Thursday, 12 September 2013

Ц.Нямдорж: Гудамжинд явсан хүмүүсийг төрд шургуулсны гор гарч байна



УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

  -УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 16-нд хуралдах тов гараад байгаа.  Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг танай нам тавьсан. Харин үр дүн нь юу байх бол?
-Одоохондоо энэ сарын 16-нд ээлжит бус чуулган хуралдана гээд байх шиг байна. Ер нь хуралдвал хуралдана л биз.

Манай намын удирдлагууд ээлжит бус чуулган хуралдуулах санал тавьсан юм билээ. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүндэрч байгаа учраас ээлжит бус чуулганыг хуралдуулж болно. Гэхдээ ээлжит бус чуулган хуралдаад үүнээс гарах шийдвэр байна уу, үгүй юу гэдгээс асуудал үүснэ.

-Уг нь үүсээд буй нөхцөл байдлыг сайжруулах гэж л чуулганыг хуралдуулах гээд байгаа юм биш үү?
-Гол нь гаргах шийдвэрийн төсөл бэлэн биш бол ээлжит бус чуулган утгагүй болох гээд байгаа юм. Тэгээд ч шийдвэр нь тодорхой бус тохиолдолд заавал ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй. Тэртэй тэргүй арав гаруйхан хоногийн дараа намрын чуулган эхэлнэ. Харин эдийн засгийн хүндрэлийг зөөллөх шийдвэрийн төсөл байгаад тэрийг нь хэлэлцэх бололцоотой гэвэл чуулган хуралдах нь зөв л дөө.

-Улс орны эдийн засгийн байдал сайн, муу байгаа гээд улстөрчид янз бүр ярих юм. Үнэндээ Монголын эдийн засгийн байдал өнөөдөр ямар байгаа  вэ?
-Ер нь эдийн засгийн байдлыг нэг хэсэг нь хүндэрчихлээ, нөгөө нь хүндрээгүй гээд хоорондоо маргалдах нь утгагүй. Тэгээд ч дэндүү ойлгомжтой зүйл дээр маргах нь дэмий шүү дээ. Эдийн засгийн байдал хүндэрсэн нь үнэн. Гэхдээ Хятад, Орос, Солонгос, Японы эдийн засаг тогтвортой байна. Монгол Улстай голлон харьцдаг эдгээр улсуудын эдийн засаг тогтвортой байхад манайд шинэчлэлийн Засгийн газар гарснаас хойш ганцхан жилийн дотор эдийн засаг ямар хурдацтай унаж байна вэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Энэ хүндрэлд гадны ямар нэгэн нөлөө байхгүй. Зөвхөн дотооддоо төрөө удирдаж чадахгүй байгаатай холбоотой. Товчхондоо, улс төрийн зорилготой шоу, үзэсгэлэн яармагийн гор нь ингэж гарч байгаа юм.

Жишээ нь, сүүлийн арван жил тогтвортой 1300 төгрөг байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1600 төгрөгт хүрсэн нь эрүүл үзэгдэл мөн үү. Үүнийг Засгийн газар хямрал биш гэх үү. Ноднин Засгийн эрх шилжүүлж байхад гадаадын хөрөнгө оруулагч 470 гаруй аж ахуй нэгж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 50 хувиар буурлаа. Гадаад орчин ингэж хумигдаж байгаа нь Монголын эдийн засагт аюултай сөрөг үр дагавар авч ирэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бүтэн 20 жил зүтгэж байж гадаадынхны дунд бий болгосон итгэл гэдэг юм алга болж байна. Монголын төр найдваргүй. Нэг нь гарч ирэхээрээ нөгөөгөө үгүйсгэдэг. Ингэж эдийн засгаа улс төрийн зорилгоор хорлодог гэсэн дүгнэлт гадныхны дунд бий болоод ирэхээр ойрын арван жилд энэ итгэлийг ахин олж чадахгүй.

Таван толгой гэдэг юмыг чинь П.Очирбат 1994 онд Энэтхэгт айлчлахдаа “хамтарч ажиллаач” гээд гуйгаад явж байсан хүн. Түүнийгээ арай гэж эдийн засгийн эргэлтэд оруулаад ирэхээр “Чалко” гэж дайрсаар байгаад Таван толгойгоо унагаад авсан. Гэтэл одоо Оюу толгойг унагах алхмуудыг хийж байна. Далд уурхай байхгүй болж байна. Далд уурхай гэдэг чинь энэ төслийн 70 хувь. Харин  30 хувь нь ил уурхайн ашиглалтад явна. Ингэснээр таван тэрбум ам.долларын ашигтайгаар бүртгэгдсэн төсөл зогсож байгаа юм.

Оюу толгойн далд уурхай зогссоноор ард нь ажилладаг олон жижиг компаниуд хаалгаа барьж, ажилчид нь халагдах нь ойлгомжтой. Үүнийг уналт биш гэх үү. Гадаадад гаргаж буй нүүрсний хэмжээ огцом буурсан. Өнөө жил 30 сая тонн нүүрс гаргах учиртай. Одоо дөнгөж 7-8 сая тонн нүүрс гаргаад байна. Үлдсэн дөрвөн сарын хугацаанд яаж ч зүтгээд 7-8 сая тонн нүүрснээс илүүг гаргаж чадахгүй. Дээрээс нь нүүрсний үнэ 70 ам.доллар байсан бол одоо 56 ам.доллар болж буурсан. Гэтэл энэ жил нэг тонн нүүрсний үнэ 160 ам.доллар байна гээд төсөв баталчихсан шүү дээ.

Зарим нэг хүмүүс эдийн засаг хүндрээгүй гээд байгаа. Одоохондоо эдийн засаг тартагтаа тулаагүй байгаа. Энэ янзаараа ахин нэг жил явахад л  тартагтаа тулна. Эсвэл тартагт нь тултал унагаж авах гээд байгаа юм уу. Энд тэнд эдийн засаг, байгалийн аюулт үзэгдлүүд болоод байна. Үүнээс яагаад дохио авахгүй байна вэ. Хийх гэж бодоод байгаа бол энэ онцгой нөхцөл байдлыг сайтар судалж үзээрэй, тэнд эвгүй юм болж байна шүү гэж Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард би  хэлж л байсан. Хоёрхон жилийн өмнө Монгол Кипр шиг болно гээд байсан биз. Одоо гэтэл яав.

-Тэгээд таны сануулгыг хүлээж аваагүй хэрэг үү?

-Аваагүй. Наад “Чалко” гэдэг юм руугаа битгий дайраад бай. Наадахын чинь цаана том гүрний эрх ашиг байдаг юм. Тэгээд ч Н.Алтанхуяг ажлын хэсгийг ахалж, Ч.Хүрэлбаатар нарийн бичгээр нь ажиллаж байхдаа гуйж гувшиж явж байгуулсан гэрээ гэдгийг хэлсэн. С.Баярцогт Авирмэд гэж хүнтэй гар барьж байгаад тэрбум ам.доллар Таван толгойгоос оруулж ирээд Хүний хөгжлийн мөнгө болгоод тараасан. Одоо хэндээ ял тулгах гээд байгаа юм. “Чалко” гэдэг чинь Хятадын стратегийн үйл ажиллагаа явуулдаг хоёр том компанийн нэг. Баруун Европыг газын сүлжээнд оруулчихсан маш том идэштэй компани. Манайхан өөрсдөө 70:30-ын харьцаатай байхыг зөвшөөрсөн. Мөнгийг нь урьдчилгаа болгож авчихаад АН, МАН хоёр сонгуулийн өмнө амлалт болгож хүний хөгжлийн мөнгө бол¬гож тараасан. Тэгсэн хэрнээ яагаад өмнөх засаг, МАН гэж дайраад байгаа юм. Энэ сайн зүйл авч ирэхгүй. Эдийн засгийн тав, арван төгрөгийн асуудал биш. Улс хоорондын харилцаа, геополитикийн харилцааг араасаа чирдэг. Хятадууд Австралиас авах нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлсэн. Хойд айл Читийн цаахан талд манай Таван толгой маягийн нүүрсний уурхайг ашиглалтад оруулаад урагшаа төмөр зам тавьж байна. Урд айл манайхаас нүүрс авч байгаа нь хэрэглээнийх нь өчүүхэн хэсэг. Яагаад ийм геополитикийн орон зайд байгаагаа эрх барьж байгаа хүмүүс, төрийн том дарга нар ойлгохгүй элдэв болхи, балиар үг хэлж араасаа хүндрэл учруулж байна. Гадна талдаа хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Дотор талдаа болохоор МАН-ын бизнес эрхлэгчдийн бизнесийг далдуур хавчиж АН-ынхныг дэмжиж байгаа нь нууц биш.

Оросын консулын газраас мэдэгдэл хийгээд байхад Оросууд шатахууныхаа  үнийг нэмээгүй гээд байгаа. Үүнийг нь тагнуулаас шалгана гээд байсан. Эцсийн бүлэгтээ “Петровис”-ийг шахах гэсэн бодлого л байхгүй юу.

Ганцхан жилийн до¬тор эдийн засгийн хям¬рал болж ам.долларын ханш хоёр сарын дотор 1600 төгрөг болтлоо өссөн нь түргэн тусламж дуудаж, онцгой байдал зарлах хэмжээнд очиж хүн¬дэр¬сэн шүү дээ.

 -Яагаад ийм байдал үүсэх болов оо?
-Яагаад гэвэл,  Н.Золжаргал гэдэг хүн Монгол банкны захирлаар очсоноос болсон. Монголбанк мөнгөний бодлогыг барьдаг газар биш Засгийн газрын даалгавар биелүүлэгч, кассын үүрэг гүйцэтгэгч байгууллага болсон.

Арилжааны банкууд шиг уралдаж зээл олгодог газар болгосон гэхэд болно мэт зүйлс болоод байгаа. Тиймээс төгрө¬гийн ханш унаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард би Монгол банкны Ерөнхийлөгчид “Чи энэ улс төрийн зорилгот үйл ажиллагаагаа зогсоо. Кассын үүрэг гүйцэтгэгч байхаа боль. Монгол банк ямар байх ёстой тэрүүгээр нь авч яв. Надад битгий хичээл заа” гэж хэлсэн.

-Өмнөх Засгийн газрын балгийг Шинэчлэлийн Засгийн газар үүрээд яваа юм биш  үү. Эсвэл өмнөх Засгийн газар ямар өө сэвгүй ажилласан гэх гээд байна уу даа?

-Үргэлж л тэгдэг юм. Өмнөх Засгийн газар гэдэг чинь С.Батболд+Н.Алтанхуяг шүү дээ. Эдийн засаг, банк санхүүгийн салбарт болж буй асуудлыг Н.Алтанхуяг мэддэг байлаа. Учир нь Сангийн сайд нь С.Баярцогт байсан. Баяр¬цогт төсөв батлуулдаг байсныг бид мэднэ. Мөн¬гөний бодлого дээр санал өгүүлдэг байсан. Мөнгөний бодлого дээр бол¬сон болоогүй 1300 төгрөгт барьж байсан Пүрэвдоржийг хөөж явуулаад Н.Золжаргалыг томилсон. Өмнөх засаг “Чалко”-гоос зээл авсан гээд л байдаг. Тэр 380 сая ам.до묬ларыг чинь С.Баярцогт авсан юм. Баярцогт аваад хүний хөгжил сан руу хийж 21 мянган төгрөг болгож тараасан. 2012 оны төс¬вийг С.Баярцогт хийсэн. Тийм байж өмнөх засаг гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Үүнийхээ оронд бид энэ ажлыг хийж чадахгүй, дийлэхгүй юм байна гээд хэлчих хэрэгтэй. Төрийн боловсон хүчний чадавхийг хаасныхаа горыг амсаж байна. Ажлаа хийж чад¬даг байсан хүмүүсийг Ардын намын хүн гээд хоморголж халаад юу ч хийж чаддаггүй, юу ч мэдэхгүй, хоосон хийрхэгч, гудамжинд гулиалж явсан хүмүүсийг Монголын төрд шургуулсны гор гарч байна. Ийм зүйлс байгаа учраас асуудал хүндэрч байгаа хэрэг.

Ноднингийн тавдугаар сард батлагдсан Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруу¬лагчдыг хязгаарласан хуулийг хүчингүй болгочих гээд таван сар гуйгаад дийлээгүй. Зүгээр л хүчингүй болгочих гээд толгой том дарга нарын  бүгдэнгээс нь гуйсан. МАН-ын бүлгийн хурал¬даан дээр үүнийг хэлэхэд зөвшөөрсөн. Хүчингүй болгуулчих гээд байхад Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай хамтатгаад хуучин хийсэн нүглээ жаахан нууж өнгө¬рөөх гэж оролдож байгаа арга. Тэр үед тухайн хуу¬лийг хүчингүй болгуулсан бол гадныхан ингэж нүү¬рээ буруулаагүй байгаа юм ч бил үү хэн мэдлээ.

Төмөр замын хувьд манайх урагшаа нарийн царигийн төмөр зам тави¬хаас өөр арга байхгүй. Оросууд энэ төмөр замын чинь төсөлд оролцохгүй гэдэг мэдэгдлээ хийчихсэн. Оросуудаар төмөр зам тавиулна. Оросуудыг Таван толгой руу оруулна гэчихээд тэднийг хуурсан тул энэ төсөлд чинь орол¬цохгүй гээд Элчин сайд нь мэдэгдсэн. Тавдугаар сард Якунин ирээд мөн л тэгж хэлсэн. Тэр чинь Путины үгийг дамжуулж байгаа байхгүй юу. Якунин гэж нөхөр манайд ирсэн юм биш. Путины үгийг л дамжуулсан хэрэг. Тэгж ойлгож дараагийн шийдэлдээ хүрэх байтал байдаггүй. Гэтэл цариг нь тодорхойгүй зам тавьсан. Ингээд байхаар эдийн засаг хүндэрдэг юм бай¬гаа биз дээ. Эдийн засаг муудаагүй гэж энэ жилдээ хуурч болно. Ирэх жилдээ хуурч болно. Түүнээс цааш хуурна гэж байхгүй. Дараа нь эрх барьж буй Засгийн газрыг гаргах уу, үгүй юу гэдэг асуудлыг тавь. Үүнээс цааш зориг зүрх, эрмэлзэл АН-д бай¬на уу гэдэг талаар яриг¬дана. Гарамгайбаатар ч гэсэн тэгж л ярьсан байна лээ. Нэг жил энэ засгийг харлаа. Даанч явсангүй.

Засаг барьж буй хүмүүс бүтэн жил зуурсан холион бантангаа ойл¬гож, зогсоож номоор нь хийх сэтгэлийн тэнхээ гаргаж чадах уу гэдгийг нь харах хэрэгтэй. Би тэднийг “Та нар агаарт савлаад байна. Хөрсөндөө буугаад өгөө” гэж өмнө нь зөндөө л хэлсэн. Одоо ч гэсэн савж л байна. Юу ч болоогүй бүх юм хэвийн байгаа гэх юм. Үүнийг би мэддэгтээ хэлээд байгаа юм биш. Улс төрийн тогоонд 20 жил чанагдсан тул мэдэж байна. Зовлон дундуур явсан хүний үг юм. Ядаж л дотоод улс төрийнхөө хэрүүлийг зог¬соох хэрэгтэй. Энэ чинь хэнд хэрэгтэй юм. АН юу¬гаа¬раа ялж, МАН юугаараа ялагдсан юм. Цаана чинь эдийн засаг чинь сүйрээд дуусч байна. Бо¬ги¬нохон улс төрийн хэрүүлээ ядаж больчих хэрэгтэй. Гадаад хүчин зүйл дээр хөрөнгө оруулж буй гадныхныгаа ярга¬чид, шулан мөлжигчид гээд хөөж явуулчихсан хэрнээ өөрсдөө юм хийх¬гүй. Дотооддоо улс төр нь эрүүл биш. Мөн дотоод¬доо үйл ажиллагаа явуул¬даг компаниудаа миний, чиний гэж ялгаварладаг. Энэ чинь юу болж байгаа юм. Улс төрийнхөө хэрүү¬лээ зогсоо гэж гуйгаад дийлэхгүй байна.

Уг нь эрх баригчид эрх барьж буйгаа ухамсарлаж, хариуцлагатайгаар улс төрийн тайван нөхцөл байдлын төлөө явах хэ¬рэг¬тэй. Тэгж л хэн хэнийгээ ойлгох орон зай үүснэ. Үүнийгээ тэд хийж чадахгүй байна. Тэгэхгүйгээр харин ч эсрэгээрээ өдөөн хатгалга явуулаад бүх юм МАН-аас болсон. Бид гарч ирээд тэрийг нь засах гэж үйлээ үзэж байна гэдэг. Өмнөх засагт өөрсдөө Шадар сайд, Сан¬гийн болон  Зам тээврийн сайд байснаа мартчихсан юм уу. Ингэж болохгүй. 1990 онд эд нар Засгийн газар байгуулсан. Тэгэхэд Д.Бямба-сүрэн МАХН-ын харьяалалтай л байсан болохоос сэтгэл нь аль хэдийнэ АН-даа орчихсон байсан. Хоёр шадар сайд нь мөн л тэднийх. 1992 онд картын бараатай сон¬гуульд өрсөлдсөн. 1996 онд П.Жасрай агсан арай гэж картын бараанаас гаргаж нийгэм, эдийн засаг жаахан урагшлах гэж байхад 1996 онд тэд Засгийн газар байгуулсан. 1996 оны арванхоёрдугаар сард Ард банкийг татан буулгаад Сэргээн босгол¬тын банк байгуулан бүх мөнгөө тийш нь байр¬шуулсан. Өрийг нь өөр газар шилжүүлж цэвэр банк байгуулж авчихаад хоёр жилийн дараа бүг¬дийг нь дампууруулаад дуусгасан. 2000 онд цалингаа ч тавьж өгч чадахгүй байсан. Шинэчлэ¬лийн Засгийн газар эрх бариад жилийнх нь ойн дээр эдийн засгийн хямрал болж байна. Монголтой эдийн засгийн харил¬цаатай гэж дээр хэлсэн орнуудын эдийн засаг савалгаагүй байхад манайх ийм байдалд хүр¬лээ. Энэ чинь юу болж байгаа юм. Жолоогүй нийгэм бий болчихоод байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод байгаа. Ингэлээ гээд гадны хөрөнгө оруулагчид эргэж ирэх үү?
-Монголчууд хууль гар¬гах нэг асуудал. Энэ их хөрөнгө оруулалт чинь хуучин хуулийн хүрээнд хэрэгжиж байсан. Одоо монголчууд Хөрөнгө оруулалтын хууль гэж 1000 гоё хууль батлаад гадныхан хошуураад ирэхгүй. 2012 оны хуулиа хүчингүй болгосон байна. Буцаад оръё гэх үү. Тэд цэцэрлэгийн хүүхдүүд биш. Итгэл нэг алдарвал урт хугацаанд алдардаг. Би 1994 онд П.Очирбатыг Энэтхэгт дагаж явж байснаа ярьсан нь тохиолдлоор хэлсэн зүйл огт биш. Хуулийнх нь орчинг бий болгох гэж, итгэлийг бий болгох гэж 20-иод жил явжээ. Харилцан ойлголцлыг бий болгох гэж зүдэрсэн байна. “Чалко”-д мянга сайхан хууль яриад итгэх үү. Итгэлийг ямар ч хуулиар авч ирдэг¬гүй юм. Хичнээн сайхан хууль баталсан гэж яриад хиртэй, гомдсон сэтгэлээр тэд хүлээж авна. Түүнээс биш хуулийг гаргаж бол¬ноо. Тэр хууль ямар эрс¬дэл дагуулах вэ гэдгийг санах хэрэгтэй.

Оросууд бензинийхээ үнийг нэмлээ. Хуучин “Евро 2” гэсэн бензинээ “Евро 3” болгосон. “Евро 2” гэдэг нь октан ихтэй хуучнаар 76 бензин байхгүй юу. Түүнийгээ үйлдвэрлэхээ болиод “Евро 3” бензин үйлдвэр¬лээд эхлэхээр зардал ихтэй болохоор үнэ нь нэмэгдэж байгаа юм. Хуучин 76 байсан бензин 92 болж байна гэсэн үг. Тэгэ¬хээр хойд айл үнээ нэмдэг юм байгаа биз дээ. Бид ийм юм хийсэн гээд элчин сайд нь зарлачихаад байхад Засаг барьж буй нөхөд хойд айл үнээ нэмээгүй гэж худлаа хэлээд байх юм. Ингэж болохгүй. Самалёнка гээд элчин сайдынх нь ярилцлага хүртэл надад байж байна. “Бид үнээ нэмсэн. Та нар зах зээлинхээ зарчмаар дэлхийд чанартай бензи¬нийг нэмэгдсэн үнээр авнаа. Бид үнийн хөнгөлөлт хийж чадахгүй” гээд бай-хад манайхан үгүй гээд байх юм. Сүүлийн үед засагийнхан эрчимтэй худлаа ярьж эхэллээ. Саяхан УИХ-ын дарга Блүүмберг телевизэд ярилцлага өгч байна. Орон сууцны чинь үнэ найман хувийн зээлнээс чинь хойш нэмэгдчихлээ. Одоо яах вэ гэхэд “Энэ жил битгий байр худалдаж ав. Ирэх жил каниверийн байр худалдаж ав”  гэсэн.  Байшин үйлдвэрлэдэг кониверийн систем гэж дэлхийд байдаггүй л байхгүй юу.

-Кониверийн систем гэж юу вэ?
-Мэдэхгүй. Бүх газар л байшин барь гээд байгаа юм уу. Конвейрээр байшин барьдаг гэж би лав дуулаагүй юм байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл зүгээр л Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу байсан. Энэ нь ам.долларын савал¬гаа орон сууцны савал¬гааг бий болгож байгаа нэг хөшүүрэг нь яах арга¬гүй мөн. Ирэх жил кониверийн байранд ор гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Өмнө нь олон барилга баригдаад эхэлсэн. Одоо ч гэсэн болсон болоогүй барилга баригдаж л байна. Эдгээрийг яах юм. УИХ-ын дарга ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Өнөө маргаашийн хооронд худлаа ярьж байхад нөгөөдөр ертөнц сөнөсөн ч хамаагүй гэж бодох хүмүүс байна. Ингэж болохгүй. Импорт Хятадын хараанд байхад юанийн ханш өсөөд эхэллээ. Өмнө нь 220 төгрөг байсан юань өнөөдөр 270 болчихлоо. Урагшаа гараад наймаа хийх гэхээр олсон бүх ашиг чинь үнийн зөрөөн¬дөө үхэж байна.

-МАН-ын залуу гишүүд сонгуульд тав дараалж ялагдсан намаа шинэчилж, удирдлагууддаа хариуцлага тоо¬цох тухай яриад ч дийлэхгүй байгаа. МАН-ын хууччуул үнэхээр шинэчлэлийг эсэргүүцээд байна уу эсвэл  залуусаа дэмждэггүй юм уу?

-Зөндөө л шинэчлэл ярьдаг хүмүүс байдаг. Ардчилсан нам ч гэсэн шинэчлэл ярьж л байсан. Одоо Шинэчлэлийн Засгийн газар гээч ямар амь¬тан гарч ирчихээд юу болгож байгааг нь харж л байгаа биз дээ. Шинэчлэл ярьдаг болгон сайн байдаг юм биш. Магадгүй хамгийн хорлонтой, хамгийн хуучинсаг хүмүүс шинэчлэл ярьж байж мэднэ.

Шинэчлэлийн Засгийн газар үнэхээр шинэчлэл хийгээд гоё болчихдог байсан бол нэг жилийн хугацаанд гоё болох л байлаа. Гоё болохгүй л байгаа биз дээ. Түүнтэй агаар нэгэн зүйл МАН-д явагдаж байгаа юм биш үү. Сонгуульд ялагдсан тал дээр хариуцлага хүлээ гэдэг дээр нь ярьж байгаа нь зөв. Манай нам дүрмэндээ ялагд¬вал явнаа гээд биччихсэн байдаг юм биш үү. Намын их хурлаа хийх нь ойлгомжтой. Тэр богинохон хуга-цаанд элдэв балай юм ярьж өөрийнхөө дээлийг урах ямар хэрэг байна. Одоо МАН, АН хоёр аль нь ч ялгаагүй шинэчлэл ярьсаар бай¬гаад дээлээ ураад дууслаа. Өнөө бөөгийн цамын өмсгөл шиг л бол¬чих¬лоо. Өөрийнхөө дээлийг зулгаа¬гаад болохгүй бол салаад явчихдаг байдал ганцхан МАН-д бус АН-д ч байдаг. Эцэстээ хэн, юу хожих юм. Хоёр томоохон улс төрийн хүчин шиг улс төрийн хүчин ахиж монголд гарч ирэхгүй. Энэ чинь түүхэн сорилгоор бий болчихсон юм. МАН, АН аль нь ч ялгаагүй. Дээрх хоёр нам байхгүй болоод шинэ нам гарч ирээд Монголыг сайхан авч явна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Эхсүл ахиад нэг “Эрэл”-ийн Эрдэнэбат л гарч ирнэ биз.

Түүхийн ийм өндөр ач холбогдолтой хоёр нам бие биенээ хэм¬лээд байхаа болих хэрэгтэй. Намуу¬дын дотроос мөн шинэ баатрууд тодрон гарч ирж байна. Имй байж болох уу. Энэ хоёр нам ийм олиггүй байхад улс яаж хөгжих юм. Төр гэдэг юм нь яаж явах юм. Явахгүй шүү дээ. АН нь ч гэж АН. МАН нь ч гэж МАН. Харилцан зодолдоод байж байх юм. Дотроос нь хүүхдүүд нь аав, ээжийгээ зодоод байдаг. Ийм л зүйл болж байна.

МАН-ыг таван удаагийн сонгуульд ялагдлаа л гэх юм. Тэгвэл МАН 10 жил босоо байсны хувьд гавьяаг нь хэн хүртэх юм. Тэр хугацаанд энэ шинэчлэл хийнэ гээд байгаа хүмүүс хэн байгаад хэн болсон юм гээд ярьвал их зүйлийг ярьж болно.

МАН-д жигүүр гарч ирээд намд хэрэгтэй юм юу хийсэн гэж. Бүгд албан тушаал аваад л арилцгаа¬сан. АН-ынхан ч мөн адил. МҮШН гэж байгуулаад тэр намд нь харьяалагддаг хүмүүс нь МАН-тай нийлж засаг байгуулаад ганц, хоёр хүн сайд болоод АН-ын шинэчлэл дууссан. Ийм шинэчлэлийн Монголын ард түмэн хүсээд байгаа юм уу. Шинэчилье гэвэл эхлээд урвагчдыг улс төрөөс шахаж гаргах систем бий болгох хэрэгтэй.

-Урвагч гэдгийг нь яаж мэднэ гэж. Хүн бүр л энхийн цагаан тагтаа гэж өөрсдийгөө танилцуулдаг...
 -УИХ-аар дүүрэн урвагчид байгааг харахгүй байна уу. Засаг дотор чинь өч төчнөөн хүн байна. Эх орноосоо урваагүй гэж өөрсдийгөө өмгөөлөөд байгаа болохоос өчигдөрхөн МАН шиг нам байхгүй гээд байсан хүмүүс өнөөдөр АН-д оро¬хыг урвалт биш гэх үү. Ийм хүмүүс ардын төрийг гадныханд худал¬дахыг үгүйсгэх аргагүй. Чингэсийн үед Жамух гэж урвагч байна. Найз нь Их Монголыг байгуулах гэж байхад нь эсрэг байсан. Урвагчдыг барьж ирэн ууцыг нь хугалдаг байхаа. Энэ соёлтой ертөнцөд ууцыг нь хугалах нь хаашаа юм. Харин улс төрийн орон зай л өгөхгүй байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ шинэчлэл болно. Хоёрдугаарт төрд алба хашиж байхдаа хулгай луйвраас хол байх хэрэгтэй. Энэ хүмүүс тэгж чадах юм уу. Тэгж чадаагүй шүү дээ. Тендерээс хол байх хэрэгтэй. Тендерээс хол байх чадварыг эзэмших хэрэгтэй. Арван жил сайд хийсэн хүн ярьж байна шүү.

 -Яаж хол байна гэж?
 -Тендертэй холбоотой хүмүүстэй уулзахгүй байх хэрэгтэй. Намайг сайд байхад тийм тендерт оролцон буудлиуллаа гэсэн хэл ам гарч байсангүй.  Учир нь би хол явдаг байсан. Идэж байгаа хоол¬ноо¬соо битгий хулгай хийж бай л даа. Энэ хүмүүс тэгж чадах юм уу. МАН-ын шинэчлэл хийнэ гээд байгаа асуудал чинь ардын төрийн асуудал болчихдог юм. Ардчилсан намын алдаа ардын төрийн алдаа болж хувирдаг. Үүний гор нь гараад эхэлчихлээ. Өчигдөр чи гадагшаа явахдаа 100 ам.доллар авдаг байсан бол өнөөдөр үнэ өссөнөөс болж 80 ам.доллар л авна гэсэн үг. Хуучинсаг гэж тооцсон болгон хуучин байдаггүй. Одоо засгийг большевик аргаар авч явж байна. Жишээ нь О.Магнай гэж үнэ тогтоодог нөхөр бий болчихлоо. Бусад орнуудад энэ чинь инээдэм, ханиа¬дам болно. Коммунист ганцхан намтай хятад улс хүртэл тэгэхгүй байна. Гэтэл манайх чадаад байх юм. Засгийн эрх баригчид О.Магнайгаар дамжуулан бүх юмны үнийг тогтоодог болсон. ШӨХТГ үнэ тогтоодог газар биш. Өнөө маргаашийг аргацаасан улс төрийн ашиг харсан большвик, коммунист арга нь хэт түрэмгий байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл АН-ын хүмүүсийг балиашигладаг. Монгол чөлөөт хэвлэлгүй болсон. Би 2006 онд Их хурлын даргаас бууж байхад гуравхан зүйл хэлсэн. Түүний нэг нь “Мон¬голд чөлөөт хэвлэл үгүй боллоо” гэсэн юм. Өнөөдөр шударга хэвлэл мэдээл¬лийн хэрэгсэл үгүй болсон. Бүгдийг нь эрх баригчид худалдаж авсан.
 Э.ЭНХБОЛД
Ч.АННА
"ӨДРИЙН СОНИН"

No comments:

Post a Comment