Sunday, 16 September 2012

Т.Ариунаа: Үнэтэй бэлэгнээс илүү шинэ дуу намайг нойргүй хонуулдаг

Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Зөвхөн баяр ёслол гэлтгүй, танд урилга заллага их ирдэг биз. Нэг арга хэмжээнд ямар өртгөөр дуулж байна вэ?
-Олон газраас хүсэлт ирдэг ч тэр бүхэнд зөвшөөрсөн хариу өгдөггүй. Сонгосон газартаа чухам ямар үнэ хөлс авч дуулдаг нь нууц. Угаасаа та нар бараг гадарлаж байгаа биз. Цөөн албан байгууллага, компанийн арга хэмжээнд оролцдог учраас өөрийнхөө хөдөлмөрийг тодорхой хэмжээгээр үнэлнэ шүү дээ, би.
-Шинэ цомог гаргах болоогүй юу. Нэлээд хугацаа өнгөрлөө?
-Төлөвлөсөн ажил бий, гэхдээ дэлгэмээргүй байна. 2006 онд би “Дурлал шиг асна” цомгоо гаргасан. Түүнээс хойш цомог гаргаагүй. Ер нь, би 4-5 жилийн хугацаатай цомог гаргасан нь дээр гэж боддог. Энэ хугацаанд чанартай хэдэн дуу бичүүлээд авбал болох нь тэр.
-Дуулсан дуу бүр тань хит болно гэдэгт итгэлтэй байж чаддаг уу?
-Бүрэн итгэлтэй байдаг гэж хэлэхгүй ээ. Ямар ч байсан, ихэнх дуу маань хит болно гэж итгэдэг. Заримдаа хит болохуйц хэмжээний дуунууд амжилтад хүрэхгүй байх нь бий. Учир шалтгааныг нь мэдэхгүй юм. Харин сүүлд дуулсан “Үл таних эмэгтэй” киноны дууг үнэхээр сайн бүтээл болно гэж итгэж явсан. Кино зохиолоо уншиж тэр нэгэн бүсгүйн амьдралыг ойлгож, мэдэрсэн учраас энэ дууг сэтгэл зүрхээ чагнан байж дуулсан. Би ч бас эмэгтэй хүн, эх хүн шүү дээ. Амьдралын жаргал зовлон дундуур туучиж яваа эгэл бүсгүйн аз жаргал, баяр гуниг миний зүрхэнд тодоос тод харагдсан. Тийм болохоор үг, өгүүлбэр бүрийг нь чин сэтгэлээсээ илэрхийлж чадсан байх.
-Шинэ дуугаа бичүүлээд л явж байгаа юу, одоо?
-Тийм ээ. Хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай уулзаж, студи продакшин хэссээр явтал өдөр өнгөрчих юм байна шүү дээ. Шинэ дуугаа бичүүлж, клиптэй болгосны дараа нэг хэсэгтээ л сэтгэл амар сууна. Гэхдээ дууныхаа клипийг телевизээр анх үзэх гэж байгаа өдрөө хөөрч догдлоод хэрэндээ л сандарна. Манай нөхөр хүртэл гайхаад байдаг юм. “Хүүе, Ариунаа чи яагаад ингэж сандраад байгаа юм бэ. Бас гар утсаа дэрнийхээ дэргэд тавьж унтдаг нь ямар учиртай юм” гээд л. Үнэндээ бол, шинэ дууны маань клип гарч эхэлмэгц Балхаа ах, Гүрээ ах хоёр над руу ярьдаг байхгүй юу. “Клипээ үзэж, дуугаа сонсч байна уу. Ямархуу болж вэ” гээд л баахан хөөрч догдолсон улс.
-Уран бүтээлийн ажлын хажуугаар гэр орондоо хэр зэрэг анхаарал тавьж байна даа?
-Би тийм ч муу эзэгтэй биш ээ. Уран бүтээл минь амжилттай, зорьж төлөвлөсөн бүхэн маань төвөггүйхэн бүтэж байгаа нь ханийн буян. Урлагийн хүнийг ойлгож, хүсэл сонирхлыг нь дэмжиж чаддаг ханьтай байхад би юу ч хийж бүтээнэ. Нөхөр маань надад үнэтэй цаг, гоё даашинз авч өгвөл учиргүй баярлаж хөөрөөд байх нь хаашаа юм. Хэдийгээр бэлгэнд дургүй хүн байхгүй ч гэлээ, энэ бол тийм ч сонирхолтой сюрприз биш. Харин шинэ дууг минь сонсч, урмын үг хайрлаж байвал уран бүтээлч хүний хамгийн том аз жаргал тэр.
-Уран бүтээлч хүн цаг үеэсээ түрүүлж явах ёстой гэдэг. Үүний адилаар, тухайн хүний үзэл бодол ч өөр байх нь лав?
-Тэр мэдээж. Гэхдээ манайхан сүүлийн үед хэтэрхий хэв маяг, хэлбэр дүрс хөөцөлддөг болж. Хотын соёл, техник технологи л яриад байх юм. Хүн чанар, ёс заншил, өв соёлын тухай дурсч байгаа хүн тун цөөн. Ялангуяа, эх оронч үзлээ бид ямар ч үед гээх ёсгүй баймаарсан. “Морь мал унахгүй, гэрт амьдрахгүй. Гэр хороололд байгаа хүмүүс бүдүүлэг. Хотын соёлоос хөдөөгийнхөн суралцах хэрэгтэй” гэж ирээд л тэнгэрээс унаад ирчихсэн юм шиг ярьж байгаа нь харамсалтай. Монгол хүн морио унаж, гэрт амьдрахгүй гээд хаачих юм бэ. Бүгд л байранд амьдарч, машин унаж чадахгүйгээс хойш тийм этгээд бодолтой байх нь утгагүй. Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, өв соёл, ёс заншлаа дээдлэх нь монголчуудын хамгийн том зорилго байх. Түүнээс биш, гадны соёлоос хуулбарлаж, харь хүмүүсийг тахин шүтэж болохгүй гэж боддог юм. Үүнийгээ ч уран бүтээлийнхээ уур амьсгалд оруулна.
-Та ер нь шинэ жилээр яаж баярладаг вэ?
-Урлагийнхан арга хэмжээ, тоглолт хэсээд шинэ оныг гэртээ угтаж чадахгүй байх нь элбэг. Би ч бас нэг үе тэгж явсан. Харин сүүлийн жилүүдэд аль болох зав чөлөөтэй байж, шинэ оныг гэр бүлийнхэнтэйгээ хамт угтдаг боллоо. Оргилуун дарс буудуулж, баярын ширээний ард баярлаж хөөрч суух хамгийн сайхан шүү дээ. Бага байхад шинэ жилийн баяр дөхөөд ирмэгц алим, мандарин үнэртээд л их гоё санагддагсан. Тухайн үед юм ховор байсан болохоор тэр бүр харагдаад байдаггүй чихэр, жимс баярын өдрүүдэд гарч ирснээр хүүхэд бидэнд ийм том дурсамж үлдээсэн биз. Одоо бол хаа дуртай газраасаа хүссэн бүхнээ худалдаж авах боломжтой болсон учраас хүүхэд залууст ийм мэдрэмж, бас дурсамж төрөхгүй нь лавтай байх.
Р.Есүй

No comments:

Post a Comment