Thursday, 18 July 2013

Б.Даш-Ёндон: “Хөлөө жийлцэх”-ийн оронд тэсч үлдэхээ чухалчлах нь дээр



Туйлширдаггүй тулхтай улстөрч, судлаач, басхүү хэвлэлийнхэнд тэр бүр олддоггүй нэгэн ховор хүнтэй ярилцлаа. Энэ бол Ө.Энхтүвшингөөс урагш зургаан даргын өмнө МАН-ыг удирдаж явсан, философийн ухааны доктор /PhD/ профессор Б.Даш-Ёндон юм. Түүний хоржоотой хэрнээ давхар санаатай хариултууд танд сонирхолтой санагдана, намынханд нь бол нэгийг бодуулна гэдэгт итгэлтэй байна.

-Тантай уулзсаных сүүлийн үеийн зарим үйл явдалд хариулт авах гэсэн юм.
-Одоо ярилцлага өгөх, өгөөд унших цаг хугацаа мөн үү, үгүй юү, чамд “байцаагдаад” суух зав надад байна уу, үгүй юү гэдгийг сайн мэдэхгүй л байна. Тэгээд ч сүүлийн үеийн үйл явдал гэвэл олон түмний хамгийн их сонирхох нь зун цагт наадам л байдаг биз дээ. 

-Би буруу асуучихаж, өнгөрсөн үйл явдалтай холбоотой асуулт л даа. МАН энэ сардаа багтаж наадмын дараахан Бага хурлаа хуралдуулах янзтай. Монголчуудын зуны урт амралт эхэлж байхад танай намынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас шууд залгаад “гэр” дотроо сонгууль хийх нь.  Их шуурхай хөдлөх нь ээ.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээс л тийм мэдээ сонссон. Өөрийн чинь хэлснээр үнэхээр их шуурхай юм болох нь дээ. Гэхдээ “Бушуу туулай...” гэсэн нэг мэргэн үг байдаг. Миний бодоход, энэ гүн утга бүхий үг нь их айсан амьтан яадагийг хэлж байгаа юм. Дээр нь, “яарвал даарна”  гэдэг сайхан сургаалийг өвөг дээдэс маань хойчийн мулгуу бидэндээ захиж үлдээсэн. Үүнийг МАН-ын бүх гишүүд анхаарах ёстой. Анхаарсан ч учраас намын Бага хурлыг хийх гэж яарах хэрэггүй гэсэн санаа, захиа орон нутгаас намын удирдлагад ирж байгаа сураг дуулдсан. Тэгээд ч өнөөдрийн нөхцөл байдалд дотроо хөлөө жийлцэж “гэдсээ хүйлэлцэх” гэж байхын оронд нийтээрээ тэсч үлдэхээ л чухалчлах нь МАН-ын хувьд хамаагүй чухал. Хэрвээ “борвиндоо юм” үлдээхгүй, “даарахгүй” гэвэл хэн ч гэсэн бодолтой, тухтай  хөдлөх ёстой нь хүний хорвоогийн жам юм. Би ингэж л бодож байгаа.

-Гэхдээ алдаа, оноогоо шуурхай ярихад юу нь буруу гэж.
-Алдаа, оноо ярихыг би буруутгаагүй шүү дээ. Ярих ч ёстой.

-Бага хурал хуралдах цагаа олсонгүй гэж үү?

-Ерөнхийдөө тийм. Ингэж хэлэх цөөнгүй учир шалтгаан байна. Одоо болох Бага хурал ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох ёстой. Хэрвээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт муутай оролцлоо, зөвхөн үүнийхээ учир шалтгааныг судалж дүгнэлт хийе, буруутанд хариуцлага тооцох Бага хурал хийе гэж байгаа бол сонгуулиас хойшхи 30 хүрэхгүй хоногийн явдал ийм том намд хангалтгүй. Намд нь хэрэгтэй чухал дүгнэлт гаргаж амжихгүй. Зөвхөн өвөр зуурын буруутгал, маргаан мэтгэлцээнээр дуусна. Ийм хурлаас намын цаашдын хувь заяанд холбоотой ямарч баримжаа, дүгнэлт гаргаж чадахгүй. Тийм бололцоо ч байхгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс сургамж авъя гэж буй бол бүүр алсаас нь бодож, удаа дараагийн элдэв сонгуулийн дүнд судалгаа хийх хэрэгтэй. Ийм нухацтай судалгаа хийж учир байдлыг олохгүй, ойлгохгүйгээр яарч хандвал МАН дараагийн ялагдалд орно. Яагаад гэвэл, түр цагийн үзэгдлийг салангид нь аваад ирээдүйд холбогдох том зорилгоо тогтоож, тодорхойлж болдоггүй юм. Одоо суурь сайтай бодож хөдлөх нь МАН-д хамгаас чухал болоод байна. Үүнээс гадна өөр нэг бодитой шалтгаан гэвэл энэ парламент Улстөрийн намуудын тухай хуулийг нэлээд шуурхай, нухацтай ярих бололтой. Хэрвээ тэгвэл тэр хууль нь намуудад, ялангуяа өнөөдөр сөрөг хүчин байгаа МАН-д яаж тусах нь тодорхойгүй. Тэгэхээр шинээр гарах Улстөрийн намуудын тухай хуулийг хүлээхэд буруугүй. Намууд батлагдсан шинэ хуулинд ажил амьдралаа зохицуулахад хүрнэ. Энэ нь хүссэн ч, хүсээгүй ч эхлээд намын Бага хурал, дараа нь Их хурал хийхэд гарцаагүй хүргэнэ. Яаж ч бодсон, эргэж будилсан олон удаагийн их, Бага хурал хиймээргүй баймаар юм. Түрүүн өөрөө ч асуултдаа хэллээ. Зуны урт амралт гэж. Энэ үед болсон Бага хурлын дүн олон нийтэд нэг их хүрэхгүй байх. Ард түмэн яг энэ үед “улс төр сонирхох” завгүй байдаг. Иймд хэрвээ чухал л хурал хийх гэж байгаа бол амралтын сиймхийгээр бус, нам өөрийгөө олон түмэнд харуулах, ойлгуулах ил тод цаг үеийг онож олж хуралдах ёстой. Тэгээд ч намд ажиллаж буй хүмүүс одоо амрах хэрэгтэй биз дээ. Сонгуульд ядартлаа ажиллацгаасан. Бас дээр нь, Хөдөлмөрийн хуулиар амрах цаг нь тохиочихоод байгаа хүмүүс ч олон байж таарна.
   
-Та Бага хурлыг товлохдоо, бас хуралдахдаа том зургаа харах хэрэгтэй гэж байх шиг байна. Намын шинэчлэл ч бас том зураг. Хэрвээ Бага хурлыг хойшлуулаад байвал одоо гаргаж тавиад байгаа шинэчлэл нь оройтох юм биш үү? 
-Шинэчлэл, өөрчлөн байгуулалт гээч юм яарвал нэг алддаг, алгуурлавал бас нэг алддаг нь социалист орнууд, тэдгээрийн намуудын өнгөрөөсөн хувь заяанаас ил харагдсан. Үнэндээ “шинэчлэл” гэдэг үг өнөө үед үнэхээр утгагүй зүйл болж хуучирчээ. Монголчууд бид эргэж нураахаа л шинэчлэл гэж боддог болчихоод байна. Одоо ч манай Монголд, намуудад эрх мэдлийн төлөөх тэмцлээ “шинэчлэл” гэдэг үгээр халхалдаг болчихиж дээ. Ухаандаа аль нэгэн намын удирдлагад горилсон хүмүүс хаана ч зөндөө л байдаг. Тэд санасандаа хүрэх гэж ямар нэгэн шалтаг хайж байдаг. Тэр гол шалтаг нь сонгуулийн дүн юм байна л даа. Сонгуулийн  дүн тааруухан гарчихвал энэ нь шалтаг болдог. Энэ шалтгаа олон түмэнд илэрхийлэхдээ “шинэчлэл” хийнэ гэдэг. Хараад байхад энэ нь удирдлагаа солино гэсэн үг юм байна л даа. Харин ийм шалтаг гараагүй байх үед “манай намын удирдлага ёстой мундаг” гээд магтаад байдаг, шалтаг гарчихвал “ёстой мулгуу дарга нар шүү” гэдэг. Энэ бол нийгэм судлал болон сэтгэл зүй дэх нэн сонирхууштай үзэгдэл шүү.

-Өнөөдөр шинэчлэл хийе гэж ярьж байгаа танай намын тэр хэсгийнхэн арай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг өөрсдөө, эсвэл аль нэгэн бүлэглдэлийн захиалгаар шалтаг болгож сандал ширээг гол зорилгоо болгоогүй байлгүй дээ.  
-Би ч бас тэгж бодохгүй байгаа л даа хө. Бага хурлаа товлох цаг хугацаа, хурлаар ярьж байгаа асуудлын цар хүрээ, тэрхүү хурлаас намын нийт гишүүдэд төдийгүй, Монголын нийгэмд үзүүлэх үр дүн зэргээс шинэчлэлийн агуулга, зорилго харагдана л даа. Тийм учраас л би одоо яарахгүй, дараа нь даарахгүй байх талаас нь яриад байгаа юм. 

-Тэгэхдээ шинэчлэл гэдэг үгийг хашилтад хийгүйгээр асуухад МАН-д шинэчлэл хэрэгтэйг та хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Шинэчилж, өөрчлөх шаардлага аливаа нам, амьдралын олон салбарт гарч болноо. Гардаг ч юм. Энэ шаардлага МАН-д 1990 оноос эхлэн тулгарч, тэдгээр шаардлагыг нь хангасаар ирсэн. Харин одоо нийгмээрээ “шинэчлэл” гэдэг үгийг “ажлаа сайжруулах” гэдэг үгээр солих хэрэгтэй болсон байна. Шинэчлэл гэж нэг юм бодчихоод түүнийгээ буруу хийвэл уналт болдог. Яг өнөөдрийн хувьд гэвэл, манай нам УИХ-д цөөнх болсондоо нийцүүлэн намын дүрмээ өөрчлөх ёстой. Зохион байгуулалтын гол өөрчлөлт нь энэ л дээ. Тэгэж байж ажил сайжирна. Тийм учраас л намын Их хуралдаа бэлтгэх ажлаа нухацтай хангаж байж Бага хурлаа хийх нь зүйтэй гэж санагдаад байгаа юм.

-Жишээ нь дүрмийн ямар өөрчлөлт байж болох уу?
-Агуулга, зарчим талаас нь жишээлж хэлэхэд намын Удирдах зөвлөлийн гол хариуцлага нь аливаа үед нухацтай шийдвэр гаргадаг байхад орших ёстой. Бүрэлдэхүүнийг нь зөвхөн энэ зарчимд нийцүүлэн сонгож авдаг болсон нь дээр. Тэгэхгүй, сонгуулиар “намын нэрсийн жагсаалт”- д орох гэсэн ганцхан зорилго, бодолтой нөхдөөр намын Удирдах зөвлөл дүүрчих ёсгүй. Хэрэв нөхцөл байдлаас шалтгаалан намын Удирдах зөвлөл огцроход хүрвэл дараагийн нөхөддөө суудлаа биш, намаа хүлээлгэж өгдөг байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, алдаа ололтоо дүгнэсэн дүнгээ түрүүчийн удирдлага нь дараагийнхдаа өгдөг болно гэсэн санаа. Түүнээс биш, зүгээр л нэг нь авъя гэхээр нөгөөх нь хэдэрлээд “тэгээ тэг” гээд байж болохгүй. МАН-ын хувьд энэ л гол болчихоод байна. Дарга, цэргийн хувьд солигдож, өөрчлөгдөж болноо, энэ бага хэрэг. Суудлаа өгч байх хэрэгтэй гэе л дээ, энэ бол зөв. Тэгэхдээ цаанаа энэ нь намаа зүгээр л орхичихож байгаа хэрэг болоод байна. Намыг удирдаж байгаа хүмүүс намаа ангаахай, дэгдээхэйний үүр мэтээр бодож хаяад орхиж болохгүй ээ.

-1996 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдсан учир тэр үеийн намын удирдлагууд огцорсон. Тэр үед та намын дарга байсан. Одоо үүнийг даган давтах, энэ жишгээр явах ёстой гэж зарим хэлж байх шиг байна. Гэтэл та их өөр юм хэлж байх юм. 
-Би хөндий хоосон юм хэлээгүй. Амьдралд тохиолддог үзэгдэл өөрийн логиктой гэдгийг л хэллээ. Сайн бодож үздэггүй хүнд амьдралын логик их хоржоонтой. 1996 онд МАН-ын удирдлага солигдсон явдлыг дуурайх үндсэн дээр жишээлсэн шаардлагыг өнөөдөр тавибал, тэр нь боломжгүй зүйл. Яагаад гэвэл, тэр үед бүх нөхцөл байдал тэс өөр байсан. Яг түүнийг давтах, эсхүл дуурайх гэвэл хөгийн хэрэг болно. Энэ мэтийн болон бүүр том түүхэн үйл явдлуудад шинжилгээ хийснээр “түүхийн тохуурхал”, эсхүл “түүхийн шог давталт” гэсэн категориудыг Гегель, Маркс, Энгельс нар бий болгож нийгэм шинжлэлд оруулсан байдаг юм.
   
-Та судлаач хүний хувьд өнөөдрийн намуудын,  намын гишүүний статусын тухай санаа бодлоо хэлээч. Намууд ер нь зөв зүг чигт явж байна уу? 
-Намын тухайд Италийн улс төр судлаач нэгэн том эрдэмтэн хийсэн судалгаандаа үндэслэн гурван янзын нам байна гэсэн дүгнэлтийг 1920-иод онд хэлсэн байгаа юм. Үүний нэгд нь, дэг ёс бүхий, дүрэм журамтай “хатуу” нам. Ийм нам засгийн эрхэнд гармагцаа улс орныхоо төлөө хариуцлага хүлээж зүтгэдэг. Жишээ нь, манайд гэхэд ийм нам бол 1920-иод онд үүсэн байгуулагдсан МАН юм гэж би санадаг.  Үүндээ ч итгэдэг. Харин засгийн эрхэнд гармагц хариуцлагаа орхидог нам. Ийм нам нь дотроо хоёр янз гэж байгаа юм. Засгийн эрхэнд гармагц үйлчилж тусалсандаа, үйлчилж тусалдагтаа мөнгө олж өгөгч хүч болчихдог бол, засгийн эрх авмагц өөрсдөө мөнгө хогшил хөөцөлдөн ологчид болчихдог. Энэ бол гурав дахь янз нь. Тэр хүний аль 1920-иод онд хийсэн дүгнэлт өнөөдөр ХХI зуунд ч хоцрогдоогүй юм шиг санагддаг. Миний энэ ишлэлийг ойлгох нэг нь ойлгоно биз, үгүй нэг нь үгүй биз. За, хоёулаа ингээд яриагаа өндөрлөх үү дээ.
   
-Та намын гишүүний тухайд хариулсангүй. Сүүлийн үед намын хатуу гишүүнчлэлийг болиулах, татгалзах яриа бий.
-Саяын миний хэлсэн шинжийг агуулсан намууд лав гишүүнчлэлгүй байж таараа. Яагаад гэвэл, хэрэв гишүүдтэй байсан бол гишүүд нь  намаа нийтийн дунд ийм шинжтэй гэх юм уу ийм байдалд оруулахгүй. Харин сүүлийн үед “хатуу” гишүүнчлэл гэж ярих болж. Тэгвэл “зөөлөн” гишүүнчлэл гэж бас байх уу. Товчхон хэлэхэд төрийн хуулиар намыг гишүүнчлэлгүй болгоно гэх нь угаасаа буруу. Энэ нь төрийн биш намуудын өөрийнх нь эрхийн асуудал байх ёстой. Хэрэв намын асуудлыг төр шийднэ гэвэл иргэний нийгэм алга болно. Нам гэдэг улс төрийн үзэгдлийн үндэс суурь нь энэ дэлхийн хаана ч гэсэн эхлээд гишүүнчлэлгүйгээр үүсээд дараа нь гишүүнчлэлтэй болсон байдаг. Нам гишүүдтэй болно гэдэг нь бас нэгэн ардчилал. Яагаад гэвэл, намд хэн нэгний дур зоргын үйлдлийг гишүүд нь хааж байх ёстой. Тэгэхгүй бол нөгөө л феодализм руу, боломжоо олсон, удирдлагад гарсан этгээдийн хаанчлал руу орно. Гишүүнчлэлгүй учраас удирдлагаасаа бараг буудаггүй, ганц нэгхэн хүний дур зоргын болчихсон нам манайд бас мэр сэр байна уу даа гэж би хардаг юм.  Зарим нэг томоохон улс оронд гишүүнчлэлгүй нам засгийн эрхэнд ч гардаг гэж манай зарим нөхөд хэлдэг. Ийм юм хаана ч байхгүй. Байхгүй юмыг байгаа гэж хэлж хэрэггүй. Нам гээч улс төрийн үзэгдэл гишүүд дээрээ л тогтох ёстой, тийм жамтай.
   
-Тэгвэл нам, гишүүн хоёрыг юу холбож тогтоож байх ёстой вэ?   
-Нам бол үзэл бодлоороо эвлэлдсэн хүмүүс гишүүн нь болж нэгдсэн холбоо, нэгдэл, зохион байгуулалт юм. Гишүүн бол намын үндэс. Намын бол гишүүд, тэдний нэр төр. Харин гишүүдийнх нь үнэт зүйл бол нам, намын нэр төр нь. Ингэж үнэнч сэтгэл дээр нягтарч байж л аливаа нам өөрийгөө зөв авч яван улс орныхоо төлөө жинхэнэ ёсоор зүтгэж чадна. Холбоо нь үүн дээр л тогтоно. Буруу юм хийсэн гишүүд нь намаа гутаадаг. Буруу юм хийсэн нам нь, ялангуяа удирдлагууд нь гишүүдээ гутаадаг. Ийм л юм.
   
-Та бараг сайн, муугаар нь жишээлээд МАН-аа хэлчихэв үү, үгүй юү?
-Үгүй шүү. Би асуусны чинь дагуу нам гэдэг улс төрийн үзэгдлийн тухай, тэр дотроо Монголын бүх намуудын тухайд,  Монгол орны эрх ашгийн тухайд анхааруулан хэлж байна. Нам, нийгэм гэдэг бол хоёр тусдаа, салангид зүйл биш. Ийм болохоор нам, төр хоёрын харьцааны асуудал гарч ирдэг. Энэ асуудлаа зөв зохицуулж чадаагүй улс орон өөдөө гарсан түүхгүй. За, одоо яриагаа өндөрлөж болох уу?

-За тэгье ээ, та сайхан наадаарай.
-Монголын ард түмэн маань нийтээрээ сайхан наадаарай гэж танай “Үндэсний шуудан” сонины хуудсаар дамжуулж хүсье.
http://otgonbayar.niitlelch.mn

No comments:

Post a Comment