Сүүлийн
үед ахуйн болон үйлдвэрлэлийн осол шил даран гарч, өдөр болгон шахам
хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, цөөхөн монголчууд маань аюулд өртөн
амь эрсдсээр байна. Энэ сэдвээр хүний эрхийн хуульч М.Ичинноровтой
ярилцлаа. Тэрээр энэ асуудлаар сэдэв хөндөж, монгол хүний амийг үнэлэх
хууль эрх зүйн тогтолцоотой болох саналыг хэсэг хуульчийн хамтаар
дэвшүүлсэн юм.
-Монгол хүн Үндсэн хуульд заасан
эрүүл, амьд явах эрхээ эдэлж чадахгүй байгааг сүүлийн үед гарч буй
аймшигт ослууд батлан харуулж байна. Монгол хүний амь үнэ цэнэгүй
болсон гэдгийг та нэлээд эртнээс ярьж, стратегийн өмгөөлөлийг эхлүүлж
байсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна?
-Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч
хоноогүй байхад Улаанбаатарт нэг хоногийн зайтай 7-12 насны хоёр хүүхэд
харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ мэдээлэл хуучраагүй байхад
залгуулаад барилга дээр ажиллаж байсан кранист залуу амь эрсдсэн
гашуун мэдээ олныг цочирдуулсан.Дөнгөж саяхан “Тэнгис” кино театрын
хажуугийн барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж найзуудтайгаа кино
үзэхээр явж байсан 19-хөн настай оюутан залуугийн амийг авч одлоо.
Үнэхээр харамсалтай байна. Замын гарцаар гарах гэж яваад, кино үзэх гэж
явах замдаа барилгын компанийн хариуцлагагүй байдлаас болж амь насаа
алдаж байна. Энэ бол Монголд хариуцлагын тогтолцоо алдагдсаныг харуулж
буй нэг жишээ. Монголд хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй байгааг
сүүлийн үед ярьж шүүмжилж байгаа. Хуульчид бид “Тавантолгой”
компанийн хариуцлагагүйгээс амь насаа алдсан нэг айлын хоёр хүүхдийн
хэргээр дамжуулан хүний амь насыг үнэлдэг системтэй болох нь зүйтэй
гэсэн яриаг эхлүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ асуудлыг
хөндөж эхэллээ. Иргэн хүнд эд хөрөнгийн хохирол учруулсан байвал
заавал төлүүлдэг мөртөө хүний алтан амины хохирлыг нөхөн төлөхгүй
байдаг нь буруу гэж үзэж байна. Манайд буруутай этгээдүүдээс зөвхөн
оршуулгын зардал гэж хэдэн төгрөг гаргуулаад өнгөрдөг. Гэтэл хүний
алтан амь үнэлж баршгүй юм.
-Монголд амьд явах баталгаа
алга. Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байна. Хүний эрхийг хамгаалах,
аюулгүй орчинд амьдрах талаар хэрэгжүүлж байгаа ажлууд хангалтгүй байх
шиг?
-Үүнийг гэрчлэх үйл явдлууд ар араасаа, өдөр бүр гарч байна.
-Монголчууд цөөхөн. Гэтэл өдөр
болгон осол гарч хүний амь эрсдэж байна. Гудамжаар тайван алхах арга
алга. Хэзээ хаанаас толгой дээр юу унах бол гэсэн айдас, түгшүүр газар
авлаа. Тэр бүү хэл өвөл масктай, зун касктай явахгүй бол амьдрах
аргагүй боллоо гэж иргэд ярьж байна?
-Монголын хүн ам цөөхөн. 2.7-хон сая
иргэнтэй манай улсын хувьд болзошгүй осол аваар үргэлжилсээр байх юм бол
улс үндэстнээрээ мөхөлд хүрэхэд ойрхон.
-Аюулын ийм ирмэгт хүрээд байгаа
өнөө үед монгол хүний амийг үнэ цэнэтэй болгоё гэсэн та бүхний
дэвшүүлсэн санал нийгмийн анхаарлыг татсан. Чухам ямар тогтолцоог бий
болгох ёстой гэж үзэж байна?
-Хүний алтан амь ялангуяа компани,
төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр
ажилчинд эрүүгийн хэрэг үүсгээд л өнгөрдөг жишиг манайд тогтсон. Гэтэл
аюулгүй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагатай иргэний
хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал
ярьдаггүй. Энэ нь монгол хүний амь насыг үнэлэх, тэдний эрхийг
хамгаалдаг тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэртэй байдаг. Улс
орнуудын жишгээс үзэхэд хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем
үйлчилдэг. Түүнтэй жишиж үзье л дээ, өнөөдөр орос, монгол, америк нь
ялгаагүй бүгд л хүн. Тэгвэл, монгол хүний амь ямар үнэтэй вэ. Олон
улсын жишигт үндэслэж монгол хүнээ хэрхэн үнэлэмжтэй болгох вэ. Эрх
зүйн ямар систем үйлчилж болох вэ гэсэн асуудлаар “Стратегийн
өмгөөлөл-Хуульчдын холбоо”-ны хуульчид санаачлага дэвшүүлэн ажиллаж
байгаа.
-Тэгэхээр таны яриад байгаа хүний амьдралын статистик үнэ цэнэ гэж чухам юу юм бэ?
-Дэлхийн улс орнуудад хүний амь насыг
үнэлэх үйл ажиллагаанд “Эрүүл мэндийн эдийн засаг” гэсэн шинэ салбар
хөгжиж байгаа юм байна. Улс орнууд өөр, өөр хэлбэрээр энэ үнэлгээгээ
бий болгодог ч бид Австралийн жишгээр Монгол хүний амийг үнэлэх
томъёоллыг санал болгож байгаа. Үүгээр бол VSL “Value of Statistical
Life” буюу “Хүний амьдралын статистик үнэ цэнэ”-ийг тогтоохдоо тухайн
хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй иргэний дундаж
наслалтын тооноос хасч амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны
иргэний жилийн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий
тоонд үржүүлэн гаргадаг. Энэ томъёоллоор Австрали хүний амь насны
дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая долларт хүрдэг.
- Энэ томъёоллоор монгол хүний үнэлэмжийг тогтоовол ямар дүн гарч байна?
-Австралийн томъёоллоор монгол хүний
үнэлэмжийг одоо байгаа ДНБ-ээр бодоход 100-300 сая болох боломжтой. Энэ
нь манайд үйлчилж байгаа практик болох нас барсан хүнд буруутай
этгээдээс төлдөг оршуулгын зардлын 300 мянган төгрөгөөс нэг сая хүртэл
төгрөгтэй харьцуулахад том дэвшил болно. Долдугаар сарын 1-ний үйл
явдлын улмаас амь насаа алдсан хохирогчдод төрөөс төлсөн мөнгөн тэтгэмж
зөвхөн 50 сая төгрөг байсан. Би түрүүнд хэлсэн, эд зүйлийн хохирлыг хэн
нэгэнд учруулсан байвал заавал төлүүлдэг атлаа хүний амь насны
хохирлыг нөхөн төлүүлдэггүй нь буруу.
-Ийм тогтолцоонд шилжсэнээр нийгэмд бий болсон хариуцлагагүйн зуд арилна гэдэгт та итгэлтэй байна уу?
- Бид энэ талаар маш сайн судлах
хэрэгтэй. Бусад орнуудад хүний амь насыг хэрхэн үнэлж байна. Тэр
тогтолцоог нь сайн судлах ёстой. Хуульчид биний санаачилж буй энэхүү
нөлөөллийн үйл ажиллагааны гол зорилго нь хүний амь насыг үнэлдэг
болсноор Монгол улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх
баталгаатай байх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал алхам болно гэж
үзэж байна. Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн
нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм
бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана.
-Монгол орон бүхэлдээ аюулын
харанга дэлдэж байна. Хөдөө орон нутагт уул уурхайтай холбоотой ослын
мэдээлэл тасардаггүй. Нийслэлд автозам болон зөвшөөрөлгүй барилгаас
үүдэлтэй ослууд гарсаар байна. Улаанбаатар хүн амьдрах аргагүй аюултай
хот гэвэл та санал нийлэх байх?
-Улаанбаатарт манай улсын хүн амын тэн
хагас нь амьдран суудаг. Хөгжлөө дагаад зам, барилга олноор баригдаж
байна. Өвөлдөө утаанаас үүдэлтэй өвчин эмгэг газар авч, хүмүүсийг шууд
бус үхэлд хүргэж байна гэсэн шүүмжлэл өрнөдөг. Барилгын компаниудын
хариуцлагагүйгээс болж иргэд олноороо амь эрсдэж байна. Энэ бүхэн
монгол хүн амьд явах эрхтэй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн
Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна. Тиймээс Улаанбаатар аюулгүй хот
гэж хэлж чадахгүй. Сүүлийн үед уурхай дагасан эмх замбараагүй байдал
газар авсан. Монгол хүн нутагтаа сэтгэл тайван сайхан амьдрах, эрүүл,
аюулгүй орчинд аж төрөх баталгаа өдрөөс өдөрт алдагдаж байна.
Ч.ҮЛ-ОЛДОХ
No comments:
Post a Comment