Thursday, 21 January 2016

О.Батсайхан: Үнэт зүйлсээ эрхэмлэх нь Монгол үндэстэн оршихуйн гол үндэс



Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Түүх гэж юу вэ, түүх яагаад хэрэгтэй юм бэ. Ийм хүүхдэрхүү асуулт орж ирээд байна. Учир нь одоо цагт хүн бүхэн түүхч болох нь холгүй болсон нэг сонин үзэгдэл хавтгайрч байгаа болохоор л…
-Ойлгож байна. (инээв) Энэ цагийн өнгө гэх үү дээ. Түүх, тухайн үндэстний түүх бол хамгийн үнэт зүйлсийнх нь нэг юм шүү дээ уг нь. Монголчууд бид өөрийн үндэсний түүхээс холдоод удаж байна, эсвэл холдуулсан ч байж магад. Юу хэлэх гэсэн юм бэ гэхээр өнөөгийн бидний тархи гадаадын хүмүүсийн захиалгаар бүр тодруулбал гадны хүний нүдээр харснаар, бичсэн түүхээр цэнэглэгдсэн шүү дээ. Хэн бүхэн мэднэ шүү, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд хүүхэд, оюутнуудын дургүй хичээлийн нэг Түүх л байсан.
ТҮҮХ БОЛ ОЙ САНАМЖ, ЧИГЛҮҮЛЭГЧ МӨН 
-Тун магадгүй. Харин яагаад ийм болов оо?
-Түүхийг үзэл суртлын зэвсэг болгож байсан хэрэг шүү дээ. Ингэхдээ эзэн Чингисийн тухай бид юу уншиж үздэг байлаа, санаад үз дээ. И.Калашниковын Харгис зуун \Жестокий век\ гэх мэт бүтээл л уншиж байв. Чингисийн тухай кино гарч байлуу. Үгүй шүү дээ. 1990 оны дараа л гарч эхэлсэн гэж хэлэхэд нэг их хилсэдсэн болохгүй байх. Барууны ертөнц бол Чингис хааныг маань тэс өөрөөр үздэг хэвээр байна. Энэ бол үзэл суртлын хор уршиг. Түүх гэдэг чинь энэ үндэстний уураг тархи, ой санамж нь юм. Бүр нарийн яривал түүх бол энэ үндэстний оршихуйн үндэс яах аргагүй мөн. Учир нь түүхээр дамжиж, монгол хүн бүрт амин шалгуур болсон identity гэж биднийг авч явдаг зүйлс суудаг юм. Түүхийг нь мартуулчихаар өнөөгийн бид нар гарч ирж байгаа хэрэг шүү дээ. Эссэн айраг шиг, нэг ойж түүхээ санаад, нэг санахаа болиод байгаа юм шиг.
-Түүх ер нь ямар үүрэгтэй байдаг вэ, зарим хүмүүс түүх рүү их хандаж зууралдах нь уруудахын шинж гэж ярьдаг?
-Түүх гэдэг чиглүүлэгчийн үүрэгтэй. Жаахан бүдүүлэг жишээ авъя. Галт тэрэгний толгой дангаараа бол нэг том машин гэсэн үг биз дээ. Зам нь байвал дороо ч эргэж болно. Харин ард нь 30-40 вагон залгачихвал тэр галт тэргэний толгой тэр дороо эргэж чадахгүй ядаж алсуур эргэнэ биз дээ. Түүх бол үндэстний хувьд уламжлал болгон авч явдаг чиглүүлэгч байдаг. Тиймээс үндэстэн улсын хувьд түүхээ мэдэх явдал онц чухал юм. Хэрэв та монгол хүн мөн л бол эх түүхээ заавал мэдэж байх учиртай. Та ямар учгаар Монголтой холбогдсоноо мэдэж байх нь таны үүрэг. Бусдаас ялгарах онцлог чинь тэр юм. Түүхээ мэдэхгүй үндэстэн сөнөх аюултай. Түүхийн талаар тийм яриа явдаг. Тийм үг хэл, яриа гаргаж буй хүмүүс бол түүхгүй л ард түмэн байх. Түүнээс бус Английн эзэн хаан, Японы эзэн хаан гээд үзвэл бараг л биеэрээ түүх, уламжлалаа тээж яваа хэрэг биз дээ.
-Одоо монголчуудад суусан түүхэнд хандах хуучны хандлагууд өөрчлөгдөх шинж ер нь гарч байгаа болов уу?
-Хүмүүс их бага хэмжээгээр түүхээ сонирхож байгаа, ядаж л Чингис хаантай ах дүү болохыг хүсцгээж байгаа нь үүний илрэл. Хүмүүс түүхээ сонирхож байгаа нь сайн хэрэг. Өөрийгөө олох гэж хайж байгаа гэсэн үг.
-Та яагаад ер нь 1911 он, тэр дундаа Богдыг судлах болов? 
-Хүн болгон арван гуравдугаар зууныг сонирхдог юм. Дэлхийн талыг эзэлж байсан Монголын түүх. Монголчууд бидний бахархал, өнөөдөр бол монгол хүн бүрийн нүүрийг гадаадад тахалдаг имиж шүү дээ. Харин энэ үеийн Монголын түүх нэлээд сайн судлагдсан байх гэж бодно. Дэлхийн олон хэлээр олон орны эрдэмтэд баатарлаг Чингисийн үеийн түүхийг судалсан байна. Энэ талаар гарсан бүтээл олон хэлээр маш арвин буй. Бид зах зухаас нь монгол хэлээр хөрвүүлэн мэдэх аядаад хүүхэд адил онгирч яваа юм. Үнэндээ эзэн Чингисийн үеийн түүхээр илүү шинэ юм гаргая гэвэл нэг хүний нас багадах биз. Ядаж л бүр багаасаа перс, эртний хятад хэл эзэмшсэн байх хэрэгтэй, мэдээжийн хэрэг англи, франц, герман, орос, японоор буй тэр их бүтээлүүдийг судалгаандаа ашиглах нь наад захын шалгуур биз дээ.
-Тиймээс л ХХ зууны түүхийг сонгосон хэрэг үү?
-Үндсэндээ тийм. Орчин үеийн Монголын түүх, тухайлбал Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан 1911 оны Монголын түүхийг тэр дундаа бидэнд эрх чөлөө олгоод эзэн хаанаар нь арван хэдэн жил суусан ч, байшгүй муухайгаар доромжлуулж байсан Богд хааны тухай судлахыг зорьсон юм. Энэ үе бол Монголын орчин үеийн түүхийн эхлэл.
-Энэ үеийн тухай социализмын жилүүдэд дорвитой судалж байгаагүй юм уу?
-Ер нь бол тэр бүр үнэнийг хэлж ярьдаггүй байсан юм. Бүхнийг 1921 оны ардын хувьсгалаас эхлүүлж, бүхнийг удирдан чиглүүлэгч МАХН-ын удирдлагаар явуулж байсан цаг шүү. Бид ядаж л 100 жилийн өмнөх түүхээсээ мэдэж, сурч, сургамж авч урагшилмаар байна. Тодруулж хэлбэл социализмын гэгдэж байсан жилүүдийнхээ түүхэнд анализ хийж юун дээр онож, алдсанаа дүгнэж цэгнэж, сургамж авах аваас бидэнд арай л хөнгөн байхсан болов уу.
-Өнөөдөр Монгол ардчилсан нийгэм байгуулж байгаа бус уу?
-Залуучууд орчин үеийн нийгэм байгуулахыг зорьж байгаа нь буруу биш ээ. Харин Монголоо мэдэхгүй болохоор тэс өөр нийгэм буюу гадны хуулбар болчих гээд байгаад л учир буй. Настайчууд нь өнгөрсөнтэйгөө зууралдаж, өөрсдөө ч түүхээсээ хөндийрсөн байх, төр нь албан ёсоор залгамж халаа, түүх соёл, үнэт зүйлсээ үр хүүхэд хойч үедээ өвлүүлж суулгах бодлого байхгүй яваад байхаар бидний нийгэм тарж бутарсан юм шиг харагдаж байна уу даа гэж боддог.
-ХХ зууны Монголын түүхийн гол сургамж юу вэ?
-Уг нь бид нэгдмэл улс шүү дээ, нэг түүхтэй, нэг бурханы шашин давамгайлсан соёл, уламжлалтай.Тийм болохоор улс үндэстнийхээ хөрс сууринд таарч нийцсэн бодлого явуулах нь чухал гэдгийг хэлмээр байна. Хөрснөөсөө тасарч явахаар таарахгүй, өөр хоорондоо заавал эсрэг тэсрэг болох нь жам шүү дээ. Өнөөгийн Монголыг сэндвич гэж барууныхан нэрлэдэг. Орос, Хятадын дундах жийргэвч гэсэн үг байх. Үнэндээ 1911 оны дараах Монгол ийм геополитикийн байрлалд тогтсон хэрэг. Өөрөөр хэлбэл Орос, Хятадын ашиг сонирхлын уулзвар дээр Монголын тусгаар тогтнол тогтож ирсэн байх. Монголчууд бидний тусгаар тогтнох, улс үндсээ гэсэн сэтгэл, тэмүүлэл, тэмцэл нэн тэрүүнд байсан нь гарцаагүй л дээ. Гэвч бидний оршин тогтноход олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг байнга бодож , түүхээсээ сурч, мэдэж байх нь чухал юм.
-Бидний ихэнх лав ардын хувьсгалын баяр тэмдэглэх дуртай, наадам сайхан болдог шүү дээ. Яагаад заавал 1911 он гэж. 
-Үндэсний наадам бол эртний уламжлалтай монгол баяр наадам шүү дээ. 1921 оноос өмнө байсан наадам биз дээ. Сар өдрийн тухайд бол өөр хэрэг. Долдугаар сарын 11-нд ямар үйл явдал болсныг монгол хүн бүр мэдэхгүй шүү дээ. 1921 оны долдугаар сарын 11-нд бидний толгойд сууснаар Ардын засаг тогтож, ард түмэн эрх жаргалтай болсон гэдэг. Чухам үнэн гэвэл Зөвлөлтийн улаан арми Монголын ардын цэргийн хэдхэн тооны хүмүүсийг дагуулж ирээд л засгийн эрхийг Богдын засгийн газраас хүчээр булаан авч, тогтсон засаг шүү. Ямар засаг байх нь ч тусдаа асуудал байх. Гол нь энэ үеэс хойш Монгол үндэстний үнэт зүйлс үгүй болсонд л учир нь байгаа юм. Монголын сор болсон алтан ургийнхан, сэхээтэн, элит хэсэг энэ жилүүдэд үгүй болж, үүний үр хөврөл 70 жил үргэлжилсэн юм. Иймээс л наадмыг энэ өдөр тэмдэглэх нь зохисгүй гээд байгаа юм. Орос улсад Октябрийн баяраа 11 сарын 7-ны өдөр тэмдэглэхээ болиод нэлээд удлаа шүү. Наадмын тухайд монголчууд долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр долоон хошуу наадам, 10 засгийн наадам хийж байсан тухай баримт бий.
-12 дугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр болоод дөрвөн жил болжээ. Энэ өдрийн талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх шиг байна?
-Гадаадын хүмүүс бол мэдээж сайн мэдэхгүй. Олон улсын цаг тооны бичигт тусгагдаагүй байгаа юм уу, хэвшиж тогтоогүйгээс болоод дэлхийн өнцөг бүрт энэ талаар сайн танигдаагүй хэмээлтэй. Эхлээд монголчууд бид энэ өдөр ямар учиртай вэ гэдгийг мэдмээр юм шиг. Ядаж өөрөөсөө надтай яаж энэ өдөр, энэ түүх холбогдох юм бэ гэдгийг ухаж бодвол сайн бус уу. Тэгээд шинэ жилийн рекламанд дарагдаад л байх шиг байна. Мэдээж өвөл цаг болохоор их өргөн тэмдэглэхэд бэрхтэй гэж хэлж болох ч бид шинэ жилийг бол нэлээд өргөн тэмдэглэх юм даа. Барууны орнууд манайх шиг ингэж хөөрцөглөдөг эсэхийг мэдэж, тэндээс сурмаар юм. Үндэсний баяр наадмаа бол зуны дэлгэр цаг тэмдэглэж сурсан заншил ёсоор гэхдээ долдугаар сарын 11-нд биш, өмнөх арван засгийн наадам тэмдэглэж ирсэн уламжлалын дагуу долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эх орчим өдрийг сонгож тэмдэглэдэг болбол илүү өгөөжтэй ч байж магад хэмээн санадаг.
-Ингэхэд 12 сарын 29-ний өдөр чухам ямар үйл явдал болсон юм бэ?
-Энэ өдөр буюу одоогоос 100 гаруй жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсан юм. Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол Хүрээний төв талбайд болсон байна. Бидний ой санамж ажиллахгүй болсноос болоод 100 жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч санахгүй юм уу, санахыг хүсэхгүй болсон шиг байх юм. 1990 оны ардчилсан хувьсгал гээд эргээд бодвол бас 1989 оны 12 дугаар сард өвлийн ид жавартайд эхэлж, 1990 оны өвлийн өдрүүдэд 100 мянгаараа Төв талбайдаа ирж жагсаж байсан биз дээ. Хөдөө орон нутагт энэ өдрүүдэд жагсаж цуглаж байсан. Монголчууд 100 гаруй жилийн тэртээ үндэстнээрээ ингэж хөдөлсөн гээд нэг бодоод үз дээ. Саяхан нэг олимпийн аваргатай болоод бүгд гудамжинд гарч баярлацгаадаг шиг гээд бодвол, тэгвэл арай ойр тусгаж магад.
-Чухам яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа. Та юутай холбож боддог вэ?
-Асуудал энд л байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж хэзээнээс ажиллахаа байчихав гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол хүн хэн ч биш болно. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш болно. Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.
-Тэгвэл хэзээнээс бид ийм байдалд хүрэв. Шалтгаан нь юу вэ?
-Эргээд түүхээ нэг бодьё. Үндсэндээ монголчууд бид 300 орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байлаа. Манжийн эрхшээл, Оросын гэдэг юм уу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа. Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ. 1920 –иод он гарлаа. Богд хаан хэрэггүй гэж үзэв. Ардын засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болов. Монголд гадны үзэл суртал, тодруулж хэлбэл улаан коммунизмын үзэл хүч түрэн орж ирлээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүйн дараа цаазлуулав. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулав. Богд хаан 1924 онд цаг бусыг үзүүлэв. Чингисийн алтан ургийн ноёд бүгд алга болов. Бурхан шашны номтой лам нар алагдав. 1930-аад онд хэдэн арван мянгаараа цаазлагдав. Бичиг үсгийг нь солилоо. Монгол сэтгэхүй бүдгэрэв. Чингисийн хөшөө босгосон нь буруудаж, Монголд буруу номтнуудын хөшөө сүндэрлэнэ. Ийм явдал Орост ч яг адилхан болсон бөгөөд үндсэндээ Орост болж байсан бүхэн Монголд давтагдсан юм. Ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал эндээс маш хүчтэй бидний тархинд суужээ. Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан хэмээн бодно.
-Тэгвэл өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдраад 25 жил болж байна шүү, дээ. Энд социализмын үе ямар хамаатай юм бэ?
-Харин тийм, бидний дунд социализм амь бөхтэй оршиж байгаад л учир нь байгаа юм. Бүр социализм, коммунизмын өлгий нутаг Орос орноос ч дор шахуу байгаа. Орос үндэстэн өнөөдөр энэ анги ялгаварлан хуваах үзэл орос үндэстнийг устгах дөхсөн байна гэдгийг ухаарч өөрийгөө олохыг бодож байна. Хурдан сэхээрэхийг хүсч байна. Үзэл суртлын Ленинийг магтсан кинонуудаа тв-ээр дор хаяж л гаргахгүй байна, оронд нь Адмирал Колчак ч гэдэг юм уу, өөрийн үндэсний баатруудынхаа тухай хийсэн кино, урлагийг сурталчилж байна. Бид юу хийж байна. Уг нь жаахан юм үлдсэн юм уу, Чингис гээд дуугараад Чингисийн хөшөө босгоод боржигон овогтой болохыг бүгд хүсээд байгаа юм. Тэгэхдээ өнгөрсөн нийгмийн социализмын үеийн үзэл суртлыг таслахгүйгээр цааш явахгүй. Одоо ургаж байгаа ногоог хордуулж болохгүй. Нялх хүүхдийн тархийг социализмын үеийн үзэл суртлаар угааж болохгүй. Бас өөр бусад гадны үзэл суртлаар тархийг нь угаах орон зай бий болгож болохгүй. Монгол үндэстний өөрийн үзэл суртал байх учиртай. Энэ бол Монгол үндэстэн цаашид орших уу, эс орших уу гэсэн асуудал гарахад хүргэх аюултай. Үнэндээ Монгол үндэстэн өнөөдөр үндэсний дархлаа сул үлбэгэр байгаа. Үндэстэн өөрийгөө хамгаалах чадваргүй шахам байна.
-Бидний дархлаа хэзээ ингэж сулрав?
-Монгол үндэстний үнэт зүйлс, амин шалгуур юу вэ гэдгээ сайтар ухаарах цаг иржээ, бидэнд. Бидний үнэт зүйлс юу вэ, үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, шашин тэргүүтэн. Шашин гэхээр бурханы шашныг биднийх биш гэцгээх хүмүүс олон болжээ. Хүссэн ч эс хүссэн ч бурханы шашин монголчуудын соёлтой яв цав шингэсэн. Монгол үндэстний үнэт зүйлсийг тээгч нь бурханы шашин байсан. Бурханы шашинг устгачихаар үнэт зүйлсээ алдаж асгасан хэрэг. Энэ шашин ямар байхаас үл хамааран бидний үнэт зүйлсийг хэдэн зуун жилийн турш тээж ирсэн гэдгийг ухамсарлацгаая.
МОНГОЛЫН БОГД ХААН БОЛ АМЕРИКИЙН ОБАМА Л ГЭСЭН ҮГ
http://ner.mn/wp-content/uploads/2015/12/Sharav_bogd_khan.jpg
-Бурханы шашны тухай, бүр тодруулбал Богдын тухай асуух хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ хүнийг мөн их муулсан даа, уран сайхны кино, уран зохиолд. Бид социализмын жилүүдэд ийм л дүртэй танилцсан?
-Наймдугаар Богд бол түвд гаралтай монгол юм. Өнөөгийн АНУ-ын ерөнхийлөгч Обамаг Африк гаралтай америк гэдэгтэй адилхан гэсэн үг. Энэ хүн монголчуудад дахин сэргэлт өгсөн 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч. Би бүр энэ хувьсгалын эцэг гэж хэлдэг юм. Манжийн эрхшээлд байсан субьектүүдээс ганцхан монголчууд бид нар л тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авч өнөө тусгаар оршиж буй гээд нэг бодоод үзээрэй. Бусад субьектууд нь бүгд өнөөгийн хятад гүрний эрхшээлд буй. Учир иймээс Богд хаан бол монголчуудын бурхан шашны тэргүүн төдийгүй төрийн тэргүүн, эзэн хаан байсан. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийг энэ хүний намтар цадиг, үйл ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг тавьсных нь төлөө, Монголын гал голомтыг авч үлдсэнийх нь төлөө түүнд хүндэтгэл үзүүлэх учиртай. Тэр хүн бол боловсролтой нэгэн байсан. Монголд тодорсон богдуудаас ганцаар гавжийн дамжаа барьсан. Бие даан шийдвэр гаргаж чаддаг, түүн дээрээ бат зогсох эр зоригтой. Манжийн амбаны эрхшээлд байснаас үхэхийг илүүд үзэж байсан нэгэн юм. Морь унаад улаан галзуу давхиж чадна, машин, мотоцикль унадаг гээд яриад байвал олныг хэлж болно. Одоогийн хэллэгээр бэлэг танхайдуу хүн юм уу. Элдвийг сонирхдог. Цуглуулсан алт эрдэнэс, амьтны хүрээлэн тухайн үед монголчуудын төдийгүй гадаадынхны сонирхлыг гойд татаж байсан баримт цөөнгүй бий.
-Богдыг архи уудаг, авгай эргүүлдэг байсан гэх зүйлс нэлээд бичигдсэн байдаг?
-Жаахан уужуу бодоод үз дээ. Монголчууд бид хоёр том гүрний дунд ийм их газар нутагтай тусгаар улс болон тогтнож чадсан. Энэ үйл хэргийг удирдаж гавьяа байгуулсан нэгнээ гол төлөв гадаадын хүмүүсийн ойлгохгүйн улмаас бичиж байсанчлан мууг дэвэргэж, тархиндаа суулгах хэнд хэрэгтэй байв. Богд хаан хатантай байсан, албан ёсоор хоёр хатантай байсан. Эхнийх нь Дондогдулам хатан. Түүнтэй анх 1896 онд Амарбаясгалант явж байхдаа танилцаж ханилсан гэдэг юм. 1903 онд Манжийн хаанаас албан ёсоор хатанд Цагаан дарь эх, эрдэнэ сэцэн ноён цол өргөмжилсөн. 1911 онд Монгол тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглаад Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөхөд түүний хатан Дондогдуламыг улсын эх дагинаар өргөмжилсөн юм. Энэ эмэгтэй морь уургалдаг, номтой, биеэ их зөв авч явдаг, санал бодлоо илэрхийлж чаддаг олон сайн талтай байсныг ч бас бичсэн байдаг. 1923 онд их хатан таалал болсон. Энэ тухай маргааш нь Коминтерн, Ринчинод цахилгаанаар мэдэгдсэн байдаг. Түүний дараа мөн тэр нутгаас буюу Чингисийн нутгаас Цэенпил, Гэнэнпил гээд нэрлэдэг хатантай болсон. Удалгүй Богд хаан таалал болоод энэ хатныг Богдын таалал ёсоор насаар нь идэх хоолтой нь буцаасан гэдэг юм. 12 жилийн дараа түүнийг дотоодыг хамгаалахынхан Богдын хатан байсан гэдэг үндэслэлээр хэлмэгдүүлсэн. Бурхан шашны түүхэнд өндөр зиндааны лам нар эхнэртэй байхыг зөвшөөрсний дагуу эхнэртэй том лам нар байсан байдаг.
-Архи хэрэглэдэг байсан гэдэг тухайд?
-100 жилийн дараах өөрсдийгөө нэг хараад үз дээ. Тэгвэл Богд гэдэг чинь монголчуудын дунд хамгийн их баян, Бээжингээс хараат бус байж чадсан, алдар нэр хүнд нь монгол овогтон төдийгүй азид алдаршин түгсэн нэгэн байжээ. Богдод авчирч бараагаа шахах гэсэн америк, англи, орос гээд гадны худалдаачид Хүрээнд хэдэн сар жилээр саатаж, Богдтой уулзах гэсэн гадны аялагчид олон сар хүлээдэг байсныг гэрчлэхээр баримт сүүлийн үед олон гарсан даа. Энэ үүднээс нь аваад үзвэл Богд бол хүн байсан байна гэж хэлж болно. Тэгж байж чадсны хүчинд ч Монголын үндэсний тэмцлийн оройд нь байж, удирдан ялалтад хүргэсэн хэрэг. Тухайн үед Богдод мөргөдөггүй хүн, намын дарга хүртэл байгаагүй гээд бодоод үзээрэй. Түүний нэр хүнд алдар үнэндээ агуу байсан, ХХ зууны эхэнд.
БУРХАН ШАШНЫ ТЭРГҮҮН МОНГОЛ ХҮН БАЙХ ҮҮД ХААЛГЫГ НЭЭСЭН
-Асуухгүй байж болохгүй бас нэг асуудал есдүгээр Богдын тухайд байна. Саяхан Монголд залраад таалал болсон хүний тухай асууж байна л даа.
-Түүхээ үргэлжлүүлэн жаахан сөхөж үзье. 1920-иод онд тогтсон улаан засаг Монголд юу хийв. Хамгийн их нэр хүнд нөлөөтэй байсан Богдыг дахин тодруулахгүй байхаар албан ёсоор шийдвэрлэсэн юм. 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд таалал болоод ердөө хэдхэн хоногийн дараа ийм шийдвэр Ардын намын Төв Хороо, Ардын засгийн газраас гаргасан. Үүнийг МАН-ын гуравдугаар их хурал 1924 оны зун, Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сард баталгаажуулсан хэрэг. Нэгэнт хаант засаг байхгүй тул хаан гарч ирэх ёсгүй, дээр нь бурханы шашны тэргүүн ч байхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хооронд Богдын хойт дүрийг тодруулахаар тусгай комисс гаргаж, Далай ламаас асуулгахаар Түвд рүү илгээсэн жүжиг найруулсан юм. Үүнд Коминтерн шууд оролцож, өөрийн хүнийг дотор нь оруулсан байдаг. Ингээд 1928 оны МАХН-ын долдугаар их хурал, 1929 оны Улсын их хурлаас Богд болон хутагт хувилгаадын хойд дүрийг дахин тодруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа 1930-аад онд хичнээн лам нарыг хэлмэгдүүлсэн билээ. Тэд цөм Богдын шавь нар шүү. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Уэльсийг 1944 онд Монголд ирэхэд нүүр тахлах гээд л орос ах нарын зөвшөөрлөөр хэдэн лам цуглуулж Ганданг нээсэн нь үнэн шүү.
-Богд чинь бас л түвд хүн байсан биз дээ?
-Тийм. Тухайн үед Богдын хойт дүрийн асуудал яригдах боломжгүйн дээр Богдын тухай яриа гаргасан, сэжүүр цухуйлгасан болгон цааш харж байсан. Тиймээс Монгол Улсад энэ асуудал хаалттай болсон. Харин гадаадад бол Богдын хойт дүрийг тодруулах асуудал Монголын ертөнцийг барих түлхүүр гэж харж байсан. Энэ үүднээс Япон, Хятад хандаж байлаа. Өвөр монголчууд ч бас Богдын хойт дүрийг тодруулахыг оролдсон юм. Ийм нөхцөлд Түвдэд улааны аюулаас болгоомжилсон цаг мөчид Түвдийн засгийн эрх баригч \XIII Далай лам 1933 онд таалал болоод өнөөгийн XIV Далай лам тодроогүй байсан\ Ридин хувилгаан 1936 онд саяхан Монголд ирж сууж байгаад таалал болсон хүнийг Богдын хойт дүрээр тодруулсан байна. Түүнийг түвдүүд халх ринбүчи хэмээн дууддаг байжээ. 1940 онд XIV Далай ламыг мөн л Ридин хувилгаан тодруулсан.
-Есдүгээр Богдыг урьд өмнө мэддэг монгол хүн байсан уу?
-Хятадад гарсан Дилов хутагт Жамсранжав бээр Богдын хойт дүрээр тодорсон түүнийг үзэхээр 1930-аад оны сүүл үед Түвдэд очсон байдаг. Мөн Гүрдиваа ринбүчи ч бас энэ үед очиж уулзсан байдаг. Түвдэд байсан олон монгол лам нар очиж байсан гэдэг. Ингээд түвдийн улс төрийн нөхцөл байдал хүндэрч, XIV Далай лам 1959 онд Түвдээс дүрвэн гарч, Энэтхэгт сууршихад есдүгээр Богд бээр бусад лам нарын хамт дагалдан очсон байна. Тэр үеэс Энэтхэгт амьдрахын эрхээр радиод ажиллаж, газар тариалан эрхэлж явсаар 1990 онтой золгожээ. Энэ үед сүм хийдэд хуралд суухад нь очиж уулзаж байсан монгол хүмүүс мэр сэр байдаг юм. Тухайн үед хатуу цаг байсан тул энэ тухай олонд мэдэгдсэн нь ховор. Гомбожав хамба, философч Жүгдэр гуай нар Азийн буддистуудын энх тайваны бага хуралд оролцохоор Энэтхэгт очихдоо Есдүгээр Богдтой 1970-аад онд уулзаж байсан бол, Хамба лам Д.Чойжамц, Гавж Гүндсамбуу гуай нар 1983 онд тэнд сурч байхдаа очиж мөргөсөн байдаг.
-1990 оноос хойш л Богд байна гэдгийг мэдсэн гэж боддог байлаа.
-Ийм байдалтай явсаар 1990 онтой золгосон. Монголд ардчилал гарч, бүх юмны хаалт хориг тавигдаж, чөлөөтэй амьсгалах боломж бий болсон. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Түвдийн шашин, соёлын асуудал хариуцсан сайд Галсан Иш гуайтай уулзахдаа Богдыгоо сурагласан гэдэг. Ингээд XIV Далай лам Энэтхэгийн өмнөд хэсэгт сууж байсан есдүгээр Богдыг Дарамсала хотод өөрийн дэргэд авчран суулгаж, улмаар Монголын ертөнц энэ хүний талаар илүү мэдэх болсон билээ. Нэгэнт мэдсэн монголчуудын цуваа Энэтхэг рүү хөвөрч эхэлжээ. Монголдоо урьж залсан бичиг, сэлт олноор илгээж байсан нь илт харагдана.
http://ner.mn/wp-content/uploads/2015/12/19887862992014091809571.jpg
-Богд Монголд хэзээ анх ирсэн билээ. Хөөгдөж гарч байсан биз дээ?
-1999 онд Есдүгээр Богд Монгол улсад Оросын Холбооны улсаар дамжин орж ирсэн. Албаны хүмүүс гол төлөв түүнийг ад үзэж байлаа. Лам хуврагууд хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Богдыгоо гэж байхад нөгөө хэсэг нь айн болгоомжилно. Олон сүм хийдийн тэргүүн нар хуралдаж, Богдыг Монголын бурханы шашны тэргүүнээр Эрдэнэ зуу хийдэд өргөмжилсөн. Хэвлэл мэдээллээр түүнийг Богд мөн биш гэсэн мэдээлэл цуварсан. Ингээд виз хэтрүүлсэн гэсэн шалтгаанаар түүнийг Монголд орж ирснээс хойш хоёр сарын дараа хөөж гаргасан. Тухайн үед түүнд нүүр өгсөн төрийн хүн бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л байсан даа.
-Есдүгээр Богд дараа нь ирж залрахад Монголын харьяат бус хүнийг бурханы шашны тэргүүн болгож болох уу гэдэг асуудал хөндөгдөж байсан?
-Ингээд 10 жилийн дараа есдүгээр Богд Монгол Улсын төрийн тэргүүнээр ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдон гарч ирсний дараа Монголд заларсан юм. Ингэхдээ Өмнөд Солонгосоор дамжиж орж ирсэн. Удалгүй жилийн дараа Монгол Улсын иргэн болж, Гандантэгчэнлин хийдэд Монголын бурханы шашны тэргүүнээр дахин өргөмжлөгдөж, баталгаажсан байдаг. Нас өндөр гарсан тэрбээр юм их ярьж чадахааргүй болсон байхдаа Монголдоо суурьшсан юм. Ингээд Монголдоо багахан хугацаанд саатаад 2012 оны цагаан сарын шинийн найманд Монголд таалал болсон. Есдүгээр Богдыг амьд сэрүүн ахуйд эгэл ардаас өгсүүлээд төрийн сайд дарга, бүр Ардын намын дарга нар хүртэл бараалхаж золгож байсан. Есдүгээр Богд бээр би нас өндөр болсон надад ямар ч нэр алдар юм хэрэггүй, энэ бүхэн монголчуудад жаахан ч атугай тус болсон бол тэр миний зорилго биеллээ гэж хэлж байсан байдаг.
-Дараагийн Богд ямар хүн байх бол?
-Эхлээд холын түүх бус ердөө сүүлийн хорин хэдэн жилийн түүхээ эргээд нэг санацгаая. Бурханы шашны тэргүүнтэй болсон, Есдүгээр Богдыгоо Энэтхэгээс залж авчирч, өргөмжилсөн, Монгол Улсын иргэн болгосон, Монголдоо таалал болгосон гээд бодоод үзье. Мэдээжийн хэрэг энэ бүхэн ээдрээтэй, бартаатай зам туулсан. Гэхдээ л монголчуудын өөрсдийнх нь зам мөр гэж би бат итгэж байгаа. Үүгээр ямар замын эхлэлийг тавьсан бэ, Монголд бурханы шашин өөрийн хэмнэл, ёс ном, горимын дагуу хөгжих боломжийг илүү нээлттэй болгосон байна. Сүүлийн хорин хэдэн жилийн түүхээс тоймлон үзвэл, Монголын сүсэгтэн, лам хувраг, төр нийлээд бурханы шашны тэргүүнээ Монголдоо байлгах, Монголд байх үүд замыг тавьжээ гэж би бодож байгаа. Бурхан шашны тэргүүн монгол хүн байхын тухайд бол магадгүй сүүлийн гурав, дөрвөн зуун жилийн түүхэнд ийм боломжийг нээж байж ч магад.
-Яагаад ингээд бүгд очиж бараалхаж байсан мөртлөө Богд хэрэггүй юм шиг, бурханы шашнаа хүнийх юм шиг үзэх явдал гарах болсон гэж та боддог вэ. Энэ чинь хаалттай нийгэмд төрж өссөн бидний үеийнхний буруу биш шүү дээ?
-Бидний тархинд шашингүйн үзэл гүн бат суусан байна. Учир нь бид бол шашингүй үзлээр бойжсон улс. Тиймээс бурханы шашны мөн чанарыг олж чадахгүй болтлоо төөрцгөөсөн хэрэг. Ихэнх лам нар ч бурханы шашны жинхэнэ мөн чанарыг тээж яваа гэдэгт би итгэхгүй байгаа. Яагаад гэвэл, үнэхээр л бурханы шашны шавь лам нар юм бол гуч дөчөөд онд хэлмэгдүүлсэн хорь гучин мянган лам нарын төлөө хэн дуугарч байгаа юм бэ гээд бодоод үзээрэй, өнөөдөр бурханы шашныг хичнээн дайрч гутааж доромжилж байна, хэн дуугарч байна. Энэ лам нар хаана байна гээд бодоод үзээрэй. Ийм болохоор би лам нарт итгэхгүй байгаа юм. Дал, наян жил тархиа угаалгасан улсууд чинь ийм байдаг юм байна. Гэвч уламжлал, соёл тэргүүтэнд нь шашин нягт сууж оршсоор тул цагаан сар хийсээр бурханы шашны зан үйл бидний амьдралд хэвийн зүйл болтлоо оршсоор байгаа. Тиймээс бид Монгол үндэстэн давын өмнө өөрийгөө таних хэрэгтэй, өнөөгөө сайтар ухаарч, ирээдүйгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд түүхээ мэдэх хэрэгтэй. Түүх гэдэг чинь санах ой, чиглүүлэгч байдаг юм.
-Таны яриа миний сэтгэлийг үнэхээр хөндөж байна. Хаа нэгтэйгээс хачин жигтэй, танил биш харамсал мэдрэгдээд сонин байна. Та Үндэсний хувьсгалын баярын өдрийг нэлээд хөндлөө. Ер нь энэ баярыг таныхаар хэрхэн тэмдэглэж байвал зохилтой вэ?
-Түүхээ мэдэх хэрэгтэй гэхээр бид нар өөрсдөө Чингис болцгоох гээд байх юм. Өнөөгийн бид өөрсдөө Чингис болох хөг хэдийн өнгөрсөн. Харин хүүхдүүдээ л Чингис болгохыг бодоцгоо. Дөнгөж төрсөн нялх үр хүүхүүддээ, одоо гүйж яваа охид хөвгүүдийнхээ оюуны амыг нээцгээ. Энэ бол хамгийн сайн зүйл, үндэстний хувьд, монгол хүний хувьд. Чингисийн Монголын гал голомтыг сахигч, эзэн нь юм бол эл үүргээ ухамсарлах хэрэгтэй.
-Үүний тул юу хийх хэрэгтэй вэ?
-Эхлээд өөрөөсөө эхэл. Би хэн бэ. Би монгол мөн үү. Миний гэр орон Монгол байна уу, миний ажлын эргэн тойрон, амьдарч буй орон зай ямар байна вэ гэдгийг ухаарцгаая. Тэгээд өөрийгөө олж танихыг хичээе. Мэдээж шууд танихгүй. Холбогдох Монголын түүхийн гуйвж дайваагүй ном, эх сурвалж үзэцгээе. Тэгээд хүний хэлснээр биш өөрийн толгойгоор бодож, дүгнэж үзэх хэрэгтэй. Түүнээс бус бид ихэнхдээ л хэн нэгэн алдартны хэлсэн хийснийг давтаад байна. Бусдаас ялгардгийн хувьд өөрөө дүгнэх, өөрийн толгойтой байх явдал онц чухал байна. Үүнд дээр хэлсэн чиглүүлэгч түүх онцгой үүрэг гүйцэтгэнэ. Үр ач нартаа өвөө эмээ нарынхаа ярьсан зүйлсээс санаж байгаагаа цаг гарган ярьж өгцгөөе. Үлгэр ярьдаг эмээ, өвөө алга болсон тул үр хүүхдүүддээ үнэт зүйлсийг нь суулгадаг зүйлс бодож олцгооё. Сурах орчин, тоглож өсөх орчин тэргүүтнийг нь бодоцгооё. Хот сууринаа бусдад гайхуулдаггүй юм аа гэхэд өөрсдөө амгалан тайван орших өөрийн гэсэн өнгө төрхтэй нөхцөлөө бүрдүүлцгээе.
-Баярлалаа. Та манай сонинд нийтлэлээ ирүүлж байгаарай. Богино цагт олон чухал зүйлсийг ярьж амжих шиг санагдана. Танд ахин амжилт хүсье. 
-Баярлалаа. Бидний үнэт зүйлс юу гэдгийг монгол хүн бүр, Монгол өрх бүр, монголчууд бүгдээрээ бодох хэрэгтэй. Та бидний үнэт зүйлс жаахан өнгөө алдаж гундаж байж магадгүй. Тиймээс зүлгэж байх хэрэгтэй, үнэт зүйлсээ эрхэмлэх учиртай. Энэ бол үндэстэн оршихуйн гол үндэс мөн.Үндэсний үнэт зүйлсээ үргэлж өнгөлж дээдэлж байх явдал тун чухал шүү. Ядаж нэг өдөр үндэсний баяраа үнэн зөвөөр нь тэмдэглэж, монголчууд өөрсдийн бахархал, түүх соёлоо дээдэлж заншвал цаашид хэвшихэд хэрэгтэй гэж л байгаа юм. Ер нь бол монголчууд түүх, соёл, зан заншлаа өдөр тутам дээдэлдэг болчихвол хэн хожих вэ, монгол, бид л хожно биз дээ. Үнэндээ бид утга учрыг нь сайн мэдэхгүй олон баярыг тэмдэглэдэг болоод байна. Ядаж утга учрыг мэдэж байя. Нөгөө талаас утга учрыг нь хүмүүс мэдээд ирэхээр ямар баярыг ямар хэмжээнд тэмдэглэж байхаа өөрсдөө мэдэг л дээ.
Нийтлэлч сэтгүүлч Б.Ганчимэг
Эх сурвалж: Open door сонин, 2015.12.24

No comments:

Post a Comment