ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор, цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч З.Батсүхтэй ярилцаж байна.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор, цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч З.Батсүхтэй ярилцаж байна. З.Батсүх нь Хэнтий аймгийн мэргэн хүү Ламаадан буюу Цэрэнпунцагийн холбогдолтой материалыг НАХЯ-ны архиваас үзэж танилцсан, өөртэй нь уулзаж ярилцаж байсан хүн.
-Ламаадан буюу Цэрэнпунцагийн талаар хөдөлшгүй баримт цуглуулж, өөртэй нь уулзаж байсан хүний нэг та яалтгүй мөн. Мэргэн хүү Ламаадангийн бага балчир үеэс хоёул яриагаа эхлэх үү?
-Бололгүй яахав. Ламаадан болон аав, ээжийнх нь эмгэнэлт хувь заяаны тухай материал НАХЯ-ны архивт баталгаатай байдаг юм. Би судлаач, сэтгүүлч хүний хувьд бүгдтэй нь танилцсан. Ламаадан буюу Цэрэнпунцаг нь 1937 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд малчин ард Ц.Сэрээтэрийн хүү болж төрсөн. Хүүг багад нь тус аймгийн Дунд баян сумын иргэн Г.Гомбынд үрчлүүлсэн юм билээ. Эхлээд Ламаадангийн эцэг Г.Гомбо, лам Норов нарыг мөрдөн байцаасан баримт архивт байдаг юм.
-Яагаад энэ хоёрыг байцаах болов?
-Гомбо гуай нутгийн лам Норовыг гэртээ залж аврал гүрэм үйлдүүлдэг байсан юм билээ. Нэг удаагийн ийм үйл ажиллагаанд Гандан хийдээс очсон лам Л.Дамбадаржаа, Цэрэнпунцаг хүүг "онцгой сэргэлэн хүү" гэж олны дунд магтсанаас хамаг хэрэг үүссэн байгаа юм. Хүмүүст ер бусын хүүхэд хэмээн анзаарагдах болж. Нэг удаа хүүг өвдөхөд Норов лам "Нэр нь хүндэдсэн байна. Ламаадан хэмээн дуудаж бай" гэж дайран дээр давс нэмж. Тэгээд ч зогссонгүй, "Танайд Хүүхэн хутагтын хойд дүр тодрох нь шиг байна" гэж. Энэ үг дорхноо түгэн тархаж Гомбынд төрсөн Хүүхэн хутагтын хойд дүрд мөргөнө гээд нутгийнхан төдийгүй зэргэлдээ аймаг хошуудаас мөргөлчид цувж Гомбынх хэзээ ямагт наадмын газар шиг их хөл хөгжөөнд умбасан байгаа юм. Сүсэгтнүүд хүүгийн шээсээр толгой тархиа шавшдаг, уудаг хүртэл болсон юм. Энэ үе бол төрөөс шашинтай хатуу тэмцэл хийж байсан үе. Тиймээс Ламаадангийн эцэг Г.Гомбыг нийслэлд дуудаж хатуу анхааруулаад буцаасан боловч тэр их мөргөл залбирал эцэс болсонгүй, улам өргөжсөн байна. Ингээд 1944 онд Г.Гомбыг дахин баривчилж эрүүгийн хуулийн 134,138 дугаар зүйлд зааснаар 10 жилийн ял оноосон аж. Ламааданг сүсэгтэн олноос холдуулахын тулд Хэнтий аймгийн төвийн дунд сургуульд оруулж, урьд нь Дотоод яамны ажилтан байсан захирал Б.Чүлтэмсамбууд "онцгой хяналтанд байлга" гэж хүлээлгэн өгсөн байдаг. Ламаадангийн ангийн багш Ш.Шанж байв. Шанж багш сүүлд ярихдаа "Би хичээл эхлэхээс өмнө сумдаар явж хүүхдээ сургуульд оруулахыг шаардаж байхдаа Гомбынх гэж айлд очсон. Тэдний гадуур олон гэр майхан, морь малтай хүмүүс бужигналдаж, сумын наадам болж байгаа юм шиг л байсан. Тэр хүүг /Ламааданг/ гадаа гарч бие засахад нь хүмүүс даган гүйлдэж шээсийг нь аяга сав, алган дээрээ тосож, нүүр амандаа түрхэж байсан. Тэр үед уг хүүхэд том хүмүүсийг загнаж, элдэв янзын үг хэлдэг, ямар ч хүнийг чи гэж дууддаг байсан. Сургуульд орсон хойноо ч мөн л хэвлүүн зантай, хичээл дээр юм хийхгүй, дуугарахгүй, тааз өөд өлийж харах буюу нүдээ аниад суучихдаг байсан. Өргөн шанаатай, хавтгайвтар цайвар шарангуй зүстэй хүүхэд байсан. Нэг их удалгүй сар гаруйн дараа хүүг хот руу шилжүүлсэн. Нэг өглөө, захирлын тушаалаар хүүг сургуулийн үүдэнд гаргаж өгөхөд машин зогсож байгаад суулгаж одсон. Түүнээс хойш уулзалдаагүй" гэж ярьсан байгаа.
-Ламаадан маань хотод ирээд ямар байдалтай байсан юм бол?
-Архивын материалаас үзэхэд Ламаадан буюу Цэрэнпунцагийг хотод авчраад Өвөрхангай аймгийн харьяат, тухайн үед Дотоод яамны оёдлын үйлдвэрт аж ахуйн эрхлэгч байсан тохьтой томоотой Д.Самдан гэж хүнд үрчлүүлсэн байгаа. Д.Самдан 1962 онд НАХЯ-ны хянан шалгах хэлтсийн ажилтан Ш.Бадрах гэж хүний нэр дээр гаргасан нэг тодорхойлолт архивт бүрэн эхээрээ байгаа юм. Уг тодорхойлолтод Д.Самдан "Намайг ДЯЯ-ны зөөлөн оёдлын үйлдвэрт аж ахуйн эрхлэгчийн ажилтай байхад 1944 оны намар нэг өдөр, хоёрдугаар хэлтсийн дарга Б.Болд, сургагч Багаев, тасгийн дарга М.Бат-Очир нар миний ажлын газар очиж эцэг эхгүй нэг хүүхдийг үрчлэн авч хүмүүжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тухай ярьсан. Дараахан нь, товлосон өдрийн 10 цагт очиж хүүг хүлээн авсан. Тэр үед тасгийн дарга М.Бат-Очир хүүгийн нэрийг Чимиддорж гэдэг гэж хэлсэн. Чимиддорж хүүг өсгөн хүмүүжүүлж эрийн цээнд хүргэсэн. Чимиддорж маань 1960 онд гэрлэж, одоо хоёр хүүхэдтэй сайхан айл манай хашаанд байгаа" гэж дурдсан байгаа юм.
-Цэрэнпунцаг хүү яагаад Чимиддорж болов?
-Архивт, ДЯЯ-ны хоёрдугаар хэлтсийн тасгийн дарга байсан М.Бат-Очирын гарын үсэг бүхий хэд хэдэн материал хадгалагдаж байдаг юм байна. М.Бат-Очир гуай өндөр нас насалсан. Би түүнтэй уулзаж ярилцаж байсан л даа. Тэгэхэд, Бат-Очир гуай "насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт шийтгэх аргагүй байсан учир шашны ноцтой нөлөөллийг таслан зогсоох зорилгоор уг хүүхдийг шашин шүтдэггүй болсон тохьтой айлд үрчлүүлэх тухай тэр үед сайд дарга, сургагч нар хэд хэдэн удаа зөвлөж ярилцаад Самдан гэж хүнд өгөхөөр шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр ёсоор тэр хүүхдийг Самданд би хүлээлгэн өгсөн. Нэрийг өөрчлөх нь зүйтэй гэсэн яриа гарч, тэр үед надтай хамт ажиллаж байсан өөр нэг тасгийн дарга Чимиддоржийн нэрийг өгчихсөн. Шинэ нэрэндээ дасахгүй нэлээн л будилсан байх. Сүүлдээ бүх зүйл санасан ёсоор болсон гэж ярьж байна билээ.
-Ламаадан буюу Цэрэнпунцагийн нэрийг солиод Д.Самданд хүлээлгэж өгөхдөө эрх мэдэл бүхий хүмүүс зохих ёсны туслалцаа дэмжлэг үзүүлж байсан юм болов уу?
-Самдан гуай 1969 онд барилгын материал дутаасан гэж жил гаруй цагдаагийн байгууллагад мөрдөгдсөн юм билээ. Тэр нь данс тооцооны будлиан байсан нь батлагдаж хэрэгсэхгүй болсон аж. Үүний дараа 1970 онд Самдан гуай НАХЯ-ны удирдах хүмүүстэй уулзах хүсэлт тавьсны дагуу дэд хурандаа Ордос хүлээн авч уулзаад сайддаа илтгэх хуудас бичсэн байдаг. Энэ уулзалтаар Самдан гуай "Танай яам намайг харж үзнэ гэдэг байсан боловч энэ удаа харж үзсэнгүй. Би, танай яамны даалгавраар 1944 онд Хэнтий аймагт мэргэн хүүхэд гэж тодорсон Ламаадан буюу хожим Чимиддорж гэх болсон хүүхдийг хүмүүжүүлэх үүрэг авсан. Би асрамжлан хүмүүжүүлж өдий хүргэсэн. Чимиддорж одоо механизмын баазад самосвал машин барьж байгаа..." гэхчлэн бичээд амьдрал хүнд байна гэдгээ хэлсэн байгаа. Тухайн үеийн НАХЯ-ны сайд байсан Б.Жамбалсүрэн 1970 оны наймдугаар сарын 13-нд Д.Самданд буцалтгүй тусламж болгон 1000 төгрөг олгосон байдаг юм. Үүнээс хойш тэгээд л мартагдсан юм билээ.
-Та өөрөө Ламаадан буюу Чимиддоржтой уулзаж байв уу?
-Уулзсаан уулзсан. Чимиддорж гуай чинь шинээр үрчилж авсан Самдан аавындаа өсч хүмүүжин сургууль соёлоор дамжиж эгэл жирийн амьдралаар амьдарч байгаад 1990-ээд оны дундуур таалал төгссөн. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд эхнэр хүүхдүүд, ач зээ нартайгаа амьдарч байсан. Барилгын хүнд механизмын баазад самосвалын жолооч байсан юм билээ. Намайг уулзах үед тэрээр эгэл бор ажилчин хүний байдалтай, насны эрхээр хижээлшиж яваа нэгэн байв. Миний бодож төсөөлж байснаас огт өөр, яриа хөөрөө сайтай, юмыг нухацтай эргэцүүлж боддог хүн байлаа. Тэрээр надад, би багынхаа явдлыг санадаггүй юм. Сургуульд орсноосоо хойшихыг л санадаг гэж байсан. Ламаадан буюу Чимиддорж гуайн дурсаж ярьснаас зарим зүйлийг сонирхуулъя. Тэрээр,"Миний багад Амгаабазар ах гуч шахсан хүн байсан болохоор намайг сайн санаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Намайг багадаа буржгар хар үстэй, солгой хүүхэд байсан гэдэг нь үнэн байдалд таарч байна. Миний халимаг уртхан ургахаараа шанаа, шилний үс атиралдаад байдаг юм. Бас удамшдаг юм байлгүй, миний хүү Баярсайхан, Ганбаатар хоёр буржгар үстэй, солгой байгаа юм. Аав минь намайг баруун гараар бичүүлж сургаж байгаад 1946 онд нийслэлийн тавдугаар дунд сургуульд оруулсан. Нас хэтрүүлж сургуульд оруулсан нь үүнтэй холбоотой байж мэднэ. Баруун гараараа үзэг харандаа л барина. Бусад тохиолдолд солгой гараараа ажилладаг. Одоо би алхаа зүүн гараараа бариад л юм балбаж байдаг юм" гэж ярьж билээ.
-Чимиддорж гуайд өөр ах дүү садан байдаг гэнэ үү?
-Самдан гуайн гурван өргөмөл хүүхдийн нэг нь С.Чимиддорж. Дүү С.Пүрэвдорж нь Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газар, бүсгүй дүү С.Нармандах нь Багануурын эмнэлэгт ажилладаг гэж байсан. Самдан гуайн голомтон дээр үлдсэн охин нь С.Нармандах юм билээ.
-Уугуул нутаг Хэнтий чигийнхнээ, жинхэнэ ах дүү нарынхаа тухай мэдсэн сонссон зүйл байх юм уу?
-Хэнтийн мэргэн хүү Ламаадангийн тухай домог мэт яриа дэлгэрсэн 1990-ээд оны үеэс л уугуул нутгийнхаа тухай эргэцүүлж бодох болсон юм билээ. Юунаас ч болсныг мэдэхгүй, Чимиддорж гуайн толгой их өвддөг байсан гэнэ. Тээврийн жолооч байхдаа Самдан эцгийнхээ нутаг Өвөрхангайд очин сар гаруй айраг ууж сайхан амарсан чинь ер засраагүй гэнэ. Тэгсэн чинь, нэг хавар Хэнтий аймгийн Биндэр, Батширээтэд очиж мод татаад нойр хоолгүй явж байхад өнөөх өвчин нь огт хөдлөөгүй гэсэн. Тэгээд Чимиддорж гуай "Унасан газар, угаасан ус гэдэг чинь ондоо юм билээ" гэж байсансан. Намайг уулзах үед Чимиддорж гуай "Энэ намар Хэнтий явж Амгаабазар ахтайгаа уулзана. Тэнд бас уулзах хүн, орох айл хэд хэд байгаа. Тэнэж мөргөж явсаар ах дүүстэйгээ уулзахаас сайхан зүйл хаа байхав дээ" гэсэнсэн. Тэгээд ярианыхаа төгсгөлд "Хэцүү хүнд үед ёс бусаар цаазлагдсан эцэг Г.Гомбо, эх Ч.Янжинлхам нарыг минь цагаатгах явдал байдаг болов уу" гээд хоолой нь зангирна билээ.
-Ламаадан буюу Цэрэнпунцагийн цаазлагдсан аав, ээжийн талаар архивын материал байх юм уу?
-Энэ тухай материал би олж үзээгүй. Аав Гомбыг нь 1944 онд баривчилж авчраад 10 жилийн ял оноосон шүү дээ. Ээж Янжинлхам нь нөхөр, хүү хоёроо хайж хотод ирээд сураг алдарсан. Тэр хоёрыг шашны онц нөлөө бүхий хүмүүс гэж үзээд яаран хороосон юм билээ. Дотоод яамны хоёрдугаар хэлтсийн дарга Б.Болд нарын хүмүүс хороогоод Богдхан уулын ард, Нүхтийн амны орчим булсан гэдэг юм.
-Би, Хэнтийн "мэргэн хүү" Ламаадан буюу Цэрэнпунцагийн гунигт амьдралыг үнэн зөвөөр олж тогтоон уншигч түмэндээ хүргэхийн тул сүүлийн жилүүдэд хол ойр нэлээн газраар явж, олон ч хүнтэй уулзлаа. Архивын материалд тулгуурласан таны яриаг хүмүүс их сонирхох байх. Энэ бүхнийг үзэж сонсож явахад нэг л зүйл сэтгэлийн гүнд явдаг. Тэр бол Монгол Улсын нэгэн жирийн өрх бүлийн эмгэнэлт хувь тавилан. Ламаадангийн аав Г.Гомбо, ээж Ч.Янжинлхам нарыг буудчихсан, Ламаадан буюу Цэрэнпунцаг маань аав, ээжээсээ нялхдаа хагацаж хойд аав, ээжүүдийн гар дамжин эрх чөлөө хязгаарлагдмал насыг барсан. Самдан аав нь бас хилс хэргээр мөрдөгдөж явсан байдаг. Монголын төр энэ гэр бүлийнхнийг цагаатгаж, үлдэж хоцорсон хүмүүст нь сэтгэл санааны болон хөрөнгө мөнгөний зохих туслалцаа үзүүлээсэй гэж боддог. Та надтай санал нийлэх үү?
-Санал нийлэлгүй яахав. Олон жил өнгөрсөн боловч Монголын эгэл жирийн нэг гэр бүл хохироод өнгөрч болохгүй. Ламаадан буюу Цэрэнпунцагийн ах дүү, төрөл төрөгсөд Хэнтийд бий. Самдан аавынх нь ах дүү нар, Чимиддорж гуайн хүүхдүүд хотод байгаа шүү дээ. Тэднийг Монголын төр засаг, ямар ч байсан анхаарах ёстой.
Г.ЖАМЬЯН (МУСГЗ)
No comments:
Post a Comment