Улсын Их
Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дараа
Соёл,спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй уулзаж Засгийн газраас
зарласан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын хүрээнд яамных нь
хэмжээнд хийж, хэрэгжүүлж эхлээд байгаа зарим нэг ажлаас нь сонирхон ярилцлаа.
Тэрбээр “Монгол Улсад ногоон хөгжилд тулгуурласан аялал жуулчлал хөгжих маш
сайхан хэтийн төлөв нээгдэж байгаа” гэсээр яриагаа эхэлсэн юм.
-Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарыг онцгойлон үзэж, гадаад валютын урсгалыг Монгол Улс руу татах нэг томоохон салбар хэмээж олон цогц хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа. Эндээс яриагаа эхлэх үү?
-УИХ-аас гаргасан тогтоолын дагуу манай салбар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын хүрээнд гурван үүрэг хүлээсэн. Юуны өмнө Монголд хүрэлцэн ирэх жуулчдын виз авах үйл ажиллагааг ихээхэн хөнгөвчлөх, туслах үүрэг ногдсон. Яг одоогоор Монгол Улсад нэг жуулчин ирэхийн тулд есөн шат дамжлага дамжиж байж арайхийж орж ирж байгаа юм. Хамгийн эхэнд яагаад виз авах үйл ажиллагааг хөнгөвчлөх ёстой вэ гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд гадаадын жуулчин яаж виз авдаг талаар жаахан тайлбарлая.
Гадаадын жуулчин Монголд ирэхийн тулд юуны өмнө Монгол хүнээр юм уу, компаниар уриулдаг.
Энэ нь нэгдүгээр шат. Дараа нь тухайн хүнийг уригч нь Гадаад харилцааны яам руу захиа бичиж, мөнгө төлдөг. Гадаад харилцааны яам тухайн хүний урилгыг өгөхийн тулд урьж байгаа компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь авна, уригдаж байгаа хүний паспортын хуулбарыг авна, янз бүрийн баталгаанууд авна. Ингэсээр байгаад 7-8 хуудас материал бүрдүүлдэг. Эдгээр цаасыг бүрдүүлж Гадаад харилцааны яаманд мэдүүлсний дараа тэндээс урилга гаргаж өгдөг.
-Урилгаа авсан л бол Монгол Улсад чөлөөтэй нэвтэрч болно биз дээ?
-Болоогүй шүү. Урилгаа авсны дараа гадаадад байгаа Монголын консулын газарт очиж виз хүсдэг. Ингэж виз хүсэхдээ дахиад мөнгө төлдөг. Харин мөнгийг нь хурааж авсан консулын газар виз биш, визний зөвшөөрөл л өгдөг. Визний зөвшөөрөл авсан жуулчин Монгол Улсын хил дээр ирэнгүүт нь визээ 24 цагийн дотор авах ёстой гэсэн тамга дарж өгдөг. Энэ олон давааг давсан жуулчин Монголд орж ирэнгүүтээ шууд аялалдаа гарч чадалгүй 24 цагийн дотор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт очиж визээ даруулахаар дугаарлан зогсдог. Тэгээд дугаарлан зогссоны эцэст арайхийж нэг юм Монгол Улсад чөлөөтэй зорчих визийг бас л мөнгө төлж авдаг. Энэ бүх шат дамжлагыг тоолохоор яг есөн дамжлага дамжиж, гурван удаа мөнгө төлж байгаа юм. Энэ бол зөвхөн Монгол Улсад орох визний тухай ярьж байгаа хэрэг. Орох визээ авах гэж хоёр хоног хөөцөлдсөн долоо хоногийн жуулчин бол яг үндсэндээ дөрвөн хоног л аялсан болж байгаа юм. Тэгээд зургаа дахь өдрөө хүрч ирээд Монгол Улсаас гарах визээ авах гэж бас л дугаарладаг.
Хуучин Гадаадын иргэн харьяатын газар буюу шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт энэ олон шат дамжлагаас болж бөөн дугаарлал, бухимдал үүсдэг. Тэгэхээр Монгол Улсад долоо хоногийн хугацаагаар ирсэн жуулчин амарч зугаалах биш, бөөн проблем, очер дугаар, хүлээлтийн байдалтай байж байгаад бараг л бухимдалд ороод бушуухан буцахын түүс болдог нь нууц биш.
-Энэ байдлаас ямар байдлаар, хэрхэн гарахаар төлөвлөж байгаа вэ?
-Яг үнэндээ энэ олон хүнд суртал, шат дамжлагыг давж үнэхээр Монголд ирье, ахуй амьдралтай нь танилцъя гэсэн жуулчид л ирж байгаа юм. Өнөөдрийн тухайд төрийн энэ олон дарамт, шат дамжлагыг давж гадаадын жуулчдыг эх орондоо авч ирж байгаа манай жуулчдын компаниуд үнэхээр баатарлаг гавьяа байгуулж байгаа гэж хэлэхэд болно. Гадаадын нэг жуулчин Монголд долоо хонохдоо 1000 ам. долларын орлого оруулахын тулд визийн хураамж, визийн зөвшөөрлийн хураамж, урилгын хураамж, орох, гарах зөвшөөрлийн хураамж гээд төлсөөр байтал Монголд хоёр, гурав хонох зардал ч юм уу, нэг сайхан ресторанд 5-6 удаа сайтар хооллох мөнгийг төлчихсөн байдаг. Ихэнх тохиолдолд гадаад улсуудад байдаг Монголын консул дээр очих гэж өөр хот, улсаас нисэж очсон зардлыг нь нэмэх юм бол үргүй зардал нь үнэхээр санаа зовмоор болж байгаа юм. Энэ бүх хүнд сурталд зориулагдаж байгаа үргүй зардлыг үгүй хийхийн тулд энэ 100 хоногийн хугацаанд ихээхэн чухал ажлуудыг хийж эхлээд байна. Эхний ээлжинд Засгийн газраас 42 гадаад улсын иргэн Монгол Улсад аялж жуулчлахад урилгагүй болгож, хил дээр орж ирэхэд нь шууд виз дарж өгөхөөр болж байна. Засгийн газрын энэ тогтоол саяхан батлагдаж, 42 орны иргэд Монгол Улсын хил дээрээс шууд виз даруулах боломжтой болж байгаа.
Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ нь өндөр, аялал жуулчлал их хөгжсөн орнуудын жагсаалтыг батлуулж, энэ журманд багтаасан байгаа.
-Иргэд нь Монгол Улсын хил дээрээс шууд виз авах энэ 42 орны тухайд Монгол Улсын аюулгүй байдал, терроризм, хар тамхи, хүний наймааны асуудалд төдийлөн хамааралгүй гэж сайтар нягтлан үзсэн хэрэг үү?
-Эдгээр орнуудын иргэд Монгол Улсын аюулгүй байдал, геополитикийн хувьд ямар нэгэн аюул занал учруулах, эсэхийг нь сайтар нягтлан шалгасны үндсэн дээр тодруулсан байгаа. Манай яамны зүгээс 50 орон санал болгосон ч хянах, нягтлах газрууд нь шалгасны эцэст 42 орон болгосон. Яг одоо бол эдгээр 42 орны иргэд Монгол Улсын хилээр нэвтрэхэд хилийн шалган нэвтрүүлэх албаны ямар албан тушаалтан визийн тамга дарах вэ гэдэг нь Хууль зүйн яаман дээр боловсруулагдаж байгаа. Визийг хөнгөвчлөх энэхүү ажиллагаа бол бидний зүгээс 100 хоногийг хугацаанд хэрэгжүүлж байгаа нэгдүгээр ажил юм.
Хоёрдугаар ажил нь жуулчилж явахдаа хонжворт тоглоом, сугалаа тоглох сонирхолтой жуулчдад зориулсан эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд хоёр хуулийн төсөл дээр ид ажиллаж байна. Одоогоор энэ хоёр хуулийн төсөлтэй холбогдуулан яамдуудаас санал авахаар илгээсэн байгаа. Энэ хоёр хуулийн эхнийх нь Бооцоот морин уралдааны тухай хууль юм. Энэ хуулийн төслөөр уламжлалт бус уралдааныг аялал жуулчлалын зорилгоор, Засгийн газраас зааж өгсөн тодорхой бүс нутагт олон улсын бооцоот морин уралдааны хэлбэрээр явуулахдаа ямар дүрэм, журам баримтлах вэ гэдгийг зохицуулж өгөх юм. Бооцоот морин уралдаан бол дэлхий нийтийн нэлээн том аялал жуулчлалын бүтээгдэхүүн шүү дээ. Энэ уралдааныг зохион байгуулах дэлхий нийтийн олон стандарт байдаг. Бооцоогоо яаж тавих юм, тэрхүү уралдааныг зохион явуулах байгууллага нь ямар эрх, үүрэгтэй байх юм, ямар техник тоног төхөөрөмж хэрэглэх юм, морио яаж адуулан маллаж, хэрхэн уралдуулах юм гээд зохицуулах, хууль эрх зүйн маш олон бичиг баримт хэрэгтэй болж байгаа. Гэхдээ бид үүнийг олон улсын стандартад тун дөхүүлж, зарим талаар нийцүүлсэн хуулийн төсөл бэлэн болгоод байна.
-Казиногийн хуулийн төсөл явж байгаа гэсэн. Түүнийг танай яамнаас оруулж байгаа юу?
-Хүмүүсийн ярьдгаар казиногийн хууль гэх ерөнхий хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Гэхдээ бид казиногийн гэдэг нэрээр оруулахгүй. “Мөрийтэй таавар, тоглоомын тухай хууль” гэж томьёолсон байгаа. Энэ дотор зөвхөн казино төдийгүй бусад мөрийтэй спортын арга хэмжээнүүд болон мөрийтэй тааврууд зэрэг аз сорьсон тоглоомууд ямар дэг журмаар зохицуулагдах вэ гэдгийг оруулж өгч байгаа. Энэ хоёр хуулиар бизнесийн цоо шинэ харилцааг зохицуулахаас гадна аялал жуулчлалын тусгай бүсэд хамаарагдахаараа онцлогтой. Түүнээс гадна Монгол Улсын нийт иргэдийг донтолтоос хамгаалах механизмуудыг нэлээн хүчтэй оруулж өгснөөрөө ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа. Энэ хоёр хуулийн тухай санал яамдуудаас ирэнгүүт 100 хоногтоо багтан УИХ-аар оруулахаар ажиллаж байна.
-Олон шат дамжлага дамжаад Монгол Улсын нутаг дэвсгэрт ороод ирсэн жуулчдын ая тух, эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын тулд жуулчны баазуудын стандарт, зэрэглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Манай аялал, жуулчлалын салбарт нэг онцлог байдаг. Энэ нь юу вэ гэвэл манай аялал, жуулчлалын салбар бол лиценз, зөвшөөрөлгүй байдаг. Та бүхний мэдэж байгаагаар аливаа уул уурхайн үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл, лиценз авдаг шүү дээ. Тусгай зөвшөөрөл, хүнд суртлыг багасгах хүрээнд олон жилийн өмнө аялал, жуулчлалын салбарт тусгай зөвшөөрөл, лицензийг байхгүй болгосон. Тэгэхээр Монгол Улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, компаниуд олон улс болон Монгол Улсын стандарт хэв хэмжээг ягштал баримтлах нь л хамгийн чухал юм. Бидний үзэж байгаагаар аялал жуулчлалын салбарын хамгийн гол үзүүлэлт бол цэвэр бизнесийн өрсөлдөөн байх ёстой. Тэртэй тэргүй хаана хамгийн сайн бүтээгдэхүүн, хамгийн сайн үйлчилгээ, хамгийн ая тухтай буудал, амт чанартай хоолтой ресторан байна тийшээ л гадаадын мөнгөтэй, аялж жуулчилж сурсан жуулчид хошуурах нь ойлгомжтой шүү дээ.
Өнөөдөр Монголын цөөхөн аялал жуулчлалын компаниудад гадаадын жуулчид тэртэй тэргүй зэрэглэл, дугаарлал тогтоочихсон л байгаа. Муу үйлчилгээ үзүүлж, муу сэтгэгдэл үлдээсэн компаниуд энэ салбарт удаан оршиж чаддаггүй нь энэ салбарын онцлог. Дэлхийн аялал жуулчлалын практикаас үзвэл цахим ертөнцийн мэдээлэл аялал жуулчлалын салбарт хамгийн чухал болоод байна. Зөвхөн аялал жуулчлалын хэрэглэгч нарын хөтөлдөг “Tripadvisor” гээд том сүлжээ байдаг. Энэ сүлжээнд Монголын бүх л аялал жуулчлалын байгууллагуудыг нэгтгэх бодлогыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас барьж байгаа. Тэгээд ч “Tripadvisor”-ын сүлжээнд Монголын компаниудыг хамруулах талаар сургалт зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ сүлжээнд хамрагдснаар нэгдүгээрт гадаадын жуулчдад өөрсдийгөө сурталчлах шууд гүүр болно. Харин сөрөг тал нь эхнээсээ муу үйлчилгээ үзүүлбэл дэлхий дахинд амархан нэр хүндээ алдах аюултай. Энэ өрсөлдөөн, нээлттэй байдал нь аялал жуулчлалын стандартыг дэлхийн түвшинд ойртуулахад ихээхэн ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.
-Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар хэдэн мянган жуулчин ирсэн бол. Энэ жил тоо нь өсөх найдвар харагдана уу?
-Өнгөрсөн жил 430 гаруй мянган жуулчин ирсэн гэсэн тооцоо гарсан. Визийн хөнгөлөлтийг зарлаад эхлэнгүүт компанийн шугамаар орж ирдэг групп жуулчдын тоо эрс өснө гэж тооцоолж байгаа. Харин манай онгоцны хүчин чадлаар л жуулчид орж ирдэг хуучин тогтолцоог энэ жилээс эрс өөрчлөхөөр ажиллаж байна. Бид газраар орж ирдэг жуулчдын тоог эрс нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Энэ нь хил орчмын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, хөрш орнуудад ирчихсэн байгаа гадны жуулчдыг элдэв чирэгдэлгүй, шулуухан Монгол Улсад орж ирдэг болоход дээрх визийн хөнгөлөлт тун их үүрэг гүйцэтгэх учиртай юм. Жишээ нь Байгал нуурын эрэг дээр амарсан Европын жуулчид, Өвөрмонголд амарч жуулчилж яваа Япон, Солонгосын жуулчдыг шууд нааш нь ирүүлдэг болох арга замыг судалж, сурталчилгааг хангалттай хийхээр ажиллаж эхлээд байна. Үүний тулд цахим ертөнцөөр маш сайн сурталчилгаа хийх шаардлагатай. Түүнчлэн Визийн хөнгөлөлтийн шийдвэр гараад удаагүй байгаа болохоор бид бүх л боломжоороо энэ талын сурталчилгааг хийж эхэлж байна. Энэ жилийн тухайд жуулчдын тоо огцом нэмэгдэхийг хэлж чадахгүй ч дараа жилээс Монгол Улсыг чиглэх жуулчдын тоо эрс өснө гэдгийг л баттай хэлэх байна.
Д.Энхтүвшин
Өглөөний сонин
No comments:
Post a Comment