-Удахгүй манай үндэсний баяр Цагаан сар болох гэж байна. Тэгэхээр ярилцлагаа гарч буй жилийнхээ өнгө төрхөөс эхэлье гэж бодож байна. Мэдээж та бүхэн тус бүрнээ өөрсдийн шинжилгээ судалгаагаа хийсэн байгаа байх. Дээр нь хэдхэн сарын дараа улс төрийн сонгууль болох гэж байна. Сонгууль дагаж янз бүрийн бужигнаан их болдог. Жилийн ерөнхий нуруу зурхай төлгөнд ямархуу байдлаар бууж байгаа бол?
-Арвандолдугаар жарны усан луу жил гарч байна. Энэ луу жил нийт хүмүүст ээлтэй сайхан байна гэсэн билэг дэмбэрэл бууж байгаа. Зүгээр байгалийн үүднээс аваад үзэхийн бол хаврын сарууд жаахан хахир, салхитай, хүйтэн байх шинжтэй. Зуны улиралд хур бороо ихтэй. Ерөнхийдөө жаахан салхи ихтэй тиймэрхүү жил байгаа л даа. Ирэх өвөл харин нэлээн чанга өвөл болохоор. Тэрийг одооноос хүмүүс маань бодож байх хэрэгтэй юм.
-Сайхан жил болох нь ээ. Гол нь байгаль дэлхийн ааш аяг төвшин сайхан байх чухал шүү дээ?
-Тийм ээ.
-Өнгөрсөн зун, бас намар нь үнэхээр сайхан байлаа. Харин намрыг нь илүү сартай намар боллоо гэцгээсэн. Шашны утгаар илүү сартай зун, намар гэж байдаг юм уу?
-Энэ бол зурхайн тооллоор зурж тооцож гаргаж ирдэг эд л дээ. Тэрүүгээр тооцож хоног нь явсаар зундаа илүү байна уу, намартаа илүү байна уу гэдгийг гаргадаг.
-Тийм байх нь. Би бодохдоо намрын налгар сайхан өдрүүд явах нь болчихоод л байхад гадаа уяатай байгаад байхаар хүмүүсийн романтик хөдлөөд зохиосон уран зохиолын шахуу томъёолол юм уу гэж хардаг байсан юм?
-Үгүй ээ, тэр бол нарийн учиртай зүйл. Зурхайн онолын болоод тооцооны үндсэн дээр гарч ирдэг байгалийн үзэгдэл юм л даа.
-Та намайг уучлаарай. Ерөнхийдөө шашин бурхнаас жаахан хөндий хүн. Та миний уулзаж ярилцлага хийж байгаа хоёр дахь Хамба?
-Тийм үү.
-Түрүүн би танаас улс төрийн сонгуулийн жил гэж онцолж асуусан даа. Та алгасаад явчихлаа?
-Улс төр болоод ард түмний оюун санаа, хүмүүсийн эв түнжингийн хувьд жаахан хямралтай шүү. Энэ жил жаахан тийм байгаа. Тийм учраас үүнийг бүгдээрээ бодоод аливаа муу юмыг гаргахгүйн төлөө хүн болгон дор бүрнээ хичээгээд, өөрсдийнхөө муу оюун санаа, муу сэтгэл санаагаа ариусгаад, өөр сайн сайхан зүйлийн төлөө зүтгэцгээвэл тэр бүх таагүй үйл засрах ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол муу үр дагавар нь гарах магадлал өндөртэй. Тийм учраас бид аливаа юмыг алсаа бодож, тэвчиж, ухаалаг хийх хэрэгтэй. Монголчууд мориныхоо жолоогоор зүгээ залдаг даа. Өөрөөр хэлбэл, жолоогоо сул тавьчих ч гэж нэг байна. Жолоог нь татаад явах ч гэж нэг байна аа даа. Тэрэн шиг хүн амьдралдаа ямарваа нэг юмыг их зөв зохицуулж, мориныхоо жолоог татах үед нь татаж, тавих үед нь тавьж, зүгээ ололцохдоо хүртэл зөв зүг рүү нь ам хэлээ залах хэрэгтэй байна шүү дээ. Тэр утгаараа ард түмнээс бас ухаан тэвчээр шаардсан, нэг талаараа сайн үйлсийн төлөө эв нэгдэлтэй байхыг шаардсан жил. Энийг бүгдээрээ анхаарвал сайнсан.
-Сонгуулийн үр дүнгийн талаар та үзэж амжаагүй байна уу?
-Үгүй.
-Одоо бол хараахан эрт байна уу?
-Тийм гэж бодож байна.
Шуналаас л салах хэрэгтэй байна
-Сая засаг төр жаахан бужигналаа. Шатахууны үнийн өсөлт, тэрийг дагасан иргэдийн бухимдал гээд л. Телевизээр харж байхад хүмүүс үргэлж л амны билэггүй, бухимдсан, буруутгасан үг ярьж байна. Энэ ямар учиртай вэ. Үнэхээрийн төр засаг нь үргэлж буруу бодлого явуулдаг юм уу. Эсвэл бид нарт амны билэггүй, үргэлж голж байдаг зуршил суучихаад байна уу?
-Ерөөсөө ертөнцийн бүх юмс үзэгдэл шүтэн барилдлагатай байдаг. Цаана нь шүтэн барилдахуйн том хууль үйлчилж байдаг. Тэгэхээр хувь хүн ч, улс орон ч шүтэн барилдахуйн тэр мөн чанарт л оршиж байгаа юм. Тэр шүтэн барилдахуйн мөн чанар дээр оршиж байгаа учраас л хүмүүс тэр шүтэн барилдахуйн талаас нь муу юм болох гэж байна гэдгийг хэрвээ мэдэх юм болбол сайн юм болох шүтэн барилдлагуудад нь өөрсдөө орж өгөх ёстой. Түрүүн хэлсэн дээ санаа бодлынхоо жолоог сайн барилдлага руу залж байх ёстой гэж. Ингэхийн бол цаашдын үр дагавар нь сайнаар гарна. Нөгөө талаараа бол ерөөсөө улс орны ажил үйлс бүтэж явна гэдэг чинь хүний ухаанаас болж байгаа юм. Тэрийг хэн чиглүүлж байна вэ гэхээр хүний ухаан чиглүүлж байгаа юм. Тийм учраас улс болоод ард түмний аж амьдрал, аливаа үйл хэрэг дорой байна гэх юм бол бид өөрсдийнхөө ухаан руу харах хэрэгтэй. Бидний ухаан чинь буруу ажиллаад байгаа юм биш үү. Бид буруу сэтгээд байгаа юм байна шүү. Зөв сэтгэж чадахгүй байгаа юм байна гэж ухамсартай хандах хэрэгтэй. Улс үндэстнийг авч явах гол юм ерөөсөө мэргэн саруул, алсыг харсан бодлого шүү дээ. Өнөөдөр бид бараг л улс орныхоо явдал суудлыг сонгуулийн мөчлөгт тохируулж л төлөвлөөд байна шүү дээ. Дөрөв дөрвөн жилээр. Уг нь ухаантай ард түмэн бол жарнаар төлөвлөдөг. Жарнаар шүү дээ. Энэ маш чухал. Одоо арвандолдугаар жаран гэж байгаа бол арваннаймдугаар жарандаа өнгөрсөн жаран ямар мөн чанартай байв гэдгийг судалсан, мэдсэн, туулсан түмэн гишгэж орно шүү дээ. Тэр жаранд байгаль болоод энэ ертөнцөд үүсдэг ямар ямар шалтгаанууд байна. Тэрний аль нь сайн нь юм, аль нь муу нь юм гэдгийг мэдсэний үндсэн дээр тэрэнд зохицуулж улс үндэстэн өөрийнхөө хөгжлийг тодорхойлж байх ёстой байхгүй юу. Би бол тэгж л боддог. Бас нөгөө нэг талаараа төрд хэрвээ итгэл аваад гарч ирж байгаа бол үнэхээр тэр ард түмний итгэлийг даасан итгэлт хүн нь байх хэрэгтэй. Гэвч зарим маань тэр итгэлт хүн байж чадахгүй болчихоод байна л даа. Өнөөдөр нэг сайхан юм амладаг. Дараачийнхаа суурин дээр шал өөр. Ард түмний итгэлийг олж сонгуульд гарч ирэх болохоороо их аятайхан юм ярьчихаад, гарч ирснийх нь дараа үйлдлүүдээ буруу хийгээд явчихаж байна шүү дээ. Тэрийг бид бүгдээрээ хараад л явцгааж байна. Ямар юм хэлж байсан нөхөр билээ. Гэтэл нөхрийн гаргасан муу үйлдлүүд, түүний араас ургасан муу үр дагавар иргэд бидний аж амьдралд яаж тусав. Зөрчил бол ердөө л энэ. Тэгэхлээр анх тэр өндөрлөг рүү зүтгэхдээ агуулсан сэтгэл нь буруу байсан л байгаа байхгүй юу. Сэтгэл нь буруу байсан, бодсон санасан юм нь буруу байсан учраас үр дагавар нь буруу л гарна. Аливаа нэгэн хортой ургамлыг тарихад тэрний хортой үр үсэрхийлж л таардаг. Тэгэхээр ямарваа нэгэн юмыг зорихдоо эхлээд зөвийг бодож, зөвийн төлөө л зүрхээ цохилуул. Тэгвэл үр дагавар нь бас яг тэрэн шигээ цагаан үр дагавар л гарна шүү дээ. Тийм учраас энэ шалтгаан үрийн хуулийг Монголын ард түмэн сайн ухаж мэдэх хэрэгтэй юм шүү дээ. Хуучин бол мэддэг байсан юм аа.
-Одоо?
-Одоо харин мэдэхээ больчихож.
-Угаасаа л төр дандаа чамлагдаж явах заяатай юм биш үү?
-Түрүүний үгээ жаахан гүйцээчихье. Шалтгаан, үр дагавар энэ хоёрын хуулийг л сайн ойлгох хэрэгтэй. Би хувьдаа төрд шуналаасаа хагацсан хүн л байх хэрэгтэй гэж үздэг. Эрх мэдлийн, эд баялгийн гээд бүх шуналаас шүү дээ. Шуналаас л хагацаж чадаагүй бол өөрөө ерөөсөө больчих хэрэгтэй. Би хүн гэдэг энэ сайхан төрлийг олж төрчихөөд өөрийнхөө шуналд хөтлөгдөж хэдэн жил улс түмнээ хуурчээ. Дахин муу үйлийн үрийг нэмж хураагаад яахав гэж бодоод ухамсраараа болих хэрэгтэй. Аа, харин би нэгэнт шуналаасаа хагацаж чаджээ. Би яг үнэн чанартаа бодьсадваагийн явдлаар явж, амьтны тусыг хийх гэж байна аа гэвэл тэрэнд гарч ирэх хэрэгтэй. Ер нь УИХ, Засгийн газар гэлтгүй төрд зүтгэж яваа хүн бүр аливаа нэгэн байгууллагын дарга удирдлага бүгд бодьсадваагийн явдлаар явах хэрэгтэй. Бодьсадваагийн явдлаар яваад ирэхлээр үр дагавар нь ард түмэнд болоод улс эх оронд сайнаар нөлөөлж эхэлдэг байхгүй юу. Би бол ингэж л боддог. Тийм учраас өнөөдөр энэ Улсын Их Хурлын гишүүн болоод явж байгаа, болох гэж зүтгэж яваа, төрийн бусад албан тушаалд дэвших гэж байгаа нөхөд хамгийн нэгдүгээрт үйлийн үрийн толинд өөрийгөө харах хэрэгтэй. Би ер нь ямар үйл хийх гээд байгаа юм. Үр дагавар нь юу гарах юм гэдэг юмаа эхлээд өөрийнхөө толинд, үйлийн үрийнхээ толинд харах хэрэгтэй. Тэрний дараагаар өөртөө үнэхээр үнэлэлт өгчихсөн бол, тэр үнэлэлт нь сайн гэж гарсан бол ард түмний боол мэт зүтгэх хэрэгтэй. Ерөөсөө бодьсадваа нар бол амьтан болгоны тусын тулд боол мэт зүтгэдэг тийм л агуу сэтгэлтэй байдаг. Тийм их нинж асралтай. Нинж асрал байхгүй байж амьтны тусыг яаж хийх билээ. Энэ хүмүүс маань харин үнэн хэрэг дээрээ тэгэхгүй байгаа учраас энэ чинь зөрчилдөөд байна шүү дээ. Заримдаа ямар ачааллыг ард түмний нуруун дээр үүрүүлээд байна гэдгээ ухамсартай ойлгодог байх хэрэгтэй. Өнөөдөр би байгууллага удирдаад явж байхад төрийн ямар нэгэн дарамт шахалт, төрийн буруу үйлдлээс болсон муу үр дагавар нь надад нөлөөлнө. Миний харьяалалд яваа бүх хүнд нөлөөлж байгаа. Тэгэнгүүт би тэд нарыгаа хараад өрөвдөж байгаа байхгүй юу. Ямар хэцүү юм бэ, бид өөрсдийн эрх мэдлээс бололгүй бусад эрхтэн дархтануудын эрх мэдлээс болоод нийтдээ ийм зовлонг эдэлж байна шүү дээ гэж. Ийм л юм байна шүү дээ. Тийм учраас аливаа нэгэн тушаал шийдвэр, гаргаж байгаа хууль дүрэм гэдэг бүгд цаанаа хүний амьдралын үйл явцтай холбоотой байдаг учраас мэргэн бодлого л хэрэгтэй. Нэг мулгуу тушаал, нэг муу шийдвэр гаргачихсан бол би нүгэл хийчихлээ гэж бодох хэрэгтэй. Эсвэл нэг тушаал, нэг зарлиг нь зөв гарснаас болоод иргэд нь тайтгарч, хүмүүс инээж, талархаж, дэмжин хүрээлж байвал би нэг буян хийчихлээ гэж бодох хэрэгтэй.
-Манай монголчууд ярьдаг даа. Харахаас нуруу сайтай хүн дээ гэж. Тэрэн шиг та дотоод сэтгэлээ угаасан, бодьсадваа болсон хүн л улс орон, төрийн төлөө зүтгэх зөвшөөрлийг өөртөө олгож болох юм гэж хэлж байна. Яг одоо таны энэ хэмжүүрт дүйхээр хүн хэр олон харагддаг вэ?
-Би Монголынхоо ард түмнийг их амны хишигтэй улс гэж боддог. Долоон миллиард хүн байна аа даа, миний ойлгож байгаагаар. Тэр үй түмэн улс дотроос Монголыг олж төрнө гэдэг бол сайхан хувь төөрөг. Их амны хишиг, буян. Тэр түг түмэн хүн дотроос шигшигдээд Монголоо олоод төрчихлөө. Тэрнийхээ дараа Монголынхоо ард түмний төлөө юм хийх хүмүүс нь дахиад тэр дотор шигшүүрдэгдээд бас үлдэх хэрэгтэй. Би бол Монголын ард түмэн дотор жинхэнэ буяны сэтгэлтэй, сайн явдал мөртэй, бодьсадваагийн явдал мөртэй улсууд олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хуучин ч их олон бодьсадваа нар Монголд төрж байсан. Тийм учраас тэр хүмүүсээ Монголын ард түмэн “Тэр нам, энэ миний танил, тэр минь, энэ минь” гэх алагчилсан үзэл дээр биш жинхэнэ бидний итгэлийг даадаг, өөрөө тийм чадал суучихсан, шуналаасаа салчихсан, муу сэтгэлээсээ ангижирсан хүнийг таньж сонгох хэрэгтэй. Тэр итгэл даагч нь ч ёстой хамгийн хүнд ачааг би үүрнэ гэж бодох хэрэгтэй. Ард түмэн дээр ирж байгаа лай ланчигийг тэр хүмүүс үүрч явдаг байхгүй юу. Бодьсадваа нар үүрч явдаг. Бодьсадваа нар нэг хүнд тохиолдож байгаа зовлонг өөр дээрээ татаж авдаг. Би чамд буянаа өгье, чиний зовлонг би авъя гэж зүтгэдэг байхгүй юу. Тэгэхлээр өнөөдөр тийм юм байна уу. Тэгээд л бодох хэрэгтэй. Тийм хүмүүсийг л бид нар бодох хэрэгтэй. Шуналаас салсан, юмыг хийж бүтээе гэсэн уйгагүй хөдөлмөрч мятрашгүй хүмүүсийг гаргах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс зовлонгоос зугатаад байна. Жаахан барцад саадаас зугатаж байна. Сайн юм болгоны өмнө барцад саад байдаг. Тэр болгоныг даван туулах тийм агуу чадлыг өөртөө бий болгох хэрэгтэй. Ардынхаа төлөө зүтгэнэ гэдэг зовохын нэр шүү дээ.
-Ард түмэн нь ч бас сайхан хүлээж, тэсч, итгэж найдаж сурах хэрэгтэй биз дээ?
-Тийм.
-Би боддог юм. Таны бодолтой хэр нийцэх эсэхийг мэдэхгүй байна. Манай шинээр тавигдаж байгаа жүжиг, гарч буй уран зохиол, дуурь бүх юм нэг л сэдэвтэй зууралдаж байна. Харахаар л эргээд мөлжиж байгаа юм нь өнгөрсөн түүх. Хамгийн сул дорой ард түмэн өнгөрсөн түүхээрээ амьдардаг гэдэг дээ. Чингис гэдэг нэр л урдаа барьж давхисан улс. Бид бол зовлон үзээгүй ард түмэн шүү дээ. Японы ард түмнийг хар, Орос, Хятадыг хар. Юу туулж явж өнөөдрийн супер гүрэнд очив. Яахав өмнөх үедээ бид зөндөө л байлдаж, дайтаж явсан үйлийн үртэй улсууд байх л даа. Гэхдээ л манай ард түмнээс нэг тийм танхилдуу, хатуу хөтүү юм үзээгүй зан мэдрэгддэг. Юм даахдаа тэсвэр муутай ч юм уу, ам хэл нь түргэн ч юм уу. Танд ийм юм ажиглагддаг уу?
-Таны асуулт надад олон зүйлийг бодогдуулж байна. Би дээр юу ерөөсөө энэ дэлхий ертөнц үүссэн цагаасаа эхлээд л дандаа зөрчил тэмцэлтэй явж ирсэн. Ер нь энэ замбуулингийн өөрийнх нь мөн чанар тийм. Монголчуудын хувьд ч маш олон дайн дажныг үзэж зовж шаналсан. Бас өөрсдөө ч хаа газрын олныг зовлонд унагаж байсан үйлийн үр бидэнд байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ нэг эрх чөлөөний нарны тусгал тусч байгаа орон зайгаа сайн мэдэрч амьдрах хэрэгтэй. Хүссэн болгон бас бидэн шиг хувь заяаг эдлэхгүй байна шүү дээ. Том утгаар нь харвал тийм. Хүн төрөлхтөн чинь ердөө энх тайвнаар зэрэгцэн оршъё гэдэг л нэг нийтийн хүсэл эрмэлзэлтэй байгаа биз. Энэ бол хамгийн чухал. Энэ яаж байна гэхээр ертөнцийн хүмүүс урьдах тэр их зовлонгуудын мөн чанарыг санаж байгаа байхгүй юу. Зовлон, дайн дажны ул мөр гэдэг чинь аливаа хүмүүн төрөлхтний ойгоос тийм амар арилдаг эд биш шүү дээ. Тийм учраас одоо энэнээс түр ч гэсэн амсхийе гэж бодоод байна ш дээ. Гэтэл сүүлийн үед зовлон үзээгүй нөхдүүд, зовлонгийн мөн чанарыг мэдэхгүй нөхөд дайн дажин хийе, аль болохоор болохгүй юмыг хийе гэсэн харгис өдөөн хатгалга явуулж эхэлж байх шиг байна. Ингэж болохгүй л дээ. Энэ бол хамгийн буруу. Хүн чинь ингэдэг юм байна. 100 юмуу, 150 жил ингээд дайн дажингүй явчихангуутаа дандаа ийм байдаг юм шиг бодоод нэг хийгээд үзье ч гэдэг юм уу элдэв болчимгүй сэдэл гаргадаг юм байна. Ингээд л зовлон эхэлчихэж байгаа байхгүй юу. Тийм учраас л бид тэр зовлонг дуудсан тийм юм руу явж болохгүй. Энэ бол дэлхий нийтийн өөрийнх нь эрх ашиг.
-Одоо манайд ч тэмцэл, хувьсгал гэж нэг хэсэг нь их ярьдаг болоод байгаа шүү дээ?
-Тийм, одоо тэгж дуудаад аягүй хэцүү. Их зовлон л авчирна. Нөгөө талаараа бол бас тэрэндээ тултал шаналгааг нь үүсгэх хэрэггүй л байгаа байхгүй юу. Ерөөсөө л хүн төрөлхтөн гэдэг бол амар амгаланг, аз жаргалыг л хүсч явдаг. Тийм учраас тэдэнд зовлон өгөх биш, хүсээд байгаа аз жаргалыг нь өгөх гэж төр засаг нь ажилладаг.
Эвий хөөрхий минь гэдэг үг өнөөдөр бараг хэлэгдэхээ больчихож дээ
-Ер нь бол хүний туйлын хүслэн амар амгалан байх л юм даа. Дарамтгүй, эрх чөлөөтэй, дуртай зүйлээ хийж амьдрах. Тэрэндээ тохирсон цалин авч, түүгээрээ тайван, сэтгэлийн жаргалтай аж төрөөд явбал болоо?
-Тийм ээ, яасан сайхан санагдаж байна вэ. Амар амгалан. Амар амгалан л шүү дээ. Ерөөсөө тэнд явж байгаа хорхой ч амар амгаланг хүсээд л явж байгаа, тэнд хөөрхий буудуулах гэж байгаа тарвага ч гэсэн буудуулж үхэн үхтэлээ амар амгаланг л бодоод явж байгаа. Тэрний төлөө л явж байдаг. Амьтан болгоны эрхэм зорилго амар амгаланг л хүсч явдаг. Тийм учраас бид ийм мөн чанартай амьтан мөртлөө нэгэндээ зовлон хураах юмыг хийгээд хэрэггүй л дээ. Хүн болгон л дор бүрэндээ л нэг хүнд сайхан үйл хийж, сайхан бодол төрүүлж, дэмнэж дэмжиж, амар амгаланг өгөхийн төлөө явах хэрэгтэй. Эвий хөөрхий минь гэдэг үг өнөөдөр бараг хэлэгдэхээ больчихож дээ. Бид бүгдээрээ нэг нэгнийгээ хайрлах сэтгэлд суралцах хэрэгтэй. Нэг нэгнийгээ сэтгэлээр нь хөнөөгөөд явж болохгүй. Монголчууд бид сайн хүмүүсийг мэддэг, таньдаг өвөрмөц мэдрэхүйтэй хүмүүс шүү дээ, уг нь. Тэднийхэн удмаараа сайн улс шүү гээд хөшчүүд нэг дуугарч байдаг даа. Тийм мэдрэмжтэй улс. Гэвч одоо сайхан юм хийчихсэн хүнийг мэдэж байгаа. Сайн үйлтэй гэдгийг нь мэдрээд байгаа мөртлөө монгол хүний одоо тэр ямар зан нь байдгийг би мэддэггүй юм. Тэр үед нь тэр хүндээ хэлдэггүй. Дараа хэлнэ дээ л гэж боддог юм шиг байгаа юм. Дараа хэлэх гэж явж байтал хорвоо мөнх бусын хуулиар тэр нь өнгөрчихдөг. Тэгэнгүүт нь нэг хэсэг уйлдаг. Энэ бол бид нарын бас нэг дутагдал. “Тэнэгийн ухаан үдээс хойш” гэдэг ухаанаар л яваад байгаа юм болов уу гэж би боддог юм. Чамд тэр хүн үнэхээр л сайн юм хийсэн л бол яг нүүрэн дээр нь хэлээд, сайшаагаад, баяр бахдалаа хуваалцаад, гэрэл гэгээг нь улам бадрааж өгөх хэрэгтэй. Энэ сайхан эрдэнэт хүмүүний төрлийг олчихоод нэгэндээ хайрлах нигүүлсэх сэтгэлийг харамгүй үзүүлж, чамайг гийгүүлж байгаа тэр сайхан нөлөө, чамд өгч байгаа баяр баясгалангийн хариуг ариун сайхнаар өгч сурах хэрэгтэй. Сайхан үгийг дараа хэлнэ дээ гэж болдоггүй юм байна шүү гэж л би хэлэх гээд байгаа юм.
-Би их олон хүнтэй уулзаж учирч явжээ. Бараг л 20-иод жил дандаа хүмүүстэй ярилцлага хийж байна. Тэгж явахад маань нэг ухаантай хүн хэлж байсан юм. Харамч хүнд юм байвал өгөөд л бай. Чамд муу үгийг хэлж, муу үйлийг тариад байдаг хүнд чи улам л сайн байгаад бай гэж. Би үүний учрыг ерөөсөө олоогүй?-Жаахан цөхрөөд байгаа юм аа даа.
-Хайрлаж хүндэтгэсний хариуд чанга чанга алгадалт, нулималт, хатуу өсгийгөөр зүрхэн дээр гишгэлсэн зовлонгууд ирдэг юм биш үү?
-Тэрэнд сэтгэлийн тэвчээрээ даруулж болохгүй. Тэвчээрээ алдаж болохгүй. Ерөөсөө тэр тэвчээрийг хатуугаар барих нэг ёс байна. Энэ эргэн тойронд чинь бас муу мөн чанарууд байгаа шүү дээ. Хөөрхий тэр хүнд чиний энэрлийг сэтгэлд чинь хүртэл хүлээж авах ухаан, соёл, эрдэм боловсрол нь байхгүй байгаа байхгүй юу. Тийм учраас мунхагийн харанхуйд тэр амьтан бас хүлээтэй байна. Энийг л бодож тэвчих хэрэгтэй. Нэгэнт олоод агуулаад төрчихсөн гэрэл гэгээ, энэрэлт нинжин сэтгэл, саруул ухааныг хүн ийм дайрлагаас болж алдаж болохгүй. Гомдол, гутрал төрөөд байсан ч тэвчих л хэрэгтэй. Бид бүгдээрээ тэвчээрт суралцах хэрэгтэй юм даа.
-Сайхан сэтгэл гэдэг юманд хязгаар байх уу. Цөхрөх гэсэн ойлголт байх уу?
-Сайн сэтгэлд хязгаар байж болохгүй. Улам л хязгааргүй руу нь явуулах хэрэгтэй.
-Харахад тэнэг хүн шиг болтлоо яваад л байх хэрэг үү?
-Баяжуулаад байх хэрэгтэй. Улам л мөн чанарынх нь утга учирт хүртэл явах хэрэгтэй. Сайн санааны тэвчээрээ буяныг ургуулаад л яваад байх хэрэгтэй. Тэр хүн чиний тэвчээрийг бараад байвал энэ хүн миний хамгийн сайн багш байна даа гэж бодох хэрэгтэй. Миний уурыг дарж байгаа багш маань байна даа гэж ойлго.
-Хайрлах, тачаадах сэтгэл үйлийн үрд орох уу?
-Хайрлах сэтгэл юуны үндсэн дээр байна гэдгээс болоод бас ялгаа байгаа. Үнэхээр бодьсадваагийн үүднээс өрөвдөж хайрласан бол буян л болно. Тачаадах сэтгэл бол тэртээ тэргүй нүгэлийн үр үндэстэй л байгаа ш дээ. /Инээв/ Ертөнцийн юмыг бид нар ертөнцөөс гэтэлчихсэн ухаантай холиод байгаа юмаа. Үнэхээр ертөнцөөс гэтэлчихсэн мөн чанарын юм хийнэ гэдэг бол бас арай өөр ойлголт.
-Бас нэг юмыг гайхдаг. Үнэхээр муу хүн мөртлөө аргалаад л эд баялаг, эрх мэдэлд хүрээд байдаг. Алхам тутамдаа худлаа ярьж, хүн мэхэлж байгаа хүн амжилттай л яваад байдаг. Эрдэм чадалгүй, элдэв муу үйлийг үргэлж хийж явдаг хүмүүст боломж дандаа олдож байдаг нь ямар учиртай юм бол?
-Тэгэхлээр тэр хүн бол урьд төрөлдөө сайн явах үйлийнх нь үр нь хураагдаад тэрний үр дагавар нь энэ яваа насанд нь тохиолдож байж болно. Гэтэл энэ төрөлдөө бусдын өмнө үйлдээд байгаа бурууг нь та ч, би ч хараад байна ш дээ. Яаж ингэж явж болдог юм бол. Үйлийн үр нь ирж улаан цайм доройтох ёстой доо гэж харах гэнгүүт тэр муудахгүй л яваад байгаа биз. Хөөрхий тэр амьтан бол энэ насандаа муугаа хураачихлаа. Үр дагавар нь энэ яваа насанд нь ч гарч болно, дараа төрөлд нь ч гарч болно. Гарах нь бол гарцаагүй. Хэзээ гэдэг нь цаг хугацааны л асуудал.
-Бусдыг хуурах, мэхлэж ашиг хонжоо олох, нөхөрлөл андгайнаасаа урвах, хүмүүсийг хооронд нь эе эвдэх, гүжирдэх, хилсээр яллах эд бүгд чинь одоо аймшигтай нүгэл биз дээ?
-Нүгэл, нүглээс гадна өөрт нь их зовиуртай шүү дээ. Гутамшигтай, үнэ цэнгүй, ариун бус амьдрал юм.
-Би бол нийгмийн бүх давхарга руу орж ажилладаг мэргэжилтэй хүн. Траншейнд байгаа хүүхэдтэй ч ярилцаж, шоронд байгаа дээр нь ч очиж, УИХ-ынхантай нь ч уулзаж явдаг. Ингэж холилдож явдаг хүн л дээ. Сүүлийн үед нэг тийм олиггүй хүн дээ гэж бодсон хүмүүсээс, элдэв зовлонтой, хэл амтай сэдвээс зугтмаар санагдаад байдаг болчихлоо. Энэ нь өөрийнхөө үүргээс зугтаж байгаа хэрэг үү, эсвэл ядарсан хэрэг үү. Эсвэл аминчхан болж байгаагийн илрэл үү?
-Та бол хязгааргүйд явж байгаа хүн. Ер нь одоо энэ мэдээлэл гэдэг юм хязгааргүй болж байна шүү дээ. Энэ бол дуусашгүй орон зай. Дуусашгүйтэй ажиллаж байгаа мэргэжил, мэдлэг бол хязгааргүй руу л явж байна гэсэн үг. Нэгэнт сонгосон мэргэжил чинь шүү дээ. “Би энэ муу энергитэй юмнаас хол явъя” гэж бодож эхэлж байгаа бол бас л доголдолтой сэтгэгдэл. (инээв)
-Би өөрөө амьдралд алжааж, өөрөө амар амгалангаа алдаад байгаа юм байна гэж бодох хэрэгтэй юм байна л даа?
-Тэгэж л бодох хэрэгтэй. (инээв) Та их сонирхолтой хүн юм. Би сэтгүүлчидтэй тэр бүр уулзаад байдаггүй. Энэ орчиндоо л амьтны тусын тулд чадлаараа зүтгэж яваа хүн. Ингэж удаан яриагүй удсан байна.
Би бол тал дээрээс босч ирсэн энгийн нэг малчны хүүхэд
-Шашны томоохон зүтгэлтнүүдийн намтар түүх, гарал угсааг бид тэр бүр сайн мэддэггүй. Таны зам яаж яагаад энэ ертөнцийн хүн байхаар заяагдсан юм бол. Та өөрийгөө энгийн бид нар шиг сэтгүүлч, инженер, техникч болохоор хүн биш байна гэдгээ анх хэзээ яаж мэдэрсэн бэ. Таны бага нас, удам гарал бүгд сонин байна?
-Завхан аймгийн Цагаанчулуут сумын хүн л дээ. Би хүний төрлийг олсноороо их баясч, бахархдаг хүн. Хүний төрлийг олсныхоо мөн чанарыг бас зөв өнгөрөөчих юмсан гэж хичээж явдаг. Хүний төрөл бол цаг хугацааны хэмжүүртэй. Мөнхийн төрөл биш. Тийм учраас хүмүүний төрлийг олсноо арван цагаан буяныг хурааж явсныгаа нэг удаа авч ашиглаж байгаа дээдийн төрөл гэж ойлгож болно. Тийм их буяныг цуглуулж цуглуулж энэ сайхан хүмүүний төрлийг авчихсан юм чинь дордуулчихгүй юмсан гэж чармайж явдаг . Миний урд төрлүүд их сайн байж дээ гэж би боддог. Тэр урд төрлүүд нь сайн байсны үр дагаврыг би өнөөдөр эдэлж байгаа учраас хийж ирсэн буяныг нь дордуулахгүй сайжруулчих юмсан л гэж бодох юм. Нийтийн ачааг үүрэх тийм хувь тавилан надад оноогджээ. Юм бүхэн учиртай. Намайг бага балчир ахуйд манай нутаг орныхон наадахаа харж яваарай гэж захицгаасан гэдэг . Олны тусыг хийх хүн юм байна шүү гэсэн юм гэнэ лээ. Тэр утгыг нь одоо би бас үнэн ч юм болов уу гэж боддог.
-Танай удамд лам, хуварга хүмүүс олон байв уу?
-Манайханд лам, хуварга улсууд байсаан. Тэгээд яахав энэ төрөлд маань бас нэг удмынхаа тэр их хүмүүсийн ачааг үүрэлцэж явахын залгамж ерөөл надад ирж дээ. Ачаа үүрнэ гэдэг бол бас учиртай юм байдаг аж. Өөрөө сайн боловсрох хэрэгтэй юм байна. Эрдэм боловсролыг сайн эзэмших хэрэгтэй юм байна, чадалтай болох хэрэгтэй юм байна, сэтгэлээ улам их агуу болгох хэрэгтэй юм байна. Сэтгэлийн агуу их, ариун тансаг хязгааргүйд өөрөө амар амгалантайгаар орших хэрэгтэй юм байна. Өөрөө хэдий чинээ амар амгалан сайн агаарыг өөртөө бий болгож чадна, төдий чинээр олон хүнд туслах юм байна. Би хүмүүст хэлдэг л дээ шаварт хоёр хүн шигдчихлээ. Хэн нь нэгийгээ татах вэ гэдэг асуудал байгаа байхгүй юу. Хэн нь ч татаж чадахгүй бол хоёулаа тэр шаварт шигдсээр байгаад л дуусчихна. Тийм учраас нэгийгээ татахын тулд шаврын гадна талд л байх хэрэгтэй гэж. Нүгэл хилэнцэд шигдвэл шавар шиг улам л доош нь хөхөөд татаад байдаг.
-Намаг...нүгэл...оносон зүйрлэл байна?
-Тийм учраас тэрэнд татагдаад орчихгүйн тулд хүн жаахан буянлаг байх хэрэгтэй. Би хүмүүсийн зовлонтой, өвчин эмгэгтэй ажилладаг хүн . Тиймийн тулд би өөрөө тэднээсээ арай дээр хэмжээнд хүрээгүй байж тэд нарыг татаж, тэдэндээ сайхан юмыг өгч чадахгүй. Эсвэл би тэд нараасаа дор байх юм болвол яаж санаа байгаа ч туслахад хэцүү л байгаа байхгүй юу. Тийм учраас өдөр шөнөгүй суралцаж, судалж, ажиллаж байдаг. Тэрний төлөө номтой болох хэрэгтэй юм байна. Яахав эмч хүнийх нь хувьд надад итгээд хүмүүс ирж байна. Өнөөдөр зовлонгоосоо тэр хүнд очоод нэг салчихъя даа гээд надад итгээд ирж байхад би тэр итгэлийг нь даасан л хүн байх хэрэгтэй. Тэр итгэлийг даахын тухайтад хариуцлага бол надад том ачаа болж ирж байгаа юм. Тэр том ачааг л одоо яаж зөв ухамсартай үүрэх вэ, тэр хүмүүсийн зовлонг би яаж нааш нь ховх татаж, тэр зовлонгийнх нь оронд яаж би аз жаргалыг өгөөд явуулах вэ гэдэг юмыг бодож суудаг. Тэрэнд л одоо суралцаж яваа хүн дээ. Тийм учраас энэ бол бас л нөгөө хязгааргүй рүү л явж байгаа хэрэг юм даа.
-Таны багш гэж ямар хүн байна, номын багш, эмийн багш гээд олон биз дээ?
-Би бол олон багш нарыг шүтэж, олон жил ном үзсэн хүн л дээ. Монголын, Түвдийн сор болсон эрдэмтэн мэргэдээс ном сонсож явсан нь нэгэн сайхан хувь тавилан юм болов уу. Урьд урьдын их ерөөл байсан болов уу гэж боддог юм. Олон сайхан багш нарыг шүтэж тэднийхээ зарлигийг сонсч явлаа. Багшийгаа үнэн сэтгэлээсээ хайрлаж, тэд нарынхаа ач тусыг дурсан санаж, ачийг нь зөв хариулах юмсан гэж бодож явдаг. Надад далан хэдэн оноос хойш анагаах ухаан, зурхай, энэ бурхны шашны номыг зааж байсан тэр их мэргэдүүд бол Нацагдоржоо чи өөрөө л сайхан амьдраарай гэж заагаагүй. Өрөөлд чи тус болоорой, бусдад тус болоорой гэж заасан. Тийм учраас би тэр заасан юмыг нь арвижуулаад улам бусдын хүртээл болгох юмсан гэж л зүтгэж байгаа. Багш нарынхаа ачийг хариулах юмсан, аав ээжийнхээ ачийг хариулах юмсан. Ахан дүүс болсон энэ Монголын ард түмэн, миний энэ амьдралд тус болж явсан, ядарч зүдэрч явах үед минь хажууд минь зогсч байсан тэр олон хүмүүсийн тусыг хариулахын тухайтад унтах нойроо хасах хэрэгтэй юм байна. Ер нь бид одоо бүгдээрээ тэр их тансаг тарвалздаг явдлыг зогсоох хэрэгтэй. Тийм амьдралыг би нэг их эдлээгүй. Би бол тал дээрээс босч ирсэн Монголын нэгэн малчны хүүхэд. Би юунд итгэдэг вэ гэхээр урд тавилан, урд төрлүүд маань их сайн, буянтай улс байж дээ гэдэгт харин итгэдэг.
-Таны бага нас яг тэр сумандаа өнгөрсөн үү?
-Тэгсэн, Цагаанчулуутад. Хүүхэд насаа тэндээ өнгөрөөгөөд хожим хотод ирж, сургууль соёлоор дамжиж энэ хүрсэн.
-Шашны сургууль уу?
-Эхлээд би гидротехникээр сурсан. Усны мэргэжлийн хүн л дээ. Миний анхны мэргэжил энэ. Дараа нь Шашны их сургууль төгссөн, дараа нь Их сургуульд сурч төгссөн, гадаад харилцаанд. Тэгээд Түвдийн “Эмнэлэг зурхайн институт”-д очиж суралцсан. Тэгээд 1990 оноос хойш Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв “Манбадацан” гэдэг байгууллагыг анх байгуулаад, 1991 онд “Оточ Манрамба” дээд сургуулийг байгуулаад өнөөг хүртэл аваад явж байна. Миний сэргээж байгуулсан “Манбадацан” хийд бол 1760 онд байгуулагдаж байгаад 1938 онд устсан ийм хийд юм. Анагаах ухааны энэ хийдийг нэрээр нь, уламжлалаар нь дахин сэргээж хөгжүүлсэн. Гэхдээ энэ хийдийг манай гуравдугаар Богд Ишдамбийням Хутагт бээр барьж байгуулж байсан юм байна лээ.
Манай анагаах ухааныг Өрнийн ч биш, уламжлалт ч биш болгох гэсэн нэг хэсэг том хүч байгаа
-Манайхан гадны юмыг, хүний юмыг илүүд үзэж шүтэхдээ дуртай улс. Хятадын уламжлалт анагаах ухаан үгүй ээ мөн сайн шүү гэж ярина. Монголын уламжлалт анагаах ухаан маань болохоор бидний амьдралд эзлэх байр сууриар бага. Ялангуяа шинэ үеийн монголчуудад. Бид хуучин өөрөө өөрсдийгөө анагаагаад л, нүүж байлдаж явсан ард түмэн байх. Яагаад бид уламжлалт анагаах ухаанаа хаячихаад Өвөрмонгол руугаа явсаар, Хятад, Солонгос руу урссаар байдаг юм бэ. Монголын энэ уламжлалт эмнэлгийн хөгжил нь ямар төвшиндээ явж байна вэ. Мөн төрийн зүгээс уламжлалт анагаах руугаа чиглэсэн юм хэр байдаг юм бол?
-Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг юм маань өнөөдрийн бидний тооцож гаргасан баримтан дээрээс аваад үзэх юм бол 2972 жил болж байна л даа. Гэхдээ яг одооны энэ хэрэглэж байгаа онол нь. Тэрнээс өмнө бол хязгааргүй. Хэдийд анагаах ухаан үүссэн байна, энэ дэлхий ертөнцөд. Тэгээд л эхтэй. Бидний авч явж байга яг энэ анагаах ухааны онолыг авсан хэд хэдэн хэдэн улс үндэстнүүд байгаа юм. Энэ анагаах ухаан бол Буддын онол дээр суурилчихсан тийм анагаах ухаан юм. Тэгээд нөгөө шашингүй үзэл мүзэл болоод ирэхлээр чинь нэг хэсэг далд явс Энийг хэн авч хөгжүүлсэн гэхлээр Түвдүүд авч хөгжүүлсэн, зарим нэг Энэтхэгийн одоо анагаах ухаангуутангууд л бол энд хамааралтай байж байгаа. Тэгээд Монгол авсан. Халимаг, Буриад, Тува гээд Монгол үндэстэн ястнууд авсан. Хүмүүс маань ямар айдастай аж төрж байв. Хөжилд нь саад болсон олон юм бий. Яг манай энэ онолыг авсан улсууд гэвэл Түвд байна. Бутан хавийн улс үндэстнүүд бол бүгд энэ анагаах ухааныг авч хөгжүүлсэн. Өвөрмонгол ч гэсэн үүний үндэс суурийг авч хөгжүүлсэн. Энэ олон мянган жил хөгжиж ирэхдээ нийгмийн болоод ард түмний эрүүл мэндийн сайн сайхны төлөө л байсан. Энэ анагаах ухаан бол бүр гэгээрлийн төвшинд нотлогдчихсон тийм анагаах ухаан. Энэ анагаах ухааныг бол Түвд, Монгол хоёр харин хар хайрцагны бодлогоор олон зууны турш ерөөсөө гадагш нь гаргаагүй авч явж ирсэн. Сүүлд наян хэдэн оноос хойш дэлхийн хил рүү ороод ирлээ л дээ. Тэгээд энийг чинь дэлхий судлаад ирэнгүүт үнэхээр гайхалтай юм байна аа гэдгийг нь олж нээж эхэлж байх жишээтэй. Үнэхээр сор болсон анагаах ухаан л даа. Гайхамшгийг нь дараа дараачийн зуунууд улам л тодруулж өгнө. Улам үр дүн нь гарна. Ийм л юмыг бид тээж яваа юм. Тийм ч учраас монголчууд энийгээ хөгжүүлж явж байгаад 70-80 жил бол энэнээсээ холдсон. Холдохдоо бол бас олон нийтэд дандаа муухайгаар сурталчилсан. Нэг тийм муухай цаг үе байсан л даа. Тэр нь хүмүүсийн сэтгэхүйд хоногшчихоод байгаатай л холбоотой юм.
-Шашин бухан шүтэж болохгүй, Цагаан сарыг хийж болохгүй гээд л баахан явсан биз дээ?
-Тийм. Монголчууд энэ том анагаах ухааныг авснаараа бахархах хэрэгтэй юм байна лээ. Бас омогших хэрэгтэй юм байна лээ. Одоо дэлхийн анагаах ухаанд том хувь нэмэр оруулъя гэвэл монгол анагаах ухаан руугаа харах хэрэгтэй. Бүр бодлогоороо. Энийг хийхэд хэн хэрэгтэй юм бэ гэхээр уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн мэргэшсэн улсууд, өндөр мэргэжлийн эрдэмтэд. Өрнийн анагаах ухааны нарийн мэргэшсэн эрдэмтэд. Энэ хоёр л нэг уулзвар дээр уулзаж байж, ярилцаж байж, шүүж байгаад монголчуудын хувьд дэлхийд анагаах ухаанд хувь нэмэр оруулах том юмыг хийж чадна.
-Үргэлж л бие биеэ үгүйсгэж байсан хоёр шүү дээ?
-Гэхдээ одоо ойртон нягтрах нэг утга байгаа юм. Зүгээр л дэлхийн анагаах ухааны тулгамдсан асуудлуудад хариулт өгөх. Ийм юм байдаг юм байна, ингээд үр дүн нь гардаг юм байна, ингэдэг юм байна гэдэг юманд хариу өгөхөд энэ хоёр эрдэмтнүүд нийлчих юм бол цаг хугацаа хожно. 1998 онд Монгол улс уламжлалт анагаах ухааны төрийн бодлого гаргасан. 2015 оныг хүртэл Эрүүл мэндийн яамнаас уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогын хэрэгжилтийг хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө гаргаад явж байгаа. Энд бүх тусгалуудаа олсон. Гэхдээ уламжлалт анагаах ухаан дээр бол төсөвт нэг ч юм тусгагддаггүй. Тэгж байж яаж хөгжүүлэх юм. Бидэн шиг энэний төлөө 21 жил зүтгэж байгаа улсуудын хувийн зүтгэлээр л явж байна. Хоёрт нь бол энэ уламжлалт анагаах ухааныг чинь ашиглаад анагаах ухаанд юм хийе гэсэн тийм нэг хэсэг том хүч байгаа. Манай анагаах ухааныг өрнийн ч биш, уламжлалт ч биш болгох гэсэн нэг хэсэг том хүч байгаа.
-Саармаг юм болгож хаях гэсэн үү. Аймаар юм. Гадны л хүч гэсэн үг биз дээ?
-Тийм. Ийм сургалт ч явж байгаа. Би бол энэний эсрэг явж байгаа хүн. Энд би хүнтэй муудалцах гээд байгаа юмуу, салбарыг унагах гээд байгаадаа биш. Анагаахын эрдэмд сургаж байгаа сургалтын систем рүү анхаарах цаг иржээ. Энэ хольж хутгасан юмны үр дагавар нь муу гарна шүү. Улсын өмнө хариуцлага хүлээж байгаа бол шударгаар хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Чадахгүй байвал чадахгүй байна гэдгээ хэлчих хэрэгтэй. Чадаж байвал чадсан шиг чадаад явах хэрэгтэй. Ийм л юмыг одоо хатуу яримаар байна.
-Та нар эм бэлдмэлээ өөрсдөө л бэлдэж байна уу. Эх орноосоо юу, бас гадаад улс орноос оруулж ирж байна уу?
-Энэ уламжлалт анагаах ухааны салбарт тулгамдаж байгаа нэг зүйл таны яг энэ асууж байгаа эмийн асуудал байгаа юм. Гол бүтээгдэхүүн нь ургамлын болоод эрдсийн гаралтай, зарим нэг нь амьтны гаралтай ийм түүхий эдүүдийг ашиглаж хэдэн мянган жороор эм хийж байгаа. Энэ эмүүдийг зөвхөн Монголд ургасан ургамлуудаар бас бүгдийг хийж чадахгүй. Халуун орны зарим ургамал орж байна. Өөр бусад оронд ургадаг ургамлууд орж байна. Тийм учраас бид зарим ургамал эрдсийн гаралтай зүйлүүдийг гадаадаас оруулж ирж байгаа. Нэг хэсгийг нь Монголоосоо түүж бэлдэж байгаа. Монголдоо хийж байгаа монгол эм бол дэлхийн уламжлалт анагаах ухаан дотор нэг номерийн эм шүү. Яагаад би тэгж хэлж байна вэ гэхээр бид гадаадаас бүр хамгийн чанартайг нь сонгоод авчирч байна. Түүхий эдүүдийг нь шүү дээ. Монголд ургаж байгаа энэ ургамалууд маань бол дэлхий дээр нэг номерийн ургамал. Байгалийн цэвэр орчинд ургаж байгаа, байгалийн дөрвөн улиралд өөрөө шалгуураар гаргаж ирдэг ийм ургамлууд. Тийм учраас чанарын хувьд бол өндөр төвшнийх.
-Тэсвэрлэг, огт өөр чанартай байх л даа. Гэхдээ л бид солонгосын хүн орхоодойноос илүү сурталчилж чадахгүй л байна шүү дээ, энэ юмаа?
-Чадахгүй байна. Бид нар тэрийгээ сурталчилъя гэхээр бүх мэдээлэл юм чинь хөлс мөнгөтэй болчихсон. Бидэнд тэр мөнгө нь алга. Төр бодлогоороо сурталчилж өгөх хэрэгтэй юм шүү дээ, уг нь. Байсан, жамаараа хөгжиж явсан юмыг төр өөрөө устгачихсан юм чинь. Одоо төр энэн дээр нэг анхаарал тавьчихмаар байгаа юм. Санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. “Оточ Манрамба” сургуулийн хувьд Монгол Улсад нэг номерийн уламжлалт анагаахын ухааны эмч нарыг бэлдсэн. Өөрсдийнхөө хүчээр. Одоо жаахан хүнд л байна.
-Та өглөөгүүр их завгүй байдаг юм байна. Өдөрт ер нь хэдэн хүн үздэг вэ?
-Өдөртөө 30 гаруй хүн үзэж оношилж, эмчилгээг нь шийдэж байна.
-Манай монголчууд жаахан орой сэрдэг, юманд их хайнга улсууд л даа. Тэгж яваад л нэг мэдэхэд эрүүл мэндээ алдсан байх нь элбэг. Уламжлалт эмнэлэг рүү ерөнхийдө энэ эмнэлэгүүдээр яваад итгэл найдвараа алдсан, бүтэлгүй хариу сонссон хүмүүс ихэнхи нь ирж байна уу. Зүгээр сонгоод л ерөөсөө ардын эмчилгээгээ дагая гэсэн хүмүүс ирж байна уу?
-Сүүлийн үед ер нь хүмүүсийн чиг хандлага их өөр болж байна. Ялангуяа энэ Монголынхоо чанартай, аюулгүй эм эмчилгээг хэрэглэе гэсэн нэг хэсэг хүмүүс бол бий болсон байна. Нөгөө нэг талаасаа бүр аргаа барчихаад ирж байгаа хүмүүс ч их байна. Нөгөө нэг хэсэг нь бол ерөөсөө энэ уламжлалт эмийг багаасаа гэр бүлийн уламжлалаар дамжиж хэрэглээд хэвшчихсэн хэсэг байна. Коммунизмын үед ч гэсэн далд явж л байсан. Тийм юмаар амт чадлыг нь мэдчихсэн, эдгэрч байсан, тэрнийг амьдрал дээрэээ харчихсан тийм хүмүүс байдаг.
-Сүүлийн үед био энергитэй хүмүүс гэж бас гарч ирж байна аа. Хорт хавдрыг зогсоочихлоо гэж ярих юм. Хорт хавдартай бол та олон жил тэмцэж байгаа байх. Бүрэн илааршсан тохиолдол хэр олон байна вэ?
-Ганцхан энергиэр хорт хавдрыг эдгээчихнэ гэхэд бол би бас хэлж мэдэхгүй байна. Зүгээр яг уламжлалт ухаан дотор бол хортой болон хоргүй хавдрыг эмчилдэг бүхэл бүтэн цогц эмчилгээний арга барил, удирдамж байж байна. Тэрний дагуу явахад бол хорт болон хоргүй хавдартай хүмүүс эдгэж байгаа тохиолдлууд байна. Энерги гэдэг талын санааг бол харин буян гэж ойлгож болно. Их буянтай хүн л хүнд их тусалдаг юм шүү дээ. Нөгөө талаас ер нь бол хамгийн их энергитэй газар дуган, сүм хийд. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр их хөлөгний судрын болоод тарнийн ёсон өдөр тутам тэнд уншигдаж, агуу их адислал оршиж байдаг юм. Тийм их энерги хүсээд байвал дуганаар нэг ороод гарч байх хэрэгтэй. Сүм хийдүүдээр ороод нэг гарахад сайхан шүү дээ.
-Зарим хүн “Ном бичүүлчихээд ирлээ, уншдаг л байгаа даа” гэж байдаг. Энэ алдас уу?
-Тэр хүний буян хийе гэсэн бодол нь зөв. Зориод ирсэн нь буян болчихож. Бичүүлчихсэнийхээ дараа уншдаг л болов уу даа яадаг бол гэсэн эргэлзээтэй сэтгэл агуулж байгаа нь бол нисванисын муу сэтгэлд ордог юм.
Бөө бол зүгээр л зан үйлийн холбогдолтой зүйл шүү дээ
-Бөө гэж сүүлийн үед манайхан маш их ярьж байна. Бүр үзэгдлийн төвшинд очжээ. Сүүлдээ бүр өөрсдийгөө шүтэж биширсэнгүй гэж хорсоод хүний машин дэлбэлчихэж байна. Хүнийг бөө болгох ёслол хийж байна гээд халуун усанд шалзлаад хөнөөчихөж байна. Одоо бүх айлд бөө төрж байна. Бид Үндсэн хуулиараа энэ бүх эрх чөлөөг хуульчилсан ч шашныхаа төв байгууллагаасаа, хамба нараасаа ямар нэг байр суурь хүлээдэг. Гэвч Төр нь ч, шашны оройд байгаа зүтгэлтнүүд нь ч таг л байх юм?
-Монголчууд энэ гариг ертөнц дээр оршин тогтнож ирэх явцдаа янз бүрийн л шашнуудыг авч үзсэн байдаг юм. Бөө бол шашин гэхээсээ зүгээр зан үйлийн холбогдолтой зүйл шүү дээ. Өөрийн гэсэн онол байна уу. Тэрийгээ гаргаад тавих хэрэгтэй. Ер нь аливаа нэгэн юманд онол үндэслэл байх хэрэгтэй. Гэвч манайд тэдэнтэй ийм юм ярих боломж байхгүй. Дэндүү учир дутагдалтай. Нөгөө нэг талаараа бөө нар яадаг вэ гэхээр завсрын хүн хийгээд, хүн бусын хорлолуудтай холбогдчихдог байхгүй юу. Тэгэхлээр буддизм тийм юмнаас ангид орших ёстой атал ийм юмтай холбогдчихоор ямар өөдтэй байхав. Хоёрт нь, тэр хорлогчийн сэтгэхгүйгээр хийгдэж байгаа бүх юм эргээд хүн төрөлтөнд зовлон л авчирдаг. Энийг чинь монголчууд өөрсдөө эрт дээр цагтаа мэдээд больсон байхгүй юу. Нөгөө нэг шашингүйн үзлээр олон жил их явчихаар хүн болгон нэг юм хайгаад байна ш дээ. Сэтгэлд нь нэг юм байгаад байгаа учраас л тэр орон зай дээр ийм буруу үзэгдлүүд тоглочихлоо. Энийг монголын ард түмэн их ойлгож, жаахан ангид байх хэрэгтэй. Дээр үед бол харин ч энэ бөө нарыг чинь их энерги муутай гэдэг байсан байна ш дээ. Тийм учраас тэр хүмүүсээс хол явж байж, салхин доогуур нь гарах ч онцгүй дээ гэж ойлгодог байсан улс чинь одоо бол харин салхин доогуур нь битгий хэл уусан архийг нь амнаас нь амандаа долоох нь халаг болчихсон явж байна. Ийм л болчихсон байна. Энэ бол буруу явдал руу орж байгаагийн нэг том илрэл. Нөгөө талаараа бол ерөөсөө өөрийн гэсэн ийм их хөлөгний том шашин оршин тогтноод байж байхад өнөөдөр тэрийг мөрлөж яваа, тэрийг авч яваа бид нарын бас арчаагүй асуудал байгаа юм. Энийгээ ард түмэндээ яаж зааж сургах тал дээр ерөөсөө дорвитой ажил хийхгүй байна. Дорвитой ажил хийе гэхээр энэ нь өнөөдрийн үед дахиад л эдийн засаг ч юмуу аягүй олон юмтай холбоотой. Энэ хийдүүд чинь тийм мөнгөтэй биш байна шүү дээ. Би бол энэ “Манбадацан” хийдийг өөр эх үүсвэрээс санхүүжүүлж явдаг хүн ш дээ. Өөр үйл ажиллагаанаасаа санхүүжүүлж л авч явж байна.
-Эмнэлгээсээ юу?
-Тийм, бусад эмнэлэг, эмийн үйлдвэр тэр юмнуудаасаа эргэж энийгээ дэмжиж авч явж байгаа.
-Манайд Христийн шашны бүхэл бүтэн телевиз байж байхад Буддын шашных байдаггүй?
-Байхгүй. Уг нь энэ бурхны шашны асар том хүч байгаа. Эрдэмтэн мэргэд нь байна, чадалтай лам хуваргууд нь байна. Зохион байгуулалт л байхгүй болчихсон. Нэгдсэн зохион байгуулалтын байгууллага байхгүй болoхоор энэ явахгүй байгаа юм. Хийд болгон биеэ даасан байдалтай явж байгаа. Нэгдсэн нэг том зохион байгуулалттай байгууллагыг байгуулъя гээд 21 жил яриад бүтсэнгүй. Энийг хийлгүүлэхгүй гэсэн бас том хүч байдаг юм. Сайхан нэр барьж, бас их том юм ярьдаг хүмүүс ч байдаг. Тэгээд энэ гадны шашин болоод урсгалуудыг зохицуулах төрийн том алсыг харсан хууль байх ёстой. Тэр хуучин хууль нь бол шашны асуудлаар одооны энэ нийгэмд үүсээд байгаа зүйлийг зохицуулаад авч явах тийм чадамжгүй болчихсон хууль байдаг юм л даа. Энийг бас өөрчлүүлэх гээд бид нар явдаг. Тэгээд өөрчлөх болохлоор зүгээр нэг хэдхэн хүмүүсийн үзэл бодлын хууль хийх гээд байгаа байхгүй юу. Энэ төрд ч гэсэн өөр шашинд орчихсон хүмүүс их байна шүү дээ. Тийм учраас зөв л хууль гаргах хэрэгтэй. Буруу хууль гаргах юм бол улс оронд нэлээн том зөрчил авчирна.
-Манай шашныг их шүүмжилдэг. Бусад шашны байгууллагуудыг харж байхад адаглаад л үгээгүй хоосончуудаа дуудаад хооллодог, гэргүйг нь орогнуулдаг ч юмуу бас юм хийдэг. Сургааль номных нь агуулга арай өөр, сэтгэл рүү гүн наалдацтай. Гэтэл бид адаглаад уншуулаад байдаг номын нэрүүдээ ч, утга шидийг нь ч мэддэггүй. Дээр нь манай шашин өгөхөөсөө зөвхөн авдаг л шашин шиг харагддаг. Хүнд юм өгдөггүй. Та битгий эмзэглээрэй “Зовлон ихдэхэд лам, зовлого гарахад нохой зоолдог” ч билүү нэг хачин үг ч бий. Биднээс ийм хол болохоор шашнаа гутаах юм ихтэй. Энэ тухай та юу гэж боддог вэ?
-Аливаа нэгэн өглөг гэдэг юмны талаар бурхны шашин их гоё айлдсан л даа. Өглөгийг бол эд өглөгийн өглөг гэж нэг хэлбэр байна. Тэр дотор хувцас, мөнгө төгрөг одоо юу байдаг юм. Нөгөө нэг том нь номын өглөг гэж байна. Гэгээрүүлэх, номжуулах, оюун санаанд нь зөв юм суулгах зорилготой. Нөгөө нэг юм нь бол аюул осолгүйн өглөг гэж. Энэ нь бол аливаа нэг муу юмнаас урьдчилан сэргийлэх хамгаалах ийм чиглэлээр өглөгийг өгдөг. Ер нь бол өөрийнхөө төлөө, энэ хүний төрлийг олоод төрснийхөө төлөө хүн ер нь нэг удаа ч гэсэн буян хийх үүрэгтэй л дээ. Тэрийгээ хийснийхээ төлөө хийдүүд рүү дайраад байх хэрэггүй. Харин ч хийдийг нь бариад, номыг нь уншаад өгдөг мэргэжилтнийг нь бэлдчихсэн, тэр нь байж байгаа тохиолдолд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Барууны шашинтай бол бид эдийн засгаар яриад хэрэггүй. Тэдэнд чинь арван эх үүсвэрээс мөнгө орж ирдэг. Хамгийн эхлээд тэр барууны үндэстнүүд цалингаасаа бүр тогтмол цөөн хувийн татаас шашиндаа өгдөг. 4-5 жилийн өмнө би интернэтээр харахад Германы төр засаг бол 9 тэрбум евро-г шашиндаа өгсөн байдаг. Баруунд чинь нөгөө ганцаардмал амьдрал ихтэй ш дээ. Тэр хүмүүс насан эцэс болохоороо эд хөрөнгөө шашиндаа өгчихдөг. Тэгээд дээр нь дэлхийн одууд, супер саятнууд гээд хамгийн их мөнгөтэй хүмүүс баруунд байж байна. Тэр хүмүүс нь хүмүүнлэгийн тусламж гээд шашнуудад өгчихдөг. Монголчууд ерөөсөө хурал бичүүлэхээ больчихоод цалингаасаа тэгээд өгчихөж бас болно шүү дээ. Өөрөө зорьж ирээд буян хийхэд хэцүү байгаа бол цалингаасаа өгчихдөг. Барууныхан шиг болчих. Тэнд бүх хүн шашны татвар гэдгээ төлдөг. Ийм болчихоод байгаа байхгүй юу. Би бол яахав ээ, өөрийн энийг аваад явж байгаа учраас яриад байх юм алга. Бусад хийдүүд хэцүү л байна. Гэхдээ бас Монголын ард түмэн лам хуваргуудаа хайрлах хүндлэх тийм сэтгэлгүй болчихсон юм байна лээ. Энэ их буруу.
-Хуварга хүн явж байхад зогсоод зам гаргачихдаг юм ч нээрээ байхгүй болчихсон байх шүү?
-Тийм хүндлэл байхгүй болчихсон. Лам хүний нийгэмд эзлэх байр суурь нь аягүй муухай болчихсон. Бод л доо. 60 мянган төгрөгний цалин аваад явж байгаа хүмүүс лам нар л байгаа шүү дээ. 80- 120 мянган төгрөг аваад явж байгаа хүмүүс өөр хаана байна. Монгол Улсад хамгийн өндөр цалин өгөөд явж байгаа хийд “Манбадацан” байгаа. Нэг лам хэлж байгаа байхгүй юу. Бид нар хамгийн хямдхан торгоор бодож байгаа юм. Нэг дээл хийнэ, нэг орхимж хийнэ гэхэд 350 мянган төгрөг болж байгаа юм. Хамгийн муу материалаар шүү дээ. Тэгэхэд тэр лам хүнд ядаж гурван солих дээл хэрэгтэй л дээ. Ингээд бодохлоор 100 мянган төгрөг авч байгаа лам яах уу. Бас хөөрхий лам хүн өөрөө бас нэг идэж уунаа даа. Тэгээд автобусанд суухад нь мөнгө авч байгаа байх. Дээр нь тэр хүн чинь эрэгтэй хүн гэдэг талаасаа нэг муу дүүгээ сургуулийнх нь төлбөрийг төлчих юмсан, хоолонд нь залгуулчих юмсан гэсэн ийм нэг бодол тээгээд явж байгаа. Яаж энэ бүхнийг 100 мянган төгрөгөөр авч явах юм бэ. Энэ байдал юунд оруулчихав аа гэхлээр өнөөдөр монголын шашны лам нар дугандаа номоо үзээд, тэр амьтныхаа тусыг хийгээд суух байтал гэрийн гүрэмд орчихож байгаа байхгүй юу. Айлуудаар явдаг. Өдөрт нь хурлаа хурчихаад үдэш нь гэрийн гүрмэнд орчихож байна ш дээ. Энэ бол буруу байхгүй юу. Тийм учраас энийг зохицуулах бодлого хэрэгтэй болчихоод байгаа юм. Нөгөө нэг талаар ганцхан юмыг би баталгаатай хэлж чадна. Лам нар дотор эрдэмтэй лам нар байгаа шүү. Элий балай юм донгосдоггүй, эрдэмтэй лам нар бол байгаа шүү. Тиймээс тэр эрдэмтэй лам нарыг одоо хайрлах хэрэгтэй. Өдий зэрэгтэй сүжгээрээ явж байгаа тэр хүмүүсийг эвий хөөрхий минь гэж бас бодох хэрэгтэй шүү.
-Сая миний багын найз насан эцэслэж, оршуулах ёслолд нь оролцлоо. Нэгдүгээр эмнэлгийн гадаа мооргийн үүдэнд бөөн асуудал. Улсууд цаганд хавчигдаад бараг нөгөө хойдохыг нь бодож уурлаж уцаарлахгүй гэж тэвчиж байсан нь алдарч хүнд юм үүсч байх жишээтэй?
-Мөнх бусыг үзсэн тэр амьтан хөөрхий. Үнэхээр тийм юм болж байгаа нь тун ч таагүй явдал юм.
-Тэрэн дотор хамгийн хүлцэнгүй тэсч байгаа нь үүрийн 04 цагт ирчихсэн байж байх лам нар. Айл болгон л нэг нэг лам залаад ирчихсэн. Хөөрхий тэд л талийгаачдийн бүх юманд өчүүхэн сэжиг, цээр байхгүйгээр хүрч, хөндөж, янзалж, тэр их хүйтэнд ажил явдал дуустал нь байх юм. Хараад сэтгэл өвдөж байлаа?
-Үүргээ биелүүлж яваа энгийн нэг хуврага хүнийг нигүүлсэж хайрлах л хэрэгтэй.
-Тэгэхэд буяны компаниуд аваачиж хээр хаячихаад л бидний үйлчилгээ болчихсон гээд давхиад явчихаж байх жишээний. Энийг хараад зүгээр л гунигтай санагдсан. Лам нарыг тийм цалин багатай, амьдрал ахуйн хувьд яду зүдүү гэдгийг нь мэдээгүй явжээ?
-Тийм ээ, хуврагууд маань төдийлөн ам нээдэггүй улс. Хувийн төлөө өчүүхэн хүслээс ангижирсан, амтны тусын тулд өөрийгөө элээх тавилантай төрсөн л улсууд шүү дээ. Гэхдээ төр нь, сүсэгтнүүд нь хайрлан хүндэтгэж байвал сайн сан.
Есдүгээр Богд Монголын ард түмний өмнө түүхэн үүргээ биелүүллээ шүү дээ
-Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүнээр Есдүгээр Богд гэдэг түвд хүн залагдлаа. Энэ хүн маань их өтөлж, насны доройтолд орсон байна. Түүнийг бие даан үүргээ гүйцэтгэж байна гэхэд их эргэлзээтэй харагдах юм. Судлаад үзэхэд эрүүл мэндийнх нь хувьд ч асуудал байгаа бололтой. Гэнэт яагаад ийм юм болов оо?
-Би таныг энэ асуултыг надад тавих байх гэж бодож байсан л даа. Энэ бол том сэдэв.
-Би сэтгүүлч хүн. Өөрийн бодлоо гэхээс илүү эргэлзээ тээж яваа олон олон хүмүүст ойлголт өгөхийн тулд асууж лавлах үүрэгтэй. Энэ үүднээс нь та хүлээж авбал сайнсан?
-Ойлгож байна. Тэр тийм байлгүй яа вэ.
-Энэ сэдвийг хөндөхөөр Аравдугаар Богдоо бид өөрсдөө тодруулах гэж л их нарийн бодож хийж байгаа ажил. Дуугүй л байж үзвэл дээр шүү гэх анхааруулга ирж байх жишээтэй. Бид чинь түүхэндээ гурав дөрөвхөн монгол Богд залж байсан биз дээ. Та сайн мэдэж байгаа байх. Бусад нь дандаа л Түвдээс тавигдаж байсан. “Тоглоом” дандаа гадны удирдлагатай л яваад байсан. Ийм байхад манай буддын шашин бусад шашинтай яаж өрсөлдөх юм бэ. Бодлого, орой толгой, цаад хар хайрцагны сэрэмж гэж байна уу?
-Монголчууд бол олон зууны турш энэ бурхны шашныг хөгжүүлж ирсэн ард түмэн. Тийм ч учраас монголчууд бүр эртнээсээ гурван номт орны тоонд, замбуулингийн түүхэнд бичигдсэн орон. Буддын их хөлгөний шашныг авч явсан гэгээлэг ард түмэн гэж биднийг үздэг. Монголчууд их ухаантай байжээ. Юм нь зарчимтай явж ирж. Манжийн дарлалд 200 гаруй жил дарлагдан мөлжигдөж шаналхад энэ улс үндэстнийг чнь хэн авч гарч тусалсан юм бэ. Буддын шашин шүү дээ. Буддын шашин биднийг уусгачихгүй үлдээж авч гарсан юм. Монголын төрт улс дахиж 1911 онд тусгаар тогноход Буддын шашин л агуу их хувь нэмэр оруулсан. Тийм учраас бидний түүх үе үеийн Богдуудтай салшгүй холбоотой. Монголчууд харин Богдтой байсандаа баярлах хэрэгтэй. Үе үеийн тэр Буддын бурхдуудын хойд дүрийг Монголдоо бий болгож авч явсан бол агуу түүх. Энүүгээрээ их хүчирхэг нөлөөтэй байсан. Харин энэ байдлаа одоо бол алдах талдаа орсон байхгүй юу. Одоо буддын шашныг өмчлөх санаархал үүсчихлээ. Хятадуудад одоо бүгдийг нь төвлөрүүлье гэсэн бодол байхыг бид үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд бид өөрийн үндэсний шашныг авч явах лидерээ байлгах ёстой. Тийм учраас бид нар аль тэртээгээс тодруулчихсан хүнийг үгүйсгэж болохгүй л байхгүй юу.Түүхийг үгүйсгэж болохгүй. Түүхэн хүн нь байж байна, түүхээ цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй.
-Өмнөх Богд нас барснас хоёр жилийн дараа тодруулах ёстой ч гэдэг билүү нэг хугацаа бас байдаг юм байна лээ. Гэтэл энэ Бодыг их хожуу тодруулсан. Далай лам ч гэсэн нэлээн хожуу хүлээн зөвшөөрсөн гэх баримт бас байдаг. Тэр энэ тэрийг бол ерөөсөө тоох хэрэггүй юу?
-Тэртээ тэргүй тэрийг манайхан тодруулах гээд явсан байдаг юм ш дээ. Тэгэнгүүт нь цаг үеийн үймээнээр зогсоогоод хаячихсан байхгүй юу.
-Коминтерн ахин Богд тодруулахыг хаасныг хэлж байна уу?
-Харин ч бид нар тодруулж авсан нь их ач холбогдолтой. Энэ хүн бол тэр цагийн аясаар Монголын Богд гэдгээрээ тодорчихоод хаа газар амьтны тусаа хийгээд явж л байсан байхгүй юу. Тэгээд Монголд ардчилал бий болж улс төрийн байдал, шашин номын ажил эргээд сэргэхэд нь шашны талаас ч гэсэн бид зүтгэсэн. Ард түмний талаас ч гэсэн зүрх сэтгэлд нь Есдүгээр Богд байсан. Есдүгээр Богдыг зөвхөн 1990 онд таньсан юм биш. Би наян хэдэн онд багштайгаа уулзахад манай Есдүгээр Богд байгаа шүү дээ л гэж айлддаг байсан. Тэнд байгаа даа, уулзах юмсан. Амьддаа уулзчихвал сайхан даа гэдэгсэн.
-Таны багш уу. Монгол хүн байв уу?
-Монгол лам. Тэгэхлээр чинь эд нарын эртний холбоо сүлбээ ингээд л байгаад байсан байгаа байхгүй юу. Харин ч бид нар зөв бодлого явуулсан. Яагаад вэ гэхээр 13 жилийн өмнө туулай жил Богд маань өөрөө морилоод ирчихсэн байхгүй юу.
-Тунамал дүртэй Богдыгоо туулай жилдээ зална даа гэж нээрээ дуу хүртэл байдаг л даа?
-Яг тэрүүгээр болсон. Нэгэнт тэр Богд түүхээрээ ороод ирж байгаа тохиолдолд бид нар яах ёстой байсан гэж. Анх Богдыгоо тэгж ороод ирэнгүүт нь хөөгдүүлээд л, туугдуулаад л, гарга гэж бид нарыг чинь дарамтлаад л яаж байв аа. Тэгээд бидний хэсэг лам нар яасан гэхлээр их түүхээ бодож Хархоринд Монгол Улсын Бурхан шашинтны тэргүүн Есдүгээр Богд гэж хүлээн зөвшөөрч, тамгаа өгөөд өргөмжилчихсөн юм шүү дээ.
-Тэнд Чойжамц хамба оролцсон уу?
-Чойжамц хамба бүх үйл ажиллагаанд оролцсон. Гэсэн ч яагаад ч юм манай хүн бол яг өглөө тэнд юм гардуулахад очоогүй. Тэр бол их түүхтэй юм болсоон. Тэрийг би өөрийн номондоо бичнэ гэж бодож байгаа. Ямар хүмүүс үүрэг хариуцлагаасаа татгалздаг гэдгийг би тэр үед олж мэдэрсэн. Шашинд үнэнч байсан уу, үнэнч биш явсан уу гэдэг асуултын өмнө бид бүгдээрээ очно. Төрд нь байсан хүмүүс ч ялгаагүй. Ингэж явсаар байгаад харин дахиад Туулай жил дээрээ Монголын иргэншил аваад, дахин тамгаа гардсан явдал бол бас л нэгэн түүх. Харин би энэ төрд, Ерөнхийлөгчид талархаж байгаа. Монголын иргэн болгосонд нь. Богдын бие лагшин чилээрхүү байгааг мэдсэн мөртлөө бид цаг хугацаа алдаад байсан байхгүй юу. Энэний төлөө миний хувьд маш их яарч байсан. Дандаа барцад саадтай тулгарсаар байгаад арван хоёр жилийг аваад хаячихсан байхгүй юу. Анх ирэхдээ Богд маань ямар гайхалтай, ямар сайхан байсан билээ. Бид цаг их алдсан.
-Одоо бол та уулздаг биз дээ?
-Уулздаг.
-Үнэхээр мундаг хүн үү?
-Би бол одоо ингэж л хэлнэ. Монголын ард түмэн минь ээ, та нар минь манай Есдүгээр Богд мөн, биш гэж хэлж л битгий нүгэл хураагаарай гэж . Ийм нүглийг л бтгий үйлдээрэй гэж үнэн сэтгэлээс захиж хэлмээр байна. Одоо таны асуултад хариу өгье. Энэ хүн бол дэндүү том бодьсадваа юм шүү. Тэрнийг нь та өөрт заяасан хосгүй тод бэлгийн мэлмийгээрээ харж шинжлээрэй гэж л хэлэхийг хүсч байна.
-Би тэр үеэр “Бээжинг инээлгэсэн Богдын томилгоо” гэж нэг нийтлэл бичсэн л дээ. Энэ маань нүгэл мөн үү?
-Би Есдүгээр Богдод чин сэтгэлээс талархаж байна. Ер нь бол бид нарт аравдугаар Богдоо Монголоос тодорно, тодрохгүйн тухайтад сэтгэлийн зовлон бол байсан. Гэтэл Есдүгээр Богд маань дараагийн Богд Монголоосоо тодорноо гэж өөрөө айлдсан. Ингэж айлдаж байгаа явдал бол энэ хүний түүхэнд Монголын ард түмний төлөө хийж байгаа агуу их том түүх юм. Шашны төлөө хийж байгаа агуу их алсыг харсан том бодлого юм. Энэнд нь бид үүрд талархаж явах ёстой. Энэний төлөө талархаад л, дотроо буян бодоод явахаас өөр юу ч хэрэггүй. Шашны хөгжих үүд хаалга нь зөв тийшээ эргэчихлээ. Одоо бол харин бид сайн ажиллаад л өгмөөр байна. Даанч энэ бурхан шашны хүмүүсийн үйл хэрэг дэндүү хүлцэнгүй, дэндүү удаан болчихож. Үйл ажиллагаа нь нэг тийм хурдац байхгүй болчихсон юм шиг л надад санагдаад байгаа. Би өөрөө жаахан хурдацтай юм хийдэг хүн учраас надад энэ унжирсан байдал нь жаахан садаатай юм шиг санагдаад байгаа юм. Одоо Монголын ард түмэн жаахан Буддын шашнаа дэмжмээр байна. Бас лам хуваргууд нь энэ шашнаа хөгжүүлэхийн тухайд идэвхитэй ажилламаар байна.
-Одоо Есдүгээр Богд гуай хаана залардаг юм бэ?
-Одоо гандан дээр заларч байгаа. Яахав өндөр настай болсон. Хэд хэдэн эрхтэн системийн жаахан зовиур шаналгаа бол байгаа. Гэхдээ өөрийнх нь дотоод ухаан хэвээрээ. Тэр бол аймаар мундаг байгаа ш дээ. Хосгүй чадалтай том лам нарын дотоод ухаан хэзээ ч мунхардаггүй л дээ. Тэр чанар манай Богдоос илтэд харагдаж байгаа.
Хүн урлагт ойрхон явах хэрэгтэй
-Таны хувьд яг хувийн хамгийн том аз жаргал тань юу вэ?
-Миний хувьд хамгийн сайхан юм нь амьд байж байна. Хоёрт гэвэл миний таван мэдрэхүй эрүүл байна. Харж байна, тантай ярьж байна, таны үгийг сонсч байна, таны дотоод ертөнцийг мэдэрч байна. Ингээд харахуй, амтлахуй, сонсохуй, үнэрлэхүй, хүрэлцэхүй энэ таван мэдрэхүй маань эрүүл байж байх л миний аз жаргал юм ш дээ.
-Хүн бол ингэж л бодож баясаж байх ёстой юу?
-Тийм.
-Хүн л юм чинь гуних, шаналах, сэтгэлээрээ өвдөх мөчүүдийг эдэлж таарна. Тэр үед та яаж өөртэйгөө ажилладаг вэ. Шашны номлол сургаалаас гадна таныг цэнгүүлдэг юм байна уу?
-Тэрийг мэдэхийн тухайд эхлээд ертөнцийн зарчмыг мэдэх хэрэгтэй юм байна. Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр нэг ийм айлдвар байдаг юм. Орчлонд зүүний үзүүрийн төдий ч амгалан байдаггүй юмаа гэж. Нэгэнт тийм онолыг мэдчихсэн бол тэр зовлонтой яаж харьцах вэ гэдэг дээр өөрөө номын утгаар очиж, тэр зовлонг жаргалд урвуулж л чадаж байвал амар амгалан л байгаад байна. Тэгэхгүй тэрнийг яг бодит мөн чанараар нь аваад л байвал би ч өөрөө зовлонтой болоод, чи ч зовлонтой болоод дуусахгүй шүү дээ. Миний хамгийн гоё жаргалыг асуугаад байх шиг байна. Лам хүн чинь уншлагаа уншина. Номоо уншаад л, ингээд бясалгаад эхлэнгүүт бодол баясалгалын өөр ертөнцөд очиж байгаа юм. Энгийн утгаар хэлэхэд бүх л юмыг бодож байгаа юм. Бүх хүн төрөлхтөн энэ зургаан зүйлийн хамаг амьтан бүгдийг нь бодно. Тэр дотор надад таагүй үйлдэл хийсэн хүн хүртэл багтана биз дээ. Хаашаа холдох вэ, тэр. Тэгэхлээр тэр бүгдэд нь би нинж асралын гоё сэтгэлээ илгээдэг. Надад дайсан байхгүй.
-Та бол тамхи татаж, архи сархад уухгүй юу?
-Тийм юм байхгүй дээ. Би харин хамрын тамхи жаахан хүртчих гээд байна. Хамрын тамхи ч дэмий юм даа гэж бодоод л байж байна. Бусад нь бол хэрэггүй шүү дээ.
-Архи бүр хориотой юу?
-Тийм.
-Сонин юм даа, би тэгвэл согтуу лам харсан шүү дээ?
-Би хараагүй л дээ.
-Та караокед ч орохгүй юу?
-Караокед орохгүй.
-Би караокед дуулж байгаа лам бас үзсэн?
-Та их хөгжилтэй хүн юм.
-Машин барих уу?
-Машин барина аа. Машин барих чинь ийм байна. Би чинь бас санхүү мөнгө, энэ байгууллагыг чинь авч явах гэж их ачаа үүрч байгаа хүн. Нэг жолооч аваад ажиллуулсан дор би өөрөө тэрийгээ бариад явж байвал хэмнэх юм даа гэж. Надад хүмүүс хэлдэг л юм. Та өөрөө машинаа бариад яаж байгаа юм бэ гэж. Би бас байгууллагаа хөл дээр нь зогсоох хэрэгтэй. Нөгөө талаас өөрийн байгаа юмныхаа хэмжээнд л ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо хэсэгтээ жолоочтой явж байна. Гэхдээ л миний өөрийн хувь хүний зан чанар юм уу. Жолоочоо 8-9 цаг ингээд гадаа хүлээлгэхээр санаа зовоод ер болдоггүй. Тэр маш хэцүү. Нөгөө хүн чинь амьдралтай, бас нэг гэр бүл хүлээгээд байж байгаа, хүүхэд нь харж байгаа. Аав ирэхгүй байна даа гэж бодож байгаа болов уу гэж бодонгуут санаа зовоод, за чи зүгээр машинаа тавьчихаад яв, би өөрөө бариад явчихна гэж хэлдэг.
-Кино бол үзнэ биз дээ?
-Кино хааяа үзэх сайхан л даа. Гэвч одоо кинонууд чинь муу сэдэвтэй болжээ. Тийм кино хүнийг үймүүлнэ. Муу, буруу сэдэл санаа өгөхөөс цаашгүй. Монголын зарим киног хараад байж байх бас сайхан шүү. Тэр “Үер”-ийн Болд гээд өвгөн байдаг даа. Болд орос Михайл хоёр голын хөвөөний өвсөн дунд суугаад, ганц юм уусан шиг, зовлон жаргалаа хүүрнэсэн шиг. Тийм нэг хүний бодит амьдрал, дотор гадар хоёр нь үзэгдсэн нүднээс нулимс гармаар кинонууд үнэхээр сайхан. Тийм дүрүүд бол гоё. Тэр бол ухаарал өгдөг. Бас тэр чинь надад нинжин сэтгэл гэдэг юм байна уу гэдгийг туршаад байна ш дээ.
-Холливуудаас таны дуртай кино юу байна?
-Яахав, заримдаа бас нэг эр хүмүүсийн зан чанар байгаа ш дээ. Бас нэг омогшсон, эр хүний мөн чанар харагдаж байдаг сайхан сайхан кинонууд байдаг л даа. Нөгөө хэн билээ, монголд ирсэн.
-Ричард Гир үү?
-Ричард Гирын тоглосон кинонууд байж байна. Хоёрт нь нөгөө хотын дарга байдаг шүү дээ.
-Арнольд Шварценеггер үү?
-Тийм, Шварценеггер. Бас нөгөө манай хэн байгаа ш дээ. Өө нэр нь орж ирэхээ байчихлаа.
-Нөгөө Буддын шашинтан уу. Зодолддог Стивен Сигал уу?
-Тийм Сигал.
- Машиндаа та дуу сонсоно биз дээ?
-Би ер нь урлагийг хүндэтгэж явдаг хүн. Урлаг бол хүний амьдралд баясал цэнгэл өгч байдаг том түшиг.
-Н.Норовбанзад гуайн 80 насны ойд зориулсан урлагийн хүндэт шагнал гардуулах ёслол дээр таны хэлсэн үгийг сонссон. Сонин, өвөрмөц санагдсан?
-Би бол уртын дуу, морин хуур хоёрыг арга билэг юм гэж ойлгодог. Уртын дуу морин хуур хоёр хүний амьдралын зовлон жаргал хоёрыг хоёуланг нь шингээж чаддаг юм байна. Морин хуур, уртын дуу хоёрт үнэхээр хүний сэтгэлийг хөглөх нэг ид шид байдаг. Тэрийг мэдрэх шиг дотоод жаргал хаана байна. Манайхан тэр рүү жаахан итгэл өгч сонсох хэрэгтэй.
-Н.Норовбанзад гуайн дууг сонсохын тулд өөрийгөө чөлөөлөх орчин хэрэгтэй байдаг. Надад лав тэгж санагддаг?
-Уртын дуу бол хязгааргүй рүү явдаг. Хязгааргүйг багтааж чадсан тийм мөн чанартай. Нөгөө нэг талаараа ерөөсөө хүн урлагт бас жаахан ойрхон байх хэрэгтэй. Урлаг гэдэг юм сонсохуйн мэдрэмжээр нь, харахуйн мэдрэмжээр нь хүнийг гэгээрэл рүү татах увидас, сайхан мөн чанартай. Би анх ерэн хэдэн онд Монголынхоо морин хуурын чуулгыг “Манбадацан”-д авчирч Цагаан сараар тоглуулсан юм. Тэгэхэд намайг бас л хүмүүс муулж л байсан. Энэ одоо дуган, сүмийн газар ингэлээ тэглээ гээд. Би тэгэхэд нь “Үгүй ээ, хүний зүрх сэтгэл рүү орсон аялгуунууд бол хүний мэдрэмжийг авах тусам нь аз жаргалд хүргэж байдаг. Хүн өнөөдөр өөрийнхөө сэтгэлд байгаа тэр их дарамт, тэр их сэтгэлийн гансрал, сэтгэлийн бухимдал бүгдээ тайлах хэрэгтэй. Ариусах хэрэгтэй” гэж.
-Н.Норовбанзад гуайтай уулзаж байв уу?
-Уулзаж байсан, бас гэрт нь нэг очиж байсан. Гайхамшигтай гэх хэмжүүрээс өөр төвшинд тэр хүний тухай авч үзэх аргагүй. Би уулзаад зогсохгүй хамтдаа уран бүтээл хийж явсан. Одоо хүүхдүүдтэй нь ч нэгэн үрээр холбоотой л явна даа.
Цаазаар авах ялыг халсан явдал бол гайхалтай шийдвэр
-Манай орон цаазаар авах ялыг халж чадлаа. Энэ тухайд шашны нээн том зүтгэлтэн хүний тань хувьд үг сонсохсон гэж бодож байна?
-Би бол лам хүнийхээ хувьд, буддын шашинтныхаа хувьд талархан хүлээж авсан. Энэ бол их зөв алхам. Нөгөө нэг талаараа бол энэ их том хүндэтгэл гэж ойлгож байгаа юм.
-Яагаад хүндэтгэл гэж?
-Хэрэг хийсэн хүнд ухаарал өгөх гэж байгаа юм. Уучилж, өршөөнө гэдэг өөрөө хүний энэ эрхэм дээд төрлийг олж төрсөн хүмүүнд асар том хүндэтгэл шүү дээ.
-Уучлал, өршөөл гэдэг бас нэг талаараа том цохилт байх?
-Тийм. Тийм учраас Монголын ард түмэн энийг битгий л буруу ашиглаасай.
-Шийдвэрийнхээ хувьд үнэхээр гайхалтай биз дээ?
-Сайхан шийдвэр. Гайхалтай шийдвэр. Хамгийн гол нь битгий буруу ашиглаасай. Тэрийг хийхгүйн төлөө л зүтгэе дээ, хэдүүлээ.
Сайхан юм аа. Ойрдоо би ийм том цэнгэлийг эдлээгүй санагдана. Баярлалаа, эрхэм Хамбатан. Асрал нинжин сэтгэлт агуу Бодьсадваа та ажиггүй, тоомсоргүй биднийгээ ариун номын хүрдэндээ болгоож л яваарай.
www.ganchimeg.niitlelch.mn
No comments:
Post a Comment