Tuesday, 10 June 2014

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монголынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ

МҮОНРТ-ийн нийт­лэлийн бодлого, техник технологийн шинэчлэл, гадаад харилцаа, уран бү­тээлийн чанар гээд олон үзүүлэлт ард түмний нү­­дэнд ил, мэдрэгдэж бай­даг. Тийм болохоор М.Наран­баатар захиралтай энэ тухай ярилцахыг хүс­сэнгүй. Харин энэ их айлыг найман жил удир­дах хугацаанд нийг­мийн шинжтэй олон үйл явдлын дунд Олон ний­тийн статустай энэхүү мэдээллийн аварга хэрэг­сэл ямар байр суурьтай байсан, ямар зарчмаар ажил­лаж ирсэн зэрэг хүмүүс мэдэ­хийг хүсч байдаг асуудлуудын талаар ярилцлаа.

-Монголын үндэсний телевиз гэсэн их айлын хаалгаар анх хэрхэн хөл тавьж байв?
-Анх телевизэд ирээд юугаа ч мэдэхгүй нөхөр эхлээд хүүхдийн нэвтрүүлэг бэлддэг юм байна. Ер нь хүүхдийн нэвтрүүлэг их хэцүү, нарийн, чимхлүүр. Телевизэд анх ажилд орж байгаа уран бүтээлч бол эхлээд хүүхдийн нэвтрүүлэг хиймээр байгаа юм. Хүүхдэд, эцэг эхэд нь, цэцэрлэгийн багшид нь гээд бүгдэд нь тааруулж нэвтрүүлгээ бодно. Хүүхдийн нэвтрүүлгээр эхэлсэн телевизийн сэтгүүлч их мэдрэмтгий болдог, тэгээд цааш явчихдаг. Улс төрийн нэвтрүүлэг бол сүүлд шүү дээ. Миний хувьд бурханы авралаар зөв редакцидаа эхлээд хөл тавьсан юм шиг байна лээ. 

-Гэхдээ та анх нэвтрүү­лэг­чээр орж байсан санаг­дах юм?
-Анх бол нэвтрүүлэгчийн шалгаруулалтад 67 хүн өрсөлдөхөд нэгдүгээрт орж байсан юм. 

-Тэгээд нэвтрүүлэгчээр ажилласан уу?

-Гурван сар дагалдан нэвтрүүлэгч хийсэн. Б.Цэенханд гуай багшилна. Б.Цэенханд гуай телевиздээ хэдэн аятайхан нэвтрүүлэгч бэлдээд өгчихье гэж үнэхээр хичээсэн. Өглөө 8.00 цагт шуурхай хийнэ. Тэр шуурхайд нь дадлага хийж байгаа бид нарын хэрэг байхгүй л дээ. Тэгсэн хэрнээ идэвхтэй ирнэ. Ирээд тэдний юу ярихыг сонсоно. Цэенханд гуай чинь, Нарантуяагаа, Бямбаагаа дуусгана даа. Өнөө аашлуулж суугаа хэд нь мань мэтдээ бол аймаар амьтад шүү дээ. Чи ингэж уншдаг хэн бэ гээд загнахыг нь харахаар за бид хэд бол бүтэхгүй юм байна гэж бодно. 

-Бид хэд гэдэг нь хэн хэн байв?
-Одоо Эхо (нэвтрүүлэгч Ичинхорлоо), Чимгээ, Чоглоо, Адъяа... гэсэн хэдэн залуу. Та нарын гоё сайхан хамаагүй шүү, чиний тэр мисс падлийгүй шүү гээд Ичинхорлоо эд нарыг чинь будаа болгоно. Тийм өндөр шахалт шаардлага дундаас хөтлөлт ингэдэг юм байна, уншилт ингэх ёстой юм байна гэсэн төсөөлөл авна. Гэхдээ тэр үеийн чиг хандлага арай өөр л дөө. “Монгол ардын хувьсгалт намын бүгд хурлын шийдвэрээр”... гэдгийн чинь үлдэгдэл нь байсан юм. Цэенханд гуай, Хишигээ гуай эд нар тэгж заадаг. Залуучууд нь үүнд жаахан дургүй, зөрчилдөх маягтай. Одоо манай энэ Цоодол эд нар чинь хаалганы ард томорно. Эдний мэддэг гэж юу байсан юм. Онолын юм юу ч байхгүй байж... гэсэн юм ярина (инээв). Өөрсдөө сүрхий онолтой, шинэ үеийн хүмүүс. Ийм л бужигнаан дундаас юм олж авч байгаа юм даа.

-Телевизийн хүн болох хугацаа хэр удаан байв?

-Хөтлөгч хэдэн сар хийс­­ний дараа хүүхдийн нэвтрүүлэг рүү орсон юм. Өглөөний шуурхай дээр хатуу үг сонсоно. Томчуудад алуулах шахан байж нэг юм дөрөө олсон. Залгаад би спортын нэвтрүүлэг рүү орлоо. Спортыг гайгүй ч хийж байсан. 1997 оны үед манай телевиз дотроо тендер маягийн юмтай байлаа. Гадаад явна гэсэн ойлголт залуучуудад байхгүй. Бараг улсын Ерөнхийлөгч маань жилд ганц хоёр удаа гадаадад явдаг байсан ч юм уу. Тийм томилолтод явдаг хүмүүс нь онцгой хүмүүс. Сарангэрэл, Мөнхтөр... гэхчлэн... 1997 онд энүүхэн Красноярскт чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж хэн явах вэ? боллоо. Би ялав аа. Тамирыг “будаа” болгоод явах боллоо. Тамир чинь тэр үед базарваань спортдоо ганц нь байсан юм. Тамир шартай, зардлаа даагаад явдаг юм. Нэг тэмцээнд явсан хүмүүс чинь ирээд адилхан л нэвтрүүлгүүд хийнэ биз дээ. Бид хоёр тус бүрдээ 11 нэвтрүүлэг бэлдэж хэнийхийг нь оруулах вэ гэж уран сайхны зөвлөл дээр бас тендер болж миний 10 нэвтрүүлэг тэнцсэн юм. Мундаг том тулаан болж 11 нэвтрүүлгийн 10 нь минийх болж сүрхий юм болов (инээв). Уран бүтээлчдийн сайхан өрсөлдөөн юм даа. 

-Сэтгүүл зүйн хөдөлмөр адармаатай. Үүнийг ер нь л гайгүй хийлээ дээ гэж бодсон уран бүтээлийг өглөөний шуурхай дээр томчууд арчаад өнгөрдөг. “Үүнийг ч би халтуурдсан даа” гэж бодсоныг тэнгэрт тултал магтдаг. Бас л амаргүй шүү?
-Яг л тэгдэг. Анх хүүхдийн нэвтрүүлэг бэлдэж байхад мөн ч их хичээдэгсэн. Өглөөний шуурхай дээр магтуулах байх гэж бодоод ордог, юун магтах намайг чинь байхгүй болгож болгож төгсгөлд нь манай Ганбат гуай “Гэхдээ энэ хүүхдэд авах юм байна...” гэхэд нь арайхийн нэг юм толгой өндийнө. Сэтгүүл зүйн тогоонд насаараа чанагдсан хүмүүсийн хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг. Тэгж байж л бид нарт жаахан дөр суулгадаг байх. Танай сонины Ш.Цэрэнпил ах бид хоёр их ойр дотно байлаа. Нас барахаасаа гурав хоногийн өмнө өрөөнд маань ороод ирлээ. Хэдэн номоо барьчихсан. Бие нь тааруу, мөнгө төгрөгний ч хэрэгтэй байсан байх. Байгаа 100 номыг нь авч мөнгийг нь шилжүүллээ. Сүүлд нь аудит орж над дээр номны мөнгөний асуудал босоход нь би нүүр бардам хэлж билээ. Наад ном чинь сэтгүүл зүйн сурах бичиг. Наад номын зохиогч Ш.Цэрэнпил гэдэг чинь Монголын хөрөг бичлэгийн мастер байсан хүн, хөргийг ингэж бүтээдэг юм байна гэж уран бүтээлчид маань хардаг юм гэж. Цээпээ ах шиг угийн намуун дөлгөөн хүмүүс л харин ширүүн дориун байж чаддаггүй байсан байх. Тэрнээс дийлэнх нь ширүүн шүү дээ.  

-Өнөөдөр та Монголын хамгийн том мэдээллийн сувгийг удирдаж байна. Нэг нэвтрүүлгийг брэнд болгох нь таны сэтгүүлчийн хөдөлмөр байсан бол одоо энэ байгууллагыг брэнд болгох нь таны зорилго. “MNB” гэсэн брэнд бий болж чадсан уу?
-Нэг үе хэцүү байсныг нуух­гүй. Одоо бол би хэ­ний ч өмнө “Уучлаарай, ма­найх сайн байгаа” гэж хэл­нэ. Одоо мэдээллийн хэрэгс­лүүд олон болчихсон. Бид юугаараа ялгарах ёстой вэ. Мэдээж шуурхай чанар, олон талаас нь нягталсан, бодитой мэдээллийг хүргэх. Хоёрдугаарт телевизийг бид урлаг талаас нь олон нийтэд сайн хүргэх ёстой. Ийм зарчмууд манайд үйлчилж байна. 

-Та бол ажлаа дүгнэх хэмжээний хугацаанд ажилласан байна?

-Сая он гарснаас хойш би юу хийж амжуулснаа дахин бодож үзсэн. Хийх ажил, дутуу юм их байгаа. Гэхдээ басчиг хийсэн юмтай, дотроо урамтай байгаа. Өөрийнхөө хийснийг өөрөө ярих нь монголчуудад таалагддаггүй юм шиг санагд­даг. Үзэгч сонсогч олон түмэн, хамт олон минь хэлнэ биз дээ. Манайх Олон нийтийн статустай болоод есөн жил болж байна. Найман жилд нь ажилласан гэхээр би бараг чацуу юм. 

-Энэ хугацаанд та олон ч төрийн нүүрийг үзэж дээ?
-Гурван төрд нүүртэй хүн гэж үү, тийм өнгөөр сонсогдож байх чинь.

-Бараг л тийм дээ, яаж үлдэж байв?
-Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд, С.Баяр, Сү.Бат­болд... гээд олон хүмүүс намайг “томилоод” явжээ. Хүн өөрийгөө өмгөөлөх дуртай юм чинь би ч ялгаагүй өөрийгөө л өмгөөлнө. Дээрх бүх л хүмүүст на­майг аваачиж наагаад наагаад болсонгүй. Улс төрийн хүрээнд одоо намайг Ерөнхийлөгчид аваачиж нааж байх шиг байна. Би зарим нэг хүний ярьсныг яг үгээр нь хэлэх үү, “Зальтай муу новш, яаж яваад бүгдээрэнд нь очоод наалдчихдаг байнаа” гэж. Яг үнэндээ наалдаад байсан юм байхгүй. Бүх зүйл зарчмаараа л явсан.

-Гэхдээ Ерөнхийлөгчтэй бол уулздаг биз дээ?

-Нэг бус удаа уулзсан. Ажил төрлийн шаардлагаар цаашид ч уулзана. 

-Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай их ойр байсан гэж ярьдаг?

-Энд би Энхбаяр даргаас зугтаж зуларсан санаа оноогоор хэлж байгаа юм биш. Тэр хүнтэй ойр дотно байсан бол түүнийгээ нууж хөгийн зан гаргах хүн нь би лав биш. Тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр тэнд та хоёр... гээд ярих үйл явдал лав  байхгүй. Ажил төрлийн шугамаар уулзаж таарч байсан зүйл байлгүй яахав дээ. 

-Улстөрчдийн зүгээс дарамт бол их биз?
-Мэдээж дарамт ирэл­гүй яахав. 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар ярвиг­тай байсан. Айхавтар үндэс угсаагаар нь дуудсан нэвтрүүлэг орж ирэх гээд байдаг. Түүнд би зарчмын ямар хориг тавьсан гэхээр “Бусад телевизээр гарчихсан нэвтрүүлгийг манайх гаргахгүй л” гэсэн. Ер нь та намайг нэг их амар амгалан сууж байдаг гэж бодож байна уу. Тиймгүй шүү дээ.

-Гэхдээ одоо бол арай өөр болсон биз дээ?

-Бүх зүйл зарчмаараа, хууль дүрмийн хүрээнд явж байгаа. Би ажил дээрээ нэг их малилзтал инээгээд, хүний арга эвээр, нялцагнаад суудаггүй. Эхлээд бол зохицох гэж үзнэ. Зохицохгүй бол шууд хаяад цааш явна. Миний, бас манай хамт олон, байгууллагын маань, мөн үзэгч олон түмний аврал нь ОНРТ-ийн хууль байхгүй юу. Энэ бол сайн хууль. Гэхдээ засах юм маш их бий. Санхүүжилт, төрийн оролцооноос эхлээд. Гэхдээ ямар ч байсан бид хуультай. Уучлаарай, Ерөнхий сайд аа, хуулинд ингэж заасан гэж өмнөөс нь тайлбар хэлэх үгтэй байдаг. 2010 онд юм байна. “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” гээд Батцогт, Уянга эд нар босчихсон үе. Би хэсэг хүмүүсийн бодлоор бол тэр үед аймаар ухаантай зан гаргасан байгаа юм. Бүх юмыг зохион байгуулалцчихаад Өмнөговь руу бултчихсан. Манайхаар тэр хөдөлгөөний тухай мэдээллүүд гарсан юм. Нийгмийн шинжтэй тийм тодорхой үйл явдлыг ард түмэнд мэдээлэлгүй яах юм бэ. Бүтэн сайн өдөр нь Уянга “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт орсон. Манай Гүрээ ч гэж Гүрээ “Ээ, Ард түмэн минь ийм жаахан охин ард олон та нарынхаа төлөө...” гээд туучихдаг, тэр нь илүүдчихгүй юу. 

Зүгээр л “За таны бодол ийм байгаа юм байна” гээд сэтгүүл зүйн зарчмаараа дуусгачих нэвтрүүлгийг. 

-Бослого маягийн зүйлд бараг уриалчихсан юм байна.
-Тэгж ойлгогдсон бо­лол­той, орой нь Ерөнхий сайдын утас ороод ирлээ. -Танайхыг би хариуцаж авсан гэж бай­на. Би чинь хүн шүү дээ, тийм шулуухан яриа на­дад таалагдалгүй яахав. -Асуудалгүй болох байхаа, Ерөнхий сайд аа гэсэн. Тэгсэн залгуулаад -“Маргааш танайх жагсаал цуглааныг талбайгаас шууд дамжуулах гэнэ, тэр тухай мэдээлэл огт гармааргүй байна” гэлээ. Би хэллээ “Яг шууд дамжуулах тухай яриа бол байхгүй, гэхдээ болж байгаа үйл явдлаас мэдээлэл хийхгүй бол болохгүй” гэсэн юм. -Иймхэн юман дээр та одоо... гэсэн зүйлийг надад хэлэхэд нь “Иймхэн юм бол та юу гэж ярьж байгаа юм” гэж хэлснээр бид хоёрын яриа биш боллоо. Сүүлдээ ч би “Танай сайд нарын зарим нь манай хэдэн муу бор сэтгүүлчийн утсыг авахгүй болтлоо томорсон байна лээ” гээд хэлчихлээ. Залгуулаад Ц.Нямдорж сайд утасдаад “Би энэ ард түмний чинь амгалан тайван байдлыг хариуцдаг юм, танайх яагаад ард түмнийг бослого тэмцэлд уриалаад байгаа юм” болов. Та Батцогт, Уянга нартайгаа уулзаад учраа олчихож болдоггүй юм уу гэчихсэн биш “Чи миний ажлыг заадаг хэн бэ” гэж байтал нь миний утасны цэнэг дуусаад тасарчихсан. Иймэрхүү асуудлууд эрх баригчид, бидний дунд болдог юмаа. Хаа хаанаа л хариуцсан ажлаа хийж байгаа хүмүүс.

-Өнгөрсөн хугацаанд нийгмийг цочроосон олон үйл явдал боллоо. Долоон сарын 1-нээс эхлээд. Энэ бүх өрнөлийн үед наад зах нь саяынх шиг улс төрийн үзүүр танай байгууллага руу их ирнэ биз?
-Долоон сарын 1-ний үйл явдлын үеэр байгууллага хамт олны аюулгүй байдал, машин техник, тоног төхөөрөмж гээд санаа зовох зүйл их гардаг юм билээ. Манай жижиг явуулын станц МАН-ын байрны урдаас шууд дамжуулалт хийж байсан. Би яг энэ ширээний ард телевизээ хараад сууж байлаа. Тэгсэн юу юугүй өнөө олон хүн чинь чулуу мод болоод манай станц руу шидлээ. Тэгэхээр нь станц сүйд хийх нь гэж сандарсан хүн өнөө газар руу чинь жирийгээд очно биз дээ. Түгжрэл гэсээр дөчөөд минут болж очсон. Ёстой нэг юу ч бодолгүй, өнөө олон үймж дайрсан хүмүүс рүү чинь алхаад арваад метр ойртож явтал биш болсон. Яг дотор нь байсан хүмүүс мэднэ дээ, хүмүүс ямар аймаар болчихсон байсныг. Зарим нь ам хамраа таглаад боочихсон, хар нүдний шил зүүчихсэн... тэгсэн тийм нэг эрүүл биш нүдтэй эмэгтэй... одоо ч миний нүдэнд харагдаад байдаг юм. Тэр эмэгтэй “Хүүе энд телевизийн дарга Наранбаатар явж байна, бариад аваарай” гэж хашгирсан. Өнөө олон сэтгэл нь хөөрсөн хүмүүс чинь юу ч бодолгүй пар гээд дайрлаа. Яахаас ч буцахгүй хүмүүс чинь аймаар юм билээ, намайг одоо юу гэж бодсон юм, шууд дайрсан шүү дээ. Би шууд л эргээд зугтсан. Баригдсан бол би алуулах байсан байх. Манай фондод миний хар эрчээрээ зугтааж байгаа бичлэг одоо байдаг юм... Онц байдал зарлалаа. Тэр үед манай сэтгүүлчид ёстой ямар ч командгүйгээр өмнөх ажлаа хийж байсан. Манайхан одоо хэлэх байх даа, тэр өдрүүдэд Наранбаатарын зүгээс тэрийг дамжуул, тэрийг боль гэсэн юм огт байгаагүйг. Гэхдээ өөрсдийнхөөрөө үүргээ гүйцэтгэж ажиллахаа сэтгүүлчид маань мэднэ л дээ. Яг л голоор нь, зарчмаа мэдэж дамжуулалгүй яахав. Тэгээд ч манай маш туршлагатай хүмүүс тэр өдрүүдийн гаралтыг бүрэн хариуцаж байсан болохоор надад санаа зовох зүйл бага байсан. Ерөөсөө л баланс барих, дээр нь ямар нэг даалгаваргүйгээр мэдээлэл дамжуулах. Онц байдал зарлаж онцгой байдлын штаб байгуулагдсаны нэг гишүүн нь би юм. Дарга нь Ц.Мөнх-Оргил сайд. Хэд хэдэн хуралд нь суусан. Янз бүрийн юм болсон. Зарим нь ч төрийн нууц, аюулгүй байдалтай холбоотой байх. Тэнд юу болж байсан талаар би нэг ч хүнд ярьдаггүй. 

-Удирдлагын түвшинд чухам юу болсныг та гадарлах л юм байна?

-Ч.Амарболд генералтай цагдаагийнхан ямар байр суурьтай байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн ямар хандлагатай байсан, хэн нь юу хэлж байсан зэргийг ганц би биш олон хүн мэднэ. Онц байдал зарласан үед бүх телевизийг тодорхой хугацаагаар хаах ёстой юм байна. Гэхдээ зөвхөн төрийн мэдээллийг дамжуулж байх Үндэсний Олон нийтийн телевизийг нээлттэй байлгая, зөвхөн төрийн мэдээллийг дамжуулахын тулд шүү гэсэн шийдвэр гарсан. Онц байдал зарласан үед Наранбаатарын захирал байтугай хэвлэлийн эрх чөлөөний хууль ч огт хамаагүй. Хүмүүс болохоор манайхыг нээлттэй байсан болохоор бүх мэдээллийг ил тодоор бүгдийг нь дамжуулах ёстой байсан гэж одоо ч ойлгодог. 

-Үүнээс болж танайх хатуу үг нэлээн сонссон доо?

-Сонссон, хатуу үг их сонссон. Төр мэдээлэл өгөх үүргээ л манайхаар дамжуулсан. Манайд онц байдал зарласан үед яах тухай хууль тодорхой бус. Манай хуульд бол онц байдал зарласан үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын үгийг дамжуулах үүрэгтэй. Бусад үед энэ гурвын үгийг дамжуулах эрхтэй л гэсэн ганц өгүүлбэр бий. Энэ үед би Онцгой байдлынхаа штабын даргатай нэлээн зөрөлдсөн. “Магнай, Батзандан нар намайг тэг, ингэ гэсэн” гээд нэг мэдрэл муутай нөхөр ярьдаг, түүнийг нь дамжуул гэнэ. Би үгүй л гэдэг. 

-Мэдээж ийм хүмүүсийн үг бол цаанаас зорилготой гэж та үзэж байж?

-Угаасаа миний өрөөнд миний хажууд хүн сууж байсан юм чинь. Штабын дарга болохоор “Монгол улс онц байдал зарласан байна, ойлгож байна уу” гэхэд хэлэх үггүй болдог байсан. Онц байдал зарлана гэдэг хуулийн үйлчилгээ хязгаарлагддаг, онцгой орчин нөхцөл үүсдэг юм билээ. Тэгээд би хаширласан нь тэр юм уу, өөрийгөө хамгаалах гэсэн санаатай байсан юм уу, тэр үедээ сэтгүүлч явуулж Мөнх-Оргил сайдыг наад үгээ хэл гэж байгаад хэлүүлж архивтаа авсан байдаг юм. “Онц байдал зарласан үед ямар ч хууль үйлчлэхгүй, ямар ч хэвлэлийн эрх чөлөөний хууль энд хамаагүй” гэсэн утгатай. Одоо манай фондод бий. 

-Тэр үгийг нь нийгэмд хүргэсэн үү? 
-Хүргэсэн. Хоёр гурав ч дамжуулсан. Штабын даргын зүгээс штабын гишүүндээ хэлсэн үг л дээ. Гэхдээ миний зүгээс үзэгчдээсээ уучлалт гуйх ёстой.

-Юунд уучлалт гуйна гэж?
-Үзэгчдийнхээ хүссэн мэдээллийг хангалттай өгч чадахгүй байсандаа. Тэгэхдээ манайх үүргээ боломжит бүх хувилбараар гүйцэтгэж байсныг үзэгчид маань мартаж болохгүй. Маргааш өглөө нь манайхан штабаас команд ирээгүй байх үеийг ашиглан, амжиж нэгдүгээр эмнэлэг дээрээс хүмүүсээс яриа авч, тэдэн хүн буудуулж амь насаа алдлаа гэдгийг хамгийн анх дамжуулсан. Ингэх нь үнэхээр хүнд байсан. Боломжгүй шахуу байсан ч бид ард түмэндээ амжиж ямар аймшигтай үйл явдлууд өрнөж байгааг, өрнөснийг хамгийн эхэлж мэдээлсэн. Энд миний оролцоо бараг байгаагүй, манайхан гудамжинд танк, буутай цэргүүд гараад зогсчихсон тэр үед аймшигтай хэрэг явдлуудын дундуур гүйлдээд, гэрчүүдийн яриаг нийгэмд хүргэсэн юм. 

-Тэр мэдээлэл цацагдсаны дараа юу болсон бэ?
-Манайхан дамжуулж дууссан, дууссантай зэрэгцээд шахуу “Юу явуулаад байна” гээд хүмүүс ороод ирсэн. Манайхан бүрэн хяналтад орсон, миний хажууд салалгүй хүн суусан. Ер нь онц байдлын тухай хууль манайд их тодорхой байх ёстой юм билээ. Ядаж л хэвлэл мэдээлэл нь энэ үед ямар эрх үүрэгтэй байхаас эхлээд. Бүгдээрээ л ямар эрх үүрэгтэйгээ мэдэхгүй хэдэн өдрийг өнгөрөөсөн. Сүүлдээ би “Энд миний хэрэг алга явъя даа” гэхээр явуулахгүй байсан. 

-Та бол үндэсний радио телевизийг хоёр өөр статустай байх үед нь ажиллалаа. Ялгаа их бий биз?

-МҮОНРТ-ийн хууль ганц манай байгууллагад бус Монголын ард түмэнд их том гавьяа байгуулж байгаа. Үүнийг ойлгодог хүмүүс олон болсон. Бат-Үүл баатрыг, трактортой байсан үед би телевизийн бага шиг дарга өглөөний хуралд суудаг байлаа. Трактортой Бат-Үүлийн жагсаал манай телевизээр сураг ч үгүй шүү дээ. Тэр дээрээс “Мэдэж байгаа биз” гээд нэг хуруу гозойно. Би энэ бүхнийг мэдэх учраас ярьж байна л даа. Өнөөдөр бол мэдээлнэ, мэдээлж ч байгаа. Наад захын ийм жишээнээс ялгааг харж болно. Гэхдээ ганц хууль гарснаар ч сайн болоод байгаа юм биш. Хуулиа ойлгохгүй хүмүүс бий. Хуулиараа Удирдах зөвлөлийн гишүүн 15 хүн нь Монголын нийгмийн голлох 15 салбарын төлөөлөл байхаар заасан. Гэтэл 15 мундаг сэтгүүлч Удирдах зөвлөлд орж ирээд гялалзуулна гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Гэтэл хуулийн амин сүнс нь өөр өөр салбарын 15 толгой ирж суугаад, тал талаас бодлогоо боловсруулж түүнийг нь Ерөнхий захирал гүйцэтгэнэ гэсэн хуультай. 

-Танай байгууллагыг гаднаас очсон хүмүүсийг тогтоодоггүй, тэсгээдэггүй, тийм нэг адайр газар гэж хардаг хүмүүс бий.
-Хэнийг тэсгээхгүй явуулсан гэж. 

-Удирдлагад нь очсон хүмүүс нэг их удалгүй явчихдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд...
-Даваабаяр уу?

-Тийм.
-Хамт олноороо дээшээ их цоройж булгидаг, дээр нь удирдаж байгаа хүн нь хавь ойрдоо халгаатай гэсэн ойлголтыг ганц нэг хүн ярьдаг байх. Энэ том байгууллага үеийн үед гадна дотноос дарга нь томилогдож байсан. Хамт олон болохоор нүүдлийн шувуу шиг удирдлагад жаахан таагүй. Гэхдээ манайх даргад халгаатай газар бол биш. Үүнийг би хариуцлагатай хэлнэ. Манай хамт олон уран бүтээлч зантай, маш их элгэмсэг, дулаан уур амьсгалтай, ажлыг нь ойлговол улам л урам ороод, нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажиллаж чаддаг хүмүүс. За зөвхөн телевиз дээр нэрлэе. Оюундарь, Мөнхбаатар, Ариунбат, Куланда, Энхбат... эд нар хөөгдсөн юм уу. Бүгд л хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажлаа өгөөд дараагийн ажил руугаа явсан. Харин Даваабаярын тухайд бол өөр л дөө. 

-Даваабаяр бол тайлбарыг хангалттай өгсөн. Та харин дуугараагүй. Тухайн үед ажлаас нь чөлөөлөх тушаалыг их л хурдан гаргах шиг болсон.
-Одоо бол Шүүхээр эцэслээд дуусчихсан үйл явдал. Наранбаатар буруу шийдвэр гаргаагүй юм байна гээд шүүх эцэслэчихсэн. Би Даваабаяраас их ажил хүлээсэн. Хамт олон нь ч түүнээс их зүйл хүлээгээд байсан нь тийм байдалд хүргэсэн. Би хамт олонд нь хэлсэн, “Энэ байгууллага чинь гурван сар болохгүй даргаа солиод байвал хэн тогтох юм бэ. Хоорондоо ойлголц” гээд Даваабаярын сайн талуудыг тэдэнд хэлсэн. Даваабаярт ч хамт олонтойгоо ойлголцож ажиллахыг зөвлөсөн. Ийм үйл явдлын ард заавал толгойлогч хайдаг. Зарим хүн намайг зохион байгуулсан юм боддог байх. Хамт олны дунд бүрдсэн олон зүйл чинь хуралдсаар нэг нөхөр гарч ирээд зохион байгуулахаар хуй салхи шиг босдог юм билээ. Тийм л зүйл болох шиг болсон. Уг нь Даваабаяр гайгүй ойлгосон л юм шиг байсан даа. Тэгсэн ч болоогүй. Толгойлж байгаа хүмүүсийг нь дуудаж уулзсан. Тэд юу гэсэн гэхээр “Бид энэ хүний асуудлаар танд удаа дараа хандсан. Та хөдлөөгүй. Энэ удаа бид Удирдах зөвлөлд хандаж байгаа” гэсэн. 200 уран бүтээлчийн 180 нь гарын үсэг зурчихаар яаж ч болдоггүй юм билээ. Даваабаярт одоо гарц алга гэдгийг хэлсэн. Манай хүн ч шүүхдээд л явж өгсөн. Таван удаа шүүх хурал хойшилсон. Дөрвийг нь Даваабаярын саналаар хойшлуулсан. Гэвч дөрвүүлэнг нь би хойшлуулсан нэр зүүсэн. Болсон процесс гэвэл товчхондоо ийм. 

-Ийм үйл явдал байгууллагын нэр хүндэд сөргөөр тусдаг байх?
-Банк, хэвлэл мэдээллийн байгууллага хоёрын үйл ажиллагаа олон түмний итгэл дээр тогтдог. “Өдрийн сонин” хамгийн олон уншигчтай байгаа нь танай байгууллагад, танай хамт олонд итгэдэг болоод л тэр. Түүн шиг манай байгууллагад итгэдэг олон мянган хүн байгаа болоод манайх олон үзэгчтэй байгаа. Хамгийн уршигтай нь Даваабаяр, Наранбаатартаа байгаа юм биш. Энд чинь баахан иддэг, уудаг нөхөд байдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд хүрч байгаад юм. Үзэгчид юу гэж ойлгодог гэхээр “Бидний төлдөг мөнгөөр хэдэн хүн наргичихдаг юм байна” гэж ойлгоно. Саяын бужигнаанаас болж хамгийн их хорлогдсон газар бол манай байгууллага юм...

Ер нь энэ асуудлыг ингээд орхиё, хэнд ч хэрэгтэй юм. Үүнээс өөр олон ажил манай байгууллага дээр өрнөдөг юм шүү дээ.

-Тэр тухай чинь товч ярилцъя?
-Манай телевиз шинэ бүтэц, шинэ стратегиар ажиллахаар төлөвлөгөө боловсруулж байна. НD технологид шилжих техникийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Олон нийтийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүний судалгаа хийгдэж байна. Олон улсын зах зээлээс контент худалдаж авах ажлууд амжилттай боллоо. Бид Америк, Оросын зах зээлээс кино худалдаж авахаар гэрээгээ хийж байгаа. 

Нийгмийн асуудал талаас нь ярья гэвэл жишээ нь, өнөөдөр манай байгууллагын 66 айлын орон сууц ашиглалтад орох гээд, хэн тэр байрнаас авах вэ гэсэн марафон цаана чинь болж байна. МҮОНРТ-ийн нийт орон тоо 720 шүү дээ. Хаа байсан Хөвсгөлийн Цагаан-Үүрт хураамжаа авах гээд айлын нохой шуугиулж яваа хүн манай орон тооны ажилтан юм. Өмнө нь 124 айлын орон сууц барьж өнгөрсөн онд ажилтнуудаа оруулсан. Одоо 66 айлын орон сууц дээр үзэж байна. Би энэ байгууллагыг удирдсанаасаа хойш нийтдээ 200 гаруй ажилтнаа орон сууцтай болгохоор зорьж байна. 140-өөд нь байртай болсон. Нэмээд 100 хүнийхээ байрыг шийднэ. Ажилтнуудын маань нийгмийн асуудал чухал. Хэдийгээр миний хийх үндсэн ажил биш ч гэсэн ийм том хамт олныг удирдаж, хүнтэй ажиллаж байгаа хүний хувьд хийх ёстой ажил гэж ойлгодог. Ер нь бол нервний ажил, гэхдээ нэгэнт л хариуцаж байгаа болохоор нэг айлынх нь шал хүртэл яаж хийгдэж байгаад санаа тавих хэрэгтэй болох юм байна шүү дээ (инээв). 

-Үндэсний олон нийтийн радио телевиз бие даах боломжтой юу?
-Ер нь олон нийтийн статустай радио, телевизийг бусад оронд бие даалгадаггүй юм. Улсаас өгдөг мөнгөтэй. Реклам явуулдаг эрхтэй. Ийм л зарчмаар явдаг юм билээ. Хамгийн анхны олон нийтийн статустай болсон телевизүүд бол BBC, NHK хоёр. 1940-өөд оны үед NHK анх удаа дайнд ялагдсан тухай эзэн хааныхаа үгийг дамжуулах гэж байгаад улс төрийн шалтгаанаар гэнэт больжээ. Гэтэл нэгэн нөхөр бичлэгийг нь авч зугтаагаад цацсанаар анх удаа олон нийтийнх болох статус нь нээгдсэн түүхтэй. Ер нь бол төсвөөс тодорхой хэмжээний татаас авдаг. Гэхдээ гол зарчим нь олон нийтээс санхүүжиж, олон нийтийн хяналт дор, олон нийтийн төлөө үйл ажиллагаа явуулна. Манай байгуулагын хуулийн үзэл баримтлал ч энэ. Тухайн улсын нүүр царай Үндэсний олон нийтийн телевизээс харагддаг. Англи яагаад хүчтэй байна гэхээр BBC хүчтэй байгаа учраас тэр. Англи улс бол агуу юмаа гэдгийг BBC байнга үзүүлээд байхаар Англи нь Англи улс шиг харагдана биз дээ. Орос ч мөн адил. Оросууд ОРТ, РТР-ээрээ хаячихсан бол бусад улс орнууд Оросыг мэдэхгүй. Бид ингэж харах ёстой. Миний суудал дээр хэрэвзээ орос юм уу, хятад хүн ирээд суучихгүй бол би телевизээр, радиогоороо аль болох Мон­голынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ. Сая тэр Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад ороход бид ямар их баярлав. Ийм юмыг бид том болгож л үзүүлнэ биз дээ. Ийм амин сүнс уран бүтээлч бидний хэний ч сэтгэлд бий. Ер нь Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн салбартаа “MNB” гэсэн лого эхний тавд орно шүү. 

http://khashchuluun.niitlelch.mn/

No comments:

Post a Comment