-Таны “Оройн ганц мод” роман нээлтээ хийлээ. Анхны уншигчид нь ам сайтай байна. Харин зохиолоо бичихэд гурван сарын хугацаа зарцуулсан гэж сонслоо. Романыг ийм богино хугацаанд бичиж болдог юм уу?
-Ийм
юм аа, одоо чинь хүн болгон зохиолч болчихоод юмыг хялбархан хийдэг,
ойлгодог болчихож л дээ. Миний хувьд зохиол дээрээ богино хугацаа
зарцуулсан нь ачаалал үүрч сурсных байх. Би чинь нэлээд орчуулга хийлээ
шүү дээ. Залхуу хүн шинийг санаачлагч байдаг гэдэг шиг их ажилд
дарагдаад ирэхээр аль болох богино хугацаанд яаж хийх вэ гэдгийг сийлдэг
юм байна. Би орчуулгуудаа бичээчтэй сууж хийдэг байлаа, тэр тулдаа олон
орчуулгынхаа ард гарсан. “Оройн ганц мод” маань нэг өдөр суугаад
биччихсэн зохиол биш. Би их судалгаа хийсэн. Яахав, цаасан дээр
буулгасан нь төдий хугацаа боловч 2011 оноос сэтгэл тавьж, судалгаа хийж
ирсэн ажлууд л даа.
-Номын нээлтийн мэдээнээс харж байхад зохиолоо цааш үргэлжлүүлэх юм байна гэж ойлгосон. Ер нь та одоо хэрхэн роман бичихээ мэдчихэв үү?
-Дөрөв,
таван жилийн хөдөлмөр маань болохоор энэ номонд оруулж амжаагүй дутуу
орхичихсон зарим баримт, судалгаанууд бий. Хэрэв үргэлжлэлийг нь хийхээр
бол, тэр болгоныг би өөрөө олж мэдэх хэрэгтэй. Ер нь хүн өөрөө сайн
мэдсэн зүйлээ л бичдэг юм байна л даа. Өмнө нь би хоёр, гурван тууж,
өгүүллэг бичиж байсан. Тэр үедээ нэг л бяр дутаад байгааг ойлгосон юм.
Чухам яагаад би энэ их орчуулга руу яваад орчихсон бэ гэвэл ердөө л
роман хэрхэн бичих тухайд байлаа. Романыг ойлгохын тухайд баахан
сонгодог зохиол уншаад тэндээсээ би өгүүллэг, роман нийлсэн зургаан ном
сонгож орчуулсан. Тэгээд хувь заяаны эрхээр ч юм уу хүүхдийн сонгодог
зохиолын орчуулга руу орчихсон. Тэдгээр нь бас л хүн төрөлхтний сонгодог
гэгдсэн романууд яваад байгаа. Тэгээд надад аа за за, роман гэдэг нь
нэг иймэрхүү анзааны ийм юм байх юм байна гэсэн дүр зураг харагдаж
эхэлсэн гэх үү дээ.
-Номыг тань гаднаас нь тандахад монголчуудын нүүдэлчин ахуй амдрал, тэр тусмаа урианхайчуудын аж байдлыг өгүүлсэн юм аа даа. Яагаад гэдгийг товчхон тайлбарлаад өгөхгүй юу. Уншигчдад маань ч сонин байна байх?
-Монголд
олон үндэстэн ястан, овог аймгууд байдаг. Тэдний дотроос урианхайчууд
бол их эртний монгол хэлт овог аймаг. Алтайн урианхайчууд алслагдмал
болоод ч тэр үү надад ёс заншил, үнэт зүйлсээ маш сайн хадгалж үлдсэн юм
шиг санагдаг. Улсын наадмын сурын харваа урианхай сурын харваагаар
эхэлдэг шүү дээ. Энэ нь эртний монгол цэргүүд амралтын үедээ богино зайд
сур харваж бэлтгэл сургуулилт хийдэг байсны уламжлал юм. Яагаад би
нутгаа сонгож зохиолынхоо ерөнхий өнгө төрхийг бүрдүүлсэн бэ гэхээр
миний маш сайн мэдэх орчин учраас тэр. Гэхдээ энэ нь зөвхөн цөөн хэдэн
урианхайчуудын асуудал огт биш, нийт монголчуудын явдлыг нэг жижигхэн
хошуун дээр болж буй үйл явдлаар гаргаж бичихийг хичээсэн. Цаашид гарах
номуудад маань ч харагдах байх. Ер нь 100 жилийн өмнөх монголчуудын
амьдрал ямар сонин байсан юм бэ гэдгийг би эртнээс анзаарч эхэлсэн л
дээ. Нэг л бүрхэг, харанхуй бүдүүлэг, сүйрэл мөхлийн ирмэг дээр
ирчихсэн, элэг эмтрэм дүр зураг, гэвч оюун санааны хувьд их өөр түвшинд
байсан нь миний сонирхлыг гойд ихээр татсан. Ерөөс, нүүдлийн соёл
иргэншил гэдэг нь нэн өвөрмөц сэтгэлгээг бий болгодог юм байна.
Монголчууд бидний дэлхийд гайхуулах брэнд маань энэ юм. С.Дашдооров
гуайн “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн хоёр өвгөнөөс эхлээд зүгээр л
энгийн ахуй амьдрал дунд байгаа хэрнээ хорвоогийн явдлыг маниасаа илүү
мэдэх өвгөд эмгэд зөндөө байх. Энэ онцлог явдлыг нь би зохиолдоо түлхүү
үзүүлэхийг хичээсэн. Байгаа оносон эсэхийг бүү мэд.
-Урианхайчуудын амьдрал таны сайн мэдэх орчин гэснээс та чинь Ховд аймгийн Дуут сумын хүн гэв үү?
-
Урианхайн Дайчин Бэйсийн хошууных гэж хэлмээр байдаг юм. Одоогийн Ховд
аймгийн Мөнххайрхан, Дуут, Баян-Өлгийн Булган, Дэлүүн сумдын нутгийг
хамарсан хошуу байж. Манай аав, ээж хоёр Мөнххайрханых, би Дуутад төрсөн
боловч аймгийн төвд өссөн. Гэхдээ хөдөөгийн амьдралыг сайн мэднэ. Зуны
амралтаараа хонь хариулж, хониныхоо захад ном уншаад л... Хөгшчүүлээс
одоо ч гэсэн би суралцсаар л байна. Тухайн үед би даанч хүүхэд байсан
болохоор ярьж хэлж байгааг нь нарийн сайн тогтоож авсангүй. Тэр үеийн
хөгшчүүлийн чихний хажуугаар шүргээд өнгөрсөн яриа бүхэн өнөө миний
уншиж судалж байгаа зохиол бүтээлийн дайны юм байсан шиг санагдана. Энэ
бүхэн миний дурсамжид байгаад байдаг. Үүнийг харин хэрхэн уран зохиолд
оруулж ирэх вэ гэж толгойгоо гашилган цаг хугацаа их зарцуулсан.
- Хэдийгээр энэ тухай уншигчид хэлэлцэх ёстой ч, “Тэнгэрийн цаг болоогүй”-гээс “Оройн ганц мод” хүртэл Дашийн Оюунчимэг зохиолчид ямар дэвшил гарсан гэж та хэлэх вэ?
-“Тэнгэрийн
цаг болоогүй” бэсрэг туужаа бичсэнээс хойш миний хийсэн ажил гэвэл
хүүхдийн зохиолын сонгодог 50 ботийг монгол хэл дээр бэлтгэх байсан.
Үүнийг би нэг талаас оюунлаг ирээдүйг бэлтгэх, соёл гэгээрлийн
бодлоготойгоор орчуулсан. Нөгөөтэйгүүр хувь зохиолчийн дадлага туршлага,
судалгааны бүтээл гэж хэлж болно.Тиймээс тухайн үед би тууж өгүүллэгийн
хүрээнд эргэлдэж байсан бол одоо роман ямар байх ёстойг олж харсан нь
дэвшил юм болов уу гэж бодож байна.
-Танай үеийнхэн буюу 1990-ээд оны төлөөлөл болсон яруу найрагчид бараг бүгд зохиол бичиж, роман туурвих боллоо. Энэ шилжилтийн үеийг та юу гэж харж байна вэ?
-Энэ
бол хүний өөрийн өсөлт хөгжилттэй холбоотой. Жишээлбэл, роман гэдгийг
нэг хөөрхөн залуу ч юм уу, бүсгүй бичдэггүй. Болдог ч үгүй юм байна.
Яахав, хүн төрөлхтний түүхэнд гарч байсан суутнууд байна л даа.
М.Шолохов гэхэд л 23 настай “Дөлгөөн Дон”-ыг бичсэн гэх мэт. Гэхдээ
тэдний туулсан замнал өөр, би буруу дуулаагүй бол 16 настай М.Шолохов
морьт цэргийн отряд удирдаад хувьсгалын хэрэгт оролцож явсан гэх баримт
санаж байна. Энэ нь тэр хүмүүс хэдий бага залуу байсан ч асар их
амьдралын туршлага хуримтлуулж чадсаных. Эсвэл тэдэнд илүү өгөгдөл
заяасан байж ч магадгүй. Тэгэхээр роман бичнэ гэдэг амьдралыг таних,
өөрийн хурааж цуглуулсан туршлага, түүнээс гадна ердөө л хувь зохиолчийн
үзэл санаа юм. Үзэл санаа гэдэг нь шашинд хандах, орчлонд хандах,
түүхэнд хандах, нийгэмдээ хандах үзэл, тэдгээрийн нэгдмэл чанар юм.
Тэгэхгүйгээр хичнээн сайхан юм хийлээ ч яг роман гэх шалгуурт нийцэхгүй.
Тэгэхээр манай үеийнхэн роман бичиж байгаа нь бидний нас болжээ, роман
үүрэх хэмжээний дадлага туршлага, чадал чансаа суужээ гэж ойлгож байна.
-Таны зохиол бүтээлийг харж байхад ёр билгийн шинж чанартай, илүү дотогшоо өөрийгөө нэгжиж нээсэн байдаг. Зарим хүмүүс таныг зохиол бүтээлийн хувьд Монголын Гарсиа Маркес гэх нь ч бий?
-За
яахав, юу ч гэж хэлж болох л байх. Гэхдээ эртнээс нааш татгалзаж явахыг
хичээдэг нэг зүйл байдаг юм аа. Би Жамъянгаравын нэрэмжит сургуулийг
1995 онд төгсөхдөө Анна Ахматовагийн шүлгийн орчуулгаар дипломын ажил
хийж байлаа. Түүнээс үүдэн хүмүүс намайг Монголын Ахматова ч гэх юм уу,
иймэрхүү ярианаас би зайлсхийхийг хичээдэг. Яахаараа монголчууд гэхээрээ
нэг тийм гадныхны хуулбар байх ёстой гэж. Мөн чанараараа л байя л даа,
Дашийн Оюунчимэг гэдэг хүн хорвоод ганцхан, түүний сайн муу байх өөрөөс
нь л хамаарах асуудал. Ер нь бол миний зохиол бүтээлийн хувьд, чи миний
шүлгийг харж байсан бол бас нэг тиймэрхүү, тэгэхээр би сюрриалист
чиглэлийн хүн юм шиг байгаа юм. “Оройн ганц мод” зохиолд маань тэр сэдэв
хангалттай орсон. Орохгүй ч гэхийн аргагүй. Энд би нэг зүйлийг цохон
тэмдэглэхийг хүсч байна. Тэр нь юу гэвэл, энэ зохиолд өгүүлсэн бүхнээ
цаанаа үнэний ор мөртэй байлгахыг хүссэн. Зохиолын гол баатар 100 жилийн
өмнөх амьдралтай эргэж холбогдох хэрэгтэй болж байгаа юм л даа. Би
өөрөө их зөнтэй зүүдэлдэг. Ер нь би ч гэлтгүй манай нүүдэлчдийн онцлог
тэр байх. Зүүдэч, зөнч, бэлгэч ард түмэн. Тэгээд би зүүдээр 100 жилийн
өмнөх явдалтай холбогдохыг хүсч, ийм зүйл байж болох уу гэж эрж хайсан.
Тэгсэн нэг бясалгалын багш зүүдээр бясалгал хийдэг хүн олж өгсөн. Тэр
маань одоо манай энэ цаг үед нэг байгууллагад ажиллаад явж байгаа нэг
сайхан бүсгүй. Гэхдээ оюуны чадамж нь маш өндөр түвшинд хүрсэн хүн байна
билээ, хоёр гурван удаа уулзаж ярилцаад түүнийг би нэг залуу хархүүгийн
дүрээр номондоо оруулсан.
-Одоо хоёул яруу найргийн талаар ярилцъя. Таны “Харанхуйн дуулал”, “Очирт уулын бичиглэл” гэсэн хоёр ном тань нэр цуутай бүтээлүүд шүү дээ?
-Ерөнхийдөө
бол нэг ном л доо. “Харанхуйн дуулал” дээрээ нэг бүлэг нэмээд алдаа
мадгийг нь бага зэрэг засаад “Очирт уулын бичиглэл” нэрээр гаргасан.
Гэхдээ тэр номыг бичихэд би амьдралынхаа 13 жилийг зарцуулсан байна.
Арван хэдтэйгээс хорин хэдтэй болтлоо хамаг залуу насаа зориулсан юм.
Яахав, номд орсон нь хоёр жил гаруй хугацаанд бичигдсэн боловч өмнөх
олон удаагийн оролдлого зүтгэл туршлага болж хуримтлагдсан гэсэн үг л
дээ. Би олон олон орчуулга хийж байж одоо л нэг роман бичих дайтай болж
байгаа шиг зүйл юм. Яахав, сайн гэж хэлэхгүй, өөрийнхөө хэмжээнд
Оюунчимэг гэдэг хүнд буй чадварыг 200 хувь ашигласан гэж боддог. Сайн
муугийн тухай бол бас өөр хэрэг. Өөрт ямар авьяас өгөгдөл байна түүнийг
хөглөн, хөгжүүлж ханатал хийсэн эсэх тал дээрээ бол би сэтгэл хангалуун
байдаг. Магадгүй тухайн үед би Жамъянгаравын нэрэмжит сургуульд сурч,
түвдэч Хүрэлбаатар, Сонинбаяр ламтан, О.Дашбалбар багш нараар хичээл
заалгаж байсны хувьд буддын философи, дорно дахин дотоод ухааны мөн
чанарыг олж харсан ойлгосон зүйл тэнд тусгалаа олсон байх. Яруу найргийн
тухайд бол би 27 хүртлээ идэвхтэй бичээд ерөнхийдөө орхисон. Сүүлд хэд
гурван шүлэг бичсэнийг эс тооцвол, Нэг үгээр бол уран бүтээлч болж
төлөвшиж чадсан гэх юм уу даа.
Утга
зохиол судлаач асан Ч.Билэгсайхан гуай миний нөгөө зургаан орчуулгын
ном гарсны дараа номоо авчирч өгөөч гээд, би номнуудаа аваачиж өгөхгүй
юу. Тэгсэн хэд хоногийн дараа надад утсаар хэлж байна: “Би чамайг юу
хийчихээ бол доо гэж бодож байсан, чи харин сайн орчуулж” гэсэн.
Тэгэхээр нь шүлгийн номоо аваачиж өгөөд, би ийм дайны монгол хэлтэй
учраас сайн орчуулахаас өөр аргагүй. Миний хамгийн сайн мэддэг хэл бол
монгол хэл ээ. Би гадаад хэл мэддэгтээ орчуулга хийж байгаа юм биш
гэсэн. Тэгэхээр “Очирт уулын бичиглэл” харахад нимгэн, жижигхэн боловч
миний хамаг л залуу насны хүч хөдөлмөр, зүтгэл шингэсэн, надад маш үнэ
цэнтэй бүтээл юм.
-Яруу найрагч бүрт шүлэг бичих болсон нэг шалтгаан байдаг шүү дээ. Ер нь та хэдий үеэсээ шүлэг бичих болов?
-Би энэ тухай олон удаа ярьж байсан юм байна. Нэгдүгээр ангид байсан юм шиг байгаа юм. Анх
“...Цоохор даага жирийхээрээ жирийнэ
Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ...” гэдэг
шүлгийг уншаад л гайхамшигт автсан юм, энэ шүлэг гэгч ямар гайхалтай
зүйл вэ гэж. Тэгэхэд магадгүй миний дотор байсан нэг зүйл нээгдсэн байх л
даа. Тэр цагаас хойш яруу найраг бол ерөөс энэ ертөнцийн юм биш гэсэн
гүн бат итгэл үнэмшил тогтчихсон. Гэтэл баргийн хүүхэд тэр шүлгийг
уншаад тийм том итгэл үнэмшил олж авахгүй л дээ. Тэгэхээр тухайн үед
миний дотор байсан өгөгдөл тэр хоёр мөрөөр сэржээ гэж боддог. Сурагч
байхдаа шүлэг бичдэг байлаа, оюутан болоод ч шүлэг бичсээр л байсан.
Гэвч, хүнд ухаан орно гэж нэг юм байдаг юм байна. Монголчууд 60-тайдаа
ухаан ороод 61-тэйдээ үхдэг гэсэн егөө үг байдаг шүү дээ. Тэр бас үнэний
ортой юм шиг санагддаг. Манай аав хэлдэг байсан юм, би 13-тай ухаан
орсон, яг толгой дундуур том модоор татаад авсан юм шиг цэлс хийгээд л
ертөнцийн явдал тодорхой болоод явчихсан гэж. Яг тэр явдал надад 23-тайд
минь тохиолдсон. Гэнэт л надад маш олон зүйл тодорхой болоод явчихсан.
Түүнээс хойш бичсэн нэг ч шүлгээ шатаагаагүй. Түүнээс өмнө бол
хангалттай олон муу шүлэг бичсэн дээ. Цветаевагийн нэг үг байдаг даа,
хүнд муу шүлэг бичих үе улаан бурхан өвчин шиг зайлшгүй тусдаг, түүнийг
аль болох хурдан туулах хэрэгтэй гэсэн. Азаар залуу насандаа амжиж тэр
үеэсээ салсан шиг байгаа юм. Миний шүлгийн номонд орсон хамгийн эртний
шүлэг гэхэд л 1992 оных байдаг.
Г.Лхагвадорж
No comments:
Post a Comment