Thursday, 11 September 2014

Д.Сайнбаяр: МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙН хаана ч үнэлэгдэх мэргэжилтэн болвол сайн

Моннис Интернэшнл ХХК-ийн Дэд Захирал, Моннис Урбан Девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Сайнбаяр. 


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ БА ИНТЕРНЭТ

- Олон нийтийн сүлжээний “томоохон” төлөөлөл, жиргээчтэй уулзаж байгаа учраас энэ сэдвээс яриагаа эхэлье гэж бодлоо. Хамгийн сүүлд өөрийн чинь нийтлэсэн В.Путины видео их олон хүнд хүрчээ. 
- Олон нийтийн сүлжээний гайхамшгийн нэг л жишээ юм. "В.Путин уйлсан уу" гэсэн видеог YouТube рүү оруулахад өчигдөр (2014.09.04) үзсэн хүний тоо 34 мянга байсан бол өнөөдөр харахад 60 мянга болж(2014.09.10-ны байдлаар 91 000). 36 цагийн дотор 60 мянган хүн үзнэ гэдэг муугүй үзүүлэлт. 
В.Путин уйлсан, уйлаагүй нь надад үнэндээ хамаагүй. Энэ видеог  англи тайлбартай тавихад 36 цагийн дотор 60 мянган хүн үзчихлээ. Оросууд, барууныхан доор нь маргаад эхэлж байна. Сэтгэгдлийг харахад барууныхан В.Путиныг ямар их үзэн ядаж байгааг, оросууд В.Путиныг хэрхэн хамгаалж байгааг харж байна. Миний гол зорилго бол В.Путин Монголд иржээ гэдгийг олон улсад мэдээлэх нь чухал байсан.

- Нийгмийн сүлжээний хамрах хүрээ, хүртээмж нь их байгааг нотолж байгаа хэрэг болов уу. 
- Тийм.
Улаанбаатарт 300 мянга орчим өрх байгаа гэж үздэг. Албан байгууллагуудыг оруулаад яахав 400 мянга орчим телевиз байна гэж үзье. Энэ 400 мянган телевизээс  тухайн мөчид нэг сувгийг хэчнээн хүн үзэж байгаа тоог анзаарвал их сонин. Тал хувь нь гадуур бөглөрөөд явж байдаг. Гэртээ байгаа хэсгийн тал нь хоолоо хийж, хүүхдээ харж байгаа. Яг зурагт үзэж байгаа хүмүүст сувгийн сонголт нь 200. Зарим нь Америк, Орос суваг үзэж байх жишээтэй. Ингэж явсаар тухайн мөчид нэг сувгийг үзэж байгаа хүний тоо 5-10 мянга орчим гараад байх шиг байдаг. Их бага тоо.
Харин олон нийтийн сүлжээнд тавихад 60 мянган хүн үзчихэж байна гэдэг зурагт үзсэн хүмүүсээс даваад явчихаж байгаа юм.  Бас нэг жишээ "Өдрийн сонин" 10 мянга орчим хэвлэгддэг. Хүнд хүрэх хүртээмж нь 20 мянга орчим гээд үзье. Ингээд харахаар "Өдрийн сонин"-д гарсан мэдээлэл мэдээллийн нэг эх сурвалж болж байгаагаас биш хангалттай хүртээмж болж чадахгүй байна гэсэн үг.  Тэгэхээр твиттерт 50, 100 мянган дагагчтай хүн сониноос илүү олон хүнд мэдээллээ бүр олон давтамжтайгаар тарааж байна гэсэн үг. 
Гэхдээ тэнд гарч байгаа мэдээлэл ямар нэгэн хүний эрх ашигт нөлөөлөөд эхлэхээр асуудал болж эхэлж байна.
- Ц.Бат инженерийн тухай ярьж байна уу?
- Тийм ээ.
Иргэн Ц.Бат ба иргэн А.Гансүхийн асуудал. Би зориуд ингэж хэлж байна. Инженер эсвэл том сайд байх нь энд огт хамаагүй. Шүүх хурлын үйл ажиллагааны бичлэгийг зориуд үзсэн. Аль ч талыг нь өмөөрмөөргүй байна. Гэхдээ шүүх ажиллагааны тухайд хууль бус явдал болсон гэж үзэж байгаа. Уг нь жиргээч Ц.Бат өөрийн бичсэн зүйлсийг нотлох баримт гаргасан бол зүгээр байлаа. Гэвч тэгээгүй.Викилийкс бол жишээ нь байнга нотлох баримт дэлгэдгээрээ онцлог. Хэрэв шүгэл үлээлт гэж үзэж буй бол шүү дээ. 
Магадгүй хүнийг үндэслэлгүйгээр 5000 удаа хулгайч гээд, тэр нь олон хүнд хүрээд байвал энэ бол яавч таатай зүйл биш. Хэдий сонинд хэвлэчихээгүй ч гэсэн үүнийг сониноос илүү хүчтэй сувгаар сурталчлаад байхаар эндээс ёс зүйн асуудал гарч ирж байна. 
Нөгөө талаас Ц.Бат инженерийг хуульгүй зүйл дээр шоронд хийж байгаа нь үнэхээр увайгүй үзэгдэл. Торгож болно, батлан даалт гэж бас бий. Гэтэл "Та ажилгүй юм байна аа" гээд шоронд хийж байгаа нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Юу гэхээр тэр хүн ажилтай, ажилгүй байх нь торгууль төлөхөд ямар ч хамаагүй. Тэр хүн эхнэрээсээ мөнгө авч өгч болно. Тэр хүн хадгаламжтай байж болно. Ажилтай хүн чөлөөтэй явж болдог. Ажилгүй хүн шоронд ордог нийгэм болчихож болохгүй. Энэ бол манай шүүх иргэдийн хэргийг хэрхэн үзэмжээрээ  шийдэж ирсний нэг илрэл. Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа” номонд л иймэрхүү балмад юм гардаг. Гэхдээ дахин хэлэхэд жиргээ бол Монголын ардчиллыг дараагийн шатанд авчирч байна.

- АНУ-ын Ерөнхийлөгчийг шүүмжлээд шоронд орж байсан уу гэх жишээг хүртэл манайхан авч байсан. 
- Тухайн нийгэм нь өөрийн гэсэн taboo буюу цээр, ёс зүйн хэм хэмжээгээ тогтоож байдаг. Нийгмийн уламжлалт сэтгэлгээ, ёс заншил гээд бичигдээгүй хууль дээр нийгмийн олон харилцаа тогтож байдаг. Иргэн Ц.Батын хэрэг нийгмийн сүлжээтэй холбогдолтой эрх зүйн зохицуулалтыг шаардаж байх шиг байна. 

-  Монголчуудад зориулсан олон нийтийн сүлжээний эхлэлийн нэг нь яах аргагүй гадаадад байгаа Монголчуудыг холбосон "Цахим өртөө" сүлжээ. "Цахим өртөө" ТББ хүртэл байгуулагдсан байна. Одоо эндэх таны оролцоо хэр байдаг вэ?
- Монголын интернэтийн түүхийг яривал их сонин. Анх "Монстуднэт " гэж чат байсан. Энэ сүлжээнд тааралдсан гадаадад байдаг Монгол залуус нэгдээд 1999 онд нэгэн имэйл сүлжээг байгуулсан нь Цахим Өртөө. Одоо эргээд харж байхад энэ сайт анхны л олон нийтийн сүлжээний нэг хэлбэр байсан болов уу. Тэнд жинхэнэ жиргээнд гарч байгаа хэлэлцүүлэг өрнөдөг байлаа. 
2005 онд бид төрийн бус байгууллага байгуулсан. Энэ байгууллагын нэг гишүүн нь гэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Түүний эрүүл нийгмийн төлөө, авлигын эсрэг хийсэн хөдөлгөөнд гадаадад суугаа Монголчууд хандив өгч ард нь бат зогсч байсан. Цахим Өртөө ТББ-д яг одоо 100 гаруй гишүүн бий.
40 хувь нь баруунд доктор, 50 хувь нь баруунд магистр хамгаалсан, орчин үеийн монголын сэхээтний төлөөллүүд. Энэ байгууллагын анхны Удирдах Зөвлөлийн даргаар хоёр удаа сонгогдож, одоо ч энэ байгууллагад ажиллаж байгаагаараа бахархаж явдаг. 
Удирдаж байх үедээ Хазара оюутны тэтгэлэг, гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хуульчлуулах компанит ажлаас гадна Гадаадад суугаа Монголчуудын Анхдугаар Чуулга уулзалтыг өмнөх Засгийн газартай хамтарч хийж байлаа. Монголчуудыг эх нутагтаа ирж ажиллахыг уриалж АНУ, БНСУ-д Монголчуудад зориулсан ажлын яармаг гээд олон ажлыг бид санаачилж хийсэн. Миний хувьд одоо урьдын адил тэр болгон зав гаргаж чадахгүй байна.
Одоо манай УЗД-аар МУИС-ын Ч.Лодойравсал гэж чадварлаг залуу ажиллаж байна. Яг одоо бол ГХЯ-тай хамтарч “Монгол орны хөгжилд” 10-р чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байна. Tэгэхээр цахим сүлжээнээс үүссэн ТББ бодит ажлууд хийж болж байгаагийн тод жишээ нь Цахим өртөө юм. 
УЛСТӨР/БИЗНЕС
- Бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа залуучуудаар имиж хийх сонирхол улстөрд их. Энэ нь гэхдээ тухайн залууст их сөрөг имиж болдог юм шиг санагддаг. Танд ийм зүйл тохиолдсон гэж боддог уу?
- Надаар имиж хийх гэж юу байхав дээ. Энэ бол миний л сонголт. Гэхдээ залуус улстөрийн идэвхтэй болоход эсвэл намд элсэхэд өөрсдөд нь имиж талаасаа халгаатай байдаг нь бол үнэн. Үеийн үед л ийм байсан байх. Нэг үг байдаг даа. "Түнэр харанхуйг зүхэж суухын оронд ганц ч болтугай лаа асаа" гэж. Бид болохгүй, бүтэхгүй байна гэж маш их бичдэг, ярьдаг. Энэ бол маш зөв. Гэхдээ үйлдэл, оролцоо чухал.

- Яагаад үүнийг асууж байна вэ гэхээр та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан. Тухайн үеийн олон нийтийн сүлжээнд үүсч байсан янз бүрийн хандлагуудыг ч санаж байна. Өөр рүү чинь дайрсан, довтолсон зүйлс мэр сэр байсан.
- Улстөрд талцал үүсдэг учраас муулуулах, гүтгүүлэх зүйл мэдээж гардаг байх. Тэр тусмаа сонгуулийн үеэр. Би 2009, 2012, 2013 оны сонгуулиудад идэвхтэй ажиллаж байсан.
2009, 2012 оны сонгуулиудад цахим сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудлаар АН-д гэрээт зөвлөх, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бол тус чиг үүргийг сонгуулийн штабд удирдаж ажилласан. 2012 oн, 2013 онд Монголд анх удаа сонгуулийн урьдчилсан дүнг EXIT POLL судалгааны аргаар зарлаж байсан нь онцлог байсан болов уу. Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудлаар 2004 оноос хойш иргэн хүний хувьд тууштай тэмцсэн. Яагаад гэвэл би есөн жил гадаадад байхдаа нэг ч удаа сонгууль өгөх эрхээ эдэлж чадаагүй. Цахим өртөөг төлөөлж парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичиг зурж байлаа. Үүний үр дүнд нийт сонгогчдын 10 хувь буюу үндсэн хуулиар олгосон сонгох эрхээ эдэлж чадахгүй байсан гадаадад суугаа Монголчууд сонгууль өгөх эрхтэй болж, 2012, 2013 онд сонгуулиа өглөө. Энэ бол маш том алхам. Цаашид зөвхөн консул, ЭСЯ-нд биеэр биш шуудангаар, цахимаар санал өгдөг болох хэрэгтэй байгаа. Олон улсын жишиг. 
"Дэлхий бөөрөнхий биш" гээд миний хамтран орчуулж байсан номон дээр гардаг. Нью-Йоркийн амбан захирагч траншейний нүх таглах гээд хайхад маш хэцүү байсан. Харин сайт нээгээд иргэдийг эргэн тойронд байгаа траншейний нүхний зураг, байршлын мэдээллийг явуулаач гэхэд хэдхэн хоногт олон мянган мэдээлэл ирж түүнийх нь дагуу засвар хийгдсэн гэдэг. Одоо манай нийгмийн сүлжээ яг тэр түвшинд ирж байна.  Тэдний шүүмж, мэдээлэл нь эрх баригчдад нөлөөлж байна. Энэ бол гоё соёл. Хүмүүс болохгүй байгаа зүйлээ бичиж байна. Болж байгаагаа урамшуулж байна. Гэхдээ дийлэнхдээ болохгүй байна л даа. Сөрөг хандлага нь их гэсэн үг. Ингээд бид шүүмжлээд л суугаад байх уу эсвэл дараагийн арга хэмжээг авах уу.
Энэ нийгэмд залуучуудын оролцоо маш чухал. Мэдээж бүгд улстөрч болох хэрэггүй. Хүссэн хүсээгүй бид өөрсдөө өөрчлөлтөд оролцох л хэрэгтэй. 

- Та одоо намын гишүүнчлэлтэй юу?
- Тийм ээ. 
Улстөр, намд орсон залуусыг яагаад их муу хүлээж авдаг болов гээд харъя. Өмнө нь ажилгүй нэг нь ажилтай болох эсвэл карьер муутай хүн карьерээ өсгөдөг хандлага нь их байсан учраас залуучуудыг намд орж яах гээд байна гэж харддаг болсон. Гэтэл энэ дунд бас ялгаа байна. Зарим нэг нь гудамжинд жагсаж болж байна. Гэтэл энэ явахгүй л болоод хүмүүс эрх барьж байгаа хоёр намд ороод байгаа биз.Гуравдагч хүчний хувьд манай улсад маш бага нөлөөлөлтэй. Хүчтэй дуу хоолой болж чадахгүй байна. 
Тэгэхээр олон жил дэмжсэн, өөрийн үзэл бодол арай ойр нь Ардчилсан нам л байсан. Дандаа гаднаас нь дэмжиж байхаар дотор нь ороод эхлээд намын бүтцийг ойлгоё, тэгээд болох бүтэхгүйг нь өөрчилье л гэж бодсон. Түүнээс надад намд ороод албан тушаал аваад, карьерээ өсгөх шаардлага байхгүй. Би өөрийгөө хувийн хэвшилд хангалттай амжилттай ажиллаж байгаа гэж боддог. Юу юугүй улстөрд орох ямар ч сонирхол байхгүй. Туршлага бага, нас ч залуу байна. 
Тэгэхээр намд ийм бодолтойгоор элсч буй залуусыг харин ч дэмжих хэрэгтэй гэж боддог.Би одоо 33 настай. Бид энэ өөрчлөлтийг одооноос хийж эхэлж байж 10, 20 жилийн дараа манай үеийнхэн лидер болж гарч ирнэ. 
Аль аль нам одоо мухардмал байдалд хүрч байна. Иргэдийн өмнө нэр хүндээ алдлаа. Хүмүүс МАН-д итгэл үнэмшилгүй болоод АН-ыг сонголоо. Тэгтэл АН юу хийж байна. Бас л хэцүү байна. Тийм ч учраас одоо эхэлж байгаа "Улстөрд шинэ манлайлал" гэж төслийг би хувьдаа их дэмжээд байгаа юм. 

- Таны оролцоо энэ төсөлд байгаа гэсэн үү?
- Би зөвлөх байдлаар оролцож байгаа. Энэ төслийг хүмүүс бас нэгэн реалити шоу гэж харж байгаа байх. Гэхдээ одоо үүсээд байгаа орон зайнд бүх аймаг, сумаас залуусыг оролцох боломжийг хангаад тэдний үгийг сонсох эфирийн цагийг нь өгч байна. Магадгүй энэ аливааг шүүмжлээд суудаг хүмүүс мэдлэг чадлаа бусадтайгаа хуваалцах, асуудлаа гаргаж ирэх боломж гэж бодож байна. 
Энэ нэвтрүүлэгт залуус оролцоод заавал улстөрч болох гээд байгаа зүйл биш. Миний бодлоор энэ төсөлд оролцсон залуус өөрсдийгөө нээнэ, найз, нөхөдтэй болно, нийгэмд танигдана. Цаашид карьераа зөв сонгох сонголтоо хийх байх. 
Глобал CEO  гэж нэвтрүүлэгт би орж байсан. Надад яг л ийм боломжуудыг нээж өгсөн.  
Глобал CEO нэвтрүүлэгт оролцсон залуус одоо бүгд Монголын топ компаниудад ажиллаж байна. Яг одоогийн энэ нэвтрүүлгээр ёс зүйтэй, чадвартай шинэ үеийн манлайлагч тав, зургаан залуу гараад ирвэл үнэхээр сайхан. Яагаад гэхээр бид одоо байгаа хүмүүсээс их юм хүлээх хэцүү юм байна. Өөрчлөгддөггүй юм байна. Тэгвэл өөрчилье. Агаар оруулъя. Энэ төсөл амжилттай явах байх гэж би бодож байгаа шүү. 

- Улстөрд шинэ одоос илүү манай бизнесийн салбар дахь манлайллыг бий болгох нь илүү хэрэгтэй биш үү?
- Одоо байгаа энэ төр болж байна гэж үү.

- Улстөрчдөөс илүү хийдэг, бүтээдэг хүн нь үнэ цэнэтэй байхыг бид хүсээд байгаа шүү дээ. 
- Тийм ээ. Санааг тань ойлгож байна. Гэхдээ одоо энэ улстөр, намуудын байгаа байдал энэ хэвээрээ байх ёстой юу, үгүй юу гэдэг нь бүх зүйлийн суурь болно.
Буруу бодлогоос болж бизнесүүд хэцүү байдалд орж байна шүү дээ. Бизнесийн салбар, ялангуяа технологийн салбарт дахиад нэг Зукерберг төрөх боломж бүрэн байгаа. Миний үндсэн мэргэжил бол мэдээллийн технологи. Тийм ч учраас iKon.mn -ийг хараад маш их үнэлсэн. Танай инфографик бол жишээ нь бусад вэбүүдэд үлгэр жишээ болж байна. 
Монгол залуу твиттер шиг зүйл сэдээд түүнийгээ оюуны өмчийн газар очоод баталгаажуулахад нээлттэй. Энэ өөрөө удаан процесс. Гэхдээ ерөнхийдөө өнөөдөр нэг Монгол залуугийн толгойд ийм гайхалтай санаанууд явж байгаасай л гэж боддог. Пейпал, Твиттер, Фэйсбүүк байна. Фэйсбүүк гэхэд цоо шинэ санаа биш. Өмнө нь ийм сайтууд маш их байсныг бид мэднэ. Тэгэхээр энэ бүгдэд ч гэсэн сайжрах боломж маш их байгаа шүү дээ. 
Миний санаа бол бид инновац хийдэг ард түмэн байх ёстой. ​Бид хөдөлмөрийн хямд ажиллах хүчний зах зээлд хэзээ ч хоёр хөрштэйгээ өрсөлдөж чадахгүй. Тиймээс бид маш сайн мэдлэгийн эдийн засагтай л орон байх ёстой. Гэхдээ эхний ээлжинд бид уул уурхайн баялагтаа түшиглэх нь гарцаагүй.

- Таныг улстөрд өөрийгөө бэлдэж байгаа гэж ойлгож болох уу?
- Болж өгвөл би улстөрд ормооргүй байна. Хүсээд байх зүйл биш. Хувийн хэвшилд ажиллах нь надад илүү амар санагддаг. Улстөр, нийгмийн салбарт ажиллах нь хувь хүний хувьд гарзтай.Нийгмийн төлөө учраас л тэр гарзыг хаях ёстой. Хэдий хувийн хэвшилд ажиллаж байгаа ч бид нийгэмдээ хэрэгтэй төслүүд хэрэгжүүлээд явж байна. Гэр хорооллын 270 айлыг байртай болгож байна. Энэ нь дунджаар 1000 хүн болж байгаа биз. Тэр 1000 хүнийг жагсаавал бас нэлээн урт дараалал болно оо доо. Тэгэхээр манай компаний залуучууд хийж чадаж байна. Ийм өөрчлөлтийг хувийн хэвшил л хийдэг л дээ. 

- Та гэхдээ одоогийн хийж байгаа ажлаа өөрчлөх тухай боддог уу. Нэг “шилжилт, хөдөлгөөн” хийх цаг нь болсон гэж бодож байгаа юу?
- Долоон жил бизнесийн салбарт ажиллалаа. Одоо яах вэ гэдэг асуудалтай тулгардаг юм байна шүү.Ингээд л яваад байх нь надад амар л байна л даа. Одоо шинэ байгууллагад очоод дахиад өөрийгөө нотолно, дахиад шинэ зүйл төлөвлөнө, хийнэ гэдэг бас их том сорилт. Ямар ч байсан би бизнесээс холдохгүй гэж боддог. Бизнес хийгээд нэлээд хөрөнгөтэй болсон хойноо л улстөрд орж магадгүй. 

- Одоо та өөрийгөө баян гэж хэлэхгүй юу?
- Би бол сэтгэлээрээ баян. Монголдоо сайхан л амьдарч байна. Гадаадад олон жил байж байгаад ирэхэд эх орон тань өлгийдөөд л авдаг юм билээ. Энэ бол өөрийн эх орон, бидний хамгийн том баялаг. Өөрийнхөө зорьж мөрөөдөж байсан ажлуудыг хийж байна. Олон улсын хурал уулзалт, гэрээ хэлэлцээрт очиход эсрэг талын ширээнд дандаа надаас ахмад хүмүүс байдаг. “Ямар залуугаараа компаний захирал хийдэг юм бэ” гэж тэд гайхдаг. ​Зөрүүлээд “Монголын дийлэнх нь залуучууд, тэд бас чадварлаг” гэж хэлдэг. Энэ бол Монголын онцлог. Манай залуучуудад маш их боломж байна. 

- Шинээр бизнес хийх санаа байгаа юу?
- Яг доо бол эхнэрийн маань ажиллуулдаг бизнесийн зөвлөгөө үзүүлдэг компани маань бий. Мөн “Инжинаш Паблишинг” гээд хэвлэлийн компанитай. “Инжинаш”-ийн тухайд залхуу хэвлэлийн компани. Жилдээ дөрвөөс таван сонгомол бүтээл гаргахыг зорьдог. Анхны компаниа бол АНУ-д оюутан байхдаа байгуулж байсан. 

- Та өөрөө шулуудаад, 100 хувь төвлөрөөд хувийн компаниа байгуулах уу л гэж асууж байгаа юм.
- Үүнийг би боддог. Санаанд маш олон төсөл байгаа. Нуулгүй хэлэхэд энэ бэлтгэл эхэлчихсэн.

- Ямар салбарт вэ?
- Дэд бүтэц. Монголд хэрэгтэй нэгдүгээр асуудал дэд бүтэц. 

ДЭД БҮТЭЦ БА ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээр танай компани ажиллаж байгаа. Энэ төсөл хүндрэлтэй хэрэгжиж байгаа талаар таны товч ярилцлагуудыг уншлаа. Төсөл ямар шатанд явж байна вэ?
- Энэ төсөл дээр хоёр жил ажиллаж байна. Хаанаас нь ярихаа мэдэхгүй байна. Төслийн талаар хэдэн ч цаг ярьж болж байна. 
- Хүндрэл?
- Хүндрэл гэвэл үү. Би энэ Э.Бат-Үүл гэдэг хүн болоод нийслэлийн шинэ удирдлагад ямар ч байсан маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Тэд их зоригтой байна. Хуучин гэр хорооллыг багасгах тал дээр хэн юу хийсэн юм бэ. Харин одоо хувийн хэвшлийн оролцоог дэмжээд хийж байна. Бид дэд бүтцийг нь тавьж өгье, хувийн хэвшлийг газраа чөлөөлөөд, хөрөнгөө олоод барилгаа барь гэсэн. Засгийн энэ дэмжлэг сайн дэмжлэг мөн. Нөгөө талаар бас тийм том дэмжлэг биш. Байх л ёстой зүйл. Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцож байгаа компаниудад хамгийн бэрхшээлтэй зүйл нь бид яармагийн хоосон дэнж дээр газар лоббигоор аваад байшин барьж байгаагаас тэс өөр. 
Улаанбаатарт асар олон барилга баригдаж байгаа. Харин тэр байрнуудад гэр хорооллынхон хэр их орсон бол. Маш цөөхөн.Харин бид нарыг орон сууц барихад тэр газарт байсан гэр хорооллын иргэд бүгд байртай болж байгаа байхгүй юу. Гайхалтай. 
Энд хэзээ ч орон сууцанд орох боломжгүй байсан өрхүүд гэвэл дийлэнх нь. Бид газрыг нь эргэлтэнд оруулж байгаа юм. Гэхдээ маш үнэтэйгээр. Гол асуудал нь нэг хашаанд газар эзэмшигчээс нь гадна олон айл амьдардаг. Бүгдээрээ байртай болох гэдэг. Хүмүүсийн шунал дийлддэггүй юм байна. Би айлуудтай маш их уулзсан. Энэ бол нийгмийн төлөө хийж байгаа төсөл гээд тайлбарлаад явдаг. 
Энэ төсөлд бид яагаад оролцож байгаа вэ гэхээр манай компани утааг бууруулж, хөрсний бохирдлыг багасгах уриатай. 
Манай багийн ажиллаж байгаа газраас урагшаагаа 1.5-2 км зайд Туул гол урсаж байгаа. Энэ хөрсний бохирдол нийслэлчүүдийн ундны усанд нөлөөлөөд эхэлсэн. Хүмүүс утааг яриад байхаас хамгийн чухал зүйл болох ундны усны бохирдлыг ярихгүй байна. 
Гэр хорооллын газар бүгдээрээ баас, шээсээр дүүрч байна. Хүмүүс яагаад үүнийг бодохгүй байна вэ. Бид энэ жил 110 хашааг чөлөөллөө. 270 айлыг нүүлгэлээ. 500 гаруй жорлон устгалаа. 270 яндан устгалаа. Энэ талаар твиттер дээрээ бичсэн. Гэтэл хүмүүс “Чи Монгол хүн байж яндан устгалаа” гээд шүүмжилсэн. Би гал голомт биш яндангийн тухай ярьж байна. 
Бид бүгдээрээ л энэ яндантай тэмцэх ёстой. Үр хүүхдүүд, биднийг бүгдийг нь хордуулж байгаа нь үнэн биз дээ. Бидний нийтлэг эрх ашгийг зөрчиж байна. 
Энэ яндан харамсалтай нь 180 мянга байна. 
- Энэ төслийн өртөг хэд болж байгаа вэ?
- 180 мянган өрхийн 270-д гэхэд бараг 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мэдээж барилга угсралтын зардал бол маш их. Энд дурдаад ч хэрэггүй байх. Аав, ээж хоёр маань Орост өндөр боловсрол эзэмшсэн сэхээтнүүд. Тэд насаараа хөдөлмөрлөөд гурван өрөө байраа л хувьчилж авсан. Малчид өөрсдийнхөө малаа хувьчилж авсан. Гэр хороололд байгаа хүмүүс газраа хувьчилж авсан. 
Гэтэл энэ хүмүүс энэ газраа хэдэн зуун саяар үнэлээд байна. Тэгсэн мөртлөө ажилгүй нь олон. Шударга бус байгаа биз. Зарим нь насаараа хөдөлмөрлөөд гурван өрөө байртай болж байхад зарим нь архи уугаад гэртээ хэвтэж байж хэд хэдэн байртай болно гэдэг.
 Энэ дунд бэрхшээл маш их байна. Дээр нь эзэмших байтугай зөвшөөрөлгүй айлууд их байна. Ажил эхлээд явж байтал хашаандаа ах, дүү нараа нэмээд аваад ирнэ. Мөн газар эзэмшдэг олны танил эрхмүүд олон. Маш их мөнгө нэхдэг. Улстөрч, урлаг, спортын одод. 
Энэ хэсэг хүн энгийн ардуудаасаа илүү газрыг үнэд хүргэж байна. Яг энгийн иргэд бол ойлголцоход харьцангуй амар байдаг. 
2000 онд Улаанбаатарт 51 мянган хашаа, 85 мянган гэр хорооллын өрх, ойролцоогоор 350 мянган иргэн гэр хороололд амьдардаг байсан. 2009 он гэхэд хамрах талбай нь хоёр дахин нэмэгдсэн.Найман сая гаруй хавтгай дөрвөлжин метр квадратыг гэр хороолол эзэлсэн. 167 мянган өрх, 142 мянган хашаа болсон.
2013 оны байдлаар гэр хороололд амьдардаг өрхийн тоо 180 мянга боллоо. Энэ бол сүүлийн 14 жилд болж байгаа үйл явц. 
Барилга барьж байгаа түүх бас сонин. 2003 онд бид 1500 орчим орон сууц барьж байсан байна.2010 онд гэхэд 10 мянга болсон. Өнгөрсөн жил түүхэндээ анх удаа 16521 орон сууц ашиглалтанд орсон. Энэ жилийн төлөвлөгөө 20 мянга байсан. Гэхдээ энэ тоо эдийн засгийн хүндрэлээс болоод өөрчлөгдөх байх. Ингээд тэлж байгаа гэр хорооллын эсрэг барилгын салбар дагаад өсч байна. Гэтэл худалдан авалт юу билээ. 
Энэ засгийн боломжийн хийсэн зүйл нь найман хувийн зээл гэж боддог. 2008 онд гэхэд 16 мянган гэр бүл л моргейжтэй байж. Энэ тоо 2010 онд хэвээрээ шахуу. 2011 онд 26 мянга болсон. 2012 онд 30 мянга, 2013 онд 48 мянга буюу огцом өссөн. 

- Одоо 60 мянга руу дөхөөд байгаа. 
- Энэ их сайн мэдээ. 60 мянга гэдэг тоо дахиад 100, 200 мянга болох боломж байгаа. Моргейжтэй болохын давуу тал маш их. Хүн болгон тогтвортой ажлын байртай болохын төлөө хичээдэг. Иргэд санхүүгийн сахилга баттай болдог гэсэн үг. Хөгжингүй орнуудад нийт иргэдийн дийлэнх хувь нь ийм зээлтэй байдаг бол манай оронд цөөхөн хувь нь орон сууцны зээлтэй байна. 

- Гэхдээ танай төслийн эерэг үр дүн эхнээсээ гарч байна шүү дээ.  
- Тийм ээ. Үр дүн эхнээсээ гарч эхэлж байна.  Тэнд байсан 270 айл түрээсийн байранд амьдарч байгаа.Өнгөрсөн шинэ жилээр оргилуун дарсаа орон сууцанд тэд анх удаа буудууллаа. Хүүхдүүд айж, ичээд харанхуй гудамжаар явдаг байсан бол өнөөдөр орон сууцанд амьдарч байна. Үүнийг манай компаний нийгэмд хийж буй буян л гэж бодож байгаа. Үүнийг хэн хийж байгаа юм. Төр хийхгүй. Хувийн хэвшил л хийж байна. 
Гол нь хувийн хэвшил ийм зүйл хийснийхээ төлөө дандаа адлагддаг.  
Моннис групп баяжаад байгаа юм шиг. Үгүй шүү дээ бид айл болгонд түрээсийн мөнгө өгөөд маш хүнлэг ажиллаж байгаа. Маш сайн гэрээ айлуудтай хийж байна. Бүгд орон сууцаа хүлээж байгаа. Зарим нь орон сууцаа авсан. Тэр хавиар утаа ч гайгүй болсон. Тэр чигээрээ гэр хороолол байдаг газар. Харин одоо арваад га газар сайхан орон сууц болно. 
Ямар ч байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд амжилтанд хүрэх байх гэж бодож байна. Хүрээсэй гэж хүсч байна. Энэ төсөл уначихвал хэн хохирох юм бэ. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс, бид нийтээрээ л хохирно шүү дээ. 
Тэгэхээр үүнд бид ач холбогдол өгмөөр байна. Үнэхээр утаагүй болмоор байгаа бол шүү дээ.
Мөн сүүлийн үед Нийслэлээс өргөн барьж буй хуулийн төсөлд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нар хувийн хэвшлийнхнийг энэ төслүүдээс зүрхшээх хандлагыг бий болгох гээд байна. Тэдний ярьж буйгаар хашаанд байгаа бүх айл орон сууцтай болох ёстой гэнэ. Газар эзэмшигч биш, дотор нь нүүж ирсэн хамаатны айлууд. Яагаад ийм амьдралгүй юм яриад байна аа? Монгол хүн бүр .07 га газар өмчлөх эрхтэй байхад яагаад нэгнийдээ шавчихаад олон байр нэхээд байгаа юм бэ? Хамаатныхаа хашаанд сууж байгаад  байр аваад дахиад л өөр газар бас өмчлөх эрх нь нээлттэй үлдээд байна шүү дээ. Энэ бол шударга бус явдал. Бид нэг хашаанд дунджаар хоёр орон сууц өгч байна. Энэ бол хангалттай төлбөр. Хэрэв энэ хоёр гишүүн шиг бодолтой хүмүүс байгаад  байвал гэр хорооллын дахин төлөвлөлт явахгүй шүү. Энэ төсөл рүү орох компани ч дахиж гарч ирэхгүй байх. Популизм их үнэтэй шүү. Ийм хүмүүсээс болоод бид нийтдээ утаандаа багтраад, бахь байдгаараа үлдэнэ. 

ЭДИЙН ЗАСАГ
- Одоо үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл хүмүүсийн бодлыг зөв тал руу эргүүлж чадсан болов уу. Хэдий хүндрэл байгаа ч бид олон зүйлийг ойлгож сурч байна шүү дээ. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бид ад үзээд, хөөгөөд гаргаад явах нь ямар хортойг мэдэрч байх шиг байна. 
- Тийм ээ. Бид маш их өртгөөр ухаажиж байна. 
Монголын ард түмэн, улстөрчид энэ хүндрэлээс хоёр, гурван зүйлийг маш сайн ойлгож авах шиг боллоо. Нэгд, популистуудаар тархиа угаалгаад байж болохгүй юм байна. Хоёрт, бид нүүрс эсвэл зэсээ л гаргахгүй бол юу ч үгүй ямар ч орлогогүй хүмүүс юм байна. Юу ч үйлдвэрлэдэггүй юм байна. Бидэнд мах л байна. Төмс, ногоо жаахан байна. Гэхдээ тэр нь тийм олон төрөл биш ээ. Өөр юу ч байхгүй. Хил хаавал яах вэ. бид маш сайн ойлгож авлаа. Мөн хамгийн чухал нь бэлэн мөнгө тарааж болдоггүй юм байна аа гэдгийг маш сайн ойлгосон нь амжилт юм шиг байна. 
Н.Алтанхуяг долларын ханшийг яагаад нэмчих вэ гээд л хүмүүс буруутгаад байна. Гэтэл дөрөв, таван жилийн өмнөөс бид нар өөрсдөө энэ бүхнийг хийгээд эхэлчихсэн зүйл шүү дээ. 
 Хүмүүс бөглөрөөд байна, зам муухай байна гэж бүгд гомдоллодог. Гэтэл зам, уулзварыг  засахаар бондын мөнгийг хэрэггүй зүйлд зарцууллаа гэдэг. Миний бодлоор хэн нэгэн муулуулаад ч хамаагүй хийж байна. Гол нь энэ зам нь үлдэх байхгүй юу. Энэ замаар явж байгаа хүмүүс ажлаа амжуулж байна, бага бөглөрнө. Нийгмийн бүтээмж асар их нэмэгдэнэ. 
Жишээ нь бид 1 цагт авах цалингаа зам дээр түгжрээд өнгөрвөл тэр мөнгө хий дэмий зүйлд зарцуулагдаж байгаа биз. Улаанбаатар хотод байгаа нэг сая хүн нэг цаг бөглөрөхөд нэг сая цаг гарч гарна. Монголд дундаж ажилтан 500-800 мянган төгрөгний цалинтай. Цагт дунджаар гурван мянган төгрөгний цалинтай гэсэн үг. Тэгвэл үүнийг саяд үржүүлэхэд гурван тэрбум төгрөгний алдагдал бид хүлээж байгаа биз. Энэ хооронд бөглөрснөөр бензин үрэгдэнэ. Энэ бензиний мөнгө хаашаа явж байгаа билээ. Орос руу. Зам муу байснаар машин эвдэрдэг. Машины эд анги хаанаас ирдэг вэ. 
Тэгэхээр зам өргөн болоод, саадгүй зорчдог болох нь эдийн засагт маш том өгөөжтэй. 

- Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хүрээнд жаахан ч гэсэн эерэг өөрчлөлт гарсан гэж та харж байна уу.
- Би энд дүгнэлт хиймээргүй байна. Яагаад гэхээр энд анхаарал тавиагүй. Хоёрт би урдах ажлаа л сайн хийх хэрэгтэй байсан. Бүх юмыг мэддэг байх албагүй. Одоохондоо газрыг нь амлаад авчихсан айлуудаа яаж байранд оруулах вэ гэдэг дээр л ажиллаж байна.
- Эдийн засгийн хямрал танай компанид хэрхэн нөлөөлж байна вэ?
- Эдийн засаг үнэхээр хямарч байна. Хувийн хэвшилд маш хүнд мэдрэгдэж байна. Олон жил хамт ажиллаж байсан хүмүүсээ цомхотгож байна аа гэж хэлээд зогсох надад хүнд байсан. Би тэр хүмүүст компанийн удирдлага үүнийг хүсээгүй юм шүү л гэж хэлсэн. Тэр хүмүүст өнөөдрийг хүртэл хэвийн цалинг өгөөд явж байсан. Гэтэл өгдөг мөнгө нь байхгүй болчихдог юм байна. Манайд өглөгтэй компаниуд нь мөнгөө өгч чадахаа больдог юм байна.
Жишээ нь бид нүүрсээ борлуулах олигтой гэрээ хийж гаргаж чадахгүй байхаар тэнд ажилладаг оператор компаниуд мөнгөгүй болчихдог. Улмаар операторууд нь түрээсийн тоног төхөөрөмжийн хөлсөө төлж чадахгүй болдог юм байна. Тэр тоног төхөөрөмж нь банкинд өндөр хүүтэй зээлд хамрагдсан байдаг. Тооцоо нь валютаар явдаг. Ингээд дам дамаа нөлөөлдөг. Энэ хямралаас бид маш их зүйл сурч байна. Маш үнэтэй л сургамж болж байна даа. 

- Мэдлэгийн эдийн засаг гэж үг таны ярианд мөн гарлаа. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
- Суурь нь инженерийн мэдлэг, шинжлэх ухаан, технологи, судалгааны институт. Гэхдээ манайд бол хол л харагдаж байна. Жишээ авахадсаяхнаас л бид инженерийн боловсролыг үнэлдэг болж байна. Нэг хэсэг сайн инженер үнэхээр байхгүй байсан. Нэг бол дөнгөж сургууль төгссөн залуу, нэг бол 40-50 гарсан инженертэй л болчихсон байсан. Одоо инженерүүд өндөр цалин авдаг болж байна. Эрэлт нэмэгдэж байна. Зөв хандлага.  
Гэхдээ бид юуны өмнө үндэстний амбицаа зөв тодорхойлж, түүнээ бүгдээрээ мэддэг, бат итгэдэг, хамтдаа зорьдог болох ёстой. Энэ амбицаа тодорхойлоогүй үед бас мэдлэгийн эдийн засаг руу шууд хүрчих боломжгүй. Намууд саяхан болтол мөнгө л амлах тухай ярихаас үндэстний амбицийн тухай огт ярихгүй байна. Манай урд хөрш Хятад мөрөөдөл гээд гаргаад ирж байна. Яг ийм зүйл манайд үгүйлэгдээд байх шиг. 
Бодлого тодорхойлогч, нөгөө Монгол мөрөөдлийн концепцыг гаргах манлайлагчид гарч ирэх ёстой. Шат шатаар ахиж л байгаа болов уу. 2012 оны УИХ-ын сонгуулийн бүрэлдэхүүн өмнөхөөсөө сайжирсан гэж би боддог. Бизнесийн ашиг, сонирхолтой хүмүүс орж байгаа сул тал бий ч 2016 онд бидний сонголтууд их сонирхолтой болох байх. Бид популистуудаас салах байх. 2020 он. Маш сайн сонголттой болно гэж найдаж байна. Улстөрийн итгэлцүүр учраас УИХ-аар л жишээ аваад байгаа юм шүү. 

- 2020 он гэхэд сонголт яг ямар болно гэж?
- Тэр үед мэдлэгийн эдийн засаг гэдэг зүйлийн суурь тавигдана. Монгол залуучууд инновац хийж эхлэх байх. Оюуны өмчийг өндөр хэмжээнд хүндэтгэдэг болох байх. Улстөрчдөөс өндөр ёс суртахуун шаарддаг, мэдлэгтэй удирдагчдыг сонгодог болно гэж найдаж байна. 
Одоо бол мөнгө тараадаг, сайхан дуулдаг, морь уралдуулдаг, том хөөрөгтэй хүмүүсийг сонгоод байна. Тэр үед үнэлэмж арай өөр болох байх гэж.  
Хоёрдугаарт баруунд боловсрол эзэмшсэн, өндөр ёс зүйтэй цоо шинэ үе  гарч ирнэ. Яг одоо бид барууны юм шиг ийм орчинд сууж байна. Гэтэл эндээс хоёр км газар яваад л боловсон ариун цэврийн өрөөгүй айлууд амьдарч байна. Өнөөдөр Улаанбаатарын иргэдийн 60 хувь нь халуун усгүй, тог тасалддаг, интернэт, юнивишн бүр дараагийн асуудал байх хэмжээний байдалд байна. 10 хүн тутмын зургаа нь гэсэн үг. Хүүхдийн цэцэрлэг алга. 
Гол санаа маань мэдлэгийн эдийн засагт шууд хүрчихдэг зүйл биш. Бид хэрэглэгч бус үйлдвэрлэгч, инновац гаргадаг, патент эзэмшдэг иргэдтэй, компаниудтай болох ёстой.  
Манай үндэсний компаниуд улам томрох ёстой. Тэд анх ганзагын наймаа, дараа нь импорт, трэйдинг хийж өдий зэрэгт хүрсэн. Одоо үйлдвэржилт рүү явж байна. Удахгүй том компаниуд хажуудаа R&D судалгаа шинжилгээний тасаг, лабораториудтай болох байх. Тэр үед нөгөө гадаадад үнэлэгдэж буй докторууд, эрдэмтэд Монголдоо ажиллах юм. Ийм процессыг алгасах боломжгүй. Ер нь оюуны гадагшаа чиглэсэн урсгал буюу brain drain-ыг буцаагаад brain gain хийх процессыг бүх улс орнууд туулсан байдаг. Япон, Солонгос, Тайвань, Хятад, Сингапур г.м. Энэ орнуудын иргэд 1960-аад оноос хойш барууны орнуудад ихээр суралцаад мэдлэг, нөү хау эзэмшээд буцаж ирээд улс орноо хөгжүүлсэн байдаг. Манайд ч үзэгдэж буй үзэгдэл. Өнөөдөр Монголын 100 хүн тутмын нэг нь Америкт, нэг нь Солонгост, нэг нь Европт байна. Aмерикт байгаа 30 000 иргэдийн 5000 нь оюутан. Энэ бол гайхамшигтай тоо. Энэ хүмүүс чинь 2020 он гэхэд бас нэлээд нь буцаад ирчихсэн байх болов уу. Гэхдээ өнөөдөр ч бид гутраад байх зүйл алга.  
Монголчууд бид хэзээ ч ийм сайхан ардчилсан нийгэмд сэтгэл өндөр амьдарч байгаагүй байх аа. Монгол хөгжлийнхөө өөд л явж байгаа л гэж бодож байна. 70 -аад жил ЗХУ-ын дагуул орон байлаа. 200 жил Манжийн дарлалд байсан. Их Монгол Улсын түүхээс хойш өнөөдөр бол урьд хожид байгаагүй тийм сайхан нөхцөлд байгаа гэж боддог.Энэ зуун бол тусгаар тогтносон Монголын шинэ сэргэн мандалтын зуун гэж харж байгаа. Бид нийгэм, эдийн засгийн хөгжлийн туулах ёстой замаа туулаад л явж байгаа. Хэр хурдан гэдэг нь л асуудлын гол болохоос. 

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ
- Нийгэм, эдийн засгийн яриагаа түр хойшлуулаад таны номын ажлаас чинь яръя. Олон орчуулгын ном дээр таны нэр байдаг юм билээ.
- Орчуулга хийх бол цэвэр миний хобби л юм даа. Оюутан байхад гадаад хэл, дээр нь монгол хэлээ сайжруулахад нэмэр болсон. Хэд хэдэн номын орчуулганд оролцсон. Номтой ойр байхыг хичээдэг.Хүн урлаг, утга зохиолтой ойр байж хүн чигээрээ үлддэг юм шиг санагддаг. Дандаа мөнгө, ажил бодоод байх биш. Эсвэл түр зуурын үзэгдлүүдэд бидний оюун санаа их автдаг байх. Ер нь бид бүх зүйлд санаа зовж амьдрах нь бас зөв ч юм уу, үгүй ч юм уу. Өөрийн өмнөх зүйлээ л сайн хийдэг. Хөрштэйгээ сайхан мэндэлдэг, хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ сайн хамт олон болж чаддаг л байх хэрэгтэй юм шиг. 
Миний мөрөөдөл бол зуслан дээрээ гэр бүлтэйгээ байгаад сайхан уран бүтээл уншаад, бас орчуулаад л суумаар санагддаг. Ном уншаад, бичээд л ... Энэ миний хамгийн их кайф авдаг зүйл. Эцсийн дүндээ хүн амар амгалангийн төлөө л байдаг болов уу. 

- Тэгвэл хамгийн их таашаал авч орчуулсан бүтээл чинь юу вэ. Ажиа гэгээний намтар “Цагийг бэлгэдэгч наран чөлөө”, “Дэлхий бөөрөнхий биш” гээд олон сайн ном бий. 
- Ажиа гэгээний намтрыг орчуулж байхад манайхан Ажиа гэгээнийг төдийлөн сайн мэддэггүй байлаа. Саяны бий болсон эмнэлэгээр нь Монголчууд их таньдаг боллоо. Орчуулга хийхдээ бид Г.Аким гуайн Англи, Орос, Монгол буддизмын шашны нэр томъёотой толиудыг ашигласан. Ажиа гэгээний номыг Г.Аюурзана гуай редактор хийсэн. Таван хүн хамтарч орчуулга хийсэн. Сан-Францискогоос Др. Ш.Баатар, Лондонгоос Д.Цэрэнбат, Вашингтоноос өөрийн тань ярилцлага хийсэн Др. М.Саруул-Эрдэнэ, Японоос Др. Ч.Чимэгбаатар нартай хамтарч орчуулсан.
“Британика”-гийн орчуулгад олон арван хүн оролцсоноос, мэдээллийн технологийн хэсгийг хамтарч орчуулсан. Нэлээд хүнд санагдаж байсан.  Яагаад гэхээр технологийн хэсэгт байгаа үгнүүд ихэнх нь Монголоор буугаагүй байдаг. Англиар эсвэл оросоор бий. Мэргэжлийн бус хүн огт ойлгохооргүй зүйлүүд их байдаг. Заримдаа нэг тайлбарыг орчуулах гэж хагас өдөр хүртэл бодох шаардлага гардаг. Ийм байдлаар хугацаа их ордог. 
Баабар гуайн “Нэпко” гэдэг компани Монголчуудыг соён гэгээрүүлэхэд асар том хувь нэмэр оруулж байгаа. ​“Британика”-г бид нэвтэрхий толь л гэж хараад байх шиг байна. Гэтэл энэ нэвтэрхий толь орчуулагдах үйл явцад маш олон шинжлэх ухааны нэр томьёо, ойлголт Монгол хэлнээ буусан. Мөн Монголчуудад байгаа шинжлэх ухааны ойлголтыг цэгцлэхэд хувь нэмэр оруулсан гэж боддог.Биологи, экологи, анагаах ухаан, технологи гээд маш олон салбар тус бүрийн хэллэг, тайлбар ингэж бууна гэдэг том ажил. Үүнээс өмнө “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” гэж ном байсан. Энэ номыг би уншиж өссөн. Тэр тусмаа гуравдугаар ботийг нь унших хамгийн дуртай байлаа. Тэнд Плантоны “Агуйн тухай сургааль” гэж дурдагддаг. Уг нь бол “Агуйн тухайн ёгтлол” юм.
Америкт дунд сургууль, коллежид орсны дараа энэ талаар үзэж байсан. Миний хүүхэд байхдаа уншиж байсан “Агуйн тухай сургааль” юм байна гэж мэдсэн. Манайд тухайн үедээ эх зохиол нь байхгүй байсан. “Агуйн тухайн ёгтлол”-г орчуулж байсан. Энэ орчуулгадаа их дуртай.Мөн “Дэлхий бөөрөнхий биш” номыг тавуулаа хамтарч орчуулсан. Залуус мэддэг, сайн уншсан байдаг. 

- Монголд ирээд удаагүй байхдаа Америк дахь ажлаа эндээс хийдэг байсан гэсэн. Ямар ажил хийдэг байсан бэ. Сонирхуулахгүй юу?
- Тийм ээ. Хүн нас насандаа, шат шатандаа хийж үзэх ёстой ажил гэж байдаг гэж боддог. Оюутан байхдаа кассчин, ресторанд зөөгч, менежер хийж байлаа. Дараа нь компаниудын нүүхэд нь очиж ажилладаг IT компанид цагаар ажилладаг байсан. Компани нүүхэд бүх компьютер, сүлжээ, сервер бүгд нүүдэг. Үүнийг нь холбох ажил хийдэг байлаа. 
Чикагогийн өндөр барилгуудыг бараг дуусгасан байх аа. Оюутан хүний хувьд сонирхолтой л туршлага. Энэ өндөр гоё байшингуудад би нэг л өдөр мэргэжлээрээ олон мянган долларын цалинтай ажил хийнэ дээ гэж боддог байсан. Тэр мөрөөдөлдөө хүрсэн. Сургууль төгсөхөөсөө өмнө хэд хэдэн ажлын байрны санал авсан. Сайн газруудад ажиллах боломж надад гарч байлаа. Миний харамсаж явдаг зүйл бол Чикагогийн Түүхий Эдийн Хөрөнгийн биржид орох боломжоо өөрөөсөө болоод алдаж байсан. Оракл-д намайг авсан ч гэсэн тухайн жилийн визний квот болоод би азгүйтсэн.
Миний хувьд сургалтын төлбөрийн өртэй байсан учраас хурдан ажилд орох шаардлагатай байсан. Тиймээс нэг их том биш дундаж компанид орсон. Эрүүл мэндийн мэдээллийн технологийн компани. Гурван сая эмнэлгийн ажилтнуудын мэдээллийн баазыг хариуцдаг байсан. Их сонирхолтой ажил. Бас ирээдүйн эмнэлгийн судалгаа, мужуудад байх эмнэлгүүдэд мэдээллийн технологийн шийдлүүдийг санал болгож консалтинг хийдэг компани юм. 
Дараагийн ажил маань өр, зээл барагдуулах хуулийн фирм байсан. Манай компаниар АНУ-ын ихэнх эмнэлэг, сургууль, машины лизингийн компаниуд үйлчлүүлдэг байсан. Жишээ нь Тоёота-с ирээд 300 мянган хүний данс өгдөг. Бүх хүний овог нэр, ажил, цалин, байршил байдаг. Энэ 300 мянган хүн төлбөрөө төлдөггүй. Машинаа аваад явчихсан байдаг. Бид эрэн сурвалжлах албатай. Америк өөрөө 300 сая хүн амтай. Дотооддоо шилжилт, хөдөлгөөн ихтэй. Хаяг тогтооход маш хүнд байдаг. Арай хийж нөгөө хүнээ олоод шуудангаар захиа явуулдаг. Энэ олон зуун мянган хүнд гар аргаар захиа явуулна гэж байхгүй. Програмын аргаар явуулдаг байсан. Бас араас нь гэрийн утсаар нь автомат утас цохино. Шуудан, утас бас дотоод ERP систем гээд бүх зүйл нь IT суурьтай. Энэ бүх програмын алдаагүй ажиллагааг хангадаг байлаа. Энд би хоёр жил маш өргөн мэдээлэл дунд ажилласан. 
Ингээд ажиллаж байх явцад ар гэрийн асуудлаар Монголдоо ирэх хэрэгтэй болсон. Харин би даргадаа хүсэлт тавиад Монголоос VPN –ээр холбогдоод ажлаа хийхээр тохирсон. Өөрөөр хэлбэлМонголоос Чикагод байдаг өөрийн компьютертэйгээ холбогдоод, цаашаагаа сүлжээгээрээ 30 орчим компьютерт холбогдоод ажилладаг байлаа. Нөгөө дэлхий бол хавтгай гээд орчуулалцсан ном дээр байдаг зүйл амьдралд тэгж хэрэгжихийг харахад сайхан байсан. 

- Таны мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагын талаар төдийлөн сонсож байгаагүй юм байна. Дандаа л менежментийн ажил хийж байсан юм байх гэж бодож байлаа. 
- Би дээр дурдсан хоёр компанид програмистаар гурван жил ажилласан. АНУ-д байхдаа компани байгуулж байсан гэж дээр хэлсэн. Оюутан байхдаа гэсэн үг. Mongolianbooks.com Номундалай гээд номын дэлгүүр ажиллуулдаг байсан. Монголын “Амазон”-ыг байгуулах сонирхолтой найз нартайгаа хамтарч Чикаго, Лондон, Токио, Сөүл, Сидней гээд таван оронд салбартай ажилладаг байлаа. Пэйпалаар төлбөрөө авдаг байсан. АНУ-д 20 гаруй мянган долларын ном зарсан шүү. Миний зорилго юу байсан бэ гэхээр гадаадад байгаа Монгол айлуудад Монгол ном их ховор байсан. Бие биенээсээ ном зээлж уншдаг болохоор энд зах зээл байгааг олж харсан. Монгол айл болгонд “Нууц товчоо”, “Цагаан толгой” байх ёстой юм байна гэж бодсон.“Цагаан толгой” маш борлуулалттай байсан. Хүүхэдтэй айл болгонд хэрэгтэй. Худалдан авагч нар манай сайт руу ороод номоо сонгоод худалдан авалт хийхээр шуудангаар явуулдаг байсан. 

- Энэ бизнест зардал нэлээд орсон байх. 
- Тийм ээ. Гэхдээ бид өөрийн зорьсон зүйлээ хийсэн. Надад том туршлага болсон. Компанийн засаглалын хувьд ч олон зүйл сурсан. Ямар ч байсан Монголын анхны интернэт номын дэлгүүрийг эхлүүлж байсан.

- Та өөрийн уншдаг лекц, яриа, илтгэлүүдээсээ сонирхуулахгүй юу.  Ямар сэдвээр яриа хийдэг вэ?
- Монголд ирснээсээ хойш жилд гурваас дөрвөн газар яриа хийж, лекц уншдаг. ШУТИС, МУИС гэх зэрэг сургуулиудад урилгаар очиж яриа хийдэг. Бас Олуулаа клубын шугамаар хөдөө орон нутагт ч хэд хэдэн удаа лекц уншсан. Хувь хүний хөгжил, карьер хөгжүүлэлт, мэргэжлээ сонгох г.м сэдвээр голцуу. Энэ сард залуучууд төслийн менежментийн сэдвээр яриа хийж өгөөч гэсэн. Би өөрийнхөө удирдаж байсан төслүүдээс жишээ аваад олон улсын төслүүд хэрхэн явдаг талаар туршлагыг хуваалцана гэж бодож байгаа. /лекц тавигдсан 2014.09.10/ 

- Залуучуудад юу гэж зөвлөх вэ?
- Хамгийн чухал нь юу гэхээр байнга, байнга өөрийгөө хөгжүүл. Энэ бол өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Чиний үнэ цэнэ улам л өндөр болно. Эдийн засаг яаж ч хямарч байсан чиний үнэлгээ буурдаггүй. Яагаад гэхээр чадвартай хүн байнга л хэрэгтэй байдаг. Тэр тусмаа дэлхийн хаана ч очоод үнэлэгдэх хэмжээний мэргэжилтэн болвол сайн. Яагаад гэхээр глобал эдийн засагт бид амьдарч байгаа. Ийм хэмжээнд залуучууд маань байх ёстой. Би өөрөө ийм хэмжээнд байхыг хичээдэг. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх зүйл дээр битгий хойрго хандаарай л гэж хэлмээр байна. 

- Оюутнууд, залууст зориулж хэрхэн амжилттай ажилд орох талаар таны зөвлөгөөг блог дээрээс чинь уншиж байлаа. 
- Оюутнуудад гурван зүйлийг л хэлдэг. Олон улсын түвшинд ажилд ороход ямар шалгуур тавьдаг вэ. Нэгд, харилцааны соёл, хоёрт, үйлчилгээний соёл, гуравт, таны мэргэжлийн чадвар. Сонин байгаа биз. Эхний хоёр дээр муу хүн хэчнээн сайн ажилтан байгаад хамт олон дунд байхад ажил ерөөсөө явдаггүй байхгүй юу. Маш сайн инженер байгаад харилцааны асуудалтай байвал ерөөсөө явдаггүй. Америк гэхэд өөрөө service industry (үйлчилгээний зах зээл) болчихсон. Бүх юм харилцаан дээр тогтдог болчихсон. Хоёрт, хүн хүнд үйлчилж чаддаг байх ёстой. Хүн хүндээ л үйлчилдэг нийгэмд бид амьдарч байгаа. Монголд үйлчилгээ маш муу. Энэ бол маш том алдагдал. Одоо сүүлийн үеийн залуучууд үйлчлэгч, зөөгч их хийдэг болчихсон. Маш их зүйл сурдаг байхгүй юу хүн. 30, 40 хүрээд зөөгч хийгээд байх утгагүй. Залуу байхдаа, оюутан байхдаа ийм үйлчилгээний газар ажиллаад үзчих хэрэгтэй. Хүнд үйлчилж, хүнтэй зөв харьцаж сурдаг. Ихэнх зүйлийг би сургууль гэхээсээ ажлаасаа суралцаж авсан. 
Үйлчилгээний салбарыг хөгжүүлээгүй тохиолдолд бид аялал жуулчлал зэргийг бүр ярилтгүй.

- Гадаадад сурч байгаа Монголчууд дийлэнхдээ сурахын хажуугаар ажил хийдэг. Харин эх орондоо байгаа оюутнууд давхар ажил хийх нь бага байдаг байх. Ажил хийсэн нь илүү хөгжөөд явдаг харагддаг. Таны бодол?
- Залууст өөрийнхөө карьерийн түүхийг маш сайн бичих ёстойг зөвлөдөг. Өөрийнхөө үйлдлээр гэсэн үг. Яарч нэг захирал болох гэсний хэрэггүй. Бүх зүйл дараалалтай. Жишээ нь, би мэргэжилтэн байх их дуртай. Гэхдээ буцаад хийхгүй байх. Яагаад гэхээр энэ чинь тодорхой насанд л олддог зүйл. Энтрепренерууд бол тусдаа. 
Залуучууд маань төгсөөд мэргэжилтнээр ажиллаад үзэх хэрэгтэй. Дараа нь албаны дарга болчих. Тэгээд газрын захирал болчих. Тэгээд та компани удирдах хэмжээнд очно доо. 
Оюутан байхаасаа л сайн ажил хийж үзэх хэрэгтэй.  Оюутнуудыг ажил хийгээсэй гэж боддог. Америкт их сургуулийн төлбөр өндөр. Түүнийгээ олох гэж миний хувьд лав таван жил амарч үзээгүй. Шинэ жилийн орой ч гэсэн ажлаа хийж л байсан. Тэгээд би муудсан юм алга л байна. Одоо дутах юмгүй сайхан хангалуун амьдарч байна. Бодвол тэрнийхээ үр шимийг л хүртэж байгаа байлгүй. 

- Танд анх дөрөвдүгээр сард ярилцлага хийх урилга өгсөн. Харин та ойрдоо хэвлэлд ярилцлага өгөх сонирхол бага байгаа гээд есдүгээр сар хүртэл хойшлуулсан. Харин бүр “буглачихсан” ярих зүйл маш их болчихсон байгаа санагдлаа. 
- Зүгээр зүгээр. Би найзуудтайгаа их зүйл ярина. Хийчихмээр зүйл их байдаг учраас их дэлгэрэнгүй ярьж байх шиг байна.

- Хазара оюутнуудыг Монголд сургах тэтгэлэгийн эхний шат амжилттай хэрэгжээд дууслаа. Энэ хөтөлбөр дахиж үргэлжлэх үү?
- Дэлхийн Монгол айл гээд баримтат кинонд гүйцэтгэх продюсер, орчуулагчаар Афганистан явахдаа тэнд маш зовсон хазара үндэстэнтэй танилцсан.  Цахим өртөөний тэтгэлгээр гурван хазара оюутан Монголд сургуулиа төгслөө. 
Хоёр нь МУИС-аас тэтгэлэг аваад магистрт үргэлжлүүлж сурахаар боллоо. Нэг нь Швейцарт их сургуульд сурахаар болсон. “Цахим өртөө”-н 15 жилийн ой тохиож байна. 10 жилийн ойн ажлын хүрээнд энэ гурван оюутныг сургалаа. 15 жилийн ойгоороо гадаадад байгаа Монголчуудын чуулга уулзалт болох гэж байгаа. “Бүтээмжит хамтын ажиллагаа” чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах гэж байна. Мөн энэ удаад Дээд Монгол, Халимагаас хоёр оюутанг тэтгэлэгээр суралцуулахаар зарлаж байгаа.Дахиад таван жилийн төсөл гэсэн үг. Бид Монгол туургатнаа таньж мэдэх хэрэгтэй. Соёлын солилцоо хийгдэж байх ёстой. Монгол гэхээр бид гурван сая хүний тухай л яриад байна. Уг нь бол Монгол туургатан гэвэл 10 сая гарна шүү дээ.

- Олон ажлыг зэрэг хийхэд өдрийн ажлын найман цагт багтаж байна уу?
- Багтаахыг хичээнэ. Ажилдаа дуртай. Ажиллангаа амарна. Амрангаа ажиллана гэдэг шиг. Мэдээж хэдэн долоо хоног телевиз үзэх завгүй ажиллах үе ч бий. ​Монгол залуус бид хөгжье гэж бодож байгаа бол дундаж Америк хүн, дундаж Европ хүнээс илүү их үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй. Тэгж байж л хурдыг гүйцнэ. 
Манай залуучууд их завтай байгаад байдаг. Завтай залуу хүнийг харахаар атаархмаар ч юм шиг. Надад бол цаг л хамгийн үнэтэй. Жаахан ч гэсэн цаг гарвал гэр бүл, өөртөө зарцуулахыг боддог.

- Гэр бүлээ танилцуулахгүй юу?
- Эхнэр, хоёр хүүхэдтэй. Гэр бүлийн хүн маань математикч мэргэжилтэй, банкны салбарт ажилладаг.  Хүүхдүүд маань гуравтай, хоёртой. 
- Та одоо сурч байгаа гэсэн. Ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
- Би Лос Анжелес дахь Калифорнийн  Их сургууль, Сингапурын Үндэсний их сургуулийн хамтарсан Захирлуудад зориулсан Бизнесийн удирдлагын магистрт суралцаж байна. Их өндөр өртөгтэй. Дэлхийн дөрвөн оронд гурван сар тутам 14 хоног өглөөнөөс орой хүртэл хичээллэдэг. 
Орчин үеийн боловсролын систем их өөрчлөгдөж байна. Тухайн орных нь томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дээр очоод бэлэн кэйс дээр ажиллаад, хоорондоо туршлага солилцоод, суралцаад явдаг. 30-50 насны дэлхийн 20 гаруй орны компанийн захирлууд сурч байгаа. Би ангидаа хамгийн залуу нь. Бид нар хоорондоо мэдээллээ солилцоод бие биенээсээ суралцаад явах нь маш сонирхолтой байдаг.  
- Та Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн албан тушаалтай. Энэ хүрээнд яг ямар ажил хийдэг вэ?
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМОНХА-тай түлхүү харьцдаг. Залуусын боловсрол, хөгжил, нийгмийн идэвхтэй холбоотой тодорхой асуудлууд дээр зөвлөлддөг. Монгол туургатны хэл соёлын асуудалд анхаарлаа хандуулдаг. Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан “Олуулаа” клубыг ерөнхий зохицуулагчаар ажилладаг. Сонгуулийн үеэр олон нийтийн сүлжээг хариуцаж ажилласан. 

- Төслийн менежментийн талаар та лекц уншина гэж байсан. Таны удирдаж байсан төслүүдээс хамгийн амжилттай нь аль вэ?
- 2010-2012 онд Гашуун сухайтаас Оюу толгой хооронд 98 км-ын урттай 220кВ-ын хоёр хэлхээтэй, хос утастай анхны бөгөөд цорын ганц цахилгаан дамжуулах агаарын шугамын инженерийн зураг төсөл болон барилга угсралтыг үндэсний шилдэг гэсэн эрчим хүчний барилга угсралтын компаниуд болон гадны гурван орны инженер зураг төслийн зөвлөх байгууллагуудтай хамтарч гүйцэтгэсэн.
Хоёр жил үргэлжилсэн, олон компани оролцсон, Монголдоо л томд тооцогдох төсөл л дөө. Энэ дотоодын болон гадаадын компаниудын консорциумыг удирдаж, бүх шатанд нь төслийн удирдагчаар ажилласан. Энэ төслөөрөө би болоод манай хамт олон их бахархдаг шүү. Оюу толгойд шаардлагатай цахилгаан станц одоо ч байхгүй байгаа. Ингээд цахилгаан станц барьсан байлаа нь энэ нь нэлээд хэдэн жил шаардагддаг тул, цаашид ч нөөцөнд байлгах үүднээс энэ шугам баригдсан.
Одоо Өвөрмонголоос цахилгаан импортолж байгаа. Энэ шугам өнөөдөр байгаа учраас ОТ төсөл явж байна, бид татвар авч байна. Нөгөө яриад байдаг Таван толгойн цахилгаан станц нь ч одоогоор лав байхгүй л байна. Ийм их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг үйлдвэрлэл Монголд байхгүй байсан учраас өмнө нь өндөр даацын тулгуур бүхий өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам баригддаггүй байж. Барих үед их сонирхолтой зүйл болсон. Бид өнөөг хүртэл эрчим хүчний салбарт орос стандартыг шууд дагаж мөрдөж ирсэн. Оросын стандартаар 220 кВ-ийн шугам нь хос хэлхээт, хоёр утас хийхээр тулгуур багана нь дийлдэггүй юм байна. Ингээд 330 кВ-д зориулсан тулгуур хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Уг нь өөр стандартаа хийж болох ч энэ нь Монголд хүлээн зөвшөөрөгддөггүй байна. Ингээд л оверинжинийринг хийсэн, бүх тооцоолол дээр нь олон улсын компаниуд давхар хяналт хийж таарсан. За тэгэхээр 220кВ-ын хос хэлхээт, хоёр утастай гэдэг утгаараа ч, 330 кВ-ын тулгууртай гэдгээрээ ч эрчим хүчний салбарт бас нэг рекорд болсон байдаг.

- Таны ярилцлагаас харахад өөрт тань оролцоогүй салбар бага юм. Мэдээллийн технологи, эрчим хүч, гэр хорооллын дахин төлөвлөлт, хэвлэл мэдээлэл, нийгмийн ажлууд ...
- Нэг бодлын тийм. Нийгмийн ажлуудын хувьд бол олон жилийн турш цаг заваа хайрлалгүй оролцож ирсэн. Цахим өртөөнд жишээ нь 15 жил болжээ.
Гэхдээ би дандаа ажлаа солиод байгаагүй. Моннис группт тав дахь жилдээ ажиллаж байна. Өмнөх ажлууд дээрээ тус бүр хоёр жил болсон.
Бүтээн байгуулалтын төслүүд бол миний ажил. Бизнесийн салбар учраас бүтээн байгууллалтын янз бүрийн төсөл удирдаад яваад байна. Манай улсын хөгжлийн онцлогтой холбоотой аливааг сууриас нь хийж эхлэх шаардлага төсөл бүр дээр тулгарч байна.
Заавал шинэ шийдлүүд хэрэг болдог. Гэхдээ шийдэл болгон илүү боломжийг олгож байдаг нь гайхалтай, сонирхолтой юм.
Нөгөөтэйгүүр хэрэв бид хөгжье гэж бодож байгаа бол манай үеийн залуучууд дундаж америк хүн, дундаж европ хүнээс хэд дахин хурдан, хэд дахин эрч хүчтэй ажиллах хэрэгтэй.
ЯРИЛЦСАН: Ч.БОЛОРТУЯА


No comments:

Post a Comment