Tuesday, 6 August 2013

Ш.Батхүү: Ямартай ч монголынхоо эдийн засаг, төсөвт хүндрэл учруулсангүй, монголчуудаа хохироосонгүй. Үлдсэн асуудлаа өөрөө шийднэ



“Ярилцъя” та бүхэнтэйгээ шинэ зочны хамт уулзаж байна. Тэр бол “Жаст” группын захирал Ш.Батхүү. Олон түмний хувьд тэр хамгийн сонирхолтой хүн болчихоод байна. Зарим талаар гайхшруулж, зарим талаар муучлуулан хараалгаж, бас баалуулж зогсоо түүний ертөнцөөр уншигч та аялна уу. Монгол компанийн уруудалт, монгол хүний эрсдэл бол ямартай ч та бидний баярлах зүйл биш юм. Тийм ч учраас уншигчид маань Ш.Батхүүд юу тохиолдов, чухам юунаас болж ийм байдалд оров, цаашаа яах уу гэдэгт сэтгэл чилээж байгаа биз ээ. Ингээд та бүхнийг хамт үлдээе дээ.
Нэлээд өндрөөс овоо нүх рүү уналаа

-Өнөөдрийн байдлаар та сэтгүүлчдийн хувьд хамгийн эрэлттэй зочин болчихоод байна. Ярилцах хүсэлтийг маань хүлээж авсанд баярлалаа. Уулзвал асуух юмсан гэж бодож байсан зүйл олон байна.

-Би бүх асуултад чинь хариулна.

-Баярлалаа. Таны бизнесийн түүх их чимээгүй үргэлжилж ирсэн. Ер нь бол манайд бизнесмен тайзны од хоёр ялгаагүй дуулианаар бүчүүлж байдаг болчихсон шүү дээ. Та бол тэднээс ялгаатай оршиж ирсэн болов уу ?
-Тийм байх.

-Харин өнөөдрийн хувьд хамаг зүйлээ алдсан, хүндрэлд орсон, зарим талаар мэхлэгдсэн гэх нэгэн миний өмнө сууж байна. Хэдэн жилийн өмнө бол танаас олон салбар луу давшсан, их тийм анзаарагдам хурд харагддаг байсан.
-Тийм үү.

-Хэвлэлийн бага хурал дээр та их олон алдааг өөр дээрээ хүлээлээ. Энэ их шинэ санагдсан. Монголд бол хэвлэлийн хурлыг гагцхүү “Би буруугүй” гэж хэлэх гэж л зарладаг. Та харин “Энэ миний алдаа” гэсэн үгийг хэдэнтэй хэлнэ лээ. Би тоолж үзсэн. Ингэхэд таны алдаа яг хаанаас эхлэв ээ ?
-Мэдээж дүгнэлт хийж байна. Эргэж бүх зүйлийг бодож байна. Хаана алдав гэдэг дээрээ дүгнэлт хийж байна. Би энэ талаар хэвлэлийн бага хурал дээр ч хэлсэн. Миний хувьд “Монгол газар” компанитай холбогдсон маань гол алдаа байсан. Гэхдээ би Ц.Мянганбаярыг буруутгаж, гутаах гээд байгаа юм биш шүү. Нэгэнт холбогдсон нь өөрөө алдаа болохоор цаашаа гарч байгаа үр дүнгүүд нь үргэлжлээд үргэлжлээд л явчихсан. Би бизнесийн ертөнцөд ажиллаж амьдардаг хүний хувьд “Монгол газар” гэж ямар компани вэ, түүний захирал Ц.Мянганбаяр гэж хэн бэ, нэр хүнд нь ямар вэ гэдгийг монголын  бизнесийн салбарын бусад хүмүүсийн нэгэн адил мэдэхгүй биш мэдэж байсан. Бизнес гэдэг  чинь  ер нь бол борлуулалтаа нэмэгдүүлж явахыг л хэлдэг юм шүү дээ. Борлуулалтыг тодорхой хэмжээнд эрсдэл хийж байж л нэмэгдүүлнэ. Одоо тэгээд борлуулалтаа нэмэгдүүлэхийг шуналтай гэж хэлнэ үү, юу гэж хэлнэ үү хамаагүй. Тоглоомын зарчим нь өөрөө тийм. “Монгол газар “ компанид манайх бүр 2000-аад оны эхээр л шатахуун нийлүүлж эхлэсэн түүхтэй. Шатахуун зардаг айлд борлуулалтаа нэмэгдүүлэх зорилго байж таарна. Ц.Мянганбаярыг бас төлбөр дээрээ янз янз болдог гэдэг сургийг  монгол жижигхэн юм чинь дуулалгүй л яахав. Эхэн үедээ бол тэдний төлбөрийг нэлээн овоо болгож байгаад л “Иточү” корпорациас төлөөд байдаг байсан. Ингээд л яваад байсан. Явцын дунд нэг мэдсэн чинь авлага маань 10 гаруй тэрбум төгрөг болчихсон байсан. Тэгээд авлагынхаа араас явна биз дээ. Ийм хэмжээний мөнгийг зүгээр л за за, өгөхгүй юм чинь больё доо гээд хаячих хүн монголд байхгүй байх гэж бодож байна. Мөнгөө авах гэж явсаар байгаад эцсийн үр дүнд ийм л байдал үүслээ.

-Хоёр жилийн өмнө “Зоос” банкны гүйцэтгэх захирал хатагтай Чуданжий миний ярилцлагын зочноор уригдаж байсан. Нөгөө олон банкууд хүндрэлд орж байсан үе л дээ. Тэр үед Чуданжий “Жастын Батхүү бидний аврагч боллоо” гэж хэлж байсан. Ц.Мянганбаяр бол “Нэг их аврагч нь ч юу юм. Энэ бол бизнесийн л харилцаа” гэж хэлж байсан. Улсдаа томдчихсон нэг төсөлтэй, Төр нь ч нийгэм нь ч ойлгож дэмжиж өгөхгүй, жижиг орны бизнесмен хүний зовлонг эдэлж явна даа л гэх үг хэлж байсан. Тэр үеэс эхлээд “Олон овоот” гэдэг төслийг монголчууд мэддэг болсон. Оюутолгойгоос дутахгүй л шуугиулж ирлээ. Ер нь бол өр болгоныхоо өмнөөс “Олон овоот”-оо барьчихаад л яваад байсан хүн юм аа даа ?
-Бараг л үнэн.

-Тэр үед “Олон овоот”-ын нөөцийг 4,2 тонн гэж эхэлж тогтоосон тухай баримт бол дуулдаж л байсан. Гэтэл явсаар өөрийг тань 25 тоннын нөөцтэй гэж мэхлэсэн болж хувирч байх шиг байна. Та бол биологийнхоо насаар ч, бизнесийн туршлагаар ч гэнэн хөвгүүн биш шүү дээ.  Зүгээр л нэг нөөцийг нь тэд гээд биччихсэн цаасанд хууртагдсан гэвэл дэндүү үнэмшилгүй юм биш үү?
-Маш үнэн. Би бол Ц.Мянганбаярыг зүгээр л ийм төсөл гээд ярихаар нь гүйж очоод л авчихна гэж мэдээж байхгүй. Үнэндээ бол би өр авлагынхаа араас идэвхитэй яваад эхэлсэн. Нөхөр ч нэг хэсэг огт баригдахгүй зугтаасан. Тэгээд барьж аваад ярилцсан. За, одоо ямар гарц байна гэсэн. “Олон овоот” байна гэсэн. Тэгвэл наад төслийг чинь судланаа хө. Ингээд юмнуудтай нь танилцсан. Үнэхээр ингээд үзэхээр яг хоёр баримт байсан. Нэг нь Канадын “Вардроп Инженеринг” компанийн хийчихсэн судалгаагаар 22 тонн алтны нөөцтэй гээд гарчихсан баримт. Олон улсын хайгуулын компани л даа. Хоёр дахь нь манай Ашигт малтмалын газрын харъяа Эрдэс баялгийн зөвлөлөөр ороод нотлоод, 18,5 тонн гэж гараад, үүнийг нь “А” лицензээр баталгаажуулчихсан баримт байсан. Ийм хоёр баримт байсан. Эхний удаа бол ямар ч байсан ийм төсөл рүү ороход би мөнгөө олж авах юм байна гэж үзнээ дээ. Гэхдээ нөхөрт мөнгө өгөөд бол бүтэхгүй. Тэгэхээр энэ төсөл рүү өөрөө ороод, өөрөө удирдаад аваад явбал яасан юм. Болохгүй ч юм биш. Ингээд орсон. Авсныхаа дараа хэд хэдэн өрөмдлөг хийсэн. Өвөл байсан.

-Өрөмдлөг чинь өөрөө асар өндөр өртөгтэй ажил биз дээ?
-Тэгэлгүй яахав. Өндөр өртөгтэй. Хүмүүс намайг “Олон овоот”-од шунасандаа, эсвэл гэнэдээд орчихсон гэж бас ойлгоод байх шиг байна. Тийм биш. Тухайн үед энэ “Монгол газар” чинь манайд баахан шатахууны өртэй. Өөр бас баахан газар өртэй. Хаана хэнд ямар өртэй нь огт мэдэгдэхгүй. Тэгээд ярихаар л өгнөө өгнө л гээд байдаг. Би чинь бас бизнесмен хүн юм чинь хүнд утга учиргүй дээрэлхүүлээд явахгүй шүү дээ.

-“Монгол газар”-аас авах таны авлага тэр үед хэд байсан бэ?
-18 тэрбум гаруй.

-18 тэрбумынхаа авлагад “Олон овоот”-ыг бүтнээр нь аваагүй биз дээ?
-Эхлээд бол үгүй. Авлагаа авах гэж анх яриа эхлээд энэ төсөл рүү 2006 оны эцсээр орсон юм. Төслийнх нь гадуур яваад, хий хоосон горьдоод, хүлээгээд байж болохгүй нь, дотор нь орж байж учрыг нь олно гээд л нэлээн ширүүн ярьж байж, бас овоо юм болж байж компани дотор нь орсон. Эхний удаа тэр “Эм Жи Эйч” гэдэг компанийнх нь 25 хувьд нь ороод хамтарч ажиллая гэж гэрээ хэлцэл байгуулсан. Эхлээд тэр дутагдаад байгаа хөрөнгө мөнгийг нь хамтарч босгоод, үйл ажиллагааг нь жигдрүүлье гэж ярилцсан. Надтай хамтарч ажилладаг Өмнөд Африкийн “Стандарт” гэдэг банк бий. Эд бол уул уурхайг сайн мэддэг, урт хугацааны төслүүдийг санхүүжүүлдэг банк. Тэдний зүгээс 40 сая долларын урт хугацааны зээл өгөх боломжтой гэж хариу өгч, бид ч гэрээ хэлцлээ хийгээд ажлаа эхэлсэн. Банкны зүгээс төслийн аудит хийлгэх Австралийн баг авчраад, бид зардлыг нь даагаад ажиллаж эхэлсэн. Хэдэн зуун мянган ам.долларын зардал ч гарсан. Гэтэл нэг өдөр за, Батхүү болъё. Чи энэ хувь мувиа боль. Манайд орохоо боль. Би Америкийн “Голдман сакс интернэшнл” компанитай ярьчихсан. Чи надад 40 сая ам.доллар олж өгөх гэж байхад энэ нөхдүүд надад 150 сая ам.доллар өгөх гэж байна гээд нэг бичиг үзүүлээд, үүнийгээ авангуутаа би чамд өгөх бүх өрөө төлчихнө гэсэн. Тэгээд бид хоёр ойлголцсон. За, яахав тэгье. Гэхдээ чи бас миний ажлыг зөндөө үрчихлээ. Энэ мөнгө босгоно гэдэг чинь тийм амар ажил биш гэдгийг чи өөрөө мэднэ. Гадны компани авчирч өрөмдлөг хийлгэнэ гэдэг чинь бөөн зардал. Баахан зардал гаргаад явж байхад гэнэт замын дундаас нэг өдөр буцаад л үнэхээр муу байна. Гэхдээ надад наадахад чинь шунаад байх юм алга. Чи миний мөнгийг өгчихвөл болж байна гээд бид хоёр “Голдман сакс”-аас мөнгө ороод ирчихвэл бүх өрийг маань төлнө гэсэн гэрээ, төлбөрийн хуваарь хийгээд, би компанийн хувиас гарсан. Сар өнгөрлөө. Улирал өнгөрлөө. Хагас жил өнгөрлөө. Жил хагас өнгөрлөө. Нэг ч төгрөг өгөөгүй.

-Ц.Мянганбаяр “Жаст”-тай 50:50 хувь хамтарсан компани байгуулаад ажиллаж байгаа гэж ярьж байсан шүү дээ. Тэр тэгээд хэзээ юм бэ?

-50:50 гэдэг бол 2009 оны асуудал. Дээр ярьсан зүйл бол 2006-2007 оны эцэс хүртэлх асуудал шүү дээ. Би нэр төдий л компанийн хувьд нь байсан, үйл ажиллагаанд нь оролцох битгий хэл, ямар ч ойлголтгүй байсан. Тэр үед нөхдүүд “Зоос” банкнаас зээл аваад яваад байсан. “Бид нар одоо цахилгаан станц барих гэж байгаа, өртөг хамаагүй буурна, ашиг гэж ч хамаагүй их болно энээ тэрээ” гээд л байсан. Зээлийнхээ барьцаанд нэг “А” лиценз, бас газрын ховор элементийн нэг лицензийг барьцаалсан байсныг нь бол мэдэж байна. Тэгээд удалгүй би компанийн хувь эзэмшлээс гараад, жил гаруй болчихоод мөнгийг маань өгөхгүй болохоор нь эргээд ороод ирсэн чинь байдал бүүр дордчихсон байсан.

-Зээл аваад хөдөлж байсан улсууд яахаараа бүр дорддог билээ?
- “Зоос” банкны хувьд барьцаагүй болчихсон, лицензүүд нь суллагдчихсан байсан. 2009 оны дөрөвдүгээр сарын асуудал л даа. Тэгээд “Зоос”-ынхон надад хандсан, бид “Монгол газар”-ын учрыг олохоо болилоо, та ч зөндөө авлагатай юм байна. Банкны хувьд төсөл рүү өөрсдөө орно гэхээр аж ахуйн ажлын туршлага байхгүй, та ороод бидэнтэй хамтраач гэж. Бид нэлээд удаан ярилцсан, тэгээд юу ч гэсэн ороод үзье, тэртэй тэргүй алдчихсан юм чинь гээд ширүүн дайрч орсон л доо. Ороод үзсэн, гэтэл энэ төсөл аль хэдийнэ 180 тэрбум төгрөгийн өртэй болчихсон байсан. Энэ төсөл ийм хэмжээний өртэй гэдгийг үнэндээ зээл өгсөн банкууд ч тэр, бусад нь тэр хэн ч мэдээгүй байсан. Бодит байдал ийм болсон гэдгийг манайх орж байж л мэдэж, холбогдох банк санхүүгийн байгууллагуудтай ярилцаж эхэлсэн юм шүү дээ. Хэрвээ бид ороогүй байсан бол одоо хүртэл энэ асуудал сөхөгдөөгүй ч байж магадгүй юм.

-Нэг буцаад, ахиад эргээд ороод иртэл байдал бүр шалдаа буучихсан байжээ. Тэгээд юу болсон бэ?
-Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан, нуух юм алга. “Анод” банк бараг дампуурчихсан байсан, мөн “Зоос” банк, “Голомт” гээд бусад банкууд дээрх  зээлүүд ч хүндэрчихсэн байсан. Юуны өмнө өөд татчихмаар юм нь нөгөө 18,5 тонн нөөцтэй, “А” лицензтэй орд нь, тэгээд түүн дээрээ үйл ажиллагаа явуулаад дөрвөн тонн алт олборлочихсон, үүнийгээ түшиглээд хүдэр баяжуулах үйлдвэрээ барьчихсан байсан. Хэцүү тал нь 180 гаруй тэрбумын өртэй, байгаа актив хөрөнгө нь 54 тэрбум, нийт 130 тэрбум төгрөг сох дутаастай. Би өнөөдрийг хүртэл гайхдаг юм, энэ банкууд яаж тэр балансыг харахгүйгээр зээл өгөөд байсныг. Манай хувьд бол яахав, шатахуун өгч байгаад  хуримтлагдсан авлага. Ер нь бол “Олон Овоот”-ын төсөл сонгодог утгаараа дампуурчихсан л байсан. Төсөл дампуурсан үед өр төлбөрийг шийддэг хоёрхон л арга бий. Төслөө татан буулгаад, байгаа тэр 54 тэрбумын хөрөнгийг нь 20-30 тэрбумаар зараад өр төлбөртэй айлууд өр төлбөрийнхөө 20-30 хувийг л олж авах. Эсвэл төсөлдөө дахин хөрөнгө оруулалт оруулаад, ирээдүйн ашгаас нь өр төлбөрөө арай ихээр барагдуулж авах.  Энэ хоёр аргын алинаар нь явах вэ гэдгийг бодож бодож шийдвэр гаргасан юм. Алдах мөнгөний хэмжээ бас их болоод байдаг, “Зоос” банкныхан маань бас хүсэлт тавиад байдаг. Ингээд бид нар  2009 оны зургадугаар сард “Олон овоот” компанийнх нь 50 хувьд орсон. Орсон шалтгаан тодорхой. Нөхдүүд маань энэ ажлаа цааш нь явуулах бололцоогүй болчихсон. Бүр ямар ч мөнгөгүй болчихсон. Хөрөнгө гаргаж чадах нь манайх. Хэрвээ бид хөрөнгө оруулах юм бол мөнгөнийхөө зарцуулалтанд өөрсдөө хяналт тавина гэдгээ хатуу тохирч орсон. За, ингээд бид 50 хувьд нь ороод, дахин хөрөнгө оруулалт хийгээд ажиллаад эхэлсэн. Хөрс хуулалтын хоцрогдлыг арилгахаас, тодруулбал өнгөрсөн хугацаанд дутуу хийгдсэн ажлыг нөхөж хийхээс эхэлсэн. Энэ нь нэлээд хэмжээний зардал гардаг болохоос орлого олдоггүй ажил. Яг  Ц.Мянганбаяртай хамтраад ажиллаад эхэлсэн чинь асуудал үүсээд эхэлсэн. Хэдийгээр бид санхүүгээ барьж байгаа боловч тэнд ажиллаж байгаа ажилчид нь Ц.Мянганбаярынх, хамгаалалт нь тэднийх. Жаахан алт гаргаад, авах үед л асуудал үүсээд ирсэн. 

-Хэцүү л нөхцөлд ажиллаж ?
- Байдал үнэхээр ийм л байсан, хэн ч хэлнэ дээ. “Олон Овоот ”-ын төслийн 50 хувьд орсон гээд байгаа маань “Монгол газар”-ын 50 хувьд бус, “Олон овоот гоулд” компанийг шинэчилж байгуулаад, 50 хувьд нь орсныг л хэлээд байгаа юм шүү дээ. Энэ компани маань үнэндээ ямар ч лицензгүй, хов хоосон компани байсан юм. Бүх алтны лицензүүд нь “Монгол газар”-ын өөрийнх нь нэр дээр, эсвэл охин компаниудынх нь нэр дээр. Бид эдгээр лицензүүдийг “Олон Овоот гоулд” компани дээр шилжүүлж авчирна гэж тохиролцсон, гэрээ хэлцлээ ч байгуулж, баталгаажуулсан байсан. Эдгээр лицензүүдийг монголын аль ч банкинд барьцаалагдаагүй, “Зоос”, “Анод” банкнаас суллаад “Голдман сакс”-д аваачаад тавьчихсан байсан. Тэгэхээр лицензүүдээ олж авахаар ажлаа эхлүүлээд байж байтал “Зоос” банкны удирдлага солигдоод, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкныхан болсон. “Олон Овоот”-ын алтны төслийг бид удирдаад эхэлсэн байсан болохоор тэд нар дуудсан, бид ч очиж уулзсан. Уг нь бид “Зоос”-ын өмнөх удирдлагатай ярилцаад, зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг нь сунгаад, бүтцийн өөрчлөлт хийчихсэн, барьцааг нь ондоо багтаан хангуулна гээд үүрэг хүлээчихсэн байсан юм. Гэтэл ЕСББ-ны нөхдүүд хэлж байна, энэ зээл дээр бүтцийн өөрчлөлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй, тэгээд ч барьцаагүй байгаа тул муу зээл гэж үзнэ. Манай “Зоос” банк нь хувьцаат компани , тэгэхээр ном журмын дагуу энэ зээлийг муу зээлд ангилж, санхүүгийн тайлан балансдаа үнэн зөвөөр тусгах ёстой, хэрэв есдүгээр сарын 30-ны дотор барьцааг хангуулж чадахгүй бол бид үүнийг банкны алдагдал гэж мэдээлэхээс өөр аргагүй гэж. Энэ яриа 2009 оны долдугаар сарын сүүлээр болсон, асуудал шийдэхэд хоёр сарын л хугацаа өгсөн. Энэ хоёр сарын хугацаа нь “Зоос” банкийг дампууруулах уу, үгүй юу гэдгийг шийдэх хугацаа байсан, ЕСББ-ны хувьд “Зоос” банк дампуурах эсэх нь сонин биш байсан гэж би ойлгож байгаа, харин “Зоос” банкны хувьцаа эзэмшигчид, харилцагчид, улмаар монголын банкны систем, Монгол төрийн хувьд энэ нь бол харин асуудал байсан. 

-Хүндрэлд орж, тал талаасаа шахуулсан Ц.Мянганбаяраас үндсэндээ луйвардаад шахам лицензүүдийг нь авчихлаа гэсэн яриа тэр үед бизнесийнхний заримынх нь амнаас гарч байсныг санаж байна.
-Ц.Мянганбаяр надад луйвардуулчихаар хүн биш л дээ. Би ч түүнийг  луйвардчихаар сүрхий биш гэдгийг бизнесийнхэн бол мэднэ л дээ. Тэгж тайлбарлах шаардлага хэн нэгэнд нь байсан юм байлгүй дээ гээд тоогоогүй юм. Ер нь лицензүүд бол Ц.Мянганбаярт ч биш, “Анод” ч биш, “Зоос”-д биш харин “Голдман сакс”-т оччихсон байсан. Тэгээд ч дээр дурьдсанаар лицензүүд Ц.Мянганбаяр өөрөө 50 хувийг нь тухайн үед эзэмшиж байсан “Олон Овоот Гоулд” компани руу шилжсэн юм шүү дээ.

-Маш аюултай нөхцөл байдал үүсчээ. Танд бол хугацаа бага өгсөн юм байна шүү дээ. Гэтэл лицензүүд нь өөр газар түгжээтэй, хөдөлгөөнгүй болчихсон байдаг ?
 - За тэгээд “Голдман сакс”-тай хэлэлцээр эхлүүлсэн, танайд барьцаалагдсан лицензүүд анхнаасаа монголын банкуудын барьцаанд байсан, танайхаас авсан зээлээр эдгээр банкуудын зээлийг төлнө гэсэн нөхцөлтэйгөөр суллагдсан байсан. Гэтэл зээлүүд төлөгдөөгүй учраас барьцаа буцаж монголын банкуудын барьцаанд ирэх ёстой, нэгэнт байдал ийм болсон болохоор лицензүүдийг дундын барьцаанд шилжүүлээд, төсөл дээр танайх хяналтаа тавиад яваач, эсвэл бид танай зээлийг анх олгосон хэмжээнд нь төлж барагдуулъя, хүү, алдангиас чөлөөлөөч гэх байдлаар яриа хийсэн. Гэтэл албан ёсоор огт хариу өгөөгүй мөртлөө, монголд нэг нөхөр ирээд, тийм юм байхгүй, барьцааг борлуулаад бид өөрсдийнхөө өрийг төлүүлнэ, бусдын тэр зээл, төлбөр бидэнд огт хамаагүй гэсэн.
- Тэгээд та яасан?
- Уг нь “Голдман сакс”-ын хувьд бусдаас хамаагүй дээр нөхцөлд байсан шүү дээ, зээлээ төлүүлж байсан, хүүгээ ч авч байсан, зарим үед бүр чадахгүй болохоор нь торгууль ч авч байсан. Эд нар энэ төсөлд хамгийн эхнийх нь зээл өгсөн хүмүүс ч биш, хамгийн том зээл өгсөн хүмүүс ч биш. Зүгээр л туршлагатай, хуулийн талдаа сайн үйл ажиллагаатай болохоороо барьцаагаа сайн хангуулсан л байсан. Гэтэл уг төсөлд хөрөнгө оруулсан 100 гаруй иргэн, олон банкууд, монголын иргэд барьцаа ч байхгүй, зээлээ ч төлүүлдэггүй,хүүгээ ч авч чаддаггүй. Дээрээс нь барьцаагүй гэдэг үндэслэлээр “Зоос” банк дампуурчих гээд байдаг. Би ганц жишээ л хэлье. Багахан эргэлттэй, тос зардаг залуугийн байгаа бүх тосыг нь төлбөрийг одоохон хийнэ гэж хэлээд хамаад авчихсан. Төлбөр нь хийгдэхгүй болохоор бизнес нь шууд зогсчихсон. Хүүхэд нь Бээжинд сурдаг байсан, төлбөрийг нь хийж чадахгүй болоод сургуулийг нь завсардуулаад. Тэрнээсээ болоод эхнэртэйгээ муудалцаад салах дээрээ тулчихсан явж байгаа байхгүй юу. Зарим нь мэдрэлийн ядаргаанд ороод өвчтэй болчихсон. Ийм юм зөндөө болж байсан.Төслийн 50 хувьд бид нарыг  орсон сургаар манай компанийн үүдэнд өр төлбөрөө авах гэсэн хүмүүс дараалаад л зогсдог болсон доо. Манайх 70 орчим хамгийн хүндрэлтэй иргэд, жижиг байгууллагуудын өрийг өөрсдийн эх үүсвэрээс тухайн үед барагдуулж өгсөн.  Байдал ийм л байсан. Нэгэнт “Голдман сакс”-тай хэл амаа ололцохгүй байсан болохоор хуулийн өөр гарц юу байна гэж хайсан. Монголынхоо хуульчидтай ярьсан. Нөхдүүдийн хуулийн хүрээнд хийсэн алдааг олж, тэр алдаан дээр нь дөрөөлөөд Ашигт малтмалын газарт гомдол гаргаад алтны лицензүүдийг нь “Олон овоот гоулд” компани руугаа шилжүүлж авчирсан. Тэгээд монголын банкуудынхаа дундын барьцаанд тавьсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагаа 11 сарын сүүлээр болсон. Есдүгээрр сарын 30-ны хугацаа өнгөрсөн болохоор “Зоос” банкин дээр “Олон Овоот”-ын зээлийг банкны 100 хувийн алдагдал болгон, сонин дээр зарласан. “Зоос” банкнаас хүмүүс мөнгө татаж, төлбөрийн хүндрэлд орсон учраас “Монголбанк”-наас “Зоос” банкинд мөнгө өгч, БЭТ томилогдсон. 

-Тэгсэн.
-За, ямар ч байсан “Олон Овоот”-ын алтны ордтой холбоотой 13 лицензийг би амласнаараа бүх банкуудын дундын барьцаанд авчирч тавьсан. Дээрээс нь би бас “Голдман сакс”-д мөнгийг нь өгөхгүй гээгүй юм шүү дээ. Зүгээр л та бусадтай адилхан нийтийн очерт зогс л гэсэн юм. Надад бол зах дээр чингэлэг дотор зогсоод юм зардаг монгол залуу юу, “Голдман сакс” уу хамаа байхгүй. Та бүхэн бусдын адил дугаарла л гэсэн. “Голдман сакс”-ынхан ирж намайг дээрэлхэх гэж, доромжлох гэж үзсэн. Одоо ч гэсэн хорсож л явдаг байх. Ямартай ч тэдний лицензүүдээ зарах гэж байсан үйл ажиллагааг нь зогсоож чадсан. Гэтэл яг шилжүүлэх дээрээ тултал Ц.Мянганбаярын зүгээс шилжүүлэхгүй гэж бас асуудал үүсгэсэн, нуух юм юу байх вэ. Нэгэнт гэрээ хэлцэл хийгээд, Ц.Мянганбаяр гарын үсгээ зурчихсан, өргөдлөө ч албан ёсоор гаргачихсан байсан учраас буцах гарц манай нөхөрт байгаагүй л дээ. Тэр үеэс эхлээд л маш их гүтгэлэг, янз бүрийн ажиллагаа явж эхлэсэн. 100 тоннын алтны ордыг нь дээрэмдээд авчихсан. “Олон овоот”-ын ордын лицензийг авах гэж “Анод” банк, “Зоос” банкуудыг дампуурууллаа. “Зоос” банкийг авах гэж гадныхантай хамжиж ингэж сөнөөлөө гээд л хэвлэл мэдээллийн дарангуйлал явсан. Би нэг л юм асуудаг. Байхгүй юмыг нь авахын тулд юун сөнөөлт вэ. Тэр бүх лиценз чинь “Голдман сакс”-д байсан. Худлаа ярьж байгаа хүн ер нь логикгүй юм ярьдаг л даа. Нэг талдаа “Голдман сакс”-аас олон улсын санхүүгийн байгууллагын лицензийг нь дээрэмдээд авчихлаа, эвий минь гэж шуугина. Нөгөө талдаа ийм мундаг лицензийг дотоодын банкуудаас авах гээд чадахгүй болохоороо дампууруулчихлаа гэж ярина. Тэнд байхгүй юмны төлөө банк дампууруулна гэж юу яриад байна вэ. Энэ үйл явцад яг оролцсон хүмүүс бүгд амьд сэрүүн байгаа. Энэ асуудлаар “Зоос” банкийг удирдаж байсан гадна дотныхон, ер нь энэ үйл явцад оролцож байсан нэг ч хүн хэзээ ч банкны дампууралд намайг буруутгаж байгаагүй. Учир нь дээрх буруутгах гэсэн цуу яриа огт үндэслэлгүй гүтгэлэг. Хаа хамаагүй янз бүрийн нөхдүүд л шүүрч авч хашгирч байгаад сургаар цуу яриа дэгдээсэн. 
Худлаа ярьж байгаа хүн дандаа логикгүй ярьдаг

-За, яахав ингээд хоосон компани байгуулаад, гадны барьцаанд байсан лицензүүдийг авчирч.  Нөгөө дундаас нь сох дутсан 135 тэрбум нь тэр 13 лицензийн үнэ ч байж болох. Гол нь хөрсөн дор юм байсан уу, үгүй юу?
- Хөрсөн дор юу байна вэ гэдэг дээр хоёр баримт байсан гэж би дээр хэлсэн.  Канадын “Вардроп Инженеринг” компанийн тогтоосон нэг баримт, манай АМГ-ын Эрдэс баялгийн зөвлөлийн тогтоосон нэг баримт. Үүнийг нотлохын тулд би  Солонгосын компаниар хяналтын өрөмдлөг  хийлгэсэн. Бүрэн хэмжээний өрөмдлөг хийлгэх зардал мөнгө байгаагүй л дээ. Лицензүүдээ суллаж авчрах, банкуудтай асуудлаа ололцох, өр төлбөртэй нөхдүүдийг шийдэх гээд өчнөөн ажлын хажуугаар Ц.Мянганбаяртай хэл амаа ололцох гээд бас асуудал үүссэн. Анх тохиролцоход 50-70 тэрбум гэж яригдаж байсан өр 180 гараад явчихсан, тэгээд үүнийг дарахын хажуугаар “Монгол газар”-ын үйл ажиллагааг санхүүжүүлэх болчихоод байдаг, сүүлд нь би бүр за, Мянгаа ерөөсөө болохгүй нь. Эсвэл би наад “Олон овоот”-ыг чинь бүтнээр нь 100 хувь авчихъя. Адилхан монгол залуучууд байна. Би чамайг гудамжинд хаяж байгаа биш. Энэ их өрийг чинь авч байна. Дээрээс нь яахав, энэ лицензүүд чинь байж байна. Чи нөөцөө 25 тонн гэж үнэхээр баталгаа гаргаад байгаа юм байна. Энэ АМГ-ын “А” лиценз гээд баталчихсан дүгнэлт байж байна. Би чамд 2,5 сая доллар өгье. Энэ төслөөсөө гарчих. Хоёулаа ингэж байгаад сүүлдээ бүр юу ч болж магадгүй юм байна гэсэн. Тэгээд нөхөр 25 тонн нөөц байгаа гэсэн баталгаа гаргасан гэрээ зураад, би 2,5 сая доллар өгөөд ингээд энэ компаниа 100 хувь авсан л даа. 2009 оны сүүлээр гэсэн үг шүү дээ.

-Та хяналтын өрөмдлөг хийлгэсэн гэсэн. Тэр үр дүн яаж гарсан юм?
- Хяналтын долоон цооног л “Олон Овоот”-ын гол орд дээр хийлгэсэн юм. Ойролцоогоор найм орчим тонн алтыг энэ ордоос авч болох юм байна гэсэн дүн гарсан юм. 2010 оны нэгдүгээр сард, ид хүйтэн тачигнасан үеэр Солонгосын өрөмдлөгийн компани авчирч хийлгэсэн юм. Би хэвлэлийн хурал дээр ярьсан даа. Би нөхрөөс асуусан гэж. За, Мянгаа одоо бүх юм өнгөрчихлөө. Зүгээр л чи адилхан бизнес хийдэг хүний хувьд надад хэлчих. Тэнд алт байгаа юу. Яг 25 тонн байхгүй гэдгийг бол би мэдэж байнаа гээд би асуусан. Үгүй ээ, Батхүү би өөрөө ухах гэж бэлдсэн юм чинь юун 25. Наадах чинь бүр бараг 100 тонн ч хүрч магадгүй гэсэн. Ингээд л бид салсан юм. Ярьсан яриа энэ.  Ядахдаа тэр найман тонн нь үнэхээр байсан бол энэ бүх асуудлууд шийдэгдчих байлаа.

-Бүр юу ч байхгүй байна гэдгийг тогтоосон эцсийн дүгнэлт бас байхгүй шүү дээ?
-Энд бид зөвхөн “А” лицензтэй, “Олон Овоот”-ын ашиглаж байсан ордын тухай л яриад байна шүү дээ. Цаана нь “Х” лицензтэй 70 мянган га талбай бол байгаа. Миний хэлээд байгаа зүйл Мянгаа надад за, Батхүү наадах чинь жаахан хэцүү шүү гээд хэлчихсэн бол би тийшээ олон арван тэрбум төгрөг хийж хоосон шороо ухаж байхын оронд тэрүүгээрээ нөгөө 70 мянган га дээрээ хайгуул хийчихсэн бол энэ талбайн үнэ цэнэ өсөх бас нэг гарц нь тэр байх байсан. Өр төлбөрөө төлөхөд арай хурдан нь юм, алтыг нь олборлож аваад зараад, гарсан зардлаа нөхөөд, ашгаар нь бүх зээлүүдийг нь төлөөд, өөрийнхөө мөнгийг аваад асуудлаа тэглээд дуусгачихна гэж тооцоо судалгаа найман тонн алтан дээр гарсан. Үүний дараа бас ийм том талбай байна. Хайгуул хийгээд үзэхээр аз нь хаячихаагүй л юм бол бас аятайхан юм олдоно гэж л найдаж байгаа шүү дээ гол нь. Тэгээд л “Олон Овоот”-ын ордын тэр нүх рүү зээл аваад, баахан мөнгө хийчихсэн дээ. Ил аргаар олборлоно гэдэг чинь 150 гаруй метрийн гүнд байгаа юмыг авахын тулд маш том нүх ухна. Түүнээс биш яг тэр байгаа хэсэг рүү нь л ухахгүй шүү дээ. Тэслээд л, ухаад л шороо зөөгөөд л байдаг. Мэргэжлийн хүмүүс анх ирээд яаж ийм гахайн хороо шиг уул уурхай хийдэг юм бэ гэж гайхширч байсан. Тэгээд л анхнаас нь бүх юмыг нь зөв авч явна гээд хөрс хуулалтыг эхлээд хийлгэсэн. Асар их хэмжээний хөрс хуулалт хийсэн. Сард хоёр сая тонн хөрс зөөдөг байлаа ш дээ. Хөрөнгө оруулалт хийсээр байгаад ерөнхийдөө бол хүндрээд эхэлсэн. Сүүлдээ Г.Алтан захиралтай уулзсан. Г.Алтан захирал 50 хувьд нь орсон. Үйлдвэрлэл ажиллуулаад болохгүй болохоор Г.Алтан захирал хамгийн сүүлчийн бүх өрөмдлөгүүдийг хийлгэсэн л дээ. Хоёр гавъяат урьсан. Маш нэр хүндтэй хүмүүс л дээ. Тэднээр судалгаа хийлгүүлсэн. Тэд энэ доор чинь юун 25 тонн, юун арван хэд вэ. Ердөө дөрвөн тонн хүрэхгүй л алт байна гэсэн дүгнэлт гаргасан. Одоо бид энэ асуудлыг сөхөж тавина. Өнөөдрийг хүртэл надад юун ийм хэрүүл хийх манатай байлаа шүү дээ.

-Бидний яриаг янз бүрийн төвшний уншигчид уншина. Тэдний зарим түрүүчээсээ тэгвэл энэ Батхүү чинь ямар ч нөөцгүй лицензээ Г.Алтанд өгчихөж байгаа юм уу. Тэгээд Г.Алтан эцэст нь яах болж байна вэ гэцгээх байх?
-“Олон Овоот”-ын ашиглаж байсан тэр ордын хувьд бол үнэхээр нөөц байхгүй, байгаа дөрвөн тонныг авахад гаргах зардал нь олох орлогоосоо илүү, өөрөөр хэлбэл эдийн засгийн үр ашиггүй. Г.Алтан захирлын хувьд эрсдэлтэй алхам хийж, энэ төсөл рүү орчихоод байгаа нь үнэн. Нэгэнт одоо ашиглаж байгаа ордыг цаашид олборлох нь эдийн засгийн үр ашиггүй тул бусад  “Х” лиценз бүхий 70 мянган га талбай дээрээ хайгуул хийж, орд олж, олборлолт хийх л гарц байгаа. Ер нь ирж үзсэн бүх геологичид маш сонирхолтой газар нутаг гэж хэлдэг үү гэвэл хэлдэг. Энд юм байгаа юу, байхгүй юу гэдгийг хэн ч шууд хэлж чадахгүй. Гэхдээ бол байх магадлал өндөр. Тэнд бол маш олон арван тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийх л ёстой л доо. Үүнийг хөрөнгө мөнгөний чадалтай, нэлээн хатуу нервтэй, санхүүгийн сахилга баттай хүн л хийж чадна. Г.Алтан захирлын энэ ажлыг манай банкууд ойлгож, хамтарч ажиллаж чадвал бас бүтэхгүй юм биш.

-Ер нь бүр анх энэ бүс нутаг, энэ лицензүүд Ц.Мянганбаярт ямар замаар ирснийг та судалж үзсэн үү. Эсвэл таны асуудал биш болохоор сонирхоогүй юу ?
-Би ёстой мэдэхгүй. 

-Бүх юм хүмүүсийн харилцаан дээр тогтдог. Та бол энэ төсөл дээр нэлээн хэдэн жил зүтгээд эцэст нь эрсдэл хүлээлээ. Энэ бүхний дараа Ц.Мянганбаяртай уулзсан уу. Ер нь та хоёрын дунд ямар харилцаа байдаг юм бэ?

-Цөөхөн уулзсан. Уулзахаараа чи надад тийм юм л өгөх ёстой байсан. Ийм юм л өгөх байсан гэсэн надаас авах л юм ярьдаг. Би тэгээд хэлж байсан. Мянгаа хариуцлага гэж нэг ойлголт байдаг юм аа. Тэгээд ч би ямар чиний бүх юмыг цэвэрлэх одонд төрчихсөн хүн биш гэж.
Хоёр банкийг нэгтгэчихээд тогтоож чадаагүй байсан бол 300 тэрбум төгрөгний ачаа улсын нуруун дээр ирэх байсан

-Дөрвөн жилийн өмнө та банкны бизнес рүү орсон. “Хадгаламж” банкыг авсан. Нийт актив нь 80 тэрбум гэдэг байх аа?
-Тийм. Өөрийн хөрөнгө нь хоёр тэрбум. Энэ чинь найм байх ёстой шүү дээ.

-Банкны бизнес рүү орсон тань өмнө нь таны мөрөөдөлд байсан зүйл юм уу. Эсвэл энэ төсөл рүү орсноос болж банктай орооцолдчихов уу?
- Яг ч тийм биш. Тэр үед “Хадгаламж” банкийг оросууд авчихсан байсан. Би Орост сурч байсан, Оросоос шатахуун импортлодог болохоор оросуудтай сайн харилцаатай л даа. “Хадгаламж” банкийг эхлээд “Чингисхаан” банкны Сергей Громов хувьчилж аваад, дараа нь Оросын “Коалка” группт зарчихсан байсан. “Коалка”-гийн эзэн надад энэ нэг л болохгүй нь, чи энэ банкийг авчихгүй юм уу гэж санал тавьсан. Төлбөрийн нөхцөл нь боломжийн санагдаад орчихсон юм. Анхнаасаа би банкны бизнес сонирхож байсан гэж хэлж чадахгүй. Банкны бизнесийг гурван жил гаруй хийж үзлээ, банк санхүүгийн бизнес сонирхолтой, миний мөн чанарт уг нь тохирохоор юм байна гэж харж байгаа. Би бол үйлдвэрлэлийн хүн биш юм шиг байгаа юм. Хүн болгоны өөрийн онцлог гэж байна шүү дээ.

-Одоо бол олон ташаа мэдээлэл таныг хүрээлж байгаа. Тэрний нэг нь миний харж байгаагаар бол “Хадгаламж” банк гэдэг гайгүй банкийг аваад цааш нь авч явж чадалгүй унагачихлаа. Адаг сүүлд нь “Монголбанк” орж ирж зохицуулж байна. Төр хөөрхий минь бизнесийн нөгөө л тонгочдог, бодлогогүй нөхдүүдийн тарьсан балгийг үүрч байна. Хогийг нь цэвэрлэж байна, эрсдлийг Төр авлаа гэсэн суртал яваад эхэллээ л дээ. Энэ бол бас арай л биш ойлголт л доо.
-“Хадгаламж” банк ямар банк байсан, ямар болсон бэ гэдгийг өнөөдөр хэн ч хэлэх байх. Банкны хувьд өөрийн хөрөнгөгүй, үйл ажиллагаа нь зогсонги байдалтай, өнгө зүс гундуу, эх үүсвэрийн дутагдалтай, нөгөө Чимэдцэрэн арван хэдэн тэрбумаар нь тоглоод үрчихсэн тийм л банк хүлээж авсан. “Хадгаламж” банкийг аварсан уу гэвэл аварсан.  Үнэн юм чинь хэлж байх хэрэгтэй биз дээ. “Хадгаламж” банкийг аврахад би улсаас нэг ч төгрөг аваагүй. 2009 оны гуравдугаар сард авсан. 2009 оны эцэс гэхэд энэ банк бол 200 тэрбумын  активтай, 33 тэрбумын өөрийн хөрөнгөтэй. Банкныхаа бүх үзүүлэлтүүдийг хангачихсан байсан. Тухайн үед банкны удирдлагад байсан мэргэжлийн хүмүүс надад хэлж байсан. Захирал аа, манай “Хадгаламж” банк  ёстой арилгасан сонгино шиг болчихлоо. Та энэ нэг “Монгол шуудан” банктай нийлүүлэх хэрэг байна уу гэж. Гэхдээ надад нэг зан чанар байдаг юм. Тэр бол аливаа нэг юмыг хийвэл хийсэн шиг хийгээд, тэргүүлэгчдийн эгнээнд байлгах. Энэ бол нэг их тийм мөнгөний шунал биш. Жишээ нь, тамирчин хүн 102 кг-ыг өргөчихөөд, рекорд эвдэх гэж 105-ыг өргөж байгаад нуруундаа гэмтэл авчихдаг, эсвэл зүгээр л сайхан гэртээ дулаан хэвтэж байхын оронд амжилтаа эвдэх гэж ууланд ахиж авиралт хийж яваад л ангал руу уначихдаг. Ямар хэрэг байнаа гэж зарим хүмүүс ярьдаг. Энэ бол хүмүүсийн зан чанарын л онцлог байх. Би гэртээ зүв зүгээр суугаад байх хүн биш юм шиг байгаа юм. Энэ бол сайн ч биш муу ч биш, тухайн хүний л онцлог юм. Түүндээ  л хөтлөгдсөн байх. Банкны бизнес хийх юм бол  арилгасан сонгино шиг цэвэрхэн зүгээр л нэг жижигхэн банктай байх надад бол сонин биш л дээ. Тийм банктай  байвал жилдээ тав арван тэрбумын ашиг хийчихээд, тэрийгээ банкиндаа хадгалчихаад амар амгалан, ямар ч зовлонгүй, гэр орныхонтойгоо зугаалаад л яваад байж болно. Гэхдээ миний амьдралд ханддаг хандлага бол өөр. 

-“Монгол шуудан” ер нь ямархуу банк байсан юм бэ?
-“Монгол шуудан” бол үндсэндээ дампуурчихсан банк байсан, би гэхдээ энэ талаар юм дуугарч байгаагүй. Энэ талаар зүгээр л мэргэжлийн хүмүүс нь хэлнэ. “Монгол шуудан” дээр ч гэсэн тэр банкийг би үнэхээр аварсан. Өөрөөр хэлэх гэж байгаа хүн байвал зүгээр л юу ч мэдэхгүй байж худлаа ярьж байгаа хүмүүс. Маш хүнд банк байсан. Миний хувьд хүмүүсийг хүнд үед нь улам доошоо хийж байгаа юм шиг үнэгүйдүүлэх ч юм уу тийм хандлага огт гаргадаггүй. Надад хөрөнгө босгох бололцоо чадал байвал би ачааг аваад л явдаг. Манайхан надад олон хэлсэн. Та ингэх хэрэг байна уу гэж.

-Та Д.Зоригтоос хэдээр авсан бэ?
-Бэлнээр өгсөн, зээлийг хариуцсан, дүрмийн санд нь нэмж хийсэн гээд тооцвол 26 сая ам.доллар болсон. 

-Үнэтэй авч?

-“Хадгаламж” банкийг би бүр үнэтэй, 33 сая доллараар авсан. “Монгол шуудан” банкийг  нэгтгэх үед тэнд 60 тэрбум орчим төгрөгийн муу зээл ил байсан ба нэгтгэсний дараа ч муу зээлүүд илэрсэн. Би 27 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байж банкны үйл ажиллагааг хэвийн болгосон. Хэрэв энэ хоёр банкийг нэгтгэчихээд тогтоож чадаагүй байсан бол 300 тэрбум төгрөгний ачаа улсын нуруун дээр ирэх байсан. Бүр ямар ч эргэлзээ байхгүйгээр. Улс нэг төгрөг ч өгч дэмжээгүй. “Монголбанк” бол ийм хүнд ачаа үүрүүлсэн учраас муу зээлээ барагдуулах тал дээр хугацаа бол өгсөн л дөө. Тэр үед би Сангийн яаманд ч бичиж байсан. “Монголбанк”-нд ч бичиж байсан. Ийм хүнд ачаа үүрчихсэн хувийн компанидаа дэмжлэг үзүүлж болдоггүй юм уу гэж. Манайхан яахав дээ, хувийн компани гэхээр л ардын дайсан шиг л санадаг. Одоо бол “Төрийн банк” авахдаа бүх муу юмыг нь үлдээгээд л хамаг сайн юмыг нь аваад явчихаж байна шүү дээ. Тухайн үед бол би энэ хоёр банкны бүх муу юмтай нь авсан. Энэ мууг нь цэвэрлэсэн. Энэ хоёрыг нийлүүлэх үед дүн шинжилгээ хийхэд нийт активынх нь 60 хувь нь чанаргүй болчихсон байсан. Тэгээд л бод л доо. 60 хувь шүү. Төлбөрийн чадваргүй болчихсон. Төлбөрийн чадваргүй болно гэж дампуурахыг хэлдэг. Ийм хоёр банк авсан. Харин сая би ямар банк хүлээлгэж өгсөн бэ гээд би бүх тоонуудаа тарааж өгсөн. Бүр албаар үзэг гэж бодсон.
Яахав дээ, сулраад л ядраад ирэхээр амьтны ертөнцөд бол тэр нь л бариулж идүүлдэг

-За, ингээд банкуудыг нэгтгээд ажилласан. Амаргүй эхлэл байж ?
-Нийлүүлж аваад уралдаанд орсон. Олон хүн намайг доромжилж байсан. Хоёр болжмор нийлээд юу болдог юм. Санхүүгийн хямралын үеэр банк авна гэдэг бол зуднаар хонь авахтай адил л гэнэ. Гэсэн ч би аваад явсан. Энэ хугацаанд банкийг бид 12 дахин өсгөсөн. Манай актив 1,1 их наяд. Манай энэ шинэ багийн өгсөн зээлийн чанар 0,12 хувь. 60 хувь ба 0,12 хувийг харьцуулахаар нэг юм харагдах байх. Ийм үзүүлэлт монголын аль ч банкинд байхгүй үзүүлэлт. 40-өөд салбартай байсан банкийг 500 гаруй салбартай болгосон. 200 хүнтэй л банк байсныг 3300 хүнтэй болсон. Манай менежментийн баг бол банкны салбартаа тэргүүлэх баг. Гэхдээ энэ хугацаанд надад байсан зовлон бол үнэхээр муу юмыг нь салгаж өгөөгүй, үүрүүлээд явуулчихсанд л байсан. Муугаа цэвэрлээд, ашиг хийж чадахгүй байсан учраас банкны өөрийн хөрөнгийг би өөрөө нэмэгдүүлэх шаардлагатай болж, мөнгө олж, оруулж ирсэн. Миний оруулсан хөрөнгө оруулалт явсаар байгаад 84 тэрбум төгрөг хүрсэн. Банкны хувьд цэвэрлэгээ хийж байгаа болохоор “Монголбанк”-наас байнга хяналттай, бүх зүйл нь ил тод байсан, нууж хаагаад байсан юм огт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Харин ч “Монголбанк”-ны нүдэн дээр бид 100 кг-ын туухайтай сэлээд бусад банкууд 2-3 дахин өсч байхад манайх 12 дахин өсч чадсан. Манай залуучууд зүгээр сэлсэн бол монголын хамгийн тэргүүний банк болчихсон байх байсан гэдэгт би эргэлздэггүй. Тэгээд би сая гадны хөрөнгө оруулалт хайгаад гадныхнаар шинжилгээ хийлгүүлсэн. Танай банкны менежмент бол үнэхээр сайн байна. Хоёрдугаарт, танай актив бол үнэхээр сайн. “Хаан” банкны долоон жилд хийсэн юмыг танайх 2,5 жилд хийжээ. Банкин дээр “Олон Овоот”-ын зээл болон “Монгол шуудан” банкнаас ирсэн муу зээлүүд гэдэг асуудал байна, энэ нь тантай холбоотой байна гэж дүгнэсэн. Сая банкаа “Төрийн банк”-нд  шилжүүлэхэд “Монголбанк”-нд байдаг нөөцийн дансандаа 200 тэрбум төгрөгтэй байсан. Салбаруудаар 150 тэрбум төгрөгтэй. Засгийн газрын болоод “Монголбанк”-ны үнэт цаас бараг 60-аад тэрбум төгрөгтэй. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гээд дампуурсан уу, үгүй юу гэдгийг харуулдаг үзүүлэлт байдаг. Тэр нь 20-оос доош ороод ирэхээрээ хэцүү байдаг. Тэр нь 35 хувийн үзүүлэлттэй.  Ийм банк л бид “Төрийн банк”-нд хүлээлгэж өгсөн. Надад үнэхээр болохгүй байгаа юм бол өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг юм л байсан. Анхнаасаа л зовлонтой байсан. Эхнээс нь эцсийг нь хүртэл тэмцсэн. Одоо төр өөрийн хөрөнгийн дутагдлыг арилгаад ажиллах юм бол банкны хувьд яг ашиг хийдэг дээрээ л байгаа, “Хаан”  банк өнөөдөр жилдээ 70 гаруй тэрбум төгрөгийн ашгийг хийж байгаа, тэр хэмжээний ашгийг өлхөн хийчихэж чадах тийм л менежмент, сүлжээ, ресурсыг би хүлээлгэж өгсөн. Би хэвлэлийн бага хурал дээр хэлсэн нэг санаагаа энд тодруулаад хэлчихье. Хэрвээ Засгийн газраас “Төрийн банк”-ийг хэзээ нэгэн цагт амжилттай ажиллуулж байгаад шударга, сайн хувьчилж үнэд хүргэвэл өөрийн оруулсан мөнгөө авчаад үлдсэнийг нь надад өгөх нь шударга ёсонд нийцнэ гэж хэлсэн. Түүнээс биш төсвийн, улсын мөнгөөр намайг дэмж гээгүй. Учир нь нэгд, “Хадгаламж” банкны бүх алдагдлыг надаар барагдуулж байгаа, хоёрт дээрх шилжүүлсэн ресурсын үнэ цэнэ гэж заавал байх ёстой.

-“Хадгаламж” банкийг хоёр жилийн өмнөөс л алдагдалтай ажиллаж байсан гэж мэдээлж байгаа. Бололцоо олгосон. Өөрөө банкаа босгох гэж ингэж их зүтгэчихээд өөрөө эргээд зээл авсаар байгаад дампууруулчихлаа л гэсэн дайралт яваад байна шүү дээ?
-“Хадгаламж” банк алдагдалтай байсан нь үнэн, энэ нь ямар учиртай байсан вэ гэдгийг ч би түрүүн хэлсэн. Банкны үйл ажиллагаа хэвийн, зээлийн чанар ч сайн байсан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр байсан, өөрөөр хэлбэл банк бол дампуураагүй. Дампуураагүй банкийг яагаад “Төрийн банк”-нд нэгтгэчих вэ гэж асуулт гарч байгаа юм. Банк бол зээл олгож, олгосон зээлийнхээ хүүгээр ашиг олдог байгууллага, тэгэхээр ашиг олохын тулд зээл олгох ёстой. Олгосон зээл тутамынхаа 14 хувьтай тэнцэх хэмжээгээр банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж байх ёстой, банкууд үүнийг олсон ашгаараа бүрдүүлж ажилладаг. Манай банкны хувьд олсон ашгаараа урьдах банкуудаас ирсэн муу зээлүүдийнхээ алдагдлыг “Монголбанк”-тай тохирсон эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд барагдуулж ирсэн болохоор ашиг хуримтлуулж чадахгүй байсан. Банкны өөрийн хөрөнгийн дутагдал энэ оны хоёрдугаар улирлаас эхлээд л асуудал болсон учраас бид хөрөнгө оруулагч олохоор ажиллаж байсан, харамсалтай нь бидний олсон хөрөнгө оруулагч нь “Монголбанк”-наас дэмжигдээгүй. Яг энэ асуудалтай зэрэгцээд манай компанийн “Стандарт” банкнаас авсан зээлийн эргэн төлөлтөнд зөрчил гарч, асуудал үүсээд эхэлсэн нь “Монголбанк”-ийг яаралтай арга хэмжээ авахад хүргэсэн байх, гол нь банкнаас харилцагчид мөнгөө татаад эхэлнэ гэсэн болгоомжлол байсан. Ердөө л энэ шүү дээ.

-Банкны бизнесийн хамгийн эмзэг энэ цэг дээр л бүх санаархлууд хөдөлдөг. Ийм хурдан “Төрийн банк”-нд нэгтгэсэн нь ойлгогдож байх шиг байна даа.
-Ердөө л тэр. Нийтийн эрх ашиг гэдэг зүйлийг бодож л би шийдвэрээ гаргана шүү дээ.

-Банкны бизнес сонирхож байгаа бүлэглэлүүд байгаа. Хаана, хэн гэдгийг ч гадарлаж байна. Бүр сөрөөд гадны хөрөнгө оруулагчдад хандаад зарах боломж байгаагүй юу. Төрд түр нэр зүүлгэж байгаад л хаагаад ороод ирлээ шүү дээ?

-Банк гэдэг бол маш эмзэг бизнес. Цаг хугацаа их л хурдан юм.

-Мэдээллийн хэрэгслүүдээр үзүүрийг нь цухуйлгаад л эхлэнэ гэдэг өөрөө сүрдүүлэг шүү дээ.

-Яг үнэн.

-Сад тавьсан олон урсгалаар дайралтууд явуулаад л, цаг хугацаагаар шахаад л, банкны эмзэг итгэлцэл дээр тоглоно шүү гэсэн санаархлаа шууд “хэлж” байгаа юм л даа. Та ийм хавчуурганд орчихлоо.  Та харин сөрж үзсэн бол яах байсан бол?
-Нэг л үр дагавар гарна. Манайд итгэж байсан хэдэн зуун мянган хадгаламж эзэмшигчид, сая гаруй харилцагч, олон мянган ажиллагсад  л хохирно.

-Та миний хэлэх гээд байгааг ойлгохгүй байна. Цаанаасаа бодлоготой хар мэдээллийн урсгалаар хоёр өдөр балбахад л танай харилцагчдыг бужигнуулаад, банкийг тань бүр юу ч үгүй болгоод хаячихна. Энэ л хамгийн том айдас байсан биз дээ?
-Тийм.

-Нөгөө талд нь та энэ хар хүчний эсрэг адилхан зогсоод мэдээллийн энэ урсгалыг хааж чадна шүү дээ. Тэгж хааж байгаад өөр хүчирхэг түншид зарж болоогүй юу л гээд байгаа юм. Их амархан юм ярьж байж магадгүй. Гэхдээ байж болдог зүйл шүү дээ?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг барих боломж онолын хувьд байхыг үгүйсгэхгүй. 

-Онолын биш ээ, практик дээр их хөгжиж байгаа муу үзэгдэл.
-Банк бол олон зуун мянган харилцагчидтай. Ажилчидтай. Банкны гадаа 10 хүн ирээд дугаарлахад л хамгийн түрүүнд танил тал руугаа утасдана шүү дээ. Хүүшээ, энэ “Хадгаламж” банкны гадаа хүмүүс овоороод байна. Очиж нөгөө хэдэн төгрөгөө татаж аваа гээд л. Ингээд л хямрал үүсдэг байхгүй юу даа.

-Банктай хувь заяагаа холбосон олон хүмүүс хохирч байна. “Анод”-ын захирлууд ял аваад явлаа. “Зоос”-ынхныг бас хорьж цагдаж л байсан. Иймэрхүү давалгаанд амархан унаж байгаа бизнесийн байгууллагуудыг хараад байхаар нөгөө талдаа улс төрийн хань хамсаатан байхгүй, нөмөр нөөлөг байхгүй хэсгийнхэн голдуу байх шиг анзаарагддаг. Та ч гэсэн улс төрд нөмөрлөх бүлэглэлгүй бололтой?
-Би ерөөсөө тэгж бодохгүй байна. Ер нь бол ийм байдалд орно гэдэг би өөрөө хүнд ашиглуулах алдаа хийсэндээ л байгаа. Алдаа хийгээгүй байсан бол ийм байдалд орохгүй. Монгол жижигхэн. Намайг С.Баяр даргатай холбож бас бичиж л байх шиг байна лээ. Би С.Баяр даргатай найз уу найз. Манай байрны л ах. Энэ бол ерөөсөө асуудал биш. Надад улс төрд олон найзууд бий. “Хадгаламж” банктай холбоотой асуудал дээр би “Олон овоот” энэ тэр гээд алдаа хийчихээр алдаан дээр тоглож байгаа хүмүүс бол бий. Тэр бол бас мэдрэгдэж байна. Гэхдээ би өөрөө өөгүй өндөг шиг байж байгаад улс төрийн шалтгаанд ээрэгдээд машиндуулаад унаж байгаа юм бас биш л дээ. Яахав дээ, сулраад л ядраад ирэхээр амьтны ертөнцөд бол тэр нь л бариулж идүүлдэг. Хүний ертөнцөд ч бас тиймэрхүү юм байдаг л юм шиг байгаа юм. Гэхдээ би энэ нөхцөлд асуудлууд бүр нэг их хүнд, хамгийн муу хувилбараар шийдэгдсэн гэж бас бодохгүй байна.  Энэ олон харилцагчид, хадгаламж эзэмшигчид болон ажиллагсад хохирохгүй байдлаар шийдвэр гарлаа.

-Хүмүүс таныг үнэхээр ойлгож ядаж байна л даа. Өөрөө яагаад адилхан улс төрд нь нэг арал босгож аваад тэрэн дээрээ гарч байгаад үзэхгүй байгаа юм. Адилхан муу зээлтэй нь Төрд өгөхгүй яасан юм. Энэ одоо бурхан юм уу, эсвэл өөр учир байна уу гээд л ?

-Үнэн. Би танд нэг юм үзүүлье. Энэ бол “Жаст” группын хариуцлагын шатлал буюу эрх ашгийн эрэмблэл. Нэг дэх хариуцлага бол хэрэглэгчид, харилцагчдын өмнө хүлээх хариуцлага буюу тэдний эрх ашиг. Би энийгээ яс барьдаг, номлодог. Хоёрдахь нь, ажиллагсад хамт олны өмнө хүлээх хариуцлага. Гурав дахь нь, нийгмийн өмнө хүлээх хариуцлага. Хамгийн сүүлчийн хариуцлага нь хувь нийлүүлэгчдийн өмнө хүлээх хариуцлага. Хувь нийлүүлэгч чинь би шүү дээ. Тэгэхээр би энэ дөрөв дэхь эрх ашгаа тэр нэг, хоёр, гурвын дээр аваачиж тавьж болох уу. Тэгвэл надтай дараа нь хэн харилцаж, хэн хамтарч ажиллах вэ. Би хэн ч биш болно. Бурхан гэх нь ч хаашаа юм, гэхдээ бурханлиг, буянтай үйлдэл гэж тайлбарлаж болох юм. Учир нь энэ банк дампуурахаар амьдрал дээр том хадгаламжтай, чадалтай цөөн харилцагчид нь хамгийн түрүүнд мөнгөө аваад хохиролгүй гарчихдаг. Учир нь тэд бүх мэдээлэлд ойр, түүнийг түрүүлж авах боломжтой, нөлөөтэй, холбоо сүлбээтэй. Эцэст нь хэн хамгийн их хохирдог вэ гэхээр нөгөө л мэдээллээс хол, холбоо сүлбээгүй дийлэнх олонх. Нөгөө л хамгаа найдаж хадгалуулсан хэдэн зуун мянган иргэд.

-Хэвлэлийн бага хурал дээр таны хэлсэн “Өнөөдрөөс эхлээд би бизнесмен биш жирийн иргэн боллоо” гэсэн үг их анхаарал татлаа. Олон талтай ойлгогдож байна. Та энэ үгээ тайлбарлахгүй юу. Та гадаадын тэр банкны өмнө олон тэрбумын өртэй үлдлээ. Хүний амьдралын зам урт. Мэдээж та ахиад босно. Гэтэл та би бизнесмен биш жирийн иргэн боллоо гэж яагаад хэлсэн юм бэ ?
-Шууд утгаар нь ойлговол би ямар ч бизнесгүй боллоо гэсэн үг. Бизнесмэн биш болсон болохоор бусдын өмнө дандаа хариуцлага хүлээх шаардлагагүй боллоо гэсэн үг. Бизнесмен гэж сайн дураараа бусдын өмнөөс маш их эрсдэл, хариуцлага үүрч байгаа хүн гэж ойлгодог. Манай бензин чанаргүй байгаад өвөл хөдөө, гадаа хүн хөлдөөчих болов уу, ганц төмөр замаа шатахуунгүй зогсоочихдог болов уу, манай үйлдвэрээс гарсан мах хүн хордуулчих вий, “Хадгаламж” банк маань ганхаад хэдэн зуун мянган хүний хадгаламжийг үрэгдүүлчих вий гэх мэт үргэлж санаа зовж явах тэр ачаа бол хөнгөрлөө. Ер нь бол нэг ч гэсэн хүнд ажлын байр бий болгож амьдралыг нь авч яваа, хийж байгаа зүйлийнхээ бүх хариуцлагыг өөрөө үүрч, эрсдэлтэй алхам хийхээс бэрхшээхгүй, хүндээс шантралгүй шинийг бүтээж байдаг бизнес хийж буй хүмүүс бол аль ч улсын том баялаг шүү дээ. Түүнээс биш бүгд ямар ч эрсдэл хийхгүй, бусдын өмнөөс ачаа үүрэхгүй, өндөр цалинтай, тухтай ажил хийх сонирхолтой байвал улс орон хөгжихгүй. Нэгэнт эрсдэл үүрээд ажил хийж байгаа юм чинь алдаа оноо гарна. Тийм болохоор нийгмийн зүгээс энэ хүмүүсээ ядаж ойлгож хандаж байгаасай даа. Харин миний хувьд жирийн иргэн боллоо. Одоо би бусад ихэнх хүмүүсийн адил зөвхөн өөрөө өөрийнхөө өмнө, дээрээс нь гэр бүлийнхээ болон дотны хүмүүсийнхээ өмнө л нийгэмд амьдарч байгаа эр хүнийхээ хувьд үүрэх ёстой ачаа, түүнийхээ хариуцлагыг хүлээх боллоо гэдгээ л хэлж байгаа юм.
Би жаахан завсарлага авъя

-Та бизнесүүдээ салбар салбараар нь салгаад зарсан. Нефтийн бизнесээ “Магнай трейд”-д, “Олон овоот”-оо “Алтжин”-д, махны бизнесээ бас зарсан. Танд юу үлдэж байгаа юм. Та Өмнөд африкийн “Стандарт” банкны өмнө хүлээсэн хариуцлагаа яаж шийдэх юм бэ. Хэдийгээр таны хувийн асуудал ч гэсэн үнэхээр сонин байна ?

-Одоо бол надад яг ингээд л төлчихнө гэж барин тавин хэлчих тодорхой төлөвлөгөө алга. Юу ч гэсэн жаахан завсарлага авъя. Энэ хооронд энэ тэнд шалгана, янз янзын юм болно биз. Гэхдээ бол ямар ч байсан би энэ бүх өрийг төлж чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байна. 

-Би бас яагаад ч юм танд тэгж чадна гэдэгт итгээд л байна л даа.
-Тийм үү. (инээв) Баярлалаа.

-“Алтжин” компани бол бас л баргийн хүний давж туулахад бэрх ачааллын ард гарсан. Тухайн үед тэгж хүндрэлд ороод нефтийн бизнесээ зарахад нь та авч байсан. Энэ бол хувь заяаны сонин тохиол.
-Тийм.

-Тэр үед нэг ШТС-аа нэг сая доллараар зарсан гэж яригдаж байсан. Таны хувьд энэ нь бизнесийн түүхээрээ холбогдож явсан хүний хувьд хүндрэлд ороход нь туслаж, зовлонгоо хуваалцсан түүх юм уу. Эсвэл банкуудаа нэгтгэсэн шигээ, нэгэнт л нефтээр оролдсон л юм чинь энэ бизнесээ томруулъя гэсэн сонирхлоор авсан юм уу.
 -Аль аль нь л байх. Тэр чинь хэдэн он билээ. Тэр үеийн нэг сая доллар гэдэг чинь юу билээ. Нэг сая доллараар нэг ШТС-ыг авна гэдэг бол ямар ч байсан зах зээлийн хүнд байдалд орсон хүнээс авдаг үнэ биш шүү дээ. Хүмүүс итгэхгүй, Ш.Батхүү Г.Алтангийнхаа юмыг зутгаалгаж өөрийнхөө нэр дээр болголоо гээд л янз бүрийн юм ярьж байсан. Хүмүүс өөр өөрийнхөө хэмжээгээр л сэтгэж байгаа нь тэр. Асуудлыг яагаад тэгж ярьж байгааг нь би ойлгож байна. Миний хувьд бол нэгдүгээрт, би харамч хүн биш. Хоёрдугаарт, өмнө тусалж байсан хүмүүст өгөөмөр байж чадна гэдгээ мэднэ. Том бизнест над шиг ийм чанартай хүн тохирдоггүй юм шиг байна. Хичнээн их ашиг харагдаж байлаа ч нөгөө хүнээ хүнд байдалд байхаар нь бас өрөвдөөд байдаг. Хичнээн бизнес хийж байгаа хүн ч гэсэн. Жишээ нь, “Монгол шуудан” банкин дээр ч гэсэн, “Хадгаламж” банкны хувьд ч ямар асуудал байсныг дэлгэж энэ тэр бололгүй аваад л явсан. Зарим хүн болохоор бизнес дээр хатуу байх ёстой, хэтэрхий улцгар байна ч гэж шүүмжилдэг. Миний хувьд харин ч эсрэгээрээ зарчим дээрээ чанга байна гэдгийг л хатуу байна гэж ойлгодог, үүнийг юм ойлгодог, ухаантай нь ойлгох биз ээ. 

-Г.Алтан бол үнэхээр хүйсээ давчихсан хүчтэй хүчтэй шийдвэр гаргадаг бизнесмен. Одоо хүмүүс та хоёрын өнгөрсөн түүхийг мартчихсан л байх шиг байна. Г.Алтанг хуураад нөгөө бүтэхгүй “Олон овоот”-оо өгчихөж байна шүү дээ гэсэн яриа явж л байна.  Тэр бол эрс шийдээд л өөрөө орж байгаа байх. Энэ төсөл дээр цаашдаа хамтрах харилцаа та хоёрт үлдэж байгаа юу?
-Мэдээж хамтрана. Надад бол Ц.Мянганбаяраас бусад бүх хүнтэй цаашдаа хамтрах үүд хаалга маань нээлттэй.

-Таны бизнесийн түүхэнд салалт бас хэд хэд байна. MCS, Жамп, Монхангай группуудыг та анх байгуулалцаж байсан. Эхлээд  та маш эрсхэн эхэлдэг. Хамтардаг. Тэгээд л яагаад ч юм салчихдаг. Бизнесээ авч явах мөрөөдлөөс гадна таны өөрийн зан чанарт асуудал байна уу?
-Байгаа, байгаа. Одоо ингээд эргээд харахаар надад нэг том дутагдал байх шиг байна. Аливаа асуудлыг зөвхөн өөрийн зөв гэж бодсон үзэл бодлоор шийдэх гэж зүтгэдэг. Бусдын санаа, онолыг хүлээж авахдаа тааруу. Өнгөрсөн хугацаанд бүх шийдвэрүүдийг дан би өөрөө гаргаж байсан, дандаа өөрийнхөөрөө байсан.

-Та ганцхан дүүтэй, хоёулханаа юм билээ. Би бас гурвуулханаа. Маш цомхон орчинд өссөн. Тэгээд өөрөө ерөөсөө дарга болж чаддаггүй мөртлөө бусдаар даргалуулж чаддаггүй. Энэ өссөн орчинтой маань холбоотой юм шиг байгаа юм. Таны намтрыг судалж байхдаа энэ талаарх бодол орж ирээд инээд хүрч байсан юм.
-Мэдээж бүх юм л нөлөөлж таарна. Багын орчин, гэр бүлийн хүмүүжил. Ер нь бол сайн чанар биш л дээ. Би бол мэдээд байгаа юм. (инээв)

-Та гэхдээ өөрийнхөө амьдралыг өөрөө их адармаатай болгочихдог хүн юм шиг ээ. Бүр анх та орос сургууль төгсч, конкурст ороод орос хэлний шалгалт дээрээ өөрийн бодсон оноогоо авсангүйгээсээ болоод шалгалтын материалыг багш руугаа базаж шидчихээд гадаадын ч сургуульгүй болж байсан хүн юм билээ. Тэгээд тэрнээсээ болоод санхүүгийн техникум руу “цөлөгдсөн” гэж сонссон. Та хэдэн оноо аваад тэгж их уурласан юм бэ?
-15 оноо авах ёстойгоос 13 авсан.

-Тэгээд яасан?
-Би 23 дугаар дунд сургуулийг хамгийн сайн төгссөн. Манай ангийн тал нь шахуу надаас хуулдаг. Зарим нь бүр “Чи одоо эрт ирж хуулуулсангүй” гэж уурладаг байсан. (инээв) Ерөнхийдөө бол арван жилд байхдаа би их сайн сурдаг, намайг сайн сурдаг гэхэд хэн ч хүлээн зөвшөөрдөг тийм л хүүхэд байсан. Тэгээд конкурс дээр шалгалт авч байсан багштай муудалцсан. Цаанаасаа дуудсан гай л  байсан байлгүй дээ. Орос хэлний шалгалт дээр надад 5,4,4 гэсэн оноо тавихгүй юу. Нэг нь бол бүр шалгаж болдог эд л дээ. Тэгээд би багштайгаа суугаад энд би яг ямар дүрмийн алдаа гаргасан юм бэ гээд үзэхэд алдаа байхгүй байсан. Тэгээд та энэ 4 гэсэн оноогоо 5 болго гэсэн чинь над руу харж сууж байснаа 4-өө 5 болгонгуутаа, 4 байсан ар талын оноогоо 3 болгож байгаа байхгүй юу. Тэр нь нотолж болдоггүй, агуулга найруулга ч юм уу, уран бичлэг ч юм уу нэг л юм байсан.

Шударга бус юманд л дургүй хүрээд байдаг тэр зан маань хөдлөөд л маргалдчихсан юм. Араа ч бодохгүй, тэр үед чинь 18 хүрээгүй жаахан хүүхэд байлаа шүү дээ. Тэгээд нөхдүүд намайг бүр доош нь хийхээр шийдээд Анагаахын дундын сувилагчийн анги өгч байгаа юм.

-Ямар хөгжилтэй юм бэ. Багш нь бүр зуучихсан юм уу?
-Тэгсэн. Тэгээд зуусан гэдэг нь мэдэгдээд нотлогдохоор Санхүүгийн техникум гэсэн хувиар өгсөн. За, за одоо өнгөрлөө гээд л хүлээгээд авчихсан. СЭДС-ийг тэр үеэс хойш над шиг тийм “од” ховор төгссөн байх. Мэдээж шүү дээ, 23 сургуулийг бүрэн онц төгссөн хүүхэд тэнд оччихоор чинь тасархай л байлгүй яахав дээ. Хоёр жил Сүхбаатарын нэрэмжит стипенд авсан. Тэгээд л тэр үед чинь тэргүүний залуу алтан меаль энэ тэр гээд их тийм хүндтэй шагналууд байдаг байлаа ш дээ. Одооных шиг биш. Бүгдийг нь л авсан. Тэгтэл “За, чи урилгаар гадаадад сурнаа” гэсэн. Тэгээд орос хэлний шалгалт авах болоод дөрвөн замын тэнд барилгын техникум дээр баахан орос багш нар ирчихсэн шалгалт авч байсан. Шалгалтаа өгсөн. Нөгөөдүүл чинь гайхчихсан. Би сайн санадаг юм. Нэг багш нь би Эрхүүд монгол оюутнуудад орос хэл заадаг юм. Яаж чи ийм орос хэл сурсан юм. Ямар арга барилаар сурсан юм гээд л. Намайг 23 сургууль төгссөн гэдгийг мэдэхгүй байхгүй юу. Би Санхүүгийн техникумын статистикийн ангийг төгссөн. Статистикийн төв газар дээр дуудаад Москвагийн Статистикийн дээд сургуульд урилгаар сурах болсон гээд явуулсан. Би Санхүүгийн техникумд орсондоо ерөөсөө харамсдаггүй, надад маш их зүйл сургасан сайхан сургууль. Би ангидаа орсон чинь 30 гаруй хүүхдийн 2-3 нь л хотынх, бусад нь дан хөдөөний хүүхдүүд байсан. Тэд бол арай ч дээд сургуульд орж чадаагүй, гэхдээ урдахаа чаддаг, яг л тийм жинхэнэ боломжийн сургалттай хүүхдүүд орж ирж байгаа юм. Тэгээд би тэндээс үнэхээр амьдралыг, монголоо ойлгосон л доо. Монгол гэдэг чинь зөвхөн энэ л дөчин мянгатын хүрээний орчин биш гэдгийг таньсан. Тэгж байгаад л хойшоо явчихсан бол би шал өөр нөхөр л байх байсан байх. Би их олон хүнтэй хэл амаа олоод байдгаа тэндээс сурсан. Сангийн аж ахуй явна. Зун, намрын ажилд явж байгаа юм. Цэргийн бэлтгэлд явж байгаа юм. Ангиараа дүүрэн хөдөөний хүүхдүүдтэйгээ ойлголцож, нөхөрлөж, таньж эхэлж байгаа юм. Аан, амьдрал гэдэг чинь бид нар шиг биш энэ хүмүүс дээр тогтдог юм байна шүү дээ гэж би ойлгож авсан. Дунд сурна гэдэг чинь энэ бол дунд хүн гэсэн үг биш байна. Заавал ч үгүй мундаг, заавал ч үгүй математик, статистиктаа мундаг байх биш. Их олон юманд тэвчээртэй, хүлээцтэй байж чаддаг. Улсын санхүү бүртгэлийг нуруун дээрээ авч явдаг улсууд чинь эд нар байдаг юм байна гэдгийг ойлгосон.  Яагаад гэвэл тэр хүүхдүүд чинь төгсөөд л хөдөө хувиарлагдаад л, тэндээ он жилийн турш амьдраад л,  олон ч юм ярихгүй урдахаа яс хийгээд л явцгаадаг юм шүү дээ.
Ганцхан тэгшитгэл бодоод үр дүн гардаггүй, бүх тэгшитгэлийг бодож байж системийн дүн гарна

-Таны аавыг Шаравламдан гэдэг юм билээ. Их сонин нэр. Ямар утгатай нэр вэ?
-Төвд нэр л дээ. Бурханы нэр.

-Архангайн хүн гэл үү?
-Архангайнх.

-ОСНААҮГ-ын дарга байсан хүн юм билээ. Нэлээн олон жил тэндээ ажилласан уу?
-Тийм. Олон жил хийсэн. Аав маань намайг их залуу байхад, дөнгөж оюутан болсны дараахан өнгөрсөн. Аав ээжийн минь нөлөө миний хүмүүжилд их бий. Дээрээс нь манай эмээ манайд байдаг байсан. Эмээгийн маань нөлөө надад асар их. Их тийм зарчимтай, хатуу чанга хүн байсан.

-MCS-ийг та анх байгуулалцаж байсан юм билээ. Оджаргалаас зам салсандаа та ер нь харамсаж байсан уу?
-Тэр үед ч харамсаагүй. Одоо ч харамсаагүй. Бүх шийдвэрийг би өөрөө гаргасан. Бүх замаа би өөрөө л сонгосон.

-Манай бизнесийнхний түүх гадныхнаас их өөр байх юм.  MCS-ээс та гэхэд гараад л явчихсан байх жишээтэй. Одоо манай хамгийн олон жил явсан “Бодь” групп гэхэд задралын ирмэг дээр байгаа л дуулдах. Яагаад нөхөрлөлийн том түүх бүтээж чаддаггүй юм бол. Энэ юутай холбоотой юм бол ?
-Би статистикийн мэргэжилтэй. Статистик гэдэг бол үндсэндээ системийн мэргэжил байхгүй юу. Тэр систем юу гэж заадаг вэ гэхээр ерөөсөө ганцхан зүйлээс хамааралтай юм гэж ерөөсөө байдаггүй. Математикаар бол системт тэгшитгэл бодохтой адилхан байдаг. Ганцхан тэгшитгэл бодоод үр дүн гардаггүй, заавал бүх тэгшитгэлийг бодож байж системийн дүн гарна. Их олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Тэрэн шиг монголчуудын тэр нүүдэлчин энээ тэрээ юм нөлөөлдөг байх. Хоёрт, энэ зах зээлийнх нь нөхцөл орчин бүрдээгүй байгаа нь нөлөөлдөг байх. Манайд чинь хөрөнгийн хуримтлал гэж алга. Хөрөнгийн зах зээл гэж алга. Барууныхан шиг явъя гэхэд аргачлалыг нь мэдэж байгаа боловч тэр хөрс нь алга. Бид чинь зах зээлд ороод ердөө 20-хон жил явж байна. Энэ бол дэндүү богинохон хугацаа. 

-Та төгсч ирээд хотын захиргаанд ажиллаж байсан юм билээ. Хотыг бол хүн нэг их орхидоггүй. Аятайхан явж байгаад л намд гишүүнчлэлтэй болдог. Ахиж дөхсөн зам олдог. Тэгсээр яваад УИХ-ын гишүүн энэ тэр болчихсон яваа зөндөө нөхдүүд байна.  Манай улс төрд хотын захиргааны “бүтээгдэхүүн”-үүд их олон байдаг. Танд ч өөр зам байж болох байсан. Хотоос нийгмийн шилжилтийн үеийн их давалгаа нөлөөлөөд хөдлөв үү. Эсвэл нөгөө дотор Батхүү хатгаад л явчихсан юм уу?
-Цэвэр дотор хүн. Төгсөөд ирээд ажиллаж байсан. Манай дунд охин төрсөн. Авч байгаа цалин хаанаа ч хүрдэггүй. Тэгээд л гарсан. Хүмүүс надад бас иймэрхүү зөвөлгөө өгдөг л байсан. Хотын дарга байсан Ц.Баасанжав дарга чинь манай аавын орлогч байсан. Тэгээд надад зөвлөж байсан. Би танд их баярлалаа гэж хэлээд л явчихаж байсан.

-Та Монстар гэж компани байгуулж ажиллаж байгаад 1997 онд дампуурсан юм билээ. Тэр таны анхны дампуурал байсан уу?
-Анхны. Би тухайн үед надтай хамтарч байсан залуучууддаа бүх оруулсан мөнгийг нь өгөөд, бүх өрөө аваад л үлдсэн юм.

-Өнөөдрийнх бол хоёр дахь нь уу?
-Тийм. 
Ганцхан хүний өмнө миний хаалга хаалттай. Тэр бол Ц.Мянганбаяр

-Монголын бизнесмэнүүдийн түүх гэдэг номон дахь таны намтрыг уншиж байхад таны амьдралд сонгино гэдэг ногоо их нөлөө үзүүлсэн гэсэн байсан?
-Тэгсэн. Тэр сонгиныг оруулж ирэх гэхээр надад мөнгө байхгүй. Тэгэхэд миний нэг буриад найз дөрвөн өрөө байраа, ганц жийп машинаа барьцаалж байгаад надад сонгино ачуулаад явуулчихаж байсан. Энэ бол итгэлцэл.

-Мах маркет, Дарханы махны үйлдвэр эд нарыг та авч байсан. Махтай холбоотой бизнес хийж байгаа улсуудыг дотроо их эх оронч хүмүүс гэж боддог юм. Манай монгол том бизнесгүй орон байлаа шүү дээ. Одоо л уул уурхай гээд байгаа болохоос. Газар тариалан босоогүй. Мал аж ахуйгаас өөр юм байхгүй л байсан. Ер нь махны бизнесээс цэвэр эх оронч сэтгэл дээр тогтсон жижигхэн ашиг олдог юм уу, бас том ашиг олдог бизнес юм уу?
-Энэ жилийг хүртэл махны бизнес дандаа алдагдалтай явж ирсэн. Хүмүүс намайг муу бизнесмен гээд байдаг юм. Үнэн ч байж мэдэх юм. Яагаад гэвэл би нэг их алдагдал энэ тэрээс айдаггүй. Нөгөө талдаа би  ингээд хөдөлсөн л бол заавал маргааш нь ашиг олж байх ёстой гэж үздэггүй. Миний юм хардаг харц бол ерөнхийдөө монгол улсын ирээдүй, монголчууддаа итгэх итгэл байдаг. Том зургаар нь харвал монгол улс хөгжиж байна. Монгол улс өсч байна. Бизнест өдөр тутамдаа ашиг олох бол чухал. Гэхдээ тэрнээс гадна бизнесийн, хөрөнгийн үнэ цэнэ, үнэлгээ өсч нэмэгдэнэ гэдэг бол арай өөр төвшний ойлголт шүү дээ. Эхний үеийн алдагдал бол яахав дээ, байж болох зүйл. Юм зөв голдирлоор л явж, сэтгэлээ шингээн хөдөлмөрлөж, сайн удирдлагаар хангаж байхад алдагдлаа хаагаад ашигтай ажиллана, үнэ цэнэ өснө.

-Та надад битгий гомдоорой. Монголчууд цөөхүүлээ. Бизнесийн салбарын хэдэн хүмүүс бие биенээ сайн хэлдэггүй тийм нэг сонин соёл манайхнаас ажиглагддаг юм. Нэг хэсэг нь танд маш найдаж байх шиг. Батхүүд бизнесийн дараагийн үе нь тодорхой байгаа. Тэр яах ч үгүй гэж байхад, зарим нь Батхүү дандаа гадны хамтрагчидтай явж ирсэн хүн. Нийлж монголоо самарч байсан гэх мэтээр хэлдэг.
-Би хэнтэй ч ярьсан надад асуудал байхгүй. Одоо ч над руу олон хүмүүс яасан бэ, юу болов, яах вэ гээд ярьж байна. Бас хүмүүсийг муу хэлж, хуурч мэхэлж яваагүйн шинж болов уу. Ганцхан хүний өмнө миний хаалга хаалттай гэж би хэлсэн. Өөр бусадтай ямар нэг өш хонзон, үл ойлголцол байхгүй. Яахав хүмүүс өөр өөрийн хэмжээгээрээ л асуудалд ханддаг шүү дээ. Өчнөөн олон жил олон зуу, мянган хүнийг ажилтай байлгаж, амьдралыг нь өөд нь авч явсныг монголоо самарна гэдэггүй л байлтай.

-Танд гадаадад бизнес байгаа юу?

-Казакстанд барилгын бизнес эхлүүлсэн байснаа зарчихсан. Орост байсан бизнесээ ч хаасан.

-Танаас асуугаагүй үлдсэн нэг зүйл байгаа. Тэр бол Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал. Эрдэнэтийг хүртэл барьцаанд тавьчихсан байсан байна шүү дээ гээд л шуугиж байна. Энэ үйлдвэртэй холбоотой урт удаан харилцаа танд байсан юм билээ. Өмнө нь Эрдэнэтийн баталгаагаар Стандарт банкнаас 20 сая доллар зээлээд төлж байсан. Төр өөрөө хувийн компаниа дэмжиж барьцаа болж өгөх жишиг бол бас байдаг зүйл. Би өөрөө тодорхой төвшний мэдээлэлтэй байдаг, асуудлыг ойлгож байгаа хүн ч зарим уншигчдад олон зүйл ойлгомжгүй байгаа байх.
-Хамгийн анхны 20 сая долларын зээл авахад бол үнэхээр манайд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж өгсөн. Баталгааг бол зүгээр нэг нөхөрт гаргаад өгчихгүй шүү дээ. Энэ хүн цаанаа хөрөнгөтэй, бизнестэй, орлоготой гэж л гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгээд дээр нь Оросын тал, Монголын талынх нь аль алины зөвшөөрөл нь байгаа. Тэр зээлээ бол би төлчихсөн юм. Энэ дээр улс хохирчихлоо гэх асуудал байхгүй. Дараагийн зээл болохоор Эрдэнэтээс зэсийн баяжмал худалдаж аваад, дэлхийн зах зээлд худалддаг “Стандарт” банк бидний хамтарсан бизнест олгосон зээл. Манай энэ зээлийн эргэн төлөлт зөрчигдөөд эхлэхээр банкны зүгээс Эрдэнэт үйлдвэрийг орооцолдуулах сонирхолтой байгаа юм. Энэ асуудалд Эрдэнэт ямар ч хариуцлага хүлээхгүй, хохирно гэсэн ямар ч үндэслэл байхгүй. Тэр бүх үүрэг хариуцлага манай компани дээр, над дээр байгаа. Тэрнээс би энийгээ улсаар төлүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Тэгдэг ч ном журам ч байхгүй. Би ч энийгээ хэлдэг газар нь хэлж байгаа.
Намайг бол гомдоож бараг чадахгүй дээ
-Өөр нэг мэдээлэл явж байгаа нь ТӨХ-ны дарга байсан Д.Сугар, Эрдэнэтийн захирал байсан Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх асуудал байгаа. Эдгээр албан тушаалтнуудын гарын үсгийг  сopy-дож  ашигласан гэх энэ мэдээлэл яг юу юм бэ?
-Ер нь бол дараа дараагийн зээлүүдийг бид өөрсдөө, би хувийнхаа баталгааг тавьж байгаад авсан. Энэ дээр “Стандарт” банкныхан барууныхан болсон хойно зүгээр л амьдралд байхгүй юм шаардаад байсан. Бүх юмыг чинь барьцаалчихлаа. Дээр нь Эрдэнэтийн баталгаа авчирч өгөө гээд. Тэрийг нь янзлаад өгчихсөн тал бий.

-Таны гадагшаа явах эрхийг хассан гэсэн. Энэ ямар учиртай юм бэ. Одоо бизнесийн хүндрэлд орсон улсуудыг юм л бол гадагшаа явах эрхийг нь хаслаа гэх болж. Тэр нөхдүүд чинь явж хөдлөх, арга саам хайх, гарц олох хэрэгтэй биз дээ. Тэр эрх чөлөөг нь яагаад олгохгүй байгаа юм бэ?
-Хэрэг мандуулчихаад зугтаачихна л гэж сэрэмжилдэг юм билээ. Гэхдээ хуулийн байгууллагын нүдээр харвал бас аргагүй л байх.

-Бизнест бол чөдөр тушаа шүү дээ. Олон жил монголдоо татвар төлсөн, энэ улсын ачааг үүрэлцэж ирсэн түүх бас байгаа. Бас нэг тийм иргэнтэйгээ итгэлцэх итгэлцүүр байхгүй л болж байна л даа. Хуулийн нүдээр бол бас өндөр хөгжсөн энэ цаг үед хардах болгоомжлох үндэслэл байдаг л байх л даа?
-Аливаа нэг юм болоход би дандаа нөгөө талаа ойлгох гэж хичээдэг. Хүмүүс нэг их гомдоод л байдаг. Намайг бол гомдоож бараг чадахгүй дээ, яагаад гэвэл гомдох уу, гомдохгүй юу гэдгээ би өөрөө л шийднэ биз дээ.

-Ийм байдалд хүртэл оруулчихаад байгаа алдарт Ц.Мянганбаяр ч гомдоож чадахгүй юу?  
-Гомдоож чадахгүй. Дүгнэлт хийгээд үзэхэд Ц.Мянганбаярт шатахуун өгч эхэлсэн үе, түүний өмнөөс хийж байсан “Иточу”-гийн төлбөр нь зогссон үед би өөрөө олон юм хөөцөлдөхгүй, анхааралтай байсан бол тийм их авлагатай болохгүй л байсан. Ер нь бол өөрөө өөртөө шудрага хандвал миний бодлоор болж бүтээгүй юмны 95 хувь нь дандаа тэр хүний өөрийнх нь л буруу, алдаа байдаг. Би бол факт л ярьсан. Яахаараа тэр нөөц баталгаажуулдаг, улсын чухал зэрэглэлийг олгодог улсын байгууллага тийм хариуцлагагүй юм хийв ээ гэж. Юм хийж бүтээх гэж явсан улсуудыг яагаад ийм байдалд оруулж байгаа юм бэ гэж л хэлсэн. Тийм учир төрийн захиргааны байгууллагын хариуцлагын асуудлаар гомдол гаргах эрх нээлттэй байгаа. Гомдлоо гаргах ч болно. Түүнээс биш Мянгаа Мянгаа гэж би муулахгүй. Монголчуудаа хохироогоогүй болохоор сэтгэл бол амар байна. Ямар монголчуудынхаа хадгаламжийг салхинд хийсгэчихсэн биш. Банкныхаа үнийг өсгөж байгаад гадныханд зарчихаад явчихсан биш. Харин ч эх орондоо хайртай хандсан гэж бодож байна.

- Та харамсаж, гэмшиж байна уу?

- Мэдээж хэрэг ийм юм болсонд харамсалгүй яах вэ, гэмшилгүй ч яах вэ. Юуны өмнө надад итгэж, манай байгууллагыг байнга дэмжиж ажиллаж ирсэн “Стандарт” банк болон бидэнтэй хамтран ажиллаж байсан нөхдөө хүнд байдалд оруулж, ажил албыг нь алдуулж, тэдэнд маш их хүндрэл учруулж байгаа минь харамсалтай байна. Мөн хайртай дотныхоо хүмүүсийнхээ сэтгэлийг чилээж байгаа минь харамсалтай байна. Асар олон хүмүүст маш их төвөг удаж байгаа минь харамсалтай байна. Энэ бүх хүмүүсээс хүлцэл өчиж байна. Гэхдээ ямар ч байсан Монгол орныхоо эдийн засаг, төсөвт хүндрэл учруулсангүй, улсын байгууллагуудыг хохироосонгүй, ард иргэд, хадгаламж эзэмшигчид, харилцагчид, хэрэглэгчдийг  хохироосонгүй, ажиллагсадаа хохироосонгүй, нийгэмд доргио үүсгэсэнгүй. Хэдийгээр миний хувьд маш хүнд, хэцүү үе эхэлж байгаа ч бусдад төлөх бүх төлбөрөө ямар ч нөхцөлд барагдуулна. Энэ мэдээж урт зам, магадгүй 5, 10 жил шаардаж ч мэднэ, хууль, шүүхийн асуудалтай ч тулгарах байх. Нэлээд өндрөөс овоо нүх рүү уналаа. Намайг мэддэг болон дэмжиж буй бүх хүмүүст хэлэхэд, байдал ийм хүнд байгаа ч гэсэн өмнө тулгарах хүндрэл бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээ, мэдлэг чадвар, амьдралын туршлага, найз нөхөд, ойр дотныхон байгаа. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулна гэдэг шүү дээ. Эцэст нь надтай хамт ажиллаж байсан, манай байгууллагад хөдөлмөрлөж байсан, биднийг дэмжиж байсан бүх хүмүүст гүн талархлаа илэрхийлье. Одоо ярилцлагаа дуусгах уу даа. Олон ч цаг ярьсан байна.

-Цаг гаргасанд баярлалаа. Хүнд хэцүү үеүдээ амжилттай туулж гараад, эргэн сайн сайхан үед баяртай уулзах биз ээ. Амжилт хүсье.
-Баярлалаа
http://ganchimeg.niitlelch.mn.  

No comments:

Post a Comment