Tuesday, 6 August 2013

“Хадгаламжийг Төрийн банкинд нэгтгэсэн нь зөв”



Хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өчигдөр танилцуулав. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Монголбанкны зүгээс “Банк санхүүгийн салбар тогтвортой” гэж мэдэгдэж ирсэн ч Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэлээ. Энэ үйл явц нь эдийн засаг эмзэг байгааг илтгэсэн хэрэг болох шиг. Ер нь Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэсэн нь хэр оновчтой шийдэл болсон гэж та харж байгаа вэ?
-Банк, санхүүгийн асуудал нь Төсвийн байнгын хороонд хамаардаггүй боловч Хадгаламж банкийг Төрийн банк руу татаж, хадгаламж эзэмшигчдийн эрсдлийг хамгаалж байгаа нь сайн зүйл. Эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаас авсан урьдчилсан арга хэмжээ.

Төсвийн байнгын хорооны хувьд одоо юунд анхаарч байна вэ гэхээр төрийн өмчийн үйлдвэрийн газар “Эрдэнэт” нь хувь компанид зээлийн баталгаа гаргасан явдал нь цаашдын бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх вий. Таварын орлого төлөлтөд сөрөг үр дагавар дагуулж, бүрдэхгүй байх тал ажиглагдах вий гэсэн болгоомжлол байна. Тийм учраас ойрын хугацаанд бид “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж энэ талаар санал бодол солилцох төлөвлөгөөтэй байна.

-Төсвийн байнгын хорооноос Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт ямар шатанд яваад хяналт тавихаар ажлын хэсэг байгуулсан санагдаж байна. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргасан уу?
-УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ УИХ-ын намрын чуулганаар танилцуулна. Байнгын хорооны даргын хувьд мэдээлэл авч байгаа, ажлын хэсгийнхнээс. Тухайлбал, Оюутолгойн ордод оруулсан анхны хөрөнгө оруулалт 7.1 тэрбум ам.доллар болчихоод явж байгаа. Цаашдаа хөрөнгө оруулалт 13 тэрбум ам.доллар болно гэж хөрөнгө оруулагчид мэдэгддэг. Хэрвээ анхны хөрөнгө оруулалт ийм хэмжээнд хүрвэл Монголын талд ногдох 34 хувийн өрийн хэмжээ өснө.  Үндсэндээ дөрвөн тэрбум ам.доллар орчим нь ард түмний өр болж үлдэнэ. Тийм учраас ажлын хэсгийн хувьд Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд заасны дагуу анхны хөрөнгө оруулалт 4.1 тэрбум төгрөг байх ёстойг сануулж ажиллана.

Ажлын хэсгээс өгч байгаа мэдээллээр анхны хөрөнгө оруулалт 7.1 тэрбумд хүрсэн гэсэн нь үндэслэлгүй байна гэсэн, тэгэхээр анхны хөрөнгө оруулалтын хэмжээ буурах юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа.

Хоёр дахь асуудал нь долдугаар сарын эхэн үеэс “Оюутолгой” ХХК баяжмалаа экспортолж эхэлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 9.13-т баяжмалын экспортын бүх орлогыг гадаадад хадгалж зарцуулна гэж заасан нь манай улсын эдийн засагт, тэр тусмаа валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд маш ашиггүй туссан. Энэ заалтыг өөрчлөхөөр Засгийн газар ажиллаж байгаа гэж ойлгосон.

Уул уурхайн сайдтай мөн санал солилцсон. Сайд Д.Ганхуяг “Оюутолгой” ХХК-тай ойлголцсон, экспортолсон баяжмалын төлбөр Монгол Улсад эргэж орж ирээд эндээ төлбөр тооцоо нь хийгдэнэ” гэж хэлсэн. Гэхдээ Засгийн газар үүнийг гэрээнд өөрчлөлт оруулж баталгаажуулан төгс шийдэх ёстой гэсэн байр суурийг Төсвийн байнгын хороо барьж байна.

Оюутолгой ордтой холбоотой гурав дахь асуудал нь зэсийн баяжмалтай цуг гарч байгаа алт, мөнгөний агуулгын хэмжээг тогтоож тэр хэмжээгээр нь төлбөрөө авдаг байх тухай юм. Энэ асуудалд ажлын хэсэг анхаарч ажиллана.

Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг татварын хуулиуд дээр ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулах асуудлыг судалж байгаа юм. Монгол Улс шиг уул уурхайн бүтээгдэхүүнээ татваргүйгээр экспортолдог орон алга байна шүү дээ.

-Татварын орлого бүрдүүлэлт сайнгүй байгаа гэх. Төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх гээд байна уу даа?
-Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсээгүй. Гэхдээ анхаарах асуудал бий. Жишээ нь өчигдөр/уржигдар/ Гаальд ажиллахад “Татварын хуулийн хөнгөлөлтийн асуудлыг эргэж хараач ээ” гэж хэлж байна. Маш их хэмжээний татвар хуулийн цоорхойгоор улсад орж ирэхгүй болох нөхцөл байдал үүссэн байна. Засгийн газрын төвшинд татварын цогц хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч энэ чиглэлийн багц хуулийн төсөл боловсруулж байна, намрын чуулганаар оруулаад ирэх болов уу.

Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид Монголын татварын орчин таатай байхаас гадна тогтвортой байхыг хүсдэг. Энэ бүхнийг харгалзан үзэж намрын чуулганаар татварын бодлогыг цогцоор нь шийднэ.

-Орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас иргэдэд жилийн найман хувийн хүүтэй урт хугацаат зээл олгосон ч эргээд эдийн засагт үнийн хөөсрөл бий болгож дарамт учруулж байна. Дээр нь ажил гүйцэтгэхээр тендэрт ялсан компаниуд авто зам, барилгаа барихгүй байгаа тухай орон нутгийн иргэд шүүмжилж байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай бүтээн байгуулалтад зарцуулахад Төсвийн байнгын хороо хяналт тавьж чаддаг уу?
-Би хувьдаа төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн хэмжээг бууруулахгүй байх ёстой гэж үздэг хүн. Гэвч санхүүжилтийг нь олгочихоод байхад ажил нь явдаггүй ашиглалтад ордоггүй авто зам, барилга байгууламж байгааг үнэхээр зөвтгөх аргагүй. Тодорхой жишээ татахад, Яармагийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгад 18 тэрбум төгрөгийн санхүүжилт олгочихоод байхад ашиглалтад орохгүй байна. Энэ бол хариуцлагагүйн тод жишээ.

УИХ-ын хаврын чуулган өндөрлөхийн өмнө УИХ-ын даргаас энэ асуудлаар ажлын хэсэгт чиглэл өгсөн. Зарлагын хяналтын дэд хорооноос шийдвэр мөн гаргасан. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг он дамжсан хөрөнгө оруулалтууд, ашиглалтад ороогүй байгаа барилга байгууламжууд гүйцэтгэгчийн талаар судалгаа гаргана. Ажил авчихаад түүнийгээ хийгээгүй компаниудын бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлана. Ингэж явахгүй бол төсвөөс хамгийн бага үнээр тендэр авдаг, авсан хойноо ажлаа хийдэггүй он дамжуулдаг, үнэ өсгөдөг байдал ажиглагдаж байгаа учраас тодорхой арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага юм. Нөгөө талдаа хариуцлагагүй компаниудын толгойг илэхээ ч болих ёстой юм. Алийн болгон татвар төлөгчдийн мөнгийг ажил хийдэггүй компаниудад өгч, үрэн таран хийх вэ дээ.

Үнэ ханшийн өсөлтийн тухайд сүүлийн үед барилгын үнийг хэтэрхий зохиомлоор хөөрөгддөг болж. Орны тоо нь ижил хэрнээ үнэ нь өөр, хоёр дахин их төсөв шаардсан дотуур байр, эмнэлэг байна.  Гүйцэтгэгч компанийн захиалгаар зураг төслийн компаниуд ажиллаж байж магадгүй гэдэг сэтгэл төрүүлж байгаа. Үүнийг ажлын хэсэг мөн хянана.

-Татварын орлого бүрдүүлэлт сайнгүй байгаа тухайд?
-Энэ оны эхний хагас жилийн төсвийн татварын орлогын бүрдүүлэлтийг харахад өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буураагүй өссөн үзүүлэлттэй байгаа. Гол нь татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Эдийн засгийн идэвхижил гадаад орчинтойгоо уялдаад сайжрахгүй байгаатай холбоотой. Нүүрсний импорт, экспортын бүтээгдэхүүний үнэ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа нь гол орлого төвлөрүүлдэг хэсэгт сэргэлт авчрахгүй байна. Тухайлбал, татварын орлогын биелэлт 84 хувьтай байна. Ялангуяа Гааль дээр орлогын төлөвлөгөөний биелэлт муу байгаа, энэ нь импорт буурсантай холбоотой.

Ийм үед Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам амрахгүйгээр ажиллаж, ирэх найман сард багтаад цаашид ойрын хугацаанд ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдэг тодорхой болгох ёстой.

-“Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларыг олон зүйлд “цацсан”. Хэр оновчтой төслүүдэд санхүүжилт хийсэн гэж үздэг вэ?
-Засгийн газраас эдийн засгаа идэвхижүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээ нь буруу биш. Гэхдээ энэ нь эргээд баялаг бүтээдэг, бүтээмж бий болгодог, орлого бий болгодог салбар луу хөрөнгө оруулахад анхаарах ёстой юм. Тухайлбал, Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондын санхүүжилтийг хүлэмжийн аж ахуй байгуулах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулъя гэх юм уу. Уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгох, барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо бий болгох чиглэлээр зарцуулбал хөөс бий болгох бус бодитой баялаг бүтээх, эдийн засгийн өсөлтийг хангах эдийн засгаа тогтвортой байлгах нөхцөл бололцоо бүрдэнэ.
Г.ДАРЬ
http://politics.news.mn

No comments:

Post a Comment