Thursday, 21 November 2013

М.Зоригт: “Бодь” групп, “Голомт” банктай холбоотой асуудал бүрэн тэглэгдсэн



УИХ-ын гишүүн М.Зоригттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төсвийн тухай хуулийг батлаад удаагүй байгаа ч араасаа шүүмжлэл дагуулсаар байна. Ер нь ирэх жилийн төсвийн “шүүс”-ийг хэр сайн шахаж чадсан бэ?
-Анх Төсвийн тухай хуулийг оруулж ирэхдээ УИХ, Ерөнхий сайдад танилцуулаад тэвчиж болох зардлыг тэвчье гэсэн. Монголчууд ирэх онд бүх нийтээрээ тэвчих тэр үзэл санааг УИХ-ын гишүүд дэмжсэн. Энэ ч үүднээс өргөн баригдсан хууль дээр ажиллахад нийт гишүүд дээрх үзэл санаанд нэгдэж байгаа мэдрэмж төрсөн.

Миний хувьд АН-ын бүлгийн ажлын хэсгийг ахалж ажилласан учраас зөвхөн бүлгийн хүрээнд бус МАН, эвслийн бүлгийн ажлын хэсэгтэй хамтарч хуулийн төслийн заалт бүр дээр нь ярилцсан. Энэ ч үүднээс Төсвийн тухай хуулийг УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр шууд баталсан.

Учир нь ажлын хэсэг, байнгын хороо, бүлэг бүх шатандаа маш сайн ажиллаж, санал нэгдсэний хүч. Нэн ялангуяа урсгал зардлыг нэлээд сайн танасанаас гадна ойлгомжгүй хөрөнгө оруулалтын ажил их байсан.

Тухайлбал, олон жил болсон ч ашиглалтад ороогүй атлаа төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн зүйлүүдийг нүдээ аниад өнгөрүүлэх бус Үндэсний аудитын газарт хугацаатай үүрэг өгч, нягталж шалгах нь зөв гэж үзээд түр царцаасан. Тэгэхээр тэдгээр барилгуудыг бүр орхих бус ирэх жил төсвийн тодотголд оруулна.

-Сөрөг хүчин болох МАН-ынхан энэ хууль дээр нухацтай хандана гэж байсан ч төсөв батлах үед үг дуугүй шууд баталсан. Энэ нь хуулийн төслөө хэлэлцэх бус хоорондоо тохиролцсоны жишээ гэх юм?
-МАН-ын бүлгийн ажлын хэсэгт Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат гэх мэт туршлагатай, чадварлаг, улс орны аж амьдралыг сайн мэддэг хүмүүс орсон.

Хэдийгээр тусдаа ажлын хэсэг байгуулсан ч ихэнх тохиолдолд бид хамт сууж байгаад ярилцсан. МАН, АН болонэвслийн бүлэг ч тэр. Төсвийн тухай хуулийг ганцхан удаа ярилцаад өнгөрөх бус хэд хэдэн удаа хэлэлцсэн учраас гишүүд санал нэгдсэн. Яах вэ энэ хуулийг батлагдсаны дараа шүүрхий, муу боллоо гэх зүйлийг хэлж байгаа хүн байна. Зүгээр л цөөнх шүүмжилж байх ёстой гэх үүднээс ч хандсан байж болох талтай.

-Үүнээс гадна гадаад өрийг ДНБ-ий 60 хувьд барих ёстой гэсэн заалт уначихсан. Үүнийг нэг хэсэг нь ирэх жилүүдэд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажилд чөдөр тушаа боллоо гэж байгаа бол эсрэгээрээ Монгол Улс их өрөнд унахаас аврагдлаа гэж байгаа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Засгийн газар 2014 оны Төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын зээлжих хувийг нэмэгдүүлэх асуудал гэх мэтчилэн багц асуудлыг оруулж ирсэн. Энэ нь багцаараа батлагдаж байж, тэр дотор байгаа жижиг, том асуудал хэрэгжих тухай яригдана. Тухайлбал, ирэх онд монгол төгрөгийн ханшийг зоримог тавьсан.

Үүний цаана ямар санаа яваад байна вэ гэхээр ирэх жил Монгол Улс бүхэлдээ хийх ёстой нийт хөрөнгө оруулалтын ажил, ДНБ-ий өсөлтийг өндөр байхаар тооцсон. Үүний тулд зүгээр халаасандаа байгаа хэд цаасаар юм хийх гэж оролдох бус гаднаас зээл босгож ирээд их хэмжээний мөнгөөр бүтээн байгуулалтыг хийх ёстой.

Гэтэл МАН-ынхан үүнийг дэмжээгүй. Ирэх онд хийх, зорилтот ажлыг хэдийгээр баталж өгсөн ч суга таягтай юм баталлаа. Тиймээс Засгийн газар үүнийг уначихлаа гээд орхих бус дахин бодож боловсруулж, шийдүүлэх ёстой. Манай улс хөгжлийн нэг үе шатандаа яваа учраас бараа бүтээгдэхүүн борлогдох дэд бүтцээ сайжруулах, олон арван үйлдвэр байгуулах гэх мэт хийх ажил их байгаа.

Жишээ нь, Канад Монгол Улсыг бодвол бүх асуудлаа шийдсэн атал ДНБ-ий 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаднаас зээлж байна. Гэтэл манай улс юу ч үгүй байж 40 хувь дээр барина гэдэг нь чөдөр тушаа болж байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг дэмжээгүй талын улстөрчдөөс нэг л зүйлийг ойлгож болно.

Тэр нь юу гэхээр одоогийн Засгийн газарт их хэмжээний ажил хийх бололцоог нь олгочихвол дараагийн сонгуульд ард олны итгэл их хийсэн талдаа гарчих гээд байна гэсэн болгоомжлол хардалт сэрдэлт байна. Энэ нь зөвхөн улс төрийн сонгуулийн өнцгөөс хандсан хардлага.

-Тогтвортой байдлын тухай хуулийг гишүүдийн 3/2-ын дэмжлэг авснаар батлах байсан ч АН-ын гишүүд яг санал хураах үеэр байхгүй байсан. Тэгэхээр АН-ын гишүүд ч гэсэн энэ хуулийг батлах бодолгүй байсан юм биш үү?
-Засаг барьж байгаа олонхид зовлон бий. Нөгөө талдаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхгүй байх итгэл үнэмшилтэй гишүүн яагаад АН-д байж болохгүй гэж. Хүн бүхэн өөр өөрийн бодол санаатай. Гэхдээ 2014 оны Төсвийн тухай хууль дээр намууд өөр хоорондоо ойлголцож байгаагийн нэгэн адил бас л ярилцаж ойлголцоод явсан бол ийм асуудал гарахгүй л байсан байх.

-Төсөвтэй холбоотой асуудал ярьж байгаа болохоор нэг зүйлийг асуумаар санагдлаа. Та гишүүдийн тойрогтоо ажиллах мөнгө хаа хаанаа хүрэхгүй хэмээн шүүмжилдэг. Тэгвэл энэ удаад гишүүдийн тойрогтоо ажиллах мөнгийг багагүй хэмжээгээр нэмлээ?
-Өмнөх оны төсөв дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар өөрийн төсвийг 19 хувиар хэмнэсэн байдаг юм билээ. Тэр хэмнэсэн хувь хэмжээгээ ч энэ онд барьж ажиллах санал гаргасан. Тэгэхээр энэ нь маш эрүүл, одоо цагийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон зөв байр суурь гэж хувьдаа бодож байна.

Мөн УИХ өнгөрсөн оны төсвийг 10 хувиар хэмнэсэн. Энэ ондоо ч гэсэн ийм байр суурийг илэрхийлснийг манай намын бүлэг бүрэн дэмжсэн. Харин сүүлд Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг дээр ялангуяа тойргоос сонгогдсон гишүүдэд тойрогтоо ажиллах бололцоог илүү хангаж өгөх ёстой гэж үзээд нэмсэн юм билээ.

Миний хувьд өмнө нь алслагдсан тойрог болох Дорнод аймгаас сонгогдож байсан. Одоо Сүхбаатар аймгаас сонгогдоод ажиллаж байгаа. Би жилдээ хоёр удаа хөдөөгийн нийт сум багаараа тойрдог. Ингээд явахад гишүүний тойрогтоо ажиллах мөнгө нэг тойролтод ч хүрэхгүй байх жишээтэй.

Харин одоо өссөн дүнгээр тооцоод үзэхэд тойрогтоо ямар ч байсан хоёр удаа ажиллачихна. Аймаг болон хотод ажиллах гишүүний бие төлөөлөгчдийн асуудал бүрэн шийдэгдэх юм байна гэдэг талаасаа надад бол ая тухтай харагдаж байна. Гэхдээ энэ тал дээр яг таг ийм тийм гэж хэлэхэд төвөгтэй.

-Та саяхан Засгийн газартнэгэн хуулийн төсөл өргөн барьсан нь хүмүүсийн анхаарлыг багагүй татаад байгаа бололтой?
-Буруу талдаа жолооны хүрдтэй машин манай стандартад тохирохгүй гэдгийг хүн бүхэн л мэддэг байсан. Манайх чинь сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг учраас улстөрчид нь энэ сэдвээр ярихаас эмзэглэдэг тал бий. Үүнээс үүдэн болохгүй зүйл даамжирч байна.

Өнөөдөр манай улс хөгжиж байна гэж байгаа бол ойлгомжтой, дэгтэй суурин дээр тогтсон хөгжилтэй байх ёстой. Одоогоор нийт суудлын автомашины 66 хувь нь дүрмийн бус болчихсон, асуудал ужгираад хүнд шатандаа орчихсон.

Тиймээс үүнийг хэн нэг нь хийж, цэгцэнд нь оруулах ёстой. Хотын дарга Э.Бат-Үүл яг энэ асуудлаар юм хийх гэж оролдоод нэлээд асуудал үүссэн. Тэгэхээр би энэ асуудлыг хөндөж, цэгцлэх талаар оролдлого хийхээр над руу их бага хэмжээний дайралт ирнэ гэдгийг урьдчилан тооцсон.

-2015 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ хуулийг хэрэгжүүлж эхлэх тухай ярьсан байсан. Гэтэл дээрх хугацаа болоход 66 хувь бүр 70, 80 хувь ч болж нэмэгдэхийг үгүйсгэхгүй шүү дээ?
-Олон улсын гэрээ конвенцид нэгдсэн байдал, олон улсын хамтын ажиллагаанд хүлээсэн үүрэг гээд ярих юм бол зүүн талдаа жолооны хүрдтэй байх дэг журамтай. Манай хоёр хөрш улс ч гэсэн зүүн талдаа. Өнөөдөр би Бичигтийн боомтоор баруун талдаа жолооны хүрдтэй машинаар гарах гэвэл гонжийнжоо ч гэх юм уу, маш олон нөхцөл яриад байж болно.

Энэхуулийн төслийг санаачилснаар баруун талдаа жолооны хүрдтэй машин эзэмшдэг хүмүүсийн эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ тэднийг машинаа битгий уна гэж хориглосон зүйл байхгүй. Тэд насаараа машинаа унаад явж болно.

Харин 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд Монгол Улс баруун талдаа жолооны хүрдтэй машиныг гаалиар оруулахгүй гэсэн зүйлийг л бодлогын хувьд хэлж байгаа юм.

Тэгэхээр үүнээс өмнө гаднаас машин оруулж ирдэг компаниуд бүтэн жилийн хугацаанд хөдөлгөөн зохицууалт хийж болох л хугацаа.

-Өнөөдөр манайд баруун талдаа жолооны хүрдтэй машины үнэ арай хямд гэх ойлголт байдаг. Тэгэхээр энэ асуудал нэг талаас машины үнэ хөөрөгдөх ч юм уу, сөрөг зүйл дагуулахыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Үүнийг тооцоолсон. Яагаад заавал 2015 он гэж зааж өгсөн бэ гэхээр үүнээс өмнө Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, машины үнийг яаж өсгөхгүй, бүр бууруулах, яавал ард иргэдэд чанартай аль болох шинэ, өөрийн амьдралд зохицсон үнээр машин авах боломжтой вэ гэдгийг зохицуулах ёстой.

Жишээ нь, орон сууцны найман хувийнзээлд хамруулж байгаа шиг бодлого хэрэгжүүлж болно. Бүр гадаадын машин үйлдвэрлэгч улс орнуудтай зарчмын тохиролцоо хийх, тэр тохиролцоогоороо дамжуулаад машины үнэд нөлөөлөх. Магадгүй хилээр оруулж ирж байгаа машины татварыг тодорхой хугацаанд тэглэж яагаад болохгүй гэж.

Энэ мэт олон хүчин зүйлийг Засгийн газар анхаарч ажиллаач ээ гэж хэлмээр байна. Гэхдээ энэ хуулийн төслийг би санаачилсан боловч хамтын шийдвэрээр л үүнийг шийднэ. Үнэхээр хуулийг хэлэлцвэл энэ төрлийн бизнес эрхлэгчид эсэргүүцэл илэрхийлэх ч юм уу, янз бүрийн зүйл гарч болох талтай.

-Сүүлийн өдрүүдэд “Бодь” групптэй холбоотой мэдээлэл их гарч байна. Лу.Болд, Д.Баясгалан, М.Зоригт нар хөрөнгөө хуваан авч, удтал сунжирсан хэрүүл нэг тийшээ боллоо. М.Зоригт "Голомт" банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар энэ банкийг хамтран эзэмшихээр болсон гэх мэт. Тэгэхээр энэ мэдээлэл хэр бодитой юм бол?
-Цахим хуудсаар янз бүрийн л мэдээлэл явж, надаас хүмүүс ч их асууж байна. Гэхдээ би юун түрүүнд УИХ-ын гишүүн хүн. УИХ-ын гишүүн байх хугацаандаа бизнесийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаалттай. Миний хувьд хоёр дахь удаагаа УИХ-д сууж байна. Хэсэг хугацаанд орон нутагт ажилласан.

Тэгэхээр идэвхтэй бизнесийн үйл ажиллагаанаас хөндийрөөд их удаж байна. Нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой гэж бодож явдаг. Тэр нь дээр яригдаад байгаа зүйлд банкны нэр ороод байгаа.

Гэтэл банк гэдэг нь итгэлийн байгууллага. Монголын эрхзүй өөрөө банк санхүүгийн байгууллагуудыг хувь эздийн байгууллага гэхээсээ илүүтэй тухайн банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн байгууллага болгож өгсөн. Тэгэхээр хувь эздийн үүрэг оролцоог хязгаарласан гэсэн үг. Ер нь бол нэг л байдаг процесс явагдаж байна л гэж бодож байгаа.

-“Бодь” групп гэхээр л таны нэр заавал хамааралтай болдог шүү дээ?
-Хүмүүс намайг хамаатуулж, хамтатгаж харахыг хүсдэг юм байлгүй дээ. Миний хувьд хувь нийлүүлэгч, үүсгэн байгуулагчдын нэг мөн, одоо ч хэвээрээ. Хувь эзэмшигчдийн харьцаа, хувь хэмжээнд өөрчлөлт орсон.

Өнөөдрийн “Бодь” групп, “Голомт” банкны талаар ойлгомжгүй зүйл нэг хэсэг байсан. Хувь нийлүүлэгчид нь хоорондоо учраа олохгүй байна гэх ч юм уу. Тэгэхээр энэ асуудал бүрэн тэглэгдсэн. Одоо ямар нэгэн асуудал байхгүй.

-Нууцгүй бол та хэдэн хувь эзэмшиж байна вэ?
-Ер нь гайгүй ээ. /инээв/.
Э.ПАГМА
"МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

No comments:

Post a Comment