Tuesday 6 August 2013

“Төр шийтгэж ч чаддаг, бас уучилж ч чаддаг байх хэрэгтэй”



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж Хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Намбарын Энхбаярт уучлал үзүүлэн үлдсэн ялаас нь чөлөөлсөн билээ. Энэ үйл явдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.

-Авлигын хэргээр ял эдэлж байсан Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үлдсэн ялаас нь чөлөөлж суллалаа. Үүнийг авлигатай хийх тэмцлээс ухарлаа гэж үзэх нэг хэсэг хүн байна. Ингэж ойлгож болох уу?
-Авлигатай тэмцэнэ, шийтгэнэ, өршөөж уучилна гэдэг бол бүгд тус тусдаа ойлголт юм.

-Н.Энхбаярыг сулласнаас үл хамаарч авлигатай хийх тэмцэл үргэлжилнэ гэж хэлж болох уу?
-Тийм, авлигатай хийх тэмцэл бол Монгол Улсад хуулийн засаглал тогтоох том зорилтын салшгүй хэсэг мөн. Энэ ажил цаашид үргэлжилнэ.

-Тэгвэл Н.Энхбаярыг яагаад уучилсан юм бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон, бусадтай хуваалцдаггүй  онцгой хэд хэдэн эрх бий. Түүний нэг эрх бол уучлал үзүүлэх эрх байдаг.

-Ерөнхийлөгч ямар үндэслэлээр Н.Энхбаярыг уучилсан бэ гэж асуумаар байна л даа. Н.Энхбаярын зүгээс албан ёсоор өргөдөл, хүсэлт гаргасан уу?
-Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч онцгой бүрэн эрхээ эдэлж, шүүхээр шийтгүүлэн ял эдэлж байгаа хүмүүст уучлал үзүүлсээр ирсэн. Н.Энхбаярын тухайд янз бүрийн шалтгаанаар шоронгоос чөлөөлүүлж өгөхийг хүсч удаа дараа санал хүсэлт, шаардлага зөндөөгарч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлэх зарлиг гаргахдаа олон зүйл эргэцүүлж бодсон байж таарна. Нэг үе Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг уучилсан нь буруу биш биз дээ. Н.Энхбаяр гуай эрүүл мэнд, эмчилгээ, сувилгаандаа анхаарах биз ээ.

Төр шийтгэж ч чаддаг, бас уучилж ч чаддаг байх хэрэгтэй л дээ. Энэ бол ардчилсан аль ч оронд байдаг л зүйл. Үүнийг гайхаад, эвэртэй туулай үзсэн юм шиг хандаад байх шаардлагагүй болов уу.

-Ер нь Ерөнхийлөгч жилдээ хэчнээн хүнийг уучилдаг юм бэ?
-Ерөнхийлөгч жилд цөөн тооны хүмүүст уучлал үзүүлдэг. Энэ удаа Н.Энхбаяр гэдгээрээ арай содон харагдсан байх. Тэрнээс биш байдаг л зүйл. УИХ-аас хууль гаргаж олон хүнийг өршөөдөг. Өршөөлнийтлэг шинжтэй, харин уучлалыг тодорхой хувь хүнд хандаж гаргадаг. Үүгээрээ өршөөл, уучлал ялгаатай. Ерөнхийлөгчийн зарлиг гармагцаа хэрэгждэг онцлогтой.

-Хүнийг уучилна гэдэг бол шийтгэхээс илүү хэцүү, ихээхэн ухаан, эр зориг зардаг юм шиг санагддаг юм. Та юу гэж бодож байна?
-Тийм ээ, тантай санал нэг байна.
Д.ОЮУН
politics.news.mn

No comments:

Post a Comment