Saturday, 10 August 2013

Д.Бямбасүрэн: Ганц зах зээлтэй байх нь эдийн засагт халтай



Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурлаа. Үүнийг дагаад манай улсын эдийн засагт сөрөг үзэгдлүүд ч харагдах болжээ. Ам.долларын ханш өсч, экспортын орлого хумигдаж, төсвийн алдагдал нэмэгдэж байна. Энэ бүхнээс харахад Шинэчлэлийн Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа бололтой?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гэж манайхан сандраад эхэллээ. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид өөрөө ашиг хонжоо олохын тулд л Монголыг сонирхож байсан болохоос биш манай улсын эдийн засаг, хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийгээгүй. Хөрөнгө оруулагчид гэнэт гараад явчихлаа, мөнгө алга болчихлоо гэж бодоод сандраад байх асуудал биш юм. Оюутолгойн үйлдвэр ашиглалтад орохтой холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголд орж ирсэн. Дараагийн үйлдвэр баригдтал хөрөнгө оруулалт буурах нь тодорхой. Гэхдээ энэ түр зуурын үзэгдэл. Монголын эдийн засагт айж хашгираад байх асуудал үүсээгүй байна шүү дээ. Тэртээ тэргүй дэлхийн эдийн засаг өөрөө хямралтай, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ зах зээлд унасаар байхад хөрөнгө оруулалт багасч, орлого буурах нь тодорхой. Засгийн газар ажлаа хийж байгаа. Миний хувьд бүх л чадлаа дайчилж ажиллаж байна гэж дүгнэж суугаа.

-Ер нь хөрөнгө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс буурсан. Энэ юунаас болов уу?
-“Саусгоби сэндс”-ийн асуудлаас болж УИХ-аар нэгэн хууль хэлэлцэн баталсан.  Стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахыг баталсан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин хумигдлаа, бизнесийн орчин хатуурлаа гээд л цуурай дэгдээсэн. Гадныхны дэгдээсэн цуурайг Монголын зарим улстөрч олгож аваад л хашгирсан болохоос байдал хүндрээд байгаа юм алга. Эдийн засгийн төлөв байдлыг харахад энэ онд ДНБ 14 хувьтай гарах хүлээлт байна. 

-Өмнө жилүүдтэй харьцуулахад Монголын эдийн засгийн өсөлт бууралттай гарна гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Өсөлт буурахаар тодорхой хэмжээний сөрөг үзэгдлүүд гарч ирэх байх л даа?
-2010, 2011 онд эдийн засгийн өсөлтөөрөө Монгол Улс дэлхийд гайхуулсан. Эдийн засаг өндөр өсөлттэй гарсан нь үнэн. Гэхдээ ард түмэндээ, өөрсдөдөө наалдацгүй эдийн засгийн өсөлтөөр яах юм бэ. Тэр өндөр өсөлтийн хэдэн хувь нь гадаадын хөрөнгө оруулагчдын халаасанд орсныг хэлэх хүн байдаггүй. Эдийн засагт өндөр өсөлтөөсөө илүү наалдац, үр дүн чухал байдаг юм. Манайхан тооны хойноос хэтэрхий улайрсан. Гэтэл бодит амьдралд чанар чухал юм. Чанаргүй өндөр тоог цаасан дээр гаргаад хэрэггүй.

-Улсын төсвийн алдагдал сараас сард нэмэгдээд байна. Нүүрсний экспорт хумигдаж байна. Эдийн засагт аврал байна уу?
-Улсын төсвийн алдагдал энэ онд их наяд хүрч магадгүй юм. Гэхдээ улсын төсвийн алдагдал Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас болоод үүсчихсэн асуудал биш юм. Энэ алдагдал бүр дөрөв таван жилийн өмнөөс 2008-2012 оны хооронд хэрэгжүүлсэн бодлогын алдаанаас болж байна. Засгийн газар уул уурхайгаас олсон ашгаа ард түмэндээ ижил тэгш хүртээнэ гээд баахан мөнгө тараалаа шүү дээ. Оюутолгой, “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-д баахан өр тавьсан. “Эрдэнэс Тавантолгой” нь нүүрсээ зараад ямар ч нэмэргүй. Өмнөх өрөндөө суутгагдаад таарч байна. Уул уурхай бол Монголыг хөгжил гэж итгэчихээд, сэтгэлийн хөөрөлдөө хэтэрхий автсанаас болоод өнөөдөр улсын төсөв алдагдал амсч байна. Уул уурхайгаа тэргүүлэх салбар гэж тодорхойлсон юм бол ашгаа зөв зарцуулах байлаа. Хэрэвзээ “Эрдэнэс Тавантолгой”-н нэрийг бариад Хятадын Чалкод өр тавиагүй бол эдийн засаг өнөөдрийнхөөс илүү өөр харагдах байсан. Нөгөө талаар дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ унаж байна. Улсын төсөв үүнээс болоод бас алдагдалтай гарах боллоо. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурна гэдэг Монголын төр засгаас хамааралгүй шүү дээ. Харин уул уурхайн бүтээгдэхүүний уналтыг төсөв боловсруулахдаа тооцож, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг хамгийн багаар тооцож гаргах ёстой байсан байх.

-Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол хөгжих боломж байгаа юу. Та юу гэж бодож байна?
-Гадаадын хөрөнгө оруулалтад  бүх асуудлаа дайтгаж, найдах хэрэггүй л дээ. Тэд хаана ашиг хонжоо байна, тэнд цуглардаг хүмүүс шүү дээ.  Ер нь Монголд гадаадын хөрөнгө оруулагчдын лоббиг хийдэг улстөрч, хэвлэлийн бүлэглэл бий болчихож. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалт бол Монголын эдийн засагт огт хэрэггүй зүйл биш юм. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалт багасах үед бид ямар салбараа дэмжиж ажиллавал эдийн засагт хүндрэл бэрхшээл учрахгүй байх вэ гэдгээ л тооцох хэрэгтэй байгаа юм.  Нэг зах зээлтэй, нэг салбарт тулгуурласан эдийн засаг хол явахгүй.

-Нүүрсний үнэ уналаа. Үүнээс болж, Монголын эдийн засагт нэлээд асуудал үүсэх шинжтэй?
-Энэ бол маш чухал асуудал болоод байна. Монголын нүүрс зарагдахгүй борлогдохгүй байна гэдэг маш муу мэдээ. Монгол улсын эдийн засаг өнөөдөр уул уурхайн экспортын орлого дээр  л тогтож байна. Гэтэл зах зээл нь ганцхан. Ганц зах зээлтэй улсын хувьд нүүрс борлогдохгүй байна гэдэг сайн зүйл биш. Нөгөө талаар гадаад зах зээлээ тэлэхгүй, ганц худалдан авагчиддаа тулгуурлаад байвал эдийн засгийн хараат болохын эхний хэлбэр. Тиймээс маш яаралтай боловсруулах үйлдвэрүүдээ барих ёстой. Нүүрс, зэс, алт, төмрөө боловсруулж зарвал зэх зээлийнхээ тоог ч нэмэх боломжтой юм. Ер нь зах зээлээ эвдэхгүй байх бодлого хэрэгтэй байна. Бидний орон зайг эзлэхийн төлөө улайрч байгаа, зах зээлийг маань булааж авахаар зүтгэж байгаа өрсөлдөгч олон байгаа гэдгийг мартмааргүй байгаа юм.

-Оюутолгойн зэсийн баяжмалыг экспортод гаргалаа. Монголын эдийн засагт үүсээд байгаа хямралыг давах гарц гэж олон хүн дүгнэж байна?

-Оюутолгойн төсөл эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах байх л даа. Гэхдээ би “Рио-Тинто”-г найдвартай түнш биш гэж дүгнээд л сууж байна. Ашгийн татвараас зугтааж байгаагаас нь бас экспортын үнээ хэлэхгүй байгаа гэсэн олон зүлийг нь хараад ажиглаад байхад ийм л бодол төрж байна. Ерөнхийдөө жижиг аж ахуйн нэгжүүдийн татвараас бултдаг овжин аргыг л Монголд хэрэглээд байна шүү дээ. Ер нь тэгээд улстөржиж суухын оронд одоо улс орныхоо эрх ашиг, эдийн засгийн төлөө намууд хамтарч ажилламаар хиймээр зүйл олон байна.
Ж.ЭРХЭС
http://economy.news.mn

No comments:

Post a Comment