондоо л хэлдэг юм. Аав маань тэгдэг байсан юм, чи хүн бол, хүн шиг бай гэж. Юу гэсэн үг вэ, хэн ч харсан би хүн байгаа биз дээ? Хүн төрөөд, хүн болчихоод байхад хүн бол гээд байдаг. Тэгсэн чинь байна шүү, яг эхээс унахдаа зүгээр л амьтан төрдөг юм байна л даа. Харин төрсөн цагаасаа эхлээд хүн болох процесс эхлэдэг юм байна. Хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Ихэнх төлөвшил нь 16-19 нас хүртлээ ямар хүн болох вэ гэсэн ерөнхий суурь суугаад, түүнээс цаашаа явдаг юм байна л даа. Тэгээд хүн өөрийгөө засч залуурддаг, чаддаггүй гээд янз бүр байна л даа. Хүн болох багаасаа, хүлэг болох унага дааганаасаа гэдэг чинь энэ. Үүнд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид гээд олон хүний оролцоо хэрэгтэй. Өнөөдрийн бидний гол алдсан зүйл бол энэ хүн болох процессийг л сургууль, албан байгууллага, нийгмийн бүх гишүүд харьцангуй үгүй хийчихэж.

-Сүүлийн үеийн хүмүүс хүн чанаргүй байна гэж л та хэлэх гээд байна аа даа?
-Тийм. Ер нь манай ардын сурган хүмүүжүүлэх уламжлалд хүний нийгэмд сайн хүн байна, сайхан хүн байна гэдгийг л сургаж ирж л дээ. Сайн хүн бусдын эрхийг хэзээ ч зөрчдөггүй.

-Хүний эрхийг хэт өргөмжлөх явдал эргээд хувиа хичээх, амин хувиа бодох үзэл санааг өдөөгөөд байгаа юм биш байгаа?
-Үнэний хувь бий. 1990 онд бид бүгдээрээ нэг гараанаас гарсан. Нэг хэсэг нь бүр ядуурч, нөгөө хэсэг нь амархан амархан мөнгө олсон. Ингэж болдог юм байна гэж сэтгээд бүгдээрээ дайрсан. Зарим нь ялсан, зарим нь ялагдсан. Шударга бус явдал ч гаарсан...

-Тэгэхээр хүний эрхийн тухай номлол маань сөрөг үр урхагтай байна уу, үгүй юү?
-Яалаа гэж. Хүний эрхийг буруу ойлгоод байгаагаас наадах чинь үүсч байгаа юм. Уул нь хүний эрхийн асуудлыг л эхэнд нь тавиад байх юм бол бүх муу муухай зүйл арилах юм байгаа юм. Хүний эрх гэдэг чинь айх аюулгүй, гачигдах зовлонгүй амьдрах гэсэн түгээмэл тунхаглалын заалт байдаг. Танай ангид том биетэй, дээрэлхдэг хүүхэд байсан л байх. Хулиган, айдаг. Томруулаад ярьвал дайн байлдаан гэдэг ч юм уу, зэвсэгтэйгээсээ зэвсэггүй хүн айдаг. Цаашлаад өдрийн хоолоо олж ядах, хөрөнгө мөнгөө барж ядаж байгаа асуудал байна. Үүнийг л яриад байгаа юм. Бүгд л улаан нялзрай, нүцгэн нойтон төрдөг ч цаашаа олон янзаар амьдраад явчихдаг. Төрсөн шигээ л адилхан байх юмсан гэдэг ойлголт энэ хүний эрхийн чинь үндсэн асуудал юм. Хүний эрхийг зөв эдлүүлж, зөв төлөвшүүлж чадах юм бол тэр хүмүүс тухайн нийгмийнхээ хамгийн сайн хүмүүс болно. Хүн төрөхдөө л амьд явах, эрүүл байх заяагдмал эрхтэй төрдөг шүү дээ. Цаашлаад сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх гээд олон эрх бий. Сүүлийн үед оролцооны эрх гэж их ярьж байна. Нэгэнт нийгмийн хүн юм бол бид зөвхөн нэг нэг гэртээ суугаад байх боломж байхгүй. Тухайлбал хөрш айл маань хэрүүлтэй, зодоонтой, хашхираантай байвал би амар тайван амьдарч чадахгүй шүү дээ. Ер нь бол хүний эрх, эрх чөлөө гэдгийг хүнийг өөрийг нь хөгжүүлэх гол арга гэж үзэж, тийм байдлаар гаргаж тавьж байгаа юм. Гэтэл манайхан дураараа аашлахыг ойлгоод байна л даа. Эрх хүүхэд шиг, мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай, “би жимс иднэ” гэж чарласан л бол жимсийг нь авч өгөхгүй л бол болохгүй юм шиг ойлгоод байгаа юм. Үгүй. Миний эрх, эрх чөлөө миний боломжоор, чиний эрх чөлөөгөөр хязгаарлагдах ёстой. Би ганцхан жишээ хэлье. Танхайн гэмт хэрэг гэж байдаг. Хоёулаа энэ өрөөнд сууж байна, чи надад дургүй хүрээд л, хэлэх хэлэхгүй хараал, ерөөлөөр загнаад л, улсуудын анхаарал татаад л, манай ажилтнууд гүйж ирээд л, ийм юм боллоо гэж бодьё л доо. Чи ууланд ганцаараа явж байгаад яг саяынхаа үйлдлийг хийе. Нөгөө ноёнтойгоо муудалцаад уулын цаагуур орохоор нь “Хуц” гэчихлээ гэгчээр гэнэтхэн дургүй чинь хүрээд, энд болсоноосоо ч илүү цамнаад, шороо чулуу самардаад, илүү аюултай юм боллоо ч тэр чинь нийгмийн амгалан тайван байдлыг ямар ч байдлаар хөндөхгүй. Хэн нэгэн хүний эрх, эрх чөлөөг хөндөхүй. Үйлдэл чинь адил. Энгийн үгээр тайлбарлахад энэ л юм. Нөгөө талаас эрх, эрх чөлөө дандаа араасаа хариуцлага дагуулж явдаг. Өнөөдөр манайд өвчлөл их байна. Эрүүлийг хамгаалах ажил, асуудал сайнгүй байна гэж хүн болгон л ярьдаг. Нөгөө талаас та өөрөө эрүүл мэндээ хамгаалах талаар ямар ч хариуцлага хүлээгээгүй байдаг. Тэгээд эдгэхгүйгээр өвдчихсөн. Энэ асуудлыг их зөв гаргаж тавьж, ойлгуулж байх ёстой юм.

-Энэ хүн ажил нураадаг, сонгож болохгүй шүү гэхээр сонгогчдын өөр өөрийн үзэл бодлоор чөлөөтэй сонголт хийх эрхийг бас зөрчинө биз?
-Тэгэлгүй яахав. Хүний сэтгэлзүйд нөлөөлөх гээд байна шүү дээ. Ерөөсөө хүний эрхийн нэг гол зарчим бол климотой болгохын эсрэг л байдаг юм. Үүнийг сайн анхаарах ёстой. Дэлхий нийтийн хүний эрхийн асуудалд хамгийн хориотой юм бол ялгаварлан гадуурхах юм. Хүйсээр нь, арьсны өнгөөр, ааш араншингаар, бэлгийн чиг баримжаагаар нь. Өнөөдөр ихэнх оронд ажилд авахад зүгээр л дипломыг нь, чадварыг нь хараад л ажилд авч байна. Түүнээс биш цагдаагаас бичиг авчир энэ тэр гэхийг зөвшөөрдөггүй. Гэтэл манайд хүний өмнө, хойдох амьдралыг судалдаг, түүгээр нь шалтаг гаргаж ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах явдал маш их бий. Хөдөлмөрийн хуульд энэ талаар зохих зүйл, заалт орж байгаа байх гэж бодож байна.

-Тийм явдал хавтгай шүү дээ. Тухалбал, шоронд ороод гарсан хүн насаараа л “шоронд орсон хүн” байдаг. Энэ байдлыг яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Олон улсын гэрээ конвенцийг биелүүлэх хэрэгтэй. Хуульд зохицуулалт оруулах хэрэгтэй. Заримыг нь хасах, засах хэрэгтэй. Жишээлбэл, төрийн албаны хуульд төрийн албанд эргэж орох нөхцөлгүйгээр халдаг заалт бий. Хоёр жилийн хугацаатай ч билүү. Шалгалт өгчихсөн, тангараг өргөчихсөн хүн зүгээр л сургууль соёлд яваад хоёр жил болоход хүчингүй болдог гэх мэт олон юм бий л дээ. Ер нь хүнийг бодож, хүний нийгмийн харилцаанд оролцох оролцоог бодож хуулиа хийвэл энэ бүх зөрчлөөс ангид байж болж байгаа юм. Ч.Чимэд гуайн нэг мундаг үг байдаг юм, хууль боловсруулахад энэ ямар харилцааг зохицуулах гэж байгаа юм, үүнээс ямар сөрөг үр дагавар гарч ирэх юм, тэр сөрөг үр дагаваруудыг яаж аятайхан зохицуулж болох вэ гэдэг гарцыг олж чадвал чи хууль сайн бичиж байна гэдэг байсан. Энэ л үнэн юм даа.

No comments:

Post a Comment