Friday, 20 September 2013

Өмнөх засгийнхаа ажлыг шүүмжлэхээс өөрийг харахгүй байсаар алдаа гаргачихлаа



  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлын хүрээнд ярилцлаа.
-Эдийн засгийн хямралын талаар бүгд ярьж, ээлжит бус чуулган хуралдах ёстой,үгүй хэмээн талцаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Засгийн газар болон Төв банкнаас авч хэрэгжүүлсэн суурь үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд би сайшаалтай хандаж байгаа. Харин хөрөнгө оруулалтын ажлуудыг хангалтгүй гэж үзэж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт албан ёсны дүнгээр 260 гаруй мянган хүнтэй, албан бус тоогоор 300 гаруй мянган хүн амьдарч байгаа ба хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж маш муу, тэдгээр нь өөрийн хүчин чадлыг гурав дахин илүү ашиглаад ч хүрэлцээ муутай, зарим бага сургууль нь өдөрт дөрөв ээлжээр хичээллэж байна. Өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг хүрэлцээгүй, гэр хорооллын зам талбай, гэрэлтүүлэг муу, цахилгаан, худаг усны хангамж маш хангалтгүй байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлүүлэхээр жил бүр л улсын төсөв, Засгийн газрын болон Нийслэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж төлөвлөдөг. Тэгээд ямар ч ажил хийгддэггүй. Тухайн хөрөнгө оруулалтын төсөв, эрх мэдэл нь орон нутаг, дүүрэгтээ байдаггүй, харин ч Засгийн газрын яамуудад, эсвэл Нийслэлийн Засаг даргад эрх мэдэл, хөрөнгө оруулалтын төсөв нь байж байдаг зэрэг олон асуудал бэрхшээл тулгамдаж байна даа. Мөн гадаад валютын үнэ өссөнөөс болоод импортын өргөн хэрэглээний бараа болох будаа, элсэн чихэр, ургамлын тос, үүнээс гадна цахилгааны үнэ, махны үнэ өсөж байгаа зэрэг эдийн засгийн тодорхой бус төлөв байдалд эргэлзэж, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байхад Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байна.
-Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, гадаад худалдааны тэнцэл алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт зогссон зэрэг эдийн засгийн сөрөг төлөв үүсэн бий болжээ. Та энэ нөхцөл байдлыг юу гэж дүгнэж, цаашид ямар ажлуудыг хийх хэрэгтэй вэ?
-Энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлогыг 58.25 хувийн гүйцэтгэлтэй байхаар төлөвлөсөн ч 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ төсвийн гүйцэтгэлийн хангалтгүй байдлын улмаас улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөөгөөр 62.88 хувь  байх байтал 28.90 хувийн гүйцэтгэлтэй байж байна. Улсын төсвийн орлогын төлөвлөгөө нь гадаад худалдаанаас орж ирэх  татварын орлогын төлөвлөгөө тасалдсан нь гадаад худалдааны эргэлтийн хэмжээ буурсан, гадаад худалдааны тэнцэл нь 1553.6 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Гадаад валютын нөөцийн буурсан, мөн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн зэргээс шалтгаалан гадаад валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт бий боллоо. Энэ нөхцөл байдал нь цаашид эдийн засгийн төлөв байдлыг тогтворгүй, тодорхой бус байдалд хүргэнэ. Монгол банкнаас 2013 онд инфляцийг найман хувиас бага байлгана гэсэн зорилт тавьсан боловч өнгөрсөн наймдугаар сард 8,3 хувиас 9,4 хувь болон өслөө. Инфляци өсөх нь бага орлоготой иргэдэд 50-60 хувийн дарамт үзүүлдэг. Нөгөө талаас валютын ханшийн өсөлт нь бас инфляцийг хөөрөгддөг, ер нь бол инфляци, валютын ханшийн өсөлт хоёр бие биенээ дээш хөөрөгдөхдөө их сайн хоршдог.
Иймд УИХ-аар Засгийн газрын  үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын төсвийн гүйцэтгэл, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар яаралтай авч хэлэлцэж, зохих ёсны шийдвэр гаргах нөхцөл бүрдээд байна л даа. Гадаадын худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулахад эдийн засгийн төлөв байдал тогтвортой байлгаж байж л гадаадын худалдаач, хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ.
-Эдийн засгийн төлөв байдлыг тогворжуулахаас гадна гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг хэрхэн сайжруулах вэ?
-Хөрөнгө оруулалт бол аль талаас нь юунд хөрөнгө оруулснаас хамаараад ашигтай гэдэг хэнд ч ойлгомжтой. Ямар ч бизнес хөрөнгө оруулалт дээр түшиглэж босдог, хөгждөг, боловсронгуй болдог. Бизнес өргөжин тэлснээр улсын татвар хураамжийн орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт нь өөрөө маш олон эерэг  талтай. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг дагаад ажлын байр бий болно, тоног төхөөрөмж сайжирна, цалин өснө, хэрэглээ нэмэгдэнэ, гол нь Монгол хүний бусдаас суралцах боломж, боловсрол, ур чадвар дээшилнэ.
Иймд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулсан хууль эрх зүйн актуудыг гаргаж, тэр гаргасан акт нь урт хугацаатай, тогвортой байх хэрэгтэй. Түүнээс биш нэг жилийн настай хуультай, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг хязгаарласан актуудыг гаргаад байвал ямар олиг байх вэ дээ. Тийм болохоор гишүүнийхээ хувьд одоо ч, цаашдаа ч санхүү, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад илүүтэй анхаарч ажиллана. Одоогоор хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, концепцийн тухай хууль, тэтгэврийн болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээлд оруулах, үүнтэй холбоотой татварын хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр өөрийн саналаа гаргаж, зарим ажлын хэсэгт орж ажиллаж байна.
Хамгийн гол нь гадны хөрөнгө оруулалтыг татахуйц тогтвортой орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ бол ганцхан уул уурхайн хөрөнгө оруулалт биш миний түрүүний хэлдэгээр ажлын байр, сургууль цэцэрлэг, ажилчдын ур чадвар,  техник технологи, эдгээрийг дагаад дагалдах бусад салбарын хөгжлийн асуудалд гадаад хөрөнгө оруулалт нь чухал нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.
-Та Засгийн газраас олон улсын зах зээлд бонд гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгааг хэр ашигтай гэж үздэг вэ. Хөрөнгө оруулалтын цаана өрийн асуудал анхаарал татах түвшинд хүрсэн үү?
-Хөрөнгө оруулалтын ашигтай эсэх нь юунд хөрөнгө оруулснаас л их хамаарна. Урт хугацааны дараа өгөөжөө өгөх үү, богино хугацаанд өгөөжөө өгөх үү, эсвэл өгөөж нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой байгаа эсэхийг нь тодруулах хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд нилээд хэмжээний зээл, хөрөнгө оруулалтыг татсан. Монгол улсын Ерөнхий сайд нь улсын нийт өр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр авсан зээл, хөрөнгө оруулалтыг юунд зарцуулсан, ямар үр дүнд хүрсэн, хэдий хэмжээний өр зээл үүссэн талаар ил тод тайлагнахгүй байна. Энэ ил тод тайлагнахгүй байгаа байдал нь эдийн засагчдад, судлаачдад хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох, цаашлаад улс орны эдийн засагт хэр эерэг нөлөө үзүүлэхийг нь тооцох боломжгүй ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байна.
Иймээс хөрөнгө оруулалтыг ил тод, шударга, тунгалаг, ямар нэгэн лообийгүй болгохын тулд хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Хөрөнгийн биржийг хөгжүүлэхгүй бол хөрөнгө оруулалтын урсгал хаашаа хэдэн төгрөг урсаж байгаа нь үнэн зөвөөр мэдэх боломжгүй. Өнөөдөр хөрөнгө оруулалтын тендер зарлахад хажуугаар нь нөгөө л авлигал, лообий байнга явж байдаг. Хэрвээ авлига, лообий байхгүй гэж байгаа бол хөрөнгө оруулалт нээлттэй байх ёстой, шударга байх ёстой. Энэ нөхцлийг юугаар хангаж өгдөг вэ гэхээр л хөрөнгийн зах зээлээр л дамжуулж явдаг. Энэ бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хууль, хөрөнгө оруулалтын сангийн хуулиудыг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй нь харуулж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын нөгөө тал болох өрийн асуудал байгаа. 2013 оны хоёрдугаар улирлын Монголбанкны мэдээгээр зөвхөн Монгол Улсын гадаад нийт өр 17,4 тэрбум ам.доллар, үүн дээр дотоодын өр, Хөгжлийн банкны бонд, зарим нэг Засгийн газрын баталгааг нэмж тооцвол Үндэсний аюулгүй байдлыг хөндсөн асуудал болно.
Магадгүй дахиад зээл нэмж авбал энэ өрийн хэмжээ нэмэгдэх л байх. Гол асуудал нь өрийн эргээд төлөхөд хэнд дарамт үүсэх вэ гэдэгт л байгаа юм. Засгийн газар хөрөнгө оруулалтаа өгөөжөө өгдөг, тэр нь тодорхой, тооцоотой байгаад тэрийгээ нийтэд ил тод гаргадаг байх хэрэгтэй байгаа юм. Хөрөнгө оруулалтын зээл аваад эдийн засгийн өсөлтийг авч ирж байвал улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлт авч ирэхгүй болохоор л ард түмний татвараас төлөх болно шүү дээ. Төр засаг, бизнес эрхлэгчид бид бүхэн бүгдээрээ л сахилга баттай, хариуцлагатай байхад бүх зүйл хөгжөөд, өргөжин тэлээд ирнэ.
-Шинэчлэлийн Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гал унтраах гэсэн арга ядсан гэх мэтээр нэрлэцгээж байна?
-Гадаад, дотоодын бүх салбараар асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байж л улс орон хөгжинө. Монгол Улс бүгдээрээ сайн сайхан амьдаръя, хурдан хөгжье гэвэл гадаад дотоод гэхгүйгээр хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүний эргэлтийн хэмжээг томруулах гэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг ярина шүү дээ. Иймд Монголд хөрөнгө оруулагчдыг татсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, тогтвортой байх нөхцлийг хангаж өгөх чухал. Түүнээс биш богино хугацааны настай хууль гаргаад, хууль тогтоомжоо ойр ойрхон өөрчлөөд л байж болохгүй. Бид маш олон улстай өрсөлдөж байна. Бид бүхэн хууль тогтоомж, гэрээ хэлцлээ тогтвортой байлгаж, гадаад харилцааны зарчим стандартыг баримталдаг байх шаардлагатай байна. Жишээлбэл, Дэлхийн зах зээл дээр нүүрсний эрэлт хэрэгцээ буураагүй, харин Монголын нүүрсний борлуулалт, экспортын хэмжээ буурсан. Би үүнийг одоогийн Засгийн газар нь өмнөх Засгийн газрын ажлыг шүүмжилж, олон улсын гэрээ хэлцлээ баримтлахгүй харилцааны алдаа л гаргачихлаа гэж үзэж байна. Олон улсын гэрээгээ баримтлаад л хэсэг хугацаанд доогуур үнээр ч хамаагүй нүүрсээ нийлүүлэхэд бидэнд үр ашгийн хувьд алдагдалтай байсан ч гэсэн ажлын байраа хадгалах, ажилчдын орлого тогтвортой байх, татварын хэмжээ хэт буурахгүй байх зэрэг олон ач холбогдол байна шүү дээ.
Бид бүхэн хөрөнгө оруулагчдаа үргээсэн, гомдоосон, итгэлийг нь алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл олон хийгээд байж болохгүй. Иймийн тулд хөрөнгө оруулалтын холбогдох  хууль тогтоомжийг шинэчлэн батлах нь нэн чухал байна шүү дээ.    
Л.Нинж /Нийгмийн толь/

Х.Тэмүүжин: МИАТ-ийн талаархи Ц.Оюунгэрэл сайдын байр суурийг уншаад гайхсан



УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Ярилцах танхим” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар ярьж байна вэ?
-Хуульд өөрчлөлт орж байгаа нь шилжилтийн үеийн зохицуулалтууд хийгдэж байна гэсэн үг. Гэнэтийн өөрчлөлтүүдээс болоод татвар төлөгчид хохирч болохгүй. Тухайлбал, уул уурхайн компаниудад нөхөн төлбөр төлөх гэж татвар төлөгчид мөнгө өгөөгүй шүү дээ. Эмнэлэг, сургууль барихын тулд бид татвараа төлж байгаа. Гэтэл уул уурхайн компаниудын явж байсан бизнесийг нь төр зогсоогоод түүнийхээ төлөө улс өөрөө мөнгө өгөхөөр хохирч байна.

Уул уурхайн компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаад бизнес хийгээд явж байтал гэнэт хууль өөрчлөгдөөд хориглочихоор тэр хүн буцаагаад оруулсан мөнгөө авахыг хүснэ шүү дээ. Тэр хөрөнгийг хэн гаргах юм бэ гээд маш олон асуудал хөндөгддөг. Иргэдэд эргээд үйлчилгээ үзүүлэх ёстой татварын мөнгө маань уул уурхайн компаниудад очдог байж болохгүй юм. Тиймээс бид энэ дээр бодох ёстой. Монгол Улсын эдийн засаг гацчихлаа. Энэ бүхэнтэй холбоотойгоор өөрчлөх зүйлүүд орж байна. Энэ хууль нэг талаасаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хуулийг хэрэгжүүлэхдээ гол мөрөн, байгаль орчинд ирээдүйд сөргөөр нөлөөлөхгүй байх, эрсдэл учруулахгүй гэдэг шаардлага тавих нь зүйн хэрэг.

-Энэ хуульд өөрчлөлт орохоор хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Төрийн ордны тусгай хамгаалалтын бүсэд иргэний хөдөлгөөнийхөн буутай орж, хүйтэн зэвсэг хэрэглэсэн хэрэг гарлаа. Энэ хэрэг олныг цочирдуулахад хүргэсэн. Тэдэнд ямар хариуцлага тооцох ёстой байдаг бэ?
-Террорист үйл ажиллагаа, олон улсын терроризмоос гадна орон нутгийн терроризм гэдэг ойлголт байдаг. Үзэл байдлын зөрүүтэй байдлаа ардчиллын замаар олонхи цөөнхөөрөө шийдвэрлэх болохоос биш зэвсэг болон хүч хэрэглэх замаар шийдэхгүй. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн ардчилсан системээс гадуурхи үйл ажиллагаа болоод явчихаж байгаа юм. Тийм учраас иймэрхүү үйл ажиллагаа гэмт хэрэгт тооцогддог. “Зандалчлах” гээд зүйл ангитай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө зөв бурууг маргаж мэтгэж, эсвэл сонгох ардчилсан арга замаар шийдвэрлэх бүх арга хэлбэрүүд байхад өөрийнхөөрөө буу бариад хүний амь насанд халдах аюултай зүйл хийж болохгүй.

-Байгаль орчноо хамгаалах гэсэн үзэл нь зөв байсан ч, эсэргүүцлээ илэрхийлэх арга нь буруу байв уу?
-Ардчилсан улсад олон ургальч үзэл байх учраас Засгийн газраас явуулж буй бодлого бүх хүнд таалагдана гэж байхгүй шүү дээ. Хуульд өөрчлөлт хэрэгтэй юу, ямар хугацаанд хэрэгжих ёстой вэ гээд хүн бүр өөр өөрийнхөөрөө харна. Тийм учраас үнэхээр ялгаатай байр сууриуд байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй зүйл байгаа байх. Түүнийг үгүйсгэж болохгүй. Хүн болгонд л хувийн үзэл бодол байх ёстой. Хамгийн гол нь үзэл бодлоо тайван жагсаал цуглаан, эсвэл олон нийтийн хэлэлцүүлэг хийх, сонгуулийн арга замаар шийдэж болно. Бусдад эрүүл мэнд, амь нас болон бусад арга замаар хохирол учруулдаггүй байдлаар шийддэг болох ёстой. 

-Саяхан Хуульчдын холбоо шинээр байгуулагдлаа. Энэ холбоо байгуулагдсанаараа хуулийнхан шинэ зохион байгуулалтад орж ажиллахаар болж байх шиг байна?
-Хоёр жилийн өмнө холбогдох хууль батлагдсанаар “Хуульчдын холбоо” байгуулагдах ажил эхэлсэн. Ажил нь одоо хэрэгжиж байна. Ерөнхийлөгчөөс барьсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Энэ хуулийн гол таван концепци байгаа. Нэгдүгээрт мэргэжлийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх явдал. Олон нийт хуульчдыг өөрсдөө шударга бус байна гэж байнга шүүмжилж байгаа. Авлига албан тушаал, сонирхлын зөрчил гэх мэт асуудалд холбогдоод байна. Нийгмийн шударга ёсны асуудлыг шийдэж байх ёстой мэргэжилтнүүд нь өөрсдөө хууль зөрчөөд байхаар нийгэмд хэн шударга ёс тогтоох юм бэ гэдэг байдлаар олон нийт шүүмжилж харж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуульчдын хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг энэ хуулиар шийдэж байна. Хуульчдыг лицензтэй болгож байгаа юм. Лиценз гэдэг нь дан ганц “Та мэргэжлийн үйл ажиллагаа явуулж болно” гэсэн  зөвшөөрөл биш. Энэ бол хариуцлагын тогтолцоо. Та ийм алдаа гаргавал лицензийг чинь хураана, лицензээ хураалгавал насан туршдаа хуульчаар дахиж ажиллах боломжгүй болно гэсэн ойлголт юм. Дэлхийн ардчилал хөгжсөн, хууль дээдлэх зарчим бэхжсэн орнуудад лиценз гэдэг зүйлээр хариуцлагатай болгодог мэргэжлүүд байдаг. Тиймээс лиценз олгох тогтолцоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бий болж байгаа юм. Хуучин лиценз гэж байгаагүй. Гэрчилгээ гэж байсан. Тэр нь өнөөдрийнх шиг хариуцлагын тухай асуудлыг хянаагүй. Энэ зөвшөөрлийг Хуульзүйн яам өгдөг байсан бол одоо Хуульчдын холбооноос өгнө. Анх удаа хуулиар төрийн тодорхой чиг үүргийг иргэний нийгэм, тэр дундаа мэргэжлийн холбоо руу шилжүүлж өгч байгаа юм. Хуульчдын холбоо байгуулагдаж байгаа нь төрөөс эрх мэдлээ шилжүүлж авах гэж байгаа анхны мэргэжлийн холбоо юм. Төр энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ авлига аваад байна, шударга биш байна гэж байгаа бол энэ эрхийг шилжүүлж авч байгаа мэргэжлийн холбоо илүү хариуцлагатай, шударга, ашиг сонирхлоос ангид байх ёстой. Тэр мэргэжлийн холбоо ямар байх вэ гэдэг дээр хуульчдын их хурал хуралдаж, холбооны дүрмээ баталж зохицуулалтуудаа хийж байна. Мэргэжлийн хариуцлагын дүрэм нь лиценз олгогдож, ёс зүйн ямар алдаа гарсан тохиолдолд лицензээ хураалгах вэ гэдэг хяналтыг зохицуулах дүрэм юм.

-Хуульчдын холбоо хуульчийн мэргэжил эзэмшихээс эхлээд бүх асуудалд нь анхаарал хандуулна гэж ойлгогдож байгаа. Хуулийн мэргэжилтэн бэлтгэхэд эхнээсээ зохицуулалттай болох юм байна?
-Хуульч бэлтгэхэд зохицуулалттай болж байна. Асуудлыг шийдэх гарц бий болж байна гэж харах ёстой. Өмнө нь их дээд сургуулиудыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас магадлан итгэмжилдэг байснаас мэргэжлийн холбоодод тийм эрх байгаагүй. Үнэндээ хуулийн сургуулиуд гээд харахад хуульч бэлтгэж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг  нь мэдэгддэггүй. Номын санд нь мэргэжлийн ном хүрэлцээтэй байна уу гээд эргэлзмээр зүйл их бий. Түүнээс болоод хуульч нар нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр боловсрол олгож буй тогтолцоог зөвхөн Боловсролын яам харах биш мэргэжлийн өнцгөөс харах ёстой юм байна. Жишээ нь, эрүүл мэндийн сургуулийг Боловсролын яам магадлан итгэмжилж чадахгүй шүү дээ. Түүнийг Эмч нарын холбоо оролцож байж энэ сургууль эмч бэлтгэж чадаж байна уу гэдгийг нь хэлнэ. Тэгэхээр үүнтэй адил хуульчийн холбоо бол хуулийн сургуулиудыг магадлан итгэмжилнэ. Энэ сургууль үнэхээр хууль бэлтгэдэг боловсролын байгууллага мөн үү гэдгийг тодорхойлно. Тэгэхгүй бол хуулийн сургууль гэдэг нэрийн дор мөнгө олох зорилготой эх захгүй олон сургууль нээгдээд оюутныг хүртэл хохироож байна. Сургууль нь хуулийн мэргэжлээ өндөр төвшинд эзэмшүүлж чадахгүй мөртлөө хуулийн сургууль нэрийн дор хэдэн хүн баяжаад сууж болохгүй. Төгсөөд гарсан мэргэжилтэн нь хүний амь нас, хувь заяатай холбоотой асуудлыг шийддэг. Тийм учраас мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоо өөрөө өндөр төвшинд байх ёстой. Бэлтгэж байгаа мэргэжилтэн нь нийгмийн шаардлага хангадаг байх нь чухал. Тийм учраас хуулийн сургуулиудыг магадлан итгэмжлэх тогтолцоо бүрдэж байна гэсэн үг юм.

-Хуулийн мэргэжлээр сурах оюутны тоог тогтоох асуудалд Хуульчдын холбоо анхаарах уу?
-Тоо нь цөөрнө. Гэхдээ хэчнээн оюутан хуулийн мэргэжлээр элсүүлнэ гэсэн асуудлыг хариуцахгүй. БШУЯ мэдэх ёстой. Харин суралцагчдад олгож буй сургалтын чанар ямар байна гэдэгт анхаарна.

-Хууль, шүүхийн байгууллага авлига, албан тушаалтнуудын хэрэгтэй тэмцэх ажил идэвхтэй явагдаж байна гэж харагдаж байна. Гэхдээ хуулийн байгууллага МАН-ын гишүүдийг л шалгаад байгаа юм шиг. АН өөрсдийнхөө хүмүүсийг шалгахгүй байна гэдэг шүүмжлэл эртнээс бий болсон. Та энэ шүүмжлэлд ямар хариу өгөх вэ?
-Та нар тэгж харахыг хүсч байж магадгүй. Авлигын хэрэг бол албан тушаал дагаж гардаг болохоос биш нам дагаж гардаг зүйл биш. Тэгэхээр ямар хүмүүс албан тушаал дээр байсан бэ гэдгээс үүдэж авлигын хэрэг бий болдог. Өнгөрсөн жилүүдэд албан тушаал дээр ямар хүмүүс байсан юм. Магадлалын онолоор хар л даа.

-АН-ынхан ч өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаалд байсан шүү дээ?
-Би өөрөө цөөнхийн бүлэгт байхдаа Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах хуулийг санаачлан батлуулж байсан. Хууль нь байсаар байгаад, факт байгаа бол аль нам байсан ч гаргаад өгөөч дээ. Хуулийн байгууллага шалгаад явна. Түүнээс Х.Тэмүүжин Хуульзүйн сайд учраас тэр хүнийг шалга гэж үүрэг өгдөг хүн биш. Шалгагдаж байгаа хэрэгт хэн нэгэн нөлөөлөх гэж байгаа бол түүнээс хамгаалдаг үүрэгтэй. Хуулийн байгууллага ажлаа хийхэд улс төрийн хамгаалалтыг нь тавьж байх ёстой. Үнэхээр аль нам байх нь хамаагүй, авлига авсан байвал ухаад гаргах хэрэгтэй. МАН-ын хүмүүсийг шалгаж байна гэж шүүмжилж байна. Тухайлбал “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн захирал А.Шоовдор чинь Ардчилсан намын хүн гээ биз дээ. Нам ямар хамаа байна. Үнэхээр албан тушаалаа ашиглаад төрийн өмчийг хулгайлаад хувьдаа завшсан бол хуулийн байгууллага шалгаад явдгаараа явна. Тэгэхээр авлигатай тэмцэх ажил эхлэлийн шатанд явж байгаа юм. Томоохон хэргүүдийг дөнгөж л барьж эхэлж байна. Би нэг юмыг гайхаад байна. Заримдаа нам биш төрийн албан хаагч хэрэгт холбогдоход энэ танай нам гэдэг. Бид төрийн албан хаагчийг намгүй болгоод хэдэн жил болсон билээ. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөх ёстой. Улстөрчид биш төрийн албан хаагч хэрэгт татагдаж байхад манай намын хүмүүс гээд байна гэдэг чинь хууль зөрчөөд намын албан тушаалтан төрийн ажил хийгээд байсан гэсэн үг шүү дээ. Тийм учраас сөрөг намын хүмүүсийг шалгаад байна гэж хэлж болохгүй л дээ. Үнэхээр тэгж харж байгаа бол сөрөг хүчин сайн ажиллах хэрэгтэй. Сонирхлын зөрчил, авлигын хуулиудыг хэрэгжүүлэх, албан тушаалтнуудын асуудлыг тавьж хариуцлага тооцуулж байх ёстой. Нөгөө талаас сөрөг хүчин гэхээсээ илүүтэй парламентын хяналт тавих нэг том үүрэг юм.

-Гадаадын банкинд оффшор бүсэд нууц дансанд мөнгө байршуулсан хэргээр УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дэд даргын албан тушаалаас нь огцруулсан. Энэ хангалттай шийтгэл мөн үү. Эрүүгийн хэрэгт татах ёстой байсан юм биш үү. Та ямар бодолтой явдаг бэ?
-Сантай холбоотой мөнгөнийх нь эх үүсвэрээс л шалтгаална шүү дээ. Түүнийг нь тогтоогоод шалгаад явах ёстой л доо. Түүнээс биш дансаа мэдүү­лээгүйтэй холбоотой зөрчлүүд олон байгаа. Тэгээд хариуцлага тооцуулаад сануулаад явсан хүн бий.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг­тээ нууц дансаа тусгаагүй нь эрүүгийн гэмт хэрэг биш үү?
-Биш. Авлигын эсрэг хуульд бол сануулна, цалингийн хувиар торгоно, албан тушаалаас нь бууруулна, хална гэсэн ийм дөр­вөн хариуцлага тооцох арга бай­гаа. Тэр хариуцлагын хүрээнд ар­га хэмжээ авна.

Дансанд байгаа мөнгө нь өөрөө хууль ёсны мөнгө үү, үгүй юу гэдэг нь дараагийн
шалгах асуудал байх. Жишээ нь өмнөх парламентын үед хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эд хөрөнгө, орон сууцаа бичээгүй олон албан тушаалтан гарч ирж байсан. УИХ дээр өмнө нь сонсгол хийхэд харж байсан байх. Тэр хүмүүсийг бүгд цээжээрээ хамгаалаад гарсан шүү дээ. УИХ дээр дуудаж ирээд “Энэ хүмүүст арга хэмжээ ав” гэхэд хамгаалаад л зүгээр өнгөрсөн. Энэ жил намрын чуулганаар хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой сонсгол хийх байх. Тэр сонсголоор ямар хүмүүс хөрөнгө орлогоо яаж мэдүүлэв, ямар алдаа дутагдал гарав гэдгийг ярина. Хөрөнгө орло­го, ашиг сонирхлын мэдүүлгийг авснаар авлигын асуудлыг хянах “тороо” тавьж чадаж байна уу гээд олон асуудлыг хэлэлцэх байх.

-МИАТ-ийн хуучин захирлууд “Дайны эрсдлийн сан”-гаас их хэмжээний мөнгө завшсан хэр­гийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдээд байна. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ хэрэгт шүүгдэгчдийг хуу­лийн байгууллага хэлмэгдүүллээ гэсэн утгатай мэдэгдлийг хэв­лэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн. Ц.Оюунгэрэл сайд ямар учраас ийм мэдэгдэл хийх болов гэдэг анхаарал татаж байна. Засгийн газрын гишүүн тань авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг хамгаалсан ийм мэдэгдэл хийсэнд ямар байр суурьтай байна бэ?
-Би уншаад гайхсан. “Улсын их хурлын гишүүний хувьд, манай тойрогт амьдардаг хүнийхээ асуу­далд анхаарал хандуулж бай­на” гэсэн байна билээ. Тодорхой гэмт хэргийг шүүхээс шийдвэр­лэж байгаа асуудалд УИХ-ын гиш­үүн оролцох бүрэн эрх байхгүй. Тэ­гээд надад тийм нэг болгоомж­лол төрсөн. Мөнгөтэй хүнд хаанаас бол хаанаас ч өмгөөлөгч олддог гэ­дэг нэг үг байдаг юм. Засгийн газ­рын гишүүн хүн хүртэл мөнгө­тэй хүнийг өмгөөлөөд дуугараад бай­гаа юм биш биз гэсэн болгоомж­лол төрсөн.

-Ё.Отгонбаяр гишүүнийг хуу­лийн байгууллага шалгаж бай­гаа юу?
-Шалгаж байгаа.

-Өөрөө бол “Намайг хуу­лийн байгууллага дуудаагүй. Шал­гаагүй” гээд байгаа шүү дээ?
-Тэр хүн юу гэж тайлбарлах нь тухайн хүний асуудал шүү дээ. Хуулийн байгууллага хийх ажлаа хийж байгаа.

-Ё.Отгонбаяр гишүүнийг яг ямар хэргээр эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа юм бол?
-Энэ талаар хэвлэлээр их ярьсан шүү дээ. Энхтайваны гүүрэн дээр хэсэг нөхөд бизнес эрхэлдэг нэг хүнийг барьж авсан, машиныг нь барьцаалсан гээд. Тэр нь юунаас болсон гэхээр авлига нэхсэнтэй холбоотой. Авлига хэн нэхсэн гэхээр тендертэй холбоотой. Авлига нэхсэн эрх мэдэлтэн нь хэн бэ гэхээр хуучин яамны сайд байсан хүн гээд асуудал яригдаж байгаа. Энэ хэргийг шалгах явцад эхнэр нь 28 данстай нь тогтоогдсон. Дансуудад нь төгрөг болон гадаад валют байсан тухай нотлогдсон.

-ШШГЕГ-ын даргаар ажил­лаж байсан М.Ганхүүгийн гэр бүлийн хүн таныг занал­хийл­сэн захидал бичсэн. Үүн­тэй хол­боотойгоор хуулийн бай­гуул­ла­га энэ асуудлыг шалгасан. Яаж шийдэгдсэн бэ?
-Надаас уучлалт гуйсан. Би ч хуулийн байгууллагад “Гомдол­гүй” гэдгээ хэлээд тэр хэрэг хэрэгсэх­гүй болсон. “Өвчин зовлонтой бай­сан. Тиймээс хоёр ч удаа захиа бич­сэн. Үүндээ уучлалт хүсч байна. Ми­ний буруу байсан” гээд уучлал хүссэн байсан.
Т.АМАРТҮВШИН
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Л.Энх-Амгалан: “Рио Тинто” 5.7 тэрбумын хөнгөлөлт эдэлж болох уу?



УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авлаа. Завсарлага авах болсон шалтгаан юу байв? 

-Бүлэг өнөөдөр /өчигдөр/ ээлжит бусаар хуралдаад Урт нэртэй хууль, Түгээмэл тархацтай, ашигт малтмалын тухай хууль, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслүүдтэй холбоотойгоор холбогдох мэргэжлийн яамдаас нь мэдээлэл сонсох, мөн судлах асуудал байна гэж үзээд завсарлага авсан.

-Гэхдээ завсарлага нэрээр танай намын бүлэг ээлжит бус чуулганд дэгээ тавиад байгаа юм биш үү?
-Цөөнхийн бүлэг дэгээ тавилаа гэж ойлгож болохгүй, гол нь УИХ эдгээр хуулийн төслүүдийг баталсан нөхцөлд том төслүүдээс орж ирэх татвар хэдий хэмжээгээр буурах вэ гэдгийг зайлшгүй тодруулах шаардлага гарч ирсэн. Жишээ нь Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөл дээр бүлгээс тооцоо хийж үзэхэд зөвхөн Оюутолгой төсөлд 5.7 тэрбум ам.долларын хөнгөлөлт өгөх болж байгаа. Оюутолгой орд 1850 тонн алтны нөөцтэй. Төсөл хэрэгжих хугацаанд 1 унци алт 1300 ам.доллар байлаа гэж тооцоход Оюутолгой компани 7.5 хувийн хөнгөлөлт эдлэнэ. Яагаад гэвэл одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд алтны компаниуд 10 хувийн татвар төлдөг, харин дээрх хууль батлагдсан нөхцөлд алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцохоор 7.5 хувийн хөнгөлөлт эдэлж, тэр хэмжээгээр 5.7 тэрбум ам.долларыг “Рио Тинто” компанид зүгээр алдах болж байгаа. Ийм л учраас асуудлыг тодруулах шаардлага үүсч, завсарлага авсан хэрэг л дээ.

 -УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Ерөнхийдөө цөөнхийн бүлэг төслийг дэмжиж байна уу гэж харагдсан. Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг тойруулаад гишүүд “Том компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлэх нь” гэж нэлээд шүүмжилсэн. Төсөлд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд татварын хөнгөлөлт эдлүүлнэ гээд заачихсан хэрэг үү? 
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол зорилго нь хөрөнгө оруулагчдыг, хувийн хэвшлийн салбараа гадаад, дотоод, том, жижиг гэж ялгаварлахгүйгээр дэмжихэд чиглэдэг. Энэ ч агуулгаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн гэж ойлгож байгаа.

Татварын хөнгөлөлт, чөлөөлтийн тухайд хэлэхэд, энэ төсөлд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн компанид татварын ямар нэг хөнгөлөлт , чөлөөлөлт үзүүлнэ гэсэн заалт тусаагүй. Харин Монгол Улсад мөрдөгдөж байгаа дөрвөн төрлийн татварууд тогтвортой байх тухай л заалт орсон. Тодруулж хэлбэл, гадаадын, дотоодын компани хэн ч байсан Монгол Улсад үйлчилж байгаа дөрвөн төрлийн татварыг оруулсан хөрөнгийн хэмжээнээсээ хамаарч 5, 10 жилээр тогтвортой мөрдөх тухай асуудал юм. Үүнийг нь баталгаажуулж хөрөнгө оруулсан компанид Хөрөнгө оруулалтын хэмжээгээр нь гэрчилгээ олгоно. Хаа, хаанаа үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан байгаа, Оюутолгой төслийг оруулахгүйгээр. Энэ юуг харуулаад байна вэ гэхээр Монголд хөрөнгө оруулалтын орчин муудсан, хөрөнгө оруулах итгэл буурсныг харуулж байгаа. Яаж энэ байдлаас гарах вэ гэхээр хөрөнгө оруулагчид “Танай энэ татвар дахиад өөрчлөгдчих юм биш биз” гэж болгоомжилж байна. Тийм учраас татвараа өөрчлөхгүй гэдэг баталгааг гэрчилгээгээр дамжуулаад олгох, мөн энэхүү хууль бусад орны Хөрөнгө оруулалтын тухай хуультай харьцуулахад илүү өрсөлдөх чадвартай, илүү давуу талыг олгож байх ёстой. Ийм мессежийг гадаад болоод дотоодын хөрөнгө оруулагч нартаа түгээсэн цагт хөрөнгө оруулалт аажмаар сэргэнэ.

Өөр нэг зарчмын байр суурь бол УИХ-аас батлах Хөрөнгө оруулалтын тухай хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудаас муудаж болохгүй.

-Муудах заалтууд байгаа хэрэг үү?
-Жишээ авъя, Монголын Засгийн газар Оюутолгой компанийн хөрөнгө оруулагч нартай 30 жилийн гэрээ байгуулж, мөн 10-аад нэр төрлийн татвараас чөлөөлчихөөд дотоодын компанитайгаа дөрвөн нэр төрлийн татвараа тогтворжуулаад, 10-н жилийн гэрээ хийвэл дэмжих биш бүр муутгаж байгаа хэрэг. Хэрэв Оюутолгойтой барьцана гэвэл. Тэгэхээр өмнө байсан хуулиасаа заалт нь илүү сайжирвал хөрөнгө оруулалтыг жинхэнэ утгаараа татаж, дэмжинэ гэж харж байгаа. 

-Гэхдээ 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан нөхцөлд гадаад, дотоодын компанид адилхан нөхцөл тавихаар үндэсний компаниуд өрсөлдөх чадвар сул байгаа үед гадаадын хөрөнгө оруулалттай компанид цохигдчихсон юм биш байгаа даа. Энэ хэмжээний хөрөнгө гаргаад явах дотоодын компани цөөн л байгаа болов уу. Эргээд энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголд монофоль байдал үүсгэчихгүй байгаа. Төсөл дээр эл асуудлыг тодруулж болохгүй юу? 
-Шинэчлэлийн Засгийн газар өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын салбараа тодорхой болгоогүй. Ирээдүйд хөрөнгө оруулалтын салбараас уул уурхай юу, аж үйлдвэр үү, аль эсвэл мал аж ахуйн салбараа дэмжих үү гэдэг тодорхойгүй байна. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа энэ асуудлыг тодорхойлж, бодлого хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд эргээгээд ашгаа өгөхдөө урт хугацаа шаарддаг. Тийм учраас удаан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг төслүүдэд хөрөнгийн хэмжээ нь их байх учраас хугацаа нь урт байх ёстой гэх логикийг мөрдөх ёстой болов уу.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд агентлаг байгуулахаар тусгасныг танай бүлэг дэмжиж байгаа юу?

-Бүлэг дэмжихгүй байгаа, Засгийн газрын данхайсан бүтцийг дахиж нэмж болохгүй гэж үзсэн.Төсөв хүндрэлтэй үед төрийн данхайсан бүтэц байгуулах нь зардлыг өсгөнө. Тэгээд ч энэ Засгийн газар агентлагийг татан буулгасан юм шүү дээ.

-УИХ-аар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд “Сан” байгуулах асуудал дээр эрсдэл байна гэж нэлээд ярилаа. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл нь Хөрөнгийн биржээ амь оруулах гэсэн санаа. Хөрөнгө оруулалтын сангүй Хөрөнгийн бирж дэлхийн аль ч оронд байдаггүй. Монголын хөрөнгийн биржийн өдрийн гүйлгээ хоёр сая төгрөг гэж байна. Нэг өдөр хоёр сая төгрөгийн гүйлгээ хийдэг Хөрөнгийн биржтэй улс байж болохгүй биз дээ, түүнийгээ Монголын Хөрөнгийн бирж гэж хэлж болох уу. “Наран туул” худалдааны төвийн барааны захын нэг лангууны өдрийн орлогоос долоон дор Монголын Хөрөнгийн бирж байж болохгүй шүү дээ. Хөрөнгийн зах зээл Монгол Улсын эдийн засгийн нүүр царай болж байх ёстой. Өнөөдөр компаниуд хувьцаагаа гаргаад нээлттэй компани болж байх ёстой. Иргэд ганцхан хадгаламжид мөнгөө хадгалах биш эргээд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж өгөөжийг хүртэх ёстой. Үүнийг амь оруулах гол эс нь Хөрөнгийн оруулалтын нээлттэй сан. Хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын хаалттай сан, Нээлттэй сан гэсэн хоёр сантай холбоотой заалт бий. Хаалттай сан бол ойлгомжтой мөнгөө гаргасан нь эрсдлээ өөрөө хүлээнэ. Харин Нээлттэй сангийн хувьд ард иргэдээс мөнгө татсаны дараагаар Хадгаламж зээлийн хоршоо шиг нөхцөл байдал үүсчих вий, эрсдэл бий болсон нөхцөлд төр үүрчих вий гэдгийг анхааруулаад байгаа юм.
Маш олон Хадгаламж зээлийн хоршооны эрсдэл, “Анод”, “Зоос” банкны эрсдлийг төр үүрсэн. Төрийн мөнгө гэдэг нь татвар төлөгчдийн л мөнгө. Татвар төлөгчдийн мөнгөөр эрсдэл хийсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрсдлийг хаагаад байж болохгүй. Бидэнд гашуун туршлага байгаа учраас иргэдээс мөнгө татаж байгаа.

Нээлттэй санд эрсдэл үүссэн нөхцөлд түүнийг яаж зохицуулах вэ гэдгийг энэ хуулиар бий болгох ёстой. УИХ-аас Банкны хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталж гаргасан, түүнтэй адилаар хамгаалах ёстой. Нээлттэй сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, компанийн гаргасан бонд, хувьцаанд зарцуулна. Гэтэл компанийн бонд хувьцаа эрсдэлтэй бол яах вэ, энэ тохиолдолд төр эрсдэл үүрэх ёсгүй. Хөрөнгө оруулалт гэдэг бол эрсдэл байдаг, тийм учраас анхнаасаа хэрэгжихдээ энэ бүхэн тодорхой болох ёстой гэж үзэж байгаа.

Хоёрдугаар асуудал нь, цэнхэр, ягаан тасалбарын хэрүүл өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа. УИХ-аас өнгөрсөн хавар Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг батлахтай холбогдож УИХ-ын тогтоол гаргасан. Тогтоолд долоон арга хэмжээ авахаар заасан байдаг, түүний нэг нь цэнхэр, яагаан тасалбар тараагаад татан буугдсан ч юм шиг буугдаагүй ч юм шиг олон компани бий. Өнөөдөр 153 мянган иргэний 4.1 сая ширхэг хувьцаа байна гэж байна. Үүнийг нэгмөр шийдвэрлээд дараагийнхаа Хөрөнгө оруулалтын сан байгуулах процесс руу орох ёстой. Өмнө нь брокер диллерийн компаниуд хамтын сан ч байсан, хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ч байсан. Тэгэхээр хуульд хамтын сан, хөрөнгө оруулалтын сан гэж орж ирж байгаа нөхцөлд Хөрөнгийн бирж банктай адилхан ард түмний итгэлцэл дээр явдаг бизнес учраас энэ асуудлаа нэгмөр болгож, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиа хэрэгжүүлэх ёстой гэж хэлэхийг хүсч байна.

-Хөрөнгийн бирж дээр өдөрт хоёр сая төгрөгийн арилжаа хийгдэж байна гэлээ. Өнгөрсөн хавар УИХ-аас Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг баталсан. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл Монголын хөрөнгийн биржийн арилжаа эрчимжихгүй байна вэ. Хөрөнгө оруулалт саарч эдийн засгийн өсөлт буурсан учраас уу, эсвэл иргэдэд хөрөнгийн зах зээлд оролцож ашиг орлогоо нэмэгдүүлэх ойлголт хангалтгүй нь нөлөөлөөд байна уу. Яагаад Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна вэ?
-Эдийн засаг муудсантай л холбоотой. Манайд үйлчилж байгаа банкны тогтолцоог харахаар иргэдээс хямд хүүтэй зээл аваад компаниудад өндөр хүүтэй зээл болгож өгдөг. Хэрвээ хөрөнгийн зах зээл хөгжөөд эхэлбэл, хямд хүүтэй эх үүсвэрийг татах бололцоо бүрдэж, компаниуд өндөр хүүтэй банкны зээл аваад байх шаардлагагүй болно. Энэ тогтолцоог бий болгох ёстой. Нэг ёсны эдийн засаг өснө гэдэг нь хөрөнгийн зах зээл хөгжихийн эхлэл юм. Эдийн засаг муудаад байгаа учраас компанийн хувьцаа унаж хэн ч уналттай хувьцаа авахгүй болно. Эдийн засгийн амин судас нь хөрөнгийн зах зээл гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас УИХ-аас Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлах ёстой. Үнэт цаасны тухай хуулиа амьдралд хэрэгжүүлээд явах ёстой.

-Бүлгийн дарга Н.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүлгийн дүгнэлт танилцуулсан. Тэрхүү дүгнэлтэд “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-д танилцуулах ёстой. Ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол, мөнгөний бодлогыг хэлэлцэх нь илүү оновчтой байлаа” гэж хэлсэн. Шалтгаан нь юу юм бэ?
-Манай бүлгийн байр суурь, дүгнэлт тодорхой. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн зорилго нь улс оронд үүсээд байгаа эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлд үнэлэлт дүгнэлт өгсөн. Маш сайн дүгнэлт гаргасан., үүнийг олон нийтэд ил болгоё, УИХ-дээр хэлэлцье гэсэн. Ээлжит бус чуулганы зорилго нь нэр бүхий хуулийн төслүүдийг баталж гаргахын өмнө улс оронд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал тэр дундаа яагаад валютын ханш өсчихөв, хөрөнгө оруулалт яагаад буурчихав, төсвийн орлого яагаад тасарчих вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Тэгэхгүй бол УИХ-аас маш олон хууль баталдаг, тэр нь эргээд гай болох тохиолдол цөөнгүй байна шүү дээ. Сэтгэлийн хөөрлөөс болдог уу тооцоо судалгаа муу гаргаж хууль баталдаг. Эсвэл сонгууль дөхсөн үед ард түмэнд таалагдах гэж хууль баталдгийн харгайг эцэст нь ард түмэн үүрч байна. Валютын ханш нэмэгдсэнээр цагаан будаа, элсэн чихрийн үнэ өсч иргэдийн эрх ашгийг хөндөж байна. Банкнаас ам.доллараар зээл авсан компаниудын хувьд ханшийн зөрүү гарч зардал их гарч байна. Монгол Улсын зах зээл импортын зах зээл. Тийм болохоор энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг нь ээлжит бус чуулганы гол зорилго байх ёстой. Тэр үүднээс төсвөө яръя, төсвийн орлого 1.5 их наядаар тасарлаа. Төсвийн зардлуудаа яаж бууруулах юм, үр ашиггүй зардлаа яаж танах юм.

Төр бүх бизнест оролцдог боллоо.  Тийм учраас яаж балансыг зөв барих вэ гэдгээ эхлээд оношлоё, мөн яаж эмчлэх юм, гарах арга зам нь юу байна вэ гэдгийг тодорхойлъё. Үе шаттайгаар явуулъя гэсэн л санаа. Түүнээс хаврын чуулганаар амжаагүйгээ эсвэл гэнэтийн хэний захиалгаар үл ойлгогдох хуулийн төслүүд орж ирээд түүнийг нь цаг хугацаанд баригдан яаравчилж батлах нь эргээд эдийн засагт том хохирол учруулж болзошгүй юм шүү дээ.
Г.ДАРЬ

Thursday, 12 September 2013

“Ашигт малтмалын хуулийг шинэчлэх хэрэгтэй”



УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаадын хөрөнгө оруулалтын орчин муудсан нь Засгийн газрын хувьд шинэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээс аргагүйд хүргэж байх шиг. Хөрөнгө оруулалтын орчин муудсан нь УИХ-аас баталсан хууль эрх зүйн орчинтой холбоотой тухай зарим эдийн засагч шүүмжилдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болоод хөрөнгө оруулалт үргэчихсэн юм шиг зүйл яригдаж байгаа ч өнөөдөр дэлхий дахин тэр дундаа Европ, Хятадын эдийн засаг сайнгүй байгаа. Түүнтэй холбогдож өнөөдөр Монгол Улсад экспортын бараа бүтээгдэхүүний үнэ буурч байна. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагч томоохон компаниуд нь хүндрэлтэй үеийг ашиглаж Монголын төр засгийг буулгаж авъя гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Гол шалтгаан энд л бий. Үүнээс маш ухаалаг байдлаар гарах ёстой. Мэдээж зохицуулах шаардлагатай асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадны хөрөнгө оруулалт аль салбарт орж ирж байна вэ гэхээр ашигт малтмал, уул уурхай болж байгаа. Ийм байтал хэрэгжиж байсан Ашигт малтмалын тухай хууль тодорхой бус байдалд ороод 2-3 жил болчихлоо. Тийм учраас энэ хүндрэлтэй байдлаас гарахын тулд яаралтай Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж батлах хэрэгтэй байна. Гадаадын  хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахаас гадна.

-“Рио Тинто” компани Оюутолгой компанийн далд уурхайг зогсоох шийдвэр гаргасан төдийгүй, цаашид ч хатуурхаж болзошгүй байна. Энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газар яах ёстой вэ?
-“Рио Тинто” компанийг Монголд хөрөнгө оруулчихаад байхад нь “Ашиггүй ажиллаач ээ” гэж хэлээгүй. Харилцан ашигтай байя гэдэг зарчим л ярьж байгаа. Монголд хөрөнгө оруулах нэрийн дор гадаадынхан нь илүү ашигтай ажиллаад, монгол нь бага ашиг олдог, эсвэл монгол нь их ашиг аваад, хөрөнгө оруулагч нь бага авдаг байх нь шударга бус учраас харилцан ашигтай ажиллах ёстой. Тэр дундаа газрын хэвлийн доорх байгалийн баялаг ард түмний өмч, монголын ард түмний өмч. Тийм учраас төрд ард түмнийг төлөөлөн ажиллаж байгаа хүмүүс ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө, хангахын төлөө бодлого, үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр үүднээс асуудлаа тавьж байгаа нь зөв. Гол зарчмаасаа ухарч болохгүй.

-УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 16-нд хуралдуулж магадгүй тухай дуулдсан ч саяхнаас хуралдуулахгүй гэх албан бус мэдээ цацагдах боллоо. Нэг мөсөн ирэх аравдугаар сард намрын чуулганыг хуралдуулна гэх. Танд ямар нэг мэдээлэл байна уу?

-Засгийн газар УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцүүлэх вэ гэдгээ оруулж ирэх ёстой. Харамсалтай нь, одоог хүртэл оруулж ирж байгаа юм алга. 2009-2010 оны хямралын үед Засгийн газраас УИХ-д Хямралыг давах төлөвлөгөө өргөн барьж хэлэлцүүлж байсан. Эдийн засаг хүндэрч байгаа үед Шинэчлэлийн Засгийн газар дээр дурдсан хуулийн төслүүдээс гадна хямралыг давах төлөвлөгөөг яаралтай оруулж ирэх шаардлагатай. Эхлээд бид дотроо ойлголцоод, дараа нь гадаад талдаа ойлголцох. Урт хугацаандаа нийгэм эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг яримаар байгаа юм. Харамсалтай нь, Засгийн газар хямралаас давах төлөвлөгөөг хийж дийлэхгүй байгаа юм байлгүй дээ.

-Сүүлийн үед Цагаан хадаас-Гашуун сухайт хүртэл нарийн царигтай төмөр зам тавих асуудал хүчтэй яригдах боллоо. Монголын төмөр зам өргөн царигт суурилах ёстой гэх бодлогыг өмнөх УИХ-аас баталсан. Үүнтэй хэр уялдаж байгаа юм бол?

-УИХ-аас 2010 онд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Тэр үед Зам тээврийн сайд байсан Х.Баттулга “Бодлого батлагдсан тохиолдолд хоёр жилийн дотор Тавантолгойгоос- Сайншанд, Тавантолгойгоос-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам тавина” гэж хэлж байсан. Харамсалтай нь, төмөр замын ажил өнөөдрийг хүртэл урагшилсангүй. Төмөр замын бодлогод юу гэж заасан бэ гэхээр өргөн царигт суурилна, харин салбарлах гадагшаа шууд гарах юм бол Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн. Тийм учраас УИХ-ын тогтоолын хүрээнд Засгийн газар шийдвэр гаргаж байгаа болов уу. Нэг үгээр хэлбэл, Цагаан хадаас цааш нарийн төмөр зам байна гэдэг нь УИХ-ын тогтоолыг зөрчиж байгаа зүйл байхгүй болов уу гэж бодож байна.
Г.ДАРЬ