Манай “Open door “ сонины VIPerson зочноор доктор С.Молор-Эрдэнэ
уригдлаа. Бидний ярилцлага илэн далангүй, ямар нэгэн хаалт халхавчгүй болсон
гэж найднам. Ингээд уншигч таныг зочинтойгоо үлдээе.
-Ноён, Молор-Эрдэнэ. Та яагаад ахиад бөөн шуугиан дэгдээж орхив оо. Р.Чойномыг үгүйсгэлээ гээд тань руу бүгд л дайрч байх шиг байна.
-Би бол Германд физикээр ч ажиллаж байсан, философиор ч ажиллаж байсан хүн. Сүүлийн жилүүдэд олон ном бичлээ. Одоо Их сургуульд, Соёл Урлагийн Их Сургуульд лекц уншаад явж байна. Мэдээж би монголын урлагийн салбар, тэр дундаа уран зохиол, яруу найрагтай танилцсан. Театр, урлагийн хөгжлийн талаар нухацтай судалсан. Түүн дээрээ үндэслэж л дүгнэлт хийнэ. Би чинь одоо МУИС-ын хоёрдугаар байранд лекц орж байгаа шүү дээ. Тэгээд тэнд байгаа Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын үлдсэн үлдэгдлүүдийн хийж байгаа ажлууд, энэ яруу найраг гэж нэрлээд явуулаад байгаа зүйлст дүн шинжилгээ хийж үзэхэд үнэхээр янз бүрийн л дүгнэлтэд хүрч байна. Үнэнийг хэлэхэд би үнэхээр оюуны өндөр чадавхиар, ёс суртахууны өндөр төвшинд, философийн өндөрлөг төвшинд монгол хүний бичсэн яруу найргийг маш их хайдаг байхгүй юу. Тэгээд нөгөө манайхны шагшдаг, магтдаг Р.Чойномын шүлгүүдийг судлаад үзсэн чинь ерөөсөө философийн, оюуны, яруу тансаг агууламж, тэр хэлбэр, хэл огт байгаагүй. Тэр хүн өөрийнхөө санаануудыг л энгийн, хар ярианы хэлээр биччихсэн. Тухайн үеийн өөрийнхөө санаа сэтгэлийн төлөв байдлыг л биччихсэн. Тэр нийгмээ өөрийнхөө л нүдээр харсан, яруу найргийн бүтээл гэж хэлэх бололцоогүй тийм л зүйлс байсан. Яруу найраг гэж хэлэхэд хэцүү. Зүгээр л жаахан мэдэмхийрсэн, цэцэрхсэн, хувийн итгэл үнэмшлээ тулгасан үг холболтууд. Юун гоо сайханы таашаал авах вэ.
-Улс төрийн цаг үе талаас нь та харж үзсэн үү. Социализмын мөн чанарыг сөрж байсан гэж бас зарим нь үздэг шүү дээ.
-Тэр нийгэм чинь өөрөө өөрийн гэсэн тоглоомын дүрэмтэй. Нийгэм болгон өөрийн тоглоомын дүрэмтэй. Тэр тоглоомын дүрмийг зөрчих асуудал хаана ч байдаг. Зөрчиж байгаагаа ч өөрөө мэдэж байгаа шүү дээ. Яахав, өндөр чадавхи, эрдэм мэдлэг хэрэгтэй байсан тэр нийгэмд Р.Чойном гологдсон. Тэр нийгэмдээ орхигдсон. Тэр хувь зохиолоо эсэргүүцсэн. Өөрт нь таалагдаагүй. Тэр нь ч өөрийнх нь бичсэн юмнуудаас их харагддаг. Жишээ нь, сэхээтэн хүмүүсийг их доромжилсон, үгүйсгэсэн, нулмисан байдал их илэрдэг. Тэр нь надад их харамсалтай санагддаг. Яагаад гэвэл нийгэмд сэхээтэн хүн маш их хэрэгтэй. Ерөөсөө өнөөдрийн манай нийгмийн гол асуудал чинь сэхээтэнгүй болчихсонд байна шүү дээ. Бид хамгийн хэрэгтэй хүмүүсээ устгачихсан. Тэднийг энэ мэтээр гутааж, үгүйсгэсээр байгаад үгүй хийсэн л байхгүй юу.
-Яахав дээ, сархад, хөлчүүрэл, зугаа цэнгэл, янаг амрагийн явдлыг бүх л цаг үеийн найрагчид бичсэн.
-Тэр классикууд чинь эрдэм боловсролтой хүмүүс байсан байхгүй юу даа. Ли Бай хэн хэн байдаг юм. Хэдэн зуун дамжиж амьдарч байгаа хүмүүс. Боловсролын төвшин өндөртэй, философийн мэдлэгтэй хүмүүс байхгүй юу даа. Хоосон мэдэмхийрэл тэдний бүтээлд байхгүй. Ер нь нэлээн болгоомжтой, хүн төрөлхтөнд асуулт тавьсан, зөв бурууг хайсан, уншигчдад өөрсдөд нь орхисон, тэдний сэтгэлийнх нь утсыг хөндсөн байдаг болохоос биш өөрийнхөө согтуурал, мэдэмхийрэл, хардлага сэрдлэгээ тулгасан яруу найрагт хаа ч байдаггүй байхгүй юу. Чойном бол үргэлж тулгасан, ялархсан, ул суурьгүй хэрүүлийн чанартай. Харааж загнасан, агсамнасан. Яахав, оновчтой хэлц үг маягийн юмнууд бол байдаг л даа. Яруу найраг гэхэд бол хэцүү. Би философийн үүднээс харж байна шүү дээ. Нөгөө талаас манайд шүүмжлэгчид байхгүй болчихсон. Цөөхөн хэдийг нь янз бүрээр хавчсаар байгаад нугалаад, дуу хоолойг нь боогоод хаячихсан. Би бол философич хүн. Нийгмийн шүүмжлэгч хүн. Үүргээ л биелүүлж байна. Манай бүх салбарууд шүүмж судлалгүй болчихоод байна. Бүгд хараалгахаас айдаг. Эр зориг нь устсан. Тэгээд тэдний өмнөөс хэн нэг нь энэ бүхнийг хийх, хэлэх ярих ёстой юм байгаа биз дээ.
-Уран зохиол танд ямар хамаа байна вэ?
-Тэгвэл тэр уран зохиолын шүүмжлэгчид чинь хаана байгаа юм бэ. Энэ хойч үе чинь энэ холион бантанг яруу найраг гэж ойлгож хүмүүжих юм уу. Жишээ нь, “Гамлет” тавигдахад театрын шүүмжлэгч гарч ирээд шүүмжилж чадахгүй байгаа байхгүй юу. Телевизийнхэн очоод хаалгаар гарч ирж байгаа үзэгчдээс сэтгэгдлийг нь л асууж байгаа юм. Үзэгчид шүүмжлэгч биш шүү дээ. Тэдний амнаас гарч байгаа” сайхан жүжиг байна” гэсэн үг хэмжүүр юм уу. Манай бүх юм ийм байдалтай л явж байна шүү дээ. Тавилт нь ийм байлаа. Жүжигчдийн уран чадвар ийм байлаа. Найруулга нь ийм байлаа гэдгийг театрын шүүмжлэгч л хэлэх ёстой. Гэтэл тэд хаа байна вэ.
- Аливаа шүүмж судлал бол нөгөө талаасаа эр зориг дээр тогтож байдаг зүйл. Гэтэл мэргэжлийн ажлаа хийснийхээ төлөө тухайн шүүмжлэгч хараалгуулдаг, хавчигддаг. Тэгээд аажимдаа мохдог.
-Шүүмж гэдэг бол эсэргүүцэл, буруутгал, хар ярианы хэлээр бол доошоо хийж байгаа зүйл биш шүү дээ. Тэр хүмүүс мэргэжлийн ажлаа л хийж байна. Түүнийхээ төлөө хараалгуулж, доромжлуулж явна гэдэг бол гунигтай л тавилан. Жинхэнэ шүүмжлэгч, судлаач хүн бол цаг үеийнхээ ийм бурангуй зүйлд нугардаггүй л байх ёстой. Уран бүтээлийн чанарт л үнэлгээ дүгнэлт өгдөг ажил. Тэр ажлыг хийх ёстой. Үүрэг нь. Манайхан нэг нэгнийхээ үндсэн ажлыг ерөөсөө хийлгэдэггүй. Энэ харалган зан байдлаас нь болоод тэр хүмүүс замхарч алга болдог. Уг нь соёлтой нийгэмд тэгдэггүй.
-Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг хатуу зөөлний тэмдгээр хөөцөлдсөн нөхдүүд байсан. Монгол хэлний хөгжилд гай түйтгэр бологсод гэж та хэлсэн юм уу?
-Ер нь хатуу, зөөлний тэмдэг, эгшиг гээх эсэх мэтийн асуудлуудаар л хөөцөлдөж байна шүү дээ. Гэтэл энэ зуун чинь асар их мэдээлэл, мэдлэгийн зуун. Шинэ мэдлэг, шинэ хөгжил гэдэг юм чинь далайн түрлэг шиг л орж ирлээ шүү дээ. Энэ их хүн төрөлхтний мэдлэг нэгэн зэрэг цутгаад орж ирлээ шүү дээ. Үүнийг чинь угтаад, хүлээж аваад, орчуулаад буулгахад монгол хэл өнөөдөр чадахгүй байна шүү дээ. Монгол хэлний чадвар хүрэхгүй байна, үнэндээ. Монгол хэлний үг цөөхөн байна. Үгсийн сан нь баялаг биш байна. Тэнр болгоныг бид орчуулж чадахгүй байна. Одоо жишээ нь, та бид хоёрын ууж байгаа энэ кофег бид эх хэл дээрээ орчуулж чадахгүй байна. Тэгэхээр бидэнд эх хэлний сангаа шинэчлэх, орчин үежүүлэх, үгийн сангаа тэлэх шаардлага тулгарч байна. Гадаад үгнүүдийг монгол хэлэндээ уусгаж, хувиргаж, хүлээн зөвшөөрч үгийн аймагтаа шингээж чадахгүй байна.Одоо жишээ нь, кофег кофэ гээд л хувиргаад авчих хэрэгтэй шүү дээ. Радиог араажав гэдэг шиг. Араажав гээд л оруулаад ирэх ёстой ш дээ. Тэгтэл ямар ч утгагүй “хүлээн авагч” ч гэх шиг. Энэ одоо ямар авцалдаатай үг вэ. Эмнэлэг ч хүлээн аваад л, бүгд л хүлээн аваад л. Юун яасан “хүлээн авагч” араажав л гээд явчихна биз дээ. Театрыг чаатар гэдэг ч юм уу. Болно ш дээ. Гадаад үгийг гадаадаар нь эх хэлэн дээрээ чихээд л. Тэгсээр байгаад үндсэн хэлээ юу ч биш болгочихлоо ш дээ. Энэ нөхдүүд чинь монгол хэлээ аварна биш бүр алсан байна шүү дээ. Тэр утгаар нь л би хэлсэн юм. Монгол хэлний өсч хөгжих тэр боломжуудыг хаачихсан байна шүү дээ, тэд. Хий худлаа манай монгол хэл бол утга яруу сайхан хэл гэж магтаад л. Мэдээж бидэнд төрөхөөс эхлээд авсан хэл маань юм чинь дотно сайхан. Бүх улс үндэстэнд л хэл нь тийм байдаг байх. Гэхдээ бүр хөгжүүлэх ч үгүй, баяжуулах ч үгүй байж болохгүй биз дээ. Тэр хүмүүс манай эх хэлний эцэг биш шүү дээ. Өмчлөгч бүр биш. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай нар тэгж хэлсээн гээд л энэ хэлээ дарж хэвтчихээд ямар ч өөрчлөлт хийлгэхгүй байгаа байхгүй юу. Я.Цэдэв тэгсээн. Цэдэвийн зааснаар л явна шүү гээд л. Шүүмжлэхээр та тэр агуу хүмүүсийг ингэлээ тэглээ гээд байдаг. Шүүмжлэлгүй яах юм. Хэдий болтол Р.Чойном гэж явах юм. Чойномын сүүдрээс гараад шинэ шинэ яруу найрагчдыг төрүүлмээр байна шүү дээ. Яагаад бид үр хойчоо ийм нэг сүүдрээр боох ёстой юм. Энэ залуучууд тэр нобель руу зүглэг л дээ. Оролдлогуудаа хийг. Монгол хэлний шинэ шинэ номууд, онолууд бичээч. Аль хэзээний Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен бэ. Тэдний хийсэн зүйлс одоо хоцрогдчихлоо шүү дээ. Тэр хүмүүсийнхээ музьег байгуул. Хөшөөг нь барь. Тэгээд л үлдээ л дээ. Хойч үе нь аан, ийм хүмүүс байсан юм байна. Тухайн цаг үедээ ийм ийм үзэл баримтлал нэвтрүүлж байсан юм байна гээд л явах ёстой биз дээ. Тэгтэл бид буцаагаад музьегээс нь гаргаж ирээд, тоос шороотой хамт энэ цаг үед хутгаад байна. Бүр амьдралдаа буцааж оруулах гээд. Уг нь тэр хүмүүс чинь өнгөрсөн үеийн хүмүүс байхгүй юу. Одоо тэгсэн чинь Р.Чойном бид нарын урдаа барих туг гэж байна шүү дээ. Энэ чинь юу болж байна вэ. Ингэж бид хуучиндаа, өнөөдөр бидэнд хэрэг болохгүй зүйлсдээ хорогдоно гэдэг чинь буруу шүү дээ. Энэ бол эндүүрэл. Сохор байна гэсэн үг.
-Таны хүндэтгэдэг ямар яруу найрагч байна.
-Хүн болгон хүүхэд ахуй, идэр залуу насандаа яруу найрагт дурлаж, таашааж, уншиж явдаг. Надад ч тийм үеүд байсан. Жишээ нь, Назим Хикмет. Назим Хикметийг унших сайхан л байдаг байсан, тэр үед. Уншаад оюуны таашаал авдаг байсан. Аймаар шүү дээ. Мэдээж Шекспир байна. Шекспирийн сонётууд маш гоё. Би ямар юу ч уншаагүй, мэдэрдэггүй зэрлэг биш шүү дээ. Дэлхий ертөнцөөр явчихсан, юм үзэж, нүд тайлсан хүн. Англи хэл дээр уншина. Герман хэл дээр уншина. 1995 нд яруу найргаар нобель авсан шүү дээ. Исландын яруу найрагч Seamus Heaney гэж. Тэрний шүлгүүд ямар гоё вэ. Гудамжны нэг тийм жижигхэн бүрхүүрт гэрэлнүүд байдаг даа. Тэрийг жишээ нь, нохойн хошуутай зүйрлэж дүрсэлсэн байдаг. Мэдээж агуулга нь гэрэл гэгээний тухай. Зүгээр л харагдаж байгаа биз дээ. Ишин дээрээ тонгойсон нохойн хошуу шиг гэрэлнүүд. Зүгээр дүрслэл нь гэхэд зурагтайгаа байгаа биз дээ. Ийм юм уншаад сэтгэл ямар их хөдөлдөг гэж санана. Яахав, Чойномын хар ярианы хэлээр хэлсэн шүлгүүдийг сонирхдог хүмүүс байсан байх. Гэхдээ Д.Нацагдорж, Б.Явуухулангийн өндөр дээд яруу найргуудын хажуугаар юу л бол. Хүмүүс тэр гайхамшигтай яруу найргаар оюун санаагаа баясгаад явж байсан чинь хажуугаар нь нэг нөхөр замбараагүй хэлээр, замбараагүй юм бичээд хашгираад байхаар сонирхож гайхацгаасан байх. Чойномд би яагаад дургүй хүрээд байдаг вэ гэхээр хэр хэмжээгээ мэдэхгүй тухайн үеийнхээ сэхээтнүүдтэй өрсөлдөөд, дийлэхгүй болохоороо харааж зүхэж доромжилж бичиж гарч ирсэн байхгүй юу даа. Энэ нь нийгэмд эргээд ямар их балаг тарьсан гэж санана. Одоо ч сүнс нь шигдчихээд сэхээтэн хүний идеал харагдах бараагүй нийгэм болгочихсон байж байна. Энэ юутай харуусал вэ. Энэ муу сэхээтэн, энэ муу сэхээтний үр үндэс гээд бараг хараал шиг сонсогддог болчихсон. Ингэж болдог юм уу. Сэхээтэн гэдэг сүр хүч алга болонгуут хүн болгон роман гэхэд биш, яруу найраг гэхэд биш, түүх гэхэд биш ном бичээд л, хүүхэд болгон Чингис хааны тухай юу нь үл мэдэгдэх ном бичээд л. Ном гэдэг ойлголтыг, ном гэдэг соёлыг үгүй хийж байна. Юу ч гэж солиорсон яадаг юм. Би өөрийнхөөрөө юу гэж ч бичсэн яадаг юм гэсэн аймаар ичмээр буруу соёл тогтчихож байгаа байхгүй юу. Зүгээр нэг хорин хэдтэй хүүхэд Чингисийн бага нас гээд түүхийн ном биччихэж байна шүү дээ. Нэг жоохон охин Чингис хааны түүхээр гурав дөрвөн боть ном биччихсэн байна лээ. Чингисийн халил, Чингисийн гэгээрэл гээд нэрнүүд өгөөд ингээд гаргачихаж байна. Роман юм уу, түүх юм уу бүү мэд. Тэр охины толгойд л эргэлдсэн юмнууд ингээд гарчихаж байгаа байхгүй юу.
-Та саяхан телевизийн нэг сувгаар “Энэ Баабар бол нийгэмд маш их балаг тарьсан хүн. Одоо тэрийгээ цайруулах гэж баахан номын ажил хийж байна” гэж шүүмжилж байсан. Яагаад тэгж хэлсэн бэ?
-Хүн өөрөө ил хэлэхгүй ч гэсэн дотроо гэмшил тээдэг шүү дээ. Би ном мэдэхгүй, юм сайн сураагүй байж хэтэрхий их мэдэмхийрч, дутуу гуцуу сураг, хагас мэдлэгээр хамаа намаагүй ярьж нийгэмд тодорхой хэмжээнд балаг тарьсан байна. Худлаа зүйл би их ярьсан байна гэсэн тийм эргэцүүлэл, шаналал явж байгаа байх. Тэгээд одоо мань хүн яаж байна гэхээр “Баабар бол номын хүн” гэдэг нэртэйгээр төгсгөл болох гэж байна шүү дээ. Дараагийн үе Баабарыг номын хүн, соён гэгээрүүлэгч гэж дурсаж явах нь байна ш дээ. Ийм нэр лүү энэ хүн чинь одоо явж байнаа даа. Яагаад гэвэл энэ хүн уг нь үндсэн юмаа хийх ёстой байсан. Тэр ардчилсан нийгмээ гүйцээж цогцлоогоод, тэр ардчиллын хүрээлэнгээ байгуулаад, товчхондоо эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой байсан байхгүй юу. Одоо энэ эрх барих гээд хөглөөд баллаад байгаа нөхдүүддээ улс төрийн зөвлөгөө өгөөд явах ёстой биз дээ. Одоо хамгийн хэрэгтэй үе нь байна шүү дээ. Эд нар ардчиллалаа байгуулсан уу. Анх ерэн онд талбай дээр гарч ирсэн тэр зорилгодоо хүрсэн үү. Хүрээгүй бол энийгээ одоо гүйцээгээч. Эхлүүлсэн юмаа дуусгах хэрэгтэй биз дээ. Яагаад одоо нөгөө хэдийгээ балчигт нь орхиод өөрөө сугараад аятай, алдартай төгсгөл хайгаад явчихаж байгаа юм бэ.
-Таны “100 ухаарал” номыг уншсан. Их өөр, ямар ч бухимдалгүй, шүүмжлэлгүй Молор-Эрдэнийн ажлыг үзэх сонин л байсан.
-Би гэдэг хүн чинь энэ нийгэмд бас хэрэгтэй зүйл л хийх гэж зүтгэж байна шүү дээ. Энэ замбараагүй, энэ хүмүүжилгүй, энэ гоо зүйгүй нийгэмд гэрэл гэгээ өгөх юм хийх ёстой. Энэ улс оронд бид чинь буцааж өгөх юм ихтэй хүмүүс шүү дээ. Би бас социализмын үеийн хүүхэд. Энэ улс намайг сургаж боловсрол эзэмшүүлсэн. Тэгэхээр авсан зүйлээ буцааж өгөлгүй яахав.
-Би тантай гурав дахь удаагаа ярилцаж байна. Өмнө нь асуугаагүй үлдсэн зүйл байна. Та Германы Дрезден хотын Техникийн Их Сургуулийг дулааны конструктор инженео мэргэжлээр төгссөн юм билээ. Тэгээд ирээд ХАА-н Барилгын зургийн институтэд ажилласан. Дараа нь ШУА-ын Газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнд, физик технологийн хүрээлэнд ажиллаж байжээ. Тэгээд эргэж төрд ерөөсөө ажиллаагүй. Яагаад?
-Үнэхээр сайхан үе байсан. Дандаа улс орны технологийн хөгжилтэй холбоотой ажлууд хийж байсан. Хөдөө аж ахуйн бүх техник, тоног төхөөрөмжүүдийг бид зураглаж, төсөвлөж, тэр нь ЗХУ-аас, европын орнуудаас захиалгаар ирж, түүнийг нь орон нутагт аваачиж суурилуулдаг байсан. Жишээ нь, хөдөө орон нутгуудад том том махны зооринууд, том том сүү цөцгийн үйлдвэрүүд гээд бүгд сууриа тавьж байсан. Ер нь ерээд оны өмнөх тэр он жилүүдэд монгол оронд хөгжлийн асар том стратеги тактикийн бодлогууд явж байсан юм шүү дээ. Сум болгонд сүү тосны цехүүд барихаар төлөвлөчихсөн байсан. Махны зоориуд маш ихээр барьж байсан. Модны цехүүд барьж байсан. Гэрийн мод, тавилгаа хийж байсан. Гахай, тахианы фермүүдийг маш их барьж байсан. Сүүний чиглэлийн үнээний фермүүд их барьж байлаа. Би чинь мөсөн зоорины технологи дээр ажиллаж байлаа. Монгол улсын 320 суманд мөсөн зоорь барихаар тухайн үед Төлөвлөгөөний комиссоор батлуулаад ажилдаа орж байлаа. Хөдөө сумдаар явж төслөө танилцуулаад явж байгаад Улаанбаатарт ороод ирсэн чинь Сүхбаатарын талбай дээр янз бүрийн юм болж байна гээд. Тэр үед чинь би ажилтай, завгүй явж байсан залуу юм чинь нэг их тоогоогүй. Юу болж байгаа юм гэсэн ардчилал болж байгаа юм гэсэн. Ер нь бол ажил алба байхгүй, тухайн нийгэмдээ тоогдоогүй, орон гэр, байр савгүй, байр сууриа олоогүй нөхдүүд л бөөнөөрөө талбай дээр гарсан шүү дээ. Үнэндээ. Ихэнх нь л тийм нөхдүүд байсан. Нэг тийм хулигаандуу юмнууд л гол хөдөлгөгч хүч нь байсан. Дотор нь сайн хүмүүс байсан байх л даа. Гэхдээ дийлэнх нь тиймэрхүү л нөхдүүд байсан. Ингээд л улс орны явж байсан бүх ажил зогсоод, бүх төлөвлөгөө нурсан. Бүх үйлдвэрүүд байхгүй болсон. Конструктор инженерт хийх ажил ч гарсангүй. Дулааны цахилгаан станц ч барьсангүй. Намайг уг нь улс энэ мэргэжлээр сургасан юм. Гэтэл дулааны станц нэгийг ч энэ хооронд барьсангүй. Нөгөө сум болгонд барих гэж байсан мөсөн зоорь ч байхгүй. Одоо мөсөн зоорь баръя гэхэд бүгд л миний араас хуйлрах байх л даа. Ямар хэрэгтэй Молор-Эрдэнэ вэ л гээд гүйнэ ш дээ. Яагаад гэвэл тэдэнд бүгдээрэнд нь одоо мөсөн зоорь хэрэгтэй байгаа байхгүй юу. Энэ сумууд чинь одоо сөнөж байна. Сумд маань амьдралгүй болж байна. Нөгөө үнээний фермүүд яасан. Тэр үед бид чинь сум дундын гаражуудын зураг төслийг хүртэл хийж байлаа. Энэ улс орны бүх юмыг хийж байсан. Би барилгын зургийн иститутэд үнэхээр их юм сурсан. Гадаад оронд сурч боловсроод ирчихсэн. Улс орондоо хийж бүтээхийн хүсэл эрмэлзэл дүүрэн. Гэвч энэ бүхнийг нурааж хаясан. Тэр үед би нэг тийм сүнсгүй болчихсон. Олон залуус тийм болсон. За, за энэ улс орон намайг ашиглахгүй юм байна. Би хэрэггүй юм байна гээд л Герман явж байгаа байхгүй юу. Тэгээд л би чинь философич болж байгаа юм. Сурлаа, судаллаа. Энэ нөхдүүдийн зөвхөн гаднаас нь хуулж авч байгаа юмны цаад үнэнийг тэгвэл олж мэдэе гээд л явсан. Суралцаад, тэнд нь хамгаалаад хүрээд иртэл бүр дампууруулчихсан байж байсан. Бүр долоон дордчихсон, хүмүүс нь зэрлэгшээд бүр аймшиг болгоод хаячихсан байсан. Нөгөө сайхан үеийн сайхан хүмүүс бүгд алга болчихсон байсан. Ихэнх сорууд нь бүгд өвгөнтийн хөндийд очоод үхчихсэн. Би хэрвээ эргэж Герман яваагүй бол өвгөнтийн хөндийд архи ууж байгаад л үхэх байсан байх. Яагаад гэвэл миний сурч ирсэн тэр мэдлэг боловсрол үнэгүй болоод, хийж явсан ажлууд нураад ингэчихээр тэрийг дааж гарах маш хэцүү шүү дээ. Олон хүн дааж гарч чадаагүй. Ер нь социализм бол монгол хүний хувьд бол үүлэн чөлөөний нар байсан л даа. Ганцхан л удаа бидэнд нэг тийм сайхан үе заяасан юм. Монгол хүний заяа бас их л дээ. Социализм гэхээр одоо баахан өвчигнөдөг. Тэр чинь нэр нь л социализм болохоос философийн онол шүү дээ. Тэр онол дээр нийгмийн байгууламж бий болгохыг л хэлж байгаа юм. Ер нь социализм гэдгээ монголчууд мэдэхгүй шүү дээ. Бид бол яг социализмыг байгуулж чадаагүй. Ардчиллаа ч чадсангүй. Ардчилал ч гэсэн философийн нэг онол шүү дээ.
-Та бид хоёр МАН, АН хоёр хамтраад төр барьж байхад ярилцаж байсан. Одоо АН арай олон суудал авч гарч ирээд МАХН-ын хэсэг нөхдүүдтэй нийлээд засаг байгуулаад явж байна л даа. Байдал дээрдэв үү?
-Юу ч дээрдсэнгүй. Одоо монголчуудад нэг асуулт гараад ирлээ. Бидэнд ер нь Төр байна уу гэсэн. Төр хаачив. Лав л бидэнд үйлчилдэг Төр алга. Хаана байгаа юм бүү мэд. Төртэй гэж хэлэхэд маш хэцүү болчихлоо. Ахиад л орилж хашгираад над руу дайрах байх л даа. Монгол оронд өнөөдөр Төр байна уу гэдэг асар том асуулт надад жишээ нь бий болчихоод байгаа байхгүй юу.
-Арай илүү л гэж найдаж ард түмэн саналаа өгсөн. Гэвч тэр арай илүү маань хаана байна вэ?
-Хариулах боломжгүй болчихсон. Аливаа нэг ард түмэн үнэхээр ухаардаг бол тэр нь одоо л ирж байна. Социализм бол монгол хүнд хэтэрхий ахадсан зүйл байсан. Богинохон хугацаанд тэр мэдлэг боловсролыг авахад маш хэцүү байсан. Хөөрхий хөдөөнөөс орж ирсэн сүрэг чадлаараа л тэмүүлсэн. Ёстой заяанаасаа жаахан овсгоотой тулдаа л тодорхой хэсэг нь сурч боловсорч чадсан. Бидэнд тийм аймаар оюуны түүх байхгүй шүү дээ. Феодализмаас л орж ирсэн. Яг феодализм ч яг байгаагүй ш дээ. Яагаад гэвэл феодализм чинь өөрөө гар үйлдвэр хөгжчихсөн, фабрик хөгжчихсөн, өөртөө таарсан зах зээлийн суурьтай нийгэм байхгүй юу. Бидэнд гар үйлдвэр ч байгаагүй, фабрик ч байгаагүй.
-Яг өнөөдөр хөрөнгө оруулагчид дайжчихсан, засаг нь мөнгө олж чадахгүй, мөнгө олох үндсэн үүргээ хаячихаад буруугаа хандсан зүг болгон руугаа чихээд сууж байна. Ийм нөхцөлд яах ёстой вэ?
-Хөрөнгө оруулагчид бүгд зугтчихсан. Одоо ирээч гэж хий дуудаад яах юм бэ. Хөрөнгө оруулагчид гэдэг чинь итгэлтэй улстай ажилладаг юм ш дээ. Итгэлгүй, бүх юм нь задаг замбараагаа алдчихсан, туйлын найдваргүй, барьцгүй, хууран мэхлэгч ийм нөхдүүдтэй хөрөнгө оруулагчид яаж ярих юм. Ямар хэлээр ярих юм. Бүх юм учир утгагүй, бүх юм нууц, бүх юм нь гэнэтийн ийм аюултай орноос зугтана шүү дээ. Бүх юм хуйвалдаанаар, бүх юм ерөхийдөө л нэг худлаа явж байна шүү дээ. Нэг тийм осолтой. Яг бага насны хүүхдүүд шиг. Хүний үг сонсдоггүй. Хүүхдүүд нэг анги дотроо хашгииралдаад л үймүүлээд л хөл толгойгүй юм болж байдаг даа. Тэгээд л багш нь ороод ирэхээр нэг юм ухаан ороод л ширээ ширээ рүүгээ гүйж очоод сууцгаадаг. Манай төр яг ийм байгаа байхгүй юу. Дуугүй суу, юу болж байгаа юм гэх тийм хүн ч байхгүй. Яг ийм байдалтай. Өөр хэлэх зүйрлэх юм байхгүй байна л даа. Одоо хөрөнгө оруулагчдыг эргэж татахад бид насанд хүрэх л ёстй л доо. Ухамсартай болох ёстой. Хүмүүжилтэй болох ёстой. Оюуны чадавхитай болох ёстой. Өөрөө өөрийнхөө эзэн болох ёстой. Хөрөнгө оруулагч нар ямар хүмүүстэй уулздаг вэ гэхээр мөнгөтэй хүмүүстэй уулзахгүй шүү дээ. Хөрөнгө оруулагч нар найдвартай хүмүүстэй л уулзана. Итгэж болох хүмүүстэй л уулзана. Эд нарт чинь итгэхгүй байна шүү дээ. Итгэлцэл үүсэхгүй байна. Бид нар хүний итгэл хүлээж сурахгүй байна шүү дээ. Итгэл гэдэг зүйлийг мэдэхгүй байна. Тэгээд тэр нөхдүүд чинь яваад өгч байна шүү дээ. Монгол хүнд итгэж болохгүй. Хэлсэн үг нь үг биш. Тамга дарсан тушаал нь ч тушаал биш. Гаргасан хууль нь ч хууль биш. Дүрм журм нь биш. Гэрээ нь ч гэрээ биш. Яаж ч мэднэ, наадуул чинь. Ийм имижийг энэ нөхдүүд сайхан бүрдүүлж өглөө. Монгол гэхээр зальтай, хоосон, чадалгүй, худлаа хүмүүс болчихлоо. Мэдэхгүй байж худлаа мэдэмхийрдэг. Чадахгүй байж чадна гэдэг. Хамгийн осолтой ийм л нөхдүүд гээд зурчихлаа. Ерөөсөө нэгдүгээр ангийн хүүхэд 10 дугаар ангид орж ирээд суучихаад байна. Хүүшээ, энэ чинь 10 анги шүү дээ. Чи нэгдүгээр анги. Явж хичээлдээ суу, өөрийнхөө ангид оч гэхээр үгүй би 10 анги. Яагаад гэвэл надад энэ гэрчилгээ байна гээд дайраад байдаг. Үгүй ээ, 10 ангид суухын тулд чи ийм ийм хичээл үзсэн мэдсэн байх ёстой, ийм ийм программуудыг судалсан байх ёстой гээд тайлбарлахаар, чи 10 анги байхад би яагаад болдоггүй юм. Би 10 ангид сууна гээд дайраад байгаатай агаар нэгэн ёс журамгүй амьдрал ноёрхож байна. Би 10 анги юм чинь нэгдүгээр ангийн хүүхэдтэй юм ярих гэхээр болохгүй. Урдаас учиргүй уурлаад дайраад байдаг. Чи жоохон хүүхэд шүү дээ. Чи юм мэдэхгүй байна. Тийм учраас чи тэр ангидаа очиж сур гэхээр “Намайг та дандаа юм мэдэхгүй, чадахгүй гэдэг. Би яачихсан юм” гээд уурлаад байдаг. Ийм л байна шүү дээ. Тэгээд яах юм, нөгөө хүүхдүүд чинь долоо наймуулаа нийлээд над руу чулуу нүүлгэчихээр би яах юм. Нүүрээ дараад доошоо сууна биз дээ. Нүд амаа сохлулалтай биш. Миний дүү нар битгий гэж хэлж болохгүй. Бүр толгой тархи хага цохичих нь. Зүгээр нүүрээ дараад л сууна. Нэг ийм сонин байдал үүсчихээд байна шүү дээ. Зүгээр зураглаж ярихад. Эх захгүй, баахан онгироо пацаанууд. Бүгдээрээ чулуу халаасалчихсан. Нүүлгэхэд бэлэн. Хэн рүү ч шүү. Энэ бол аймшигтай зэрлэгшил шүү дээ. Одоо тэр твиттер энэ тэрийг хар. Дүүрэн байгаа биз дээ.
-Ерөнхийлөгч хэлэхдээ ёс суртахууны цагдаа гэсэн.
-Юуны чинь ёс суртахууны цагдаа вэ. Ёс суртахууныг уландаа гишгэж байгаа л газар. Хамгийн ёс суртахуунгүй юм энэ цахим ертөнцөд явагдаж байна шүү дээ. Зүв зүгээр ажлаа хийж яваа, зүв зүгээр монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө оюун бодлоо чилээж яваа улсуудыг олуулаа нийлж доромжилж, дуугүй болгож, шантрааж, дахиж тэр орон зайд орж ирэхгүй болтол чулуугаар нүдэж байна шүү дээ. Нүд амыг нь сохлоод хаячихаж байна. Facebook бас аймаар.
- Facebook аймаар уу?
-Аймаар. Бас бөөн доромжлол явагддаг. Бүр хүн рүү шууд ханддаг. Тэнд хэрэглэж байгаа үгнүүд нь ямар гээч. Чамд салаавч өгье. Муу п...минь гээд л. Дандаа гудамны хараал. Ер нь гадныхан монголын моралийг мэдье гэвэл цахим руу нь ороод үз. Тэнд нэг нэгнээ яаж бүүрэлхэж байна. Яаж сэтгэлээр нь алж дэвсэлж байна. Бүгд толинд туссан сүүдэр шиг харагдана. Тэгээд л гадаадынхан нүүр амаа дараад л зугтана. Ямар аймаар юм бэ л гэнэ.
-Та твиттерт нэг ч хүн дагадаггүй юм билээ.
-Тийм. Эрүүл саруул уханаар мэдлэг солилцдог бол болж байна. Гэтэл тийм бололцоо байдаггүй. Тэгэхээр тэнд цагаа үрж яах юм бэ. Юун ёс суртахууны цагдаа вэ. Хамгийн ёс суртахуунгүй газар хоёулаа уулзалдах уу гэвэл твиттерт л уулзалдах байх. Тэр сайдууд энэ тэр нь орж ирээд л хараал ерөөл болоод л. Би гайхдаг. Өөрийн удирддаг салбараа муулаад л. Зарим нь маазраад л. Төрийн хүмүүсийг үнэхээр гайхдаг. Ойлгох арга байдаггүй. Тэртээ тэргүй сайдуудад яам гэж ажлын алба нь байна шүү дээ. Тэрүүгээрээ дамжуулж ажил төрлөө явуул л даа. Иргэдтэйгээ харьц л даа.
-Улс төрийн орчинд нь ажиллаж үзье гэж та бас оролдсон. Одоо Ц.Шинэбаяр та хоёрыг МАХН-тай эргэж хэлэлцээрт орох гэж байна гэсэн яриа бас гарч байна. Энэ талаар та юу хэлэх бол?
-МАХН гэх тэр хүмүүстэй уулзаагүй би гурав дөрвөн жил болж байна. Тэр үед л би “Одоо та нар цаашаа хийх ажлаа хий. Би явлаа. Баяртай. Би арай өөр бодолтой, өөр зорилготой хүн юмаа ” гээд явчихсан шүү дээ. Тэгээд л явсан. Би хийх ёстой юмаа хийж өгөөд, өгөх ёстой зөвөлгөөгөө өгөөд тэгээд л явсан. Цаашаа хамт явах бололцоогүй, ерөнхийдөө их тийм мухар сүсэгтэй нөхдүүд байсан л даа. Би өөрөө оюунлаг бус хүнтэй байж чаддаггүй. Тийм хүн байхгүй бол би тэгээд ганцаараа л өөрөө яваад өгдөг. Хамуг Монгол намын хувьд бол та мэдэж байгаа. Бид УИХ-д суудалгүй. Тэгээд бидэнд ямар илүү дутуу лиценз байх биш. Түрээсэлж барьдаг намын байр энэ тэр гэж байх биш. Мөнгөний эх үүсвэр гэж байх биш. Тийм болохоор тус тусын амьдралаа аваад л явж байгаа шүү дээ
-Та өөрийгөө боловсролоор ханасан хүн гэж мэдэгдсэн. Гэтэл таныг “тэнэг”-үүдийн дансанд аль хэдийнэ оруулчихсан шүү дээ. Ухаан солиотой, шизотой гэх мэтээр нэрлэдэг ?
-Ардчилал нэрийн дор сүүлийн хорин хэдэн жил хийсэн гол юм бол мэдлэг боловсролыг үнэгүй болгох, дороо хийж дэвслэх ажил л байсан. Тэр нь зогсоогүй байна. Одоо бүр галзуу солиотой гэх нэр хоч зүүж хэлмэгдүүлэх, зовоон тарчлаах хэлбэр лүү орчихсон. Би тоохгүй. Юу дуртайгаагаа дайраг. Доромжлог. Ер нь бол мухар сүсгийн орон болчихлоо л доо. Тэр дотроос хамгийн их мухар сүсэгжиж байгаа газар Төр. Хөрөнгө оруулагчдыг дуудаж байгаа нь гээд гал тахиж байна шүү дээ. Энэ бол монголын эмгэнэл. Төр өөрөө бүр мухар сүсэгт уриалан дуудаж байна. Хаанаас явуулж байгаа бодлого юм бүү мэд. Сайдууд нь тэнгэртэй яриад л, гал шатаагаад л яваад. Тэр улсуудаа Төр яах гэж байгаа юм. Тэднийгээ л бод. Би яахав. Би эрдэм мэдлэгт суурилсан нийгмийн тухай, хөгжлийн тухай, оюуны хувьсгалын тухай л ярьдаг. Би гал асааж барьж давхидаггүй шүү дээ. Миний ой тойнд тийм мухар сүсгийн сүнс ч байхгүй. Би боловсролтой хүний хувьд өөрийгөө зөв авч явах ёстойгоо мэднэ. Надад ид шид, гал, тэнгэр, ер бусын юмыг хайх хэрэг ч байхгүй. Ямартай ч гал тахиж хөрөнгө оруулагчдыг дуудах тухай миний ойд багтахгүй. Яахав ээ, энэ орон ийм болж байгаа нь шалтгаантай. Энэ улсыг хөгжүүлэх хүсэлгүй, харанхуй бүдүүлэг, мэдлэг чадваргүй байдалд байлгах зорилго, тийм хүсэл хаа нэгтэй байна. Тэр хүмүүсээс даалгавартай хүмүүс нь одоо ажиллаж байна шүү дээ. Асуудал бол надад байхгүй. Асуудал бол гадаа л байгаа биз дээ. Би ажлаа хийгээд л, хичээлээ заагаад, номоо бичээд л явна. Одоо Германд очиж нэг илтгэл тавих гээд ажиллаж байна. Надад дэлхийн хэмжээний боловсролтой хүмүүстэй уулзаж учраад, санаа сэтгэлээ хуваалцаад явж байх сайхан л байдаг юм.
- “Playboy” сэтгүүлийн cover болсон анхны монгол залуу та болж. Дажгүй зураг авалтууд болсон байна билээ.
-Дэлхийн хэмжээний сэтгүүл л дээ. Намайг урьсан. Би бас эр хүний хувьд эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэх ёстой. Бас монгол эр хүн гэхээрээ л харанхуй бүдүүлэг. Шороотой дээл өмсчихсөн, морь мал болсон, үс толгой нь ширэлдчихсэн нөхдүүд байдаг юм шиг гадны зарим улсууд төсөөлдөг байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Нөгөө талаараа эр хүн гэдэг чинь эсвэл хүүхэн гээд л ухаанаа алдаад гүйчихдэг биш. Аль алиныг нь л чаддаг. Эрдэм боловсролтой бол эрлэм боловсролтой. Зүс царайтай бол зүс царайтай. Бусдын адил олон талтай. Тийм үү. Би ч мөн адил. Тэр олон талуудынхаа нэгээр л гарсан байх. “Playboy”-д дэлхийн олон сэтгэгчид, улстөчид, зохиолчид, урлагийнхан ярилцлага өгдөг. Шууд л секс сэтгүүл гэж хүлээж авч болохгүй ш дээ. Би өөрөө ч буланд шахуулсан, зожиг, хавчигдсан тэр дүр төрхөөсөө гаръя гэж бодсон.
-Эхнэр тань яаж хүлээж авсан бэ?
-Сайхан л хүлээж авсан. Би чинь бас давгүй царай зүстэй, сайхан нөхөртэй юм байна шүү. Тэрийгээ сэтгүүлээс л харж мэдэрлээ гэх маягаар шоглож хэлж байсан.(инээв) Тэгээд ч тэр чинь муухайгаар гарсан, муу имиж агуулсан зүйл биш шүү дээ. Эр бас заримдаа янз бүр байж болно ш дээ. Хүн мэдээж сэтгэлийн амьтан. Эр хүн бол иж бүрэн л байх ёстой. Надад бүсгүйчүүд бас их сайн ханддаг. Би тэрийг хөөцөлдөж, асуудал болгож явдаггүй болохоос. Надад их урам өгдөг. Дэмжсэн сэтгэгдлүүдээ их ирүүлдэг. Бас гоё ш дээ. Тэгэхээр тэдэнд би хүндэтгэлтэй хандах ёстой биз дээ. Тэд нарт ч бас зориулж тэр сэтгүүлийн урилгыг хүлээж авсан юм. Манай нийгэм нэлэхүйдээ соёлгүй болчихсон. Бүр энгийн жишээн дээр аваад үзэхэд би намайг хайрласан бүх бүсгүйтэй хуримаа хийж, гэрлэж чадахгүй шүү дээ. Харамсалтай нь ганцхантай нь гэрлэж, хуримаа хийсэн. Тэгэхээр надтай учирч, хорвоог туулаагүй ч гэсэн дотроо намайг хүндэтгэж, дурсаж, хайрлаж явдаг бүсгүйчүүдэд би таатай сэтгэгдэл үлдээх ёстой биз дээ.
-Гоё сюрприз болсон байх гэж найдаж байна.
-Баярлалаа. Би ч бас тэгж л бодож орсон ш дээ.
No comments:
Post a Comment