Tuesday, 14 January 2014

"Шүүхийн шинэтгэл дуусах биш, эхэлж байна гэж ойлговол зохино"



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай шүүхийн шинэтгэлийн асуудлаар ярилцаж санал бодлыг нь сонслоо.

-Шүүхийн шинэтгэлийн хуулиуд хэрэгжиж эхлээд байна. Шүүх шинэчилсэн зохион байгуулалтаар байгуулагдаж, шүүгчид шинээр томилогдлоо. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад хэр ахиц гарч байна гэж та харж байна вэ. Ер нь шүүхийн шинэтгэл хийгдээд дуусч байна гэж үзэж болох уу?

-Шүүхийн шинэтгэлийн ажлын хүрээнд боловсруулсан зургаан хууль хэрэгжиж эхэлсэн. Зарим нь биднээс үл хамаарах шалтгаанаар гацаад байгаа. Удахгүй шийддэгдэх байх. Оны босгон дээр Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүхтэй байхаар хуульчилсныг шинээр байгууллаа.

Шүүхүүд тойргийн системд орж, үүнтэй холбоотойгоор шүүгчдийн тоо нэмэгдэж, шүүхийн захиргааны удирдлага бие даасан бүтцээр ажиллах болсон нь томоохон шинэтгэл боллоо. Шүүхийн шинэтгэ­лийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд хамгийн чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй шүүгчдийг шилж сонгох нь шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь юм. Хууль батлагдснаар шүүх шинэчлэгдлээ гэж яаран дүгнэж болохгүй. Аливаа шинэтгэлийг хийхэд гурван үе шат байдаг. Нэгдүгээрт; олон нийттэй зөвшилцөж тэдний санаа бодлыг тусгах, хоёрдугаарт; хууль батлах, гуравдугаарт; тэр хуулийг хэрэгжүүлэх явц. Шүүхийн шинэтгэлийг шинэчилсэн зохион байгуулалтаар амьдралд үр дүнтэй  хэрэгжүүлэх нь цаг хугацаа шаардсан нүсэр ажил. Шүүхийн шинэтгэлд сорилт бэрхшээл гарч байгааг ч үгүйсгэхгүй. Тиймээс шүүхийн шинэтгэл дуусах бус, эхэлж байна гэж ойлгох нь зөв.

Шүүхийн шинэтгэл явагдаж эхэлснээр нүдэнд үзэгдэхүйц, ахиц дэвшил гарч буй нь мэдээж. Мөн шүүхийн шийдвэр ил болсноор шийдвэрийн чанар чансаа сайжирсан гээд, яривал олон зүйл бий. Гэхдээ шүүхийн шинэтгэл сайн явагдаж байна гэж тайвшраад суух ёсгүй. Бид шүүхийн шинэтгэл ямар явагдаж байгааг  хөндлөнгийн  байгууллагаар үнэлгээ хийлгэх бодолтой байгаа. Тэгж байж шүүхэд хийсэн шинэтгэл маань  хэр үр дүнтэй байгааг мэдэж,  цаашдын   үйл ажиллагаанд байгаа  доголдолтой зүйлээ засч залруулан сайжруулаад явах учиртай.

-Шүүхийн шинэтгэлийг хийх явцад алдаа дутагдал гарч байгаа зүйл танд ажиглагдаж байна уу?
-Ний нуугүй хэлэхэд дутаг­далтай, засаж залруулмаар зүйл ажиглагдаж байна.

-Тодруулбал?
-Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байгууллага байгуулагдсан. Шинэ байгууллага үйл ажиллагаагаа эхлэхэд янз бүрийн бэрхшээлтэй асуудлууд үүсч байгааг  үгүйсгэх аргагүй. Бас зарим үйл ажиллагаа нь санасан  хэмжээнд хүрч ажиллахгүй зүйл  байна.

-Тухайлбал, ямар асуудал байна?
-Чингэлтэй дүүргийн шүүхийн байр гээд шүүхийн зориулалттай шүүх  хуралдаан явуулах нөхцөл боломжийг хангасан бараг анхны шинэ байр баригдсан. Гэтэл сая очиход Шүүхийн ерөнхий зөвлөл маань нөгөө байранд орчихсон, орон тоогоо огцом нэмээд тэр байр савыг хүнээр дүүргэх бодлого барьж ажиллаж байгаа нь төсөөлж байснаас  өөр зүйл болж  байна. Өнөөдөр манай шүү­хүүд шаардлага хангасан орон байргүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн наад захын бэрхшээл гэхэд шүүгдэгч өмгөөлөгчтэйгээ шивнээд ярихад л тэр танхимд байгаа хүмүүст сонсогдохоор давчуу орчинд шүүх хуралдаан явагдаж байгаа. Хар ярианы хэлээр, бөгс эргэх зайгүй тасалгаанд л шүүх хууль  ёсыг хэрэгжүүлж байна. Гэтэл түүнийг засаж залруулах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл нь үүргээ умартаад шүүхийн зориулалттай ганц байранд  өөрсдөө  орсон  байгаа нь гаж харагдаж байна. Уг нь Шүүхийн ерөнхий зөвлөл  дарга нарын тав тухаас илүү, шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах орчин, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн оролцох боломжийг хангасан нөхцөлийг  бүрдүүлэхэд эхэлж анхаарах ёстой. Гэтэл энд байр нь солигдчихоод байна.

-Үүнийг засч болох уу?
-Шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөж, тойргийн зарчмаар бай­гуулагдаж буйтай хол­боотойгоор зарим  байрууд суларч байгаа. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл суларсан  байранд нүүж очиход оройтсон зүйл алга гэх үү дээ.

-Шүүхийн ерөнхий зөвлөл тийм байж. Тэгвэл шүүхүүдийн хувьд гайгүй юу?
-Энэ талаар хэлэхэд  хяналтын шатны шүүхийн үйл ажиллагааны талаар  бодох, сайжруулах, өөрчлөх зүйл ч байна. Тухайлбал,  хяналтын шатны илтгэгч шүүгчээс бусад нь  хавтаст хэргээ уншилгүй  шүүх хуралд ордог байж болохгүй.  Өмнө  ийм маягаар хэ­рэг, маргааныг шийд­вэрлэж  ирсэн байж болох юм. Одоо шинэ орчин нөхцөлд  хэрэг, маргааныг мэтгэлзээний зарчмаар шийдвэрлэхэд шүүгч бүрийн өөрийн итгэл үнэмшил, шийдэл чухал ач холбогдолтой. Тийм ч учраас шүүхийн болон шүүгчийн хараат бус байдал, хангамжийг сайжруулж, шинэчлэхээр ажиллаж байна.  Гэтэл хэрэг маргааныг шийдвэр­лэх зарим  шүүгч нь  хэр­гийн материалыг  уншаагүй орох нь тухайн хэрэгт оролцож байгаа иргэдийн төлөөлөгчөөс юугаараа ялгарах болж байна аа? Шүүгчийн өмсгөл, суудал хоёроороо л өөр байх нь  шүүхийн шинэтгэлийн ажил яав ч биш  дэг.  Шинэчлэл бол нэгд, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох; хоёрт, шүүгчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудал юм. Үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй  шүүгчтэй  хариуцлагаа тооцон ажиллах нь шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил байх ёстой. Мөн ийм байдал гаргахад нөлөөлж байгаа хууль тогтоомж байвал түүнийгээ даруй  өөрчилж болно шүү дээ.

Иргэд, ялангуяа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төр засаг хамгийн шударга шүүхийг л хүсч байгаа. Дээд шүүх бол хууль ёс, шударга ёсны үлгэр дууриалал, мэтгэлцээн, цэц сорьсон, олны хүндэтгэл, бишрэлийг хүлээсэн нээлттэй хуулийн засаглал  байх ёстой. Ийм болохын төлөө өөрчлөгдөх ёстой. Орон тоо, цалин нэмэх, төсвийн бие даасан байдал, байр савтай  болох нь механик өөрчлөлт.  Өнөөдөр  гол хийх ажил нь орхигдоод, механик өөрчлөлт нь давамгайлаад  байгааг цаашдын ажилдаа анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хам­гийн гол нь шүүх хуралдааны зохион байгуулалт, үйлчилгээ, агуулга, чанарт  өөрчлөлт гаргах ёстой.  Шүүхээс гарч байгаа  шийдвэр нь хэнбугайд ч толь шиг тунгалаг,  ойлгомжтой, бат нот үндэслэлтэй байх ёстой. Ийм хэмжээнд хүрч ажиллахад  боловсон хүчний мэдлэг боловсрол, санаачилга, сахилга бат, шүүгчийн ёс зүйн талаар хийгдэх  байнгын  үйл ажиллагаа их чухал. Шүүхийн ерөнхий зөвлөл нь  шүүхийн дарга биш, шүүх байгууллагын  ажиллах нөхцөл бололцоог  хангах  арын албаны үйлчилгээний байгууллага. Тийм учраас шүүхийн үйл ажиллагаатай, өөрийн ажлыг уялдуулан, гар нийлэн ажиллах ёстой байгууллага.

-Ер нь шинэтгэлийг хийнэ гэдэг хэцүү юу?
-Шинэтгэл хийнэ гэдэг амар зүйл биш. Ямар ч сайхан санаа, үйл ажиллагааг манайхан завхруулж, гуйвуулж бүр эсрэгээр үр дүнгүй болгож  болохыг өнгөрсөн хорь гаруй жилд нэг бус удаа  харсан. Тиймээс шинэтгэлийг  хийхдээ эцсийн  дүнд   хэрэгжилт, гарах  үр дүн нь хамгийн чухал гэдгийг  байнга санаж  ажиллах  ёстой. 

-Тэгэхээр хууль, эрх зүйн орчноос үүдэлтэйгээс илүү шүүгчдийн сэтгэл­гээний байдлаас болж шинэтгэлд бэрхшээл учрах юм биш үү?
-Шүүхийн шинэт­гэлийн  хууль, эрх зүйн орчин нь өнгөн талаасаа  хэрэгжиж байгаа мэт боловч дотроосоо, сэтгэл­гээнээсээ эхлээд учир ду­тагдалтай зүйлүүд бай­саар байна. Учир нь нийгмийн харилцаанд хүний оролцоогүйгээр хийгддэг шинэчлэл  өөрч­лөлт гэж байхгүй. Тэгэхээр энэ шинэчлэлийг гардаад хэрэгжүүлэх чадвартай  боловсон хүчин нэн тэргүүнд хэрэгтэй байна. Шүүхэд бүрэн утгаар нь шинэтгэл хийхэд шүүгч­дийн мэдлэг боловсрол, мэргэжлийн чадвар, оюун санаанд өөрчлөлт хийх  хэрэгтэй  байна.  Монголд үүссэн маргаан гадаадын шүүх рүү явахгүй, Мон­голын шүүхэд ханддаг, итгэдэг болтол шүүх үйл ажиллагаагаа сайжруулах   ёстой. Өөрөөр хэлбэл, манай шүүх бусад орны шүүхээс илүү өрсөлдөх чадвартай болох учиртай. Үүнийг нэг талаас зохион байгуулалт, нөгөө талаас шүүгчдийн мэдлэг боловс­ролоос ангид авч үзэх аргагүй.

-Таны бодлоор үүнийг яаж засах ёстой юм бол?
-Шударга ёсыг тогтоохгүй бол хүний эрх, өмчийн эрх, бизнесийн эрх, цаашдаа Монгол Улсын хөгжлийн эрх ашиг хөндөгдөх болно. Ийм учраас хүнд хэцүү гэж халшралгүй тогтоохоос өөр замгүй. Шүүх шударга ёсыг алагчилгүй тогтоодог болгоход,  үйл ажиллагааны хатуу дүрэм журам зайлшгүй. Тухайлбал, шүүх хуралдааныг элдэв арга саам хийн,  жижиг шалтгаанаар хойшлуулдаг тохиолдол олонтаа гардаг. Гэтэл дэлхийн олон оронд энэ тохиолдолд  шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэн  хатуу шийтгэдэг хуультай. Манай шүүх өөрөө  хуралдааны товыг талуудтай тохиролцож, аль болох эрт албан ёсоор  мэдэгдэх тал дээрээ бас  анхаарч ажиллах ёстой. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн 30 хоног гэдэг маань зарим талаараа шүүхийн ажлын чанарт эерэг гэхээсээ илүү сөрөг нөлөө үзүүлж байгаа нь ажиглагддаг. Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа “Ухаалаг төр”-ийн хүрээнд ч шүүх засаглалын асуудал  яригдах ёстой. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах хэлбэрийг  ч аль болох чирэгдэл багатай цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хийх шаардлагатай байна.Бусад орнуудын үр дүнд хүрсэн туршлагуудыг бид бэлхнээ харж байна шүү дээ. Нидерландын Гааг хотод төвтэй олон улсын шүүхийн шинэчлэлийн төсөл Европт хэрэгжиж байна. Тэр ч бүү хэл дэлхийн зарим оронд e-court буюу цахим шүүх хүртэл бий болж байна. Дэлхийн эдийн засгийн форумын нэг үндсэн чиглэл нь шүүхийн шинэчлэлийн асуудал байдаг. Тэгэхлээр шүүхийн шинэчлэлийн асуудал ганц манайд ч биш дэлхий даяар яригдаж буй шинэчлэлийн асуудал болжээ гэж ойлгож болно.

-Та шинээр тангараг өргөсөн 152 шүүгчид “Та бүхэн ажлаа хийхдээ өмнө нь ямар нэгэн шалтгаанаар алдаа гаргасан байж магадгүй.  Тэгвэл  энэ мөчөөс эхлэн та бүхэн шударга шүүхийн төлөө ажиллах ёстой. Бүх алдаа дутагдлаа орхиж шударгаар ажиллах өдөр өнөөдрөөс эхэлж байна” гэж хэлж байсан?
-Саяхан  нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа анхан шатны болон давж заалдах шатны шүүгчдийг шинээр томиллоо. Нэр нь орж ирсэн  шүүгчдийн дунд эрх зүйн хувьд батлагдах боломжгүй шүүгчдийг томилохоос татгалзсан. Шүүх  шударга байвал төр хүчтэй байна. Шүүгчид бол хар, цагааныг  дэнсэлж, хэрэг маргааныг шүүн тасалж, хүний хувь заяа хэрхэхийг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэдэг хүмүүс. Ийм хүмүүст хариуцлага өндөр байх учиртай.   Тиймээс шүүгч нарт тавих шалгуур, үзүүлэлт, босгыг хуулийн төсөлд  өндөр болгож тусгасан байгаа. Шүүгч нарын ажиллах, амьдрах орчин нөхцөл, амьдралын баталгааг эрс сайжруулж, цалин хөлсийг  нэмэгдүүлэхийн хэрээр үүрэг хариуцлагыг  чангатгаж  байгаа гэж ойлгож  болно.  Шүүгчийн ахиж  дэвших болон цалин хөлсний нэмэгдэл нь түүний  шийдвэрлэсэн шүүхийн  шийдвэрийн чанар чансаатай  уялддаг болсон. Шүүгчийн ажлын гол үзүүлэлт нь шударга, сайн  ажиллах явдал юм.
Д.БОЛОР

No comments:

Post a Comment