-“Ти Батаар”-ыг Монголынх гэдгийг нотлох ажил ямар шатандаа явж байна вэ!
- Хамгийн сүүлд Нью-Йорк хотын шүүгч “Ти Баатар”-ын хэрэг дээр Эрик Прокопи өмгөөлөгчийн мэдээллүүд дээр үндэслэж шийдвэр гаргасан байгаа. Тодруулбал Монголын тал “Ти Батаар”-ыг Монголынх гэдгийг хангалттай нотлоогүй байгаа учраас Эрик Прокопид “Ти Батаар”-ыг буцааж өгөх боломжтой юм гэсэн шийдвэр гаргасан байна. Хэрвээ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол 10 хоногийн дотор Монголынх гэдгийг дахин нотлох хэрэгтэй гэсэн даалгавар одоохондоо өгчихөөд байна.
-Тэгээд одоо яах вэ? Монголынх гэдгийг нотлох баримт хангалттай байгаа юу?
- Манай өмгөөлөгч Роберт Пэнтэр гуай “Ти Батаар” Монголоос гаралтай юм гэдгийг нотлох материал бүрдүүлж байна. Бид эхний шатанд Монголоос гаралтай гэдгийг батлахын тулд эрдэмтийнхээ нотолгоо, эрдэм шинжилгээний ажлуудын дүнд үндэслэсэн. Ингээд эхний шатанд амжилт гаргаж чадсан. Одоо давж заалдах шатанд “Ти Батаар” дээр эрдэм шинжилгээний асуудал гэхээсээ илүү хууль хяналтын байгууллагын шалгалтад үндэслэсэн нотолгоонуудыг бүрдүүлэх талаар манай өмгөөлөгч ажиллаж байна. Манай Монголын талын хууль хяналтын байгууллага Эрик Прокопи гэдэг хүнийг Монголд ирсэн гэдгийг эхний ээлжинд нотлоод байгаа. Монгол улсад тэр хүн өмнө нь нэг биш бүр гурван удаа ирсэн юм байна. 2011 онд ирэхдээ тэр хүн Англид байдаг шинжлэх ухааны аялагчдын нийгэмлэг гэдэг байгууллагын гишүүн Кристопер Мор гэдэг хүнтэй Монголд ирж байжээ. Тэр ч бүү хэл нэг зочид буудалд нэг өрөөнд хамт байсан гэдгийг манай хууль хяналтынхан тогтоосон.
-Кристопер Мор гэдэг хүн яагаад энэ хэрэгт холбоотой гэж ?
-Тэр хүн “Ти Батаар”-ыг Англиас Америк руу Эрик Прокопигийн нэр дээр явуулсан байдаг. Тэгэхээр энэ хоёр хүн нэг нь Англиас “Ти Батаар”-ыг Нью-Йорк руу явуулсан байгаа юм. Харин одоо хоёулаа юу гэж хэлээд байгаа гэхээр бид нар энэ “Ти Батаар”-ыг Японоос нэг газраас худалдаж авсан. Хэн гэдэг хүнээс худалдаж авснаа санахгүй байна. Японд чөлөөт зах зээл дээр зарагдаж байсан. Монголоос гаралгүй гэж ярьдаг. Гэтэл энэ хоёр хүн хоёулаа Монголд ирсэн. Мөн хоёулаа нэг зочид буудалд нэг өрөөнд байсан нь баримтуудаас тодорхой болж байгаа. Энэ баримтыг Пэнтэр гуайд цаг алдалгүй манай хуулийн байгууллагынхан явуулж эхэлсэн. Үүнээс гадна Кристопер Мор гэдэг хүний холбоотой бас нэг байгууллага бол Англи улсын Дорсет хотод байдаг шинжлэх ухааны аялалын нийгэмлэг юм байна. Энэ байгууллагын шугамаар манай улсад тэрээр нэг биш нилээн олон жилийн турш тухайлбал 2005, 2006, 2007, 2011 онуудад Монголд палеонтлогийн малтлага хийж байсан гэдэг мэдээлэл интернэтээр чөлөөтэй цацагдсан байгаа. 2006 оны малтлагынхаа дараа энэ малтлагад оролцож байсан хүн нь “BBC”-д ярилцлага өгч, Монголоос бид “Ти Батаар”-ын хөл оллоо. Тавхай оллоо гээд биччихсэн мэдэээл интернэтэд байгаа. Тэр малтлагынх нь үед Монголын талаас МУИС-ийн доктор, профессор Алтангэрэлийн Пэрлээ гэдэг хүн оролцсон байдаг юм байна лээ. А.Пэрлээ гуайг Дорсет хотод шинжлэх ухааны аялалын нйигэмлэгийнхэн өөрсдийнхөө зардлаар урьж аваачиж байсан юм байна. Энэ тухай 2007 оны мэдээлэл нь тухайн орон нутгийн сонин дээр нийтлэгдсэн байдаг юм. Энэ нь одоог хүртэл интернэт дээр байж байдаг.
-Тэгээд юу гэж бичсэн байдаг юм бол ?
-А.Пэрлээ гэдэг доктор манай Англи улсад лекц уншихаар ирлээ. Тэр хүн нэг цүнхтэй юмтай ирсэн байна. Цүнхэн дотор нь маш ховор динозаврын гавлын яс байгаа гэж нийтлэл дээрээ биччихсэн байжээ. Энэ гавлын ясаа үзүүлээд Кембридж болон бусад сургуулиудад лекц унших зорилготой ирсэн гэж бичсэн байгаа. Энэ хүн өөрөө цүнхэн доторх гавлын ясыг Монголын Говиос олсон юмаа гэх мэтчилэнгээр тодорхой бичсэн мэдээлэл нээлттэй байж байгаа.
-Тиймүү, тэгвэл А.Пэрлээ гуайтай уулзаж тодруулах боломж байгаа л юм байна даа…
-А.Пэрлээ гуай одоохондоо их хүнд өвчтэй байгаа гэж сонссон. Харин хууль хяналтын байгууллагынхан Эрик Прокопитой холбоотой хүн нь хэн нь вэ гэдгийг голлож судалж байгаа.
-Тэр хүнтэй холбоотой хүн нь Монголын талаас хэн байсан юм бэ? Тодорхой болж байна уу?
-Түүнийг Монголд орж ирээд виз авах мэдүүлэг өгөхдөө нөгөө хүн нь Монголд …ийм утасны дугаар дээр байна аа гээд Монголынхоо хаягийг өгсөн байдаг. Тэр хаяган дээр нь одоо н.Энхтуяа гэдэг хүн гарч ирдэг юм байна лээ. н.Энхтуяа гэдэг хүнийг цагдаагийнхан байцаан шалгаж эхэлсэн. Тухайн үедээ “Чингис хаан” компанийн ажилтан байсан юм байна. Тодорхой хугацаагаар байгалийн түүхийн музейд музейн үзмэр хамгаалагчаар ажиллаж байсан хүн юм байнаа. Энэ хүнтэй бас нэг залуугийн нэр гарч ирсэн. Гэхдээ тэр хүн нь бурхан болсон юм байна. Энэ залуучууд бүгдээрээ А.Пэрлээ гуайтай, МУИС–тай дээхэн үеэс эхлэн хууль бус шинжтэй палеонтлогийн малтлага хйих шинжтэй гэрээнүүдийг байгуулж ажиллаж байсан гэх нотлох баримтууд манай талд үлдээд байгаа. Бидний хувьд ийм нотлох баримтуудыг Роберт Пэнтэр гуай руу цаг алдалгүй шууд явуулж байгаа. Эцэст нь дүгнээд хэлэхэд Нью-Йорк хотын шүүгч хэлэхдээ Монголчууд араг ясаа Монголоос гаралтай гэдгээ нотлох л хэрэгтэй гэдэг зүйл ярьж байна. Харин Монголын талынхан “Ти Батаарыг” Монголынх гэдгийг нотлох гээд явж байгаа учраас Монгол улсын иргэдийн өгч байгаа мэдүүлэг хамгийн чухал нотлох баримт болж байгаа. Тийм учраас Эрик Прокопиг 2008, 2009, 2011 онд Монголд ирэхэд нь үйлчилж байсан, тэр хүнийг сонирхож байсан, тэр хүнд эд зүйл худалдаж байсан хүмүүс маш их мэдээлэл өгөх шаардлагатай. Та бүхний өгөх үнэ цэнэтэй мэдээлэл дээр тулгуурлаж Монголчууд бид соёлынхоо өвийг буцааж олж авч чадна. Тийм учраас иргэддээ хэлэхэд энэ асуудал дуусаагүй байна. Одоо бүтэн 7 хоног үлдчихээд байна. Энэ хугацаанд мэдэж байгаа бүх зүйлээ хууль хяналтын байгууллагад даруй мэдээлнэ үү гэж ард түмэндээ уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Танай сайтын хамт олонд ч бас баярлалаа.
Б.Батцэцэг
www.shuud.mn
No comments:
Post a Comment