Wednesday 4 June 2014

Б.Ганчимэг: Сэтгүүл зүй бол миний ертөнц

Ганаатайгаа өглөөний цайнд болзсон юм. Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг. Ярилцлагын хатан хаан гэдэг нэрийг дархалсан түүнд  л хэний ч өмнө үг, сэтгэлээ нээдэггүй хамгийн ховор хүмүүс ярилцлагаа өгдөг. Түүнээс сэтгүүлзүйн тулхтай бүтээл, даацтай нийтлэлийг хүмүүс хүлээдэг. Ингэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тэр чамгүй замыг туулсан нь мэдээж. Гэхдээ энэ амжилт, хүндэтгэлийн гол суурь нь төрмөл авьяас, хэзээ ч хаана нүд чихээ хурцалж, халуун сэдвийг мэдэрдэг, “барьж авдаг” сэтгүүлчийн ясны чанар болов уу.
Б.Ганчимэг өөрийнх нь төрмөл тавилан мэт ойлгогдох болсон өдөр тутмын сонины “гинж”-нээсээ салж өөрөө долоо хоног тутмын сонин гаргах гэж байгаагаа зарласан. Яагаад, ямар сонин байх вэ гэсэн эхний мэдээлэл хэдийнэ уншигчдад хүрч, шуугиан тарьчихсан. Тийм ч учраас сенсаци ярилцлага гэхээсээ энгийн халуун дотно  яриа өрнүүлэх гэсэн учраас өглөөний цайг сонгосон хэрэг.
Grandnews.mn  Калифорния ресторанд бямба гариг бүрт ийм нэг халуун дотно яриа өрнүүлж байхаар товлоод байгаа юм.  Хамгийн эхний зочин маань сэтгүүлч Б.Ганчимэг.  Өглөөний цайнд болзсон бидний яриа олон сэдэв хөндөж, басхүү нэг хэсэг ”Өдрийн сонин” хэмээх их айлд хамтдаа бужигнаж нэг бол том сэтгүүлчийнх нь их сүр бараанаас нь айн хулгаж, өмнө нь бөхийж, заримдаа үеийн л юм болохоор нэгнээ шоолон аальгүйтэн хөхрөлдөж явсан андуудын яриа руу сэм сэм хальтирч байв.   
Ярилцлагын мастер маань  өөрөө цэгцтэй уянгатай яриатай, яг “цэг” дунд нь онож хэлэх. Тэр бүхнийг хүргэхэд нэг бүү хэл ярилцлага жулдам. Харин энэ ярилцлагаа сонин гаргаж байгаа гэсэн сургийг дуулснаас эхлээд толгойд эргэлдэж байсан асуултаас эхлэе. Тэрээр өөрийнхөө “Оpen door” сонинг “ярилцлага, нийтлэл сонирхдог хүмүүсийн нэлээд нухдаг сонин байх юм” гэж даруухнаар тодорхойлж байгаа юм.
-Юуны өмнө сонин эрхлэн гаргаж байгаад тань баяр хүргэе. Та бол нийгэмд, мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн том сэтгүүлч. Гэхдээ сайн сэтгүүлч бас давхар сайн менежер байх нь хэцүү, бараг боломжгүй ч мэт?
-Би зөвхөн юуг яаж бичих вэ гээд сенсациа хайгаад, тэрийгээ л бодоод, зөвхөн  бичихээ л мэдэхээс борлуулалт, маркетинг гээд бусад ажлуудыг сайн анзаарч мэддэггүй хүн юм байна. Сонин эрхлэн гаргана гэдэг мэдээж адармаатай ажил. Намайг мэддэг хүмүүс хэлээд л байна. “Одоо яана аа, сүйрсээн. Тэндээс ямар чимээ гарах бол”  гээд л. /инээв/ Гэхдээ яах вэ, надад ухрах газар байхгүй. Нийтлэлд суурилсан сэтгүүлзүйг хөгжүүлэх бодлоосоо ухрахгүй ээ.
-Сонингийн хэвлэлт, борлуулалт, зохион байгуулалт гээд зүйл бүрийн асуудал байна. Энэ их ажилд гүйсээр байгаад сэтгүүлчийн тань ажил тарамдчих вий л гэж таны өмнөөс айгаад байна л даа?
-Би ер нь жаахандаа ч гэсэн онц авахын төлөө явдаг хүүхэд байсан. Тэр нь бүр дадал болчихсон байжээ. Сүүлд би амьдралд ядраад нэг хэсэг “Яршиг л байна, дандаа л онц авах гэж гүйдэг охиныг энэ дотроосоо гаргая, болье, зүгээр л амьдрая” гэж бодох болсон. Харин одоо бол би онц авахын төлөө гүйнэ л  гэж бодож байна.
-Дээрээс нь эдийн засгийн байдал хэцүү үе. Гэхдээ таныг сонин гаргах гэж байгаагаа твийтерээр зарлахад чинь сайн дураараа хоёр ч залуу компьютер авчирч өгч тусласан гэж сонссон. Та олонд тэр тусмаа улстөрийнхөнд нэр нөлөөтэй хүн. Тэгэхээр нэг бодлын санхүүжилт олоход “нүүр”-тэй ч юм шиг?  
-Ерөнхийдөө л мөнгөний хомсдол бол байна. Би хориод жил сэтгүүл зүйд ажиллаж амьдарч байна. Олон ч танилтай. Би чамд сэтгэлийн өртэй ч гэх хүн олон. Намайг шинэ ажил эхлүүлэх гээд явж байхад дэмжих хүн олон л гэж бодож байсан. Зарим нь ч үнэхээр анх удаа ингээд шинэ ажил эхлүүлээд явж байхад чинь “Ганаагаа дэмжинэ ээ” л гэдэг юм. Гэвч яг “май” гээд өгчихсөн хүн алга.  Үүний цаанаас би юу олж харсан бэ гэвэл манай сэтгүүлчид тэднийг нурууг автал залхаачихсан. Бүгдээрээ л нэг, нэг сайт холбоотой. Нөгөө сайт, холбоо юу, юунд ч юм бэ өгсөөр байгаад нуруу нь хавталздаг болсон байхыг нь хараад дахиж хэзээ ч хэнтэй ч уулзахгүй дээ гэж бодсон. Би өөрөө ч жаахан бардамдуу хүн юм. Реклам гуйгаад явж чадахгүй бололтой.
Нөгөө талаар манайхны хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах харилцаа их буруу соёл дээр суурилаад хөгжчихжээ. Бид нэг бүтээн байгуулалтын сурталчилгааны төсөл хийж үзэх хүсэлтэй байгаа юм. Гэтэл манайхан бүх юмаа хаалттай хийгээд нээхэд нь л баахан нөхдүүд очиж тууз хайчилдаг. Хэвлэл мэдээллийнхэн тэрийг нь цацаад л мөнгийг нь авчихдаг. Ийм салан палан сэтгэлгүй харилцаатай хүмүүс энэ ард түмнээр бүтээн байгуулалтаа хайрлуулж, нутагшуулж, дэмжүүлж, үнэлэгдэж чадахгүй байна. Нэг нэгнээ муулсан захиалгат нэвтрүүлэг энэ тэр хийхдээ бол гарамгай юм.  
-Эсвэл та бүр эрт, зориглоод шинэ сонингоо байгуулах байсан ч юм уу?
-Мэдэхгүй ээ, магадгүй.  Би ер нь планаа буруу зурж байсан юм билээ.  Би залуудаа хөдөөнөөс орж ирсэн, орон гэргүй нэлээд удсан, жаахан зовж байсан болохоор хөлөө олонгуутаа маш сайн даргын маш сайн цэрэг явья, хүнд түшигтэй төвшин явья л гэж бодсон. Тэр үед сэтгүүл зүйн хөгжил ч тогтонг, шинэ шинэ технологи ч хомс, мэдээ, нийтлэл зүй, хөрөг гээд бичдэг төрөл зүйлүүд маань ч хомс, өнөөгийнх шиг ийм олон талбарт ажиллах боломж ч хомс байсан.
Харин багадаа айхавтардуу хүүхэд байсан болохоор нэг төрөл барьж авсан юм шиг байгаа юм. Хэзээ нэгэн цагт “Юунд ч мэргэшээгүй Монголын сэтгүүл зүй” гэдэг шүүмжлэл гарч ирнэ гэдгийг нэлээд эрт ухаараад, урьдаас нь  том хариулттай сууж байгаадаа бол баярладаг. Гэхдээ өмч хөрөнгөгүй, санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй байгаадаа бол уур хүрдэг. Жишээлбэл, миний прокурор С.Галдаатай хийсэн ярилцлагыг нийтлэх өдөр тутмын сонин олдоогүй. С.Галдаа чинь ховор хүн шүү дээ, би харанхуй шөнө гүйж очоод ярилцлага авсан. Харамсалтай нь, нийтлэх сонин олдоогүй.
Одоо бол надад юу нь гоё байна вэ гэхээр “Open door” сонинд хэн ч дарга биш байгаа нь. Бүгдээрээ нэг нэг ширээ, диктофоноо бариад ирсэн болохоор бүгдээрээ нийлээд л сэтгэл нэгтэй дайрч байгаа маань  сайхан байна. Багийнхан маань дундаж насны тулхтай тоймчдоос бүрдсэн тулах хүчтэй, түшигтэй баг болохоор бас тайвширч, тэдэнд итгэж байна. Би өмнө нь хэлж байсан даа, манай сэтгүүл зүй жаахан годогнуур болчихсон гэж. Үнэхээр тийм болж. Нас тулх, ноён нуруу гэдэг зүйл амьдралын жамаар цэхэрч цэгцэрч байдаг. Гэхдээ сэтгүүл зүйн салбар бол хүнээс өөрийн эрхгүй их залуугаасаа цэгцрэхийг шаарддаг. Бусад салбарынхныг бодвол сэтгүүлч хүн их залуугаасаа хэлэх үг, аливаад хандах хандлага гээд олон чухал зүйл дээр хийгүй болдог. Гэсэн ч манайд хөөрсөн, учраа мэдэхгүй сэтгүүл зүй одоо ид явж байна. Зүгээр л ханараад л байгаа биз дээ.
-Гэтэл бас сэтгүүлчид мөнгөнд худалдагддаг, сэтгүүл зүй бохирлогдсон гэсэн баахан шүүмж урсдаг. Гэтэл нөгөө талаасаа таны дайны сэтгүүлч дарамтнаас, гинжнээсээ салья гэж байгаа нь хэвлэлийн бус хүмүүст бол гайхалтай санагдах байх?
-Миний сэтгүүл зүй аймаар бөхөгөр болчихжээ, зодуулсаар байгаад. Хүн болгон л зодох юм.“ Ганчимэг л зайлчихвал  Монголын сэтгүүл зүй цэвэршинэ” гээд цаана чинь коментоор бичээд байна /инээв/
Үнэндээ гадна болж байгаа, миний яриад байгаа энэ замбараагүй юманд манай үндсэн сэтгүүлчид ямар ч оролцоогүй. Хэдэн эрхлэгч, дарга нар л нийлээд л холбоо байгуулаад баахан баллалаа. Одоо бүр сүүлдээ сүргээрээ явж мөрийтэй тоглодог болж. Сайхан нөхөрлөх, сайхан хамтарч ажиллах гоё л доо. Гэхдээ ичих хэрэгтэй шүү. Залуустайгаа нийлээд өнөөгийн энэ бусармаг байдалтай тэмцмээр санагдаж байгаа. Өнөөдөр дарга нар нь “Тэрийг бичиж болохгүй шүү, мөнгийг нь авчихсан” гэдэг. Тэр мөнгө нь, хуваарилалт нь хаана байгаа юм бэ? Жирийн сэтгүүлчдийн бичлэгийн шагнал  нь нэмэгдсэн үү, үгүй. Би чинь авч байсан цалингаа дэлгээд үзэн ядагдаад байгаа шүү дээ.
Би ер нь ноён зантай хүнд дургүй. Хүнд базуулж байх дургүй. Нэлээд олон жил ч ингэж дураараа явсан юм шиг байгаа юм.  Гэтэл энэ эзэд чинь улам хомхой, улам энэрэлгүй, аймаар болоод, дээгүүрээ хэдүүлээ сүлбэлдээд хор хутгаад явахаар эгдүү хүрдэг юм байна. Хоорондоо контентийн агууламж, цоо шинэ тэсрэлтээр өрсөлдөж байх ёстой хүмүүс бүгдээрээ найз болоод л, бүгдээрээ нэг зүйлийг хамгаалаад явахаар сэтгүүл зүйн хөгжил нь яах вэ.
Тэднийг хэн тоож шүүх юм.  Идэж, дээрэм хийж аваад л хэвтэцгээчихнэ шүү дээ. Угаасаа сэтгүүлч бол бараг найзгүй мэргэжил. Бүтэн ойлголтоороо бол тухайн нэг сонин нэг баг. Нэг телевиз бол нэг баг. Багийн логик энд байна. Гэхдээ одоо манайхан хажуугийн сонинтой бүх бодлого юмаараа нэгдчихээд, нэг хүнийг сүргээрээ хамгаалаад явцгааж байна. Гэхдээ яг сэтгүүлч бол ганцаараа ажилладаг, ганцаараа л амжилтаа бүтээдэг салбар. Юун холбоо гээд миний уурлаад байдгийн учир тэр. Босоо удирдлагатай, цэрэгжсэн шахуу байгууллага болохоор би энэ шинэ төлөвшилд нь дасахгүй ч байгаа юм уу.  “Түүнийг бичиж болохгүй. Үүнийг бич” гээд л байнгын тушаал дунд амьдарч байдаг шүү дээ, өдөр тутмын сониныхон.
Уг нь бол цуйванд гүйж очихгүй болчихсон байх ёстой байхгүй юу, манай сэтгүүлчид. Би хоосон мөртлөө, бардам зантай. Аль залуудаа “Эрх баригчдын будаатай хуурганд очихгүй” гэж бичиж байсан. Одоо нэг хэсэг маань хэт тансагдаж тасарчихаад монгол хүний атаач зангаар би эсвэл бухимдаад байгаа юм байлгүй дээ. (инээв)  
-Та угаасаа л ийм бардам хүн үү, эсвэл таны авьяас, сэтгүүл зүйд хийсэн тэсрэлтүүд чинь таныг ийм бардам болгов уу?
-Би ер нь бардамдуу хүн. Аав ээждээ эрхэлчихсэн.  Хоёр ах маань надаас олон ах болохоор ганцаараа тонгочоод өсчихсөн. Сумын төвд Аавынхаа хоёр өрөө байшинд хайраар нь пологдож, гүнж шиг л өслөө. Тэглээ гээд би хомхой, өөрөөсөө бусдыг хайрладаггүй, бусдыг мөлжигч болж хүмүүжээгүй.
Чи хэр зэрэг өөрийгөө боловсруулж, чи хэр зэрэг хөгжсөн бэ гэдгээрээ л хүний зам мөр тодорхойлогддог. Чи илүү хүнлэг, илүү чадварлаг, илүү хөдөлмөрч бол илүү л амьдрах ёстой. Гэтэл илүү байсан ч амьдралын өгч байгаа боломжууд дэндүү харамч , шударга бус байх нь бий. Би өдөр шөнөгүй бичдэг байсан. Сонины шарласан хуудсууд, он жилүүд, надтай хамтран ажиллаж явсан хүмүүс мэднэ. Гэтэл надад сүүлийн 6 жил чи залхуу, чи ажилдаа ирдэггүй, чи “юу ч бичээгүй гэх үг л ирсэн. Би үнэхээр энэнд гомддог. Хүн хүнийг ямар нүдээр харахыг хүсч байна тэрүүгээрээ л хардаг юм билээ. Хичнээн дотор хүн нь өөрийг хэлж байвч, хүн тэрнээсээ ичихээ байчихдаг. Илүү гарын дор, илүү чадалгүй, илүү муу юм хийхэд гар нийлдэг хүмүүсээ л гэдэг болчихдог. Энэ эсвэл бизнесийн арга ч юм уу, бүү мэд. Ямартаа ч би энийг бол аймаар муухай эвдрэл гэж хардаг. Бидний дунд он жилүүд байсан шүү дээ. Намайг мэднэ шүү дээ гэсэн зангираатай би хаалгыг нь хаасан. Энэ хорвоогийн хамгийн хэврэг хүн бол эрчүүд болсон ч юм шиг. Хажуу хавирганы шургаанд тэр амархан автаж байгааг нь ээ. Хэзээ ч өөрийнх нь дэргэд байж, өөртэй нь хамт зүтгээгүй хүний үгээр л шууд намайг буруутгах гээд байдаг. Чи өвдсөн ч буруу, чи гомдох нь ч буруу. Чи илүү нь ч буруу. Ёстой тэнэг байгаа биз дээ.
-Сэтгүүлчид маань боловсорч, хөгжих боломж тааруу. Арай нэг байр суурьтай болсон нь худалдагдаад явчихдаг гэдэгтэй та санал нийлэх үү?  
-Үнэхээр хэцүү. Дахиад худалдагдсан бүхэл бүтэн үе бий болчихсон, дахиад нэг бүтэн үе бэлтгэж байна шүү дээ. Биднийг адуу шиг ташуурдаад л давхиулж байсан болохоос биш, хэзээ сэтгүүлчийн нийгмийн асуудал гэж ярьж байсан юм бэ? Сэтгүүлчид гэхээр л төмрөөр хийж, блокоор цутгачихсан хүмүүс юм уу. Манай дарга нар “Уучлаарай, та нарт хүнтэй сууж, зугаалж, цэнгэх зав байхгүй. Ямар тэнэг нь л энэ сонины хашаанд орж та нарыг олж харах вэ дээ” гэдэг байлаа. Өглөө гараад л шөнө харина. Өглөө хуралдаа яараад л ирнэ. Алдар нэртэй нь ч адилхан, алдар нэргүй нь ч адилхан. Ямар ч энхрийлэл байхгүй, ид сайхан насандаа зугаалах завгүй, хүний амьдралын үзэх ёстой юмыг ч үзэж чадахгүй өнгөрөх нь ч бий. Эсвэл хартай балайр юмнуудтай суучихсан. Энд тэнд хөх няц болчихоод “Дарга аа, би өнөөдөр гадагшаа гарахгүй, эндээ нүүрээ уншаад байж байя аа” ч гэх нь таардаг. Би л лав хувьдаа тухайн үеийнхээ моодны трэндүүдээс их л хоцордог байсан санагдана. Хурдан явахад амар, намхан гутал өмсөнө.  Одоо болохоор Төрийн ордонд чинээлэг, сайхнаа харуулах фэйшн уралдаан болдог ч болчихсон юм шиг, бүр гайхмаар. Мэдэхгүй ээ, надад бүх юм тэнэг санагддаг болж байгаа.
Урлаг нь ч урлаг. Шоронгийн сэдэвтэй юм уу, инээдмийн кинонд арай нэг олны сонирхол татаж байгаа жүжигчдийг тоглуулаад сурталчилгаагаар үй зайгүй нүдэж, хүнд үзүүлдэг. Уг нь урлаг гэдэг бол хүний сэтгэлийн дотоод ай савыг дутуугаар нь дүүргэж, далд мэдрэмжийг нь чичигнүүлж байдаг зүйл шүү дээ. Тэр сүнс нь хааччихсан юм. Дуурийн театр гэхэд зүгээр л манай салбарын хүнийг аваачаад тавьчихсан. Манай салбарынхан хөрвөх чадвартай л даа.
Гэхдээ энэ арай дэндэнэ ээ, “Би найман настайдаа мандолин тоглож байлаа” гээд хэлчихээр урлаг мэддэг хүн болдог юм уу. Ер нь аль ч салбарт чаддаг нь чаддагаа л хийх ётой юм шиг ээ. Жишээлбэл, намайг цагдаагийн дарга болгочихвол би чинь баахан хүн хольж солиод, шоронд хийгээд баллаж тавьдаг юм байгаа биз дээ.
 
-Тэгвэл идеал болсон хүмүүс яагаад дуугүй байна вэ?
-Залхсан байх аа. Төр нь, сайд нар нь хүртэл зохион байгуулалттайгаар Монголын эсрэг байхаар заяагдсан юм шиг, Монголыг хорлох заяатай төрсөн юм шиг аяглах юм.  Гадаадынхан ороод ирэхээр эдийн засгийн алуурчид зайл гээд хөөгөөд зодоод явуулчихдаг, өнөөдөр тэнгэр таалахгүй байна, та нартай уулзахгүй ээ  гэдэг хөгжлийн гай түйтгэр, саад болсон сайд ч байна.  Манайд үнэхээр ховор сайхан улсууд нь дуугаа хураачихаж. Манай ТВ-үүд ч гэсэн сайн дурынханд байраа тавиад өгчихсөн.
Заримдаа энд тэнд энэ хүн яана даа гэмээр хүмүүстэй тааралдах юм. Бүр наад захын мэдлэг мэдээлэлгүй. Гэнэн, тэнэг танхил байгаагаа гайхуулаад ч байгаа юм шиг.Энэ хүн өөрийгөө ердөө л иймхэн төвшинд илэрхийлнэ гэдэг ямар хангалтгүй юм бэ гэж бүр өөрийн эрхгүй голдог ш дээ. Надад лав цагийг хамт идэх хүн дэндүү ховор таардаг. Худлаа хээнцэрлээд л, худлаа брэндлээд л, худлаа урлагжаад л. Аймаар худлаа болцгоожээ.
-Шар мэдээ уншдаггүй ч гэх шиг?
-Үгүй ш дээ. Тэрийгээ бол талх шиг идэж байгаа ш дээ. Угаасаа дэлхий нийтээр аваад л уншдаг. Ингэж худлаа ярьж байгааг сонсоод уур хүрээд байдаг. Сүүлдээ өрөвдөөд дуугүй өнгөрөөдөг боллоо. Би сая бүр гайхамшигтай хүнтэй уулзлаа. Элчин зөвлөх эмэгтэй. “Би Сэтгүүлчдэд дургүй, үзэн яддаг” гэх хүн байх юм. Шууд тэгж хэлэхээр хэлэх ч үг олдоггүй юм билээ. Уур хүрээд маргааш нь “Бүр гараа эвхэж, гадаадад сууж, өндөр цалин авсан гадаад яамныхан хэн бэ, та нар Монголын төлөө юу хийсэн юм бэ” гээд бухимдан хэлсээн /инээв/. Сэтгүүлчдийг үзэн яддаг хүн сэтгүүлчдийн бичсэн зүйлсийг л мэдээлэл болгоод ярьж байна лээ. Ёстой наад захын соёлгүй дуракууд монголыг тэгж төлөөлнө гэхээр би ёстой дур гутсан. Тэгээд л том том юм яриад, салбарын сайдаа муулаад л. Монголын сэтгүүл зүйн нэн шинэ түүх шинэхэн, сүүлийн 20-иод л жил. Гэхдээ сэтгүүл зүй нийгэмд үүргээ гүйцэтгээд л явж байгаа. Шар гэгддэг зах зээл дээр ажилладагууд нь ч үүргээ гүйцэтгэж ирсэн. Монголчууд донж стил гэдэг зүйлд суралцах гээд хөлөө олж ядаж л байна. Үүнд ганц хоёр сэтгүүл их үүрэг гүйцэтгэж байгаа гэж би боддог.
Үүнийгээ илүү мэргэжлийн төвшинд, сайн муу хэлүүлэхээсээ бэрхшээхгүйгээр бичих л хэрэгтэй. Од бол од шиг бай. Хувь тавилангаа дага. Өөрөө л од юм бол бэлтгэлтэй яв. Та нарыг дандаа уруулаа будаад, үсээ жимбийлгээд явж байхад нь бид зураг авах ёстой юм уу? Энд тэнд зах дээр ч юм уу явахдаа аятайхан явах л хэрэгтэй. Тийм биш  тааралдах юм бол хохь нь л биз.  Гэтэл өглөө үсээ сэгсийлгээд гарч ирчихээд “Намайг таагүй байхад зургийг минь авчихлаа” гэж гонгиноод хэрэггүй л байхгүй юу? Тэр болгонд  мэргэжлийн аналитикууд шууд дүгнэлтээ хэлдэг байх хэрэгтэй. Ийм шүүмжийг хөгжүүлэх хэрэгтэй ш дээ. Тэр шүүмжээр шүүмжлүүлсэн хүн гэрээсээ гарахгүй хэд хоног уйлж хэвтдэг байх хэрэгтэй.  Баруунд тийм л байдаг.  Ийм л хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Жишээлбэл, ичих булчирхайгүй болчихсон юм уу, хаашаа юм бэ. Хуурамч LV бариад хаа сайгүй тэлчигнээд явах юм. Хуурамч LV-ны оронд зүгээр л “Made in Mongolia” гэсэн арьсан цүнхээ бариад яв л даа. Албан ёсоор ороод ирсэн тэр брэндүүдийг хүндэтгэх ёстой биз дээ. Яг үнэндээ бол өөрийгөө хүндэтгэхэд яана вэ, бид.  Гэхдээ хэд шүүмжлүүлээд ирэхээрээ тусгаж аваад өөрчлөгдөөд байгаа биз дээ. Зарим галзуу нь л хашгичаад байгаа болохоос биш.  Үүнд бас “Гранд” сэтгүүл их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нийгэмд дараагийн тав, арав, хорин жилд ажиллах хүмүүсийн соёл, амьдрах орчинд хувь нэмрээ оруулах ёстой шүү дээ. Дээдсийн соёл, дээдсийн давхарга гэж аливаа улс орнд байж л байгаа юм чинь тэр соёлыг ч гэсэн хөгжүүлэхэд, нутагшуулахад өнөөгийн хэвлэлийнхэн хувь нэмрээ оруулах л ёстой
-Таны “Аав бид хоёр” ном унших бүрийд сэтгэл гэгэлзүүлж, ухаарал хайрлаж байдаг. Дараагийн номоо хэзээ гаргах бол гэж хүлээж байгаа олон хүн бий? Хэзээ ном гаргах вэ?
-Миний “Аав бид хоёр”-т үнэхээр хайртай болчихсон хүмүүс байдаг юм. Энэ намар ярилцлагын ном гаргана даа л гэж бодож байна. Их л удаан ярьж явна даа. Ийм утга, уянгын бүтээл дээр ажиллахад нэлээд тогтож сууж, сэтгэлээ чагнах шаардлагатай байдаг.  Одоо бол үнэхээр амсхийх завгүй ажиллаж байна.
-Ийм сэтгэлийн нандин мэдрэмжийн дурсамжууд, нарийн нандин бүтээлүүд хэзээ төрдөг вэ? Та яг ямар үедээ бичдэг вэ?
-Мэдэхгүй ээ, хүмүүс онгод гэж нэг юм ярьдаг. Би бол сэтгэл хөглөгдөж, жаргал зовлонгийн баланс аль нэг тийшээ хэлтийгээд ирсэн үед, доторх бодол санаагаа илүү сонсож, гаргаж ирж бичдэг болов уу гэж боддог.  
Би бол нарийн нандин программтай эмэгтэй биш. Ингэж ярьж байгаа маань ядахдаа хүйсээ хүндэтгээгүй бүдүүлэг хэрэг л дээ. Энэ хорвоод эмэгтэй хүн болж чадаагүй өчнөөн харамсал тэнэж яваа шүү дээ. Гэхдээ би ямар ч үед  байнга уншиж л байдаг, тархиндаа нэг ч гэсэн сайхан зүйл нэмье гэж эрмэлздэг хүн. Миний тархи хогийн сав биш болохоор зарим хүмүүсийн номыг би унших нь битгий хэл хардаг ч үгүй. Эмэгтэй хүн бол хэзээ ч тайлагдашгүй, ухаж баршгүй сэдэв. Эмэгтэй хүний дотор байдаг бүхнийг гаргасан уран зохиол, өгүүллэг, уран бүтээл хийх нь миний мөрөөдөл. Энэ амьдралын хамгийн гол, магадгүй дотор нь эр хүн ч оршин байдаг тэвчээрлэг нугаршгүй, зовлон туулах хэтэрхий их чадвартай, байж болох бүхий л шүүлтүүрээр соригдож байдаг гол дүр бол эмэгтэй хүн. Мэдээж эр хүний дүр маш чухал. Тэд бол шалтгаан.
Энэ бүхнийг гаргаж бичихийг л хүсдэг. Харин сүүлийн үеийн уран зохиолд түүхэн эмэгтэйчүүдийг хэт товойлгосон хаос явагдаж байгаа нь таатай санагддаггүй. Тархи нь сул дорой байх тусам хуучин түүх, хуучин дурсамжаа сөхдөг нь хүн төрөлхтний зан. Жендер гэхээр бид хатавчинд биш хойморт явсан гээд гүжирмэгээр дайраад байх ийм өгөгдлөөр өнөөгийн шинэ нийгэмд байлдаад ерөөсөө хэрэггүй.
 
-Та хэзээ нэгэн цагт дурсамжаа бичих үү?
-Бичнэ.
-Ямар байх бол?
-Аймаар үнэн, амьд халуун. Хар залуугаасаа сэтгүүлчийн мэргэжилд дурлаад, сэтгүүлчийн тавилангаар амьдарсан, адал явдал, цус буцалгам юм болгоноор дүүрэн амьдрал.  Залуу байхад ийшээ ч харсан учрал, тийшээ ч харсан учрал, тэр болгоныг дурлал гээд буруу ойлгочихдог ч үе байна. /инээв/ Ер нь бол сэтгүүлчид дурлах зав байдаггүй талдаа шүү. Гэхдээ залуу байхад уулзсан гоё хүн, гоё сурвалжлагандаа автаад тэрний л үг үнэн юм шиг автах зурвасхан үе бий. Гэхдээ тэр бол бэлтгэл ангийн жаахан үе л дээ.
-Таны зочдоос хамгийн гоё, хамгийн үнэн, баггүй хүчтэй ярилцагч хэн бэ?
-С.Баяр.  Амьдралынх нь бүх үеүдэд ярилцаж байсан даа. Хулангаас салаад буудалд буучихсан байхад нь хамгийн анх гүйж очоод ярилцаж байлаа. Ц.Нямдорж байна, яаж ч харагдахаас сийхгүй. Дагваа аварга гоё ярилцагч байсан. Өө..., поп Сарантуяа. Үнэхээр надад тийм эмэгтэй зочин тааралдаагүй. Загвар өмсөгч Одгэрэл, Мичидмаа бүгдээрэнтэй нь ярилцаж байсан. Бас их гоё, нандин ярилцлагууд. Гэхдээ бүтэн биш. Харин Сараатай бол дахиад ярилцвал өөрөө түгшмээр үнэхээр дээд түвшний ярилцлага хийсэн боловч манай судлаач нар ойшоогоогүй.
Миний ярилцагчид олон доо. М.Зэнээ гуай их гоё ярилцагч байсан. О.Дашбалбар агсан байна. Надад оюутнууд, судлаачдад ч хэрэг болчихоор хэмжээний архив бий. Гэхдээ сэтгүүлч хүн хүний нууцтай ажилладаг. Тэр нууцтай харилцах соёл одоохондоо дутмаг л байна. Зарим нь миний битгий гаргаарай гэснийг гаргачихсан байна гэж уурлаад, үглээд явдаг нь ч бий. Энэ нь манай монголчуудын зөвхөн гоёор үлдэх гэсэн хүсэлтэй холбоотой. Гэхдээ тэр гоё гэдэг  ойлголт нь юу юм бэ? Залуу байхад баримтандаа хэт шунаж, амжилтандаа хэт улайраад тэр түүхээс алийг нь дэлгэж, алийг нь авч үлдэх вэ гэдгээ бодохгүй явсан үе бий. Гэхдээ түүх гэдэг гашуун үнэнээрээ л байх хэрэгтэй. Хүн түүхээ гоёчлоод эхлэхээр шедевр болохгүй шүү дээ.
Энэ л их гунигтай. Манай одууд Коко Шанелл шиг, Моданна, Монро, Алла шиг судлагдахуун болохгүй л байна. Ч. Мөнхшүрийн амьдрал тэр чигээрээ домог. Гэтэл тэр бүрийг үнэнээр нь өгүүлэхэд хэцүү ч үе бий. Дандаа л дутуу ажлууд гараад байгаа юм даа. С.Удвал гуайн түүх гэхэд үнэнээрээ ерөөсөө үлдээгүй. Л.Цогзолмаа гуай бүх түүхээ аваад өрөөндөө ороод хумиад суучихлаа. Н.Сувд ч гэсэн бүхэл бүтэн түүх домог атал сонгинын хальс шиг давхар, давхар бүрхүүлтэй болчихсон.  Нэгэн цаг үеийн шүтээн л байсан юм чинь  түүх нь түүхээрээ, үнэн нь үнэнээрээ үлдэх хэрэгтэй. Б.Сарантуяа бол хайрлаж ч чаддаг, хаяж ч чаддаг, бүх юм нь ил.
Мэдээж түүний амьдралд далд зүйл байдаг л байх. Гэхдээ ард түмэнтэйгээ ойрхон өөрийнхөөрөө байх тусмаа улам л хайрлагдаад, хайрыг нь татаад яваад байдаг. Айлын амьдрал нураалаа, бутраалаа л гэдэг. Үүнийг тонгоруулаад нөгөө талаас нь харах юм бол маш их учрал хагацал нарийн асуудлууд байгаа. Судлал шүүмжлэлийн ай салбар өөрөө байхгүй болчихсон, сэтгэл судлал, намтар судлал зогсонги байдалд байна. Хараалгах, муу хэлүүлэхээс айлгүйгээр  нийгмийн зөв хандлагууд, оролдлогууд, аливаа соёлын төлөвшлүүд дээр нэгдэж явах ёстой юм даа,уг нь манай сэтгүүлч нар. Үнэндээ сэтгүүлч бид соён гэгээрүүлэгч, нийгмийг эмчлэгч гээд ямар ямар ч үүрэгтэй болчихов. Энэ хорвоод зуд, үер болсон ч сэтгүүлчдийн буруу ч болчих нь л халаг боллоо. Өөрсдийг нь од болгосныхоо төлөө эргээд өшигчүүлээд  л явдаг болчихлоо.  Гэхдээ бид энэ намтар судлалын салбарт бол өөрсөддөө нэмэлт үүрэг болгож аваад судлаад хадгалаад, баталгаажуулаад явах ёстой юм.
 
-Нууцтай байна гэдэг, дотоод сэтгэлийн хүчгүй, комплекстэй холбоотой юм биш үү?
-Амьдрахуй маань өөрөө соёлын дутмагшилд орчихоод байна. Бид аягүй өрөвдөлтэй байхгүй юу. Соёлын дутмагшлаа дарахын төлөө бид ч бас хичээх ёстой. Ялангуяа одууд, үнэхээр чи стар юм бол өөрийнхөө нэр хүндэд таарсан энтертаймент үзүүл, энэ ард түмнийг соёлд, шуугиан дуулианд сурга. Хүлээн авалт, шөнийн цэнгүүнд алмайруулж сурга. Өөрийнхөөрөө үлгэрлэ л дээ. Бүгдээрээ хажуу энгэртэй дээл өмсчихөөд л балайраад явцгаах юм. Үндэсний өв соёлоо таягдан хая гээгүй шүү. Зүгээр л дэмий туйлшралд хамаг насаа үрэх юм.
 
-Ингэхэд та сэтгүүл зүйгээс алдар нэрээс өөр юу авав?
-Мэдэхгүй, одоо байгаа зовлон, жаргал бүхнээ л авсан байх даа. Миний анх гарч ирж байсан үе гоё байж. Хэн нь илүү, тэр туг нь байдаг. Илүүдээ л тэд ёсолно. Надаас 20, 30 ах Ш.Цэрэнпил Г.Дашрэнцэн гээд мундаг сэтгүүлчдийг би “Чи” л гэдэг пацаан явлаа.  Тэд ч намайг хүлээн зөвшөөрдөг, тэдэнд намайг хүндэтгэх хүндэтгэл байсан. Яагаад гэвэл би дарга нь, би багийнх нь удирдагч байсан юм. Надад намд элсэх санал харин ч нэг ирж байсан. Над шиг ааштай хүн тохирохгүй байх гээд би тоогоогүй. Далд болгоныг ил гаргах мөнхийн сэдлэгтэй байнга л чихээ сортолзуулж явдаг дадалтай болчихсон хүн чинь далд юмыг ил байлгах гэж зовно. Аягүй бол хаалттай хуралдааны мэдээллийг нь ил болгож хаяад баларсан юм болно. /инээв/    
Ганаа ийм л хүн. Хэнийг ч улалзтал нь шүүмжилж, юуг ч нууж хаахгүйгээр ил гаргаж, заримдаа  хэтэрхий бардам ч юм шиг. Тэгсэн хэрнээ гэгэлзсэн зөөлөн сэтгэлтэй уяруу  хүн. Гарцаагүй үнэн нь тэр өөрийнхөө сонгосон сэтгүүл зүй хэмээх амьдралдаа үнэнч, тамын тогоо гэмээр тэр ертөнцдөө л буцалж явна. Ганаадаа амжилт хүсье.


А.АЛТАНТУЯА

No comments:

Post a Comment