Friday, 14 September 2012

М.Ичинноров: Сайн засаглал биднийг гадныханд “дур булаам” үндэстэн болгож харагдуулна

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа хуульч М.Ичинноровыг урьж, ярилцлаа.

-Та манай сонины “Би Мон­­­голоо ингэж хөгжүүлнэ” бу­­­ланд уригдлаа. Тэгэ­хээр Мон­­гол Улсын хөгжил хэр эр­чим­тэй явагдаж байна гэж та бо­дож байна. Үүнээс ярилц­ла­гаа эхэлье?
-Эдийн засагчид Монгол Улс үс­рэнгүй хөгжлөөрөө Катарыг дав­­на гэж ярьж байгаа. Мэдээж тэ­­­гээсэй гэж бид бүгд л хүсч бай­на. ОУВС-ын мэдээллээр ДНБ хамгийн их өссөн 10 орны тоонд Монгол Улс багтаж, 6. 9 ху­вийн өсөлттэйгөөр долду­гаарт бичигдсэн байна. Гэхдээ маш их мөнгөтэй болсноор үүнийг зөвхөн хэмжихгүй байх. Хү­­мүүсийнх нь амьдрал тэгш дээшилж байвал бид үсрэнгүй хөгжиж байна гэж бодож болох л юм. Гэтэл баян хоосны ялгаа хэт ихсэж байгаа байдал үүнд эргэлзээ төрүүлдэг.
-Ер нь хөгжлийн гарц нь юу юм бол. Хүмүүсийн хэ­лээд байгаачлан уул уурхайн сал­бар байж чадах уу?
-Чанартай сайн боловсрол, эрүүл мэнд, сайн засаглал, хөгж­­лийн хөшүүрэг болсон дэд бүт­цүү­дийг хөгжүүлэхэд хэрэг­тэй бай­гаа асар их хөрөнгийг бид уул уурхайгаасаа л босгох нь гар­­цаагүй. Өнөөдөр манай ул­сын нийт экспортын 80 хувь нь байгалийн баялаг байна. Тэ­г­э­­­­хээр эдийн засгийн өсөлт, хөг­­­­жил нь уул уурхайгаасаа ха­маа­­­рах хэт хамаарал үүсдэг. Дэл­хийн зах зээл дахь түүхий эдийн үнийн хэлбэлзэл ч бас нө­лөөлөөд явчихна. Дээрээс нь улс төр, засаглалын тогтвортой байд­лаас хамаардаг гадаадын хө­­­рөнгө оруулалт дээр тулгуур­лаж хөгждөг учраас энэ сал­барт эрс­­дэл бий болдог. Тий­мээс би­дэнд уул уурхай дээ­рээ суурил­сан ч гэлээ бусад сал­бартайгаа зөв уялдуулсан ухаа­лаг эдийн зас­гийн бодлого хэ­рэг­тэй. Гэхдээ бид­ний хамгийн том капитал бол боловсрол. Одоо бид соёл ахуй­­­, ёс зүй­гээ сайжруулах хэ­рэгтэй.
-Манай улсын хөгж­лийг хүмүүс янз бүрээр ярьж байна. Зарим нь хөгж­сөн гэж байна. Нөгөө хэсэг нь урууд­­­сан ч гэх юм. Та ямар дүг­­нэлт өг­дөг вэ?
-Хөгжил нь засаглалын чадавх, чанартай, сэтгэл ханамжтай үйл­­­­­чилгээ, иргэд нь амьдралдаа тэгш, шударга ёс үйлчилж бай­­гааг мэдэрч амьдарч бай­гаа­гаар то­­­дор­­хойлогддог гэж би бод­дог. Тоон дүнгээр өсөж бай­гаа эдийн засгийн үзүү­лэл­түүд нь хү­­­­мүүсийнхээ амьд­ра­лын чана­рыг дээшлүүлж бууж бай­гаагаар тоо­­­­­цоологдох ёстой гэж бодож бай­на.
-Монгол Улс дэлхий ний­тийн анхааралд орчихсон ийм үед ямар нэг том алхам хэ­рэг­тэй байгааг ярьдаг ч яг юуг гэдэг нь тодорхой бус юм. Чухам юунаас эхэл­чихвэл дээр бол?
-Сайн засаглал. Засаглалын ши­­нэчлэл. Засаглалын шинэч­лэ­­лийг боловсон хүч­ний ши­нэч­­лэл, түргэн шуур­хай, болов­сон, соёлтой үйлчилгээ­гээр дам­­жуу­лан хийх хэрэгтэй. Энэ нь бид­нийг гадныханд дур бу­лаам үн­­дэс­­тэн болгож чадна.
-Монгол Улс Ардчилсан зас­­г­аар төрөө удирдуулах үе ир­­лээ. Энэ дөрвөн жилд Зас­­гийн газар улс орны хөгж­­лийн тө­лөө ямар ажлыг хийж эх­лээ­сэй гэж бодож бай­на вэ?
-Давтаад хэлье. Сайн засаг­ла­­лыг бий болгож чадах хэ­рэг­­тэй. Хариуцлагатай төр, ха­­­риуц­лагатай ардчилал, ха­риуц­­­лага­тай аж ахуйн нэгжүүд, ха­­риуцлагатай хувь хүмүүсийг бий болгох.
-Хамтарч төр барьж байгаа хоёр намын хэрэгжүүлж бай­гаа ажил, сайдуудын томил­гоо ажлын үр дүнд  ямар дүн тавьж сууна вэ?
-Мэдээж урьд урьдынхаас ши­­нэ­лэг болж чадсан. Би л лав Н.Ал­танхуяг Ерөнхий сай­дын “Ши­нэчлэлээр шийдье-222” уул­залтад орол­цоод маш их ит­гэл үнэм­шил төрсөн. Л.Ган­тө­­мөр, Х.Тэ­­мүүжин, Ц.Оюун­гэ­рэл, Х.Бат­­т­улга, Н.Уд­вал на­рыг би лав нэлээд дорвитой шинэчлэл­үүд хийж чадах сайдууд гэж ит­гэж байгаа.
-Таныг улс төр дэх эмэг­тэйчүүдийн төлөөлөл болж орж ирэх болов уу гэсэн хү­лээлт нийгэмд бай­сан. Яагаад сонгуульд өрсөлдсөн­гүй вэ?
-МАН-аас гарах мэдэгдлээ хийх­дээ их эрсдэлтэй нөхцөл бай­далд хийсэн. Үүнээс гарах үр дагавар нь миний сонгуулийн ам­жилтад сөргөөр нөлөөлөх бо­дит байдал үүссэн байсныг тоо­цоолсон. Тэр үйл явдал амьд­ралын минь бүх талбарт хүн­дээр туссан нь үнэн. Гэхдээ өнөө­дөр УИХ-д ороогүй ч гэлээ МАН-аас гарсан байгаадаа сэт­гэл хангалуун, эрх чөлөөтэй би алхдаг.
-МАН-аас гараад МАХН-ыг сонгоно гэж нэлээд яригд­сан. Гэвч та энэ бүхэнд ня­цаалт хийж ирсэн шүү дээ. МАХН-ын удирдлагууд намын дар­­гаа золионд гаргаж ал­бан ту­шаалын хойноос хэт хөө­цөл­дөж байгаа гэдэгт санал нэг­дэх үү?
-Н.Энхбаярын баривчилгаа 2012 оны сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн гэдэгтэй бүгд санаа нийлэх байх. Тэр хүний ачаар, тэр үйл явдлын ачаар олон хүн өнөөдөр эрх мэдэлд хүрсэн байх.
-Шударга ёс алдагдлаа гэх юм. Шударга ёс гэдгийг улс төрийн намууд ямар өнцгөөс нь харж, чухам ямар байдлаар нийгэмд шударга ёс тогтоох гээд байгаа юм бэ?
-Сандал суудлаа зөв буруу хуваарилж байгаагаа тэгж үзээд байгаа юм уу гэх бодол хааяа төрдөг. Гэхдээ шударга ёс гэдэг бол нөмөр нөөлөгт нь үнэний төлөөх эрэл урагшлан давшиж чадах нийгмийн тогтолцоо юм гэж нэгэн иргэн бичсэнийг би уншаад яасан гоё томьёолоо л вэ гэж бодож байлаа. Үүнтэй агаар нэгэн санааг би “Шударга ёс бол хөршийгөө хайрлах” гэсэн нийтлэл бичсэн. “Тойм” сэтгүүл дээр гарсан.
-Ер нь Монголд амьд явах баталгаа алга гэж нийгэм тэр чигээрээ бухимдалтай байна. Хү­ний эрхийг хамгаалах, аюул­гүй орчинд амьдрах талаар хэрэгжүүлж байгаа ажлууд нь хангалтгүй юм шиг санагддаг?
-Үүнийг гэрчлэх үйл явдлууд ар араасаа, өдөр бүр л цувран гарч байна.
-Саяхан олон аймшигт ослууд гарлаа. Хүний амь үнэ цэнэгүй болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад Улаанбаатар хотод нэг хоногийн зайтай  7-12 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амь насаа алдлаа.  Өнөөдөр Монголд хүний амь нас хамгийн үнэ цэнэгүй байгааг сүүлийн үед ярьж шүүмжилж байгаа.  Хуульчид бид “Тавантолгой” компанийн хариуцлагагүйгээс амь насаа алдсан нэг айлын хоёр хүүхдийн хэргээр дамжуулан хүний амь насыг үнэлдэг системтэй болох нь зүйтэй гэсэн яриаг эхлүүлсэн.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ асуудлыг хөндөж эхэллээ.  Хүнд эд хөрөнгийн хохирол учруулсан байвал заавал төлүүлдэг мөртөө хүний алтан амийн хохирлыг нөхөн төлөхгүй байдаг нь буруу юм гэж үзэж байна.  Одоо буруутай этгээдүүдээс зөвхөн оршуулгын зардал гээд л хэдэн төгрөг гаргуулдаг. Гэтэл хүний алтан амь бол үнэлж баршгүй их үнэ цэнэтэй шүү дээ.
-Монгол хүний амийг үнэ цэнэтэй болгоё гэсэн та бүхний санаа маш олон хүнд таалагдсан. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй яриач?
-Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсээд л өнгөрдөг. Гэтэл аюулгүй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал яригддаггүй. Энэ нь Монгол хүний амь насыг үнэлэх, тэдний эрхийг хамгаалдаг тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэртэй байдаг.  Улс орнуудад хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлдчилдэг юм байна. Тэхээр Монгол хүний амь ямар үнэтэй вэ? Үүнийг олон улсын жишигт үндэслэн хэрхэн үнэлэмжтэй болгох вэ. Эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ гэсэн асуудлаар “Стратегийн өмгөөлөл-Хуульчдын холбоо”-ны хуульчид санаачлага дэвшүүлэн ажиллаж байна.
-Таны яриад байгаа хүний амьдралын статистик үнэ цэнэ гэж чухам юу юм бэ?
-Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн эдийн засаг гэсэн шинэ салбар хөгжиж байгаа юм байна.  Улс орнууд өөр өөр хэлбэрээр энэ үнэлгээгээ бий болгодог ч Австралийн жишгээр Монгол хүний амийг үнэлэх томъёоллыг санал болгож буй юм.  Үүгээр бол VSL |Value of Statistical Life| буюу хүний амьдралын статистик үнэ цэнийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын тооноос хасч амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны иргэний жилийн нэг хүнд ноогдох дотоод нийт бүтээгдэхүүний тоонд үржүүлэн гаргадаг байна.  Энэ томъёоллоор Австрали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая долларт хүрдэг байна.  Бид энэ тал дээр маш сайн судлах хэрэгтэй байгаа юм. Бусад орнуудад яаж үнэлдэг системийг сайн судлах хэрэгтэй. Хуульчид биний санаачилж буй энэхүү нөлөөллийн үйл ажиллагааны гол зорилго нь хүний амь насыг үнэлдэг болсноор Монгол улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх баталгаатай байх эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн нөлөөтэй үйл явц болох юм. Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана.
-Улсын хөгжил хүнээс гэж ярьдаг. Тэгвэл хамгийн тү­рүүнд хүнийг хөгжүүлэхийн тул­д ямар алхмыг хийх ёстой вэ?
-Сая есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн чухал үг хэлсэн. Улсын хөгжил хүнээс. Хүний хөгжил хүүхдээс гэж. Энэ л томьёоллоор хүнээ хөгжүүлэх бодлогоо гаргах хэрэгтэй. Өнөөдөр хүүхдэд зөвхөн шинжлэх ухаан заах биш хүн байх ухааныг багаас нь төлөвшүүлэх, ёс зүйтэй, соёлтой, хүнлэг иргэн байхыг төлөвшүүлэх нь бидний хөгжлийн түлхүүр болох байхаа.
-Монголчууд баян хүмүүс мөн үү. Уул уурхайн баялгаас иргэн бүр хүртэж элбэг хангалуун амьдрах ёстой гэдэг ч хоногийн хоолоо залгуулж чадахгүй олон хүмүүс байна шүү дээ?
-Унаж байгаа машин эдэлж хэрэглэж байгаагаар нь дүгнэдэг бол баян л юм. Харин баян тансаг ганган машины дотроос ундааныхаа лаазыг шидэж байгааг нь, замаар хөндлөн гарч яваа хүмүүст зам тавьж өгөхгүй дайрах шахам өнгөрч буйг нь хараад баян биш харин хоосон юм уу гэж бодогддог. Гэхдээ таны хэлж байгаа үнэн шүү. Бид асар их баялагтай, одоо эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа орон. Гэтэл юмны үнэ маш их нэмэгдэж байна, ихэнх иргэдийн амьжиргаа доогуур түвшинд байна. Бэлэн мөнгө тараах нь тухайн өрхийн эдийн засагт нэмэр болж буй хэрэг боловч түүнийг дагаад инфляци хөөрөгдөж байна. Инфляцийн хөөрөгдөл нь хүнсний бараа таваар, тэр дундаа махаар илэрч байна. Гэтэл ядуу өрхийн зарлагын ихэнх хувийг (жирийн өрхтэй харьцуулахад 20 хувиар илүү) хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.Үүнийг дагаад инфляцийн хөөрөгдөл нь эргээд ядуу өрхийг улам хүнд байдалд оруулах нөхцөл бий болгож байгаа юм. Иймээс баялгийн хуваарилалтыг зөвхөн тараах байдлаар хийх бус тухайн өрхийн амьжиргааг урт хугацаанд хэрхэн дэмжих, хувь хүнийг хэрхэн чадваржуулах вэ гэдэг талаас нь хийх шаардлагатай санагддаг.

Б.Өнөртогтох
http://www.mminfo.mn

No comments:

Post a Comment