-Бид их хурлаараа намыг
төдийгүй Монголын нийгмийг шинэчлэх тухай
хэлэлцэх ёстой-
хэлэлцэх ёстой-
МАН-ын Хяналтын хорооны гишүүн Л.Одончимэдтэй намын шинэчлэл, саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Таныг Б.Бат-Эрдэнэ аваргын сонгуулийн багт орж ажилласан гэж дуулсан. Энэ жилийн сонгуулийн онцлог гэвэл юу хэлмээр байна?
-Ц.Элбэгдорж өнөөдөр төр барьж байгаа Ерөнхийлөгч шиг байя, Б.Бат-Эрдэнэ аварга болохоор жудагтай байж үнэн чанараа үзье гэсэн бодлоготой өрсөлдлөө гэж харагдсан. Дорно дахины Даогийн сургаалаар бол аливаа хүчдэл өөрөө хүчдэлийг үүсгэнэ гэж үздэг. Б.Бат-Эрдэнэ аварга өрсөлдөгчийн үнэмлэхээ авахдаа л хэл ам хэрүүл шуугиангүй шударга сайхан өрсөлдье гэж уриалсан. Тэр бол аваргын мөн чанар юм. Нөгөө талаар төр, төрийн хяналтын бүх эрхийг барьж байгаа АН-ын өрсөлдөгчийн эсрэг хар пиар хийх гэдэг “салхины өөдөөс сарихтай” адил гэдгийг тооцсон хэрэг. Ерөнхийдөө сонгууль тун амгалан тайван боллоо. Ц.Элбэгдорж ард түмний тавны нэг, сонгуулийн насныхны гуравны нэгийн саналаар Ерөнхийлөгч болж байна. Цаашид хуульд өөрчлөлт оруулахгүй бол ард түмнээс сонгогдоно гэдэг утга чанараа алдах юм байна. Аварга бол ард түмний хайр хүндлэлийн хэмжээгээр санал авлаа. Ийм хүчтэй өрсөлдөгчтэй, өөрийн намын суурь оноо гэж байхгүйтэй адил байхад ялснаас өөрцгүй. Ер нь аварга тулдаа л 40 гарсан хувь авлаа гэж хүн бүхэн хэлж байгаа юм. Сонгуулийн явцад манай намынхан дотроос илэрсэн янз бүрийн хэргүүд аваргын хөлөөс тугалга уясан мэт чангаасан. Н.Удвалын хувьд анх удаа эмэгтэй хүн, тэгээд эмч хүн нэр дэвшлээ. Ер нь эмч нарын мэдлэг боловсрол ямар байдаг юм бэ гэдгийг Н.Удвал харуулж чадсан. Одоогийнхоо ерөнхийлөгчид санаж сэдэж, ярьж хэлж байсан зүйлээ үргэлжлүүлэх боломж олгох нь ашигтай гэсэн үзэл санааг сонгогчид илүү дэмжлээ гэж бодогдсон. Аварга харин өөрийнхөө үнэлэмжийг тогтоож мэдсэн нь улс төрчийн хувьд цаашдын зам мөрөө тодруулсан чухал алхам боллоо.
-Танай намынхан их амархан ялагдлаа хүлээж, “цагаан туг” өргөчих шиг болсон. Сонгууль шударга болсон гэж үзжээ дээ?
-Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг хувь хүн өрсөлддөг, тэгсэн мөртлөө заавал аль нэг намаас нэр дэвшдэг онцлогтой. Аварга бол яг л бөх шиг тахимаа өгч, Элбэгээд баяр хүргэсэн. Харин сонгуулийн үр дүнгийн талаар улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нь намын асуудал. Манай намын дарга нар “За за яамай, ашгүй хоёр яс хагацлаа” гэсэн шиг л хандсан. Цаана нь хугацаа байсан бол өөр хэн нэгнийг, магадгүй өөрсдийгөө ч баллаж мэдэх нь гэж айж эмээсэн юм шиг л харагдсан.
-Юу гэсэн үг үү. Өрсөлдөгч намынхантайгаа тохирсон гэх гээд байна уу?
-За харин түүнийг чинь мэдэхгүй юм байна. Би бол Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд хоёртой л ойрхон ажилласан. Тэд харин өөрсдийн чадах бүхнээ л хийж байсан. Хардах эрх гэж бий. Гэвч баримтгүй хардлага аюултай.
-Гэхдээ хэвлэл мэдээллээр хар пиар гэмээр зүйл гараад л байсан биш үү?
-Өө сэв хайвал өндөгнөөс ч олж болно. Хэвлэлийнхэн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй холбоотой зүйлийг нийтлэхээс бэргээд, аваргыг муулах сэдэв олдохгүй болохоор бөх хүнээр төр бариулах нь зөв үү гэсэн асуултыг тойрч эргэлдсээр өнгөрсөн. Харин хөндлөнгийн жижиг сажиг жиргээчид хорлонтой санаа шидэж, байдлыг хурцатгаж олз хайсан хярс шиг гүйлдэж байсан. Чоно борооноор гэдэг шиг сонгуулиар жаахан юм олж сурсан тэд харин орлого муутай өнгөрөв бололтой. Шинэ хууль сайн хэрэгжсэн гэж бодож байна.
-МАН-аас ч бас өрсөлдөгчийнхөө эсрэг хар мэдээ материалууд явуулаад байсан санагдана....
-Түрүүчийн сонуулиас сургамж авсан биз дээ. Нэлээд ноцтой гэмээр баримт худалдах гэсэн зарим нөхдийг буцааж байгаа ажиглагдсан. Сонгууль л болсон хойно яаж зүгээр байхав дээ. Жаахан чимхэж шоглосон материалууд гарч байгаа харагдсан. Хар машинтай уралдаж байгаа хөөрхөн шторкыг санаж байна. Ноцтой юм байгаагүй шүү дээ. Нэлээд үндэслэлтэй гэмээр материал тавья гэхээр хэн нь ч юм нэг том дарга нь татагалзаад байсан. Ер нь хурцатгахгүй байх бодлого давамгайлсан шүү.
-МАН-ын сурталчилгаа өрсөлдөгчөө харлуулах нь давамгайлах шиг л санагдсан даа. Та дотор нь ажиллаж байсан хүний хувьд тэгэж хэлж байгаа бол юу гэхэв дээ. Ингэхэд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал энэ сонгуульд хэр өрсөлдөгч байж чадав?
-Энд ойлгож ядаад байх зүйл байхгүй. Төрийн бүх өндөрлөгт ажилласан, одоогоор бидний мэдэх удирдагчдаас хамгийн их зүйл хийж бүтээсэн Н.Энхбаяр гэдэг хүнд МАН-ын удирдлага хэрхэн хандсаныг мэдэхгүй хүн байхгүй. Тэр хүнийг гомдоосныхоо горыг амсаж 2012 оны УИХ-ын, саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ялагдлаа. Саяын сонгуулийн нэг онцлог бол МАН, АН гэдэг хоёр томоохон улс төрийн хүчинд хуваагдан талцаж бүх жижгүүд нь хэн нь хэн бэ гэдгээ харуулсан явдал юм. Улс төр гэдэг үнэхээр учир нь олдохгүй адармаатай эд. М.Энхсайхан, Б.Жаргалсайхан хоёр гэхэд л Н.Энхбаяр руу гүйж байснаа болиод Элбэгээг дэмжиж харагдсан. Нөгөө их уул уурхай, газар шороо ярьдаг Ногоон намынхан Б.Бат-Эрдэнийн эсрэг зогсож байх жишээтэй. Амьдрах арга байнга өөрчлөгддөг юм хойно доо. Ер нь сонгуулиар л хүмүүс танигддаг. Н.Удвалын тухайд Монголын эрчүүдээс илүү жудагтай улс төрч гэдгээ харуулсан.
-Та энэ санаагаараа чухам юу хэлээд байгаа юм?
-Бяруу бух дагаж бэлчээрт хүрнэ гэдэг шиг Н.Энхбаяр даргыг дагаж хоолондоо хүрсэн “Ху” гаралтай намын эрчүүд яасан билээ. Бүгд түүнээс нүүр буруулсан нь үнэн биз дээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Шийлэгдамба нар л үлдсэн. Эмэгтэйгээс Н.Удвал. Тэд намын шинэчлэлийн төлөө явсан нөхдөө үгүйсгэж, Н.Энхбаярыг дэндүү гомдоосон МАН-ын удирдлагаас хариугаа авлаа. Манайхан Н.Энхбаяр даргын үйл явдлаас сургамж авч эв нэгдэлтэй болж чадсан бол сүүлчийн хоёр сонгуульд ялагдахгүй байсан.
-Саяын сонгуульд нам нь олигтой ажиллаагүй, аварга нэр хүндээрээ л 40 гаруй хувийн санал авлаа гэж хүн бүхэн ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би, УИХ-ын гишүүн асан Товуусүрэн, Бөхийн холбооны Нямдорж, Данзан нартай хамт аваргын штабт ажилласан. Бас зохиолч Б.Догмид бид хоёр Дорноговь, Говьсүмбэрт явж ажилласан. Манай намаас АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн байсан хүмүүстэй ажилласан. Бөх хүн хаяна гэж барилддаг шиг ялна гэж л өрсөлдсөн. Нам хоёр (гурав, дөрөв гэж хэлж ч болно) хуваагдаагүй, Н.Удвал орж өрсөлдөөгүйсэн бол аварга ялах магадлал байсан. Би сонгуульд ялбал дуугүй өнгөрье, ялагдвал намын удирдлагаас өө сэв хайя гэж бодож тэнд ажилласан юм биш. Харин сонгуулийн эхэнд, энэ удаагийн сонгуульд ялах нь 2016 оны ялалтын эхлэл болно, ялагдвал МАН-ын Монголын нийгэмд эзлэх байр суурь эрс унана гэдгийг цөмд нь хэлж, сонинд ярилцлага өгсөн. ТV8 телевизээр Ш.Гунгаадорж гуай бид хоёр маш тодорхой ярьсан. Пиарын талаар маш тодорхой саналууд хэлсэн. Дарга нар зөвшөөрөхгүй байна, мөнгө алга байна гэсээр өнгөрөөсөн.
-МАН-ын лидерүүд нэр дэвшигчээ яагаад дэмжсэнгүй вэ?
-Манай намын удирдлагуудын хувийн нэр хүнд нөлөөлсөнгүй. Ө.Энхтүвшин дарга Хөвсгөлдөө, Занданшатар Баянхонгортоо очоод нэмэр болсонгүй. Мөн манай намаас хоолонд хүрсэн нөхөд хүн чанараа байг гэхэд эр хүний жудаг гэдгийг мартсан мэт харагдлаа. Намын дарга нь нэр дэвшсэн бол яах байсныг бүү мэд. Ердийн нэг гишүүн нэр дэвшсэн болохоор өмнө нь нь сонгуулийн үед нам дээгүүр бүчээд, мөнгө барьж гүйгээд байдаг нөхөд үзэгдэхгүй болсныг хараад би үүнийг хэлж байна. УИХ-ын гишүүн, намын лидер, сайд дарга, агентлагийн дарга асан хүмүүсээс тоотой хэдхэн хүн л түүгээр харагдсан. Орчин үеийн хэлээр “но”-той хүмүүс бол сураг ч байхгүй. УИХ-ын гишүүд аймагтаа, дүүрэгтээ очиж ажилладаг байсан. Энэ удаа ихэнх нь ажиллаагүй, зарим нь ажилласан ч үр дүнд хүрээгүй. Харин Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Сүхбаатар нарыг очсон газар нь сайн хүлээн авч байсан. Юм хийе гэхлээр өөдөөс мөнгө байхгүй гэдэг үг сонсоно. Орон нутагт хүн ам ихтэй хот сууринд хүн томилж явуулъя гэхээр мөнгө байхгүй гэнэ. Сонинууд өөдөөс түрүүчийн сонгуулийн авалгаа нэхнэ. Бас манай намыг дэмждэг компаниудын дансыг хянаад байна гэж хүүхэд хуурах мэт юм ярина. Энэ онд ерөнхийлөгчийн сонгууль болно гэдгийг мэдсээр байж яагаад санхүүгээ бэхжүүлэх ажил хийгээгүй юм бэ. Энэ бол манай нам “Тарваганы мангас” хочит Пьерт хамаг мөнгөө алдаад Парижийн коммун ялагдсан түүхтэй төстэй мэт санагдсан.
Манай нам дээд талдаа л нэр хүнд нь унаснаас биш, орон нутагт бол гишүүд, дэмжигчид маань их юм хүлээж байгааг харлаа. Тэгэхлээр суурь нь зөв барилгыг засч болдог шиг тийм ээлжит шинэчлэл хэрэгтэй байна. Монголын нийгэмд намчирхсан талцал хагарал ямар их газар авсныг, бас мөнгө л байвал хэнийг ч худалдахад бэлэн гэдгийг харлаа. Мөөеө, Баянаа хоёр Б.Бат-Эрдэнийн эсрэг пиар хийж байгааг ард түмэн юу гэж ойлгосон бол. Хамгийн их жудагтай хүмүүс бол бөх гэж аварга яриад явдаг, нөгөө хоёр нь өөр юм харуулж суудаг. Бас урлагийнхан, нэртэй төртэй олон уран бүтээлчид мөнгөний төлөө алиагаа алдахыг харлаа. Эмгэнэлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг. Дээр нь намуудын мөрийн хөтөлбөрийг сонирхож байгаа хүн ер нь алга. Хүрэн, ягаан, улаан өнгө нэг л туяатай байдаг шиг жижигхэн энэ улсад бүх юм ойлгомжтой болохоор нэг л юмыг өөр өөрөөр амалсаар байгаад улиг болчихож. Үүнийг бүх намууд бодож үзэх хэрэгтэй болжээ.
-Талцал чинь танай нам дотор илүү их байгаа юм биш үү?
-Бүх зүйл өөрчлөгдөж хувьсдаг. Гэхдээ сайн тал руугаа л байх учиртай. Яруу найрагч М.Цэдэндорж асан “Болно, болно, болохгүй юм гэж байхгүй” гэж нэг гоё шүлэг бичсэн. Хуучнаар, МАХН л энэ улс орныг хөгжүүлж чадна гэсэн итгэл жирийн иргэдийн сэтгэлд бат хоногшсон байсан үе бий. Өнөөдөр манай намд жирийн ард байтугай гишүүд нь энэ итгэл үнэмшлээ алдахад хүрч байна. Эрх тушаал бол эд хөрөнгөтэй болох зам. Эд хөрөнгөтэй болбол эрх тушаалаа эргүүлээд худалдаж авна. Тиймээс эрх мэдэлд хүрэхийн төлөө аль нэг лидерийг дагах хэрэгтэй. Энэ бүхэн бол улс төрчдийн өнгө. Үүнээс болоод улс төрийн намууд, намаа дагаад төр өөрөө авилгачид, олигархийн бүлэглэлүүд болж хуваагдаж ирсэн. Олигархиуд хоёр том намд аль алинд нь бий. Улс төрийн намууд улс орноо хөгжүүлэх арга зам, үзэл бодлоороо зөрж хэрэлдээд хагарч бутарч байгаа бол сайн хэрэг. Тэр бол хөгжилд хөтөлнө. Харамсалтай нь эрх мэдэл, эд мөнгө, газрын баялагаа булаацалдаад яс хэмлэлдэх нохой шиг уралцсаар улс орны хөгжил хоцорч, ард түмэн хохирч байна. Төрөөс төрсөн тэрбумтан гэж нэг нэр томьёо гарч ирсэн. Гүрж улсад тэднийгээ цөмийг шалгаад, өмч хөрөнгийнх нь эх үүсвэрийг тогтоогоод, хураахыг нь хурааж, үлдээхийг нь үлдээсэн гэдэг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч МАН-ын авилгачдыг илчлээд эхэлсэн шигээ аль алиныг нь уудалбал жинхэнэ баатар болно. Хэрхэхийг цаг хугацаа харуулна биз ээ. Гэхдээ УИХ, Засгийн газраа байгаа авилгачдыг цэвэрлэж чадахгүй бол, өвчний өтгөн шингэнийг зөөгөөд ар гэрийнхнээс таван төгрөг авч байгаа асрагчтай яриад хэрэггүй юм. Ц.Элбэгдоржийн авилгатай тэмцэж эхэлснийг хараад айж сандарсан манай зарим хүмүүс сонгуулийн үед нэр дэвшигчийнхээ эсрэг пиар хийгээд давхиж явааг хараад өрөвдөж суулаа.
-Танай намын хэсэг залуус намаа шинэчилнэ, дарга нараа зайлуулна гэж яваа бололтой. Та ч бас нэг үе намаа шинэчилнэ гэж явсан хүн шүү дээ?
-Шуудхан хэлье. Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын 2000 онд эхэлсэн хэрүүл эцэстээ МАН-ыг ийм байдалд орууллаа. Н.Багабандийг дэмжигчид эцэстээ Н.Энхбаярыг шоронд хийж, санааг нь гүйцэлдүүлсэн. Энэ хоёрын тэмцэл дундуур гурав дахь, дөрөв дэх талцал үүсгэсэн нөхөд, Нийслэлийн фракц гэгч М.Энхболдтон, Т.Бадамжунайтан энэ намаар тоглоод дууслаа. “Жигүүр”, “Элсний 13” гарч ирээд тэднийг нэг зайлуулсан ч, манай талын лидерүүдийг худалдаж авснаар “Конец фильма” болсон. Бат-Үүл гарч ирж Нийслэлийн фракцыг дарсан ч тэдний балаг хэвээрээ байна. Т.Бадамжунай сонгуулийн санхүүг хариуцаж байхад хэн түүнд мөнгө өгөх юм бэ. “Чи өөрөө тэр авлигын мөнгөө гаргахгүй юу” гэж түүнд хэлж байгаа юм чинь. Тэгэхлээр манай намд шинэчлэл гэхээсээ илүү их цэвэрлэгээ хэрэгтэй болсон. Хорхойтсон шүдийг ломбодож цаг алдсанаас аваад хаясан нь дээр байдаг.
-Одоо тэгээд танай нам яаж шинэчлэгдэх ёстой гэж та бодож байна?
-Хөрс, үр, чийг, нар байхад ногоо ургана. Хөрс нь гишүүд, үр нь залуучууд, чийг нь нэг үзэл баримтлал, нар нь энэ намыг үүсгэсэн, өдий болтол авч явсан ахмадууд, бүх насаараа шударга явсан эрдэмтэн мэргэд юм. Хогийн ургамлаа байнга цэвэрлэж байгаагүйгээс тариа ногоогоо идүүлдэг биз. Намд гай түйтгэр болсон бүх хүмүүс У.Хүрэлсүх шиг эр зориг гаргаад хурдан зайлах хэрэгтэй. Тэд цөм баяжсан болохоор одоо цэвэрхэн зайлах аргаа хайж байгаа юм. Намыг хагалсан, бутаргасан, нэр хүндгүй болгосон бүх нөхдийг, хот, дүүрэг, аймаг, сумын түвшинд одоо мөрдөж байгаа дүрмийнхээ дагуу зайлуулах хэрэгтэй. Энэ бол ганцхан миний үг биш, шударга гишүүд, дэмжигчид, ерөөсөө шударга ёсыг эрхэмлэдэг ард түмний үг. Намын төв аппарат гэдэг ямарч чадваргүй хүмүүсийн бөөгнөрлийг ч цэвэрлэх хэрэгтэй. Шударга гишүүдийн мөнгөөр олон хүн тэжээх шаардлага байхгүй. Тэнд фракцуудын төлөөллөөс бүрдсэн авилгачдын гар хөлүүд хувалз шиг шигдсэн байна. Залуучууддаа итгэл өгч, зөв залах ухаан хэрэгтэй. Намыг ийм байдалд хүргэсэн хүмүүс зугтаж байхад залуучууд ингэж хөдлөх нь сайн хэрэг. Аваргын хэлдгээр нэр, сэтгэл, гар цэвэр хүмүүсийг оруулж ирэх хэрэгтэй. Намын ажлыг мөнгөөр биш, сэтгэлээр хийдэг юм. Сэтгэл байхад цөөднө гэж үгүй. Хоосон тоонд хууртаж суухаа болих хэрэгтэй. УИХ-д жагсаалтаар орж ирсэн, нэр хүндээ барсан, парламентыг хоргодох байр болгосон зарим нөхөд ч өөрсдөө зайлбал намын нэр хүнд өснө. Оюун санаа хуучирдаггүйг саяны сонгуулиар Ц.Балхаажав гуай, Ш.Гунгаадорж гуай гээд олон ахмадаас харлаа. Нөгөөх нам дагасан ТББ-ууд хаачсан бэ. АН-ынхны LIKE шиг арга хэмжээ хийсэн үү. Тэдний оюун санаа хаачив. Тэднийг мөнгөөр тэтгэдэг хүмүүс нь хаачив гээд яривал их зүйл бий.
-Танай нам улам л хүч нь сулраад байгааг, иргэдийн итгэл энэ намд алдарсныг сонгуулийн үр дүнгүүд харуулаад байна. Эрх барьж байх үеийн алдаанууд ч эхнээсээ аваад ил болж байна. Баахан хүн авлигын хэргээр баригдлаа. Дээр нь Лениний музейг өөрийнх гэж зүтгээд амжилт ололгүй алдсан. Одоо цааш нь юу болдог бол?
-Одоо намын төв байр, цаашлаад аймаг, дүүргийн намын байрны асуудлыг ярихыг байг гэхгүй. Тэгээд намыг гишүүнчлэлгүй болгох тухай ярьж байна. Үүний эсрэг хэн дуугарав. Оюу толгой, Таван толгойн гэрээ хийх, хар машинаар санал тоолох, нэг тойрогт хоорондоо өрсөлдөх, болгосон хууль гаргах, төрийн албан хаагчдыг намаас түдгэлзүүлэх хууль батлахад манайхан хаана нь байсан юм бэ. Өөрсдөө тойргоосоо гарч ирэх ухаан сийлж л сууснаас биш, цаад намын хувь заяаг тэд мартсан юм. Өөрсдөө хамт сууж баталсан хуулиа муулаад байдаг, Хамтарсан засгийн газрын үед хийсэн ажлаа хамгаалж чаддаггүй ийм үхээнц байдал яагаад бий болов. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд унагаад, шоронд хийгээд МАН юу хожив. Манай нам үнэхээр 220 мянган гишүүнтэй юм бол сая нэг хүн 3 дэмжигч дагуулж санал өгүүлэхэд л ялах байсан. Бид тийм уриа гаргасан. Олон аймаг, хотын дүүрэгт нам нь сайн зохион байгуулж чадсангүй. Ер нь гишүүний тоо үнэн юм уу гэж бодож явна. Нүүр нүүрээ харж суугаад үнэнийг ярьж, үгээ олоод явж чадахаа больсон бол юуных нь журмын нөхөд байх билээ. Гишүүдийн 20 хувь нь “Үнэн” сониноо захиалдаг, бүгд хандиваа өгдөг байхад л мөнгөний гачаалгүй ажиллаж болно.
-Одоо тэгээд сонгуулийн дүнгээ ярина, их хурлаа зарлана гэж байгаа юм уу?
-Манай нам сүүлийн гурван сонгуулийн дүнгээ ярьж чадаагүй. Наадам толгойд эргэлдсэн үед сонгуулийн дүн яриад ямарч нэмэргүй. Харин сонгуульд ялагдуулсан лидерүүд хурдхан ярилцсан болоод энэ зун сайхан амаръя гэж бодож байж магадгүй. Ер нь одоогийн бага хурлын бүрэлдэхүүнээр оновчтой шийдвэр гаргана гэдэгт эргэлзэж байна. Их хурлын тухайд тун сайн бэлтгэх хэрэгтэй. Үзэл онол ямар байх вэ, мөрийн хөтөлбөр хаана байна, дүрмээ яаж өөрчлөх вэ гээд олон асуудал шийдэх ёстой. Зохион байгуулалт, боловсон хүчний бодлогоо яаж шинэчлэх гэдэг нь чухал. Үзэл онолгүй нам бол шүншиггүй бурхантай төстэй. Намууд уралдаж амласаар байгаад одоо амлах юмаа дууссан. Намууд бүгд худалч нэртэй. Сонгуульд оролцдог идэвх он дараалан буурч одоо улс даяар 63 зарим аймагт 51 хувь болж байгааг юу гэж үзэх вэ. Үнэн юмыг зоригтой хэлж, түүнийгээ ард түмэнд ойлгуулж, шантралгүй туулж гардаг, ард түмнээ ажил хийж, аж амьдралаа өөд татдаг болгох нам хаана байна. Их хурлаараа энэ бүхнийг шийдвэрлэх ёстой. Одоогийн их хурлаар зөвхөн МАН-ын төдийгүй Монголын нийгмийн шинэчлэлийн асуудлыг авч хэлэлцэх ёстой. Ийм түүхэн үүрэг ногдож байгаа юм.
Их хурал хийхээсээ өмнө эрдэмтэд, эдийн засагчдаа сайн сонсох хэрэгтэй. “Хөгжилд хурдан хүрэх монгол зам”-ыг манай нам тодорхойлох хэрэгтэй. Гадны нөлөөнөөс гарах, нэг ёсондоо гадныхныг аажмаар цэвэрлэх замыг хайх хэрэгтэй. Өнөөдрийн Монгол орныг зүйрлэж хэлбэл Үндэсний хувцастай, америк сэтгэлгээтэй, хятад идэштэй, орос унаатай, солонгос хадамтай, япон найзтай нэг их том хоосон түрийвч өвөртөлсөн цээж баян шиг л харагдаж байгаа юм. Бид зөв зүг рүүгээ, буруу замаар явж байгаа юм.
No comments:
Post a Comment