хандлагыг өөрчилсөн сургууль бол
яах аргагүй "Шинэ Монгол" сургууль юм. Амжилттай эхэлсэн бага
сургуулийн бүтцээ өргөжүүлэн, ахлах сургууль, бүр технологийн дээд сургууль
байгуулсан буй нь сонирхолыг минь багагүй татав. Нано технологи, инноваци, энтрепренер
гээд ид моодонд орж, бид мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй ойлголтуудыг Монголд
нутагшуулж буй "Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль"-ийн гүйцэтгэх
захирал адил нэртэй амьдаа Ч.Ганзориг багштай зорьж очиж сонирхолтой яриа
өрнүүлсэнээ сийрүүлэн буулгалаа.Монголын боловсролын салбарт цоо
шинэ стандарт тогтоож, эцэг эхчүүд, сурагчдын
Ванчигийн Ганзориг: Боловсролын
салбарт "Шинэ Монгол" аль хэдийн брэнд бүтээгдэхүүн болжээ. Бага
сургуулиар эхэлж байсан та хэд одоо бүр дээд сургууль байгуулан захирлаар нь та
ажиллаж байгаа юм байна. Энэ сонирхолтой бөгөөд шинэ төслийг удирдаж буй
Ч.Ганзориг гэдэг хүнтэй эхэлж сайтар танилцах ёстой болов уу?
Чимэдийн Ганзориг: Би Баянхонгор аймгийн уугуул. Монгол хэлний багш Чимэд гээд
хүний хүүхэд. 1983-1988 онд МУИС-ийг химич, химийн багш мэргэжлээр төгссөн.
Магистерийн зэргээ би 1993 онд байгалийн ухаан, инженер, цахилгаан химийн
чиглэлээр Хятадын Фудоны Их Сургуульд хамгаалсан. Хятадад байх хугацаандаа би
барууны гуравдагч улсуудад судалгаа, шинжилгээний ажил хийх ёстой юм байна даа гэж
бодож явж байгаад 1994 оноос Япон улстай холбогдож эхэлсэн юм. Орост сурч
байсан миний Хятад профессор ч надад Хятад, Монгол, Орос адилхан социалист улс,
чи Америк юм уу Япон явж судалгаагаа үргэлжлүүлэх ёстой гэж захидаг байсан.
ЮНЕСКО-ийн тэтгэлэг аваад надад 1994 онд Японы MIT болсон Токиогийн Технологийн
Дээд сургуульд 1 жил суралцах завшаан тохиосон. Японоос буцаж ирээд 1997 онд би
Монголдоо физик, химийн шинжлэх ухаанаар тухайн үедээ дэд докторын зэрэг,
одоогийнхоор бол докторын зэрэг хамгаалсан. Дэд докторын зэргээ хамгаалсаны
ердөө 7 хоногийн дараа би Токиогийн Технологийн Дээд Сургуулиас инженерийн
ухаанаар докторын зэрэг хамгаалах урилга хүлээн авсан юм. Энэхүү 2 дахь
докторын зэргээ инженерийн ухаан, тэр дундаа био технологи, нано технологийн салбарт
би 2000 онд Японд улсад хамгаалсан. Японд 2 дахь докторын зэргээ хамгаалах
үедээ би дөнгөж 35 настай байсан. Тухайн үедээ их л хожуу хамгааллаа гэж бодож
байсан боловч одоо бодоход нилээд эрт хамгаалсан байдаг.
В.Г: Япон доктороо хамгаалсаны дараа
хаана, юу хийнэ гэж төлөвлөж байсан бэ?
Ч.Г: Тухайн үед би гэр бүлтэйгээ цуг Японд байсан. Зорилго
Америк явж ажиллах байсан. Америкийн топ 10 сургуулийн нэг болох Princeton-ийн
их сургуульд пост доктороо хийх хүсэл байсан. Энэ сургууль маань физикээр, хагас
дамжуулагчийн чиглэлээр маш хүчтэй ба А.Эйнштэйн насан өөд болтлоо энэ
сургуульд ажиллаж байсан юм. Энэ тухайгаа Япон багштайгаа нилээд зөвлөлдсөн
бөгөөд тухайн үед багш маань Япон, Америкийн хувьд нэг их академик ялгаа
байхгүй ээ, чи гэр бүлтэйгээ Америкт очоод Америкийн их сургуульд шууд хүлээн
зөвшөөрөгдөхөд хүнд байх болно. Тэрний оронд чи эндээ үлдээд миний төсөл дээр 5
жил ажиллачих гэж хэлсэн. Эдгээр төслүүд нь комьютерийн хагас дамжуулагчийн
судалгаа, органик транзистор, нано ба молекул технологийн үндэс болон
материалын судалгаа, мөн цахилгаан хими буюу нарын зайн чиглэлийн төслүүд
байсан. Би хэсэг бодож байгаад энэ саналыг нь хүлээн авч 2006 онд хүртэл эдгээр
төслүүд дээр нь ажиллаад нэмж сунгаад 1 жил Токиогийн Технологийн Дээд
Сургуульд зочин профессор буюу visiting professor-р био молекулын чиглэлээр
ажиллаад Монголдоо буцаж ирсэн. Тухайн үедээ магистерийн оюутнуудыг удирддаг
байсан ба ажиллаж байх хугацаанд над дээр 3 Өвөр Монгол оюутан докторын зэргээ
хамгаалж байлаа. 2007 оноос би МИУС-ийн хими технологийн тэнхимийн эрхлэгч,
профессороор ажилд орж байсан.
-МЭДЛЭГИЙН БОЛОН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТ ХИЙХ, СТАРТ АП-ИЙН НЬ
ТОГТОЛЦОО ЭНТРЕПРЕНЕРШИПИЙН АМИН ЗҮРХ-
В.Г: Монголдоо ирээд ямар ажлыг
хамгийн түрүүнд барьж авсан бэ?
Ч.Г: Ирээд удаагүй байхад ерөнхий сайд байсан Жасрай гуай
дуудаад өндөр технологи, ялангуяа нано технологийн салбарыг чи аваад явбал яаж
байна гэсэн санал тавьсан. Ингээд би энэхүү төсөлд нь оролцоод МУИС дээр 2007
оны хавар нано технологийн үндэсний анхны төв, бусад дагалдах 3 лабораторийг
Токиогийн Технологийн Дээд Сургуулийн тоног, төхөөрөмжийн тусламжтайгаар
байгуулж байсан. Тухайн үед МУИС-ийн захирал байсан Ганцог болон Боловсролын
яамнаас биднийг их сайн дэмждэг байснаас гадна яг тэр үед инновацийн үндэсний
хөтөлбөрийг төр баталж, ШУ-ийн мастер төлөвлөгөөг гаргаж байсан. 2008 онд
Монголдоо анхны салбар дундын магистерийн хөтөлбөрийг нано технологийн
чиглэлээр нээж, анхныхаа 15 оюутанг салбар салбараас буюу физик, хими, биологи,
био технологи, анагаахын салбаруудаас авч байлаа. Харамсалтай нь нэг их удалгүй
Монголд нано технологи хөгжинө, хөгжихгүй гэдэг маргааны улмаас энэхүү төсөл,
төслийн санхүүжилт зогссон. Тухайн үед нийт 193 сая төгрөгийн төсөвтэй байсан
нь Японы дунд зэрэглэлийн нэг профессорын л жилийн судалгааны төсөв юм. Эдгээр
төслүүдээр нийт 46 оюутан дамжсан байдаг. Маш зөв эхэлсэн бодлого шийдвэр
гаргагчдын гаргасан алдаанаас болж зогссонд одоо ч харамсдаг. Тэр үед 3 нь ч
төсөл явж байсан бөгөөд удалгүй Ганцог захирал дуудаад МУИС-ын сургалт эрхэлсэн
тэргүүн дэд захирлаар ажиллах саналыг тавьсан. Энэ хугацаандаа их сургууль
инноваци, энтрепренершипийг хөгжүүлэх анхны концепцийг хийгээд цаашаа
судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийх, нано технологи ба инновацийг Монголд
хөгжүүлэхийн тулд өргөдөл өгөөд ажлаасаа гарч байсан юм. 2001 оноос MIT
сургалтын хөтөлбөрүүдээ бакалаврын түвшинд нээлттэй болгож онлайнаар тавиад
эхэлсэн юм. 2003 оноос Хятадууд, Вьетнамууд, 2005 оноос Японууд энэ хөтөлбөр
дээр нь ажиллаж эхлээд бужигнаж байсан үе. Би мөн 2005 оноос энэ хөтөлбөрийн талаар
Монголын төрийн өмчийн их, дээд сургуулиуд руу мэдээлж, ач холбогдлыг
ойлгуулахыг хичээж байсан боловч харамсалтай нь төсвүүд нь шийдэгдээгүй юм.
Төсвөөс гадна Монголд энэ концепцийг хүлээн авах хөрс нь бүрдээгүй, түүнчлэн
уламжлалт их сургуулиуд дээр энэхүү схемийг шууд хэрэгжүүлэхэд учир дутагдалтай
нь анзаарагдсан. Тухайн үед МУИС-ийн ректор байсан Төмөр-Очир захирал тэр үед
намайг МУИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирлаар ажиллахыг урьж
би энэ ажлыг нь 3 жил буюу 2013 он хүртэл хийсэн. Энэ үед их сургуулиудын
менежментийн талаар, бодлого, стратеги боловсруулах, төсөл хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэх талаар нилээд их туршлагатай болсон. Мэдлэгийн болон технологи
дамжуулалтыг хийх, старт ап-ийн тогтолцоо, экосистемийг бүрдүүлэх гэсэн 2 зүйл нь
энтрепренершипийн амин зүрх байдаг. Энэхүү тогтолцоог МУИС дээр маш
зоригтойгоор 2012 онд технологи дамжуулах төвийг үүсгэн байгуулснаар эхэлж
байлаа. Үр дүнд нь MIT-ийн форматаар төвийнхөө ажилчидтай хамт анхны технологи
дамжуулах ба оюуны өмчийн цогц журмыг боловсруулсан. Үүнтэй давхцаад 2012 онд
Монгол улс инновацийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийг боловсруулахад би
МУИС-ийн багш нарынхаа багийг удирдан орж оролцож байсан. Энэхүү хуультай
холбоотой судалгаа хийж байхад үр дүн нь тухайн үедээ их сургуулиуд ба хувийн
хэвшлийнхэн хоорондоо ойлголцож ажиллаж чаддаггүй юм байна гэж гарч байсан.
В.Г: МУИС-д удирдах албан тушаал
хашиж явсан та яаж яваад Шинэ Монгол сургуультай холбогдсон юм бэ?
Ч.Г: Энтрепренер их сургуулийн загварыг судалж боловсруулж
явахдаа загвар, дүрэм журам, стратеги бодлогоос гадна энэхүү реформыг Монголдоо
амжилттай хэрэгжүүлэхийн тулд боловсролын институцийн бүтэц ба чадварлаг,
мэргэжлийн боловсон хүчин маш чухал гэдгийг ойлгосон. Монголын их, дээд
сургуулиудын хөгжлийг 3 шатанд хувааж болно. Эхнийх нь улсын төсвөөс бүрэн
санхүүждэг, хуучин Зөвлөлтийн системийн схем, удаах нь ардчилалын үеийн буюу
оюутны төлбөр дээр суурилсан үлбэгэр маягийн тогтолцоо 1990-2010 он хүртэл
үргэлжилсэн. Харин 2011 оноос эхлэн судалгаа ба энтрепренер хосолсон загвар рүү
тэмүүлж байна гэж хэлж болно. Тэр ч утгаараа 2013 онд би Шинэ Монгол
сургуультай анх холбогдон энд ирж ажиллаж байна.
-МЭДЛЭГ БОЛ ӨМЧ-
В.Г: Энтрепренер сургууль гэхээр
заавал технологийн сургуулиудтай холбогдох албагүй биз дээ?
Ч.Г: Огт албагүй. Бүх чиглэлтэй холбогдоно. 2000 оноос эхлэн
дэлхийн том сургуулиуд сургалт, судалгаагаа сайн барьж ажиллахаас гадна үйл
ажиллагааны хүрээ нь аль хэдийн энтрепренер схем рүү шилжчихсэн байсан. Жишээ
нь, Япон, Солонгос, Герман, Сингапур, Тайвань, Финланд гэх мэт. Ер нь их
сургууль нь өөрөө байгаль ба нийгмийн ухаан дээр суурилсан байдаг. Амжилттай
яваа дэлхийн их, дээд сургуулиудыг харахад инженер, анагаах, ХАА, менежментийн
салбарууд нь санхүүгийн хувьд сургуулиа тэр чигээр нь чирч явдаг юм. Энэ ч
утгаараа мэдлэг дээр суурилсан хэрэглээний салбар болох инженерийн чиглэл асар
чухал гэдгийг олж харсан. Яг энэ загвар болох MIT (Massachusetts Institute of
Technology)-ийг би нилээд судлахаас гадна өөрөө хэд хэдэн удаа очиж үзсэн.
В.Г: Дэлхийн олон шилдэг их
сургуулиудын загвараас яагаад заавал АНУ-ын MIT-н загвар Монголд таарах ёстой
гэж?
Ч.Г: 130 гаруй жилийн түүхтэй энэ сургуулийн түүхийг нь үзвэл
сургалт, судалгаанаас гадна АНУ-н болон дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжилд
асар хүчтэй нөлөөлөх чадвартай нь мэдэгдсэн. Энтрепренер хандлагыг шинжлэх
ухааны үндэслэлтэй анх гаргаж ирсэн хүн нь Henry Etzkowitz юм. Нийгэм эдийн
засагт мэдлэг хэрхэн бий болдог вэ, нэгэнт бий болсон мэдлэгийг хэрхэн үндэсний
баялаг болгож хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ашиглах вэ гэдгийг нилээд
нухацтай гаргаж ирж, судалгааг нь хийсэн хүн юм. MIT өөрөө дэлхийн 1 ба 2-р
дайн, АНУ-ын үйлдвэржилтийн үе шатанд асар олон судалгааг хийж, маш олон
технологийн бүтээлийг гаргаж байсан. 1980-аад оноос эхлэн АНУ-с засгаас их,
сургуулиудад өгдөг төсөв нь багасч, дээрээс нь мэдээллийн технологи хүчтэй гарч
ирж эхэлсэн байдаг. Энэ үед MIT маш ухаалаг ажиллаж АНУ-д Bayh-Dole-ийн хуулийг
батлуулж чадсан. Энэхүү нэр нь АНУ-н парламентийн 2 гишүүний нэр бөгөөд хуулийн
агуулга нь улсын төсвөөр сургуулиар захиалган хийлгэсэн ажлын зохиогчийн эрхийг
тухайн сургууль өмчлөх юм. Өөрөөр хэлбэл их сургуулиуд судалгааны ажил хийж
мэдлэгийг бий болгоод тэрхүү мэдлэгээ өөрсдөө өмчлөх эрхтэй болсон гэсэн үг.
Энэ үеэс эхлэн АНУ-д мэдлэг бол өмч гэдэг ойлголт гарч, их дээд сургуулиудын
судалгааны тэнхим, багш профессорууд, оюутнуудыг сонирхолыг ихэд татаж
эхэлсэн.
В.Г: Энэ үеэс эхлэн их, дээд
сургуулиудын орлогын эх үүсвэр шинээр нэмэгдэж хэрэг байх нь ээ?
Ч.Г: Тийм. Нэгэнт өмчтэй болсон их сургуулиуд энэхүү өмчөө
эргэлдүүлэхийн тулд аж үйлдвэрийн салбарууд, хувийн хэвшилийнхэнтэй улам ойр
ажиллаж эхэлсэн. Дээр дурдсан АНУ-ын Bayh-Dole-ийн хууль нь Монголын
"Инновацийн хууль" гэж ойлгож болно. 2012 Монголд гарсан энэхүү
хуулийг дагаад нийт 23 бусад хуульд холбогдох өөрчлөлтүүд орсон байдаг. Үүнийг
дагаад 1000 инженерийн төсөл, их дээд сургууль, дээд боловсролын шинэчлэлийн
төслүүд эхэлсэн. Мөн 2015 оны 11 сард Монгол улсын засгийн газар ба MIT сургууль
хоорондоо гэрээ байгуулж, манай боловсролын системийн дараагийн чиг хандлага
энтрепренер байх болно гэдгээ баталгаажуулсан.
-"БОЛОВСРОЛЫН ИМПЕРИАЛИЗМ-
В.Г: MIT гэдэг АНУ-ын хувийн
сургууль шууд МУИС юм уу эсвэл ШУТИС-тай гэрээ байгуулахгүй харин манай яамтай
байгуулдаг нь ямар учиртай юм бол?
Ч.Г: MIT-ийн ард Америкийн төрийн департмент ажилласан. MIT-г
нэг талаар хувийн их сургууль гэж харж болох боловч нөгөө талаасаа MIT асар том
корпораци юм. 2015 оны 12 сарын MIT-ийн тайлангаар бол эргэлдүүлж буй мөнгө,
санд нь буй баялагаараа (2 их наяд америк доллар) энэ сургууль өөрөө дэлхийн 10
дахь том эдийн засаг гэдгээ зарласан. Bayh-Dole-ийн хууль гарснаас хойш буюу
1980 оноос хойш MIT сургууль нийт 30,000 компанийн IPO-г гаргасан байна. Жилд
1,000 гаруй старт ап компаниудыг зөвхөн энэ сургууль төрүүлж байна. Нийгэмд 4.7
сая ажлын байр бий болгосон институци юм. Дэлхийн их, дээд сургуулиудын чансааг
одоо тухайн сургуулиуд нь хир их ажлын байрыг шинээр бий болгож байна, нийгмийн
баялгийг хир хэмжээгээр бүтээж байна гэдгээр нь үнэлээд эхэлсэн байгаа.
В.Г: Логикоор бол мэдлэг бол өмч гэж
тунхагладаг барууны сургуулиуд ноу хау, технологио улам бүр нууцламаар юм.
Гэтэл MIT бүр интернэтээр нээлттэй хичээлийн агуулга, бүтцээ дэлхийд тараагаад
байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
Ч.Г: Яг энэхүү схем буюу дэлхийд нээлттэйгээр програм, агуулгаа
дэлгэх асуудал дээр багагүй маргаан мэтгэлцээн өрнөсөн байдаг. Мэдээж маш олон
оюуны өмчийн асуудал яригдаж таарсан. Дэлхийн томоохон их, дээд сургуулиуд
2,500 орчин хичээлтэй байдгаас эхлээд 50 орчим хичээлийн хөтөлбөр, агуулгыг
задалсан юм. Одоо хүмүүс эдгээр хичээлийг нь үзээд сургуулийн гэрчилгээ авахаар
бол кредит цагтай болгоод төлбөртэй болгосон байгаа. Шинэ Монгол Дээд Сургууль
дээр бид бэлтгэлээ хийж байгаа. MIT-н хөтөлбөр, агуулгаас гадна багш нараа
бэлдэх, энэ соёлыг нь хэвшүүлэх, лаборатори байгуулах гээд асар их ажил хийгдэх
учиртай юм. MIT-ийн хувьд ингэж мэдлэг, мэдээллээ дэлхийтэй хуваалцаж буй нь
дэлхийн топ оюутан сурагчид, элитүүдийг өөр рүүгээ татах нэг тактик нь гэж хэлж
бас болно. Өөрөөр хэлбэл "Боловсролын империализм" гэх юм уу даа. Нэг
мэдэхэд л дэлхий нийтээрээ MIT-г үзэх нь байна шүү дээ. Мэдээж тухайн улсын
онцлог, зорилго, соёлоос шалтгаалан MIT-тэй хэрхэн ямар байдлаар хамтран
ажиллах эсэхээ тодорхойлох ёстой. Манай улсын хувьд яг таг бас тодорхойлсон
зүйл байхгүй байгаа. MIT-ийн нээлттэй эх материалуудын хувьд 4 дэх давалгаа нь
гарсан явж байна. Эхнийх нь хичээлүүдээ нээлттэй болгож байсан бол дараа нь
контентуудаа бага багаар гаргаж эхэлсэн. 3 дахь шатанд бүтэц, схемүүдийг
нээлттэй болгосон бол одоо Massive Open Online Course буюу MOOC гэдэг давалгаа
явж байна. Энэ их мэдлэгийн хурдтай давалгаанаас Монголын их, дээд сургуулиуд
юуг, яаж шүүрч авч үлдэх вэ гэдэг нь чухал асуудал юм. Интернэтээс өнөөгийн
орчилд уламжлалт, сонгодог их, дээд сургуулиудын загвар өөрчлөгдөхөөс өөр
аргагүй болж байна.
В.Г: Би өмнө нь энэ Bayh-Dole-ийн
хууль нь зөвхөн технологийн чиглэлийн сургуулиудад үйлчилдэг хууль гэж буруу
ойлгож байсан байна. Нийгмийн бүх салбарт, боловсролын бүх чиглэлд үйлчлэх юм
байна шүү дээ.
Ч.Г: Тийм. Нийгэм, хүмүүнлэг, анагаах ухаан гээд бүх салбарыг
хамарна. Гэхдээ мэдээж орон орны онцлог байна. Япон гэхэд шилдэг 25 сургуулиа
нийлүүлээд консорциум байгуулсан. Англи улс жаахан хожуу орсон. Хятадууд нилээд
бужигнаж байна. Өөрөөр хэлбэл дорвитой үндэсний бодлого хэрэгжүүлэхгүй бол
болохгүй гэдэг нь улс бүрийн жишээнээс харагдаж байгаа юм. Тэрнээс биш нэг
эсвэл хоёр сургууль энэхүү хууль, журам, зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлыг
авч шийдвэрлэнэ гэвэл хэцүү л дээ.
-ЯПОНЫ МИЦҮБҮШИ КОМПАНИД 5 ТАВАН ПАТЕНТ ЭЗЭМШДЭГ-
В.Г: Та энэ их өөрийн туршлага,
мэдлэгээ Монголд хэрхэн ажил хэрэг болгож чадаж байна вэ?
Ч.Г: МУИС ба Японы Технологийн Дээд Сургуулиуд хоорондоо хамтын
ажиллагааны гэрээтэй. Японы энэ сургуульд одоо миний 6 шавь сурч байгаа. Зөвхөн
энэ жил л гэхэд манай Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулиас 2 хүүхэд Японы
Технологийн Дээд Сургууль руу бакалаврт явлаа. Өнгөрсөн жил бас 1 магистр явсан
юм. 2014 оны Шинэ Монголын хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулж Токиогийн
Технологийн Дээд Сургуулийн захирал биет төлөөлөгчөө илгээн бидэнд тусгайлан
мэндчилгээгээ ирүүлж байлаа. Мэндчилгээндээ шинэ хувийн сургууль гэж та нарыг
голохгүй ээ, харин Монголд технологи, инженерийн чиглэлийн энтрепренер сургууль
үүсгэхэд бүх талаараа дэмжиж ажиллана гэж байгаа. Мэдлэг гэдэг зогсоож
болдоггүй эд л дээ. Төсөв их ба бага байх нь хамаагүй зөв менежменттэй бол
мэдлэг соёолоод л байдаг юм. Анх Монголдоо наногийн төв байгуулж байхад оролцож
байсан бүх оюутнууд бүгд одоо амжилттай явж байгаа. Тухайн үед 20 гаруй эрдэм
шинжилгээний өгүүллэгүүд хэвлэгдэж байсан. Би өөрөө Японд байхдаа нилээд олон
эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг дэлхийн нэртэй сэтгүүлүүдэд хэвлүүлж байсан.
Японы Мицүбүши компанид 5 патент эзэмшдэг. Монголд 1 патенттай. Эрдэм
шинжилгээний өгүүллэг бол илүү мэдлэг талаа барьдаг бол харин патент нь илүү
инноваци талаа барьдаг юм.
В.Г: Патент эзэмшинэ, патент авна
гэдэг нь яг ямар ач холбогдолтой байдаг вэ?
Ч.Г: Патент гэдэг нь онцгой эрх л гэсэн үг. Тодорхой бүс нутагт,
дунджаар 12-15 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Патентийн хувьд зохиогчоор
болон эзэмшигчээр гэсэн хоёр статусаар орж болдог. Японд хийсэн миний патентийн
хувьд би зохиогчоор орсон бөгөөд манай сургууль эзэмшигчээр бүртгүүлэх
жишээний. Нөгөө Bayh-Dole-ийн хуулиар сургууль маань эзэмшигч нь болоод
зохиогчид нь хувь өгч байна гэсэн үг. АНУ-д бол 1/3 гэсэн харьцаагаар сургууль,
зохиогч эрдэмтэн ба тэнхимд нь хуваадаг алтан дүрэмтэй. Оюуны өмчөөр баталгаажуулахгүй
бол тухайн санааг нь авч хэрэглэх хүмүүсийн итгэл нь сулраад явчихдаг. Оюуны
өмчийн баталгаагүй бол дутуу дулимаг юм хийх, бие биенээ хуурах, үр ашиггүй
судалгаа хийх, зорилгогүйгээр хобби маягаар туршилт үйлдэх зэрэг үйлдлүүд гарах
магадлал өндөр байдаг.
В.Г: Эзэмшиж буй патентаа яаж өмч
болгон ашиглах ёстой байдаг вэ?
Ч.Г: Би өөрөө 2012 оноос хойш нэг старт ап байгуулаад ажиллаж
байгаа. Novelty гээд нэртэй. Жайкагийн зээлээр анхны хөрөнгийн эх үүсвэрээ
бүрдүүлээд бид нар өнөөдөр эхний 2 бүтээгдэхүүн болох нано цацлагуудаа зах
зээлд гаргасан байгаа. Энэ бол нано технологийн хэрэглээний патентийн
жишээ юм. Энэ төсөл дээр манай сургуулийн магистерийн оюутнууд ажилладаг.
Эхнээсээ зарим нь Япон руу явсан байгаа. Старт ап дээр ажиллах нь оюутнуудын
хувьд мэдлэгээ хэрхэн инноваци болгох вэ гээд их том туршлага болдог.
Хичээлээр, танхимаар заагддаггүй улам зүйлийг эндээс сурах боломжтой байдаг.
В.Г: Яг нано цацлага гээд ярихаар
зарим залуус бичсэн байдаг л даа. Аль олон жилийн өмнө Америкт гарсан
технологи. Монголчууд хийнэ гэж юу байсан юм гээд л. Үүн дээр та тайлбар өгөөч.
Ч.Г: Одоо ямар ч технологи глобаль болсон. Дөнгөж 2000 оноос л
нано технологийн үндэсний хөтөлбөрүүд улс болгонд зэрэг шахуу эхэлсэн түүхтэй.
2005 оноос л нано бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж эхэлсэн. 2010 оноос л өндөр
хөгжилтэй улсуудаас хөгжиж буй орнууд руу бүтээгдэхүүн хөгжүүлэх процесс шилжиж
байгаа. Нано бүтээгдэхүүний түүхий эд материалыг маш цөөхөн улс л хийдэг. Жишээ
нь өндөр чанартай нано нунтгийг Орос, Хятад ч хийж чадахгүй байгаа. Үүнийг
Америк, Герман, Япончууд л хийнэ.
Энэ улсууд патентаа өөр улсуудад
худалдаж байж л нано бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ гэсэн үг. Худалдаж авсан
улсууд нь өөрийн орныхоо онцлогт тааруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэсэн
үг. Японд хэрэглэдэг нано цацлага Монголд хэрэглэгдэхгүй шүү дээ. Жишээ нь
Японы агаарын чийглэг, тоосны найрлага нь Монголоос тэс өөр. Японы тоос илүү
нүүрс, карбон дээр суурилсан байхад Монголын тоос цахиур дээр илүү суурилсан
буюу шороо ихтэй байдаг. Тоос нь жишээ нь ийм өөр найрлагатай байхад тоосны
цахилгаанжих процесс, гадаргуугийн процесс зэрэг нь бүгд өөр байдаг юм. Иймээс
Япон ба Германаас авч ирсэн нано цацлага Монголд төдийлөн үр дүнтэй байхгүй л болов
уу. Эрүүл мэндийн хувьд ч тэр бид хүний биед сөрөг нөлөөгүй пассив
материалуудыг л ашигладаг. Нано технологи хөгжлийн 4 дэх шат дээрээ явж байна
гэж хэлж болно. Эхний үедээ ард иргэдийн боловсрол, соёлыг төлөвшүүлэхэд
анхаарч байсан бол дараа нь түүхий эд, материалуудыг хэрхэн гаргаж авах дээр
төвлөрсөн. Энэ хоёр шат бол илүү өндөр хөгжилтэй орнуудад явагдсан байдаг.
Харин 3 дахь шатанд Хятад зэргийн улсууд өндөр хөгжилтэй улсуудаас түүхий эд
материалуудыг нь аваад өөрийн улсын асуудлуудыг шийдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж
эхэлсэн. Жишээ нь усны бохирдол, тоосжилт гэх мэт. 4 дэх хөгжлийн шатанд нано
технологи анагаах ухааны салбарт төвлөрч байна. Ер нь хүн бол өөрөө байгалийн
нано бүтээгдэхүүн юм шүү дээ. Нэг талаас харахад хүн атом, молекулаас тогтож байгаа.
Квант физик талаасаа гэсэн үг. Нөгөө талаасаа хүн гар хөлтэй, нүд чихтэй гээд
материаллаг биет юм. Энэ хоёр өнцгөөс нано биет үүсдэг юм. Иймээс хүн одоо л
өөрийгөө таньж эхлэх гэж байна. Эхнээсээ судлаад эхэлсэн. Өвчин, оношилгоо
зэрэг олон шинэ нээлт удахгүй гарна. Хараагүй хүмүүсийн асуудлыг шийдэх нано
технологи гарчихсан байна. Нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийг эмчлэх эд, эсийн
хэмжээнд ажиллах нано материалийг дэлхий аль хэдийн гаргаад авчихсан байгаа.
Туршигдаад удахгүй нийтэд гарах байх аа.
-ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН МААНЬ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХГҮЙ БАЙНА, БАС ОЙЛГОХГҮЙ
БАЙНА-
В.Г: Улс орнуудын хөгжлийн нууц нь
энэ технологи болох нь дээ?
Ч.Г: Америкийн хөгжлийн нууцийг би их, дээд сургуулиудад нь
байна гэж боддог. Харин Монгол улсын хөгжлийн хурд манай дотоодын их, дээд
сургуулиудаас хамааралтай юу гэхээр өнөөдөр хэн ч тийм гэж хэлэхээргүй байгаа.
Уул уурхай л гэж хүн болгон хариулаад байгаа. Ийм ч учраас тоглогч талдаа их
сургуулиудын оролцоог манай улс маш хүчтэй гаргаж ирэх хэрэгтэй байгаа. Энгийн
жишээ хэлбэл, МУИС, ШУТИС гээд бага тойруугийн хавьцаа л гэхэд 150,000 оюутан
байна шүү дээ. Ийм олон ажилтантай компани Монголд байхгүй биз дээ? 15,000
орчим магистр ба докторын оюутнууд бас байна. 5,000-6,000 профессорууд байна.
Энэ бүхнийг нэг компани гэдэг статусаар ажиллуулж чадвал ямар их хүч байна гэж
чи бодож байна? Гэтэл нөгөө шүтээд байгаа MIT чинь 2,000 багштай, 10,000
хүрэхгүй оюутантай ганц сургууль шүү дээ. Тэгэхээр яаж мэдлэгийг бүтээгээд
байгаа нь чухал байгаа юм. Бакалаврын түвшинд бол оюутнууд мэдлэгийг олж авдаг.
Магистраас эхлээд тэд мэдлэгийг бүтээж эхэлдэг. Бүтээгдсэн мэдлэг бүр шинэ
бүтээл болох боломжтой. Тэр нь эргээд шинэ бизнес, шинэ аж үйлдвэр болдог. Бид
нэг үеэ бодвол боловсролын салбартаа анхаараад гадаад руу олон мэргэжилтэн явуулж
туршлага судлуулж байна. Харин нэг дутагдаад байгаа зүйл бол бид хувийн хэвшил
дээрээ анхаарч чадахгүй байгаа. Хувийн хэвшлийнхэн маань мэдлэгийн үнэлэхгүй
байна, бас ойлгохгүй байна. Уг нь тэдэнд маань шинэ бизнес хийх, улсаа
хөгжүүлэх зөндөө санаа байдаг. Хамгийн гол нь тэдэнд инноваци,
энтрепренершипийн шинэ мэдлэг очихгүй байна. Ийм учраас талуудын ойлголцолын
зөрүү гараад байна. Бие биесээ буруу ойлголцож эхэлнэ. Ойлголцож чадахгүй
байгаа хүмүүстэй юун хөрөнгө оруулалт ярих, бусад суурь соёлын талаар ч
ярилцаад нэмэргүй шүү дээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд хэн хэндээ харилцан
ашигтай маш том экосистемийг л бүрдүүлэх учиртай.
В.Г: 1980 онд АНУ-д гарсан
Bayh-Dole-ийн хууль аж үйлдвэр ба их сургуулиудын харилцааг үндсээр өөрчилсөн
бол 2012 оны Монголын инновацийн хууль ямар бодитой үр дүн, үнэ цэнийг бий
болгосон бол?
Ч.Г: Ямар ч байсан маш тодорхой эрхзүйн орчинтой болсон. Мөн
2014 онд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хажууд старт ап байгуулах засгийн
газрын тогтоол гарсан. 2016 онд мэдээлэл технологи ба био технологийн парк
байгуулах засгийн газрын тогтоол мөн гарчихлаа. Сая би судалгаа хийж үзэхэд
Монголд олгогдож буй патентийн тоо өсөлттэй гарсан. Жилд 200-300 орчин шинэ
патент гарч байна. 17-20 насныханыг гарааны бизнес гэдэг ойлголт байлдан дагуулж
байна гэж хэлж болно. Энэ бол маш эерэг үзүүлэлт. Үүнийг л инновацийн оролцогч
талууд болох засгийн газар, аж үйлдвэр, компаниуд, ТББ-д маш сайн ашиглах
хэрэгтэй. Жишээ хэлэхэд IT парк дээр өнөөдөр 200 гаруй старт апууд бойжиж
байна. 30 гаруй старт апууд нь инкубатороосоо гараад явчихсан байна. Старт ап
Монголиа дээр мөн л 200 гаруй старт апууд бойжиж байна. Засгийн газар бол
гарааны бизнес гээд 10 компанид эрх өгсөн байна. Одоо нэмээд 30 компаниас
саналыг нь хүлээж аваад сууж байгаа. Энэ бүгд бол 2012 оны хуулийн л үр дүн юм.
В.Г: Старт ап компани хэрхэн төрдөг
юм бэ?
Ч.Г: Старт ап компанийг хийж болдоггүй юм. Өөрөө төрөх учиртай
байдаг. Born not made гэж ярьдаг. Энтрепренер генийг хэрхэн гаргаж авах вэ
гэсэн үг. Старт апууд 2 төрөл байдаг. Нэг нь жижиг дунд үйлдвэрийн чиг
хандлагатай нийгмийн старт апууд байдаг. Хоол, мэдээллийн технологи гэх мэт.
Нөгөө төрөл нь патент, шинэ мэдлэг дээр суурилсан технологийн чиглэлийн старт
ап. Энэ нь голцоо их сургуулиуд дээр л хийгддэг. Хүмүүс старт ап гэхээр заавал
технологийн талаас нь бодоод байдаг. Нийгэм, хүмүүнлэг, хууль, эдийн засгийн
хүмүүст маш том боломж байгаа шүү. Ер нь урьд өмнө байгаагүй шинэ бизнес, үйл
ажиллагаа, менежментийг явуулахыг л хэлж байгаа хэрэг шүү дээ. Нийгмээрээ арай
өөр платформ дээр ажиллая л гэсэн санаа юм. Юмыг өөр өнцгөөс харъя, одоо байгаа
хандлагаа өөрчилье гэсэн санаа. Манайханы нэг алдаа нь уламжлалаа хаячих гээд
байдаг. Инноваци гэдэг бол хуучнаар шинэ бүтээл, оновчтой санаачлага буюу ШБОС
шүү дээ. Социализмийн үед Монголд 10 жилийн дотор 18,000-19,000 ШБОС гарч
байсан байдаг. Одоо бол 10,000 ч хүрэхгүй байгаа. Хуучны ШБОС-уудын 60 хувь аж
үйлдвэрийн салбарууд дээр хэрэгждэг байсан бол одоо 10 хүрэхгүй хувь нь
хэрэгжиж байна. Энэ нь бид эрхзүйг нь нээж өгөөд байгаа боловч тогтолцоог нь
нээж өгөхгүй байна гэсэн үг.
-БИД 2050 ОН ГЭХЭД ТОДОРХОЙ ЧИГЛЭЛИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ҮНЭЛДЭГ
АЛЬ НЭГ АРГАЧЛАЛААР НЬ ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛИЙН ТООНД БАГТАНА-
В.Г: Та бүхэн мэдээж их олон
судалгаа хийж байж энэ их хөрөнгө оруулалт, цаг хугацаагаа зарцуулан барин Шинэ
Монгол Технологийн Дээд Сургуулиа байгуулсан байх. Ирээдүй ба боломжийг хэрхэн
харж байна вэ?
Ч.Г: Инженер гэдгийг Монголоор буулгавал би Дархан хүмүүс гэж
орчуулна. Дархан хүн хоёр ухаантай байдаг. Бурхан ухаан буюу оюун ухаан ба
гарын эв дүй. Энэ дээд сургуулийг МУИС-ийн оюутан цагийн найзууд Галбадрах бид
2 үүсгэн байгуулсан. Бид хоёр Японд бас цуг ойролцоо сурч байсан. Галбадрахыг
бага, ахлах сургууль Монголд байгуулах үеэс нь анхааралтай ажиглаж байсан.
Миний хувьд технологийн их сургуулийг Монголд яаж хурдацтай байгуулах нь чухал
байсан. Мэдээж хөрөнгө оруулалт, менежментийн олон асуудлуудтай тулгарсан. МУИС
дээр хичээсэн боловч маш их оюутантай, төрийн мэдлийн тул менежментийн баг нь
ойр ойрхон солигддог, хөрөнгө оруулалт нь зөвхөн оюутнуудын төлбөрөөс хийгдэх
байсан учраас MIT-н загварыг тэнд буулгахад хүндрэлтэй байхаар ажиглагдсан юм.
Тиймээс хувийн хөрөнгө оруулалттай Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль буюу
New MIT-г Галаатайгаа хамтран байгуулсан. 2013 онд яамнаас сургуулийнхаа
гэрчилгээг аваад 2014 оны 9 сарын 15-нд сургуулиа эхэлж байлаа. Одоохондоо бид
нар инженерийн хөтөлбөрөөр эхэлж байгаа боловч үе шаттайгаар байгалийн ухаан,
шинжлэх ухаан, ба менежментийн сургууль хөтөлбөрүүд эхлэх юм. Яагаад бид
инженерийн хөтөлбөрөөр эхэлсэн бэ гэвэл Монголд хамгийн дутагдалтай хүний нөөц
байсан. Монгол 50,000 гаруй инженерүүдийг хуучин Зөвлөлт улс болон социалист ах
дүү улсуудад бэлтгэсэн байдаг. Энэ нөөц дуусч байгаа. Залуу нь эхнээсээ 50 нас
гарчихсан байгаа.
Ирэх 10-30 жилд Монголд том бүтээн
байгуулалт хийгдэх нь тодорхой байгаа. Энэ бүтээн байгуулалт руу хамгийн
түрүүнд инженерүүд л шонхор шиг дайрч ордог юм. Энэ алдагдсан бодлогыг нөхөж,
танк шиг инженерүүдийг бэлдэх ёстой гэсэн оргилуун тэмүүлэл дээрээ хөтлөгдөн
энэ сургуулиа бид хоёр байгуулсан. Оюутан төвтэй, багш нар хангалттай эрх
өгсөн, уян хатан менежментийн хөтөлбөртэй сургууль байгуулахыг зорьж байна. Бид
2050 он гэхэд тодорхой чиглэлийн их, дээд сургуулиудыг үнэлдэг аль нэг
аргачлалаар нь дэлхийн шилдэг 100 сургуулийн тоонд багтана гэсэн хатуу
зорилготой байгаа. Жишээ нь, нэг багшид оногдох оюутны тоо, гаргасан патентын
тоо, нэг багш, оюутны бичиж хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллэгийн тоо,
төрүүлж бойжуулсан төсөл, старт ап компаниудын тоо гэх мэт. Монгол
инженерүүдийг бэлтгэх Монгол багш инженерүүд маш дутагдалтай байна. Яах аргагүй
гадаадаас багш нар урьж авч ирэхээс аргагүй болж байна. Би одоо л яагаад бусад
сургуулиуд, хөрөнгө оруулагчид инженерийн сургууль бараг байгуулдаггүйг ойлгож
байна. Маш олон лаборатори байгуулах хэрэгтэй болно, хөрөнгө оруулалт асар их
шаардана, Монголд инженер болох хүсэлтэй хүүхдүүдийн тоо асар цөөрсөн байна.
Дунджаар 100 хүүхдээс 5 нь л инженер болно гэх жишээний. Иймээс бага ангиас нь
хүүхдийн зохион бүтээх, техник сэтгэлгээг нь хөгжүүлэх шаардлага тулгарч байна.
Энэ мэргэжлийн сайхан тал, ач холбогдлыг эцэг, эхчүүдэд мөн зөв ойлгуулах зэрэг
олон том ажлыг хийх ёстой болж байгаа юм. Бид ямартаа ч саалиа бэлдэхээр саваа
бэлд гэдэгчлэн хичээлийн байраа бэлдсэн байгаа. Одоо гол нь энэ байшин дотор
маань ажиллах багш, профессоруудаа бэлдэх ажил чухал, байшин барихаас хэд дахин
хүнд ажил байгаа. Сургалтын хөтөлбөрийн хувьд математик, физик, биологи дээр
MIT-ийн цогц хөтөлбөр гараад бэлэн болсон хэрэгжиж байна.
В.Г: Инженерийн сургууль байгуулах
нөр их ажлаа хэзээ даваад их сургуулийнхаа дараагийн шатны ажил руу орох
төлөвлөгөөтэй байгаа вэ?
Ч.Г: Бид эхний 5 жил инженерийн чиглэлдээ явах төлөвлөгөөтэй байгаа.
Байгалийн ухааны салбарын сууриа бид одооноос маш сайн тавьж байгаа учраас 2020
оноос эхэлчих болов уу. Ер нь математик ба философи суурьтай физик, хими, ба
биологи гурав дээр бүх инженерийн ухаан суурилж байдаг юм. 21-р зуунд
инженерийг байгалийн ухаангүйгээр төсөөлөх аргагүй болсон. Бид жилд хамгийн
ихдээ 120 оюутан л авдаг. Иймээс МУИС, ШУТИС зэрэг 3,000-5,000 оюутан жилдээ
элсүүлдэг улсын сургуулиудтай өрсөлдөхөөс илүү инженерийн ухааныг Монголдоо
улам хөгжүүлэхийн тулд бусад сургуулиудтайгаа хамтран ажиллах бодлого
баримталдаг. Харин манай менежментийн сургуулийн суурь нь инноваци,
энтрепренер, оюуны өмч байх болно.
В.Г: MIT гээд уншихаар, мөн танай
сургуулийн нэр дээд сургууль гэж яваад байдаг. Яагаад их сургууль биш гэж? Ер
нь дээд ба их сургуулийн ялгаа нь юу юм бол? Мөн хуучны Техник Мэргэжлийн
Сургууль буюу ТМС-тэй ч зарим хүмүүс андуурч холиод байх шиг!
Ч.Г: Ер нь гадаадад бол их, дээд сургуулийн ялгаа байхгүй.
Манайд бол хуулин дээр дээд ба их сургууль гээд ялгаад заачихсан байдаг. Институт
гэдгийг нь дээд сургууль гэж орчуулаад, университит гэдгийг нь их сургууль гээд
орчуулсан. Уг нь байгаль ба нийгмийн барьсан том сургуулийг университит гэж
нэрлээд, илүү мэргэжлийн чиг хандлагатай сургуулиудыг нь институти гэдэг. ШУТИС
маань нэрээ өөрчилсөн болохоос биш хуучин Политехникийн дээд сургууль гэж явдаг
байсан. Боловсролоор дагнасан учраас Багшийн дээд сургууль гэдэг байсан. Мөн
Анагаахын дээд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургуулиуд байсан шүү дээ хуучин.
Монголд бол 3 сургууль байгуулсны дараа дээд сургуулийг их сургууль болгоно
гээд хуульд заасан байгаа. Их сургууль, дээд сургуулийг хэт ингэж ялгах нь
буруу гэж би боддог. Токиогийн Технологийн Дээд Сургууль гээд миний төгссөн
сургууль одоо хүртэл институти гэж явдаг боловч Хятадаар бичсэн ханзаараа бол
их сургууль гэдэг утгыг агуулсан байдаг. Инститиут гэдгийг бид дээд сургууль,
хүрээлэн гээд янз бүрээр орчуулахаас гадна Монгол хэлээрээ дээд ба их
сургуулийн утгыг нь ялгахгүй байна шүү дээ. Жишээ нь Graduate School гэдгийг 9
янзаар орчуулсан байдаг. Ахисан түвшний сургууль, эрдмийн сургууль,
аспирантурын сургууль гэх мэт. Зарим нэршлийг би Монголоор орчуулах буруу гэж
боддог. Харин коллеж бол шал өөр. Энэ бол дээд сургуулийн 2 жилийн хөтөлбөрийг
нь үздэг. Коллеж ба коосэн нь хуучнаар бол Техникум юм. Энэ нь 4-5 жил сураад
дэд бакалавр гэдэг цол авдаг байсан. Дипломтой төгсөнө гэсэн үг. Их, дээд
сургуулийн 3-р курсээс шууд орж суралцаад дэд бакалавраа бакалаврын зэрэг
болгодог юм. Харин хуучны ТМС бол одоогийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв
буюу МСҮТ шүү дээ. МСҮТ нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн зэрэг
олгохоос биш эрдмийн зэрэг олгохгүй.
В.Г: Шинэ Монгол Дээд Сургуулийн
магистр болон докторын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү!
Ч.Г: Бид аль хэдийн магистрийн хөтөлбөрөө эхэлсэн ба энэ намар
манай анхны төгсөлт болно. Докторын хувьд төлөвлөгөө байгаа. Энэ түвшинд
сургуульд маш өндөр түвшний багш, профессорууд ажиллах шаардлагатай болдог
учраас нарийн төлөвлөлт хэрэгтэй. Бид ерөнхий эрдмийн багш нараа сайн
бүрдүүлсэн. Одоо инженерийн багш нараа бүрдүүлж байна.
-БИД БАГА УНШААД ИХ ЮМ ОЛООД АВЧИХ БОДОЛТОЙ БАЙДАГ.УГ НЬ ИХ УНШИЖ
БАЙЖ ЖААХАН МЭДЛЭГ ОЛЖ АВДАГ-
В.Г: Дээр дурдсан зорилго, үнэ
цэнээс гадна залуусын хувьд яагаад Шинэ Монгол Дээд Сургуулийг сонгон оюутан
болж орох ёстой гэж та хэлэх вэ?
Ч.Г: Бид сургуулиа нээсэн 2 жилийн хугацаанд 200 орчим оюутантай
байснаас гадаадын их, дээд сургууль руу бакалаврт суралцахаар 16 оюутан
явчихаад байна. Богино хугацааны оюутан солилцоогоор өнгөрсөн жил мөн 10
оюутан, 6 багш яваад ирсэн. Харин энэ жилийн хувьд 10 оюутан, 1 багшаа 1 сар
хүртэл мэргэжил дээшлүүлэх, танилцах, оюутан солилцооны хөтөлбөрөөр голцуу Япон
ба Тайвань улс руу явуулж байна. Одоо АНУ-тай ид ярилцаж байна энэ хөтөлбөрөө
өргөжүүлэхээр. Мөн энэ жил л гэхэд миний сурч байсан Токиогийн Технологийн Дээд
Сургууль руу 2 оюутан маань тэнцээд, тэтгэлэг аваад явж байна. Манай 2+2 ба 3+1
хөтөлбөрүүд нь эхний 2 эсвэл 3 жилээ эндээ сураад сүүлийн 2 эсвэл 1 жилийг
гадаадад сурч төгсөх зорилготой юм. Иймэрхүү хамтарсан хөтөлбөр дотроо 3 янз
байдаг. Эхнийх нь хос дипломтой төгсөх. Эсвэл нэг сургуулиасаа кредитээ
цуглуулаад нөгөө сургуулийнхаа дипломыг авна. Эсвэл зүгээр солилцооны оюутан
байж болдог. Үүнээс хос диплом авах нь хамгийн хүнд байдаг. Учир нь хоёр
сургуулиас ижил тооны оюутан оролцох ёстой болно, хоёр сургууль хичээлийн бүх
хөтөлбөрөө нийлүүлэх ёстой болно гэх мэт. Солилцоо болон хос дипломын хөтөлбөр
хэрэгжүүлэх явцад манай хүүхдүүдийн хэлний мэдлэг нилээд садаа болдог. Англи
хэлний асуудлыг нь шийдчихвэл бид нэмээд олон хүүхдийг гадагшаа явуулах
боломжтой байгаа. Ялангуяа магистерийн түвшинд ийм бодлого баримталж байгаа.
В.Г: Та ингээд сайн сайн оюутан
залуусаа гадагшаа явуулаад байдаг. Нэг харсан чинь танай сургууль оюутан
залуусыг гадагшаа сургуульд явуулдаг дамжлага бааз болчих вий дээ. Мэдээж
чадвартай, мэдлэгтэй залуус тухайн гадны сургуулийн босгыг нь даваад, тэтгэлэг
авч чадаж байхад хорих нь боломжгүй л дээ. Та хүүхдүүдээ харамладаг уу?
Ч.Г: Мэдээж би захирлын зүгээс явж байгаа сайн оюутан болгоноо
дотроо харамладаг. Гэхдээ явуулахаас өөр сонголт байхгүй. Мэдээж бидэнд бас
сургуулийн хар хайрцагны бодлого байгаа. Бид харин оюутнууд, эцэг эхчүүдэд юу
гэж зөвлөдөг вэ гэхээр бакалавраа Монголд төгссөн нь дээр ээ. Хөтөлбөрийн хувьд
Шинэ Монгол ба MIT хоёр адилхан. Энд нарийн мэргэжлийн багш нь байхгүй бол
онлайнаар үзээд хичээлээ хийж болж байна. Америкт ажиллаж байгаа Монголд
эрдэмтэд хүртэл хэлдэг юм. Энд бакалавр хийж төсөв мөнгө үрэх хэрэггүй ээ гээд.
Бид тэртэй тэргүй энд сурч байх хугацаанд нь оюутан солилцоогоор хүүхдүүдээ
гадагшаа явуулаад үзүүлчих байгаа юм. Харин магистраа хийхдээ дэлхийн хамгийн
сайн сургуульд яв, хамгийн сайн профессор дээр оч гэж бид зөвлөдөг юм.
Харамсалтай нь манай ихэнх эцэг, эхчүүд хүүхдүүдээ онц сур, хурдан гадаад яв
гээд шахаад байдаг. Биднээс ирээд зөвлөгөө авах нээлттэй байдаг хүүхдүүд болон
эцэг эхчүүдийн хувьд. Дотооддоо төгсөхийн давуу тал гэж нилээд бий шүү.
В.Г: Тэгэхээр сургалтын чанар дээр
та бүхэн маш онцгой анхаарч байгаа юм байна. Тийм үү?
Ч.Г: Үнэхээр тийм. Ялангуяа манай эхний төгсөгчдийн чанар маш
чухал. Манайд орж ирж байгаа оюутнууд нилээд алсыгаа бодсон, өөртэй итгэлтэй,
бас зоригтой нь мэдрэгддэг. Яагаад гэвэл шууд MIT-ийн хөтөлбөрөөр хичээлээ
үзнэ, англи хэлтэй байх ёстой гэх мэт. Одоогийн ерөнхий боловсролын сургуулийн
хүүхдүүдийг анзаараад байхад ерөнхийдөө бага уншаад их юм олоод авчих бодолтой
байдаг. АНУ-д бол шал өөр шүү дээ. Их уншиж байж жаахан юм олж авдаг. Ингэж
мэдлэг маань төрж байдаг байхгүй юу. Иймээс үүн дээр манай залуус жаахан
бодолтой байж, нэг номыг ч зүгээр уншина гэдэг тийм ч амар зүйл биш гэдгийг
ойлгох хэрэгтэй. Муу оюутан гэж байдаггүй. Манайх ганц инженер заагаад байдаг
юм биш. Байгалийн ухаан, нийгмийн ухаан, урлаг, спортоос гадна хүүхдэд
хичээлээс гадна ур чадвар суулгах асуудлыг их анхаардаг. Бидний бодлого хатуу
чанд дэглэм гэхээс илүү хүүхдэд илүү их эрх чөлөө өгч, тэр хирээр нь хариуцлага
үүрүүлэх юм.
-НЭГ ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ ЗАРДАЛ ХАМГИЙН БАГАДАА 50 САЯ ТӨГРӨГӨӨС
ЭХЭЛДЭГ-
В.Г: Танай сургуульд тэнцээд орж
суралцвал төлбөр хэд байдаг вэ? Мөн онц сайн суралцаж буй оюутанд тэтгэлэг
байдаг уу?
Ч.Г: Манай жилийн төлбөр бакалавр, мастер адилхан 6 сая төгрөг.
Манай нийт оюутнуудын 25 хувь нь тэтгэлэгт хамрагддаг. Манай төлбөр улсын
сургуулийг бодвол арай өндөр боловч Герман Монголын Техникийн Их Сургууль болон
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг бодвол хямд байгаа. Үнэ яагаад ийм байна
вэ гэхээр манай инженерийн чиглэлийн багш нар өөрсдөө үнэтэй. Дээрээс нь зарим
багш нараа бид гадаадаас авч ирж байгаа. Мөн оюутан солилцооны бүх хөтөлбөрийн
зардлыг манай сургууль дааж, оюутнуудаас зардал гаргуулдаггүй юм. Мөн
инженерийн сургуулийн гол том зардал лаборатори байдаг. Манай оюутнууд 1-р
курсээсээ эхлээд л лаборатори нэхээд эхэлдэг юм. Нэг лаборатори байгуулах
зардал хамгийн багадаа 50 сая төгрөгөөс эхэлдэг. Дээшээгээ бол талийж өгнө. 1
сая долларын үнэтэй багаж ч байна. Ойрын хэдэн жил бид бол ашиг олохгүй.
Угаасаа боловсролын байгууллага ашгийн бус байдаг. Харин сайн оюутнууд бэлдээд,
инноваци нэвтрүүлээд, сайн старт ап компаниудыг бойжуулаад, шилдэг
энтрепренеруудыг төрүүлснийхээ дараа инновацийн зарчмаараа Жинхэнэ Энтрепренер
сургууль болсныхоо дараа санхүүгийн дарамтаас гарна гэсэн мөрөөдөл, төлөвлөгөөтэй
байгаа даа. Гадаадад бол ижил төстэй сургуулийн төлбөр жилд ойролцоогоор
10,000-15,000 доллар хамгийн багадаа байгаа.
Бусдаасаа илүү их ур чадвартайгаас
гадна математик, хими, физик, биологи, мэдээлэл зүй, техник технологийн
олимпиадуудад амжилт үзүүлсэн хүүхдүүдийг 50-100 хувийн хөнгөлөлттэй суралцдаг.
Мөн нийгмийн ухааны чиглэлээр амжилт гаргасан хүүхдүүүдэд 30 хувийн хөнгөлөлт
авах боломж байдгаас гадна захирлын нэрэмжит тэтгэлэг байдаг. Эдгээр нь бүгд
шинээр элсэж буй оюутнуудын хувьд юм шүү. Дундаас нь шилжиж ирсэн хүүхдүүдэд
бид гадаадын их дээд сургуулиудын тэтгэвэл ба дотоодын компани, аж ахуйн
нэгжүүдийн тэтгэлэгт хамруулдаг. Онцолж хэлэхэд, анх элсэхдээ тэтгэлэгтэй орсон
хүүхдүүд сурлагын тогтвортой амжилтаа гаргаад л байх юм бол төгсөн төгсөтлөө
бүтэн тэтгэлэгэтэй сурдаг. Зарим хүмүүс элсэлтийн жилдээ л энэ тэтгэлэг
үйлчилдэг мэт ойлгоод байдаг. Оюутан өөрөө голч дүн нь 3-с дээш бол бүтэн
тэтгэлэгээ авна. Бид үүнийгээ өргөжүүлээд энэ жилээс хичээлийн жилийн дундаас,
хоёрдугаар курсаас орж ирсэн оюутнуудаа энэхүү тэтгэлэгт ижил шалгуураар
хамруулах болж байгаа. Боловсролын яамны баталсан жилийн 5 хувийн хүүтэй
"Сайн Оюутан" сургалтын зээлэнд бид бас оюутнуудаа хамруулдаг. Манай
нэг онцлог бол хүүхэд нэг мэргэжлээр элсэж орчихоод дунд нь хөрвөх боломжтой
байдаг. Түүнчлэн 2-3 хос мэргэжил давхар эзэмших боломжтой. Жишээ нь, роботоор
мэргэших сонирхолтой хүүхэд байвал механик, цахилгаан, мэдээллийн технологи,
комьпютер гэсэн 4 мэргэжил давхар эзэмших ёстой болдог.
В.Г: Зах зээлийн шилжилтийн үед асар
олон хувийн их, дээд сургуулиад байгуулагдаж бас удалгүй бүгд шахуу дампуурч
алга болсон. Тэр ч утгаараа одоо хүртэл зарим хүмүүсийн хувийн их, дээд
сургуульд итгэл итгэх сул байх шиг байдаг. Таны сая хэлдгээр та бүхэн асар их
хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд ашиггүй шахуу ажиллаж байгаа юм байна.
Нууц биш бол санхүүгийн эх үүсвэрээ хаанаас яаж бүрдүүлж байгаа вэ?
Ч.Г: Бид санхүүгийн дэд бүтцийн хувьд зээлийн системээр явж
байгаа. Энэ байраа гэхэд л бид 8 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрээр барьсан.
Одоо графикийн дагуу төлөөд л явж байна. Мөн бид хоёроос гадна хэдэн хөрөнгө
оруулагчид бий. Судалгаа ба лабораториудаа гадна, дотны төслийн эх үүсвэрээр
хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улсын сургуулийг бодвол хувийн
сургуульд төрөөс авдаг тусламж үнэхээр бараг байдаггүй. Гэхдээ миний хувьд
хувийн ба улсын сургуулиудын чанар ба тогтолцоонд ялгаа огт олж хардаггүй.
В.Г: MIT шиг энтрепренер сургууль
болоод олон старт ап төрүүлээд сургуулийн санхүүжилтээ шийдэх нь таны гол
зорилго байгаа байх. 2012 онд батлагдсан инновацийн хуультай холбоотойгоор
үүний эрхзүйн орчин нь Монголд тодорхой хэмжээнд бүрдсэн гэж ойлгосон. Танай
сургуулиас старт ап төрж амжсан уу?
Ч.Г: Нано технологи ба био технологийн чиглэлээр манай 2 магистр
старт апаа эхлүүлчихсэн байгаа. Энэ хоёр төсөл маань Азийн Хөгжлийн Банкнаас
санхүүжигдэж буй Дээд Боловсролын Шинэчлэлийн төсөлд багтсан юм. Наногийн старт
апийн бүтээгдэхүүн нь барилгын материалын нано цацлагыг туршин гаргаж ирэх
зорилготой. Энэ нь Монголд цоо шинэ бөгөөд барилгын материалын зэврэлт, өнгө
будагаа алдахгүй байх, шил толины цэвэр тоосгүй байдлыг хангах гээд Монголд
асар том зах зээл байгаа гэж хардаг. Харахад жижиг юм шиг мөртлөө хотын өнгө
үзэмжийг эрс сайжруулах технологийн асар том нэвтрүүлэлт болох юм. Эхний
туршилтын үр дүнгүүд маш сайн гарсан ба практикаар бол старт апууд эхний 1-2
жилд инкубатор дотор бойжиж байдаг юм. Инкубаторын өмнө шатанд co-working space
буюу сонгох процесс явагддаг. Бид MIT-д үздэг энтрепренершипийн хичээлийг
бакалаврын 1-р курст зааж эхэлсэн анхны сургууль болж байгаа.
В.Г: Энэ ярилцлагыг үзээд олон
залуус сурахаас гадна санаагаа мэдлэг, өмч болгож ирээдүйн компани, бизнесээ
эхлэх ёстой юм байна гэж ойлгож байгаа байх. Танай сургуульд ингэж зорьж ирж
байгаа залууст хандах та юу зөвлөх байсан бэ?
Ч.Г: Бид оюутнуудтай маш нарийн ярилцлага хийдэг. Үүний дараа
1-р курсээс нь цаасан дээр старт ап байгуулах дасгал хийлгэдэг юм. Тэрийгээ
цаасан дээр байгуулаад сурсан хүүхдэд манай сургуулийн бүх хичээл аяндаа
сонирхолтой санагдаад эхэлдэг. Инженерийн хичээлүүд амар биш. Голцуу математик,
физик ордог учраас. Харин 2-р курсээсээ санаануудаа лабораторт туршиж эхэлдэг.
3-р курсээсээ оюутнууд маань старт апийг хэрхэн байгуулах тухай менежментийн
хичээлүүдээ үзээд эхэлдэг. Би өөрийнхөө тухай инээдтэй жишээ хэлэхэд би өөрийн
старт апаа байгуулахдаа энэ процессийн яг эсрэг байгуулсан байдаг юм. Мэдэхгүй
байсан болохоор баримжаагаараа яваад тэр. Асар их цаг алдсан. Старт ап гэдэг нь
компани байх ерөөсөө албагүй шүү. Энэ бол нэг л төсөл юм. Старт ап төрөх 3
шалтгаан байдаг. Эхнийх нь мэдээж санаа, дараагийнх нь технологи, дараагийнх нь
хүсэл эрмэлзлэл, дур хүсэл юм. Сургуульд сурч буй хүүхэд болгон энэ гурван
зүйлийн аль нэгийг нь өөртөө агуулж байдаг. Тэрийг нь л нээж илрүүлэх, дэмжин
бойжуулах нь чухал. Энэ чадварууд нь батлагдаад гараад ирвэл сургуулиас дэмжээд
сургалт хамруулах, тодорхой үнийн дүн бүхий санхүүжилтээр ч
хангадаг.
-ITZONE КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН-
В.Г: Энэ процесс хэзээ аж ахуйн нэгж
буюу компанийн статус руу шилждэг юм бэ? Бодитой бизнес болсон танай төслүүд
байна уу?
Ч.Г: Монголд жаахан буруу ойлголттой байгаад байх шиг байдаг.
Патент хийнэ гэдэг нь өөрөө тийм ч үнэтэй биш шүү дээ. Харин авъяас нилээд шаардана.
Зүгээрээ санаагаа зараад л төслөөс гараад явчих тохиолдлууд байна. Их сургууль
бол старт апийг инкубатороос цаашаа халамжлах сонирхол байдаггүй. Арилжааны
статустай болчихвол их сургууль бас хэт хутгалдах нь зохисгүй байдаг. Оюутан
бизнесээ аваад гараад явна. Харин патентийн хугацаагаа дуустлаа сургууьд хувиа
төлнө гэсэн үг. Харин яг одоо манай дээр бойжиж буй гоо сайхан ба электроникийн
хэд хэдэн старт апууд явж байгаа. Компанийн хэлбэрт орох хараахан болоогүй
байгаа. Сургууль эдгээр төслүүдэд үйлдвэрлэлийн байраар хангах, лаборатори,
тоног төхөөрөмжөө ашиглуулах, санхүүжилт босгоход нь тусалдаг. Нилээд болоод
ирэхээр нь spin off болгох буюу сургуулийн орчноос гаргах процесс эхэлдэг.
Энэхүү процесс нь компани болох үе шаттай шууд залгагддаг. Өөрөө компани болж
чадаагүй зарим нь санаа болон технологио бусдад лицензийн журмаар ашиглуулж
ажилладаг. Старт ап амжилттай эсвэл амжилтгүй болсон ч гэсэн оюутанд энэ бүх
туршлага нь үлдэж байдаг учраас маш чухал процесс юм л даа.
В.Г: Сургууль дотроо төрүүлсэн старт
апуудаа та нар spin off болох шатанд нь дотоодын томоохон групп, компаниудад
хандаж танилцуулж хамтын ажиллагааны санал тавьдаг уу?
Ч.Г: Бид долоо хоногийн болгон мэдлэгийн семинарыг зохион
байгуулж эдгээр бизнесменүүдийг урьж авч ирдэг. Start up weekend, Pitch day
зэрэг арга хэмжээг бид тогтмол зохион байгуулдаг. Магистрийн түвшний оюутнууд
эдгээр арга хэмжээнд голцуу оролцдог. Бид IT Zone компанитай хамтын ажиллагааны
гэрээ байгуулж хамтын дундын лаборатори байгуулсан байгаа. Мөн Говь үйлдвэр,
ХААИС, IT парк зэрэгтэй ярилцах шатандаа явж байна.
В.Г: Багш нарынхаа талаар та товч
мэдээлэл өгөөч!
Ч.Г: Ерөнхий эрдмийн багш нарын маш сайн баг бүрдүүлсэн байгаа.
Математикийн хувьд алдарт Адъяасүрэн багш маань багаа удирдаж байгаа ба
математикаар манай сургуулийн баг Монголдоо нэг номер гэж хэлж болно. Цаашдаа
математикаас гадна тооцоолон бодох төвөө байгуулах зорилготой ажиллаж байна.
Физикийн хувьд Монголын алдартай физикч Очирбат багшийн хүү авъяаслаг физикч
Нямсүрэн багш маань бас өөрийнхөө багтайгаа ажиллаж байна. Химийн тэнхимээ би
өөрөө удирдаж байгаа. Харин биологийн хувьд Германы их сургуулийг төгсөж ирсэн
генетик инженер, биотехнологич Одгэрэл доктор ажиллаж байгаа. Бид сургалтаас
гадна судалгааны чиглэлүүдээ гаргаж байгаа. Энэ 4 багшийн тэнхимээс гарсан
хүүхдүүд маань инженерийн хичээлүүд рүү дараа нь орох юм. Инженерийн багш нарыг
бид 2 үе шаттай бэлтгэж байгаа. Эхнийх нь ерөнхий инженер буюу материал судлал,
электроник, хэрэглээний инженерийн багш нар. Дараа нь бид мэргэжлийн инженерийн
багийг 8 хөтөлбөр дээрээ гаргаж буй. Зарим чиглэлийн багш нар дотоодоос
олдохгүй байгаа тул бид Япон, Тайваниас урьж авч ирж байна. Эдгээрээс гадна
нийгэм, хүмүүлэгийн багш нар, англи хэлний багш нар бидний хувьд асар чухал ба
бид тусад нь тэнхим байгуулсан. Манай сургууль дээр урлаг, спорт, техник,
технологийн нийт 13 клуб ажиллаж байна.
В.Г: Төгссөн оюутнууд маань ажлын
байраар хангагдах боломжийг та бүхэн яаж харж байгаа вэ?
Ч.Г: Инженерийн чиглэлийн америкийн нэг сургууль байгуулагдаж
эхэлж байгаа мэдээлэл байгаа. Хувийн технологийн дээд сургуулиуд бас мэр сэр
байгуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн гарч байна. Бид заримтай нь яриад
харилцан ашигтай хамтран ажиллах нөхцлүүдээ ярьж байгаа. Ажлын байрны хувьд бид
хүүхдүүддээ бакалавраа амжилттай төгсөөд магистртаа явахыг нь зөвлөдөг. Магистр
нь сурна гэдэг бол бас нэг төрлийн ажлын байр шүү дээ. Шууд ажлын байран дээр
гарна гэвэл Монголд хангалттай орон тоо байгаа гэж харж байгаа. Үндсэн
мэргэжлээс гадна хүний ур чадварыг бид анхаарч сургаж хүмүүжүүлэхийг эрмэлздэг.
ITZone, Таван Богд, Говь, Novelty зэрэг компаниудтай бид ажил олгогчийн
зорилгоор эхнээсээ гэрээ байгуулаад ажиллаад эхэлсэн байгаа.
-ХҮҮХДҮҮДЭЭ ЯМАР Ч ҮНЭЭР ХАМААГҮЙ ГАДААД Л ЯВУУЛЖ БАЙВАЛ БОЛНО ГЭДЭГ
СЭТГЭХҮЙГЭЭС ЭЦЭГ, ЭХЧҮҮД САЛАХ ЁСТОЙ-
В.Г: Ямар ч боловсролын байгууллагын
үр жимс нь оюутан сурагчид нь байдаг. Сургуулийнхаа нэр төрийг өргөж яваа зарим
шавь нараасаа дурдаж болох уу?
Ч.Г: Манай хамгийн анхны нэг номерийн элсэгч минь Багануурын
охин байдаг. Биологийн улсын олимпиадын мөнгөн медальтай, олон улсын олимпиадын
тусгай байрын шагналтай. Цэнд-Аюуш гээд охин маань одоо 2-р курст нано
технологи, инженерчлэлийн чиглэлээр эндээ суралцаж байгаа. Сургуулиа төгсөөд гадагшаа
магистрт явах төлөвлөгөөтэй ба ирээдүйд алдартай био технологич болно гэж зорьж
буй. Мөн Норовсамбуу, Банзрагч гээд хүүхдүүд байна. Одоо хоёулаа Токиогийн
Технологийн Дээд Сургуульд суралцаж байна. Биологийн олон улсын олимпиадаас
Монголд анхны хүрэл медалийг авч ирж байсан Эрдэнэболд гээд хүү байна.
Эрдэнэболд маань одоо АНУ-д Станфордийн их сургуульд тэнцсэн, суралцахаар явах
гэж байна. Австралийн Үндэсний Их Сургуульд суралцаж буй Мөнх-Очир минь байна.
Эдгээрийг ингээд дурдаад байвал их олон оюутнуудыг хэлж болно оо.
В.Г: Та эцэг, эхчүүдэд зориулаад
зөвлөгөө өгөөч?
Ч.Г: Хүүхдээ ямар ч үнээр хамаагүй гадаад л явуулж байвал болно
гэдэг сэтгэхүйгээс эцэг, эхчүүдийг үнэхээр салгамаар байна. Үүнээс болоод
хүүхэд хохироод байдаг юм шүү. Хүүхэд болгон шалгалтанд тэнцдэггүй. Шалгалтанд
унаснаас болоод хүүхдүүд сэтгэлээр унах, хичээлээсээ завсардах, цаг алдах
хандлагатай байдаг. Тэгэхээр би юу зөвлөж байна вэ гэвэл бакалаврын зэргээ
Монголдоо хийсэн нь дээр. Миний дээр хэлдэг Цэнд-Аюуш гээд охины жишээ бол зорилгоо
маш сайн тодорхойлоод, тэр хирээр маш сайн суралцаж буй оюутны бахдам жишээ юм.
Инженерийн чиглэлийн хичээлүүд хүнд талдаа ордог. Математик, хими, физик гээд
бүгд MIT-ийн стандартаар гээд бодохоор амархан бол биш. Иймээс бид хүүхдүүдээ
зөөллөж өгөх хэрэгтэй болдог. Үүний тулд энтрепренершип, философийн хичээлүүд
ордог юм. Орчин үеийн Германы философийн форматаар ордог Алтаншагай багшийн
заадаг энэ хичээл маань манай оюутнуудын онцгой дуртай хичээлүүдийн нэг нь
болсон байдаг. Философи өөрөө ухааны хичээл бол математик логикийн хичээлд
тооцогддог. Логикийн хичээл их орохоод хүүхэд ядардаг. Иймээс ухааны хичээлийг
хажуугаар нь зөөллөн заавал орж байх ёстой гэдэг тактикийг бид эндээ
баримталдаг юм.
В.Г: Энэ их ажил, судалгааны
хажуугаар та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг нь сонин байна?
Ч.Г: Би нисэх загварын спортоор хичээллэдэг. Хүүхэд байхаасаа
буюу 7-р ангиасаа л эхлэн хичээллэж байна. Энэ салбар маань Монголд хөгжөөд 50
жил болж байна. Өнгөрсөн жил Ази тивд анх удаа буюу Монголд маань дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн болж, 42 улс оролцсон. Энэ тэмцээнд Шинэ Монгол
сургуулийн "Шонхор" баг маань 10 оюутны бүрэлдэхүүнтэй оролцсон. Энэ
спорт бол миний хобби юм. Миний өөрийн амжилт гэвэл би Ази тивийн 2 удаагийн
аварга, Монголын шигшээ багт 10 гаруй жил хичээллэж байна. Ирэх жил дэлхийн
аваргад ороод зодгоо тайлна даа. Энэ бол техник бас сэтгэлгээний спорт юм. Энэ
хобби маань миний инженерийн их сургууль байгуулах хүсэлд шууд нөлөөлсөн нь
дамжиггүй. Өөрөөр хэлбэл сонирхол маань төсөл болж, цаашилбал старт ап болж
байна аа гэсэн үг юм уу даа.
Удахгүй манай сургууль дээр нисэхийн
чиглэлээр маш хүчтэй төслүүд хэрэгжих гэж байгаа. Японы хэд хэдэн сургуулиудын удирдлага
ирээд Японы их, дууд сургууль хоорондын тэмцээнд манай сургуулийг хамтарч
оролцохыг уриад сая буцаж байна. Мөн Токиогийн Их Сургуулийн агаарын хүчний
тэнхим Шинэ Монгол Технологийн Дээд Сургуультай хамтран ажиллахаар болж байгаа.
Сонирхуулж хэлэхэд Монголд анхны дроныг манай сургууль нисгэж байлаа. Хууль
Сахиулах Сургууль, Батлах Хамгаалахын Сургуулиуд нисэх хүчний тал дээр манайтай
хамтран ажиллахаар яригдаж байна. Швед, Орос улсуудын инженерүүд ч манай
сургуультай хамтран ажиллая гэж байгаа. Яагаад авто ба усан загвараас илүү
нисэх загвар дээр бид онцгойлон анхаараад байна вэ гэвэл Монгол шиг өргөн уудам
газар нутагтай, цөөн хүн амтай бидэнд нисэх хүчин асар чухал. Иргэний агаараас
гадна бусад зориулалтаар жижиг онгоцуудын эрэлт, үүрэг хариуцлага улам бүр
ихсэх болно. Бид энэ 6 сард агаарын бөмбөлөг хөөргөх бодолтой байгаа. Монголоо
төлөөлж ирэх жил агаарын бөмбөлөгийн дэлхийн аваргад оролцох төлөвлөгөөтэй
байгаа. Цаашилбал шүхэр, дельтаплан, агаарын бөмбөлөг, жижиг онгоц зэрэг олон
төслүүд рүү бид ээлж дараатай орох юм. Нисэх бол тэр чигээрээ механик,
цахилгаан, мэдээллийн технологи, электроник, ба материалын салбарын шинжлэх
ухаан юм шүү дээ. Сансраас тандан судлалтыг ч бид маш анхааралтай судалж
байгаа. Удахгүй бусад сургуулиудтай хамтран хиймэл дагуулаар дамжин энэ төсөл
рүү орох болно.
В.Г: Маш сонирхолтой ярилцлага өгсөн
танд баярлалаа!
Ярилцсан:
В.Ганзориг
No comments:
Post a Comment