Sunday 28 September 2014

Д.Баярхүү: Ц.Элбэгдорж гадаад бодлогоороо цоо шинэ ерөнхийлөгчийн имиж бүрдүүлчихлээ

“Монголын элчин сайд нарын клуб”-ын гишүүн, профессор Д.Баярхүүгийн “Жижиг орон өөрийгөө жи­жиг гэж түгжээд байж болохгүй. Амбицтай, давшин­гуй байх ёстой” гэсэн яриаг унших тохиолдол олон. Яг өнөөдрийн манай улсын гадаад харилцаа магадгүй түүний дүгнэлтийн илэр­хийлэл байж болох юм. Гэхдээ би сэтгүүлчийн хувиар үүнийг дүгнэх нь илүүц тул Д.Баярхүү гуайтай биечлэн ярилцахыг чухалчлав. Ингээд “Ярилцах танхим” булангаараа өр­нүүлсэн яриагаа хүргэе.
-Юун түрүүнд Та Мон­гол Улсын гадаад бодлого жижиг улс гэдэг ойлголтоос ангижирч чадсан уу гэдгийг танаас тодруулья.Ер нь гадаад харилцааны ойлголтод жижиг, том улс гэдэг томьёоллыг хэрхэн тодорхойлдог юм бэ?
-Дэлхий дээрх улс гүрнүүдийг ангилсан элдэв шалгуур зөндөө байдаг. Үнэхээр хүн амын тоо, дэлхийн эдийн засагт эзлэх жин, дэлхийн ДНБ-д эзлэх хувь, хөгжлийн түвшин гээд шалгуур тавибал Монгол маань жижиг улс яах аргагүй мөн. Ийм улс дэлхийд лав 100 хол давна. Гэхдээ жижиг гэлтгүй том бодлого явуулж байх ёстой гэдэг дээр би хатуу зогсдог. Жишээ нь, жижиг улс Сингапур байна. Дэлхийн эдийн засаг-бизнест маш том бодлого явуулж жинтэй байр эзэлдэг. Жижиг байх тусмаа сэхэх өндийх, хүчирхэгжих, маневрлах чадвар нь илүү боломжийн, түүнийг л Сингапур харуулчихсан хэрэг. Тэгвэл бид яахлаараа сингапурчуудаас дор байх ёстой вэ. Энэ их баялаг, далай шиг их газар нутаг, 60 сая руу дөхөж яваа мал сүрэг, харьцангуй соёлжсон, европжсон хүн ард, XXI зууны нээлттэй даяаршсан эргэн тойрны ертөнцөө ажваас жижиг гээд гэртээ бүгээд дотогшоо хараад суугаад байж боломгүй. Эргэн тойронд маань маш таатай гадаад орчин бүрэлдээд байна. Монголд гадаад дахь дайсан, сөргөлдөгч гэж нэг ч алга. Ийм нөхцөлд Олон улсын харилцааны зөв тоглогч байхаас илүүтэй чухал зорилт гадаад бодлогод байхгүй болов уу. Тэр талаас нь дүгнэвэл бид гадаад бодлогодоо жижиг орны статусаа аль хэдийнэ орхисон, бүр давуулсан гэж үзэж болно.
-Монголчууд “Манай улсыг АНУ онцгойлон анхаарч байна. Орос, Хятад ч биднийг зүгээр орхихгүй нь тодорхой. Учир нь энэ бүх улсад Монгол шиг ашиг тустай орон байхгүй” гэж ярих болж. Үүнийг гадаад харилцаа гэхээс илүүтэй эдийн засгийн ач холбогдлоор нь тайлбарлаад байгаа дуулддаг. Та энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Монгол хэнд хэрэгтэй вэ гэхээсээ илүүтэй бидэнд хэн хэрэгтэй вэ гэдгээ бодож сэтгэх хэрэгтэй. Дээр хэллээ шүү дээ. Хаалгаа түгжээд гэртээ бүгээд суугаад байвал даян дэлхийд биднийг тоож үзэх улс үндэстэн бараг байхгүй дээ гэж. Энэ жижиг эдийн засаг, жижиг зах зээл, дэндүү цөөхөн хүн ам, далайд гарцгүй гээд Олон улсын түгээмэл хэмжүүр тавибал, мөн эрх чөлөөгүй ба хагас эрх чөлөөт хоёр том гүрнээр бүслэгдсэн гээд барууны хэмжүүр тавибал Монголыг зорьж ирэх, нөхөрлөх улс даанч олдохгүй. Энэ хэмжүүрийг давж, болж өгвөл бүр хэрэгсүүлэхгүй болгож, түүнийхээ төлөө Олон улсын тавцанд гарч нэн идэвхтэй ажиллах, тодорхой хэлбэл өөрийгөө зөв таниулж, бусдын анхаарал сонирхлыг өөртөө татаж чадвал түүнээс илүү ариун үйлс байхгүй. Би гадаад харилцаагаар авч ярьж байна л даа. Монголын ашиг тус гэж яриад байна. Дэлхийн бодлогод нөлөөлдөг, дэлхийн бодлогыг тодорхойлолцдог, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний хоёр нь болох, хоёулаа цөмийн зэвсэгтэй, цэрэг-стратегийн их нөөцтэй хоёр их гүрний дунд оршдог манай улсын геополитикийн онцгой байршил л олон жилийн турш тэр “ашиг” нь байсан байж магадгүй. Мөн манай ард түмний баялаг түүх байна. Найман зууны тэртээ дэлхийн талыг, Евро азийн ихэнх хэсгийг байлдан дагуулсан, тэгснээ хөшигний цаана ороод түүхээс арчигдах дээрээ тулаад алга болчихсон тэр улс үндэстэн ХХ зуунд эргэж сэхээд, Зөвлөлт-Хятадын зөрчил дунд тоглогч болж гарч ирээд, “Хүйтэн дайн”-ы үед зөвлөлтийн 100 мянган цэрэг суулгасан, коммунист эвслийн цэрэгжсэн цайз бэхлэлт болчихсон, тэгснээ Азид ардчилллыг манлайлаад эдүгээ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг дотор үлгэр жишээ орон болчихсон гээд манай ард түмний баялаг түүх бол өөрөө тэр чигээрээ тэр “ашиг” нь байх. Улс төрийн утгаар ярьж байна. Харин эдийн засгийн утгаар бол ийм их баялаг үзүүлэлт байхгүй. Ардчилал, зах зээлийн харилцааны 24 жилээр аваад үзвэл, яг Монголыг зориод ороод ирсэн гадаадын томхон шууд хөрөнгө оруулалт бараг алга. Том салбар руу орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь Монголын баялгийг боловсруулаад цаашаа гурав дахь орны зах зээлд (тухайлбал Хятадын) гаргах зорилгоор хийсэн болж таардаг.
-Ер нь гадаад харилцаа эдийн засгийн үр ашиг дээр суурилдаг юм уу. Эсвэл улс төрийн нөлөөлөл дээр түшиглэдэг үү?
-Манай улсын улс төрийн гадаад харилцаа үнэхээр зөв төлөвшсөн. Нээлттэй даяаршсан, мэдээлэлж­сэн энэ ертөнцөд эрх зүйт төртэй жижиг улсын гадаад бодлого ийм байна гэж үзүүлэхээр, мөрдүүлэ­хээр жишиг гадаад бодлогыг бид явуулж байна. Нээлттэй, олон тулгуурт, идэвхтэй, прагматик залгамж чанараа хадгалсан тийм бодлого. Тэгэхдээ дан улс төрийн гадаад харилцаагаар хөөцөлдөөд байна гэж өрөөсгөлөөр үзэж бо­лохгүй. Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, зах зээлийн харилцааны зөв төлөвшилд баталгаа болохуйц таатай гадаад орчныг бүрдүүлэхийн төлөө л ажиллаж байна шүү дээ. Дотоод бодлогоос гадаад бодлого урган гардаг, дотоод бодлогын шууд үргэлжлэл нь гадаад бодлого гэж үзэх ахул манай гадаад бодлого тэр шалгуурыг бүрэн хангаж байгаа.
-Сая Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын төрийн тэр­гүүн Си Зиньпин нартай гур­вал­сан уулзалт хийх үеэрээ “Улс төрийн талаар байр суурь илэр­хийлэхгүй” гэдэг байр суурьтай байсан тухай сонссон. Үүнийг Орос, Украин болон Хятад, Төвд гэх мэт ээдрээтэй харилцаатай хамаатуулж ойлгож болох уу?
-Гурвалсан уулзалт хийх асуудал ердөө тав хүрэхгүй сарын дотор болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлыг анхлан дөрөвдүгээр сард санаачлан ҮАБЗ-д хэлэлцүүлж дэмжүүлээд тавдугаар сарын 20-21-нд Шанхайд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтын үеэр нөгөө хоёр улсынхаа төрийн тэргүүнд тавьж, хоёуланг нь урьж, урьсны дагуух айлчлалыг амжилттай зохион байгуулж, залгаад Душамбед хоёр гүрний удирдагчийг гурван талын уулзалтад урин нийтлэг асуудлаа ярилцлаа л даа. Орос-Украин, Хятад-Түвд ч гэх шиг таны тавьж буй өдөөн хатгасан асуулт энэ ярилцлагад зай эзлэх ёсгүй. Украины хямралын асуудлаар бүр аль эрт хавар, гуравдугаар сард Крымын хойг ОХУ-д нэгдсэний дараахан Ерөнхийлөгч байр сууриа ганц үгээр маш оновчтой илэрхийлчихсэн шүү дээ. “Мы не обсуждаем” буюу “Бид хэлэлцэхгүй ээ” гэдгээр томъёолчихсон. “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмжиж байдгийн хувьд Хятадын дотоод асуудал яригдах учиргүй.
-Хөрш улсуудын хооронд улс төрийн харилцааг алгасаад зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэхээр яаж явах ёстой юм бэ?
-Хөрш улсуудын хоорондын улс төрийн харилцааг алгасаад гэж та юу яринав. Харин улс төрийн харилцаа дээд өндөрлөгтөө тулж ирээд байгаа бус уу. Дээд өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр урсгалтай болж байна. Айлч­ла­лын давтамжийг баттай хадгалж чадаж байна. Нэг улстай нь их бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай байна. Нэг улстай нь стратегийн түншлэлээ 2015 онд иж бүрэн стратегийн түншлэл болгож шат ахиулах магадлалтай байна. Гурван талаасаа нэг дор цуглаж эдийн засаг, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтэц, эдийн засгийн хонгил коридорын тухай ярилцаж эхлээд байна. Энэ чинь манай гурван улсын өмнө тавигдаж буй нийтлэг зорилт, нийтлэг асуудал. Үүнийг ярилцаж шийдвэрлэж байх зөв эхлэлийг манай тал санаачлаад тавьчихлаа.
-Энд нэг зайлшгүй тодруулах зүйл бол гуравдагч хөршийн ажиглалт. Өнгөрсөн жилүүдэд хоёр хөршөө түшиглэх гэхээс илүүтэй гуравдагч хөршийн дэмжлэгт ихээхэн найдаж ирсэн. Энэ утгаараа Орос, Хятадтай харилцаа сэргэж эхэлсэнд тэдний зүгээс дүгнэлт хийж байна уу. Эргэлзэх хандлага танд ажиглагдаж байна уу?
-Орос, Хятадтай харилцаа сэргэж эхэлсэн гэдэгтэй би огтоос эвлэрэхгүй. Сэргэдгээ сэргээд, зөв гольдрилдоо аль хэдийнэ орчихсон тэр харилцаа маань чанарын цоо шинэ шатанд гарлаа гэж дүгнэх байна. Манай улс эрх зүйт төрөө төвхнүүлээд 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлалаа хуульчлаад мөрдөхдөө гуравдагч хөршийг хоёр хөршийн эсрэг сөргөлдүүлэх ч юм уу, хоёр хөршийг айлгах муна болгох ч юм уу, эсвэл хоёр хөршөөрөө түрээ барин гуравдагч хөршдөө тунирхах ч юм уу, тийм бодлого огтхон ч явуулж байгаагүй. Ерөөсөө гуравдагч хөрш хэмээн ганц нэг улсыг нэрлэж ч байгаагүй, үүнд их уян хатан хандаж ирсэн. Монголд эдийн засгийн ашиг сонирхолтой нэг буюу нэг хэсэг улс, олон улсын форум, олон улсын эвсэл гэх мэтээр өргөн хүрээнд ойлгож ирсэн. Харин тэр гуравдагч хөршүүдээс маань “Наад хоёр хөрш гүрэнтэйгээ эвтэй найртай байгаарай” гэх захиас нэг бус удаа хэлж анхааруулж байсан олон баримтыг би нэрлэж чадна. Түүний дотор АНУ-аас ч тэгж хэлж ойлгуулж байсныг дурдах нь зөв.
-АНУ-ын Элчин сайд хатаг­тай Пайпер Кемпбелл “Гуравдагч хөр­шөө мартаж болохгүй” гэд­гийг сануулсан ярилцлага хүртэл өгсөн байна билээ?
-Яг тэгж хэлснийг би олж үзсэнгүй, уншсангүй. Ерөөсөө туйлшруулж авч үзэж болохгүй. Гуравдагч хөршийн бодлого дээрээ Монголын төр тууштай зогсож байна. Бас манай тэр бодлогыг ч хоёр хөрш маань ойлгож хүндэтгэж байна. БНХАУ-ын төрийн тэргүүнээс УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгийг эргээд үз.
-Энэ бүхнийг Монгол Улсын гадаад харилцаанд хийгдэж буй шинэчлэл гэж ойлгож болох уу ?
-Ерөнхийлөгчийн өнгөн дээр идэвхжиж байна, шинэ агуулгаар баяжиж байна гэж л би ойлгож байна. Үндсэн хуулиа эргээд нэг үз л дээ. Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт Төрийн байгуулал дотор гадаад харилцаанд Ерөнхийлөгчийн эрх үүргийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тэр бүлгийн 33 дугаар зүйлийн дөрөвт “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах”, 10-т “ҮАБЗ-ийг тэргүүлэх” гээд заагаад өгчихсөн. Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-ийн 14 дүгээр зүйлд Гадаад харилцааны бүрэн эрхийн нэгдүгээрт “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, мэдэгдэл хэлэлцээ хийх, УИХ-тай зөвшилцөн Монгол Ул­сын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” гээд заасан. Хоёр хуулин дах тэр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад бодлогодоо санаачилгатай бүтээлчээр ханджээ гэхээс өөрөөр би тэр шинэчлэл гэдгийг хэлж чадахгүй.
-Та гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг “Жижиг орны гадаад бодлого амбицтай байх ёстой. Монгол тэгж чадлаа” гэж дүгнэсэн. Энэ амбиц дэлхий нийтэд хэр харагдаж байгаа бол?
-Амбиц гэдгээ бас зөв томъёолж хэлж ярих ёстой байх. Би дахин давтая. Дэлхийн бодлогыг тодорхойлолцдог, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний хоёр нь болох хоёр том гүрний удирдагчдыг ийм богино хугацаанд, бараг зэрэг шахуу айлчлуулаад, дараа нь тийм богино хугацаанд гурван талын дээд хэмжээний   уулзалтад     уриад,   тэр    уулзалтаа амжилттай хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын түүхнээ, тэр дундаа гадаад бодлогын түүхнээ нэрээ үүрд мөнхжүүлээд тавьчихлаа. Монголын төрт улсын түүхэнд байгаагүй уулзалт шүү дээ. Хятад, Оросын төрийн тэргүүнүүд цуваад, цуваад Монголд айлчлахад “Үгүй энэ Монгол чинь юу болчихов оо” гэмээр дэлхийн Олон улсын, тэр дундаа дэлхийн олон удирдагчийн нүд Монгол руу бэлчлээ. Тэгснээ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гурвуулаа гурван талаасаа уулзаад ярилцлаа. Энэ чинь манай улсын Олон улсын нэр хүндийг огцом өргөчихөж байгаа бус уу. Дэлхий дахины анхаарлыг өөртөө татаж, хөрш түншээ эрж хайж, олж авахын тулд хичнээн их хүч чармайлтыг хичнээн олон жил монголчууд бид тавьж, чармайж, тэгснийхээ төлөө өөрсдийгөө эрсдүүлж явсан улс шүү дээ, бид. Тэр утгаар сүүлийн ганцхан сарын дотор аугаа том үйлсийн цаана бид гарч чадлаа.
-Ерөнхийлөгчийн зүгээс энэ уулзалтыг санаачилж зохион байгуулсан нь олон нийтэд эерэг дүгнэлт хийхэд хүргэх шиг болсон. Яг гадаад харилцаа талдаа энэ уулзалт Монгол Улсын нэр хүндийн баталгаа байв уу. Эсвэл Ерөнхийлөгчийн хувь хүнийх нь нэр хүнд томоохон байр суурь эзлэв үү?
-Би дээр хариулчихлаа даа. Ерөнхийлөгч гэж үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдэлийн чанартай нэг нөхөр тэр дээр амгалан сууж байдаг хэмээн жирийн ардууд ойлгож ирсэн бол тэр ойлголтыг энэ ганцхан сард ноён Ц.Элбэгдорж эвдчихсэн байх талтай. Ерөөсөө Ерөнхийлөгчийн цоо шинэ имижийг бүрдүүлчихлээ. Гадаад бодлогыг гартаа атгаад, ҮАБЗ-ийн тэргүүнийхээ хувьд, уг зөвлөлийн хоёр гишүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт үлгэр болоод тэр гадаад бодлогоо хэрэгжүүлж болдог юм аа гэдгийг харуулчихлаа. Надад харьцуулалт болгохоор тоо баримт байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990-1997 онд гадаадад 21 удаа томилолтоор явсны 18 нь хоёр талын харилцааг эхлүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой байжээ. Н.Баганбанди нь 45 удаа гадаадад томилолт өвөрлөсний 38 нь хоёр талын харилцаанд зориулагджээ. Н.Энхбаяр 26 удаа гадаад томилолт авсны 15 нь хоёр талын харилцааны айлчлал байжээ. Н.Баганбандийн үед нэг том дэвшил гарсан нь 2002 онд Монгол Улс анх удаа Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний уулзалтад (Алма-Аты) анх удаа оролцож, гишүүнлэлтэй болж, Н.Энхбаярын үед 2005 онд Астана ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, 2008 онд Бээжинд Ази-Европын уулзалтад (ACЕМ) уригдаж гишүүн нь болж байжээ. Тэгвэл Ц.Элбэгдоржийн үед тэрээр 55 удаа гадаад томилолтоор ажиллаж, түүнийх нь 26 нь хоёр талын харилцааны айлчлал, үлдэх 29 нь буюу дийлэнх нь олон талт харилцааны арга хэмжээ байна. Өөрөөр хэлбэл, саяхны Душамбейн дээд хэмжээний уулзалт, гурван талт дээд хэмжээний уулзалт, өнгөрсөн тавдугаар сарын Шанхайн дээд хэмжээний уулзалт гэх мэт арга хэмжээнд идэвхтэй оролцсон дүн харагдаж байна. Ямар ч гэсэн манай улс сүүлийн гурван Ерөнхийлөгчийн өнгөн дээр бүс нутгийнхаа олон талт үйл явцад баттай байраа эзэллээ.
-Айлчлалын тоо бол бодит үйл явдал. Харин үр дүн бол тусдаа асуудал. Магадгүй АПЕК-т элсвэл жинхэнэ утгаараа бодит үр дүн болох биш үү. Та ирэх арваннэгдүгээр сард Бээжинд болох АПЕК-ийн хурлын үр дүнг хэрхэн харж байна?
-Жижиг улсын удирдагчид, дипломатчид өөрсдөө л санаж сэдэж, санаачилж, хүндэтгэлээ илтгэн харууж айлчлахгүй бол жижиг орныг гаднаас тоогоод зочид төлөөлөгчид цуваад байна гэж байхгүй. Бодит үр дүн гэдгийг нь үгийн сонголт дээр анхаармаар байдаг юм. Ямар үр дүнг хэлнэ вэ. Олон сая, олон тэрбум ам.доллар өвөртлөөд ирнэ гэж харж асууж байгаа бол үнэхээр гэнэн төсөөлөл шүү. Хөгжиж дэвжих гадаад таатай орчныг нь бүрдүүлээд өглөө, найдвартай түнш партнерыг нь олоод өглөө, тэдэнтэй эрх зүйн гол гол баримт бичгүүдийг нь байгуулчихлаа. Зээл тусламж авах хэлэлцээг нь хийчихлээ. АПЕК-ийн тухайд бол манай эдийн засаг тийшээ элсэх тухай яриа юм. АПЕК-т БНХАУ, Тайвань, Хонконг гурвуулаа гишүүнчлэлтэй тул “гишүүн-улс” гэдэг статусаас татгалзаж, “гишүүн-эдийн засаг” гэсэн шалгуураар элсэж хамтран ажилладаг. Тэр утгаар Монголын эдийн засаг бэлэн байх шаардлагатай. Гадаад бодлогын үзэл баримтлал 20 жилийн өмнө батлагдахад “АПЕК-т элсэнэ” гээд заачихсан тэр зорилт маань энэ жил хэрэгжих магадлал бүрдлээ. Үүнд мөн л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн чармайлт тэмдэглэгдэнэ дээ.
-Та дээр “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн цоо шинэ имижийг бүрдүүлчихлээ” гэж байна. Миний ойлгож байгаагаар Үндсэн хуульд заасан үүргээ л гүйцэтгэж буй энэ бололтой юм. Тиймээс танаас Ерөнхийлөгчийг дэмжигч хувь хүнийхээ энэ дүгнэлтийг хийв үү. Аль эсвэл Олон улс судлаачийнхаа хувиар уу гэдгийг тодруулья?
-Би энд хувийн үзэл бодлоо огтоос илэрхийлээгүй байна. Олон улсын харилцааны түүхчийн, судлаачийн судалгаанаас гаргаж авсан дүгнэлтээ л хэлж байна. Өмнөх гурван Ерөнхийлөгч дор бүрнээ л сайн ажилласан, гэхдээ энэ жилийн сүүлчийн ганц сарынх шиг ийм их чармайлт, ийм их амжилтыг үзүүлж амжаагүй учраас л ялгаж хэлээд байгаа хэрэг.
-Душанбед болсон уулзалтын үеэр Монголыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ гэх яриа гишүүн орнуудын зүгээс гарсан гэх мэдээлэл байсан. Энэ байгууллагад элсэхгүйгээр үлдэх манай улсын хувьд онцгой ач холбогдолтой шийдвэр гэдэг. Магадгүй улс орны дархлаа талаас нь тайлбарлаж болох уу?
-Манай улс 2004 онд ШХАБ-ын ажиглагч болсноосоо хойш Ерөнхийлөгчийн түвшинд долоон удаа уригдан дээд хэмжээний уулзалтад оролцсоны дотор сүүлчийн Ерөнхийлөгч дөрвөн удаа оролцсон байна. Оролцох тоолондоо манай Төрийн тэргүүн бүс нутгийн асуудлаар байр сууриа маш тодорхой илэрхийлж ирсэн. ШХАБ-д ажиглагчаараа  байхад л   хангалттай боломж байна гэдгийг ч хэлсээр байгаа. Учир нь ШХАБ улс төр, аюулгүй байдал гэхээсээ эдийн засаг, худалдаа, дэд бүтэц гэх мэт өргөн хүрээг хамарч ажиллаасай гэдэг дээрээ ч бат зогсож байна. Үүнээс гадна ШХАБ бол олон талт хамтын ажиллагааны боломжит суваг учраас хоёр талын ба гурван талын харилцааны асуудал ярилцах хамгийн дөт гарц. Жишээ нь, сая Душамбед гурван удирдагч уулзсанаас гадна Монгол-Туркменистаны хоёр харилцааны маш чухал уулзалт боллоо шүү дээ.
-Энэ уулзалтын талаар “Зэрэгцээ галт тэрэг шиг хурдлах цаг айсуй” гэж бичсэн ч үүнийг “Худлаа дүгнэлт” гэж үзэх хүмүүс олон гарсан. Гурван улсын харилцаанд хамтдаа хөгжиж, хамтдаа хожих бус монголчууд араас нь мөлхөх эс бол чирэгдэх, түлхүүлэх ганц л хувилбар бий хэмээгсэд олонтой холбоотой бололтой юм билээ. Та харин хожлийн дүнг хэрхэн харж байна?
-Хамтаараа хөгжье, хамтаараа хөгжих гарцаа хайя, хоёр их хөрш чинь бэлэн байна шүү гэдгийн нотолгоо биш гэж үү. Энэ хоёр айлчлал, Душамбейн уулзалт чинь. Энд монголчууд минь хичээх цаг ирлээ шүү, хөгжил гэрлийн хурдаад явах нь байна шүү,  тэр замыг чинь засаад өгчихлөө шүү гэдгийн дохио сануулга бас биш гэж үү. 10 тэрбум ам.долларын худалдаа өмнөд хөрштэйгээ хийхийн тулд хичээ л дээ. Усан боомтуудаа хүртэл нээгээд өгчихлөө. Дэлхийн зах зээлд далайгаар гар л даа. Орос гаднаасаа хориг тавиулаад Шинэ Зеландаас нийлүүлдэг мах нь зогсчихож, тэгвэл түүнийг орлуулах малын мах Монголоос авъя гэлээ. Түүнд нь манай мал аж ахуйд нөхөд бэлэн бай. Өөрөөр ноцтой тулгалт  алга шүү дээ. Шинэ Зеланд нь 40 сая хоньтой, найман сая бод малтай юм билээ, тэгвэл 60 саяд хүрч яваа энэ их малаа эдийн засгийн, гадаад худалдааны эргэлтэд оруул л даа. Ийм л асуудлыг бидэнд тавьчихлаа шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд танд тавих хүсэлт байна. Энэ удаагийн ярилцлагыг Монгол, Орос, Хятад төрийн өндөрлөгүүдийн уулзалтаас сэдэвлэж хийж байгаа учраас ойрмогхон Олон улсын харилцаагаар дахин ярилцлага өгөөч гэж хүсье. Олон улсын харилцааны сэдвээр өрнөх ярилцлага уншигчдад маань сонирхолтой, уншууртай байх болов уу гэж итгэж байна?
-Болно. Гэхдээ тавих асуултаа та бүхэн минь маш сайн бодоорой. Асуулт тавихын тулд Олон улсын харилцааны сэдвээр нэлээд ном зохиол уншаарай. Танай редакцид би өөрийн зарим ном зохиолоо ч санал болгомоор байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


No comments:

Post a Comment