Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болдыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Сүүлийн үед банкны салбарт болж буй үйл явдлууд олон
нийтийн анхаарлын төвд байна. Гэхдээ ард иргэдийн нийтлэг эрх ашиг гэхээсээ
илүү улс төр, эдийн засгийн тодорхой зорилго бүхий бүлэглэлүүд энэ тоглолтыг
ашиг-лаад байгаа дүр зураг харагдаад байх юм. Таны бодлоор Монголын эдийн
засагт өнөөдөр хямрал нүүрэлчихээд байна уу. Эсвэл амар амгалан байна уу?
-Банкны салбарын тухайд нэг банк, тухайлбал Хадгаламж
банк Төрийн банктай нийлсэн тухай таагүй мэдээлэл Анод, Зоос банкууд дампуурсан
байдалтай адил төстэй санагдаж олон нийтийн анхаарлыг татаж, санааг нь зовоох
болсныг ойлгож байна. Аль нэг банкны үйл ажиллагаа доголдсоноор зах зээлийн хуулийн
дагуу тухайн зах зээлээсээ шахагдан гардаг. Энэ бол ердийн үзэгдэл юм. Жишээ нь
он гарсаар АНУ-ын долоон банк “Хаалгаа барьчихаад” байна гэсэн мэдээлэл
өнгөрсөн долоо хоногийн байдлаар явж байна. Өөрөөр хэлбэл зах зээлд аж ахуйн
нэгж, компаниуд, түүний дотор банкууд шинээр бий болж үүсгэн байгуулагдах, үйл
ажиллагаа нь доголдвол зах зээлээс шахагдан гардаг. Энэ нь өөрөө өөрийгөө
“цэвэршүүлж” буй үйл явц гэж ойлгох хэрэгтэй.
-Гэхдээ “аюул” үүссэн үү?
-Аюултай нөхцөл байдалд хүрээгүй байна. Ийм нөхцөлд
хэзээ хүрэх вэ гэвэл банкны салбарын үлэмж хэсгийн үйл ажиллагаа доголдсон
байвал “хүндэрсэн” гэж үзнэ. Монголд 14 банк үйл ажиллагаа явуулж байсан.
Үүнээс сая Төрийн банктай нэгтгэгдсэн Хадгаламж банкны хувьд нийт зах зээлд
найм орчим хувийг л эзэлж байлаа. Тэгэхээр 92 хувь нь тайван амгалан байна.
Үүнийг том доргилт гэж үзэх аргагүй. Гол нь тус банк олон салбартай
байсан учраас “том доргилт” юм шиг харагдсан байх.
-Та Монголын банкуудын түүхийг сайн мэдэх хүн. Ойрын хугацаанд
гэвэл “Анод”, “Зоос” яалаа гэдэг ялгааг олон нийт мартаагүй байна. Хадгаламжийн
хувьд тэднээс ч бүр өөр. Хэдийгээр байдал муудлаа гэдгийг харилцагчид ойлгосон
ч тус банкны хувьд харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хохироохоос урьтаж төв
банк арга хэмжээ авчихлаа гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө тийм. Өмнөх банкуудын дампуурлаас Монголбанк
сургамж авч Хадгаламж банкин дээр яаралтай арга хэмжээ авч, хүндрэлгүйгээр
хэрэгжүүллээ гэж би бодож байна. Монголбанк бол банкны салбарыг эрүүл саруул,
цэвэр, ёс зүйтэй байлгах талын хяналтыг тавихын төлөө төрийн нэрийн өмнөөс
ажилладаг байгууллага. Энэ үүргийнхээ дагуу шаардлагатай арга хэмжээг цаг
алдалгүй авч байх ёстой.
.
-Монголбанкны өнөөгийн удирдлагууд олон зоригтой алхмыг
хийсний нэг нь ипотекийн зээл. Үүнийг бүр найман хувийн хүүтэйгээр эхэллээ.
Ипотекийг хамгийн найдвартай барьцаатай зээл гэж үздэг хэсэг байхад банк
дампууруулах үндэс суурь гэж үзэх хэсэг бас бий. Энэ талаар та ямар бодолтой
явдаг вэ. Манайд хэр зөв гольдролоор эхэлсэн бол?
-Орон сууцны барьцаат зээлийн системийг Монголд
нэвтрүүлээд арваад жилийн нүүр үзэж байгаа боловч хамрах хүрээ нь бага байсан.
Нийт орон сууцны дөнгөж хоёр орчим хувь нь ипотекийн санхүүжилтэд хамрагддаг
байлаа. Энэ бол маш хангалтгүй тоо бөгөөд орон сууцны санхүүжилтийн тогтолцоо
Монгол Улсад дөнгөж эхлэлийн шатанд байгаа гэж хэлж болно. Өндөр хөгжилтэй улс
орнуудад энэ харьцаа дунджаар 100 хувь орчим байдаг. Тиймээс орон сууцны
санхүүжилтийн салбарыг илүү боловсронгуй болгож гүнзгийрүүлэн дараагийн шатанд
гаргахын тулд Монголбанкнаас Засгийн газартай хамтран тусгай хөтөлбөр
хэрэгжүүлж эх үүсвэрийг нь бий болгож байна. Энэ нь Монголдоо шинэлэг төдийгүй
арилжааны банкуудын олон жилийн туршид хүсэн хүлээж байсан зүйл юм. Арилжааны
банкныхан ч үе үеийн Засгийн газрын төлөөлөлтэй олон удаа уулзаж моргэйжийн зах
зээлийг хөгжүүлэх талаар хүсэж байсан удаатай. Тиймээс дээрх бодлого энэ цаг
үед хэрэгжиж эхэлж байгаа нь талархууштай гэж бодож явдаг.
-Энэ бол шинэ зүйл гэдгийг та хэллээ. Шинэ зүйлийг
эхлэх амаргүй байдаг. Тиймээс ч иргэд 20 жилийн турш төлөх өр гэдэг утгаар илүү
хүлээн авч байна. Дээр нь хэдийгээр хэрэгцээ байгаа боловч зээлийн хүү болон
нөхцөлд өөрчлөлт орох вий, өмнөх Засгийн газарт ярьж байсан шиг тасалдсан
тохиолдолд хохирч үлдвэл яах вэ гэсэн болгоомжлол, эмзэглэл байгааг нуух
аргагүй?
-Иргэдийн хувьд зах зээлийн хүүгээр бол жилийн 15-18
хувийн хүүтэй олдох зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр авна гэдэг ховор
боломж шүү дээ. Тиймээс эргэлзэхгүйгээр энэ зээлд хамрагдах нь зүйтэй. Засгийн
газар, Монголбанкнаас хангалттай баталгаа гаргаж өгч байна.
.
-Банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үндэсний банкуудаа
төрөөс чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх болов уу гэсэн хүлээлт байсаар ирсэн.
Хэдийгээр хувийн хэвшлийн байгууллага боловч эдийн засгийн үндэс суурь, олон
нийтийн итгэлцэлтэй холбоотой гэдэг утгаар танд энэ хүлээлт мэдрэгддэг үү?
-Хувийн хэвшлийн байгууллагад төрөөс хөрөнгө, эсвэл
хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулна гэдэг амаргүй. Тэгээд ч энэ нь эдийн засгийн
хямралын үед авдаг арга хэмжээ юм шүү дээ. Тухайн банкны хөрөнгө оруулагчид,
эзэд нэмж хөрөнгө оруулах боломжгүй, чадамжгүй болсон үед тэр банкийг
тогтвортой ажиллуулахын тулд аргагүйн эрхэнд ийм алхам хийдэг. Энэ бол хүсэх
зүйл биш. Ердийн буюу банкны үйл ажиллагаа горимоороо явж байгаа үед үүсгэн
байгуулагчид, хувьцаа эзэмшигчид өөрсдөөсөө нэмж хөрөнгө гаргах, эсвэл шинэ
хувьцаа эзэмшигчдийг татан оруулах замаар банкныхаа өөрийн хөрөнгийг
нэмэгдүүлдэг. Энэ нь олон улсын жишигт байдаг арга зам юм.
-Хэдийгээр та улстөрч биш боловч “Чингис бондыг үр дүнгүй
зарцуулж байна. Энэ бол татвар төлөгчдийн төлөх өр шүү дээ” гэдэгтэй санал нийлэх
үү. Сүүлийн үед дээрх бондын зарцуулалтын талаар улстөржүүлсэн мэдэгдлүүдийг
сөрөг хүчнийхэн хийж байгаатай холбогдуулан эдийн засагч, банкир хүний хувьд
ямар бодолтой явдгийг тань сонирхох гэсэн юм. Энэ нь бидний удахгүй авах үлдсэн
3.5 тэрбум ам.долларын үнэлэмжид нөлөөлөх болов уу?
-Хүн бүр Чингис бондын талаар ярьж, санаа зовж байгаа
нь Монгол Улсад мөнгөний хомсдол хэчнээн их байсны нэг илрэл гэж хэлж болох юм.
Засгийн газрын баталгаатай бондыг гадаад зах зээл дээр арилжих нь бусад улс
орны хувьд өдөр тутмын үзэгдэл шүү дээ. Тэр хэмжээгээрээ төсвийн орлогод нь
ихээхэн дэм болдог. Тийм ч учраас төсвийн орлогоосоо зарлагадаж бондын өрөө,
хүүгээ төлж байдаг урсгал шинж чанартай санхүүжилтийн нэг хэлбэр юм.
-Тэгвэл үүнээс бид зайлсхийх бус дасан зохицох
хэрэгтэй гэсэн үг үү?
-Дасан зохицохоос аргагүй. Монгол Улс бусдаас
тусгаарлагдмал байж байгаад дөнгөж нэгдэн нийлж дэлхийн улс орнуудтай хамтарч
ажиллаж эхэлж байна. Олон улсын санхүүгийн зах зээл дээр ямар хэрэгсэл байдаг
вэ, ямар дүрэм журам байдгийг өнөөдөр танин мэдэж, дагаж, мөрдөж, өөртөө
ашигтайгаар хэрэглэж сурах гэж байна. Юуны өмнө бид энэ талаар бага мэдэж
байгаа учраас хардаж сэрдэх нь их байгаа юм. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг.
Мэддэг болсныхоо дараа эмээж зайлсхийж байсан зүйлдээ дурлаж, дэмжиж
эхэлдэг. Үүнтэй ижил үйл явц болж байна гэж хэлж болно. Бид өмнө нь Дэлхийн
банк, Азийн Хөгжлийн банк, ОУВС буюу улс орнуудын төрийн өмчөөр хувь нийлүүлсэн
хандивлагч байгуулагуудаас зээл авч санхүүждэг, түүгээрээ цахилгаан станцаа
зогсоочихгүй ажиллуулах гэх мэтээр сүүлийн 20-оод жилд улс орноо чадан ядан авч
явж ирлээ. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийн зах зээлээс арилжааны нөхцлөөр Монгол
Улсын Засгийн газар бусад орнуудын жишгээр анх удаа Чингис бонд нэртэй
зээлийг авлаа. Ийнхүү Засгийн газар хувийн хэвшлээс зээл авч байгаа нь өмнөх
зээлүүдээс зарчмын ялгаатай. Хувийн хэвшлийнхэн хандивлагчдаас илүү шаардлага
өндөртэй, өгсөн мөнгөндөө харам, хяналт сайтай. Өгсөн мөнгийг Монгол Улс яаж
зарцуулж байна вэ гэдгийг өдөр тутам мэдээллийн хэрэгслээр дамжуулан хянаж байдаг.
Тиймээс Чингис бондын талаар зохисгүй мэдээлэл гаргах нь утгагүй. Аяндаа хоёр,
гурав, арав дахь бондуудыг арилжаад эхлэхээр энэ нь сонин зүйл биш болчихно.
-Сонин биш боллоо ч гэсэн зээлдүүлэгчийн хувьд чухал
хэвээрээ биз дээ. Би танаас алсын хараатай, ашигтай төсөл хэрэгжүүлнэ гээд
мөнгө зээлсэн бол та түүнийгээ хийж байгаа эсэхийг хянах байх. Эсвэл буцааж
төлөх эсэх нь л чухал уу?
-Тэр бүр тухайн улс орны амьдралд, тэр тусмаа аль
салбарт мөнгөө зарцуулах вэ гэдэгт оролцоод байхгүй л дээ. Энэ бол тэр улс орны
төр, засгийн шийдэх асуудал. Гол нь уул уурхайн салбар Монголд “цэцэглэж”
байна. Энэ хэмжээгээр хатуу валютын урсгал тасралтгүй орох юм байна гэдэг л
тэдэнд чухал. Ингэснээр төсвийн орлого нь нэмэгдэж түүнээсээ бондын хүүгээ
эргүүлэн төлөх чадвартай юм байна гэдэг л тодорхой байх нь хангалттай байдаг.
-Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багаслаа гэж ярьж
байгаа ч Монгол Улс хөрөнгө оруулах таатай орчны жагсаалтад дээгүүрт багтсан
хэвээрээ байна. Энэ индексийн тухайд та ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ индекс чинь цаг үеэсээ дандаа хоцорч олон нийтэд
хүрдэг хэмжүүр үзүүлэлт шүү дээ. Тухайн үйл явдал болоод өнгөрснөөс 1-2 жил,
заримдаа гурван жилийн дараа гардаг тоон мэдээ юм. Гэхдээ баттай, оновчтой ч
тоо биш баримжаа юм. Бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд
өдөр тутмын шинэ мэдээллүүдэд тулгуурлаж дараагийн шийдвэрээ гаргадаг. Хөрөнгө
оруулалтын орчин маш муу байгаа. Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ
унасан. Үүнээс болж хөрөнгө оруулалт зогссон. Монгол Улсын Засгийн газартай
өмнө нь хийсэн гэрээ хэлцлийг өөрчлөхийг шаардаж буй үйл явц нь хөрөнгө
оруулагчдын итгэлийг алдахад хүргэсэн. Ийм тогтворгүй орчинд хөрөнгө оруулалт
орж ирэхгүй. Тиймээс ойрын 20-50 жилийн ирээдүйг харсан хөрөнгө оруулалтын
орчин бүрдсэн цагт энэ байдал илааршиж зөв гольдролдоо орох учиртай.
-Яг үнэндээ Оюутолгойн гол хөрөнгө оруулагч “Рио
Тинто” Монголын Засгийн газар, УИХ-ыг “зэсийн экспортод саад хийлээ” хэмээн
дэлхий нийтэд зарласнаас болж ам.долларын ханш өссөн гэдэгтэй та санал нийлэх
үү?
-Санал нийлж байна. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө
оруулалт буурчихлаа гэдэг нь Монгол Улсад орж ирэх хатуу валютын урсгал саарлаа
гэсэн үг шүү дээ. Гэтэл валютын орох урсгал нь саарсан ч гарах урсгал нь
хэвээрээ байна. Тэгэхээр төгрөгийн ханш сулрах нь хэвийн үзэгдэл гэж хэлж
болно. Гэхдээ ийм зүйлийг байлгахгүйн төлөө төр, засаг өдөр алгасахгүй ажиллах
ёстой. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Төгрөгийн ханшийг
тогтвортой байлгахын төлөө шийдвэр гаргагчид зөв бодлого боловсруулж үүргээ
биелүүлэх учиртай. Энэ бол зөвхөн Оюутолгойн асуудал биш. Монгол Улсын уул
уурхайн салбарт хөрөнгө оруулахаар гадаадын хөрөнгийн биржээр гаргасан
хувьцааны нийт үнэлгээ нь 20 гаруй миллиард ам.долларт хүрдэг. Тодруулбал
Монгол Улсад хөрөнгө оруулахаар хүлээж буй ийм хэмжээний ам.доллар хөрөнгө
оруулагчдын гар дээр өнөөдөр байна гэсэн үг. Үүний цаана өөрийн хөрөнгөөрөө
хувьцаа худалдан авсан гадаадын хэдэн арван мянган иргэн, компани бий. Тэд
манай хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн нөхцөл байдлыг анхааралтай
ажиглаж буй. Дээр нь тэдний Монголд итгээд манай хувьцааг авч хөрөнгө оруулсан
итгэл бүрмөсөн унтарч болзошгүй гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр гадаадын
хөрөнгө оруулалтыг зөвхөн Оюутолгойгоор хэмжих аргагүй. Үнэхээр болохгүй байгаа
хууль тогтоомж, дүрэм журмаа зоригтойгоор өөрчлөөд ард иргэддээ тайлбарлаад
эдийн засгаа аврах шаардлагатай болчихоод байна. Үүнийг л шийдвэр гаргагчид цаг
алдалгүй хийх ёстой.
-“Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багаслаа,
ам.долларын ханш өслөө. Одоо яах вэ” гээд ҮАБЗ хуралдаж, сөрөг хүчнийхэн ч
УИХ-ын чуулганаа зарлан хуралдуулж асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж
эхэллээ. Үүсэл гарлын тухайд “Рио Тинто”-ийн мэдэгдлээс улбаатай ам.долларын
ханшийн өсөлтийг ийм арга замаар шийдэж чадах уу?
-Тэднээс шалтгаалах зүйл бий гэдгийг дээр хэллээ.
Гадаадын хөрөнгө оруулагчид бол манай хууль дүрмэнд итгэж гэрээгээ хийдэг. Манай
тал алдаатай дүрэм зохиочихоод ард түмний өмнө буруутахаараа өөрчилье гээд
байгаа нь хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулаад байгаа хэрэг. Тэгэхээр эрх
баригч, шийдвэр гаргагчдад алсын хараатай, алдаагүй хууль дүрэм гаргаад
өгөөч. Тэр нь “урт настай”, тогтвортой байгаасай. Тэр дүрмийг чинь үг дуугүй
дагая л гээд байгаа шүү дээ. Энэ л эрх баригчдын үүрэг, хариуцлагатай
холбоотой. Гэрээний хувьд бол мэдээж олон улсын жишгийн дагуу харилцан ашигтай
байх ёстой. Харин “тоглоомын дүрмээ” зохиохдоо Монголын орны үндэсний эрх
ашигтай нийцтэй байхаар бодож хийх нь ойлгомжтой. Хөрөнгө оруулагчид үнэхээр
ашигтай, сонирхолтой л бол манай дүрмийг дагах л болно.
-Зарим эдийн засагч “Төгрөгийн ханш сулрахаас бүү ай.
Үндэсний экспортлочдоо бодох цаг болсон гэдэг”. Энэ талаар та юу хэлмээр байна
вэ?
-Үнэний ортой л доо. Гэхдээ манай улсад бүтээгдэхүүн,
үйлчилгээгээ гадаад зах зээл дээр борлуулдаг үндэсний үйлдвэрлэгчид хуруу дарам
цөөн байгаа нөхцөлд суларсан төгрөг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд
одоохондоо далайцтай нөлөө үзүүлэхгүй. Харин үр ашиг муутай импортыг хязгаарлаж
зардал хэмнэх, улсын валютын нөөцийг хамгаалахад илүү нөлөөлнө. Төгрөгийн болон
ам.долларын ханш, инфляци гэх мэт энэ үзүүлэлтүүд яг л биений халууны
температур хэмждэг шил шиг юм. Ханш тогтворгүй, инфляци өндөр байвал нийгмээрээ
“халуурч” байна гэсэн үг. Үнэн бодит байдал ийм л байна. Үнэнийг сонсох хэцүү,
“гашуун” байдаг. Гэхдээ мэдэж байж л “эмчилнэ”. Эмчлэхийн тулд хэрэглэх жор нь
ч гэсэн тэр бүр таатай бус байж болно. Тэгэхээр өнөөдөртөө нийгэмд бага
хувийг эзлэх үндэсний экспортлогчдоо дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг
чөлөөтэй болгох нь бидний тулгамдсан зорилго, алсын хараатай бодлого байх
ёстой. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ экспортын чиглэлтэй байдаг.
Манай экспортын хэмжээ муу байвал бидний төлбөрийн чадвар муудаж мөнгө
зээлдүүлэх гадны зах зээл хаагдана. Энэ талаар эрх баригчид шийдвэрээ минут цаг
алдалгүй яаралтай гаргах байх гэж найдаж байна. Ер нь экспорт, гадаадын хөрөнгө
оруулалт муу байвал төгрөгийн ханшийг доллартай харьцуулж тэнцвэржүүлэх гэж
бодох ч хэрэггүй. Экспортын доллар Монголд орж ирэхгүй бол төгрөг дангаараа
юутай тэнцвэржих вэ.
-Тийм учраас л интервенц гаргах хэмжээ хэрээс
хэтэрлээ, валютын нөөцөө шавхлаа гэж эдийн засагчид шүүмжлээд байна л даа?
Ийм нөхцөлд богино хугацааны явцуу ашиг сонирхлыг харж
интервенц хийвэл дунд, урт хугацааны үндэсний ашиг со-нирхолд ноцтой аюул
учруулна. Долларын орлого орж ирэхгүй байхад интервенц хийвэл санхүүгийн
“тогоо”-гоо дэмий хоосруулж төгрөгөө арын баталгаагүй болно. Аливаа улсад
ам.долларын буюу хатуу валютын нөөц их байх тусам төгрөгийн ар талын баталгаа
бэхжиж төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөл бүрддэг. Байгаа багахан шиг
валютын нөөцөө эсвэл нүүрсний уурхайгаа оролдохын оронд нөөцөө арвижуулах
бүтээлч ажил хийж, экспортын нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх 20-50 жилд мөрдөх
бодлогоо хэрэгжүүлж гүйцэтгэх, зохион байгуулалтын далайцтай арга хэмжээг авах
шаардлагатай байна. Дотоод, гадаадын компаниудын хөрөнгө оруулалтын орчныг
сайжруулж, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гэрээ хэлэлцээрээ ашигтай
болгох чиглэлд үр дүн гаргах хэрэгтэй байна.
-Сүүлийн үед дэлхийд “ТОП” гэгдэх банкууд
Монголд Төлөөлөгчийн газраа нээх боллоо. Миний санаж байгаагаар дөрвөн банк
нээчихээд байна. Одоо шинээр Японы хоёр банк Төлөөлөгчийн газраа нээх сурагтай.
Үүний сайн, муу талууд нь юу байж болох вэ?
-Юуны өмнө Монголд хөрөнгө оруулалтыг татах, энэ
урсгалыг нээх том боломж болох нь дамжиггүй. Харин дотоодын банкуудын ажиллаж
чаддаг зах зээлд оруулах шаардлаггүй. Нөгөөтэйгүүр, буурай орнуудад орсон гадны
банкууд тийм ч тогтвортой биш гэдэг нь Зүүн Өмнөд Ази, Африк, Латин Америк,
Зүүн Европын орнуудад харагдсан. Таалагдахгүй бол хаалгаа хааж, ганц товчлуур
дээр дараад гүйлгээгээ хаачихаад л хаашаа ч юм бэ, яваад өгнө. Хэчнээн муу
нэртэй, жижиг гэгдсэн ч үндэсний арилжааны банкууд эх орондоо л байна шүү дээ.
Монголыг монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ. Бидэнд гадаадын хөрөнгө, гадны
мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага хэрэгтэй нь маргашгүй. Үүнийг зөв бодлогоор
ашиглах нь чухал.
-Ярианыхаа төгсгөлд эдийн засгийн хямралаас Монгол хэр
ангид байна вэ гэдэг асуултыг тавья. Уржигдархан нийслэл дэх инфляци долоон
хувьтай болсноос үзэхэд тайвширч болмоор. Гэтэл цалин хөлсний доод хэмжээг
нэмэх зэргээр эерэг үзэгдэл, тэгж харагдах үйлдлүүдийг эрх баригчид хийсээр
байна?
-Мэдээж эдийн засагт доргилт, донсолгоо олон байна.
Тэр бүхнийг нэгмөсөн арилгах боломжгүй. Нэг, нэгээр нь тулгамдсан асуудлаа
шаргуу шийдэж цэвэрлэсээр эерэг уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Дээрх
донсолгоо бүхнээс хамгийн эмээх, айх зүйл нь та бид хоёрын саяын ярьсан
гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Гэхдээ донсолгоог жижиг гэж чамлаж
болохгүй. Олон жижиг “донсолгоо” нь том хямралын шалтгаан ч байж болох шүү дээ.
Гадаадын хөрөнгө
оруулалт Монгол улсад хэрхэн орж ашиглагдаж байгааг манай ТэнГэр
Санхүүгийн Нэгдлийн жишээн дээр сонирхуулая. Манай компанид дотоод гадаадын
нийлсэн 16 хувьцаа эзэмшигч байгаагаас 6 нь гадаадынх байна. Үүнд, дэлхийн
санхүүгийн нийслэл Лондонд төвтэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк,
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төвтэй Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын
Санхүүгийн Корпораци /ОУСК, Голландын Триодос банк, Швейцарын Женев хотноо
байрлах Бамбуу Финанс, Люксембургэ дэх Ронок Интернэшэнэл зэрэг банк,
санхүүгийн байгууллага хөрөнгө оруулж жил бүр нэмэгдүүлж байна.
Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монгол захирлуудаас гадна Австрали, Англи, Голланд,
Ирланд, Швейцарын иргэд ажиллаж байна. Компаний өдөр тутмын үйл ажиллагааг
Монгол залуучууд удирдаж байна.
Саяхан компаний
шинэ хувьцаа эзэмшигчээр орж ирэх Японы Орикс Груп ЭЗХЯ-наас зөвшөөрөл авлаа.
Орикс компани банк, лизинг, даатгал хөрөнгө оруулалтын зэрэг
үйлчилгээг дэлхийн 26 улс оронд үзүүлдэг 100 тэрбум ам долларын хөрөнгөтэй айл
юм.
Дотоод, гадаадын
эдгээр хөрөнгө оруулагчдын мөнгөн хөрөнгө монголын 500 мянган иргэн, айл өрх,
компанид санхүүгийн үйлчилгээ узуулэхэд зарцуулагддаг. Сүүлийн арваад жил
оруулсан хөрөнгийнхөө ногдол ашгийг бараг авалгүйгээр манай эдийн засагт
эргэлдүүлж байна.
-Ярилцсанд
баярлалаа.
У.Оргилмаа
No comments:
Post a Comment